Showing posts with label ГҮНДАЛАЙ Ламжавын. Show all posts
Showing posts with label ГҮНДАЛАЙ Ламжавын. Show all posts

Sunday, 22 April 2012

”Н.Энхбаяр бүхнийг урьдчилж тооцсон байсан”



УИХ-ын гишүүн Л.Гүндалайг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Таныг ч гэсэн хэдэн жилийн өмнө яг ийм байдлаар баривчилж байсан байх аа?

-2003 онд буюу одоогоос есөн жилийн өмнө намайг Буянт-Ухаагийн онгоцны буудал дээрээс баривчлах гэж оролдож байсан. Намайг онгоцонд суучихсан байхад цагдаагийнхан хүчээр буулгаж, машинд хүчээр оруулах гэж оролдсон. Тэр үед би өөрийнхөө машин руу зугатаж ороод намынхаа байр руу явж байсан. Учир нь манай гэрийн гадаа маш олон цагдаа байна гэсэн мэдээлэл ирсэн учир  намынхаа байр руу явсан юм. Гэтэл үнэхээр манай намын байр­ны гадаа олон цагдаа ирчихсэн байгаад намайг авч явсан. Тухайн үед намайг баривчлахад ямар нэгэн прокурор, шүүхийн шийд­вэр байгаагүй.  Ердөө л дээ­рээс нь “Л.Гүндалайг барь” гэдэг шийдвэрийг өгчихсөн байсан. Харин өнөөдөр болж буй баривчлах үйл ажиллагаа тухайн үеийнхээс огт өөр асуудал. Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг албадан баривчлах прокурор, шүүхийн шийдвэр гарсан байсан. Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын төрийн хамгаалалт нь төрийн гуравдугаар зэргийн хамгаалалт гэдэг катигорт ордог. Энэ хамгаалалт бол УИХ-ын гишүүн болон Ерөн­хийлөгчийн халдашгүй дархан эрхтэй дүйцэхгүй. Ердөө л улсын нуу­цыг мэддэг хүнийх нь хувьд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асны хувьд элдэв халдлагад өртчих вий гэж л хамгаалж байсан асуудал. Тиймээс би Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчилсан явдлыг болох л байсан зүйл гэж бодож байгаа.

-Баривчлах болсон шалтгааныг Авлигатай тэмцэх газрынхан хан­галт­тай тайлбарласан ч “Хүчний байгууллагынхан  баривчлах үйл ажиллагааг “бохир”хийж, хүний эрхэд хэт их халдсан” гээд байгаа шүү дээ?


-Би хувьдаа тэгэж үзэхгүй бай­гаа. Иргэн Н.Энхбаярыг албадан баривчлах шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан байхад тухайн иргэн ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривч­лагдах ёстой. Гэтэл иргэн Н.Энхбаяр сайн дураараа баривчлагдахын оронд өчнөөн хамгаалалт авч, эсэр­гүү­­цэл үзүүлсэн шүү дээ. Төрийн цаг­дааг ажлаа  хийж байхад түүнийг хамгаалагчид нь хууль зөрчиж, тө­рийн цагдаагийн эсрэг үйл ажил­лагаа явуулсан. Баривчилгааны үеэр Н.Энхбаяр болон түүнийг хам­гаалж байсан төрийн тусгай албаны хамгаалагчид хууль зөрчсөн. Ингэх эрх тэдэнд байхгүй байсан юм чинь цагдаагийнхан өөр яах ёстой бай­сан гэж. Бусад орны жишгээр бол Ерөнхийлөгч асан нь бүү хэл Ерөн­хийлөгч нь хүртэл шүүхийн шийдвэрийг дагаж гарандаа гав зүүгээд шорон руу явдаг байх аа. Миний санаж байгаагаар хоёр жи­лийн өмнө Тайванийн Ерөнхийлөгч авлигын хэргээр баривчлагдаад л явж байсан шүү дээ. Тэр хүн Н.Энхбаяр шиг хамгаалагч аваад гэр орондоо нуугдаж болох байсан ч тэгээгүй. Хэрэв тэгсэн бол тэндэхийн цагдаа ч гэсэн Монголын цагдаа нартай адилхан л үйлдэл хийх байсан гэж бодож байна. Би нэг л зүйлд жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр нь юу гэхээр хүчний байгууллагынхан Н.Энхбаярынд оронгуутаа жаахан сүржигнэчихсэн л дээ. Н.Энхбаярыг л аваад явах байтал тэр хавийг эмх цэгцгүй болгоод сүрийг үзүүлчихсэн юм уу даа гэж харж байгаа. Уг нь бол бүргэд олзоо яаж шүүрдэг билээ. Тэрэн шиг л Н.Энхбаярыг аваад явах ёстой байсан юм.

-Тухайн үед УИХ-ын дөрвөн гишүүн Н.Энхбаярын гэрт байхдаа хүчний байгууллагынхны гарт өртсөн. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжин “Тухайнн гишүүд Н.Энхбаярт халдашгүй байдлаа ашиглуулсан” гэж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?


 -Тухайн гишүүд хаана, хэнтэй байх нь тухайн хүмүүсийн эрх. Тэр дөрвөн гишүүн тэнд байсан нь хууль зөрчиж байгаа юм биш. Харин тэд Н.Энхбаярыг гэртээ орогнуулаад, цагдаагийнхан тэдний гэрт дайрч орсон бол тэд халдашгүй дархан эрхээ ашиглуулсан гэж үзэж болох байсан. Ер нь бол Н.Энхбаяр гэдэг хүн энэ бүх үйл ажиллагааг зориудаар зохион байгуулсан шүү дээ.

-Ямар учраас зориуд зохион байгуулсан гэж хардаж байгаа юм?

-Н.Энхбаяр өөрийг нь баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасныг мэд­чихээд тухайн өдөр Төрийн ордонд орж өрөө авч гарахгүйгээр ажил­ласныг хүн бүр мэдэж байгаа. Долоодугаар сарын 1-тэй холбоотой мэдээлэл өгнө гэж хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөөд үүнээс нь болж баривчилж байгаа мэт ойлголтыг ард түмэнд төрүүлэхээр ажилласан. Тухайн өдөр түүний ил болгосон гээд байгаа намын дарга нартай уулзсан уулзалтын протокол чинь шинэ зүйл биш шүү дээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай  гарсан. Нөгөөтэйгүүр, Авлигатай тэмцэх газрынхан тө­рийн тусгай хамгаалалтын албанд “Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа шүү” гэж сануулсан л байна билээ. Гэтэл төрийн тусгай хамгаалалтын албаныхан тухайн өдөр хууль зөр­чөөд Н.Энхбаярт есөн хамгаалагч өгчихсөн байгаа юм. Тэр хүн чинь есөн хамгаалагчаар хамгаалуулах эрхгүй. Манайхан хуулийг ингэж зөрчиж, завхруулж хуйвалдаж байгаа байхгүй юу. Мөн хэвлэл мэдээллийн бүх байгууллагынхан Н.Энхбаярын гэрийн гадаа цугларчихсан байсан байх аа. Өөрийгөө хамгаалуулж, цагдаа нарыг эсэргүүцүүлэх гэж бэлтгэсэн хүмүүс нь ч бэлэн байсан. Тиймээс Н.Энхбаяр юу болохыг мэдсээр байж хууль зөрчиж асуудал үүсгэсэн.

-Ардын намын найман гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн намын нэг гишүүн нийлээд энэ бүх үйл ажиллагаанд Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж буруутай гэж огцруулах шаардлага тавьсан. Та тэдэнтэй санал нэг байгаа юу?


-Энэ үйл ажиллагаанд Ц.Нямдорж буруутай гэж би хэлэхгүй. Гэхдээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын муу­далцсаны үр дүн нь ингэж илэрч  байж болох юм. Тэдний муудалцсаны үр дүнд нэг нь баривчлагдаж, нэг нь огцрохдоо тулаад байна шүү дээ.

-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огц­руулахаар санаа нэгдээд байгаа Ардын намын гишүүд Н.Энх­баярын захиалгаар ажиллаж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тэдний цаана Н.Энхбаяр байгаа. Нөгөөтэйгүүр, эдгээр гишүүд чинь одоогийн Ардын намын удирд­лагуудтайгаа нэр дэвших тойргоос болж маргаан үүсгэсэн гэдэг ашиг со­нирхлоос болж л нэгдэж байгаа шүү дээ. Түүнээс биш Н.Энхбаярт болон МАХН-д  хайртайдаа нэгдээд байгаа юм биш. Тэдэнд болохгүй бол МАХН руу явна гэсэн нэг сонголт байсан. Гэтэл МАХН-ых нь “толгой”-г ав­лигын хэргээр барьчихаад байдаг. Тэгэ­хээр тэд чинь уурлахгүй яах юм.

-Ардчилсан намынхан “”УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гул­сах заалт Үндсэн хуулийн Цэц дээр унасан нь Ардын намын за­хиалга” гээд байгаа. Ардын намын гишүүдийн маргаан УИХ-ын сон­гуулийн тухай хуулиас үүдэлтэй гэж ойлгож болох уу?

-Анхнаасаа хуулийн энэ заалтыг Ардын намынхан эсэргүүцэж байсан. Харин оны өмнөхөн төсөв батлах үеэр манай намынхан төсөв батлахад оролцохгүй гэсэн учир Ардын намынхан буруу харж уйлж, зөв харж инээж байж энэ заалтыг зөвшөөрсөн. Гэтэл тойргын тоо багас­чихаар Ар­дын намын олон гишүүн тойроггүй болчихоод байсан юм. Тойроггүй болсон хүмүүс намынхаа нэрээр УИХ-д орж ирэх бодолтой болчихсон байгаа юм. Тиймээс энэ гулсах заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Ардын намынхан намаа аварч үлдэхийн тулд Үндсэн хуулийн Цэцэд захиалсан гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн Цэцийн шийд­вэрийг УИХ хүлээж авахгүй болж таарсан ч Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уг асууд­лыг дахин унагаана гэж олон хүн ярьж байгаа. Тэгэхээр Ардын на­мын хүссэнээр болох юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэц их сууд­лын хуралдаанаараа асуудлыг ший­дэх нь эцсийн шийдвэр учир хэн ч эсэргүүцэхгүй. Үндсэн хуулийн Цэ­цийнхэн захиалагчийнхаа шийд­вэрээр явбал энэ заалт унах нь то­дорхой. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан бол олонхиороо шийднэ. Дунд сууд­лын хуралдаан бол цөөн хүний бүрэл­дэхүүнтэй. Тиймээс би олонхиороо шийдэхэд өөр шийдвэр гарах болов уу гэж харж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд улс төрийн захиалгаар ажил­ла­даггүй хүн байгаа гэдэгт би итгэдэг.

-Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар санал хураахад та ямар санал өгөх вэ?

-Би огцруулах санал өгнө. Учир нь Ц.Нямдорж худлаа яриад байгааг хүн бүр мэдэж байна шүү дээ. Тухайн үед ямар баривчилгаа болсныг би мэдээгүй. Унтаж байсан гээд байгаа шүү дээ. Монгол Улс даяар тухайн үед болсон үйл явдлыг харсан. Гэтэл Ц.Нямдорж сайд хоёрын хооронд худлаа яриад байна  шүү дээ. Тэгэхэр огцрох ёстой.
"Улс төрийн тойм" сонин
2012/04/20

Saturday, 25 December 2010

Л.ГҮНДАЛАЙ: "ЗЭВСЭГ БОЛГООД БАРЬЖ БАЙСАН НЬ САЯ НОТЛОГДЛОО"


УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглан тендер будлиантуулж, хувьдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэх хэргээр 2007 оноос хойш шалгагдаж байгаа. Уг хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Өршөөлийн хуульд хамруулсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.
-Нийслэлийн прокурорын газраас танд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийг ямар үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулсан юм бол?

-Энэ хэргийг прокурорын зүгээс түдгэлзүүлээд жил гаруй хугацаа өнгөрч
байна. Мөн Өршөөлийн тухай хууль гараад жил гаруй хугацаа өнгөрсөн.
Надад холбогдох хэрэг зүйлчлэлээрээ энэ хуульд бүхлээрээ хамрагдах ёстой.
Гэтэл энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулалгүй нэлээд хугацаа өнгөрлөө.
Тиймээс би Нийслэлийн прокурор Сүхбаатарт хандаж, АТГ-аас надад
холбогдуулан шалгаж, намайг сэжигтнээр татсан хэргийг Өршөөлийн
тухай хуульд хамруулах юм уу эсвэл би хамрагдахгүй хүн үү гэдгийг
өнгөрсөн долоо хоногт асуусан. Тэгсэн чинь өршөөлд хамруулсан байна лээ.
Угаасаа хамрагдах ёстой. Эд нар л хамруулахгүй яваад байсан болохоос биш.

-Яг ямар үндэслэлээр энэ хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм бэ?

-Өршөөлийн хуульд хүнд биш гэмт хэрэгт холбогдсон, сэжигтэн, яллагдагчийг
хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа бол хэрэгсэхгүй
болгоно гэсэн байгаа л даа.

-Прокурорын зүгээс Өршөөлийн хуульд хамруулах шийдвэрийг хэзээ гаргасан юм бол?

-Өршөөлийн хууль өнгөрсөн оны долдугаар сард гарсан. Ин­гээд сарын дараа
Өршөөлд хам­рагдах хүмүүсийн хэр­гийг хэрэгсэхгүй болгож, хуу­­­лийг хэрэгжүүлж
дуу­сах ёс­­той байсан. Энд бүртгэгд­сэн хэргүүдээс ганцхан надад хол­богдох
хэргийг зориуд Өр­шөөлийн хуульд хамруулал­гүй үл­дээсэн. Тэгээд жил гаруйн
дараа гэнэт хамруулж байгаа байхгүй юу. Энэ хэргийг анх улс төрийн ашиг
сонирхлоор үүс­гэсэн. Мөн Өршөөлийн хуульд хамруулахгүй удаасан нь ч
улс төрийн зохион байгуулалт, со­­­нирх­­лоор явж байсан. Тэгээд өн­­гөр­сөн
долоо хоногт л ийм шийд­вэр гарлаа.

-Өршөөлийн хуульд хам­рагдах хүсэлтээ хэрэгт хол­богдогч бичдэг. Тиймээс та гэм
буруутай эсэх талаар мар­­гахгүй, хүлээн зөвшөөрч бай­гаа гэдгээ өргөдөлдөө
тус­га­сан гэсэн. Тэгэхээр энэ хэргийг үйлдсэн гэдгээ хү­лээн зөвшөөрсөн юм уу?

-Би өргөдөлдөө гэм буруутай эсэх тал дээр маргахгүй гэж бичсэн.
Энэ нь би гэм буруутай­гаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Зүгээр л
энэ та­лаар маргахгүй гэж байгаа юм. Сүүлд нь хуулийнхан Л.Гүндалайг гэм
буруугүй гэж байхад нь бид нар өршөөчихлөө хэмээн хэлж магадгүй. Уг нь
тэд надаас ингэж асуух ёсгүй байхгүй юу. Ямар ч хүний гэм буруутай
эсэхийг шүүх л тогтоодог шүү дээ. Түүнээс прокурор хү­­ний гэм буруутай эсэхийг
шийдвэр­лэхгүй. Тиймээс шүүхээр гэм буруутай гэсэн шийд га­раа­­гүй байхад
УМБГ, АТГ ч юм уу эсвэл хэн нэгэн хүн өөрий­­гөө гэм буруутай гэж бодож
болохгүй байхгүй юу. Энэ бол зөвхөн Монгол Улсад байдаг жишиг биш Ардчилсан
шүүхтэй бүх улсад л байдаг зүйл. Тэгэхээр энэ бол би гэм буруутай гэдгээ
хүлээн зөв­шөөрч байгаа юм биш. Зүгээр Өршөөлийн хууль гарлаа
тэ­рэнд нь хамааруулаад өг л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Гүн­­далай гэдэг
улстөрчид дайснууд, атаархагчид, өрсөл­дөг­чид байна. Эдгээр хүмүүс
ми­ний хэргийг байлгаад л байх сонирхолтой. Тэрэнд нь про­ку­рорууд, хууль
хяналтын­хан үйлчилж байсан. Одоо эд нар үнэнд гүйцэгдэж бай­на. Энэ
хүнийг дийлэхээ боли­лоо гэж байна. Өмнөх УЕП М.Ал­тан­хуяг дээрээсээ үүрэг
авчих­сан явж байсан. Үүнийгээ дуусгаж амжаагүй. АТГ-ынхан мөн
дээрээс үүрэг авчихсан. Гэх­дээ эд нарт бас хувийн ашиг сонирхол байгаа.
Учир нь би тэд нартай дайснууд бол­сон шүү дээ. Тухайн үедээ хэвлэлээр
цацагдаж байсан Ч.Сангарагчаад холбогдох мате­риалыг би Сангийн яамнаас
шүүл­гэж, олон нийтэд хүргэж бай­сан. Тэгээд үүнийгээ улс тө­­рийн албан тушаалдаа
үлдэх хө­зөр, зэвсэг болгочихоод одоо бариад сууж байсан. Тэ­гэх­дээ удахгүй
Ерөнхий про­ку­ророор Д.Дорлигжав гэж шинэ хүн ирнэ. Тэгэхэд нь энэ
хэргийг нь хэрэгсэхгүй болгоод бүгдээрээ албан тушаалдаа үлдье гэж
бодоод сууж байсан юм шиг байгаа юм эд нар. Гэтэл энэ чинь Д.Дорлигжавтай
ямар ч холбоогүй. Энэ хүн томи­лог­до­хоос өмнө Өршөө­лийн тухай хууль гэдэг
юм чинь гарчихсан байсан. Тэгэхээр би энэ хуульд хамрагдах ёстой л байхгүй юу.
Надад холбогдох энэ хэргийг зэвсэг болгоод хэсэг хүмүүс барьж байсан
нь сая нотлогдлоо. Энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулах уу, үгүй юу гэхэд л
өршөөж байгаа биз дээ. Тэр хүмүүст би долоо хоногийн хуга­цаа өгсөн. Тэгтэл
чааваас нөгөө хүмүүс өмдөндөө чацга алдахаа дөхөөд, хөөрхий амьтад
үнэнд гүйцэгдээд өршөөлд хамрууллаа.

-Уг нь Эрүүгийн хуульд заас­наар бол гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн хүн л
өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ прокурорт тавьдаг шүү дээ. Тэгэхээр та
гэмт хэ­рэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү?

-Би хүлээн зөвшөөрч байгаа юм биш гээд дээр тайлбарлалаа шүү дээ.

-Таны саяны ярианд улс төрийн зорилгоор надад хэ­рэг үүсгэсэн гэж байна.
Хэн ийм бохир тоглоомоор тог­лоод байгааг дэлгэхгүй юм уу?

-Тэр нөхдүүд улс төрийн шалт­гаанаар надад хуурамч эрүү­гийн хэрэг үүсгэж явсан.
Өөр хэлэх юм алга.

-Танд ийм хүмүүс хиймэл хэрэг үүсгээд байгаа юм байна. Тэгвэл таныг
Ч.Санга­раг­чаад холбогдох хэргийн материалыг өөрт холбогдох хэргийг сөхөхөд
барьцаалж гаргаж тавьсан гэдэг шүү дээ?

-Би одоо юуг нь барьцаалах вэ дээ. Надад гаднаас мэдээлэл ирсний дагуу
би Сангийн яам­наас очиж материалыг нь авч, дэлгэсэн. Ч.Сангарагчаа хувь­даа
зөндөө их байр, өмч хөрөнгө авсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээж
тэд улсын мөнгө­нөөс л авсан шүү дээ. Би ийм л юм дэлгэсэн. Үүнийг хүмүүс
юу гэж ойлгоно дураараа бо­лог. Тэр нөхдүүд улс төрийн шалт­гаа­наар надад
хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж явсан. Энэ бол жинхэнэ баримттай зүйл. Эд
нарын хэрэг ноцтой л эд шүү дээ. Би бол хувьдаа ямар ч байр аваагүй.
Надад тэгэх шаардлага байхгүй.

-Энэ хэргээс гадна АТГ-т таныг дахин өөр хоёр хэр­гээр шалгагдаж байгаа гэж
хуу­лийнхнаас сонссон юм байна. Энэ үнэн үү?

-Юу ч байхгүй. Наад мэдээлэл чинь бодитой биш. Тэд нар мэдээж намайг
ямар нэгэн юманд хутгах гэж л тэгэж байгаа юм. Бид чинь хувийн өс хонзонтой
болчихсон шүү дээ. Эхлээд тэд улс төрийн даалгавраар үйлчилдэг байснаа
сүүлдээ хувийн өс хонзонтой болчихоод ямар нэг юманд хутгачих санаатай яваад
байгаа байх. Даанч чадахгүй байгаа болохоос биш. Ахиж тийм зүйл байхгүй.
Тэд нар л ямар нэ­гэн зүйлд холбогдуулчихъя гээд яваад байгааг нь ойлгож байгаа.

-Нэгэнт ингэж ярьсных таны гаргаж ирсэн Ч.Санга­рагчаад холбогдох хэрэг юу болж
байгаа бол?

-Миний гаргаснаас гадна тэд нар чинь хууль зөрчиж бие биенээ тагнаж
чагнасан хэрэг үйлдсэн хүмүүс шүү дээ. Тиймээс ч энэ хүмүүс тэр хэрэгтээ
гүн гүнзгий орооцолдоод уна­чихсан. Тэд нарын эрхийг түд­гэл­зүүлэх асуудал
УИХ дээр гацчихсан. Хоёрдугаарт энэ хэ­рэг дээр зарим нэг зүйлийг
тодруулахаар прокурорын зү­гээс нэмэлт мөрдөн байцаал­тад буцаачихсан.
Тэрний дараа шүүхэд очоод шударгаар ший­дэг­дэнэ байх.

-Хүчний байгуулагуудын удирдлагын суудлыг хоёр нам хувааж авсан.
Тийм учраас МАН Ч.Сангарагчааг суудалд нь үлдээх сонир­холтой байгаа. Харин
АН-ын буулгах сонирхолтой бай­гаа гэсэн. Энэ 76 Ч.Санга­раг­чаагийн хэргийг яаж
шийд­вэр­лэх бол?

-УИХ-тай хуралгүй шүүх энэ хэргийг шийдвэрлэж чадна. Про­курорын зүгээс
энэ хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхэд энэ хүмүүс шүүх дээр очно. Тэгээд
л шүүхээс шийдвэр гарвал бүрэн эрхийг нь УИХ-аас цуцлаад л өгнө шүү дээ.
Тэр бол амархан. Мөн таны асууснаар Ч.Сангарагчааг МАН хамгаалж
байгаа нь үнэн. Харин АН буюу ардчилсан Ерөн­хий­лөгч ямар байр суурь­тай
байгаа вэ гэхээр хууль хя­нал­тын байгууллагынхан улс төрөөс ангид байгаасай.
Тийм зүг рүүгээ яваасай л гэж бо­дож байгаа шүү дээ. Өмнө байсан одоо байгаад
байгаа бүх хүн МАХН-ын гар хөл болж бай­сан. Бидний санаагаар бол улс
төрийн захиалгаар ажил хий­дэг хөгийн утсан хүүхэлдэй биш ажил, мэргэжлээ
мэддэг ардчил­сан үзэлтэй шударга хуульчид суудалдаа очоосой гэж бодож байна.

-Ярианаасаа жаахан хазай­хад хоёр сайдын асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ.
Нэг нь танай намаас Засгийн газарт төлөөлөл болж байгаа шүү дээ?

-УИХ-ын даргаас арга хэмжээ ав гэж Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байна лээ.
Тэр юу ч болохгүй. Ерөнхий сайд нөгөө хоёроо зогсоож байгаад л та хоёр яагаад
хурал энэ тэрдээ суудаггүй том толгойтой юм бэ гээд л ширүүлээд өнгөрнө.
Уг нь нарийн яривал хариуцлага тооцно гэдгийг суудлаас нь огцруулахыг хэлдэг
юм шүү дээ. Үүнийг л УИХ Засгийн газрыг хянана гэж хэлж байгаа юм, уг нь.
Түүнээс зүгээр хов жив шиг юм байлгаж болохгүй. Хоёр сайд үнэхээр
тийм л бол огцруулах л хэрэгтэй. Эдний хэлээд байгаа арга хэмжээ ав гээд
байгаагаар бол юу ч болохгүй, наад асуудал чинь.

С.ЭНХЗАЯА
Эх сурвалж: ньюз доот ээм ээн