Showing posts with label ТЭМҮҮЖИН Хишигдэбэрэлийн. Show all posts
Showing posts with label ТЭМҮҮЖИН Хишигдэбэрэлийн. Show all posts

Tuesday, 25 March 2014

”Б.Билэгтийн томилгоон дээр би алдсан байж магадгүй”

Хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хууль зүйн салбарт хийж буй шинэчлэл эхэндээ гайгүй дэмжлэг авсан. Гэвч хуулиуд эхнээсээ өөрчлөгдөж, хэрэгжиж эхэлмэгц салбарынхны зүгээс шүүмжлэл өрнүүлж эхэллээ. Та үүнийг тулгарах ёстой саад бэрхшээл гэж үздэг үү, эсвэл шинэ хууль эрх зүйн орчин цаг үе, үзэл бодолтой зөрчилдөөд байна уу?
-Хуулийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлэхдээ анх хэлж байсан минь үнэн байж дээ гэдгийг л одоо харж байна. Эрх зүйн салбарт хийж байгаа шинэчлэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа тохиолдол ганц манайд байгаа юм биш. Одоогоос 10-15 жилийн өмнө үүнийг хэрэгжүүлсэн Зүүн Европын болон бусад улс орон энэ замыг туулж өнгөрсөн. Онцлог нь энэ их эсэргүүцэл ердөө практик дээр ажиллаж буй хүмүүсээс гардаг юм. Тэр дундаа хуучны уламжлалт хуулийн байгууллагыг удирддаг, тэнд тодорхой албан тушаал хашдаг, эрх мэдэлтэй хүмүүс хамгийн их эсэргүүцэл гаргадаг. Энэ бол том сорилт. Үүнээс болж зарим шинэтгэл бүтэлгүйтэж, зарим нь удааширч байсан. Тиймээс бусад улс орон энэ сорилтыг давахын тулд боловсон хүчний шинэтгэлийг давхар хийгээд явдаг.
 

Хууль тогтоомжууд өөрчлөгдөж, шинэ соёл үйлдвэрлэгдээд эхлэхээр үүнийг эсэргүүцэх, ямар нэг аргаар унагах, эерэг талыг нь харахаасаа илүү сөрөг тал дээр нь тоглох оролдлого гардаг учраас боловсон хүчний шинэчлэлийг хамтад нь хийж, шинэтгэлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг нэн даруй солих зарчим барьдаг. Энэ шинэчлэлээ давхар хийж чадсан нь амжилт олж, чадаагүй нь шинэчлэлээс ухардаг зүй тогтол дэлхийн жишигт байна. Монгол Улс ч өнөөдөр ийм нөхцөл байдал руу орлоо. Хуулийн байгууллагын шинэтгэлийг бүхлээр нь харахад шүүхийн шинэтгэл харьцангуй гайгүй явж байна. Шүүгчид, хуульчид бол энэ салбар дотроо харьцангуй боловсролтой хэсэг учраас асуудлыг наанатай цаанатай нь хардаг. Тиймээс эсэргүүцэхээсээ илүү шинэчлэлийн энэ үйл явцад өөрсдийн үйл ажиллагаагаа яаж уялдуулж, хэрхэн хурдан өөрчлөгдөх вэ гэдгээ олж хараад байна. Харин хууль сахиулагчдын хувьд нөгөө л мөрдөж шалгадаг, тагнаж чагнадаг эрх мэдэлтэй хэсгээс тодорхой хүрээнд эсэргүүцэл илэрч байна. Нийтээрээ биш шүү. Яг анхан шатны нэгж, бие бүрэлдэхүүн бол шинэтгэлийг эсэргүүцэх гэхээс илүү энэ өөрчлөлт ажилд нь ахиц авчрах учраас хурдан хийгээсэй гэж хүлээж байна.

-Энэ салбарт, тэр дундаа цагдаагийн байгууллагад хийж буй өөрчлөлт олныг нэлээд төөрөгдүүлж байна. Цагдаагийнхнаас өөрсдөөс нь гараад байгаа эсэргүүцэл, шүүмжлэл ч үүнд нөлөөлж байгаа байх?
- Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн талаар би хангалттай тайлбарласан. Үүний эсрэг сүүлийн гурван сарын турш салбарын шинэтгэлийн үйл явцыг саармагжуулж, болоод явж байгаа процессийг болохгүй бүтэхгүй гэж харагдуулах зорилготой мессеж явлаа. Үүнийг хэн, хаанаас хийж байгааг ч би сайн мэдэж байна. Ер нь хуулийн байгууллагад шинэтгэл хийнэ гэдэг угаасаа хэцүү гэдгийг бид сайн ойлгох ёстой. Яагаад гэвэл хүнийг тагнаж, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр албан тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, бизнес эрхлэгчдийг барьцаалж, үүгээрээ дамжуулж өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна. Социализмын үеийн хууль, хүчний нэртэй байгууллагын энэ арга барил одоо ч хэвээрээ.

-Тахарын албаны бүтцийг хэт их данхайсан, ямар чиг үүрэгтэй нь тодорхойгүй. Угаасаа цагдаа хийгээд болоод байсан ажлыг яагаад бүхэл бүтэн алба байгуулаад тусад нь гаргачихав гэсэн шүүмжлэл бас нэг хэсэг явсан?
- Огт чиг үүрэггүй байгууллага гэж байхгүй. Хуульд чиг үүргийг нь тодорхой заасан байгаа. Энэ бол шүүх, шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангана. Манайх өмнө нь шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах бодлогоо огт хэрэгжүүлж байгаагүй. Харьцангуй тайван улс, иргэд нь ч тайван. Өнгөрсөн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоо, цагдаагийн дарга нарын хэргийг шүүхээр хэлэлцэх үед л шүүгч рүү халдсан цөөхөн тохиолдол гарсан. Өдий хүртэл бид тэтгэвэрт гарсан хэдэн хүнийг жижүүрээр цалинжуулж, тэдэнд шүүгчийн аюулгүй байдал, шүүхийн байшинг даатгаад, шүүх хуралдааны дотоод дэгийг цагдаагийн байгууллад хариуцуулж ирсэн. Хэв журам сахиулж, гудамжинд эргүүл хийх ёстой цагдаа нар өөрсдийн чиг үүргээс гадуур шүүх, шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалах ажил хийж байсан. Энэ хэдэн цагдаа л буруутгагдсан иргэнийг шүүх хуралдаанд ирүүлнэ. Хуягласан тусгай машинаар хорих байрнаас ялтнуудыг зөөнө. Нэг үгээр хэлбэл, цагдаагийн байгууллага зардлаасаа хумсалж байгаад энэ ажлыг хийж ирсэн. Нөгөө талаар төрийн огт хийж байгаагүй нэг ажил бол гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал. Өнгөрсөн хугацаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг ТББ л энэ асуудалд анхаарал хандуулдаг байлаа шүү дээ. Энэ ажлыг Тахарын албанд хариуцуулсан. Мөн шүүгч, шүүгдэгч, гэрч, хохирогчийг заналхийлэх, нотлох баримтыг устгахаас хамгаалах зэрэг шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг давхар хариуцна.
 

-Цагдаагийн байгууллагад боловсон хүчин угаасаа дутагдалтай байгаа. Гэтэл шинээр байгуулсан Тахарын албаны хүний нөөцийг хаанаас бүрдүүлж байгаа юм бэ?
- УИХ-аас төрийн албан хаагчдын орон тоог нэмэхгүй гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс бид шинэ бүтцээ ажиллуулахын тулд шинээр хүн авч чадахгүй болоод байгаа. Ийм тохиолдолд ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг харьяа агентлагууддаа давхардсан ажлын байр, орон тоо байна уу гэдгийг судалсан. Ингээд чуулга, спорт хороо гээд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцдоггүй тамирчин, дуучин, гудамжинд эргүүл хийдэг цагдаа нараас илүү дүрэмт хувцас, орон байрны хангамж эдэлдэг хэсгийн орон тоог цомхотгосон. Тэндээс хэмнэсэн зардал, орон тоог шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэж байна. Нөгөө талаар Цагдаагийн байгууллагын захиргааны түвшинд данхайсан бүтэц байсан. Үүнийг задалсан. ЭЦГ, ХБГ, УМБГ зэрэг чиг үүрэг нь ижил хэрнээ тусдаа захиргаатай бүтцүүдийг нийлүүлж, суларч байгаа орон тоог шилжүүлсэн. Дотоодын цэргийг ч үүнд хамруулсан байгаа. Мөн Цагдаагийн байгууллагад хууль сахиулагчидтай адил цол хэрэглэж, ижил цалин авдаг захиргааны албан хаагчдыг энгийн орон тоон дээр шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад нягтлан хийх, яаманд, эсвэл өөр нэг хуулийн этгээдэд нягтлан хийх огт ялгаагүй шүү дээ. Тийм байж энэ хүмүүс яагаад цагдаагийн цол зүүгээд, хангамж эдлээд явах ёстой гэж. Ингэж зардлаа бууруулж байж шинэ бүтцээ ажиллуулж байна.
 

-ЭЦГ, УМБГ хоёр нэгдэж ЗБГХТГ болсон. Энэ хоёрыг нийлүүлснээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүч суларна гэсэн эсэргүүцэл ч юм уу, болгоомжлолыг цагдаагийнхан өөрсдөө яриад байна л даа?
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд огт оролцдоггүй нэг субъект бий. Энэ бол ЭЦГ. Угаасаа хуулиар тогтоосон ийм бүтэц ч байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцогчид эрүүдэн шүүх ажилллагаа явуулсан бол хариуцлага хүлээдэг бол ЭЦГ энэ хариуцлагаас гадна байж ирсэн. Бид хуулийн засаглалтай улс орон болно, асуудлыг хуулиар шийдэж, хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол энэ бүхэн чинь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой шүү гэдэг тогтолцоо руу явж байгаа л бол үүнд хамаарагчид бүгд эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны оролцогч болгох ёстой. Энэ өөрчлөлт иргэдэд л ашигтай. Хэн дуртай нь хуулийн нэр барьж, хүч хэрэглэж иргэнд халддаггүй болно гэсэн үг. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд хүссэн ч, хүсээгүй ч тодорхой хэмжээний зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ. Харамсалтай нь өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн хяналтад орохгүй байвал ашигтай, аль нэг байгууллагын дарга байх сонирхолтой хэсэг бүлэг цагдаад ч байна. Тэдний дургүйцэл ил гарсан. Үүнийг нь энэ шинэтгэлийг муучлах сэжүүр гэж өлгөж авч байгаа нэг, хоёр улстөрч ч байгаа.

-ЦЕГ-ын даргын байр суурь заримдаа сайдаасаа даваад байгаа юм шиг ойлгогддог. Анх энэ ажилд томилогдохдоо ямар байр суурьтай байсан юм бэ?
- Энэ хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш, улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна. Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн газраар оруулж шийднэ. Гэхдээ асуудлыг яаж оруулах, энэ хүнийг дахин томилох, эсэхээ би шийдээгүй байна.

-ЦЕГ-ын даргыг сайдаасаа илүү эрх мэдэлтэй агентлагийн дарга болжээ гэж харах хүн олшроод байгаа. Та үүнийг анзаардаг уу?
- ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа.
 

-Хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн хүрээнд хүлээлт үүсгэж байгаа нэг хууль бол Мөрдөх албаны тухай хууль. Мөрдөх албыг тусад нь гаргаж, Хууль зүйн яамны харьяа агентлаг болгож байгаа нь салбарын сайд эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байна гэсэн хардлагыг төрүүлж байна л даа? 
- ЦЕГ бол Хууль зүйн яамны харьяа агентлаг. Мөрдөх алба байгуулагдвал мөн л энэ яамны эрхлэх асуудлын хүрээнд багтана. Тийм учраас энэ албыг Хууль зүйн яам, эсвэл сайд нь авах гэж байна гэж хардах нь угаасаа утгагүй. Хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Хууль зүйн сайд хэрэгжүүлдэг. Ц.Нямдоржийн үед ч ийм байсан, одоо ч ийм байна. Бүх асуудал Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар, агентлагийн даргыг Засгийн газар томилдог тэр жишгээрээ явна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллага Засгийн газар, Монгол Улсаас тасарсан, улс доторх улс болчихсон байсан. Ямар ч хариуцлага хүлээхгүй, бодлогын уялдаагүй, ард түмний сонголт, хүсэл эрмэлзэл энэ байгууллагад огт хамаагүй явж ирсэн. Гэтэл ард түмэн маш олон өөрчлөлтийг хүсэж байна. Цагдаагийн байгууллага Засгийн газрын нэг агентлаг юм бол агентлагийн хэмжээнд ажиллах ёстой. Хуулиа сахиулаад, бодлогоо хэрэгжүүлээд, УИХ-аас батлагдсан хуулийн дагуу иргэдийн аюулгүй байдлын төлөө үйлчилдэг үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөх ёстой. УИХ-аас хууль тогтоомж гарсан бол түүнийг Засгийн газрын харьяаны бүх байгууллага хэрэгжүүлж, гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас гүйцэтгэх эрх мэдэл гэж тодорхойлдог. Монгол нэгдмэл улс. Аль нэг аймагтаа холбооны улсын статус олгодоггүй хэрнээ аль нэг агентлагтаа бие даасан статус олгож болохгүй биз дээ.

-Оны дараахан УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын бөөрөнд аваачсан. Энэ хоёр байгууллагыг нэгтгэх асуудал хуулийн салбарын томчуудын дунд асуудал үүсгээд авсан. Энэ өөрчлөлт гэнэтийн асуудал уу, эсвэл салбарын шинэтгэлд туссан өөрчлөлт үү?
- УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төслийг Засгийн газраас биш, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан. Төлөвлөгөөтэй явагдаж байсан цогц шинэтгэлийн хажуугаар хөндлөнгөөс гэнэтийн юм ороод ирэхээр бодлогын алдаа гарсан нь үнэн. Үүний учрыг хууль өргөн барьсан гишүүдээс асуувал зүгээр байх. Харин саяхан хуулийн байгууллагын удирдлагууд болон Засгийн газрын гишүүд хамтарч Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ уулзалтын үеэр Хууль зүйн яам, Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан хуулийн хажуугаар сайн дурын тоглолт хийж дэг эвдэхгүй. Цаашдаа нэг бодлогоор явна гэсэн шийдэлд хүрсэн.
 

-Та энэ асуудлаас болж Ерөнхий прокурортой хүртэл муудалцаад авсан биз дээ?
- Ерөнхий прокурор өөрийн эрхлэх асуудлын хүрээний Мөрдөн байцаах газрыг АТГ-т шилжүүлэх хуулийн төслийг Засгийн газар санаачилсан гэж ойлгосон шиг байсан. Бид хоёр тус тусдаа ажлаа явуулж, тэр бүр уулзалдаж амждаггүй. Завгүй ажиллаж байгаа үед тодорхой хүмүүс цагдаа болон прокурорын байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээлэл өгч, хүмүүсийн дунд муур гүйлгэнэ гэдэг шиг юм болсон. Хувийн бодлоо гүйцэлдүүлэхийн тулд худлаа хэлж, бидний дунд ойлголтын зөрүү гаргажээ гэдгийг бид хоёр уулзаад ний нуугүй ярьсан. Одоо бол ойлголцсон. Шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагчдын үйлдсэн авлига, албан тушаалын хэргийг АТГ мөрдөх нь зөв. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх тусдаа бие даасан байгууллага байгаа хэрнээ шүүх, прокурор, цагдаагийн авлигын хэргийг Прокурорын мөрдөнд шалгагдах нь зохимжгүй гээд УИХ хуулиа баталсан. УИХ-ын баталсан хуулийн буруу, зөвийг өнөөдөр яриад яахав. Эдгээр байгууллагын албан хаагчдын үйлдсэн ахуйн шинжтэй гэмт хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэхдээ нэг зүйл тодорхойгүй үлдсэн нь харьяаллыг нь зааж өгөөгүй. Тиймээс ийм хэргийг цагдаагийн байгууллага, тэр дундаа нутаг дэвсгэрийнх нь байгууллага мөрдөх нь зохимжгүй гэж үзээд ЗБГХТГ-т шинэ бүтэц бий болгож хариуцуулсан.
 

-Хууль сахиулах байгууллагад өрнөж байгаа өөрчлөлтөөс харахад АТГ асар том эрх мэдэлтэй болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, түүн дээр шүүх, цагдаа, прокурор зэрэг хуулийнхны өдүүлсэн хэргийг шалгана. Ганц газарт энэ том эрхийг тэр чигээр нь өгч болж байгаа юу?
- Энэ бол УИХ-ын шийдвэр. Ер нь бид энэ сэтгэлгээнээс салах ёстой л доо. Өнөөдөр Цагдаагийн байгууллагад гарч байгаа маргаан, хэрүүл ч энэ сэтгэлгээнээс үүдэлтэй. Шууд хэлэхэд АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ч юм уу, эрх мэдлийг хэнд өгөх нь сонин биш. Харин тэр эрхийг яаж хэрэгжүүлэх нь сонин. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг процесжуулах ёстой. ЭБШХ-ийг яагаад Хууль сахиулах үйл ажиллагааны болон Гэмт хэргийг хянан хянан шийдвэрлэх тухай хууль гэж хоёр хуваасны учир ч энэ. Ингэж эрх мэдлийг хэн нэгэнд, албан тушаалтанд өгөх биш харин процессжуулах юм. Өнөөдөр АТГ авлига, албан тушаалын гэмт хэргийг бүгдийг шалгахаар болж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авна. Энэ бол процесс. АТГ, шүүх хоёрын үйл ажиллагааг прокурор хянана. Ингэхээр тэр байгууллагад очиж байгаа эрх мэдэл хэн нэгний дур зоргоор аашлах эрх мэдэл биш болоод явчихна. Гэтэл хүмүүс өнөөдөр хэн нэгнээс татаж авч байгаа эрх мэдлийг Хууль зүйн яам, АТГ авлаа гэж хардаад байх юм. Энэ эрх мэдэл АТГ-д эсвэл Хууль зүйн яаманд очихгүй. Энэ бүхэн процесс болж өөрчлөгдөж байгаа. Жишээ нь хэн нэгэн хүнийг баривчилж саатуулахдаа энэ эрх мэдлийг бид шүүхэд өгч, шүүхийн процесс болгож байгаа юм. Дараа нь шүүгч дээр прокурор, өмгөөлөгч хоёр ирж уулзаад тухайн иргэнийг баривчлах болсон нь хуульд нийцэж байгаа, эсэх асуудлаар жижиг хэмжээний шүүх хурал хийж, баривлах асуудал нь үндэслэлтэй бол шүүх шийдвэр гаргана. Өнөөдөр ийм л шинэтгэл явагдаж байгаа.
 

-АТГ-ын даргыг УИХ-аас томилдог. Энэ байгууллага байгуулагдсанаасаа хойш ажлаа нэг ч удаа тайлагнаагүй, хэн ямар чиглэл өгч, яаж ажиллаад, хэн ажлыг нь хянаад байгаа нь тодорхойгүй. Үүнээс болоод АТГ-ыг парламентад олонх болсон улс төрийн хүчин, эсвэл Ерөнхийлөгч удирдаж байна гэсэн хардлага яваад байх юм?
- АТГ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд бол прокурорт хянагдах ёстой. Соён гэгээрүүлэх болон хуулиар хүлээсэн ерөнхий үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах ажил нь УИХ-д бий. Тиймээс Хууль зүйн байнгын хороонд харьяалагдана. Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаараа УИХ-ын Тусгай хяналтын хороонд хянагдах ёстой. Хянах байгууллага, хянах чиг үүрэг нь тодорхой байгаа биз дээ. Харин урд өмнө энэ байгууллагыг хэн хэрхэн хянаж, үр ашигтай ажиллуулж байсан бэ гэдэг бол өөр асуудал. ЭБШХ болон Гүйцэтгэх ажлын тухай хоёр тусдаа хуулиар үйл ажиллагаа явуулж, Гүйцэтгэх ажлын хуулийн хүрээнд хүний эрхэнд халдаж, хяналтгүйгээр эрх мэдлээ хэрэгжүүлж, бусдыг тагнаж, чагнаж байсныхаа төлөө АТГ-ын өмнөх дарга нар хариуцлага хүлээсэн. Энэ бол хуулиа нарийвчилж, журамлаж өгөөгүйн зовлон. Тийм учраас бид хуулийн салбарын шинэтгэлийн хүрээнд батлагдах хуулиуудаа УИХ-аар аль болох хурдан батлуулах юмсан л гэж бодож байгаа. Цаашдаа цаг минут өнгөрөх тусам аль нэгэн салбар, яам, агентлагт хэн нэгэн даргын хүний эрх зөрчсөн заавар журам батлагдах явдал газар аваад байх нь.
 

