UP: Сэтгүүлийн маань нэр “Uptown” учраас яриагаа хотын сэдвээс эхлэх үү? Та манай сэтгүүлийг олж үзсэн үү? Тийм бол сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ерөнхийдөө харж байсан, яг нарийвчлан үзэж байгаагүй. Их цэвэрхэн хийцтэй юм билээ. Цэвэрхэн хийхээс ч өөр аргагүй л дээ. Миний ойлгож байгаагаар Монголын сэтгүүлзүйн орчинд шинэ юм хийх гэж оролдож байгаа. Доторх агуулгыг нь сайн мэдэхгүй юм, нэрнээс нь харвал хотын сэдвээр л ярих ёстой байх даа. Танай эрхлэгчийг ярилцлаганд оролцох санал тавихад миний зураг хөргийг бага аваарай, хүмүүс шохоорхоод байх царай зүстэй биш учраас Uptown сэтгүүлийн мундаг уншигчдын дурыг гутаахгүйн тулд миний зургийг бага аваарай гэж хэлсэн. Ярилцлагын тухайд бол миний ярилцаж болох сэдвийн хүрээнд ярилцахад би их тааламжтай хүлээж авна. Харин мэдэхгүй, миний дуулж ч байгаагүй сэдвийн хүрээнд би “нойл” гэдгээ хэлчихье.
UP: Жишээлбэл?
-Жишээлбэл, танай сэтгүүлийн гаргах дуртай гоё гоё хувцас хунарын тухай ярианд их муу.
UP: Та худлаа ярьж байна.
-Юу гэсэн үг юм…
UP: Таныг чинь манай хотын дэгжин эрчүүдийн хамгийн тод төлөөлөгч гэдэг шүү дээ. Таниас хүмүүс үлгэр дуурайл авдаг…
-Тэгж л бичдэг гэсэн. Мэдэхгүй юм, надаас хүмүүс үлгэр дуурайл авах нь ч юу юм. Гэвч муу үлгэр дуурайл авах хүн нь би биш байх. Сайн үлгэр дуурайл болно, гэхдээ учиргүй fashion гэнгүүт галзуурчих гээд, түүний хойноос хөөцөлдөөд явдаг хүн огтоос биш. Ерөнхийдөө хувцас бурхан, бие чөтгөр гэсэн философи бол бүх дэлхийн хүмүүст хамаатай философи. Тэр талаас нь бодож хувцаслалтандаа ханддаг. Чехов хэлсэн байдаг шүү дээ, хүн бүх юмаараа сайхан байх ёстой. Хувцаслалт болон гадаад, дотоод үзэмжээ хослуулж явах ёстой байх гэж боддог юм. Тэрнээс тусгайлан анхаараад байдаггүй, өөрийнхөө мэдрэмжийн дагуу явдаг.
UP: Гэхдээ олны үг ортой гэдэг. Таны жентелмэн сонголт, биеэ авч явах соёл юунаас эхтэй вэ?
-Чи бол мундаг “хошгируулсан” асуулт тавьж байна. Бас нэг юмыг хэлчихье, би “хошгирдоггүй” хүн. Би тарвага биш. Хоёрдугаарт, ганган дэгжин гэхээсээ илүү зөв хувцаслах нь соёлын асуудал. Энэ тал дээр бусдаас хоцорчихгүй, гэхдээ бусдад үлгэрлээд байх нь ч хаашаа юм. Нөгөө талаар миний хувцаслалт гэдэг зөвхөн миний асуудал биш шүү дээ. Энэ байгууллагын асуудал. Яагаад гэвэл маш олон дотоодын болоод гадаадын зочидтой уулздаг. Дараагаар нь манай гэр бүлийн асуудал. Эхнэр хүн чинь нөхрөө өнгөтэй, өөдтэй хувцастай явуулах гэж үзнэ. Сайн зөвлөхийн ачаар, нөгөөтэйгүүр бусдын өмнө муухай харагдаад байхгүй юмсан гэж хичээдэгтэй маань холбоотой байх.
UP: Таны ажил үнэхээр гадны бизнесмэнүүдтэй олонтаа харьцдаг онцлогтой. Гадны томоохон бизнесмэнүүд мэндлэхээсээ өмнө өмссөн пиджакны материалтай “гар барьж” тэмтэрч үзсэнийхээ дараа цаашид бизнесийн талбар дээр хамтарч ажиллах эсэхээ шийддэг гэж нэгэнтээ сонсож байсан юм байна. Тэр утгаараа брэнд, фирмийн сонголт хийхийг амьдрал шаарддаг байж болох юм?
-Тэр нь ч арай юу юм. Гэхдээ гадны бизнесмэнүүд, хувцасны мэдрэмж сайтай хүмүүс тийм юм хийдэг байх л даа. Маш олон гадныхан манайд ирж байгаа. Тэдэн дунд төр засгийн төлөөлөгчид, бизнесмэнүүд гээд олон янзын хүмүүс байдаг. Хараад байхад ёслолын үед эрэгтэй хүн ч гэсэн эзэндээ зохисон, онцгой содон юмыг хардаг л юм билээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн шиг биш ч гэлээ нүдээрээ шүргээд өнгөрдөг. Эмэгтэйчүүд бол бие биенээ нүдээрээ буудчихдаг биз дээ. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үг бий. Энэ бол зайлшгүй байх ёстой асуудал. Миний өрөөнд жийнстэй хүн орж ирвэл би тэр жийнсэнд нь тохируулж харьцана. Үүнийг би гадаад хүний жишээнд дээр ярьж байна. Ажил хэрэг ярих гэж байгаа хүн хувцаслалт нь өөрөө ажил хэрэгч байх ёстой гэдэг талаас нь харж байгаа хэрэг. Тэрнээс ямар материал хийцтэй, ямар брэнд фирм гэдгийг хардаггүй байх. Гэхдээ бид брэндийн ертөнцөд амьдарч байгаа хойно тухайн тодорхой брэндүүдийг хүн болгон өөрийнхөө хөгжсөн таашаалын хүрээнд авч үздэг байх. Миний хувьд учиргүй тэр, энэ брэнд гээд байдаггүй. Гэхдээ бас нэг уламжлал болсон хариулт байдаг, брэнд голоод байдаггүй гэж. Сайн брэндийн хувцас эдийн засгийн утгаараа чанартай байдаг учраас, хоёрдугаарт брэндийн хувцасны утга учир нь брэнд гэдэг үнэ цэнэдээ байдаг учраас жинхэнэ брэндийг хэрэглэж байвал зохилтой юм шиг байгаа юм. Гэхдээ энэ бол хувь хүний санхүүгийн боломж, хүн бүрийн таашаал хүрсэн түвшин, тухайн брэндийн тухай ойлголт зэргээс хамаараад янз бүр байна. Хамгийн гол нь чанартай хувцсыг цэвэрхэн өмсвөл удаан өмсөнө. Гэхдээ би зөвхөн Hugo boss өмсдөг гээд яваад байвал жаахан утгагүй юм шиг надад санагддаг. Ер нь хүнд анхны мэдрэмж их чухал байдаг. Тухайн зангиа, тухайн костюмыг хараад төрсөн мэдрэмж, дараа нь өмсөж үзээд сонголтоо хийхэд алдаад байдаггүй. Анхны мэдрэмж их төлөв буурдаггүй. Би дэлгүүрт ороод харж үзээд, сүүлийн үед энэ брэнд л моодонд ороод байгаа гэх мэтээр сонголт хийдэггүй. Анхны мэдрэмж тэгээд биед хэр сууж өгч байгаа гэдэг талаас ханддаг. Зангианы хувьд ч гэсэн ялгаагүй. Цагны тухайд би өөр ойлголттой. Би бараг цаг зүүдэггүй. Зүүж байгаад л хүүхдүүддээ өгчихдөг.
UP: Эрчүүдийн гол гангараа гэдэг
-Эрчүүдийн гол гангараа бол цаг гэж би боддоггүй.
UP: Тэгвэл эр хүний хувьд та юугаар гангардаг вэ?
-Өөрийнхөөрөө, байгаагаарааа. Тэр миний гоёл болно уу, миний имиж болно уу, эсвэл миний давуу эсвэл сул тал болно уу, надад чухал биш. Хамгийн гол нь хүн өөрийнхөө өмсье гэсэн хувцас, түүний дотор брэндийг оруулаад тэр нь өөрт таашаал өгдөг, бусдад аятайхан сэтгэгдэл төрүүлж байх нь чухал. Шүүмжилж байгаа юм биш л дээ, би олон хүнийг харж байсан. Хамгийн үнэтэй цаг авдаг, зарим нь цуглуулдаг. Би хувьдаа цаг бол тийм чухал гэж үздэггүй. Хамгийн энгийн шалтгаан гэвэл би утсан дээрээсээ цагаа харчихдаг. Гэхдээ хааяа цаг хэрэг болох үе байна. Илүү гоё atribute болох эсвэл Швейцарьт явж байхад хөөрхөн, нэг их үнэтэй биш загварын цагнууд их зүгээр санагддаг. Тухайлбал Dolce & Gabbana-гийн цаг байсан л даа. Тэрийг 2 сар зүүгээд, манай хүүхэд аав аа энэ таньд арай залуудаж байна гэхээр нь арганд нь ороод хүүдээ өгчихөж байх жишээтэй. Миний гурван ч цаг тийм замаар “явсан даа”. Одоо бугуйнд цаг байхгүй байна. Сүүлийн хэдэн сар цаг зүүсэнгүй. Цаг хоёр шалтгаантайгаар алга болж байна. Нэгдүгээрт, би хараа муутай учраас тэр бүр цагаа хараад байдаггүй. Хэрэглээ нь байхгүй гэх үү дээ. Гангараа гэдэг утгаар нь би хүлээж авдаггүй. Хоёрдугаар шалтгаан нь миний цагны тухай таашаал нь манай хүүхэдтэй адилхан. Тэд нар надад Rolex, Montblanc гэх мэт мундаг мундаг цагны нэрс хэлдэг. Би тэднийг сайн мэддэг ч үгүй.
UP: Би дүгнэхдээ таныг илүү залуу сэтгэлгээтэй хүн юм гэмээр байна. Сэтгэлгээ сонголтонд их нөлөөлдөг гэдэг шүү дээ?
-Сэтгэлгээ гэдэг их өөр ойлголт. Хүн бүр өдөр болгон шинэ зүйл сэтгэж байх ёстой. Өөрөөр хэлбэл үхширсэн, хэвшмэл сэтгэлгээнд их дургүй. Би шатар тоглохдоо хүртэл заавал бод хаядаг. Зүгээр тоглох биш шатраас би таашаал авахын тулд фантази их хэрэглэх, өрсөлдөгчөө гайхашралд оруулах нүүдэл хийнэ гэдэг маань стандарт бус сэтгэлгээний хэлбэр л дээ. Тэр утгаараа заримдаа хувцас сонголтон дээр ч нөлөөлж, зарим хүмүүст тэнэг юм шиг харагдахаар хувцас өмсөөд явж байх нь ч бий. Жишээлбэл, өнгөрсөн жилийн цагаан сараар би цагаан ултай гутал өмссөн. Дээр үед 35 төгрөгийн үнэтэй байсан эд л дээ.
UP: Яагаад?
-Яагаад гэвэл жийнсэн дээр цагаан ултай гутал их гоё зохидог байхгүй юу. Ретро стиль гэдэг шиг цагаан ултай гутал, жийнсэн өмдтэй хослуулахад ерөнхийлөгчөөс авахуулаад хүн болгон шохоорхож харж байсан шүү. Үл мэдэг жуумалзсан дүр төрхтэйгээр. Модон хөөрөг барьж байсан. Гадна талдаа Танхим гээд маш гоёор сийлбэрлэчихсэн модон хөөрөг. Нөгөө мундаг хөөрөг энэ тэрд би дургүй. Дээр нь би том бүсэнд дургүй. Одоо би ямар бүс бүсэлнэ гээч, бүүр хуучны Ардын армид зүүж байсан Монголын сүлдтэй, шар толгойтой цэрэг бүс байдаг даа, түүнийг зүүнэ.
UP: Хаанаас олж авах уу?
-Хүргэн ахдаа захисан байгаа. Нэг хром маягийн гутал бас захисан байгаа. Битгий хоншоорыг нь ээтийлгээд хаячихаарай гэсэн. Дээр нь нэг дээл олж авна. Болж өгвөл цэмбэн дээл олж авна даа. Ер нь сэтгэлгээ, үйл ажиллагаа, сонголт их холбоотой. Жишээлбэл, дэлхий даяар ихэнхи нь оффисын пиджак их сонгож авдаг. Би 90-ээд он эхээр Вашингтонд явж байхдаа харж байсан, бүгд шар шар товчтой хар юм уу хөх пиджактай. Ямар айхтар форм болсон эд вэ гэж тухайн үед бодогдож байсан. Тэр талаас нь ч их боддог. За тэгээд Ази, Европын хувцаслалт их өөр. Манай Монголчуудад Европынх илүү зохицно. Яагаад гэвэл ясархаг, биерхүү, бүдүүн хүмүүс учраас биеийн алдаа дутагдлыг нь нуухын тулд Европ хувцас сонгох хэрэгтэй. Азийн туранхай ард түмэнд бол өмд нь гэхэд урдуураа хоёр нугалаастай нь илүү зохидог байх жишээтэй. Энэ өмдийг Монголчууд өмсөхөөр улам паадгар харагддаг. Том биетэй нь ч ялгаагүй, ер нь зохидоггүй. Харж байхад манайхан Япон, Солонгосоос авсан тийм өмд их өмсөх юм. Гэтэл түүний хийц, Европ хийц хоёр их ялгаатай. Ерөнхийдөө бидэнд нарийн эсгүүртэй хувцас биед их сайн сууж өгдөг.
UP: Таны имижийн нэг хэсэг болсон нүдний шилэндээ та гар татахгүй биз. Яг одоо бол та ямар фирмийн шил зүүчихсэн байна вэ?
-Гар татна ш дээ(инээв). Хайрлана ш дээ. Энэ бол Montblanc-ын шил. Дөрвөн жил болж байна. Нүдний шил хүний хэрэгцээ учраас их хайрлана. Бас чанартайг нь авдаг. Яагаад гэвэл маш уддаг юм. Нүдний эрүүл мэндэд чухал учраас fashion талаас нь ханддаггүй. Хэдэн жилийн өмнө нэг сонирхож үзсэн удаатай. Дэлхий дээрх хамгийн хөнгөн, силуэт гэдэг билүү дээ, тийм нэг нүдний шил зүүж үзсэн юм байна.
UP: Таны бага нас ингэхэд хаана өнгөрсөн юм бэ? Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Энд, 120 мянгатад микрт өнгөрсөн...
Эх сурвалж АП ТАУН сэтгүүлээс авлаа
No comments:
Post a Comment