Хэл шинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй ярилцлаа. - Та өөрийнхөө судалгааны талаар товч боловч дурдахгүй юу? - Миний судалгаа монгол хэл шинжлэлийн нэгээхэн салбар болсон утга судлал буюу семантикийн шинжилгээ юм. Судалгааны нэг онцлог сайн тал нь хүмүүст шууд хүрч, хэрэглэгдэж байдагт оршдог. Миний Ph.D -ийн сэдэв "Монгол хэлний ойролцоо утгын бүтэц, утга, үүрэг"-ийн судалгаа байсан бол шинжлэх ухааны докторын сэдэв маань мөн энэ судалгааны үргэлжлэл болох "Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо" гэсэн сэдэвтэй ажил байлаа. Ph.D зэргээ Монголын ШУА-д, шинжлэх ухааны докторын зэргээ Москвад хамгаалсан. Энэ нэг сэдэвт зохиолын шууд үр дүн болсон монгол хэлний ойролцоо утгатай үг хэллэгийн дэлгэрэнгүй толь бичигийг 2006 онд хэвлүүлсэн. Энэ толь нь ойролцоо утгат толь бичгийнхээ хувьд 1966 оноос хойш гарсан анхны бөгөөд дэлгэрэнгүй нь юм. Уг толь бичиг монгол хэлний ойролцоо утгын тогтолцоог үг, холбоо үг, хоршоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэгийн төвшинд хийсэн анхны толь бичиг болсон. Өөрөөр хэлбэл энэ толийг хийсэн онолын үндэслэл нь миний судалгааны чиглэл байсан бөгөөд сургуулийн сурагчаас эхлээд төрийн албан хаагч, зохиолч, орчуулагч, бичгийн хүмүүсийн хамгийн түрүүнд хэрэглэх практик ач холбогдолтой гарын авлага юм. Ямар ч хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг хоёр төрлийн толь бичиг байх ёстой. Эхнийх нь тухайн хэлний тайлбар толь бичиг, удаах нь ойролцоо, эсрэг утгатай үг хэллэгийн толь бичиг байх учиртай юм. Монгол хэлний утга судлалын чиглэлээр сүүлийн хоёр гурван жилд 20-иод ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүллээ. Миний өөр нэг сонирхдог зүйл бол монгол хэлийг гадаад хүнд заах арга юм. Энэ бол харьцангуй шинэ судалгаа. Манайд 1970-аад оны эхнээс МУИС-д албан ёсоор гадаад хүнд монгол хэл зааж эхлэснээр энэ талын судалгаа эхлэсэн гэж үздэг. Ерөнхийдөө дээрх хоёр үндсэн чиглэлийн дагуу 20 шахам ном, сурах бичиг, гарын авлага зохиож, найруулан гадаад, дотоодод хэвлүүлээд байна. Гадаад хүнд зориулсан ном, сурах бичгүүдийг дэлхийн монгол судлалын чиглэлийн сургалттай томоохон их сургуулиуд сургалтандаа нэлээд ашигладаг юм. - Гадаад хүнд заах арга гэснээс өнөөдөр дэлхийн монгол судлал ямаршуухан байна, та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна даа? - Өнөөдөр дэлхийн 20 шахам орны 40 орчим их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад монгол судлалын төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Англи, ОХУ, Герман, Чех, Унгар, Польш, Энэтхэг зэрэг оронд монгол судлалын хуучны уламжлалтай төвүүд бий. Гэхдээ нээлттэй нийгэмд орсоноор монгол судлал зарим талаар хумигдаж, зарим талаар чиглэл, шугамаа өөрчилж, хуучин үе шиг нэг талыг барихаа болиод 20 шахам жил болж байна. Кембрижийн Их Сургууль, Лондоны Их Сургууль, Лийдсийн Их сургуульд монгол судлал хөгжиж байгаа. Одоо Кембрижийн Их