Saturday, 25 December 2010

"МОНГОЛООР СЭТГЭЖ, МОНГОЛООР БИЧДЭГ МОНГОЛ ФИЛОСОФИЧ"


Санжаадоржийн Молор-Эрдэнэ.

1962 онд төрсөн.
Монголын Шинжлэх ухааны Академийн Физик-Технологийн Хүрээлэнгийн ажилтан.
1986 онд Германы Дрезден хотын Техникийн их сургуулийг төгссөн.
  • 1997 онд Германы Дрезден хотын Техникийн их сургуулийн доктор-инженерийн цол хүртсэн.
  • 2007 онд Мюнхэн хотын Людвигийн их сургуулийн доктор-философич цол хүртсэн.
  • 2005 онд “Ертөнц, Бодол, Мэдлэг“ ном
  • 2006 онд “Ухаан, Ухамсар, Эрдэм“ ном
  • 2007 онд “Санаа, Сэтгэл, Зохиол“ номоо Улаанбаатар хотод хэвлүүлсэн.

  • - Та Герман оронд олон жил сурч, доктор-инженер, философийн доктор болоод эх орондоо иржээ. Хэзээ Герман явж, ямар мэргэжил эзэмшив?

      - Социализмын Монгол орон маань хөгжих гэсэн маш том зорилттой байлаа шүү дээ. 1970-1980 оны үед маш олон залуусыг гадаадад сургуульд явуулсан. Би яг тэр журмаар Герман явсан. 1981 онд Германд их сургуульд ороод, 1986 онд төгссөн. Энергийн инженер мэргэжил­­тэй. Багаасаа физик, философи, байгаль их сонирх­­дог хүүхэд байсан маань мэргэжлээ сон­гоход нөлөөлсөн. Мэд­лэг­ийг их сонирхдог байсан гэсэн үг л дээ. 1997 онд “Нарны энергийг хөргөл­тийн энергид хэрхэн хувиргах вэ” гэсэн сэдвээр доктор-инженер­ийн цол хамгаалсан. Нарны энерги, устөрөгч­ийн энерги, улс ардын аж ахуйд энергийг яаж үр ашигтай хэрэглэх вэ, энергийн технологийг яаж сайжруулах вэ гэсэн судалгааны ажил хийсэн. Би Герман улсад сурч боловсрон, өндөр мэдлэг эзэмшсэн. Хамгийн гол нь буцаж ирэхэд маань Монгол орон бидний мэдлэг, боловсролыг ашиглахад бэлэн биш байлаа. Энэ бол залуу насны түүх. Харин дараа нь би буцаж Герман улсыг зориод тэндээ 1998 оноос 2002 он хүртэл Мюнхений Техникийн их сургуулийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийсэн.

      - Энергийн инженер маань гэнэт яагаад философич болчихов?

      - 2002 онд Монголд ирээд эх орныхоо амьдралтай танилцаж, эзэмшсэн мэргэжлээрээ юу хийж болохыг судаллаа. Гэтэл бидэнд мэдлэгээсээ түрүүнд ухамсар хэрэгтэй юм байна гэдэг нь тодорхой болсон. Манайд гадаадын шинжлэх ухаан, техник, технологи маш хүчтэй, үсрэнгүй гэхээр орж ирж байна. Гэтэл монгол хүмүүсийн ухаан, ухамсар, оюуны хөгжил энэ бүхэнд бэлэн биш байна гэдгийг ухаарсан. Би өөрөө философид дуртай. Тиймээс ч бүх юмаа хаяад 2003 оноос философийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Философийн эрдмийн ажлаа хийж байх үедээ “Ертөнц, Бодол, Мэдлэг”, “Ухаан, Ухамсар, Эрдэм”, “Санаа, Сэтгэл, Зохиол” гэсэн гурван ном бичсэн. Энд нэг зүйл хэлэхэд би МОНГОЛ хүн. Нэгэнт л монгол ээжийн хүү болж төрсөн болохоор Герман оронд хичнээн олон жил болсон ч би монгол хэлээр бодож, бодсоноо бас эх хэлээрээ буулгаж байлаа. Тиймээс би монголоор бодож, монголоор бичдэг, монгол философич.
      Миний эхний ном бол хүн хэрхэн мэдлэгт хүрэх тухай бараг гарын авлага гэсэн үг. Мэдлэг гэдэг бол шинжлэх ухааны мэдлэг шүү дээ. Хүн багадаа ертөнцийн тухай зөвхөн төсөөлж явдаг. Нар, байгаль, орчин, гэр бүл, бүгдийг төсөөлнө. Тэр төсөөллөөрөө бид орчиндоо ханддаг. Тэр хандлагууд олон янз. Зарим юманд идэвхтэй, сэтгэлээсээ, заавал хооронд нь ялгаж салгах гэж хандана. Зарим юманд тооцоотой, зарим юманд ер бусын хандана. Дараа нь хүн өсөж нийгмийн ертөнцөд орж ирнэ. Нийгмийн ертөнц бол бидний төсөөллөөс шал өөр. Жаргал, зовлон, ажил, хөдөлмөр, өрсөлдөөн, хайр сэтгэл гэх мэт олон зүйлээс нийгмийн ертөнц бүтэж байдаг гэх мэтээр эхний номдоо хүний ертөнцийг нийгмийн ертөнцтэй холбон тайлбарлаж, хүний өөрийн бодол ба мэдлэг нь түүхийн хугацаанд хэрхэн хөгжиж ирснийг орчин үеийн мэдлэгтэй холбон тайлбарлахыг зорьсон.

      - Таны бичсэн эхний номд мэдлэгийн тухай байгаа бол хоёр дахь номд эрдмийн тухай өгүүлжээ. Эрдэм, мэдлэг хоёр юугаараа ялгаатай юм бэ?

      - Маш том ялгаатай. Мэдлэг бол шинжлэх ухааны мэдлэг. Мэдлэгт хязгаар гэж байхгүй. Эрдмийн далай гэж байдаггүй, мэдлэгийн далай л гэж байна. Эрдэмд бол оргил байдаг. Тэр оргилд хүрсэн бол тэгээд л болоо. Цаашаа өгсөхгүй. Харин мэдлэг бол үргэлж өгсөнө. Нар, огторгуй судлал, хүн судлал, ген, молекул, атом гээд л судлаад байна шүү дээ. Улам л илүү юм мэдэж авна. Эрдэм бол хувь хүнтэй маш их хамаатай. Хувь хүн боловсрох, хүн чанартай болох гэсэн үг. Эрдэмтэй хүн гэж байна. Тэр бол мэдлэгтэй ямар ч хамаагүй. Шинжлэх ухааны хүн бол мэдлэгтэй хүн. Харин эрдэмтэй хүн бол амьдралын наана цааныг мэддэг, юманд цэцэн, амьдралд хатуужилтай, аливаад амархан уурлаж бухимдаад байдаггүй.

      - Танд мэдлэг, эрдэм хоёулаа байна уу?

      - Би аль алиныг нь эзэмшихийн төлөө явж байна. Эрдэм нь философитой холбоотой, мэдлэг нь физикийн шинжлэх ухаантай холбоотой. Тусдаа юм. Хүнийг хүндэлж чадаж байна аа гэдэг бол бас нэг эрдэм.

      - Таныхаар санаа, сэтгэл хоёр тусдаа зүйл үү?

      - Хоёр тусдаа. Чи надтай уулзаж ярилцаж байгаа чинь өөрт орж ирсэн санаагаа хэрэгжүүлээд сууж байна. Харин чи намайг ярьж байхад тэвчээр чинь алдагдаж “Та жаахан хурдан яриач гэх юм уу, та яасан удаан ярьдаг юм бэ” гээд эхэлбэл чиний сэтгэлийн хөдөлгөөн илэрч эхэлж байна гэсэн үг. Тийм болохоор чи санаагаараа сэтгэлээ дарах ёстой.

      - Та энергийн инженер мэргэжлээрээ ажиллавал Монгол Улсад маань хэрэгтэй санагдана?

      - Би нарны энерги, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нэлээд туршлагатай, судалгааны ажил их хийсэн. Гэтэл өнөөдөр Монголын Шинжлэх ухааны академид тийм хүн хэрэггүй. Тийм болохоор би чөлөөнд гарчихгүй юу.
      Ер нь тэгээд Монголд социализмын үеэс хойш дотроо өөрчлөлт шинэчлэл хийгээгүй, яг хуучнаараа байгаа ганц газар бол Шинжлэх ухааны академи. Өөрчлөлт хийхийг боддог ч үгүй, залуучуудыг дэмждэг ч үгүй, сайн залуус нь гадагшаа яваад өгчихсөн, тэднийгээ өндөр цалингаар авч ирэхийг боддог ч үгүй, тийм чадвар ч байхгүй. Яахав, заавал шинжлэх ухааныг хөгжүүлдэггүй юм аа гэхэд, өөрсдөө бас гадаадын шинжлэх ухааны сайн бүтээлүүдийг орчуулах хэрэгтэй шүү дээ. Тийм орчуулгын ажлыг хийж байгаа байх гэж бодож байна. Би 2003 онд өөрийнхөө амьдралын намтраас Шинжлэх ухааны академийг сэтгэлдээ баяртай гэчихсэн. Би одоо философийн л юм хийнэ. Яагаад гэвэл философи хүнийг судалдаг учраас тэр. Би хүн судалмаар байна. Хүний ухааныг, ухамсрыг судалмаар байна. Хүн яаж бодоод байна, яагаад хүнд хайртай болчихдог юм бэ. Ямар процесс толгойд явагдаад байна. Арван хэдэн эмэгтэй байхад нэгэнд нь хайртай болчихож байна. Яагаад? Толгой дотор л нэг процесс явагдаад байгаа биз дээ?

      - Монголчууд өөрсдийгөө бусад үндэстнээс өөр гентэй, тиймээс ч аливаа зүйлийг сурахдаа амархан, аливаа орчинд дасахдаа хурдан байдаг гэж ярьдаг шүү дээ. Гэтэл та монгол хүн, дэлхийн хүмүүст тусгай, өөр ген гэж байхгүй гэсэн байна.

      - Энэ бол мэдлэгтэй холбоотой. Дэлхийн шинжлэх ухааны олон институтэд судалгааны ажил хийгээд дэлхийн хүмүүст өөр өөр ген байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би тэр дүгнэлттэй санал нэг байна.

      - Хүмүүс ер нь яагаад тэгж яриад байдаг юм бол?

      - Яахав, аливаа улс орон гэдэг нэг айл шиг байдаг. Төр, засаг гэдэг аав, ээж нь, ард түмэн хүүхдүүд нь ч гэдэг юм уу.

      Тэр аав, ээж нь хүүхдүүддээ манай орон ийм замаар хөгжинө гэдгийг зааж чиглүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл тийм юм нь манайд байхгүй болохоор хүмүүс сайн аав шиг төрийг үгүйлэхийн зэрэгцээ өөрөө өөрсдийгөө өргөж, тийм байгаасай, тийм байх юмсан гэх мэтээр янз бүрээр ярьж, мөрөөдөж байна. Монгол хүний ген гэж тусдаа байхгүй. Дэлхийн хүмүүс бүгдээрээ адилхан гентэй.

      - Та философийн доктор цолоо ямар сэдвээр хамгаалсан бэ?

      - “Мэдлэгийн ёс зүй”. Мэдлэгтэй хүн моральтай байх ёстой. Мэдлэгтэй хүн ёс зүйтэй байх ёстой. Мэдлэгтэй хүн түүнийгээ буруу ашиглаж болохгүй, мэдлэгээрээ хүмүүсийг хохироож болохгүй. Одоо манайд орж ирж байгаа гадаадын өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй техник, технологи зөвхөн тус болж буй биш, маш их сүйтгэж байна шүү дээ. Энэ бол мэдлэгээ буруугаар ашиглаж байна гэсэн үг. Мэдлэгийг зөв замд оруулбал маш хэрэгтэй, буруу замд оруулбал маш аюултай.
      Би инженер хүн. Зэрэг хамгаалчихаад маш их юм хийе гэж боддог байсан. Сүүлдээ бодоод байсан чинь миний тэр хийх гээд байгаа техник, технологи монгол хүний амьдрал, соёлд муугаар нөлөөлж, монгол амьдралыг замбараагүйтүүлэх юм шиг санагдсан.

      - Жишээлбэл та юу хийх гэж санаад тэр нь бидний амьдралд муу нөлөө үзүүлнэ гэж бодов?

      - Жишээлбэл, нарны эрчим хүч. Хөдөөд эхнэр хүүхэдтэйгээ сайхан тайван амьдарч байгаа гэр бүлд нарны энергээр зурагттай болгочихоор юу болж байна вэ. Тэр зурагтаар ямар юм гарч байна вэ. 80-90 хувь нь хүний ухаан санааг балартуулахаар мэдээллүүд. Тэрний төлөө би нарны энерги ашиглуулаад яах юм.

      - Та үүнийг хийгээгүй ч өнөөдөр хөдөөгийнхөн нарны энергиэр зурагт үзэж л байна шүү дээ.

      - Яахав. Би л хийгээгүй бол болоо. Би чинь өөрийн гэсэн ухамсартай хүн. Би өөрөө цэвэр явах ёстой.

      - Тэгэхээр хүмүүс толгойгоо элдэв мэдээллээр дүүргээд байх нь хортой гэсэн үг үү?

      - Маш осолтой. Хэрэггүй юм мэдэж байснаас мэдэхгүй явсан нь дээр.

      - Ингэхэд философи гэдэг маань чухам юу вэ?

      - Философи бол ямарваа нэгэн юманд асуулт тавьж чадах чадвар юм. Хүн маш сайн асуулт тавьж чаддаг байх ёстой. Хариулт бол яахав, тийм, үгүй, тэгсэн, ингэсэн гээд л болно. Яагаад? гэдэг асуулт маш чухал. Юманд дандаа эргэлзэж байх ёстой. Орчин үед замбараатай, замбараагүй мэдээллүүд ямар ч шүүлтүүргүй орж ирж байна шүү дээ.

      - Та энэ олон ном бичих, эрдмийн ажил хийхээс эхлээд цаг зав тун багатай хүн юм. Ажлаа яаж зохицуулдаг вэ?

      - Ерөөсөө хувийн зохион байгуулалт. Би замбараа гэдэг юм. Дэг журам, сахилга батгүйгээр юу ч бүтэхгүй, ямар ч амжилтад хүрэхгүй. Юмыг зүгээр нэг хийгээд өнгөрөх, гүнд нь хүртэл амжилттай хийх гэж хоёр өөр юм байна шүү дээ.

      - Маргааш юу хийхээ урьд орой нь төлөвлөдөг үү?

      - Би хийх ажлаа хагас жилээр юм уу, бүтэн жилээр урьдчилж төлөвлөдөг. Маргааш юу хийх минь тэртэй тэргүй тодорхой байх ёстой. Энэ долоо хоногт би юу хийх нь тодорхой. Цаасан дээр үргэлж бичиж байдаг. Цагаан цаас аваад долоо хоногоор хуваагаад даваа, мягмар, лхагва.. гаригт юу хийх тухайгаа бүгдийг бичдэг. Тэгэхгүй бол би байж чаддаггүй юм. Авгайтайгаа хэзээ, юу ярих тухайгаа ч бичиж төлөвлөдөг. Тэд дэх өдрийн тэдэн цагт гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг ярина гэх мэтээр. Хүүтэйгээ бас хэзээ уулзаж ярилцах маань ч тодорхой байдаг. Бүх юм задгай, замбараагүй болчихсон даяаршлын энэ үед, энэ цагт хүн анхаарлаа юм бүхэнд сарниулж болохгүй. Манай гэр бүл бүтэн сайн өдрийн үдийн хоолон дээр заавал гурвуулаа хамт байж, өнгөрсөн долоо хоногт болсон бүх зүйлийнхээ болон ирэх долоо хоногийн тухай ярилцаж хэвшсэн.

      - Гэр бүлээ танилцуулахгүй юу?

      - Гэргийг маань Гантөмөр гэдэг. Бид хоёр 1983 онд гэр бүл болсон. Хүү маань Мюнхэний их сургуульд физик, философи хоёрыг хавсран сурч байгаа. Гэргий маань вирус, молекул судлал, биологийн чиглэлээр Германд төгссөн.

      - Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

      - Үгүй. Одоохондоо харзнаад л байж байна. Манайд чинь одоо социализмын үеэс үлдсэн бүх зүйл өөрчлөгдөж шинэчлэгдэхээсээ илүү буцаад хуучин руугаа орох гээд байна шүү дээ. Манай их сургуулиуд л гэхэд яг дэлхийн жишгийнх байж чадахгүй байна. Бүрэн бүтэцтэй биш, дандаа дутуу. Уг нь энэ МУИС, ТИС, ЭМШУИС, Хүмүүнлэгийн их сургууль чинь бүгдээрээ нийлээд нэг том, бүрэн бүтэн их сургууль болох ёстой байхгүй юу. Гэтэл тэгж чадахгүйгээс хүч сул, чадал, чадвар бага байгаад байна.

      - Таны бичсэн номыг хүмүүс яаж хүлээж авч байна?

      - Их л магтах юм байна шүү дээ. Тэгээд л болчихдог. Би уг нь надтай маргалдаасай гэж хүсдэг юм.

      - Одоо та юу хийж байна?

      - Германы нэртэй философичийн ном орчуулахаар хэвлэлийн компанитай гэрээ хийсэн. Энэ ажил руугаа тун шаргуу орно. Толгойд маш их юм байна. Түүнийгээ цаасан дээр хурдан буулгах хэрэгтэй байна.

    Ё.Мөнхтуяа
    Эх сурвалж цаг төр хүмүүс сэтгүүл

    No comments:

    Post a Comment