Monday, 27 December 2010

Э.БАТ-ҮҮЛ: "ШОУЧИН ГИШҮҮН ОЛОН БИЙ"

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй сүүлийн үед улс төрийн хүрээнд үүсээд буй цаг үеийн сэдвээр ярилцсан юм.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийн төсөл чуулганаар бараг дэмжигдэх шатандаа орчих шиг боллоо. Энэ журам нь Монгол Улсын “эцэг” хуульд өөрчлөлт оруулахад нэлээд өгөөжтэй юм шиг санагдлаа. Та үүнд байр сууриа илэрхийлнэ үү?

-Тийм шүү. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ямар гудамжаар яаж хүрч очих вэ гээд нарийн зүйлүүдийг тусгасан сайн журам болсон. Өмнө нь бид 2000 онд Үндсэн хуульд “гар дүрэхдээ” ямар ч зохицуулалт, журамласан зүйлгүй өөрсдийн үзэмжээр шахуу ажилласан. Энэ талаар өнөөдөр ч иргэд ярихдаа буруу ажилласан талаар хэлж байна. Гэхдээ энэ удаа алдаагаа засч, хэлэлцэж бай­гаа Журмын тухай хуулиа батлах байх аа. Ямартай ч энэ хуулийн төсөл гишүүдээс дэмжлэг авах нь ажиглагдаж байгаа. Одоогоор нарийн ширийн зүйлийг нь хэлэлцэж л байна.

-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоёр ч парламентын нүүр үзлээ. Энэ удаа нэр бүхий гурван хэсэг гишүүдээс хуулийн төсөл боловсруулаад байна. Та тэдний нэг. Тэгэхээр энэ төслүүдийг ерөнхийд нь багц болгох нь гишүүдийн тавьсан саналууд бүрэн утгаараа орж чадах юм болов уу?

-Амьдралд жинхэнэ утгаараа нийцэх санаануудыг нь багцлаад нэг төсөл болгож батлах байх. Гэхдээ дараа дараагийн парламентад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирэх болов уу. Нэг үгээр хэлбэл, ганцхан үүгээр шийдэгдэхгүй, чагтлагдахгүй байх л даа.

-Гишүүдийн оруулсан эдгээр төслөөс хамгийн сонирхол татсан нь таны санаачилсан хурал үймүүлсэн түшээг хуралдаанд суух эрхийг нь хасах тухай байсан?

-Энэ заалт бол бусад улсын парламентад ч мөрдөгддөг. Тодруулбал, чуулганы хуралдааныг хэвийн явуулахын тулд сахилгагүй гишүүдийг чуулганд суух эрхийг нь хуралдаан даргалагч хасах тухай авах арга хэмжээ юм.

-Гэхдээ үүнд гишүүд дургүй байх шиг байна лээ. Ний нуугүй ярихад манайд сахилгагүй гишүүн нэгээр зогсохгүй байх аа. Та үүнийг ямар үндэслэлээр оруулсан юм бэ?

-Хэрвээ тухайн гишүүн нэг хоногийн сануулга авчихаад дахиад хуралдаанд үймүүлээд байвал арга хэмжээг нь хүндрүүлээд гурав ч юм уу тав хоногоор нэмээд байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, спикер ингэж хариуцлага тооцдог, бусад парламентын засаглалтай улсад. Харин ма­найд эрх дураараа хуралдаан үймүүлдэг шүү дээ. Үүнийг л болиулах гэж энэ заалтыг оруулсан.

-Түүнчлэн уг тө­сөлд хуга­цаагүй гээд тодруул­чих­сан байна лээ?

-Хугацаагүй гэдэгт гишүүд дургүй байх шиг байна лээ. Үнэн хэрэгтээ УИХ-ын дарга үймүүлсэн гишүүдийн хуралдаанд суух эрхийг гурав, дөрвөн жилээр хаагаад байхгүй л даа. Хэрвээ спикер иймэрхүү маягаар тухайн гишүүний эрхийг нь хугацаагүй хаачихвал УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэдгээр Үндсэн хууль зөрчсөн болох байлгүй. Яагаад гэвэл энэ чинь сахилгын хариуцлага биш болчихно. Тэгээд яахав хоёрдугаар хэлэлцүүлэг дээр энэ талаар гишүүд санал бодлоо солилцох биз.

-Яагаад Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргав, үндэслэл нь юу вэ?

-Парламент ажиллах чадвар муутай байна. Нэг үгээр хэлбэл, улс төрийн жүжгийн тайз болчихоод байгаа нь бодит үнэн. Уг нь улсын бодлогоо тодорхойлж, шийдвэрээ гаргаад үр бүтээлтэй ажиллах ёстой. Гэвч нийгэмд тодрох гэсэн улстөрчдийн цугларал болчихоод байна. Ёстой л улс төрийн хэнээтнүүдийн тайз нь парламент болсон гээд хэлчихвэл байгаа онох байх. Энэ үнэн шүү дээ. Сэтгүүлчид ч мэдэх байх. Хэрвээ хуралдааны танхимд камер байхгүй бол гараад явчихдаг гишүүн нэг бус нэлээд олон бий шүү. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг нь парламентад хоёр сая 800 мянган хүний хувь заяаг шийдэх гэж ирдэг болохоос камерийн өмнө гарах гэж төрд сонгогдсон юм уу. Харамсалтай нь ийм гишүүн Их хуралд олон байна. Тэр ч утгаараа иймэрхүү гишүүдийн халдвар нөгөөдөө тархаж ихэнх нь шоучин болсон. Тэгээд ч нэг гишүүн нь иймэрхүү маягаар улс төрийн шоу хийгээд байхаар нөгөөдөх нь хийхээс өөр аргагүй юм. Тийм учраас л уг хуульд өөрчлөлт оруулахаар зүтгээд байгаа нь энэ. Хамгийн гол нь ажил хэрэгч бус парламент ардчиллыг сүйтгэдэг. Хэрвээ парламент иймэрхүү маягтай ажиллаад байвал нэг мөсөн ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон ч яадаг юм.

-Тэгэхээр та ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь зөв гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй ээ. Хэрвээ ийм засаглалтай байсан бол монголчууд аль хэдийнэ Оюу болоод Тавантолгойгоо тавиад туучихсан байгаа. Одоогийнх шиг энэ толгойнуудынхаа хувьцааг ард нийтээрээ хэлэлцэхгүй байсан. Жишээ нь гэхэд л, ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нь хамаг асуудлаа зөв, буруу шийдээд явж л байна. Харин манайх болсон, болоогүй ямар ч байсан олон толгой оруулж асуудлыг шийдэж байгаа шүү.

-Ирэх оны Төсвийн тухай хууль Монгол Улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж ч мэднэ гэж эдийн засагчид дүгнээд байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Нэг талаар одоогийн орж ирээд байгаа улсын төсвийг УИХ их хүлээсэн. Учир нь орон нутагт эдийн засгийн боломж олгох томоохон алхам юм. Гэвч харамсалтай нь гишүүдийн бодож байсанчлан ажил хэрэгч төсөв болсонгүй. Тодруулбал, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Нэгдсэн төсвийн тухай хуулийг нэгтгээд өмнө байгаагүй зарим ойлголтыг тодорхой болгоод оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, тогтолцооны өөрчлөлт огт хийсэнгүй.

-Тухайлбал?

-Улаанбаатар хотын нийслэлийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн нь бараг гурван их наяд. Гэтэл орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 20-30 тэрбум төгрөгийн л төсөвтэй сууж байх жишээтэй. Түүгээр ч зогсохгүй нийслэлчүүд ямархуу байдалтай аж төрж байгаа билээ. Зүй нь бол орон нутагт эдийн засгийн эрх мэдэл өгснөөр хоорондоо өрсөлдөх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чадавхаараа гэсэн үг. Гэтэл бүх иргэд мөнгө төвлөрсөн газар буюу ордон болоод хот руу зүтгээд байна шүү дээ. Тэгээд ч аж ахуйн орлогын албан татварын 100 сая төгрөгийг Сангийн яаманд төвлөрүүлдэг. Тэр утгаараа томоохон аж ахуйн нэгж тухайн орон нутгийг тоодоггүй. Сангийн яамтай харицана гэж том загнаад л. Уг нь тухайн аймгийн баялаг, эд хөрөнгийг авсан биз дээ. Иймэрхүү л өрөөсгөл ойлголт яваад байгаа юм даа. Үүнийг л засч, залруулах хэрэгтэй байна.

О.СЭЛЭНГЭ

ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН

No comments:

Post a Comment