Saturday, 25 December 2010

С.БАТТУЛГА: "СУУСАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ТЭНЭГ ДЭЭР"


Улсын филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулгатай уулзаж хэдэн хором хөөрөлд­лөө. Дуучин хүнтэй уулзаад хамгийн түрүүн уран бүтээлийн тухай яриа өрнүүлж болох байсан ч залуу хүнийхээ хувьд эх орон, залуусын тухай ямар бодол тээж явдгийг нь сонирхмоор санагдлаа.

  - Таны бодлоор эх оронч гэж хэн бэ?

  - Надаас хоёр жилийн өмнө нэг сэтгүүлч “Эх оронч гэж таныхаар хэн бэ?” гэж асууж байсан юм. Тэр үед би “Урдахаа хийж чаддаг, дэргэдэхээ хайрлаж чаддаг хүнийг би эх оронч гэнэ” гэж хариулж байсан. Одоо ч тэр хариултаа л хэлнэ. Эх орончид гэхээр ардчилагчид, эсвэл эх орончдын өдрийг тэмдэглээд байгаа МАХН гэж бодохгүй байна. Монгол хүн болгон л эх орондоо хайртай. Өөртөө ногдсон ажлыг чин сэтгэлээсээ сайн хийчихдэг. Хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн болдог, хань ижил, аав ээж, үр хүүхдээ хайрлаж чаддаг хүнийг би эх оронч гэнэ.

  - Залуус хэтэрхий европжиж, үндэсний түүх соёл, бичиг үсэг, уламжлалаа мартагнаж байна гэсэн шүүмжлэл бишгүй л сонсогддог. Та үүнтэй санал нийлэх үү?

  - Даяарчлал бусадтайгаа нээлт­­тэй харьцдаг давуу талтай ч бие биендээ уусаж, шингэх муу нөлөө­­тэй. Манайх шиг цөөхөн хүн амтай, хоёр том гүрний дунд байгаа үндэстэн өөрсдийнхөө хэл соёл, өв уламжлалаа хамгаалж үлдэхийн тулд хичээх ёстой нь үнэн. Гэхдээ өнөөг болтол явчихсан монголын ард түмэн хэл соёлоо мартаад, хэн ч биш болохгүй гэдэгт би итгэдэг. Харин ч сүүлийн үед залуус үндэсний бичиг соёлоо судалж байна шүү дээ. Биднийг дунд сургуульд байхад хүчээр заагаад байхад монгол бичгээ тэр бүр сайн сурдаггүй байсан. Тэгэхэд өнөөдөр залуучууд уран бичлэг, уйгаржин монгол бичгээ сурах гэж хичээж байна. Орчин үеийн бүжиг наадам, бичиг соёл, гадаад хэл сураад дэлхий нийттэй ч хөл нийлүүлэн алхаж чаддаг. Яг үүн шигээ эх хэл соёлоо алдаж, хэзээ хаанаас төрж гарснаа мэдэхгүй болтлоо ямар нэгэн юманд уусна гэж байхгүй.

  - Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд “Монголоо сайхан болохоор нь эргэж ирнэ дээ” гээд тэндээ суурьшчихдаг. Гэтэл энэ эх орныг хэн хөгжүүлэх юм бэ? гэсэн шүүмжлэл ч цухалз­даг. Залуучууд монголдоо сайхан амьдрах боломж байна уу?

  - Нэг хэсэг Монголдоо сайхан амьдаръя гэсэн уриалга гарч л байсан. Яг үнэндээ гадагшаа явсан нь хожиж байна. Гадаадад ажиллаж, амьдарсан хүмүүс нь амьдралын, мөнгөний үнэ цэнийг илүү мэдэрчихсэн байдаг. Ижилхэн амьдарч байсан хоёр залуугийн нэг нь гадаад руу гурван сар яваад ирлээ гэж бодъё. Дараа нь ямар нэгэн зүйлийг тэр хоёр хоёр өөр нүдээр харж байна. Тэгэхдээ Монголд битгий амьдар, гадагшаа гарах нь дээр гэж шууд хүлээж авч болохгүй л дээ. Угаасаа Монголчууд бид суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж ярьдаг даа, харин би суусан цэцнээс явсан цэцэн нь дээр гэж хэлмээр байна. Бидэнд гадны хүмүүсээс сурах зүйл их байна. Солонгосчууд хөдөлмөрч, германчууд зарчимч гэж ярьдаг. Хугацаа нь ямар байх хамаагүй манайхан тодорхой хугацаагаар гадаг­шаа гараад ирээсэй гэж боддог. Тэндээ шингээд үлдчихэлгүй, олон зүйлийг сурч мэдээд эргэж ирээд эх орондоо ажиллаж амьдрах н чухал. Очсон газартаа дасаад, монголд жаахан хэцүү байна, аятайхан болохоор нь очъё гэсэн хүмүүс ч байна. Энэ амьдрал тэднийх л болохоор буруутгах арга байхгүй. Эх оронч биш гэж хэлэх ч ёсгүй. Тэд чинь хуруу хумсаа хуйхалж байж олсон мөнгөө ганцаараа идээд хэвтдэг хүн нэг ч байхгүй. Бүгд л ээж, аав, эхнэр хүүхэд ах дүү амраг садан руугаа явуулдаг. Эх орондоо сайхан амьдарна гээд шууд хэлэхэд хэцүү байна шүү дээ. Олон залуучууд туйлдаж байна. Гадаадад амьдарч байгаад эх орондоо ирээд сайхан амьдаръя гэхээр болохгүй буцаад явж байгаа залуучууд ч олон байна.

