Showing posts with label САЙХАНСАМБУУ Ш. Show all posts
Showing posts with label САЙХАНСАМБУУ Ш. Show all posts

Saturday, 28 April 2012

Ш.Сайхансамбуу: Авлига хэр их авна төдий чинээ шоронд сууна


-Та Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн тухай тодруулахгүй юу?
-Мэргэжлийн хуульчдын баг энэ хуульд нэг жил найман сар гаргаж ажилласан. Үүнд н.Нарангэрэл хуульчаар ахлуулсан есөн хүний баг ажилласан байгаа. Хууль боловсрогдон УИХ-д өргөн бариад нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Нэлээд хөрөнгө зарсан. 2002 оны Эрүүгийн хуулинд түшиглээд нэлээд өөрчлөлт оруулж боловсруулагдсан байгаа. Энэ хуулинд анх удаа хэрэгт холбогдсон болон дахин давтан хэрэг үйлдсэн хүмүүст нэлээд анхаарч ажилласан. Зарим шүүх үйл ажиллагаа явагдах үед зарим хэргийг албадан хөдөлмөрөөр орлуулах, заавал ял эдлүүлэх нь гол нь биш гэсэн дэвшилттэй болж хувирч байгаа. Мөн Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлсэн цаазаар авах ялын асуудал энд давхар сөхөгдөж байгаа. Үүнд долоон төрлийн цаазаар авах ялыг нэг төрөл болгож оруулж байна. Хүнд, онц ноцтой, хэрцгийгээр санаатай хүний амь нас бүрэлгэсэн гэсэн нэршилийг үлдээж бусдыг нь хассан. Энэ хууль одоо хаврын чуулганаар хэлэлцэгдэх жагсаалтад орсон байгаа. Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдана. Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэж чуулганаар хэлэлцэгдэх явцад цаазын ял байх уу үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг УИХ шийдэх байх гэж найдаж байна.
-Хуучин тэнсэн харгалзах ял гэж байсан. Одоо энэ нь албадан ажил эрхлэх гэх мэт зүйл заалттаа шингэсэн үү?
-Иргэд 2002 оны Эрүүгийн хуулийг их чанга хатуу байна гэж гомдоллодог. Харин 2008 оны УИХ-ын сонгуулиар иргэдтэй уулзалт хийгээд явахад тэд энэ хуулийн тухай их ярьж байсан. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд хэрэгт их холбогдож, ял эдлэх нь ихэсчээ. Ялангуяа 12-оос дээш насны хүүхдүүд шилжилтийн насныхаа үед болгоомжгүйгээс болж хэрэгт холбогдож байна. Энэ нь ял болж хувирч байгааг эцэг эхчүүд хэлсэн. Ийм нарийн заалтууд байгаа учир Чуулганаар эцсийн шийд гарах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүд бүгд янз бүрийн л бодолтой байгаа. Тэдний дунд хуульчид ч байгаа. Тэд хатуу зөөлнийг нь тэнцүүлж өгөх байх. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар Шүүх, Цагдаа бүгд л нэг нэг зүйл хэлж байна. Энэ хуулийг найман жил хэрэглэчихлээ. Тэгэхээр одоо өөрчилж болно гэж бодож байна. Ард иргэддээ уян зөөлөн хандах хэрэгтэй. Залуучуудыг шоронд явуулах шаардлагагүй. Тэрний оронд албадан хөдөлмөр эрхлүүлж болно шүү дээ. Авлигатай тэмцэх газрынхан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргасан байна. Энэ хуулинд тэр бүгд багтсан байгаа. Авлигатай тэмцэх талаар нэлээд орсон. Авлига авч улс орныг хохироосон хүнд олон жил ял өгч хашраахгүй бол болохгүй байна.
-Тэгэхээр таны өргөн барьсан хуульд Авлигачтай нэлээд хатуухан тэмцэхээр шийдсэн байх нь ээ?
-Тийм. Авлига хэдий чинээ их авна төдий чинээ удаан шоронд суух ёстой гэдгийг энэ хуулиар хатуу зааж өгнө. Авлигачтай тэмцэх хуулийг ярихаас өөр арга байхгүй. Хэсэгчилж биш 2002 оны хуулийг улам сайжруулах зорилготой. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, залилангийн хэргийг яаж зохицуулах талаар нэлээд тусгагдсан. Мөн цаазаар авах ялын асуудал байна. Монгол Улсын төрийн тэргүүн цаазаар авах ялын талаар нэгэнт асуудал тавьчихлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар эрүүгийн хуультай танилцаад яг адил, зарчмын нэгдсэн санал өгсөн. Хууль хэлэлцэгдэхэд санаа өгөх байх.
-Хүндрүүлэх ангилалд ямар хэргүүд багтсан бол?
-Албан тушаалын болон авлига орно. Сүүлийн үед хүнд ноцтой гэмт хэргийн гаралт ихсэж байгаатай холбогдуулж чангатгасан зүйл олон бий.
-Хэргийг давтан үйлдсэн бол хохирлын хэмжээг нь харгалзахгүй зүйл анги чангардаг. Энийг хэрхэн зохицуулсан бол?
-Давтан хийсэн жижиг хэргээс олон жилийн ял авч байгаа асуудлыг их анхаарч байгаа. Үүнтэй холбоотой хүмүүсийн сайн мэдэх жишээ бий. Гар утас, арван мянган төгрөг хулгай хийснээс дахин давтангийн үйлдлээр 10 жилийн ял авсан. Гэтэл 15 тэрбум төгрөг идсэн хүн мөн үүнтэй ижил ял авсан байна. Энийг л шүүмжлээд байгаа юм. Хэрэг хийсэн хүн хэчнээн төгрөгний хохирол учруулахаар хэрэг хийсэн бэ түүнтэйгээ ижил ял эдлэх. Харин хэрэг хийгээгүй хүн ял эдлэх ёсгүй. Хэлмэгдээд шоронд орж ял эдэлж байгаа хүн зөндөө байгаа. Улсад 15 тэрбумын хохирол учруулсан хүн шоронд сууж байгаад гарч ирж таарахгүй. Бүх насаар нь хорих ял оноосон ч болно. Харин жижиг давтангийн хэрэг хийсэн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх хэрэгтэй. Ийм боломж манай улсад байгаа. Гадны хуулийг хуулах нь бас тийм оновчтой биш. Монгол хүний зан аашинд тохируулж хуулийг цэгцлэх хэрэгтэй.
-Хуулийг өргөн барих явцад Засгийн газраас буцсан. Үүний шалтгааныг тодруулахгүй юу?
-Засгийн газар хэлэлцээд нэг гишүүн өргөн барьсан Концепцийн чанартай хууль учир Хууль зүйн яам өргөн барих учиртай гэж санал гаргасан. Хууль зүйн яамыг харвал 10 юм уу 20 жил болно. Энэ хуулийг өөрчлөхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу шуурхай энэ хууль руу орж санаачилсан хэлбэр юм. Бусад гишүүд ч ярьж байгаа. Засгийн газрыг харахаа болих хэрэгтэй. Ингэсээр байтал ард иргэд мартагдаж байна. Тиймээс гишүүд, ард иргэд хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Энэ жилийн төсөвт суулгаж өгсөн мөнгийг суулгасан.
-Та бас шагналын тухай төсөл оруулахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Энэ хуулийг З.Алтай, Ц.Даваасүрэн бид гурав боловсруулсан. Хуучин шагналын хуульд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн саналыг сонсож хийсэн. Монгол Улсын одон медаль шагналын тухай хууль гэж оруулж байна. Хуучин Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар бий болсон шагналууд одоо байна. Эднийг нэгтгэж УИХ-ын тогтоолоор шагналыг ард иргэдэд өгдөг болох санал дэвшүүлсэн. Хэн танил тал ихтэй нь шагнал авах биш гавьяа байгуулсан нь хүн авах ёстой.
-Шагналыг дагалдах мөнгөн шагналын тухайд?
-Чингис хааны одонгоос бусад шагналд дагалдах мөнгөн шагнал бараг байдаггүй. Алдарт эхийн одон улиралд 50 мянган төгрөгийн халамж өгдөг. Шагнал гардсан хүнд мөнгөн шагнал дагалдаж ирдэг байх нь зөв юм. Гадны жишгийг харахад шагнал авсан хүнд мөнгөн шагнал дагалдаж ирдэг. Тэр мөнгөөр нь дараагийнхаа үйл ажиллагааг тухайн хүн төлөвлөдөг байна. Бүх шагналыг нэг удаагийн мөнгөн шагналтай болгосон байгаа.
-Ямар шагналуудыг нэгтгэж нэг нэрд багтаасан бэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх мэт шагналыг нэгтгэж Улсын баатар цолтой болгохоор санал өгсөн. Ямар нь Хөдөлмөрийн баатар, ямар нь Улсын баатар вэ. Ийм хоёр баатартай улс манайхаас өөр улс алга. Одоо харж байхад Улсын баатар цолыг авах болзол хоёр л байна. Энэ нь дайнд явах, эсвэл нас барсны дараа нь нэхэн олгох. Аз таарч амьд үлдвэл авна, эсвэл сансарт нисвэл авна. Гэтэл ийм бололцоо монголд байхгүй байна. Нас барсных нь дараа шагналыг нэхэн олгодог байсныг болиулна. Гэхдээ улсдаа их гавьяа байгуулж байсан бол нэхэн олгож болох юм. Мөнгөний дүнг УИХ-аас Ерөнхийлөгчийн төсөвт тогтоож өгдөг. Сар болоод л болж байгаа баяраар биш жилд шагналыг нэг л олгодох баймаар байна. Энэ хууль батлагдлаа гээд төсөвт нэг их өөрчлөлт орохгүй байх. Дунджаар 3.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгөхөд болох байх.
-Зарим нэг шагнал цөөрсөн бол ямар шагналууд нэмэгдсэн байна?
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Өгөдэй хааны одонг хийсэн. Шагналаараа ч гэсэн ард иргэдийнхээ ухамсарт Монгол сэтгэлийг жаахан суулгаж өгөх хэрэгтэй байна. Алтангадас одонг Хубилай хааны одонгоор солих саналтай байна. Нэг удаа шагнагдахад таван сая төгрөг дагалддаг байхаар төсөл явж байна. Өгөдэй хааны одонг найман сая төгрөг дагана. Энэ төслөөр алдарт эхийн одонд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоо цөөрсөн. Хоёрдугаар зэргийн одонг дөрвөн хүүхэдтэй, зургаан хүүхэдтэй бол нэгдүгээр одонг олгоно. Харин найман хүүхэдтэй бол Өүлэн эхийн одон олгоно.
-Манайд жүжигчин, дуучин аль нь ч байсан Гавьяат гэдэг цол авдаг?
-Энэ төслөөр гавьяат гэсэн энэ цолыг хассан. Энийг хүмүүс их дэмжиж байгаа. Дуучин гэдэг хүнд бол өөрөө их том цол шүү дээ. Гадаад улсад ийм цол байхгүй зөвхөн манайд л байна. Ардын таван цол байгаа. Ардын жүжигчин, эмч, багш, ардын уран зохиолч гэх мэт нь үлдсэн. Энэ цолыг жинхэнэ шалгарсан хүмүүс хүртэнэ. Харин одоо байгаа гавьяат цолыг чинь зүгээр л рекламанд тоглосон хүмүүс ч бараг авч байна шүү дээ. Ийм шагналын төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн тамгын газар бас бидэнтэй санал нэг байгаа.
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг
Нийгмийн толь

Орон сууцны дээд зөвлөл УИХ-ын ажлын хэсэгт тайлбар хийв


СӨХ-үүд улс төржиж байна
Төрийн ордны "В" танхимд өчигдөр Хууль зүйн болон Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос байгуулагдсан "СӨХ болон нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн байдлын тухай" хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг хуралдав. Тус ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, гишүүд нь Д.Амаржаргал Ж.Энхбаяр. Р.Гончигдорж нар юм. Хуралд СӨХ-ны Дээд зөвлөлтэй холбогдуулан гомдол гаргасан иргэд болон СӨХ-ны Дээд зөвлөл (ДЗ)-ийнхөн оролцов. Мөн нийслэлийн газрын албаны төлөвлөгчид 2005 оноос хойш нийтийн эзэмшилд газар олгоогүй тухай мэдээлэл хийв. Харин энэ мэдээлэл үнэн эсэхийг пүрэв гаригт ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу газар дээр нь шалгах юм байна. Хурлын эхэнд СӨХ-ны ерөнхийлөгч Д.Жигжидийн мэдээллээр бол 1999 оноос хувьчилж эхэлсэн орон сууцны хувьчлал үндсэндээ дууссан аж. Дээр нь төрөөс 40, 100 мянган айлын орон сууцны барилга барих хөтөлбөр батлагдсан. Энэ бүхнээс үүдэн 1999 онд 200 гаруй СӨХ байгуулагдаж тэдгээр нь нийлж хуралдаад хуулийн дагуу Дээд зөвлөлөө байгуулсан гэнэ. Харин сүүлийн үед СӨХ нэлээд улс төржих хандлагатай болж байгаа аж. Энэ нь хуульд оруулсан өөрчлөлт-тэй холбоотой. Зарим СӨХ-ны удирдлага хурлаа хийхгүй тамгаа барьж зугтаад мөнгөө үрээд явдаг тохиолдол олонтаа гарсан. Энэ бүхнийг эцэс болгох зорилгоор хуульд хэрэв СӨХ-ны дарга гишүүн бол тухайн хорооны дарга хурлыг зарлах эрхтэй болсон. Энэ нь зарим тохиолдолд Засаг дарга нарын сонирхлоор хурал хийх хандлагатай болж байна. Мөн СӨХ-ны ДЗ-д харьяалагддаггүй цөөн тооны СӨХ байдаг. Тэр нь голдуу хотын төвийн баян СӨХ-үүд бөгөөд тэнд 40-50 сая төгрөгийн асуудал яригдана. Нийслэлд газрын маргаан орон нутгийн тулаан болж хувирсан бөгөөд 2005 онд нийтийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхийг зогсоо гэсэн боловч өнөөдөр дөнгөж 60 хувьтай байна. Хэргийн учир өмне нь олгогдсон газрыг хэрхэн буцааж авах асуудал тодорхойгүй, хуулийн зохицуулалт байхгүй.
Нүцгэн хүүхэн доод давхар уруу цөмөрчээ
СӨХ-ны ерөнхийлөгчийг хам-гийн их түгшээж байгаа асуудал бол хуучирсан ба нийслэлийн хавтгай дээвэртэй байшингууд гэнэ. Хавтгай дээвэртэй байрнуудын 50 хувьд засвар хэрэгтэй. Гэсэн ч нийтийн байрны засварт төрөөс нийслэлд 2.5, орон нутагт 0.5 тэрбум төгрөг гаргадаг нь хаанаа ч хүрдэггүй юм байна. Дээр нь хуулиар төрөөс нэг удаа засвар хийлгэсэн байр дахин төрийн хишиг хүртэх хувьгүй аж. Хуучирсан барилгын нэг хөгтэй жишээ бол нэгэн эмэгтэй ваннд хэвтэж байгаад доод давхрын айлдаа цөмөрч орсон гэнэ. Бас дээвэр засч байсан залуу доод айлдаа цөмөрч орсон тохиолдол. Энгийн үед ийм байдалтай байгаа байшин газар хөдлөлтөд бол ямар ч үлдэгдэлгүй сүйрнэ. Түүнээс дутахгүй аюул нь өнөөдөр нийслэлд байгаа 1300 лифтний 90 гаруй хувийнх нь хугацаа дууссан.
Гомдсон иргэд СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгахыг шаардав
Дараа нь эрхэм гишүүдэд гомдол гаргасан иргэд саналаа хэлэв. Тэдний ярьж буйгаар бол СӨХ-ны ДЗ зөвлөл сайн хуультай боловч түүнийгээ ерөөсөө хэрэгжүүлдэггүй гэнэ. Зүгээр л татвар нэрээр мөнгө хурааж тансаглачихаад СӨХ- нуудын хурлыг очиж үймүүлээд суудаг газар гэнэ. Хятад чийдэн тэргүүтэй барааг СӨХ-нуудад шахаад зогсохгүй, машин унаагаа шинэчлэх мөнгө нэхэж явах нь энүүхэнд. Энэ бүхнийг сонин хэвлэлээр мэдээлсний төлөө шүүх, цагдаагаар айлгана. Тэдний үзэж буйгаар Д.Жигжид ерөнхийлөгчийг огцруулаад зогсохгүй СӨХ-ны ДЗ-ийг татан буулгах шаардлагатай гэнэ. Гэхдээ зүгээр нэг татан буулгаад орхихгүй. Гомдогчид өмнө нь хуулиар СӨХ-ны ДЗ-ийн хүлээж байсан үүргийг сум, хороодын Засаг дарга нарт өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Газрын албаныхан 2005 оноос хойш нийтийн эзэмшлийн газар олгоогүй
Нийслэлийн газрын албаны дэд дарга н. Буянбадрах ийнхүү мэдээлэв. Нийслэлд 400 гаруй СӨХ байдгаас 297 нь газраа баталгаажуулсан аж. Үлдсэн СӨХ-д газраа баталгаажуулах хүсэлт ирээгүй гэнэ. Хэрэв эдгээр СӨХ-д хүсэлтээ ирүүлбэл газрын албад саадгүй баталгаажуулах ба 2005 оноос хойш СӨХ-ны харьяаны нэг ч газар олгоогүй гэдгээ баталсан. Харин энэ мэдээллийн дараа ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу "Би пүрэв гаригт үзэхээр товлосон хэд хэдэн газар байгаа. Хэн та нараас надтай явах вэ" хэмээн асуув. Газрынхан бүгд хамт явахаа амлав.
Хуралд оролцогсод тайлбар, мэдээлэл хийсний дараа ажлын хэсгийнхэн зарим зүйлийг СӨХ-ны ерөнхийлөгчөөс тодруулав.
Ш.Сайхансамбуу:
-Энэ хүмүүс СӨХ-ны ДЗ-ийг татан буулгах, татвар, төлбөрийн зориулалтыг шалгах тухай яриад байна. Яаж шийдэх юм?
Ж.Энхбаяр:
-СӨХ-ны ДЗ орон нутагт ямар ажиллагаа явуулж байна?
-Дулааны төв шугамаас орон сууцны хаалт хүртэл хэний мэдэлд байдаг юм?
-Хавтгай дээвэртэй байшин төрөөс мөнгө гаргаж засах боломжгүй юм байна. Монсардаар шийдэж болохгүй юу?
СӨХ-ны ерөнхийлөгч Д.Жигжид:
СӨХ-ны ДЗ бол хурлаар хамт олны шийдвэрээр байгуулагдсан байгууллага. Саяхан хурал хийгээд би ажлаа өгөх гэсэн зөвшөөрөөгүй. Цалин, хангамжгүй албан тушаал юм. Ерөнхийлөгч ээлжит бус хурал зарлах эрхтэй. Би одоо ч зарлахад бэлэн байна. Харин иргэдийн ярьсан зүйлийг нэг нэгэнгүй шалгаж өгөхийг хүсье. СӨХ орон нутагт үнэхээр хүрч чадахгүй байгаа. Гэхдээ гарын авлагаар хангасан.
Том хотуудад бол төв шугам орон сууцны хаалт хүртэлх шугам орон сууцны конторуудад байдаг. Хөдөө орон нутагт бол дулааны зуухтайгаа хамт байдаг. Хавтгай дээвэртэй байшингийн дээрээс ус гоожих асуудлыг монсардаар шийдэх боломжтой. Гэхдээ мэргэжлийн хяналтынхан гэнэт шинэ стандарт гаргаад зогсоочихсон гэж хариулав.
Харин ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу хурал дээр яригдсан асуудлыг шалгасны дараа дахин хэлэлцэхээр болов.
Х.Баттөгс
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Өдрийн сонин

Thursday, 26 April 2012

Ш.Сайхансамбуу: МАН МАХН-тай нэгдвэл шившиг


УИХ-ын гишүүн Ш. Сайхансамбуутай ярилцлаа.
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан нь сүүлийн үед нийгмийг багагүй хөдөлгөөнд оруулж эхэллээ. Тэр дундаа танай намын нэр бүхий гишүүд намаасаа гарна гэх мэтээр нэлээд бужигнаан үүсэх төлөвтэй. Энэ талаарх таны байр суурь ямар байгаа вэ?
-Манай нам дотроо бужигнаад сүйд болчихсон юм алга. Хүн харахад л тэгж санагдаж байгаа биз дээ. Монголын улстөрд байдаг зүйлүүд л өрнөж байна. Ёстой л нөгөө болдог зүйл болдгоороо болж байна гэдэг нь харагдаж . байна гэж нийгэм ойлгож хүлээж авах хэрэгтэй. Нөгөө талаар манай нам дотроо хагаралдаад «фракцилж», эв түнжин гүй байгаа зүйл ч алга. Хэрвээ намын дотоод асуудал үүсээд фракци байгуулдаг том бол нам дотроо албан ёсоор зарлаад явах хэрэгтэй. Барууны өндөр хөгжилтэй орнуудын гишүүд шиг соёлтой, асуудалд тодорхой хандах ёстой.
-МАН, МАХН-ын аль аль нь зүүний үзэл баримтлалтай нам. Тэр ч утгаараа таван намын гишүүд нэгдэх тухай асуудлыг байн-га хөнддөг. Энийгээ ч батлах мэт тиймэрхүү үг яриа гаргадаг гишүүд экс Ерөнхийлөгчийг баривчлагдах үед нь хамт байсан. Энэ бүхэн нийгэмд шууд хардлага төрүүлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдэхгүй ээ. Бусад хүн юу бодож байгааг өмнөөс нь таамаглаж, хардаж ярих эрх надад байхгүй шүү дээ.
-Тэгвэл хоёр намыг нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгдвэл шившиг шүү дээ. Хоёр ижил үзэл баримт-лалтай нам нэгдлээ гээд нэгдмэл байна гэсэн үг биш. Хэрвээ тийм зүйл болбол Монголын ард түмний төлөө нэгдэж байна гэж үзэхгүй. Хүссэн хүсээгүй өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж байна гэж ойлгогдоно. Хоёр өөр нам хамтарсан Засгийн газар байгуулсантай адил зүйл. Өнгөрсөн хугацаанд хэн хэн нь бие биеэ «алах» шахсан  байж  буцаад  нэг дэхгүй байлгүй. Би хувьдаа энэ ярианд итгэхгүй байна.
-Гэхдээ танай намын нэр бүхий гишүүд үүнээс болоод намаасаа гарч орох дээрээ тулчихлаа. Энэ вь дээрх хардлагыг улам баталгаажуулж өгөөд байгаа юм биш үү?
-Янз бүрийн бүлэглэл, фракци байгуулчихаад албан тушаал горьдоод байвал ямар хэрэг байх вэ дээ. Үнэхээр тийм зорилготой байгаа бол тэд фракци биш бантан хутгагчид болно. Бүлэглэл фракцид тодорхой зорилго байх хэрэгтэй. Миний хувьд тэр гишүүдийн зорилго чухам юунд байгааг олж харахгүй байгаа.
-Ингэхэд энэ удаагийн Сонгуулийн   хуулийн шинэчлэл таны санаанд хүрч чадсан уу. Хэдийгээр намынхаа байр суурийг баримтлах хэдий ч тавд тодорхой бодол төрөх нь ойлгомжтой. Таны бодлыг сонирхъё?
-Орон нутгийн сонгуулийн тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиа базаахгүй хийсэн гэж бодож байгаа. Энэ хуулийг батлагдах үед өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан л даа. Холимог байж болно. Гэхдээ 48-аасаа гулгаж 28 руу орно гэдгийг хатуу эсэргүүцэж байсан. Энэ бол бүтэхгүй асуудал. Сонгуулийн нэг тойрогт өрсөлдөж уначхаад 28-д жагссан хүмүүсийг түлхэж унагаад гишүүн болдог тогтолцоог дэлхий дээр лав хараагүй. Харин өөрийнхөө улсад тэр тусмаа өөрийнхөө сууж байгаа парламентаас ийм шийдвэр гаргахыг биеэрээ үзчихлээ. Ичмээр хэрэг шүү.
-Нэгэнт асуудал тодорхой болсон хойно нь та ингэж хэлээд байна уу. Өмнө вь энэ талаар байр сууриа илэрхийлж байсан уу?
-Хангалттай ярьсан. Харин ч энэ саналын эсрэг байсан хэдхэн гишүүд бий. Нэрлэж ч чадна. Бид цөөхүүлээ учраас хууль батлалцах үеэр дийлээгүй л дээ. Гэтэл цөөнх болсон хүмүүсийн зөв байна гээд Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргалаа. Яг ийм үйл явдал мөн л Оюу толгойн гэрээн дээр болсон. Бидний зургаан гишүүн эсрэг санал өгсөн. Тэгсэн ч олонх талдаа хүч хүрээгүй.
Би одоо ч энэ тухай ярих болно. Оюу толгойн гэрээ дутуу болсон. Гарсан цагаасаа эхлээд бөөн хэл ам. Газар доорх баялгийн эзэд нь энэ гэрээг хүлээж аваагүй. Хамгийн сүүлд энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулаад Засгийн газар «Айвенхоу Майнз»-тай нэг хэсэг «үзлээ». Үүрэг даалгавар өгөөд тэрнийхээ биелэлтийг Засгийн газраас сонсоно гэсэн үр дүнтэй сууж байна даа.
-УИХ-ын сонгуулийг зарлах хугацаа юу юугүй хаяанд ирлээ. Гэвч манай улстөрчид 2008 онд ярьж байсан бүхнээсээ буцаад эхэлсэн. Иргэний ухаалаг үнэмлэхээр сонгууль өгнө гэдэг асуудал сүүлдээ хоёр намын улстөрчдийн бие бие рүүгээ өшиглөдөг бөмбөг болоод хувирчихлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ?
-УИХ-ын сонгууль цахим үнэмлэх, автомат тоолдог машинаар явна гэсний хариуцлагыг буруутай эзэд нь хүлээх ёстой. Өнөөдөр тэд бүгд л энх тунх, эрүүл сарууд байж байна. Энэ улсуудад хариуцлага тооцох л ёстой. Уг чанартаа бол энэ бүгд Монгол Улсад хууль байдаг ч тэр нь үйлчилдэггүй. Хариуцлага тооцдог механизм байхгүй учраас цахим иргэний үнэмлэхний асуудал бас л эзэнгүйдэх байх. Тиймээс би энэ асуудлаар цөөнхийн байр суурин дээр дуу хоолойгоо илэрхийлэх болно.
-Монголчууд зургаа дахь удаагаа УИХ-ын сонгууль өгөх гэж байна. Өнөөдрийг хүртэл хэрхэн, яаж сонгуулиа өгөх соёлд яагаад суралцаж чадахгүй байна вэ?
-Энэ бол байх л ёстой нийгмийн үзэгдэл.  Манайх цаашдаа ч сайн муу зөндөө юм үзнэ л дээ. Бид эхнийхээ шатыг л туулаад явж байна. Улс орны оршин тогтнох настай нь харьцуулах юм бол энэ 22 жил юу ч биш. Монгол Улс хэзээ байгуулагдсан хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Бид нийгмийг шинэчлээд өөрчлөөд явж л байна. Хуучин хаант засаглалтай байсан, Чингис гээд ганц л хүн мэддэг байлаа. 1990 онд ардчилсан улс болно гээд парламентын засаглалаа байгуулаад 22 жил болж байна Парламентын засаглалаар яваад өндөр хөгжсөн улс орнуудыг бодоход юу ч биш. Гэхдээ нэг их замбараагаа алдсан аймшигтай юм болоогүй л дээ. Засвар бол олон жил хийгддэг юм байна. Тэгж байгаад л нэг тогтоно л доо. Парламентын засаглалд шилжсэнээр миний харж байгаагаар төлөвшөөд тогтсон МАН, АН хоёр нам байна. Одоо ингээд л жижиг намууд нийлж томроод эсвэл байхгүй болно.
-Тухайлбал?
-Жишээ нь МАХН гээд л хэсэг нөхөд гарч ирээд  л  Монголын амьдралын түүх, намуудын түүх, улстөрийн үйл амьдралд явагддаг процесс нь явагдаж байна л гэж харж байна. Түүнээс биш Н.Энхбаяртаа биш, М.Энхсайхандаа биш. Жишээлбэл, 10 жилийн дараа гэхэд өнөөдрийн байгаа хүмүүсийн ихэнх нь байхгүй байна шүү дээ. Дараагийн залуус улс төрд гарч ирэх гээд зүг чигээ олохгүй хамаа намаагүй юм ярьж байна." Тэгээд удахгүй төл"зөвшөөд л ирэх биз. Ерөнхийдөө зарчмаараа явж байна даа.
Нийтлэлч
В.Дондовдорж
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 4-р сарын 26, Пүрэв гариг

Monday, 16 April 2012

Ш.Сайхансамбуу: Нуугдсан хулгайч, луйварчид шиг аар саархан зүйлд тарааж цацаагүй


-Таныг өмнөх сонгуулиар амалсан зүйлээ хэрэгжүүлэхгүй тойргийнхноосоо бултаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Тийм үү?


- Би жижиг зүйлээр хөөцөлддөггүй. Намайг УИХ-ын гишүүнээр сонсогдсоны дараа манай хоёр хүүхдийг зөндөө муулж бичсэн. Намайг архи уудаг гэж баахан бичиж харлуулах гэж оролдсон доо. Одоо сонгууль дөхөөд ирэхээр зарим нэг хэвлэлээр захиалгаар бичиж эхэлж байна.Би тойргийнхноосоо зугтах байтугай хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоороо нүүр бардам уулздаг. Одоо тойрог руу явах гэж байна. Хаврын чуулган хүртэл Завхан аймгийн бүх сумдаар явж уулзалт хийнэ ээ. Өрсөлдөгч нар маань л ийм явуургүй арга хэрэглээд байгаа хэрэг.

- Завхан аймагт нэг намаас хоёр хүн л нэр дэвшинэ. Мандатын тоо цөөрсөн учраас өрсөлдөөн ихтэй байх шиг байна?


- Завхан аймагт манай намаас 2008 оны сонгуулиар би, Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нар дэвжиж парламентад сонгогдсон. Ирэх сонгуулиар манай намаас бид гурвын хоёрыг нь нэр дэвшүүлэх байх. Харин АН-аас аймгийн засаг дарга Я. Санжмятав өрсөлдөх нь баараггүй. Мөн Хаан банкны захирал Батсайхан, Шуудан банкны захирал Нарантуяа зэрэг хүмүүсийн нэр дуулдаж байна лээ.

- Та тойрогтоо амласан ажлаа биелүүлээгүй юм уу?


- Би биелүүлсэн. Тосонцэнгэлийн 2-р арван жилийн сургуулийг шинэ байртай болгоё гэж ярьсан. Гэтэл 1-р арван жилийг шинэ байртай болгож байгаа, нэг суманд хоёр арван жил барихгүй гэсэн. Тэгээд барих боломжгүй болсон. Мөн Улиастай хотын 2-р арван жилийн сургуулийн байрыг шинээр барина. Газрын асуудлыг шийдсэн байгаа. Намайг гурилын үйлдвэр бариагүй, тариа будаа тариагүй гэж бичсэн байна лээ. Тэр хүмүүсийг Завхан аймагт очоод нүдээрээ очиж хар гэж хэлмээр байна. Өнөөдөр Завхан аймгийн 23 сум, Улиастай хотын иргэд “Өгөөмөр” гэдэг гурил идэж байгаа. Энэ гурилын үйлдвэрийг өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулан нутгийн хүмүүсийг холоос тээвэрлэж ирсэн үнэтэй гурил биш нутгийнхаа хөрсөнд ургасан буудайгаар хийсэн гурил хэрэглэх боломжийг олгосон. Тариалалт ч, гурилын үйлдвэрлэл ч сайн явж байгаа. Намайг харлуулах гэж худлаа гүтгэж, захиалгынх нь хар пиар юм байгаа биз. Үүнийг хэн бичүүлээд байгааг нь ч мэдэж байна.

- Хэн юм бэ. Нэрийг нь хэлж болохгүй юу?


-Сонгуульд өрсөлдөхийг зорьж байгаа нөхдүүдийн нэг л биз.Би бараг мэдэж байна даа.Хүнийхээс илүү өөрийнх нь балбаад байдаг шүү дээ.

-Танай намын хүмүүсээс гэж үү?


-Манай намын хүмүүс ярьж бичүүлж байгаа гэдгийг мэдэж байгаа.Сонгууль дөхөхөөр тууз хайчилсан, төр засгийн ямар нэгэн үйл ажиллагаанд гүйж очиж оролцон, малийтлаа инээж дүр эсгэдэг нөхдүүдийн үнэн дүр төрхийг би мэднэ ээ. Тэр нөхдүүд чинь аймаг ,сумын наадам болохоор гүйгээд оччихно. Саяхан сайн малчны шагнал гардуулах болоход Засгийн газрын гишүүдтэй булаацалдаад би гардуулна гээд хөгөө чирж байгаа байхгүй юу даа. Цөөн хүнтэй суманд биш олон айл өрхтэй суманд очиж шагнал гардуулна гэж гүйсэн байгаа юм. Засгийн газрын гишүүн л шагналыг нь гардуулна биз. УИХ-ын гишүүн булаацалдаж түүнийгээ телевизээр гаргаж хүмүүст таалагдах гээд л. Ер нь сонгогчид ингэж хэлбэр хөөдөг нөхдийг биш бодитой ажил хийж байгаа хүмүүсээ сонгох хэрэгтэй.

- Ер нь нэг намынхан дотроо хоорондоо өрсөлдөөд байгаа юм уу?


- 2008 оны сонгуулиар ийм асуудал гарч байсан. Одоо бол мандатын тоо нь цөөрсөн болохоор эхлээд дотроосоо бие биенээ бичиж байна. Ардчилсан нам ч гэсэн энэ зовлонг дайраад гарч байна. Аймгийн засаг дарга хуулиар олгогдсон ажлаа хийх ёстой. Үүрэгт ажлаа хийж байгаа атлаа мундаг их зүйл хийчихсэн юм шиг пиардах нь дэндэж байна. Үүнийг аймаг, сумын иргэд мэдэж байгаа. Үнэн худлаа ярьж шоу хийж байгаа хүмүүстэй сонгогчид тэмцэх ёстой. Аймгийн засаг дарга ч, УИХ-ын гишүүн ч хийх ёстой ажлаа л хийх хэрэгтэй. Сонгогчид гишүүдээс гурван тэрбум төгрөгөө яасан бэ гэдэгт хариулт авах хэрэгтэй.

- Та тэр мөнгөө юунд зарцуулсан бэ?


- Би Тосонцэнгэлд 500 хүний суудалтай театрын байр барихад зарцуулсан. Энэ жил ашиглалтад орох гэж байна. Энэ барилга 50 жил ашиглагдана гэж бодож байна. Намын нэрэн доор нуугдсан хулгайч, луйварчид шиг аар саархан зүйлд тарааж цацан үрээгүй. Зарим нь энэ мөнгийг төрийн байгууллага шалгахад бэрхшээлтэй болтол нь хувааж байрлуулсан байгаа юм. Гишүүн бүрээс энэ мөнгийг юунд зарцуулсныг нь асуух хэрэгтэй. Төрийн мөнгөөр гараа угаасан луйварчдыг сонгож болохгүй гэдгийг хэлмээр байна.

- Та сонгуулиар амалсан амлалтаа биелүүлэх гэж маш их хөрөнгө оруулж гурилын үйлдвэр байгуулсан гэл үү?


- Үүнийг манай Завхан аймгийнхан сайн мэднэ дээ.Би худлаа ярих дургүй. Бас дөвийлгөж сайрхаж пиардах сонирхол ч үгүй. Манай сонгогчид энэ хүн юу хийсэн бэ гэдгийг хэлээд өгнө. Ямар үнэтэй гурил хэрэглэж байгаа гэдгийг ч мэддэг болохоор өөрийгөө өмөөрч олон долоон зүйл яриад байх хэрэггүй ээ.

- УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихад Сайхансамбуу ,Чойжилсүрэн нар нэг тэрбум, Дамба-очир 500 сая төгрөг хандивласан гэж нэр цохож мэдэгдэл хийсэн. Та тийм их мөнгө бэлэглэсэн юм уу?


- Бага хурал дээр шиг санаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх намын байр барихад мөнгө хандивласан хүмүүсийг нэрлэж баяр хүргэсэн юм. Тэрбум төгрөг өгсөн хүмүүсээ эхэлж нэрлээд, дараагаар нь Ш.Сайхансамбуу бас хандив өгсөн гээд уншчихсан. Тэгээд л намайг тэрбум төгрөг хандивласан гэж ойлгосон юм байлгүй. Би тийм мөнгө өгөөгүй л дээ. Гэхдээ тодорхой хандив өгч байснаа нуухгүй ээ. Улс төрчдийг ингэж мөнгө идсэн байна гэдэг бол намайг тэдэн төгрөг өгсөн, хандивласан байна гэх юм аа.

Эх сурвалж
Times.mn

Ш.Сайхансамбуу: Үймээн самууныг ялагдсан нам л зохион байгуулдаг

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. Тэрбээр долдугаар сарын 1-ний хэрэг болон Монголын төрд гажуудаад байгаа зарим зүйлийн талаар бухимдангуй байсан юм.

-Сонгууль дөхөх тусам ард түмэн сэтгэлдээ ямар нэгэн айдас нуугаад байх шиг. Үнэндээ бол цагдаа, шүүх, прокурор гээд хуулийн байгууллагуудын дунд зөрчилдөөн гараад нийгмийг цочроож байна?


-Аль болгоноос айж амьдрах юм бэ. Айдас төрүүлэх эхлэлийг Монголын төр тавьсан биз. Ер нь айдасгүй, амгалан сууж улсаа хөгжүүлье гэвэл хуучин бурхинуудыг сонгохгүй байх хэрэгтэй. Дөрөв, таван удаа УИХ-д суучихсан, ажил явуулж өгдөггүй эднийг солиогүй цагт юм өөрчлөгдөнө гэж байхгүй.

-Ард түмэн шинэ хүнд төдийлөн итгэхгүй байгаа юм болов уу?


-Итгэж байгаа. Хамгийн гол нь сонгууль шударга бус яваад байгаа юм. Улстөрчдийн цусыг сэлбэх хэрэгтэй байна. Ардын нам, Ардчилсан намд мэдлэг боловсролтой улс төрд хөл тавиад энэ цөөхөн ард түмнийг аятайхан аваад явчих залуу хүн олон бий. Сонгуулийнхаа хуулийг сайн боловсруулж байж ард түмэн жинхэнэ төлөөллөө сонгоно. Гэтэл нэг хачин хууль баталчихаад асуудал болоод явж байна.

-Таны бодлоор ямар Сонгуулийн хуультай байх ёстой вэ?


-Сонгуулийн тухай хуульд би анхнаасаа эсрэг санал өгч ирсэн. Миний бодлоор Монгол Улсыг ганцхан тойрогтой болгоод жинхэнэ тас үзэх ёстой. Хэн нь хэн бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэх болно. Энэ бол шударга өрсөлдөөн. Гэтэл холимог гээд сонин хууль баталчихсан.

-УИХ, орон нутгийн сонгуулийг цуг явуулах эсэх тал дээр хаваржингаа л маргалаа. Танай нам боломжгүй гэж үзээд байгаа. Харин та юу гэж бодож байна?


-Хуучин бол хамт явж болж байсан. Яагаад гэхээр тэр үед чинь сонголт хийх боломжгүй байсан. Өрсөлдөгч байхгүй. Гурван хүний нэр ирээд л түүнийг нь нугалаад хийчихнэ. Харин одоо сонголт олонтой учир ямар ч боломж байхгүй. УИХ-ын гишүүн, орон нутгийн төлөөлөгч гээд толгой нь эргэнэ. Хэрвээ ирэх сонгууль хамтдаа явах юм бол жинхэнэ бантан болно. Ялагдсан нам жагсаал цуглаан хийнэ. Дахиад долдугаар сарын 1 болохгүй гэсэн баталгаа алга болно. Ер нь үймээн самууныг ялагдал хүлээсэн намын нөхөд л зохион байгуулдаг. Түүнээс иргэд сонгуулийн саналыг шударга бус гэж хянаад байддаггүй юм.

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нийг та хэлээд байна даа, тийм үү?


-Цагдаагийн байгууллага улаан утас татаад үүний цаана жагсаалаа хий гэж хэлсэн. Гэтэл утсан доогуур нь өөрөө шургаж олон хүнийг золиосонд дуудчихаад буруугүй мэт яриад явж болохгүй. Мах комбинатад мал нядлахад манлайлж ордог хэдэн үхэр, адуу байдаг. Тэднийг орохоор мэдэхгүй мал араас нь дагаад нядлуулдаг байлаа. Манлайлж орсон мал өөр тийшээ гараад явчихдаг. Яг тийм зүйл болсон. Уриалан дуудсан хүмүүс нь дайрч ороод хоёр байшингийн дундуур гүйгээд гараад явчихсан. Бичлэг нь байгаа шүү дээ. Үүнийг шийдэж чадахгүй төр байгаад яах билээ.

-Цагдаа нарыг буруутгаж байна л даа. Энэ нь хэр зөв юм бэ?


-Тэд ажлаа хийж явсан. Ардчилал хөгжсөн оронд ажил хариуцаж байгаа хүнийг яллахыг боддоггүй. Лондонгийн цагдаагийн даргыг ажлаас нь халаад иран залууг буудсан гэж ял оноож байсан. Гэтэл тэр дарга нь буудаагүй. Манайд энэ үйл явдал давтагдах гэж байна. Үймээн самууныг өндөр албан тушаалтай хүмүүс удирдаж байсан. Гэтэл байлдааны суманд таван хүн амиа алдсан. Хэн тэр таван хүнийг буудсан бэ гэдэг хамгийн гол зүйл юм. Цагдаагийн дарга нарыг би хүн буудсан гэж ойлгохгүй байгаа. Олон жил хуулийн байгууллагад ажилласан хүмүүс тийм алдаа гаргахгүй. Тийм их туршлагатай хүмүүс хүн бууд гэсэн тушаал өгөөгүй нь ойлгомжтой. Эцсийн шийдвэрийг шүүх л гаргана. Түүнээс Ерөнхийлөгч шийддэг юм биш. Шүүхэд хөндлөнгөөс дэндүү их нөлөөлж байна. Би ч хавчигдаж шүүхдэж явсан. Ингэдэггүй л юм билээ. Шүүгч тогтоол уншлаа бол хорих газар руугаа явдаг. Намайг шүүхдэж байхад “Астам хөдлөөд бие муу байна. Эм авмаар байна” гэхэд “битгий хуц” гээд Ганц руу ачиж байсан. Ийм хууль тогтоох байгууллага байгаад ч яадаг юм.

-Прокурорын толгойд улс төрийн намын томоохон лидер байгаа болохоор асуудлыг улстөржүүлээд байгаа юм болов уу?


-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Д.Дорлигжавыг сонгосон. Тийм болохоор Ерөнхийлөгчтэй л ярих юм. Ер нь хуулийн байгууллага улс төржих нь хамгийн ноцтой. Улс төржсөн хүний буруугаас гэмгүй хүн шоронд орж болохгүй биз дээ. Хүний хор хонзонгоор “аавынд” байх чинь аймшиг шүү дээ. Цагдаагийн удирдлага Ерөнхий сайдын томилгоо, шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг Ерөнхийлөгч томилдог. Энэ бол манай тогтолцооны гажиг юм. Үүнийг ярихаар Үндсэн хууль руугаа орчихдог. Маш муу Үндсэн хуультай. Түүнийгээ хамгаалахыг нь яана. Үндсэн хууль баталсан хүмүүс байр авч байх жишээтэй. Ийм завхарсан улс. Үүргээ биелүүлээд 1992 онд Үндсэн хуулийг баталсан л биз дээ. Төрөөс юм авах, ой далимдуулж одон медаль хүртэх хүсэлтэй болчихсон. Гэтэл тэдний лайг өнөөдөр ард түмэн үүрч байна. Зах зээл, эдийн засаг гэж мэдэхгүй ямар ч соёлгүй хэдэн бүдүүлэг нөхөр л утгагүй Үндсэн хууль баталсан. Үүнийг учир мэдэх томоохон хуульчид нь зөвшөөрдөг. Гэтэл өнөөдөр нэг их мундаг хууль хийсэн юм шиг байр аваад байх юм.

-Нийгэмд маш том маргаан дэгдээдэг асуудал бий. Гэтэл хэсэг хугацааны дараа хариуцлага хүлээсэн хүн байдаггүй?


-Шог гараа шиг л зүйл Монголын улс төрд болох юм даа. Энэ цагдаагийн дарга нарын хэрэг ч гэсэн тэгсхийгээд алга болно. Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилно гэдэг чинь хуулийн байгууллагыг гартаа оруулна гэсэн үг. Тэр хэмжээгүй эрх мэдлээс болж өнөөдрийн болж бүтэхгүй асуудлын үндэс гараад байгаа юм. Үндсэн хуулийн хямралыг л янзлах ёстой.

-Ер нь та засаглалын хэлбэрийг өөрчлөхийг хүсээд байгаа юмаа даа?


-Зөв тогтолцоог л хүсч байна. Гурван толгойтой улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Энэ улсыг хөгжүүлье гэвэл төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Монголын ард түмэн, улс хөгжихгүй бол ганцхан Ерөнхийлөгчтэйгөө ярьдаг болъё. Нэг бол хоёр танхимтай парламентыг бий болгоод дээд танхим нь Ерөнхийлөгч, хууль, шүүхийн дарга нараа сонгодог болъё.

-Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор Ж.Батзандан, О.Магнай нарт хариуцлага тооцсон боловч өршөөлд хамруулсан. Гэтэл яагаад цагдаа нарын хэргийг дахин сөхөх болов. Энэ талаар та юу хэлэх вэ?


-Өршөөлд хамрагдсан хэргийг прокурор сэргээдэг. Яагаад тэдний хэргийг сэргээхгүй байгаа юм бол гэдэг хачирхалтай. Гэтэл манай “SS” клубт болсон хордлогын хэргийг дахиад сэргээсэн. Уг нь Өршөөлийн хуульд хамрагдсан юм. Хоолны хордлого болсон хэргийг сэргээсэн мөртлөө, ард түмнийг цочроосон үймээн самууныг зохион байгуулсан хүмүүс нь УИХ-д нэр дэвшинэ гээд явж байх юм. Ийм прокурорын байгууллагатай, хуультай байна. Хуулийн байгууллагад шударга зүйл гэж байхгүй болсон. Энэ бүгдийг шийдэх удирдагч Монголд хэрэгтэй байна. Шударга Ерөнхийлөгч хэрэгтэй байна.

-Манай Ерөнхийлөгч шударга байцгаая гэж гарч ирсэн?


-Тэгж хэн ч ярьж чадна. Хамгийн гол нь түүнийгээ хийдэг хүн Монголд хэрэгтэй байна. Зоригтой удирдагч алга. Дандаа худлаа ярьдаг. Уран цэцэн үгээр уяраасан ийм улстөрчдөөр Төрийн ордон дүүрээд байна. Зориуд цоорхой хууль хийгээд түүгээрээ өөрсдөө хувийн ажлаа амжуулдаг. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчилье гэж орилоод байгаа минь энэ.

-Хэн, хэзээ өөрчлөх вэ?


-Монголын ард түмэн мэднэ. Дахиад завхарсан улстөрчдийг сонгоод байх юм бол өөрсдөө л зовно. Энэ парламент бол хэзээ ч өөрчилж чадахгүй. Хүсэх ч үгүй. Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн хуулийг эд хийж чадахгүй. Хууль гаргаад хэрэгжихгүй. Хуулиа зөрчсөн хүнтэй арга хэмжээ тооцохгүй. Монголд ганц бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байна. УИХ-ын архивын зургийг харахаар уур хүрдэг. Хар толгойтой УИХ-д ирсэн хүн дун цагаан толгойтой болтлоо энд сууж байна. Үүнийг л өөрчилмөөр байна.

Эх сурвалж
top.mn