Showing posts with label НЭРГҮЙ Ж.. Show all posts
Showing posts with label НЭРГҮЙ Ж.. Show all posts

Monday, 22 April 2013

Ж.Нэргүй: Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан

Фердинад Оссендовскийн  “Хүн, араатан, бурхад”, “Ленин“,  Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй ,Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Сергей Есениний “Сонгодог шүлгүүд“, Владимир Высоцкийн  “Бухимдал”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв“  роман  зэрэг орчуулгын олон ном,    “Сэтгэл хазгар биш бол…” шүлгийн номоороо  уншигчдын эчнээ танил болсон сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйг “Ясан хуягт мэлхий их далайг зоримой“ гэсэн нэртэй нийтлэлээ номоо гаргасны дараахан уулзаж ярилцсанаа хүргэе!
.
За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
Яахав дээ, цаасаа нухаад л…
Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
Хүмүүс дандаа л ингэж асуух болж. Надад очиж ганц нэг хуудас буулгаж өгөх нь үү?
Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
“Алтан ордны улсын яруу найраг” гэдэг юм нухаж байна. Жоохон ном оо, гэхдээ их адармаатай золиг.
Яасан сайхан юм. Ердөө сонсоогүй юм байна. Урьд нь Орос, Европын яруу найраг, эртний Хятадынх гээд зөндөө л олон юм орчуулагдсан. Харин Алтан ордных гэхээр ёстой шүлс гоожуулчихдаг байна шүү. Хэр сонин юм бэ дээ?
Тансаг аа, тансаг.
“Гэрэлт наран дор чамаас гайхам нь үгүй л шүү дээ, гийгүүлэгч минь ээ!
Гуниг, уйтгар хоёрт минь уух эм үгүй л шүү дээ, гийгүүлэгч минь ээ!” гээд л.
Дундад Азийн яруу найраг чинь ер нь ийм л байдаг шүү дээ. Тэр агуу найрагчдыг чинь сүүлд л монголчуудын түүхээр зүрхээ зүсүүлсэн Европын нөлөөний урлагийн түүхчид Дундад Азийнх гээд нэрлэчихсэн болохоос биш, дандаа л манай монголчуудын орхидос байсан байгаа юм. Зүч, Цагаадай, Батынхан чинь дэндүү хурдан эрлийзжээд бусдын идэш болчихгүй юу. Хайрын уянгын шүлгүүд нь бол бүр ч ярих юмгүй. Ер нь Алтан ордны улсын соёл урлагийн түвшинг Италийн Сэргэн мандалтын үетэй харьцуулах болоод байгаа шүү дээ. Яах аргагүй нэгэн үед зэрэгцээ хөгжиж, худалдаа, соёлын ойрын харилцаатай улсууд байж. Даанч Доголон Төмөрийн байлдан дагуулалтаас хойш оросууд бүгдийг нь устгачихсан байдаг. Тодорхой хэлбэл, Догшин Иванаас хойшхи хаадууд нь зарлиг гаргаад, тэр Сарай-Бэрх, Сарай-Бат гэх мэтийн гантиг цагаан хотуудыг нь нураагаад, тухайлбал, шинэ хот Астраханийг босгоход зориулж орд харшуудыг нь нураагаад, задлаад тийш нь зөө, барилгын материалаа зөвхөн тэндээс ав гээд зарлиг гаргачихсан юм билээ. Тэгээд яахав дээ, нураагаад л, шоргоолж шиг зөөгөөд эхлэхгүй юу. Манайхан орос цэргүүдийн хуарангуудыг нураагаад зөөчихсөнтэй л адилхан. Маш сайн шатаалттай тоосгыг нь бүр XIX зууны сүүл үе хүртэл ухаад, зөөгөөд, тээвэрлээд л байсан юм билээ. Тэр бүдүүлэг гэгдэх Монгол гүрний өвдөг дор байсан тухайгаа хүн төрөлхтний ой дуртгалаас арчих хаант Оросын төрийн бодлого. Муу нэртэй коммунистуудын ч буруу биш.
 
Тэр номоо хэзээ гаргах вэ?
Хэзээ гэдгийг нь хөх тэнгэрээс бууж ирэх хөлгийн хурд л мэддэг байх даа. Энэ муу үсэн доорхи саарал бодис чинь жилээс жилд л ширхэг ширхгээрээ илжрээд байдаг юм шив дээ. Нийгмийн бачуурал ч онгодын минь хөлгийг бас үргээчихээд байх юм. Дараа нь тэгээд юугаараа, яаж хэвлүүлэх вэ гээд мөнгөний эрэлд таваргаж эхэлнэ. Энэ хавартаа л санаа байна.
Тан шиг хүнд ном хэвлүүлэх зардал эрж хайхын хэрэг байдаггүй байлгүй дээ. Баабар, та хоёрыг л номын мөнгөөр баяжиж байдаг улс гэх юм байна шүү дээ.
Болтугай, болтугай. Номын цагаан буян их ээ, их хөөрхий, гэхдээ номын мөнгөөр баяжих байтугай, мөнгөждөггүй юм шүү дээ. Би л лав. Номын мөнгө гэдэг бол бороо шиг дусагнаад байхаас биш, вагон цемент шиг сархийгээд ороод ирдэг зүйл биш. Долоо хоногтоо ч юм уу, сардаа нэг удаа тарваганы нүх шиг номын дэлгүүр тойрч “хавхаа эргээд”, цуглуулсан хэдээрээ амьжиргаагаа залгуулж л байна, хөөрхий. Эрхбиш хэвлүүлсэн хэд маань овоо тоотой юм болохоор “олны олон таван цэн” гэдэг шиг, болох юм аа, болох юм.
Уучлаарай, үгийг тань таслачихъя. Та ер нь хэдэн ном орчуулав аа?
Хэлэхгүй ээ, тоо нь дуусчихна.
Тэгээд цааш нь…
Дараачийн шинэ номоо гаргах болохоор хэвлэх үйлдвэрт бэлнээр нь аваачаад төлчих юман дээр хэзээний л гацчихна шүү дээ, би чинь. Өөр орлогогүй болохоор олсон хэдээрээ ходоодоо хуураад дуусгачихна. Аз болоход олон жил андалдсаных, тэгээд ч Чойномын өвийг хадгалдаг, хамгаалдаг “Өд” сан гэсэндээ хэвлэлийн “Жикомпресс” компанийн захирал Д.Ганболд надад хааяа зээлээр хэвлээд өгчихдөг юм. Одоо л гэхэд бэлэн юм гурав, дөрвөөрөө хэвтэж л байна.
Баабарын хувьд би юугаа мэдэхэв дээ. “Адмон”-ы Энхбат тэр хоёрыг төрийн яамны хийж чадаагүй юмыг ч хийж байгаа маш том соён гэгээрүүлэгч нар гэдгийг л мэднэ.
Нэг үеэ бодвол номыг ч уншдаг болж дээ. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг чинь ёстой шууруулдаг гэж ярих юм билээ.
Тэрнийг чинь би анх хэвлээд нэг бүрийг нь 3000-аар зарж чаддаггүй байлаа шүү дээ. 1000-ыг хэвлүүлээд олонхийг нь бэлэглээд дууссан байх. Одоо дажгүй ээ, 5 дахь удаагаа хэвлүүлчихээд байхад номын дэлгүүрүүд авчраад өгөөч гээд л утасдаад байдаг юм. Хатуу хавтастай, 20 мянгын үнэтэй болчихоод байхад шүү дээ. Ном чинь ер нь удаандаа л нэр хүндээ чирж ирдэг юм байна.
Орчуулагч та нарын үнэлгээ ч их нэмэгдсэн байх даа. Таныг л гэхэд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романыг орчуулсныхаа төлөө 2 өрөө байр авсан гэж бичээд байдаг болсон.
Тэгсээн, тэгсэн. Мансардных ч гэлээ сайхан байр. “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” гэж нэг үг байдаг биз дээ. Дорнодоос орж ирснээс хойш 17 жилийн хугацаанд 8 удаа нүүж-сууж байж өөрийн гэсэн орох оромжтой болсон минь тэр. Тархиа ширгэтэл суусны минь хөлс. Харин яагаад тэрнийгээ дурдаад байдаг юм бэ гэхээр орчуулгын үнэлэмж, орчуулагчдын ажлын хөлсийг л нэмэх гэсэн санаагаар зарлаад байгаа хэрэг шүү дээ. Тэр чинь 110 хэвлэлийн хуудас ном. Тийм хэмжээний юмны орчуулгын хөлсийг тэр жишгээр тогтоог гэсэн хатгаас байхгүй юу. Ирээдүйн орчуулагч нарт хэрэгтэй. Нарийн учрыг нь мэдэхгүй атаачид нь болохоор тэгж байгааг маань “Юм үзээгүй амьтан онгирлоо” гэдэг юм гэнэ лээ. Тэгж л байна биз, атаа нь хөдлөөд байвал өөрөө орчуулаад 5 өрөө авах нь яасан юмб. Эсвэл эх хэл дээр нь л уншиж байна биз.
Яруу найргийн орчуулга чинь ч, түүх соёлын ном чинь ч, энэ “Атлантынх” шиг эдийн засгийн номын орчуулга чинь ч ялгаагүй сайн болсон байдаг. Гэтэл ердөө л нэг муу техникум төгссөн байдаг. Яаж чадаж байна аа?
Яаж чадаж байгаа нууцаа хэлчих үү?
Харин тэг л дээ.
Нэг үе би инженершүү санаатай юм байлаа. Ус, сувгийн ерөнхий засварчин гэсэн үг л дээ. Тэгээд ажилчдынхаа дунд “Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан” гэсэн хэлц үг бий болгох гэж оролдсон юм. Юуг ч хамаагүй засаж чадах ёстой гэсэн тушаал. Тэрнийгээ л өөр дээрээ туршиж байна шүү дээ.
Орчуулгын чадлыг ч их харах болж. Тийм үү?
Тэгдэг болсон юм шиг байна. Номын өндөр соёлтой ертөнцөд бол сайн зохиолчоо дундаж орчуулагчаас доогуур үздэг тал бий. “Муу орчуулагч дундаж зохиолчоос илүү” гэсэн үг ч байдаг. Ямартаа л, яруу найргийн орчуулгыг өөрийнх нь уран бүтээл гэж үзэхэв дээ.

Бүр орчуулсан шүлгийг нь бичсэн эзнийг нь гэж үзээд үү?
Харин тэгэлгүй яахав дээ. “Яруу найргийн орчуулга хийнэ гэдэг нь яруу найрагчтай нь өрсөлдөнө гэсэн үг” гэсэн Пушкины голч үг бий. Итгэхгүй байвал интернетийн сонгодог хуудаснуудаас эр, хай! Сонгодог вэйбсайтуудаас нь. Гадаадын үе, үеийн гайгүйхэн шиг орчуулагч нарт өгдөг дүгнэлтийг унш, уран бүтээлийн жагсаалтыг нь олоод үзчих!
Одоо чинь ер нь Монголын байтугай, хүн төрөлхтний уран бүтээл мухардаж эхлээд байна. Дорж, Дулмаа хоёрын хайрын явдал хэнд ч сонин биш. Уншигчдын оюуны хэрэгцээ түүнээс даваад гарчихсан. Ухаан, чадвар хоёрыг нь нэмж өгдөг бичлэг нь ч мартагдсан. Тиймээс л гадаадын гайгүй юмнууд руу ус үзсэн ангасан үхэр шиг дайрч байгаа хэрэг. Хаа сайгүй. Сайн юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ. Түүх рүүгээ эргээд хөгжиж байгаа нь тэр. Цаг үеийн шалгуурыг давсан юм л хүн төрөлхтөнд нэмүү ухаан өгдөг. Харин манайхан бол нэмүү оюуны ухааныг биш, нэмүү өртгийн татварыг л ноёрхуулах болж дээ.
Уран бүтээлчдийн дотроос орчуулагч-дыг л хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг улс гэдэг. Тийм юм уу?
Мэдэхгүй… Лав л яруу найргийн орчуулга тэгтлээ их хүнд биш. Үргэлжилсэн үгийнх нь л адармаатай.
“Үгийн эрэлд хатаж үйлээ үзэх шиг хэцүү юм алга” гэж та хэлсэн бил үү?
Тэгж хэлдэг шүү. Ер нь орчуулагчдыг хамгийн ганцаарчилсан хөдөлмөр эрхэлдэг гэж нэрлэж болно. Чи бод л доо, яруу найрагч хүн л гэхэд олонтойгоо нийлж архидаж, дарвиж байгаад хэдэн гайхалтай мөр олоод авчихна, гэтэл бид чинь толь бичгээс өөр зөвлөх ханьгүй улс. Шадар цэрэг маань бол харин авъяас гээч юм байх. Гэсэн атлаа архины наймаачнаас долоон дор амьдардаг улс. Хохь нь, хохь нь. Чийдэнгийн гэрэл дор ёлтойж, цахим бичүүрийн дэлгэцээр нүдээ сохолж, дэлхийн шилдэгүүдийг монголчууд руугаа шидэж байгаа мөртлөө. Тэглээ, тэглээ гээд, Цэдэндорж шигээ л золбин нохой шиг үхчихнэ. Энэ бол гашуун ч гэсэн үнэн үг шүү. Айн Рэндээр шинэчлэгдэж байгаа атлаа оюун руу нь орж ирж байгаа юмны хэмжээг ер нь хэн ч анзаардаггүй юм шүү дээ. “Ухаан маань уншсан номноос биш, өөрийнхөө сайнд тэгширчихлээ” гэж андуурцгаадаг юм. Энийг л, орчуулагч нарын эс үнэлгээг л би жаахан эргэцүүлээсэй гэсэндээ элдвийн юм яриад ад үзэгдээд байдаг байх.
Бодоод байхад, нээрээ харамсалтай юм аа.
Миний хувьд бол харамсалтай биш, ирээдүй хойчид л харамсалтай байж мэднэ.
Та чинь бас орчуулагчийн хажуугаар сайн сэтгүүлч хүн юм байна шүү дээ. Сая би “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” гэсэн шилдэг нийтлэлийн чинь номыг уншлаа. 10-20 жилийн дараахийг яг л зөнч шиг харсан юм их байна. Юмыг мэдэцтэй бичнэ гэдэг л энэ байх. Таны тэр номонд байгаа “Боловсролоо хулхидсан засгийн газар”, “Наран гаригийг захирах гэж хөглөсөн нь”, “Бүлэг дээрэмчдийн эх орон”, “Алтан шаахай өмсөвч алцан майга чинь хэвээрээ” гэх мэтийн нийтлэлүүд чинь ч агуу юм аа.
Зөрүүлээд би асууя, “шилдэг” гэж хэн дэвэргэж байгаа юм? Би тэрэндээ “Задгай голдуу нийтлэлүүд” гэсэн давхар нэр өгсөн байгаа биз дээ? Арай ч тэгж сагсуурахгүйгээ мэднэ ээ. Доторхи нь яахав дээ, хүмүүсийн сэтгэлгээг л өөрчлөх хатгаасууд шүү дээ. Манайх чинь эрх чөлөө, эдийн засгийн хувьсгалаа улаан цусны дусалгүй хийчихсэн мөртлөө сэтгэлгээний хувьсгал хийж чадахгүй таварцаглаж уначихаад, тээглэж хэвтчихээд байна шүү дээ.
За баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд хэвшмэл болсон нэг асуулт тавъя. Ирээдүйн орчуулагч, сэтгүүлчдэд хандаж юу хэлэхсэн бол?
“Номыг унших биш, үмхэл. Юмыг харах биш, имхэр” гээд хэлчих үү дээ.
.
Ярилцсан Д.Уярал
Нөхөрсөг шогийг зураач А.Бат-Эрдэнэ

Sunday, 18 November 2012

Ж.Нэргүй: Ф.Оссендовски дэлхийн хэмжээний эр зоригтой цорын ганц зохиолч байжээ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналтзохиолч, орчуулагч ЖигжидсүрэнгийнНэргүйтэй ярилцлаа.

-Фердинанд Оссен­довскийг ма­най­ханта­ны орчуулсан "Хүн, араа­тан, бур­хад"хэ­мээх романаар нь илүү­­тэй мэдэхболсон. Тэгэ­хээр Поль­шийн зо­хиолч энэхүн Лени­ний тухай хэр ихийг мэдэхбо­лоод "Ленин" хэмээх энэ номыг бичихболов гэдэг нь хүмүүст сонин байгаабайх?
-Ф.Оссендовскийн ту­хай эхлээд ярихад, түү­ний үндсэн мэргэжил нь байгаль судлаач. Хэдий өөр салба­рын хүн ч гэлээ октяб­рийн хувс­галаас өм­­нө Польшийн нэг сэт­гүү­­лийг орос хэл дээр эрхлэн гаргадаг байсан юм билээ. Мөн залуу на­сан­даа утга, уран зохиол сонирхон оролдож, ху­вьс­­галаас өмнө зар­лаж байсан урал­даа­нуу­дын тэр­гүүн шагналыг удаа дараа  хүртсэн бай­даг. Өөрөөр хэлбэл Ф.Оссен­­довски бага залуу­гаасаа уран зохиолч бо­лон тө­лөвш­сөн хэрэг. Үүний зэрэгцээ тухайн үед эрэн сурвалжлах сэт­гүүл зүй жинхэнэ утгаа­раа хөгжиж эхлэхэд орос, польш хэл дээр сэтгүүл эрхлэн гар­гаж, тухайн цаг үеийнхээ сайн муу, болох болох­гүйг эрэн сурвал­жилж бичдэг байж. Сэт­гүүл зүйн салбарт ажил­лаж байх хуга­цаан­даа олж авсан мэдлэг турш­лага нь уг зохиолыг бичи­хэд түлхэц болсон юм шиг санагд­сан. Тэр ч бүү хэл октяб­рийн хувсгалын дараан­хан "Челсоны до­ку­мен­тууд" буюу Чел­со­ны ба­рим­туудыг гаргаж ир­сэн байдаг. Тэр нь ямар учир­тай юм бэ гэхээр, Оросын хувьс­гал­чид, еврей хувьс­галчид нь  октябрийн зэвсэгт бос­ло­год шаар­дагдах хө­рөн­гийг ба­руу­ны орнуу­даас хэрхэн бос­го­сон та­лаар нотол­сон баримт байдаг байх­гүй юу. Тэр баримтууд нь 1920-иод оны үед маш том шуу­гиан дэгдээж байсан юм би­лээ. Өөрөөр хэлбэл Оросын хувьс­галыг гад­наас экс­пор­толж оруулж ирсэн гэсэн шуугиан. Үүний үнэн худал нь одоо хэр   бүрэн шийдэг­дээгүй бай­на. Гэхдээ маш олон ба­рим­таар бат­лагд­сан бай­даг юм. Тухайл­бал, "Ленин" номонд ч хэнээс хэрхэн мөнгө сал­гаж бай­сан тухай нь жи­рийн жи­шээ­гээр өгүүл­сэн байгаа. Өөрөөр хэлбэл Оссен­довскийн эрэн сур­валж­лах сэтгүүл­чийн авь­яас нь яах аргагүй "Ленин" номын цөм болж байх шиг санагд­даг юм. Тэр ч утгаараа өнөөд­рийн ма­най сэтгүүлчдийн унших шаард­лагатай но­мын нэг болж байж болох юм.

-Тэгэхээр та "Ленин" номыг хэзээ уншаад орчуу­лахаар шийдсэн бэ?
-Ф.Оссендовскийн дэл­­­хий да­яар түгсэн гол намтарт ердөө хоёрхон номыг нь дурдсан бай­даг юм. Нэг нь "Хүн, араа­тан, бурхад", нөгөө нь энэ "Ленин". "Ленин"-ий өөр нэг нэр нь Европт түгснээр "Бурхангүйчүүдийн бур­хан Ленин" юм билээ. Үүнийг би "Хүн, араатан, бурхад" номыг орчуулж байх үедээ, аль 2000 оноос өмнө олж мэдээд, за нэг ийм айхтар ном байдаг юм байна даа, олоод үзчих юмсан гэж хорхойссон. Гэтэл ер олд­доггүй. Хайж яваад аль 1930 онд анх хэвлэгдээд Европын олон оронд ху­раагд­сан, шатаагдсан гэж сонс­соноос цаашгүй. Тэгтэл 2011 оны эхээр интернэт рүү ороод үзсэн чинь "Ленин" хэвлэгд­чихжээ. Уг нь 2006 онд  Беларуст бүртгэлтэй ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг  "Партизан" гэ­дэг хэвлэлийн газ­раас эрхлэн гаргасан байв. Гэвч интернэтэд танил­цуулга нь байгаа боловч эх зохиолыг нь бас олж үзэж чадахгүй яваад бай­лаа. Тэгж 2011 онд баг­таан Орост худал­даа­лагдаж байсан дэл­гүү­рээс нь ганц ном хү­нээр захиулж авчруулсан юм. "Ленин"-ийг уншиж үзэ­хээсээ ч өмнө би Оссен­довки болоод Лени­ний тухай роман гэ­хээр со­нир­холтой л байж таар­на гэж бүр зүүдлэх шахуу юм болж байлаа. "Ленин" номыг Европын орнуудад оросынх шиг зэвсэгт бос­лого гарахаас сэрэмж­лүүлсэн гэж суд­лаачид үздэг байхгүй юу. Анх 1930 онд хэвлэгдэхэд Европын коммунистууд, социалистууд нь октя­б­рийн хувьсгалын тухай хирд­хийм баримтуудыг олж үзээд өөрс­дийнхөө явж буй замыг дахин няг­талж үзсэний үндсэн дээр үйл ажиллагааныхаа эр­чийг сулруул­сан гэдэг юм. Товчхондоо бол олж үзэ­хээсээ өмнө орчуу­лахаар шийд­чихсэн бай­сан.

-Лениний тухай ху­вийн үзэл бодол тань "Ленин" номыг унш­са­наар шинэчлэгдэн өөрч­­­лөгдсөн үү?  
Үгүй ээ. Надад тийм юм байхгүй. "Ленин" ном­ноос оочин цоочин, хэсэг бусаг шинэ мэдээллийг л олохоос биш ерөнхий дүр зураг нь надад тэртээ тэргүй ойлгомжтой бай­сан. Яагаад гэвэл би нэ­лээн юм үзэж харсан, уншиж мэдсэн хүн шүү дээ. Тийм учираас надад айхтар нөлөөлсөн юм байхгүй. Гэхдээ л би бод­сон. Өнөө бол­тол комму­нист үзлийг тахин шүтээд байгаа хү­мүүст үзүүлэх­сэн, мөн коммунистуудыг дагаж гүй­гээд байгаа за­лууст зөв ойлголт өгөх юмсан, Лени­ний сургаал зөв зүй­тэй зүйл байсан боловч залгамж­лагч нар нь буруу тийш нь аваад явчихсан юм гэж эндүү бодож явдаг  зарим хү­мүүст уншуу­лахсан гэж бодож явдаг байсан юм. Тэрэндээ хү­рээд л орчуул­лаа. Түүнээс биш одоо­гийн уншигч­дын хүлээж аваад байгаа шиг, тод­руул­бал Лениний хөшөөг буулгах зорил­готой гэх ч юм уу, тийм санаа агуул­сан юм ердөө байхгүй.

-"Ленин" номын ар­ван тавду­гаар бүлгээс харж байхад Ленин, Кинг гэдэг америк эртэй ярил­­цаж буйхэсгээс л бүх юмны гол сэжүүр гарах юм шиг анзаа­рагдсан?
-Тэр чинь ёстой жин­хэнэ хор­воог, хүн төрөлхт­нийг, хүний нийгмийг ямар замаар, хааш нь хөтлөх вэ гэсэн хүн хүний үзэл санааны болоод сонголтын туйл гарч ирж байгаа юм шүү дээ. Кинг гэдэг америк эр бол уран сайхны зохиомол дүр. Чөлөөт нийгмийн төлөө­лөл болсон том безнес­мен хүн. Улс орондоо өр­нөж буй шинж­лэх ухаан техник технологийн хувь­сал өөрчлөлтийг хүний нийг­мийн хөдөлгөгч хүч болно гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл мань Ле­нин "Үгүй эхлээд хүний оюун санаа итгэл биш­рэлийг өөртөө татах ёс­той тэгээд дараа нь бүг­дэд нь зааж өгөөд нэг төвтэй удирдлагын сис­тем зохиох ёстой" гэж үз­дэг. Тэр хэсэгт хүний нийг­мийн хоёр туйл байтугай хүний сэтгэлгээний хоёр туйл гарч байгаа юм шүү дээ. Кинг бол гайхалтай төгс төгөлдөр дүр.

-Ленин америк эр Кинг­­тэй ярилцсаныхаа дараа Утокульм уулын оргилоос шал өөр хүн болчихоод буужирдэг. Өөрөөр хэлбэл үзэн ядал­­таа үзэл санаа­ны­хаа амин сүнс болгож байна. Тийм үү? 
-Яах аргагүй л тэгж байгаа юм. Тухайлбал Лениний хайрт Лена бүс­гүй хэлэхдээ даран­гуй­лагч хаант засагтай тэм­цэх ёстой. Яг л Лени­ний ах эгч нар шиг хааны удмынхныг нэг хоёроор нь алж устгаад байхад зорьсон зорил­годоо хүр­чихнэ гэж боддог. Харин Ленин, Ленагаас илүү цаа­гуур бо­дож байгаа юм. Хадан хясааг тэр чи­гээр нь нураах ёстой бо­ло­хоос биш жижигхэн мужааны алхаар нэг та­лаас нь хэлтэлж болохгүй юм аа гэж. Тэгээд ирэ­хээрээ мань эрийн толгой маш том  харгис үзэл, тухайлбал хүн төрөлхт­ний хөгж­лийн хуулийг, тэр ч бүү хэл бай­галийн зүй тогтлын, хувьслын хуулийг  тэр аяар нь өөрч­лөх гэсэн харгис санаа олж байгаа байхгүй юу. Тэр үзэл санаандаа хөт­лөг­дөн хар зоригоороо тэнэгэртлээ зүтгэж бай­гаа юм шүү дээ, хөөрхий минь.

-Ф.Оссендовскийн хоёр зо­хио­лыг та ор­чуул­чихлаа. "Хүн, араа­тан, бурхад" рома­наа­саа "Ленин" номтуур­вилзүйн хувьд ямар онц­­логтой байна вэ. Ба­рим­­тат зохиол боло­хынх нь хувьд?
-Би уншигчдыг төө­рүүлээд яа­хав. "Ленин" бол "Хүн, араатан, бур­хад" шиг  гайхамшигтай уран тансаг үг най­руул­гатай, сонирхол татахуйц гойд сонин адал явдалтай ном биш. Энэ ном нэг талаар дэлхийн хэм­жээ­ний хувьсгалч В.И.Ленинийг улс төрийн талаас нь харсан "Фамьплет роман" юм. Тухайн нийгмийн өнгө төрхийг олон талаас нь, эсрэг тэсрэг байд­лаар гаргаж ирсэн маш хурц бич­лэг­тэй. Нөгөөтэйгүүр Лениний хөрөг роман юм. Ленин бол хэн ч хүлээн зөвшөөрхүйц гоц оюун­тай хүн. Харгислалыг бо­дож олсо­ноороо ч, хам­тын нийгмийг цогц­лоос­ноороо тэр. Тэгхэрээр энэ түүхэн хүний тухай хөрөг роман гэж би дүгнэж бай­гаа. Тухайлбал, Ленин уурлахаараа яадаг вэ, баяр­ласан үедээ ямар үйлдэл хийдэг вэ, сэтгэл зүй нь ямар юм бэ гээд л хувь хүний дахин дав­тагдашгүй шинж чанар, үзэл санааг илэрхийлсэн байгаа. Үүнийг бичсэн Ф.Оссен­довски ч бас өөрөө гайхалтай сэтгэл зүйч хүн гэдэг нь илт. Манай шүүмжлэгч суд­лаачид юу гэж дүгнэ­хийг нь мэдэхгүй юм. Гадаа­дын судлаачид лав энэ романыг яг уран зохио­лын талаас нь судласан нь ховор байдаг юм би­лээ. Хэтэрхий хар юм гээд байдаг юм уу, эсвэл зүрх­шээгээд байдаг чюм уу бүү мэд. Ямар ч байсан "Ленин" бол дэлхийг дон­сол­госон ном гэдгийг сонс­­сон дуулсан хүн мэ­дэх байх.

-Номонд орсон зур­гуудыг "Ленин" номын анхны хэвлэл­тээс авч оруулсан гэсэн тайлбар хийжээ. Таанх­ны эхийг нь яаж олсон юм бэ?
-1930 онд Польшд хэв­­лэгд­­сэн хоёр дахь хэв­лэл­тийн нь ном одоо на­дад бий. Тухайн жил хоёр удаа хэвлэсэн юм билээ. Одоо Польшд элчин сай­даар суугаа Ганбаатар надад олж өгсөн юм. Тэр номонд миний орчуул­ганд орсон "Посткриптум" буюу төгсгөлийн оронд бичсэн Ф.Оссендовскийн өөрийнх нь бичилт бай­сан байхгүй юу. Харин миний орчуулгын эх бо­лох 2006 онд орост хэв­лэсэн номонд байгаагүй. Би польш хэл мэдэхгүй болохоор Ганбаатары­гаа орчуулж өгөөч гэж  гуйсан. Тэгтэл харин өөрөө ам­жихгүй, манай охиноор орчуулга хийл­гэчих гэсэн юм. Польш хэл сайн мэд­дэг охин байна билээ. Утасны дугаарыг нь март­чихсан тул танай сони­ноор дамжуулан Ганбаа­­тарын Учрал дүү­дээ баяр­лаж таларх­са­наа илэр­­хийлье.

-"Ленин" номын нээлт энэ сарын 7-нд, Октябрийн хувьс­галын ойн өдөр болсон. Энэ номыг хүмүүс ер ньхэр­хэн хү­лээн авч байна вэ?   
-Зарим хүмүүс энэ но­мыг ун­шиж үзээгүй байж цэцэрхэж байгаа сураг­тай байна. Ялангуяа он­лайн санал сэтгэгдэл үл­дээх талбарт сумаа та­виад нумаа нуудаг хүмүүс олон байдаг. Тэнд янз янзаар л бичиж байгаа юм шиг билээ. Тэр хүмүүст хандаж хэлэхэд эхлээд уншиж үзэхийг зөвлөе. "Ленин" номын нээлтээ хийх гээд номын яармаг худалдаа руу хайрцагтай номоо аваад явж байхад 40 орчим насны хоёр  хүн үзчихээд "За энэ ч ёстой Орос, Монгол хоёр орны хооронд дайсагнал тарих ном байна даа" гэж со­лиорч байна билээ. Тэг­дэг­гүй юм аа, Мон­голын ард түмэн ч ухаан­тай, оросын ард түмэн ч ухаан­тай. Бас нэг худал­дан авагч "Бат-Үүл Лени­ний хөшөөг буулгаснаас болоод оросууд шата­хууныхаа үнийг нэмж бай­­гаа юм" гэж байна билээ. "Битгий дэ­мийр" гэж хэлмээр байна. Бит­гий тийм тулга тойрсон өчүү­хэн бодол­той бай­гаач гэж зарим хүнд хэл­чихье. Арай өөр, илүү нарийн учир шалт­гаан­тай байх. Оросуудын за­рим нь Лени­ний онолоор улайрт­­лаа зүтгэж бай­сан. Зарим нь дөрлүүлсэн шар шиг хүчээр даган дуурайж, зарим нь бүр хүчтэй эсэргүүцэж байсан байдаг. Түүний нэг жишээ хэлэхэд 1924 онд Лени­нийг өөд болсны дараа модон бунханд байлгах болсон. 1934 оноос эх­лээд 2012 он хүртэлх энэ хугацаанд нийт 11 удаа Лениний бунхан халд­лагад өртсөн байна. Тухай­­лбал, чулуу шидэх, шилэн хорго руу нь алх шидэх, гар хий­цийн тэс­рэх бөмбөг дэлбэлэх, бэх цацах зэрэг янз янзын аргаар халдсан байна. Коммунист засаг өөрс­дийн­хөө буруу удирд­лагын эсрэг боссон хүмүү­сийг сайтар нууж байсан гэдгийн л баталгаа боло­хоос биш ямар ч эсэр­гүүцэлгүй биш байсан нь одоо ил болж буй юм. Эсэргүүцэгчид гэдэг бол тэрс үзэлтнүүд. Тэрс үзэлт­­нүүд гэдэг нь ямар учиртай вэ гэхээр оюун ухаан бусдаасаа, хүн сүр­гээ­сээ түрүүлээд  илүү давуу хөгжчихсөн байдаг. Тэднийг харин хувьс­га­лын эсэр­гүүчүүд гээд дор нь буудаж байсан. Би ойлгож байна. 1937 онд лам нарыг хоморголон устгахгүй бол про­лета­рын дектатурт асар их саад тотгор учрах байсан. Энэ чинь ус төрийн хэл­мэг­дүүлэлт биш юм. Цаа­гуураа маш нарийн арга ажил­лагаатай Лениний бодож ирсэн онолын хар­гис­лалийн нэг хэлбэр бай­­сан. Тиймээс одоо манай сэт­гүүлч, зохиол­чид улс төрийн хар­гис­лалд өртсөн гэж ярьж байх ёстой гэж боддог.

-Ирээдүй ирэх ту­сам, өнгөр­сөн улам илүү тод харагддаг ч юм шиг санагдлаа. Та Ф.Оссен­донс­кийнолж харан бүхнийг дахин шинээр харсан байх. Тэгэ­хээр та өөрийн "Посткриптум"-аа хэ­лэх­гүй юу?    
"Ленин" номноос "Хүн, араатан, бурхад" номонд гардаг шиг нөгөө сайхан уран дүрслэл, гоо сайхныг хайгаад хэрэггүй. Гэхдээ маш том зо­хиол­чийн эр зоригийг олж мэд­рэх болно. Манай зо­хиол­­чид ер нь их мөлгөр, зориггүй байгаад байх шиг байна. Бүх цаг үеийн түүхэн зохиолчид л хам­гийн их тэрс үзэлт­нүүд болсон байдаг. Өнгөр­сөнөө эргэн харахад шүү дээ. Тэнэг зохиолчид л үзэл суртал хийдэг. "Ленин" номоос дүг­нэ­хэд  Ф.Оссендовски бол дэлхийн хэм­жээ­ний эр зоригтой цорын ганц зо­хиолч байжээ гэж үзэж болохоор байна. ХХ зуу­ны хамгийн нэр хүндтэй улс төрч хэн байсан. Ленин байсан. Тэгвэл Ленинийг олон талаас нь дүгнээд хар бараа­ныг нь гаргаж тавиад, түүний хий­сэн харгислалын за­маас хүн тө­рөл­хт­нийг хол­дуулж чадсан зохиолч байхгүй. Намайг цэцэр­хэж байна гэж бодвол дэлхийн баримтуудыг шүү. Тэгээд өөрсдөө бас энэ зо­хиолыг уншиж үзнэ байх гэдэгт итгэж байна.
Г.ЛХАГВАДОРЖ
www.dailynews.mn