-АТГ байгуулагдсан үеэс хойш парламент болон УИХ-ын Байнгын хороонд ажлаа тайлагнасан түүхийг санаж байна уу, Та?
- Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор нэг удаа УИХ дээр сонсгол хийж байсан. Түүнээс хойш хяналтын систем ажиллаагүй байх. Авлигын тухай хуулиар жил бүрийн дөрөвдүгээр сард УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд тайлангаа өгдөг.
 

-Хууль сахиулагчид хууль зөрчих явдал тасрахгүй байна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Их Даширын хөндийд алт олборлож буй гаднын хөрөнгө оруулалттай компанид осол гарч хүний амь нас эрсэдсэн. Орон нутгийн мөрдөн байцаагч, прокурор хэргийг бодитоор шалгахаас зайлсхийсэн баримт байна. Ийм байж болох уу?
- Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, хууль сахиулагчид бүгд хуулийн өмнө өөр өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэн нэгэн хууль зөрчиж, хуулиас гадуур хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэсэн ойлголт байх ёсгүй. Хууль зөрчсөн бол харицулага хүлээлгэнэ. Цагдаагийн байгууллагын шинэ бүтэц ажиллаж, Гэмт хэргийн тухай шинэ хууль үйлчлээд ирэхээр хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагын систем ажиллаад ирнэ. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага бол нэлээд сайжирна.
 

-Таныг сайд болсноос хойш Н.Энхбаярын, МИАТ-ын захирлуудын, Татварын Гансүхийн зэрэг дуулиантай хэргүүд шалгагдсан. Энэ хэргүүд анх олны анхааралд өртсөн шигээ шийдэгдээгүй. Мэдээж таны үед илэрч, шалгагдсан, шийдэгдсэн хэргүүд гэдэг утгаараа хожим танд л хаяглагдаж үлдэнэ. Иргэдийн зүгээс бол цагдаа, шүүх шударга бус байна л гэдэг шүү дээ?
- Зарим юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хууль зүйн сайдын эрхлэх асуудалд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг багтдаг. Цагдаагийн байгууллага тодорхой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажлаа хийгээд дууссан. Тиймээс шүүхийн шийдвэрийг Хууль зүйн сайдад хамааруулж ойлгож болохгүй л дээ. Бие даасан хараат бус байх ёстой шүүх ямар шийдвэр гаргах нь надад хамаагүй. Үүнд нөлөөлөх гэж оролдвол Хууль зүйн сайд шүүхэд нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн болно. Нөгөө талаар өнөөдөр бид Эрүүгийн хуулийг өөрчилж чадаагүй яваа. Удахгүй УИХ-аар батлагдах Гэмт хэргийн тухай шинэ хуульд сая нэр дурдагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй холбоотой ялын бодлогод өөрчлөлт оруулна.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар гэж нэг “сугардаггүй” хүн байна. Прокурор түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хоёр ч удаа тавиад Цэц хүлээж аваагүй. Дээр нь УИХ-ын гишүүд гэж халдашгүй байдлаар хаацайлагдсан баахан хүмүүс. Энэ халдашгүй байдал гэдэг зүйлийг хуульд арай өөрөөр авч үзэж болдоггүй юм уу?
- УИХ, Үндсэн хуулийн гишүүний халдашгүй дархан байдлын тухай Үндсэн хуулийн заалтыг яах вэ. Үүнийг би байтугай УИХ дахь олонх ч өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийг УИХ-ын гишүүдийн 3/4 нь санал нэгтэй өөрчлөх учиртай. Гэхдээ салбарын шинэтгэлийн хүрээнд Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг боловсронгуй болгох чиглэл багтсан. Энэ хавар УИХ-д хуулийн төсөл өргөн барина.
 

-Таныг хорих ангид хэтэрхий их анхаарал хандууллаа. Цэцэрлэг, сургууль барих мөнгөөр хорих анги бариад эхэллээ гэх шүүмжлэл их байгаа. Өмнөх Хууль зүйн сайд нар ч бас л шорон барилаа гэж шүүмжлүүлдэг байсан. Монголд тийм олон шорон хэрэгтэй юү? 
- Монгол Улс хорих байгууллагатай холбоотой бодлогодоо шинэчлэл хийгээгүй явж ирсэн. Өнөөдөр хөдөө орон нутгаар тархсан 25 хорих анги байна. Хамгийн олон нь 500-600, бага нь 50-100 хоригдолтой. Энэ хорих ангиудын урсгал зардал, хамгаалалтын зардал гэж овоо юм гардаг. Дээр нь хорихын ажилтнууд торны гадна, дотор л байгаа болохоос хоригдлуудтайгаа яг ижил орчинд ажиллаж байна. Тийм учраас улсын хэмжээнд төвлөрсөн гурав, дөрөвхөн хорихтой болох нь зөв. Мэдээж хөнгөн хэрэгтэй хүмүүсийг хорьдог нээлттэй гэгддэг хорих ангиуд бол орон нутагт цөөн тоогоор байж болно. Төвлөрсөн хориход хамгийн болдоггүй хүнээ хийж таарна. Эхний ээлжийн 1500 хүний багтаамжтай хорихыг Улаанбаатар хотод зүүн бүсэд барих шийд гарсан. Бид 25 хорих ажиллуулж, харуул хамгаалалт тавих гэж үйлээ үзэж байхаар ангиа нэгтгээд хамгаалалт, нягтлан, дарга цэргийн орон тоогоо цөөлөөд зардлаа хэмнэчихье.
 

Оюутны дотуур байр шиг байшинд хоригдлоо хорьж байхаар 1500 хүн нэг нэгэнтэйгээ уулзахгүй ердөө өөрсдийн блок дотор тусгаарлагддаг 50-60 хүний багтаамжтай блокоор хорьдог орчин үеийн хорих байгуулъя. Блок дотор нь гутал эсвэл оёдол, ахуйн цех байгуулаад, хоригдлуудаа тэжээх биш тэднээр хохирлыг нь төлүүлдэг систем рүү шилжинэ гэж зорьсон. Одоо ажиллаж байгаа 25 хорихтой харьцуулахад зөвхөн урсгал зардлаас нь жилдээ 4,5 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа шүү дээ. Магадгүй зургаан жилийн дараа Монгол Улс төсөвтөө хорихын урсгал зардалд мөнгө суулгахгүй болно. Би үүнд итгэлтэй байна. Ингээд шийдчихвэл хоригдол суллагдаад гарахдаа ажлын байртай, бүр байг гэхэд хийж чаддаг юмтай болно. Нөгөө талаар хорих байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын ахуй амьдралыг бодмоор байна. Тэд чинь үр хүүхэдтэй хүмүүс. Хүүхдүүд нь суралцах боломж, соёлын үйлчилгээгээр хангагдах ёстой.

-Эрх зүйн салбарын шинэчлэлийн үр дүнг нийгэм, иргэд хэзээ амсах бол. Санаачлагчид тодорхой цаг хугацаа, таамаг байгаа биз дээ? 
- Мэдээж хуулийн шинэтгэл бол өргөс авсан шиг тийм хурдан хийгддэг юм биш. Шинэчлэл өөрчлөлтийн эерэг талыг олж харах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс олоод харчихна аа. Би 5-6 жилийн дараа эхний үзүүлэлт харагдана гэж бодож байгаа. Салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдах 42 хуулийн арав гаруйг нь энэ онд батлуулж амжих байх. 2016 он гэхэд төлөвлөж байгаа ажлын 70 хувийг хийсэн байх юмсан гэж бодож байна. Эсэргүүцэл хэр их ирэхээс шалтгаална. Ойлголцоод, дэмжлэг аваад байвал 2016 он гэхэд хийх ёстой ажлаа 90 хувьтай хийчихсэн байж ч магадгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үед эхний өөрчлөлт харагдана. Магадгүй тэр Засгийн газар энэ өөрчлөлтийн гавьяаг наагаад сууж байж мэдэх юм.

Эх сурвалж: www.mongolnews.mn


Friday, 20 September 2013

Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаархи Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан



УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?
-Хуульд өөрчлөлт орж байгаа нь шилжилтийн үеийн зохицуулалтууд хийгдэж байна гэсэн үг. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болоод татвар төлөгчид хохирч болохгүй. Тухайлбал, уул уурхайн компаниудад нөхөн төлбөр төлөх гэж татвар төлөгчид мөнгө өгөөгүй шүү дээ. Эмнэлэг, сургууль барихын тулд бид татвараа төлж байгаа. Гэтэл уул уурхайн компаниудын явж байсан бизнесийг нь төр зогсоогоод түүнийхээ төлөө улс өөрөө мөнгө өгөхөөр хохирч байна.

Уул уурхайн компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад бизнес хийгээд явж байтал гэнэт хууль өөрчлөгдөөд хориглочихоор тэр хүн буцаагаад оруулсан мөнгөө авахыг хүснэ шүү дээ. Тэр хөрөнгийг хэн гаргах юм бэ гээд маш олон асуудал хөндөгддөг. Иргэдэд эргээд үйлчилгээ үзүүлэх ёстой татварын мөнгө маань уул уурхайн компаниудад очдог байж болохгүй юм. Тиймээс бид энэ дээр бодох ёстой. Монгол Улсын эдийн засаг гацчихлаа. Энэ бүхэнтэй холбоотойгоор өөрчлөх зүйлүүд орж байна. Энэ хууль нэг талаасаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ гол мөрөн, байгаль орчинд ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй байх, эрсдэл учруулахгүй гэдэг шаардлага тавих нь зүйн хэрэг.

-Энэ хуульд өөрчлөлт орохоор хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Төрийн ордны тусгай хамгаалалтын бүсэд иргэний хөдөлгөөнийхөн буутай орж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг олныг цочирдуулахад хүргэсэн. Тэдэнд ямар хариуцлага тооцох ёстой байдаг бэ?
-Террорист үйл ажиллагаа, олон улсын терроризмоос гадна орон нутгийн терроризм гэдэг ойлголт байдаг. Үзэл байдлын зөрүүтэй байдлаа ардчиллын замаар олонхи цөөнхөөрөө шийдвэрлэх болохоос биш зэвсэг болон хүч хэрэглэх замаар шийдэхгүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн ардчилсан системээс гадуурхи үйл ажиллагаа болоод явчихаж байгаа юм. Тийм учраас иймэрхүү үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцогддог. “Зандалчлах” гээд зүйл ангитай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зөв бурууг маргаж мэтгэж, эсвэл сонгох ардчилсан арга замаар шийдвэрлэх бүх арга хэлбэрүүд байхад өөрийнхөөрөө буу бариад хүний амь насанд халдах аюултай зүйл хийж болохгүй.

-Байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл нь зөв байсан ч, эсэргүүцлээ илэрхийлэх арга нь буруу байв уу?
-Ардчилсан улсад олон ургальч үзэл байх учраас Засгийн газраас явуулж буй бодлого бүх хүнд таалагдана гэж байхгүй шүү дээ. Хуульд өөрчлөлт хэрэгтэй юу, ямар хугацаанд хэрэгжих ёстой вэ гээд хүн бүр өөр өөрийнхөөрөө харна. Тийм учраас үнэхээр ялгаатай байр сууриуд байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зүйл байгаа байх. Түүнийг үгүйсгэж болохгүй. Хүн болгонд л хувийн үзэл бодол байх ёстой. Хамгийн гол нь үзэл бодлоо тайван жагсаал цуглаан, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийх, сонгуулийн арга замаар шийдэж болно. Бусдад эрүүл мэнд, амь нас болон бусад арга замаар хохирол учруулдаггүй байдлаар шийддэг болох ёстой. 

-Саяхан Хуульчдын холбоо шинээр байгуулагдлаа. Энэ холбоо байгуулагдсанаараа хуулийнхан шинэ зохион байгуулалтад орж ажиллахаар болж байх шиг байна?
-Хоёр жилийн өмнө холбогдох хууль батлагдсанаар “Хуульчдын холбоо” байгуулагдах ажил эхэлсэн. Ажил нь одоо хэрэгжиж байна. Ерөнхийлөгчөөс барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ хуулийн гол таван концепци байгаа. Нэгдүгээрт мэргэжлийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх явдал. Олон нийт хуульчдыг өөрсдөө шударга бус байна гэж байнга шүүмжилж байгаа. Авлига албан тушаал, сонирхлын зөрчил гэх мэт асуудалд холбогдоод байна. Нийгмийн шударга ёсны асуудлыг шийдэж байх ёстой мэргэжилтнүүд нь өөрсдөө хууль зөрчөөд байхаар нийгэмд хэн шударга ёс тогтоох юм бэ гэдэг байдлаар олон нийт шүүмжилж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуульчдын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг энэ хуулиар шийдэж байна. Хуульчдыг лицензтэй болгож байгаа юм. Лиценз гэдэг нь дан ганц “Та мэргэжлийн үйл ажиллагаа явуулж болно” гэсэн  зөвшөөрөл биш. Энэ бол хариуцлагын тогтолцоо. Та ийм алдаа гаргавал лицензийг чинь хураана, лицензээ хураалгавал насан туршдаа хуульчаар дахиж ажиллах боломжгүй болно гэсэн ойлголт юм. Дэлхийн ардчилал хөгжсөн, хууль дээдлэх зарчим бэхжсэн орнуудад лиценз гэдэг зүйлээр хариуцлагатай болгодог мэргэжлүүд байдаг. Тиймээс лиценз олгох тогтолцоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болж байгаа юм. Хуучин лиценз гэж байгаагүй. Гэрчилгээ гэж байсан. Тэр нь өнөөдрийнх шиг хариуцлагын тухай асуудлыг хянаагүй. Энэ зөвшөөрлийг Хуульзүйн яам өгдөг байсан бол одоо Хуульчдын холбооноос өгнө. Анх удаа хуулиар төрийн тодорхой чиг үүргийг иргэний нийгэм, тэр дундаа мэргэжлийн холбоо руу шилжүүлж өгч байгаа юм. Хуульчдын холбоо байгуулагдаж байгаа нь төрөөс эрх мэдлээ шилжүүлж авах гэж байгаа анхны мэргэжлийн холбоо юм. Төр энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ авлига аваад байна, шударга биш байна гэж байгаа бол энэ эрхийг шилжүүлж авч байгаа мэргэжлийн холбоо илүү хариуцлагатай, шударга, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Тэр мэргэжлийн холбоо ямар байх вэ гэдэг дээр хуульчдын их хурал хуралдаж, холбооны дүрмээ баталж зохицуулалтуудаа хийж байна. Мэргэжлийн хариуцлагын дүрэм нь лиценз олгогдож, ёс зүйн ямар алдаа гарсан тохиолдолд лицензээ хураалгах вэ гэдэг хяналтыг зохицуулах дүрэм юм.

-Хуульчдын холбоо хуульчийн мэргэжил эзэмшихээс эхлээд бүх асуудалд нь анхаарал хандуулна гэж ойлгогдож байгаа. Хуулийн мэргэжилтэн бэлтгэхэд эхнээсээ зохицуулалттай болох юм байна?
-Хуульч бэлтгэхэд зохицуулалттай болж байна. Асуудлыг шийдэх гарц бий болж байна гэж харах ёстой. Өмнө нь их дээд сургуулиудыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас магадлан итгэмжилдэг байснаас мэргэжлийн холбоодод тийм эрх байгаагүй. Үнэндээ хуулийн сургуулиуд гээд харахад хуульч бэлтгэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг  нь мэдэгддэггүй. Номын санд нь мэргэжлийн ном хүрэлцээтэй байна уу гээд эргэлзмээр зүйл их бий. Түүнээс болоод хуульч нар нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр боловсрол олгож буй тогтолцоог зөвхөн Боловсролын яам харах биш мэргэжлийн өнцгөөс харах ёстой юм байна. Жишээ нь, эрүүл мэндийн сургуулийг Боловсролын яам магадлан итгэмжилж чадахгүй шүү дээ. Түүнийг Эмч нарын холбоо оролцож байж энэ сургууль эмч бэлтгэж чадаж байна уу гэдгийг нь хэлнэ. Тэгэхээр үүнтэй адил хуульчийн холбоо бол хуулийн сургуулиудыг магадлан итгэмжилнэ. Энэ сургууль үнэхээр хууль бэлтгэдэг боловсролын байгууллага мөн үү гэдгийг тодорхойлно. Тэгэхгүй бол хуулийн сургууль гэдэг нэрийн дор мөнгө олох зорилготой эх захгүй олон сургууль нээгдээд оюутныг хүртэл хохироож байна. Сургууль нь хуулийн мэргэжлээ өндөр төвшинд эзэмшүүлж чадахгүй мөртлөө хуулийн сургууль нэрийн дор хэдэн хүн баяжаад сууж болохгүй. Төгсөөд гарсан мэргэжилтэн нь хүний амь нас, хувь заяатай холбоотой асуудлыг шийддэг. Тийм учраас мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо өөрөө өндөр төвшинд байх ёстой. Бэлтгэж байгаа мэргэжилтэн нь нийгмийн шаардлага хангадаг байх нь чухал. Тийм учраас хуулийн сургуулиудыг магадлан итгэмжлэх тогтолцоо бүрдэж байна гэсэн үг юм.

-Хуулийн мэргэжлээр сурах оюутны тоог тогтоох асуудалд Хуульчдын холбоо анхаарах уу?
-Тоо нь цөөрнө. Гэхдээ хэчнээн оюутан хуулийн мэргэжлээр элсүүлнэ гэсэн асуудлыг хариуцахгүй. БШУЯ мэдэх ёстой. Харин суралцагчдад олгож буй сургалтын чанар ямар байна гэдэгт анхаарна.

-Хууль, шүүхийн байгууллага авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй тэмцэх ажил идэвхтэй явагдаж байна гэж харагдаж байна. Гэхдээ хуулийн байгууллага МАН-ын гишүүдийг л шалгаад байгаа юм шиг. АН өөрсдийнхөө хүмүүсийг шалгахгүй байна гэдэг шүүмжлэл эртнээс бий болсон. Та энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?
-Та нар тэгж харахыг хүсч байж магадгүй. Авлигын хэрэг бол албан тушаал дагаж гардаг болохоос биш нам дагаж гардаг зүйл биш. Тэгэхээр ямар хүмүүс албан тушаал дээр байсан бэ гэдгээс үүдэж авлигын хэрэг бий болдог. Өнгөрсөн жилүүдэд албан тушаал дээр ямар хүмүүс байсан юм. Магадлалын онолоор хар л даа.

-АН-ынхан ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалд байсан шүү дээ?
-Би өөрөө цөөнхийн бүлэгт байхдаа Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах хуулийг санаачлан батлуулж байсан. Хууль нь байсаар байгаад, факт байгаа бол аль нам байсан ч гаргаад өгөөч дээ. Хуулийн байгууллага шалгаад явна. Түүнээс Х.Тэмүүжин Хуульзүйн сайд учраас тэр хүнийг шалга гэж үүрэг өгдөг хүн биш. Шалгагдаж байгаа хэрэгт хэн нэгэн нөлөөлөх гэж байгаа бол түүнээс хамгаалдаг үүрэгтэй. Хуулийн байгууллага ажлаа хийхэд улс төрийн хамгаалалтыг нь тавьж байх ёстой. Үнэхээр аль нам байх нь хамаагүй, авлига авсан байвал ухаад гаргах хэрэгтэй. МАН-ын хүмүүсийг шалгаж байна гэж шүүмжилж байна. Тухайлбал “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн захирал А.Шоовдор чинь Ардчилсан намын хүн гээ биз дээ. Нам ямар хамаа байна. Үнэхээр албан тушаалаа ашиглаад төрийн өмчийг хулгайлаад хувьдаа завшсан бол хуулийн байгууллага шалгаад явдгаараа явна. Тэгэхээр авлигатай тэмцэх ажил эхлэлийн шатанд явж байгаа юм. Томоохон хэргүүдийг дөнгөж л барьж эхэлж байна. Би нэг юмыг гайхаад байна. Заримдаа нам биш төрийн албан хаагч хэрэгт холбогдоход энэ танай нам гэдэг. Бид төрийн албан хаагчийг намгүй болгоод хэдэн жил болсон билээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой. Улстөрчид биш төрийн албан хаагч хэрэгт татагдаж байхад манай намын хүмүүс гээд байна гэдэг чинь хууль зөрчөөд намын албан тушаалтан төрийн ажил хийгээд байсан гэсэн үг шүү дээ. Тийм учраас сөрөг намын хүмүүсийг шалгаад байна гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр тэгж харж байгаа бол сөрөг хүчин сайн ажиллах хэрэгтэй. Сонирхлын зөрчил, авлигын хуулиудыг хэрэгжүүлэх, албан тушаалтнуудын асуудлыг тавьж хариуцлага тооцуулж байх ёстой. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээсээ илүүтэй парламентын хяналт тавих нэг том үүрэг юм.

-Гадаадын банкинд оффшор бүсэд нууц дансанд мөнгө байршуулсан хэргээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргын албан тушаалаас нь огцруулсан. Энэ хангалттай шийтгэл мөн үү. Эрүүгийн хэрэгт татах ёстой байсан юм биш үү. Та ямар бодолтой явдаг бэ?
-Сантай холбоотой мөнгөнийх нь эх үүсвэрээс л шалтгаална шүү дээ. Түүнийг нь тогтоогоод шалгаад явах ёстой л доо. Түүнээс биш дансаа мэдүү­лээгүйтэй холбоотой зөрчлүүд олон байгаа. Тэгээд хариуцлага тооцуулаад сануулаад явсан хүн бий.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг­тээ нууц дансаа тусгаагүй нь эрүүгийн гэмт хэрэг биш үү?
-Биш. Авлигын эсрэг хуульд бол сануулна, цалингийн хувиар торгоно, албан тушаалаас нь бууруулна, хална гэсэн ийм дөр­вөн хариуцлага тооцох арга бай­гаа. Тэр хариуцлагын хүрээнд ар­га хэмжээ авна.

Дансанд байгаа мөнгө нь өөрөө хууль ёсны мөнгө үү, үгүй юу гэдэг нь дараагийн
шалгах асуудал байх. Жишээ нь өмнөх парламентын үед хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эд хөрөнгө, орон сууцаа бичээгүй олон албан тушаалтан гарч ирж байсан. УИХ дээр өмнө нь сонсгол хийхэд харж байсан байх. Тэр хүмүүсийг бүгд цээжээрээ хамгаалаад гарсан шүү дээ. УИХ дээр дуудаж ирээд “Энэ хүмүүст арга хэмжээ ав” гэхэд хамгаалаад л зүгээр өнгөрсөн. Энэ жил намрын чуулганаар хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой сонсгол хийх байх. Тэр сонсголоор ямар хүмүүс хөрөнгө орлогоо яаж мэдүүлэв, ямар алдаа дутагдал гарав гэдгийг ярина. Хөрөнгө орло­го, ашиг сонирхлын мэдүүлгийг авснаар авлигын асуудлыг хянах “тороо” тавьж чадаж байна уу гээд олон асуудлыг хэлэлцэх байх.

-МИАТ-ийн хуучин захирлууд “Дайны эрсдлийн сан”-гаас их хэмжээний мөнгө завшсан хэр­гийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдээд байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ хэрэгт шүүгдэгчдийг хуу­лийн байгууллага хэлмэгдүүллээ гэсэн утгатай мэдэгдлийг хэв­лэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Ц.Оюунгэрэл сайд ямар учраас ийм мэдэгдэл хийх болов гэдэг анхаарал татаж байна. Засгийн газрын гишүүн тань авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгаалсан ийм мэдэгдэл хийсэнд ямар байр суурьтай байна бэ?
-Би уншаад гайхсан. “Улсын их хурлын гишүүний хувьд, манай тойрогт амьдардаг хүнийхээ асуу­далд анхаарал хандуулж бай­на” гэсэн байна билээ. Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэр­лэж байгаа асуудалд УИХ-ын гиш­үүн оролцох бүрэн эрх байхгүй. Тэ­гээд надад тийм нэг болгоомж­лол төрсөн. Мөнгөтэй хүнд хаанаас бол хаанаас ч өмгөөлөгч олддог гэ­дэг нэг үг байдаг юм. Засгийн газ­рын гишүүн хүн хүртэл мөнгө­тэй хүнийг өмгөөлөөд дуугараад бай­гаа юм биш биз гэсэн болгоомж­лол төрсөн.

-Ё.Отгонбаяр гишүүнийг хуу­лийн байгууллага шалгаж бай­гаа юу?
-Шалгаж байгаа.

-Өөрөө бол “Намайг хуу­лийн байгууллага дуудаагүй. Шал­гаагүй” гээд байгаа шүү дээ?
-Тэр хүн юу гэж тайлбарлах нь тухайн хүний асуудал шүү дээ. Хуулийн байгууллага хийх ажлаа хийж байгаа.

-Ё.Отгонбаяр гишүүнийг яг ямар хэргээр эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа юм бол?
-Энэ талаар хэвлэлээр их ярьсан шүү дээ. Энхтайваны гүүрэн дээр хэсэг нөхөд бизнес эрхэлдэг нэг хүнийг барьж авсан, машиныг нь барьцаалсан гээд. Тэр нь юунаас болсон гэхээр авлига нэхсэнтэй холбоотой. Авлига хэн нэхсэн гэхээр тендертэй холбоотой. Авлига нэхсэн эрх мэдэлтэн нь хэн бэ гэхээр хуучин яамны сайд байсан хүн гээд асуудал яригдаж байгаа. Энэ хэргийг шалгах явцад эхнэр нь 28 данстай нь тогтоогдсон. Дансуудад нь төгрөг болон гадаад валют байсан тухай нотлогдсон.

-ШШГЕГ-ын даргаар ажил­лаж байсан М.Ганхүүгийн гэр бүлийн хүн таныг занал­хийл­сэн захидал бичсэн. Үүн­тэй хол­боотойгоор хуулийн бай­гуул­ла­га энэ асуудлыг шалгасан. Яаж шийдэгдсэн бэ?
-Надаас уучлалт гуйсан. Би ч хуулийн байгууллагад “Гомдол­гүй” гэдгээ хэлээд тэр хэрэг хэрэгсэх­гүй болсон. “Өвчин зовлонтой бай­сан. Тиймээс хоёр ч удаа захиа бич­сэн. Үүндээ уучлалт хүсч байна. Ми­ний буруу байсан” гээд уучлал хүссэн байсан.
Т.АМАРТҮВШИН
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Tuesday, 25 June 2013

Х.Тэмүүжин: Авлигын төлбөрийг бид 2.9 саяулаа төлж байна



УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын гишүүн С.Баярцогтод АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлчихлээ. Ардчилсан намын баригддаггүй авилгачдын нэг нь ч гэсэн баригдлаа гэх хүн олон байх шиг байна. Өмнө нь шалгагдаж байсан Г.Дэнзэнгийн хэрэг юу болсон бэ?
-Дэнзэнгийн хувьд албан тушаалаа урвуулан ашигласан байна гэж үзвэл АТГ шалгана. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага тодорхой үйл ажиллагааг нь шалгасан. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх, тэр баримт бичигт өөрчлөлт оруулсан эсэх дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн хараахан эцэслэж гараагүй байна. Нэр солигдсон эсэх, нөгөө олон Уянгаануудыг олж зарим нэг хүнээс мэдүүлэг авах ажил жаахан удаашралтай байгаа. Гэхдээ энэ асуудлыг шалгаж дуусгах ёстой. Хууль зүйн яамны харьяа бүртгэлийн байгуулла дээр ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа байдаг уу гэдгийг мухарлах ёстой. Үүнийг зөвхөн нэг албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой хэрэг гэж үзэхгүй. Цаашид эд хөрөнгөтэй, компаниудтай холбоотой ийм маргаан гарахад бүртгэлийн байгууллагаас болж буруудах, бүртгэлийн байгууллага хууль зөрчсөнөөс болж эд хөрөнгийн маргаан даамжрах асуудал гарч болохгүй. Тэгвэл иргэд бүртгэлийн байгууллагад итгэхгүй болно. Бүртгэлийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нураахгүйн тулд бид хэн нэг албан тушаалтны гар хөлийн үзүүрээр бүртгэлийн баримт бичигт дураараа засвар ордог асуудал байгаа эсэхийг шалгаж нягтална. Шалгалтын үр дүнгээр энэ нь тогтоогдох юм бол холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байна гэж үзвэл хуулийн дагуу, харьяаллын дагуу шалгах эрх бүхий байгууллагууд нь шалгаад явна.

-Г.Дэнзэн бүртгэлийн байгууллагад ажилладаггүй юм чинь албан тушаалаа ашигласан гэж үзэх аргагүй юм биш үү?
-Бүртгэлийн байгууллагын албан тушаалтан биш учраас энэ асуудал дээр ямар оролцоотой байсныг нь тогтоож л асуудал яригдана. Хэрвээ төрийн албан хаагч хуулийн дагуу, зохих ёсоор ажлаа хийж байхад хэн нэгэн албан тушаалтан өөрийнхөө албаны нэр сүрээр нөлөөлсөн, дарамталсан, шахсан байх юм бол энэ нь өөрөө авлигын эсрэг хуулиар хориотой зүйл. Албан тушаалаасаа өөрчлөгдөх хүртэл хариуцлагатай тийм үйлдэл. Энэ үйлдэл нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ одоогоор эцэслэгдэж тогтоогдоогүй байгаа учраас хэн нэг нь буруутай гэж шууд хэлэхгүй. Хэргийн шалгалт явагдаж байгаа. Бүртгэлийн байгууллага өөрөө Хууль зүйн яамны харьяанд байдаг учраас би Хууль зүйн сайдын хувьд энэ асуудал дээр илүү эмзэг хандаж байгаа. Миний хариуцаж байгаа салбарт ийм асуудал гарч байгаа бол гэм буруутай этгээд аль нам байхаас үл шалтгаалаад асуудлыг эцэслэн шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай.

-Дэнзэнгийн хувьд үйлдэл тодорхой юм байна. С.Баярцогт дээр тийм юм байхгүй биз дээ? Тийм байхад өмнө шалгасан хэргээ яагаад дахин шалгах болсон юм бол?
-С.Баярцогт дээр бол тодорхой болсон үйлдэл нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн эзэмшилд байгаа дансаа мэдүүлээгүй гэдэг асуудал байгаа. Энэ нь өөрөө Авлигын эсрэг хууль болон Сонирхлын зөрчлийн хуулийн “хувийн сонирхол, хөрөнгө орлогоо зөв мэдүүлэх” гэдэг үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл. Тодорхой дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдэг бол хуулийн зөрчил. Энэ зөрчилтэй нь холбоотой асуудлыг АТГ шалгаад эцэслэчихсэн. Өөрөө “Би ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой” гээд УИХ-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгээд өгчихсөн. Гэвч тэр дансанд байсан мөнгө өөрөө ямар мөнгө байсан бэ гэдэг олон нийтийн хардалт байна. Бас зарим иргэдийн гомдол байх шиг байгаа юм. Тийм учраас тэр мөнгө нь ХОМ-т нь мэдүүлэгдсэн хууль ёсны орлого байсан уу, эсвэл хуулиас гадуур орлого байсан уу гэдгийг шалгах шалгалт нь одоо явж байгаа байх.

Дансаа мэдүүлээгүй зөрчил өмнөх УИХ-ын үед ч гэсэн цөөнгүй гишүүн дээр гарч, тухай бүрд нь тэр зөрчлийг нь арилгуулаад, сануулаад явж байсан практик бий. Тэр дансанд их хэмжээний мөнгө байгаа бол харин асуудал үүснэ. 2012 онд батлагдсан Эрүүгийн хуулийн “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг заалт байгаа. Мэдүүлээгүй дансанд нь их хэмжээний мөнгө байгаад тэр мөнгөний эх үүсвэрийг нь тухайн албан тушаалтан тайлбарлаж чадахгүй бол түүнийг нь “авлигын улмаас олсон байж болзошгүй” гэж үзэж, эрүүгийн хэрэгт татдаг шинэ хуулийн тогтолцоо 2012 оноос бий болсон.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?
-Одоогоор Ё.Отгонбаяр гэдэг хүнтэй холбоотой тодорхой шалгалтууд бол хийгдэж байгаа. Тэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, үгүй юу гэдэг дээр хуулийн байгууллагууд өөрсдөө, тэр дундаа прокурорын байгууллага илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Хэд хэдэн хэрэгт хамааруулан шалгалтууд хийгдэж байгаа.

-Ё.Отгонбаяр гэдэг хүний өөрийгөө, бас эхнэрийгээ “Улс төрийн золиос болчихлоо” гэж телевизээр мэдэгдэл хийж, твиттер хуудсаараа цацаж, нэлээд дуулиан болгосон шүү дээ. Ямар эх сурвалжаар түүнийг анх шалгах болсон юм бэ?
-Хууль зүйн сайд дээр өглөө болгон шинээр гарсан гэмт хэргийн тухай ерөнхий мэдээллүүд орж ирдэг. Энэ оны хавар, гуравдугаар сарын сүүлээр гэгээн цагаан өдрөөр Энхтайвны гүүрэн дээр хэсэг хүн нэг хүний машиныг хүч хэрэглэн зогсоож, өөрийг нь боомилон мөнгө нэхээд, машиныг нь дээрэмдэж авч явсан тухай гомдол ирсэн, тэр хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн. Улаанбаатар хотын гудамж байтугай Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч өнцөгт хэн нэгэн хүн хэн нэгэн хүнийг дээрэмдэх, мөнгө нэхэх үйлдэл байж болохгүй. Гэмт хэргийн ертөнцөд нэр нөлөөтэй, түүгээрээ айлган сүрдүүлж бизнесийнхнийг дарамталдаг, татвар хураадаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг үйлдэл байж болохгүй. Ц.Нямдорж сайдын үед хамгийн их гайхуулж ярьдаг зүйл бол тэр шүү дээ, ийм бүлэглэлүүд үгүй болсон гэдэг. Гэтэл тэр бүлэглэл Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад сэргэж болохгүй. Тийм учраас энэ хэргийг нягталж шалгаад, хариуцлага тооцоод , асуудлыг цэгцэл. Дахиж ийм гэмт хэрэг гарсан тухай би сонсохыг хүсэхгүй байгаа шүү гэдэг байдлаар цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн.

Тодорхой хугацааны дараа цагдаагийн байгууллага үр дүнгээ танилцуулахдаа надад гурван зүйлийг онцолсон. Нэхсэн мөнгө нь авлигатай холбоотой юм байна. Өмнө нь сайд байсан хүнтэй холбоотой тодорхой тендер, байшин сав хүлээж авахтай холбогдуулан хувь нэхсэн гэж ярьж байна. 230 сая төгрөг нэхэж зодсон, машиныг нь дээрэмдсэн хүмүүсийн нэг нь сайд байсан хүний багын найз бөгөөд тэднээр дамжуулан сайдтай хэд хэдэн удаа уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэр мөнгийг хий гэж өгсөн дансны дугаар нь сайд байсан хүний эхнэрийнх байна. Энэ эмэгтэйн нэр дээр одоо тогтоогдоод байгаа нь 26 данс байна. Тэдгээр дансаар маш их хэмжээний мөнгө орж гарсан бүртгэл байна, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд дээрмийн хэрэг маань албан тушаалын болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбоотой болоод явчихсан. Ямар ч тохиолдолд шалгаж нягтал гэдэг үүргийг л би цагдаа нартаа өгсөн. Их олон хэрэг нийлсэн ийм л хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

-Ё.Отгонбаяр гишүүн эхнэрээ баривчлагдсаны дараа энэ хэргийг Ерөнхийлөгийн сонгуультай холбож нэлээд дайралт хийсэн. Одоо тэгээд хуулийн дагуу мэдүүлэг энэ тэрээ өгдөг юм болов уу?
-Мэдэхгүй. Ямар ч байсан хуулийн байгууллага хуулийн дагуу шалгалтуудаа нарийвчилж явуулна. Тэр нь сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, аль нам байхаас үл шалтгаалаад хууль сахиулагчид нотлогдож байгаа баримт, шалгагдах эх үүсвэрүүд рүүгээ л очиж шалгалтаа хийдэг. Баримтаар нотлогдохгүй бол шүүхэд хэн нэгнийг аваачиж, гэм буруугийн асуудал ярихгүй шүү дээ. Хуулийн байгууллага зөвхөн баримтыг л дагана. Түүнээс биш хар таамаг, хувийн үзэл бодлыг дагахгүй. Ямар ч байсан Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа, хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийг өрнүүлж байгаа энэ тохиолдолд хэн нэгнийг хэлмэгдүүлдэг хуулийн тогтолцоо руу явуулахгүй. Улс төрийн шалтгаантай байж магадгүй гэдэг үзлээр хуулийн байгууллагын хэвийн ажиллахад дарамт шахалт үзүүлэх боломж, нөхцөлийг бас олгохгүй.

-Саяхан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар бас гадаадаас ирээд баривчлагдсан. Тэр үед бас л “Улс төрийн шалтгаантай битгий байгаасай” гэдэг үг унагаад амжсан. Сонгууль дөхчихсөн байсан учраас тэр байх. Гэвч сайф алдагдсан үе, хэргийг шалгаж эхэлсэн цаг мөч бас л эртнийх биз дээ?
-Сейф алдагдсан, олсон үйл явдал бол бараг жил хагасын өмнөх явдал шүү дээ. Яагаад шалгахгүй орхисон, нуусан гэдэг нь дараа дэлгэрэнгүй мэдээлэгдэх байх. Ямар ч байсан хэн нэгэн өндөр албан тушаалтны гэрээс сейф алдагдаад, дараа нь хог дээрээс тэр нь олдоод, тэнд нь их хэмжээний мөнгө байхад тэр нь ямар эх үүсвэртэй мөнгө вэ гэдгийг шалгахгүйгээр орхиж байна гэдэг бол хуулийн байгууллагад өөрт нь асуудал байгаагийнх.

-Хохирогч нь гомдол гаргаагүй юм уу?
-Анх сейф алдагдсан асуудлаар цагдаад гомдол гаргаад, дараа нь сейфээ олсон учраас дуугүй өнгөрөөчихье гэдэг байдлаар шалгуулахгүй орхих хүсэлт тавьсан юм билээ. Гэхдээ л хуулийн байгууллага сэжигтэй зүйлүүдийг шалгахаас өөр аргагүй. Тэгээд шалгалтууд явагдаад, асуудал сөхөгдсөн. Ний нуугүй хэлэхэд би өөрөө ч бухимдмаар зүйлүүд гарч л байна. Саяхан хүүхдийн баярын өмнө Баянгол дүүрэгт нөгөө хэл амтай гишүүний нэг тэр бумаар хүүхдийн эмнэлгээ ашиглалтад оруулсан. Тэр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгөх гээд явж байхад эмч нарын зүгээс нэг гомдол маш их ирдэг байсан. Сүүлийн үеийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд үнэхээр чанаргүй байна. 2-3 сар болоод эвдэрч байна, зарим тоног төхөөрөмж хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээг эмч нар нүцгэн гараараа үзүүлж байна шүү гэж. Тэр тендер, бүх юм нь Эрүүл мэндийн яаман дээр л зарлагдаж байгаа шүү дээ. Сая эмнэлгээ нээсэн чинь хүүхдийн эмнэлэгийн эмч нар бас хэлж байна лээ. “Манай эмнэлэгт суурилуулсан тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд нэг, хоёрхон хувийн эмнэлэгт байдаг чанартай тоног төхөөрөмж байна” гэж байна. Би бусад эмнэлэгт төсөвлөдөг, тоног төхөөрөмжөө худалдаж авдаг тэр хэмжээнд нь л мөнгийг нь төсөвлөсөн. Тэгэхэд чанарын зөрүү яагаад ийм хол байгаа юм. Миний дургүй хүрээд байгаа гол шалтгаан тэр байхгүй юу. Эрүүл мэндийн салбарт, иргэдийнхээ эрүүл мэндэд зориулах ёстой мөнгийг хулгайлаад, сейфлээд, хүүхдийнхээ гэрт нуугаад, тэр нь хог дээрээс олддож байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь ганц Тэмүүжингийн асуудал биш, Монгол Улсад амьдарч байгаа 2,9 сая хүний асуудал болж байна. Сумын төвд ч бай, Улаанбаатарт, дүүргийн эмнэлэгт ч бай иргэд чанартай тоног төхөөрөмжөөр эмчилгээ үйлчилгээ авах ёстой. Гэтэл тэрнийх нь тодорхой хэсгийг авлигачид, албан тушаалтнууд тендерийн арав, хорин хувь гэж нэхэж авчихаад үлдсэнээр нь нөгөө компаниуд нь шаардлага хангахгүй хог авчираад хаячихаж байна. Яг үнэндээ энэ авлига гэдэг юмны төлбөрийг бид хоёр сая есөн зуун мянгуулаа эрүүл мэндээрээ төлж байна. Авах ёстой байсан боловсрол, аюулгүй байдлаараа төлж байна. Баянгол дүүрэгт барьсан хүүхдийн эмнэлгийг дахиад арвыг барих байсан мөнгийг нэг татварын байцаагч хулгайлчихаж байна.

-Эмнэлэг 1,5 тэрбумаар боссон гэлүү?
-Тийм. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн үед гишүүний тэрбум гэж байсан. Тэр тэрбум төгрөг, Д.Энхбат гишүүний 500 сая төгрөгөөр л боссон эмнэлэг шүү дээ. Албан тушаал, авлигын хэргийг ингэж хазаарлаж авах нь нэг талаасаа нийтийн өмчийг нийтийн ашиг сонирхол руу очих бололцоог нь олгож байна. Нөгөө талаасаа алдагдсан боломжоо буцааж олж авч байна. Авлигатай тэмцэнэ гэдэг зүгээр   нэг албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээсээ илүү авлигын улмаас алдагдсан мөнгүүдийг буцааж олж ирэх явдал. Жишээ нь Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлын үйлчилгээг сайжруулна гээд цагдаагийн хэсэг барих гэхэд мөнгө олддоггүй. Гэтэл хотыг бүхэлд нь аюулгүй болгох хэмжээний цагдаагийн үйлчилгээг сайжруулах мөнгийг нэг авлигач л идээд уучихсан байгаа байхгүй юу. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян “Манай хошууны бузрыг ухвал дуусахгүй” гэдэг шиг энэ улс орны дампуурсан, авлигачдын ууж идэснийг ухвал барагдах шинж алга байна даа.

-“Эрдэнэт” үйлдвэр лүү нэлээд эртнээс л шалтгалт орох гэж байна, орж байна, аудит хийж байна гэсэн сураг гараад байсан. Үүний үр дүн юу болсон бэ?
-Бас л сонгуультай холбоотой гэж хэлэх байх л даа. Тийм болохоор энэ сонгуулийг нь дуусгаад шалгалтын дүнг танилцуулах хэрэгтэй болох байх. Монгол Улсыг тэжээж явдаг ганц үйлдвэрийн нэрээр нэг хувийн компанид баталгаа гаргаад, маш их хэмжээний долларын зээл аваад явчихсан, тэрийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байгаа дүр зураг байна. Мөнгөн дүнг нь сонсох юм бол Монгол Улсад оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтны үзэгний үзүүр, хувийн сонирхлоор явчихаж байна гэж бодохоор харамсмаар.

-“Эрдэнэт” үйлдвэр хэдэн жил сараар баяжмалаа нийлүүлж байж тэр өрнөөс гарах бол?
-Мэдэхгүй.

-Авлигын улмаас алдагдсан мөнгө одоо тогтоогдоод байгаа нь 57 тэрбум төгрөг. Түгээр 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих хэмжээний мөнгө байна гэдэг тооцоог зарим хүн хийсэн байна лээ. Тэрнээс гадна энэ нийгмийн оюун санааг тэр хэрээр хордуулж, хохирол учруулж байгаа юм биш үү? Сая жишээ нь авлигын хэргээр олон хүмүүс зэрэг зэрэг шалгагдаад ирэхээр “МАН ганцаараа хулгайч юм уу, АН ч гэсэн адилхан хулгайчтай шүү дээ” ч гэх шиг барьцаад л. Хулгайч нартаа дасал болчихоод, баригдлаа гэж баярлах хүн ч ховор болоод байгаа юм биш үү?
-Албан тушаалаараа амьдардаг авлигачдад өөрсдийгөө өмгөөлөх үндэслэл угаасаа байхгүй. Ганц гаргаж ирж байгаа үндэслэл нь барьцаж чадаж л байгаа юм. Тийм болохоор “уучлаарай” гэж хэлэхээс өөр үг алга. Авлигын гэмт хэрэгт намын харьяалал гэж юм байхгүй. Ард түмний хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ууж идэж байгаа нөхдүүдэд гэмт хэрэгтэн үү, гэмт хэрэгтэн биш үү гэдэг л ангилал байхаас биш аль нь аль намын гэмт хэрэгтэн бэ гэдэг ангилал байхгүй. Тийм болохоор одоо илрээд байгаа энэ хэргүүд дотор аль ч нам бус нөхдүүдийн ч ууж идсэн хэргүүд байна. Завсарт нь Ардчилсан намынхан ч бас орж ирэх магадлал байж л байна. Гэхдээ хуулиараа л асуудлыг хэмжинэ. Энэ нь энэ нам, тэр нь тэр нам гэдэг хэмжүүр байхгүй. Тийм учраас би авлигачдад нэг л зөвлөгөө өгч байгаа. “Уучлаарай. Та сайн өмгөөлөгч ав аа, асуудал чинь шүүх дээр шийдэгдэнэ” гэж. Гэмт хэргийг гудамжинд, эсвэл телевизын ярилцлага, интернэтийн орчинд, УИХ-ын танхимд биш, шүүхийн танхимд хэлэлцдэг юм.

-МИАТ-ын удирдлагууд мөнгө угаасан хэргээр 10-аас дээш жилийн ял аваад явчихлаа. Гэтэл тэдний нийгэмд учруулсан хохирол яаж төлөгдөх вэ? Өндөр ял өгсөн юм чинь гээд дуусчих уу?
-Битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс нь хурааж аваад төлүүлээд эхэлнэ. Өмнө нь гэмт хэрэгтнүүдийн хувьд ч, олон нийтийн дунд ч шоронд явчихаар төлбөрөөс чөлөөлөгдчихдөг гэдэг ойлголт байсан юм шиг байна лээ. Үгүй ээ, хуулинд тийм юм байхгүй. Ял шийтгэл гэдэг бол гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хүлээлгэж байгаа хариуцлага. Энэ хариуцлагын хажууд байнга дагалдаж явах ёстой зүйл бол хэрвээ та гэмт хэрэг хийхдээ бусдад хохирол учруулсан бол хохирлоо заавал төлнө гэдэг асуудал. Би шоронд суучихаад гараад ирсэн, одоо надад хохирол хамаагүй гэдэг хууль Монголд байхгүй.

-Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумын хохирол төлөгдөөгүй хэрнээ ялаас чөлөөлөгдчихсөн л явж байгаа биз дээ?
-Хохирлыг нь барагдуулах ажил одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр үргэлжилж байна. Дуусаагүй байгаа. Ц.Чимэдцэрэн гэдэг хүний нэр дээр өмч хөрөнгө олдох л юм бол түүнийг нь хурааж авна. Тийм учраас хохирол барагдуулах гэдэг хохирлоо барагдуулж дуустал нь зогсдоггүй ажил. Би шоронд орчихсон учраас хохирол төлөхгүй гэдэг хуучин буруу ойлголт одоо байхгүй болсон гэсэн үг.

-Нэг талаас АТГ, хуулийн байгууллагууд шударга ажиллаж байна, авлигачидтай тэмцэж байна гэдэг олон нийтийн дэмжлэгийн хажуугаар нөгөө талаас “Зөвхөн нэг намаас бариад байна, нөгөө намынхныг яагаад шалгахгүй байна аа” гэдэг шүүмжлэл бас явдаг. Магадгүй энэ нь Ерөнхий прокурорыг, шүүгчийг, АТГ-ын даргыг ч гэсэн Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдогтой холбоотой байх. Энэ хадлагаас яаж гарах вэ?
-Хардлага бол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэмт хэргийг шалгах явц чинь илэрч байгаа баримт дээрээ л түшиглэнэ үү гэхээс биш “Нэг намаас хэтэрхий олон яваад байна, одоо өөр намаас шалгая” гэдэг субьектив бодлоор явахгүй шүү дээ. Хэрвээ гуравдугаар сарын 20-нд Энхтайвны гүүрэн дээр хүч хэрэглэж, машин дээрэмдсэн хэрэг гараагүй бол Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой энэ хэрэг хэзээ илрэх байсныг би мэдэхгүй. Сонгууль болж байгаа учраас энэ хэргийг шалгаж болохгүй, эсвэл сонгууль болж байгаа учраас илүү хурдан шалгах ёстой гэдэг чиглэл өгч бас болохгүй. Би бол нэг л зарчим барьж байгаа. Хууль зүйн сайд хуулийн байгууллагыг хэвийн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Тэр дэмжлэг нь юу вэ гэвэл нэгдүгээрт хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Хоёрдугаарт, санхүү, эдийн засгийн баталгааг нь сайжруулах ёстой. Гуравдугаарт боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, хэрэг мөрдөөд сууж байгаа хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Хууль зүйн сайд авлигатай тэмцэнэ гэж итгэлтэй хэлэхгүй бол авлигын хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нар яаж зоригтой ажиллах юм бэ.

Ний нуугүй хэлэхэд өмнө нь цагдаагийн байгууллага, хуулийн байгууллага дотор гэмт хэргийн тухай мэдээлэл ороод ирэхээр алба хаагчид нь “Энэ гэмт хэргийг шалгах ёстой юу, үгүй юу?”, “Нийтэд мэдээлэх ёстой юу, үгүй юу” гэдэгт эргэлздэг, болгоомжилдог байсан. Яагаад гэвэл хуулийн дагуу хэргээ шалгаад эхлэхээр нэг дарга нь орж ирээд “Чи хэн болчихоод хэний хэргийг шалгаад байгаа юм” гээд шалгалтыг нь зогсоодог, олон нийтэд мэдээлчихээр “Чи мэдээлэх ёсгүй зүйлийг мэдээлчихлээ” гээд дарамталдаг байсан. Яагаад гэвэл нөгөө цагдаагийн дарга руу нь өөр нэг намын дарга утасдаад “Чи яахаараа манай намын хүнийг шалгадаг юм”, “Чи яахаараа манай найзыг барьдаг юм” гэж дарамталдаг байсан. Одоо бол шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн дарамт хуулийн байгууллага руу очих л юм бол тэрнээс нь хамгаалах хуулийн тогтолцоо, Хууль зүйн яам байна. Түүнийг таслан зогсоох улс төрийн хүсэл эрмэлзэл бидэнд байна. Тийм учраас хуулийн байгууллага ирсэн мэдээллээ нягтлаад хуулийн дагуу хариуцлага тооцоод л явах ёстой. Тэр нь аль намын хэн байх нь ерөөсөө падлий байхгүй. Хуулиараа л асуудлаа шийдүүлнэ. Бид хуулийн засаглалыг бий болгоно гэсэн болохоос биш хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний засаглалыг бий болгохгүй.

-Мартсанаас нэг юмыг асуухад, сонгууль дөхсөний ч гай юм уу. Өнөөдөр гурван нэр дэвшигч маань гурвуулаа авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох тухай яриад хэн нь шударга, хэн нь авлигач вэ гэдэг нь ч танигдахаа больчихлоо...
-Үгүй, сайн л биз дээ. Авлигатай тэмцэх гэдэг зөвхөн Ардчилсан намын ажил биш, аль ч намын асуудал болж байна гэвэл би бол хувьдаа баяртай байна. Ардын намын нэр дэвшигч, МАХН-ын нэр дэвшигч “авлигатай тэмцэнэ” гэж ярьж байна гэж байгаа бол авлига гэдэг зүйлээс салах ёстой гэдэг иргэдийн дуу хоолой, итгэл үнэмшил улстөрчдийн толгойд хатуу оржээ гэсэн үг. Дөрөвхөн жилийн өмнө ямар байсныг эргээд сана л даа. Авлигатай тэмцэх ёстой, хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ёстой гэж хэлэхэд “Монгол Улсад авлига байхгүй, чи хэнийг авлигач гээд байна” гэж уурлаж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө авлигатай тэмцье гэж дуугарч эхэллээ шүү дээ. Дөрөвхөн жилийн өмнө хууль шүүхийн байгууллагыг шинэчлэе гэхэд “Шинэчлээд болчихсон, чи юуг нь өөрчлөх гээд байгаа юм” гэж байсан хүмүүс өнөөдөр “үнэхээр шүүх, хуулийн байгууллагыг өөрчлөх ёстой юм байна” гэж хэлж байгаа нь дэвшил. Гэхдээ улс төрчдийн ой санамж заримдаа их богинохон байх юм даа. Өнгөрсөн дөрвөн жилийг эргээд харахад Д.Одбаяр гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга болсоны дараа л Шүүхийн тухай хуулиуд парламентаар хэлэлцэгдэж батлагдсан шүү дээ.

-Өмнөх дарга нь Б.Бат-Эрдэнэ гишүүн, одоо МАН-аас нэр дэвшигч байсан. Тэр үед та хоёрын дунд нэлээд ширүүн маргаан болдог байсан...?
-Тэр хүн ямар олон шинэчлэл, ямар олон дэвшилттэй санааг намынхаа даалгавраар улдан эсэргүүцэж, адалж хэвтэж байсан билээ. Би бүр тэвчилгүй хэлж байсан. “Хуульч ухаантай юм бол эхлээд наад хуулиа нэг цэгцлээд харчих. Юуг дэмжих, дэмжихгүйгээ эхлээд хэлчих. Би үнэнэдээ таныг хуульч гэж хэлэхээс ч ичиж байна” гэж хэлж байсан. Миний хажууд Д.Лүндээжанцан гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гишүүн байсан. Тэгэхэд Ө.Энхтүвшин гишүүн хажуунаас “Яах нь вэ. Хүнийг ингэж мэргэжлээр нь дорд үзэж болохгүй шүү дээ” гэж байсан. Хууль зүйн байнгын хорооны дарга юм бол ядаж хуульч хүн шиг хуулиа уншиж чаддаг байх хэрэгтэй шүү дээ.

-“Мэргэжлээр нь дорд үзлээ” гэдэг нь үнэндээ бол “мэргэжилгүй хүн шүү дээ” л гэсэн үг байх нь л дээ?
-Г.Совд багш, Б.Чимэд багш хоёр хамт сууж байгаад бас нэг удаа хэлж байсан юм. С.Нарангэрэл багшийг “Аваргыгаа хууль зүйн доктор болгоно оо” гээд дагуулаад гүйгээд байхад нэг нь Б.Бат-Эрдэнэд “Миний хүү, чиний амьдралаар энэ хүн тоглоод байх шиг байна аа. Бүтээлийг чинь үзлээ. Чи хууль зүйн доктор хийгээд хэрэггүй, спортоороо л доктор хий. Хууль гэдэг чинь өөр байдаг юм, энэ хүн ч гэсэн анзаарахгүй байх шиг байна. Хууль зүйн шинжлэх ухааныг ингэж гутаагаад яах вэ, миний хүү. Энэ шинжлэх ухааныг чинь босгох гэж олон хүн хөлс, хөдөлмөрөө зориулсан юм. Энэ олон хүний хөдөлмөрийг ингэж доромжилж болохгүй” гэж. С.Нарангэрэлд нь хэлээд ойлгохгүй болохоор Б.Бат-Эрдэнэд нь хэлж байгаа юм. Б.Бат-Эрдэнэд хаяглаж хэлсэн боловч С.Нарангэрэл багшид давхар хавсарч хэлсэн л үг байсан л даа. “Аварга, аварга” гээд докторын зэрэг өгөх гээд гүйгээд байдаг академич байж болохгүй биз дээ. Энэ хоёр бол буурал шинжлэх ухааныг өмөөрч хэлсэн байхгүй юу. Тэгэхэд Г.Совд багш амьд байсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүний мэдлэг боловсролыг үнэлж цэгнэхгүй. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа энэ хүн намынхаа хүүхэлдэй л болчихсон явж байсан. Цаана нь байгаа “Авлига Монголд байхгүй, шүүх хуулийн байгууллагыг шинэчлэх шаардлагагүй” гэж хэлдэг хүмүүсийнхээ гар хөл болоод гүйж явсан шүү дээ. Тийм учраас миний тэвчээр барагдаад тэгж хэлсэн юм.

-Тэгж хэлэх хүртэл бас нэлээдгүй хугацаа, тэвчээр орсон байх, тийм үү?
-Мэдээжийн хэрэг шүү дээ.   

-Нам нь үнэхээр муухай юм байж, яах вэ. Гэвч хүн нь гайгүй хүн байгаа юм гэх юм билээ шүү дээ, хүмүүс. Намынхан нь ч гэсэн тэгж тооцож нэр дэвшүүлсэн байлгүй?
-Сонгууль болж байхад хэнийгээ юу гэж сурталчлах нь тэдний л хэрэг шүү дээ. Би ч гэсэн аваргынх нь хувьд бол хүндэлдэг: Гэхдээ би барилддаггүй. Тийм байтлаа ”би бөх байна” гээд хажууд нь очоод дэвж шаваад байвал тэд ч гэсэн уурлана биз дээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг битгий доромжил гэнэ биз дээ. Түүнтэй л адилхан. Эргүүлд гарч үзээгүй цагдаагийн хурандаа, хуулийн шинжлэх ухааны тухай “А” ч үгүй хуульч, докторын тухай би ярих дургүй. Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний тухай би яримааргүй байна. Тэр тусмаа хуульчийнх нь тухай бүр яримааргүй байна. Тэгээд “Авлигын эсрэг зогсоно, хууль зүйн шинэчлэлийг дэмжинэ” гэж байгаа бол “Уучлаарай, тэр өрөөнд болсон яриа, тэр үед миний танд хэлсэн хатуу үг одоо ч хэвээрээ байгаа шүү” л гэж хэлнэ.

-Нөгөө талаас тэр хүн МАН руу чиглэсэн хамаг л муу муухайг аваргын нэр нүүрээр хааж, өөр дээрээ хүлээж авч байх шиг байна л даа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хүн өөрөө хүсээд нэр дэвшсэн ч юм билүү, намынхаа хатгаасаар ч ингэж яваа юм билүү, мэдэхгүй шүү дээ...?
-Ардын намдаа ч асуудал байгаа юм уу даа, би бол сайн мэдэхгүй юм байна. Ардын нам дотор бас зөв, сайн хүмүүс байгаа шүү дээ. Асуудлыг ул суурьтай харчихдаг, үнэн голоор нь дүгнэчихдэг хүмүүс энэ намд байгаа. Зүгээр энэ намын нүүр царай, энэ намын гол шийдвэр гаргалтан дээр авлигачид нь ирээд суучихсан учраас л намаа баллаж байгаа юм.

-Тэдний нэг нь ч энэ сонгуулиар ил гарсангүй. Тэгээд энэ хүн ганцаараа “Миний гар цэвэр ээ” гээд яваад байхаар заримдаа өрөвдмөөр ч юм шиг...
-Би ч гэсэн өрөвдөж байна л даа. Авлигачдынхаа өмнө нүүр болчихоод “Би авлигатай тэмцэнэ” гэж хэлж байгаа хүний дотор итгэл үнэмшил, олон зүйл нь юу бодогддог бол гэж би гайхдаг. Магадгүй энэ хэлж байгаа үгнээсээ эргээд айж байгаа ч болов уу гэж боддог.

-Ичиж ч байгаа болов уу?
-Ичих нүүр бол байхгүй ээ. Авлигачдад ичих нүүр байхгүй шүү дээ. Магадгүй хууль үйлчлээд ирэхээр айдас жаахан мэдрэгдэж байх шиг байна.
http://semuun.niitlelch.mn