Showing posts with label ХУЛАН Цоодолын. Show all posts
Showing posts with label ХУЛАН Цоодолын. Show all posts

Monday, 30 July 2012

Ц.Хулан: Орь залуухандаа зөвхөн сэтгэлдээ хөглөгдөж явсан бол одоо ухаан зарж амьдарна


   Яруу найрагч Цоодолын Хулангийн дотоод сэтгэлийг нээсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

hulan  
    -Жигтэйхэн уран тансаг үгтэй, яруу уянгалаг шүлгүүдийг чинь амтархан уншдагаа юуны өмнө хэлмээр санагдлаа. Хүнии дотоод ертөнц үг шигээ байдаг гэсэн. Гэхдээ таны тэр тансаг, нууцлаг ертенц тийм ч нээлттэй биш. Ганц удаа ч гэсэн баггүйгээр, гоёчлолгүигээр надтай ярилцана гэж итгэж байна?

-Бетховен Сарны сонат”-аа яаж бичсэн,Моцартын үхэл,Д.Нацагдоржийн дурлалын түүх бүгд нууц хэвээр үлдсэн. Монгол ч бай, гадаад ч бай, уран бүтээлчдийн хөрөг дүр, хувийн амьдрал нууцлаг тусмаа утга зохиол, урлаг өөрөө үнэтэй байдаг. Тийм ч учраас судлаачид нэгэн сайхан цэнгэг устай худаг нээчихсэн юм шиг цувж байхын тулд хүн юм бүхнээ дэлгэх албагүй. Дэлгэх шаардлага ч байдаггүй. Дэлгэх тусмаа хүн ганцаарддаг. Надад бас өөрийн тамга байна. Зөвхөн дэрэн доороо дэлгэж унтдаг ном гэж байна. Тийм ч учраас баггүйгээр ярилцаж чадна гэж амлаж чадахгүй. Харин гоёчлох гэдгийн тухайд харин ч өөрийгөө гоёчилж байгаагүй гэдгээ баталгаатай хэлнэ.

-Таныг нээрээ Монгол Монро гэдэг байсан байх аа?

-Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ тэгж ярьдаг байсан нь цөөнгүй. Монрогоос сэтгүүлч “Та ямар унтлагын хувцастай унтдаг вэ?” гэж асуухад “Би зөвхөн Сhапеl №5 л нөмөрч унтдаг гэж хэлсэн байсан. Энэ нь бусдад гоёчилж ярьсан мэт санагдавч тухайн хүнийхээ хувьд яг чин үнэн байсан байхгүй юу. Түүнтэй ялгаагүйгээр бусдад гоёчлоод ярьчихсан юм шиг зүйл нь миний хувьд чин үнэн л байна. Байгаагаасаа илүү баян болох гэж, ухаантай болох гэж, цэцэн болох гэж үг зарж, өөрийгөө болоод бусдыг хуурч яваагүй учраас гоёчилно гэдэг тал дээр харин ч айх явдалгүй.

-Та ч үнэхээр тод араншинтай, содон “би”-тэй хатагтай л даа. Яг одоо “би” гээд өөрийгөө нэг тодорхойлооч? Омог бардмаар..

-Ингэхийн тулд ганц хоёр хундага дарс ууж өөрийгөө жаахан халаах хэрэгтэй байх л даа. Гэхдээ халах үе надад их ховорхон байдаг юм. Цагаа их гамгүй үрж явжээ гэж боддог. Хүн амьдралыг хэрвээ сэтгэл ухаанаар авч явдаг бол орь залуудаа зөвхөн сэтгэлдээ хөтлөгдөж,  амьдарч явснаа одоо ухаардаг. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Одоо бол сэтгэлийн хажуугаар ухаан зарах гэж хичээж байна. “Болор цом”-ын  тайзан дээр ерөнхий шүүгч хийхэд худлаа шүүлээ гэж хэсэг хүмүүс хашгирсан. “Та нар над шиг шударга найрагчийг Монголоос олж чадахгүй. Байвал олоод ир” гэж хариу барьж байлаа. Энэ үгээ би  дахиад л хэлнэ. Хэзээд хэлнэ. Хүн өөрийнхөө хэр, хэмжээг мэддэг. Хэрээ мэдэж, бяраа танина гэдгийн адилаар өөрийгөө мэднээ.

-Зөвхөн сэтгэлээрээ гэдгийн тухайд маш сайн ойлгож байна. “Миний залуу нас бардамхан байтугай” гэж ирээд хэлхсэн мөртүүд чинь сэтгэл огшоож, зүрх догдлуулдаг. Түүн лүгээ Ц.Хулан найрагчийн залуу халуун насны алдаа оноо, амьдрал зөвхөн тэр сэтгэл гэдэг зүйлээр тодорхойлогдож байсан байх?

-Тийм л дээ. Зөвхөн сэтгэл л байлаа. Хөндлөнгийн хүний нүдээр бол ёстой тэнэг юм гэмээр алдаанууд зөндөө. Жишээ нь, УИХ-ын нөхөн сонгуульд хоёронтоо нэр дэвших боломжийг буцаасан. Хичнээн олон төрийн бус байгууллагад явчихаад улс төрд ойртож явсангүй. Хүн үүнийг дэргэдээс алдаа гэж хардаг бололтой юм билээ. Миний хувьд гэтэл үүн шиг оноо байхгүй. Яагаад гэвэл би шүлэг найраг, уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Сэтгэлээ авч үлдсэн. Тэнд орж төмөр хатагтай эсвэл мяндсан хатагтайн царай гаргаад сууж болох байсан. Магадгүй хувь амьдралдаа хэрэгтэй, үр хүүхэддээ үлдээх пүүс компани ч юм уу, ядахдаа ганц хэвлэлийн газартай болж болох байсан. Эрх мэдэл гэдэг эд хөрөнгийн баталгаа болчихсон өнөө цагийн өнгөнд хүн бүрийн л хүсэх зүйл мөн биз. Харин би өөрийгөө тэгж худалдаагүйдээ өнөөдөр баярладаг. Эрх мэдэл, түүнийг дагасан эд хөрөнгө бас нөгөө талд нь сайхан сэтгэл.
hulan
-Үнэхээр үргэлж зөрчил дагуулдаг сэдэв хөндөгдлөө. Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан.Та явж явж хүүхдийн инээд, энерги цалгисан энэ газрыг сонгосон нь санамсаргүй сонголт биш байх гэж бодож байна. Албандаа хэр идээшиж байна? Найргийн ширээний араас даргын ширээний ард суух таалагдаж байх юм уу?

-Таалагдах, таалагдахгүй тухайд ярих ёсгүй л дээ. Энэ бол төрийн 341 алба. Энэ суудалд надтай адилхан боддог, надаас илүү сэтгэдэг өөр хүн гараад ирвэл би дуртайяа өгнө. Гэхдээ хүүхдийн ертөнц яг яруу найргийн ертөнц шиг гэнэн, итгэмтгий юм. Чухам тиймээс бохир, харамч гарт өгч болохгүй.
Энд бид хүүхдийн сэтгэлийг бүтээж, Монголын ирээдүйг хүмүүжүүлж байна. Эгэл нэгэн айлын хүүхэд энд ирээд сэтгэл нь тайвшрах, орон гэртээ олж чаддаггүй сэтгэлийн ая тухыг эндээс олох нь миний хувьд амин чухал үүрэг юм. Тэрнээс үүнийг дагаж ирж байгаа нэг бяцхан шагналууд чухал биш. Үнэндээ энэ шагнал гээчийг нь би насаараа л авч байна, уран бүтээлчийн хувьд.

-Олон жил эзэнгүй юм шиг байсан энэ газрыг та дахин “төрүүлж”, хүүхдийн цангинасан инээдээр умбуулж чадсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ бас багагүй хэл ам удсан. Магадгүй Ц.Хулан гэж хүн авсанд гол зангилаа нь байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Та гэхдээ тайлбар болгож төдийлөн үг унагаагүй. Одоо бол энэ талаар хэлэх цаг нь болсон байх?

