Үндэсний шинэ намыг үүсгэн байгуулагч М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би намуудын дотоодод болж байгаа үйл явдлын талаар ерөөсөө чагнахгүй байгаа. Эдгээр намууд хаашаа ч юм дээ орчин үеийн монголчуудын араншин шиг л санагдаж байгаа. Сонирхохгүй байгаа. Эдгээр намуудын хэн нь дээр, хэн нь доор байх нь асуудал биш юм. Харин үүний оронд хүний үзлээр бүхэл бүтэн хорин жил явж алдаж ирсэн гэдгээ түргэн ухамсарлах хэрэгтэй байна. Үгүй бол хүний үзлээр явна гэж хэзээ ч байхгүй. Үүний тухайд бол Ардчилсан нам ч, МАН ч байсан ялгаа байхгүй. Энэ асуудлаа өөрчилж чадахгүй бол хүний тоглоом болж тархиа угаалгасаар байгаад хүний эрхшээлд амархан орох болно. Энэ утгаараа би ялгааг нь ингэж хэлээд байгаа юм. Монгол хүний үндэсний үзэл нь зүрхэндээ байдаг юм. Харин гадаад үзэл нь тархиндаа байдаг юм. Түүнээс биш архи уухаараа жинхэнэ зүрхнээсээ ундран гарч байгаа тэр үндэснийхээ үзлийг ярьдаг, үе үе нэг удаа тэр үзлээ ярьдаг тийм биш байгаасай. Энэ гадаад үзлээ бүгдийг нь таягдаж хаяад зүрхний үзэл нь өдөр тутмын үзэл болж чадах юм бол монголчууд урагшаа явах болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд энэ намууд нэлээд үүрэг гүйцэтгэх юм. Харин энэ асуудлаа түргэн ойлгох л хэрэгтэй байна. Энэ үзлийг өдөөж өгөх гэж манай нам одоогоор ажиллаж байна. Түүнээс биш бид нар тэднээс ямар нэг зүйл булаах шаардлага ерөөсөө байхгүй. Тэднээс ямар нэг зүйл булааж авах гээд байгаа юм биш. Асуудлын гол нь Монголын нийгмийг хурдан өөрчилж зөв замд нь хурдан оруулах л хэрэгтэй гэж үзэж байна.
-Өмнө нь тархай, бутархай байсан намууд нэгдэж нэг бүхэл болж сонгуульд оролцсоноор амжилт үзүүлсэн гэж ярьдаг. Харин танай нам бусад жижиг намтай нэгдэж ажиллах уу?
-Зөвхөн ардчилал гэдэг нарийхан өнцгөөс нь харвал монголчуудад ардчилал бол хангалттай байна. Үгүйсгэх хэрэг байхгүй. Бид нар харин ч дэврүүн давруу хандлага руу орсон байгаа. Ардчилал бол Монголын ард түмэнд ач буянаа өгсөн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэвч аливаа нийгэм хөгжихөд зоосны хоёр тал гэдэг шиг юм хэрэгтэй. Ардчилал өөрөө хувь хүнийг их өргөж өгдөг, хувь хүний эрх ашиг, үнэ цэнийг дээдэлдэг. Гэвч хувь хувиараа яваад глобальчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд бид нийтийгээ ялж чадахгүй. Харин нийтээрээ нэг бүхэл байж ялалтад, амжилтайд хүрдэг юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
-Та бас энэ хорин жилийн хугацаанд Ардчилсан намын дарга байсан хүний нэг дээ?
-Байлгүй яахав. Ардчилсан хөдөлгөөний эхэнд явж байсан Ардчилсан намыг хэд хэдэн удаа удирдсан хүнийхээ хувьд оноо гэлтгүй гаргасан алдаанд ч бас хамааралтай хүн. Энэ нь миний өөрийн зовлонгоор бий болж байгаа юм. Хамгийн гол нь хэдийгээр ололт амжилт байгаа ч гэсэн буруу зүйл байна, түүнийгээ засъя гэдэгт түрүүлж хүрч байгаад ялгаа байгаа болохоос биш үгүйсгэж байгаа юм огт биш. Бусдыг уриал, ойлгуул, дахин ардчилал гэдэг зүйлийг 20 жил яриад Монгол Улс хол явахгүй. Одоо бол ялзарсан байна. Аливаа өвчин гэдэг бугласаар байгаад хамаг зүйл нь шахагдаж гардаг шиг тэр бугшил нь хурдан дуусаасай л гэж бодож байна.
-“Амлалт нэхэх ард түмний холбоо” мөн ҮШН-ын ард удирдагч нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр та хоёрыг байна. Алдсан албан тушаалаа нөхөх гэж төр эргүүлэхийг хүсч байна гэдэг. Үүнд та юу гэж хариулах бол?
-Тэр бол сайхан үлгэрүүдийн нэг байх. Уран сайхны зохиомжууд байгаа байх. Анх ҮШН бол бусдаасаа арай өөр байя гэж гарч ирж байсан. Бусдаас өөр байя гэж юу хэлээд байна гэхээр ард түмэн нь төрөө барих гүүр байя, миний араас биш харин гүүр нь байж өгөх гэж иргэний хөдөлгөөнүүдэд өөрийнхөө орон зайг тавьж өгч байгаа юм.
-Улс төрийн гуравдагч хүчнүүд нэгдэх талаар та ямар бодолтой байна?
-Үнэн хэрэгтээ улс төрийн гуравдагч хүч гэхээр одоо төрийн эрх барьж байгаа хоёр намаа том гэж хараад байгаа юм. Үнэн хэрэгтээ үндэсний үзлээ барьсан нь нэгдэгч хүчин болдог. Бусад нь гадаад эрх ашгаа гол болгосон нь дараагийнх болох ёстой. Тэр утгаараа бол нэгдэгч болохын төлөө байх болно. Бусад намтай нэгдэхийн тулд хувдь эхлээд бие биенээ таньж мэдэх ёстой. Тэр үйл явц одоо болж байна. Түүнээс биш нэгдэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.
-Оюутолгойн 5,6 хувийг Монголын тал эзэмшихээр болж байна гэж та хэлж байсан. Энэ ямар учиртай юм болоо?
-Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар буруу үйлдэл хийсэн гэж хэлэхгүй. Манай монголчууд ойлгохгүй байгаа болохоор гэрээнд өөрчлөлт оруулж засах юм ярьж байгаа ч, үзүүлж буй үйлдэл нь буруу зүйл хийсэн гэдгээ хэлээд байгаа юм. Бид бол энэ гэрээг шууд хийж болохгүй. Хэрэв энэ чигээр нь хийвэл алдана шүү гэж хэлж байсан. Тэр ч утгаараа гэрээ хийж байсан сайд нарыг нь “Арай дэндүү залуудаад байна шүү” гэж хэлсэн. Залуу хүнд зориг их байдаг ч алдаа нь дутахааргүй л байхгүй юу. Хийж байгаа улсуудыг нь хараад байхад дандаа залуу хүмүүс байсан. Тэгэхээр нэгэнт байгуулсан гэрээ алдаа болсон. Энэ алдаагаа байгуулсан хүмүүс өөрсдөө засах хэрэгтэй. Мөн улс төрийн намууд амласан амлалтаа биелүүлэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол луйвар хийж улс төрд гарч ирсэн байна гэж үзэхээс өөр аргагүй. Харин амлалтаа биелүүлэх гэж байна гээд худлаа яриад улс орныг 20, магадгүй 30 жилээр нь өрөнд унагаах юм бол харин байж боломгүй асуудал.
-Н.Энхбаяр ерөнхийлөгч асан та хоёрыг нийлээд улс төрийг бужигнуулах гэж оролдоод байна гэж ярьдаг. Хэрэв та хоёрын үзэл санаа нийлээд хамтран зүтгэе гэвэл та хамтарч ажиллах уу?
-Ер нь бол өнөөгийн нөхцөл байдал юу хэлээд байна гэхээр нэгэн дээвэр дор орчихоод байгаа намууд, олигархуудыг эвдэхийн тулд үлдэж байгаа бусад нь бүгд хоорондоо нэгдэх л хэрэгтэй.
Б.Алтансүх,
source: www.news.mn
source: www.news.mn
No comments:
Post a Comment