Showing posts with label СОДБААТАР Яндигийн. Show all posts
Showing posts with label СОДБААТАР Яндигийн. Show all posts

Thursday, 25 April 2013

Я.Содбаатар: Албан тушаал руу хужирссан мал шиг дайрч байгаа хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг “Ярилцах тан­хим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын бүл­гээс Ерөнхий сайдыг огц­руулах гэсэн ч тийм зүйл бол­сонгүй. Хэрэв нууцаар санал хураасан бол юу болох байсан бол. Та юу гэж бодож байна вэ?
-1996-2000 оны пар­ламентын үед хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг нууцаар санал хураах замаар шийдэж болдог байсан юм. Тэр үед энэ зарчмаар олон Засгийн газрыг огцруулж байсан учир улс төрийн нөхцөл байдалд тогтворгүй байдал үүсэж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуульд хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг заавал илээр хураана гэдэг заалтыг нэмж оруулсан байдаг.

Энэ нь намын бодлого, асуудлаа хайрцаглаж авч гарах дарга нарын бодлогыг хэрэгжүүлэхэд их дөхөмтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн намын бодлогоос өөр итгэл үнэмшлээр байр сууриа илэрхийлэхэд хаалт болсон гэж мэргэжлийн судлаачид ярилцдаг юм билээ. Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг Ардчилсан намын маш олон гишүүн байдаг. Өмнөх өдөр нь болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр ярьж байсан зүйлээ маргаашийнх нь чуулганы хуралдаан дээр ярьж чаддаггүй гишүүд ч байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн ийм үед улс төрийн дарамт, шахалт байгаа гэдгийг нь ойлгож байгаа. Баримттай үнэн нэг л өдөр ялна.

-Ардчилсан намынхан “Ар­дын намынханд дээрэл­хүүлдэг үе өнгөрсөн. Засгийн газрыг тэдний дураар унагахгүй” гэсэн зүйлийг ярьж эхэллээ. Та энэ бүхнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Парламентад асуудлыг олонхиороо шийддэг үед Ардын намын 25 гишүүн Засгийн газрыг унагаж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ бид Засгийн газрын үйл ажиллагааг эрүүл нүдээр олж хардаг улстөрчид Засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудад байгаа гэдэгт итгэж байгаа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тэр хүмүүс хэзээ дуу хоолойгоо гаргах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. Өмнө нь Засгийн газар унагаж байсан тохиолдолд Ардын намынхан дангаараа буруугүй гэдгийг Ардчилсан намынхан мартчихаад өнөөдөр дээрх зүйлийг яриад байна л гэж хэлэх байна. Тухайлбал, өнөөдөр тэд “Гадаад харилцааны асуудлаас болж Засгийн газар огцорч байсан түүх байхгүй” гэж байна. Байсан шүү дээ. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд байхад ОХУ-руу “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бичиг явуулсных нь төлөө Ардчилсан намаас сонгогдсон сайд нар өргөдлөө бичээд огцруулж л байсан. Ардчилсан намын зүгээс Ардын намын Засгийн газрыг унагах санал оруулж ирж байсан тохиолдол 23 жилийн парламентын түүхэнд олон байсан юм билээ. Тиймээс асуудлыг “Энэ нам, тэр нам оруулж ирсэн” гэхээсээ илүү бусармаг үйл ажиллагааны эсрэг зогсож байгаа улстөрчдийн үйлдэл гэж харах нь зөв байх. Хууль зөрчсөн үйлдэлтэй аль ч нам хатуу тэмцэх ёстой гэдэг үүднээс л бид асуудалд хандсан. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс төрийн алба руу улангасан дайрч байгаа хүмүүсийг шүүмжилж, өөгшүүлэхгүй байхыг сануулж байсан. Ардчилсан намын нэрийн дор албан тушаал, хөрөнгө мөнгө рүү хужирссан мал шиг дайрч байгаа хүн маш олон байна. Энэ хүмүүстэйгээ Ардчилсан нам хариуцлага тооцох ёстой. Энэ ч үүднээс бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаасаа өмнө Ардчилсан намынханд “Та нар дотроо ярилцаач” гэж хэлж байсан юм. Гэтэл олонх энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс л бид асуудлыг тавьсан шүү дээ.

-Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгийг мэдсээр байж танай намынхан “Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийж байгаа мэт харагдах гэж шоу хий гээд энэ бүх асуудлыг сөхснөөр төрийн ажлыг гацаасан” гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндлөө гээд монгол төрийн ажил гацаанд орчихоод байгаа зүйл байхгүй. Ам ажил хоёр нь зөрөөд байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ёс зүйн болон хууль зүйн хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлага тулгараад байна. Төрийн ажилд шоудах гэдэг ойлголт, шоу гэдэг үгийг хэрэглэх ёсгүй. Хариуцлага, сахилга бат, ёс зүй, хууль дээдлэх зарчим гэсэн зүйлүүдийг л ярих ёстой. Төрийн албанд хэн нэгнийхээ ажлыг шоу гэж боддог, өөрсдийн ажлыг шоу гэж боддог хүмүүс ажиллаж байгаад харамсаж байна.

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр “Н.Ал­танхуяг авилгын шинэ торыг нэхэж эхэллээ” гэж хэлсэн тань нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, “Ардын намынхан авилгын хуучин торыг нэхсэн гэдгийг Я.Содбаатар хүлээн зөвшөөрчихлөө” гэх мэт?
-Засгийн газар Монголын ард түмнийг алагчилсан бодлого явуулж байна гэж би хувьдаа үзэж байгаа юм. Төрийн албан хаагчдыг мал шиг угшлаар нь хөөж ажлаас нь халж байна. Бизнес эрхлэгчдийг ч мөн адилхан. Ардчилсан намын бүлгийн УИХ-ын гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байхад Ардын намын бүлгийн гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байна. Ардчилсан намыг магтан дуулаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгэгдлийг нь устгаж байгаа нь нийгэмд хуваагдал үүсгээд байгаа юм. Өргөн утгаараа үндэсний эв нэгдэлд харшилж байна гэж хэлж болно. Тиймээс би хувьдаа авлигатай нам хамаарахгүй тэмцэх ёстой гэсэн байр суурийг баримталдаг хүн. Гэхдээ ингэж байна гээд тодорхой нэг хүнийг, нэг хэсэг бүлгийг барьж авах гэж улс төрийн зорилготой эсвэл зорилгогүйгээр дайраад байх хэрэггүй байх. Харин авлига үүсээд байгаа тогтолцоог нь эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл, авилгыг тэвчих нийгмийг бүрдүүлэх ёстой гэж хардаг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд манай улсад авлигын хэрэг газар авсан нь үнэн. Ардчилсан намын ч тэр Ардын намын ч тэр Засгийн газрын үед авлига байсан шүү дээ. Гэтэл үүн дээр улс төр хийж, аль нэг нам руугаа зэвсэг болгож ашиглаж байгаа болохоос үндсээр нь устгах гэж оролдохгүй байна шүү дээ. Чуулганы өчигдрийн хуралдаан дээр яагаад тийм үг хэлсэн бэ гэдгийг ганцхан жишээгээр тайлбарлахад хангалттай байх. Монголчуудын хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани Ардчилсан намынхны  ах, дүү, амраг садангийн үүр уурхай болсон байгаа юм.