-Найрагч найрагчдаа хайртай байдаг юм. Бид нарын дунд бүхэл бүтэн үеийн, бүхэл бүтэн түүхийн орон зай хөндөлдөж байна. Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүн энэ театрыг ийм тийм болгочихлоо гэж сонинд нэг их олон удаа ярилцлага өгч байгаагүй. Шүүхэд дуудагдаад, надаас юм нэхэгдэх юм уу, эсвэл намайг жаахан “ гөвөөд” байхаар нь л адарч, майлсан тал бий.
Б.Лхагвасүрэн гуайг би эцэг хүнийх нь хувьд хайрладаг. Наймын найман хүүхдийг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа хүүхэд хөлд орох гэж их уддаг. Энэнээсээ болсон байх. Эцэг хүний зовлонг би хүүдээ эх нь ч, эцэг нь ч болж байсны хувьд мэдэрнээ. Гэхдээ энэ бүхэн юу юм бэ? Ертөнцийн л явдал ш дээ. Хамгийн гол нь Бавуугийн Лхагвасүрэн гэдэг агуу авьяасыг хайрлах хэрэгтэй. Энэ их найрагчийг хайрлах хэрэгтэй. Монголчууд хайрлаж чадаагүй учраас энэ хүн аж амьдралын олон юманд түүртэж байгааг, Бавуугийн Лхагвасүрэн шиг олон хүн хийсэндээ оносон шагналгүй даруухан амьдарч байгааг бид харж байна. Би таны асуултанд ийм л хариулт өгмөөр байна даа.

-Ёстой эр хүн шиг хариулт өгч байна, та?

-Өчигдөрхөн хүү бид хоёр Lady Gaga-г Опрагийн шоунд оролцоход нь харчихаад “Хөөх энэ ямар гоё үстэй юм бэ? Lady Gада-д минийхтэй адил чанарууд бага зэрэг байна шүү” гэсэн юм. Тэгсэн чинь хүү, “Тийш Дээ. Тэр чинь жаахан сгаzу. Та ч бол яахав дээ, мөн чанар чинь тийм хэрнээ аль болохоор даруухан байх гээд хичээгээд байдаг. Lady Gaga бол яг байгаагаараа байдаг байхгүй юу. Хуучин эрэгтэй хүн байгаад эмэгтэй болсон гэсэн. Үнэн юм болов уу” гэж байна. Тэгэхээр нь би “Миний дотор лав нэг эр хүн нуугдаж байдаг юм. Өмнөх төрөл маань эр хүн байсан байх. Би үе үе буцалдаг, галт уул шиг дурладаг. Би хүн эргүүлэхээс буцдаггүй” гэж ярьж хөхөрч байлаа.

    -Эрчүүдийг бас эргүүлнээ?

-Гэхдээ тэр нь ховор л доо, хөөрхий. Яагаад гэвэл ихэнх нь миний араас эргүүлчихсэн юм чинь /инээв/. Тэдэн дундаас сонгосон ганцыгаа, ханийгаа би аймаар эргүүлдэг ш дээ. Өдөр болгон. Суугаад өчнөөн жил өнгөрсөн ч ханийгаа эргүүлсэн хэвээр, мессэж бичсэн хэвээр л байна.

4408655682_af024495d8_z    -Д.Цоодол найрагчийн эрх шар охин эрт ээж болсон ч гэсэн хэзээ хойно гэр бүлтэй болсон. Хөөрхөн Удвалтай болсон. Эзэгтэйн үүрэг хүлээж, гэр бүлийн амьдралд “баригдах” бас амаргүй байсан болов уу гэж бодогдоод байна?

-Ханьтайгаа дөнгөж нэг гэрт орчихоод анхны цагаан сараа хийхдээ залуу улс юм чинь гээд гурван үе боовоор тавгаа заслаа. Би тэр ажилдаа хэтэрхий хичээнгүйлж, нямбай хандаад нөгөө ширээгээ тойрч хоёр цаг явсны эцэст ширээгээ дэрлээд унтаж байсан юм. Энэ жил есөн үеэр заслаа. Дажгүй байнаа. Тэгэхээр дажгүй болж байгаа биз.
Үнэндээ би гэртээ хоол хийж иддэггүй байсан. Нуух юм байхгүй. Голдуу ресторан, кафед хооллоно. Манай байрны хажууд Долгорсүрэн гэж эгч байсан л даа. Бас ТҮЦ-ний Баянаа, Өөнөө гэж гэр бүлийн хоёр бий. Хүүхдээ дутаж байгаа юмаа ТҮЦ-нээсээ авихаарай гэчихээд сарын эцэст төлбөр тооцоогоо хийнэ. Тэгээд л хүү маань Жульетта нохойтойгоо орцны үүдэнд намайг хүлээдэг байлаа. Оройдоо хоол хийж идсэнээ нэг их санадаггүй юм. Хүүгээ зургадугаар анги хүртэл тэгж л амьдарсан даа. Одоо бол би өдөр болгон хоол хийж байна. Ёстой “новширч” өгч байна даа /инээв/.

-“Эргүүлээд” л үү?

-Тийн. Нөгөө л залуугаа эргүүлсээр явна. Өдөр диспечер аятай “Миний хань ямар хоол идсэн, танайх ямар хоолтой байна” гээд асууж өгнө. Гуляш гэвэл нь орой гуляш хийхгүй. Хоолыг нь зөрүүлэхийг боддог юм. Эхлээд намайг ингэж асуухад гайхдаг байсан байлгүй. Өдөр болгон яриад ямар хоол идэв гэж шалгаагаад байдаг ямар сонин хүүхэн бэ гэж гайхаж байсан байлгүй. Миний хувьд ходоодыг нь бодож байгаа хэрэг л дээ. Эр хүн чинь тэрийг тохируулж чаддаггүй, тасалгааны ургамал шиг байдаг юм шүү дээ. Ямар л хөрс бордоо өгнөв, тэр хэрээр ургаж амьдардаг.

-Та ч тэгвэл гайхалтай чамбай эзэгтэй юм гээч. Гуйлгачин хүн харанхуй шөнө өвсөн дундаас зүү олж авсан лугаа адил ханиа олсондоо талархаж, нандигнаж явдаг гэж нэгэнтээ амнаас тань унаж байсныг санаж байна. Тань шиг омог бардам, бүсгүй хүний хувьд гайхуулах юм ихтэй эмэгтэй хайр, ханийн өмнө гуйлгачин шиг байсан гэж бодохоор... Хэнд ч атаархах сэтгэл төрмөөр. Тэр эрхмийн юу нь тэгтлээ Ц.Хулан хатагтайг догдлуулсаар ирсэн юм бол?


-Энэ Ишикава Такубокугийн шүлэг. Гуйлгачин хүн шалбааг дотроос ширхэг цагаан сувд олоод баярласан шиг би чамайг олоод баярласан юм гэж.
Хүнд өөрийгөө ганцаардлаар чимэх нас гэж байдаг. Залуу Вертерийн шаналан гэгчээр. Яваад л байна, түүгээрээ гоёно, гангарна. Хааяа гуниглана. Имиж хийнэ. Тэр чинь бас гоё л доо. Ингээд нэг өдөр уйддаг. Эр, эм ялгаагүй бүгдэд л ийм байдаг байх. Эрчүүд чинь өөрийгөө нээж чаддаггүй л болохоос эм амьтад шүү дээ. Яруу найраг бол эр хүний эм сэтгэлийг, эм хүний эр сэтгэлийг нээх гэж бий олсон юм. Миний эм чанар бус эр чанар их давамгайлаад байх үед буюу эмэгтэй байхсан гэж хүсэж байсан тэр үед миний хань надтай учирсан юм. Тэр цагаас хойш эмэгтэй хүний амьдралаар амьдрах бас сайхан байна. Гэр орноо сайхан байлгах, гоёж гоодох, үр хүүхдээ усанд оруулах хүртэл хөөрхөн гээч. Энэ бүхэн сайхан л даа. Эд бүгдийг би яагаад дэлгээд байгаа юм бэ гэвэл энэ бол эмэгтэй хүн болгонд байдаг, тохиолддог амьдралын мөчлөг юм. Энэ бол нууц биш. Хулан үүнийг дэлгэснээрээ нууцаа алдчихлаа гэж би үзэхгүй байна. Үүний цаана гуниг бас байдаг юм. Уран бүтээлч хүн, эмэгтэй хүн эр хүнээс өөрийгөө авч үлдэх гуниг байдаг. Үүнийг би харин дэлгэрэнгүй хэлэхгүй ээ.
Ханийн минь сэтгэл татсан чанар гэвэл даруухан, төвшин, олон үггүй найдвартай.

-Бүсгүй хүн бүрийн эрчүүдээс хайж явдаг чанар байна. Ялангуяа найдвартай нь...?

-Өнөө цагт ховордчихсон “бараа” ш дээ. Гэхдээ би төгс эр хүнтэй суугаагүй ээ. Ихэнх бүсгүйчүүд төгс эр хүнийгхайцгаадаг. Би ч залуудаа тэгж алдаж явсан биз. Гэхдээ төгс төгөлдөр эр хүн хэзээд байдаггүй Үүнийг хүмүүжүүлж, бий болгож авдаг. Бий болгосон хойноо л алдахгүй байхыг хичээх ёстой. Манай Б.Баярцэцэгийн дуу байдаг даа, “Хайрьг олохоос илүү хадгалж явах хэцүү” гэж үгтэй. Үнэн шүү.

-Танай том хүү Дөрвөн-Уул үнэхээр уул шиг эр болсон байна лээ. Хүүгийнхээ аавыг тэнгэрт халихад танд мэдээж хэцүү байсан байж таарна. Энэ цаг мөчид Ш.Уянга найрагчтай холбоотой сайхан дурсамж хуваалцвал болох уу?

-Би хань ч гэж хэлдэг юм. Заримдаа хань биш ч юм болов уу гэж боддог юм. Яагаад гэхээр бид хоёр нэг гэрт их удаан амьдраагүй ш дээ. Өөрийн гэрээ үүсгэж, хос бөгж зүүгээд хуримын ордонд очоогүй. Ураг саднаа ч золголдуулаагүй учраас тэгж боддог хэрэг. Гэхдээ хувь заяа, бурхан тэнгэр бид хоёрыг амин хэлхээгээр холбож, намайг залуу цагт хөтлөх, хөгшрөх цагт таяг болох ганц хүүгээр шагнасан учраас Ш.Уянгыг надад их өртэй хүн байжээ гэж боддог юм.
Саяхан Ш.Уянгын маань эгчийнх нь хүүхэд хуримаа хийхэд намайг бэргэн эгчээр дуудлаа. Бид хоёр хувь заяагаа холбоод хорь шахам жил өнгөрсний дараах үйл явдал. Хүүгээ дагуулж очлоо, хуриманд оролцлоо. Бэргэнтлээ. Тэгээд үг хэлэхдээ “Энэ хорвоо дээр юу ч ул өргүй алга болдоггүй юм. Тэнгист гээсэн цахлайн өд алга болдоггүй, газарт унасан навч үгүй болдоггүй. Түүнтэй адил хүнээс хүн үлдэнэ гэдэг агуу зүйл. Надад хүн үлдээгээд одсон миний хань байсан учраас би бэргэнтмээр байна. Бэргэний ёсоор оролцох ёстой гэж бодож байна. Хүүхдүүд маань бие биенээ мэдэх ёстой” гэж хэлсэн. Хүний амьдралд сайн муу, сайхан муухай, өгөө аваа, атаа хорсол, аз жаргал ээлжилдэг. Гэхдээ хүнд хүний жудаг гэж байх ёстой. Би чухам энэ тухай хуриман дээр ярьсан. Тэнд байсан бүх хүн уйлж харагдана лээ. Энэ л миний амьдралын үнэн юм. Тийм учраас хүүгээ зөв хүмүүжүүлчих юмсан, байдаг буруу чанаруудыг нь байхгүй болгоод, сайн чанаруудыг нь хөгжүүлэх юмсан гээд Батаа бид хоёр зэрэгцээд л зүтгэж явна.
710b6b095a0517a212c04f1ab02941ae_x3
    -Дөрвөн-Уул ааваараа овоглоно биз. Нэр нь их өвөрмөц?

-Манай найрагчид өвөөгийнх нь өгсөн Дөрвөн-Уул их утга учиртай нэр, чухал юм нь овог нь байсан, Уянгын Дөрвөн-Уул гэж бүтнээрээ дуудагдаж байж утга төгөлдөр болно гэж ярьцгаадаг юм. Хүү маань 16 хүрээд паспортоо солихдоо Батбаатарын Дөрвөн-Уул гэж болох байсан л даа. Миний хань чинь хүүдээ ганц хүү шигээ хайртай. Миний хүү ч гэсэн аавын хайр халамж үзээгүй юм чинь аавдаа хайртай. Тэгсэн хэрнээ Уянгын гэдэг овгоороо үлдсэн.

-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Залуу насны гэгэлгэн, сэтгэлээс өөрийг тоохгүй хайрлам тэр өдрүүд эгээ л кино тууж шиг дурсамж хөврүүлдэг байх даа.
Нэг сонинд “Хулан байгаа бүхнээ өөрөө бүтээсэн хүн” гэж бичсэн байна лээ. Магадгүй тийм ч байх. Их дөхсөн тодорхойлолт болов уу гэж бодлоо. Намайг яагаад ч юм мундаг найрагчийн эрх танхи охин гэж цоллох нь элбэгл дээ. Үнэндээ хараахан тийм биш байсан. Дөнгөж дунд сургуулийн ширээний араас босоод хүүхэдтэй болсон. Хорь хүрээгүй ээж болчихоод түүнийгээ өсгөх гэж зүдэрч л явлаа. Сургуульдаа явна, хүүхдээ өсгөнө. Ерэн онд хүүхэд өсгөнө гэдэг тийм амар асуудал биш байсан шүү. Ганцаарааг хэлэхүү. Хажуугаар ньтээртэй ажил ши гзалуу насны өдрүүд. Уруулаа тодхон будаад, таар шуудай углаад явж байсан ч гоё гэж хүн болгон хүлээн зөвшөөрдөг нас байсан хэдий ч яг тэр үед өөрөөрөө үлдэх хамгийн хэцүү байсан. Баян бөгөөд тэнэг эрчүүдээс өөрийгөө хамгаалах, ухаантай хэрнээ дожной эрчүүдээс өөрийгөө авч үлдэх. Энэ бүхэн эмэгтэй хүний хувьд хөдөлмөр байдаг юм.
Яруу найраг хэрвээ байгаагүй бол эмэгтэй хүн эвдрэхдээ амархан шүү дээ. Ер нь сэтгэлээ л эвдэхгүй байх чухал юм даа. Сэтгэл дагаад бие эвдэрдэг. Энэ бүхний эцэст ирээдүй эвдэрдэг. Энэ ирээдүйг бүтээхийн тулд, хожмоо үр шимийг нь хүртэхийн тулд тодорхой хэмжээгээр золио байх хэрэгтэй байсан юм байна. Энийг хаа очиж би дааж гарч дээ гэж өөрийгөө үнэлдэг юм. Би одоо хааяа сайхан ааштай үедээ ханьдаа Чам руу очих замдаа бүдэрсэн чулуу болгондоо би хайртай” гэж хэлдэг юм.

-Гэр бүлийн амьдрал дээр нь даргын “сэнтий” найрагч хатагтайн шүлэг найрагт хэрхэн нөлөөлж байгаа бол?Сайн уран бүтээл гэдэг нэгэн хэвийн амьдралтай хүнээс төрөх нь ховор. Ямар нэг зөрчил, сэтгэлийн их баяр баясгалан, шинэ хайр дурлал эсвэл гуниг зовлон дундаас төрдөг гэдэг шүү дээ. Тэр утгаараа асуугаад байгаа хэрэг.

-Ангасан цөлд малгайн чинээ үүл гараад хур буух шиг асуулт байна даа. Үнэхээр тийм. Гэхдээ үүнийг зохиомлоор эрж хаж, бий болгоно гэдэг хэцүү. Надад ханийн минь нөмөр нөөлөг, цаг жаахан түвширч байгаагийн билэг тэмдэг болсон МАН-ынхны өөрчлөлт шинэчлэлт рүү явж байгаа байдал, АН-ыхны тогтуухан, эвлрэнгүй дүр төрх уран бүтээлчийн хувьд сэтгэлийн болоод хувийн ая тухын бэлэглэж байна. Энэ ая тух чинь зүгээр хийсээд ирдэггүй юм аа. Энэ ая тух Хуланд ямар хамаатай юм гэж чи асууж болох л доо. Монгол улсын иргэн, халамжийн мөнгөө авдаг бусадтай л адил Хуланд Монгол улсын сэхээтэн шүү юм, бичгийн хүн, төрийн ажилтанд хамаарахын дээдээр хамаарна. Тиймдээ ч өнөө арслан мэт хаанд үнэг мэт зусар түшмэл олдох үед “Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ, цэцдийн толгой авдаггүй төртэй байх”-ыг би хүссэн. Цаг бүр самуурчихсан үед “Зүгээр л нэг амьдрахсан” гэж бичсэн жишээний.
Бүх уран бүтээлч амар амгаланг тунхаглачихаад, хэрэв тэр нь ихэдвэл “залхуурдаг” гэмтэй. Энэ хоёр мөр ч афоризм болчихсон л доо. Ээ мэдэхгүй, тэрийг би мэдэхгүй. Өнөөдөр найрагчийнхаа хувьд жаахан тогтнож, амгай жолоогоо татаж байна. Би дөрвөн өөр ном гаргасан л даа. “Гүнж аялгуу” бол анхны хайрын, сэтгэгдлийн, нийгмийн гээд янз бүрийн шүлэгтэй. Дараагийнх нь гуниг тайтгаралынх. Балайртлаа дурласан үеийн шүлгүүд. Тэгэхдээ овоо их монголжуу. Гурав дахь ном маань “Торгоны маань хээ”. Амьдралаас жаахан уйдасхийгээд байсан үеийнх. Хүн ер нь хайртай хайртай гээд ээж, аавдаа хайртай байдаггүй юм ш дээ. Энэ бол хатуу болоод үнэн үг. Би зүгээр л эмэгтэй хүн байсан  бол зүгээр л ээж, аавыгаа асраад хойт насандаа буян хийх амьдралаа олчихно. Даан ч би тийм хүн биш.

-1011258051    -Ханьдаа илүү хайртай байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй ээ. Ханиараа дамжуулаад өөрийгөө өмгөөлөх түшиг тулгуур олчихвол би бусдын төлөө юм хийх гээд байгаа юм. Би өнөөдөр орой очдог газартай баймаар байна. Би хэрвээ гичий чоно юм бол сайхан эр чонын өвөрт тухалж хоноод, маргаашийнхаа анд гармаар байна. Би том анд гармаар байна. Энэ том ан бол нийгмийн бузар, булай ёс суртахууны гажуудал. Энэ л миний барьж авах ёстой зүйл. Яагаад гэвэл надаас өөр хүн үүнийг намнаж чадахгүй. Эмч нар өвчин анагаадаг. Яруу найрагчид харин сэтгэлийг, ирээдүйг анагаана. Тийм учраас ирээдүйн төлөө захиа, сургаалиа үлдээх ёстой. Эхнэр байх жаргалыг үзүүлсэн Батбаатарыг жаргалтай байлгахын төлөө хэт хоббитоод өөрийгөө мартаж байгаадаа би бухимддаг. Удвалыгаа мэдлэг, мэргэжилтэй байгаасай, цаг цөвүүн, 2028 оноос дэлхий өөрчлөгдөнө гэхэд охин маань биөийн болоод сэтгэлийн тэнхээтэй байгаасай гэж бодохдоо маань цээжпүүлэх хэрэгтэй байна. Монголоос дэлхий дахин гэгээрэх ёстой юм бол эндээс гэгээрэх арга зам хайж байна.

-Ингэхэд таны шүлгэнд нууц амрагийн сэдэв багагүй бий. Тэр мөртүүдийг уншчихаад хэлэх гээд илэрхийлж чаддаггүй тэр мэдрэмжийг яаж ингэж илэрхийлж чаддаг байнаа гэх бодол өөрийн эрхгүй төрж, уран бүтээлчийн тань хувьд цэцэг бариад гүймээр санагддаг ш дээ. Одоо тийм шүлгүүд төрөхгүй гэхээр бас гунигтай ч юм шиг. Нууц амраггүй болсон юм чинь тийм шүлгүүд төрөхгүй байлгүй?

-Нууц амраг гэж ямар хүнийг хэлээд байгаа юм. Нууцаар уулздагийг уу, эсвэл сэтгэлд нууцлагдаж, гунигтай үедээ хааяа бодохоор тайтгарал авдгийг уу. Тэгвэл тийм эр хүн эмэгтэй хүн болгонд байдаг.

-Ц.Хулан найрагчид ч байдаг гэсэн үг гэж ойлголоо. Та итгэлтэй байна уу? Таны хань уншина..

-Яадгийн, уншвал уншиг л дээ. Бүсгүй хүн аль суманд оногдохоо мэдэхгүй явж байгаа талын шаргачин гөрөөс байхгүй юу. Нэг нь намначихсан, алаад идчихсэн гэж бодож байгаа бол миний хувьд үгүй л дээ. Би яваад л байна ш дээ.

-Ёстой л Ц.Хулангаас ийм үг унах байх даа?

-Энэ хачирхах юм биш шүү дээ. Яагаад эмэгтэй хүн ханийнхаа үүргийг гүйцэтгэчихээд дээр нь эмэгтэй хүн гэдгээ орхигдуулах ёстой юм. Хүн намайг хайрлаад, халамжлаад л байвал би ёстой нөгөө цагаан сарын ууц шиг л хэвтээд л байна. Идүүлээд л хэвтээд байна /инээв/. Хэрвээ надад анхаарал тавихгүй, сэтгэлээ зарахгүй бол хульжаад явчихна. Яадгийм.

-Өөр хүнсэн бол та шууд л гэр бүлээсээ салах хэрэгт унахаар юм ярилаа. Ийм араншинг ойлгож, зөөллөж амьдарна гэдэг эр хүнээс чамгүй тэвчээр, ухаан шаардана биз. Түүнд та олон инээд, олон салхи шуурга мэт өдрүүдийг бэлэглэж бас олон найргийн мөр олж авсан байх, тийм үү?

-Миний хань ойлгохгүй юм бол би шууд “хүчээр” ойлгуулдаг /инээв/. Хань минь ээ, гэж байгаад бүгдийг нь задлаад, би эмэгтэй хүн учраас ингэж байна, чи минь ийм байвал болохгүй гэх мэтээр халамж анхаарал нэхдэг.

-Таниас нялхамсуу, эрхэмсэг танхил хэрнээ их омоглон, шаралхуу араншин байнга үнэртдэг. Энэ хаанаас эхтэй эд вэ? Ээж аав тань дэндүү гэмээр зөөлөн билүүнүүд шүү дээ.

-Биш ээ, биш биш. Манай аав ээж хоёр чинь олны дунд өөрсдийгөө зөөлөн харагдуулж байгаа болохоос яс юман дээрээ “хатуу самар”- ууд. Бид гурвыг чинь “Та гурав гурвуулаа охин, царай муутай. Ажилсаг байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй” гээд л ярина шүү дээ. Багаасаа сонсож өссөн юм гэвэл эмэгтэй хүн гэдэг дорд юм. Эр хүн болж төрөх минь яав даа гэж бодогдож байсан үе хүртэл бий. Миний аав ээжхоёрын алдаа дутагдал энэ байж болох юм. Аав ээж хоёр биднийг амттанаар бялхуулж, гоёж гоодож өсгөөгүй. Яахав, тэдний хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан байх л даа.

-Алдаагүй амьдрал, дутагдалгүй хүн гэж байдаггүй. Эргээд бодоход та ямар дутагдалтай байгаав дээ. Бас хамгийн том алдаа тань юу байсан бол?

-Эрүүл мэндээ алдсан явдал.

-Таны хэтэрхий омоглон, дур зоргоороо зан өөрийн хүрээллээ бий болгоход хэр их саад болж байна?
527-1331693505432218_194396757335893_113536965421873_308209_2114321193_n
    -Д.Урианхайн шүлгэнд гардагчлан хорхой мууд ч хэвтэх хонхор заяасан энэ эх орон минь юм. Тэгэхээр өчүүхэн хорхой би заяасан хонхортоо хорхой нь болоод хэвтье. Нөгөөтэйгүүр хорхойд ч гэсэн бодох бодол байна. Тэр нь зөвхөн Монголыг аврах биш, энэ дэлхийг аврах. Дөрвөн далай, таван тивийг авармаар байна. Энэ олон хувьсгалын түүдгийн гэрэл гэгээ ертөнцийг аврахгүй. Хүний сэтгэлийн гэрэл гэгээ л аварна. Бурханы хамгийн анхны цагаан толгойг яруу найраг заадаг учраас бид тэнд ойрхон байдаг юм. Ламрим гэж “Бодь мөрийн зэрэг -т байдаг /ширээн дээрх номоо заав. сурв/. Үүнийг Баабар надад өгсөн юм.
Гэхдээ би Баабараас өмнө мэднэ л дээ. Нээрээ Баабар гэснээс тэр ухаантай хүн шүү. Тэгсэн хэрнээ “Нэпко” гэж жаахан хүйтэн нэртэй, хүйтэн публикаци хийдэг газартай. Яагаад гэхээр эднийх Монгол юм руугаа ханддагүй. Муу орчуулга олон таардаг. Саяхан Д.Сүхбаатарыг шүүмжилчихээд буцаад өөрөө баахан шүүмжлүүлээд авна лээ. Зарим үед төр улсад нуух ёстой нууц гэж байдаг. Д.Сүхбаатар адгийн гуйлгачин, дээрэмчин, луйварчин, ядуу байсан ч гэсэн төрийн идеал, төрийн орь хүслэн, омтгойрох ёстой хүн байх ёстой Д.Сүхбаатараараа байг л дээ. Энийг ямар ч Баабар зөрчих ёсгүй. Үүн дээр Баабар ёс зүйн хэм хэмжээ алдсан. Идеалгүй нийгэмд идеалыг тарааж устгана гэдэг бол хамгийн аймшигтай гэмт хэрэг. Тэртэй тэргүй зарим нь Далай ламдаа шүтэхгүй, Есүст хуваагдчихсан, зарим нь Чингистээ итгэхгүй өөр бусад Наполеонд итгэж байгаа энэ үед монголчуудад итгэх ганц нэг юм байг л дээ.

-Бүсгүйчүүдийн эрдэнийн чулуу шиг үнэт талыг яруу найрагчид нээдэг. Тэр үнэтэй сайхнаар юм хийж чадалгүй эвдсэн талыг нь хошин шогчид нээдэг гэж нэгэнтээ уншиж байснаа санаж байна. Тэгэхээр та эрчүүдийн эрдэнэ мэт үнэт чанарыг олж нээдэг билэг авьяастан байж таарах нь. Эрчүүдээс танд ирдэг хамгийн том гялбаа юу вэ?

-Энэ амьдралыг үзэж туулж, таних тусмаа хүн адгуусанд хайртай болдог бол би бүсгүй хүнд хайртай болж байна. Уржигдар Архангайн Энхбаатар гэж залуугийн ээж Жаргал гэж эмэгтэй манайд ирж хоёр хоноод явлаа. Тэр эмэгтэй хүүгээ миний шавь болгохоор ирсэн ижий юм л даа. Цагаан сарын өмнө ирэхдээ хоёр гартаа арав, арван кг юм барьчихсан, миний хүү Энхбаатар гэж хүү байгаамаа, шүлэг бичдэг. Танд л үзүүлэх ёстой гэнэ, аваад ирлээ гэлээ. Шүлгийг нь авч уншлаа. Байдаг л залуу хүний шаналан. Гэхдээ үүний цаана нэг яруу найраг байгаа юм. Энэ бол ижийн сэтгэл. Тэр ижийн сэтгэл тэртээ холоос биедээ ахадсан ачаа тээчихсэн тэр эмэгтэйг над дээр авчирсан. Тухайн үед би хүүд жаахан зөвлөөд гаргасан. Чи амьдралдаа том найрагч байх албагүй. Ерөөс найрагч болох ч албагүй. Чи ижийгээ л хайрла гэж хэлсэн. Тэгтэл сэтгэлээс нэг л гардаггүй ээ. Битүүний өдөр тавгаа засаж байхдаа өөрийн эрхгүй бодогдож уярч байлаа. Цагаан сар өдийд өнгөрөөд удаж байна ш дээ. Уржигдар Жаргал эгч рүү ярьсан, хотод ээжийгээ эмнэлэгт үзүүлээд явж байна гэнэ. Манайд хүрээд ир гэлээ. Гэрт ирээд нэг хонох байсан хүн хоёр хоноод, хоёулаа сайн муу, сайхан муухай зовлон жаргалаа ярилцлаа. Эх хүний сэтгэлийг гүйцэх эрдэнийн чулуу энэ хорвоо дээр байдаг юм уу.

    Удтал хүлээлгэсэн болоод ч тэр үү. эсвэл найрагч хатагтайг гайгүй сайн мэднэ гэж өөртөө итгэдэгийнх үү, их л дэврүүн, ил цагаахан, бас эмоцитой өрнөсөн бидний яриа ийм ааширхсан, бачимдсан үгсээр өндөрлөсөн юм. Хэлэхээ хүрвэл хэнээс ч илүү омог бардам ярьчихдаг Ц.Хулан найрагчийн бухимдах нь ч аргагүй биз. Гэхдээ надад эмоцитой, бухимдалтай мэт санагдсан энэ араншин буцлам халуу шатаж явдаг найрагч бүсгүйн хувьд байдаг өдөр тутмын эгэл төрх нь биз.М.Уранчимэг /"Гранд хүмүүс"/ ном

Saturday, 16 July 2011

Ц.Хулан: "Мөнгө үнэртсэн сонгууль болно"


Монгол Улсын хүүхэлдэйн театрын дарга, яруу найрагч Ц.Хулантай улс төрийн үйл явдлын эргэн тойронд дахь асуудлаар уулзаж ярилцлаа. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр төдийлөн улстөржөөд байдаггүй ч эгзэгтэй үед часхийсэн үнэн үг хэлж олны анхаарлыг татдаг. Тийм учраас бид энэ удаа яруу найрагчтай улстөрийн сэдвээр түлхүү ярилцлаа.

-Сүүлийн үед намуудын хооронд үүсээд байгаа мар­­­гааны бол сэдэв нь Сон­гуу­лийн хууль болчихоод бай­на. Пропорциональ нь давамгайлах уу, эсвэл мажо­ритари уу гэдэг асуудал Ард­чилсан нам болон Мон­гол ардын намын хооронд нэлээд ширүүхэн тулаан үүс­­гээд байгаа. Таны хувьд аль нь давамгайлах ёстой гэж бодож байна. Аль хувил­ба­раар сонгууль явуулах нь Монголын хөгжилд эерэг нө­лөө­лөл үзүүлж чадах вэ?

-Нэг хэсэгтээ улс төрийн аливаа асуудлаас хол хөндий байлаа. Сонгуулийн системийн тогтолцооны талаар судлаач, улстөрч шиг сайн ярьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ мэдээж, олон жил улс төрийн эргэн тойронд юу болж байгааг ажиглаж байгаа сэтгүүлч хүний хувьд эсвэл идэвхтэй сонгогчийнхоо хувиар нөгөө талаас нэр дэвшигчийг гаргаж ирэх ажилд гар бие оролцдог хүний хувьд санал бодлоо хэлж болох юм. Монгол ардын нам болон Ардчилсан намын хоорондоо маргалдаж, талцаад байгаа асуудал бол эцсийн дүндээ ирэх 2012 оны сонгуульд аль нь олон суудал авч, Засгийн эрх барих вэ гэсэн эрх мэдлийн төлөөх тулалдаан. Монголд парламентын засаглал тогтсон 20 жилийн хугацаанд, ардчилсан нийгмийн тогтолцоо үүссэнээс хойш парламент чухам юу хийв ээ гэдгийг ард түмэндээ тайлагнасан баяр ч гэх юм уу, үйл явдал болоод өнгөрсөн. Миний хувьд харж байгаагаар парламент ямар байх вэ, улс төрийн намууд парламентыг бүрдүүлэхдээ ямар босго давж, ямар шалгуураар тэнцэж орж ирэх вэ гэдгээс илүү ерөөс Монгол Улсад парламент хэр нэр хүндтэй байгаа вэ гэдгээс яриагаа эхэлмээр санагдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд парламентын гишүүд өөрөө өөрсдийгөө хамгаалсан хууль их олон гаргасан. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байх, УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүйгээр асуудлыг шийдэж болохгүй гэх ч юм уу. УИХ-ын гишүүдээс авлига хээл хахуулийн хэрэгт олон хүн холбогдож яригддаг зэргээс парламент ард түмний дунд нэр хүнд сайтай байгууллага болж төлөвшиж чадсангүй. Энэ бол сонгуулийн тогтолцооноосоо, пропорциональ, мажоритари хувил­бараасаа болоод байгаа юм биш.

-Сонгуулийн системийн гаж тогтолцооноос болоод төрийн ажил гажихад хүрээд байгаа юм шиг ойлголтыг намууд иргэдэд төрүүлээд бай­гаа. Олон нийт мажоритар гэдэг нэг гайтай хувилбараас болоод улс төр бохирдоод байна гэсэн ойлголттой болчи­хоод байгаа шүү дээ?

-Цөөхөн хүн амтай, олон намт улс төрийн төлөвшилд хөл нийлүүлээд дөнгөж 20 жил болж байгаа энэ үед алаг цоог янз бүрийн хүмүүс төрд гарч ирсэнтэй холбоотой. Тэгэхээр төрийн хүн, төрийн албан хаагч ямар байх ёстой вэ гэдэг тодорхой шалгуур хэрэгтэйг сонгуулийн ху­вил­­баруудтай зэрэгцээд ярьж байх хэрэгтэй байжээ. Төрийн таван төгөл­дөршил гэж бий. С.Баярын гаргаж ирсэн”Таван төгөлдөршил” хэдийгээр жаахан хээнцэрдүү гоё ганган сонсогддог ч гэлээ тухайн үеийн МАХН-ын 26 дугаар их хур­лаар дэвшүүлж тавьсан шинэлэг зүйл болсон. Ардчилсан нам тухайн үед таван төгөлдөршлийнн талаар ярьсан бол ард түмэн сор­гог хүлээж авахгүй байсан. Парламентад хамгийн олон жил эрх барьсан Монгол ардын нам төрийн төлөвшлийн тухай анх хөндсөн нь шинэлэг зүйл болсон ч гэлээ намууд нэр дэвшигчдийнхээ талаар ярих хэрэгтэй болсон байна. Сонгуулийн систем нь гаалиар хориотой бараа орохыгмэдрэгч аппарат биш гэлээ ч, төрд тэнцэх нэр дэвшигчийн шалгуур болохынхоо хувьд манай одоогийн нийгмийн шаардлагад тэнцэх систем болж чадах ёстой. Өнгөцхөн харахад Ардчилсан нам, Монгол ардын нам сонгуулийн тогтолцоог сонгодог болгохын төлөө талцаж байгаа юм шиг боловч цаад өнгөндөө намуудын хувь хүмүүсийн эрх ашиг үйлчлээд байгаа нь харагдаад байна. Мөнгө үнэртсэн сонгууль болох дээр эргэлзэх ч хэрэггүй.

-Монгол ардын нам мажоритари, Ардчилсан нам пропорциональ нь давам­гайлах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Пропорциональ нь давамгайлах ёстой гэсэн хувил­барыг сонговол Монгол ардын нам болон Ардчилсан намд сонгуульд ялах лидер тун бага гэх хүмүүс байна. Харин та юу гэж бодож байна. Энэ үнэн үү?

-Пропорциональ хувилбар нь олон нийтэд танигдсан улс төрийн лидерүүдэд ашигтай байж болох ч цаг үе, нийгэм маань улстөрчдөөсөө илүү хурдацтай хөгжиж байгаа мэт санагддаг. Шинэ хүмүүсээс айх сонгууль болчихож мэдэх л юм.Тийм ч болохоор Ардын нам олон лидертэй ч “банжиж”, харин Ард­чилсан нам сүрдэж, анаж зэхэж байгаа тул харилцан буулт хийгээд л хуучнаараа тойргуудаа хувааж аваад давхилдах байх. Ирэх 2012 оны сонгууль пропорцианаль, мажо­ритари, холимог гээд аль ч системээр боллоо гэсэн, намуудаас, улстөрөөс хараат байдаг байдлаа нийгэм улам бүр тээршаасаар байгаа шүү дээ.Энэ нь зүй ёсны юм.

-2008 оны сонгуулиар хоёр намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Олон хүн Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Монгол ардын нам дангаараа Засгийн газар байгуулсан бол өнөөдөр илүү амжилтад хүрэх байсан болов уу?

-Миний хувьд өнөөгийн улс төрийн нэг ололт бол алгуурхан ч гэсэн монголчууд үндэсний эвлэрэлд хүрсэн явдал. Энэ удаагийн хамтарсан Засгийн газар олны хэл амны бай, хардлага сэрдлэгэд өртөж байгаа ч хүмүүсийн оюун санааны хувьд хамгийн тайван гэж хэлж болохоор засаглалын үе өнөөдөр л тохиож байна. Засгийн газрыг бүр­дүүлэхдээ олонх болсон хоёр нам хамтарсан явдал нь бие биедээ хяналт тавих, хариуцлагыг хамтарч үүрэх, нэг зүйлийн өмнө ичих нэг нүүртэй болж чадсан нь хамгийн зөв шийдэл байсан. Хүмүүс хэлдэг л дээ. Монгол ардын нам дангаараа Засгийн газрыг бүрдүүлж, дангаараа хариуцлагаа үүрэх ёстой гэдэг. Үгүй ээ, энэ нь дангаараа идэх боломж олгож байгаа хэрэг.

-Хоёр хүн идсэнээс нэг хүн идсэн нь дээр биш үү. Хоёр хүн идэх хоолын хэмжээ мэдээж ихэснэ?

-Миний хувьд бол өөрөөр хардаг. Олон ургальч үзлийг хөгжүүлэхээр 20 жилийн өмнө монголчууд анхны шангаа татсан. Энэ олон ургальч үзэл бодлыг сонгуулийн хэдхэн өдөр хоорондоо уралцуулаад өнгөрөх үү, эсвэл дөрвөн жилийн турш үйл ажиллагаагаараа, бодитоор хэрэгжүүлэх төсөв мөнгөтэйгөө, эрх мэдэлтэйгээ байж тэр олон ургальч үзлийг хөгжүүлэх үү гэдгийг анх удаагаа энэ Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ Засгийн газрын гэрэл гэгээтэй, ололттой тал нь юу юм гэхээр дор хаяад, уул уурхайн салбарт хийсэн шинэчлэлүүдийг хоёр нам хоёулаа гардан хийх бололцоотой болсон явдал. Өөрөөр хэлбэл, дараа нь хэн нэгэн рүүгээ ховын үг чулуудахгүй, дараа нь хэн нэгнээ хардах сэрдэх явдалгүй. Нэг хөллөгөөний морьд болж чадсан учраас ард нь тэр морьдыг ташуурдаж байгаа ард түмэнд энэ морь биднийг ангал руу авааччихлаа. Тэр морь намайг урагшаа ирээдүй рүү авч очих байсан юм гэх явдал гарахгүй. Ард түмэнд нэг жолоо цулбуур атгуулна гэдэг ололт байсан. Нөгөөтэйгүүр төр тогтвортой байхад оюуны шинэчлэлүүд их явагддаг. Эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд төрдөг, төрийн албан хаагчид ажлаа сэтгэл дүүрэн хийдэг, уран бүтээлчдийн айдас арилдаг. Энэ тайван намдуу, С.Батболдын Зас­гийн газрын үед хийгдэж байгаа либерал эдийн засгийн шинэчлэлийн үед сонгуулийн тогтоолцоог өөрч­лөх асуудал яригдаж байгаа нь хамгийн зөв шийдэл. Өөрчлөе гэж байгаа нь хуучинтайгаа үл эвлэрсэн, алдаа гажуудлаа олж харсных. Магадгүй Н.Энхбаярыг намын дар­га байхад энэ асуудал яригдсан бол нэлээд хурцадмал байдал үүсэх байсан биз. Сонгуулийн системийг өөрчлөх гол зорилго нь ирээдүйн улстөрийг хувийн эрх аш­гаас ангид байхад л оршиж байгаа гэж би бодож байна. Монгол ардын нам маань өөр хувилбарыг сонгож байгаа юм билээ. Манайд бол пропорциональ давамгайлсан холимог систем уг нь илүү тохирох, улс төрийн лидерүүдийг гаргаж ирэх хувилбар болов уу гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ улс төрийг явж явж системээр юм уу, сонгогчийн таашаалаар хийдэггүй.

-Монголын улс төр өнөө­дөр хамгийн том мухар­дал орчи­хоод байгаа юм шиг са­наг­ддаг. Зөвхөн улс төр гэлт­гүй эдийн засаг нь мухар­далд орчих гээд байна шүү дээ?

-Та нар санаж байгаа байх. Өмнө нь мухардлуудыг дандаа хэн нэгэндээ тохдог байсан. Өнөөдөр энэ байдал намжсаныг та нар харж байгаа байх. Хэвлэл мэдээллийнхэн аль нэг намд, улс төрийн хүчнүүдэд бурууг өгөхөөсөө илүү байгалийн хүчин зүйлс, эдийн засгийн хүчин зүйлстэй нь холбодог болсон байна. Энэ зөв хандлага руу явж ирсэн нь хамтарсан Засгийн газрын том ололт. Ажил гардаад хийж байгаа үед мухардал харагддаггүй юм.Харин хуурай улстөржөөд, эдийн засгийг дашзэвэгдээд байвал өөр хэрэг.

-Хамтарсан Засгийн газ­рыг байгуулсан нь ололт гэвэл гавьяаг нь Ерөнхий сайд асан С.Баяр хүртэх учиртай гэж үү?

-Нэг намын үйл ажиллагаанд төдийгүй нийгэм д юу саад болоод байсан тэр чөдөр тушааг, ялзралыг олж илрүүлсэн, тэр вирусыг устгахыг хичээсэн нь түүний ололт байсан нь үнэн. Гэхдээ энэ нь хувь хүнтэй тэмцэж байгаа тэмцэл биш. С.Баяр, Н.Энхбаяр хоёрыг хооронд нь тэмцэлдүүлэх нь хэнд ч ашиггүй. Яагаад гэвэл нэг үед нэгэн зүйл алдааны ард хоёулаа байсан, амжилтын ард бас л хоёулаа байсан. Алдаагаа түрүүлж ухаарсан нь С.Баярын ололт байсан юм. Энэ бол зөвхөн С.Баярын ололт, ялалт биш нэг намын ялангуяа, ард түмний амьдралын жолоог атгаж яваа намын хувьд том ухаарал байсан. Энэ ухаарал дээр ялигүй жаахан фанатизм, туйлшрал харамсалтай нь, яваад байна. Энхбаяртай Энхбаярын аргаар тэмцээд яах юм? Хувь хүмүүсээс өшөө авах, улс төрийн өшөө авах тоглолтуудыг хэлээд байна. Улстөр юмдаа гэж цагаатгаж болох ч, өр нимгэн над шиг амьтанд хэнбугай ч хүн л байх юм аа.

-С.Баяр хамтарсан Зас­гийн газарт одоо ч нөлөөтэй байгаа. Гүйцэтгэх засаглалыг гаднаас удирдаж байгаа гэ­дэг шүү дээ. Улс төрд болж байгаа бүх шийдвэрт С.Баяр нөлөөлөл сайтай гэдгийг Ард­чил­сан намынхан ч, Монгол ардын намынхан ч хүлээн зөвшөөрдөг?

-С.Баяр даргыг би улс төрд их удаан байгаасай гэж боддог. Цэвэр, цэнгэг сэтгэлгээ гэдэг бол хүний шуналгүй байхаас ургаж гардаг ойлголт, ганц хэмжүүр нь юм. Хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаггүй тэр зан нь С.Баяр даргыг өнөөгийн нийгэмд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн лидер болгож чадсан болов уу. Түүнд улс төрийн эр зориг, цэвэр амбиц бий. Өөрөөр хэлбэл, цэвэр амбицтай хүн улс төрд цэвэр явдаг. Ер нь л цэвэр хувцастай, цэвэр хумстай хүн хүний өөдөөс бүтэн харж тайван сууж чаднаа даа? С.Баяр даргад байдаг академик сэтгэлгээ Монголын улс төрд олон жил түшиг болно. Юугаараа түшиг болох юм бэ гэхээр аливаа асуудлыг хөндлөнгөөс, дээрээс харж чаддагт байгаа юм. Дотор нь орж хутгалдахаас илүү хөндлөнгөөс харж шийдвэр гаргах нь илүү оновчтой. Манай Хүрлээ шиг / МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх/ хурц омголон, гардан зодоон хийгээд явбал энэ намыг олон нийт нэг л өнгөөр харна. Монгол ардын намд харьцангүй том, хүчтэй лидерүүд байгаа болохоор намын өнгө төрхийг тодорхойлцоход С.Баяр дарга ч, У.Хүрэлсүх ч хэрэгтэй.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт С.Баярыг буруутгах хү­мүүс олон. Н.Энхбаяр ч уг хэрэгт С.Баярыг буруутай гэж ярьдаг шүү дээ?

-Долдугаар сарын 1-ний хэрэг­тэй холбоотойгоор С.Баяр даргын нэр хүндийг унагаах оролдлого, ажиллагаа их явагдсан байх аа. Ингэж нэгнээрээ туг тахидаг, нэг­ний­гээ өвдөж зовж явахад нь алгаа ташдаг зан монголчуудад маань бай­даг. Түүнийг нь хөөрөгдөж би­чиж байгаа нь хамгийн хүн чанаргүй, арчаагүй сонинууд байдаг. Бид нар хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа, тэр нийгмийг бүтээх гэж байгаа юм бол нэгнийхээ сайн талыг нь олж хардаг баймаар байна. С.Баяр даргыг би сайн мэднэ. Н.Энхбаяр даргатай ажиллаж байхдаа хамар нь ялигүй жаахан шантайгаад, эрдсэн байдалтай байх үед нь ч мэднэ. Жаахан гунигтай, бодол болсон үед нь ч мэднэ. Энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, эрсдэж байх үед нь ч мэднэ. Одоо ч Монголынхоо төлөө зовниж байгаа, улс төрд хийгдэж байгаа шинэчлэлүүдийн төлөө сэтгэл зовж байгааг нь гадар­лахтайгаа байгаа. Улстөрөөс яв гээд хэн нэг нь тоглоомоор ч юмуу, хэлчихвэл Баяр бол заяа нь эргэж ирэхгүй, бардам хүн. Гэтэл зарим нь улс төрөөс шахагдсан шарандаа хүн чанараа алдаж, өөрт байгаа өчүүхөн үнэт зүйлсээ ч үгүй хийж байгааг харах харамсалтай л юм.

-Монголын улс төр залуу­жих болсон. Гэхдээ залуус улс төрд орохын тулд хэн нэгэнд дө­­рөөлөх, мөнгөөр зодох үзэг­­­­­дэл бараг хэвийн шахуу бол­чихжээ
?

-Залуучуудыг би өөрөөр харахыг хүсдэг. Том дарга нарын хүнд цүнх үүрээд хайрлаж дурлаж явах 20 насандаа контоорын үүд сахиад, ямарч юм хийхгүй хэрнээ албан тушаал горьддог тийм залуучууд биш байгаасай гэж боддог. Залуу насандаа хийж бүтээж алдаж оноогүй хүн робот болдог. Улс төрийн бяцхан роботууд битгий гарч ирээсэй гэж хүсдэг. Биологийнх нь нас залуу боловч сэтгэлгээ нь бүр өвгөрчихсөн, өмхөрчихсөн залуучууд байдаг шүү дээ. Би ийм залуучуудын эсрэг байдаг. Тиймдээ ч тухайн үеийн МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад удаагүй. Хэдийгээр оны онцлох залуу болж шагнал авч мандсан ч гэлээ удахгүй зайлуулагдсан шүү дээ./инээв/

Эртээд нэг ток шоу дээр Б.Баатар гэж найруулагч хэлж байна лээ. Тэр хүн яруу найраг уншиж үзсэн ч юм уу үгүй ч юм уу, мэдэхгүй. Гэхдээ тэр хүн “Чи баячуудыг үзэн яддаг “Болор цом”-доо орооч” гэж нэг залууд хэлж байсан. Яалаа гэж дээ, яруу найрагчид яахаараа баячуудыг үзэн ядах гэж. Хүн төрөлхтөний хамгийн дээд язгууртнууд, оюуны эрхэмүүд, хутагт хувилгаад нь яруу найрагчид байдаг. Тэд хэзээ ч баячуудыг үзэн ядаж байгаагүй. Хүнийг сайн сайхнаар хардаг, хүний сэтгэлийг сүмтэй зүйрлэдэг, хамгийн эр зоригтой хүмүүс бол яруу найрагчид байдаг. Улс төр бол тийм биш. Нийгмийн сэтгэлгээг дагуулж байгаа оюуны баячууд бус, мөнгөний акулууд гарч ирдэг болохоор улс төрд сүүдэр их бий. Их мөнгөтэй хүн бол их амбицтай байдаг. Их амбицтай хүн их хүсэл мөрөөдөлтэй байдаг. Их хүсэл мөрөөдөлтэй хүн нийгмийг бодитоор өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ мөнгөтэй хүн бүр нийгмийг өөрчлөе гэж тэр бүр боддоггүй. Боддог нь цөөхөн. Түүхэнд Шанзав лам Бадамдоржоос бусад нь тэр үеийн фёодал хэмээн дуудагдаж байсан язгууртнууд маань бүгд л үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан. Одоогийн жишээ бол, жишээ нь “Женко” Х.Баттулга байна. Өөрсдийнхөө толгойгоор, хоёр гараараа бизнес хийж ирсэн хүмүүс өөрөөр сэтгэдэг, юм үзсэн гэдэг чинь энд л гардаг. Манай Монгол ардын намын С.Сайхансамбуу ах байна. Лу.Гантөмөр гишүүн байна. Лу.Гантөмөрийг би баян гэж мэдэхгүй. Гэвч түүний залуу хүнийхээ хувьд бүтээж байгаа капитал нь бусад улстөрчдөд үлгэр дуурайл болохуйц байж чаддаг гэж боддог. Аль аль намд хүчтэй, залуу лидерүүд байгаа. Энэ хоёр нам аль аль нь миний уур хайрыг зэрэг хүргэж, нэг л нутаг усны төлөө, эх орны төлөө явдаг учраас энэ нь манайх, тэр нь танайх гэж алагчлах дургүй.

-Монгол ардын нам Н.Энхбаяртай МАХН гэсэн нэрийг булаацалдах ямар хэрэгтэй юм бэ. Ингэхэд, Н.Энхбаярын тухай та ямар бодолтой явдаг вэ. Монгол Улсын төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж байсан хүн гэнэт л гудамжны тэмцэгч болчихсон?

-Шархан дээр нь шарх цацмааргүй байна. Тухайн үедээ тэр хүний өмнөөс хэнч дуугарч чаддаггүй байсан шүү дээ. Хүн бүхэн өнөөдөр чичлээд чулуу шидээд байх албагүй. Өмнө нь түүний хормойноос зүүгдээд, гар барингуутаа баярлаад гүйдэг байсан хүмүүс олон шүү дээ. Долдой нар байгаа тулдаа улс төр явдаг юм байлгүй. Сонгуулийн хуулиар тэрхүү долдой нар гарч ирэхгүй байх нөхцөлүүдийг л бүрдүүлчих хэрэгтэй. Тиймэрхүү улстөрчдөд хаалт тавих хэрэгтэй. Хэдийгээр ард түмэн мэдрэмжгүй юм шиг хэрнээ цагаа бодороор улс төрд ямар мэдрэмжтэй ханддаг гээч. 1998 оны сонгуулиар О.Дашбалбар найрагчийг сонгосон. Хоёр намын шийдвэрт түүний нөлөөлөл маш чухал байсан шүү дээ.

-Монгол ардын нам хувьсгалт нэрээ авсан нь зөв үү?

-Хувьсгалт гэдэг нэр хуучирсан гэж би тэр үед сонинд ярилцлага өгч байсан. Монгол ардын нам гэдэг өөрийгөө ухамсарласан сэхээтнүүдийн нам, өөрийнхөө зорилгыг мэдэрсэн залуучуудын нам, өнгөрсөн бүтээсэн амьдралаа сэтгэл хангалуун харах ахмадуудын нам болгох зорилго байсан болов уу гэж бодож байна. Монгол ардын нам болоод түүхэн хариуцлагаас зугатаах гэж байна хэмээн нэг хэсэг нь бодсон байх. Энэ тийм биш ээ.

-Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлах болсон. Харин улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо дутаж байна, даашинзтай улс төрд нийгэмд хэрэгтэй байна гэсэн яриа хүчтэй өрнөж байгаа?

-Эрчүүд учраа ололцоогүй байхад эмэгтэйчүүд учраа олтлоо удах байх. (инээв). Өөрсдөө ажил амьдралын ачааг үүрсэн, оюунлаг, завгүй эмэгтэйчүүд улс төрөөс их хол байдаг даа.Эмэгтэй хүн бол нийгмийн хүмүнлэгийн элч байдаг. Гэтэл хүмүүнлэгийн элч биш хэрнээ аливаа измын манлай болсон эмэгтэйчүүд хэтэрхий олширчээ. Сүржин лоозонтой улс төржсөн эмэгтэйчүүдийг биш бодит ажил хийчихсэн, нийгмийг гэрэл­түүл­дэг эмэгтэйчүүдийн төлөө харин бид сүржин лоо­зон барих хэрэгтэй юм шиг санагддаг шүү /инээв/. Тэр эмэгтэйчүүд чинь улстөрд гарья гэж тэр бүр боддоггүй юм.

-Таны бодлоор Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ?

-Би ер нь их зовлонтой хүн. Нэг зохиол уншаад сэтгэл сэртхийсэн ганц өгүүлбэр таарбал сайн юм аа гээд бодчихдог. Нэг зохиол уншаад утга найруулгын алдаатай сулбагар өгүүлбэр таарбал дэмий юм гээд шидчихдэг. Одоогоор улс төрийн эмэгтэй нүүр царай хэн бэ гэдгийг судалж үзээгүй болохоор одоохондоо надад зуун хувь идеал, зуун хувийн боломжит эмэгтэй улстөрч энэ байна гэж хэлж чадахгүй.

-Хүүхэлдэйн театрыг аваад та нэлээд хугацааг өнгөрөөлөө. Энэ театрт ирэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нэр хүндтэй театр болсон байна. Энэ таны ажлын үр дүн мөн үү?

-Энэ байгууллагын тамга тэмдэг авсан хойно нь надад тэгж бодогдсон. Түүнээс бус би ийм болгоё гэсэн бодолтойгоор энд ирээгүй. Улстөрчидтэй сониноор хэрүүл хийж, цаг үедээ бухимдаж, гайхшаа барж явснаас Монголын хүүхдүүдийг утга зохиол, урлагаар төлөвшүүлэх нь зөв юм байна гэж мэдэрсэн. Эд мөнгөний хувьд, оюун санааны хувьд юм үзсэн хүн бусдын боол болдоггүй. Миний “юм үзсэн” гэдэг санаа ахиад л давтагдаж байгаа биз? Монголын хүүхдүүд бүгдээрээ биш гэхэд, миний муу бяцхан үзэгчид муухайгийн өмнөөс үг хэлж чаддаг, бусдыг хайрладаг сэтгэл, хүн чанар эр зориг, сайхан сэтгэлтэй өв тэгш иргэн болгохын төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулахсан. Яваандаа Монгол Улс маань “хүүхэлдэй”-н хаант улс болчихгүй байгаасай … Өнөөдөр Орос, Хятадын дунд Монгол Улс маань “Хоёр чонын дунд таарсан талын гөрөөс мэт, Хохилзох шуурганд бөхөлзөх өргөсөн зул мэт” байна. Нэг нь галаа харамлавал улсаараа гал алдахад хүрч. Гэтэл Ардчилсан нам, Монгол ардын нам аль аль нь энэ хугацаанд төр барьж байсан. Тэд өнөөдөр ямар ичгүүртэй байдалд ороод байна. Хүний ичих ичгүүр гэдэг юм урлаг соёлоос олддог юм.

Ж.НЯМСҮРЭН