Showing posts with label АКИМ Готовын. Show all posts
Showing posts with label АКИМ Готовын. Show all posts

Sunday, 26 May 2013

Г.Аким: Ухаантай хүнийг хүлээж байна

Улс орны хөгжлийг залах Ерөнхийлөгчийг сонгох өдөр дөхсөөр... Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүр зургийн талаар Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай товч ярилцлага өрнүүллээ. 

-Эх орны хөгжлийг чиглүүлэх Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас та ямар хүнийг хүлээж байна вэ? 
-Миний хувьд улс төрөөс гараад удаж байна. Гэхдээ би монголчууд эх орноо аваад явчих ухаантай хүнийг хүлээж байна. Ер нь дэлхийн цараанд сэтгэж чаддаг, олон улсад Монгол гэдэг нэрийг аль ч улсаас дутахгүй, нэр сүрийг нь өргөөд явчих тийм л хүнийг нийгмээрээ хүлээж байгаа болов уу.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлаа таны төрсөн нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Та үүнийг түүхч хүний хувьд юу гэж бодож байна вэ? 
-Дорнод  нутаг бол Халх голын дайн байлдаан болж байсан гэдгээрээ, уран зохиолын хэлээр ярьвал хамгийн эхэлж наран ургах зүгээр нь ч бодсон их түүхийг агуулсан нутгаас сонгуулийн ажлаа эхлүүлнэ гэдэг нь их бэлгэдэлтэй гэж бодож байна. Ер нь Чингис хаан Монгол нутагтаа хийсэн хамгийн том байлдааныг Наймантай хийсэн байдаг. Наймантай байлдахдаа наран ургах зүгээс буюу Халх голын цаахантай байх Ор нугын хэлтгий хадаас хар тугаа сацаад буюу тахиад эхэлж хөдөлсөн байдаг юм. Нууц товчоонд Чингис хааны байлдан дагуулалтыг бичихдээ Халх голын тухай өгүүлсэн зүйл их бий.  Хэрэйдтэй байлдсаныхаа дараа Халх голдоо цэргээ тоолсон гэх мэтчилэн Монголын эртний түүхийн холбогдолтой газар ус юм. Яагаад ч юм, ер нь Чингис хаан аливаа байлдаан хийхдээ нэг бус удаа Халх гол руу очиж, тэндээс хөдлөсөн байдаг. Тэгэхээр эх орны  минь зүүн хязгаар Халх гол орчим маань нэг тийм сонин эрчимтэй газар юм болов уу даа. За тэгээд 1939 онд Монголчууд өөрсдийгөө хамгаалсан дайн хийж байлаа. Монголын хөвгүүдийн  цус тэнд урсч л байсан. Сөөм ч газар өгөхгүй л гэж үзэж явсан даа.

-Эх орны түүхийн хэсгээс ярьсан болоод ч тэр үү. Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь  залсан үйл явдал эрхгүй  сэтгэлд буулаа. Энэ нь олон жил шийдлээ олоогүй, тарж бутарсан шашныг нэгтгэх хэрэг боллоо гэж сүсэгтэй олон бэлгэшээх юм?
- Миний хувьд шашин судлаач биш учраас төдийлөн хэлж мэдэхгүй байна. Эхний хоёр богд маань монгол хүн байсан. Удаах богдыг Монголоос тодруулахад, есдүгээр ноён хутагтын дүр энд ирж суурьшсан нь нөлөөлөх болов уу гэж бодож байна. Ер нь шашны нэгдэн нягтрал талаасаа сайн нөлөөтэй. Ерөнхийлөгчийн хийж чадсан нэг том зүйл бол хилийн чанадад тарж бутарсан монголчуудаа урин дуудсан нь гэж бодож байна. Энэ нь гадаадад байгаа монголчуудын сэтгэл хүрсэн л дээ. Эх нутагтаа ир, бид сайхан хүлээж байна гэж урин дуудаж байсан Ерөнхийлөгчийг би лав дуулаагүй. Монголчууд гадаад хэдэн мянган жилээр удмаараа суурьшчихсан байдаг. Тэд чинь бас Монголоо гэдэг сэтгэлтэй, эндээ ирэх сонирхолтой улс их, тэднийг урьсан шүү дээ. Мөн гадаадад тарсан соёл, урлаг, түүхийн дурсгалт зүйлийг Монголдоо залахад Ерөнхийлөгч их юм хийж байна.

-Сүүлд эх орондоо авчирсан “Тироннозавр Батаар”-ыг та хэлээд байна уу?
-Тийм. Батаар байна. Зөвхөн Батаараас гадна соёлын ном, зохиолыг дурдаж болно. Монголын түүхийн нэг гол сурвалж бичиг болох  Чингис хааны болон удмынхны түүхийг бичсэн Рашид-ад-диний Судрын чуулганыг электрон хувилбарт хөрвүүлсэн эх хувилбарыг Монголдоо залсан явдал Ерөнхийлөгчийн соёлын өвийн талаар хийсэн том үйл хэрэг байлаа. Үүнийг урьд хожид хийж байгаагүй юм шүү дээ.

-Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар бахархлын өдрийг тэмдэглэж байхаар боллоо. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Түүхийн  талаасаа уг өдрийг тэмдэглэх болсоныг хэрхэн хүлээж авч байна вэ? 
-Энэ бол их чухал явдал. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх саналыг боловсруулж байхад би орж ажиллаж, саналаа хэлсэн л дээ.  Хүмүүс дийлэнх нь эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхыг хүлээж авсан. Зарим нь эсэргүүцсэн. Ер нь хүн бүрийн сэтгэхүйд таарсан зүйл хийнэ гэж байхгүй. Хүн бүхэн өөрийн гэсэн бодолтой учраас хүн хүний бодол, гүзээ гүзээний булан  гэсэн үг бий дээ. Тиймээс заавал бүгдийг зөвшөөрүүлэх шаардлагагүй. Ихэнх нь хүлээж авч байгаа бол тэр зөв. Ер нь сурвалж бичгүүдэд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сар гэж өгүүлдэг. Харин яг тэр өдөр төрсөн гэж хэлж чадахгүй байсаар ирлээ. Тэгэхээр монголчууд өвлийн эхэн сараар их хаандаа хүндэтгэл үзүүлээд ёслол хийхэд яагаад болохгүй гэж.

-Чингис хааныг оршуулсан газар одоог хүртэл маргаантай байсаар. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ? 
-Чингис хааныг оршуулсан газрыг хайгаад олохгүй байна. Олох ч хэрэггүй. Монголд Бурхан Халдун уулын хавьд л байгаа. Харин уулын орой дээр нь байгаа гэдэг нь худлаа. Өөрийнх нь тахьдаг уулын орой дээр шарилыг нь аваачаад тавьчихна  гэж юу байх вэ. Тэр их уулсын хаа нэгтээ газар л байгаа. Ер нь монголчууд шарил ухдаггүй ёстой шүү дээ. Тухайн үедээ үр сад, гэргий  нар нь олуулахгүй гээд нуусан байхад хэдэн зууны дараа эзэн хааныхаа шарилыг яг энд байна гээд ухаж гаргаж ирээд яах юм бэ гэсэн бодолтой явдаг хүн дээ. 
У.БОЛОР

Saturday, 25 December 2010

Г.АКИМ: "Өнөөдөр миний хэл уствал би маргааш үхнэ."


