Showing posts with label ОЮУНГЭРЭЛ Цэдэндамба. Show all posts
Showing posts with label ОЮУНГЭРЭЛ Цэдэндамба. Show all posts

Thursday, 5 June 2014

Ц.Оюунгэрэл: Ирэх жилээс жуулчдын тоо эрс өснө

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа Соёл,спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзаж Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд яамных нь хэмжээнд хийж, хэрэгжүүлж эхлээд байгаа зарим нэг ажлаас нь сонирхон ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсад ногоон хөгжилд тулгуурласан аялал жуулчлал хөгжих маш сайхан хэтийн төлөв нээгдэж байгаа” гэсээр яриагаа эхэлсэн юм.

-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг ажлын хүрээнд аялал жуулчлалын сал­ба­рыг онцгойлон үзэж, гадаад валютын урсгалыг Монгол Улс руу татах нэг томоохон салбар хэмээж олон цогц хөтөлбөр, арга хэмжээг хэ­рэгжүүлж эхлээд байгаа. Эндээс яриагаа эхлэх үү?

-УИХ-аас гаргасан тог­­­­тоолын дагуу манай сал­бар эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн аж­лын хүрээнд гурван үүрэг хүлээсэн. Юуны өмнө Монголд хүрэлцэн ирэх жуулчдын виз авах үйл ажиллагааг ихээхэн хөн­­гөвчлөх, туслах үүрэг ногдсон. Яг одоогоор Мон­гол Улсад нэг жуулчин ирэхийн тулд есөн шат дамж­лага дамжиж байж арай­хийж орж ирж байгаа юм. Хамгийн эхэнд яагаад виз авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ёстой вэ гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд гадаадын жуулчин яаж виз авдаг талаар жаахан тайлбарлая.

Гадаадын жуулчин Мон­голд ирэхийн тулд юуны өмнө Монгол хүнээр юм уу, компаниар уриулдаг.

Энэ нь нэгдүгээр шат. Дараа нь тухайн хүнийг уригч нь Гадаад харилцааны яам руу захиа бичиж, мөнгө төлдөг. Гадаад харилцааны яам тухайн хүний урилгыг өгөхийн тулд урьж байгаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь авна, уригдаж байгаа хүний паспортын хуулбарыг авна, янз бүрийн баталгаанууд авна. Ингэсээр байгаад 7-8 хуудас материал бүрдүүлдэг. Эдгээр цаасыг бүрдүүлж Гадаад харилцааны яаманд мэдүүлсний дараа тэндээс урилга гаргаж өгдөг.

-Урилгаа авсан л бол Монгол Улсад чө­лөөтэй нэвтэрч болно биз дээ?

-Болоогүй шүү. Урилгаа авсны дараа гадаадад байгаа Монголын консулын газарт очиж виз хүсдэг. Ингэж виз хүсэхдээ дахиад мөнгө төлдөг. Харин мөнгийг нь хурааж авсан консулын газар виз биш, визний зөвшөөрөл л өгдөг. Визний зөвшөөрөл авсан жуулчин Монгол Улсын хил дээр ирэнгүүт нь визээ 24 цагийн дотор авах ёстой гэсэн тамга дарж өгдөг. Энэ олон давааг давсан жуулчин Монголд орж ирэнгүүтээ шууд аялалдаа гарч чадалгүй 24 цагийн дотор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт очиж визээ даруулахаар дугаарлан зогсдог. Тэгээд дугаарлан зогссоны эцэст арайхийж нэг юм Монгол Улсад чөлөөтэй зорчих визийг бас л мөнгө төлж авдаг. Энэ бүх шат дамжлагыг тоолохоор яг есөн дамжлага дамжиж, гурван удаа мөнгө төлж байгаа юм. Энэ бол зөвхөн Монгол Улсад орох визний тухай ярьж байгаа хэрэг. Орох визээ авах гэж хоёр хоног хөөцөлдсөн долоо хоногийн жуулчин бол яг үндсэндээ дөрвөн хоног л аялсан болж байгаа юм. Тэгээд зургаа дахь өдрөө хүрч ирээд Монгол Улсаас гарах визээ авах гэж бас л дугаарладаг.

Хуучин Гадаадын иргэн харьяатын газар буюу шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт энэ олон шат дамжлагаас болж бөөн дугаарлал, бухимдал үүсдэг. Тэгэхээр Монгол Улсад долоо хоногийн хугацаагаар ирсэн жуулчин амарч зугаалах биш, бөөн проблем, очер дугаар, хүлээлтийн байдалтай байж байгаад бараг л бухимдалд ороод бушуухан буцахын түүс болдог нь нууц биш.

-Энэ байдлаас ямар байдлаар, хэрхэн га­рахаар төлөвлөж байгаа вэ?

-Яг үнэндээ энэ олон хүнд суртал, шат дамжлагыг давж үнэхээр Монголд ирье, ахуй амьдралтай нь танилцъя гэсэн жуулчид л ирж байгаа юм. Өнөөдрийн тухайд төрийн энэ олон дарамт, шат дамжлагыг давж гадаадын жуулчдыг эх орондоо авч ирж байгаа манай жуулчдын компаниуд үнэхээр баатарлаг гавьяа байгуулж байгаа гэж хэлэхэд болно. Гадаадын нэг жуулчин Монголд долоо хонохдоо 1000 ам. долларын орлого оруулахын тулд визийн хураамж, визийн зөвшөөрлийн хураамж, урилгын хураамж, орох, гарах зөвшөөрлийн хураамж гээд төлсөөр байтал Монголд хоёр, гурав хонох зардал ч юм уу, нэг сайхан рес­торанд 5-6 удаа сайтар хооллох мөнгийг төлчихсөн байдаг. Ихэнх тохиолдолд гадаад улсуудад байдаг Монголын консул дээр очих гэж өөр хот, улсаас нисэж очсон зардлыг нь нэмэх юм бол үргүй зардал нь үнэхээр санаа зовмоор болж байгаа юм. Энэ бүх хүнд сурталд зориулагдаж байгаа үргүй зардлыг үгүй хийхийн тулд энэ 100 хоногийн хугацаанд ихээхэн чухал ажлуудыг хийж эхлээд байна. Эхний ээлжинд Засгийн газраас 42 гадаад улсын иргэн Монгол Улсад аялж жуулчлахад урилгагүй болгож, хил дээр орж ирэхэд нь шууд виз дарж өгөхөөр болж байна. Засгийн газрын энэ тогтоол саяхан батлагдаж, 42 орны иргэд Монгол Улсын хил дээрээс шууд виз даруулах боломжтой болж байгаа.

Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ нь өндөр, аялал жуулчлал их хөгжсөн орнуудын жагсаалтыг батлуулж, энэ журманд багтаасан байгаа.

-Иргэд нь Монгол Улсын хил дээрээс шууд виз авах энэ 42 орны тухайд Монгол Улсын аюулгүй байдал, терроризм, хар тамхи, хүний наймааны асуудалд төдийлөн хамааралгүй гэж сайтар нягтлан үзсэн хэрэг үү?

-Эдгээр орнуудын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, геополитикийн хувьд ямар нэгэн аюул занал учруулах, эсэхийг нь сайтар нягтлан шалгасны үндсэн дээр тодруулсан байгаа. Манай яамны зүгээс 50 орон санал болгосон ч хянах, нягтлах газрууд нь шалгасны эцэст 42 орон болгосон. Яг одоо бол эдгээр 42 орны иргэд Монгол Улсын хилээр нэвтрэхэд хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар албан тушаалтан визийн тамга дарах вэ гэдэг нь Хууль зүйн яаман дээр боловсруулагдаж байгаа. Визийг хөнгөвчлөх энэхүү ажиллагаа бол бидний зүгээс 100 хоногийг хугацаанд хэрэгжүүлж байгаа нэгдүгээр ажил юм.

Хоёрдугаар ажил нь жуулчилж явахдаа хонжворт тоглоом, сугалаа тоглох сонирхолтой жуулчдад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хоёр хуулийн төсөл дээр ид ажиллаж байна. Одоогоор энэ хоёр хуулийн төсөлтэй холбогдуулан яамдуудаас санал авахаар илгээсэн байгаа. Энэ хоёр хуулийн эхнийх нь Бооцоот морин уралдааны тухай хууль юм. Энэ хуулийн төслөөр уламжлалт бус уралдааныг аялал жуулчлалын зорилгоор, Засгийн газраас зааж өгсөн тодорхой бүс нутагт олон улсын бооцоот морин уралдааны хэлбэрээр явуулахдаа ямар дүрэм, журам баримтлах вэ гэдгийг зохицуулж өгөх юм. Бооцоот морин уралдаан бол дэлхий нийтийн нэлээн том аялал жуулчлалын бүтээгдэхүүн шүү дээ. Энэ уралдааныг зохион байгуулах дэлхий нийтийн олон стандарт байдаг. Бооцоогоо яаж тавих юм, тэрхүү уралдааныг зохион явуулах байгууллага нь ямар эрх, үүрэгтэй байх юм, ямар техник тоног төхөөрөмж хэрэглэх юм, морио яаж адуулан маллаж, хэрхэн уралдуулах юм гээд зохицуулах, хууль эрх зүйн маш олон бичиг баримт хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бид үүнийг олон улсын стандартад тун дөхүүлж, зарим талаар нийцүүлсэн хуулийн төсөл бэлэн болгоод байна.

-Казиногийн хуулийн төсөл явж байгаа гэсэн. Түүнийг танай яамнаас оруулж байгаа юу?

-Хүмүүсийн ярьдгаар казиногийн хууль гэх ерөнхий хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Гэхдээ бид казиногийн гэдэг нэрээр оруулахгүй. “Мөрийтэй таавар, тоглоомын тухай хууль” гэж томьёолсон байгаа. Энэ дотор зөвхөн казино төдийгүй бусад мөрийтэй спортын арга хэмжээнүүд болон мөрийтэй тааврууд зэрэг аз сорьсон тоглоомууд ямар дэг журмаар зохицуулагдах вэ гэдгийг оруулж өгч байгаа. Энэ хоёр хуулиар бизнесийн цоо шинэ харилцааг зохицуулахаас гадна аялал жуулчлалын тусгай бүсэд хамаарагдахаараа онцлогтой. Түүнээс гадна Монгол Улсын нийт иргэдийг донтолтоос хамгаалах механизмуудыг нэлээн хүчтэй оруулж өгснөөрөө ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Энэ хоёр хуулийн тухай санал яамдуудаас ирэнгүүт 100 хоногтоо багтан УИХ-аар оруулахаар ажиллаж байна.

-Олон шат дамжлага дамжаад Монгол Улсын нутаг дэвсгэрт ороод ирсэн жуулчдын ая тух, эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд жуулчны баазуудын стандарт, зэрэглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Манай аялал, жуулчлалын салбарт нэг онцлог байдаг. Энэ нь юу вэ гэвэл манай аялал, жуулчлалын салбар бол лиценз, зөвшөөрөлгүй байдаг. Та бүхний мэдэж байгаагаар аливаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл, лиценз авдаг шүү дээ. Тусгай зөвшөөрөл, хүнд суртлыг багасгах хүрээнд олон жилийн өмнө аялал, жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл, лицензийг байхгүй болгосон. Тэгэхээр Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, компаниуд олон улс болон Монгол Улсын стандарт хэв хэмжээг ягштал баримтлах нь л хамгийн чухал юм. Бидний үзэж байгаагаар аялал жуулчлалын салбарын хамгийн гол үзүүлэлт бол цэвэр бизнесийн өрсөлдөөн байх ёстой. Тэртэй тэргүй хаана хамгийн сайн бүтээгдэхүүн, хамгийн сайн үйлчилгээ, хамгийн ая тухтай буудал, амт чанартай хоолтой ресторан байна тийшээ л гадаадын мөнгөтэй, аялж жуулчилж сурсан жуулчид хошуурах нь ойлгомжтой шүү дээ.

Өнөөдөр Монголын цөөхөн аялал жуулчлалын компаниудад гадаадын жуулчид тэртэй тэр­гүй зэрэглэл, дугаарлал тогтоочихсон л байгаа. Муу үйлчилгээ үзүүлж, муу сэтгэгдэл үлдээсэн компаниуд энэ салбарт удаан оршиж чаддаггүй нь энэ салбарын онцлог. Дэлхийн аялал жуулчлалын практикаас үзвэл цахим ертөнцийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт хамгийн чухал болоод байна. Зөвхөн аялал жуулчлалын хэрэглэгч нарын хөтөлдөг “Tripadvisor” гээд том сүлжээ байдаг. Энэ сүлжээнд Монголын бүх л аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэх бодлогыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас барьж байгаа. Тэгээд ч “Tripadvisor”-ын сүлжээнд Монголын компаниудыг хамруулах талаар сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ сүлжээнд хамрагдснаар нэгдүгээрт гадаадын жуулчдад өөрсдийгөө сурталчлах шууд гүүр болно. Харин сөрөг тал нь эхнээсээ муу үйлчилгээ үзүүлбэл дэлхий дахинд амархан нэр хүндээ алдах аюултай. Энэ өрсөлдөөн, нээлттэй байдал нь аялал жуулчлалын стандартыг дэлхийн түвшинд ойртуулахад ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

-Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар хэдэн мянган жуулчин ирсэн бол. Энэ жил тоо нь өсөх найдвар харагдана уу?

-Өнгөрсөн жил 430 гаруй мянган жуул­чин ирсэн гэсэн тооцоо гарсан. Визийн хөнгөлөлтийг зарлаад эхлэнгүүт компанийн шугамаар орж ирдэг групп жуулчдын тоо эрс өснө гэж тооцоолж байгаа. Харин манай онгоцны хүчин чадлаар л жуулчид орж ирдэг хуучин тогтолцоог энэ жилээс эрс өөрчлөхөөр ажиллаж байна. Бид газраар орж ирдэг жуулчдын тоог эрс нэмэгдүүлэхээр зорьж бай­гаа. Энэ нь хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хөрш орнуудад ирчихсэн байгаа гадны жуулчдыг элдэв чирэгдэлгүй, шулуухан Монгол Улсад орж ирдэг болоход дээрх визийн хөнгөлөлт тун их үүрэг гүйцэтгэх учиртай юм. Жишээ нь Байгал нуурын эрэг дээр амарсан Европын жуулчид, Өвөр­монголд амарч жуулчилж яваа Япон, Солонгосын жуулчдыг шууд нааш нь ирүүлдэг болох арга замыг судалж, сур­талчилгааг хангалттай хийхээр ажиллаж эхлээд байна. Үүний тулд цахим ертөнцөөр маш сайн сурталчилгаа хийх шаардлагатай. Түүнчлэн Визийн хөнгөлөлтийн шийдвэр гараад удаагүй байгаа болохоор бид бүх л боломжоороо энэ талын сурталчилгааг хийж эхэлж байна. Энэ жилийн тухайд жуулчдын тоо огцом нэмэгдэхийг хэлж чадахгүй ч дараа жилээс Монгол Улсыг чиглэх жуулчдын тоо эрс өснө гэдгийг л баттай хэлэх байна.

Д.Энхтүвшин
Өглөөний сонин

Sunday, 6 October 2013

Зайсангийн унаган иргэдийг хамгаална



ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газрыг иргэдэд өгөх нэрээр хэдэн олигархуудын гар хөл болж, захиалгаар ажиллаж байна. Энэ Ц.Оюунгэрэл хэн гэгч олигархийн захиалгаар Зайсанг тусгай хамгаалалтаас гаргаад байна гэх хардлагад тайлбар хийх үү?
-Та хардах эрхтэй. Би тайлбарлах үүрэгтэй. Би Зайсангаас сонгогдсон гишүүн. Иргэдтэйгээ уулзах гээд очихоор иргэд маань өөдөөс гол асуудлаа тавьдаг. Сонгуульд өрсөлдөж байх үед ч тэр, дараа нь ч тэр иргэдийн тавьдаг гол зүйл нь “Бид орон гэртээ амьдарч чадахаа болилоо. Гэр орноос маань өдөр шөнөгүй хөөж байна. Улаан шугамтай мэдэгдлүүдэд дарагдлаа. Дурын нэг байцаагч ирээд гэрээс минь зайл гэж хөөж байна. Бид чинь хаашаа зайлах юм бэ” гэж зовлонгоо ярьдаг. Энэ 600 гаруй айлын зургийг хар даа. /хашаа байшин, гэртэй айлуудын зургийн цуглуулга үзүүлэв/ Энэ зураг дээрх айлуудыг харвал навсгар навсгар хашаатай, пөөдийсэн гэр байшинд амьдарч байгаа хүмүүс чамд олигархи шиг харагдаж байна уу. Ийм л иргэд бидэнд хандсан юм. Бид бүх айлын газарт очиж зургийг нь авч зурагжуулсан. Бүгд энэ байсан газартаа үе удмаараа амьдарч байгаад, сүүлдээ амьдрах аргагүйгээр хөөгдөж байгаа хүмүүс. Та орон байрандаа амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Бид гэртээ амьдрах эрхтэйгээ үлдмээр байна. Гэр орноосоо хөөгдөхгүй байх эрхийг минь олж өгөөч гэж байна.

-Хөөх шалтгаан нь?
-Эргэн тойронд нь ийм хүмүүст газар өгчихсөн байгаа юм. /Найм, есөн давхар барилгын зураг үзүүлэв/ Хар даа. Ийм том том байшингуудад бол газрыг нь өгчихсөн байгаа. Үүнийг авахдаа аялал жуулчлалын зориулалтаар авсан гэж байгаа. Энэ томуудын эздэд газрыг нь өгчхөөд хажууд нь байгаа энэ хэдэн хуучин иргэдийг нь зайлцгаа гэж байна. Ингэж хөөхдөө “Та тусгай хамгаалалттай газар нутагт амьдраад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тарифаар газрын төлбөр төлөхгүй бол газраа чөлөөл” гэж байна. Ингэж хөөгдсөн иргэд сонгосон гишүүндээ хандахгүй өөр хэнд хандах юм бэ.

-Ер нь ийм асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Бусад тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн асуудлыг яаж шийддэг юм бэ гэдгийг нь судаллаа. Монголд урьд нь ийм байдалд орж байсан хүмүүс байсан. Жишээ нь, Хөвсгөл нуурын дэргэд байх Хатгал, Ханхын иргэдэд адил асуудал тулгарч байж. Тэд нарыг “Та нар тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа учраас эндээс явах ёстой” гэж хөөсөн. Хажууд нь аялал жуулчлалын баазуудад газар өгнө гээд хотоос очсон баян эздэд газар өгсөн. Ингээд нутгийн иргэдийг зайлуулахаар улаан канттай мэдэгдэх хуудсыг өгч эхэлсэн. Тухайн үед Ц.Сэдванчиг гишүүнд нутгийн иргэд нь хандаад “бид өвөг дээдсээс уламжилж ирсэн газартаа амьдрах эрхгүй болоод байна” гэж гомдол гаргасан. Ингээд “тухайн нутгийг тусгай хамгаалалтад авахаас өмнө үе удмаараа амьдран суусан иргэд өөрийн газартаа амьдран суух эрхтэй. Иймд амьдарч буй хэсэг газрыг нь тусгай хамгаалалтаас чөлөөлье” гэх шийд гарч УИХ-аас тогтоол гаргаж өгсөн. Бидний хувьд яг тийм тогтоолыг л Зайсангийн цөөхөн хэдэн айлуудад гаргаад өгчихье гэж хөөцөлдөж, тогтоолын төсөл өргөн барихаар болсон юм. Үүнд ямар нэг шунахайн сэдэл, луйврын санаа, ашиг хөөсөн зүйл үнэндээ байхгүй.

-Энэ асуудлыг хэзээнээс хөндсөн юм?
-Иргэдэд өнгөрсөн намрын хүйтэнд өнөө улаан канттай мэдэгдлүүд нь оччихсон, “Маргааш гэхэд газраа чөлөөлөхгүй торгоно, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байсан. Ийм мэдэгдэл аваад бухимдсан улс тойргоос нь сонгогдсон Л.Болд гишүүн бид хоёрыг дуудаж,"Маргааш гэхэд бид орон гэргүй болох нь" гэдгээ тайлбарласан. Ингээд иргэдийн уулзалтад нь очиход “Яагаад өвөө, аавынхаа төрсөн гэрт амьдрах эрхгүй болчхов. Бидний төлөө ямар нэг зүйл хийгээч” гэж хүсэлт тавьсан. Эхний ээлжинд өмгөөлөгч авч үр удмаараа амьдарч ирсэн гэрээсээ юу юугүй хөөгдчихгүй юм байна гэх эрхийг нь өмгөөллийн үр дүнд олж авсан. Ингэж орон гэртээ түр амьдрах эрхээ олж авсан иргэдийн цаашдын амьдрах баталгааны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байсан. Иргэдийнхээ эрхийг баталгаажуулах үүднээс УИХ-ын гишүүнийхээ хувьд тойргийн сонгогчдын тулгамдаж буй хамгийн хурц асуудлыг шийдэх гэж тогтоолын төсөл өргөн барихаар болсон нь энэ. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр энэ бүх зураг, баримтуудыг бүх гишүүдэд тараана. Тогтоолд хамрагдсан бүх айлын зураг бий. Хардаж буй хүмүүс ч очоод нэг бүрчлэн үзэг.

-Тогтоолд хамрагдах энэ айлууд бүгдээрээ тусгай хамгаалалтад орохоос өмнө амьдарч байсан гэсэн үг үү?
-Түүхийг нь яривал, 1940-өөд онд Монголд аж үйлдвэржүүлэлт өрнөхөөр болж, ажилчны район байгуулж ажилчдад газар өгч. Хөдөө орон нутгаас авчирсан хүмүүсээ ажилчин болгож хотод суурьшуулах гэж өгсөн газар нь тэр. Улаанбаатар хотыг байгуулсан, замыг нь тавьсан, шавыг тавьсан хүмүүсийн л үр сад нь өнөөдөр хөөгдөөд байгаа юм.

-Гол нь энэ тогтоолын үйлчлэх хүрээнд өнөө өмнө дурдаж байсан өндөр өндөр барилгын газар, том объект, том хөрөнгөтэй хүмүүсийн газар хамаарах уу гэдэг л асуудал байна?
-Огт үгүй. Энэ тогтоолд Зайсангийн хорооны унаган бүртгэлтэй иргэдийн хашааны газар нь л хамаарч байгаа. Шинээр барилгажиж орж ирсэн улсын газрыг огтхон ч оруулаагүй. Унаган иргэд өөрсдийгөө бүртгэлжүүлж, хороо нь ч бүртгэсэн бүртгэл бий. Энэ хоёр бүртгэлд зөрөө гарсан учир нэг бүрчлэн газар дээр нь очиж зургийг нь авч, кординатаар нь нарийвчлан баталгаажуулсан. Шинээр газар авч ирсэн хүмүүсийн хувьд нэг см-ийг ч оруулаагүй. Айл айлын газраар цоолборлон газрыг нь өгнө гэж оруулсан кадастрын нарийвчилсан зургийн дагуу л явна. Зөвхөн энэ нарийвчилсан зургийг гаргаж, кординатыг тодруулах гэж Л.Болд гишүүн бид хоёрын ажлын алба хагас жил ажилласан. Энэ зургийг хар даа. Зайсангийн барилгажсан хэсгүүд бүгд ороогүй байгаа биз дээ. Нэг ч орон сууцны газрыг чөлөөлөх гээгүй байгаа биз дээ.

-Энэ асуудал ойлгомжтой. Зайсангийн газрын асуудлаас өмнө МИАТ-ын асуудлаар байр сууриа илэрхийлээд бас буруудчих шиг болсон?
-Байр сууриа илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Байр сууриа илэрхийлснээр хэн ч буруудах ёсгүй. Хүний эрхийн байр суурь олон байх тусмаа шүүхийн эрүүл шийд гарахад нөлөөлөх ёстой.

-Харин ч шүүгчид нөлөөлөх нь хориотой юм биш үү?
-Би шүүгч рүү хандаж “Та энэ хүнд, ийм ял өг. Ийм ял өгч болохгүй” гэж хэлээгүй шүү дээ. Би нэг ч шүүгч рүү утасдаагүй. Бүр ямар ч шүүгч хэргийг нь шийдэж байгааг мэдэхгүй. Харин МИАТ-ын тухай хэвлэлээр бичиж байгаа бүхнийг нөлөөлөл гэж үзэх юм бол нөгөө талынх нь нөлөөлөл хүчтэй байгаа юм биш үү. Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг шүүмжилсэн мэдээлэл мянга байгаа бол өмгөөлсөн нь ганцхан миний хэлсэн зүйл дээр өмгөөлөгчийнх нь хэлсэнтэй нийлээд хоёр л болж байгаа биз. Миний хэлсэн зүйл гэвэл өмгөөлж болох баримтыг л хэлсэн. Миний хэлсэн зүйл гэвэл “Ц.Орхон гэдэг хүн Дайны эрсдлийн даатгалыг хүчингүй болгочихсон юм байна. МИАТ-д хохирол учруулж байсан зүйлийг тасалчихсан юм байна.Үүнийг л хэлсэн”

-Х.Тэмүүжин сайдтай энэ сэдвээр ярилцав уу?
-Үгүй ээ. Тэгээд ч бид хоёр тааралдангуутаа маргалдаад байдаг хоёр биш шүү дээ. Сэтгүүлч та нарыг асуухаар л хариулдаг хүмүүс. Сэтгүүлч Х.Тэмүүжингээс асуухад нь хариулж, би одоо чамайг асууж байгаад нь хариулж байна. Миний хувьд 14 жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж, өмгөөлөл хийж байна. Мөнгөтэй мөнгөгүй, эрх мэдэлтэй, үгүй олон хүнийг л өмгөөлж явсан. Шүүх нэг талыг барьж, цаазын ял сонсчхоод дээд шүүх дээр оччихсон хүнийг өмгөөлсний хүчинд тэр хүмүүс өнөөдөр амьд мэнд явцгааж л байна. Би гэхдээ хэн нэгнийг өмгөөллөө гээд ганц төгрөг ч авч байгаагүй. Анхны маань өмгөөлсөн хүн гэвэл баатар Э.Бат-Үүл байдаг. Тухайн үеийн хууль зүйн сайд Ц.Нямдорж сайдад бичиг явуулж, өмгөөлөл хийж байлаа. Би хэргийн оролцогч нь хэн байна гэдгийг хардаггүй, харин фактийг нь л хардаг. Өмгөөлж болохуйц баримт байгааг нь хараад л хэлснийхээ төлөө хэн ч буруудах ёсгүй.

-Монголын Зохиолчид их хурлаа хийхэд нь зориулж ССАЖ-ын яамнаас 82 сая төгрөг өгч. Гэтэл өнөөх нөхөд нь бараг талыг нь “хусчихсан” байж болох тухай баримтыг нюьс.мн гаргаж тавьсныг та харсан уу. Иргэдийн шүүмжлэл мөнгө идэж уусан тухай, бас яагаад яам иймэрхүү зүйлд мөнгө гаргаж өгдөг юм гэдэгт байна. Зувчуулсан нь нотлогдвол яамны зүгээс яах вэ?
-Тийм ээ, харсан. Шалгуулна. Идэж уусан бол буцааж төлүүлнэ. Яаманд ийм журам ч бий. Бид Соёл урлагийн сангаас соёлын үйл ажиллагааг дэмжиж мөнгө олгодог. Кино, театрын уран бүтээлийг дэмждэг. Соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж мөнгө олгодог. Зохиолчид гэдэг соёлын салбарт онцгой үүрэгтэй хүмүүс. Гоё кино хиймээр байна, солонгос кино олширлоо, Монгол киноны тоог нэмэгдүүлье, жүжгийн чанарыг сайжруул гэдэг. Үүний тулд сайн зохиол хэрэгтэй. Хүнийг хүн болгодог, салбарт сайн бүтээл нийлүүлэхийн тулд сайн зохиолчидтой л байх хэрэгтэй. Тэр утгаараа зохиолчид хурлаа хийе гээд өргөдлөө бариад ирэхээр нь “энэ хүмүүс хоорондоо холбогдож, ирээдүйнхээ чиг хандлагыг зөв тодорхойлбол, соёлын хандлага зөв гарна” гэдэг үүднээс дэмжсэн. Дэмжсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх нь дараагийн асуудал. Тайланд дурдсан ажлаа үнэн зөвөөр хийсэн эсэхийг нь шалгадаг. Буруу зарцуулсан бол мөнгийг буцааж төлүүлнэ. Иймд бид журмынхаа дагаа шалгаад л зөрчил гарвал актаа тавина. Зохиолчдыг уулзуулах нь зөв. Аймаг сум бүрийн зохиолчид хоорондоо уулзаж байж орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зохиолыг хэрхэн гаргах тухайгаа ярилцах, соёл хүртээх сувгуудыг монгол контентоор хангах тухай ярилцах цаг болчихсон. Бид ийм асуудлаа хэлэлцэнэ гэж найдаж, яамнаас дэмжлэг үзүүлсэн. Соёл урлагийн сангаас дэмжлэг үзүүлж зохион байгуулсан ихэнх ажлууд амжилттай болсон. Анх удаа хэл ам сонсож байгаа нь энэ хурал болж байна даа.

-Батаарын байр юу болж байна?
-Дээд шүүхэд МАН-аас давж заалдсан байдалтай л байгаа. Хурал товлогдоогүй байна.

-Батаар хаана өвөлжихөөр болсон бэ?
-Дарханд Батаарыг хүлээж авах нээлт удахгүй болох сурагтай. Тэнд "өвөлжинө". Батаарыг байрлуулах сайтар тохижилт хийж байгаа гэсэн.
Б.МАНДАХ

Monday, 20 May 2013

Ц.Оюунгэрэл: Батаарын хэрэгт монголын талаас хариуцагчгүй болсон

Жил гаруйн өмнө Монголын газар нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн араг ясыгАНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдаанд нэг сая гаруй ам.доллараар зарагдах шахсан. Дуудлага худалдааг түр хойшлуулж, улмаар монголын говиос олдсон олдвор гэдгийг эрдэмтэд баталж байсан. Тэгвэл өнөөдөр Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг яс эх орондоо эргэн ирээд байгаа билээ. Харин одоо дэлхийд танигдсан энэхүү ховор олдворыг байршуулах, хамгаалах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал үлдээд буй. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.
.
-Жил шахам хөөцөлдсөн Тираннозавр Батаар эх орондоо ирээд удаагүй байна. Юуны өмнө түүнийг хэзээ, хэрхэн тээвэрлэж ирсэн гэдгийг тодруулаач?
-Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн шөнө 02.00 цаг орчимд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Тираннозавр Батаар маань БНСУ-ын  Korean air онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэгдэж, эх орондоо эргэж ирсэн. 70 сая  жилийн настай Тираннозавр Батаартай хамт хэд хэдэн үлэг гүрвэлийн ясыг бас авчирсан. Цаана нь 22 үлэг гүрвэлийн араг яс үлдсэн байгаа. Түүнээс долоо нь аварга том үлэг гүрвэл, 15 жижиг үлэг гүрвэл дагалдаж ирнэ. Дараагийн ачилтыг бид онгоцоор тээвэрлэж чадахгүй байх гэж бодож байна. Ÿагаад гэвэл хэтэрхий том ачаа болох тул газраар буюу усан онгоцоор тээвэрлэнэ. Ачилт одоогоор хийгдээгүй байна. Эх орондоо авчирсан батаарыг Туушин компанийн мэдэлд байдаг гаалийн баталгаат агуулахад хадгалаж байна. Гаалийн горимыг тун удахгүй хийнэ. Тэр үед Сүхбаатарын талбай дээр авч ирж, гаалийн дэлгэрэнгүй бүрдүүлэлтийг хийх болно. Та бүхэн анзаарсан бол Сүхбаатарын талбай дээр нэг байгууламж баригдаж байгаа. Тэр бол батаарын түр үзэсгэлэнгийн байр юм. Түр үзэсгэлэнгийн байрыг Төв музейнхэн маань тохижуулж,  дотор нь үзмэрүүдээ тавина. Бид амжвал Эх үрсийн баяраар, амжихгүй бол зургадугаар сарын эхний 10 хоногт багтаж Тираннозавр Батаарыг олон нийтэд, жуулчид, хүүхдүүдэд дэлгэн үзүүлнэ.
.
-Үлдсэн үлэг гүрвэлийн араг яснуудыг хэзээ авчрах вэ?
-Үлдсэн араг яснуудыг хүлээж авахад бэлэн боллоо гэж АНУ-аас мэдэгдсэний дагуу бид очиж хүлээж авна. Одоогоор тус улсын талаас үлэг гүрвэлийг хаана хаанаас цуглуулах вэ гэдгээ олж тогтоосон юм билээ. Тэдгээр үлэг гүрвэлийн араг ясыг Америкийн таван мужаас цуглуулж нэг дор болгож байгаад Монголын талд хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн. Бараг ирэх зургадугаар сарын дундуур хүлээлгээд өгчих болов уу гэж бодож байна.
.
-Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр гарсан ч шүүх хурлаар эзэмшигч нь тогтоогдоно гэж байгаа. Лениний музейн асуудал ямар шатандаа яваа вэ?
-Лениний музейн шүүх хурал энэ долоо хоногийн пүрэв гаригт 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Лениний музейн шүүх хурлыг нааштай шийдвэр гарах болов уу гэж хүсэн хүлээж байгаа. Олон түмний нүдэн дээр энэ батаарыгаа хааш нь хийх вэ асуудал байнга яригдаж, хүлээгдэж байна. Бидний өмнө ч тулгарч байна. Одоохондоо батаараа хаашаа хийх вэ гэдэг асуудлыг цэгцэртэл түр байр барих гэсэн шийдлийг сонгосон. Мэдээж хэрэг Монголд өвөл болно. Үргэлж түр байраар аргалаад байж болохгүй тул байнгын байр зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид шүүхийнхээ шийдвэрийг хүлээж байна. Шүүхийн шийдвэрийг төрийн өмчийнхөө талд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл Лениний музейг анхнаасаа төр санхүүжүүлж, төрийн захиалгаар тухайн үеийн Соёлын яамны захиалгаар бариулсан юм билээ. Тэгэхээр зайлшгүй соёлын зориулалттай байр байгууламж. 90-ээд оны хувьчлалын үеэр төрийн нэртэй олон барилга байгууламжийг хувьчилах, худалдах зэрэг ажлууд өрнөсөн. Гэхдээ Лениний музейн барилгын хувьд худалдаж, хувьчлаагүй болох нь тогтоогдсон.
.
-Батаар болон бусад үлэг гүрвэлийн араг яс хэзээ Монгол Улсын хилээр гарсан талаар мэдээлэл байгаа юу?
-Бидэнд байгаа мэдээллээр бол АНУ-ын иргэн Эрик Прокопи гэдэг хүн 2009-2011 оны хооронд гаргасан гэсэн баримт байна. Гэхдээ монголын аль хил гаалиар, ямар арга замаар хил давуулсан гэдгээ  Эрик Прокопи мэдүүлэхгүй байгаа юм билээ. Тиймээс бид хэргийн нарийн мэдээлийг одоо болтол олж авч чадаагүй байна. Ямар ч байсан АНУ-ын хилээр нэвтэрсэн он сараар нь баримжаалахад 2009-2011 онд болсон гэдэг баримжаа л байна.
.
-Эрик Прокопид хэрхэн хариуцлага тооцох вэ? Түүнчлэн манай улсаас батаартай холбоотой энэ хэрэгт хариуцлага тооцох хүн байгаа юу?
-Эрик Прокопи АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр хүн эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна их хэмжээний торгууль төлсөн. Мөн түүнд хорих ял оноох нь ирэх зургадугаар сарын 20-доор болох шүүх хурлаар тодоорхой болно. Хэдэн жилээр шийтгэх нь тухайн орны шүүхийн асуудал. Мөн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор гэдэг хүнийг АНУ-ынхууль хяналтынхан мөрдөж шалгасны үндсэн дээр түүнээс 17 үлэг гүрвэлийн олдворыг олж авсан. Тэгж байж 22 үлэг гүрвэл болсон байгаа. Крис Мор харин өөрт байгаа бүх үлэг гүрвэлийн ясыг сайн дураараа АНУ рууаас ачуулсан. Тэнд нэгтгээд Монголын талд хүлээлгэж өгүүлэх хүсэлтээ тавьсан юм билээ. Ингэсэн тохиолдолд АНУ-ын хуулиар бол эрүүгийн ялаас чөлөөлөгддөг. Тиймээс эрүүгийн ял шийтгэлийг Эрик Прокопи ганцаараа хүлээнэ гэсэн үг. Монголын талаас түүнтэй Т гэгч залуу хамтран наймаа хийж байсан гэдгийг тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас барсан юм билээ. Тиймээс одоогоор Монголын тал голлож хариуцаж байгаа гэм буруутай гэх хүнийг  олж тогтоож, хариуцлага тооцох боломжгүй.
.
-Таныг үлэг гүрвэлийн араг ясны хойноос хэт их хөөцөлддөг сайд хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Энэ талаар таны бодол?
-Тираннозавр Батаарыг  ярьж эхлэхэд олон жил мартагдсан зүйлийг ярихад үнэ цэнийг сануулах, түүхийн баримт, музейн ач холбогдол гээд олон талаас нь тайлбарлах шаардлагатай болсон. Энэ нь хүмүүст хэтэрхий их юм ярьж байна гэж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ бол дэндүү олон жил үл тоож орхигдсон сэдэв учраас ярихаас өөр аргагүй. Гэхдээ дан ганц Оюунгэрэл гэдэг яриад байгаа асуудал биш. Тиймээс өөр хүн гарч ирж яриач ээ. Палентлогийн чиглэлээр өөрсдөө сураад энэ чиглэлээр ард түмнээ гэгээрүүлээч ээ гэж тэр хүмүүст уриалмаар байна.
Яг одоогийн байдлаар манай улсад сээр нуруутны палентлогийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гуравхан хүн байна. Гэтэл манай орны үлэг гүрвэлийн яс, эртний олдвор нь хамгийн багадаа 30 эрдэмтэн ажиллаж мэдлэг боловсролоо зарцуулах салбар. Магадгүй баялаг их түүхтэй, хөрсөн дороо нууцаа хадгалсан манай орны хувьд 300 эрдэмтэн ч багадна. Одоо эдгээр үлэг гүрвэлийн араг ясыг судлах, он цагийн баримжаа гаргах, дэлхийн хэмжээнд таниулах зэрэг судалгааны ажлыг дандаа гадаадын эрдэмтэд хийж байна. Гадаадын эрдэмтэд Монголын баялаг дээр шинэ нээлт хийж гадны сонин хэвлэлүүд дээр бичиж, ном гаргаж, өөрсдөө алдаршаад байна. Монгол шавьгүй, монгол эрдэмтэдгүйгээр тэд энэ бүхнээ хийж байгаа. Манай улсын шинжлэх ухааны эх материал маань өөр орны эрдэмтдийг докторын зэрэг хамгаалах түшиц, тулгуур бүтээл нь болсон. Энэ бол үнэхээр сэтгэл өвтгөсөн асуудал. Манайхан өөрсдөө палентлогийн шинжлэх ухаанаа судлахгүй, ухуулан сурталчилахгүй, залуучуудад ойлгуулахгүйгээс болоод энэ чиглэлээр суралцахгүй, огт тоохгүй байна. Музей байгуулна гээд докторын зэрэгтэй палентолгич ажилд авна  гээд зар тавьсан чинь монголд тэр зарын дагуу өргөдөл бичиж өгөх нэг ч хүн гарч ирсэнгүй.
Аргаа бараад АНУ-д энэ чиглэлээр суралцаж байгаа Болорцэцэг гэдэг бүсгүйг ирж ажиллаачээ гээд урьж байна. Тэгэхээр энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, тэднээр яриулах цаг болсон. Тэгвэл би батаарын асуудлаар хүмүүсийг залхтал яриад байхгүй.

- Монголчууд сүүлийн жилүүдэд өнгөрсөн үеийн түүхээ үл тоож, хэтэрхий өнөөдрөөрөө амьдраад байгаа юм шиг харагддаг. Түүхийн баримт, өв соёлын дурсгалыг ер нь та юу гэж боддог вэ?
-Өв соёл гэдэг таны гэрээс л эхэлж байгаа. Гэрт  байгаа ээж аавын зургийн цомог гэдэг өв. Түүнийгээ сайхан хадгалаад сурчих. Эцэг эхийнхээ бичсэн захидлыг хадгалаад эмээ өвөөгийн эдэлж хэрэглэж байсан авдар, зэс данхыг хадгалаад сурчих. Тухайн үед өөрт чинь тоогдлохгүй байж болох ч хожим үр хүүхэд, ач зээ нарын чинь үед хамгийн олдошгүй өв соёл болно. Хүмүүс миний үлэг гүрвэл ярьж  байгаагаас залхаж байгаатай адилхан гэрт байгаа зэс данхаа орчин үеийн төмөр никель данхаар соличихож байна. Шинийг хэрэглэж болно гэхдээ хуучнаа хадгалаад явдаг байх ёстой.
Би гэхэд ээж, аавынхаа бичсэн захидлуудыг үр хүүхэддээ үлдээж байгаа, тэдний ач гуч нь үзээсэй гэж боддог. Энэ бол үр хүүхэддээ өвөг дээдсээс нь үлдээж буй амьдралын ухаан, хайрлах сэтгэл, хүмүүжлийн маш чухал өв соёл гэж боддог. Харахад өчүүхэн мэт энэ зүйл хадгалах, хамгаалах, хайрлах сэтгэлээр түүхийг бий болгодог. Өв соёл нь үнэгүйдэж, түүнийгээ алдаад л байх юм бол төдий чинээ хайрлах, хамгаалах сэтгэлээ гээж өмнөх үеээ үгүйсгэж байгаа хэрэг болно. Өв соёлоо хамгаална гэдэг биднийг маш их хүнлэг, шинжлэх ухаан ч, аливаа зүйлд ул суурьтай, судалгаатай ханддаг зан чанарт сургадаг. Хүмүүжилд ч тустай. Өнөөдөр дэлхий улс орнуудад  музейд очиж үздэг, өмнө нь анзаарч хараагүй зүйлээ олж хардаг заншилтай.
Гэтэл манай улс тэднээс дутахгүй, дэлхийд гайхагдсан маш сайхан түүхтэй орон. Жишээлбэл,13 дугаар зууны үед монголчууд дайн тулааны зэр зэвсгээ өөрсдөө л хийдэг байсан. Гэтэлд одоо тэр үеийн нарийн ур хийц, технологи нь одоо бидний үед өвлөгдсөн үү гэвэл авч үлдсэн юм алга. Өмнөх түүхээ тоохгүй байна гэдэг төдийн чинээ технологи ноу-хаугаа алдаж байгаа хэрэг. Энэ нь нөгөө талаар ирээдүйнхээ бизнесийг алдаж байгаатай адил юм. Өнгөрсөн үеийнхээ түүхийг судлах нь улс орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын нэгээхэн хэсэг.
.
П.Нарандэлгэр

Sunday, 28 April 2013

Ц.Оюунгэрэл: Юнеско-д соёлын өвийн жагсаалтаа шинэчилж явуулна

Манай улсын үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур, ардын урлаг хөөмэйг Хятадууд өөрийнхөө соёлын өв болгож ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байсныг нэлээд удаан хугацааны турш маргасны дүнд бүртгүүлж чадсан. Тэгвэл тус улс монгол морьны эмээлийг ӨМӨЗО-ы соёлын өв гэж бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

-Эмээлийг Хятадууд өөрийнхөө орны соёлын өвд бүртгүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар танай яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?  

-Бид ЮНЕСКО-гийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хөрш орныхоо соёлын өвийг арай баян, мөнгөтэй улс орон нь түрүүлж бүртгүүлээд байгааг яаж зохицуулах вэ гэж асууж байсан. Манай талд ЮНЕСКО-гийнхон сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаа танилцуулсан юм. Уг танилцуулгад Өмнөд Африкийн орнууд сүүлийн жилүүдэд нэг ч соёлын өвөө бүртгүүлж чадаагүй байхад хөрш зэргэлдээ оршдог мөнгөтэй орнууд Африкийн соёлын өвийг өөрсдийн нэр дээр маш ихээр бүртгүүлсэн байна. Мөн манай урд хөрш зэрэгцэн оршдог орнуудын соёлын өвийг ч олноор бүртгүүлсэн гэх судалгаа гарсан байна билээ. Энэ судалгааг үндэслээд ЮНЕСКО дүрмээ өөрчилсөн. Тэд соёлын өвөө бүртгүүлэх гэж байгаа улс жилд нэг л өв бүртгүүлнэ гэсэн өөрчлөлтийг хийлээ. Тэр өв нь тухайн орны үндэснийх байх ёстой гэж заасан. Бидний ярьж буй эмээлийг 2008 онд ЮНЕСКО-гийн дээрх бодлогыг гараагүй байхад БНХАУ ирэх 10 жилд бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтдаа бүртгүүлээд өргөн барьсан байсан юм билээ. Тэр бичигт ӨМӨЗО-оос 40 гаруй зүйлийн жагсаалт орсны дотор манай эрийн гурван наадам багтсан байх жишээтэй. Энэ мэтчилэн манай улсын соёлын томоохон өвүүд түүн дотор явж байна. 

-Тэгэхээр эмээлийг өмнөд хөрш соёлын өвөөр бүртгүүлж чадахгүй гэж ойлгож болох уу?

-Дээрх жагсаалтыг өмнөд хөрш нэг нэгээр нь бүртгүүллээ гэхэд 40 жил шаардлагатай болно. Нөгөөтэйгүүр тэд эмээлийг энэ жилдээ бүртгүүлж чадахгүй. Тэд өөрийнхөө орны соёлын өвийг үү эсвэл хөрш орнуудынхныг бүртгүүлэх үү гэх сонголт гарч ирнэ. Ийм сонголтыг ЮНЕСКО бодлогоороо тулгаад байгаа. Уг бодлогыг өв соёл нь хулгайлагдаж байгаа Африкийн орнууд болон Монгол гэх мэт Хятадтай зэргэлдээх улс орнуудад маш их сурталчилж байгаа. Та бүхэн эрхээ эдлэх хэрэгтэй. Танай хөрш жилдээ нэг л зүйл бүртгүүлэх эрхтэй. Тиймээс та нар зэрэгцээд соёлын өвөө бүртгүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ЮНЕСКО өгсөн. Бид олон улсын бодлогоор энэ удаа хамгаалалттай байгаа. Тэр хамгаалалт байгаагүй бол мөнгөтэй орон нь түрүүлж их сургуулиудаа байгуулж, өв соёлоо судлуулан цуглуулаад хөрш зэргэлдээх орнуудынхоо өв соёлыг 30-40-өөр нь бүртгүүлж байсан. Тэр байтугай ЮНЕСКО-гийн таван хэл дээр орчуулах, соёлын өвийг танилцуулахад боловсон хүчин болон санхүү их шаардагддаг. Одоо бид ЮНЕСКО-д өргөн барьсан жагсаалтуудтай нь зэрэгцүүлсэн жагсаалтыг Монголоос гаргаж өгөх ёстой. Уг жагсаалтад Монголоос хүсч байгаа зүйлүүдийг гаргаж өгнө. Хэрэв хоёр орноос зэрэгцээд нэг зүйлийг бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байвал заавал хэлэлцээр хийх ёстой байдаг. Тэгэхээр ӨМӨЗО-ы соёлын өв болох гээд байгаа эмээлийг Монголд хэрхэн үзэж байна вэ гэдгийг бид ЮНЕСКО-д тайлбарлах ёстой болж байгаа юм. Тиймээс би Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтнүүдтэйгээ ирэх сараас нэлээд сууж ажиллана. Биет бус өвийг жагсаалтаар болон соёлын өвөө бүртгүүлэх гэж хоёр ангилдаг. Жагсаалтад орсон зүйлээ өв болгож бүртгүүлэх ёстой. Тиймээс ойрын үед урьдчилсан жагсаалтаа шинэчлэн гаргаж ЮНЕСКО-д явуулахдаа нэлээд олон өвийг оруулж өргөн барьмаар байна. Урьдчилсан жагсаалтад ямар өв зайлшгүй оруулах вэ гэдэгт иргэдээс санал авч байгаа.

-Соёлын өвөө бүртгүүлэхдээ иргэдээс яаж санал авах ёстой вэ? 

-ЮНЕСКО-д соёлын өв бүртгүүлэх тогтолцоогоо бид ойлгох хэрэгтэй. Тэр тогтолцоо нь төр санаачилсан байж болдоггүй. Төр нь санаачлаад “Чи үүнийг хэрэгжүүл” гээд иргэддээ үүрэг өгсөн байвал соёл гэж үздэггүй. Харин иргэд нь өөрсдөө санаачлаад “Би ийм эмээл хийдэг хүн байна. Үе удмаараа эмээл хийж байсан” гэх мэт санал ирвэл соёлын өвийг бүртгүүлэхэд маш хурдан. Тий­мээс соёлын өвд хайртай нутаг усаараа эмээлийг зайлшгүй бүртгүүлэх ёстой гэж үзэж байгаа иргэд манай яаманд хүсэлтээ ирүүлэхийг хүсье.

-Манай улс одоогоор ЮНЕСКО-д хэчнээн соёлын өв бүртгүүлээд байна вэ?

-Бид 11 зүйл бүртгүүлээд байна. Хөөмэй, цуур, уртын дуу, морин хуурыг бүртгүүлсэн. ЮНЕСКО соёл иргэншил, соёлын дурсгалт газар бүртгэдэг. Тухайлбал, Бурхан халдун уулаа бүртгүүлэх гэж байгаа бол ард түмний хүсэлт маш их хэрэгтэй байдаг. Урд нь энэ уулыг соёлын өвөөр бүртгэхээс татгалзаж байсан юм байна лээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Танай төр хэтэрхий их тушаал зарлиг гаргадаг юм байна. Төр нь хамгаал гээд байдаг болохоос биш ард түмэн нь дуугардаггүй юм билээ” гэсэн үндэслэл хэлсэн гэсэн. Тиймээс соёлын өв бүртгүүлэхэд төр ажиллах нь зүйн хэрэг ч ард түмэн соёлоо өмчилж, харамлаж, хамгийн их оролцох ёстой гэдгийг хэлье. Хөөмэйг бүртгүүл гээд байгаа ч түүнийг бүртгүүлдэг хүн байхгүй болчихвол энэ өвийг бүртгэдэггүй юм билээ. Тиймээс ЮНЕСКО-д ийм эмээл хийж байна, хийсэн эмээлийг нь өчнөөн мянган хүн хэрэглэж байгаа гэсэн тоо баримт маш их хэрэгтэй байдаг. 

-Энэ жил манай улс ЮНЕСКО-д ямар өвөө бүртгүүлэхээр материалаа явуулаад байгаа вэ?

-Уран бичлэгийг бүртгүүлэхээр материал бүрдүүлж явуулсан. Бүртгэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Маш олон шалгуур давж байж бүртгүүлэх зөвшөөрөл авдаг юм.

Ардчилал сонин

Thursday, 25 April 2013

Ц.Оюунгэрэл: Монгол эмээлийг Хятадын нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхгүйн тулд ард түмний оролцоо чухал

Монголчууд морин туурайгаар дэлхийг тамгалсан ард түмэн. Гэтэл сүүлийн vед БНХАУ Монгол үндэсний эмээлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх нь гэсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Монгол үндэсний эмээлийг Хятад улс ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх гэж байгаа гэх мэдээлэл байна. Та энэ талаар ямар хариулт өгөх вэ?
-Ийм мэдээлэл гарсны дагуу бид энэ талаар судалж үзлээ. ЮНЕСКО-д улс орнууд хоёр, гурван зүйлээр өр­гөдөл гаргадаг. Тухайн жилд манай энэ өв, соёлыг бүртгээд өгөөч ээ гэдэг хүсэлт явуулдаг. Нэг жилд нэг орны нэг л соёлын өвийг бүртгэдэг ЮНЕСКО-гийн шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хөгжил сайтай орнууд нь соёлоо сурталчилж чадахгүй байгаа ядуу орнуудын соёлыг өөр дээрээ бүртгэх явдал арилсан гэж хэлж болно.
Мөн улс орнууд ойрын 20, 30 жилд ийм ийм өвийг судалж өргөн барина гээд урьдчилсан жаг­саалт гаргадаг.
БНХАУ 2008 оны үед Өвөр Монголоос орох соёлын өв гэсэн урт жагсаалтыг ЮНЕСКО-д явуулсан юм билээ. Түүн дотор нь эмээл, эрийн гурван наадам багтсан байдаг. Энэ нь ирээдvйд манай vндэсний эмээлийг БНХАУ өөрийн нэр дээрээ бүртгүүлэх сонирхлоо илэрхийлсэн гэсэн үг. Үүнийг бүртгүүлсэн гэж ойлгож болохгүй. Хятадын энэ жагсаалтад манай улсаас 40-өөд нэр төрлийн соёлын өв багтсан байна лээ. Тэр 40 төрлийн зүйлийг бүртгүүлэхэд 40 жил шаардлагатай. Тиймээс бидэнд арга хэмжээ авах хан­галттай хугацаа бий.

-Хэдийгээр 40 жил гэдэг урт хугацаа ч манай зvгээс юу хийх ёстой вэ?

-Монголынхоо соёлын өвийг Монголын жагсаалтад оруулах шаардлагатай гэсэн иргэдийн хүсэл эрмэлзэл бидэнд хэрэгтэй. ЮНЕСКО-гоос “Төр нь ард тvмэндээ энэ соёлыг хэрэгжүүл, хүмүүж” гээд тулгах юм бол соёл гэж үзэж бүртгэдэггүй.

-Тэгээд яг ямар зарчмаар бүртгэдэг юм бэ?

-Ард түмэн тухайн соёлыг хүсэн хүлээж, түүний төлөө үе удмаараа хүчин чармайлт гаргаж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн, уламжлалт, ард түмний амьдралд гүн шингэсэн зүйлийг соёл гэж үзэж бүртгэдэг. Тэр ч утгаараа монгол эмээлд олон хүний сонирхол нэгдэж байгаад их талархаж байна.
Дашрамд хэлэхэд, ард түмэн маань “Эмээлийн утга учир, соёлыг тайлбарлаж бичсэн захидлаа бидэн рүү явуулах хэрэгтэй байна. Иргэдийн захидал, Төрийн бус байгууллагуудын бидэнд хандсан албан ёсны хүсэлт, үр удмаараа эмээл хийж амьдарч буй иргэд, малчдын маань хүсэлт бидэнд цугларвал өөрийн соёлын өв болгон бүртгэхэд хялбар байх болно. Хүмүүс өв соёлоо хэд хэдээр нь бөөндөөд түргэхэн бүртгүүлчихэж болдоггүй юм уу гэдэг. Дээр хэлсэнчлэн ЮНЕСКО-гийн журамд нэг жилд нэг л соёлын өвийг бүртгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай улс энэ жилийн тухайд соёлын ямар өвөө бүртгүүлсэн юм бэ?

-Монгол уран бичлэгээ бүртгүүлэх гээд явуулсан. Мөн соёл иргэншлийн өвөөр Монгол гэрийг бүртгүүлэх саналаа явуулсан байгаа.

-Манай улс нийт хэчнээн соёлыг бүртгүүлсэн байдаг юм бол?

-Хөөмий, Монгол цуур, Морин хуур гэх мэт 10-аад соёлын өвийг бүртгүүлсэн.

-ЮНЕСКО-д яг тийм зүйлийг л бүртгэнэ гэсэн шалгуур байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Соёл, иргэншил, соёлын дурсгалт газрыг л бүртгэдэг. Жишээлбэл, Бурхан Халдун уулаа бүртгүүлэхийг хүсч байгаа бол ард түмний хүсэлтүүд маш их хэрэгтэй байна.

-Өмнө нь Бурхан Халдун уулыг бүртгэхээс татгалзсан шүү дээ?

-Үүний шалтгааныг ЮНЕСКО-гийн зүгээс “Монголын төр хэтэрхий их тушаал, зарлиг гаргаж хамгаал гэж үүрэгддэг юм байна. Ард тvмэн чинь шаарддаггүй юм байна шүү дээ” гэж тайлбарласан байдаг. Хамгийн гол нь ард тvмэн соёлоо өмчилж хармалдаг байх ёстой учир өмчлөгчид хамгийн сайн оролцох хэрэгтэй.

-Амралтын өдрvvдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болно. Үүний ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар хоёр жил ажилласныхаа тайланг тавих гэж байна гэж ойлгож байгаа. Түүнийг даргалах хугацаанд ямар бэрхшээл, дэвшил гарав гэдгийг улс орнууд тал талаасаа ярих байх. Манай улсын ардчиллын тvvх, туршлагыг дэлхий нийтэд мэдээлэх анхны том боломж энэ удаагийн чуулган уулзалт юм.
Дэлхий нийт манай улсыг ардчилсан орон л гэж мэддэг. Чухам яаж ардчиллыг бий болгосныг төдийлөн мэдэхгvй. Ард тvмний энэ мэргэн ухааныг бусад орнууд хэзээ ч сонирхож асууж байгаагvй. Бид ардчиллыг сонирхдог 104 оронд Монголын ардчилал ингэж явагдсан гэдгээ танилцуулна. Нэг ч цонх хагалалгvй, нэг ч хvний хамраас цус гаргахгvйгээр тэвчээр зааж, ухаан зарж ардчиллыг бий болгосноо хэлнэ гэдэг цаашид ардчиллыг тvгээн дэлгэрvvлэхэд илvv урам зориг болно.

-Манай улсад ардчилсан үзэл баримтлал бүрэн утгаараа хэрэгждэг юм уу, сүүлийн vед дарангуйлдаг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ?

-Манайд тодорхой дэвшил гарсан. Ардчилсан парламент, сонгуультай, аливаа асуудлыг ардчилсан зарчмаар шийдвэрлэдэг. Яах аргагvй ардчиллын элементvvдийг бvх шатанд нэвтрvvлж яваа улс. Мэдээж хэрэг бvх хvний сэтгэлд хvрсэн ардчиллыг хараахан тогтоож чадаагvй. Ингэхийн тулд ард тvмнээ мэдээлэлжvvлэх ёстой.

-Төгс ардчилсан үзэл баримтлалтай улс гэж байдаг болов уу?

-Яг энэ нэр томъёонд хvрсэн орон гэж байдаггvй. Аль орон номер нэг вэ гэж хуваарилах боломжгvй. Жишээлбэл, Швейцарь улс гэхэд ард тvмэн нь хууль санаачилж батлах эрхтэй мөртлөө манай­хаас ардчилал сурах юмсан гэж хvрч ирдэг. Яагаад гэвэл,Монголын ардчилсан сонгууль шиг олон хvнийг хамарч, идэвх¬жvvлсэн сонгууль явагддаггvй гэсэн.

Тухайн орон өндөр хөгжсөн ч буурай байсан ч ардчиллын сорилт vргэлж тулгардаг. Энэ сорилтуудыг хэрхэн даван туулах вэ гэдэг зорилгын vvднээс ард­чилсан орнуудын хамтын нийгэмлэг байгуулагдсан. Ардчилал гэдэг барилга бариад орхичихсон мэт мөнх тогтдоггvй.

-АН-ынхан өөрсдөө ардчиллыг уст­гаж байна гэж ярьдаг. Үүнийг юу гэж боддог вэ?

-Ер нь аль ч нам дотор ардчиллын зарчим бий. Зөвхөн манайх АН гэдэг нэртэй учир хамгийн ардчилсан vзэл баримтлалтай гэж хэлж чадахгvй. Манай намд сайжруулах зvйл маш их бий. Тиймээс дотроо дvрмээ сайжруулахаар одоо хэлэлцvvлж байгаа.

-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр та сөрөг хүчний зүгээс Үндэсний аюулгvй байдлын асуудлыг хөндөж байгаа нь их ноцтой юм гэж хэлж байсан?

-Мэдээж сөрөг хүчнээс шаардлага тавилгүй л яах вэ. Сүүлийн 23 жил гадаад харилцаа ярихгүйгээр дотоодын асуудлаа шийдээд болж л байсан. Одоо бодоход гурван жил тутамд нэг Ерөнхий сайдыг огцруулсан байна. Тэр болгондоо аль болохоор дотоодын эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбож ярьсан. Гадаадын ямар нэгэн улсад хохирол учирсан гэдэг асуудал гараагүй байхад хоёр хөрштэйгөө аятайхан харьцаж чадахгүй байна гэдэг үндэслэл оруулж ирж байгаа нь аюултай үзэгдэл. Өмнө нь Сталинтай аятай­хан харьцсангүй гээд дарга нараа яаж хэлмэгдүүлдэг байлаа. Энэ мэтчлэн гашуун туршлагууд бий шүү дээ.

Сүүлийн үед түүний ул мөр овоо арилчихсан байхад дахин оруулж ирэх нь буруу хандлага үүсгэчих вий гэж маш их санаа зовж байгаа. Сөрөг хүчний оруулж ирж буй шаардлага магадгvй 99 хувь зөв байлаа гэхэд нэгхэн хувьд нь гадаад харилцааны асуудал ярих нь нэн аюултай юм. Бид энэ шаардлагыг ерөөсөө хангаж болохгүй. Хэрэв хангавал манай улсын гадаад харилцаанд эргэж нөхөгдөшгүй буруу жишиг тогтоно.

В.Дондовдорж

Friday, 18 January 2013

Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюун­­гэрэлтэй ярилц­лаа.
-Та ардчиллын тө­лөө тууштай тэмц­сэн цөөн бүсгүйчүү­дийн нэг. Таныг ард­чилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?
oyungerel-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нө­хөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нис­гэгч байсан болохоор ту­хайн үедээ өндөр цалин­тай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөг­жөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь "Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас "Алт ху­далдаж авч болно" гэсэн бичиг авчир" гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалга­даг байсан. Жи­шээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээ­ний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаа­гаас дээш тооны малтай байхыг зөвшөөр­дөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөр­дөггүй, алт зүүж бол­дог­гүй нийгэм бай­лаа. Тий­мээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чө­лөөтэй нийгмийг бай­гуулж өгье гээд л ард­чи­лалд эргэлтгүй орчих­сон шүү дээ. -Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж бод­дог байв уу?
-"Цөөн хэдэн сахил­га­гүй хүнтэй нийллээ" гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахил­гагүй хүн биш боогд­мол, хязгаарлагдмал нийг­мийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа  ардчиллын тө­лөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын тө­лөөх шинэ намуудын дарга болж улс төрд ор­сон. "Эрх чөлөө төв" тө­рийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний тө­лөө маш их тэмцсэн. Хэв­лэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүй­лийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж бай­сан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол "Миний эрхийг зөрччихлөө" гэж гомдол гаргадаг байгаа­сай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө "Эрх чөлөө төв"-д ажиллаж бас тэмцэж бай­лаа.
Нэг нь санаатай, са­намсаргүйгээр хүний эр­хийг зөрчиж болдог. Ха­рин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуц­лагагүй зүйл. Хүн өөрийн­хөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тий­мээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хам­гаалж ажилладаг байсан.
-Одоо эргээд хара­хад хүсээд байсан нийг­мээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?
-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуу­лаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус бай­хыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, ха­раат бусаар амьдарч чад­даг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал ор­шин тогтнодог.
-Өнгөрсөн сонгуу­лиар ардчиллыг олуу­лаа сонголоо. Гэтэл ир­гэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан ги­шүүн төрийн өндөр албан тушаалтай хү­мүү­сийн эрхийг хяз­гаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түү­нийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?
-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би "Ардчил­сан, эрх чөлөөтэй ний­гэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүү­лэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг бол­гоод өгөөч" гэж цаас ба­риад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна та­лаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгог­дохоос өмнө хөрөнгө ор­логын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрх­тэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй бол­гооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүл­гийг нээлттэй болгож чад­сан.
-Одоо харин хөрөн­гөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг бол­лоо...
-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө "Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна" гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, до­тоодод байгаа бүх хөрөн­гөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яа­хав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг бай­сан юм. Би тэр бүх­нийгээ хөрөнгө, орло­годоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, ор­логын мэдүүлэгтээ бичих­гүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ард­чилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн бан­кинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үнд­сэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учир­тай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэм­жинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Бат­зандангийн толгойд бай­гаа байх. Гэхдээ улстөрч­дийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнз­гийрүүлэхэд залуу нас­ныхаа эрч хүчийг зар­цуу­лаач гэж хэлмээр байна.
-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компа­нийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Бат­зандан гишүүн яриад байна. Магадгүй та оюу­тан байхдаа ашиг­лаж байсан АНУ дахь дан­саа хаалгах шаардлага гарах нь дээ?
-Би "Ногоон нүдэн лам" номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ то­хиол­долд гадаадын номын дэлгүүрүүдээс мөн­гөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна.
Га­даадад төлөө­лөг­чийн газар томилоод тэд ми­ний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаа­­раа гадаадад данс нээж л таарна. Энэ мэ­тээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг ут­гаа­раа гадаадын зах зээлд гарах туйлын со­нирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс "Дэл­хийн зах зээлд тэн­цэх киног дэмжинэ" гэсэн бодлоготойгоор техни­кийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж бай­гаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Мон­го­лын бизнесменүүдийг то­мор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай хол­богдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нот­лох ёстой.  
-Ж.Батзандан ги­шүүн төрийн өндөр албан тушаалтны эр­хийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эр­гээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйс­­гэж байна гэж ярих хүн ч олон байна.
-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лон­дон­гийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лон­донгийн бирж дээр арил­жаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данс­тай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан ту­шаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуу­дал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчи­хөд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эр­хийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эр­хийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнес­ме­нүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэд­ний эрхийг зөрчихөд дуу­гарахгүй бол үйлд­вэрч­нийхний, ард түмний эр­хийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол ууч­лаа­рай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын батал­гаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хяз­гаар­лах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?
-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэ­дийн төлөөлөл байх ёс­той. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сон­го­хын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогч­додоо хэлж л байсан. Сонгогчид маань ч на­майг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бус­даас илүүдээ сонгог­доо­гүй. Бусад хүний төлөө­лөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны да­раа гэнэт төгс хүн байж болохгүй.
-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.
-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тог­тол­цоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын бай­гууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шал­галтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэ­дэнбал Фила­това хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмө­сөн нүүгээд явахад нь байнгын оршин сууг­чийнх нь үнэмлэхийг ху­раа­гаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэ­нийг авъя гэж зорь­доггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн бо­лохыг бодно биз дээ. Тий­мээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсын­хаа иргэн болгох шаард­лагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашиг­­тай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаал­тан­тай гэр­лээд л болчихно байна шүү дээ.
 -"Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү" гэж ханьдаа хэлэв үү?
-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, бие­нийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохир­чихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Аме­рикт оччихоод тэндэхийг шүүм­жилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэт­гэдэг.
-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяа­таас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?
-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.
-Намынхаа нөхөртэй энэ та­лаар ярилцаж үзэв үү?
-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.
-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэ­дээллийн хэрэгслийн сэтгэгд­лийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?
-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс  сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.
-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яа­гаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг бай­гаа юм уу?
-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт "Сэт­гэгдлийг хариуцахгүй" гэсэн өгүүл­бэр байдаг. Цаашид Засгийн газ­рын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.
-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?
-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэг­дэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэр­хийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түү­нээс сэтгүүлчийн бичсэн нийт­лэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.
-Бас кабелийн 20 гаруй теле­визийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл хал­даад байгаа юм биш үү?
-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломж­той байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд "Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү" гэж байна лээ.
-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?
-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж то­дорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй ав­чихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялан­гуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэ­рийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар алба­дан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэс­нээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?
-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зар­лагдахаас айх хэрэггүй. Харин "Чи хэвлэлтэй байж болохгүй" гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.
-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэ­дийн шүүмжлэлд өртөж байгаа­гаа анзаарч байна уу?
-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тий­мээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хү­мүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР