Сэтгүүлийн маань энэ удаагийн зочин С.Хишигсүрэн. Зохиолч, яруу найрагч түүнийг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн охин гэдгийг уншигчид маань тэр бүр мэдэхгүй ч байж болох юм. Тэрбээр яруу найраг, тууж өгүүллэгийн болоод орчуулгын 20-иод ном бичсэн. Одоогоор тэр Япон улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд Японы шилдэг яруу найргийг монголчуудад танилцуулахаар орчуулгын шүлгийн түүврээ саяхан хэвлүүлжээ. С.Хишигсүрэнг эх орондоо түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Түүний орчуулгын бүтээлүүдийг та манай сэтгүүлийн дараагийн дугаараас цувралаар хүлээн авч үзээрэй. - Таныг Японд олон жил амьдарч байгаа гэж дуулсан? - Тийм ээ. Найман жил болж байна. Анх суралцахаар очиж байсан. Сургуулиа төгсөөд одоо Саппорогийн олон улсын дээд сургуульд Монголын соёл, утга зохиол сэдвээр долоо хоногт хоёр удаа лекц уншдаг. Манай сургуулийн амралт гурван сард эхэлдэг юм. Амралтаараа нутагтаа ирчихээд байж байна. - Японы яруу найргийг хэзээнээс орчуулах болов? - Анх тэнд очоод байхад хамгийн ойр нь яруу найраг л байлаа, надад. Яруу найргийн ном авч үздэг байсан. Канэко Мисүзү гэдэг яруу найрагчийн жижигхэн шүлгийн түүврийг уншаад үзтэл японоор маш сайн ойлгосон. Богинохон шүлгүүдтэй. Амьдралыг, жаргал болоод зовлонг их таньсан хүн байна даа гэж мэдэрч, судалж эхэлсэн. Канэко Мисүзү бол 1903-1930 онд амьдарч байсан яруу найрагч. 26-хан настайдаа ертөнцийг орхисон. Амьд сэрүүндээ ердөө 512-хон шүлэг бичсэн юм билээ. Түүнийг нас барснаас хойш 50-иад жилийн дараа дахин түүний бүтээлүүд Японы утга зохиол, яруу найргийн эгнээнд орж ирсэн. Одоо бол Канэко Мисүзүг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Энэ хүний бүтээлүүд яагаад хагас зуун жилийн дараа дахин амилах болов гэдгийг судалсан. Ямар ч үед амьдарч чадах чадалтай бүтээлийг жинхэнэ амьд яруу найраг гэдэг юм байна л даа. Гэтэл тэр хүн амьддаа, өөрийнхөө зохиол бүтээлийг бичиж байхдаа алдаршиж байсан. Харин нөхөр нь түүнийг яруу найраг бичихийг хориглосон учраас өөрийнхөө амийг хорлосон юм билээ. Өөрийнхөө бүтээлүүдийг хамгийн бага дүүдээ өвлүүлж өгсөн. Хагас зуун жилийн дараа Язаки гэдэг оюутан эртний “Хүжин тохо” гэдэг эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрээс түүний ганцхан шүлгийг олж уншаад энэ хүний шүлгийг судалж эхэлсэн юм байна лээ. Одоо тэр хүн Канэко Мисүзүгээр бүрэн “амьдарч” чадаж байна. Өөр юу ч хийхгүйгээр шүү. Тэгээд л япон даяар Канэко Мисүзүг яруу найргийн тэнгэрт “Сэрсэн гүнж” гэж нэрлэх болсон. Тэр хүний уран бүтээлийг судалж, доктор хамгаалахаар материал цуглуулж төрсөн нутагт нь хүртэл очсон. 512 шүлгийг нь бүгдийг нь орчуулах санаатай байна. Хоёр шүлгийн түүвэр гаргасан. Шүлэг орчуулахаас гадна уран бүтээлч хүн учраас би тэнд өөрийнхөө бүтээлийг хийж байгаа. Шүлэг, өгүүллэгийн түүвэр, “Хулан хатан” гэдэг роман гаргасан. Туужууд бичсэн. Японы бүтээлүүдийг орчуулаад одоо яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол руу оръё гэж бодож байгаа. - Монголын яруу найраг Японыхоос юугаараа ялгаатай бол? Түвшний хувьд ер нь аль нь дээгүүр вэ? - Би түвшин гэж яримааргүй байна. Тэрийг би тодорхойлох хүн биш. Монголын яруу найргийн түвшин доогуур, Японых дээгүүр байна гэж би хэлж чадахгүй. Гэтэл манай эртний уран зохиолууд Японы хэмжээнд, түүнээс ч дээгүүр гарахаар дэлхийн хэмжээний аман зохиолууд шүү дээ. Хүн ахтай дээл захтай ч гэдэг юм уу, нэг үрнээс цэцэг үр хоёр төрдөг, нэг эхээс цэцэн тэнэг хоёр төрдөг гээд л. Тэр бол хаана ч, хэзээ ч, ямар ч үед амьдрах яруу найраг. - Эх хэл дээр нь уншихад ямар нэгэн ялгаа мэдэгдэхгүй гэж үү? - Сонин юм билээ. Миний аав жишээ нь япон хэл огт мэдэхгүй хүн шүү дээ. Ер нь хаанахын ч яруу найрагчид эрэгтэй, эмэгтэй гэлтгүйгээр, байгаль, гоо сайхныг адилхан мэдэрдэг юм уу гэж надад санагдсан. Яагаад гэхээр Канэко Мисүзүгийн шүлгүүдэд миний аавынхтай маш адилхан мөртүүд бий. Жишээ нь Модод тэнгэрт залбирдаг гэдэг аавын шүлэг байдаг. Канэко Мисүзүгийн “Мод” гэдэг шүлэгт яг ийм мөр бий. Таникава Шюнтарогийн шүлгүүдэд манай Мишигийн Цэдэндоржийн шүлгүүдтэй ижилхэн мөртүүд байх жишээтэй. - Японы ард түмэн шүлэг, яруу найрагт хэр дуртай вэ? - Яруу найргийг ерөөсөө авч хэлэлцдэггүй. Яруу найргийн номонд мөнгө зарахдаа тийм ч дуртай биш шиг санагдсан шүү. Гэтэл яруу найраг хэмээх шүлгийнхээ ид шидээр амьдарч байгаа цорын ганц хүн бол Таникава Шюнтаро. Яагаад тийм харамч, мөнгөндөө тооцоотой, Японы ард түмэн ганцхан энэ хүний шүлгийн номонд гар татахгүй байна вэ гэдэг нь миний сонирхлыг татсан. Канэко Мисүзү надад таалагдсан учраас би орчуулж эхэлсэн. Харин Таникава Шюнтаро бол тийм ч их алдар нэр, цол хэргэм аваагүй ч японы ард түмний дунд ардын уран зохиолч болсон хүн. Ер нь Ардын уран зохиолч, төрийн шагналт гэдэг цолыг ард түмэн л өгөх ёстой. Тэрнээс биш би яруу найрагч хүн, би шагнал авъя гэх утгагүй. - Ямар шүлэг бичдэг болоод хүмүүсийг ингэж татна вэ? - Амьдралын үнэнийг яг тэр чигээр нь гаргасан. Хоёрт нийгэмшил, иргэншил гэдэг юм руугаа хэтэрхий ороод ирэхээр байгалиасаа хүн урваж эхэлдэг бололтой. Тэгээд хүн хүнээ алддаг. Мэдээж яруу найраг гэдэг бол хэн ч уншихад ойлгомжтой, энгийн үгээр бичигдсэн байх ёстой. Хамгийн сайхан ваарыг хамгийн энгийн шавраар хийдэг, хамгийн сайхан шүлгийг хамгийн энгийн үгээр бичдэг гэж алдарт зохиолч Расул Гамзатов хэлсэн байдаг. Японд ч мөн адил. - Монголын ард түмний яруу найргийг үнэлэх үнэлэмж тэднийхээс ялгаатай биз? - Японы нэрт түүх судлаач, зохиолч Шиба Рёотарогийн “Талын Монгол” гэдэг бүтээл нь манайд орчуулагдсан. Тэр хүн амьд ахуй цагтаа “Энэ дэлхий тэр чигээрээ аймаар их шунал руу явж байна. Гэтэл тэнгэр газар хоёрын дунд дураараа нүүдэллэн амьдарч, огтын шунал нүүрлээгүй энх амгалан амьдарч байгаа цорын ганц ард түмэн байна, тэр нь Монголын ард түмэн юм” гэж хэлж байсан. Манай Монголыг тэгж үнэлж байсан. Монголчууд байгальтайгаа харьцаж чаддаг. Нүүдэлчин ард түмэн гэдэг чинь шунахын арга байхгүй юм байна л даа. Гурван сар нэг газар амьдарчихаад дахиад нүүхийн төлөө япончууд шиг тэр их юмыг цуглуулж яах юм бэ. Манайд улс төрч нэр хүндтэй юу, яруу найрагч нэрт хүндтэй юу гэвэл чи хэлнэ биз дээ. - Уран зохиол, яруу найргийн хамгийн эцсийн зорилго нь хүнийг хүн хэвээр нь байлгах чанартай байдаг гэсэн байдаг? - Жинхэнэ яруу найргийг бичиж байгаа хүн тэнгэрт байдаг, үргэлжилсэн үг бичиж байгаа хүн газар дээр байдаг гэдэг. Тэгэхээр яруу найрагч бол бурхнаас заяасан хүн. Жирийн хүн биш. Жинхэнэ яруу найрагч шуналтай байдаггүй. Хэрвээ тэд үнэхээр л ясны яруу найрагч бол шуналгүй омголон, дээдэс доодос гэж ялгадаггүй, өөрийнхөөрөө л амьдардаг. - Японд яруу найрагч хүн дан ганц уран бүтээлээ хийгээд амьдрах боломж бий юу? - Ер нь яруу найргаар амьдарна гэж байхгүй. Номоо өөрсдөө гаргана, өөрсдөө л зарна. Борлуулалт бараг байхгүй, энд тэнд ганц хоёр зарагддаг л байх. Тиймээс яруу найрагчид давхар ажил хийдэг. Манайд ч гэсэн яруу найргийн ном гүйлгээ муутай гэж байна. Монголчууд яруу найрагт дуртай ч гэсэн хүн ам цөөн, хоёрт худалдан авах чадвартай хүн улам цөөрсөн. Гэтэл юмны үнэ өсөөд байдаг. Бинзений үнэ Японыхтой ижил байна. Байрны үнэ аймаар өсөж байна. Японд 10 саяар байр авна. Гэтэл манайд тэр мөнгө юу ч биш болчихож. Харин амьдрал үнэхээр хэцүү байгаа юм шиг мөртлөө гэдэс нь өлссөн хүн Монголд байхгүй. Японд бол хүн өлсөж үхнэ. Хэн ч, юу ч өгөхгүй. Жишээ нь Монголд ямар ч хамаатныдаа очсон цай хоол хийж өгнө өө дөө. Гэтэл тэнд 3-4 цаг метрогоор явж өчнөөн явдал суудал болоод хамаатныдаа очиход ус л хийж өгнө. Тэр нь бараг том хүндэтгэл. Тийм хүйтэн цэвдэг хүмүүс. Жинхэнэ япон хүний зан араншин, ёс жаяг нь их өөр шүү. Жудагтай, ёс жаягтай, илэн далангүй, тусархуу. Гэхдээ японы ард түмнийг анх уулзаад энэ сайн хүн байна гэж бодох аргагүй. Хэдэн жил болж байж танигдана. Япончууд, Германчуудыг танихад хэцүү гэдэг. Япон Германд амьдраад сурчихвал дэлхийн хаана ч амьдарна гэдэг цуу яриа ч байдаг юм билээ. Настай хүмүүст нь ясны япон хүний зан чанар хадгалаастай байх шиг ажиглагддаг. Эх сурвалж Цаг төр хүмүүс сэтгүүл |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Friday, 24 December 2010
С.ХИШИГСҮРЭН: "НАЙРАГЧДЫН ГОО САЙХНЫГ МЭДРЭХ МЭДРЭМЖ НЬ АДИЛХАН"
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment