Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатартай уулзаж ярилцлаа.
-МХЕГ нөлөө бүхий эзэнтэй томоохон аж ахуйн нэгжийг шалгадаггүй. Харин жижиг аж ахуйн нэгжийг амраадаггүй гэх?
-Өнөөгийн эрх зүйн хүрээнд иргэдэд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж эхлэж байна. Тодруулбал, хамгийн эрсдэлтэй хэсэгт хяналт шалгалт төвлөрөх ёстой. Магадгүй давтамжаараа жижиг аж ахуйн нэгжийн тоо их. Энэ утгаараа хяналт шалгалтад хамрагдаж байгаа тоо нь ч их. Тэрийгээ дагаад нийгэмд жижиг аж ахуйн нэгжийг л шалгасан юм шиг өнгөц харагдсан байх. Томоохон аж ахуйн нэгжийн тоо нь өөрөө цөөн.
Мэргэжлийн хяналтын байгууллага бүхий л байгууллагыг хянаж, шалгах эрхтэй. Шалгаж ч байгаа. Хяналт, шалгалт өөрөө хараат бус байх ёстой. Хэн нэгэн улс төржөөд, хөрөнгө мөнгөтэй хүний хараат болвол утга нь алдагдах нь тэр.
-Улстөрчид, бизнесмэнүүдтэй мэргэжлийн хяналтын байгууллага нэг түрийвчтэй. Иймээс тэдний төлөө, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж байна гэх хардлага нийгэмд байдаг?
-Олон хүн ажилладаг болохоор ганц, хоёр байцаагчийн асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин ерөнхийд нь аваад үзвэл тийм асуудал байхгүй. Хардах эрх хүн бүрт бий. Ямар нэгэн баримт байвал аваад ирвэл асуудлыг шалгаад шат шатандаа шийдвэрлэнэ.
Манай байгууллага байцаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг их өндөрт авч үзэж байгаа. Төрд ажиллаж байгаа хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Иймд МХЕГ дэргэдээ ёс зүйн дүрэмтэй Ёс зүйн хороотой болсон.
Монгол төрийг муулах нь түүний дархлааг сулруулдаг
-Мэргэжлийн хяналтын байгууллага мөнгөний их уурхай гэлцэх нь бий. Тэр ч бүү хэл, амархан баяжъя гэвэл улсын байцаагч бол гэх аман үг ч байдаг. Шинэхэн байцаагч жилийн дараа л гэхэд хаусанд амьдарч, жийп хөлөглөдөг гэх юм?
-Тийм юм байхгүй. Бид чинь хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч байна. Хэрэв тийм мэдээлэл байгаа бол нийтээр хамруулж болохгүй. Монголын төр муу, хүнд сурталтай гэдэг. Төрд ажиллаж байгаа хүн бүр муу гээд байж болохгүй. Энэ нь Монгол төрийн дархлааг сулруулдаг үзэгдэл. Хардах эрхтэй ч гэсэн ёс зүйтэй, аль аль талдаа байх ёстой. Тодорхой баримт байх юм бол үзэж шалгаад нийтэд мэдээллэх боломжтой.
-Улсын байцаагчийг авлигаас ангид байлгах дээр мэргэжлийн хяналтын байгууллага ямар ажил хийж байна вэ?
-Авлигаас ангид байхын тулд хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, ёс зүйн хороо гээд механизмыг нь тогтоож өглөө. Хоёрдугаарт, Олон нийтийн зөвлөл дэргэдээ байгуулсан. Олон нийтийн зөвлөл, олон нийтийн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонуудын хөндлөгийн хяналтыг тавиулах хэрэгтэй. Тухайлбал, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн багтсан. Тэд танай байцаагч болохгүй байна гэж хэлэх бүрэн эрхтэй.
Мөн Авлигатай тэмцэх газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтраад авлигын эсрэг Орон тооны бус зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл нь нэгдсэн хөтөлбөр гаргаад шат дараатай арга хэмжээ авч байна. Соён гэгээрүүлэх, зохион байгуулах, сургалт сурталчилгааны арга хэмжээ гээд олон зүйл бүрдэж байж авлигаас ангид ёс зүйтэй төрийн алба төлөвшинө. Үүнийг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
320 гаруй стандарт амьдралд нийцэхгүй байна
-Чанаргүй барилга олширох боллоо. Энэ бүхний цаана мэргэжлийн хяналт буруутай гэх. Учир нь анхнаас нь стандарт дагаж мөрдүүлэх тал дээр хойрго ханддаг гэх асуудал байдаг. Нэгэнт баригдсан барилгыг нураах боломжгүй гэсэн хариулт өгөх нь ч бий. Тэгвэл иргэд чанаргүй баригдсан байшиндаа амьдарсаар байх гэж үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхой барилгуудыг нурааж байсан. Монгол Улсад үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж өөрөө бас нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Нэг талдаа тухайн аж ахуйн нэгж эрх эдлээд ашиг олж байна. Тэгвэл бас хариуцлага хүлээ л дээ. Тэр утгаараа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, стандартыг чанга даган мөрдөн ажиллах хэрэгтэй.
Мөн эрх зүйн орчин нь өөрөө боловсронгуй байх ёстой. Хууль нь хийдэлгүй, стандарт нь амьдралд нийцсэн. Улсын байцаагч цагаан дээр хараар бичсэн тэр хуулийн дагуу л ажилладаг. Гэтэл зарим хууль, стандарт нь амьдралд нийцэхгүй байх нь энүүхэнд. Салбарын 20 хууль, нийт 320 гаруй стандартыг яаралтай шинэчлэж амьдралд нийцүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, Зайсангийн аманд байгаа олон барилга байгууламжийн асуудал. Эдгээр барилга нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай бүс нутагт баригдчихсан.
Өөрөөр хэлбэл, орон сууц барьж болохгүй, аялал жуулчлалын зориулалттаар газар олголт явагдах ёстой. Гэтэл олгогдоод барилга нь сүндэрлэчихсэн. Богд уулын аман дахь барилга байгууламжийг шалгаж дүнг нь УИХ, холбогдох байнгын хороо, яаманд хүргүүлсэн.
Эндээс харахад тэнд баригдсан барилга байгууламж дээр улсын комисс ажиллах боломжгүй байгаа юм. Салбарын яам нь холбогдох хуулийн гарцыг гаргаж, хэрэгжүүлэх ёстой. Тэр хууль зөрчсөн хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй.
-Нийслэлд баригдаж байгаа барилгын хувьд?
-Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа барилгад тодорхой хэмжээний стандарт мөрдүүлэх, арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт харилцан адилгүй. Зөв зүйтэй талаас нь авч хэрэгжүүлэх гэж оролдож байна.
-Эрх зүйн орчин бий гэж үү?
-Хуульд бий.
Үйл ажиллагаа нэг байхыг дэмжинэ,
харин ...
-Мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн ерөнхий газар нэг удирдлагатай байх санал яригдаж байна. Та ямар бодолтой байна?
-Гаалийн байгууллага манай байгууллага хоёрын хооронд нэгдсэн хяналт, шалгалтын менежмент хэрэгжүүлнэ гэдэгт санал нэгтэй байгаа. Удирдлагын толгойг нийлүүлэх нь хоёр дахь асуудал байх аа л гэж бодож байна. Барууны болон бусад орнуудад байдаг жишгийг харах юм бол чиг үүрэг нь шал өөр. Гаалийн байгууллага бол барааны кодчилолыг тогтоогоод, хураамж аваад явдаг. Харин мэргэжлийн хяналт барааны чанар, стандарт, хорио цээрийг хангуулахын төлөө ажилладаг. Магадгүй ГЕГ-ын ажилчдын ихэнх нь хуульч, эдийн засагч байдаг бол манай улсын байцаагч нар стандарт, техник, ургамал, хорио цээрийн малын эмч. Мэргэжил нь хүртэл өөр. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүднээс хил дээр байгаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн менежментэд оруулах нь зүйтэй. Санал нэгтэй байгаа болохоор эхний алхмаа ч хийсэн. Хил дээр байгаа бүх төлбөр хураамж, тооцоог нэг цэгийн үйлчилгээгээр хийдэг болсон. Ингэснээр гаалийнхан татвар аваад, мэргэжлийн хяналтын байцаагч хариуцлага, хураамж аваад байдгаа больсон. Энэ мэтчилэн үйл ажиллагаа нь нэгдсэн менежментэд орохыг дэмжиж байгаа. Удирдлагын асуудал бол Засгийн газрын шийдвэрлэх асуудал.
Би “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанитай ямар ч холбоогүй
-Д.Сүрэнхорыг хамгийн сайн мэдэх хүн бол таныг гэж Б.Ганбаатар хэлээд байгаа. Та энэ дээр албаны ёсны байр сууриа илэрхийлээч?
-Бид МАХН-ын байгууллагад нэг үе хамтарч ажиллаж байсан. Нэг үеийн залуучууд. Бие биенээ мэднэ. Ажлын хэргийн төдий. Бусдаар бол би сайн мэдэхгүй.
-Б.Ганбаатар гэдэг хүнийг та хэр мэдэх вэ?
-Үйлдвэр худалдааны дэд сайдаар ажиллаж байхдаа Б.Ганбаатарыг ажлаас нь халж байсан удаатай. Тухайн үед битгий халаач гэж гуйж байсан. Тэрэндээ л шарлахаж явдаг бололтой юм шиг байна лээ.
-Хувийн өс хонзон санаж, тэгж хэлсэн байж болно гэсэн үг үү?
-Магадгүй л юм.
-“Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн цаад эздийн нэг нь таныг гэдэг. Таныг тус компанийг цээжээрээ хамгаалдаг гэх нь ч бий?
-Би энэ компанитай ямар ч холбоо байхгүй. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компани БНХАУ-ын төрийн өмчит компани. Энэ компанийн үйл ажиллагаанд манай байгууллага удаа дараа шалгалт хийж байсан. Хамгийн сүүлд 2009 оны аравдугаар сард шалгалт хийсэн. Шалгалтын дагуу зохих арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хууль яаж үйлчилдэг үү, түүний дагуу “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанид үйлчилж байгаа.
-Шалгалтын дүнг газрын даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж нийтэд мэдээллэдэг журам МХЕГ-т үйлчилдэг байсан. Харин “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн шалгалтын дүн өнөөг хүртэл даргын зөвлөлийн хурлаар ч орсонгүй, нийтэд мэдээлэгдсэнгүй. Үүний цаана ямар нэгэн учир байна уу?
-Улсын байцаагч өөрийнхөө мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Үүний дагуу асуудлыг шийдвэрлээд явагдаж байгаа. Заавал хурлаар оруулж, нийтэд мэдээллэх ёстой гэсэн зүйл байхгүй. Газрын даргын хуралдаанаар оруулахгүй хаалт хийсэн асуудал ч байхгүй. Хувь хүний зүгээс оролцсон зүйлгүй.
Л.НИНЖСЭМЖИД
EH SURVALJ: NIIGMIINTOLI.MN
No comments:
Post a Comment