Showing posts with label СУВД Н.. Show all posts
Showing posts with label СУВД Н.. Show all posts

Sunday, 18 November 2012

Н.Сувд: Офелия бол хад чулуун дундаас ургаж буй цор ганц цэцэг


Төрийн соёрхолт, Ардын жүжигчинН.Сувдтай ярилцлаа.

-Алдарт "Гамлет" жүжгийг ахин тайзнаатоглох гэж бай­на. Энэ жүжгийг дахинтоглох болсны зорилгыгто­дорхой­лохгүй юу? 
-Манай театр аугаа их бичгийн хүн У.Шекспирийн "Гамлет" жүж­гийг 33 жилийн дараа дахин ши­нээр амилуулж байна. Найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй залуу уран бүтээлчид маань ахмад үеийн жүжигчидтэйгээ хамтран Гамлетыг шинэлэг байдлаар тавих гэж буйд сэтгэл хангалуун байгаа. Яагаад вэ гэвэл жүжигт тавьж буй асуудал үеийн үед хүн төрөлхтний өмнө тулгарч байсан асуудал юм. Энэ асуултын хариуг манай орчин үеийн залуус төдийгүй монголчууд хайж байгаа гэж боддог. Тиймээс театртай хамтдаа бие хүн бүр өөр өөрсдийнхөөрөө энэ асуултын хариуг эрж хайж, эргэн харах байх гэж бодож байна.

-Гуч гаруй жилийн өмнө тайз­наа тогложбайсан Гамлет жүжгийн гэрч нь та. Тухайнүед энэ жүжгийг хэрхэн тавьж, та өөрөөОфелиягийн дүрд хэрхэн тоглож байснаадурсахгүй юу?
-Алдарт Гамлет жүжгийг анх 1979 онд Урлагийн  гавьяат зүт­гэлтэн С.Галсанжав найруулагч найруулан тавьж байлаа. Тайзны зураг дизайныг мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам гуай хийсэн. Гол дүр Гамлетад ардын жүжигчин Л.Жамсранжав,  түүний хайртай бүсгүй Офелияд би, харин миний аав Плонид ардын жүжиг­чин Лоовой гуай, мөн миний ахад урлагийн гавьяат зүтгэлтэн Нямсү­рэн тоглож байсан юм. Мөн ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай, гавьяат жүжиг­чин Ш.Алтан-Өлзий гэх мэт олон сайн уран бүтээлчид тоглож бай­лаа. Ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж байж энэ жүжгийг бүтээж байсан. Тухайн үед би залуу байж туршлага муутай, дүрээ хэрхэн гаргахаа сайн мэдэхгүй байсан санагддаг юм. Гэсэн ч надад ахмад үеийн олон сайхан уран бүтээлчид тусалсан. Э.Оюун гуай гэж аугаа хүн байлаа. Хо.На­цагдорж гэж мундаг хүн их тусалж зөвлөгөө өгч байлаа. Мөн Ч.Чимэд гуай Гамлетыг эх хэлээс нь орчуулж байлаа. Монгол ухаанд нийцсэн сайхан орчуулга байсан. Тэр их мундаг хүмүүсийн ач буянаар би тухайн үед Офелиягийн дүрийг бүтээсэн гэж боддог.      

-Та сая миний аавд, миний ахын дүрд гэж ярихад чинь үнэхээр Офелиягийн дүрийг сэтгэл зүрхэндээшингээж чаджээ гэж бодлоо?
-Жүжигчин тэгж л тоглох ёстой л доо. Үнэхээр би дүрдээ орж тоглохгүй бол өөр хүнийг гаднаас нь бүтээж чадахгүй шүү дээ. Тэр хүний сэтгэл мэдрэмж надад мэд­рэгдэхгүй, ухаан бодол нь миний тархинд бодогдохгүй, Офелиягийн зүрх сэтгэл миний цээжинд цохи­лохгүй л юм бол дүр бүтээхэд бэрх. Тийм учраас Офелияг би л гэж тоглож байсан. Тиймээс л дадал хэвшлээрээ гэдэг юм уу даа би гээд ярьчихлаа. Гэхдээ Офелия одоо ч миний дотор оршсоор л байгаа.    

-Та бол Монголын анхны Офе­лия. Харин одоо хоёр, гурав дахь Офелия төрөн гарч байна. Тэднийталаар та ямар бодолтой байна вэ? 
-Одооны залуучууд бол миний үеийнхээс илүү мэдлэгтэй, чадвар­лаг дүр бүтээж чадах боломж нь бүрдсэн гэж боддог. Бидний үед интернэтийн орчин гэж байсангүй. Дуртай үедээ гадны хүнтэй уулзаад туршлага судлах, заавар зөвлөгөө авах боломж байгаагүй юм. Бид яадаг байсан бэ гэхээр номын санд сууж эх зохиолыг нь уншина, суд­лаач шүүмжлэгч нарын бичсэнийг үзнэ. Уг зохиол хэрхэн бичигдэж, ямар уран бүтээлчид хэрхэн бүтээж байсныг уншиж мэдэхийг хичээнэ.  Тэр дундаасаа дүрээ яаж илэр­хийлэх сэдэл санаа, арга турш­лагаа боловсруулж авдаг байлаа. Найруулагч Н.Наранбаатарын найруулж байгаа жүжиг, миний өмнө тоглож байсан Гамлет хоёрт нэг их ялгаа байхгүй ч шинэлэг болж байгаа юм шиг санагдсан. Жүжгийн сургуулилтыг тандаж байхад найруулагч яг Офелиягаа олж харсан байна даа гэж бодсон. Офелиягийн дүрд А.Ганчимэг, Д.Ганцэцэг гээд энэ охидууд надаас илүү тохирно. Надаас илүү энэ дүрд ойрхон гэх юм уу даа. Би чинь том биетэй, бадриун, өндөр нуруу­тай хүн шүү дээ. Би өөрөө Офе­лиягаа бодохдоо их эмзэг, турьхан, энхрийхэн охиноор төсөөлдөг болоод ч тэр үү Гамлетад тоглож байхдаа аль болох жижигхэн хараг­дахыг бодож байсан юм. Жүжгийн туршид өсгийгүй гутал өмсөж, зарим үед бүр хөл нүцгэн тоглож байлаа. Гамлетынхаа тэвэрт бүрэн багтаж байхаар тийм л жижигхэн болмоор байсан. Л.Жамсранжав маань ч надад туслан гутлынхаа өсгийг өндөрлөж, цээжиндээ мөр хийн аль болохоор том харагдахыг хичээсэн юм. Харин одоо энэ турьхан жижигхэн охидууд Офе­лия­гийн дүрд илүү ойр байх болов уу.

-Офелия бүсгүй Гамлет жүжигт нэг их гарахгүй ч гэсэн жүжгийн бүхий л агуулгыг тодорхойлж чаддаггэдэг. Та өөрөө Офелиягаа юу гэж боддог вэ?
-Офелия бол хад чулуун дун­даас ургаж буй цор ганц цэцэг гэж би боддог. Хахир хатуу хүмүүний явдал дунд яахаа мэдэхгүй мэгдэн сандарч, айж эмээх нь түүнийг хичнээн эмзэг болохыг нь илтгэнэ. Аавыгаа, хайртай залуугаа алдаж буй тэр их хатуу бэрх зүйлийг даваад гарах сэтгэлийн асар их хат тэнхээ тэр турьхан охинд байхгүй байсан болохоор энэ орчлонгийн муу муухайтай хутгалдан оршиж чадахгүйгээ мэдсэн байх гэж бод­дог. Офелиягийн дүрийн шалгаруу­лалтад оролцсон 10 охин ухаан самуурч буй Офелиягийн дүрийг тоглосон байна билээ. Энэ маш зөв. Яг тэр хэсгийг нь зөв гаргаж чадсан хүн Офелиягийн дүрийг дотроос нь илэрхийлж чадна гэж боддог шүү.

-Гамлет жүжгийг үзсэн хү­мүүс юу ойлгож авах бол?
-Үнэхээр чин сэтгэлээсээ ойл­гож үздэг бол сайн л байна. Тухайн хүн өөрөөсөө орших уу, эс орших гэж асуух байх. Ямар ч байсан манай театрын хамт олон эрвийх дэрвийхээрээ Гамлет жүжгийн ажилд оролцож байна. Ер нь тэгдэг жамтай. Театрын урлаг бол хам­тын бүтээл. Нэг л хүн оролцохгүй бол урлаг биш болчихдог. Ялан­гуяа дүр авсан жүжигчин өвдөх эрхгүй байдаг шүү дээ.

-Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ гэж бурхан багшийнсургаалд бий. Магадгүй та өөр нэг зүйлээ золиослон байж ард олны хайр хүндэтгэлийг хү­лээсэнжүжигчин болсон байх?
-Би жүжигчин болсноор алд­санаасаа оносон нь их гэж боддог шүү. Жүжигчин болсон учраас л би хүний дотоод сэтгэлийг ойлго­дог, мэдэрдэг болсон. Хүний сайн сайхан зан чанаруудыг олж харж чадаж байна. Гэхдээ бас энэ бүх­нийг олж авахад алдсан юм бий. Өвөөгөө өөд болсны мар­гааш орой нь инээдмийн жүжигт тоглож л байлаа. Манайхны бүтээ­сэн "Сүүлчийн хунгийн дуу" кинонд жүжигчин хүний энэ хяслантай гэмээр хувь заяаг тусгасан байна билээ. Офелияд тоглох гэж байх­даа би маш бага иддэг байсан. Жижигхэн харагдах ёстой гэж бод­сон болохоор өдөрт бараг буцал­сан уснаас өөр зүйл уухгүй явдаг байсан бол "Мандухай цэцэн хатан" киноны зураг авалтын үеэр гахай шиг л бордуулж байлаа. Яагаад гэвэл бас л нөгөө дүрдээ хувилах гэж. Илд бамбай, нум саадаг агссан хатан хаан хүн турьхан байж болохгүй. Миний нүүрэнд байгаа олон үрчлээний 80 гаруй хувь нь "Мандухай цэцэн хатан" киноны зураг авалтын үр дүн шүү дээ. Залуу харагдах ёстой гээд нүүрний минь арьсыг байдгаар нь татаж, эсвэл хөгшин хараг­дуулах хэрэгтэй байна гээд хамаг арьсыг минь нүүрэн дээр овоолох гэх мэт жүжигчин хүн өөрийгөө ямагт золиослуулж байдаг юм байна. Манай Мягмарнаран, Мэнд­баяр нар тоглолтынхоо өмнө хөлөө бэртээчихээд яах ч аргагүй мэдээ алдуулах тариа хийлгээд гарч хоёр гурван цаг тоглож л байсан. Театрын жүжигчин өвдөх эрхгүй байдаг гэдэг энэ. Гай таарч үхэл дайрчихгүй л бол дүрээ бүтээж л байх ёстой. Их харгис мэргэжил шүү.      

-Та UBS телевизээр гарч буй "Орших уу, эс орших уу" шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Тэнд оролцожбуй залуусаас юу мэдэрч байна вэ?
-Энэ төсөл нэвтрүүлэг өнгөрсөн жил анх удаа гарч эхлэхэд би оролцогчдод арай ахдаж байна уу даа гэж бодсон. Харин энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа болохоор бас ч учир­тай, багагүй туршлагатай болсон байна. Тэд­нийг энэ шоу нэврүүлэгт оролц­соноор бүгд жүжигчин бол­чихно гэвэл өрөөсгөл ойлголт болно. Харин тэд өөрсдийгөө зөв илэр­хийлж, хүний дотоод сэтгэлийг жаахан ч гэсэн ойлгох чадвар суух хэрэгтэй юм. Энэ шоунаас нэг эмзэглэмээр зүйл ажиглагдаад байгаа нь өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөсөн хүмүүс их байх болж. Оросууд "Өөрийгөө битгий дэлхийн төв гэж бод" гэсэн хэлц үг хэлцдэг. Харин манайд өөрийгөө дэлхийн төв болгож бүхний анхаарлын төвд байх сонирхолтой хүмүүс их байх болсон юм шиг. Хүн надад туслах ёстой, намайг дэмжих хэ­рэгтэй, би авьяастай гэсэн хүүхдүүд тэр шоу нэвтрүүлэгт орж байна. Ер нь энэ нийгэмд  өөрсдийгөө дэл­хийн төв гэж бодсон хүмүүс олон байна.

-Ардын жүжигчин Г.Гомбо­сүрэн гуайг өвлийн өвгөн ааваар төсөөлдөг байсан шиг таныг бас хүмүүсМандухай хатнаар төсөөлөөд сурчих­жээ?
-Г.Гомбосүрэн гуайгаас хойш олон өвлийн өвгөн төрсөн шүү дээ. Манай Мягмарнаран байна. Хасар Жагаа маань ч бас өвлийн өвгөн болдог шүү дээ. Харин хатны дүр гэвэл нэг хэсэг надад л өмчлөөд өгчихсөн юм шиг орос, англи гэл­т­гүй олон улсын хэлээр мэндчилгээ дэвшүүлдэг хатны дүрээр олон баяр наадам, үдэшлэг цэнгээн хөтөлж явлаа. Ааваас маань өвлөгдсөн орчуулга хийх жаахан авьяас надад байдаг юм болов уу даа. Харин сүүлийн үед заавал намайг хатны дүрд тоглуулах гээд байдаггүй болчихсон байна. Цаг хугацааныхаа шаардлага шалгуу­раар дараагийн монгол хатад төрөн гарч байна.

-Мандухай хатан "Хамаатай, хамаатай, хамгийн их ха­маа­тай" гэж хэлдэг хэсэг монгол­чуудын сэтгэлдих хүрсэн үг гэж боддог. Магадгүй танд Мандухай хатан шиг хамаа­тай гэж хэлмээр санагдах үе олонгардаг байх даа? 
-Тийм үе гаралгүй яах вэ. Муу хэлээд байдаг өнгөрсөн зууны нийгэмд театр урлагийн байгуул­лага бүгд л социализмын ухуулга сур­тал­чилгаа хийдэг байсан шүү дээ. Тухайн үед театрыг үзэл сурт­лын зэвсэг гэж үздэг байсан нь нууц биш. Одоо ч бид төрийн зөв бод­логыг дэмжин, урлагаар дамжуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилд бэлэн. Харин буруу зөрүү бодлого, илт дарангуйлал төрөөс явуулаад эхэлбэл яаж дэмжих билээ. Бид чинь бас ард олныхоо эд эс нь болсон өөрийн гэсэн үзэл бодолтой, зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Өнгөрсөн үеэ жигшин зэвүүцэх биш тэндээс харин илүү их сургамж авч урагшлах ёстой болов уу гэж боддог.
Г.ЛХАГВАДОРЖ
www.dailynews.mn

Wednesday, 12 September 2012

Н.Сувд: ”Мандухайн дүрийг бүтээхэд зөрүүд зан минь тус болсон”


“Дэлгэцийн танил” булан маань үргэлжилж байна. Энэ удаа төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас “Мандухай цэцэн хатан” кинонд ухаант Мандухай хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар яриулж, залуусын анхааралд хүргэхийг зорьсон юм.  
-Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Сэдэв сайн байхын зэрэгцээ киног бүтээгч уран бүтээлчдийн ур чадвараас их хамаардаг юм байна гэсэн дүгнэлтийг сүүлийн үеийн үзэгчид хийх болсон. Үзэгч­дийн хамгийн ихээр таа­шаадаг дүрүүдийн нэг бол таны бүтээсэн Мандухай цэцэн хатан. Та үүнд хэрхэн тоглосон талараа ярьж өгөхгүй юу? 
-Би Мандухай хатны дүрд шууд сонгогдоогүй юм. Эхэндээ Шихир хатны дүрд тоглохоор батлагдсан байсан. Гэтэл Мандухай хатны  дүрд тэнцэх жүжигчин олдохгүй байсан юм билээ. Хамгийн шигшигдэж үлдсэн таван жүжигчнээс нэгийг нь сонгоно гэж байлаа. Нөгөө дөрвөн хүн нь мэргэжлийн жүжигчин биш байсан. Бид цуг пробонд ороход би Мандухайн дүрд тоглохоор батлагдсан. Миний пробонд орсон зургийг Соёлын яаманд өгч харуулж байж батлуулсан юм билээ. Энэ кинонд тухайн үеийн Засгийн газар Сайд нарын зөвлөлөөс их анхаарал хандуулж байсан. Миний сонссоноор 300 гаруй хүн пробонд орж зургаа авахуулсан гэдэг.
-Монголын түүхэнд улс орноо гэсэн сэтгэл, холч хараа, ер нь ухааны цараараа алдаршин мөнхөрсөн түүхэн хатны дүрд тоглож чадна гэсэн итгэл хэр их байсан бэ?
-Надад “Би энэ дүрд тоглож чадна” гэсэн итгэлээс илүү миний зөрүүд зан надад тус болсон гэж боддог юм. Кино зураг авалт эхлэхийн өмнө гадуур Н.Сувд үүнд тоглож чадна, чадахгүй гэсэн яриа их гарч байсан. Хүмүүсийн чадахгүй гэсэн яриа намайг бүр ч их хурцалж өгсөн. Тэгэх тусам нь би зөрүүдэлж чадна гэж зүтгэсэн дээ. Тэгээд ч тэр бүгдийг давж гарах үүрэг надад ногдсон байсан. Мэдээж сайн муу тоглосныг үзэгчид, судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ.
-Үзэгчид тухайн үед эерэгээр хүлээж авсан. Одоо ч тэр үнэлэмж хэвээрээ. Таныг Мандухай хатны дүрээр олонд танигдсан ч гэж ярих юм билээ?
-Намайг Мандухайн дүрээр олонд танигдсан гэдэг. Би гэхдээ энэ кинонд тоглохоосоо өмнө бас ч чамгүй олон кинонд дүр бүтээсэн байсан. Жишээ нь “Хань”, “Хатанбаатар”, “Ичээнд нь”, “Моторын дуу” зэрэг кинонд тоглосон байсан.

-Гэсэн ч Мандухайд тоглоход тань үзэгчид таныг бараг “амилсан” Мандухай гэж хүлээж авсан байх аа?

-“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход сайн сургууль төгссөн минь их тус болсон болов уу. Миний багш иргэний дайны үед Оросын агуу баатрын дүрд тоглож дэлхийн кино урлагт нэрээ мөнхөлсөн авьяастай хүн байлаа. Багшийн зааж өгсөн эрдэм, чиглүүлж байсан хандлага надад энэ кинонд тоглоход их дэм болсон гэж боддог юм. Багш маань мэргэжлийн жүжигчин болох замыг минь нээж өгсөн гавьяатай хүн дээ.
-Багшаас тань гадна танд энэ түүхэн кинонд тоглоход хэн тус дэм болсон бэ?
-Найруулагч, ахмад уран бүтээлчид маань бүгд л өөрийн сурсан мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцаж бай­сан. Аав, ижий хоёр минь ч дэм болж байлаа. Түүхэн дүрд тоглоно гэдэг тэр дүрээ маш сайн судлахыг шаарддаг. Тэр үед түүхэн зохиолууд ихэвчлэн хуучин бичгээр бичигдсэн байдаг байлаа. Аав минь муугүй судлаач хүн байсан учир хуучны түүхэн ном зохиол уншиж судалгаа хийхэд минь тусалдаг байсан. Ижий минь жүжигчин хүн байсан болохоор надад их зүйл зааж дэм болж байсан.
-Киноны зураг авалтыг хаана хийсэн гэдэг билээ?
-Зуны зураг авалт Хар хорин, Баянчандманьд дөрвөн сар гаруй үргэлжилсэн. Зураг авалтын бэлтгэл ажил бараг жил гаруй хийгдсэн гэдэг юм билээ. “Мандухай цэцэн хатан” киног хийх гэж найруулагч Жигжид гуай судалгаа их хийсэн. Социализмын үе байсан болохоор тухайн үеийн Соёлын яаманд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авах гэж 1970-аад оноос эхэлж хөөцөлдөж байж кино хийх эрх авсан гэсэн. Мөн дан ганц Соёлын яам төдийгүй Батлан хамгаалахын яам, Хөдөө аж ахуйн яам ч гэсэн энд  их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Олон мянган цэрэг, дайчин, морь малыг дээрх яамдаас гаргаж өгч байсан юм. Улсаараа хөдөлж, Засгийн газрын оролцоотой хийсэн кино гэж би хувьдаа дүгнэдэг.
-Хэдэн хүний баг ажил­ласан бэ?
-Цэрэг, дайчид, жүжигчид, найруулагч, туслах дүр, зураглаач гээд ер нь нийлээд таван мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байсан гэж ярьж байсан. Хуучнаар “Сансар” сангийн аж ахуйн цаана Хөгнө хан уулын энгэрт бараг нэг сумын дайтай олон хүн байсан. Батлан хамгаалах яамны буянгаар цахилгаан тог, халуун ус, эмнэлэг гээд хэрэгцээ шаардлагатай бүхнийг гаргаж өгч байсан даа.
-Дүрээ үзэгчдэдээ хүр­гэхийн тулд танаас мэдээж их хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардаж байсан байх?
-Үзэгчдэд дүрээ хүргэх миний үүрэг бол дүрээ үнэмшил­тэй амилуулж сайн тоглох байсан. Харин киногоо үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь кино найруулагч, баг хамт олны ажил байлаа. Үүнээс гадна тэр үед кино үзвэрийн газрууд гэж байсан. Тэд бас л үзэгчдэд киногоо хэрхэн хүргэх ажлыг зохицуулж байсан даа.
-Та хэдэн настайдаа энэ кинонд тоглосон бэ. Тэр үед УДЭТ-т жүжигчнээр орчихсон байсан  уу?
-40 гаруй настай байсан байх. Тэр үед би УДЭТ-ын уран сайхны удирдагчийн алба хашиж байсан юм. Энэ албыг 11 жил хашсан.
-Хувцас хэрэглэл, хуяг дуулга нь их хүнд үү?
-Хуяг дуулга нь л гэхэд 10 гаруй кг жинтэй. Хувцас хэрэглэл, хуяг дуулга, сэлэм зэргээ бариад л их олон удаа сургуулилалт хийж давтдаг байсан. Бас тэр хувцастайгаа морь унах, морио өөртөө дасгах гээд асар их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдаж байлаа. Ер нь энэ бүгдийг амжуулах нь миний мэргэжлийн онцлог л доо. Тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань энэ бүхнийг даван туулж, тэсч чадахгүй юм бол чи цаашид жүжигчин болж чадахгүй гэж зөвлөдөг байлаа.
-Манай буланд оролцож бүтээсэн сайхан дүрийнхээ талаар ярьж өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

Wednesday, 2 May 2012

Н.Сувд: Амьдрал бол чиний их сургууль


"Миний багш" булангийн энэ удаагийн зочноор Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг урилаа.

Зэмлүүлнэ гэдэг миний хувьд том шагнал

-"Багшийнхаа тухай яриач" гэхээр зарим хүн “А" үсэг заасан бүхэн миний багш гэдэг. Зарим нь эрдэм, номд хөтөлсөн бага ангийн багшаа ярьдаг. Эсвэл гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж,ажил мэргэжлийн суурийг тавьж өгсөн багшаа эрхэмлэдэг. Таны хайрлаж, хүндэлж явдаг эрхэм багш?

-М.Горький "Би сургууль төгсөөгүй. Миний төгссөн сургууль бол амьдрал" гэж хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал хүний багш нь гэж би боддог. Надад хичээл зааж, сурган хүмүүжүүлсэн олон багш "А" үсгийн ацаг, анх цаас, үзэг нийлүүлж сургасан багш гэвэл Шагдармаа гэж багш байна. Идэрсүрэн гэж бага анги төгсгөсөн багш бий. Мөн дунд анги төгсгөсөн Дамдинжав, аравдугаар анги төгсгөсөн багш маань байна.

Энэ хүн биднийг энэ улсын иргэн болох суурийг тавьж өгсөн. Манай сургуулийг төгссөн, манай ангид сурч байсан хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар амьдралд гундуу яваа хүн байхгүй. Бүгд өөр өөрийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж байна. Хамт сурч төгссөн ангийнхнаараа бахархдаг. Тиймээс эхний "А" үсгийг заасан, хүн болох суурийг тавьж өгсөн багш нартаа баярлаж хайрлаж, хүндэлж явдаг.

-Хүн ажил, амьдралд суралцаж явахдаа олон багшийн гар дамждаг. Таны хувьд тэр олон багшийн дундаас урлагийн замд хөтөлсөн, тайз, дэлгэцийн урлагт хүч сорих тэр арга техникийг зааж өгсөн багш л хамгийн эрхэм байх
?
-Тэгэлгүй яахав. Би хойно жүжигчний мэргэжил эзэмшсэн учраас Оросын кино урлагийн академийн багш нар маань байна. Ялангуяа, манай үзэгчдийн үзэх дуртай "Чапаев" гэдэг дэлхийн шилдэг киноны нэгд зүй ёсоор багтдаг, энэ киноны гол дүрийг бүтээсэн Б.А.Бабочкин гэж багш бий.

Б.А.Бабочкин багш маань жүжигчний мэргэжлийг эзэмшүүлэхээс гадна мэргэжилд хандах хандлагын суурийг тавьж өгсөн гэж боддог. Мэргэжилдээ үнэнч, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг энэ бүх хандлагыг би багшаасаа авч чадсан.

Олон сайхан багш нар надад орос хэлийг сайн эзэмшүүлсэн. Орос хэлний дуудлага сайхан, орос хэлээр зөв сайхан ярьж байна гэж магтах тоолонд би өөртөө тэр л орос хэлний дуудлага зүйг зааж байсан багшаа хайрлаж хүндэтгэж явдаг. Жаахан хүүхэд байхад минь цэцэрлэгт анх оросоор ээжийг "Мама" гэдэг гээд зааж байсан багш нарыгаа хүндэтгэж талархаж тэднийхээ буян хишигт залбирдаг.

Мэдээж амьдралын явцад олон багш бий болдог. Хамгийн анхны багш нар гэвэл миний орчин тойронд байсан буурай ээж, аав, ах, дүүс, манайхаар байсан тэр хүмүүс надад амьдралын утга учрыг, ажил хөдөлмөр эрхлэх арга барилыг шингээж өгсөн. Хүн ажиллаж, амьдарч байх хугацаандаа амьдралд суралцаж байдаг. Театрт, кинонд ажиллах хугацаанд манай ахмад уран бүтээлчид миний багш байж чадсан.

Анх театрт орж ирэхэд алган дээрээ бүүвэйлж намайг тосч авсан ахмад үеийнхэн маань надад багш байсан гэж болно. Кино урлагт ахмад үеийнхэн маань надад багш байж дэлгэ-цэнд ажиллах ур чадварыг зааж өгсөн. Тэр бүү хэл уулзаж, учраагүй ч зарим уран бүтээлчдийг багшаа гэж боддог. Тухайлбал, Италийн Жулет Афиний, Оросын Алиса Фрейндлих гэж жүжигчин байдаг. Энэ хүмүүсийн тоглосон кино, тоглолтуудыг харж, дэлгэцнээс тэдний уран бүтээлийг үзэж, суралцдаг. Амьдрал бол чиний их сургууль. Багш нарынхаа буян хишигт залбирч явдаг.

-Багш нартаа зэмлүүлэх үе гарна биз. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Зэмлүүлнэ гэдэг миний хувьд том шагналтай адил. Хүүхэд байхад аав, ээж нар зэмлэж зодно. Тэр үед тэд миний амьдралын чиг шугамыг залж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Миний доголдож байгаа зүйлд сургаж, хүмүүжүүлж байсан хүмүүсийг багшаа гэж хүндэлдэг.

Хүн сайн санаж, ерөөж байсан хүндээ хамгийн хатуу үгээ хэлдэг гэж би боддог. Сайн, сайхан яваасай гэж бодсон хүндээ, хүүхдэдээ хэлж сургадаг шүү дээ. Би хойно сурч байхдаа гуравдугаар курс хүртлээ багш нартаа загнуулж, зэмлүүлж үзээгүй. Сургуулийн программын дагуу сурах гэж их хичээдэг байсан. Дандаа магтуулдаг байлаа. Харин нэг удаа Олег Видовтой телевизийн жүжигт хамтарч ажиллахдаа бэлтгэл муу хийлээ гэж Б.А.Бабочкин багшид загнуулахдаа баярласан. Багш минь надад хайртай юм байна гэдгийг мэдсэн. Түүнийгээ одоо ч гэсэн санаж явдаг. Олег Видов одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа.

Багш хүн дарангуйлагч байх ёсгүй

-"Эрхийг сурахаар бэрхийг сур" гэж үг бий. Зарим багш "Хүүхдийг хатуу, чанга гараар хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгвэл юм сурна" гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү. Ер нь таны бодлоор багш хүн ямар байх ёстой вэ?
-Багш хүн дарангуйлагч байх ёсгүй. Ялангуяа манай мэргэжлийн хувьд хүнд өөрийгөө нээх боломж олгох, оюун ухаанаараа сэтгэх сэдлийг, хувь хүн болгох чадвартай болгох ёстой гэж боддог. Өөрийн гэсэн үзэл бодол, баримтлах чиг шугам, онцлогтой хүн болгоход багш нарын ажиллагаа чиглэгдэх ёстой.

-Та ч гэсэн багш. Урлагийн ертөнцөд бас л нэгэн үеийн уран бүтээлчдийг бэлтгэж байгаа хүн. Таныг сайн жүжигчин, сайн багш гэж ярьдаг олон хүн бий. Харин та өөрийгөө хэр сайн багш гэж дүгнэдэг вэ?
-Би өөрийгөө сайн багш гэж хэлж чадахгүй. Миний ямар багш вэ гэдгийг манай оюутнууд дүгнэнэ. Багш бүр би төчнөөн шавьтай гэдэг. Миний хувьд тоо чухал биш. Мэргэжлийн үүднээс авч үзэхэд мэргэшсэн багш биш. Авьяас хэрэгтэй, мэргэжлийн боловсролыг эзэмшсэн байх ёстой. Орчин үеийн ойлголтоор "Би багш" гэж хэлж болох байх.

-Таны үеийн багш одоогийн багш хоёрын хооронд ялгаа байна уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр орчин нь өөр болсон байна. Багш нарт тавьдаг шаардлага, арга зүй нь хүртэл өөрчлөгдсөн. Өөр цаг үе, ертөнцөд амьдарч байна. Багшийн зорилго,үүрэг нь хэвээрээ ч орчноо дагаад өөрчлөгджээ. Сурагчид ч гэсэн өөрчлөгдөж байгаа болохоор багш нь хүртэл өөрчлөгддөг.

 Р.Оюун
Зууны мэдээ
2012 оны 5 сарын 1