Сургуулийн монгол судлал нэлээд хүчтэй хөгжиж шинэ чиглэл, ая дангаар төлөвшиж урагшлах шинж төлөв ажиглагдаж байгаа. Энд нэлээд хүчтэй, нэр хүндтэй эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Хаана чадалтай эрдэмтэн байна тэнд тухайн судалгаа сайн байдаг жишгээр дэлхийн залуу монгол судлаачид тэнд татагдах, сурах хандлагатай болоод байна. Кембрижийн их сургуулийн аспирантур, докторт сурах монгол залуучуудыг ч дэмжих хандлага нэлээд гарч байна. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын уул уурхайн том компаниуд ч эдгээрийн дунд байгаа нь сайн хэрэг юм. Бид гадаадын монгол судлалыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажиллахаас биш олигтой бодит туслалцаа тэр бүр үзүүлж чаддаггүй. Хааяа нэг төрийн одон медалиар шагнах, урамшуулах, монголд гарсан ном, судар илгээхээс хэтрэхгүй дээ. Гэхдээ насаараа монголын төлөө ажилласан хүмүүс монгол төрийн одон медадь авахаараа их баярладаг юм билээ. Өнгөрсөн хавар манай ерөнхийлет Англид төрийн айлчлал хийх үеэрээ Английн Монголч эрдэмтэн академич Чарльз Бауден, Алан Сандерс, Жүдит Нордбай зэрэг судлаачид Алтан гадас одон, Өмнөд Солонгост айлчлахдаа мөн зарим хүнд төрийн одон, медаль шагнасанд тэд үнэхээр их баярлаж, талархаж байна билээ. Ер нь гадаад дахь монгол судлалыг дэмжихэд төрөөс төдийгүй мэргэжлийн байгууллагууд ч гэсэн олон талын арга чаргыг хайж олмоор, өөрийн хэр чадлаар туслаж баймаар санагддаг. - Таныг саяхан Англид томоохон төслийн ажлаа дуусгаад ирлээ гэж дуулсан? - Сүүлийн хоёр гурван жил Англи болон Японы эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн төсөл дээр ажилсан. Үүнээс миний хувьд хамгийн их бахархалтай нь Английн Кембрижийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний төсөл байлаа. Энэ нь Английн Оксфорд, Кембриж, Их Британий номын сан дахь монгол номын каталоги хийх төсөл юм. Гэхдээ энэ нь орчин үеийн ном биш шүү дээ. Эртний, хуучны ном судар, гар бичмэл. Английн Британий номын сангийн монгол номын каталогийг яагаад ч юм хийгээгүй байсан. Энэ ажлыг хийх завшаан надад олдсонд их олзуурхсан. Ер нь ихэнх орны каталогийг тухайн орных нь монголч эрдэмтэд хийсэн байдаг. Японы Осакагийн Хууль, Эдийн Засгийн Их сургуулийн эрдэмтэдтэй "Монгол - Англи хэлний товчилсон үгийн толь бичиг" хийх төсөл дээр ажиллаж дууссан. Би ирэх оны дөрвөн сараас Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд ажиллах юм, энэ үеэр японы эрдэмтэдтэй хамтран "Дэлхий дахинаа тархсан монгол номын нэгдсэн каталоги" хийх томоохон төсөл дээр хамтран ажиллах санал тавихаар сэтгэл шулуудаад байгаа. Үүнээс гадна Английн Телеграмм бүүкс гэдэг хэвлэлийн газартай хамтран монголын эмэгтэй зохиолчдын өгүүлэлүүдийг англи хэлээр орчуулан хэвлүүлэхээр сая тохироо хийсэн. - Танд гадаадад хэвлэгдсэн ном хэд хэд байна, хаана яаж хэвлүүлсэн бэ, ер нь гадаадад ном хэвлүүлэх хэцүү юү, тэр тусмаа монгол судлалын номыг яаж хэвлүүлдэг юм бэ? - Би хэд хэдэн ном гадаадад хэвлүүлсэн. Гэхдээ тийм амар байгаагүй. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, уншипчдын шаардлага ямар байгаа нь гадаадын хэвлэлийн газруудын ганц шалгуур юм билээ. Би Англид Лондоны Их Сургуульд багшилж, ажиллаж байхдаа бараг хорь, гучин хэвлэлийн газруудад захиа бичээд хоёроос нь нааштай хариу авч байсан. Дэлхийн 50 гаруй хэлний ном хэвлэсэн Английн Рутлеж хэвлэлийн газартай хамтран "Монгол хэлний ярианы сурах бичиг" буюу "Colloquial Mongolian" ном, Австралийн Lonely Planet хэвлэлийн газартай хамтран "Mongolian Phrasebook" ном хэвлүүлсэн. Ярианы сурах бичиг нь Япон, Англи, Герман, АНУ, Канад зэрэг орны томоохон их сургуулиудад сургалтандаа ашигладаг сурах бичиг болсон, харин "Монгол ярианы дэвтэр" нь манайд ирдэг жуулчдын халаасны ном болоод удаж байна даа. Англид байдаг монголч эрдэмтэн Өргөнгөө Онон гуай надад нэг удаа "Монгол судлалын чиглэлийн, монголын тухай номыг 10 мянган хувиас их хэвлүүлэх боломж байдаггүй юм" гэж хэлж байсан. Тэр үнэн. Гэхдээ бид монголд 300 ном хэвлүүлчихээд яах уу, ийх үү гэж амьсгаадаж сандарч байгаагийн хажууд 10 мянга чинь тоо л доо. Харин бид дээрх номынхоо ашиг буюу рояалтийг жил бүр тооцон авч байх гэрээтэй юм. Эндээс хөөрхөн орлого олноо. - Та их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага нэлээд хийсэн, туршлагатай хүн. Ер нь Монголын боловсролын тогтолцооны талаар ямар бодолтой явдаг вэ? Тухайлбал МУИС-ийн талаар, нэлээд хугацаанд салбар сургуулийнх нь захиралаар ажиллаж байсан хүнийхээ хувьд? - Манай боловсролын тогтолцоонд Америк, Английн боловсролын зарчим, аргачлалыг шууд хуулбарлан хэрэглэж эхлээд байна. Хамгийн гол дутагдал удирдлагын арга барил хэтэрхий хоцрогдсон, тухайлбал дээд боловсролын удирдлага, менежментийг мэддэг хүн удирдахгүй байна. Манайх шиг цөөхөн хүнтэй, өрсөлдөөн ихтэй оронд барууны тогтолцоог шууд хуулах нь таарахгүй гэж би боддог. Учир нь англи шиг 60 сая, америк шиг 300 сая, япон шиг 130 сая хүнтэй оронд энэ байдал тохирно, таарна. Учир нь ийм орнуудад массын буюу public боловсрол гэдэг юмыг үндсэнд нь орхигдуулсан байдаг. Санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу мэдэхгүй. Тийм учраас энэ орнуудын шинэ засгийн газар, шинэ ерөнхий сайд, ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг томоохон дөрөө нь нийтийн боловсролыг өөд татах асуудал байдаг. Монголд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар улс төрийн тоглоом боллоо. Одоо 1990-ээд оноос хойш сайд болсон хүмүүсийг хар даа. Их сургуулийн байтугай дунд сургуулийн талаар ойлголтгүй нөхөд улс орны хамгийн чухал салбар болсон боловсролоор тоглоод дуусч байна. Их дээд сургуулиудад өөрчлөлт шинэчлэлт явахгүй байна. Нэг шинэ сайд томилогддог явж байтал хусагдчихдаг, дахиад шинэ сайд. Өөр нэг тушаа болж байгаа зүйл бол үнийн асуудал. Өнөөдөр монголд бараг бүх юмны үнэ чөлөөтэй болсон байхад их дээд сургуулийн төлбөр чөлөөлөгдөхгүй байна. Ингэж үнийг хүчээр барьж байгаагаас болж бүх зүйл болохоо болиод байна. 700-аас 4000 доллар хүртэл үнэтэй хувийн дунд сургууль байхад Монголын урдаа барьдаг их сургуулийн жилийн төлбөр чүү чай 800 мянга хүрэх гэж ядаж байна шүү дээ. Мөн их дээд сургуулийн менежменттэй холбоотой асуудал ч олон бий. Одоо манай их сургуулийг жишээ болгож ярья л даа. Саяхан манай залуу багш нарын санаачлан байгуулсан "МУИС реформ клуб"-ээс бүх багш нарын дунд санал асуулга явуулж дүнг нь гаргалаа. Их сургуулийн профессор багш нарын сэтгэл ханамж, үндсэн үйл ажиллагааны чанар, үр нөлөө, удирдлагын тогтолцоо, чадавх, профессор багш нарын нийгмийн асуудал гэсэн үндсэн дөрвөн асуудлаар 70 орчим асуулттай судалгаа явуулахад багш нарын сэтгэл ханамж 40%-тай, мөн 63.2% нь бараг урсгалаараа явж байгаа гэсэн, удирдлагын тогтолцоо сайнтай муутай гэсэн нь 44,3% байна. Иймэрхүү л үр дүн гарсан. - Сурах бичгийн талаар? - Сурах бичиг ч адил. Монгол шиг цөөн хүн амтай, өрсөлдөөн ихтэй, зах зээл багатай оронд аль ч чиглэлийн сурах бичиг хамгийн сайн нэг л хувилбартай байх ёстой. Гэхдээ хамгийн гэдэг харьцангуй ойлголт л доо. Тэгэхгүй бол өнөөдөр энэ ажил баахан хүний тоглоом болж байна. Бие биенээсээ хуулж, нууж нэг хэсэг нь бичээд, тендер гэж уралдуулж нэг хэсэг нь тоглож хуйвалдаж хахуульдаж, ил далд хэвлээд дараа нь тараах гэж талын нэг болгоод ингээд баллаж байна шүү дээ. Эцсийн дүнд энэ олон сурах бичгийг яг жигд хэрэглэж чадахгүйгээс болж хүүхэд хохирох, нийгмийн, тэр тусмаа тэнэг хүмүүсийн золиос болох магадлал өндөр байна. Сурах бичгийн эцсийн үр дүн нь өнөө маргааш биш арав, хорин жилийн дараа гардагаараа онцлогтой гэдгийг боловсролын бодлого барьдаг хүмүүс ухаарах учиртай. Тийм учраас ямар ч хичээлээр хамгийн сайн гэх нэг л сурах бичигтэй байх хэрэгтэй. Харин түүнийг яаж шалгаруулж тогтоох аргачлалыг нь бодож олох ёстой юм. - Монгол хэл бичгийн талаар жаахан ярилцах уу? Бид ер нь ямар бичигтэй байвал зохих улс юм бэ? НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 оныг олон улсын хэлний жил болгон зарласан байна. Та бүхэн юу хийхээр төлөвлөж байна? - Хэл, бичиг хоёр бол нэг юмны хоёр тал. Хэлийг ямар ч дүрсээр илэрхийлж болно. Тийм учраас бид монгол хэлээрээ яриад, орос бичгээр бичээд сууж байна. Аль ч оронд хэл бичгийн тухай асуудал хүнд, маргаантай асуудлын тоонд орно. Яагаад гэхээр тухайн орны бие даан орших, тусгаар тогтнох нэг үндэс болдог. Монголын хувьд бид олон зуун жилийн саад бартаа, нугачаанд шалгаран үлдсэн монгол бичгээ л хэрэглэх ёстой. Тодорхой учир шалтгаанаас болоод бид орос үсэг хэрэглэх болсон боловч өөрсдөө гүн ухамсарлаж, эр зоригийн болоод эдийн засгийн зоримог алхам хийж чадвал монгол бичгээ төрийн бичиг болгох боломж бий. 1990-ээд оны эхээр Лувсанжав багш маань оройлон монгол бичгийг төрийн бичиг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь тун сайхан зоримог хэрэг байсан боловч