Showing posts with label ХАШЧУЛУУН Ч.. Show all posts
Showing posts with label ХАШЧУЛУУН Ч.. Show all posts

Tuesday, 16 September 2014

Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй

hashchuluunБНХАУ-ын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх сургаар манай улстөрч, эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн бол эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаач тусгай судалгаа хийжээ. Тус судалгааны багийн зөвлөхөөр ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Эхлээд судалгааны үндсэн зорилго, ямар мэргэжлийн хүмүүс багтсан, та ямар үүрэгтэй оролцсон гэдгээс яриагаа эхлэх үү?
-Зөвхөн ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагтай гэлтгүй аливаа төр засаг улс орныхоо хэмжээний ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаатухайн асуудлаар бодлогын судалгаа хийдэг. Төрийн мэдэлд, Засгийн газар нь дэргэдээ судалгааны ийм томоохон байгууллага, бүтэцтэй улс орнууд олон бий. Энэ утгаар нь харвал Монгол Улсад гадаадын төрийн өмчит банк салбараа нээх, үгүй нь бодлогын судалгаа хийх үндсэн сэдэв мөн. Тийм учраас манай баг гаднын төрийн мэдлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулбал нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалсан. Миний бие энэхүү судалгааны   зөвлөхөөр   ажиллаж,   Австралид   сурдаг магистр зэрэгтэй монгол судлаачид судалгааг гардаж хийсэн.
-Судалгааны дүн гэх үү, дүгнэлт гэх юм уу, тэндээс харвал гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээхэд эерэг, сөрөг аль тал нь давамгайлж байна вэ?                                        
-Мэргэжлийн хүмүүсийн хийсэн бодлогын судалгаа учраас дүгнэлт гэж ярих нь зөв л дөө. Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.
-Жишээлбэл ямар?
-Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.
-Та гаднын банк стратегийн салбаруудад зээл их хэмжээгээр өгнө гэж байна. Гэхдээ манай улс гадаад зах зээлээс бонд босгож, түүнийгээ стратегийн салбарууддаа хөрөнгө оруулалт болгож өгч байгаа шүү дээ?
-Энэ бол нэг зээлдэгч биш олон хэрэглэгчээс авч байгаа ашгийн төлөө үйл ажиллагаа. Харин төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад "Bank of China" орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.
-Хэрвээ гаднын банк салбараа нээвэл нэг талаар дотоодын банкуудын зээлийн хүү буурч, жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмж нэмэгдэж, тэр хэрээр банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж ярьж байгаа шүү дээ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэж ярьж байгаа нь том эндүүрэл. Тийм юм байхгүй. Ингэж ярьж байгаа нь өнөө маргаашаа л харсан болчимгүй явдал. Олон улсын судалгаанаас харахад, гаднын томоохон банкууд салбараа нээсний дараа энэ үзүүлэлтүүд харин ч эсрэгээр эргэсэн байдаг. Тухайлбал, Энэтхэг, Пакистанд гаднын улсын төрийн мэдлийн банк үйл ажиллагаагаа явуулснаас болж жижиг дунд үйлдвэрийн зээлийн нөхцөл нь дордсон, дотоодын           хамгийн  сайн харилцагчдыг нь гаднын банк авч, зах зээлд нь сорчлох, ялгаварлан оролцох хандлага нэмэгдсэн байдаг. Манайд ч ийм өнгө төрх харагдаж байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад томоохон найдвартай харилцагчид тун цөөхөн байдаг. Энэ цөөн хэдэн найдвартай харилцагч нь гаднын төрийн мэдлийн банк руу шилжих юм бол дотоодын банкны систем мөхөлд орох эхний дохио болно. Ингэснээр манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа банк санхүүгийн салбар бүхэлдээ гаднын төрийн нөлөөнд хүчтэй автах эрсдэл бий болно.
-"Bank of China"-гийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ салбараа нээвэл эхний ээлжид томоохон аж нэгжүүдэд л зээл өгнө гэж мэдэгдсэн?
-Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг тоолбол цөөхөн шүү дээ. Уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хэдхэн компани л бий. Энэ компаниуд гаднын төрийн мэдлийн банкнаас зээл авч эхэлбэл эргээд зээл авсан банкныхаа хараат байдалд орно. Үүнтэй зэрэгцээд Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд төрийн мэдлийн банк нь их хэмжээний зээл өгснөөр тэдний үйл ажиллагаа улам эрчимжиж, манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх боломж хомс болно. Үүнээс үүдэж ялгаварлах байдал үүснэ. Энэ нь дотоодын зах зээлд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдана. Өрсөлдөөний нөхцөлийг харахад Хятадын зээлийн хүү маш бага байдаг. Бага хүүтэй тэр зээл манай зарим үндэсний аж ахуйн нэгжид олдохгүй л гэсэн үг. Тэд зээл авахын тулд зах зээл дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Энэ нөхцөлд тоглоомын дүрэм автоматаар л Хятадын хөрөнгө оруулагчдын талд шууд шилжинэ.
-Уул уурхайн томоохон компаниудын хувьд Хятадын төрийн мэдлийн банкнаас зээл авахын тулд гол барьцаа хөрөнгө нь ордын лиценз байх болов уу. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол лицензээ шилжүүлэхээс өөр аргагүй болох уу?
-Тэгж таарна. Төр, хувийн хэвшлийн ямар ч банк зээлийнхээ барьцаанд алт болон өндөр төлбөртэй, үнэ буухгүй үл хөдлөх хөрөнгө л авахыг бодно. Орос улс нэлээд том нефтийн ордоо Хятадын талд өрөндөө өгсөн. Тажикстан улс өрөндөө газар тасдаж өглөө. Манайд ч бас ийм нөхцөл үүсч болзошгүйг үгүйсгэх аргагүй. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авахын тулд үйлдвэрийн объект, төсөл, уурхайнуудаа барьцаалаад, дараа  нь зээлээ эргэн төлж чадахгүй байдалд орвол тэдгээр барьцаа нь бүгд хураагдана. Хэлбэр нь тухайн компанийн уурхай, төсөл хөтөлбөр, объектуудыг хураан авч байгаа мэт боловч хэтийн үр дагавар нь Монголын нийгэм, эдийн засагт сөргөөр тусч, нэг улсаас хараат байдал улам л нэмэгдэнэ.
-Хэрвээ "Bank of China" салбараа нээвэл зээлээ ам. доллараар олгох уу, эсвэл юаниар уу. Ер нь Хятадын төрийн мэдлийн банк Монголд салбараа нээвэл манай эдийн засагт Хятадын мөнгөний бодлого нэвтэрнэ гэх яриа хэр ортой вэ?
-Хятад улс юаниа олон улсын валют болгох бодлогыг баримталж байгаа. Тийм учраас Монгол шиг байгалийн баялагтай оронд төлбөрийг нь аль болох юаниар хийх сонирхол давамгайлж байгаа. Манайх бол чөлөөт эдийн засагтай, дэлхийн зах зээлд ид оролцож байгаа улс. Гэтэл нэг улсын мөнгөн тэмдэгтийн нөлөөнд орчихвол тус улсын хамаарал илүү хүчтэй болж эргээд гарахад хэцүү болно. Дээр нь тухайн банкны бодлого нь хаалттай байгаа нөхцөлд энэ эрсдэл улам л нэмэгдэнэ. Ер нь гаднаас орж ирж байгаа банкууд ихэвчлэн валютаар зээл өгөх сонирхолтой байдаг. Учир нь валютаар зээл олгосноор тухайн банкинд ямар нэгэн эрсдэл байхгүй. Валютаар зээл өгч эргээд хүүгээ валютаар авна. Гэтэл манайд ханш маш их хэлбэлздэг шүү дээ. Тэгэхээр ам.долларын зээл авчихаад төгрөгөөр хүүгээ төлье гээд тухайн үеийн ханшаар шилжүүлэхэд ханш унасан байвал асар их хэмжээний хохиролд ордог. Манай томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ам.долларын зээл авах сонирхол байдаг боловч эргээд зээлийнхээ эргэн төлөлт дээр асуудал үүсдэг. Тиймээс их хэмжээний ам. долларын зээл авахад эрсдэл өндөр байдаг. Хоёрт, гаднын банк аж ахуйн нэгжүүдийн хамгийн ашигтай ажиллаж байгааг сорчлон зээл олгож, найдвартай, томоохон компаниудыг нь өөртөө татдаг. Үлдэж буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн эрсдэл нь өндөр учраас зээлийн хүү нь өсдөг.
-Дотоодын арилжааны 13 банкийг Монголбанк бодлогынхоо хүрээнд нэгтгэж, хяналт шалгалт хийж зохицуулдаг. Гэтэл гаднын томоохон банк салбараа нээхэд манай Засгийн газар болон Монголбанк хяналт шалгалтхийх боломжгүй гэдгийг та хэллээ. "Bank of China" салбараа нээвэл арилжааны зээл олгохгүй томоохон төсөл хөтөлбөрт зээл олгоно гэж ярьж байгаа ч хяналт шалгалтын механизм байхгүй учраас арилжааны зээл олгосон ч бид яаж ч чадахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоогийн байдлаар хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй. Ер нь гаднын банк орж ирээд ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эрх зүйн орчин харанхуй байна. Төлөөлөгчийн газрын статус нь тодорхой бус байна. Охин компани эсвэл салбар гэдэг статусаар орж ирэх үү гэдэг нь ч тодорхой бус. Ийм нөхцөлд дэлхийд хамгийн том банкны нэрээр орж ирэхэд нь "та нар дуртай юмаа хий" гэвэл дотоодын банкны салбарт хохирол гаргана, алдаагаа засах гэхэд аль хэдийнэ хожимдсон байх эрхзүйн орчинтой байна шүү дээ, бид. Өндөр хөгжсөн орнуудын банкуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ нэгд, эхлээд эрх зүйн орчноо сайн болгох хэрэгтэй. Ямар үйл ажиллагааг нь зөвшөөрч, ямрыг нь хязгаарлах вэ гэдгийг судлах нь хамгийн чухал. Хоёрт, хэрвээ гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулбал үр дагавар ямар байх уу. Үнэхээр манайд хэрэгтэй юү, эсвэл дотоодын зах зээлийн хамаг ашгийг хүртэж, Энэтхэг, Пакистан шиг өрөнд оруулаад гараад явахыг үгүйсгэхгүй. Мөн гаднын банк нэвтэрснээр дотоодын банкны салбар хямралд орж, хэдэн мянган хүн ажилгүй болох,  орон  нутагт үзүүлэх үйлчилгээ хумигдах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөл өгөхөөсөө өмнө нарийвчлан судлах хэрэгтэй. Манай улсын банкны салбарт гаднын арилжааны, хувийн өмчлөлтэй банк бол бий. Тодруулбал, 2012 оны байдлаар банкны салбар дахь гадаадын хувь эзэмшилтэй банкууд 43 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засагт олон орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэн ажиллах нь чухал. Харин анх удаа төрийн мэдлийн банк орж ирэх гэж байгаа учраас сайн судлах нь л зүйтэй. Гуравт, гаднын төрийн мэдлийн банк орж ирэх нь онцгой үзэгдэл. Хэрвээ ашгийн төлөө Япон, Солонгос, Америкийн арилжааны банк орж ирвэл үйл ажиллагаа нь харьцангуй ил тод байдаг. Тайлан судалгаагаа ил тод гаргаж, бирж дээр бүх хөрөнгө оруулагч нарт танилцуулдаг. Харин төрийн банкны үйл ажиллагаа, шийдвэр нь хаалттай байдаг. Шийдвэр, бодлого нь Засгийн газрынхаа эрх ашгийн дагуу л явна гэдэг нь гарцаагүй. Тэр нь манай Засгийн газар болон Монголбанкны бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь өөрөө асуудал. Манайх өөрийн нутагтаа санхүүгийн зээлийг хянах, удирдах, чиглүүлэх боломж нь хумигдана. Учир нь, Хятадын төрийн банкны ,өөрийн хөрөнгийн хэмжээ асар том шүү дээ. Манай дотоодын арилжааны банкуудын бүх хөрөнгийг нийлүүлээд ч "Bank of China"-гийн нэг хувьд нь ч хүрэхгүй. Ийм их, асар том хөрөнгөтэй банк орж ирж байгаа нөхцөлд манай олон жижиг банкуудыг нэг алхаад л үгүй хийнэ. Дараа нь бид сэргээж, нөхөж чадахгүй байдалд үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа банк ашгийн төлөө л орж ирдэг, зээлийн хүүг нь бууруулж хүртээмжийг нь нэмэгдүүлж Монголыг хөгжүүлэх гэж орж ирэхгүй. Энэ бол тодорхой.
-Гаднын аль нэгэн улсаас хийж байгаа шууд хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрэхгүй байх хууль манайд бий. Хэрвээ төрийн мэдлийн банк нь орж ирвэл Хятад улсын хөрөнгө оруулалт хуульд заасан энэ хэмжээнээс давчих уу?
-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 1/3-ээс хэтрэхгүй байхаар заасан байдаг. Одоогийн байдлаар бол Хятад улсаас оруулсан хөрөнгө оруулалт энэ хэмжээнээс хэдийнэ хэтрээд явж байгаа. Хэрвээ Хятадын хөрөнгө оруулалттай том компаниуд дээр төрийн мэдлийнх нь банк орж ирвэл энэ хоёрын хослол илүү л нөлөөтэй болно. Монголын компаниудад өгөхгүй байгаа, олдохгүй байгаа зээл Хятадын хөрөнгө оруулалттай компанид олгоно. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөл ялгаварлалтай болно гэсэн үг. Дотоодын үндэсний компаниудад өрсөлдөх боломж гарахгүй. Тиймээс зэргэцүүлээд аль болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эрүүл өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Мэдээж Хятадын төрийн өмчийн банк, тус улсын компаниудтай хамтран ажиллалгүй яах вэ, ажиллах ч болно. Тэгэхдээ аль болох дотоодын зах зээлд оролцохгүйгээр арилжааны банкуудаар дамжиж эсвэл Засгийн газраар дамжиж үйл ажиллагаа явуулахыг дэмжих нь зүйтэй.
-Хэрвээ салбар байгуулах зөвшөөрөл олговол хөрөнгө оруулах, зээл олгох чиглэлийг хязгаарлах боломжтой гэж зарим хүн ярьж байгаа. Гэтэл таны хэлж байгаагаар Төв банк, Засгийн газар ч хяналт тавьж чадахгүй, боломжгүй юм биш үү?
-Аливаа нэг банк салбараа байгуулахад тодорхой чиглэл, хязгаарлалттай байж болно гэсэн яриа байдаг боловч өнөөдрийн манай хууль эрх зүйн орчинд огт тийм зүйл байхгүй. Юуны үндсэн дээр хязгаарлалт тавьж, юуг зөвшөөрөхийг хэн ч мэдэхгүй. Ийм нөхцөлд гэрээ байгуулах нь утгагүй болно. Оюутолгой төсөл дээр Ашигт малтмалын хууль байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Монголын Засгийн газар өөртөө 34 хувийг авч байсан бол гаднын банк орж ирэхтэй үүсэх харилцааг сайн судалж, боловсронгуй болгосон эрх зүйн орчин одоогоор байхгүй. Тиймээс банкны тогтолцоонд нэг оролцогчоос тодруулбал, гаднын төрийн мэдлийн банкны салбараас хараат байдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал харшилна.Тиймээс хууль эрх зүйн орчноо бий болгоогүй цагт үйл ажиллагаагаа явуулах нь аюултай. Энэ нөхцөлд хамтран ажиллах, Төвбанк болон Засгийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь зөв.
-Зарим хүн гаднын томоохон банкийг дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хөрөнгө оруулалт татах сайхан боломж. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гаднын төрийн мэдлийн банкны салбарыг байгуулж, ядуу амьдарснаас хэн нэгнээс хамааралтай баян амьдарсан нь дээр гэх юм. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Даяаршсан дэлхийд бие биеэсээ тодорхой хэмжээнд хамаарах явдал байгаа. Огт хамааралгүй холбоогүй явна гэвэл худлаа. Харин энэ хамаарлаа хийхдээ өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбараар боловсруулах ёстой. Тийм учраас л илүү судлах хэрэгтэй. Манай ямар салбарт хамаарал байж болох вэ, ямар нөхцөлд багасгах, эсвэл нэмэгдүүлэх вэ гэсэн нэгдсэн бодлого байх ёстой. Тухайлбал, манай улс нийт экспортынхоо 90 хувийг нэг улс руу гаргаж байгаа нөхцөлд улам нэмэгдүүлэхэд сөрөг тал нь илүү болно. Нөгөө талд шатахууныхаа дийлэнхийг нэг улсаас авч байна. Энэ улсаасаа худалдан авалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэвэл бас л сөрөг талтай. Тэгэхээр нөхцөлийг нь сайн судалж нэг талын хамаарлаа зөв эрүүл, өөртөө ашигтайгаар байлгаж, хэрэгтэй бол шинэ харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй. Зөвхөн хоёр хөрштэйгөө тулж харилцаж болохгүй. Манай хоёр хөрш том нь үнэн боловч дэлхийн санхүүгийн зах зээл дээр бидэнд гуравдагч хөрш гэж бас бий. Тэдэнтэйгээ харилцаагаа тасалж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэр үнэн л бол ганц банкны ч биш, бүх л салбарт гадаадын төрийн өмчит компанийг дотоодын зах зээл рүүгээ оруулахыг цаашид хязгаарлах нь зөв. Төрийн өмчийн компани бол тухайн улсынхаа төрийн бодлогыг хэрэгжүүлдэг субъект гэдгийг санах хэрэгтэй. Харин аж ахуйн нэгж, хувьцаат компани байвал тэр нь зах зээлийнхээ ном журмаар ажилладаг хэвийн байгууллага. Ийм компаниудтай хамтарч ажиллахад манай засаглалд ч сайнаар нөлөөлнө.
Э.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Tuesday, 6 August 2013

Ч.Хашчулуун: Популизмаас болж зах зээлгүй, мөнгө ч үгүй үлдэх аюул бий



Монгол Улсын эдийн засгийн салбарт сүүлийн үед тааламжгүй үзэгдлүүд харагдах болсон. Гадаадын хөрөнгө оруулалт багасч, экспортын орлого хумигдаж, валютын ханш чангарч болсон. Тиймээс эдийн засагт болж байгаа үйл явдлын талаар МУИС-ийн ЭЗС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч. Хашчулуунтай уулзаж ярилцлаа.

-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргынхаа ажлыг өгөөд цөөнгүй хугацааг үдлээ. Та одоо юу хийж байна даа?
-Монгол Улсад өөрийн гэсэн эдийн засгийн, хөгжлийн бодлогын анхны урт хугацааны стратеги буюу Үндэсний хөгжлийн цогц бодлого 2008 онд Их Хурлаар батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо үгүйлэгдэж байхад миний бие МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад Засгийн газарт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог байгуулан удирдах, эдийн засаг, хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэлтийг уялдуулан зохицуулах цоо шинэ тогтолцоог бий болгох үүрэг авсан.

Энэ чиглэлээр ажиллахдаа эдийн засгийн төрийн захиргааны байгууллага буюу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог зах зээлийн эдийн засгийн нөхцөлд шинээр байгуулж Монголажиллуулах, өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн яамыг үүсгэн байгуулах, Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн стратегийн бодлогыг боловсруулах, түүнийг дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөр бататган хэрэгжүүлэх суурь ажлыг удирдаж ажиллалаа. Бидний ажлын үр дүнд Монгол Улсын анхны дунд хугацааны 2012-2016 оны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Засгийн газраар батлагдаж, санхүүжүүлэхийн тулд төсвийн санхүүжилтийг хөгжлийн бодлоготой илүү уялдуулсан шинэ төсвийн тогтолцоотой болох, хөгжлийн санхүүжилтийн цоо шинэ институци буюу өнөөгийн Хөгжлийн банкийг байгуулж, төрөөс гаргах бондын санхүүжилтийг гүйцэтгэх, хянах, зохион байгуулах, том утгаар уул уурхайгаас олсон орлогыг улсын хөгжил рүү чиглүүлэх шинэ тогтолцоог бий болгох, хувийн хэвшлийг улсын хөгжилд татан оролцуулахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоо буюу Концессийн системийг Монгол Улсад бий болгоход Засгийн газрын зүгээс ажиллаж хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог бий болгоход нилээд их ажилласан. Улсад хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цоо шинэ тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж 2012 оны сонгуулийн дараа хорооны тамгыг шинээр байгуулсан Эдийн Засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярт гардуулаад академик ажилдаа орсон. Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуульд багшилж судалгаа хийх, эдийн засгийн бодлогын чиглэлээр гадаадад, дотоодын хэвлэлд өгүүлэл бичиж, олон улсын хуралд илтгэл хэд хэдэн удаа тавьсан бөгөөд ноднин АНУ-ын Эмори их сургууль, Нээлттэй нийгэм форумаас эмхлэн гаргасан “Социализмын дараах Монгол” гэсэн номонд өгүүллээ гаргаж, энэ онд Кембрижийн их сургуулиас гаргаж гэж байгаа номонд өөр нэг өгүүллийг гаргах гэж байна. МУИС-ийн Эрдмийн зөвлөлд сонгогдож, их сургуулийн академик болон олон нийтийн ажилд зүтгэж байна. Түүнээс гадна төрийн бус байгууллагад ажиллаж, олон нийтийн ажлыг бас хийж байгаа. Олон улсын байгууллагын шугамаар судалгаа хийж, томоохон хөрөнгө оруулалтын төслийн зөвлөхөөр ажиллах зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд орлоо.

-Таныг улстөрч гэхээсээ илүү эдийн засагч гэдгээр олон нийт танина. Засаг төр солигдоод нэг жил өнгөрлөө. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогуудыг хэрхэн дүгнэж байна. Шинэчлэлийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж та бодож байна?

-Шинээр байгуулагдсан Засгийн газрын хувьд миний бодлоор 2008-2012 онд бэлтгэсэн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гол ажлууд үргэжлэн хэрэгжиж, Монгол Улсын төрийн бодлогын залгамж шинж чанар тодорхой хэмжээнд хадгалагдаж, бидний үед зорьж байгуулсан эдийн засаг, хөгжлийн бодлого боловсруулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоо ажиллаж эхэллээ. Мэдээж цоо шинэ тогтолцоо учраас шууд ямар ч алдаагүй ажиллана гэж байхгүй, гэхдээ шинэ тогтолцооны суурийг өмнөх Засгийн үед байгуулчихсан учир шинэ Засгийн газарт цаг хугацаа алдахгүй улсын хөгжил, бүтээн байгууллалтыг өрнүүлэх боломжийг олгосон гэж бодож байна.Энэ бол маш чухал асуудал. Өмнө нь олон жил олон улсын байгууллага, гадаадын зөвлөхүүдийн заавраар явж ирсэн Монгол Улсын хөгжлийн бодлогыг монголчууд бид өөрснөө зангидах, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ өөрсдөө босгох, хэнээр ч залгахгүй хэрэгжүүлэх систем маань ҮХШХ-ны үеэс төрж, одоо улам бойжин хөгжиж байна. Одоо үүний хуулийн эрх зүйн үндэслэл, нөхцөлийг ньулам бэхжүүлж Стратегийн төлөвлөлтийн тухай хуулийг батлуулах хэрэгтэй гэж санагддаг. Энэ нь бол эдийн засгийн бодлогын Монгол Улсын хар хайрцагны тогтолцоог иж бүрэн болгоно гэсэн үг.

-Тэгвэл өмнөх Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн бодлого дээр Шинэчлэлийн Засгийн газар тоглолт хийж байна гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулаггдаг учир өмнөх үед бэлтэгсэн бодлого, стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тодотгох, өөрчлөн шинэчлэх ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж ойлгож байна. Өмнөх Засгийн газрын үед 2008-2009 оны эдийн засгийн хямралыг нэг жилийн дотор даван туулж өсөлтийг -1.6 хувиас 2010 онд 6.4 хувь болгосон юм. Цаашлаад эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх хэмжээнд 17.5 хувьд хүргэж, жилд дөрвөн тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Ядуурлыг 39-26 хувь хүртэл бууруулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жилд Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьж чадсан гэж боддог. Ингэснээр дараагийн Шинэчлэлийн Засгийн газрын хувьд Монгол Улсыг цаашид улам хөгжүүлэх, эдийн засгийг шинэчлэх өмнө нь байгаагүй түүхэн боломж, нөхцөл бүрэлдлээ. Шинэ Засгийн газрын хувьд хөгжлийн тогтолцоо, стратеги нь бэлэн, мөнгө босгох боломж нь бүрдсэн, хөрөнгөө гаднаас татсан ч түүнийг мэргэжлийн түвшинд захиран зарцуулах хөрөнгө оруулалтын зориултын тусгай бүтэц болох эдийн засгийн төр захиргааны төв байгууллага ( ЭЗХЯ), Хөгжлийн банк нь ажилдаа орчихсон, төсөв нь өмнөх үеэ бодвол хөгжлийн бодлогой илүү нягт уялдсан зэрэг давуу талууд байна. Үүнийг зөв бодлогоор чиглүүлээд авч явахад амжилтад хүрэх бололцоо их бий. Өмнөх Засгийн газар дөнгөж анхны бондоо гаргангүүт сонгуультай золгосон тул бүтээн байгуулах ажлыг дараагийн Засгийн газар хэрэгжүүлэх болсон.

-Тухайн үед эдийн засгийн өсөлт өндөр гарсан ч одоо бол зарим нэг сөрөг үзэгдлүүд ч гарах болсон шүү дээ. Эдийн засаг сайн байгаа гэж би хувьдаа бодохгүй байна. Уул уурхайн төслүүд таг зогслоо. Энгийн иргэдийн амьдралд эдийн засаг сайнгүй байгаа нь мэдрэгдээд л байна шүү дээ?
-Гэхдээ бүх юм сайн байна гэж хэлж болохгүй. Юуны өмнө бизнесийн орчинд залруулах, сайжруулмаар зүйл нилээд их гарч байгаа юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, зах зээлийн эдийн засагт тохирсон оновчтой төрийн оролцоо, зохицуулалт улам их хэрэгтэй байна. Нэгэнт Монголын хувийн хэвшил сүүлийн дөрвөн жил өсөн бойжиж, олон зуун сая долларын хөрөнгө оруулалт хийж эхлээд үйлдвэр, цахилгаан станцууд, дэд бүтцийн томоохон объектуудыг байгуулж эхэлсэн тул түүний төрийн зохицуулалт мөн л боловсронгүй болох хэрэгтэй байна. Урьд нь яагаад энэ асуудал төдийлөн гардаггүй байсан бэ гэвэл манай хувийн хэвшил өмнөх 20 жил томорч амжаагүй байсан. Харин 2008-2012 онуудад Монголын компаниуд үсрэнгүй хөгжиж, томоохон дэд бүтэц, хот байгуулалт, аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчийн төслүүдийг хэрэгжүүлдэг боллоо. Тэгэхлээр бизнесийн орчны асуудал мэргэжлийн хяналтын нэг байцаагч лангууны түрээслэгчийг дарамтлах төдийн хүрээнээс хальж, улс орны хөгжлийн томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийг хувийн хэвшлээс хэрэгжүүлэхэд төр хэрхэн үүнийг зөв зохицуулж чадах вэ гэсэн байдлаар хувирлаа. Хуучны хэт их захиргаадалт, төрийн дарамт, аливаа судалгаа, үндэслэлд суурилаагүй улс төрөөс шинжтэй бизнесийн шийдвэрүүд дотоод бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт ихээхэн цаг хугацааны болон мөнгөний хохирлыг бий болгох, ажлыг зогсоох, урамыг нь хугалах аюултай боллоо.

-Бизнесийн орчин муудчихлаа. Үүнийг сэргээх боломж байна уу?
-Тиймээс бизнесийн орчинг эргэж сайжруулах хэрэгтэй болж байна. Ганц жишээ хэлэхэд, өмнөх Засгийн газрын үед бэлэн болчихсон байсан ТЭЦ-5 төслийн хувьд шийдвэрүүд нь өөрчлөгдөж, хувийн хэвшлийнхэн байгуулж байсан Өмнөговийн төмөр замын ажлыг төрийн мэдэлд ямар нэгэн үндэслэлгүй шилжүүлэн авч татвар төлөгч нарын нуруунд үүрүүлэх боллоо. Энэ хоер шийдвэр гэхэд л манай эдийн засагт орж ирэхэд бэлэн байсан хоёр тэрбум ам.долларын урсгал, бүтээн байгуулалтыг хаачихлаа.

Хоердугаарт, томоохон хөрөнгө оруулалт хийж хүнд аж үйлдвэр, дэд бүтцийг босгох үед төрөөс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг илүү дэмжих, баталгаажуулах, эрсдлийг нь бууруулах шаардлагатай болж байна. Манай санхүүгийн зах зээл жижигхэн болохоор аливаа томоохон бүтээн байгуулалт дэлхийн зах зээл, олон улсын санхүүгийн зах зээлтэй шууд уялдаатай болсон. Хэрэвзээ засаг солигдох болгонд өмнөх засгийн шийдвэрийг өөрчлөөд байвал хувийн хөрөнгө оруулалт орж ирэхээ болино шүү дээ. Гэтэл зөвхөн 2012 онд Монгол Улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалт нь 66 хувьтай тэнцэж байгаа юм. Хэрэв бизнесийн орчин муудаж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг гадуурхан шахах юм бол бид ердөө л төсвөөс санхүүжүүлсэн нийт хөрөнгө оруулалтын 16 хувьтай  үлдэнэ. Иймээс бизнесийн орчин бол зүгээр нэг жижиг асуудал биш, Монгол Улс хөгжих үү эс хөгжих үү гэдгийн зангилаа цэг болж хувирлаа. Энэ бодлогоо оновчтой явуулсан тохиолдолд төр хувийн түншлэл нь зөв гольдролд орж, улсын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж олон мянган ажлын байр бий болж, ядуурал буурч, төсвийн мөнгө ч хэмнэгдэж, улсын хөгжил хурдасна. Эс тэгвэл ганц төрийн мөнгө, төрийн шийдвэрээр улс хөгжиж чадахгүй нь өнөөгийн Монголын онцлог болсон байгаа шүү дээ.

-Монгол Улс өнгөрсөн жил түүхэнд байгаагүй их мөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон. Чингис бондыг гаргаснаар Монголын эдийн засагт ямар эерэг бөгөөд сөрөг үр дүн гарч байна вэ. Энэ бондын зарцуулалтын талаар таны бодлыг сонирхмоор байна?
-Монгол Улс уул уурхайгаас олж байгаа орлогоо өөрийн хөгжилд зарцуулах, дэд бүтцээ чанарын шинэ түвшинд гаргах, аж үйлдвэр, шинэ салбаруудыг хөгжүүлэх бодит хэрэгцээ байна. Бондын хувьд гэвэл энэ бол өмнөх Засгийн газраас үргэлжлэн хийгдэж байгаа ажлын нэг гэж бодож байна. Анх Хөгжлийн банкнаас бонд гаргаж, улмаар улс өөрийн бондыг гаргаж хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж байна гэж ойлгож болно. Тиймээс үүний эерэг тал гэвэл ихээхэн удаашралтай байдаг, хэт их улстөржсөн төсвийн санхүүжүүлэлттэй харьцуулахад бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нөхцөл нь тэс өөр, улс төрөөс харьцангүй ангид, цаг хугацаа бага шаарддаг, шуурхай, уян хатан, бодлогтой бүрэн нийцсэн, Хөгжлийн банкаар дамжсан тохиолдолд мэргэжлийн хөрөнгө оруулалтын багийн хяналт, удирлагын дор явагддаг давуу талтай байж болох шинэ тогтолцоог ашиглаж байна. Энэ нь төсвөөр дамжиж, Их Хурлаас ихээхэн шалтгаалдаг, удаан хэрэгждэг төсвийн санхүүжүүлтээс арай ялгаатай зүйл юм. Иймээс 2012 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран ямар ч тохиолдолд энэ бондыг гаргах шаардлагатай байсан, энэ утгаараа хийгдэх естой ажлуудын нэг, сайн ч хийгдсэн гэж бодож байна. Ямар ч улс эрчимтэй хөгжлийн гараан дээр мөнгөний их дутагдалтай байдаг, Монгол Улс олон жил олон улсын байгууллагуудаас мөнгө зээлж, харин оронд нь тэдгээрийн зүгээс тавьдаг бодлогын зүйлсийг хэрэгжүүлэх шаардлагатай тулгардаг байсан. Одоо бол тийм шаардлагыг биелүүлэх хэрэггүй, өөрийн гэсэн бодлогоор хөгжих бололцоо байна. Гэхдээ хэрэгжилтийн хувьд сөрөг талууд бас үүсдэг. Нэг нь цаг хугацааны асуудал. Монголын онцлогоос болж бүтээн байгуулалт хавар эхэлдэг тул намар их мөнгийг зээлээр авах нь төдийлөн оновчгүй. Энэ их мөнгийг босгоод арилжааны банкуудаар эргэлдүүлсэн ч тэдэнд ийм их хөрөнгөөр санхүүжүүлэх бэлэн төслүүд байдаггүй, хувийн хэвшлийнхэн сул зогсолтын хүүг бодоод тийм зээл авахгүй. Тийм учраас ажлын бэлтгэлээ сайн базааж, төслүүдийн бэлтгэл ажлаа өвөл хийгээд бэлэн болонгуут мөнгөө босгох нь илүү оновчтой гэж бодож байна.  Хоердугаарт, аливаа томоохон хөрөнгө оруулалтыг хийхдээ түүнийг бодлого, стратегийг урьдчилан хэлэлцэж тохироод, бизнес төлөвлөгөөгөө батлаад дараа нь мөнгөө босгоод хэрэгжүүлэх нь цаг хугацаа алдахгүй, хүүгийн алданги багасгах бололцоотой байдаг. Өөрөөр хэлбэл, бондоор хэрэгжиж байгаа төслүүд заавал бондоор хэрэгжих шаардлагатай байсан уу үгүй юу, төсвийн хямд эх үүсвэрээр хийх бололцоогүй байсан юм уу мэт хэрэгжилтийн хувьд асуудлууд байгаа болов уу.

-Шуудхан асуухад Чингис бондыг гаргах зөв байсан уу. Зарим хүн үүнээс болж гадаад өр нэмэгдлээ гээд шүүмжлээд байгаа?
-Хөгжлийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоонд өмнө нь ганц төсөв байсан үетэй харьцуулахад зарчмын хувьд олон сонголт бий болж байгаа юм. Аливаа төслийг эсвэл улсын төсвөөр, эсвэл төр хувийн түншлэлээр, эсвэл Хөгжлийн банк буюу улсын бондоор, хамгийн сүүлд нь бодлогын дэмжлэг үзүүлж хувийн хөрөнгө оруулалтаар хийж болно. Эдгээрээс хамгийн хямд нь төсөв, хамгийн үнэтэй нь бонд. Тиймээс улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний эх үүсвэрүүдийг хуваарилахад өгөөж багатайг аль болохоор төсвөөр, эргэн төлөгдөх боломжтой, дундаж өгөөжтэй төслүүдийг Хөгжлийн банкаар, харин хамгийн ашигтай төслүүдийг нь төр хүвийн түншлэл буюу гадаад дотоодын хувийн мөнгөөр хийвэл оновчтой гэж үздэг. Энэ удаа бондын мөнгөөр хийсэн төслүүдийг харахад цаг хугацааны хувьд бондын санхүүжилтийн шуурхай давуу талыг ашигласан болов уу. Гэхдээ зарчмын хувьд бондыг гаргах зөв, цаг хугацаа, хэрэгжилтийн хувьд анхаарах зүйлс байгаа гэж бодож байна.

-Чингис бондын мөнгийг төмөр зам тавих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барихад зарцуулна гэсэн. Үнэхээр тэр томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт болж чадаж байгаа болов уу?
-Сайншандын төслийн хувьд илүү хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж хэрэгжүүлэх болов уу гэж бодож байна, иймээс бондтой шууд холбоогүй байх. Манайд аж үйлдвэрийн, ашгийн төлөө төслүүдийг улс биш, хувийн хэвшлийнхэн хийдэг жамтай, төрөөс харин дэд бүтэц мэт ашиггүй боловч заавал байх естой нөхцөлийг бүрдүүлэх тогтолцоотой гэж хэлж болно. Иймээс хүнд аж үйлдвэрийн хувьд улсаас дэд бүтцийг аж үйлдвэрийн паркын хэлбэрээр бэлтгэж өгөөд, зөвхөн Сайншанд бус, Дархан, Багануур зэрэг газарт тэгээд түүнд хувийн хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих нь илүү оновчтой. Төмөр замын хувьд хувийн хэвшлийн хийж байсан ажлыг тэр чигээр үргэлжүүлээд явуулсан бол одоо түүнийг ямар ч хэрэгцээ байхгүй байхад ажлыг нь зогсоож улс өөртөө аваад өөрөө 400 тэрбум төгрөг зарцуулах болсон нь оновчгүй шийдвэр гэж бодож байна. Тэгээгүй бол тэр их мөнгөөр хувийн хэвшлийн хар төмөрлөгийн төслүүдийгдэмжих, нефть боловсруулах, зэс хайлах үйлдвэрүүдээ байгуулах, илүү үр өгөөжтэй, нэмүү өртөг бий болгох аж үйлдвэрийн төсөлд зарцуулах боломж гарах байлаа.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт эрс буурлаа. Экспортын орлогоос орох мөнгөний хэмжээ багаслаа. Дэлхийн зах зээлд баялгийн үнэ унаж байгаагаас болж экспортын орлого буурлаа гэж бодьё. Тэгвэл яагаад гадаадын хөрөнгө оруулалт багасгав аа?
-Гадаадын хөрөнгө оруулалт багассан өмнөх жилд батлагдсан Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын хуультай шууд холбоотой. Монголын эдийн засгийн багтаамж нь жижиг, дээрээс нь дэлхийн зах зээлд борлогдох бараа гэвэл голдуу эрдэс баялгийн бүтээгдэхүүн байгаа, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр мэт байдаг учраас хөрөнгө оруулалт эхний ээлжинд энэ салбарт л ордог. Монголд хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85  орчим хувь нь энэ салбар руу чиглэдэг. Гэтэл энэ хуулиар тус салбарт хөрөнгө оруулалт хийх бололцоог нилээд их хязгаарласан, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг, урьд нь байгуулсан томоохон төслүүдийн тогтвортой байдлыг гэрээг бүхэлд нь популист маягаар шүүмжилж эхэлсэн. Ингэснээр 2011-2012 онуудад жилд 3-4 тэрбум ам доллар орж ирж байсан урсгал хэдхэн сарын дотор 60 орчим хувиар багассан. Угаасаа дэлхийн зах зээлд таагүй нөхцөл бүрэлдэж эхэлсэн байхад сонгуулийн дараахи гадаад хөрөнгө оруулалтын манай өөрийн орчин эрс муудаж, зөвхөн гадаадын бус, дотоодын хөрөнгө оруулагч нар хүртэл үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ.

Зэс, алт, нүүрс бол зөвхөн Монголд байдаг зүйлс биш, дэлхийн зах зээл дээр түүнийг нийлүүлэхэд бэлэн өчнөөн олон улс байна. Монгол дэлхийн эрдэс баялгын зах зээлээс гараад, гадны хөрөнгө оруулагч нарыг шахах юм бол Индонези, Орос, Австрали бүгд баяртайгаар тэр мөнгийг нь аваад нөгөө л нүүрс, зэсээр хангахад бэлэн байна, тийм ч байдал ажиглагдаж байна. Орос Улс гэхэд л саяхан Тувагийн агуу их нүүрсний Элегестийн уурхайгаас бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэх төмөр замын ажлаа хурдасгаад бүр Монголын нутгаар дамжуулах саналыг хүртэл тавьсан байна, Эрдэнэтээс дутахгүй том зэсийн уул уурхайн баяжуулах Михеевскийн ГОК-ийг энэ жилийн 9-р сард ашиглалтанд оруулж Komatsu, Atlas Copco, Pettibone, Metso Minerals Inc., Outotec зэрэг компаниудыг татан оролцуулаад, Казахстанд мөн л асар том зэсийн баяжуулах Бозшакелийн ГОК-ийн төслийг Павлодар мужид эхлүүлээд байна. Эдгээр төслийн гарц нь бүгд Монголын бүтээгдэхүүнтэй шууд л дэлхийн зах зээлд өрсөлдөх болно. Иймээс эрдэс баялгын салбарт бид хөрөнгө оруулагч нарыг шахаад л, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхгүй юм бол сүүлд нь хөрөнгө оруулалтгүй, экспортлох зах зээлгүй үлдэнэ шүү. Ийм тохиолдолд төсвийн орлогыг бүрдүүлэх боломж нь хомс болж, бүтээн байгуулалтын ажлыг ч хийж чадахгүй, дэлхийн зах зээлээс мөнгө босгосон ч түүнийг эргэн төлөх боломжгүй болно.

-Монголчууд бид баялгийг маань цөлмөлөө гээд яриад байдаг. Гэтэл Монголын ашигт малтмал дэлхийн зах зээлээс шахагдсаар л байна?

-Манайд зарим нь уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал боловсруулж зах зээлд гаргах хэрэгтэй гэж ярьдаг ч улс ч бай, хувийн хэвшил ч бай, эдгээр боловсруулах аж үйлдвэрийг байгуулах ядаж эхний ээлжийн хөрөнгөтэй болох естойг дурддаггүй. Гэтэл тэр хөрөнгө нь эхний ээлжинд түүхийн эдийн экспортоос л орно шүү дээ. Тэгээд энэ популизмаас болж эцэст нь эрдэс баялгийн зах зээл ч үгүй, нөгөө боловсруулах үйлдвэрийг байгуулах мөнгө ч үгүй ч үлдэх аюул байгаа. 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу бол эхлээд томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, дараа нь түүний орлогоор боловсруулах аж үйлдвэрийг босгох дэс дарааллыг заасан байгаа. Энэ бол хамгийн зөв бодлого бөгөөд бид одоо эдгээр стратегийн ордуудаас дөнгөж эхнийх болох Оюутолгойг л ашиглаж эхлээд нүүрсний маш жаахан хэмжээг буюу ердөө л 25 сая тонныг жилд арайхийж гаргаад байна. Харьцуулахад Австрали улс 2011 онд эрчим хүчний нүүрсний 148 сая тонн, төмөрлөгийн салбарт ашиглах нүүсний 218 сая тонн, нийтдээ Монголоос арав дахин их, 366 сая тонн нүүрсийг Хятад, Япон, Солонгос руу гаргаад 40 тэрбум долларын орлого олсон байна. Индонези 316 сая тонн нүүрсийг экспортлосон байхад, ОХУ 122 сая тонныг дэлхий зах зээлд 2010 онд гаргажээ. Эдний дэргэд манай улс өчүүхэн хэмжээний нүүрсийг экспортлож байгаа бөгөөд манай улс зах зээлд ойрхон гэсэн манай давуу талаас бүгд болгоомжилж, Монгол хүчтэй өрсөлдөгч бүү болоосой, манай зэс, нүүрсний экспорт бүү нэмэгдээсэй, дэд бүтэцгүй, төмөр замгүй байгаасай л гэж бодож байгаа. Иймээс Монгол Улс гагцхүү зөвхөн өөрийн эрх ашиг, өөрийн хөгжилд тэргүүн ач холбогдол өгч, Оросын төмөр замын стандартыг нэвтрүүлж бусдад таалагдах зэрэг утга багатай юманд цаг хугацаа алдалгүй, популистуудыг үл сонсож, уул уурхайн салбар, түүний экспортын дэд бүтцээ өөрийн бодлогын дагуу хөгжүүлж, төсвийн орлогыг эрс нэмэгдүүлэх нь өнөөгийн бодлогын гол зорилт гэж бодож байна. Эс тэгвэл манайд түүний алдагдсан орлогыг нөхөх өөр эх үүсвэр байхгүй, уул уурхайгаас олох орлогыг богино хугацаанд нөхөх боломж байгаа гэж ярьж байгаа нь бодит байдалтай холбоогүй байгаа юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг ашиглаж, хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн орчноо сайжруулж, хөрөнгө оруулагч нартай нягт ажиллах, тэдгээрийг өргөнөөр татан оролцуулж, баталгааг гаргаж өгөх, өмнө байгуулсан гэрээнүүдээ биелүүлж, шинэ гэрээнүүдийг байгуулах бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна.

Юуны өмнө Тавантолгой ордын асуудал байна, 10 жил ямар ч ахицгүй байгаа Асгатын уурхай болон стратегийн ач холбогдолтой бусад ордын асуудал байна. Эдгээр ордыг ашиглалтад оруулах юм бол Монгол Улс төмөр зам, дэд бүтэц, орчин үеийн технологи бүхий аж үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгөтэй болно. Харин хөгжлийн гараан дээрээ хөрөнгө оруулагч нараа хөөгөөд гаргачихвал бид бусдыг хөгжлөөр гүйцэж түрүүлэх битгий хэл, улам их хоцорно. Монголын уул уурхай одоо дөнгөж гараанаас гарах гэж байна.

-Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихлоо. Уул уурхайгаас олдог байсан мөнгө байхгүй болчихлоо.  Тэгэхээр Монгол Улс хэрэгтэй мөнгөө яаж олох вэ?
-Уул уурхай бол Монголын уламжлалт салбар. Бүр эрт дээр үеэс төмөр хайлуулж байсан, 20-р зууны эхээр алтны томоохон уурхайнуудыг нээж байсан. Эрдэнэт зэрэг томоохон уул уурхайн төслүүд Монголын хөгжлийг сүүлийн 40 жил авч явлаа. Аль ч улсад өөрийн гэсэн давуу тал байдаг, Монголын хувьд хүссэн ч хүсээгүй ч, зах зээлийн байршил, далайд гарцгүй байдал, өөрийн нөөц боломж, боловсон хүчин бэлтгэгдсэн байдал зэрэг олон талыг бодоход энэ бол уул уурхай юм. Канад, Норвеги, Индонези, Австрали, сүүлийн үед Тимор, Эритрей, Мьянмар зэрэг хөгжингүй болон хөгжиж бүй улсууд энэ салбарт идэвхтэй ажиллаж байна. Монголын хувьд уул уурхай бол яах аргагүй хөгжлийн нэг гарц байгаа юм. Жишээ нь, Монголын экспортын 90 хувьбуюу  гурван тэрбум  ам.долларыг эрдэл баялгийн салбар авчирч байна. Маргааш үүнийг экспортлохгүй гэвэл  гурван тэрбум ам.долларын мах, сүү, ноос ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлэх чадвар ч байхгүй, түүнийг ийм их хэмжээнд авах зах зээл ч байхгүй. Бид хүнд аж үйлдвэрийг хөгжүүлсэн ч тэр бүтээгдэхүүн эхний ээлжинд мөн л нөгөө зэс, төмөр, нүүрсний гаралтай бүтээгдэхүүн байна. Тэгэхлээр уул уурхайгаас өөр ийм их хэмжээний орлогыг бий болгох салбар манайд одохондоо алга, ойрын жилүүдэд бий болохгүй. Иймээс уул уурхайг хөгжүүлж түүний орлогоор дэд бүтэц, аж үйлдвэр, шинэ салбаруудаа хөгжүүлэх нь хөгжлийн цорын ганц зам гэж бодож байна.

-Монголчууд нүүрсээ үнэд хүргэх гэж хав дарсаар байтал дэлхийн зах зээлд баялгийн үнэ бүр унасаар л байна. Монголын нүүрсийг үнэд хүргэх ямар гарц байна?
-Нүүрс бол дэлхий хувьд ч, Монголын хувьд хангалттай байгаа нөөцүүдийн нэг. Үүнийг зах зээлд гаргахгүй гэвэл өөрөөр ашиглах хангалттай том зах зээл дотоодод байхгүй. Монголын хувьд зэсийг эс тооцвол экспортыг нэмэгдүүлж улсад нэмүү өртгийг бодитойгоор нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгох ганц үлдэж байгаа боломж нь нүүрс л байгаа юм. Иймээс энэ нүүсний ядаж жаахан хэсгийг ч чулуу болгож зах зээлд борлуулах нь шаардлагатай. Нүүрсний экспорт тэгэхлээр улсыг ойрын үед хөгжүүлэх ганц бодит боломж бөгөөд үүнд манай өрсөлдөх чадвар асар чухал болж байгаа юм. Дэлхийн нүүрсний зах зээлд Австрали, ОХУ, Индонези зэрэг орон ноёлж нийтдээ зах зээлийн 63 хувийг 2010 оны байдлаар эзлэж 766 сая тонн нүүрс экспортлосон байхад Монгол Улсын хувь дөнгөж зах зээлийн 1.5 хувьтай тэнцэж байна. Үүнийг ядаж таван хувь болговол манай бүтээн байгууллалтын санхүүжилтийн ихэнхийг нүүрснээс олж болно. Гэвч энэ бол зүгээр бэлэн байдаг, Монголыг л хүлээгээд байдаг зах зээл биш, манай өрсөлдөгч орнууд бүгд л адил нүүрсээ борлуулж мөнгө болгохыг хичээж байгаа.

Тиймээс манай экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зардал багатай, экспортын зах зээлд ойрхон тээврийн гарц маш их хэрэгцээтэй байна. Орос Улс гэхэд л жилд 18 сая тонн нүүрсийг зөвхөн нэг Эльгийн ордоос экспортлох, Тувагийн 14.2 тэрбум тонн нөөцтэй буюу манай Тавантолгойгоос бараг гурав дахин томЭлегестийн уурхайгаас 410 км хэдхэн жилийн дотор төмөр замыг барьж жилд 27 сая тонныг экспортлох гэж 195 тэрбум рубль буюу зургаа гаруй тэрбум ам доллартай тэнцэх асар их хөрөнгийг зарцуулах гэж бэлдээд Хятадын зах зээлийн төлөө өрсөлдөхгэрээ хэлэлцээрээ байгуулаад л байна. Нүүрсний дэлхийн зах зээлийн Монголын 1.5  хувийг эзлэх сонирхол юуны өмнө ОХУ, түүний дотор Тувад хөрөнгө оруулж байгаа оросын томоохон компани Байсаров, “Мечел“ тэргүүтэй хөрөнгө оруулагч нарт маш их байгаа болов уу, гэтэл зах зээлээс 280 км зайтай байгаа Монголын хамгийн том нүүрсний уурхай зах зээлийн хажууд байж түүнд бараагаа худалдах боломжоо өдөр ирэх тутам алдаж байна.

-Манай  улстай өрсөлдөгчийн тоо нэмэгдсээр байна. Монголын нүүрсний экспортын хэмжээ буурч байхад хойд хөршийнх мааань улам бүр нэмэгдээд л байна шүү дээ?

-Манай төмөр зам баригдаагүйгээс болж нүүрсний экспортын тээврийн зардал улам нэмэгдэж байгаагаас болж энэ жил Тавантолгойгоос нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орж, экспортыг нэмэгдүүлэх битгий хэл, өнгөрсөн оны түвшинд гаргах боломжгүй боллоо. Саяхан гэхэд улсын Тавантолгой том оврын ачааны машинаар нүүрсийг тээвэрлэх боломжгүй боллоо гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гэтэл төмөр зам баригдаагүй байхад өөр ямар тээвэрлэх боломж байгаа билээ.

Засгийн газар аль 2008 онд экспортын төмөр замыг ач холбогдлыг ойлгож, экспортын төмөр замыг Тавантолгойгоос БНХАУ-ын зах зээл рүү хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2009 онд Өмнөговийн дэд бүтцийн хөгжүүлэх төлөвлөгөө, түүний дотор экспортын зориулалттай төмөр замыг нэн тэргүүнд байгуулах саналыг Засгийн газраар хэлэлцүүлсэн бөгөөд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын талаар баримтлах бодлогод экспортын төмөр замыг байгуулахасуудал Их Хурлаар батлагдсан байхад одоо хүртэл энэ төмөр зам баригдаагүй бөгөөд харин ч бүүр эсрэгээр тус төмөр замыг байгуулах анхны шийдвэр нь 2012 оны сонгуулийн дараа цуцлагдсан байгаа. Хэдийгээр одоо түүнийг улсын мөнгөөр байгуулах болоод бондны хөрөнгийн нилээд их хувийг үүнд шингээж байгаа ч гэсэн цаг хугацааны хувьд асар их цаг хугацаа, төсвийн орлогын боломжийг алдлаа. Тухайлбал, 2008 онд байгуулах гэж байсан төмөр замын хүчин чадал жилд 30 сая тонн байсан бөгөөд улсаас нэг ч төгрөг зардлыг гаргуулахгүйгээр байгуулах байсан. Энэ төмөр замын ажил нь хэвийн явагдсан бол аль 2011 онд гэхэд л Монгол экспортын төмөр замтай болж, жилд 25 сая тонн биш, 50-60 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсний экспортыг хийж, нүүрснээс олох улсын орлого 2011-2012 онд төлөвлөсөн 1.4 их наяд төгрөг биш магадгүй түүнээс илүүбайж, Чингис бондоор босгосон 1.5 тэрбум ам доллараас хол давах байсан байх. Дэд бүтцийн сул хөгжил ийнхүү асар их алдагдсан боломжийн хохирлыг учруулж, улмаар өнөөгийн төсвийн алдагдалтай байдалтай тулгарах, гаднаас бондоор мөнгө зээлж энэ төмөр замыг босгох, өрөнд орох далд нөхцөл болсон ч байж болно. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд байнга хэлбэлздэг учир нь үнэ нь буурсан байхад зөвхөн тээврийн зардал багатай, үнээр өрсөлдөх чадвар бүтээгдэхүүн л зах зээлд борлогдоно. Одоогийн байдлаар эсрэгээр манай нүүрс зардал ихтэй болж, зах зээлээс шахагдах тал руу л явж байна.

-Тавантолгой төсөл бүтэл муутай байгаа. Иргэн бүрт бэлэглэсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны сураг ажиг ч алга. “Эрдэнэс Тавантолгой” компани маш их хэмжээний өрөнд уналаа. “Чалко”-той хийсэн гэрээ үнэхээр муу байснаас энэ компани өрөнд орсон уу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд бүтээгдэхүүнээ экспортлох ямар ч дэд бүтэц, дээр дурдсан төмөр зам байхгүй байхад ашиг гаргах битгий хэл, хэвийн үйл ажиллагааг ч явуулах бэрхшээлтэй. Тиймээс зөвхөн тээвэрлэлтийн дэд бүтцийн асуудал, улмаар нүүрсийг боловсруулах үйлдвэрийн асуудал шийдэгдэж, энэ төслийн үр ашгийн тухай тодорхой ярьж болно. Гэрээний хувьд гэвэл цэвэр зах зээлийн жамаар байгуулсан гэрээ гэхээс илүү ЭТТ, Чалко гэсэн хоер улсын үйлдвэрүүдийн хооронд байгуулсан гэрээ гэж үзэх нь зүйтэй байх, дээрээс нь түүнийг хамтарсан Засгийн газар дэмжсэн. Нүүрсний үнэ байнга хэлбэлздэг учраас тухай үеийн гэрээний 70 доллар өнөөгийн 40 доллараас ч илүү ашигтай байж болно, тухай үеийн 80 доллараас бага байсан ч нийт гэрээний хугацаанд л дүгнэнэ. Гэхдээ тус гэрээг байгуулах шаардлага нь цаанаас богино хугацаанд их орлого олох зорилго байсан болохоор түүнд нийцэж үнийг тохирсон болов уу. Хамтарсан Засгийн газар Хүний хөгжил санг байгуулж, түүнд орлогыг нь урьдчилан байршуулж иргэн болгонд хишиг хүртээх гэж урьдчилж нүүрсийг борлуулсан. Үүнд гол нь нөгөө л тээвэрлэлтийн дэд бүтцийг хөгжүүлээгүйгээс болж, гаргасан нүүрсээ өндөр зардлаар тээвэрлэх болж, зардлын нилээд хэсэг нь үүнд л зарцуулагдсан гэж бодож байна. Хэрэв тээврийн дэд бүтэц (төмөр зам) байсан бол арай хямд үнээр их хэмжээний нүүрсийг борлуулсан ч компани цаана ашигтай гарах боломжтой байх байсан. Нөгөө талаас тус нүүрсийг Чалко гэрээний дагуу Япон, Солонгост нийлүүлж байсан. Энэ бол бас боломжийн хувилбар гэж бодож байна. Эцсийн эцэст Хятадаар л дамжуулж худалдахаас хойш цаашид ч ЭТТ-д Хятадын аль нэг том борлуулагчтай эсвэл худалдан авагчтай гэрээ байгуулах бөгөөд тус гэрээ нь их хэмжээний борлуулалт дээр тодорхой хөнгөлөлттэй байхыг үгүйсгэхгүй. Энэ бол бизнест байж болох л зүйл. Хамгийн гол нь босгосон хөрөнгө нь тус компаний хөгжил, дэд бүтцийн хөгжил биш, нийгмийн шинж чанартай арга хэмжээнд зарцуулагдсанд байгаа юм.

-Эдийн засгийн өнөөгийн хүндрэл өмнөх Засгийн газрын алдаанаас болсон гэж тайлбарлах хүмүүс ч байдаг?
-Миний бодлоор, мэдээж огт ямар ч алдаагүй ажил гэж байдаггүй. Хэрэв алдаа гэвэл юуны өмнө Тавантолгойн экспортын төмөр замыг хугацаанд нь бариулаагүй нь хамгийн том алдаа байх. Харин өмнөх хамтарсан Засгийн газар томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй бол өдийд манай зэс, алтны экспорт нэмэгдэх ямар ч бодит нөхцөл байхгүй байх байсан. Оюутолгойн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, энэ жилийн 2-р хагасаас зэсийн экспорт ихээхэн нэмэгдэх гэж байгаа нь өнөөгийн эдийн засгийн цорын ганц сайн мэдээ байгаа шүү дээ. Мөн өнгөрсөн хугацаанд экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Хөрөнгийн биржийг шинэчлэх, Хөгжлийн банк байгуулах, хөдөлмөрийн зах зээлийг боловсронгүй болгох, МСҮТ-ын тогтолцоог шинэчлэх зэрэг одоо үргэлжилж байгаа олон том ажлын суурийг тавьсан. Хэдийгээр Тавантолгой төмөр замыг байгуулж чадаагүй ч боомтын үйл ажиллагааг өргөтгөх, төр хувийн түншлэлээр томоохон дэд бүтцийн төслүүдийгхэрэгжүүлэх, өнөөгийн аймгуудын төвүүдийг нийслэлтэй холбох замуудын бэлтгэл ажлыг хийж, заримыг нь эхлүүлж, одоогийн яригдаж байгаа бүхий томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг бэлтгэл ажлыг хийж, Монголын түүхэнд хамгийн өндөр өсөлттэй, валютын нөөцтэй, хөгжлийн санхүүжилтийн бэлэн мөнгөтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах үндсэн дээр өнөөгийн яригдаж байгаа томоохон төслүүд, тухайлбал, шинэ онгоцны буудал, нүүрс шингэрүүлэх төслүүд, хүнд аж үйлдвэрийн паркууд, гэр хорооллын орон сууцжуулалт, ТЭЦ-5 зэрэг ажлыг хийж шинэ Засгийн газарт халаагаа өгсөн болов уу. Монголын төрийн бодлогод залгамж шинж чанар зайлшгүй байдаг учраас өнөөгийн бүтээн байгуулалтын суурийг өмнөх засаг тавьж, өнөөгийн Засгийн газар дараагийн засгийн ажлыг бэлддэг ийм л тогтолцоотой гэж боддог.

-Та ҮХШХ-ны даргаар ажиллаж байхдаа бэлэн мөнгө тараахын эсрэг байсан. Хэрвээ тэр их мөнгийг бэлнээр тараагаагүй бол эдийн засаг ийм байдалд орох байсан болов уу?
-Тиймээ, бид нар Засгийн газрын хуралдаан дээр бэлэн мөнгө тараах бодлогыг өөрчлөх, хэрэгжүүлэхгүй байх талаар сайд нарт хандсан боловч үнэхээр улс төрийн тэр том тохиролцоог өөрчилж чадаагүй. Уул уурхайгаас орох орлогыг хэрхэн хүн амдаа, иргэдэд хүртээх асуудал нь одоо ч гэсэн нээлттэй, оновчтой шийдвэрээ олоогүй асуудал хэвээр л байна. Үүнээс олсон сургамж гэвэл, мөнгө тараах нь эдийн засагт ашиггүй, хүмүүсийн сэтгэлд үл нийцэх алхам гэдгийг улстөрчид ойлгож, цаашид энэ популист бодлого хэзээ ч манайд гарч ирэхээргүй болсон болов уу гэж найдаж байна.Нөгөө талаас энэ бодлогыг хэрэгжүүлээгүй Казахстан, ОХУ бол манай энэ туршлагыг бас анхааралтай судалсан, энэ хувилбарыг бас хэлэлцдэг. Хамгийн оновчтой шийдвэр нь зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд л ямар нэгэн байдлаар уул уурхайн орлогоос хүртэхийг нийгмийн бодлогоор дамжуулан зөвшөөрч болох байх, түүнээс өмнөх үе шиг хавтгайруулж болохгүй бодлого болов уу. Харин тухайн үед бэлэн мөнгө тарааж байсан нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоогүй гэж бодож байна. Миний хувьд энэ бодлого алдаатай байсан гэж боддог боловч нөгөө талаас, энэ бол уул уурхайн орлого манай улсад ихээхэн нэмэгдэх үеийн бодлого байсан учраас үүнийг тэр утгаар ойлгож, уул уурхайн орлого буурах үед үүнийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нь тодорхой. Тухайн үед намууд аль болохоор ихийг тарааж амлаж өрсөлддөг байсныг санаж байгаа байх. Одоо харин сонгогчид ухаарч, ийм зүйлд итгэхээ больсон нь харагдаж байна, энэ бас л нэгэн том сургамж, ололт юм.

-Улсын төсөв маш их алдагдалтай байгаа. Гадаад өр ч нэмэгдсэн. Энэ бүхнээс болж  Монголын эдийн засагт хямрал болж магадгүй гэсэн болгоомжлол байна.

-Сонгодог утгаар манай эдийн засаг хямраагүй, эдийн засгийн өсөлт энэ жилийн эхний улиралд 7.2 хувь эхний хагас жилээр 12 хувьтай орчим хувьтай байгаа байх.Энэ бол муу үзүүлэлт биш. Гэвч хүндрэл нь бодит эдийн засагт бус, бизнесий орчинд, дэлхийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал байна. 2008-2012 оны хооронд манай төсвийн орлого зарлага хоёр дахин, мөнгөний нийлүүлэлт 2.5 дахин, валютын нөөц гурав дахин, зээлийн хэмжээ 2.7 дахин, ДНБ хоер дахин өслөө. Энэ бол уул уурхайн салбарын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн санхүүгийн боломжийг даган эдийн засаг эрчимтэй тэлсний шинж. Гэхдээ энэ их өсөлтийг их хэмжээний хөрөнгө оруулалтаар тэтгэдэг. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт/ДНБ-ийн харьцаа 55-64% хооронд болж, энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн шилдэг таван орны тоонд орсны Си-Эн-Эн тэмдэглэсэн байдаг. Зөвхөн 2012 онд манай улсын нийт хөрөнгө оруулалт 2.1 их наядаас 8.5 их наяд төгрөг болж 2009 оноос дөрөв дахин, 2007 оноос долоо дахин өслөө. Тэгвэл нийт хөрөнгө оруулалтыг төсөв, Хөгжлийн банк-бонд, гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн түншлэл-дотоодын хувийн хөрөнгө оруулалт гэж эх үүсвэрээр нь ялгаад үзэхээр энэ жил гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн түншлэл-дотоодын хөрөнгө оруулалт бизнесийн тогтворгүй байдлаас болж багасч, экспортоос олох төсвийн орлого тасрахаар, Хөгжлийн банк-бондоор дутагдлыг нөхөж ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэвч тэр нөөц нь бас өөрийн хязгаартай байгаа учраас ирэх жилүүдэд энэ эх үүсвэрийн өсөлт (өөрөөр хэлбэл нэмж бонд гаргах гм) бусад эх үүсвэрийн уналтыг нөхөх хэмжээнд өсч чадахгүй болов уу.Тийм учраас бусад эх үүсвэрийн дутагдал, бууралтыг бий болгосон шалтгааныг нягтлан үзэж, эдгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй болно. Тэгэхгүй бол энэ жилийн хувьд эдийн засаг өсөлттэй гарсан ч цаашид өсөлтийн эх үүсвэр дутагдах, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орох, багасах аюултай бөгөөд эдийн засгийн өсөлт удааширч, бодит эдийн засгийн тэлэлт зогсож, улмаар Монгол Улс эрчимтэй хөгжих, хүмүүсийн аж амьдралыг бодитойгоор дээшлүүлэх боломж гарахгүй.

-Энэ тохиолдолд тэгээд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Ийм тохиолдолд эргээд өнөөгийн санхүү мөнгөний бодлогод мөн зохих өөрчлөлтийг оруулахаас өөр аргагүй болно, өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг багасгах, бодлогын хүүг нэмэх, төсвийн зарлагыг танах, алдагдлыг хумихын тулд татварыг нэмэгдүүлэх. Энэ бол бодит эдийн засаг одохондоо өсч байгаа ч санхүүгийн хувьд 2008-2009 оны хямралтай ижил нөхцөлийг бий болгоно. Ийм байдалд орохгүй тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, томоохон ордууд болох Тавантолгой зэрэг ордын ашиглалтын эрчимжүүлэх, экспортыг дэмжих хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, гол татвар төлөгч, экспортын орлогын бүрдүүлэгч уул уурхайг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах, дотоодын хөрөнгө оруулагч нарыг хөхиүлэн дэмжих ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай болж байна. Иймээс Засгийн газрын хувьд бий болох гээд байгаа санхүү эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд энэ жилийн 2-р хагасаас бодлогын эрчимтэй арга хэмжээ шаардлагатай болов уу.

-Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн жилийн хугацаанд маш их бэлэн мөнгөний нийлүүлэлт хийсэн. Энэ нь эргээд эдийн засагт хүндрэл учруулж байгаа юм биш биз?
-Юуны өмнө, олон зуун тэрбум төгрөгөөр яригдан үнийг тогтворжуулах хөтөлбөр хэр үр дүнтэй байгааг сайтар үзэх хэрэгтэй. Аливаа зүйлийг татаасаар тэтгэх нь урт хугацаанд боломжгүй болдог учраас дандаа ийм их хэмжээний татаасыг өгч чадахгүй нь ойлгомжтой. Гэтэл их хэмжээний мөнгө гүйлгээнд орохоор төгрөгийн ханш унах аюултай тул импортоор авч байгаа бүх барааны үнэ эргээд өсч, инфляци буюу үнийн өсөлтийг хүчээр барих боломжгүй болно. Тэгэхлээр, анх үнийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх зорилготой санхүүжилт эргээд өөрөө инфляцийн шалтгаан болохыг үгүйсгэхгүй.Тэгэхдээ шалтгаан, үр дагаврыг сайтар ялгаж үзэх хэрэгтэй. 2012 оны сүүлээс эдийн засгийн байдал хүндэрхээр эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг хэрэгжүүлэх бодлого гэж бас үзэж болно. Хөгжлийн банк, бондын зарцуулалт ч мөн энэ төрлийн арга хэмжээний тоонд орно. Тэгэхлээр үүний үр дүнд бодит эдийн засагт хангалттай тэлэлт болж чадсан уу гэдэгээр нь хэмжиж бодлого нь хүндрэл учруулсан уу эсвэл эсрэгээр илүү их хүндрэлээс хамгаалсан уу гэж хэлэх байх. Одоогийн байдлаар инфляци 8.8 хувь, бодит өсөлт 12 хувь байгаа нь муу үзүүлэлт биш боловч инфляцийн жинхэнэ оргил үе нь оны сүүл рүү гардаг мөчлөг манайд байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн зуны болон намрын улиралд хоол хүнсний үнэ өсөхөө больдог боловч, намраас сургалтын төлбөрийн өсөлт, эрчим хүч, цахилгааны үнийн өсөлт, цаашилбал Шинэ жилийн худалдан авалт, хувьцааны ногдол ашгийн төлбөрийн зориултай огцом ханшны савалгаа бий болдог үе ойртож байна. Ийм тохиолдолд төгрөгийн илүүдэл нийлүүлэлт, бодлогын сул тал өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн өсөлт, валютын ханшны уналтаар илэрч байж болзошгүй. Ийм тохиолдолд мөнгөний бодлогт зохицуулалт хийх шаардлага гарна, тухайлбал, бодлогын хүүг нэмэгдүүлэх, Засгаас төгрөгийн бонд гаргаж зах зээлээс төгрөгийг татаж авах, аж ахуйн нэгжүүдэд бодлогын санхүүжилтийг багасгах зэрэг арга хэмжээ авч болно.

-Оюутолгой зэсийн баяжмал экспортод гаргалаа. Энэ эдийн засагт дутагдаж байгаа хөрөнгө оруулалт, эсвэл багагүй буурсан экспортын орлогыг нөхөж чадах уу?

-Энэ жилийн хувьд нөхөх бололцоо арай байхгүй болов уу гэж бодож байна. Өмнөх 40 жил Монголын эдийн засгийг Эрдэнэт үйлдвэр нуруун дээрээ авч явсантай ижил дараагийн 40 жилийг Оюутолгой үйлдвэр авч явахаар тооцоо байдаг. Оюутолгой ордын ашиглалт дэлхийд хамгийн томд тооцогдох уул уурхайн баяжуулах үйлдвэрийг бий болгох төдийгүй Монголын эдийн засгийн 20 хувийг дангаараа бүрдүүлж, төслийн хугацаанд өнөөгийн манай улсын ДНБ-ээс гурав дахин их орлогыг буюу 34 тэрбум долларыг Монгол Улсад бий болгох төсөөлөл байдаг бөгөөд эдийн засагт үзүүлэх нөлөө асар их байгаа. Оюутолгой төслийн үнэлгээний 80 хувийг газар доорхи гүний уурхайн хэсэг нь бүрдүүлж байгаа бөгөөд төслийн хувьд ил болон гүний уурхай хэсгүүд нь нийлж төсөөлөгдөж байгаа төслийн нийт үр өгөөжийг өгөх учиртай. Гүний ажил маш их өндөр технологи, зардал мөн шаардах учраас түүнд хөрөнгө оруулахын тулд дөрвөн тэрбум долларыг хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд хийх шаардлагатай. Тэгэхлээр энэ их хөрөнгө оруулалт манай эдийн засагт нэн хэрэгтэй үед хийгдэхээр байгаа юм. Энэ бол зөвхөн ирээдүйн орлогыг бодох бус, одоо манайд орж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын орлого их хэмжээгээр багассан үед дөрвөн тэрбум ам.долларын ГХӨ хийгдэх нь дэлхийн зах зээлээс зүгээс манай эдийн засагт итгэж байгаагийн илрэл болно. Сүүлийн үед манай улс хөрөнгө оруулагч нарын итгэлийг нилээд алдаад байгаа бөгөөд энэ нь эргээд томоохон хөрөнгө оруулалтыг татах, долларын урсгалыг наашлуулах, төгрөгийн ханшны үнэгүйдлийг зогсооход ихээхэн ач холбогдолтой завшаан гэж бодож байна. Иймээс хий дэмий улс төржихгүй, цаг хугацаа алдалгүй хөрөнгө оруулалтаа хийх, үйлдвэрээ өргөтгөх шийдвэрээ гаргаж урагшлах нь чухал гэж бодож байна.

-Монголчууд нүүрсээ, нефть, төмрийн хүдэрээ боловсруулна, боловсруулах үйлдвэртэй болно гэж мөрөөдсөөр байтал цаг хугацаа өнгөрлөө.  нөгөө томоохон төслүүд нь хэрэгжсэн ч юмгүй  л байна?
-Аж үйлдвэрийн жижиг төслүүд зөндөө хэрэгжиж байгаа. Харин томоохон төслүүдийн хувьд хэрэгжүүлэх компани, төслийн бэлэн байдал, санхүүжилтийн олдоц, хамгийн гол нь зах зээлийн борлуулалт зэрэг олон хүчин зүйл байгаа. Улсын болон хувийн шугамаар байгуулж байгаа үйлдвэрүүд, тухайлбал, Хөтөлийн цементийн өргөтгөлийн зэрэг ажлууд хэвийн явж байгаа болов уу. 2011 онд 15 сая тонны хүчин чадалтай Монголын анхны нүүрс боловсруулах үйлдвэрийг Энержи Ресурс барьсан, энэ бол манай хүнд аж үйлдвэржилтийн шинэ гараа эхэлсэн гэж бодож байна. Дагаад тийм үйлдвэрүүдийг бусад манай компаниуд байгуулахыг зорьж байна, ингэх алхам алхмаар энэ салбар хөгжинө. Орчин үеийн аж үйлдвэрийн босгох ажил 4 жил ч биш, 10-20 жил шаардах ажил. Яагаад гэвэл Япон улс авто машины салбарыг дэлхийн экспортлогч болгох гэж 80 жил хөгжүүлсэн, Швейцар цагны аж үйлдвэрээ 400 жил хөгжүүлж ийм амжилтанд хүрсэн. Өмнөд Солонгос гэхэд л 60 жилийн дараа л цахим салбар нь дэлхийн хэмжээнд хүрлээ. Иймээс нэг өдөр, нэг жилийн дотор аж үйлдвэрлэсэн орон болдоггүй, түүнийг алхам алхмаар бий болгох хэрэгтэй. Монгол аж үйлдвэрээ дэлхийн зах зээлд дөнгөж 20 жил хөгжүүлж байна, иймээс одоо бэлэн байгаа уул уурхайгаа хөгжүүлж л орлого олж, харин өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн үндэс сууриа бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, инновацийг тэтгэж, аж үйлдвэрийн төслүүдийг дэс дараалан хөгжүүлэх болно.

-Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийн савалгаа дотоодын зах зээлд үүслээ. Энэ савалгааг тогтворжуулах боломж бий юу?
-Тогтворжуулахын тулд түр зүрын арга хэмжээ болох валютын интервенци хийгдэж болно, одоо ч энэ аргыг хэрэглэж байгаа болов уу. Харин үндсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хоер арга хэмжээг дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай болно.Ингэхийн тулд экспортыг дэмжих хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж ажиллах нь үр дүнтэй болох байх. Ингэхдээ макроэдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах, төсвийн алдагдал, зарлагыг багасгах шаардлага гарна.
Ж.НЯМСҮРЭН
"NEWS WEEK" сонин №23

Tuesday, 19 February 2013

Оросын нүүрс манай өрсөлдөгч гэдгийг санах хэрэгтэй

Шинээр тавих төмөр зам өнөөгийн уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуунтай ярилцлаа.Тэрбээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан юм. 

Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Уул уурхайн салбар сайнгүй байна. Өнгөрсөн жил батлагдсан Стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд уул уурхай хамрагдчихсан. Өдийг хүртэл Монгол улсын хөгжлийн томоохон түлхүүр байсан салбар бол уул уурхай. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь хэнд ч нууц биш. Гадны хөрөнгө оруулалтаар боссон салбар. Дотоодын хөрөнгө оруулалтаар боссон уул уурхайн төсөл цөөн байгаа. 
Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд их хэцүү болсон. Шинэ хууль батлагдсанаас хойш журам нь гараагүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт яаж хийх нь ойлгомжгүй байгаа. Мөн зах зээлийн талаас нь харвал 2012 онд өмнөд хөршийн байдал төдийлөн сайн биш байлаа. 
Хятад бол нүүрсний том үйлдвэрлэгч орон. Манайхаас гаргаж байгаа нүүрсний хэмжээ их биш учир хятадууд манайхаас нүүрс авахгүй байх боломжтой. Тэгэхээр манайх нүүрсээ Хятад руу экспортлохдоо зах зээлийн үнээр экспортолж чадаж байна уу. Мөн Хятадыг дамжаад гуравдагч орнууд руу бараа бүтээгдэхүүнээ хүргэж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Манай уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг Оросоор дамжуулах туршилтыг өнгөрсөн жил хийсэн. Гэхдээ түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Жишээ нь, Оросын төмөр замын тариф нэмэгдсэн. Нөгөө талаас Хятадаар дамжихад ч бас түвэгтэй асуудлууд үүссэн хэвээр байна. Сүүлийн хэдэн сар эдийн засаг, улс төрийн хувьд жаахан тодорхой бус байна л даа.

Уул уурхайн өсөлтийг төмөр зам боомилж байна гэж Та ярьсан. УБТЗ дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Асуудлыг яаж шийдвэл оновчтой вэ?
Уул уурхайн бүтээгдэхүүн асар хүнд. Ноос ноолуур шиг биш. Үүнийг зайлшгүй их хэмжээгээр гаргаж байж эдийн засгийн үр ашиг гардаг. Төмөр зам бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чухал нөхцөл болж байгаа юм. Одоогоор УБТЗ-аар төмрийн хүдэр голдуу тээвэрлэж байх шиг байна. Мөн зэсийн баяжмал, бага хэмжээний нүүрс зөөж байна. Манай дийлэнх нүүрсний ордууд төмөр замаас нэлээд хол ч урд зах зээлдээ ойрхон. Яаж энэ зах зээлд хүргэж өгөх вэ гэдэг нь өнөөдрийн гол асуудал. 1940-өөд онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын гэрээгээр УБТЗ байгуулагдсан. Өнөөгийн орчин үеийн засаглалтай компаниудаас тэс өөр. Манай нутаг дээгүүр явдаг ч 50 хувийг нь л бид эзэмшдэг. Түүнчлэн бүх юм нь хуучин Зөвлөлт холбоот улсын стандарт байгаа.Тиймээс шинэ төмөр замын дэд бүтцийг байгуулах асуудал зайлшгүй хурцаар тавигдаж байна. 
Тээвэрлэлтийг бид юуны өмнө урд хөрш бөгөөд урд хөршийн боомтоор дамжуулан гуравдагч орнуудад тээвэрлэх шаардлага гарч ирж байгаа юм. Урд хөршийн төмөр зам нарийн царигтай. Нарийн цариг ганцхан Хятадын стандарт биш шүү дээ. Европоос гаралтай олон улсын стандарт. Тэгэхээр бид Оросын төмөр зам шиг өргөн зам бариад дараа нь нарийн төмөр зам руу шилжүүлэн ачих уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Төрөөс баталсан Төмөр замын бодлогын дагуу Монгол улс дотор явж буй зам, тухайлбал Тавантолгойгоос Сайншанд чиглэлийн зам өргөн байх ёстой. Экспортын буюу шууд экспортын зах зээлтэй холбогдсон замуудын царигийг тухайн үед шийдэж болно гэж заасан байдаг. Шаардлагатай бол нарийн царигаар ч тавьж болно гэсэн үг. 
Эдийн засгийн хувьд маш их хэмжээний бараа тээвэрлэх нөхцөл үүсч байгаа. Бидний тооцож байгаагаар 30 сая тонн нүүрс. Зарим нь 60 сая тонн гэх мэтээр ярьдаг. Ер нь 2020 он гэхэд 200 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн гаргана гэсэн тооцоо байна. Ийм их хэмжээний бүтээгдэхүүнийг Тавантолгойгоос дөнгөж 200-гаад километр яваад буулгаж, дахиад ачина гэвэл асар их хэмжээний зардал үүснэ. Шилжүүлэн ачих тээврийн шаардлага нь зардал үүсгэнэ. Нэг ёсондоо манай хэрэглэгчид болон бидний хувьд нэмэлт ачаа болж байгаа юм. 
Сүүлийн үед Киргиз, Казахстан гэх мэт Төв Азийн орнууд шууд нарийн царигтай зам барьж, голдуу Хятадтай холбогдож байна. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай болоод тийм сонголт хийсэн хэрэг. 

Европын улс орнууд Төв Азиар дамжуулж Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргах гэж оролдож байна. Гэтэл бид урд хөршөөсөө зугтаад байгаа юм биш биз?

Нэн тэргүүнд зах зээлд ойрхон замаа төвхнүүлэх хэрэгтэй. Бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн зах зээлийн жам ёсоор урд зах зээл рүү нэн тэргүүнд манай бараа бүтээгдэхүүн гарна. Тийшээ очих замаа янзлахгүй бол ачааны тэргээр багахан хэмжээгээр зөөж, замдаа хүмүүсийг дайрч гэмтээгээд, ан амьтан үргээгээд замбараагүй, арчаагүй байдал үүсч байна. Хоёрдугаарт, том Тавантолгойн уурхай ашиглалтад ороогүй байна. Одоохондоо Ухаахудаг, жижиг Тавантолгой  ордоос гарч байгаа нүүрсийг ачааны машинаар зөөгөөд их хэмжээний хохирол гарч байна. Үүнийг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд урагшаа явсан төмөр зам нэн тэргүүнд хэрэгтэй. 
Гуравдугаарт, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г хийх гэж бэлдэж байгаа. Энэ онд багтахгүй ч хэзээ нэгэн цагт хийх болно. IPO хийж буй компани бараа бүтээгдэхүүнээ хэнд, яаж хүргэх вэ гэдэг чухал. Улсын хилээс 200 километр зайд ямар ч тээврийн дэд бүтэцгүй үед төслийн үнэлгээ шууд унана. Нүүрсээ яаж борлуулах нь ойлгомжгүй ийм компанид бид яаж хөрөнгө оруулах юм бэ гэж хөрөнгө оруулагчид бодно. Бүх ашиг тээврийн зардал руу явах болж байна. Энэ зардлыг бууруулах шаардлагатай.
Тиймээс бидэнд Тавантолгойоос урагшаа явах төмөр зам яаралтай хэрэгтэй. Эдийн засгийн хувьд зайлшгүй нарийн байх нь зөв. Өөр сонголт манайд байхгүй. Хэрэв бид өргөнийг баривал хэдхэн километр яваад дахиад ачаа шилжүүлэх газар асар өндөр үнээр байгуулах болно. Ийм байгууламж барих нь ажлыг гацаах, тодорхой хугацаагаар удаашруулах, зардлыг нэмэгдүүлэх шинэ нөхцөл болж байгаа юм. Нэгэнт л Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн төмөр зам тавихаар төлөвлөж байгаа учраас Тавантолгой дээр ачаа шилжүүлэх төвийг байгуулж болно. Тяньжинээс ирж байгаа чингэлгүүдийг Тавантолгойд буулгаад Улаанбаатар руу өргөн замаараа явуулж болно шүү дээ. Яаж ч судалсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих нь хамгийн үр ашигтай, оновчтой, төрөөс баталсан төмөр замын бодлоготой нийцсэн хувилбар байгаа юм. 
Одоогоор Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын судалгаа дуусаагүй байгаа. Эцсийн зураглалууд хийгдээгүй учир зүүн тийшээ эхэлж төмөр зам тавина гэж яривал Монголын төмөр замд энэ 10 жилд юу ч нэмэгдэхгүй. Хэрэв зам тавихгүй бол экспортын хүчин чадал нэмэгдэхгүй. Бидний хүсч байгаа 100 сая тоннын экспорт биелэхийн аргагүй мөрөөдөл болно. Хэрэв дэлхийн зах зээл дээр нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүнээ экспортолъё гэвэл урагшаа явсан нарийн царигтай төмөр замыг нэн тэргүүнд барих хэрэгтэй. 

Монгол, Хятадын хил дээр 400-500 сая ам.долларын өртөгтэй шилжүүлэн ачих байгууламжийг битүү бункер дотор байгуулах боломжтой гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэлсэн. Шилжүүлэн ачихад тонн тутамд гурван ам.долларын зөрүү гарч байгаа нь их зардал биш гэсэн. Та үүнийг юү гэж бодож байна вэ?

3 ам.долларын зөрүү гэж ярьж байгаа ч 500 сая ам.долларын зөрүү үүсэх гээд байна шүү дээ. 500 сая ам.доллар гэдэг манай төсвийн гуравны нэг гэсэн үг. Яагаад заавал энэ 267 километр төмөр зам өргөн царигтай байх ёстой гэж. Өргөн байх ёстой гээд 500 сая ам.долларын зардал үүсгэж, дахиад шилжүүлэн ачих төв байгуулна гэдэг нь асар их хэмжээний зардлыг бий болгоно. Монгол улсын татвар төлөгчид Тавантолгойгоос олох байсан ашгаасаа алдаж байна гэсэн үг. Ийм үр өгөөжгүй юм ярьж болохгүй. 
Тавантолгойгоос урагшаа явсан зам заавал өргөн царигтай байх ёстой гэдгийг цэрэг дайны зориулалтаар тайлбарладаг. Орчин үед ийм зүйл ярих нь утгагүй. Харин Тавантолгойгоос хойшоо УБТЗ-тай холбосон замууд өргөн байхад асуудал байхгүй. 
Тавантолгойгоос Улаанбаатар руу тээвэрлэж байгаа бараа таваар өчнөөн сая тонноор үүсэхгүй. Өргөн, нарийн царигийн ялгаа том асуудал биш. Харин гол бараа бүтээгдэхүүн урсаж байгаа замаа зориуд тээвэрлэхийн аргагүй нөхцөлд оруулж байгаа нь тооцооны хувьд, стратеги бодлогын хувьд нэлээд том алдаанууд гаргаж байна гэсэн үг. 

Төмөр замын бодлого хөрш орнуудынхаа бодлоготой зохицож байх ёстой. Манай бодлого хоёр хөршийн бодлоготойгоо хэр нийцэж байна вэ?

Хятадууд Өвөр Монгол, Шинжааны нутагт төмөр замын сүлжээгээ өргөжүүлж байна. Үүний зорилго нь Шинжаанаар дамжаад Төв Азийн орнуудад нэвтэрч, цаашлаад Турктэй холбогдох орчин үеийн торгоны замыг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ бол ганц Хятадын ашиг сонирхол биш л дээ. Төв Азийн орнууд, Европ адилхан л хүсч байгаа сүлжээ. Хуучин ЗХУ-аар дамжин явж байсан замаас богино хугацаанд тээвэрлэх хүчин чадалтай шинэ гарц үүсэх гээд байна. 
Манай төмөр замын бодлого хоёр хөршийн төмөр замын бодлоготой хамаатай. Оросын хувьд хоёр талын байр суурь байна. Нэгдүгээрт, оросууд манай дотоодод тавих төмөр замыг зайлшгүй өргөн байх ёстой гэж үзэж байна. Өргөн гэдэг нь тус улсын стандарт. Түүнчлэн өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд УБТЗ шиг 50 хувийг нь атгана гэж үзэж байгаа. Үндсэндээ Монголын нутаг дээр Монголын мэдлийн төмөр зам хэзээ ч баригдахгүй байж магадгүй гэсэн үг. Заавал Оростой холбогдсон, Оросын стандарттай, Оросын техниктэй ийм төмөр замыг барих гээд байгаа юм. Монгол улс бие даасан тусгаар улсын хувьд өөрийн ашиг сонирхлын үүднээс ямар төмөр зам барих вэ гэдгээ шийдэхэд Оросоос зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Өөртөө аль нь ашигтайг харах нь зөв. 
Орос асар их хэмжээний ашигт малтмалтай гэдгийг бодох хэрэгтэй. Нүүрс, төмрийн хүдэр бусад бүх ашигт малтмалаараа дэлхийд тэргүүлж буй улсуудын нэг. 1990-ээд оны эхэн хүртэл Орос газрын тос, хийгээ голдуу экспортолж, бусдыг нөөцөлдөг байсан. Сүүлийн үед ашигт малтмалаа Хятад руу борлуулъя гэсэн бодлогын том өөрчлөлт хийж байна. Үүний дагуу Оросын Сибирь,  зүүн хойд хэсгээ хариуцсан тусгай улсын корпорацитай болохоор ярьж байгаа юм билээ. Уг корпорацид том ордуудаа өгье, Хятад руу явсан төмөр замуудыг бариулъя гэсэн саналтай байгаа. Үүний тулд Хятад руу гарч байгаа дэд бүтцээ бүгдийг өргөтгөх сонирхолтой байгаа. Оросын нүүрс манай нүүрстэй шууд өрсөлдөгч бүтээгдэхүүн болно. Манай хилийн ойролцоо Тувад ба­раг 15 тэрбум тонн нөөцтэй нүүрсний орд бий. Энэ ордоос олборлосон нүүрсээ бүг­дийг нь Хятад руу гаргах сонирхолтой байгаа. 
Оросууд өнгөрсөн жилээс өөрсдийн төмөр замаа барьж эхэлсэн. Москвагаас тусгай том компаниудыг авчирч төмөр замын ажлыг хийж байна. Тэдний хувьд Хятадын зах зээлийн төлөө Монголтой өрсөлдөх байдалд орж байгаа юм. Оросуудын эхний сонирхол цөөн өрсөлдөгч байгаасай л гэж хүснэ. Тийм учраас Монголын нүүрсийг урагшаа тээвэрлэхэд асуудал үүсгэх сонирхол байна л даа. Манай нүүрсний чанар арай сайн, хилд ойр гэх мэт давуу байдал байгаа учраас ийм сонирхолтой байгаа юм. Өөрсдөдөө “хугацаа хожоод” төмөр замаа барьж байна. 
Бид өргөн, нарийн, хувийн, төрийн гэж маргасаар нэлээд хугацаа алдлаа. Биднийг маргалдаж байтал Оросын төмөр зам түрүүлж ашиглалтад орж магадгүй. Тэр үед Хятадын зах зээлд оръё гэхэд Оросын нүүрс маш хямдхан үнээр Хятад руу урсахад бэлэн болсон байх нөхцөл бүрдэж байна. Тийм учраас Оросын төмөр замын талаарх сонирхол Монголынхоос нэлээд өөр гэж би бодож байна. Монголын хувьд нэн яаралтай өөрийн экспортын төмөр замын бүтцээ бий болгохгүй бол зах зээлээс шахагдаад хожим манай нүүрсийг авах хүн олдохгүй ч тохиолдол гарна байх. 

Оросоор транзит хийх нөхцөл ямар байдаг вэ? 
Оросоор транзит хийх нэн хэцүү. Зарчмын хувьд туршилт хийсэн тохиолдол бий. Гэхдээ Оросоор дамжих замын урт нь Хятадаар явахаас бараг тав дахин илүү. Зардлын хувьд хямд биш. Боомтод нь очиход Оросын өөрийнх нь нүүрсээр дүүрсэн байгаа. Хүчин чадал нь төдийлөн нэмэгдээгүй. Нэмэгдсэн ч үүнийгээ Уралын цаана байдаг нүүрсний ордууддаа зориулж бэлдэж байгаа. Оросын боомтууд томоохон нүүрсний компаниудын мэдэлд орсон байгаа л даа. 
Оросоор дамжуулж нүүрсээ экспортолж болно. Гэхдээ хугацаа, үнэ, өртгийн хувьд Хятадаар дамжуулахаас хэд дахин илүү зардалтай байх нь гарцаагүй. Оросын өөрийнх нь байр суурь өөрчлөгдөөд түүхий эд нүүрсийг их хэмжээгээр экспортлох сонирхолтой болсон байна. Үүнийгээ нуухаа больсон. 2012 онд зохион байгуулагдсан Байгалийн эдийн засгийн форум дээр Оросууд ийм стратегитай байна гэдгээ илэрхийлсэн. Оросын хувьд Сибир, Уралын хэсгээ хөгжүүлэх сонирхол нь урагшаа Хятад руу ашигт малтмалаа зөөх үндэс болж байгаа юм. 
Солонгос, Япон руу ч мөн адил тээвэрлэнэ гэсэн шийдвэр гараад зохион байгуулалтын ажлаа хийгээд явж байна. Энэ тал дээр манайх асар хоцорсон. Бид дотооддоо янз бүрийн байдлаар маргасаар сүүлийн таван жил төмөр замд ямар ч ахиц дэвшил гарсангүй. Дараагийн таван жилд ч гарахгүй байж мэдэхээр болж байна. Хятадын зах зээл манай хувьд байх ёстой зах зээлүүдийн нэг. Нэгдүгээрт ойрхон, хоёрдугаарт маш их нүүрс хэрэглэдэг. Цаашилбал Солонгос, Японд хүрэхийн тулд Хятадаар дамжуулж тээвэрлэхгүй бол агаараар тээвэрлэх бололцоо байхгүй шүү дээ. 
Дараагийн асуудал Хятадтай экспортын нөхцөлөө сайтар ярилцах хэрэгтэй. Хэ­дэн тонн нүүрс Хятадад нийлүүлэхэд бэлэн байгаа болон хэчнээн тонн нүүрсээ цааш нь экспортлох сонирхолтой байгаа гэдгээ өөрсдөө тооцож гаргах нь зөв. Үүний дараа Хятадад төдий хэмжээг өдий үнээр нийлүүлнэ, бид экспортоор тран­зит хийхэд танай талаас тодорхой дэмжлэг хөнгөлөлттэй нөхцөл хэрэгтэй гэсэн хэлэлцээр хийх нь зөв гэж бодож байна. Учир нь Хятадын боомтоор гарч буй бараа таваарт тэдний экспортын тат­вар нэмэгдээд зардал өсдөг. Экспортын татварыг авахгүй байх, манай нүүрсийг тээвэрлэхэд замын ачааллыг хөнгөлж өгөх, Хятадын боомтуудыг ашиглахад дэмжих гэх мэт чухал асуудлыг хэлэлцэж тохирох хэрэгтэй. 
Э.Хулан
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn