Showing posts with label БАТЗАНДАН Жалбасүрэнгийн. Show all posts
Showing posts with label БАТЗАНДАН Жалбасүрэнгийн. Show all posts

Thursday, 12 September 2013

Ж.Батзандан: Засгийн газар нүдээ нээ



УИХ-ын гишүүн Ж.Батзандантай уулзаж, ярилцлаа.

-Сайхан амарсан уу. Амралтаа хаагуур, яаж өнгөрүүлэв?
-Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт хөдөө орон нутагт амарлаа. Бас гадаад, дотоодын их, дээд сургуулиудын лекцэнд сууж, эрдэмтэд, судлаачдын үгийг сонслоо. Саяхнаас л ажилдаа орж байна.

-Хичээлийн шинэ жил эхэлж, гадуур амьдрал оволзож байхад Төрийн ордон нам гүмхэн хэвээрээ л байх шив?
- Улс орны эдийн засгийн асуудал хүндэрсэн энэ үед ажилдаа орохгүй амраад байж сэтгэл төвдсөнгүй. Хямрал юунаас болов, ямар гарц байна гэдэг талаар харах, судлах юм их байна.

-Ерөнхий сайдад илгээсэн захидлынхаа хариуг авсан уу?
-Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудаар, ялангуяа эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай давах боломжийн талаар Ерөнхий сайдад захидал бичсэн. Миний хувьд төр засгаас хэрэгжүүлж буй зарим бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа.  Хямралын үед хямралын менежмент хийх хэрэгтэй гэдгийг сануулж, захидал бичсэн юм. Монголын төр баян цатгалан хүн шиг үрэлгэн цамаан загнаж болохгүй.

-Тэгэхээр хямралыг давах менежмент нь юу юм бэ?
-Төсвийн зардал, халамжийн бодлогоо эргэн харахыг Ерөнхий сайдаас хүсч байгаа. Манай төсвийн зарлагын 60 орчим хувь нь захиргааны зардал, халамжийн бодлогод зарцуулагддаг. Захиргааны нүсэр том бүтцээ тэжээхийн тулд эдийн засаг сульдаж байна. Халамжийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн нуруун дээр маш том ачаа үүрүүлж байгаа. Хямрал биднээс улстөрийн намуудын амлалтад хөтлөгдсөн эрүүл бус эдийн засгийн бодлогыг зогсоохыг шаардаж байна. Эдийн засагт хүндрэл, дарамт учруулдаг төрийн өмчит компаниудыг татан буулгах,нэгтгэх, дахин зохион байгуулах замаар менежментийг нь яаралтай сайжруулах хэрэгтэй байна. Хавтгайрсан халамжийн бодлогыг зорилтот халамжийн бодлого болгож өөрчлөх ёстой. Хэдхэн ченжүүдийн өмнө сөхөрсөн үндэсний валютаа хамгаалах валютын зохицуулалтын шинэ журамд шилжье, төсвийн цоорхой, төсвийн гадуурхи хууль бус зарцуулалтаа зогсоо гэдэг шаардлагыг хүргүүлсэн . Одоогоор ямар ч хариу алга.

- Үүнийг хийх зоригтой хүн Монголын улстөрд байгаа гэж үү?
-Эдгээр асуудлууд ганцхан өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Улстөрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Үүнийг өөрчлөх улстөрийн эр зориг хэрэгтэй.

-Эдийн засаг хямраагүй юм биш үү. Ерөнхий сайд өөрөө тэгж хэлсэн шүү дээ?
- Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог. Би Засгийн газрын судалгааны байгууллагын үгэнд биш, хөндлөнгийн эдийн засагчдын дүгнэлтийг үнэн гэж үздэг. Засгийн газар хуурамч статистик тоо гаргаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоох хэрэгтэй. Амьдрал хуурамч тоонд биш бодит үнэнд захирагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүр үзлээ. Тэдэнд та ямар дүн тавимаар байна?
-Н.Алтанхуягийн танхим зам засах, цэцэг тарих ажлыг сайн хийж байгаа. Гадаадаас зээл авч өр тавихдаа ч гаргууд сайн байна. Харин тавьсан өр зээлээ үр дүнтэй ашиглах, эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр тааруухан байна даа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай бизнесийн зарим салбар доголдож, ашиг орлого нь 50 хувиар буурсан судалгаа байна. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаас болж олон хүн ажлын байраа алдаж, өр зээлээ төлж чадахгүй олон зуун бизнес эрхлэгчид гудамжинд гарч байна. Гадаад валютын ханш огцом нэмэгдсэний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар эрс буурлаа. Валютын өсөлтийг бодит эдийн засагт хөрвүүлж тооцох юм бол инфляци найман хувь биш 15 хувьд хүрсэн. Моргейжийн зээлийн хүү найм биш, 2 оронтой болсон. 1.5 тэрбум ам.доллар Чингис бондын хүү, валютын ханшийн зөрүүг тооцвол хоёр тэрбумд хүрлээ. Засгийн газар нүдээ нээж, сайд нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй . Үйлдвэрлэлийн салбарын түүхий эд, машин механизмын 80-90 хувийг гадаадаас авдаг гэж үзвэл Чингис бондоор бид Хятадын эдийн засгийг л тэтгэж байна.

-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна
-Засгийн газрыг огцруулах эсэх нь нэн тэргүүний чухал асуудал биш. Хамгийн гол нь Засгийн газрыг шахаж, шаардаж, ажлыг нь хийлгэх ёстой. Харамсалтай нь манай Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй, улс орны байдал сайн байгаа гэж долоо хоног бүр 30 минутын турш худлаа ярьдаг боллоо. Ерөнхий сайдын үлгэр ярих хооронд улс орон улам л хүндэрсээр байна. Цалин хөлс инфляцид дарлуулж, монгол төгрөг гадаад валютын өмнө сөхөрлөө. Худлаа ярьдаг, өөрөөсөө бус өрөөлөөс алдаа хайдагаа одоо болих хэрэгтэй.

-Бүх юм урвуугаа эргэчихсэн юм шиг, байдал ерөнхийдөө хүндхэн л байна?
-Сүүлийн үед нэг зүйл тод томруун харагдаж байгаа. Манай улс төрчдийн худлаа хэлэх, хууль зөрчих хоёр хэрээс хэтэрлээ, Тендерийн будилаан, замын луйвар хоёр ердийн үзэгдэл болж хувирлаа. Хууль мөрдөхөөсөө илүү яаж гуйвуулах вэ гэж боддог, төсвийн мөнгөөр хувийнхаа бизнесийг тэтгэдэг хуучин тогтолцоо үргэлжилсээр л байна. Аж ахуйн менежер, нэгдлийн дарга шиг Ерөнхий сайд маань бодит үнэнийг ойлгохгүй явсаар л байна.

-Уул уурхайгаас олдог мөнгө багаслаа. Уул уурхайн салбар уналтад орлоо. Та юу гэж дүгнэж байна?
-Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарч байгаа нь үнэн.Энэ хамаарлыг аль болох багасгах, эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг Засгийн газар явуулж байгаа гэж найдья. Ер нь уул уурхайн ордууд илрэхийн хэрээр манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал эмзэг болж байгааг бид анхаарах ёстой. Гадна дотногүй Монголыг, Монголын баялгийг яаж хувааж идэхээ ярьцгааж байна. Манай олигархиудтай нийлсэн гадны улстөр, бизнесийн бүлэглэлүүд Монголын эдийн засгаар тоглож байна даа. Засгийн газарт геополитик, гадаад эдийн засгийн талаар оновчтой, алсын хараа алга. Хоёр хөрштэйгээ ч учраа ололцож чадахгүй байна. Энэ нь олон улсын харилцаанд маш том сул тал болж байх шиг. Мөн манай олон тулгуурт, гуравдагч хөршийг эрэлхийлсэн гадаад бодлого маань геополитикийн өрөг дээр мад тавиулж байх шиг байна. Монгол Улс гадаад бодлогын хувьд жинхэнэ түнш, жинхэнэ хамтрагчаа ололгүй олон жил төөрлөө. Бүх хүнтэй найз хүнд хэзээ ч жинхэнэ найз байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Гаднынхан биднийг кроны капитализмаасаа салж чадаагүй, эрх зүйн ухамсаргүй, хэлсэн ярьснаасаа буцдаг орон гэж дүгнэдэг боллоо.

-Яагаад тэгж дүгнэсэн юм бол?
Нам төвтэй төрийн тогтолцоотой, мэргэжлийн мэдлэг чадвараас илүү намын гишүүн, нутаг нуга, хамаатан саднаа илүүд үздэг төртэй орныг ингэж дүгнэх нь аргагүй. Үндэсний том компаниуд нь гэр бүлийн бизнес шиг явдаг.Нөхөр нь захирал, эхнэр нь нягтлан, охин нь менежер байхад компаний засаглалын тухай ярих утгагүй. Мэдлэг чадварт бус авгай, нөхөр, анд найзаасаа илүү гарч сэтгэж чаддаггүй, хаалттай системийг кроны капитализм буюу капитализмын гажуудал гэдэг.

 Засаглалын орчин үеийн стандарт Монголд алга. Төрийн залгамж халаа, боловсон хүчний бодлого алдагдсан. Эрүүлээр сэтгэдэг оюунлаг сэхээтнүүд нь гадагшаа дүрвэчихсэн, тархины тураалд нэрвэгдэж байгаа   орныг ингэж дүгнэхээс ч өөр яахав дээ. Бид алдаагаа олж харах ёстой. Дэлхий нийтээрээ гурван “М”-ийн эдийн засгийг харж байна. Мозамбек, Монгол, Мороккод бизнесийн соёл алга. Ярьсан хэлснээсээ буцдаг. Авлигын сүлжээнд идэгдсэн гэж тэд дүгнэж байна. Биднийг эрх зүйн дутуу бойжилттой, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах стандартгүй улс гэж зарим судлаачид дүгнэж байна. Бид өөрсдийгөө эргэн харах хэрэгтэй.
Ж.НЯМСҮРЭН

Wednesday, 16 January 2013

Ж.Батзандан: Гадаад эхнэр, нөхрөөсөө сал гээгүй

Манай улстөрийн өндөр албан тушаалтнууд Америкт эдлэн газартай, Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай, гадаадын улс орнуудад хадгаламж болон харилцах дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан тухай маш их мэдээлэл ирж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан улстөрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаар дараах тодруулгыг хийлээ. 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлана гэж байна. Яг ямар хязгаар тавих вэ? 
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар улстөрийн өндөр албан тушаалтан 100 гаруй хүн байна. Олонхи нь УИХ-ын гишүүн, сайд дарга. Төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмших, гадаадын компаниудын хувьцааг эзэмших, гадаадын компанийн үнэт цаасыг худалдан авах, эзэмших, гадаадын банкинд харилцах болон хадгаламжийн данстай байх, гадаадын банкинд зээлтэй байхыг хориглож байгаа. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийнгишүүний нэр дээр архи тамхины үйлдвэрлэл эрхлэх, энэ чиглэлийн импорлогч аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшихийг хорилгоно. Гадаад, дотоодын казино, төлбөрт тааварт бооцоот мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхийг хориглоно. Бас нэг заалт бий, магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаадын эмнэлэгт улсын зардлаар эмчлүүлэхийг хориглож байгаа. 

-Улстөрийн өндөр албан тушаалтан нь гадаад нөхөртэй, эхнэртэй байх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тийм учраас энэ асуудлыг хуулийн төсөлд багтаана гэсэн. Энэ юу болж байгаа вэ? 
-Дэлхийн олон орны хуульд гадаад нөхөртэй, гадаад эхнэртэй, үр хүүхэд нь гадаадын иргэн байгаа тохиолдолд тэднийгээ өөрийн орны харьяат болгож байж төрийн өндөр албан тушаал хаших эрх нь нээгддэг. Нэг ёсны сонгуульд нэр дэвших бол эхнэрээ, нөхрөө, хүүхдүүдээ өөрийн орны харьяат болго гэдэг шаардлага тавьдаг. Тийм учраас би энэ заалтыг оруулах уу гэдэг асуудлаар твиттер, фэйсбүүк ашиглан санал асуулга явуулж байна. Зарим нэг хүн иргэний суурь эрхийг зөрчиж байна гэдэг асуудал тавьсан. 

-Гэхдээ эдгээр шаардлага нь эцэстээ хүний эрх зөрчсөн хэрэг болж Үндсэн хуулийн цэц дээр очих юм биш байгаа? 
-Хууль санаачлагч хүний хувьд төрийн өндөр албан тушаалтан нь иргэний зарим нэг суурь эрхээс татгалзах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл тэд Монгол Улсын төрийн нууцыг мэддэг, төрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Тийм болохоор хуулийн зорилго үндэслэл бол Монголд олж авсан өмч хөрөнгөө гадаадад байршуулдаг, гадаадад байгаа эхнэр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлдэг байдлыг энэ хуулиар зогсоохыг хүсч байгаа юм. Яагаад төрийн өндөр албан тушаалтан нь Монголоо гэсэн сэтгэл байдаг юм бол ингэж болохгүй гэж.. 

-Гол нь гадаад эхнэр, нөхөртэй бол гэдэг дээр хүмүүс нэлээд мэтгэлцэж байна? 
-Би бол улстөрийн өндөр албан тушаалтнуудыг гадаад эхнэр, нөхрөөсөө сал гэдэг шаардлага тавиагүй. Монгол Улсын харьяат болгохыг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан нь гадаадын харьяат эхнэр, хүүхдээ Монголын харьяат болгож чадахгүй бол Монголын төлөө зүтгэнэ гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудал нийгэмд нэлээн маргаан дэгдээж байгаа нь үнэн. Гэхдээ төслийн гүйцэтгэл бол 100 гаруй төрийн өндөр албан тушаалтанд л үйлчилнэ. Нийт иргэдэд биш. Социализмын үед сайд нарын зөвлөлийн олонхи нь орос болон гадаад эхнэртэй байсныг бид мэднэ. Ямар үр нөлөө гарч байсныг ч мэднэ. Ер нь ч төрийн өндөр албан тушаалтан нь жирийн иргэн биш гэдгээ ойлгох хэрэгтэй.Тэр утгаараа зарим нэг даварсан дарга нарын хууль зөрчсөн үйлдлийг хязгаарлахад чиглэж байгаа юм.  

-Төрийн өндөр дээд албан тушаалтан 100 гаруй хүнээс хэд нь гадаад эхнэр, нөхөртэй байдаг юм бэ. Мөн хэд нь хөрөнгөө гадаадад байршуулчихсан юм бол. Энэ тооцоо судалгаа тодорхой юу? 
-Иргэдээс ирж байгаа мэдээллээр манай улстөрийн өндөр албан тушаалтнууд Америкт эдлэн газартай, Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай, гадаадын улс орнуудад хадгаламж болон харилцах дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан тухай маш их мэдээлэл ирж байгаа. Хүний хувийн нууцыг би олон түмний өмнө дэлгэмээргүй байна. Хууль батлагдсан нөхцөлд гурван сарын хугацаа өгнө. Энэ хооронд гадаадад байршуулсан мөнгөө Монголдоо оруулж ирэг, үл хөдлөх хөрөнгөө зараад Монголдоо бүртгүүлэг. Гадны банкинд харилцах данс байршуулах шаардлагагүй Монголын банкуудаар үйлчлүүлэх бүрэн боломжтой. Яагаад ийм шаардлага тавиад байна вэ гэхээр одоогийн хуулиар 76 гишүүн бүгдээрээ гадаад эхнэртэй, гадаад нөхөртэй, гадаад хүүхэдтэй болох бүрэн бололцоо байгаа. Энэ бол ёс зүйн талаасаа байж боломгүй зүйл. 
Жишээ нь, аль нэг улсын тамирчин Германы нэр дээр олон улсын тэмцээнд оролцох бол Германы иргэн болох ёстой байдаг. Ийм шаардлагыг биелүүлэхийн тулд манай улсын буудлагын Г.Мөнхбаяр Германы иргэн болсон, Хакухог Японы иргэн болоо гэдэг энэ бол тэр үндэстэн өөрөө өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг. Түүнээс хэн нэгний эсрэг чиглэсэн, хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулах гээд байгаа хэрэг биш. Монгол төрөө төрийн өндөр албан тушаалтнууд нь хүндэтгэдэг байя, Монголдоо хүндэтгэлтэй хандая л гэж байгаа юм. 

-УИХ-ын гишүүн Г.Уянгын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлтэй таны энэ төслийг хамтад нь хэлэлцээд явах бололцоотой юу. Мөн хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд одоогийн төрийн албан тушаалтнуудад үйлчлэх үү. 
-Одоо төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон ирээдүйд хаших хүмүүст хамаарна гэж ойлгох хэрэгтэй. Г.Уянга гишүүний төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнтэй холбогдоно. Гэхдээ хамтруулж хэлэлцэх бололцоо боломж байгаа. Хамтаръя гэдгээ би Г.Уянга гишүүнд хэлүүлсэн, явцын дунд шийдэж болох байх. 

-УИХ-ын гишүүд дотроос таны төслийг дэмжиж байга юу? 
-Олон гишүүн амаараа дэмжиж байна, “Зарчмын хувьд зөв өө” гэж байгаа. Ямар ч байсан АТГ-аас санал авсан, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Тэгэхдээ дайралт бас ирж байна. Би тэдэнд төрийн өндөр албан тушаалтан юм бол казино тоглохоо боль. Монголын төрийн өндөр албан тушаалтан Монголынхоо үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж хэлж байгаа. 
Г.ДАРЬ

Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Компани хэдэн хувийн ашигтай байх ёстойг хуульд заах боломжгүй


УИХ-ын гишүүн Г.Занданшатартай уулзаж ярилцав. Чуулган завсарласнаас хойш тэрээр хоёр хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.
-Чуулган завсарласнаас хойш та юу хийж байна. Тойрогтоо ямар ажил амжуулж байгаа вэ?
-Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан дотоодынхоо бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэн хэрэглэх зорилгоор Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс «Нэг баг нэг шилдэг бүтээгдэхүүн» үзэсгэлэн худалдааг ирэх сарын 6-7-ны өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулахаар боллоо. Энэ ажлыг сумын Засаг дарга нартай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж байна.

Малчид маань ааруул, сүү, сүүн бүтээгдэхүүн, эсгий урлал, сийлбэр, уран зураг зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ энэ үеэр зарж борлуулаад, эндээс хэрэглээнийхээ барааг аваад буцдаг. Баг бүр нэг шилдэг бүтээгдэхүүн танилцуулдаг энэ арга хэмжээг явуулж эхэлснээс хойш маш олон шилдэг бүтээгдэхүүн бий болсон. Энэ жилийн үзэсгэлэнд олон сайхан бүтээгдэхүүн ирнэ.
-Та хоёр хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа гэсэн. Ажлын хэсгийн ажил хэр үр дүнтэй байна?
-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хуулийн төслийн шинэчилсэн найруул-га, өрсөлдөөний тухай хууль дээр ажиллаж байгаа. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хууль нь нийгэм, эдийн засгийн амьдралд хэт давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Мөн бэлчээрийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Хуулийн төсөл ОДОО бараг бэлэн болсон.
-Шударга бус өрсөлдөөний хууль боловсронгуй биш байгаа нь манай зах зээлд шударга бус өрсөлдөөн хөгжих үндсийг бүрдүүлээд байна уу?
-Манай зах зээл бол төгс өрсөлдөөнт зах зээл биш. Өрсөлдөөнөөр үнэ нь тогтоогд-дог бүтээгдэхүүн бий. Гэхдээ Монгол Улсын газар нутаг том, хүн ам цөөтэй учраас үнэ, чанараар өрсөлдөөд явах зах зээл байдаггүй. Сумын жишээ татахад зарим нэг банкны үйлчилгээ, гол нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг нь өрсөлдөөнд хамааралгүй бай-даг. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүн, онгоцны шатахуун, зарим нэг бүтээгдэхүүнийг цөөн хэдэн нийлүүлэгч хянах бололцоо олгосон зах зээл гэж ойлгож болох юм. Хууль нь ч мөн ийм бололцоо олгож байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.
-Энэ хуульд өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн оны эхээр яригдаж байсан. Яагаад одоо хэлэлцэж байгаа юм бэ?
-Өрсөлдөөний тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулга-ны үед Жаргалсайхан дарга байхдаа санаачлан өргөн барьсан юм. Тухайн үед сонгууль болоод хэлэлцэж амжаагүй.
-Өмнөх хууль ямар сул талтай байсан юм бэ. Одоо ямар өөрчлөлт оруулах гэж байна?
-Өмнөх хуульд монополь аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг маш сайн зааж өгсөн боловч хүлээлгэх хариуцлагыг тодорхой заагаагүй. Тухайлбал манай зах зээл дээр хэдхэн компани нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлж байна. Тэдгээр нь зах зээл дээр ноёлохыг хориглосон заалт бий. Гэтэл ноёлж байхад 250 мянган төгрөгөөр торгох хариуцлага байгаа юм.

Зохиомлоор барааны хомсдол бий болгох, үнэ өсгөх зорилгоор бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоох, үндэслэлгүй үнэ нэмэх, хуйвалдах явдлыг арилгахын тулд Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороог бодитой үйл ажиллагаатай, хараат бус болгох шаардлага байгаа.
-Байцаагчдыг хараат бус болгох ямар боломжийг харж байна?
-Монополь аж ахуйн нэгж үүд хорооны үй л ажиллагаанд нөлөөлөх бололцоог нь хааж, байцаагчдын эрх үүргийг нэмэгдүүлнэ. Зөрчил дутагдлыг арилгуулах, хугацаа тавьж биелэлтийг хангуулах, бүтээгдэхүүн чанарт дүгнэлт гаргах эрхийг байцаагчид олгох өөрчлөлт оруулах зорилготой байгаа.
-Гадаад орнуудад 6-7 хувийн ашгийг дундаж, 10-15 хувийн ашгийг өндөр ашигтай гэдэг бол Монголын аж ахуйн нэгжүүд 50-60 хувийн ашигтай ажилладаг гэдэг юм билээ. Хуульд ашгийн талаар тодорхой дурдах уу?
-Ер нь манай төрийн байгууллагууд сураг мэдээллээр шийдвэр гаргах биш, судалгаа тооцооны үндсэнд үг хэлмээр байна. Тоонд үндэслэхэд олон янзын дүн гардаг шүү дээ. Ямар цаг хугацаа, ямар нөлөөллийн тоо байх эсвэл түүвэр тоо байх зэргээс шалтгаалж дүн өөр өөр гардаг. Тэгэхээр хуульд хэдэн хувийн ашигтай байх ёстой гэдэг тоо тавих боломж байхгүй. Хууль зөвхөн зарчмыг нь тодорхойлно.
-Үүнээс гадна «Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хэтэрхий удаан ажилладаг. Шударга бус өрсөлдөөн бий болоод өнгөрсний дараа судалгааны дүн гарч үр дүнгүй боллоо» гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг?
-Бид олон улсын байгууллагуудтай уулзаж, шударга бус өрсөлдөөнийг хянах ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх асуудал тавина гэж бодож байгаа. Нөгөө талаар улсын байцаагчийн шалгах, тайлан нэхэх, хариуцлага тооцох эрхийг нэмэгдүүлбэл боломжийн хэмжээнд хүрнэ.
-Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа юу?
-Захиргааны хариуцлагын тухай, төрийн болон орон нутгийн өмчийн тухай, тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Мөн захиргааны шийтгэлийн тухай, зар сурталчилгааны тухай, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт орно. Ялангуяа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах нь маш чухал. Зөвхөн төрийн байгууллага шударга бус өрсөлдөөнийг хянах бус, иргэн хяналт тавих нь чухал. Тухайлбал аль нэг дэлгүүр хүүхдэд архи зарвал түүнийг мэдсэн иргэн шүүхэд гомдол гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжлэх боломжийг олгох юм. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг өөрчлөлтийг ойрын хугацаанд оруулах хэрэгтэй байна.
-Хоёр дахь хуулийн талаар сонирхъё. Бэлчээрийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?
-Энд бэлчээр эзэмших талаар заалт оруулахгүй. Монгол Улсын газар нутгийн ихэнх нь бэлчээр. Тийм учраас бэлчээр нутгийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулж байна. Малчид, орон нутгийн захиргаа яаж хамгаалахыг хуульчилж өгнө. Бэлчээр хамгаалж байгаа хүмүүст урамшууллыг яаж олгох, талхалсан хүмүүст ямар хариуцлага ногдуулах талаар тодорхой болгоно.
-Тэгвэл бэлчээрийн газрыг сүйтгэсэн хүмүүст ногдуулах хариуцлагаас гадна сүргийн бүтэц ч яригдах нь?
-Ашигт малтмалын төлөө мал аж ахуйгаа түрж гаргаад байгаа боловч нөхөн сэргээлт хийхгүй байна. Тийм учраас бэлчээрийг цөлжүүлсэн бол хариуцлагыг нь ногдуулж, мөнгөн торгууль төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх заалтыг тусгана.

Сүргийн бүтцийн тухайд ямар төрлийн малаас бэлчээрийн татвар авах вэ гэдгийг ярьж байна. Ямаа, адуу хоёр бэлчээр тахалдаг гэдэг. Гэхдээ малчид үгүйсгэж байгаа.
2009 оны 1-р сарын 28, Лхагва гариг
 Өглөөний сонин

Thursday, 26 April 2012

Ж.Батзандан: Эрх баригчид сонгуулийн луйвраа далдлахын тулд ганц худагт хорьсон гэдгийг сүүлд мэдсэн


Энэ удаагийн ''Би Монголоо ингэж хөгжvvлнэ'' буланд АН-ын ҮЗХ-ны гишvvн Ж.Батзанданг урьж ярилцлаа.
-Таны хувьд Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь бол өөдрөг, гэрэл гэгээтэй харагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитой наалдахгүй байна. Асар том газар нутагтай, байгалийн баялагтай, 2.7 сая хүн амтай, ардчилал, зах зээлийн тогтолцоог тууштай сонгосон Монгол Улс хөгжихгүй байхын аргагүй. Жаахан алсын хараатай, зөв, цэгцтэй бодлого явуулахад баян Монгол ядуу байх боломжгүй шүү дээ.

-Хөгжилд саад болж байгаа зүйл нь юу байна. Таныхаар Монгол Улсын хөгжилд юу хамгийн ихээр үгүйлэгдэж байна вэ?
-Аливаа улс орны хөгжил цэцэглэлт бол маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг. Хөгжил цэцэглэлтэд тохиолдох олон саад бэрхшээл бий. Тухайлбал авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, шударга бус явдал, эх оронч бус зөвхөн амин хувиа хэт хичээх үзэл гэх мэт зүйлүүд өнөөдөр Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж байна. Манай нийгэмд эрх чөлөө, эд баялаг бол хангалттай байгаа. Гагцхүү шударга ёс л ус агаар мэт дутагдаж байна. Шударга ёс бол аливаа нийгмийг гэрэлтүүлэгч бамбар юм. Шударга ёс хаана байна тэнд хөгжил дэвшил ирдэг. Түүнчлэн шударга ёс хаана байна тэнд эрх мэдэлтнүүд бус эгэл хүмүүс хождог гэдэгт би итгэдэг.

-Энэ улс оронд амьдарч, ажиллаж байгаа хүн бүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Харин таны хувьд ямар байдлаар нэмэр болж байна вэ?
-Анх хэсэг нөхдийн хамт 2004 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг байгуулахдаа үндсэн гурван зорилгыг өмнөө тавьсан юм. Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг тэмцлийг эхлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос ард иргэдэд алтан хувьцаа олгох, төрийн шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох гэсэн зорилготой байсан. Харин өнөөдөр эргээд харахад Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь гэмт хэрэгт тооцогдож, Эрүүгийн хуульд орлоо. Түүнчлэн авлигын эсрэг нийгмийн сэтгэл зүй тодорхой хэмжээнд бүрдсэн байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаас иргэдэд хувьцаа олгох үйл явц тодорхой хэмжээгээр эхэлсэн. Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхим, Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Монголын сум болгонд иргэний хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа явуулж төрөлх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалж байна. Энэ бүхнээс үзэхэд Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний үндсэн зорилго тодорхой төвшинд биеллээ олсон гэж дүгнэж болно.

-УИХ-ын 2008 оны сонгууль гээд ярихаар долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдал яах аргагүй сөхөгддөг. Түүхэнд үлдсэн энэ хар өдрийн хэрэг илрэх болов уу?
-Та зөв хэллээ. Долдугаар сарын 1 бол сонгуультай, тэр тусмаа луйврын сонгуультай шууд холбоотой. Сонгуулийн луйвар, булхайгаа далдлахын тулд эрх баригчид галт зэвсэг хэрэглэж хүний амь насанд хүрсэн гэдэг нь тодорхой болсон. Энэ хэрэг шүүхийн шатанд явж байгаа. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Дээр нь нэмж хэлэхэд энэ хэргийн гол буруутан нь дан ганц цагдаагийн хурандаа нар бус тэдэнд тушаал өгсөн төрийн өндєр албан тушаалтнууд байгаа юм. Мөн сонгуулийг луйвардсан нам, түүнд оролцсон албан тушаалтнуудад ч гэсэн хариуцлага хvлээлгэх ёстой. Товчоор хэлбэл сонгуулиа луйвардуулсан ард иргэд бус сонгууль луйвардсан улстөрчид буруутай.

-Түүнчлэн долдугаар сарын 1-ний хэрэгт таны нэр холбогддог. Мөн энэ хэргээс мултрахын тулд АН-ыг сонгосон гэсэн зүйл яригддаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Намд орсноор гэмт хэргээс мултарчихдаг, ламд очсоноор нүглээ цайруулчихдаг гэж бодох нь гэнэн хэрэг. Долдугаар сарын 1-ний асуудлаар олон хүнийг холбогдуулан шалгасан. Намайг ч мөн адил. Зарим хүмүүс намайг өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн буруу ойлголттой байдаг юм. Уг нь надтай холбогдох асуудлыг 2009 оны хоёрдугаар сард прокурор үндэслэлгүй юм байна гээд хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ. Үнэндээ иргэн Батзанданг бол долдугаар сарын 1-ний хэргээр бус эрх баригчид сонгуулийн луйвраа далдлахын тулд Ганц худагт хорьсон гэдгийг сүүлд мэдсэн. Учир нь нэр дэвшигч сонгуулийн санал авсан өдрөөс 30 хоногийн дотор өөрийн биеэр сонгуулийн талаарх гомдлоо гаргадаг хуультай. Намайг 33 хоног хориод дараа ямар ч тайлбар хэлэлгүй Ганцаас гаргасан. Энэ хугацаанд цагдаагийнхан надаас байцаалт авах бус зөвхөн 2008 оны сонгууль шударга болсон гэдгийг л хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон шүү дээ. Харин АН-д орсон гол шалтгаан бол таны бодож байгаагаас их өөр. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох, долдугаар сарын 1-ний хэлмэгдүүлэлтийг зогсоох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх гэсэндээ. Түүний үр дүн одоо тодорхой харагдаж байна шүү дээ.

-Таныг ард иргэд тэмцэгчийн дүрээр хүлээж авсан. Гэтэл яагаад аливаа нэг улс төрийн намын харьяалалд орчихов гэдэг байдлаар хүмүүс ихэвчлэн хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, нам сонгох болсон шалтгаан тань юу байна вэ?
-Тэмцэл бол олон хэлбэртэй. Хүн болгон л амьдралынхаа төлөө тэмцдэг шүү дээ. Нам бол хүссэн хүсээгүй улс төрийн гол институт. Америкт, Японд ч, Монголд ч тэр адилхан. Тийм болохоор улстөрчид бүгд л ямар нэг намын харьяалалтай байдаг. Би хувьдаа улстөрч болгон нийгмийн хэмжээний хүчтэй тэмцэгч бас бодлоготон байгаасай гэж хүсдэг.

-АН-ын ҮЗХ-ны гишүүн. Гудамжинд жагсаал хийж явснаас эрх мэдэлд хүрсэн нь дээр гэдэг үүднээс энэ оны сонгуульд нэр дэвшихээр шийдсэн юм уу?
-Эрх чөлөөгүй хүн, эрх мэдэлгүй улстөрч хоёр адилхан гэж үг бий. Би зөвхөн энэ сонгуульд нэр дэвшихээр шийдсэн юм биш л дээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд нийт 36 мянган сонгогчийн санал авсан байдаг. Улсын хэмжээнд авсан саналын тоогоороо айрагийн тавд орсон. Харамсалтай нь зохион байгуулалттай сонгуулийн луйврын золиос болсондоо. Ер нь иргэд итгэл хүлээлгэвэл миний бие сонгуульд нэр дэвшихээс татгалзах зүйлгүй.

-Сүүлийн үед хувьсгал хийх талаар их ярих болж. Хэрвээ хувьсгал хийвэл ямар өөрчлөлт гарах вэ. Хувьсгал хийснээр хэнд хожил ирэх вэ?
-Ямар хувьсгал гэдгээс олон зүйл шалтгаална. Миний хувьд иргэд сонгогчид сонгуулийн хувьсгал хийгээсэй. Энэ хувьсгалаас эрх мэдэлтнүүд бус эгэл олон түмэн хожоосой гэж хүсч байна.

-АН нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн татвар авсан. Та төлсөн үү?
-Нэгэнт намын эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гишүүний хувьд хүндэтгэнэ. Гэхдээ мөнгөтэй хүн улс төрд ордог, мөнгөгүй хүн нь улс төрөөс хөөгддөг системд би маш дургүй. Ийм системээр хол явахгүй. Бусад намууд ч ялгаагүй нэр дэвшигчдээсээ мөнгө авдаг нь нууц биш. Манай намын хувьд ил тод нээлттэй авч байгаагаараа ялгаатай.

-Эл шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүн олон байсан. Энэ асуудалд таны байр суурь ямар байсан бэ?
-Хүн болгон адилхан бодолтой байх албагүй. Тийм болохоор энэ шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдийн санаа бодлыг сонсох ёстой. Ардчилал гэдэг бол олонхиор асуудлаа шийддэг ч цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж үздэг ситем. Ер нь мөнгөний босго тавих нь залуучууд, эмэгтэйчүүдийг л хавчиж байгаа нэг хэлбэр шүү дээ. Үүнийг цаашид яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Цаашид улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилж хатуу гишүүнчлэлгvй болгох, өмч хөрөнгийг нь нийтийн өмчлөлд шилжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй байхад улс төрийн намуудад тэнгэр баганадсан байр байх шаардлага байхгүй л болов уудаа.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан шалтгааныг юу гэж харж байна вэ. Түүнийг төр барьж байх үед та бүхэн нэлээд эсэргүүцэж жагсаал хийдэг байсан?
-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс түүнийг Ерөнхийлөгч байхад нь 2005 онд УМБГ-т, 2007 онд АТГ-т хандаж байсан. Мєн түүнтэй холбогдох нэр бүхий 10 албан тушаалтны авли-га, хээл хахуулийн хэргийг ч шалгуулахаар өгч байсан шүү дээ. Иргэдийг шалгадаг шигээ дарга нарыг ч бас шалгадаг л байх хэрэгтэй. Үүнд буруу зүйл байхгүй. Харин баривчилсан процесс нь манай цагдаагийн байгууллагынхны үнэн нүүр царайг харуулсан явдал боллоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байгаа цагт цагдаагийн бүдүүлэг байдал өөрчлөгдөхгүй байх. Намайг ч гэсэн цагдаа нар 2008 онд ингэж л барьж байсан.

Б.ПҮРЭВЖАВ
Монголын мэдээ