тухайн үед тохироо нь бүрдээгүй учраас унасан. Ядаж өнөөдрийнх шиг эдийн засгийн чадавхтай жаахан төлөвшиж, эхнээсээ хөл дээрээ боссон байсан бол өдийд бид монгол бичгээрээ жигдэрчих хугацаа өнгөрөөд байна. Монгол хүний хамгийн нандин бахархал бол нэгдүгээрт газар нутаг, эх орон, дараа нь эх хэл, бичиг байх учиртай. Бидэнд эх хэл нь байна, бичиг нь алга. Монголчууд маань даанч монгол бичгээ сурья гэж мэрийхгүй байгаа нь харамсалтай. Монгол хүн хэзээ монгол бичгээ санадаг, хэзээ бахархдаг, хэзээ харамсдаг вэ гэхээр гадаад оронд явахдаа л санадаг юм билээ. Монгол хүн чинь нэрэлхүү шүү дээ. Гадныхан танайх ямар бичиг, үсэг, хэлтэй улс вэ гэхээр л кирил үсгээр бичвэл наадах чинь орос үсэг байна шүү дээ гэж хэлүүлэхээс нэрэлхэж нэрээ худлаа ч гэсэн доош нь арзайлган бичдэг монгол хүнийг би олон мэдэх юм. Харин одоо монгол бичиг авах тухай ярих хүн их цөөрч байна, төрийн албан хаагч нар монгол бичигтэй болчих вий гэхээс яс нь хавтайж, харин бүр эсрэгээр латин үсэг хэрэглэх тухай асуудал төрийн хэмжээнд яригдаж төсөл хэрэгжиж байгаа. Би монгол бичгийнхээ төлөө хэзээд байх болно. Үүний төлөө өчүүхэн боловч тусыг хийхийн төлөө ажиллаж байгаа. Манай эцэг эхчүүд эх хэл чухал хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд маш их дэвшил өөрч-лөлт гарна. Хууль эрхзүйн талаас нь бас хөших зүйл нэлээд байдаг. Манай монгол хэл, эх хэлний багш нар маань энэ талаар олон сайхан санаа оноотой явдаг юм билээ. Олон ажил хийх байх гэж найдаж байна. - Кирил бичгийн дүрмийг өөрчлөх сайжруулах тухай асуудал яригдаж байсан тэр юу болсон бэ? - Энэ талаар манай хэлний мэргэжилтнүүд МУИС, БИС, ХЗХ дээр хэд хэдэн удаа ярьсан, янз бүрийн санаа оноо гарсан. Ер нь монгол бичгийн үгийн үндэс эвдэрдэггүй зарчимыг л гол болгож байгаа. Миний бодлоор хоёрын хооронд ингэж байснаас зүгээр л монгол бичгээ зоригтой авах эсвэл латин үсгийнхээ дүрмийг монгол бичгийнхээ зарчмаар хийгээд авчих л хэрэгтэй гэж боддог хүн. Аргаа барвал кирилээсээ латин нь арай илүү юмаа. - Хэл шинжлэлийн хүнээс хэлний боловсрол, мэдлэгийн талаар асуухгүй өнгөрч бопохгүй байх? - Манайханд нэг нийтлэг буруу ойлголт байдаг юм. Монгол хэл, эх хэл бол юу ч биш, үүгээр ярьж чадахгүй, бичиж чадахгүй хэн байдаг юм бэ гэсэн. Нэг ийм муухай үзэл бараг хүн бүрт байна шүү. Ялангуяа эцэг эхчүүдэд. Үүнийг монголчууд бүгдээрээ мэдэж өөрчлөх цаг болсон. Тэгээд гадаад хэлийг шүтэн биширч, эх хэлээрээ бүрэн сэтгэж бодож эхлээгүй, сураагүй байхад нь нялх амьтадыг гадаад хэлний дагнасан сургуульд оруулах юм уу, гадаадад гаргаж байна. Энэ маш том алдаа. Ямар олон хүн хүүхдүүдээ Хятад руу цөлж байна, ямар олон хүн боловсорч цэгцэрч дуусаагүй хүүхдүүдээ Англи, Герман, Японд гаргаж замыг нь алдуулж байнаа. Энэ үнэхээр харамсалтай. Гадаад хэл сурахаараа болчихдог гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа шүү. Үүний чинь цаана суурь боловсрол гэдэг нэг чухал юм байгаа, үүнийг манай эцэг эхчүүд ерөөсөө ойлгодоггүй, гадаад хэлтэй болчихоор л болоод явчих юм шиг төөрч будилж байна. Манай ерөнхий боловсролын тогтолцоо бол одоохондоо сайн байна, үүнийг ашиглаж харин хүүхдүүдээ сургаж аваач гэж хэлмээр санагддаг. Ер нь дэлхий нийтээр хэтэрхий багаас нь сургуульд сургаж байгааг шүүмжилж эхлээд байна. Ялан-гуяа манайх шиг нүүдлийн ахуйтай оронд малчдын хүүхдийн боловсролыг маш сайн анхаарах хэрэгтэй, зөвхөн Улаанбаатарыг бодоод хууль хийгээд байж таарахгүй л дээ. Өөр нэг хэлэх зүйл бол телевиз радио зэрэг хүчтэй мэдээллийн хэрэгслээр эх хэлээ бузарласан, загвардсан, маягласан, ээрч муурсан, бие биеээ дууриаж бүдүүлэг алдаа ч гаргаж байна. Тэр тусмаа тепевиз бол маш хүчтэй зэвсэг. Нэг хүн маяглаад нэг буруу бүтэц, буруу хэлбэржилтээр юм хэлэхэд л бусад нь дууриадаг. Ялангуяа энэ радио телевизээр байнга ярьдаг улс төр, урлагийн одууд гээд байгаа хүмүүст хандаж үүнийг хэлмээр санагддаг юм. Гадаад хэлний бүтэц, загвар, хэн нэг хүний хэлсэн буруу бүтэц зэргийг загвардан олонд тараах нь тун аюултай. Уг нь хэл бол өөрийн хуультай, дархлаатай авахыгаа авч, хаяхаа хаядаг тогтолцоотой л доо. Нийгэмд хор учруулах хэлний муу боловсролоос аль болох зайлсхийх хэрэгтэй юм. Тухайлбал сүүлийн үеийн бүх телевизүүд анхаарлаа хандуулж байгаад баярлалаа, ямартаа ч, тэгдэг байгаа, ингэдэг байгаа, тэгээд авна лээ, ингээд авна лээ гэх мэт үндсэн алдаатай хэлбэр, бүтцийг байнга ашиглах болсон. Ийм буруу зүйлийг манайхан ингэж хэвшүүлж лавшруулж болохгүй. - Цаашдын судалгааныхаа талаар ярихгүй юу? Юу хийх гэж байна, ямар төлөвлөгөөтэй байна? - "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь" хийнэ. Үүнтэй олон жил зууралдаж, үүний үр дүнд 10 боть толь бичгийн ерөнхий ноён нуруу боссон, одоо чимхлүүр хар ажлыг нь нухаж байна. Миний нэг дотны найз энэ төслийг босгоход тусласан юм. Нэлээд өндөр өртгөөр босож байгаа. Ойрын хэдэн жилд хийх миний ажил энэ байх болов уу? Бид үндсэндээ 40 гаруй жил монгол хэлний буюу эх хэлнийхээ толь бичиггүй байлаа шүү дээ, 1966 онд гаргасан Цэвэл гуайн толь ч олдохоо болилоо, шинэ сэргэг үг хэллэг ч олон байна. Хэл баяжиж, хөгжиж байна. Гэхдээ өнгөрсөн жил их монгол улсын 800 жилийн ойгоор Дамбажав гэдэг хүний хоёр боть сайхан толь гарсан. Саяхан Оксфордын Их Сургуулийн хэвлэлийн газар манай Адмон компаний хамтран хэвлүүлсэн "Англи-Монгол толь"-ийн хоёрдахь хэвлэлийг редакторлож дууслаа, одоо удахгүй хэвлэгдэнэ. Мөн монгол-нийгэм хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны төсел хэрэгжиж байгаа, мөн дараа жилээс "Монгол хэлний хоршоо үгийг дэлгэрэнгүй толь бичиг" төсөл хэрэгжиж эхлэнэ. - Цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа. Ярилцсан Ц.Гантөмөр Эх сурвалж: "Цаг төр хүмүүс сэтгүүл" |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Friday, 24 December 2010
Ж:БАТ-ИРЭЭДҮЙ: "ЭХ ХЭЛ БИЧИГТЭЭ ЭЗЭН НЬ БАЙЯ"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment