Showing posts with label ЭНХБАТ Р.. Show all posts
Showing posts with label ЭНХБАТ Р.. Show all posts

Tuesday, 29 January 2013

Бин Ладеныг устгахад ухаанаа уралдуулсан монгол математикч

МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн Математикийн хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат.  Түүний математикийн ухааныг дэлхий хүлээн зөвшөөрч, тооцон бодох, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг бий болгосон нь монголчууд бидний бахархал. Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулж  яваа  түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
 -Юуны өмнө танд оныөмнө Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе.Математикийн шинжлэх ухаанд ямар шинэ онол дэвшүүлсэн гэж шагнасан юм бэ?
-Манай математикчдийн баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оны Төрийн соёрхол хүртсэн. Энэ бол бидний хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж байгаа хэрэг. Биднийг орчин үеийн математикийн шинэ чиглэл, түүний дотор хэрэглээний математикийн тооцон бодолт, оновчлолын онолын шинэ чиглэл, хандлагуудыг үүсгэж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийд харууллаа гэж үнэлсэн.
Уг бүтээл маань МУИС-ын Математикийн хүрээлэнгийн дөрвөн математикч эрдэмтэн багшийн  гаргасан онол юм. Тодруулбал, хэрэглээний математикийн хоёр гол салбар болох тооцон бодох, оновчлолын чиглэлээр бид судалгаа хийсэн. Энэ чиглэлээр МУИСийн харьяа Математик, компьютерийн сургууль, Математикийн хүрээлэнгийн баг олон жил ажилласан. Математикийн ухааны хүмүүс Төрийн шагнал хүртэж байгаа нь манай улсад анхны тохиолдол болсон. Бидний дэвшүүлсэн ажилд 10-аад монограф бий. Бид энэ судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр “Спрингер” хэвлэлийн газарт гурав, дэлхийн математикийн салбарт урдаа барьдаг мэргэжлийн 50 гаруй сэтгүүлд эрдэм шинжилгээний 180 гаруй өгүүлэл хэвлүүлсэн. Энэ чиглэлээр шинэ теором, томъёо, аргачлал гаргасан гэдэг утгаар нь хөндлөнгийн шүүмжлэгчдийн шүүлтүүрээр орж, салбартаа шинэ чиг хандлага бий болгосон хэмээн “Спрингер” сэтгүүлд хэвлүүлэх зөвшөөрөл өгдөг. Мөн бүтээлийн чанар чансааг шалгадаг нэг шал гуур, бас нэг том үзүүлэлт нь ишлэл авсан байдал. Бидний ажлаас эрдэмтэн, судлаачид 800 гаруй удаа ишлэл авсан байна.
-Хэрэглээний математикийн тухай ойлголтыг тайлбарлаач?
- Математикийн шинжлэх ухаан бол бүх шинжлэх ухааны хаан гэгддэг. Зүгээр нэг хаан гээд гайхуулаад явахдаа гол нь биш ч бүх шинжлэх ухааны үндэс нь математик байдаг. Жишээ нь, хиймэл дагуул хөөргөх процесс нь тэр чигтээ оновчлолын онол дээр тулгуурладаг. Хэдэн км цагийн хурдтайгаар яваад хаана очихыг нарийн тооцоолно. Та бид хоёрын одоо ярилцаж байгаа энэ процесс ч математик. Тайлбарлавал, миний дуу авиа диктафонд бичигдээд компьютерт холбоход шууд үсэг болон уншигдаж, команд өгч принтлээд ном болгоод гаргаж болно. Энэ бол математик. Тиймээс хэрэглээний математик гэдэг маань эмнэлэг, биологи, эдийн засаг, уул уурхай, даатгал санхүүгийн салбарт математикийг ашиглаж хэрэглээнд нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Хаана хэрэглэнэ тэр салбарынхаа нэрээр нэрлэгддэг. Ер нь бол математик өөрөө цул нэгдмэл ойлголт. Дотор нь онолын ба хэрэглээний гэж хуваадаг. Гэхдээ математик бол ганцхан тусгал. Онолоо гаргаад хэрэглээнд нэвтрүүлж болно. Хэрэглээнд нэвтрүүлээд онолын асуудлыг шийдэж болдогоороо цул ойлголт юм. Манай багийн гишүүн академич Жанлав тооцон бодох чиглэлийг боловсруулсан. Харин тооцон бодох математикийн цөмийн хэрэглээг доктор Чулуунбаатар тооцсон байгаа. Бидний боловсруулсан шинэ аргаар цөмийн техникийн нарийн тооцоог гаргаснаараа илүү давуу, боловсронгуй арга юм. Энэ аргаа олон улсын программын санд шилжүүлж, патент авсан. Монголын эрдэмтэдийн патент авьсан найман бүтээл бий. Алтаннар бид хоёрын хувьд оновчлолын онолын судалгаа хийсэн. Бидний гол бүтээл дэлхийд алдартай “Springer” сэтгүүлд хэвлэгдсэн . Одоо цагийн эрдэмтэн судлаачдын гол хүсэл мөрөөдөл бол “Springer”-ээс гаргаж буй сэтгүүлд өөрийн дэвшүүлсэн онол, судалгаагаа  хэвлүүлэх байдаг.  Энэ сэтгүүлд миний “Оновчлол симуляци, онол тооцоо”  бүтээл хэвлэгдэсэн. Дараа нь “Кавази гүдгэр програмчлал” нэртэй онолын судалгааны материал хэвлэгдсэн.  Энэ бүтээл нь оновчлолын онолд шинэ хувьсал болсон. Тодруулбал, өмнөх үеийн судлаачид маань анзааралгүй орхисон зүйлийг олж хараад шинэ онолыг дэвшүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн явдал юм. Энэ бол миний 30-аад жилийн хөдөлмөр. Оюутан байх үеэс л эхэлсэн. Энэ онол нь хэрэглээний математикийн салбарт хэрэглэсэнээрээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өмнөх үеийн судлаачид тооцон бодох аргыг тухайн салбарт хэрэглэж, пүүс компанийн зардал буурч, үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх аргыг тогтоож байсан. Энэ тооцоолох аргыг “Төгс оюун ухаан” киноны гол дүрийн жүжигчин жинхэнэ утгаар нь харуулж чадсан. Харин зах зээл дээрх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал орхигдсон байсныг миний “Кавази гүдгэр онол”-оор  нөхөх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, олгеполи зах зээлийн хэрэглэгчийн сэтгэл ханамж, үр ашигтай байх нөхцлийг тооцоолсон нь Нобелийн шагналтнууд 130 жилийн туршид  олж хараагүй тэр зүйлийг дэвшүүлсэнээрээ онцлог юм. “Кавази гүдгэр программ”-ын оновчлолыг  утасгүй сүлжээний технологи буюу бидний хэрэглэж бауй гар утас, бусад утасгүй сүлжээг хэрэглээнд ашиглаж байна. Мөн Шинжлэх ухаан, технологи, хими, биологи, гар утасны технологи ашиглагдаж байна. Онол маань үйлдвэрт нэвтэрлээ. Солонгосын “Самсунг” дэлхийд гар утасны технологиор тэргүүлж байна. “Самсунг”-ийн үйлдвэрт миний дэвшүүлсэн “бараг шударга зарчим” гэсэн шинэ нэр томъёо утасгүй мэдээлэл харилцааны салбарт технологи болж буусан. Уг онолыг гар утсанд ашигласанаар хэрэглэгчдэд мессэж хурдан шуурхай  дэс дараалалтай цаг алдалгүй очиж байна.
-Ер нь дэлхийн хэмжээнд монголын эрдэмтэн судлаачдыг хэр үнэлдэг вэ?
-Монголын математикчид дэлхийд танигдаж, өндрөөр үнэлж байна. “Спрингер”-т  судалгааны бүтээлээ хэвлүүлж, олны хүртээл болон ишлэгэжд байгаа нь баталгаа. Ишлэгдэнэ гэдэг нь аль нэг салбарт боловсруулсан онол нь хэрэглэгдэж байгаа явдал юм. Ингэснээр тэр хүн шинэ юм хийж үү, үгүй юу гэдгийг харуулна. Манай багийнхан л гэхэд дэлхийн хэмжээний 50 гаруй сэтгүүлд 180 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлёсэн. Ишлэлийн тоо 830 гаруйд хүрч, 10 гаруй монограф хэргэлээнд нэвтрээд байна. Би Жанлав багштайгаа хамтраад Ньютон төрлийн шинэ арга дээр тулгуурласан программ хангамжийг боловс руулж, олон улсын программын санд наймыг нэвтрүүлсэн. Олон улсад энэ бүтээлийг “Тооцон бодох физикт гарсан шинэ үзэгдэл” хэмээн дүгнэсэн. Төрийн соёрхолт Ч.Алтаннарын хэвлүүлсэн “Парето оновчлол, тоглоомын ба тэнцвэрийн онол” гэсэн бүтээлийг дэлхийн шинжлэх ухааны шилдэг хэвлэл “Спрингер”-т хэвлүүлсэн. Энийг  спортоор зүйрлэвэл олимпийн алтан медал авсантай адил тохиолдол юм.
 -Тооцоо судалгаа хийж суухад их бага хэмжээгээр санхүүгийн хүндрэл гардаг л байх. Ер нь төрөөс судалгаа хийхэд зориулсан төсөв, санхүү баталж өгдөг үү?
- Бид багшлахын хажуугаар судалгаа хийдэг. Ер нь Монгол Улсын шинжлэх ухааны өнөөгийн байдал их гунигтай л даа.  Дэлхий нийтэд тухайн улс орон шинэлжх ухааны салбарт хичнээн хувийн санхүүжилт олгож байгаагаар нь хөгжил дэвшлийг нь үнэлж дүгнэдэг.  Манайд дотоодын нийт бүтээгдэхүүний 0,1 хувь оногддог нь хүрэлцдэггүй. Гэтэл Кувейт орон шинжлэх ухааны салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зориулдаг. Монголын эрдэмтэн судлаачид дэлхийн жишгээс 30-40 дахин бага төсөвтэй, 20-30 дахин бага цалингаар эрдэм шинжилгээний ажил хийж байна.
-Зүрх сэтгэлийн дуудлагаар л ажиллаад байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, зүрх сэтгэлээрээ зах зээлийн хуулийн дагуу  л ажиллаж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр хүнд хэцүү цаг үед манай математикчид ганзага үүрээд наймаанд явсангүй, тоогоо бодоод л сууж байсан. Судалгааны ажлаа хийж, бүтээлээ хэвлүүлсээр өдийг хүрлээ. Бидэнд өөрсдийгөө рекламддаг хүмүүжил байхгүй. Математик бол цэвэр ариун, үнэн бодитыг тогдоог гэдэг утгаараа бид ч бас шударга үнэнч хүмүүс.
-Дэлхийд танигдсан эрдэмтэн судлаач болчихлоо. Тэр хэрээр өндөр цалин хангамжтайажлын санал их  ирнэ биз?
-Ирэлгүй яахав. Манай багийн Чулуунбаатар л гэхэд  ОХУ –ын Цөмийн энергийн газар 14 дэх жилдээ ажиллаж байна. Доктор Алтаннар  АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалж, дараа  нь судалгааны ажил хийж нийтдээ 10 гаруй жил болсон.  Түүнд үргэлжүүлээд ажиллах санал тавьсан ч зөвшөөрсөнгүй “Танай шавь ямар сонин юм бэ” гэж АНУ- аас найз минь залгаж байсан. Учир нь Алтаннар ажлын санал тавьсанд нь талархал илэрхийлээд  “Манай улсад цалин бага, хангамж муу нь үнэн л дээ. Гэхд улс хөгжиж байна, миний математик эх оронд минь хэрэгтэй” гээд буцаад ирсэн. Миний хувьд арваад жилийн өмнө АНУ-д судалгааны ажил хийж байсан. Хоёр ч их сургуулиас судалгааны ажлаа үргэлжлүүлээд давхар ажиллахыг санал болгосон. Гэхдээ би эх орондоо ажиллахыг илүүд үзсэн. Учир нь мөрөөдөж явсан “Шавь сургууль “-ийнхаа үр дүнг үзэхийг хүссэн. Хэрвээ мөнгөний төлөө явсан бол АНУ-д сайхан амьдраад өндөр цалин аваад явах боломж бий. Хоёр жилийн өмнө л гэхэдАНУ-ын Иллинойсын их сургуулиас сарын 6700 ам.долларын цалинтай ажлын урилга ирсэн. Гол нь их мөнгөний хойноос явах юм бол ажлын бүтээмж буурна, судалгаа шинжилгээний ажлаа ч хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс мөнгийг хоёрт, математикийг нэгт тавьдаг.
-Тэгвэл таны хувьд гэр бүл нь хэддүгээрт байх бол?
-Мэдээж би эцэг хүн үр хүүхэд, гэр бүлдээ зориулж цаг гаргалгүй яахав. Гэхдээ гэр бүл нь хоёрт байдаг гэж эхнэр маань хэлдэг юм. /инээв/
-Таны амжилтын гол үндэс?
-Математикийн хувьд сайн суурь боловсролыг яаж эзэмшсэн нь их чухал. Сайн суурь боловсрол эзэмших нь чухал ч  гол нь авъяас билэг, салбартаа дурласан сэтгэл байх ёстой. Миний хувьд аль аль нь байснаараа л амжилтанд хүрсэн. Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурласан аяндаа амжилтанд хүрдэг.
-Хэзээнээс ер нь математикийг сонирхож, дурлах болсон юм бэ?
-Би Баян-Өлгий аймгийн Баян-Өндөр сумын хоёрдугаар арван жилд аймдугаар ангид сурч байлаа. Аав минь тухайн үед “Үнэн” сонины орон нутаг дахь сурвалжлагчаар томилогдон ажиллаж байсан юм. Хичээлдээ сайн, сурлагаар ч гайгүй хүүхдүүдийн нэг байлаа. Хөдөөний хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх гол ажил нь спортоор хичээллэх. Би өөрөө ч бас спортод их дуртай. Гүйлт, чөлөөт бөх, боксийн тэмцээн их зохиогдоно. Яг тэр үед би чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Нэг удаа аймагт чөлөөт бөхийн хөнгөн жингийн аваргын тэмцээнд ороцохоор болж дэвжээн дээр өрсөлдөгчтэйгээ хэрхэн барилдах вэ гэж бяцхан тактик боловсруулаад зогсож байв. Тэгтэл дэвжээн дээр нэг хүн гүйхээрээ гараад ирлээ. Юун хүн гараад ирэв гээд хартал аав маань  “Би хүүгээ барилдуулахгүй. Ийм өндөр, том залуу хүүг минь хэмхэлчихнэ гээд дэвжээнээс хөтлөөд гараад явчихсан. Ичсэндээ дахиж чөлөөт бөхөөр хичээллээгүй. Дараа нь боксоор хичээллэв. Тэгсэн нэг өдөр өрөөсөн нүдээ хөхрүүлээд хавдар болгоод гэртээ ортол ээж уурлаад дахиж явуулаагүй. Гүйлтийн тэмцээн уралдаанд алгасалгүй орно. Ер нь одоо бодоод байхад өөрийгөө хайгаад явсан эрэл маань тэр байсан  бололтой. Тэгж явсаар шатарт дуртай болж, Шатрын мастер хүртлээ хичээллэсэн. Наймдугаар ангиа төгссөн жил аав дахин томилолт авч  бид Архангайд нүүж очсон. Архангай бол улсдаа математикийн сургалтаар тэргүүлдэг аймаг. Энэ аймгаас олон арван физикч математикчид төрсөн байдаг. Энд нүүж ирсэн нь миний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан. Уг нь би долдугаар анги хүртлээ радио физикч болох сонирхолтой байлаа. Одоо ч радио их сонссдог орчин үеийн дүүг сайн сонсдог болохоор охин маань шоолоод байдаг юм. Наймдугаар ангидаа анх удаа радио зохиосон. Антеннаа паараар газардуулаад, төмөр утсаа ангийнхаа ханаар гүйлгээд өөрийнхөө зохиосон хүлээн авагчаа халаасандаа хийж антентай холбосон дефузерээ гартаа атгааад сонсоод сууна. Ангийнхан мэднэ. Багш нар огт мэдэхгүй. Нэг удаа самбарын урд гарч асуугдах болоод  босох гэхээр радиогоо эвдэж, багшдаа баригдчих гээд худлаа хэлж байж босолгүй өнжиж билээ. Тэгсэн Архангайд очоод л математикт шууд урвасан. Үнэхээр математикийн өлгий болсон сургууль.  Монгол Улсын гавъяат багш  Э.Тунгалаг, Н.Тунгалаг багш нараараа хичээл заалгаж байсандаа үнэхээр бахархдаг. Баян-Өлгийд метамтикийн суурь боловсролыг зааж өгсөн Хонгороо багш маань ч мөн  миний амьдралын ач буянтай хүмүүсийн нэг гэж боддог. Математикт дурлаж, олимпиадад орж, амжилтаа ахиулсаар аравдугаар ангиа төгсөж, Эрхүүгийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр суралцсанаар миний математикчин болох ажил маань эхэлсэн дээ.
 -Таныг террорист ажиллагааг таслан зогсооход оролцсон гэж дуулдсан энэ үнэн үү?
-Наад асуулт чинь шууд утгаараа биш юм аа. Олон улс дамжсан терроризмын сүлжээ гэж байдаг даа. Тэд сүлжээний толгойноос заавар авч цааш үйл ажиллагаагаа явуулж задардаг. Энэ сүлжээг задлахын тулд хамгийн бага зардлаар, хамгийн оновчтой аргаар илрүүлэхийг зорьдог.  Ингэхийн тулд сүлжээний толгойг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авснаар сүлжээ зогсонги байдалд ордог. Жишээ нь, 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагын буруутан Осама Бен Ладенг устгасанаар нэг хэсэг элдэв халдлага, гэмт үйлдэл гараагүй. Энэ сүлжээг задалснаас хойш дэлхий нийтээр Терроризмтэй тэмцэх шинэ аргыг боловсруулж, судлах болсон. Жишээ нь, афганистанд байгаа террористуудыг устгахын тулд пуужин харвана. Тэр харваж буй пуужин ямар зайнд яаж нисээд байгаа хэрхэн онох вэ гэдгийг тооцоолно. Энэ бүх тооцоо математик дээр суурилна. Тэрхүү сүлжээний гол бааз  руу алсын тусгалтай пуужин харвахад миний оновчлолын онолоор тооцоолон харваж байсан. Энэ нь сүлжээг хамгийн бага зардлааар оновчтой задлах тооцоолол юм. Ер нь амьдралын бүх асуудал өөрөө математик байдаг. Хэрэглээний математик нь шинжлэх ухааны гол түлхүүрийг зааж өгдөг. Тиймээс хэрэглээний математикийг ашигласнаар компани, албан газруудын ашигтай ажиллагааны түвшин сайжирна. Өртөг зардал буурна, эрсдэл багасна. Сансарт нисэх, хиймэл дагуул хөөргөх, орчин үеийн робот техник, гар утас, электроник бүгд математик загвар дээр суурилдаг. Технологийн бүх ололтууд математикийн тооцоолол дээр тулгуурлаж, дараа нь үйлдвэрлэлд ашигласан тохиолдолд сая амжилтанд хүрнэ. Тэгэхээр математикчид бид шинжлэх ухаан, техникийн дэвшлийн гол суурийг тавьж байна.
П.Нарандэлгэр

Sunday, 6 January 2013

Р.ЭНХБАТ: МАТЕМАТИКЧ ХҮН ХУДАЛ ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙЖ ЛАВ ЧАДАХГҮЙ

Манай математикчид багаараа Төрийн шагнал хүртлээ. Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн ноён оргил, эрдэм шинжилгээний шинэ санаа, шидээвэр бүтээлүүдийг хэвлүүлдэг Германы “Сфрингер” сэтгүүлд Төрийн шагналт дөрвөлийн эмхтгэсэн бүтээл ном болон хэвлэгджээ. Энэ бол тэдний төрдөө үнэлүүлсний дараахан өнгөрсөн баасан гаригт тус хэвлэлийн газраас ирүүлсэн шинэ мэдээ.
Дэлхийн толгой эрдэмтэд өөрийн сонирхсон чиглэлээр өндөр үнэ төлж, шимтэн судалдаг уг сэтгүүл монгол эрдэмтдийн бүтээлээр баяжсан нь энэ. Математикч багш, шавь дөрвийн нэг Төрийн соёрхолт, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Р.Энхбатыг ярилцлагад урилаа.
-Та математикч болох замаа хэрхэн тавьж байв?
-Би дунд сургуульд байхын л математикт дуртай байсан. Наймдугаар анги хүртлээ Баян-Өлгийн хоёрдугаар арван жилд, 9-10 дугаар ангидаа Архангайн төвийн жилийн сургуулийг дүүргэсэн. Аав минь ажлын шуга маар Архангай руу шилжсэн. Аймгийн 10 жил математикийн сургалт сайтай, улсын болон олон улсын олимпиадад хүүхэд бэлддэг, математикийн сургалтаар улсдаа тэргүүлдэг сургууль байлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нар манай сургуулийн улсын олимпиадын аваргууд байхгүй юү. Мөн Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт олгодог 100 саяын шагналтан, академич Төмөрбат, Шинжлэх ухааны доктор, профессор Бямбажав гэж эрдэмтэн энэ сургуулийг төгссөн. БШУЯ-ны шилдэг бүтээлийн дэд байрын шагналт доктор, профессор Адъяасүрэн мөн энэ сургуулиас төрсөн. Тэр үеийг бодоход одоо боловсролын системийн өөрчлөлттэй холбоотойгоор манай сургууль энэ тогтолцоогоо алдаж байна. Ийм сургуульд сурсан нь миний мэргэжлээ сонгоход шууд нөлөөлсөн. Уг нь би наймдугаар анги төгсөхдөө инженер болъё гэж бодож байсан юм. Дунд сургуулиа дүүргээд Эрхүүгийн их сургуулийн Хэрэглээний математикийн ангид элсэн суралцаж, 1980 онд төгссөн. Намайг төгсөөд ирэхэд манай улсад хэрэглээний математи кийн салбар байгаагүй учир би 1990 он хүртэл ШУТИС-д багшилсан. 1987-1990 онд Эрхүүгийн их сургуульдаа док торын зэрэг хамгаалсан. Тэгээд 1991 онд МУИС-д хэрэг лээ ний математикийн салбар бий боло ход уриг даж ирсэн минь энэ.
-Тэгэхээр хэрэглээний математик Их сургуульд шинэ салбар байх нь ээ?
-Тийм ээ. Энэ салбарыг нээхэд тухайн үед Математик, компьютерийн сургуулийн захирал байсан доктор, профессор Тогмид багш гол үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын нэртэй эрдэмтэн, хэрэглээний математикч, статистикч хүн л дээ. Тогмид багш намайг ШУТИС-иас Их сургууль руу урвуулсан. Орост докторын зэрэг хамгаалж ирээд ШУТИС-ийн одоогийн Математикийн сургуулийн захирлаар томилогдоод удааг үй байлаа. Мэргэжлээрээ ажиллахын тулд захирлын албан тушаалаас татгалзсан. 1991 оны хэрэглээний математикийн анхны ангийн анги удирдсан багшаар ажиллаж байлаа.
-Та хэрэглээний математикийг энгийн үгээр тайлбарлаач?
-Хэрэглээний математик гэдэг бол бусад салбар дахь математикийн хэрэглээ юм. Бусад салбар руу чиглэсэн математикийн чиглэлүүдийг хэрэглээний математик гэж нэрлэдэг. Төрийн шагнал авдаг бидний бүтээл мөн энэ чиглэлийнх. Энэ салбарт манай баг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан.
-Математик сэтгэлгээтэй хүмүүс шатарт хорхойтой байх юм. Гэхдээ таныг мэргэжлийн тамирчны хэмжээнд бэлтгэгдсэн шатарчин гэж дуулсан?
-Би нэгдүгээр ангид орохдоо шатар тоглоод сурчихсан байсан. Аав шатар зааж өгсөн. Долдугаар ангидаа Баян-Өлгийн арван жилийн шатрын аварга болж билээ. Бас Эрхүүгийн их сургуулийн аварга. МУИС-ийн аварга хэчнээн ч удаа болов доо, тоогоо алдсан. Ул сын чанартай тэмцээнүүдэд жил алгасахгүй оролцдог. 2006 онд шатрын спортын мастер болсон. 2011 оны хурдан тоглолтын УАШТ-д 13-д, 2012 онд 17-д орсон. Тэгэхээр сүүлийн хоёр жилд улсдаа хурдан тоглолтын эхний 20-д багтах шатарчин болжээ. Би Москвад болсон тэмцээнд оролцож олон улсын чансаатай болсон. Энэ нь Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй тамирчин боллоо гэсэн үг. 2020 гэсэн чансаатай. Ирэх хоёрдугаар сард Москвад болох олон улсын тэмцээнд оролцож чансаагаа ахиулах бодолтой байна.
-Олон улсын хэмжээний шатарчин хүн ялах нь тодорхой тэмцээнд оролцох дэмий юм биш үү, МУИС-ийнхаа бусад багш нарт боломж олговол яасан юм бэ?
-Тэгж бодоод би нэг жил өнжсөн юм аа. Манайх сургуульд багш нарын багийн тэмцээн болдог. МУИС-ийн багш нар маш сайн шатарчин. Сүүлийн үед шинэ залуу багш нар гарч байна. Манай сургуульд алтан медалийн төлөө ширүүн өрсөлдөөн болдог учир би багаа аврахын тулд хамт олныхоо шахалтаар тэмцээнд ордог.
-Шатар таны хообий юу?
-Тийм ээ. Хообийгоос гадна шатар хүнийг хүмүүжүүлэх ач холбогдолтой. Тэсвэр хатуужил, бие даах чадварт сургадаг, логик сэт гэлгээг тодорхой хэмжээгээр хөгжүүлдэг. Мэргэжилтнүүд шатрыг шинжлэх ухаан, спорт, урлаг гэж үздэг. Тэмцээн уралдааныг эрхэмлэдэг нь спорт талаас нь, гүн гүнзгий анализ хийж байгаа хүмүүс бол шинжлэх ухаан талаас, уран сайхны бодлого бодож таашаал авч байгаа бол шатрыг урлаг талаас нь харж буй нь тэр. Би шатрыг спорт талаас нь харах дуртай. Шатрын их мастерууд шинжлэх ухаан талаас нь хардаг. 2010 онд Энэтхэгт болсон Дэлхийн математикчдын их хуралд оролцож байхад Энэтхэгийн иргэн, дэлхийн аварга Ананд 40 шатарчинтай зэрэг тоглолт хийсэн. Тэдний нэг нь би. Дэлхийн аварга шатарчинтай тоглосон өрөг минь спортын “Таван цагариг” сонинд гарч байлаа. Хообийгоо дагаад би спортын мастер Г.Чулуунтай хамтарч “Шатар ба шатрын математик”, орчуулагч Дүгэр гуайтай хамтарч дэлхийн аварга, домогт шатарчин “Боби Фишерийн шилдэг өрөгүүд” гэдэг номыг орчуулж гаргасан. Мөн Боби Фишерийн “Миний 275 хичээл” гэж шатрын анхан шат ны ном орчуулан, уншигчдадаа өргөн барилаа.
-Та Монголын өндөр IQ-тэй хүмүүсийн нэгээр шалгарсан байдаг. Үүнийг ямар шалгуураар шалгасан хэрэг вэ?
-IQ төвөөс Монголын өндөр айкюүтай найман хүнийг шалгаруулсан. Тэдний нэгээр шалгарсан. Ямар шалгуураар дүгнэснийг ёстой мэдэхгүй. Тэрийг IQ төвийн захирал, Дэмбэрэлээс асуувал дээр байх.
-Төрийн шагнал хүртсэн бүтээл тань “Samsung”-ийн үйлдвэрт гар утасны технологид нэвтрэх гэж байгаа гэл үү?
-Утасгүй сүлжээний технологийн оновчлолтой холбоотой судалгааны ажил маань саяхан хэвлэгдэн гарлаа. Энэ технологид бид “бараг шударга зарчим” гэсэн шинэ нэр томъёо гаргаж ирсэн. Утасгүй сүлжээ гэдэг бол бидэнд агаараар дамжиж байгаа мэдээлэл шүү дээ. Мессеж явуулах, мэдээлэл солилцох зэрэг бүгд тодорхой хэмжээний өртөгтэй, дэс дарааллаар орж ирнэ. Тэгэхээр зарим хэрэгчлэгчид мэдээлэл цаг тухайд нь очихгүй саатах бэрхшээл байдаг. Үүнийг аль болох хурдан шуурхай хүргэхэд “бараг шударга зарчим” хэрэг болох юм. Зарим хэрэглэгчид их хэмжээний мэдээлэл хэрэгтэй байхад, заримд нь бага багтаамжтай мэдээлэл хэрэгтэй байх жишээтэй. Ихийг шаардаж буй хүнд багыг өгвөл хэрэгцээг нь хангаж чадахгүй. Тэгэхээр их, бага мэдээлэл шаардаж байгаа хүмүүсийн мэдээллийн ачааллыг тэнц вэржүүлэх асуудал байгаа юм. Үүнийг цаана нь математик загвар хийж л шийднэ. Тэр нь миний квазигүдгэр программчлал гэсэн бүтээлд орсон математикийн теоромын үр дүнгээр дамжиж хэрэглээ болж байгаа. Өөрөөр хэлбэл, онолын үр дүн практикт хэрэглээ болж бууж байна. Бид аргачлалыг хийгээд өгсөн болохоор одоо надаас үл хамаарах технологийн асуудал болж хувирсан. Аргачлалыг хэрэгжүүлдэг газар нь үйлдвэр. Би 2008 оноос БНСУ-ын Бусан хотод байдаг Инжегийн их сургуулийн зөвлөх профессороор ажиллаж байгаа. Энэ сургуульд хоёр улирал багшилсан. Жилд 2-3 удаа очиж лекц уншдаг. Миний гурван ном тэнд гарсан. Англи хэлээр мастер, докторын ангийн оюутнуудад хичээл заадаг, профессоруудтай нь хамтарч судалгаа хийдэг. Зөвлөх профессорынхоо эрх мэдлийг ашиглаад Инжегийн их сургуульд жилд 1-2 хүнийг тэдний зардлаар мэргэжил дээшлүүлнэ гэсэн гэрээтэй. Миний гурван оюутан тэнд докторантурт сурч байгаа. Монголоос таван хүн урт, богино хугацаагаар судалгааны ажил хийгээд ирсэн. Он гараад хоёр нь явах гэж байна.
-Таны оюуны бүтээлийг ашиглаж байгаа учир “Samsung”-ийн үйлдвэр танаас зөвшөөрөл авна биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, гарын үсэг зурж патентийн зөвшөөрөл өгдөг. Удахгүй үйлдвэрт хэрэгжээд инноваци болох байх. Гар утсанд гарч байгаа бэрхшээл саадыг онолын шугамаар шийдээд өгч байгаа юм. Мэдээлэл яагаад тэгш бус хуваарилагдаж байна вэ гэдгийг мэдээд яаж засах вэ гэсэн математик онолыг нь хийгээд өгсөн хэрэг.
-Математикч хүн аливаа асуудалд мэргэжлийн үүднээс хандах тал байдаг уу?
-Бидний хийж байгаа ажил дандаа зөв зүйлд тулгуурладаг. Аливаад дандаа зөвийг бат лан харуулж байдаг учраас бидний үйлдэл бас л зөв байх ёстой. Математикч хүн лав худал хэлж, хулгай хийж чадахгүй. Уг мэргэжлийнх нь хүмүүжил тэр. Тэгэхээр математикийн зарчим амьдралын минь зарчим болсон.
-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байна уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Том охин, хүү хоёр эдийн засагч. Бага охин Их сургуулийн хэрэглээний математикийн анги төгссөн. Мэргэжлээ сонгоход нь охиндоо хэрэглээний математикч мэргэжлийг санал болгосон л доо. “Энэ мэргэжил ирээдүйтэй, аль ч сал барт ажиллаж болно” гэж хэлсэн. Намайг Германд судалгааны ажлаар явж байхад охин минь сургуулиа төгсөөд, өөрөө ажлаа олчихсон байсан. Нэг банкинд Эрсдэлийн албанд ажилладаг. Энэ бол хөрвөх чадвартай мэргэжил. Хэрэглээний математикч хүн судлаач, багш, эдийн засагч ч хийж болно. Эхнэр маань мөн хэрэглээний математикч мэргэжилтэй. Бид хоёр Эрхүүгийн их сургуульд сурч байхдаа танилцсан.
-Тэгвэл гэр бүлээрээ тоочин юм байна шүү дээ?
-Мэдэхгүй ээ. (Инээв)
-Монголын математикчид дэлхийн мэргэжил нэгтнүүддээ ямар түвшинд үнэлэгддэг бол?
-Төрийн шагнал авсан бидний бүтээлийг хэрэглээний математикийн салбарт шинэ чиглэл, хандлагыг бий болгосон гэж дэлхийд үнэлсэн. Академич Т.Жанлав багш, түүний шавь О.Чулуунбаатар нар Ньютон төрлийн шинэ арга дээр тулгуурласан программ хангамжийг боловсруулж, олон улсын программын санд наймыг нэвтрүүлсэн. Олон улсад эдгээр бү тээлийг “Тооцон бодох физикт гарсан шинэ үзэгдэл” хэмээн дүгнэлээ. Хүүхдүүд олон улсын олимпиадаас алт, мөнгөн медаль авч байна. Судлаачид нь дэлхийн хэмжээний сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж, олон улсын хурлуудад уригдаж байна. Энэ нь Монголын математикийн салбарын хөгжил шинэ шатанд гарсны гэрч. Математикийн хүрээлэнгийн олон залуу эрдэмтэн өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалж байна. Ер нь манай математикчдын түвшин тун гайгүй шүү. Математикийн хүрээлэн, МУИС хамтраад ирэх долдугаар сарын 1-3-нд Монголдоо олон улсын математикчдын IV бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хуралд дэлхийд нэртэй эрдэмтэд оролцох мэдүүлгээ өгсөн. Манайхаас их сургуулиудын математикийн багш нар, судлаачид, банкныхан гээд олон хүн хуралд оролцож, хэрэглээний математикийн салбарт бий болсон ололт, амжилтууд, эрдэм шинжилгээний үр дүнтэй танилцана. Олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахад математикийн шинжлэх ухааны салбарт гарсан шинэ мэдлэг, мэдээллийг манай залуу судлаачид, мэргэжилтнүүд олон монгол хүн авах ихээхэн ач холбогдолтой.
Хэрэглээний математикийн олон улсын тав дахь хурал Бээжинд болж байна. Р.Энхбат багш энэ хуралд хоёр шавьтайгаа оролцож байгаа. Тэрбээр уг хурлыг зохион байгуулах хорооны гишүүнээр томилогд соноос гадна Германы профессор Гревактай хамтарсан судалгааныхаа ажлыг дэлхийн тоочдод илтгэнэ. Хурлын “Глобал оптимизаци” гэсэн тусгай секцийг удирдаж ажиллуулна гээд олон улсын математикчдын хуралд Р.Энхбат багшийн үүрэг оролцоо их ажээ.
 ” Өнөөдөр ” сонин 2012-12-07№283