Showing posts with label БОЛД Лувсанвандангийн. Show all posts
Showing posts with label БОЛД Лувсанвандангийн. Show all posts

Tuesday, 16 September 2014

Шинэ төвшний харилцааг нээлээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.
-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын улс төрийн агуулга, ач холбогдлыг монголчууд төдийгүй дэлхий дахин анхааралтай ажиглаж, хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөр дүгнэн бичиж байна. Гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж буй сайдын хувьд та айлчлалын үр дүнг хэрхэн цөөн үгээр томьёолох вэ?
-БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааны төвшинг дээшлүүлж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв. Айлчлал амжилттай болж, энэхүү зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо биелүүлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад цөөнгүй асуудлаар харилцан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм.
-Тухайлбал, ямар асуудал дээр харилцан тохиролцсоныг тодруулж болох уу. Мөн ярианд дурдагдсан тэдгээр асуудлыг хууль эрхзүйн хүрээнд ямар бичиг баримтаар баталгаажуулж, хэрэгжүүлэх юм бол?
-Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү,  соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээнд өрнөсөн. Тэдгээрт дурдагдсан олон ажил хэрэгч санал санаачилгыг хэрэгжүүлэх, бодитой болгох талаар хоёр талын холбогдох албаны хүмүүс анхаарал, чармайлт тавьж ажиллах нь дараагийн шатны чухал ажил болж байна. Юуны өмнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр шийдвэрлэж гэрээ байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтуудад хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн үнийг эрс хямд, онцгой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм.
Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоорондох ачаа эргэлтийг монголоор дамжуулж байх, эрчим хүчийг экспортлох зэрэг зорилтууд байгаа юм. Эдгээр асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хөндөж ярилцсан.
Түүнчлэн манай ерөнхийлөгч Монголд үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал санал хэмээн үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдөхүйц экспортын үйлдвэрлэл хөгжих ирээдүй харагдаж байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм.
Мөн хоёр орны Засгийн газар хооронд “Нүүрснээс синтетик хий боловсруулах, экспортлох төсөл” хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах бололцоог нээж байгаа юм. БНХАУ дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх технологийг гарган авах технологи, үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа юм билээ. Энэхүү дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн арга туршлагаа хуваалцах, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхэд бидэнд туслахаар болж байна. Газрын баялгаа түүхийгээр нь зөөх биш нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийг мөн л багагүй хугацаанд ярьсан ч ямарваа шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны олон чиглэлд бодитой гарцыг тодорхойлсон нь том алхам юм.
-Олон нийт ямарваа айлчлалын үр дүнгээс тодорхой зээл, тусламжийн хэмжээ, мөнгөн дүнг илүүтэй сонирхдог? 
- Монгол Улсад 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор БНХАУ-ын төр засаг шийдвэрлэснийг айлчлалын үеэр албан ёсоор зарласний зэрэгцээ ирэх гурван жилийн хугацаанд нэмж 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж, мөн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн. Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм. Тэдгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлбэл үүнийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг тоогоор илэрхийлбэл чамгүй өндөр тоо гарч байна. Хувийн хэвшлийн хооронд л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллараар болохоор байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдэх худалдааны эргэлтийг өнөөдрийнхөөс бараг хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэхээр болсон. Худалдааны эргэлт ийн нэмэгдсэнээр манай бизнес эрхлэгчид худалдаачид, жижиг, дунд, үйлдвэрлэгчдийн бизнесийн эргэлт тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэсэн үг юм. Үүнийг дагаад иргэд, үйлдвэрлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, татвар, төсөв, банк санхүү салбарын үзүүлэлт өсөх нь тодорхой юм.
Өнөөдөр хоёр орны хооронд хийгдэж байгаа худалдааны 60-70 хувь нь юаниар төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг. Цаашид худалдааны эргэлтийг дагаад юаниар хийх төлбөрийн хэмжээ ч нэмэгдэж таарна. Энэ удаад Монголбанк, Хятадын Ардын банк хооронд шинэ гэрээ байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлж 15 тэрбум юань болгож нэмэгдүүллээ. Худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр хоёр талын хооронд хийх төлбөр тооцоо нэмэгдэнэ, мөнгөн тэмдэгт хоорондоо түргэн шуурхай хөрвөх шаардлага ч улам бүр нэмэгдэнэ. Тиймээс уг хэлцэл нь ам.долларын эрэлт хэрэгцээг бууруулах замаар ханшийн өсөлтийг барих, үнийн өсөлтийг хязгаарлах санхүүгийн чухал арга хэрэгсэл болно. Тэгэхээр үр дүн гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих нь өрөөсгөл. Эдийн засгийн утга агуулгаараа эрс шинэ төвшний хамтын ажиллагааг эхлүүлэх айлчлал боллоо гэж дүгнэвэл болох байх. Харин үүнийг ухаалгаар удирдах, үр шимийг нь баялаг бүтээгч бүр, иргэн бүр хүртэх, оролцох бодит нөхцөлийг төр засгийн бодлогын төвшинд бий болгох нь чухал. Энэ бол бидний хийх ёстой үндсэн ажил юм.
-Монгол Улс хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог. Мөн эдийн засгийн хувьд импорт, экспорт маань хөршүүдээс ихээхэн хамааралтай байна. Цаашид өмнөд хөрштэйгээ эдийн засгийн эрчимтэй харилцаанд орох, хил залгаа боомтуудаа бүрэн ашиглах, чөлөөт бүс байгуулах, төмөр замаар шууд ачаа тээвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирлоо. Үүнийг дагалдаад зарим нэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд бас байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хятад улс ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засаг болох нь тодорхой байна. Үүнийгээ бүх шатанд ил тод илэрхийлж ч байна. Хөрш орнуудын хувьд үүнийг боломж, бололцоо гэж харж, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлье гэж уриалж ч байна. Энэ санаагаа тус улсын дарга Си Зиньпин манай улсад хийсэн  айлчлалынхаа үеэр ч дахин нотоллоо. Хөгжлийн хурдан гэлт тэргэнд маань хамтдаа суугаач гэсэн урилга өглөө. Харилцан ашигтай стратегийн түншлэл, тэр дундаа иж бүрэн түншлэлийг хөгжүүлнэ гэж тунхаглаж байгаагийн цаана их утга бий юм. Бид өөрсдийн эрх ашгаа илэрхийлэх, хамгаалах, харилцан ашигтай нөхцөлийг ямар ч үед баримтлах бүрэн бололцоо бий шүү гэдгийг л хэлээд байгаа юм.
Хятадын эдийн засаг томорч, хөгжлийн хурд эрчимжиж байгаагаас үүдээд учирч болох эрсдэл, заналхийллээс эмээж байгаа улс орнууд байгаа нь үнэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд түүхийн маргаантай асуудлууд байсан нь үнэн. Үүнийг бид төрийн ой санамжинд хадгалж байх ёстой. Гэхдээ миний харж буй өнцөг гэвэл БНХАУ бол хариуцлагатай хөрш юм. Хойд хөрш ОХУ мөн адил дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Бидний аз завшаан гэвэл хэдийгээр хоёрхон хөршийн дунд оршдог ч гэлээ хариуцлагатай хөршүүдийн дунд оршдог. Өнөөдөр дэлхий дээр цөөнгүй улс орнууд үймээн самуунтай бүс нутагт, янз бүрийн хөршүүдтэй хил залгаа оршиж байна.Үүнээсээ болоод хөгжлийн боломжоо алдаж байна. Гэтэл бидэнд тийм саад бэрхшээл алга, харин ч боломжоо хуваалцья гэж урьж байна. Одоо хоёр том зах зээл, хоёр том үйлдвэрлэгчийн дунд оршиж байгаагаа давуу тал болгон ашиглах ёстой. Бид аливаа асуудалд эрсдлийг тооцох нь зөв ч гэлээ давуу тал, сайн талыг бодитоор үнэлж дүгнэж, түүнийгээ бодлогынхоо үндэс болгож байж л хожно.
Энд өөр нэг зүйлийг зориуд тодотгон хэлэхэд БНХАУ-ын зүгээс зөвхөн өөрийн улстай нь биш бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид байр сууриа бэхжүүлэх тал дээр Монгол улсыг дэмжиж байгаа нь олзуурхууштай. Тухайлбал манай улс элсэх хүсэлтээ гаргаад 20 жил өнгөрчихөөд байгаа Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад анх удаа дарга орны зочны хувиар оролцох урилгыг Си Зиньпин дарга Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сая өглөө. 
-Та “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм” гэж нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Энэ үгийг дахин нотолсон айлчлалын нэг нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал гэж хэлж болно биз дээ?
-Өнөөдрийн дэлхий дахинд улс орнуудын гадаад харилцаа нь эдийн засгийн харилцаа гэдэг утгаараа түлхүү хөгжиж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлж байж л эдийн засгаа хөгжүүлнэ, хүчирхэгжүүлнэ. Мөн нөгөө талаас гадаад харилцаа гэдэг эдийн засгаа хүчирхэгжүүлэх бодлого төдийгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах цэрэг, батлан хамгаалахын маш чухал бодлого юм. Энэ ч утгаар гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, айл өрх, аймаг сум, яам агентлаг, компани байгууллага бүхэн өөр өөрийн гадаад бодлоготой ч нэг цонхоор хэрэгждэг байхыг шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны зарчмаа болгож ирсэн. Энэ чиглэлд хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгох ажил УИХ-ын холбогдох байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байна.
-Удахгүй хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Энэ айлчлалын ач холбогдол өмнөд хөршийн айлчлалтай эн зэрэгцэн яригдах ёстой байх.
-Тийм ээ. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал таван жилийн дараа Монголд хэрэгжих гэж байгаа бол өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлал 11 жилийн дараа хийгдсэн айлчлал байлаа. Улс төр, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, агуулгаараа бол аль аль нь манай улсад маш чухал нөлөөтэй юм. Манай гадаад бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлдээ тасралтгүй амжилттай хөгжиж байгааг шил шилээ дарсан энэхүү хоёр айлчлал харуулж буй юм.
ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж, төр засгийн төвшинд улам бүр ойртуулна гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн хамгийн ихээр сонирхдог нэг асуулт бий. Тийм ээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-д Монгол Улсын иргэд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна.
                                                                                                     Ярилцсан Я.Мөнгөнцэцэг
                                                                                Эх сурвалж: Өдрийн сонин


Monday, 2 June 2014

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед ар араасаа гарч байгаа баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад олон сар, жилээр хорьдог байдал хэрээс хэтэрсэн талаар хүмүүс ярьж байгаа. Олны дунд яригдаж байгаа энэ сэдвийг та УИХ-ын түвшинд ха­риуцлагатайгаар мэдэгдлээ. Та ямар учраас энэ талаар Хүний эрхийн дэд хороон дээр хөндөхөд хүрэв?
-Хүний эрхийн дэд хороогоор манайд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, тэр дундаа хорих байранд цагдан хоригдож байх хугацаандаа иргэдийн амьд явах эрх зөрчигдөж байгаа асуудлыг ХЭҮК-ийн дарга, гишүүд болон ШШГЕГ-ын хариуцлагатай ажилтнуудыг оролцуулан хэлэлцсэн юм. Нөгөө талаар УИХ-ын түвшинд хууль, шүүхийн шинэчлэл авчрах томоохон суурь хуулиудыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодитойгоор хүлээн зөвшөөрч,  үүнийг засч залруулах арга замаа хууль эрх зүйн шинэчлэлтэйгээ холбох ёстой. Бид ерэн онд хувьсгал хийж, иргэдээ айдас дор барьдаг байсан НАХЯ-ыг, хуучин нийгмийн тогтолцоог татан буулгасан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төр, иргэн хоёр тэгш эрхтэй байхаар хуульчилсан юм. Гэтэл өнөөдөр хуу­лийн байгууллагад төр нь иргэнийхээ дээр гэсэн хандлага хэвээрээ байгаад байна. Энэ нь ялангуяа эрүүгийн хууль, байцаан шийт­гэх ажиллагаан дээр тод илэрдэг. Хүнийг эрүүдэн шүүнэ, эрүүдэн байцаана гэсэн ойлголт нэрнээсээ авахуулаад хэвээрээ. Одоо мөрдөж байгаа сталинч системээр бол хэрэгт шалгаж байгаа хүнээс мэдүүлэг авах, хэргийг хүлээлгэх гэсэн хоёрхон зүйлээр бүх амьдралыг нь шийддэг. 

Сайндаа ч хүмүүсийг хориод байгаа юм биш мэдүүлэг авахын тулд л хорьдог. Тэгээд хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Тухайн шаардлагатай үед төр нь цаг үе хөгжил, хөдөлгөөний явцад үүсч байна уу, ямар нэг захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгаад өгдөг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Бид 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн. Гэтэл хорин жилийн дараа яг хуучны НАХЯ шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон байж байна. Би ерэн оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манлайлж явсан хүний хувьд, амиа ч алдсан хамаагүй тэр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж зүтгэж явсныхаа хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хараад үнэхээр халширч байна.  Ялангуяа сүүлийн үед “Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчирч байна, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дахиж нэг бодох цаг иржээ” гэж бодох боллоо. Бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн. Үнэндээ бид хариуцлагаа ухамсарлаж, үүргээ ойлгож баймааж баяр болгон тэмдэглэх ёстой гэж боддог. Одоо нийгэм нэг л айдастай түгшүүртэй, цочирдмоор болчихоод байгаа нь нууц биш. Хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд хэрэгт холбож, байцааж байгаа сэдэв, хэв маяг нь үнэхээр гайхаш төрүүлмээр болсон байна. Гэхдээ бид ийм байдлыг өөрчилнө. Өөрчлөхөөс аргагүй. Ард түмнийнхээ мандатаар сонгогдож, тэднийхээ захиалгаар хуулийг хэлэлцэж хийдэг бид тийм боломжийг ч олгохгүй. Төр, иргэн эрх тэгш байх ёстой. Энэ нийгмийг  бий болгочихоод эргээд иргэнийхээ дээр байдаг хуулийн салбартай болж болохгүй.

-Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхилоо. Хууль цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж болох ч хүний аминаас илүү үнэтэй хэрэг гэж юу байх билээ…
-Хорих байгууллагад болсон эмгэнэлтэй явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг харахад арай л дэндүү байна. Салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу,  маргааш нь шүүх хурал нь болж байх жишээтэй. Би тэнд хүн шоронд амиа алдлаа. Яаж хүний амь эрсдэхгүй, хүний эрх зөрчигдөхгүй байлгах вэ гэж асуухад албаны хүмүүс хариулахдаа талийгаач өглөө нь ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ гэж хариулж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Олон сараар хоригдсон хүн ах дүүсээ хараад баярлахгүй яадаг юм. Тэдний асуудалд хандаж байгаагаас үзэхэд ойлголтын, философийн асар их зөрүү харагдаад байгаа юм. Ийм байж болохгүй л дээ. Хүн зүгээр байж байгаад үхнэ гэж байхгүй. Цаг дээрээ хүний амь ямар бөх билээ. Манай нэг УИХ-ын гишүүн надад “Би талийгаачтай хамт  ажиллаж байсан, гэмгүй найз явсан. Ажил явдал дээр нь очмоор л байна. Даанч хардагдчих юм болов уу” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хүн ийм айдастай байхаар жирийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Би үнэхээр цочирдсон. 

-Та бас хэвтрийн хү­нийг дуудаж авчруулаад бай­цаасан талаар ярьж байсан…
-Тийм ээ. Миний танилд тохиолдсон хэрэг болохоор би хэлж байгаа юм. Утасдаад ир гэхэд нь өвчтэй байгаагаа хэлэхэд заавал ир гэсэн байгаа юм. Тэгээд дөрвөн давхар руу жолооч, хүүгээрээ түшүүлээд гарсан байна лээ. Гэтэл тэдний өгч байгаа тайлбар нь манай мөрдөх алба хоёрдугаар давхарт байдаг гэж байгаа юм. Би давхрын тухайд маргах гээгүй юм шүү дээ, уг нь. Шалгах явцдаа тэр хүн нь өвчтэй байвал ирээд асууж тодруулж болдоггүй юм уу. Тэр бүх зардлыг нь тооцоод цалин мөнгө, унаа тэрэгнийх нь зардлыг өгч байгаа шүү дээ. Хүнээ боддог байвал яасан юм. Одоо тэр хүн дуудсан ч очих тэнхэлгүй, дамнуурга дээр л очих болчихоод байгаа. Хүнийг хардаж, сэрдэж болно. Битгий шалга гэж байгаа юм биш. Гэмт хэргийг хаацайл ч гэж байгаа юм биш шүү. Хүнээ боддог, хүний эрхийг дээдэлдэг байгаасай, бас ялгавартай хандахгүй байгаасай гэж хүсч байна. Юу ч байхгүй байхад юм гаргах гээд ухаад байдаг, эсвэл гэм хийсэн нь ил байхад шалгадаггүй хуучин үеийнх шиг зүйлүүд бий болчихлоо. 

-Та хурал дээр Бямбын Ринчингийн талаар жишээ бас дурдаж байсан…
-Тэр үед “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж сонины нүүр дүүрэн материал нийтлэгдээд, дараахнаас нь түүнийг нийгмээрээ түүнийг гадуурхаж эхэлсэн. Тухайн үед оршуулган дээр нь хүртэл шавь нар нь айгаад очиж чадахгүй байсан гэдэг. Тэр үед салах ёс хийхээр очсон миний аав хүртэл шалгагдсан. Нийгэмд айдас бий болчихоор хүмүүс хүртэл хөдөлж чадахаа байчихдаг. Өнөөдөр яг ийм технологи үйлчлээд эхэлчихлээ. Эхлээд тухайн хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруутай мэтээр бичиж, хүмүүсийг үүндээ итгүүлж үнэмшүүлнэ, нийгэмд хор шаар болгоно. Нэгэнт ин­гээд нийгэмдээ хог шаар болчихсон хүн шоронд цагдан хоригдоно уу, тэндээ нас барна уу хэн ч сонирхохгүй болно. Ийм байдлаар хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халддаг болоод байна.
 
-Одоо тэр үеийнх шиг болчихсон юм биш үү?

-Харин тэгсэн байгаа биз дээ. Ийм эмгэнэлтэй байж болохгүй л дээ. Ийм ч байлгахгүй. Дуугүй байх байсан бол бид яах гэж тэр үед хувьсгал хийсэн юм. Яах гэж үхнэ гэж явсан юм. Амьд үлдсэнээрээ өнөөдрийн ийм бусармаг байдалтай эвлэрэх юм уу. Яахав намайг баахан гүтгэж, хэрэг үүсгэх гэж оролдоно биз. Аль юмнаас айж явдаг юм.

-Сүүлийн үед АТГ-ыг гурван үсэгтэй газар гээд хүмүүс нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Тухайн үед УИХ-ын гишүүд Авлигатай тэмцдэг газартай болохгүй л бол болохгүй нь гээд байгуулсан биз дээ. Өнөөдөр иргэнээсээ эхлээд их хурлын гишүүд нь хүртэл айдаг болчихсоны учир нь юу вэ?
-Авлигатай тэмцэх газар байгуулахаар хуулийг санаачлагчдын дотор миний нэр байдаг юм. Тэр үед УИХ-д байхдаа С.Оюун, Р.Бадамдамдин, Батж.Батбаяр, С.Төмөр гишүүн бид хэд гадны орнуудын туршлага судалж, Монголд ийм байгууллага л байх хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байлаа. Нийгэмд байгаа авлигыг ил болгодог, муу муухайг нь ойлгуулдаг, авлига авсан хүнийг олон нийтэд ил болгож, хор уршгийг нь дэлгэдэг байгууллагатай болохоор зорьж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг нэг хүнийг буруутгаж, гэр бүлээр нь, үр хүүхдээр нь барьж хорьдог тийм аппарат болгоно чинээ бодож төлөвлөөгүй юм шүү. Уг нь авлигатай тэмцэх газрыг, авлигач хүмүүсийг нийтэд ил болгож зарлахад олон нийт тэднийг шахаанд оруулж, шийтгэлийг нийгэм нь өгч байх ёстой. Гэвч хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо. Энэ бол бидний бодож санаж байсан байгууллага биш. Гэхдээ АТГ бол УИХ-ын өөрийнх нь байгууллага. Тиймээс алдаагаа засаад явж таарна. Эднийг ингэж авирлаж болохоор хууль тогтоомжийг нь хийгээд өгчихсөн учраас УИХ-ын буруу ч байгаа. Мөрддөг, барьдаг, байцаадаг, хүнийг шоронд суулгадаг том эрх мэдлийг өгчихсөн учраас өнөөдрийн энэ байгууллага яг тийм л байгаа хэрэг. Ингэхээр хүнлэг энэрэнгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцооны маань үндсэн зарчим алдагдчихаад байна. Үүнийг бид засах ёстой. 

-УИХ алдаагаа залруулах байх гэж та хэлж байна. Юу хийх вэ?

-Юуны өмнө хууль тогтоом­жиндоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бас хүний эрхийг баталгаажуулах хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулиа гаргах хэрэгтэй. Процессоо тодорхой болгох хэрэгтэй. 

Байцааж шийтгэж, тамладаг, иргэнээ тагнадаг, чагнадаг  хуучин нийгмээсээ салахгүй зууралдаад аваад явж байгаа тэр бүхнийг өөрчлөх цаг болсон. 

-Прокурорын дэргэд байсан мөрдөх албыг АТГ-ын мэдэлд аваачсан. Ингэснээрээ шүүх, цагдаагийн байгууллагынхан энэ газраасаа хараат боллоо гэсэн яриа ч гадуур байгаа…
-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаасаа хойш хоёр салбарт их консерватив хандсан нь боловсролын бо­лоод хуулийн салбар. Сөнөөгөөд шинээр эхлэх биш зөв голдрилоор аажимдаа амьдралын туршлагаар өөрчилнө гэж үзсэн. Хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн. Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л шоронд хийгээд л сүүлдээ амь насаа алдсан шүү дээ. Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгье гэсэн. Тэгж байс­наа прокурорыг бас л болохгүй байна, эрх баригчдын гар хөл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлига юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан. Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэчихээд байна шүү дээ. Цаад үндэс суурь тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол тагнаж чагнаж, шалгаж бүхний дээр байх эрх мэдэл нь нэг газарт төвлөрөөд байвал бас л болохгүй юм байна. Нийгэмд гэмт хэрэг бага гарч, хууль мөрдөгдөж байх ёстой. Харин энэ бүхний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Хуулийн шинэчлэл үүнд чиглэгдэж бай­гаа гэж ойлгож байгаа. Яригдаж байгаа хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй. Үүний тулд Хууль зүйн байнгын хороо ачаалал авч ажиллах цаг болсон. Хууль шүүхийн шинэтгэлийн хуулиудыг баталж чадвал өнөөгийн УИХ-ын түүхэн гавьяа нь энэ болж үлдэнэ шүү. 

-Сөрөг хүчний зүгээс биднийг шалгаж байна, хэлмэгдүүлж байна гэж ярих нь бий л дээ. Харин таны харьяалагддаг нам эрх барьж байгаа энэ үед та ингэж хэлж байна гэхээр асуудал арай өөр төвшинд хүрснийг илтгэж байх шиг. Эсвэл таны ойр орчмын олон хүнийг байцааж шалгаж байгаагаас та бухимдаад байгаа юм уу?
-Энэ нь надад, миний эргэн тойронд мэдрэгдээд ингээд байгаа юм биш. Нийгэмд нэлэнхүйдээ мэдрэгдэж байгаа учраас гаргаж тавихаас аргагүй болсон байна. Намайг бол сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна. Үүнд ерөөсөө эмзэглэдэггүй. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа хүнийг сайн ч шалгаж байх ёстой, шалгуулах ч хэрэгтэй. Нэг нам гарахаар нөгөөхөө илүү шалгадаг, өөрийн нам гарахаар арай бага шалгадаг байж магадгүй. Заримдаа өөрийн намынхан эрх барьж байхад илүү ширүүсдэг ч тал бий. Би хувьдаа шалгуулахаас айж эмээх асуудал алга. Албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа юм байхгүй. 

-Хэн нэгэн хүнийг баривч­лахынхаа өмнө хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлзүйг бэлддэг. Дараа барив­чилдаг болсон байна гэж та хэллээ. Үнэхээр ийм болчихоод байгаа юм уу?
-Хэн нэгэн хүнийг буруутгах болбол хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлгээг бэлддэг. Үүний дараа тэр хүнийг хэдэн жил сараар хорьж байсан ч хамаагүй болж эхэлдэг. Энэ бол тоталитар нийгмийн сэтгэлгээ юм л даа. Үнэндээ хэрэг хийсэн хүн тун цөөхөн байдаг юм. Хэрэг хийсэн хүн явж, явж айдаггүй. Хэргээ нуухыг л боддог. Харин ихэнх хүн хэрэг хийгээгүй атлаа нэр хүндийг нь гутаахаас хамгийн их айдаг. Нэгэнт тэр хүнийг хэрэг хийсэн гээд зарлаад гутаачихсан хойно бол хэрэг үйлдсэн тэр хүмүүстэй л адил байр суурин дээр очно. Нийгэмдээ шахагдана. Хэрэг хийгээгүй атлаа хийсэн юм шиг л буруутан болж байна. Энэ нь хүний хамгийн нандин зүйл нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Хуучин цагт дуртай хүнээ, дуртай хэргээрээ буруутгадаг байсан болохоор хүмүүс ийм нийгмийн эсрэг боссон юм шүү дээ. Хэрэв нам төрөөс “ардын дайсан” гээд зарласан л бол тэр хүний амьдрал хэдэн үеэрээ дуусдаг байлаа. Үр хүүхэд нь сургуульд сурах эрхгүй, удмаараа дайсны үр сад гэсэн нэр зүүж явдаг байлаа.  Албан тушаалтныг шалгаж болно оо. Хэрэв буруутай нь тогтоогдсон бол шийтгээд нотолж чадахгүй бол буруугүйг нь зарлаад явах хэрэгтэй. Гэтэл найман сараар, хоёр жилээр хорьчихоод хэргээ нотолж чадахгүй үргэлжлүүлээд хориод байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нотолж чадахгүй атлаа өөрөө хэрэг хүлээтэл нь хорьчихдог. Сүүлдээ хүмүүс залхаад ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ч байдаг. Өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш өөрсдөө нотолдог байх ёстой. Хэргээ өөрөө хүлээсэн ч хуулийн байгууллага тэрийг нь нотолж чаддаг жишиг байх хэрэгтэй. Гэтэл манайд яасан нь ч мэдэгдэхгүй нэг хүнийг нийгмийн хог шавхруу болгож, шавартай нь хутгаад хаядаг. Үнэндээ тэр хоригдож суухаас илүү нэр хүндээ алдана гэдэг аймаар хэрэг шүү дээ. Хүнээ авч үлдэх, хүний нийгмээ авч үлдэх нь чухал юм бол бид үүнийг л мөрдөх цаг болсон. 

-Хэрэг нь нотлогдохгүй баахан хоригдож байгаад гарсан хүмүүс “За суллагдсан нь их юм” гээд л үлдэх болж. Уг нь төрөөс нөхөн төлбөр авах ёстой биз дээ?
-Уг нь тийм. Гэхдээ хүмүүс гарсандаа баярлаад л үлдэж байна. Энэ маш буруу. Хэрэг хийснийг нь нотолж чадаагүй хорьсон байцаагчид тухайн хүний зовлон шаналалд нь дүйцэхүйц хариуцлага оногдуулах хэрэгтэй. Дахиж хэзээ ч хүнийг хилсдүүлж алдаа гаргахгүй болтол нь. Үүний нөгөө талд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдал, нийгмийн халамж, цалин мөнгөнд нь төр гар татаж болохгүй. Төрийн нэрийн өмнөөс авсан эрх мэдлээ буруу ашиглах бус Үндсэн хуулинд заасанчлан хүнлэг энэрэнгүй байхыг шаардах ёстой. 

-Сүүлийн үед АТГ нь хүнийг шалгаж баривчилдаг биш соён гэгээрүүлэх ажлаа хийж байвал зүйтэй. Үгүй бол УИХ энэ байгууллагаа татан буулгавал таарна гэсэн яриа гараад байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Бидний энэ нийгмийн гол үзэл санаа тэр шүү дээ. Жишээ нь, арван хүнийг  гэмт хэрэгт сэжиглэж шалгалаа гэхэд тэр дунд гэм буруугүй хоёр хүн байлаа гэж бодьё. Тэгвэл давын өмнө тэр гэмгүй хоёр хүний гэм буруугүйг тогтоож, эрх ашгийг нь хамгаалах л чухал. Гэтэл өнөөдрийн энэ байгаа хэлбэр нь биш байна аа гэдэг дээр хүмүүс саналаа хэлж байна. Гэхдээ яавал илүү сайн болох вэ гэдгийг ярилцаж, нийгмийн зөвшилцөл хийж байж шийдэх асуудал. Ямар ч байсан гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцдэг бас айдас хүйдэсгүй тийм нийгэм л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

http://enerel.niitlelch.mn/

Thursday, 3 April 2014

Л.БОЛД: Чөлөөт бүс байгуулах нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал үндэс суурь юм

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой эдийн засгийн хөгжлийн үзэл санаа, чөлөөт бүс, гадаад бодлогын зарим асуудлаар ярилцлаа.

-Та уул уурхайн хүчирхэг гүрэн болох Австралид саяхан албан айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үр дүн их биз дээ?
-Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалын үеэр улстөр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Австрали улс Монголын сайн түнш, жинхэнэ гуравдагч хөрш болжээ. Уул уурхайн салбар сайн хөгжсөн улс орны хувьд Монголд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоо манайд Австралийн 170 гаруй компани үйл ажиллагаа явуулж 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээгээд байна. Цаашид ч энэ талын хамтын ажиллагаа өргөжих ирээдүй нээгдлээ. Энэ бүхнийг зохицуулан дэмжих үүрэг чиглэл бүхий Монгол-Австралийн бизнесийн зөвлөл албан ёсны нээлтээ хийснээр томоохон ахиц гарах нь дамжиггүй боллоо.

Мөн Монгол-Австралийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ч томоохон хэлцэл, тохиролцоонд хүрлээ.Хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, хүмүүнлэгийн салбарт ахиулахаар болж Монголын 43 залуу Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах боллоо. Монголд үзүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө эрс нэмэгдүүлж 20 сая австрали долларт хүргэснээ Австралийн тал айлчлалын үеэр мэдэгдлээ.

Австралийн Холбооны улсад 21 жилийн дараа айлчлал хийсэн Монголын Гадаад харилцааны сайдын хувиар Австралийн их сургуульд илтгэл тавьж, АВС, Sky news телевиз болон өдөр тутмын The Australian сонинд ярилцлага өглөө.

Монгол эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй орон бол Австрали зөвхөн далайгаар хүрээлэгдсэн, өөр улс оронтой хиллэдэггүй сонирхолтой улс юм. Тэр чигээрээ л том чөлөөт бүс гэсэн үг л дээ.

-Бид чинь далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн хоёр л хөрштэй, гадаад бодлого ч тэр, бүх зүйл маань энэ хоёроос л хамаарсан улс орон шүү дээ. Энэ дутуу талыг давуу тал болгох боломж байгаа юу?

-Байхаар барах уу даа. Бидний хөршүүд бол эртний соёл уламжлалын барагдашгүй өв сантай агуу үндэстнүүд төдийгүй дэлхийн эдийн засгийн бодлогод том байр суурьтай, өргөн уудам нутагтай, зах зээлийн багтаамжтай, хөгжлийн хурдацтай, нэгэн үгээр бол хоршин хамтран ажиллахад тохиромжтой улс орнууд юм. Өөр бусад улс орон бүр тэдэнтэй ойртон нөхөрлөж, харилцан ашигтай ажиллан хамтдаа хөгжихийг хүсч байна шүү дээ. Бид хөрш, уламжлалт сайн харилцаатай байснаа давуу тал болгох хэрэгтэй. Хятад, Оростой сайн, эрчимтэй харилцахыг хүсч байгаа бусад улс оронд бид харилцах гүүр, ойроос нягт хамтран ажиллах боломжийг нээж өгөх замаар олон улсын харилцаагаа өргөтгөх, өөрсдөдөө хэрэгцээтэй зүйлээ тэднээр бүтээлгэх бодлоготой байх хэрэгтэй. Монгол Улс шиг далайд гарцгүй, эх газраар хиллэсэн хоёр хөрштэй улс орны хувьд хилийн боомтыг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг хилийн бүст байгуулах нь хилийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн уялдааг нэмэх оновчтой шийдэл болох юм. Саяхан УИХ-аар баталсан Хилийн боомтын тухай хууль ч энэ чиглэлд гарсан даацтай шинэчлэл юм. Энэ шинэчлэл улам гүнзгий, боловсронгуй, алсыг харсан байх ёстой юм.

Нөгөө талаас, эдийн засгийн чөлөөт бүсийн дэлхий нийтийн сүүлийн үеийн хандлага нь улс орнууд хил дамнасан чөлөөт бүсийг хамтран байгуулах үйл явц болж байгааг анхаарах шаардлагатай. Иймд хилийн боомт бүрт худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ерөнхий концепц байх нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал үндэс суурь болох юм. Өргөн уудам нутагтай, хүн амын төвлөрөл багатай улс орны давуу талыг ийм байдлаар бий болгох нь зохимжтой.

-Хил дамнасан чөлөөт бүс гэж сонирхолтой санаа байна. Тодорхой, бодит ажлууд хаа нэгтээ хийгдсэн болов уу?
-Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д айлчлахдаа би нүдээр үзэж танилцаад ирсэн л дээ. Хамгийн ойрын жишээ бол Хятад, Казахстаны хилийн бүст байгуулагдсан Хоргосын чөлөөт бүс юм. Энэ тухай товч мэдээлэл өгье. Хоргос нь Хятад, Казахстаны хилийн боомт юм. Эртний торгоны замын нэг чухал хэсэг байсан түүхтэй. Хоргос боомтоор авто зам, төмөр зам, газрын тос, байгалийн хийн хоолой дайран өнгөрдөг бөгөөд эдүгээ тус боомт нь ШУӨЗО-ны Төв Азийн орнуудтай харилцдаг гол гарц нь болоод байна.

Хоргос боомтын хажууд 2011 оны 12 дугаар сарын 2-нд албан ёсоор нээгдсэн Хятад, Казахстаны Хоргосын олон улсын хилийн хамтын ажиллагааны төв ажилладаг бөгөөд хоёр улсын хооронд хэрэгжсэн стратегийн төсөл гэж тооцогддог. Анхны хил дамнасан худалдаа, эдийн засгийн бүс, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төвүүдийн нэг юм.

Ер нь Хятад, Казахстаны хил дээр худалдаа, хөрөнгө оруулалтын бүс байгуулах саналыг анх 1992 онд гаргажээ. Тухайн үед Хонконгийн нэг компани 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж хоёр улсын хилийг дамнасан 2,6 км2 нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны бүсийн шинжтэй, хаалттай олон улсын чөлөөт худалдааны хот байгуулах санал гаргасныг хоёр улсын Засгийн газар дэмжснээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дотоод шалтгааны улмаас зогссон байна. Энэ суурин дээр Хятад, Казахстаны харилцаа улам өргөжихийн хэрээр хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулах сонирхол, шаардлага улам нэмэгдсэнээр энэ төв үүсчээ.
    
-Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нээлттэй бүс нь хилийн боомтоо багтааж байгаа гэсэн үг үү?
-Тийм л дээ. Хоргосын эдийн засгийн нээлттэй бүс нь багцаагаар 8 км өргөнтэй, 9 км урттай газар нутагтай, үүнд Хоргос боомтын 30 км2 орчим нутаг хамрагддаг. БНХАУ-ын Төв Ази, Өмнөд Ази, цаашлаад Европ руу гарах гол гарцуудын нэг гэж тооцогддог, олон улсын зэрэглэлийн эдийн засгийн нээлттэй бүс юм. Боловсруулах үйлдвэрийг голлон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ. Гадаад дотоодын хөрөнгө, технологи, боловсон хүчин зэргийг татаж, үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох, аж үйлдвэржилт, хотжилтын явцыг түргэтгэх, ингэснээр тус бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 2011 онд Хоргосын эдийн засгийн нээлттэй бүсийг байгуулах шийдвэр  гаргажээ. Тус нээлттэй бүсийг 2015 онд багтаан ерөнхийд нь байгуулж дуусахаар төлөвлөж байгаа юм билээ.

-Энэ улсууд хууль тогтоомжийн хүрээнд хөнгөлөлт, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн байх даа?
-Тэнд сонирхол татахуйц хөнгөлөлт, бизнесийн таатай нөхцөлүүд байна лээ. Тухайлбал, Хятадын талаас уг төвд  барилга, дэд бүтэц байгуулах, материал, тоног төхөөрөмжийг оруулахад экспортод гаргаж байна гэж тооцон татварын буцаалт олгодог. Казахстаны талаас Хятад руу барилга, дэд бүтэц байгуулах материал, тоног төхөөрөмжийг оруулахад гаалийн татвар, импортын НӨАТ-аас чөлөөлнө. Тус төвөөс Хятадын нутаг руу бараа бүтээгдэхүүн оруулахад ерөнхий худалдааны татвар хураах журмыг баримтална. Аль ч зорчигч тус төвөөс өдөрт 8000 юаний татваргүй барааг авч гарахыг зөвшөөрдөг гэх мэт нөхцөлүүд байдаг байна.

-Монголд хэрэгжүүлчихмээр сайхан туршлага байх нь, Замын Үүд, Алтанбулаг, Дорнодын хойд, өмнөд хилийн бүсэд нээчихмээр санагдаж байна шүү. Ийм хил дамнасан эдийн засгийн бүсэд бусад улс орны бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулалт ороод ирвэл улс орны бие даасан байдал, аюулгүй байдал, гадаад бодлого гээд олон зүйлд баталгаа гарч ирэх юм байна даа. Манай улс чөлөөт бүсийн тухай хуультай болоод 20 гаруй жил болж байна. Өөдтэй өнгөтэй яваа юм дуулдахгүй л юм? 
-Баян-Өлгий аймаг гэхэд дөрвөн улс хил залган оршдог бүс нутагт байрладаг тул тэнд энэ дөрвөн улс хамтран хил дамнасан тусгай бүсийг нээн ажиллуулбал их ирээдүйтэйбөгөөд бид Төв Азийн улс орнууд руу гарах чухал гарцтай болох юм. Дорнод аймаг гэхэд Орос, Хятадтай хил залгаа оршдог тул бас хил дамнасан тусгай бүс байгуулбал Ази, Номхон далайн улс орнууд руу шууд гарах, далайд гарцтай болох чухал шийдэл байх жишээтэй юм л даа. Гэхдээ бид санаачлагч байх хэрэгтэй,ядаж л эрхзүйн суурь орчныг нь бүрдүүлэх учиртай.

Өнгөц харахад манайд чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн мэт байгаа л даа. Гэвч учир дутагдалтай байгааг миний хүсэлт, захиалгаар хийлгэсэн УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн “Чөлөөт бүсийн эрхзүйн зохицуулалт, онцлог, түүхэн хөгжлийн талаарх гадаадын зарим орны туршлага” судалгаанд  Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид анализ хийн, зарим улс орны эрх зүйн орчинтой харьцуулан харуулжээ.

Уг судалгаанд дүгнэснээр, манай улс“Алтанбулаг”, “Замын-Үүд” , “Цагааннуур”-ын чөлөөт бүсүүдэд тус бүрчлэн бие даасан хууль баталсан хэдий ч чөлөөт бүсийн хөгжил, түүнийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, амьдралын нөхцлийн талаар ямар ч зохицуулалт хийгээгүй байна. Энэ ньчөлөөт бүсүүд үр ашиггүй ажиллах, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаад нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.

Сайн туршлага бүхий улс орны хувьд БНСУ хуулиндаа эдгээр асуудлыг цогцоор нь тусгасныг би Инчеоны чөлөөт бүсэд ажиллахдаа танилцаж анхаарч байлаа. Тухайлбал, Солонгосын хуулинд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарч, төлөвлөгөө батлагдсан болнэн жилийн дотор үйл ажиллагаагаа эхлэхийг хуульчилсан ньнэн оновчтой зохицуулалт болсон байна лээ.

Манайд татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр чөлөөт бүс үүсгэн байгуулах болон түүнийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, газар зохион байгуулалт,оршин суугчдын ажил эрхлэлт, амьдрах орчин, боловсрол, эрүүл мэндийнүйлчилгээ, бүсийн өөрийгөө санхүүжүүлэх чадварзэрэгасуудлыгшийдэх эрх зүйн болон бүтцийн тогтолцоог бий болгох шаардлагатайбайна.

-Энэ судалгаа сонирхолтой, чөлөөт бүсийн цаашдын хөгжлийн хандлагыг харуулсан даацтай болсон байх нь. Үйл ажиллагаа, үүсгэн байгуулалт нь бүтэмжгүй байгаа чөлөөт бүсийн бүтэлгүйтлийг хэн хариуцах билээ? Эзэн холбогдогч гэж байна уу? 

-2011 онд Үндэсний Аудитын газрын “Эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилтын хэрэгжилтийн явц, үр дүн” тайланд УИХ-аас баталсан үзэл баримтлал, үндсэн чиглэлийг бүрэн баримтлаагүй байна. Илэрсэн дутагдлуудыг даруй засч залруулахгүй бол чөлөөт бүсийн хөгжил төдийгүй улс орны эдийн засгийн ерөнхий төлөв байдалд ихээхэн саад тотгор учрах нөхцөл байдал бий болсон гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.

Чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх угтвар нөхцөл, хууль эрхзүйн орчин бүрдээгүй, УИХ-аас баталсан үзэл баримтлалыг мөрдөөгүй, чөлөөт бүс байгуулах хангалттай хөрөнгийг батлаагүйгээсхөрөнгө, хүч тарамдуулсныг тогтоосон нь анхаарах асуудал юм.Албан ёсны бодит дүгнэлт ийм л байгаа даа.

-Тэгээд ямар гарц байна вэ?

-Ер нь чөлөөт бүсийг нутгийн гүн рүү гэхээсээ илүү хилийн бүс рүү ойртуулж байгуулах нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чухал сэжүүр юм.

Уул уурхай төдийгүй бусад экспортын бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, түүхий эд, ашигт малтмалд технологийн боловсруулалт хийж экспортлох хамтарсан үйлдвэрүүдийг хил орчмын бүс нутагтбайгуулах зорилтыг дэвшүүлэн хуульчлах шаардлагатай байна. Үүний тулд хилийн бүст байгуулах худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хөрш орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээр, урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж байгуулах нь оновчтой юм. Дан ганц төсвийн хөрөнгө, зээл туслалцаанд найдаж цаг алдах шаардлагагүй.

Алтанбулаг, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар зэрэг томоохон чөлөөт бүсийг ОХУ-тай, Замын Үүд, Гашуун Сухайт зэрэг өмнөд хилийн дагуу орших боомтуудад суурилсан чөлөөт бүсийг БНХАУ-тай Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулах, тэнд хөрөнгө оруулагчдад Засгийн газруудын хамтарсан баталгааг гаргах, татвар, газар эдэлбэрийн хөнгөлттэй урт хугацааны эрхийг олгох зэргээр дэмжвэл үр дүнтэй юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа хурдцыг гүйцэхгүй байгаа хил орчмын бүс нутгийг онцгой бодлогоор дэмжиж хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл үзүүлэх замаар хөгжүүлэх, энэ бүхнийг одоо байгаа Монгол Улсын Хилийн тухай, Чөлөөт бүсийн тухай болон саяхан баталсан Хилийн боомтын тухай хуулиудтай зохицуулан, нүсэр давхардсан бүтэц, удирдлагын зардал гаргахгүйгээр шийдвэрлэх боломж бий л дээ.

-Хууль боловсруулна гэсэн үг үү?

-Тийм. Шинэ хууль, эрхзүйн онцгой зохицуулалт хийх хэрэгтэй асуудал юм. Хилийн боомт, хилийн бүст нээгдсэн чөлөөт бүс нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг тухайн улсын эдийн засгийн амин чухал судас мөн тул олон улсын чанартай хил дамнасан болон хилийн боомтод тулгуурласан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, хөгжүүлэх агуулгатай хуулийн төслийг би УИХ-ын гишүүний хувьд санаачлан боловсруулаад байна.

-Та нэгэн ярилцлагадаа гадаад бодлого бол хамгийн том эдийн засаг гэж хэлсэн байсан. Энэ санааг нэлээд тодорхой болгомоор байна. Гадаад орчин, хөрөнгө оруулалт, зах зээлгүйгээр эдийн засаг сайн хөгжихгүй гэсэн санаа байх даа?
-Улс орон том жижиг гэлтгүй үр дүнтэй, олон талт гадаад харилцаа байхгүй, олон улсын нэгдсэн том зах зээлд эзлэх өөрийн байр суурьгүйгээр цааш явах боломжгүй болжээ. Монголчуудын сүүлийн 20 жилд туулсан хүндрэл бол үүнтэй л холбоотой. Улстөрийн яриа хэлэлцээрүүдийг гадаад бодлогын хүрээнд тасралтгүй явуулж ирсэн боловч харилцагч талууд үндэснийхээ эрх ашгийгхарилцан ашигтайхангах, эдийн засгийн даяаршил, дэлхийн зах зээлийн чиг хандлагад өөрийн нөөц бололцоог зохисжуулах тал дээр хангалтгүй ажиллаж иржээ.

Дан ганц зээл, туслалцаанд дулдуйдсаар ирсэн нь тухайн үедээ Монголын залуу ардчилалд хэрэгтэй байсан гэж боддог ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал өөр болжээ. Бид нялх ардчиллаас тогтвортой, бодит ардчилалтай болсон. Тэр хэрээр бид өөр зорилго, бодлого, үйл ажиллагааг эрхэмлэж улс орноо улам эрчтэй хөгжүүлэх үндэс суурийг тавих хэрэгтэй юм. 

Түүхий эд, ашигт малтмалаа боловсруулж, технологи шингээж үнэд хүргэж чаддаггүй юм гэхэд шууд ачаад гаргачих ч дэд бүтэц, харилцаа холбоо муутай байснаас бид өчигдөр, өнөөдрийн бэрхшээлүүдтэй учирч байна. Энэ байдлыг яаралтай өөрчлөхгүй бол маргааш ч ийм байсаар байх болно.

Энэ цаг үед Монгол Улс өмнөд хөршийнхөө эрчим хүч, эрдэс баялгийн өндөр хэрэгцээнээс хамаарч байна. Дандаа ийм байж болохгүй. Бид боловсруулах үйлдвэр, технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурах хэрэгтэй байна. Энэ бүхнийг бий болгоходхөгжсөн орнуудын дэмжлэг туслалцаа, бизнесийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. Мөн эдгээрийг хүлээн авч чадахдэд бүтцийн, ядаж л эрхзүйн орчныг нь бид өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай юм. Гадаад харилцааг уулзаж ярилцаад, протокол хөтлөөд тохиролцоод явахаас гадна тодорхой, ажил хэрэгч, томоохон төслүүд рүү чиглэдэг болгох хэрэгтэй. Ерөнхий зүй тогтол яриад байлгүй, маш тодорхой асуудлыг шийдэж сурах хэрэгтэй байна. Гадаад бодлого ийм л байх ёстой гэж би үздэг.

-Яриагаа нэлээд ерөнхий тойм асуултаар өндөрлөе. Монгол Улсын эдийн засаг  хурдацтай хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин эрс дээшилнэ гэсэн том хүлээлт хойшлогдсоор 20 гаруй жил болжээ. Иргэдийнхээ итгэл, хүлээлтийг улстөрчид та бүхэн хэзээ бодит ажил, үр дүн, хэрэгжилтээр хариулах вэ?
-Тойм ерөнхий асуулт ч биш л дээ. Улстөрч хүний зайлшгүй хариулж чаддаг, хариулсандаа үнэнчээр зүтгэж хэрэгжүүлдэг асуудал байна аа. Ер нь улстөрч хүн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр ажилладаг, ажиллах ёстой л доо. Өмнөх үеийнхээ ололт амжилт, алдаа сургамжаас суралцаж, цааш аваад явах боломжтойг үргэлжлүүлж, алдааг нь засч, өнөөдрийн болон ирээдүйн хөгжлийн суурь тавих утгаараа улстөрч хүн өнгөрснийг маш гярхай ажиглаж, нягтлах учиртай юм.

    Улстөрч хүн ирэх цагийн хөгжил дэвшлийн суурь бодлогуудыг боловсруулж, хууль тогтоомжийн тогтолцоог сайжруулж, одоо цагтайгаа нийцүүлж суудаг тул ирээдүйг угтагч, түүнийг оновчтой таамаглан хойч үедээ хөл дээрээ бат зогсох боломжийг олгох учиртай. Гэхдээ дан ганц алс хэтийг харсан, одоо цагаа мартсан, өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж, амьдрахын төлөө зүтгэж яваа иргэдээ зөнд нь орхисон байж хэрхэвч болохгүй. Тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл зоригийг мэдэрч, тэднийхээ төлөө зүтгэх учиртай. Хүн бүрийн хүсэл зоригт нийцэх боломжгүй чнийтлэг ашиг сонирхлыг олж мэдрэн төрийн бодлогын өнөөдрийн хөг аяст нийцсэн шийдэл олох ёстой юм.

Би чуулганы завсарлагаанаар өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо төлөөлөл болох 1300 гаруй хүнтэй уулзлаа. Уулзалтандаа Улаанбаатар гэсэн том өрх айлыг толгойлж яваа Э.Бат-Үүл даргыг ч урьж оролцууллаа. Хотын даргын явуулах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэддээ шууд сонсох, санал бодлоо хэлж харилцан ойлголцох боломжийг олгосон юм. Миний нэр дэвшиж сонгогдсон тойргийн хэмжээнд авч хэрэгжүүлэх төсөл, санаачилгыг ч ярилцлаа. Орон нутгийн засаг захиргаа, тухайн тойргоос нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран тодорхой төсөл, тооцооллыг санал болгож байгаа нь таны асуусан хүлээлтийг наашлуулах, итгэлийг даах үндсэн арга зам гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүний хувьд дэвшүүлсэн санаагаа дүүрэг, нийслэлийн бодлогод тусгах, тэдний үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь юунаас чухал байгааг миний зохион байгуулсан энэ уулзалт харууллаа.

Төрийн иргэдэд хүргэх үйлчилгээ жижигдэж багаддаггүй юм билээ. Шинэчлэлийн Засгийн газрын аятайхан санаачилгын нэг нь ТҮЦ машинууд юм. Гэтэл иргэд газар олголт болон бусад асуудлаар лавлагаа авах гэхэд холбогдох асуулгыг бөглөж чадахгүйгээс ашиглахдаа хойрго байна. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй оюутан залуусыг энэ ажилд татан оролцуулахад иргэд урамшин ач холбогдлыг нь илүү ихээр мэдэрч байна лээ. Би тойрогтоо багахан хугацаанд ийм ажлыг биечлэн зохион байгуулаад үүнийг харлаа.    
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан Р.Намдү
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”


Tuesday, 25 February 2014

Л.Болд: “Бодь” группыг орхисон нь би улстөрчийн тавилангаа л сонгосон гэсэн үг


“Ярилцъя” Та бүхэнтэй Гадаад харилцааны сайд Л.Болдыг уулзуулахаар урьсан юм. Тэр миний харж байгаагаар бол хэвлэлийнхний хамгийн их сонирхож байгаа эрхэм. Учир нь шинэ Монголын сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд боссон бизнесийн хамгийн том пирамидын нэг “Бодь” группийн хөрөнгө оруулагч байсан энэ ноёнтон санаанд оромгүй шийдвэр гарган, группээсээ гарч явсан. Улаанбаатарынхны ярианы нэгэн чухал сэдэв болон задарсан энэ үйл явдлын дараа тэр анх удаа ам нээж байгаа нь энэ.

-Тантай уулзсандаа таатай байна. Бидний амьдралын нэгэн он улиран одож, шинэ он хаалганы цаана ирээд зогсч байна. Ийм үед хүмүүс боддог доо. Энэ жил ер нь ямар жил болоод өнгөрчихөв өө гэж. Тэгвэл таны хувьд энэ жил? 

-Мэдээж Улсын Их Хурлын гишүүн, Гадаад Харилцааны сайдын хувьд миний үндсэн зорилго энэ төрийн чухал албыг өндөр төвшинд хийх. Энэ жилийн хувьд Гадаад Харилцааны яамны хувьд үнэхээр түүхэндээ байгаагүй  рекорд тогтоосон жил болж байна. Зөвхөн өндөр дээд хэмжээний айлчлал гэхэд 35-ыг зохион байгууллаа. Дандаа гадаад харилцааны сайдаас дээш төвшинд гээд бодоход энэ өөрөө түүхэнд байгаагүй үзүүлэлт. Ер нь бол олон улсын давцан дээр Монгол Улсын нэрийг гаргах, Монгол Улсынхаа байр суурийг бэхжүүлэх тал дээр тодорхой  ахиц амжилт гаргаж чадсан ийм жил болж өнгөрлөө. Ер нь бол бид энэ жилийнхээ ажилд сэтгэл хангалуун байгаа. Олон улсын том байгууллагыг даргалж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хурлуудыг амжилттай зохион байгууллаа. Улс орныхоо хөгжлийн ирээдүйд хандсан чухал санаачлага бүхий Монголын хөгжлийн стратегийн хувилбаруудыг гаргах дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар энэ томоохон төслийг амжилтанд хүргэлээ. Цаашдаа Монгол Улсдаа гэрэл гэгээтэй хөгжлийг авчрах гарцуудыг нээх, түүнд оруулах гадаад харилцааны салбарын хувь нэмрийг улам өндөр төвшинд байлгахын төлөө бид хичээн ажиллана.

-Мэдээж танай салбарын нуруун дээр өнгөрч буй онд өндөр ачаалал ирсэн. Гэхдээ уучлаарай, сайд аа би бол таны хувь түүхэнд ямархан жил болоод өнгөрчихөв өө гэж онцолж асуусан. Та намайг ямар сэдэв рүү орох гээд л өндөлзөөд байгааг  гадарлаж байгаа байх. Манай бизнесийн хүрээнд болсон энэ жилийн онцлох үйл явдлуудын нэгээр гарцаагүй тодрох үйл явдал шүү дээ. Тэр нь таны байгуулсан “Бодь” группын задрал. Би тэр том айлын хөрөнгө оруулагчдын нэгтэй нүүр тулан уулзаж байна.  Сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг хамгийн дуулиантай явдал гэж нэрлэж байна. Тийм болохоор таныг хувь хүнийхээ хувьд зүгээр нэг намуун тайван жилийг өнгөрөөгөөгүй гэж бодох юм. 

-Таны зөв. Хувь хүнийхээ хувьд миний амьдралд томоохон өөрчлөлт гарсан жил болсон нь үнэн. Нэгэнт энэ бол бодит үнэн учраас. Тэртээ 1993 онд бид анх гудамжинд явахдаа компаниа байгуулж байсан. Арилжаа наймаагаар л эхлүүлж байсан. Ганцхан бид ч биш бүгд л тэгж эхлэцгээсэн байх. 

-Хувьсгалын дараа?

-Тийм ээ, хувьсгалын дараа. Бүх зүйл, явж байсан зам мөр, түүнийг дагсан ажил амьдрал цөм өөрчлөгдсөн. Цаг үеийн хувьд ямар цаг үе байсныг та өөрөө сайн мэднэ. Нам ялагдсан. Дагаад зөндөө өөрчлөлтүүд гарч таарна. Тэгээд л бизнесээ эхлүүлж байсан. Өнөөдөр олон жилийн хөдөлмөр, олон зуун сайхан залуучуудын хөлс хүч шингэсэн ийм том групп болжээ. Энэ амжилтыг хэн ч үгүйсгэхгүй биз.  

-Одоо хэдэн жилийн ой нь болж байгаа билээ.  “Бодь” группын?

-Энэ жил 20 жилийн ой нь. 

-Хүний амьдралын 20 жил гэдэг бол алтан хугацаа биз дээ. Ялангуяа залуу нас шингэсэн 20 жил?

-Ер нь бол хүний бүтээлч ажил амьдралын талаас ч асар том хугацаа шүү дээ. Тэгээд бодоход ямар их хүч хөдөлмөр орж энэ групп боссон нь ойлгомжтой. Би “Бодь”, “Голомт”-оороо бахархдаг. Энэ бол олон зуун залуучуудын хүч хөдөлмөр шингэсэн амжилт. Монголынхоо төлөө л гэсэн үзэл санаан дор сайхан хамт олон бүрэлдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая гээд л залуу насны эрч хүчээр зүтгэцгээсэн. Цаашдаа ч оруулна гэдэгт итгэлтэй байна. 

-“Бодь”-ийн задралд би хувьдаа баярлаж чадахгүй байгаа. Ингэхэд ер нь задрал гэж нэрлэж байгаа маань зөв үү, буруу юу? 

-Нэг их задарсан ч юм байхгүй л дээ. Миний хувьд улстөрч хүн. Өнөөдөр өнгөрүүлсэн түүхээ эргэн харахад олон зүйл бодогдож байна. Монгол улсын маань хууль тогтоомж ч их өөр болж байна. Сонирхлын зөрчлийн хууль, авилгын эсрэг хууль гээд олон хуулиуд амьдралд шинээр орж ирлээ. Бидний амьдралыг хүрээлж байгаа хууль эрх зүйн орчин 10 жилийн, цаашлаад  20 жилийн өмнөхөөс огт өөр болсон. Өмнө нь бол улстөрч хүн том компанид хувь эзэмшээд, тэгээд шууд ба шууд бусаар үйл ажиллагаанд нь оролцоод явж байхад нийгэм тэвчдэг байж. Тийм учраас надад ухамсартай сонголт хийх шаардлага гарсан. Тийм ч учраас хувьцаагаа албан ёсоор авилгалтай тэмцэх газарт бүртгүүлээд, “Бодь” групп, “Голомт” банк гэсэн бизнесийн томоохон бүлэглэлд нэг мөсөн ямар ч хамааралгүй болсон. Нэг мөсөн бүрэн бие даасан гэж хэлж болно. 

-Анх ер нь “Бодь” гэдэг нэрийг хэн өгч байсан юм бэ. Их сонин, уран бүтээлийн ч юм шиг, бурханлиг ч юм шиг ийм нэр дөнгөж бүх юм задарсан тэр үед сонгож өгсөн нь сонин. Одоо л нэр томъёоны хомсдолд орчихоод байгаа болохоос тэр үед бүх сонголтууд л байж байсан баймаар. 

-“Бодь” гэдэг нэр сайхан нэр л дээ. 1989 онд манай аав ээж хоёр тэтгэвэрт гарчихсан байсан. Тэгээд хоршоо байгуулаад, түүнийгээ “Бодь” хоршоо гэж нэрлэж  байсан түүхтэй. Дараа нь тэр нэрийг бид компани байгуулахдаа өвлөж авсан л даа. “Бодь” гэж нэрнийх нь утга нь болохоор манай аавын төрсөн газар нь Бодийн хар ус, Бодь толгой гэж газар байдаг юм. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт сайхан үзэсгэлэнтэй газар бий. Аавын маань төрсөн тэр л сайхан нутгийн нэр байгаа юм. 

-Таныг ч яахав нэрт эрдэмтэн Лувсанвандангийн хүү Болд, Лу.Болд гэж л монголчууд дууддаг. Харин тэр “Бодь” хэмээх том группын нэрээр бусад хамтрагчид тань овоглогддог. Жишээ нь, УИХ-ын гишүүн М.Зоригтыг гэхэд “Бодь”-ийн Зоригт л гэх жишээтэй. Гэвч та нарын зам салжээ. Монголын нийгэмд боссон бизнесийн том цамхагийн түүхэнд болж буй энэ салалтын ард гунигтай сүүдэр ч байж л байгаа.  
-Ер нь бол энэ 20 жилд монголчууд бид бүгдээрээ  үнэхээр их юм үзлээ. Та зүгээр нүдээ аниад өнгөрсөн 20 жилийг бодоод үз. Монголын нийгэм өөрөө ямар том хувьсгалт өөрчлөлтөд өртөв. Хүн болгоны хувь заяа ямар ямар юманд өртөв. Зүв зүгээр хэдэн залуучуудын үүсгэж байсан, тухайн үедээ 10 мянган доллар ч хүрэхгүй өртгөөр шаваа тавьж байсан компани яаж хөгжив. Өнөөдөр хэдэн зуун сая доллараар хэмжигдэх баялаг болон боссон байна шүү дээ. Гуниг бол сэтгэл зүйн асуудал. Далд л тэмтрэгдэх.  Харин та бидний нүдээрээ харж байгаа амжилт өөрөө манай нийгмийн, монголын залуусын өөдөө тэмүүлсэн агуу их тэмүүллийн илэрхийлэл юм. Монголчууд бидний зовхи нь өөдөө гэдгийг харуулсан сайхан үйл явдлын нэг талын гэрч мөн шүү дээ. Тэгэхээр энэ талыг нь л харах ёстой юм. 

-“Бодь” групп нийтдээ хэдэн компанитай болж томорсон бэ?

-Охин компани гэвэл 70 орчим компани байгаа байх. 

-Одоо тэндээс зөвхөн та л гарсан уу. Таны гэр бүлийн гишүүдээс тань  үлдсэн үү?
-Үлдээгүй. Угаасаа тэнд би ганцаараа ажиллаж байсан. Ганцаараа хувь эзэмшиж байсан. Би өөрөө л өөрийнхөө хувийг худалдсан. Тийм л үйл явдал болсон.

-Би гайхдаг юм. Хүмүүс тэр үед юун ирээдүйдээ итгэх битгий хэл бие биендээ итгэхэд ч хэцүү л цаг байсан. Намуухан өнгө аястай, амьдрал нь нэг л дүрмээр тогтуун томоотой явдаг байсан тэр нийгэм задран унасан. Тийм осолтой үед та гэр бүлдээ олуулаа байж яагаад компаниа байгуулахдаа тэднийг оруулаагүй юм бэ. Огт өөр хоёр залууг сонгосон байдаг. Ийм сонголтыг та яагаад хийж байсан бэ?
-Ер нь бол манай компани өөрөө үзэл бодол дээр тулгуурласан тийм компани байсан л даа. Анхнаасаа л бид монголчуудаа хөгжүүлэе. Монгол залуучуудаа дэмжъе. Тэднийгээ орон байртай, амьдралд хөлтэй, нийгмээ хөгжүүлэх эрмэлзэлтэй болгохын төлөө нэгдсэн. Эхлээд тэдэндээ зөв сайхан мэдээлэл хүргэдэг болъё. Мэдээллийн орчин үеийн техник хэрэгсэл, компьютер IT энэ бүгдэд ойртуулъя. Интернет компьютер ер нь бүх л чиглэлээр юм хийе. Жишээ нь, “Голомт” банк байна. Үнэхээр голомт гэж энэ үгийн утга юу билээ. Айлын гал голомт гэдэг ойлголт монголчуудын хувьд хичнээн чухал ойлголт билээ. Олон залуучуудаа өөрийн орон байртай болгоё, эх орныхоо иргэн гэдгээрээ бахархах бахархалтай, өмч хөрөнгөтэй болгоё. Дандаа ийм сайхан сэтгэл өвөртөлж л бид нэгдсэн. Ийм үзэл санаан дээр суурилсан үйл хэрэг нэг гэр бүлийн бизнес байх ёсгүй. Энэ бол зөвхөн үүсгэн байгуулагчид биш энд ажиллаж байгаа хүн болгоны бизнес байх ёстой. Сүүлдээ бүх ажилчиддаа хувьцаа байршуулаад эхэлсэн шүү дээ. Дээр нь харилцаж байгаа, дэмжиж байгаа, оролцож байгаа ер нь нийт ард түмэнд өмчлөгддөг ийм компанийг бий болгохоор зорьсон. Энэ чиглэлээр анхаасаа байгуулсан. Тэгж ч хөгжиж ирсэн. Тийм үзэл санаан дээр суурилж байсан учраас үнэхээр бид түмний дэмжлэгээр томорч, өөдөө хөгжсөн. Ахин хэлэхэд бидний зорилго бол угаасаа Монголд бизнесийн шинэ орчин, шинэ соёл, шинэ хариуцлага бий болгох байсан. 

-Social ертөнцөөр нэлээн шуугиан явсан. Монголчууд яг юуг илүү сонирхдог, юунд илүүтэй зовдог болчихсон юм бэ гэж гайхширмаар байсан. Хамгийн олон давтагдсан асуулт хэн нь юу юугаа авав гэдэг асуулт. Сэтгүүл зүйд бол энэ чухал асуулт. Харин нийт нийгмийн санаа тавих зүйл биш.
-Тийм л байх. 

-Билл Гейтс ч  гэхэд яг л та нарынх шиг нөхөрлөлөөр эхэлж байсан. Монгол залуучуудын нөхөрлөл өөр, Америк эрчүүдийн нөхөрлөл ондоо гэсэн хууль байхгүй шүү дээ. Өнөөдөр тэр залуусын бүтээсэн баялаг дэлхийн баялаг болчихсон. Бараг бизнес гэдэг утгаа алдаад хүн төрөлхтөний баялаг болон хувирсан. Тэдний нөхөрлөл, тэдний түүх ийм гайхалтай пирамидыг  босгоод явж байна. Харин монголчууд бид нарын түүх, бидний зан араншин жижиг. Бидний энэ тогтож ядаж байгаа шинэ соёлоос ч болдог юм уу. Яагаад манай нөхөрлөл ийм хэврэг, манайхан л болохоор дээд тал нь 20 жил яваад салчихдаг юм бэ. Ердөө л бидний хэмжээ энэ үү? 
-Би таны хэлж байгааг маш сайн ойлгож байна. Амьдралд олон юм өөрчлөгддөг. Тэр дундаа зам. Аливаа нөхөрлөлийн хэлбэр ч өөрчлөгддөг. Энэ бол бараг жам. Beatles хамтлаг гэхэд л хичнээн удаа салж, тарж байлаа. Дэлхийг ч эзлэх боломж байсан. Гэхдээ аргагүйн эрхэнд л зам замаа хөөсөн. Миний хувьд муудаад, тунирхаад, явж ирсэн замаасаа гарч, байгуулж босгосноо татан буулгасан тийм асуудал байхгүй л дээ. Миний хувьд өөрийнхөө улс төрийн каръер, улс төрийн түүхэн сонголт, өөрийн мэргэжлийн ажлыг сонгож явах л сонголт гарч ирсэн. Тодруулбал бидний өөрсдийн л сонголтын асуудал. Ер нь бол сайн муугаа дуудалцаад л, тэгсэн хэрнээ салдаггүй олон компаниуд байдаг л даа. Тэр болгонд өөр өөрсдийн онцлог үнэхээр байдаг байх. Монголчууд бид бол яахав дээ 20-р зуунд үнэхээр сонин түүхийг ардаа өнгөрөөлөө. Тусгаар тогтносон хорьдугаар зуун гэдэг бол үнэхээр гайхамшиг. Бид гайхамшгийг харж байна л даа. Бод л доо, бид бүгдээрээ л дөнгөж хоёрдахь үеийн хотын хүмүүс шүү дээ. Бидний аав ээжүүд бүгдээрээ л мал дээр төрж өссөн хүмүүс. Гэсэн ч тэр үеийн монгол хүний цэвэр сайхан сэтгэлгээ, тэр үнэнч сэтгэл, ирээдүйгээ харсан бүтээлч холч ухаан, зөв ариун хүмүүжил, ноён нуруу энэ бүх гайхалтай чанар бидний шинэ монголчуудын ч, монгол бизнесменүүдийн ч онцлог байх ёстой гэж би боддог. Амьдралд үнэхээр их юм үзлээ. Их туршлага хуримтлууллаа. Энэ бүх хугацаанд бараг ном бичих хэмжээний л юм болох шиг боллоо. (инээв)

-Ном бичвэл энэ нь маш сайхан төсөл байх болно. Харин таныг энэ төслөө хэзээ ч юм барьж аваад, хамтрагч хайвал би таатайяа хүлээж авах болно шүү. 

-Баярлалаа. 

-Нэгэнт “Бодь” группын сэдэв бидний ярианд байгаа учраас хүүхдийн паркийн талаар асуумаар байна. Та бид хоёр олон сарын өмнө ярилцлага хийхдээ энэ тухай ярьж байсан. Хачирхалтай нь та тэр үед “Бодь” группын хөрөнгө оруулагчдийн нэг байсан атлаа “паркийг хүүхдүүдэд буцаагаад өгчих хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үедээ таны хэлсэн мэдэгдэл шуугиан тарьсан. Дахиад одоо паркийн сэдвээр таныг хавчуулсан шүүмжлэлүүд үйлдвэрлэгдэж байна. Гэхдээ таны нөгөө бодол өөрчлөгдсөн үү. Бид олон нийтийн түрэмгий дайралтаас болоод бүх юмыг болиод л яваад байх уу. Буцааж өгөөд л, за болъё гээд л. Ийм бололцоо нэгэнт өнгөрсөн шүү дээ. 

-Зах зээлийн хуулийн орчинд нэгэнт явагдсан хувьчлалыг буцаачихдаг тийм юм байж болохгүй. Тэр бол мэдээж хэрэг болохгүй. Бид сонгож авсан нийгмийнхээ зах зээлийн хуулиар л амьдрана. Парк бол тусдаа асуудал. Паркийн хувьд бол анхнаасаа бид төсөл хийгээд тухайн үеийн хотын удирдлагад танилцуулаад зөвшөөрүүлээд явсан. Үнэхээр нэгэнт паркыг тал талаас нь аваад барилга байшин болгоод, газрыг нь хуваагаад дуусах нь ээ. Голоос нь ч аваад, дөрвөн өнцгөөс нь ч аваад. Энэ парк бол үнэхээр Улаанбаатар хотын маань түүх юм. Улаанбаатар хот маань ямар их өөрчлөгдөж байна. Гэхдээ бас нэг авч үлдэх ёстой юмнууд байх ёстой шүү дээ. Ялангуяа манай залуучуудын, манай ахмадуудын хүүхэд залуу үеийнх нь ганц дурсамж шүү дээ. Тэгэхлээр энийг бид нар авч үлдэх ёстой гээд л оргилуун, эрх оронч сэтгэлээр л хийсэн.  Үүний цаадах бидний тохиролцоо бол  хүүхдийн парк чигээр нь авч үлдэх тийм л төсөл байсан. Тэрийгээ зөвшөөрүүлээд өнөөдөр ямар ч гэсэн алдсан газрыг нь эс тооцвол бүхэл бүтэн төсөл хэрэгжээд, паркаа аваад үлдсэн байхгүй юу. Энэ дээр би нэг их айхтар ашиг хийнэ гэж бодохгүй байна. Энэ бол угаасаа хүүхдүүдийнхээ төлөө, хүүхдүүддээ үйлчилдэг тийм л байгууллага болж цаашдаа хөгжих ёстой гэдэг талаас нь миний хувьд харж байгаа. Энэ байр суурь бол хэвээрээ байгаа. Тэгээд сүүлийн үед хот, компани хоёр хоорондоо яриа хэлэлцээнд ороод, хамтарсан хурал зөвлөгөөнөө хийгээд асуудлаа шийдэх зүг рүүгээ явж байгаа гэж би ойлгосон. 

-Тийм үү. Гэхдээ парк тантай ямар ч хамаагүй болжээ?
-Тийм ээ. Гар бие оролцож эхлүүлсэн гэрэл гэгээтэй төсөл болон үлдсэн. 

-Сүүлийн үед нэг зүйл анзаарагдах болж. Тэр бол таныг юм юмтай холбож дайрах хандлага. “Бодь Групп” хэвлэл мэдээллийн салбарт олон төсөл хийсэн. Гэсэн ч тэр бүхэн одоо тантай хамаагүй болсон. Хамаагүй болсны илрэл ингэж гарч ирж байх шиг харагдах юм. Монголчуудын муухай араншингийн илрэл гэлтэй. 
-Би ч бодоод л байгаа юм. Гэхдээ би анх энэ салбарт хөрөнгө оруулалт хийхдээ өөрийгөө хамгаалуулах том зэвсэг хийчихлээ гэж бодож байгаагүй. Өнөөдрийг хүртэл хэвлэлтэй байхад ч бичиж байлаа, хэвлэлгүй байхад ч бичиж байлаа. 1996-2000 оныг та  санаж байгаа биз дээ. Тэр үед намайг гүтгэж доромжилж байсан зүйл хэдэн хавтас байдаг юм. Дараа нь 2000 онд компанид ажиллаж байхад тэр масс медиагийн бүхэл бүтэн том сүлжээг бий болгох ажлыг санаачилж, монголын нийгэмд хэвлэлийн байр суурийг нэмэгдүүлэх. Ер нь хэвлэл Ардчилсан улсад ямар байдаг вэ тэр эталоныг бий болгохыг оролдож байсан л даа. Энэ цаашаагаа явна. Сайжраад явна. Хууль тогтоомж сайжраад зөв тийш нь аваад явчих байх. Надад өөрийгөө хамгаалаад яваад байх ямар ч шаардлага байхгүй. Хийсэн нүгэл байхгүй гэдгээ би баттай хэлж чадна. Ер нь намайг гүтгэх, янз бүрийн зохиомол юманд хавчуулах юм зөндөө явж байна. Өөрийгөө хамгаалах бололцоо надад хангалттай олдох байх. Энэ бол тэртээ тэргүй чөлөөт нийгэм. 1990 онд бид үүний төлөө л явсан. Сүүлийн үед нэг тийм компаничлагдсан юм гараад байгаа. Энэ өөр эзэнтэй байх аа. Жижигхэн сонирхол нь хөндөгдсөн нөхдүүд үүрэндээ бужигнаад л, тэгээд л нэг нэргүй баахан юм бичээд энэ тэнд интернэтээр цацаад л.  Намайг ашигт малтмалд анх очиход л хэдэн лиценз эзэмшигчид, лицензийн наймаачид ямар том юмыг миний эсрэг өрнүүлж байв. Би зарчим дээрээ байж байгаад л ялаад л гарсан. Батлан хамгаалах яаманд очиход нэлээд засч залруулах юм байсан. Үнэхээр цэргийн байгууллага өөр л дөө. Эх орондоо үнэнч  сайхан хамт олон. Гэхдээ л засч залруулах юм их л байсан. Тэгээд би ажилласан. Болохгүй байгаа хүнийг ч, үйл ажиллагааг нь ч өөрчилсөн. Зарчмыг нь ч өөрчилсөн. Тэгэхэд бас л их бужигнасан даа. Тэр үеийн сонин хэвлэлээр юу явж байв. Хүмүүс мартсан байх. Одоо ч гэсэн бүтэн жил гаруйн турш Гадаад харилцааны яаманд нэлээд юм өөрчлөх гэж, нэлээд юм хөдөлгөх гэж оролдож байгаа. Энэ бас үнэн. Тэгээд үүнд дургүйцэж байгаа, эрх ашгаараа хандаж байгаа зөндөө л хүмүүс байгаа. Тэд ч дайрч л байна. Дээр нь миний дэвшүүлж байгаа санал, санаачилж байгаа хууль гээд олон л чиглэлээр эсэргүүцэгчдийг бий болгоно шүү дээ. Улс төрийн сөрөг хүчнүүд ч байж л байгаа. Тэр бол яахав ээ. Үүний төлөө л явсан юм чинь. 

-Танай яаман дотор зодоон цохион болоо юу?
-Одоогоор бол тийм тохиолдол гарсан гээд баттай ноттой хэлэх юм алга. Харин тийм мэдээлэл бол байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Үнэн мөнийг тогтоох ёстой. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Би таамгаар, сургаар сонин хэвлэлийн мэдээллээр ямар нэг алхам, мэдэгдэл хийхгүй. Үүн дээр бол би зарчмын дагуу маш хатуу байр суурьтай байна. 

-Сүүлийн үед Гадаад Харилцааны яамыг сайд Болдын дагуулж ирсэн хүмүүс самарч байна  гэсэн юмнууд бичигдэх болж. Энэ талаар та юу хэлмээр байна? 
-Тэгж байна. Үнэхээр бид энд тэнд баахан цус ойртсон байгууллагуудтай л ноцолдож байна шүү дээ. Хамаатны, танил талын  сүлжээнүүд манай нийгмийг хэрчихсэн байна. Энэ бол олон жил засаг солигдоогүй явсны, шинэ бодлого, шинэ хандлагын салхи сэвэлзээгүй явсны л илрэл. Одоо л анх удаа солигдоод эхний жил дээрээ явж байна шүү дээ. Их юм илэрч байх шиг байна. Хоморгонд нь намайг авлах гэсэн юм ч явж л байна.  Төрлийн яам энэ тэр гээд л. Угаасаа би төрлийн яаманд ирсэн. Би гаднаас төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг чадвартай хүмүүсийг урьж авчирч ажиллуулж байгаа. Надтай хамт төрд ажиллаж байсан нь тэр хүний хувьд гэмт хэрэг биш биз  дээ. Үнэхээр зарим нэг хүмүүсийг төрийн ажил хийх чадвартайг нь, туршлагатай нь, зарим талбар дээр илүүг нь  мэддэг учраас итгэл хүлээлгэж байгаа юм. Тэгээд би ч ажилд авч байгаа юм биш. Би санал болгож нэрийг нь дэвшүүлсэн ч ажилд орж чадаагүй зөндөө хүн бий. Би энд тэнд төрийн ажил хийж байсан хүмүүсээс арав, хорин хүн санал болгосон байлаа гэж бодоход хуруу дарам цөөхөн нь л орж байгаа байх. Үнэхээр чадвартай, ажлаа хийж чадаж байгаа нь эргээд надад урам түшиг болж байгаа нь ч байна. Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ л гүйцэтгэж байгаа. Энд үнэхээр болохгүй юм их байна. Энэ яам чинь олон арван жилээр тогтчихсон, үр удам дагачихсан, сүүлдээ бүр ач гуч руугаа орж байгаа юм байна шүү дээ.  

-Ач гуч руугаа орчихсон л гэдэг юм байна лээ. Дээр нь энд ажиллаж байсан. Өөр алба руу шилжээд явсан нөхдүүд нь ч эргээд энэ яамаа барьж байх сонирхолтой байдаг юм биш үү. Бусад яамд дээр ч ийм зүйл яригдаж л байх юм. 
-Ер нь төрийн аль ч яам, агентлаг, байгууллага, алба, төрийн мэдлийн компанийг ийм байдал руу оруулж болохгүй. Ингэх юм бол эргээд нийт нийгэм хохирно, улс хохирно. Өөрсдөө хохирно. Тэгээд л амьдрал нь зорилго байхгүй, агуулга байхгүй, өрсөлдөөн байхгүй. Бүх юмыг найрдаг тэр нэг бохирдсон юм руугаа орно. Ийм нэг буруу тогтолцоо бүх газарт гүнзгий байна. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа тэр ухаалаг төр гэдэг чинь яг энэ цэгүүдийг л олж ажилла гээд байгаа юм шүү дээ. Энэ бүх бугласан, төрийн ажлыг хаалттай тогоон дотор ялзруулсан тогтолцоонд бүгдэнд нь салхи оруулахгүй бол болохгүй. Цонхыг нь нээгээд, шинэ цусаар сэлбээд, хөдөлгөөнд оруулаад явах хэрэгтэй.

-Ер нь төрийн албыг муухай болгож байгаа юм нь шинэ сайд ирээд өөрөө төрийн өмнө хариуцлагаа хүлээгээд, шинэтгэлүүдийг хийгээд цэххэн явах бололцоо аль ч газар бага байна. Дандаа л хэн нэгнийх нь тавьсан хүмүүс байдаг. Тэгээд нөгөөдүүл  нь эргээд нэг нэг юм яриад суучихдаг. Том том толгойнууд байж байдаг. Тань шиг шийдэмгий хүн ч энийг янзалж чадахгүй байна уу?
-Янзална. Би ийм юмнаас айхгүй. Би цэргийн салбарт ч, ашигт малтмалын салбарын тэр хэцүү нөхцөл байдалд ч өөрчилж чадсан гэж бодож байгаа. Аливаа шинэтгэлийн үр дүн урт хугацааны дараа л мэдрэгддэг. Өнөөдөр энэ ажлыг надаар итгэл хүлээлгээд хийлгэсэн шиг хийлгэх юм бол би энийг өөрчилнө. Энд ямар ч ухрах зүйл байхгүй, айх зүйл байхгүй. Үнэхээр надад төрлийн нэг хүн байвал гаргаад ир. Би маргааш нь хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ дээр ямар байгууллага дүгнэлт гаргадаг юм. Тэрэн дээр нь дүгнэлтээ гаргаж болно. 

-Хэвлэлээр Мөнхжаргал, Бат-Эрдэнэ, Жавзан, Золбаяр гээд хүмүүсийн нэр байна л даа. Ямар нэгэн холын ч гэсэн хамаатан садангийн холбоо байна уу?
-Ямар ч холбоо байхгүй. Бүгд л төрд ажиллаж байсан. Бат-Эрдэнэ гэхэд л Батлан хамгаалахын яаманд миний өмнөх арваад сайдын шадар туслах хийж байсан. Яамандаа зохих бүх шатаар нь явчихсан төрийн албан хаагч. Энд ирээд би энхийг сахиулах тасаг байгуулсан. Тэгээд тэр тасгийн даргаар шалгаруулахад мань хэд шалгараад л ороод ирсэн. Би тэрийг чинь энэ одоо надтай ажиллаж байсан учраас болохгүй гэж болохгүй шүү дээ. Тэр тусмаа болохгүй байхгүй юу. Зарим тохиолдолд би өөрөө таньж мэдэрсэн, мэддэг, итгэж байгаа, энэ ажлыг хийж чадах ийм л шалгуурыг гол болгоно шүү дээ, бас. 

-Гэрийнхээ жолоочийг аваад ирсэн юм уу?
-Хамаатан садан юм уу, дотны найз нөхдийн шалгуураар авсан нэг ч хүн байхгүй. Хамгийн намайг буруутгаж болох юм нэг жолоочийн асуудал байгаа. Тэр жолооч бол энэ төрд 30-аад жил жолооч хийж байгаа хүн шүү дээ. Тэрийг юу гэдэг юм урьд нь энэ хүний жолооч нь байсан учраас төрөөс яв гэж хэлж болох юм уу. Тэрэн дээр би хариуцлага хүлээхэд бэлэн. 

-Энэ нэг бодлын хэтэрхий, арай ч дээ гэмээр явдал юм биш үү. Ганц жолоочийг шилжүүлсэн тушаалаар ингэж дарамтлуулж байдаг.  
-Ер нь бол сенсацлаад юм болгоныг буруу талаас нь бичээд байх амархан л даа. Яг тухайн уншиж байх моментод хүнд жаахан эргэлзээ төрдөг ч байх. Гэхдээ долоо хоногийн дараа үнэн нь гараад ирнэ. Тэгээд л гүтгэлэг, цуурхлын нас  дуусчихдаг байхгүй юу. Тэр талаасаа гэм хор багатай. Энэний цаана үнэхээр ямар нэгэн байдлаар гаднаас нэг ч хүнийг энэ яаманд оруулахгүй гэсэн ийм хэсэг бүлэг байх шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө нэг өөрсдөө мэдэж байдаг, хаана ч ажиллаж байсан гаднаасаа удирдаж байдаг. Чиглүүлж байдаг. Мэдээлэл авч байдаг. Тэр нь амьдралынх нь зорилго юм уу хаашаа юм. Тийм хүмүүс байна. 

-Гаднаас ирээд тогтсон салбарыг баллах юм ч бас бий.

-Тэрэнд төрийн нүд өөрөө хурц л байх ёстой. Ганцхан хөгжилгүй, бүгшмэл, ургийн хэлхээс шиг юмаар барьчихсан энэ байдлыг ужигруулж болохгүй. 

-Нөгөө талаас  одоо бол чадвартай, мундаг залуучууд олон болсон. Дандаа л  өвөө нь дипломат байсан гээд нэг хүн орж ирээд байж болохгүй биз дээ. Бусад залууст боломж өгөх ёстой байх, энэ төр?
-Ерөөсөө энэ төрийн алба өвлөгдөж болохгүй байхгүй юу.  Монголын төрийн алтан хайрцаг гэж нэг юм бий шүү. Монголын шилдэг залуучууд монгол төрдөө ажиллах ёстой. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа залуучуудын нийгмийн асуудлыг бид шийдэх ёстой. Тэд юунд ч автахгүй ажиллах бололцоотой байх ёстой. 

-Сайд дарга нарын хүүхдүүд л жишээлбэл Москвагийн Олон улсын харилцааны сургуульд явдаг байсан үе бий. Ю.Цэдэнбал дарга тогтоол гаргаж байж сайн сурдаг, эгэл жирийн хүмүүсийн хүүхдүүдийг явуулж эхэлсэн юм байна лээ. 
-Тийм шүү дээ. Тэрний чинь ачаар овоо нэг шинэ салхи орж ирсэн байхгүй юу. Тэгээд хараад байхад бас үнэхээр тэр борог амьдрал дундаас гарч ирсэн хүмүүс арай хол явж байна. Арай хариуцлагатай, арай амжилттай, илүү үнэнч явж байгаа тал харагддаг. Энэ үнэхээр амьдралаар нотлогдож байгаа. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаас ер нь Монгол улс 200-аадхан дипломатчтай. Угаасаа 1970 онд 200 байсан. Өнөөдөр 200. Тэгэхлээр энэ дипломатуудаа үнэхээр зөв шалгаруулаад, үнэхээр гадаад дотоодод монголоо нүүр улайхгүй төлөөлөх тэр хэмжээний нийгмийн хангамж цалин хөлсийг  нь шийдвэрлээд, орон сууц төлөөлөгчийн газрын байр савыг нь шийдвэрлээд өгөх хэрэгтэй. Бусдаар бол манайхан дэлхий дахинд улсынхаа нэр сүрийг гаргаад явах бололцоотой. Эд нар чинь ирээд гурван жил байгаад буцаад явдаг. Нүүдлийн шувуу шиг амьдралтай. Бас онцлог алба л даа. Монголд ирээд айлын хормой бараадах ч юм уу, эсвэл байр түрээслэнэ. Нэг байр авчихаж болохгүй. Эргээд тэрийгээ гурван жилийн дараа зарна. Үнэхээр маш хүнд байхгүй юу. Энэ чинь 200 хан хүний асуудал байхгүй юу. Цөөхөн хүний л асуудал. Тийм учраас энэ нийгмийн асуудлыг ямар ч гэсэн шийднэ гэж бодож байгаа. Шийдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Гол шийдвэрийг нь Их хурал гаргана л даа. Гэхдээ тэнд ойлгох байх гэж найдаж байгаа. 

-Хичнээн чадалтай ч албан тушаал ч ахидаггүй, амьдрал ахуй нь ч дэвждэггүй, тэгсэн ч урдахаа хийгээд л дув дуугүй гүрийж явдаг хүмүүс байдаг. Та ямар ч татаасгүй, тийм эгэл жирийн хүмүүсийг үнэхээр дэмжиж чаддаг уу?
-Маш их хичээдэг. Миний баримталдаг зарчмын нэг.

-Ихэнх дарга нар мэдээллээр бусдыг дүгнэчих гээд, ажлаа мэдээллээр явуулчих гээд байдаг нь анзаарагддаг. Та харин мэдрэмжээ хэр сайн хөгжүүлсэн бэ. Хүнийг буруу таньж, түүнээсээ болж алдаа гаргаж байсан тохиолдол хэр олон бэ?
-Би мэдрэмжээ тодорхой хэмжээнд чагнадаг. Чагналгүй яахав. Ер нь бол өөрийгөө сайн хүн л гэж боддог ш дээ. (инээв) Мэдээллээр ажлаа явуулдаггүй гэдгээ энэ яаманд ирээд л хэлсэн. Орж ирж хүн матсан, хов жив ярьсан ийм асуудлуудыг хүлээж авдаггүй зантай хүн шүү. Харин ч тэр хүнийг эсрэгээр нь олиггүй нөхөр байна гэж дүгнэчих талтай гэдгээ ил цагаан хэлсэн. Нэгэнт ажиллах арга барилаа зарлачихсан учраас над дээр элдэв мэдээлэл чирч орж ирдэггүй.  

-Гадаад яам, гаднаас л хүн оруулахгүй шүү гээд үүдээ түгжээд суух, өөрсдөө дотроо эзэрхийлж байх сонирхолтой байдаг шиг нэг шинэ дарга аваачаад тавих гэхээр бүгдээрээ бослого гаргаад авахгүй гээд хэвтдэг. Төрийг эрхшээлдээ оруулдаг өөр нэг сонин үзэгдэл гараад ирлээ. Дээр нь гадаадад төгссөн хүмүүсийг үзэн ядах үзэл хавтгай явчихсан. Саяхан болсон МАН-ын их бага хурлуудаас энэ үзэгдэл яаж газар авсныг олж сонслоо л доо. Ерөөсөө долоо хоног л гадаадад төгссөн хүмүүсээ харааж загнасан. Танай нэг сайд ч гэсэн ирээд л Орост төгссөн хүнийг ажиллуулахгүй гэж анхны мэдэгдлээ  хийж байх жишээтэй. Энэ бол байж боломгүй тэнэглэл биз дээ?
-Тэгээд энэ бол өөрөө нийгмийн том үзэгдэл л дээ. Үүний цаана гарч байгаа факт баримтыг нь тооцохоосоо илүү үүнийг шингээх нийгмийн ямар хөрс суурь байна вэ гэдэгт л учир нь байгаа юм. Гучаад онд Германд Гитлер яагаад гарч ирсэн бэ. Тэнд үнэхээр дэлхийд байгаагүй том хямрал болсон. Ажилгүйдэл, ядуурал германд газар авсан. Тэгэхэд Гитлер гэдэг хүн гарч ирээд буруутныг олж өгсөн байхгүй юу. Өө, ерөөсөө энэ Еврейчүүд буруутай. Яагаад гэхээр еврейчүүд нь тансагладаггүй, ажлаа хийдэг, ажилдаа үнэнч, эх орон, гэр бүлдээ үнэнч ажиллаж амьдраад байсан. Харсан чинь ялгараад л явчихсан байсан байхгүй юу. Бизнес нь мундаг болоод л, бүх юман дээр хариуцлагатай учраас нүдэн дээр нь ялгараад  харагдаад ирж байна ш дээ. Тэгэхлээр энэ хүмүүсээ үзэн ядаад еврей анги л эд нарын цаана байгаа гээд хувьсгал гарч байгаа байхгүй юу. Ингээд Гитлер төрийн эрхийг бариад нацист, фашист онол гаргаад явсан. Энэ онол чинь янз бүрийн хэлбэртэй. Манай бүх зовлонгийн эзэн бол ердөө энэ. Үнэхээр эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг, хүмүүжилтэй, идэвхтэй, холбоо сүлбээтэй, гадагшаа дотогшоо харьцдаг, тийм хүмүүс нь илүү харагдана аа даа. Тэгэхлээр эргээд нэг тийм фашизмын илрэл гаргаж ирж байгаа байхгүй юу. Энэ бол маш хортой. Монголын нийгэмд хэзээ ч байж болохгүй зүйл. 

-Гадаадад төгссөн, олон хэлтэй, олон дипломтой, эрдэм боловсролоор имиж төрхөө бүрдүүлсэн улсуудаа шахаж, загнаж байна гэж сонсоод айх шиг болсон. МАН-ын хурлуудын нэг өнгө аяс энэ байсан гэсэн. 
-Нөгөө туйл руугаа эргэх нь л дээ. Яагаад гэвэл нүдэн дээр нь тэд нар чинь хэлтэй устай, боловсролтой учраас илүү ажил хийж байна. Илүү орлоготой байна. Харваас илүү амьдралтай байна. Бараг зүй тогтол шиг харагдаад уур нь хүрдэг хэсэг байна. Харин тэрнийг нь үзэгдэл болгоод, үзэн ядуулж турхирч байгаад хүссэн бодлогоо явуулах хямдхан улс төр хийж л дээ. Гэхдээ энэ маш хортой шүү. 

-Улстөрчид нь хүртэл айгаад сүүлдээ эх хэл, монгол, үндэсний бүтээгдэхүүн гэх сэдвүүдээр л лекц уншиж суудаг болж байна.  Энэ бол нэг талаас аймаар том дарамт руу хийж байгаа хэлбэр биз дээ?

-Нэг их газар авахгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл монгол еврей байхгүй юм чинь. Бид нарт нэг хагарал хэрэгтэй байна шүү дээ. Хэнийг үзэн ядах вэ, хэнд буруугаа тохох вэ. Тэгэхлээр ерөөсөө нэг гадны дипломтонгууд гэдэг юм гаргачихсан. Тэгээд тэдэндээ гадныхны гар хөл бологчид гэж нэр ус өгчихөөд явуулж байгаа ш дээ, бүр. Далдуур нь гадныхныг үзэн ядуулах бодлого. Монгол ч тэр, ер нь азийн олон орон. Хятад, Солонгос, Япон бүгд тийм үзлээр дамжсан. 100 жил үүдээ түгжсэн түүхтэй орон ч бий. Тэр хугацаанд дэлхий үнэхээр маш өндөр хөгжсөн байсан. Тэр зуун жилийн төгсгөлд нөгөө хаалттай орнууд дэлхийн адгийн хоцрогдсон улс болж дандаа дуусч байсан. Тийм ч учраас хорьдугаар зуунд тусгаар тогтнохдоо хамгийн түрүүнд хэдэн залуучуудаа Герман руу аваад Боловсролын сайд нь давхиж байлаа.  Энэ бүх зүйл асар их үнээр бий болсон шүү дээ. Бид мартаж болохгүй.  Аливаа юманд саар юм бий. Саар юмыг нь том болгоод бүх юм саар юм шиг ойлгуулах юм бол дотор нь амархан бужигнуулж болно. Энэ дээр бид цаашдаа их анхаарах хэрэгтэй. Гэхдээ ямар ч хэтрүүлэг хэрэггүй. ЗХУ байх үед ерөөсөө Зөвлөлтийнх л бол болоо, Монголын бүх юм хүчингүй гэдэг ийм бүр эсрэг туйл байлаа ш дээ. Энэ  туйлын нөгөө талд нь Монголынх л бол болоо. Гадны бүх юм этгээд хачин зүйл гэдэг ийм онол нэг хэсэг явсан л даа. Одоо энийгээ эрхбиш болих цаг болсон биш үү. 

-Тийм ээ, больмоор байна. Нэг асуулт мартаж. Батлан хамгаалах яаман дээр таныг нэг байшин савтай холбоод байх шиг байна. Асууж сураглаад үзэхээр тэдэнд л барьж өгсөн орон сууц юм шиг байх юм?

-Ер нь Батлан хамгаалахын салбарын түүхэнд тийм том нийгмийн асуудал шийдсэн төсөл хэрэгжиж байгаагүй. Би бол үнэхээр тэнд шинэчлэл хийнэ гэж л очсон. Очоод хийсэн. Тэр бүгдийг ярих цаг алга. Жишээ нь, энхийг сахиулах чинь 250 явдаг байсан бол 1000 аар явдаг болгоод ирсэн шүү дээ. Энэ чинь маш их ачаалал байхгүй юу. Нөгөө талаар нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх ёстой байгаа. Амралтын сүлжээ байгуулах ёстой. Сайхан амарч байх ёстой. Тэр бүхний төлөө эхлүүлсэн төслийг буруутгах гэж оролддог юм. Би чинь бараг огцрохоороо айлгаж явж байж батлуулж байсан шүү дээ.  Би энэ салбарт ямар нэгэн нийгмийн асуудал шийдсэн юм хийхгүй бол сайд хийгээд байх утга байхгүй гэж хэлж байсан. Маш хатуу асуудал Засгийн газрын хурал дээр тавьж байгаад шийдүүлж байсан. Тухайн үед 10 тэрбум үнэхээр том хөрөнгө оруулалт л даа. Батлан хамгаалах салбарын нийт хөрөнгө оруулалт хоёр тэрбум л байсан. Тийм том төслийг хийгээд 300 айлын орон сууцыг бариад, төслийг нь мөнгийг нь бүтээж өгөөд явсан. Энд намайг буруутгаж болно. Сайн шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгчихвөл сайн. Харин Батлан хамгаалах яамныхан энэ төслөө хурдхан шиг дуусгаад, хүн амьдрах тэр орчин нөхцлийг нь бүрдүүлээд явах хэрэгтэй. Өөрсдөөс нь шалтгаалах ажлууд байгаа юм байна лээ. Тэрийгээ хийх хэрэгтэй. Бэлэн болчихсон сайхан байшин байна. Энийг ашиглалтанд оруулаад. Тэр 300 айлыг байрлуулаад. Ингээд юмаа хийх хэрэгтэй. Энэ бол үнэхээр маш том шийдвэр. Яахав, хүмүүсийг чинь албан тушаалаа өгөөд буухаар нь тийм юм идэж уужээ, хулгай хийжээ, мөнгийг нь үрэн таран хийжээ. Барьсан зам нь ч байхгүй, байшин ч байхгүй гээд л байдаг юм билээ. Миний хувьд байшин барьсан, бүх юм нь бэлэн, бүх юм нь хуулийнхаа дагуу явчихсан. Аудит нь шалгаад дүгнэлт нь гарчихсан гэж л буруутгагдаж байна уу даа. Байшин барьлаа. Төсөл хэрэгжүүллээ гээд муулуулж байх нь бараг надад ирж байгаа магтаал юм биш үү. 

-Сая та Тайландад ажиллаад ирэв үү?

-Тэглээ. Хамгийн сүүлд Натогийн сайд нарын хуралд ороод, Киевт европын аюулгүй байдал хамтын ажиллагааны сайд нарын хуралд орлоо. Тэгээд залгаад Тайландад олон улсын авилгалын эсрэг байгууллага бий. НҮБ-ийн системд байдаг. Энэ байгууллагын ерөнхий чуулганд орлоо. 

-Хурцхан байгаа газруудаар явжээ. 

-Хоёр хувьсгалтай газар. Киев, Тайландад очиход маш сонин байлаа. 

-Тайландад ямархуу байна?
-Ер нь Тайландад ийм хувьсгалт хөдөлгөөн дандаа цэргийн эргэлтээр дуусдаг. Энэ удаа үнэхээр Тайландын ардчилал бас шинэ шатанд гарчээ. Засгийн газар нь огцроод парламентаа тараагаад, шинэ сонгууль зарлаад. Өөрөөр хэлбэл улс төрийн Ардчиллын соёлтой гарцыг олж чадаж байгаа байхгүй юу. Энийг хараад бахархсан. Киркизэд яагаад заавал жагсагчид төрийн ордноо эзэлж, хамаг юмыг нь сүйтгэж, Ерөнхийлөгч нь зугатааж байх ёстой юм. Зүгээр ганцхан л үг хэлэх ёстой байхгүй юу. Огцроё гэдэг үг. Тэгээд л асуудал байхгүй. Украйн хичнээн удаан зовж байна. Ардчиллын чинь зарчим нь энэ шүү дээ. Өнөөдөр хамгийн гол юмыг хаа газрын улстөрчид ойлгох хэрэгтэй болсон. Та сонгогдоно гэдэг бол та яг энэ дөрөв, таван жилдээ дуртай юмаа хийж, дургих тийм эрх авч байна гэсэн үг ерөөсөө биш. Болохгүй бол маргааш нь ч таныг огцруулна. Ард түмэн босоод л ирнэ. Египетэд дөнгөж сонгууль болоод үнэхээр болохгүй л байгаа байхгүй юу. Тэр хувьсгалаар гарч ирсэн хүн үнэхээр энэ улсыг удирдаж чадахгүй л байна. Тийм учраас жилийн дараа огцруулж л байгаа биз дээ. Энэ бол Ардчиллын хамгийн том үр дүн. Энэ бол орчин цагийн гайхамшиг. 

-Та гадаад ертөнцөд болж байгаа хамгийн том том хэлэлцүүлэг, олон улсын хурлуудад оролцож байгаа. Бидэнд дэлхийгээс хамгийн сүүлд ирсэн ямар сайн дүн байна вэ. Дотооддоо бол бүх зүйлдээ л муу дүн тавьцгааж байгаа.  
-Ер нь бидний байгуулж байгаа нийгэмд дандаа сөрөг дуу нь сонсогддог. Тэр нь ч зөв. Яагаад гэвэл сөрөг нь сонсогдож байвал сөргөө засаад явна. Бидний ажлын 100 хувиас 70 хувь нь сайн байгаа . Тэрийг хэн ч дурьдахгүй. 30 хувь нь буруу байна. Тэрийг л зөвхөн ярьж байна. Зөв. Тэр гучин хувь чинь 20 хувь, дараа нь 10 хувь гээд алга болох ёстой шүү дээ. Энэ чинь өөрөө нийгмийн хөгжил.  Гадна талаас хүмүүс харахаараа 70 хувийг нь хардаг байхгүй юу. Тэгээд тэр 70 хувийг нь магтдаг. Манайд олон чухал ололт байна. Жишээ нь, бидний хамгийн том ололт юу вэ гэхээр бид сонгууль хийж сурсанд байгаа юм. Бид анх 90 онд хувьсгал хийхдээ нэг ч цонх хагалаагүй хийсэн. Маш эв зүйгээ олж хийж, үнэхээр дэлхийг гайхшруулсан.  Монголчууд бол хэрсүүжсэн, ардчилал нь эрийн цээнд хүрсэн орон. Үнэхээр бүс нутагтаа төдийгүй, дэлхийд үлгэр жишээ улс гэж тэд ярьдаг. Энэ бол өөрөө бидний хамгийн том ололт. Энийгээ бид нар нүдний цөцгий шиг хайрлаж хамгаалж байх ёстой. Бид авилгын үзүүлэлтээр ахиад амжилт оллоо. Бүгд л манай амжилтыг харж байна шүү дээ. 

-Та бол цэвэр нэр хүндтэй цөөн лидерүүдийн нэг. Гэхдээ фракцгүй. “Зүүн хойд ази” гэх бүлэглэл улс төрийн хуваарилалтад оролцохоо больсон. Таныг дагадаг сүрэг ч байхгүй. Улс төрийн цаашдын амьдралынхаа зургийг хэрхэн хардаг бол. Танай намд байгаа фракциуд  бизнесийн ашиг сонирхол дээр зодолддог л бүлэглэлүүд болчихсон юм биш үү.  Нөгөө үзэл санааны фракцууд алга болоод...
-Анхнаасаа үзэл санааны фракцсаад байх юм ч нэг их байхгүй шүү дээ. Яагаад гэвэл үзэл санаа бол тэр нийгмийн хувьсгалыг хийх л зорилго байсан юм чинь. Тэр зорилго нь биелчихсэн.  Р.Амаржаргал жишээ нь ямар фракцтай юм. Хувь лидерийнх нь түүх манай намд анхнаасаа л зарчимтай, зорилготой, өөрийн гэсэн үзэл бодолтой улстөрч байж ирсэн түүх байгаа биз дээ. Тэр бол тэргүүлэх зэрэглэлийн улстөрч. Тийм болоод ч  өөрийгөө өнөөдөр ямар ч фракцийн хүчнээс илүүгээр илэрхийлж чадлаа. Нийт нийгэм, нийт хүмүүс ойлголоо шүү дээ. Хүн болгон дүгнэлт хийлээ. Энэний цаана, Р.Амаржаргал гишүүний ярьж байгаагийн цаана зөв тийшээ дахиад нэг шат ахих л асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ лидерийн үзүүлж байгаа жишиг, хийж байгаа акц нь нэг хүний том гавъяа байгаа биз. Бүхэл бүтэн нийгмээр нь өөр лүүгээ харуулж,  ямар ч гэсэн эрүүлжүүлэх чиглэлээр хийж байгаа бодлогууд дээрээ ахин юм хийх ёстойг анхааруулж чадна гэдэг чинь улстөрч хүний хувьд том ололт л доо. Тэгэхээр фракцийн гэх ач холбогдол харьцангуй байгаа биз.  

-Цаг зав гаргасан танд баярлалаа. Ирэх 2014 он Монголын гадаад харилцаа энэ жилийнхээс илүү амжилттай ажиллах он болоосой. Таны хувийн түүхэнд ч гэсэн олон гайхалтай зүйлүүд учраасай гэж хүсч байна. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Ирэх жил ер нь бол сонгуульгүй анхны жил. 1990 оноос хойш тасралтгүй л ямар нэгэн сонгуультай байгаад байсан байхгүй юу. Тийм учраас энэ бол Монголын хөгжилд алтан үсгээр бичигдэх ийм он байх ёстой гэж найдаж байгаа. Тэгэх ч ёстой. Тэгэхийн төлөө бид бүгдээрээ хичээх ёстой.


 http://ganchimeg.niitlelch.mn/

Tuesday, 14 January 2014

Л.Болд: Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж өнгөрсөн оны ололт амжилтаас гадна 2014 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, алхмуудынх нь талаар ярилцлаа.


-Та Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаад жил илүү хугацаа өнгөрлөө. Анх ажлаа авахдаа та “Монгол Улсын иргэн бүр Элчин сайд” гэж хэлж байсан. Энэ бол таны хэрэгжүүлэх бодлогын цөм юм байна гэж хүмүүс ойлгож хүлээж авсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Гадаад харилцааны нэгдмэл байдал, нэг цонхны бодлого” гэж яригдаад байна. Энэ хоёр ойлголт хоорондоо хэр нийцтэй, эсвэл хэр зөрчилтэй ойлголтууд вэ?

-Гадаад харилцааны сайдаар томилогдож ажиллаад хоёр жилийг ардаа орхилоо. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, үүний дагуу Гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлогыг боловсруулан мөрдөж эхэлсэн юм. Энэ бол төрийн тогтолцооны тухай асуудал юм. Өнөөдөр дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс байна. Энэ улсууд л өнөөдөр бие даасан гадаад харилцаатай, батлан хамгаалах салбартай. Аливаа улсын бие даасан, тусгаар байдлын илэрхийлэл нь энэ юм. Ингээд үзэхээр Монгол Улс үнэхээр бие даасан тусгаар улс юм бол бие даасантэгээд нэгдмэлгадаад харилцааны бодлоготой байх ёстой.

Ерэн онд бий болгосон ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл нь хүн бүр эрхээ мэддэг болж, өөрийн хэрэгцээ шаардлагаа илэрхийлэх, хэрэгжүүлэх боломж, бололцоо нь нээгдсэн. Энэ утгаараа иргэн бүр гадаадад зорчих, яам, агентлаг, аймаг, сум бүр гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад түнш, хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагаа явуулах бололцоотой болсон. Гэсэн хэдий ч энэ дунд тэдний мэдэх, мэдэхгүй асуудлууд бас байгаа юм. Тэр нь Гадаад харилцааны яамаар дамжин зохион байгуулалтад ордог, бодлого, чиглэл нь зангидагддаг, үр дүн, тайлан нь хэлэлцэгддэг байх эмх цэгцэнд орох ёстой. Нэгдсэн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн үр дүн шаардлагатай. Үүнийг л нэг цонхны бодлого буюу нэгдсэн байдал гэж хэлээд байгаа юм.

Нөгөө талд “Иргэн бүр Элчин сайд” гэсэн ойлголт байх ёстой. Энэ бол гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад харилцааны талаарх төрийн ойлголтын шинэчлэл гэж үзэж байгаа. Олон зуун сая иргэнтэй улсад гадаад харилцааны  ажилд иргэн бүр нь оролцох шаардлага байхгүй л дээ. Өмнөөс нь нэг зуун мянган иргэн нь гадаад харилцааны салбарт ажиллаад, дэмжээд иргэн бүрийнхээс өмнөөс ажлыг нь хийгээд өгөх байх. Харин бид цөөхүүлээ болохоор гурван саяулаа энэ салбарт санаа тавьж байж, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах хүн амтай хоёр хөрштэйгээ эн зэрэгцэж гадаад харилцаагаа хөгжүүлнэ. Бид улсаараа энэ үүргийг хүлээж, эх орныхоо нэрийн хуудас болж, иргэн бүр гадагшаа хандаж, харилцаж байж үүнийг хөгжүүлнэ.Харин үүнийг нь Гадаад харилцааны яам /ГХЯ/ дэмжиж, тусалж, сурталчилж чадах юм бол үнэхээр нэг хүний хөдөлмөрийг арван хүний хөдөлмөртэй тэнцэх үр дүнд хүргэнэ.

-Гэтэл иргэн бүр Элчин сайдын эрхийг эдэлж чадаж байна уу гэх асуулт байна. Хамгийн сүүлд л гэхэд Малайзад монгол хүний амь нас эрсэдсэн хэрэг гарлаа. Яагаад бид иргэддээ тусалж чадсангүй вэ гэхээр эрх зүйн гэрээ байхгүй гэх юм?

-Би сайд болоод Элчин сайд нартай хамгийн эхний уулзалтаа хийхдээ нэг л зүйлийг  захисан. Тэр нь энэ. Би та нараас нэг л юм хүсье. ГХЯ бол хэн нэг даргын яам биш, та нар хэн нэг даргын Элчин сайд, аль нэг төрийн байгууллагын Элчин сайд биш. Монгол Улсын гэдгийг тэгж ойлгож болохгүй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн, Монгол Улсын аль нэг аймаг, сум, баг, нэгж, байгууллага бүрийн Элчин сайд, төлөөлөгч шүү. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна, иргэнийхээ эрх ашгийг яаж хамгаалж байна? Энэ л та нарын гол ажил юм. Би ажлын  үр дүнг нэгдүгээрт үүгээр л хэмжинэ. Үүний дараа хэчнээн гэрээ, хэлэлцээр байгуулав, хэчнээн айлчлал зохион байгуулав гэдгийг ярина аа гэж хэлсэн. Ингэж эрх ашгийн дарааллыг эрэмбэлж өгсөн. Үүний дагуу эхний ээлжинд ял эдэлж байгаа иргэдээ эргэж тойрохоос ажлаа эхлэх ёстой юм. Манай дипломат ажилтнууд хууль, эрхзүйн ажлын чадвар, туршлага тааруудаа ч тэгдэг юм уу нэг л хөндийдүү, хоригдол ялтан эргэхээс цэрвэх,  хэрэг төвөг үүсэхээр яах учраа сайн олохгүй байх маягтай байсан. Шоронд сууж байгаа ч гэсэн адилхан л Монгол Улсын иргэн, ялгаа нь гэвэл алдаа хийсэн. Тэдэнд туслах, ялтан солилцох талаар ярих, хөөцөлдөх чинь бас л бидний хийх ажил. Тэрнээс биш дандаа нэг сайхан зүйл яриад, хөрөнгө оруулья, худалдаа хийе гэх биш юм. Тийм ч учраас өнгөрсөн онд энэ чиглэлээр хамгийн олон гэрээ хийгдсэн. Иргэн нэг бүрээ хамгаалах нь бидний гол үүрэг.

Гадаадад яваа монгол иргэд өөрөө өөрсдийгөө хариуцаж, сэрэмжтэй, мэдрэмжтэй хичээж явах нь гарцаагүй ч тэр дунд тооцоолоогүй золгүй явдал тохиолдохыг үгүй гэх газаргүй. Энэ дунд Малайзын асуудал яах аргагүй багтана. Үнэхээр золгүй явдал тэнд давтагдаад байна. Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэргийн мөрөөр хэчнээн жил хөөцөлдөж явав. Энэ хугацаанд эрх зүйн гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй л явж байна шүү дээ. Яагаад ингэж удав гэхээр одоо хүртэл тэнд дипломат төлөөлөгчийн газар байгуулаагүй, хавсан суугаа элчин сайд нь ч итгэмжлэх жуух бичгээ бариагүй байсан. Сүүлдээбүр Малайз гэж улсыг үзэн ядаад, харилцаагаа таслаад холдож хөндийрөх асуудал зарим хүн яриад сууж байна. Тийм юм гэж яаж байж болох юм бэ? Тэр тусам нь бид тэнд төлөөлөгчийн газраа нээж дотор нь орж ажиллах ёстой. Тэгж байж бид хүнийхээ асуудлыг ярина, иргэнийхээ эрх ашгийг хамгаална. Олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд асуудлаа тавиад, иргэнээ хамгаалах эрх зүйн орчныг бий болгож ажиллах ёстой. Одоо дипломат төлөөлөгчийн газар нээх тухай Засгийн газрын төвшинд ярьж байгаа. Мөн энэ бүс нутгийн бүх орнуудтай эрхзүйн туслалцааны гэрээ,баримт бичиг байгуулах талаар ажиллана. Монголчууд хамгийн их зорчдог бүс болоод байна шүү дээ.

-Өнгөрсөн ондолон улсын чанартай  хэд хэдэн томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохиогдсон, бас нэр нөлөө бүхий хүндтэй олон зочинайлчлаад буцсан. Бид ийм олон зочид хүлээж авч чадахыг, хотоо, төв талбайгаа ямар сайхан цэвэрлэж, эмх цэгцэнд оруулж чадахыг харсан. Хүн бүр янз янзаар л хүлээж авсан байх. Харин үүний цаана тэр олон хурал, айлчлал улсдаа яг ямар үр дүн авчирсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн /АОХН/ Сайд нарын бага хурлаар гэхэд 100 гаруй орны, 1200 гаруй зочид нэг дор цугларсан, үнэхээр Улаанбаатарт өмнө нь болж байгаагүй том арга хэмжээ болсон. Жилдээ нэг удаа нэг оронд зохиогддог НҮБ-ийн Байгаль орчны өдрийг Монголдоо хийсэн, дараа нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗЧУ/-тай хамтарч, аль нэг тухайлсан оронд явуулдаггүй арга хэмжээ болох стратегийн дугуй ширээний ярилцлагыг зөвхөн Монголын асуудлаар монголд зохион байгуулсан. Энэ бүхэнд зарцуулсан мөнгө эргээд хэд болж орж ирэв ээ гэдгийг ярихад хэцүү. Энэ бол бизнес биш. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд, байр суурь дээшилсэн. Олон улсын хамтын нийгэмлэгт байр суурь ахисан. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гээд бүх сувгаар шууд болон шууд бус үр ашиг авчирна. Өнгөрсөн онд манай хамт олон үнэхээр сайн ажиллаж, үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаа. Бид цаашдаа ч ийм хэмжээний томоохон арга хэмжээг байнга хийнэ. Ингээд ирэхээр иргэд энэ бүхнийг анзаарахаа ч болих байх л даа, хэвийн үзэгдэл гэж хардаг болох байх. Үүний ч төлөө бид явж байгаа. Үнэхээр нэг баярлууштай зүйл нь “Бидэн дээр дэлхий ирэх гэж байна, Монгол Улсын 3 сая хүрэхгүй иргэн дээр дэлхий дахин анхаарал хандуулах гэж байна аа” гэдэг уриалга л бид гаргасан шүү дээ. Гэтэл иргэд ямар сайхан хүлээж авсан билээ. Дэг журам, хөдөлгөөнөө зохицуулаад, хотоо цэвэрлээд үнэхээр эрвийх дэрвийхээр ажилласан. Энэ бүхний үр дүнд дэлхий дахинд бидний нэр хүнд өссөн. Үүнийг би өдөр болгон мэдэрч байгаа. Хэчнээн айлчлал хийж, хэчнээн зочид манай улсыг зорьж ирэв. Хэчнээн орон биднийг хүлээж авав. Очсон улс болгонд уулзсан хүмүүс энэ талаар ярьж, танай улсад үнэхээр сайхан байсан, маш амжилттай зохион байгуулсан гэдгийг хэлж байгаа. Танай ард түмэн гайхамшигтай улс байна лээ гэж хэлэх хүн олон болж, хэчнээн олон асуудал нааштайгаар шийдэгдэж байгааг би алхам тутамдаа мэдрэх болсон доо. Бод л доо. Бид өмнө нь жилдээ 3-4 айлчлал хүлээн авдаг байсан бол өнгөрсөн онд сардаа 2-3 айлчлал хүлээж авлаа шүү дээ. Сайл болон төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд.

-Та Давосын чуулга уулзалттай хамтарч ажилласныг дурдлаа. Энэ бүхний үр дүнд нэг дүгнэлт гарах нь ээ дээ. Ингэснээрээ бид өөрсдийгөө аль төвшинд явааг мэдэх, аль салбартаа ямар дэмжлэг авах, юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна уу. Ер нь ингэх шаардлага ч байдаг байх?
-Дэлхий дээр улс орон хөгждөг жаяг байна. Улс хөгжье гэвэл эхлээд танигдах ёстой, дараа нь нь харилцан хөрөнгө оруулалт явагдах ёстой. Хөгжсөн орнуудыг хараад байхад Давос шиг ийм байгууллага, чуулга уулзалтаар дамжаад өөрсдийгөө танилцуулж чадсан нь нэг хөшүүрэг болсон байгаа юм. Давосын чуулга уулзалт чинь эдийн засгийн олимп шүү дээ. Их наймын улс гэж байна. Ардчилсан тогтолцоотой найман том орон. Дараа нь Их хорь гэж байна, шууд эдийн засгаар нь хэмжээд гаргаад ирсэн жагсаалт. Харин Давосын чуулга уулзалт чинь Их-50-ийн уулзалт. Гэхдээ хэмжээгээр нь гаргаад ирсэн тоо биш. Эдийн засгийн хувьд нөлөөтэй, хөгжих ирээдүйтэй, ач холбогдолтой тавин орны цугларалт. Мөн дэлхийн эхний 1000 компани, дэлхийн мянган шилдэг улстөрч, удирдагч, тэгээд дэлхийн мянган шилдэг судлаач, сэтгүүлчийг оролцуулаад хаалгаа хааж байгаад асуудлаа ярьж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашаа яаж явахыг ярилцдаг. Монгол Улс энэ дунд багтдагт учир бий. Монгол Улс дангаараа бүс нутаг гэж үзэх болж байгаагийг нэг илрэл. Энэ чуулга уулзалтад Монгол Улс өөрийгөө таницуулж чадна гэдэг том боломж.

-Давосын чуулга уулзалт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд бид ямар төвшинд оролцох бэ, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд Монгол, Катар, Мьянмар зэрэг улсын жишээн дээр байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан хийхээр болсон. Мөн “Монголын хөгжлийн хувилбарууд” тусгай хуралдаан зохион байгуулагдана.Эдгээр хэлэлцүүлэг, хуралдаанаас гадна“Mongolia Night” нэртэй Монголыг сурталчлах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилготой юм. Мөн Монгол Улс ДЭЗЧУ-тай хамтран Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг 2016 онд Улаанбаатарт хийх эрхийг бас авсан. Ер нь бидэнд алсыг харсан төлөвлөгөө бий...

-Ирээдүйг харсан уг төлөвлөгөөнөөсөө тодруулж сонирхуулбал ?

- Энэ онд гэхэд бидэнд АПЕК-ийн гишүүнд элсэх асуудлаар нэлээд үр дүнтэй ажиллах түүхэн ховор боломж тохиож байгаа гэж би харж байна. Яагаад гэвэл энэ жил АПЕК-ийг Хятад улс даргалж байгаа. Манайхыг АПЕК-ийн гишүүн орон байх ёстой гэдэг байр суурийг БНХАУ анхнаас нь хэлж, үүнийгээ илэрхийлж ирсэн. Тэгэхээр ийм чухал үеийг ашиглах ёстой, үүнд бүх төвшиндөө анхаарч ажиллах болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” буюу Зүүн Хойд Азийн зургаан орныг хамарсан яриа хэлэлцээний механизмыг бий болгох асуудлаар бид идэвхтэй ажиллах ёстой. Дэлхийн хамгийн хаалттай, халуун цэг нь Зүүн Хойд Азид хамаарах Хойд Солонгосын байдал болоод байгаа. Энэ нь Зүүн Хойд Ази, цаашлаад дэлхийн хөгжилд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл. Энд байдал өөрчлөгдвөл дэлхий нийтэд, тэр дундаа Монголд хөгжлийн асар том боломжийг нээх юм. Тийм учраас бид энэ асуудлаар идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрээд эхэлсэн. Саяхан Зүүн Хойд Азийн эмэгтэй улстөрчдын форумыг Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа. Зүүн Хойд Азийн орнуудыг нэгтгэдэг зүйл олон. Уур амьсгал, шашин шүтлэг, эдийн засаг гээд... Энэ бүхэнд дөрөөлж ажиллах, санаачилга, манлайллыг гартаа авах  боломж бололцоо бидэнд байгаа.

-Та айлчлалын тоо, давтамж өнгөрсөн онд эрс нэмэгдсэн гэж хэллээ. Гэтэл үүнийг шүүмжлэх, “Мөнгө үрлээ, гадагшаа зугааллаа” гэж хэлэх нь бий. Таны хувьд айлчлал олшрох нь сайн үзүүлэлт гэж хэлж байгааг ойлгож байна л даа...
-Монголчууд бид зүгээрсуух эрхгүй. Тэр тусмаа явж улсаа таниулж, ярьж ойлгуулахгүйгээр хүлээгээд гэртээ сууж байх эрхгүй хүмүүс. АНУ-ын Конгрессийн гишүүдийн 70 хувь нь гадаадад айлчлал, ажлаар явж үзээгүй гэж ярьдаг юм. Үнэн ч байх. Яагаад гэвэл дэлхий өөрөө АНУ-д очдог. Харин бид өөрсдөө дэлхий дээр явж очихгүй бол хэн ч ирэхгүй шүү дээ. Бидэнд асуудлаа шийдүүлэхэд дэлхий хэрэгтэй. Магадгүй, бид хөгжөөд нэг хүнд ногдох ДНБ нь зуун мянган ам.доллараас давчихбал гадагшаа явахын хэрэггүй, эндээ сууж байж болох байх. Одоохондоо тэгэх бололцоогүй байна. Идэвхтэй гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого.

-Монгол Улсын иргэд өнөөдөр хэчнээн оронд визгүй зорчих эрхтэй болоод байна вэ. Энэ онд шинээр хэд хэдэн улстай визийн асуудлаар гэрээ, хэлэлцээ байгуулав. Иргэдийн хувьд “Элчин сайд” байхын тулд визийн асуудлыг юун түрүүн сонирхдог шүү дээ?

-Өнөөдөр энгийн паспорттой иргэд 18 улсад, албан, дипломат паспорттой иргэд давхардаагүй тоогоор 25 нийтдээ 43 улсад визгүй зорчиж болж байгаа. Иргэдийн хамгийн их хүсч шаарддаг ОХУ, Европын холбоо, АНУ, БНСУ-д визгүй зорчих асуудлаар бид ажиллаж байна. Тодорхой ахиц гаргана гэж зорьж байгаа. Ер нь нийтдээ Монгол Улсын паспорттыг визгүй зөвшөөрдөг орны тоог бид өнгөрсөн онд арваар нэмэгдүүлсэн. Өмнө нь ингэж ажиллаж байгаагүй л дээ.Тэр дундаа баруун Европын гурван ч оронд дипломат, албан паспортоор визгүй зорчдог болгосон. Энэ бол эхний ээлж гэж ойлгох хэрэгтэй. Дараа нь шат шатаар асуудлаа шийдүүлэхэд амар болж байгаа юм.

-Гадаад харилцааны яам өнөөдөр хүний нөөцийн хувьд хэр бэлтгэгдсэн институци вэ. Дипломатчдыг бэлтгэж ирсэн уламжлал маань хэр хадгалагдаж, бас хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Гадаад харилцааны яам 1970-аад онд л 200 орчим ажилтантай байсан, тэгэхэд 50 орчим оронтой дипломат харилцаатай байсан. Өнөөдөр боловсон хүчний тоо хэвээрээ байгаа хэр нь бид дэлхийн 200 шахам оронтой дипломат харилцаатай, олон улсын маш олон байгууллагатай хамтын ажиллагаатай болоод байна. Тэгэхээр бид энэ ачааллыг давахын тулд ажилтнуудаа л чадваржуулах ёстой юм. Бүх ажилтан илтгэл бичдэг, орчуулга хийдэг чадвартай байх ёстой. Харин тэр бүрт нь таарсан шагнал урамшуулал олгодог байх хэрэгтэй. Манай ажилтнуудын нэг онцлог гэвэл гурав, гурван жилээр гадаадад томилолтоор ажиллаж байгаад ирдэг, нүүдлийн шувуу шиг амьдардаг. Энэ онцлогоос болоод Монголдоо амьдрах нөхцөл нь орхигдоод байдаг талтай. Үүнийг нь юуны өмнө шийдэх хэрэгтэй юм билээ. Мөн тэдний чадварыг хөгжүүлэх асуудал.  Бид Щвейцарь шиг хөгжилтэй болох тухай ярьдаг. Тэгвэл щвейцарь хүн бүр дөрвөн хэлтэй. Бид бүгд тийм чадвартай болж байж л цаашаа хөгжих тухай ярина шүү дээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч ухаалаг төрийн асуудлыг дэвшүүллээ. Энэ нь төрийг шинэчлэх тухай яриа. Тэгвэл ухаалаг яам, ухаалаг агентлагийг бий болгохоос л энэ бүхэн эхэлнэ. Манай яамны хувьд ажлын шинэ арга барил, шинэ технологи нэвтрүүлэх, дотооддоо шинэчлэл хийхээр төлөвлөсөн зүйл бий.
http://borgilmaa.niitlelch.mn