  - Уран бүтээлчид нутаг ус, эх орны тухай уран бүтээл хийхдээ байгал дэлхий сүйрч, экологийн тэнцвэр алдагдаж байгаа бодит байдлыг бус зүгээр л “Сайхан шүү, сайхан” гээд дуулаад байх нь амьдралаас хэтэрхий тасархай санагддаг.

  - Би энэ шүүмжлэлтэй санал нийлнэ. Байгалтай хэрхэн харьцаж байгааг шүүмжилсэн дуу ховор л доо. Урлаг нийгмийн сэтгэл зүйг авч явдаг учраас гэгээлэг, сайн сайхныг магтан дуулж байж нийгэм түүнийг дагадаг. Магадгүй дандаа л бодит байдлыг дуулаад, сүйдсэн байгалиа харуулаад байх юм бол байдал дордож ч магадгүй. Тэглээ ч зүгээр сууж болохгүй, энэ байдлыг шүүмжлэх ёстой. Урлагийн нэг тал бол шүүмж. Хөгжмийн зохиолч Бэхбат ахын нэг дуунд “Цэвэр тунгалаг гол минь хаачив? Цээж дүүрэн амьсгалах агаар минь яав? Хойч ирээдүйдээ бид юу үлдээж байна вэ?” гэсэн үгтэй дуу байдаг. “Take off” хамтлаг дуулсан. Ийм дуу дутмаг байна гэж байсан хэрнээ яг гаргаад ирэхээр нь телевизүүд цацаж өгөөгүй, мөнгө нэхсэн шүү дээ. Бид бие биенээ дэмжихгүй бол ямар сайхан санаа байгаад ч нэмэргүй. Миний урын санд ч эх орны сэдэвтэй дуу олон бий. Гэхдээ дандаа эх орон, ард түмнээ магтан дуулсан дуунууд.

  - Эх орон гэдэг угаасаа хүнээсээ эхэлдэг. Өнөөдрийн залууст дүн тавиач гэвэл та ямар үнэлгээ өгөх вэ?

  - Залуусыг үнэлэх тал дээр би их өөдрөг бодолтой байна. Би өөрөө залуу хүн. Хүмүүсийн тухай ярихаасаа өмнө өөрийгөө ямар байгааг дүгнэж үзэх ёстой. Өнөөгийн мянган мянган залуусын нэг нь би. Ажлаа хийгээд, хөдөлмөрлөөд явж л байна. Залхуурч хэвтэж үзээгүй. Хүнд худлаа хэлж, хулгай хийж амьдраагүй. Би өөртөө дүн тавибал “сайн” гэсэн үнэлгээ өгнө. “Онц” гэж хэлэхэд учир дутагдалтай. Гэхдээ дунд юм уу муу бол ерөөсөө биш. Тэгэхээр өнөөгийн залуучууд сайн баsйгаа. Би өөрөөрөө жишээд хэлэхэд шүү дээ. Дүрэм журам, хуулиа чангатгаж, цэрэг цагдааг хүчитгээд юуг ч өөрчилж чадахгүй. Харин хүмүүсийн аливаад хандах хандлагыг төлөвшүүлэх нь дээр. Тухайн нас насанд нь хийж байгаа ажил, хүмүүстэй харьцах харьцааг эерэгжүүлж байж бид хөгжинө. Шулуухан хэлэхэд дунд, хижээл насныхан өөрчлөгдмөөр байна шүү дээ. Хоёр залуу идсэн жимснийхээ хальсыг атгаж яваад хогийн саванд хийж байхад дэргэд нь “Одооны залуучууд болохоо байлаа” гээд номлоод байгаа хүмүүс нь тамхи­ныхаа ишийг таарсан газраа шидлээд явж байна. Ахмадууд гэхээр дандаа ухаантай гэж ойлгож болохгүй шүү дээ. Тийм болохоор хүнийг насаар нь ангилахаасаа өмнө ер нь аливаад хандах ханд­лагыг нь харах хэрэгтэй болов уу.

Ярилцсан М.Гэрэлтуяа

Эх сурвалж: Цаг төр хүмүүс сэтгүүл

No comments:

Post a Comment