-Энэ бүхнийг та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнтэй холбож тайлбарлаж байна уу?

-Г.Дэнзэн гэдэг хүн бол “Эр­дэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайдын хүргэн. Үүнийгээ ч Ерөнхий сайд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 4-5 гишүүний хүүхэд тэнд албадын даргын албан тушаал хашиж байна шүү дээ.

-Хэн, хэний хүүхэд гэдгийг нь нэрлэж болох уу?
-Хэвлэлээр энэ талаар хан­галттай бичсэн шүү дээ. Нарийвчилбал, Ардчилсан нам дахь “Алтангадас” фракцийнхны хүүдүүд тэдний төлөөлөл болж байна гэхэд болно. Гэтэл хувьцаа эзэмшигч монголчуудын төлөөлөл, хяналтын төлөөлөл байхгүй байна. Тиймээс бид энэ бүхэнд ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэж байгаа юм.

-Таныг нэлээд хэдэн ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж УИХ дахь Ардын намын гишүүдийн нэр хүнд рүү дайрах үзэгдэл их гарч байна. Тэр хүмүүсийн нэр дээр байгаа аж ахуйн нэгжүүд рүү шалгалт оруулж байна. Нэр хүндийг нь гутаах зорилготой үйл ажиллагаа их гарч байгаа ч бид энэ бүхний цаана хэн байдаг вэ гэдгийг мэдэж байгаа. Иргэний хөдөлгөөн гэж цээжээ дэлдээд байгаа хүмүүс ямар учиртай вэ гэдгийг ч мэднэ. Мэдээж улс эх орныхоо төлөө гээд явж байгаа нэг хэсэг байхад хэн нэгний гар хөл болсон хэсэг ч байгаа гэж хэлж байгаа юм шүү. Тиймээс тэр хүмүүс хүний өмнөөс дугарахаасаа өмнө нягтлах нь яав даа гэж өмнөөс нь санаа зовинож байна. Хэнтий аймагт байдаг “Мөнгөн өндөр”, “Өндөр цагаан” гэдэг ордуудтай намайг холбоотой гэсэн утгатай мэдээлэл сүүлийн үед их гарах болсон учир Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газарт асуулга тавьсан. Тавьсан асуулгын маань хариултыг эхнээс нь өгч эхэлж байна. Би болон гэр бүлийнхний маань нэр дээр ямар ч тусгай зөвшөөрөл байдаггүйг тус газраас нотолж байна. Намайг энэ салбарт ажиллаж байсан учир ямар нэгэн нотой байх гэж бодсон юм шиг байна билээ. Энэ асуудлаар тодорхой ажлын хэсэг гаргасныг нь ч би сонссон. Харамсалтай нь би ийм асуудлуудад ямар ч холбогдолгүй байдаг. Тиймээс би дээрх яриаг гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагад өгөхөөр бэлтгэж байгаа. Надтай холбоотой гээд байгаа “Өндөр цагаан”-ы ордтой холбоотой хурлыг тухайн үед одоогийн Гадаад харилцааны  сайд Л.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа удирдсан байх жишээтэй. Сүүлийн үед миний гар утсанд намайг дарамталсан янз бүрийн мессеж хүртэл ирүүлж байгаа. Энэ бүхнийг нь хавсаргаад цагдаагийн байгууллагад өгнө.

-Таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө “Шивээ овоо”-гийн ордыг замхруулсан гэдэг мэдээлэл гарч байсан байх аа?

-Тухайн үед тийм утгатай мэдээллийг хэд, хэдэн сонин дээр гаргаж байсан ч асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлж, нэр төрөө сэргээлгэсэн байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Saturday, 16 July 2011

Я.Содбаатар: "Ард түмнээсээ хол байхыг АН хүсээд байна"


Сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгохоор УИХ дахь хоёр гол нам тохирч пропорциональ, мажоритар хоёрын харьцаа ямар байх тухайд санал зөрөөд байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатартай уулзаж энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.

-Танай намын санаачилгаар “Таван төгөлд өршил” анх гарч байсныг санаж байна. Гэтэл тэдгээрийн нэг болох сонгуулийн шинэчлэл хийхдээ нам чинь хойрго хандаад байх шиг санагдах юм?

-МАН сонгуулийн шинэчлэлийн асуудалд одоо ч онцгой анхаарч, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа. Манай нам энэ байр сууриасаа ухраагүй, харин АН эргээд 2008 оных руу орох гээд байх шиг. Аль ч тогтолцоогоор явуулсан сонгууль шударга болдог, хариуцлага, эрх үүрэг нь тодорхой, мөнгөний нөл өөллийг багасгах эрх зүйн зохицуулалтуудыг сайн суулгаж өгөх хэрэгтэй.

-МАН мажоритар давамгайлсан холимог хувилбарыг сонгож буй. Уг нь мажоритар тогтолцоогоор бид ихэнх сонгуулиа явуулж ирсэн ч ахицтай болох нь харагдсанг үй. Тэгсэн хэрнээ улс төрийн хамгийн тулхтай хүчин гэгддэг танай нам яагаад ийм хувилбарыг сонгож байгаа юм бэ?

-Явж үзээгүй зам бүхэн сонин байдагтай л адил. Монголчууд бид пропорциональ тогтолцоо ямар болохыг мэдэхгүй. Дардан шулуун гэж байгаа ч ямар өргөс байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Пропорциональ тогтолцоо нь нам түшиглэсэн сонголт шүү дээ. Намын нэрийн ард намын нэрээр халхавч хийн төр барилцах нэрээр хэн гэгч, ямар ёс суртахуунтай хүн, ямар ашиг сонирхол өвөрлөн төрд шургалахыг таашгүй.

Манай нам “ Ард түмнээ сонсъё” нэртэй аяныг орон даяар зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонсож байхад өөрсдийг нь төлөөлж байгаа төрийн түшээдтэйгээ уулзаж, жаргал, зовлонгоо ярьж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байдгаа илэрхийлж байна. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд бид ямар нэгэн зүйлийг хийсвэрээр бус бодитоор барьж, харж, мэдэрч байж л итгэдэг, үнэмшдэг.

Энэ бол бидний нэг онцлог. Тэгвэл бид пропорциональ давамгайлсан хувилбарыг сонгоод хэдхэн намын нэр бичсэн саналын хуудас сонгогчдод өгч, бөглөхийг тулгах эрх байхгүй. Бид хүм үүсийн сонгох, сонгогдох эрхийг хангаж, монгол төрийг монголчууд бүгдээрээ хамтдаа байгуулах хувилбарыг л дэвшүүлж байгаа.

Түүнээс гадна Үндсэн хуульд иргэд төрд өөрсдийг нь төлөөлөх УИХ-ын гишүүнээ чөлөөтэй, шууд сонгох эрхтэй гэж заасан. Намын нэрээр сонгоно гэсэн заалт энэ хуульд байхг үй. Манай хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж олон асуудлыг шийдэж байгаа ч Үндсэн хуулийг зөрчиж элэг бөөрөөрөө нийлж болохг үй. МАН ард түмнийхээ шууд оролцоотойгоор иргэнд ойрхон төр байгуулахыг хүсэж байна.

Харин АН-ынхан пропорциональ хувилбарыг сонгож, ард түмнээсээ хол байхыг хүсээд байна шүү дээ. Намуудын төлөвшил, улс төрийн соёл, санхүүжилт, боловсон хүчний механизм нам давамгайлсан сонгуулийн тогтолцоогоор явахад бэлэн байна уу гэдгийг бид бодолцох ёстой.

Барууны нам атлаа илт хэт зүүний хандлага гаргаад, үзэл баримтлал, үйл ажиллагаа нь зөрчилддөг, эдийн засгийн тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалан фракцад хуваагдсан намууд олон байгаа нөхцөлд пропорциональ давамгайлах нь сөрөг үр дагавартай.

Сонгуулийн энэ хоёр тогтолцоонд хоёуланд нь сайн, муу тал бий. Тиймээс хоёр хувилбарын сайн талуудыг нь нэгтгэн холимог тогтолцоог сонгож байгаа юм.

-Манай улстөрчид гадаадын улс орны дамжаа төгсөж ирээд түүнийгээ дэлхийн хэмжээний сургууль төгссөн мэтээр ярьж, хагас хугас сурсан гаднын үг хэллэг хэрэглэж, их мэдэгчийн дүрд тоглох юм. Монголын төрд монгол ухаан хамгаас их үгүйлэгдэж байгаа биш үү?

-Гаднынхныг тахин шүтэх хандлага их байна. Даяаршиж буй нөхцөлд бид удам судраа, монгол ёс заншлаа дээдлэн үндэсний ухамсраа дээшлүүлж байж дангааршиж, монголоороо үлдэнэ. Хэт мэдээлэлжсэн, механикжсан, техник шүтэж ирсэн улс орнууд байгаль эхийн өмнө хүчин мөхөсдөж, өнөөдөр эргээд эх дэлхий, байгалиа хамгаалах асуудалд анхаарч, ногоон эдийн засаг, гэр бүлийн эрхэм үнэт зүйлсийн талаар ярих болжээ.

Бид энэ бүгдийг харсаар, мэдсээр байж өөрсдийн онцлог, давуу талаа үл хайхарч, бусдыг хэт даган дуурайж, буруу замаар будаа тээгээд байна уу даа хэмээн бодогдоод байгаа.

-Цөөн хэдэн хүн эх орны баялгийг хувааж иддэг, эрх мэдэл хэдхэн хүний гарт байхыг ардчилал гэж хэлж болохгүй байх. Гэтэл манай улсын эрх мэдлийг цөөн хүн гартаа авч, намын эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавих болжээ.

-Тийм байж таарахгүй л дээ. Сонгуулийн хуулиа боловсронгуй болгох явцад ч ийм зүйл ажиглагдаж байна. Намыг бус хүнээ сонгох хэрэгтэйг бид өнгөрсөн хугацаанд ойлгосон атлаа намаа сонгох хувилбар руу гүйх ямар шаардлага байна вэ. Улс төрд цус сэлбэх, шинэ уур амьсгал хэрэгтэй байгааг бид ярьдаг хэрнээ тэр боломжийг нь хязгаарласан хаасан сонгуулийн тогтолцоог яагаад дэмжээд байгаа юм бэ гээд олон асуулт хөвөрч байна.

Х.Оюунсүрэн


Monday, 27 December 2010

Я.СОДБААТАР: "Д.Сүрэнхортой нэг намд байсан төдий."

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатартай уулзаж ярилцлаа.


-МХЕГ нөлөө бүхий эзэн­тэй томоохон аж ахуйн нэг­жийг шалгадаггүй. Харин жижиг аж ахуйн нэгжийг амраадаггүй гэх?

-Өнөөгийн эрх зүйн хүрээнд иргэдэд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж эхлэж байна. Тодруулбал, хам­гийн эрсдэлтэй хэсэгт хяналт шал­­галт төв­лөрөх ёстой. Магад­­­гүй дав­там­жаараа жижиг аж ахуйн нэг­жийн тоо их. Энэ ут­гаараа хяналт шал­гал­тад хам­рагдаж бай­­гаа тоо нь ч их. Тэрийгээ дагаад ний­гэмд жижиг аж ахуйн нэг­­жийг л шал­­гасан юм шиг өнгөц харагд­сан байх. Томоо­хон аж ахуйн нэгжийн тоо нь өөрөө цөөн.

Мэргэжлийн хя­налтын бай­­гуул­лага бү­хий л бай­гуул­лагыг хя­наж, шалгах эрхтэй. Шал­гаж ч байгаа. Хяналт, шалгалт өөрөө хараат бус байх ёстой. Хэн нэгэн улс төржөөд, хөрөнгө мөнгөтэй хүний хараат болвол утга нь алдагдах нь тэр.

-Улстөрчид, биз­нес­мэ­нүүд­тэй мэргэжлийн хянал­тын байгууллага нэг түрийвч­тэй. Иймээс тэдний төлөө, тэдний эрх ашгийн төлөө ажил­лаж байна гэх хардлага нийгэмд байдаг?

-Олон хүн ажилладаг болохоор ганц, хоёр бай­цааг­чийн асуудал байхыг үгүйс­гэхгүй. Харин ерөнхийд нь аваад үзвэл тийм асуудал байх­гүй. Хардах эрх хүн бүрт бий. Ямар нэгэн баримт байвал аваад ирвэл асуудлыг шалгаад шат шатандаа шийдвэрлэнэ.

Манай байгууллага бай­цааг­чийн ёс зүйтэй холбоотой асуудлыг их өндөрт авч үзэж байгаа. Төрд ажиллаж байгаа хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Иймд МХЕГ дэр­гэдээ ёс зүйн дүрэмтэй Ёс зүйн хороотой болсон.

Монгол төрийг муулах нь түүний дархлааг сулруулдаг

-Мэргэжлийн хяналтын байгууллага мөнгөний их уурхай гэлцэх нь бий. Тэр ч бүү хэл, амархан баяжъя гэвэл улсын байцаагч бол гэх аман үг ч байдаг. Шинэхэн байцаагч жилийн дараа л гэхэд хаусанд амьдарч, жийп хөлөглөдөг гэх юм?

-Тийм юм байхгүй. Бид чинь хуулийн хүрээнд ажил­лаж, амьдарч байна. Хэрэв тийм мэдээлэл байгаа бол нийтээр хамруулж болохгүй. Монголын төр муу, хүнд сур­талтай гэдэг. Төрд ажиллаж байгаа хүн бүр муу гээд байж болохгүй. Энэ нь Монгол төрийн дархлааг сулруулдаг үзэгдэл. Хардах эрхтэй ч гэсэн ёс зүйтэй, аль аль талдаа байх ёстой. Тодорхой баримт байх юм бол үзэж шалгаад нийтэд мэдээллэх боломжтой.

-Улсын байцаагчийг ав­лигаас ангид байлгах дээр мэргэжлийн хяналтын бай­гуул­лага ямар ажил хийж бай­на вэ?

-Авлигаас ангид байхын тулд хэд хэдэн чиглэлээр ажил­лаж байна. Нэгдүгээрт, ёс зүйн хороо гээд механизмыг нь тог­тоож өглөө. Хоёрдугаарт, Олон нийтийн зөвлөл дэргэдээ бай­гуулсан. Олон нийтийн зөвлөл, олон нийтийн төрийн бус бай­гууллага, мэргэжлийн хол­боо­нуудын хөндлөгийн хяналтыг тавиулах хэрэгтэй. Тухайлбал, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн багтсан. Тэд танай байцаагч болохгүй бай­на гэж хэлэх бүрэн эрхтэй.

Мөн Авлигатай тэмцэх газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтраад авлигын эсрэг Орон тооны бус зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл нь нэгдсэн хөтөлбөр гаргаад шат дараатай арга хэмжээ авч байна. Соён гэгээрүүлэх, зохион байгуулах, сургалт сурталчилгааны арга хэмжээ гээд олон зүйл бүрдэж байж авлигаас ангид ёс зүйтэй тө­рийн алба төлөвшинө. Үүнийг хийх төлөвлөгөө гар­гаад ажиллаж байна.

320 гаруй стандарт амьдралд нийцэхгүй байна

-Чанаргүй барилга ол­широх боллоо. Энэ бүхний цаана мэргэжлийн хяналт буруутай гэх. Учир нь анхнаас нь стандарт дагаж мөр­дүүлэх тал дээр хойрго ханд­даг гэх асуудал байдаг. Нэгэнт баригдсан барилгыг нураах боломжгүй гэсэн хариулт өгөх нь ч бий. Тэг­вэл иргэд чанаргүй баригдсан байшиндаа амьдарсаар байх гэж үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхой барил­гуудыг нурааж байсан. Монгол Улсад үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж өөрөө бас нийгмийн өмнө хариуц­­­лага хүлээх ёстой. Нэг талдаа тухайн аж ахуйн нэгж эрх эдлээд ашиг олж байна. Тэгвэл бас хариуцлага хүлээ л дээ. Тэр утгаараа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, стан­дартыг чанга даган мөрдөн ажиллах хэрэгтэй.

Мөн эрх зүйн орчин нь өөрөө боловсронгуй байх ёс­той. Хууль нь хийдэлгүй, стан­дарт нь амьдралд нийцсэн. Ул­сын байцаагч цагаан дээр хараар бичсэн тэр хуулийн дагуу л ажилладаг. Гэтэл зарим хууль, стандарт нь амьдралд нийцэхгүй байх нь энүүхэнд. Сал­барын 20 хууль, нийт 320 гаруй стандартыг яаралтай шинэч­лэж амьдралд нийцүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, Зайсангийн аманд байгаа олон барилга байгууламжийн асуудал. Эдгээр барилга нь Монгол Улсын Тусгай хам­гаалалттай бүс нутагт баригд­чихсан.

Өөрөөр хэлбэл, орон сууц барьж болохгүй, аялал жуулч­лалын зориулалттаар газар олголт явагдах ёстой. Гэтэл олгогдоод барилга нь сүн­дэр­лэчих­сэн. Богд уулын аман дахь барилга бай­гуулам­жийг шалгаж дүнг нь УИХ, холбогдох байнгын хороо, яаманд хүр­гүүлсэн.

Эндээс харахад тэнд баригд­­сан барилга байгууламж дээр улсын комисс ажиллах боломжгүй байгаа юм. Сал­барын яам нь холбогдох хуу­лийн гарцыг гаргаж, хэрэг­жүүлэх ёстой. Тэр хууль зөрч­сөн хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй.

-Нийслэлд баригдаж бай­гаа барилгын хувьд?

-Улаанбаатар хотын хэм­жээнд баригдаж байгаа барил­гад тодорхой хэмжээний стан­дарт мөрдүүлэх, арга хэм­жээнүүд хэрэгжүүлж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт харилцан адилгүй. Зөв зүйтэй талаас нь авч хэрэгжүүлэх гэж оролдож байна.

-Эрх зүйн орчин бий гэж үү?

-Хуульд бий.

Үйл ажиллагаа нэг байхыг дэмжинэ,

харин ...

-Мэргэжлийн хяналтын байгууллага, Гаалийн ерөн­хий газар нэг удирдлагатай байх санал яригдаж байна. Та ямар бодолтой байна?

-Гаалийн байгууллага манай байгууллага хоёрын хооронд нэгдсэн хяналт, шал­галтын менежмент хэрэг­жүүл­нэ гэдэгт санал нэгтэй байгаа. Удирдлагын толгойг нийлүүлэх нь хоёр дахь асуудал байх аа л гэж бодож байна. Барууны болон бусад орнуудад байдаг жишгийг харах юм бол чиг үүрэг нь шал өөр. Гаалийн байгууллага бол барааны код­чилолыг тогтоогоод, хураамж аваад явдаг. Харин мэр­гэж­лийн хяналт барааны чанар, стандарт, хорио цээрийг хан­гуулахын төлөө ажилладаг. Магад­гүй ГЕГ-ын ажилчдын ихэнх нь хуульч, эдийн засагч байдаг бол манай улсын бай­цаагч нар стандарт, техник, ургамал, хорио цээрийн малын эмч. Мэргэжил нь хүртэл өөр. Төрийн байгууллагуудын уял­даа холбоог хангах үүднээс хил дээр байгаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн менежментэд оруулах нь зүйтэй. Санал нэгтэй байгаа болохоор эхний алхмаа ч хий­сэн. Хил дээр байгаа бүх төлбөр хураамж, тооцоог нэг цэгийн үйлчилгээгээр хийдэг болсон. Ингэснээр гаалийнхан татвар аваад, мэргэжлийн хяналтын байцаагч хариуцлага, хураамж аваад байдгаа больсон. Энэ мэтчилэн үйл ажиллагаа нь нэгдсэн менежментэд орохыг дэмжиж байгаа. Удирдлагын асуудал бол Засгийн газрын шийдвэрлэх асуудал.

Би “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанитай ямар ч холбоогүй

-Д.Сүрэнхорыг хамгийн сайн мэдэх хүн бол таныг гэж Б.Ганбаатар хэлээд байгаа. Та энэ дээр албаны ёсны байр сууриа илэрхийлээч?

-Бид МАХН-ын бай­гуул­лагад нэг үе хамтарч ажиллаж байсан. Нэг үеийн залуучууд. Бие биенээ мэднэ. Ажлын хэргийн төдий. Бусдаар бол би сайн мэдэхгүй.

-Б.Ганбаатар гэдэг хүнийг та хэр мэдэх вэ?

-Үйлдвэр худалдааны дэд сайдаар ажиллаж байхдаа Б.Ган­­­баатарыг ажлаас нь халж байсан удаатай. Тухайн үед битгий халаач гэж гуйж бай­сан. Тэрэндээ л шарлахаж явдаг бололтой юм шиг байна лээ.

-Хувийн өс хонзон санаж, тэгж хэлсэн байж болно гэсэн үг үү?

-Магадгүй л юм.

-“Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн цаад эздийн нэг нь таныг гэдэг. Таныг тус компанийг цээжээрээ хамгаалдаг гэх нь ч бий?

-Би энэ компанитай ямар ч холбоо байхгүй. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ком­пани БНХАУ-ын төрийн өмчит компани. Энэ компанийн үйл ажиллагаанд манай бай­гуул­лага удаа дараа шалгалт хийж байсан. Хамгийн сүүлд 2009 оны аравдугаар сард шалгалт хийсэн. Шалгалтын дагуу зохих арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хууль яаж үйл­чилдэг үү, түүний дагуу “Петро­чайна Дачин Тамсаг Монгол” компанид үйлчилж байгаа.

-Шалгалтын дүнг газрын даргын зөвлөлийн хурал­даанаар оруулж нийтэд мэдээл­­­лэдэг журам МХЕГ-т үйлчилдэг байсан. Харин “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн шал­галтын дүн өнөөг хүртэл дар­гын зөвлөлийн хурлаар ч ор­сон­гүй, нийтэд мэдээ­лэгд­сэн­гүй. Үүний цаана ямар нэгэн учир байна уу?

-Улсын байцаагч өөрийн­хөө мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Үүний дагуу асуудлыг шийдвэрлээд яваг­даж байгаа. Заавал хурлаар оруулж, нийтэд мэдээллэх ёстой гэсэн зүйл байхгүй. Газрын даргын хуралдаанаар оруулахгүй хаалт хийсэн асуу­дал ч байхгүй. Хувь хүний зүгээс оролцсон зүйлгүй.

Л.НИНЖСЭМЖИД

EH SURVALJ: NIIGMIINTOLI.MN

Saturday, 25 December 2010

Я.СОДБААТАР: "МАХН ТҮҮХ БОЛОН ҮЛДСЭН"


Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Төрийн албанд шинэчлэл эхлүүлж байна гэж яриад байсан хүн долоо хоногийн баасан гарагт нь ажлаасаа түтгэлзээд, хагас сайнд нь Ардын намын их хурлын гишүүн болж, нэгдэх өдөр нь нарийн бичгийн даргаар сонгогдох нь бас их сонин үзэгдэл юм шиг санагдсан. Мэдээж тэр хүн нь та. Тэгэхээр яагаад тууштай ажиллана гэж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албанаасаа шууд татгалзах болсныг тань эхлээд асууя?


-Би 1995 оноос намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар сонгогдож ажилласнаас хойш энэ намтай ажил, амьдралаараа холбогдсон. Тэгээд Төрийн албаны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2009 оноос намаасаа түдгэлзээд, төрийн албанд зүтгэсэн. Харин XXVI их хурын үеэр намын удирдлагууд намдаа ирж ажиллах талаар санал солилцсон. Ингээд улс төрийн сонголтоо хийгээд л намдаа эргэж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын чадварлаг мэргэжсэн хамт олонтой хамтран ажиллаж хяналтын шинэчлэлийг эхлүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын менежмент нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Ер нь манай улсад төрийн албаны цогц шинэчлэлийг ойрын хугацаанд хийх зайлшгүй шаардлага байгаа гэж бодон өөрийнхөө боломжоор л оролцож яваа хүн.

-Намдаа ирээд ажиллахад сэтгэгдэл хэр байна. Хүмүүс, “Нам маань…” гээд л нэг их зүйл ярьдаг даа. Мэдээж таны хувьд түр л түдгэлзсэн болохоос бус Ардын намаас нэг их хол байгаагүй л болов уу. Тийм үү?

-Намдаа ажиллах болсон энэ цаг хугацаа маань бас нэлээд ачаалалтай үе байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн чимээ сонсогдож, дуу нь ойртож буй үе байна. Мөн Монгол Ардын нам гэсэн уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож, намд шинэлэг залуу удирдлага гарч ирэн шинэчлэлийг идэвхжүүлж, намын 90 жилийн ойг тэмдэглэхийн өмнө би ирж байгаагаараа онцлогтой л доо. Тэр тусмаа XXVI их хурлаараа өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирээдүйн 20 жилийн зорилт хөтөлбөрөө тодорхойлон дэвшүүлсэн үед ирж ажиллаж байгаагаа би намын нөхдийн минь надад үүрүүлсэн том даалгавар гэж ойлгож байгаа. Том ачаа даалгаж байна гэж хүлээн авсан. Залуу хүний хувьд аливаа ажлын саналыг ачаа ирж байна, хариуцлага ирж байна л гэж ойлгодог. Харьцангуй залуугаасаа улс төрд зүтгэж, үеийнхнийхээ төлөөлөл болж яваа учраас хариуцуулсан ажлыг хийсэн шиг хийхийг л хичээдэг.

-Уугуул нэрээ сэргээсэн Ардын намын нарийн бичгийн дарга нь яагаад заавал Содбаатар байх ёстой гэж. Боловсон хүчний хангалттай нөөцтэй гэж магтдаг намд өөр нарийн бичгийн дарга болох байгаагүй хэрэг үү?

-Манай намд чадалтай, энэ ажлыг аваад явчих маш олон залуу байгаа нь үнэн. Гэхдээ хариуцлагыг үүрч яваа намын удирдлага залуучуудын санал бодол, хувь хүн талаас нь харгалзсан байлгүй дээ. Бага хурлын гишүүд ч бас маш өндөр хувиар намайг сонгосон нь итгэл хүлээлгэж байгаагийн илрэл болов уу.

-Та Ерөнхий сайд С.Батболдыг анх УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажилласан байх аа?

-Тийм ээ. Ер нь бол намын даргатай 2000 оноос эхлээд хамтарч ажилласан. Хүнийхээ хувьд ч бид ойрхон байдаг. 2004 онд С.Батболд сайдыг УИХ-д нэр дэвшихэд нь ерөнхий менежерээр нь ажилласан. Дараа нь Үйлдвэр, худалдааны сайд болоход зөвлөхөөр нь ажиллаж байсан гээд ажил төрлийн хувьд байнга холбоотой явж ирсэн.

-Тэр томилгоо таны хувьд улс төрийн анхны томилолт байсан уу?

-Намаас томилогдож, улс төрийн албанд очсон ажлын хувьд анхных байсан. Гэхдээ би өмнө нь төрийн албанд, Шинжлэх ухааны академид ажиллаж байлаа.

-Саяхан таныг У.Хүрэлсүх даргын мөнхийн цэрэг гэж бичсэн байсныг уншсан юм байна?

-Намайг лидерүүдтэй ямар холбоотой вэ л гэж асуугаад байх шиг байна аа даа.

-Үгүй ээ. Тэр сэтгүүлчийн дүгнэлтийн талаар өөрийг тань ямар бодолтой байгааг л мэдэх гэсэн юм?

