УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Ер нь гишүүд ёс зүйгээ хэр баримталж чаддаг вэ. Хамгийн сүүлд хоёр сайдын асуудлаар хуралдсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Ёс зүйн дэд хорооны зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг бид өөрсдөө санаачлага гарган хэлэлцэнэ. Мөн гаднаас ирсэн өргөдөл, гомдлын дагуу асуудлыг авч хэлэлцдэг. Би Алтан соёмботой тэмдэг зүүсэн ч өөртэйгөө ижилхэн УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх нь дотоод итгэл үнэмшилдээ нэг ангийн хүүхдүүдээ нэгнийгээ шүүх нь их эмзэг асуудал юм. Иймээс гарцаагүй зүйл дээр ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг л хэлэлцэнэ. Том шүүлтүүрээр шүүгдэж гарч ирсэн УИХ-ын гишүүд өнөөгийн энэ танхимд сууж байгаа. Мажоритор гэдэг тогтолцоо их хатуу шүүлтүүр шүү дээ.
Иргэдийн итгэлийг хүлээж, Их хуралд орсон хүмүүс ёс зүйн алдаа энэ хоёр жилийн хугацаанд харж байхад бага гаргасан байдаг. Хүмүүсийн хоорондын харилцаа, эмоцийн хувьд бие бие рүүгээ хатуу ширүүн үг чулуудах тохиолдол бий. Түүнээс ёсзүйн том алдаа гаргасан, энд суух эрхгүй болсон гишүүн байхгүй.
Хүмүүсийн хоорондын харилцаа, эмоцийн хувьд бие бие рүүгээ хатуу ширүүн үг чулуудах тохиолдол бий. Түүнээс ёсзүйн том алдаа гаргасан, энд суух эрхгүй болсон гишүүн байхгүй.
Миний харж байгаагаар гишүүд маань ноён нуруутай. Хэвлэл мэдээллийнхэн улстөрчдийг хардах эрх нь нээлттэй л дээ. Асуудлыг янз бүрийн өнцгөөс харж сайн, муу хэлж бололгүй л яах вэ. Гэхдээ тэд ард түмний дэмжлэгийг авч төрийн эрхэнд гарсан хүмүүс гэдгийг давхар бодолцох л хэрэгтэй.
-Нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллээр ашиг сонирхлын зөрчилтэй гээд цоллоод байдаг. Энэ нь хэр бодитой мэдээлэл байдаг вэ. Энэ талаарх мэдээлэл Ёс зүйн дэд хорооны даргын тань хувьд ирдэг байх?
-Энэ бол өөр асуудал. УИХ өөрөө маш том ашиг сонирхлын хэлбэр гэдэг. Гишүүдийн ихэнх нь хувийн бизнестэй. Бие биеийнхээ компанийн хувьцааг эзэмшдэг байх нь энүүхэнд. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх ямар боломж байгааг судлах нь чухал. Ёс зүйн дүрэмд тухайн гишүүний хувийн бизнесийн ашиг сонирхол хөндөгдсөн хуралд суулгахгүй байхаар тодорхой заасан байдаг. Гэхдээ тухайн хүн лоббиг ямар ч аргаар хийж болно. Тэгэхээр бид лобби, ашиг сонирхлын зөрчлийг зааглаж өгөх шаардлагатай. Үүнийг бүр хориглолоо ч өөр гишүүдээр дэмжүүлж болох талтай. Итгэл үнэмшил, үзэл бодлоороо нийлдэг гишүүд бий.
-Хамгийн сүүлд Сангийн сайд гадны зардлаар гадагшаа явсан асуудал шуугиан тарьсан. Ёс зүйн хороо энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Эндээс гадны зардлаар явсан нь үнэн юм биш үү гэсэн хардлага төрөөд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Ёс зүйн дэд хороо асуудалд нухацтай хандана. Зарим хэвлэл дээр Г.Баярсайхан Ёс зүйн дэд хороогоор шоу хийж байна гэж бичсэн байна лээ. Ирсэн өргөдөл, гомдлыг дараад байвал би өөрөө улстөржсөн болно шүү дээ. Ёс зүйн дэд хорооны амин чухал сүнс нь улстөрждөггүй, туйлширдаггүй. Ингэх ч эрх байхгүй. Сангийн сайд гадаадын байгууллагын урилгаар хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн Монгол Улсыг төлөөлж айлчлаад ирлээ гэсэн гомдол байсан. Гомдлын дагуу бүгдийг нь судалж үзсэн. Манай дэд хорооны шинжээч Л.Гэрэлмаа гэж байгаа. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны референт. Тиймээс дүрмийнхээ дагуу түүнийг дуудаж дүгнэлт гаргуулсан. Ц.Мөнх-Оргил гишүүнийг энэ асуудлыг судалж дүгнэлт гаргахыг даргын хувьд даалгасан. Дүгнэлт гаргасан хоёр хүний материалд Авлигатай тэмцэх газраас шалгасан зүйлүүд бий. Тэд хувийн зардлаар явсныг нь тогтоосон. Бүх зүйлүүдийг үндэслээд гадны зардлаар яваагүй юм байна. Өөрийн зардлаар явжээ гэдгийг тогтоосон. Засгийн газрын протоколд Нью-Иоркийн хөрөнгийн биржид алх цохих асуудал яригдсан зэргийг үндэслэж олонхиороо дээрх шийдвэрийг гаргасан. Бүр цаанаасаа албан ёсны урилгатай байсан юм билээ. Ерөнхий сайдыг урисан боловч амжихгүй тул Сангийн сайд оронд нь явсан ч тодорхой байгаа. Тэр хугацаанд Канадаас Нью-Иорк руу өөрийн зардлаар нисэж очоод ирсэн байна лээ. Ер нь гадаад байгууллагын урилга, зардлаар явж болно гэсэн заалт бий. Гэхдээ заавал УИХ-ын дарга юм уу Ерөнхий сайдаас зөвшөөрөл авах шаардлагатай.
-Цаашид хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлт чухам юуг илэрхийлж байгаа юм бэ. Зүгээр л буруугүй гээд хэлчихэж болоогүй юм уу?
- Монгол Улсыг төлөөлж очиж байгаа сайдыг улсаа сурталчилж байна гэж л харна. Саяхан Ерөнхийлөгч Япон улсад айлчилж “Япончуудаа сэрцгээ Монгол Улсад хөрөнгө оруулаач” гэж уриаллаа шүү дээ. Түүнтэй ижилхэн С.Баярцогт алх цохисныг “Монгол Улсад хөрөнгө оруулаач ээ, америкчуудаа” гэсэн утгатай хонхны дуу гарлаа гэж би хувьдаа ойлгож байгаа. Манай дэд хорооны гишүүд ч ингэж л ойлгосон. Тэгэхээр бид аль болохоор улстөржихгүй, туйлшрахгүй байх үүднээс зохих шийдвэрийг гаргасан. Цаашид хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариу ийм л учиртай.
-Сангийн сайдын энэхүү айлчлалаас бусад гишүүд ямар сургамж аваасай гэж Ёс зүйн хорооны даргын хувьд бодож байна?
-Бид ямарваа нэгэн гадаад, дотоодын айлчлалд явахдаа цаашид төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ болон Засгийн газрын гишүүд зөвхөн томилолтын дагуу маршрутаар аялж, зөвхөн төрийн томилгооны мөнгөөр явах шаардлагатай гэдэг дүгнэлтийг хэлмээр байна.
ЛИЦЕНЗИЙГ ГЭНЭТ ЦУЦАЛСАН НЬ БУРУУ
-УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон “Ногоон бүлэг”-ийн гишүүний хувьд хэдэн асуулт асуумаар байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд шороон алтны 254 лицензийг цуцлахаар боллоо. Гэтэл тэдний тавьсан сум байгаа оносонгүй. Ийм оновчгүй шийдвэр байж болох уу?
-Аливаа асуудал хоёр талтай. Энэ асуудлыг бид олон жил тунгааж ярьсан. Тэгээд ч хуулийг хэрэгжүүлэхийн өмнө бид нийгмээрээ зөв зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Зундаа малаа бэлчээх газаргүй, ундаалах усгүй болж байна. Шороон шуурга, шар түүрэнгийн дэгдэлт, өвөл нь хүйтэн, зун нь хэтэрхий халуун болж байна. Энэ цаг уурын өөрчлөлт монголчууд байгалиа хайрлаж, хамгаалахгүй байгаагийн л илрэл. Өөрөөр хэлбэл, энэ бол байгалийн гисгээл. Иймээс л өнгөрсөн жил түүхэнд байгаагүй хүнд өвөл болж, зуданд хүн малтайгаа нэрвэгдлээ. Энэ бүгдийг нийгэм хүлээж авч ойлгосон. Үүнд уул уурхайн компаниуд хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Ингээд нийтээрээ хэлэлцэж шийдвэр гаргасан. Одоо ямар алхам үлдэв. Мэдээж энэ компаниудыг хохиролгүй болгох нь нэн тэргүүний асуудал. Ард нь үлдэж байгаа олон хүнийг төр засаг ажилтай, орлоготой болгох нь ч чухал. Миний хувьд сөрөг үр дагавар гарахыг нь харж байсан. Мэдээж, уул уурхайн компаниуд олон хүнийг ажилтай болгох, хохирлыг нөхөн олгох тал дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ гэдгийг ч урьдчилан таамаглаж байв. Түүний дагуу л явж байна гэж харж байгаа.
-Гэхдээ эрсдэлийг урьдчилан тооцоолсон атлаа ийм шийдвэр гаргасан нь учир дутагдалтай юм биш үү?
-Миний бодлоор тухай компаниудад оруулсан хөрөнгөө нөхөх тодорхой цонхны хугацаа өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Түүнтэй ижилхэн тухайн компаниудад цонхны хугацаа өгөх л хэрэгтэй байсан, хөрөнгө оруулалт нөхөх хугацаа хэрэгтэй.
-Судалгаагүй ийм тооцоог яагаад гаргасан гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн холбогдох байнгын хорооноос энэ саналаа Засгийн газарт хүргүүлж болоогүй юм уу. Хэрвээ энэ мэтчилэн дэгийн дагуу явсан бол асуудал арай эерэгээр эргэх байсан юм болов уу?
-Сайд нар дорвитой шийдвэр гаргасан болж харагдах гэж гэнэт л лицензийг цуцаллаа. Уг нь эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр хуулийг хэрэгжүүлэх боломж байсан. Гол нь үүнд тодорхой хугацаа шаардлагатай байв. Хамгийн гол нь энэ хуулийг хэрэгжүүлэх нь зөв. Бидэнд иргэдийн амьдрал, энэ салбарын хувь заяа чухал. Гэхдээ тэднээс илүү үнэтэй зүйл нь монголчууд бидний үндэсний аюулгүй байдал, газар шороо байгаль эх дэлхийгээ хамгаалах асуудал гэдгийг хэлмээр байгаа юм. Түүнчлэн байгаль чухал гээд иргэдээ хохироогоод байж болохгүй. Мөн компаниудыг хохиролгүй болгох асуудлыг анхаарах л хэрэгтэй.
-Шороон ордны алтны гэж уг нь тодотгосон биз дээ. Гэтэл нүүрсний лиценз хүртэл тэр дунд явна. Үүнээс болж Дархан, Эрдэнэт өвлийг зутруухан давах дээрээ тулаад байна шүү дээ?
-Ойн болон усны сав газар уул уурхайн олборлолт, хайгуул явуулж байгаа аж ахуйн нэгж хамрагдана. Үүнд алт, нүүрс, зэс гээд бүхий л уул уурхайтай холбоотой асуудлууд багтана. Хэрэв цонхны хугацаа олгосон бол лиценз цуцлагдсан тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг л шийдвэрлэх хэрэгтэй байсан юм. Мэдээж, улсын төсөвт орох орлого ч тодорхой хэмжээгээр буурлаа. Хүмүүсийн нийгмийн асуудлыг ч цонхны хугацаанд шийдвэрлэчих боломжтой. Тэгэхээр нүүрсний лицензүүд цуцлагдаж байдал хүндэрч байгаа бол үүнийг хаанаас нөхөхөө урьдчилан тооцоолох л учиртай байсан юм.
-Д.Зоригт сайд нэмж 1700 орчим лиценз цуцална гэж мэдэгдсэн нь уул уурхайн үндэсний компаниудыг элгээр нь мөлхүүлэх гэсэн бодлого юм биш үү?
-Төр ямар нэгэн асуудал шийдэхдээ тооцоо судалгаатай хийж байх ёстой. Лицензийн асуудал гэдэг маш эмзэг. Лиценз гэхээр шууд Үндэсний аюулгүй байдал, монголчуудын тусгаар тогтнол, гадны улс орноос хамааралтай, хараат болох энэ бүх зүйл хөндөгдөх болно. Одоо ингээд хар л даа. 254 лицензийг цуцаллаа. Гэтэл Ерөнхий сайд ОХУ-д айлчлахад тус улсын 30 гаруй компанийн лиценз цуцлагдсан байх жишээтэй. Тэгэхээр бид цаашид гадны компаниудад лиценз олгох эсэхийг ярих хэрэгтэй болжээ. Манай хойд, урд хөрш цэргийн номлолоо гаргасан байгаа. БНХАУлсын гадаад улсад байгаа хөрөнгийн эрх ашигт харшилж, энэ асуудал хөндөгдвөл зэвсгийн хүчээр хамгаалах заалт оруулсан. ОХУ ч ялгаагүй. Байгалийн баялаг руу хүч, хөрөнгөө дайчилж байна. Улс орнууд геополитик баялаг руу хүч хэрэглэн дайрахад бэлэн байгаа ийм нөхцөлд бид яах ёстойг Монголын төр бодолцох цаг болсон. Тиймээс цаашид гадны компаниудад лиценз олгохыг дэмжихгүй байгаа. Лиценз, газар нутаг Монголын төрийн эзэмшлийнх байх ёстой. Харин гадныхан хөрөнгө оруулалт оруулж ашгаа хүртээд л явна биз. Баялаг нь харин биднийх хэвээрээ байг. Төрөөс лиценз олголтод хязгаарласан бодлого явуулж эхэлбэл, бид геологи хайгуулын судалгаанд хангалттай хөрөнгө тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Нөхөн олговрын хэмжээг төсөв дийлэхгүй гэсэн яриа байсан?
-Нөхөн олговрын хувьд 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал бий. Оруулсан хөрөнгөтэй нь тухайн лицензийг цуцлаж байгаа бол хөрөнгийг нь олгох ёстой. Энэ зүгээр л шударга ёсны зарчим. Харин байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөрийг ярих нь зайлшгүй зүйл. Тухайн орчинд нөхөн сэргээлт хийсэн эсэхийг шалгах нь зөв.
УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР ӨР БАЙСАН НЬ ҮНЭН
-Оюутолгойн талаарх хэдэн асуулт асууя. Монголын эзэмших 34 хувь уусаад 6.8 хувь боллоо гэж сүүлийн үед шуугиж байна. Энэ талаар таны бодлыг сонирхоё?
-Давуу эрхийн хувьцаа гаргасан. Энэ хэмжээ өсөхийн хэрээр энгийн логикоор Монголын эзэмших хувьцаа буурсан. Гишүүд болон нийгмээрээ эсэргүүцсний хүчинд эрх баригчид энэ нь алдаа байжээ гээд болиуллаа шүү дээ.
-Оюутолгойн урьдчилгаа мөнгө өр болж таарсан. Гэтэл Д.Зоригт сайд саяхан Монгол ямар ч өргүй байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр мэдээллийн зөрүү их байгаа юм биш үү?
-Сайд нарт итгэхийн арга байхгүй. Өнөөдөр хурал дээр орж ирээд нэг тоо хэлж ярина. Дараа өдөр нь шал өөр зүйл ярина. Урьдчилгаа нь зээл л байсан шүү дээ. Гэтэл одоо өргүй гэж яриад байгаа нь итгэхийн аргагүй болгож байна.
Л.НИНЖСЭМЖИД
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН
No comments:
Post a Comment