– Монгол хэлний зөв бичгийн алдаа мадаг хэрээс хэтэрлээ. Хүн болгон өөрийнхөө дураар бичиж байна гээд л маргаан гарч байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

- – Ямар ч хэлэнд аман ба бичгийн хэл гэж байдаг. Бичгийн хэл гэдэг ярьж байгаагаараа бичихийн нэр биш. Яаж бичих ёстой вэ түүгээр нь л бичих учиртай. Харин ярианы хэл гэдэг хурдан ярих, цаг хугацаа хэмнэх, хурдан ойлголцох үүднээс зарим үсгийг хасаад товчлоод ярьчихдаг хэл. Энэ товчлолыг бичгийн хэлэнд хэрэглэж болохгүй. Ер нь хүмүүс яагаад буруу бичээд байна вэ гэхээр Ц.Дамдинсүрэн гуайн бичгийн дүрэм баримтлахад их хэцүү болохоор тэр. Сургуулийн хүүхдэд заагаад ойлгох нь байтугай бид ч ойлгохгүй зүйлүүд байгаа. Хоёр хүн суулгаад цээж бичиг бичүүлэхэд хоёулаа л алдана. Яагаад гэхээр аль ч хэлний бичлэгэнд үгийн үндсийг эвддэггүй юм. Үндсэн дээр нь дагавараа заалгаад, эсвэл угтвар нэмээд явчихдаг. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуайн дүрмэнд үндсийг нь эвдэж, гээгдэх эгшиг, шилжих эгшиг гэсэн ойлгомжгүй зүйлүүд гарч ирдэг. Бичиж байтал нэг эгшиг алга болчихдог, эсвэл тээр хойшоо шидэгдчихдэг. Ингэхээр хүн ойлгоход хэцүү болчихож байна. Үг үсгийн тэр дүрмээр бичиж болохгүй үгнүүдэд хэрэглэх гаргалгаа гээч юм бас бий. Түүгээр бол тухайн үгнүүдэд тайлбар өгөөд тэгж бичнэ гээд заачихдаг. Тэгээд тэр гаргалгаа нь болохгүй болохоор нь дахиад гаргалгаа хийдэг. Ингэхээр энэ дүрэм хүн сурахад маш хэцүү. Зөв бичихэд ч хэцүү.

- – Тэгвэл зөв бичгийн дүрмийг хэл шинжлэлийн эрдэмтэд нь цуглаж суугаад нэг мөр болгочихож болдоггүй юм уу?

- – Д.Төмөртогоо академич үгийн үндсийг эвдэхгүй бичье гэсэн санал гаргаж, ном хэвлүүлсэн. Хэрвээ ингэх юм бол зөв бичгийн дүрмийн талаар ямар ч маргаан гарахгүй, гээгдэх болон шилжих эгшиг гэж байхгүй болж, холигдох солигдох юмгүй болно. Үүнийг Ренчин багш ч хэлж байсан. Д.Төмөртогоо 1970-аад оны сүүлчээр ярьж, нэлээд хэл аманд орооцолдон, үзэл суртлын хэлтсээр авч хэлэлцэгдэж байсан удаатай. Хуучин монгол бичгээ буцааж сэргээхгүй, шинэ үсгээрээ явна гэж байгаа бол дүрмийг ингэж шинэчлэхээс өөр арга байхгүй.

- – Яг ярьж байгаагаараа бичээд түүнийгээ аль ч оронд байдаг л зүйл. Үсэг “хэмнэж” байна ухааны юм яриад байгаатай санал нийлэх үү?

- – Би англи, орос хэлийг гадарлана. Энэ хоёрт л лав үг үсэг хэмнэж байгаа нь гээд хэлээ эрэмдэглэж байгааг мэдэхгүй юм байна. Хялбаршиж байгаа бүхэн мөхдөг нь жам. Хэл маань бүтэн байгаасай. Бүтэн хэлтэй байхын тулд монгол бичгээ аваасай. Крилл үсгийн дүрмэнд тийм байна гэхээсээ өмнө үндэсний бичиг соёлоо сэргээх хэрэгтэй л гэж бодож явдаг.

- – Орчуулгын нийтлэл, ном уншихаар авах юм алга. махчилсан, үгчилсэн байна гэсэн шүүмжлэлтэй санал нийлэх үү?

- – Монголоор найруулахуйн ухаан гэж бий. Тэр ухааныг манайхан ерөөсөө мэдэхгүй. Цаад орос, англи үгийг тэр чигээр нь хуулаад тавьчихаж байгаа юм. Зүй нь монгол найруулганд оруулах ёстой. Монгол найруулгаа мэдэхгүй болохоор чинь хэн ойлгох юм бэ. Телевизээр гарч байгаа кинонуудыг үзээд хэл найруулгынх нь алдааг тэмдэглээд шүүмж бичвэл бүтэн ном болно доо. Гэхдээ үүнд тэр сэтгүүлчдийг буруутгаад байж болохгүй. Дээд сургуульд сэтгүүлч болохоор суралцаж байгаа оюутнуудад найруулга зүйн хичээл яаж орж байна гэхээр нэг юм уу хагас жил ороод л хаачихаж байна. найруулга зүйн хичээлийг сэтгүүлч болох хүнд нэгдүгээр курсээс нь төгстөл нь оруулах ёстой. Найруулга зүйн хичээлийг сэтгүүлч ч гэхгүй бүх салбарын хүмүүс эзэмших ёстой. Тооны багш тэр чиглэлээрээ ном бичиж байна. Дээд сургуульдаа монгол хэлний хичээл үзээгүй тооны багш 10-р ангийн монгол хэлний боловсролоор л ном бичиж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр болох уу, чадах уу? Үг нийлж өгүүлбэр болдог ухааныг мэдэхгүй хүн яаж ном бичих юм бэ. Хүнд ойлгогдохгүй юм л хийнэ шүү дээ. Тэгэхээр найруулга зүйн хичээлийг их дээд сургуулийн бүх ангид үзэх ёстой.

- – Манайхан хараахдаа “П…” гээд л оросоор хараадаг. Үүн шиг гэхдээ арай зөөлөн, бүх хүн хүлээн зөвшөөрөхөөр хараалын үг байвал зүгээр юм болов уу гэсэн бодол төрдөг юм.

- – Монголчууд хараалыг сайн зүйл гэж огт үздэггүй. Хараал байх нь байгаа. Түүнийгээ уурлаад хашгираад, бүр эцэстээ тулахаараа хэлдэг. Зүгээр ярьж байгаад л “чёрт” гэхгүй. Ангилиар “шет” гэдэг шиг, ярианы хараал гэж байхгүй. Харин хараавал хараасан шиг хараана. “Тоонон дээр чинь шувуу өндөглөж, тогоон дотор чинь нохой гөлөглө” гэдэг ч юмуу. Манайхан муухай хараалыг их цээрлэдэг. Өдөр тутмын хэлэнд “Яадаг тархи вэ, монш чинь” гэсэн үгнүүдийг хэрэглэнэ үү гэхээс биш чөтгөр шулмаар нь дуудаад байдаггүй. Манай ард түмэн их боловсон ард түмэн.

- – Ажил төрөл сайн уу, яаж байна гэхээр “Гайгүй ээ” гэж хариулдаг. Яг тодорхой зүйл хэлэхгүй байх шиг байдаг.

- – Монголчууд их даруу. Тиймдээ ч ажил үйлсийг нь асуусан хүнд “Гайгүй ээ, дажгүй ээ, болж байна аа” гэж хариулдаг. Монгол хүн амны билгээр гэдэг. Гэхдээ Түүнээс биш “Өө ёстой сайн. Би ч болгоод өглөө дөө” гэхчилэн онгирч, сагсуурдаггүй байлаа. Харин одоо хүн болгон од болчихсон. Нэг дуу дуулаад л од. Уул нь тийм байгаагүй шүү дээ. Саяхан телевиз үзэж суутал нэг залуу “Би нэг ая барья” гэлээ. Ая барина гэдэг их том хүндэтгэл. Тэр дуучныг хүндэлж байгаа хүн “Та нэг ая бариж өгнө үү” гэхээр “Би нэг дуулъя” л гэх учиртай. Одоо бол хүндэтгэлийн буюу ерөөлийн үг, жирийн үг, хараалын үг гурав ялгагдахаа больсон.

- – Нэг хэсэг хуучин монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яриа гараад, нэгдүгээр ангиас нь зааж байгаад больсон. Латин үсэг ч авна гээд л байсан.

- – Би бол монгол бичгээ төрийн бичиг болгохсон гэж бодож явдаг хүн. Хэрвээ монгол бичгээ төрийн бичиг болгочих юм бол зөв бичлээ, буруу байна гэх яриа гарахгүй болно. Нэг л сурчих юм бол төөрч будилаад байх юмгүй. Монгол бичиг хүний оюуныг задалдаг. Хүүхэд “имага” гэж бичээд “ямаа” гэж унших явцдаа сэтгэн бодох чадвар нь хөгждөг. Ингэж бичигддэг асар олон үг бий. Хүний оюун сэтгэхүйг сайжруулж, юм бодуулж чаддаг энэ бичгийг л бид авах ёстой. Монгол бичиг сурсан хүүхэд крилл үсгийг багшаар заалгахгүй өөрөө сурчихдаг. Тэгээд ч энэ бичиг үсэг манай өвөг дээдсийн мянган жил хэрэглэж ирсэн бичиг. Бүүр наахнуур хэлэх юм бол Чингисээс эхлээд 800 гаруй жилийн түүхтэй. Түүнээс өмнө монголын олон овог аймгуудын цөөн боловч хэсэг нь энэ бичгийг хэрэглэж байсан. Манай эрдэмтэд зарим дөрөвдүгээр зуунаас эхтэй ч гэж үзэж байгаа. Монгол гэдэг төрхөө алдахгүй байя гэвэл монгол бичгээ авах нь зүйтэй. “Болооштээ” гэдэг ч юм уу хэлээ хазаж буруу ярьж, бичиж хэл эвдрэхийн аргагүй болно. Бид монгол хэлтэйгээ байя гэвэл монгол бичигтэйгээ байх ёстой. ЮНЕСКО-гоос гаргасан мөхөж байгаа хэлний тоонд монгол хэл орчихсон байгаа. Хэл мөхнө гэдэг цөөн хүн ярьж байгаадаа бус хэл нь эвдэрснээс үүддэг. 70-аад жил орос үг хэллэг хүч түрж байсан бол одоо англи хэл орж ирлээ. В.И.Ленин орос хэлийг ариун байлгах, аль болох гадаад үг хэллэг ашиглахгүй байх талаар бичсэн байдаг. Тэгвэл манай төрийн тэргүүнүүд тэр талаар яагаад нэг юм биччихэж болдоггүй юм бол? Баруунаас нь зүүн тийш, зүүнээс нь баруун тийш бичдэг бичгүүд байдаг. Харин монгол бичиг бол дээрээс нь доош нь бичдэг. Энэ бол монголчуудын өвөрмөцөөр сэтгэж бий болгосон бичиг. Уг гарал нь гэвэл согд, армен бичиг. Согд армен үсгээс улс орнууд өөрсдийнхөө хэлний онцлогт тохируулж крилл, араб, уйгар болгож авсан. Манай өвөг дээдэс доошоо бичдэг тэр хэлбэрийг нь сонгож аваад авиа зүй, аялгуунд тааруулж боловсруулаад авсан хамгийн төгс бичиг. Англи хэл, бичгийг төгс бус гэж хэлэхийн арга байхгүй. Яаж бичээд яаж уншдаг билээ. Түүнтэй яг адил. Заавал крилл үсэгт оруулж, ярианд ойртуулна гэдэг бол бичгийн хэлээ эвдээд, улмаар ярианыхаа хэлийг эвдэж байгаа хэрэг. Тиймээс монгол бичгээ л эргүүлж авмаар санагддаг. Саяхан Ч.Куланда сайд дээр монгол бичгийн хэдэн мэргэжилтэн орж ярилцсан. Би бол нэгдүгээр ангиас нь монгол бичгээ зааж, цаашид төрийн бичиг болгоё гэсэн хүсэлтэй байгаа. Харин зарим нэг хүмүүс гуравдугаар ангиас нь үзье л гээд байгаа. Бүр хойш нь шидээд долдугаар ангиас нь хүүхдүүдэд заая гээд байгаа шүү дээ. Хойтон жил эргээд энэ тухай яриад суух юм уу бүү мэд. Уул нь тэгж болохгүй. Саяхан латин үсэг авах талаар яригдаад л байсан. Латин үсэг авсан орнууд хөгжиж байна гэж тайлбарлаад байгааг ойлгодоггүй юм.

- – Бичихээрээ нэг янз болоод уншихаараа өөрөөр дуудаад байгаа болохоор монгол бичиг сурахад хэцүү юм шиг санагддаг.

- – Орос үсгийг чинь 1940-өөд онд нэг тушаал гараад л гэнэтхэн дугуйлан энэ тэрээр заагаад л сурчихсан. Үүн шиг бид гэнэтхэн шийд гаргаад монгол бичгээ дугуйлангаар сургачихаж болно. Их л үсэрвэл бид долоо хоногт уншиж, хоёр сарын дотор бичиж сурна. Гэтэл япон хэлийг сурахын тулд дор хаяж 4000 ханз цээжилж байж арай гэж нэг юм сонин уншихын дайтай болж байна. Япончууд энэ их төвөгтэй юм үүнийг хэрэглэхээ болъё гэж хэлэхгүй л байгаа биз дээ. Монгол бичиг хорь хүрэхгүй үсэгтэй шүү дээ. Арван хэдхэн үсэг цээжлээд хэрэглэнэ гэхээр залхуураад байгаа нь сонин. Социализмын үед манайхан бүх зүйлээ хэлэн дээрээ тавиулаад сурчихсан. Өөрөө ажиллаж, хөл гараа хөдөлгөж байж, эсвэл толгойгоо ажиллуулж байж юманд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Монгол бичиг сурч чадахгүй гээд байгаа нь тархины залхуурал. Манай ач нэгдүгээр ангиасаа дөрөв хүртлээ монгол бичиг заалгаж байсан. Нэгдүгээр ангийнхаа хоёрдугаар улирал гэхэд энэ ямар үсэг вэ гэж эмээ өвөөгөөсөө асуусаар байгаад крилл үсэг сурсан. Ямар ч багшийн туслалцаагүйгээр. Тэгэхээр монгол бичиг хүний оюун ухааныг задалдаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Яахаараа үндэснийхээ соёлыг хажиглаад байдгийг би ойлгодоггүй. Гэтэл Израйль 1946 онд тусгаар тогтносон улс болохдоо 1000 гаруй жилийн өмнө еврей нар тараад алга болоход л хэрэглэгдэхээ больсон тэр бичгээ сэргээсэн. Еврей нар энэ бичиг сурахад хэцүү байна, лати үсэг авъя гэж хэлээгүй. Би нэрийн хуудсаа монгол бичгээр хийлгэдэг. Үүнийгээ гадаадын хүмүүст өгөхөөр “Ямар гоё юм бэ? Наадахыг чинь сувинер болгоод хадгалчихъя. Та нар яагаад энэ бичгээ хэрэглэдэггүй юм бэ? Ардчилалд орчихсон хэрнээ үндэснийхээ бичгийг яагаад сэргээдэггүй юм бэ” гэхээр нь үнэндээ ичдэг. Ичихээс өөр яах юм бэ? Социализмын үед монгол дээл өмссөн хүнийг үндсэрхэг үзэл гаргаж байна гэдэг байлаа. Тэр нь хүмүүсийн сэтгэлд одоо ч үлдчихэж. Хуучин бол орос гээд л оросыг дуурайдаг байсан, одоо харин барууныг дуурайж байна. Үндэстэн гэдэг бол үндэснийхээ хэл, соёл, түүх, нутаг дэвсгэрээ хадгалж чадаж байж л үндэстэн нэрээ авч үлдэнэ. Расул Гамзатов “Өнөөдөр миний хэл уствал маргааш би үхнэ” гэж хэлсэн байдаг. Аливаа угсаатны хэл гэдэг тэр угсаатныг илэрхийлж, бусдаас ялгаруулж өгч байдаг гол зүйл. Хэл сэтгэхүй хоёр холбоотой. Сэтгэснээ хэлээр, хэлж байгаагаа үсгээр илэрхийлдэг. “Болно шүү дээ” гэж хэлэхээс “болийштээ” гэж хэлэх нь илүү амар. Гэхдээ ингэж бичиж болохгүй. Хялбаршиж байгаа бүхэн мөхдөг. Хэлээ мөхөөх гээд л байгаа юм байлгүй.

М.Гэрэлтуяа

Г.АКИМ: "БИ ЯМАР БАГАБАНДИ БИШ"

Манай энэ удаагийн дугаарт АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч. Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хөврүүлж, номд дуртай хүмүүсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хүргэе.


-Монгол хүн байхын үнэ дэлхийн мэдээ цэнэ юундаа оршдог вэ?

-Аль ч үндэстэн угсаатан болж төрсөн хүн бүхэн л үнэ цэнэтэй байна шүү дээ. Үнэ цэнэгүй хүн гэж байхгүй. Хүн болж төрнө гэдэг манай бурханы шашны ойлголтоор зүүний үзүүрт шин будаа тогтохтой адил гэж үздэг. Тэгээд хүн болж төрнө гэдэг бол гайхамшиг юм даа.

-Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсамжаа хуваалцаач?

-Би Дорнод аймгийн Матад суманд Тэмээт гэдэг газар төрсөн. Сумын долоон жилийн дунд сургуульд орсон. 1961 онд дунд сургуулиа төгссөн. Би аавын ганц хүү. Харин эхээсээ бол олуулаа. Аав маань намайг номд дуртай болгосон. Аав минь намайг ном л уншуулж сургасан. Өөрөө бага ангийн багш байлаа. Тэр үед дөнгөж шинэ үсэг рүү шилжиж байсан болохоор ном их ховор байлаа шүү дээ. Би санадаг юм аа. “Зоригт жуулчин” гэдэг ном уншсан юм. Тэр номд хоёр хүүхэд зуныхаа амралтаар аялалд яваад агуйд хорогдож байгаа талаар гардаг юм. Тэр номыг уншиж, номын баатар шиг үргэлж аялж явахсан гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Сүүлд аав маань нэг том хүрэн ном авчирч өгөөд унш гэсэн юм. Тэр нь Сталины боть байв. Би ч уншсан. Тэгээд ааваа би энэ номыг сайн ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн хоёр гурван удаа унш. Тэгвэл ойлгодог юмаа гэсэн. Түүгээр аав маань намайг ном унших дадлагатай болгосон. Аав маань намайг ном хурдан уншдаг болгох гэсэн л санаатай байж гэж одоо боддог юм.

-Оюутан ахуй цагаасаа орчуулга хийж эхэлсэн үү?

-1961 онд УБИС-д Орос хэл, утга зохиолын ангид орсон. Гуравдугаар курсээсээ орос хэл жаахан гадарладаг болоод орчуулга оролдож эхэлсэн. Элдэв юм орчуулаад радио, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн,” “Хөдөлмөр” сонины газраар гүйдэг болсон. Орчуулсан мэдээллийн маань зарим нь хэвлэгдэнэ. Зарим нь үгүй. Тэгээд шагнал гэж тав арван төгрөг авдаг байлаа. Энэ нь оюутны амьдрал ахуйд хэрэгтэй шүү дээ. Энэ нь орчуулах дадлага суухад ихээхэн тус болсон доо. Харин яг уран зохиолын орчуулга руу оруулсан хүн бол манай Соёлын гавьяат зүтгэлтэн Амар гуай юм. Тэр хүн л надад өөрийнхөө номыг өгч уран зохиолын орчуулга хэмээх их айлд хөтөлж оруулсан даа. Тэр үед дуртай хүн ном орчуулдаггүй байлаа. Эхлээд туршилтын хоёр гурван хуудас юм орчуулуулахаар өгдөг. Тэр нь болвол орчуулах зөвшөөрлөө ерөнхий редактороос авдаг байлаа. Амар гуай “Ундаассан тэнгэр” гэдэг номыг надад авчирч өгч хэдэн хуудас орчуулуулан шалгаад ерөнхий редактор Содномдаржаа дээр дагуулж орж зөвшөөрөл авч өгөөд орчуулж дууссан хойно нь өөрөө ариутгасан.

-Багшийнхаа талаар дурсамж хуваалцаач?

-Б.Ренчин багшийн номоор л хүмүүжсэн хүн. Тэр их хүнтэй хоёрхон удаа утсаар ярьж, нэг удаа л лекцэнд нь сууж үзсэн. Ренчин багш маань лекцээ их аяархан ярина. Хүмүүс тэр лекцийг нь сонсохын тулд чив чимээгүй суудаг байлаа. Багшийн яриа сонсогдохгүй байхаар нь нэгдүгээр эгнээд хажууд нь ойрхон сууж сонсоно. Би утсаар хоёр үг асуусан юм. За чи утсаа барьж бай гээд л нэгийг нь соёрхол, нөгөөг нь ловон гэж хэлж байсан. Францаар, англиар, оросоор ийм л юм байна гээд л их сүрхий хэлж өгнө. Утсаар ч гэсэн их аяархан ярина. Утсаа чихэндээ нааж байгаад л багшийнхаа яриаг хичээнгүйлэн сонсдог байлаа.

-Танай номын сангийн өмнө босгосон билгүүн номч Б.Ренчин багшийн хөшөө санаанд тань хэр нийцэв?

-Үнэнийг хэлэхэд санаанд хүрээгүй шүү. Угтаа баярын болгох гэж байсан хөшөө. Сэтгэлийн хөдөлгөөн, тэмүүлэл, чадлын хувьд жинхэнэ уран баримал байсан. Хүүхдүүд нь хийнэ гээд оодон дээлтэй өвгөн тавьчихсан л даа. Би эсэргүүцээд яахав.

-Таны амьдралдаа баримталдаг зарчмыг сонирхмоор байна?

-Би амьдралынхаа туршид худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй номынхоо мөрийг хөөж ирсэн.

-Төв номын сангаар өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Ер нь монголын оюунлиг хүмүүс бүгд л манайхаар үйлчлүүлсэн байх. Өдөрт 400-гаад хүн үйлчлүүлдэг. Сүүлийн үед уншигчдын тоо өсч байгаа.

-Та багш хүн. Тэр дундаа сэтгүүлч шавь олонтой гэж сонссон?

-Тийм ээ. Сэтгүүлч, орчуулагч гээд олон бий. Нэг их шавь нартаа зааж зөвлөөд байдаггүй. Хичээл номоо давтахгүй байгаа оюутныг жаахан өмхий үгээр утдаг /Инээв/. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд сэтгүүлчийн ур чадвар зааж байсан.

-Ур чадвар гэснээс өнөөгийн сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөөрхийлөлтэй л гэж хэлнэ. Төрлөх хэлээ бүрэн гүйцэд мэдэхгүй. Дандаа хүний хар талыг харж явна. Хүний сайн сайхныг олж харахгүй. Харахыг ч хүсдэггүй. Амьдралын сайн сайхныг нь олж харахгүй мууг нь л бичвэл хүн уншдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хүнийг доромжилж гомдоосон зүйл эрээчих юм даа. Олигтой эрээчвэл яахав дээ. Хүнийг алдаатай зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ хүнийг гүжирдэж болохгүй. Аливаа мэдээллийг сонсоод баримтгүйгээр бичиж болохгүй. Заавал шалгах хэрэгтэй л дээ. Эх сурвалжгүй зүйл их бичиж байна. Ийм хүн сэтгүүлч биш. Монголын сэтгүүл зүй энэ байдлаасаа гарч эрүүлжих байх гэж найдаж байгаа.

-Эдийн засгийн хямрал монголд нүүрлэлээ гэж амтай хүн ярьж байна. Миний бодлоор эдийн засгийн биш, оюуны хямрал нүүрлэлээ гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэлгүй яахав. Үнэхээр бодож сэтгэх нь тун охорхон болжээ. Энэ бол оюуны хомсдол юм. Хүний хар талыг хайж байгаа нь оюуны хомсдол шүү дээ. Өнөөдөр тэр хүн монголынхоо төлөө юу хийж бүтээснийг нь ойшоохгүй. Энэ хүнийг өөлчихөөр юу байна вэ гэж л мөшгидөг бололтой дог. Бас шинэ зүйл хийж бүтээж байгаа залуучууддаа урам хайрламаар . Гэтэл тэднийг унагах гэж зүтгэх юм. Мөн хийдгээ хийчихсэн хүний нэр хүндээх гутаах гэсэн оролдлого бас байна. Энэ бол сэтгүүлч хүнд байж боломгүй чанар. Харин тухайн хүн авлигад өртдөг ч юм уу, янз бүрийн буруу зүйл хийвэл зөв шүүмжлэх хэрэгтэй.

-Энэ оюуны хомсдолоос гарах ямар гарц байна?

-Ном уншихгүй байна. Дарга нар нь ч гэсэн ном уншихгүй. Ном уншихгүй бол оюуны хомсдолоос гарахгүй. Би зарим дарга нарын ярьж байгааг сонсохоор заримдаа инээд хүрмээр, ой гутмаар, санагдах юм. Тэр дарга нарын монголоор ярьж байгааг нь сонсохоор чихээ бөглөмөөр болох юм аа.

-Тэгвэл сэтгүүлч хүн ямар байх ёстой юм бэ?

-Сэтгүүлч хүн заавал тийм байх ёстой гэсэн хэмжүүр байхгүй л дээ. Тэр хүн оюуны цараа, бичгийн чадал, хүн чанар л мэднэ шүү дээ. Сэтгүүлч хүн маш хүнлэг байх ёстой. Манайд сэтгүүлч хүн хүнлэг чанараа алдчихаад байна.

-Амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа хуваалцаач?

-Хүний амьдрал тэр чигээрээ дурсамж байдаг. Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй л дээ. Гэхдээ аливаа зүйлд оюуныхаа үүднээс хандахгүй зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд баригдвал хэцүү л дээ. Яахав зарим юманд баярлаж, гуньж, гутаж л байдаг. Баярласнаа, гуниснаа амархан мартдаг хүн дээ.

-Таны ханийг бас эрдмийн хүн гэдэг. Гэр бүлийнхээ талаар сонирхуулаач?

-Тийм ээ. Бид хоёр Багшийн дээд сургууль хамт төгссөн. Нэгдүгээр сургуульд орос хэлний багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гайгүй сайн багш байсан. Хоёулаа оюутан байхдаа гэр бүл болоод гурван хүүтэй болсон. Миний хань чинь дархан бэр байхгүй юу. Гурван хүү түрүүлсэн эх хүнийг монголчууд дархан бэр гэдэг шүү дээ. Дундах хүүгээ бид хоёр хүний гарт үрэгдүүлсэн. Хүний амьдралд зовлон жаргал хосолдог. Бидэнд ч гэсэн жаргал зовлон ээжилж л байсан. Хань минь надад их нэмэр болдог. Бурхан надад тэр сайн хүнийг л заяасан. Би гэдэг амьтан хоол хийдэггүй, гэр шүүрддэггүй, юм угаадаггүй. Дэлгүүр явдаггүй. Миний хөгшин энэ бүхнийг л хорин хэдтэйгээсээ өдийг хүртэл энэ бүх ажлыг зохицуулдаг даа. Одоо бид таван ачтай. Тэднийгээ гадаад хэл сураад жаахан юм оролдох болов уу гэж найдаж суугаа. Манайх хоёрхон өрөө байртай. Тэндээ дөчин жил сууж байна даа.

-Үр хүүхдүүдээс тань орчуулга хийдэг хүн бий юу?

-Бий бий. Том хүү маань ТМ телевизэд орчуулагч хийдэг. Нөгөө хүү маань зураач. Гэхдээ одоогоор энэ ажлаа хийхгүй барилга бариулна гэж явж байгаа/инээв/.

-Ардын уран зохиолч Т.Галсан гуай УИХ-ын гишүүдийн үгийн “бөөс”-ийг түүмээр байна гэж байна лээ?

-Тэр үнэн байх аа. Манай Т.Галсан түүнэ биз дээ /Инээв/.

-Орчуулгын залуу эрдэмтэд яагаад орон уран бүтээл хийхгүй байна вэ?

-Орчуулгын залуу үе гэж бараг алга. Орчуулгын онол сонирхож байгаа хүн ч алга. Зарим нь цээжний бангаар элэг эмтэрмээр зүйл хийх юм аа. Би дэлхийд алдартай зохиолчдын номын орчуулгыг заримдаа хардаг. Тэгэхэд үнэхээр хачин зүйл хийсэн байх юм байна. Редактор ч үгүй ном байх юм. Энэ нь манай Ренчин багшийн хэлснээр цаад зохиолчийнхоо махыг идэж байна шүү дээ. Нөгөө талаас монгол хэл, уншигчийнхаа махыг идэж байгаа хэрэг. Монгол хэлээ, уншигчаа хүндэтгэх гэдгийг огт мэдэхгүй юм. Монгол хэлний гол найруулга зүй, монголоороо найруулах ёс гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Хэдэн үг цээжлээд болчихдог юм шиг санаж байгаа юм. Иймэрхүү орчуулга зөндөө гарч байна.

-”Өөрийгөө олох” гэж юу вэ. Таны хувьд хэзээ өөрийгөө олсон бэ?

-Би эхээс гарахдаа л өөрийгөө олсон гэж боддог. Харин юм хийж сэтгүүл зүй, орчуулга руу орсноос өөрийгөө олсон гэх юм бол 1960-1970 аад он юм даа.

-Монголын залуусын ихэнх нь харийн орныг зорьж байна. Ид сайхан хийж бүтээдэг залуу насаа харийн оронд үдэж байгаад би их харамсдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эдийн засагтай л салшгүй холбоотой. Эх оронд нь боломжийн цалинтай ажил олддог бол юу гэж харийн орныг зорих вэ дээ. Гадагшаа явахаас өөр аргагүй болоод л явж байгаа. Үнэндээ би тэр залуусыг буруутгаж чаддаггүй. Өчнөөн баялагтай байж хоёр сая гаруйхан хүн амаа тэжээж чадахгүй төр засгийг яалтай билээ. Юу л бол юу манайд байна шүү дээ. Гэтэл сайхан залуучуудаа харийн оронд явуулчихаад оронд нь хятадаас ажиллах хүч гуйж байгаад харамсдаг. Гэхдээ тэр залуучууд хэзээ нэгэн цагт Монголдоо эргэж ирэх байх аа. Гэвч энд ирээд ажил олдохгүй дахиад буцахаас гэж байгаа залуучууд зөндөө л байна шүү дээ.

-Хямраад байгаа нь төр засагтай холбоотой юу?

-Дэндүү үрэлгэн байна. Өнгөрсөн хоёр сонгуульд байдаг мөнгөө зарсан. Монголчууд маань нам гэж хоёр тиймээ болох юм. Манайхан хүнээ биш намаа сонгоод байх юм аа. Бид хамгийн ухаантай хүнээ төр засгийнхаа удирдлагаар сонгох хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй, нүдээ цавчаад л суудаг гишүүд зөндөө л байна шүү дээ. Монголчууд минь жаахан ухаараасай. Нам юу ч биш шүү дээ. Монгол түмэн байх ёстой. Нам тарахдаа тардаг. Жишээ нь Гүндалайгийн нам гэхэд л хэд тарж хэд нийлэв. Харин ард түмэн тарах ёсгүй. Монголын эрх ашиг байх ёстой.

-Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе?

-Би ямар сүрхий сургаал айлддаг Н.Багабанди биш /Инээв/. Ер нь монголчууд оюуныг дээдлэх хэрэгтэй. Монголд барилдсан зодолдсон улсууд л мандах юм. Оюунаар ажиллаж байгаа хүн эрхмүүдийн хараанд өртөхгүй юм. Барилдаад зодолдоод Монгол Улс хөгжихгүй л дээ. Оюунтай хүн Монгол Улсыг хөгжүүлнэ. Монголын нууц товчоонд оюунтай төрсөн Өүлэн гэж гардаг. Тэр зүгээр нэг хэлсэн үг биш. Ухаантай хүн л төрийг авч явна санааг байгаа юм. Тухайлбал Чингисийн есөн өрлөг дандаа ухаантай хүмүүс. Тэд Чингисийн хамаатан садан биш шүү дээ. Ухаантай хүнээ дээдэлж байж манай улс дэлхийн тайзнаа гарч ирнэ. Тэднийхээ үгий сонсох хэрэгтэй. Хүн болнон ухаантай байж чадахгүй байна. Төр засаг юуны тулд байгаа билээ. Оюуныг номыг дээдлөх нь чухал. Би монгол хүн гэсэн омогшил бахархалыг хүүхдэд эцэг эх, багш, боловсролын тогтолцоо нь бүрэн суулгаж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: "Өнөөдрийн Монгол"

Г.АКИМ: "НОМЫН САНГ ХУУЛЬТАЙ БОЛГОХСОН"



Монгол түмэн минь ном соёлын далай баян сан хөмрөгтэй. Алт эрдэнэсээр ч сольшгүй өвгөд дээдсийн минь оюун соёлын сан хөмрөг бол ном, номын сан. Үндэсний төв номын сангийн захирлаар өнгөрсөн таван жилд ажилласан МУСГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай хөөрөлдсөнөө толилуулъя.
- Таныг таван жилийн өмнө ажил авахад Үндэсний номын сан маань ямаршуухан байсан тухай яриагаа эхлэх үү?
- Таван жил хоёр сар Үндэсний номын сангийн захирлаар ажиллаа. Анх 1990-ээд оны 10-аад компьютертэй агуулахын байдалтай байгууллага хүлээж авч байлаа. Төр засаг надад итгэж, өөд нь тат гэсэн учраас чадлынхаа хэрээр ажилласан. Миний юу хийснийг миний хамт олон мэднэ дээ. Би дээдсийнхээ номын их санг дэлхийн жишигт хүрэх, үндэстэндээ үйлчлэх гэсэн эрхэм зорилт тавьсан. Хамт олонтойгоо гар нийлж ажиллаад техникжүүлэх, компьютержүүлэх, номыг дижитал хэлбэрт, электрон каталогт оруулах гээд дэлхийн жишигт хүрэхийн үндсийг нь тавьчихсан даа. Үндсийг нь л шүү. Өөдлөх айл үүднээсээ гэдэг эрдэмтэд, оюутан залуус ороод очиход ая тохьтой харагдаасай гэсэн үүднээс багагүй засвар хийж эрдэм номын өргөө руу орлоо гэсэн сэтгэгдэл төрүүлэх талаар давхар санаа тавьсан даа. Намайг дөнгөж ажлаа аваад байхад хоёр уншигч охин “хөөх үндэсний номын сан гэхэд ийм миа юмуу” гэж хэлээд зөрж байлаа. Тэр үеийн номын сан ямар байсан нь тодорхой л доо. Энэ бүхнээс санаа аваад хүн орж ирэхэд таатай сэтгэгдэл төрүүлэхээр болгох гэж оролдсон. Гэхдээ гүйцэд хийж амжсангүй. Яагаад гэвэл дандаа хөрөнгө мөнгөтэй холбоотой. Энэ хугацаанд сайн нөхдийн буянаар хандив тусламж олж, яамны өгсөн бага сага төсвийг хүргэх гэж янз бүрийн аргаар үзсэн дээ. Хамгийн бэрх юм нь яамны сайд байн байн солигдоод санасан хүссэн юмаа гүйцээх боломж олгохгүй байв. Тавхан жил болоход хэдэн сайд солигдов. Тийм учраас зарим сайд нь үзэл бодлын үүднээс юмуу, хувь хүн надад дургүйдээ ч юмуу хүлээж авдаггүй. Жишээ нь зарим сайдтай хоёр гурван жилээр уулзаж чадаагүй байх жишээтэй. Энэ бүхэн ажил зогсоочихдог. Иймээс нэгэнт дээрээс дэмжлэг байхгүй учраас ер нь ажилаа өгөх нь зүйтэй юм байна гэсэн бодолтой ч явж л байв. Миний оронд залуу, эрчимтэй, өөдрөг сэтгэлтэй, тэмүүлэлтэй, зохиолч, яруу найрагч номын хүн болсонд их баяртай байгаа. Ном авах төсөв байхгүйгээс эхлээд бүх байдлыг нэгд нэгэнгүй ярьж өгсөн дөө. Монгол улсын үндэсний номын сан учраас монголд гарч байгаа бүх ном байх ёстой. Нэг хувь ч хамаагүй. Энэ асуудлыг шийдэж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, дотоод сүлжээний асуудал, монгол улсынхаа бүх номын сангуудтай нэг цахим сүлжээнд холбогдохыг шийдэх учиртай. Манай номын санд байгаа номыг аймгийн номын сангийн уншигч нэг товч дараад л мэдэх боломжийг бүрдүүлэх, хайж байгаа номоо эрэхэд төвөггүй олдог үйлчилгээнд шилжих ёстой. Үүнийг бол амжсангүй. Мөн өөр нэгэн эрхмээс эрхэм зүйл бол монгол улсын хамгийн чухал 14-р зуунаас хойших үеийн монгол бичгээрхи бичмэл баралмал номнууд байдаг. Тэр бүхнийг дижитал тоон хэлбэрт оруулахаар эхэлснийг минь үргэлжлүүлж үзээрэй дээ гэж захисан даа. Цахим каталоги хийх чухал ажил байсан ч мөнгө нь олдоогүйгээс хийж чадсангүй. Үүнийг гадаадынхан сонирхдог ч монголчуудын өөрсдөө хийх учиртай ажил гэж боддог. Монголчууд өөрсдөө хийх учиртай юм гэж бас байх шүү дээ. Тэдгээр ном зөвхөн монголын үндэсний номын сангийн вэб сайтад байрлаж, гадаадынхан үндэсний номын санд байгааг интернетээр хайж мэдээд үзэхээр ирэх ёстой. Гадны нэг хүн ирнэ гэдэг манай эдийн засагт ч номын сангийн нэр хүндэд ч их хэрэгтэй шүү дээ. Манай номын санд чинь дэлхийд нэн ховор ном бий шүү дээ. Хөх хот, Бээжингийн номын сангийнхан ихээхэн сонирхдог. Би бол тэдэнтэй хамтарсангүй. Манай бизнесменүүд гучин хэдхэн сая төгрөг эрдэмт дээдсийнхээ оюуны сүн далайд хандивласангүй л д ээ. Шинэ төсөл бичээд Мобикомд өгсөн байгаа. Шинэ захирал маань хэрэгжүүлэх байх л даа. Танил талтай хүн номын санд маань хэрэгтэй шүү дээ. Энэ номын сангийн тоног төхөөрөмжийг байнга сэлбэн шинэчлэж байх хэрэгцээ их бий. Анх ажлаа аваад барилга их муудсан байсан учраас мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан. Дугуй шатныхаа дээрээс бороо усанд идэгдээд бараг нурахаар болсон байгааг эн тэргүүнээ анхаарахгүй бол болохгүй. Төр засагт хоёр ч удаа албан бичиг өргөсөн ч дараа жил дараа жил гэсээр хоёр жил хийж өнгөрчихлөө. Тэр бүхнийг яаралтай хийхгүй бол болохгүй. Би сонинд бичсэн дээ. Дургүйд бол хүчгүй гэдэг үг байдаг даа. Надад дургүй байлаа гэхэд дээдсийнхээ оюуны их уурхайг бодолцохгүй баймгүй юм.
- Дэлхийн улс орны жишгээр бол Үндэсний номын сан хууль зүйн ямар орчинд байдаг юм бол.
- Дэлхийн улс орны жишгээр бол үндэсний номын сан нь өөрийн хуультай, парламент эсхүл ерөнхийлөгчийнхөө мэдэлд байдаг юм билээ. Тийм учраас энэ номын санг нэг хуультай болгох юмсан гэхдээ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахад харин зөвшөөрч энэ төсөл дээр ажиллахаар болсон. Хуультай болгочихбол үндэсний номын сан хүний гар харахааргүй болчих учиртай. Парламентын мэдэлд байх юм бол парламент өөрийнхөө номын сангаас мөнгө төгрөгөө харамлаад байхгүй болно биз. Бусад улс орнуудын жишгээр бол парламент бүх мөнгө төгрөгийг нь баталдаг, холбогдох байнгын хорооны саналаар ерөнхийлөгч нь үндэсний номын сангийн захирлыг нь томилдог тийм тогтолцоотой юм билээ. Манайх ийм болчихбол гайгүй болох боловуу. Халагдсан тэтгэвэртээ гарсан гээд орхивол орхихоор шүү дээ. Гэхдээ би Онходын Жамьян, Цэвээний Жамсран, Бямын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн их мэргэдийнхээ сүлд сүнсийг бодоод энэ хуулийн голыг нь босгоход бор зүрхээрээ зүтгэх ёстой. Хамгийн гол асуудал бол энэ. Ерөнхийлөгчийн тамгын газраас хүмүүс томилогдоод ажлын хэсэг байгуулагдан ажиллана. Бид хуулиа хэр зэрэг хурдан боловсруулах, парламент яаж хандах вэ тэр бүхнээс хамаг юм шалтгаалах нь мэдээжийн хэрэг. -Манайхаас өөр улс орны үндэсний номын сангууд ямаршуухан дотоод зохион байгуулалттай юм болоо? Дэлхий бол номын сангууд руугаа аль хэдийн анхаараад эхэлчихсэн. Техник технологийн хувьд бүрэн шинэчлэгдэж, дижитал номын сангуудтай болчихоод байна. Өнгөрсөн хавар Конгрессийн номын сангийн захирал Францад байгуулагдсан “Дэлхийн дижитал номын сан”-ийн нээлтэнд намайг урьсан ч мөнгөгүйгээс явж чадаагүй. Хамгийн ойр жишээ л ярихад урд хөршийн Баргын баруун хошууны төв Алтан эмээлийн номын сангийнх нь уран барилгын нь хэлбэрийг харахад л гайхалтай. Нутгийнхаа нэрээр бэлгэдэж эмээл хэлбэртэй барилга барьсан байна лээ. Өвөрмонголын Ордосын номын сангийнхнь барилга гэхэд л гурван түүхэн сурвалж бичиг номын хэлбэртэй. Дотоод зохион байгуулалт нь дижитал болон цаасан номын, чөлөөт уншлагын танхим, кино үзвэрийн гээд тоочиж яаж барах вэ.. Би ЮНЕСКО-ийн Монголын комиссын дарга асан Уртнасантай хамт ноднин “Алтан товч”-оо дэлхийн баримтат өвд бүртгүүлэхээр Сөүлд очсон юм. ЮНЕСКО-ийн Азийн коммисын хуралдаанаар бүртгүүлэхээр болж билээ. Энэ бол бид хоёрын зүтгэл чармайлтын үр шим гэж боддог. Тэр үед Солонгосын Үндэсний номын сан урьж дижитал номын сангаа үзүүлж, танилцуулсан. Үнэхээр гайхамшигтай. Нүд бүлтийсэн. Ер нь хичнээн хямралтай байлаа ч дэлхий дахин үндэсний номын сангаа өөд нь татаж байна. Аль ч газар үндэснийхээ номын сангаар бахархаж, дотор нь хадгалагдаж байгаа номоороо гайхуулдаг юм билээ. Өөрийн соёлоо гайхуулах гол зүйл нь үндэсний номын сан нь болдог гэсэн үг л дээ. Дотор нь ажиллаж байгаа улсынх нь хөдөлмөр иж бүрэн техникжсэн байдаг юм билээ. Одоо манайх шиг тоостой хэдэн номоо тэврээд дээшээ доошоо гүйж байгаа газар ердөө байхгүй дээ. Төр засаг одоо анхаараасай. Монгол улс оршиж л байвал Үндэсний номын сантай байна. Энийг л бодоосой. Өнөөдөр мал гэж ярьж байна. Сайн л хэрэг. Гэвч хүн л малыг өсгөнө биз дээ. Бид хүнээ оюунжуулж, өөд нь татаж чадвал малыг өсгөж чадна. Ухаантай хүн монгол улсыг, эдийн засгийг хөгжүүлнэ. Энэ ухааныг нь ном л өгнө. Төр засаг минь анхаараасай билээ. -Монголын хөгжлийг оюунлаг хүмүүс аврана аврана гэдэг тухайд та ямар үзэлтэй байна вэ? Тэгэлгүй яахав. Одоо морь, бөх, дуучин гээд хошуураад байгаа нь өнгөц зугаа цэнгэл, усны хөөс юм. Улс монголоо мөхөөхийн л цондон. Энэ олон утгагүй баяр, хурал чуулган. Бид оюун уруу хошуурах цаг болчихжээ. Мэдлэг, хүмүүжил хоёр хослож байж Монголын өнөөгийн залуу үеийг хүмүүншүүлнэ. Дэлхийн түвшингээс давсан мэдлэгтэй байх учиртай. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг 12 жил болгоод 10-н жил байснаасаа илүү хүмүүжил мэдлэг олгож чадаж байна уу. Зүгээр л дэлхийн жишиг гээд хугацааг нь сунгаж байна уу гэдгээс эхлээд сэтгэлээсээ хандах зүйл зөндөө байна. Үндэснийхээ бичиг үсэг сурах соёл, үндэсний үзэлтэй болгох, би монгол хүн шүү гэж үнэн голоосоо хичээнгүйлдэг болгох хүмүүжил мэдлэгийг мах цусанд нь шингээж өгөх юмсан. Оюуны царааг нь тэлж өгөх хэрэгтэй.
- Таныг янз бүрээр л муу хэлэх юм. Энэ бүхэнд та эмзэглээд байдаггүй харагддаг?
- Би нийгэмд л амьдарч байгаа. Надад муу хүн байна, сайн хүн байна. Хийснийг маань ойлгодог, ойлгохыг хүсдэггүй гээд олон хүмүүн байна. Орчлонд арга билэг хоёр хоршдог . Цагаан байвал хар байдаг, нөхөр байвал дайсан байдаг. Тиймээс ярьж л байг хамаагүй. Намайг ажиллаж байхад,энэ өвгөн ажлаасаа гарахаас өмнө ч зайлаад өгөөсэй гэж интернэтээр зөндөө л цацлаа. Би энэнд гутраагүй, харин ч инээд хүрч явсан даа. Би нийгэмд амьд явна, юм хийж чадаж байгаа юм байна гэж бодоод ер тоодоггүй. Би хийх ажилгүй гиюүрээд суухгүй. Нийгмийн ажилд оролцоод л явна. Надад хийж бүтээх, орчуулах, хэвлүүлэх гээд ажил барагдахгүй их. Ингэхлээр намайг зайлаад өгөөсэй гэж байсан нөгөө улс ажлаа хийгээд явахаар энэ өвгөн үхээд өгөөсэй гэж хараах юм болов уу гэж инээд хүрч явдаг шүү.
-Та бол өөрийн уншигчидтай, өөрийн хүлээж хүндэлдэг түмэнтэй хүн л дээ. Одоо юу бүтээж туурвиж байна даа?
- Би уянгын зохиол орчуулах дуртай. Хүн уянгагүй л болвол алдаг, талдаг, хараадаг, зүхдэг л болно. Монголчууд уянгалаг сэтгэлгээтэй улс. Бүгд шахуу шүлэг хэлж, зүйр цэцэн үгээр ярьдаг. Энэнд нь би туслах юмсан гэж мөрөөдсөөр ирлээ. Тиймээс би та нарын унших дуртай хамгийн сайн уран зохиол болж чадсан хайр сэтгэлийн уянгын дуулал “Аранзан дарвуулт хөлөг”-өөс эхлээд хэдэн арван ном орчууллаа. Одоо Б.Янын “Сүн далайн хөвөө тийш” гэдэг номыг орчуулж байна. Найруулга нь надад их тохирсон, тун сайхан уянгалаг хэл найруулгатай. Энэ ном Монголчуудыг их муу хэлжээ. Бид хэн биднийг муу хэлж байна, хэн биднийг сайн хэлж байна гэдгийг мэдэж байх учиртай. Муу хэлж байна гээд орхичих юм бол манай ард түмэн, миний уншигчид бусдын үзэл бодлыг мэдэхгүй өнгөрнө. Тиймээс би орчуулж монголчууддаа танилцуулах гэж байгаа юм. Биднийг хараасан ч гэсэн өөрийн эрхгүй харааснаараа магтсан, хүлээн зөвшөөрсөн өгүүлэмж ч энэ номонд их байна. Тиймээс өөрийн эрхгүй сэтгэлийн дуудлагаар энэ номыг орчуулж байна.
-Тантай уулзсан болохоор эх хэлний тухайд асуулгүй өнгөрч боломгүй байна.
- Дээд сургуулиудад монгол хэлний найруулга зүйн хичээл заахгүй байна. Монгол хэлний найруулга зүй гэдэг бол шинжлэх ухаан юм. Ийм учраас дээд сургууль төгсөж байгаа хүн монгол хэлний чадвар, мэдлэггүй төгсөж байна. Өөрөөр хэлбэл дунд сургуулийн мэдлэгээрээ төгсөж байна. Ном бичиж байгаа эрдэмтэн хүмүүсийн бичсэн ном нь яагаад ойлгогдохгүй байна. Дээд сургуульд найруулга зүй үзээгүй 10-н жилийн мэдлэгээрээ бичиж байгаа учир ийм л хүмүүс монгол хэлийг эвдэж байна. Манай залуус мэргэжлээрээ бол дэлхийд ч гологдохооргүй сайхан хүмүүс байна. Юм үзэж нүд тайлсан энэ сайхан залуус монголынхоо жолоог гартаа аваасай гэж боддог. Одоогийн манай удирдлага нэг л бишээ. Монголоо, ард түмнээ гэсэн халуун сэтгэлтэй, хоёргүй санаатай удирдагч, түшээд хуруу дарам цөөн л харагдах юм байна шүү дээ. Дэлхий даяны энгээр монголынхоо хэмжээнд сэтгэдэг залуучуудаа ард түмэн маань магнайдаа залах цаг ирээсэй л гэж хэлье дээ.

Ярилцсан Б.Төгсжаргал
Цаг төр хүмүүс сэтгүүл