-Манайхан нэг залуу хүн гараад ирэхээр л энэ тэрний хүн байх. Тэр лидер ард нь байгаа гэж харддаг хандлагатай болчихсон байна л даа. Нийгэмд гайгүй байр сууринаас гараад ирэхээр л тэгж яриад эхэлдэг шүү дээ. Тэр утгаараа намайг намын өндөр албан тушаалд ирэхээр бас л одоогийн удирдлагыг хардаж байгаа нь ойлгомжтой. Ер нь аливаа ажлыг хийхэд зөвхөн хувь хүний нэр төр бус багийн менежмент гэдэг их чухал байдаг. Энэ үүднээсээ намын удирдлагатай шинэчлэлийн төлөө хамгийн ойр ажиллах албан тушаал бол яах аргагүй намын нарийн бичгийн дарга. Тиймээс ч намын удирдлагууд надад итгэж энэ албан тушаал дээр авчирсан байх. У.Хүрэлсүх даргатай би 1995 оноос энэ намын оюутан, залуучууд байгууллагуудад хамтран ажиллаж эхэлсэн. Тэр үед би оюутан. Хүрэлсүх дарга намын залуучуудын асуудал хариуцсан улс төрийн ажилтан байсан. Тэр үеэс хойш бид ойрхон байж ирсэн. Миний хуурай ах шиг хүн. Болохгүй зүйлээ нэг нэгэндээ хэлж, урам өгөх үедээ өгч л ирсэн. Алдвал нэгнээ түшиж, амжилт гаргавал дэмжиж л явдаг. Нэг ёсны журмын анд нөхдүүд. Бид хоёрт хамтдаа унасан ч үе бий. Боссон ч үе байдаг. Олон зүйл дээр нэг нэгэндээ дэм болж явсан. Ингэж олон жил хамтарч байгаагийн цаана энэ намын олон залуучуудын итгэл, сэтгэл тээгдэж ирсэн. Үүнийг мөнхийн цэрэг хамтрагч гэж хэлж байгаа бол би үгүй гээд эсэргүүцэхгүй ээ. Ер нь хүн нөхөрлөлдөө үнэнч, найз нөхдийнхөө төлөө галд орж, галзуу барын өмнөөс архирдаг байх хэрэгтэй шүү дээ.

-Та нарын үеэс эхэлж залуусын амбицыг хөөргөх, улс төрийн талбарт эрч хүчтэй, бас эрх ашгаа тунхаглаж орж ирэх үүд хаалгыг нээсэн гэж ярьдгийг хүлээн зөвшөөрөх үү. Зөвхөн сайн талаас нь бус улс төрийн шуналыг өдөөсөн гээд л?

-Өнөөдөр хэнд ч улс төрийн сонголт хийж, намд элсэх нь чөлөөтэй зүйл. Нам бус байх эрх ч нээлттэй. Хэрэв элсээд таалагдахгүй бол гарч ч болно. Энэ бол чөлөөтэй шүү дээ. Нийгмийн мөн чанар нь ийм учраас залуусын сонголтыг тэгж хэлж болохгүй л дээ. Манайхан сүүлийн үед минийх явахгүй бол бусдынх урагшилж болохгүй. Энэ хүний үзэл бодол минийхээс зөрж байгаа юм чинь буруу гэж хандаад байна. Тэгж болохгүй л дээ. Мэдээж улс төрийн намыг сонгоод орж байгаа залууст би хувьдаа амбиц байх ёстой гэж боддог. Гэхдээ зөв амбиц байх ёстой. Албан тушаалын гэхээс илүүтэй ажил хийе, улс орноо хөгжүүлье, сурсан мэдсэнээ ажил амьдралд хэрэгжүүлье, хувь нэмрээ оруулъя гэсэн зөв амбиц байх ёстой. Харин өөрөө болоогүй байж, өөрөө бэлтгэгдээгүй байж албан тушаалын амбиц гаргах нь зохисгүй. Залуус өөрийгөө боловсруулахад цаг гаргаж, ачаа даах тэнхээтэй байх хэрэгтэй. Манай намын залууст албан тушаалын амбиц харин ч бага байдаг гэж би боддог шүү. Манай нам 1990 оноос хойш бараг дангаараа засгийн эрх бариад байгаа болохоор тэгж харагддаг байж магадгүй. Зарим нам шиг юм л болохоор албан тушаалд очдог цөөхөн хэдхэн хүний хүрээнд эргэлдэж болохгүй шүү дээ.

-Ярилцлага унших уншигчид ч “Яг ш дээ” л гэх байх?

-Манай нам цаг үеийн шинэчлэлийг зөв зохистой хийж чаддаг нам. Үүгээрээ ч залуучуудыг дэмжиж, шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж итгэл үзүүлэн хариуцлагатай албанд томилж байгаа нь зөв бодлого шүү дээ. Ер нь амбицыг юу гэж ойлгохоос ихээхэн шалтгаалаад байгаа юм.

-Залуус ч гэж 1970-аад оныхон л “хаанчлаад” байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Нэг их тийм тодорсон зүйл байхгүй. Манай намын нэг давуу тал бол үе хоорондын эв нэгдлийг маш их бататгаж чаддаг. Ахмад, дунд, залуу үеийнхний хамтын ажиллагаа, уламжлал шинэчлэлийн зөв хослол бол бидний давуу тал, үнэт зүйл. Бага хуралд хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуусын төлөөлөл 30 гаруй хувьтай л байгаа.

-Энэ чинь их том үзүүлэлт шүү дээ. Заавал 50 юмуу, 51 хувь хүрснээр өндөр үзүүлэлт гэж хэлж болохгүй болов уу. Тэр тусмаа улс төрд?

-Би тэр утгаар нь хэлээгүй ээ. Сүүлийн үед сонин хэвлэлд Бага хурлын талаар сөрөг, худал мэдээлэл их явж байна. Би энд бодитой тоо баримт хэлье. Бага хурлын гишүүдийн 32 хувь нь бизнесийн төлөөлөл байгаа. Мөн 40 хүртэлх насны залуучууд 40-өөд хувийг, 40-55 насныхан 40 гаруй хувийг эзэлж байна. Бага хуралд 15 хувь байсан эмэгтэйчүүд 25.1 хувьд хүрсэн гээд статистик тоог хараад нэгийг бодож хоёрыг тунгаана биз дээ.

-Тэгвэл яагаад С.Молор-Эрдэнэ, Н.Удвал гэсэн сөрөг байр суурьтай хүмүүсийн үгийг сонсохгүй байгаа юм бэ?

-Манай нам бол ардчилсан, орчин үеийн нам. Аливаа асуудлыг бүх талаас нь авч үзэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлэлцдэг.Тэгээд олонхиороо шийдвэр гаргасан бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж ажилладаг. Ардчилал байна гэж үзээд л эмх замбараагүй, анархи байж болно гэвэл энэ чинь ардчилал биш. Ц.Шинэбаяр гишүүн гэхэд Бага хурлын гишүүн. Тэр хүн хувь хүнийхээ бодлоор сонголтоо хийгээд УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс гарна гэвэл гарах л байх. Энэ бол өөрийнх нь сонголт. Зүгээр энэ намын нэрээр сонгогдож, энэ намын дэмжлэгээр өдий хүртэл явчихаад, тэр хүний төлөө өдөр, шөнөгүй нохойнд хазуулж, нойроо хугаслаж зүтгэсэн олон мянган гишүүдийнхээ итгэл зүтгэлийг хөсөр хаяж, намын нийтлэг эрх ашгийн эсрэг, дотор нь хагалан бутаргах үйл хийж байгаа нь нэгд хууль зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ёс зүйн талаасаа жудаггүй л үйлдэл гэж хэлнэ дээ.

-Гэхдээ тэр хүн та нарын бодож олсон шинэчлэлд бус зөвхөн МАХН гэсэн өөрийнхөө итгэл үнэмшилдээ харин ч үнэнчээр үлдэж байж болох юм биш үү. Та нарын сөрөг тайлбар бусдад зөв санагдахад Ц.Шинэбаяр гишүүний бодлыг бүр ч зөв гэж дэмжих гишүүн энэ намд байж л байгаа шүү дээ?

-Тэр хүний бодол өөртөө л зөв байх. Гэхдээ хүн аливаа нэг нам сонгоход зарим эрх нь хязгаарлагддаг гэдгийг их сайн бодох хэрэгтэй. Тухайн намын олонхи гишүүн итгэл үнэмшлээрээ зөв гэж шийдсэн асуудлыг дагах ёстой болдог. Түүнээс бус өнөөдөр ийш тийш гүйгээд байвал анхнаасаа нам сонгоод хэрэггүй байхгүй юу. Би тэдний энэ үйлдлийг зарим нэг эрх ашигтай нь холбоотой үйлдэл болов уу гэж харж байгаа. Бас буруу зөрүү ойлгосон ч зүйл байж магадгүй л дээ. Гол нь тэрийгээ ойлголцох хэрэгтэй. Цаашдаа ойлголцоод явах байлгүй дээ. Намын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь албан ёсоор хэлсэн. Бид унаган нэрээ л сэргээсэн. үүнийг гэнэт нэг өдөр одоогийн удирдлага гаргаж ирээгүй байхгүй юу. 1990 оноос хойш байнга яригдаж байсан асуудал. Хамгийн сүүлд XXIV их хурлын үеэр “Одоо Ардын нам болно” гээд хүлээгээд сууж байхад “Эрх зүйн асуудал байна аа” гээд л хойшилж байсан. Бас 1997 онд намайг Баянзүрх дүүргийн намын үүрийн дарга байхад нэрээ сэргээе, туг логоогоо өөрчилье гэсэн хэлэлцүүлгийг намын хэмжээнд хийж л байсан. Зүгээр эсрэг санал гаргаад байгаа хүмүүсийг харахад ерөнхийдөө олон нам дамжиж байж манайд орсон, бас их сүүлд гишүүнчлэлтэй болсон, бас өөр намын хүмүүс ч байх шиг харагдсан. Тийм болохоор түүх уламжлал, шинэчлэлийг сайн мэдэхгүй байж магадгүй.

-Их хурлын үеэр У.Хүрэлсүх даргыг “Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Хүмүүсийн зарим нь аймшигтай гэдэг дүгнэлт хийхэд нөгөө хэсэг нь сэтгэл хөөрч, догдолсон гээд л яриад байгаа?

-Өнөөгийн нийгэм бол социализм шиг уриагаар явдаг нийгэм биш л дээ. Гэхдээ аливаа намын, тэр тусмаа төрийн бодлого тодорхойлж байгаа улс төрийн хүчний хувьд манлайлал их чухал. Үүн шиг тухайн намын удирдлага ч тэр нийгэмд манлайлагч байх ёстой. Манлайлагч байж л нийгмийг дагуулна. Манайд улс төрийн нам нь манлайлагч бус шүүмжлэгчийн байранд оччихсон. Нийгмийнхээ хөгжлийн хурдыг гүйцэхгүй араас нь чулуу шиддэг байж болохгүй. Манай намын XXVI их хурал дээр анзаарагдсан нэг гол зүйл бол хөгжлийн асуудалд бид манлайлах ёстой юм байна. Бид манлайлагчийн байр суурин дээр очсон байна гэдгийг баталж өгсөн.

-Гэхдээ 1921 онд эргэн очсон юм шиг. Нэг л аймаар сэтгэл сэрдхийлгэсэн сэтгэгдлийг олон хүн илэрхийлсэн?

-Манайхан бас их сонин хүмүүс шүү. Тэгж хэлээд байгаа хэрнээ 800 жилийн өмнөх цаг үед очихсон гээд байдаг биз дээ. Бүгд л Чингисийг ярьдаг. Энэ чинь их зөв байхгүй юу. Түүхийнхээ үнэ цэнийг өргөж, түүнийгээ үнэлнэ гэдэг чинь улс орон сэргэн мандаж байгаагийн илрэл. Иймд түүхээ үнэн зөвөөр нь бичих нь их чухал. Урагшаа хол алхахыг хүсч байгаа бол арагшаа илүү хол хар гэсэн үг байдаг. Бидний хувьд тэгж л ажиллаж байна.

-Ардын нам одоо яг хэдэн уриа, лоозонтой байгаа вэ. Тал бүрээс л баахан уриа гаргаад, тэр тухай мэдээллээр нийгмийг “бөмбөгдөөд” байгаа харагддаг?

-Би наад үгийг чинь зөвлөгөө өгч байна гэж ойлгож байна. Манай пиарын бодлогыг хэт сарнилттай байна гэж зөвлөж байна гэж ойлголоо.

-Уучлаарай. Энэ бол асуулт. Ерөнхийдөө тэр бүх хоосон урианаас алийг нь гол болгох гээд байгааг ойлгохгүй байгаа болохоор асуусан юм. Тухайлбал, та гэхэд алийг нь гол болгож ажиллах вэ?

-Нийгэм уриа лоозонгоор явна гэж байхгүй. Тэр утгаараа эрмэлзэх зүйл, эрхэм зорилгынхоо хүрээнд л ажиллана.Намын бодлогын цөмд үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх, Монгол хүнийг дээдэлсэн бодлого байна. Монгол сайхан орныг монгол хүн, монголчууд л хөгжүүлнэ гэж боддог. Энэ уриагаар л ажиллана даа.

-Та одоо аль намынхаа үнэмлэхтэй байгаа вэ. МАХН гэсэн үнэмлэхээ солисон уу?

-МАХН-ын бүх л түүх бол Ардын намын түүх. Энэ хоёр бол нэг зүйл. Үнэмлэхийн шинэчлэлийн асуудлыг бид ярьж байгаа. Цаг хугацааны хувьд хэдийд вэ гэдгийг хэлэхэд одоогоор бэлэн бус байна. Намынхаа гишүүдийн саналыг сонсоно. Загвар нь ямар байх вэ гээд техникийн асуудлууд байна. Дахин хэлэхэд МАХН одоо түүх болон үлдсэн. Эрх зүйн хүрээнд ч, бидний амьдралд ч МАХН-ыг дахин байгуулах боломж хаалттай.

-Үнэмлэх солихтой зэрэгцээд нийт 160 мянга гаруй гишүүний дунд цонх гарна гэсэн тооцоо бий юү. Анхнаасаа энэ шинэчлэлийн эрсд­лийг тооцоолж байсан биз дээ?

-Одоогоор намаас гарна гэсэн хүн алга байна. Ганц хоёр хүн л байр сууриа илэрхийлснийг эс тооцвол шүү дээ. Сая намын анхан шатны үүрийн хурал хийхэд ч тиймэрхүү эсрэг саналтай гишүүн гараагүй. Мэдээж том нам учраас энэ олон гишүүний дунд байр сууриа илэр­хийлж, цаг үеийг далимдуулан то­дорч гарахыг хүссэн явуургүй хүн байгаа л байх.

-Энэ явуургүй гэдэг дүг­нэлтдээ та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамруулах уу?

-Н.Энхбаяр дарга намын XXVI их хурлаас хойш байр сууриа илэрхийлээгүй байгаа болохоор би хэлж мэдэхгүй байна.

-Н.Энхбаярын талын­хан МАХН гэсэн нэрээ авч үлдэх гэж на­мын түр штабыг хүртэл нээсэн байгаа?

-Би яг өнөөдөртөө Н.Энхбаяр даргын өөрийнх нь бодлыг мэдэхгүй байгаа учраас ямар нэг үг хэлэх боломжгүй байна. Зүгээр, шинэчлэл буруу гэж үзээд байгаа хүмүүсийн хувьд эхний удаад “Намын нэр со­лих бол асуудал биш. Гол нь үйл ажиллагааны шинэчлэл хийх хэ­рэгтэй” гэж байсан. Гэтэл намын нэ­рийг солиод, бодлого зорилтоо то­дорхойлж үйл ажиллагаагаа шинэч­лээд ирэхээр “Намын нэр чу­хал” гээд ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө ло­гикийн зөрчилтэй байгаа биз дээ. Зүгээр тэд бодлогын шинжтэй асуу­далд маргаан өрнүүлсэн бол өөр хэрэг. Тэгэхэд зүгээр л дургүй­чүү­дийн арми байгуулаад л, түр штаб нээж болохгүй. Улс төрд энэ бол оновчтой зүйл биш. Нам дотор жигүүр байгуулдаг олон улсын жишиг бол бодлогын асууд­лын талаарх эсрэг, тэсрэг са­нал байдаг. Түүнээс бус хуулийн хү­рээнд хийгдсэн шинэчлэлийн эсрэг хууль бус үйлдэл хийж болохгүй. Тэгсэн хэрнээ МАХН-даа хайртай гээд л. Тэгээд ч Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бараг зур­гаан удаа нэрээ сольсон. Тэр үед хүмүүс маргаан дэгдээж байсан уу. Мэдээж аливаа шинэ зүйл, шинэчлэлийг эсэргүүцэж хуучнаа санагалзах цөөнх байдаг учраас эсэргүүцэх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ирж буй цагийн аясаар эвэндээ ороод явна биз дээ.

-Харин ч тэд та нараас илүү МАХН гэдэг нэрэнд хайртайдаа нэр төр, карьераа золиослон зүтгэж байгаа юм биш үү. Жирийн иргэдэд энэ үйлдэл бас таалагдаж л байгаа байх?

-Энэ намд хайртай бол эв нэгдэлд ч хайртай байх хэрэгтэй. Олонхийн гаргасан саналд хүндэт­гэлтэй ханддаг байх хэрэгтэй. Түү­нээс бус цээжээ дэлдсэнээр хайр­тай болно гэж байхгүй. Ер нь энэ шантаажны улс тө­рийг болиулмаар байна. Ажил өгөх­гүй бол хагална, бутаргана гээд гүй­чих­дэг байж болохгүй. Одоо бүр тийм шантаажны улс төр бараг хэвийн үзэгдэл болчихсон байна. Сүүлдээ хэн хүссэн нь ганц хоёр дэмжигчтэй болоод л, хэдэн төгрөг гаргаж, хэвлэлээр төлбөртэй мэдээ гаргуулаад л, түүнийхээ хүчинд ал­бан тушаалд очдог болчихвол болохгүй биз дээ. Тэр нь зөв юм бол анхан шатнаас нь улс төрд явж, энэ намд 20-30 жил зүтгэх ямар хэрэгтэй юм бэ. Утгагүй болно шүү дээ. Хүн бас тийм увайгүй байж болохгүй. Үнэхээр иймэрхүү хүмүүс нь намаас гарвал гарна л биз. Хүн хүний амьдрах арга өөр юм шиг байгаа юм л даа.

-Таны амьдрах арга тэгвэл юу юм бэ?

-Би зөв л байхыг хүсдэг. Хүн эргээд хэнтэй ч уулзсан нүүр бардам, хүн чанартай, хүнээрээ л байх ёстой гэж боддог. Ямар ч ажлыг хийсэн үр дүнг нь үзэж, хийсэн шиг хийх хэрэгтэй л гэж боддог.

-Дээр таныг хуралд үг хэлж байх үеэр Янгүгийн Содбаатар гэж зарласан чинь ганц нэг хүн “Янгүгийн гэхээр л сонин сон­сог­доод байдаг юм” гээд байсан?

-Миний аав насаараа багш хий­сэн, сайхан буурал бий. Их олон сайхан шавьтай. Миний аав, ээжийн хоёр талын удамд шашин, төрийн хүмүүс байсан. Аавын минь нэр содон, цөөн хэрэглэгддэг болохоор сонирхож байгаа байх. Буяндэлгэрэх, Буянарвижих гэсэн утгатай түвд нэр. Манайхан цэвэр төв халхын хүмүүс. Хүн ямар аав, ээжийгээ сонгож төрөх биш дээ. Содон нэртэй байгаа нь миний аавын буруу биш биз дээ. Тэгээд ч монголчууд олонхи нь түвд нэртэй байдаг шүү дээ.

-Мэдэхгүй хүнд хятад нэр шиг санагддаг юм шиг байна лээ?

-Улс төрд явахад янз бүрээр мушгиж, гуйвуулах зүйл бишгүй юм шиг байна. Сая намайг нарийн бичгийн даргаар сонгогддог өдөр гэхэд л “Өглөөний сонин”-д “Содбаатар бол ян овогтой хятад хүн” гээд биччихсэн байна лээ. Би одоо шүүхэд өгнө. Аав, ээж хоёр маань иймэрхүү мэдээлэл гарахаар их эмзэглэж хүлээж авдаг. Би өөрийнхөө тухай гарсан олон мэдээнд нэг их эмзэглээд байдаггүй. Зөвхөн аав, ээжийг маань иймэрхүү асуудалд оруулаад байх хэрэггүй юм болов уу гэж боддог.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин