Showing posts with label ГАНБААТАР Сайнхүүгийн. Show all posts
Showing posts with label ГАНБААТАР Сайнхүүгийн. Show all posts

Sunday, 6 October 2013

С.Ганбаатар: “Рио Тинто” зээл зуучлагч болчихсон



УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн мон­гол ги­шүүд Лон­дон хот­ноо бол­сон “Оюу­тол­гой”   ХХК-ийн хувь ний­лүүлэгч­дийн ху­ралд орол­цоод ирлээ. Тэд “Оюу­толгой төслийн II үе ша­тыг эхлүүлэхийн тулд нэ­лээд асуудал цэгцэлсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Тэдний мэдээлэл дээр та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Дэлхий нийтийн жишигт али­ваа нэг өмчийн талаар хэлэлцээр хийсэн л бол өмчийн эзэнд тухайн хэлэлцээрийн үед ямар, ямар асуу­дал болсон талаар мэдээлэх ёстой байдаг юм. Энэ энгийн зарчмыг хэрэгжүүлж, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд бидэнд хувь нийлүүлэгчдийн хурлын талаар хийсэн хэлэлцээрийн талаар Мон­голын ард түмэнд мэдээлэл өгсөнд нь би үнэхээр их талархаж байгаа. Гэхдээ тэд “Хувь нийлүүлэгчдийн хурлаар 30 асуудал хэлэлцэж, 15-ыг нь шийдлээ. Үлдсэн асуудлыг нь Улаанбаатарт шийдвэрлэхээр боллоо” гэдгээс өөр тодорхой зүйл мэдээлсэнгүй. Энэ юу гэсэн үг вэ. Өмчийн эздээр оньсого таалгаж байна гэсэн үг биз дээ. Ямар 30 асуудал хэлэлцсэнээс 15-ыг нь шийдвэрлэсэн юм. Үлдсэн асуудал гээд байгаад нь юу багтаж байгаа юм бэ. Тэд юу нууцлаад байгаа юм бэ. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр болсон хэлэлцээрийн үеэр болсон асуудлыг нууцална гэсэн хуулийн заалт хаана байна. УИХ-ын гишүүдийн Оюутолгойтой холбоотойгоор асуусан асуулгад Засгийн газар өнөөдөр болтол хариу өгөөгүй хэвээр л байна. Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг Лондон руу явахаас нь өмнө УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Засгийн газарт “Рио Тинто” корпорацийн тулган шаардалтад Монголын Засгийн газар ямар хариу өгөх гэж байна вэ гэдэг асуулгыг тавьсан.

-Асуулгын тань хариуг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүд мэдээлэл хийхдээ тойруу хэлбэрээр өгчихсөн юм биш үү. Тэд “Үүсээд байгаа асуудлыг нааштайгаар шийдэхээр болсон” гэсэн шүү дээ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүдийг хувь ний­лүү­лэгчдийн хуралд явахаас нь өмнө “Та нар Лондонд дуудагдаж очоод “тэр хүмүүс”-т толгойгоо мэдүүлээд өрийн тулган шаардалтад “За” гэж хэлээд ирэв дээ” гэдгийг сануулсаар байсан. “Рио Тинто”-гынхны тулган шаардалтыг хүлээж авахгүй байх нь Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох гээд байгаа хэрэг биш шүү дээ. “Рио Тинто” корпорацийг монголыг орхиод гарчих вий гэж айж байгаа хүн юу гэж Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох зүйл ярьж байх вэ дээ.

-Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хэрэв “Рио Тинто”-гынхний тул­ган шаардалтыг манай Засгийн га­зар хүлээж аваад “За” гээд хэл­чихвэл “Рио Тинто” биднийг өрөнд унагачихаад хаяад явах зөв­шөөрлөө халаасаллаа гэж үзэж болох юм. “Рио Тинто”-гийнхий зү­гээс Оюу­толгой ордоос манай улсын эзэмшиж байгаа 34 хувийг бүх­лээр нь зээлийн барьцаанд тавихыг хү­лээн зөвшөөрүүлэхийг л шаардаж байгаа юм. Тэдний шаардлагыг зөв­шөөрсөн тохиолдолд бид биет ба биет бус хөрөнгө буюу Оюутолгойн уурхайг бүхлээр нь зээлийн барь­цаанд тавих боломжийг тэдэнд нээж өгнө гэсэн үг. Үүний дараа Оюутолгойн уурхай “Рио Тинто”-гийнхний хүсэж байгаа шиг ашигтай ажиллахгүй байх тохиолдолд тэд зээлийн барьцааг бусдад зарах эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, тэд зээлээ хэн нэгэнд дураараар өгөх эрх нь нээгдэнэ. Энэ нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж байгаа тохиолдол шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эзэмшиж байгаа хувьд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй гэж заасан байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа шүү дээ.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүдийн хэлж байгаагаас үзэхэд “Рио Тинто”-гийнхний шаардлагыг Монголын Засгийн газар хүлээгээд авчихсан юм шиг өнгө аяс мэдрэгдэж байсан?
-Монголын ард түмэн өөрийн­хөө өмчийн “манаач”-ийн харцыг харж, аливаа асуудлыг таамаглаж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байдалд байгаагийн илрэл. УИХ-ын гишүүд ч ялгаагүй. Энэ талаар ямар нэгэн тодорхой мэдээлэлгүй л байна шүү дээ. Тиймээс асуудлыг хариуцсан хүмүүс албан ёсоор бидний асуулгад үнэн бодит хариулт өгөх ёстой. Ил тод бай л даа. “Рио Тинто”-гийнхний тулган шаардалтыг зөвшөөрөхгүй л бол болохгүй байна” гэдгээ бидэнд ярь л даа. Асуудлыг нуугаад байх нь тийм ч оновчтой алхам биш шүү дээ. Их яруу найрагч Д.Нацагдорж “Алсын бодолгүй хүнээс ойрын зовлон салдаггүй” гэж хэлсэн байдаг. Бид яг л ийм байдалд орчихоод байна. Алсын бодолгүйгээр “Хог” буюу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас болж монголчууд ойрын зовлонгоос салахаа болих нь байна гэдгийг би олон хэлсэн. Гэтэл өнөөдөр нөгөө “ХОГ” буюу Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ заалтыг зөрчих дээрээ тулчихлаа. Тиймээс өнөөдөр ядахдаа гэрээгээ мөрдөөч ээ гэж гуйж байгаа юм. “Рио Тинто”-гийнхон 24.3 тэрбум ам.долларын өрийн барьцаанд Монгол Улсыг 16 банкинд тавих гэж байна шүү дээ. Миний тооцоолсноор энэ өрнийхөө 5.7 тэрбум ам.долларыг аваад Монголоос гарах магадлал өндөр байна. “Рио Тинто”-гийнхон өнөөдөр хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болчихоод байгаа юм биш үү. Өмнө нь “Тамсаг соко” гэдэг Канадын компани хөрөнгө оруулагч нэрээр манай улсад орж ирчихээд эзэмшиж байсан ордоо “Петро чайна Дачин тамсаг”-т шилжүүлчихээд дундаас нь мөнгөө аваад гарч байсантай ижилхэн үйл явц өрнөх гээд байна. Үүнийг шийдэх асуудлыг муу ч бай, сайн ч бай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан гэж би боддог. Хэрэв ийм асуудал байхгүй гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс “С.Ганбаатар гэдэг хүн ард түмний сэтгэлийг үймүүлж худлаа зүйл ярьж байна” гэж зарлахгүй байгаа юм.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүд мэдээлэл хийхдээ гурван ажлын хэсэг бай­гуулахаар болсон талаар мэ­дээлсэн. Тухайлбал, тэр ажлын хэсэг дунд нь гүний уурхай бай­гуулах ажлын ТЭЗҮ-ийг шинэч­лэн хэлэлцэх ажлын хэсэг багтаж байгаа гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ийм ажлын хэсэг байгуулаг­дахаар болсон гэдгийг сон­соод үнэхээр цочирдсон. Хөрөн­гө оруу­лалтын гэрээг байгуу­лах­даа ТЭЗҮ-ийг УИХ-аар баталгаа­жуул­сан. Тиймээс хэдийнэ баталчихсан ТЭЗҮ-ийг өөрчлөх гэж ярьж байгаа бол маш аюултай асуудал үүсэхийн шинж тэмдэг гэж бодож байна. Сайнаар өөрчилнө гэдэгт би итгэж чадахгүй л байна. “Рио Тинто”-гийнхнийг би тоонд тийм ч муу хүмүүс гэж бодохгүй байгаа шүү. Ямар аргачлал, үндэслэлээр ТЭЗҮ-ийг хэн өөрчлөх гээд байна вэ гэдгийг бид анхааралдаа авах ёстой. Хэрэв “Биеэ үнэлэгч” эрдэмтдийг цуглуулаад тооцоо хийх гэж байгаа бол энэ үнэхээр асуудал үүсгэнэ. Тиймээс энэ асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж бодож байна.

-Оюутолгойн ордоос хууль бусаар эзэмшиж байсан гэгдэх “Энтрий гоулд” ХХК-ийн хувийг “Оюутолгой” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон байна билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-“Энтрий гоулд”-ын асуудлыг нэг тийш нь шийдсэн нь сайшаалтай юм. Гэхдээ иргэний нийгмийн төлөөллийн байгууллагууд, эх оронч эрдэмтэн мэргэд маань маш олон хоног суулт хийж байж маш олон асуудлыг шийдүүлсний нэг нь энэ “Энтрий гоулд”-ын хувийг “Оюутолгой” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай асуудал байсан. Харин тэдний шийдүүлсэн энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй маш удсаны эцэст сая нэг юм хэрэгжүүлэхээр боллоо. Энэ бол уул уурхайн салбарын эрдэмтэн, ахмадуудын маань буян шүү дээ. Асуудлуудыг эхнээс нь шийдэж байгаа нь сайшаалтай ч бидний асуусан асуултуудад хариулт өгөхгүй байгаад нь гайхсан хэвээр байгаа гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна. Бидний баялгийг зээлийн барьцаанд тавих гэж байгаа юу. Хэрэв тийм бол ямар нөхцөлтэйгөөр вэ гэдэг асуултад минь хариулж өгөөч. Эцэст нь Австралийн нэгэн улстөрчийн хэлсэн “Бид өвөг дээдсээсээ уул уурхайн баялгийг өвөлж авсан юм биш. Харин бид ирээдүйгээсээ уул уурхайн баялгийг зээлдэж авч ашиглаж байгаа хүмүүс юм” гэдэг үгийг улстөрчдөдөө сануулмаар байна.

-Эдийн засаг хүндрээд байгаа энэ үед бие даагч гишүүд ямар нэгэн байдлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэхгүй байгаа. Энэ нь бие даагч гишүүдийг “Ардчилсан намынханд худалдагдчихсан. Бие даах чадвараа алдсан” гэдэг шүүмжлэл дагуулах болсон. Дээрх шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Ийм шүүмжлэл гарч байгаад хязгааргүй их баярлаж байна. Бие даагч гишүүд үгүйлэгдэж, шүүмжлүүлж байх нь нэр төрийн хэрэг. Бид чадлынхаа хэрээр л асуудлын талаар ярьж байна. Эдийн засгийн нөхцөл байдал болон эрх баригчдын талаар байр сууриа илэрхийлж байгаа. Гэхдээ хуулийн төслүүдийг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулж байгаа энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их ярих нь ёс зүйн хувьд зохисгүй гэдгийг бие даагчид мэдэж байгаа гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй болов уу. Ажлын хэсгийн хуралдаан дээр бид яриад яриад дийлэхгүй тохиолдолд ард түмэндээ хандана. Тэр үед ард түмэн маань бидэнд ээлтэй хандаасай гэж хүсэж байна.

-“Манай улсын авсан урт ху­гацааны зээлүүдийн эргэн тө­лөлтийн хугацаа ойртож бай­гаагаас болоод эдийн засаг хүнд­рэх төлөв ажиглагдаж бай­на” гэдэг тайлбарыг эдийн за­сагчид өгч байна. Гэтэл сөрөг хүчин “эдийн засаг хямарчихлаа” гэж байгаа. Харин эрх баригчид “Эдийн засаг хямраагүй” гэсэн хариултыг өгч байна. Та эдийн засагч хүний хувьд ямар хариулт өгөх вэ?
-“Эдийн засаг хүндэрнэ гэдэг нь таны хөрш ажилгүй болохыг хэлнэ. Эдийн засаг хямарна гэдэг нь та ажилгүй болохыг хэлнэ” гэж нэгэн алдарт эрдэмтэн хэлсэн байдаг. Үүн шиг сөрөг хүчин болон эрх баригчид эдийн засгийг өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа болов уу. Гэхдээ Монголын эдийн засаг маш хүнд байгаа гэдгийг бид хэлэх ёстой. Үүнийг нуух хэрэггүй. Ямарсайндаа нэг хүн надаас “Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй гэж хэлээд байна шүү дээ” гэж асууж байсан юм. Ерөнхий сайдын эдийн засаг мэдээж хямрахгүй шүү дээ. Ард иргэдийн эдийн засаг хямраад байгаа нь үнэн. “Чингис” бондын мөнгийг зам тавих, цэцэг тарихад зарцуулахын оронд боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийе гэж мөн ч их гуйсан даа.  хэрэв бид ингэж чадсан бол эдийн засгийн хүндрэлээс зайлсхийж чадах байсан юм. Нөгөөтэйгүүр, хөрш орнуудтайгаа найз байгаач ээ. Дэлхийн эдийн засгийн, худалдааны ямар гэрээнд бид хамрагдаж, ямар давуу байдлыг эдэлж байгаа юм бэ. Үүнийг тодорхойлж давуу талаа ашиглах хэрэгтэй байгаа юм. Усан онгоцон дээр байгаа авдар, савыг “Ийшээ зөөнө, тэрэнд өгнө, энэнд өгнө” гэж ярихын оронд усан онгоц зөв чиглэлд явж байна уу, үгүй юу гэдгийг ярихгүй байгаа юм бэ. Дотоодын үйлдвэрлэгч нарт гадаад зах зээл нээж өгөхийн төлөө Монголын Засгийн газар хуруугаа ч хөдөлгөхгүй байна шүү дээ. Ингэхээр эдийн засаг хүндрэхгүй гээд яах вэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Thursday, 24 January 2013

С.Ганбаатар: Хүүхэд харсан хүнд улсын төсвөөс сард 110 мянган төгрөг өгөх боломжтой

С.ГанбаатарХүүхэд харах үйлчилгээг бий болгох талаар С.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулаад байна. Энэ нь хүүхэд харсан хүн улсаас сард 110,000 төгрөг авах юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
- Хүүхэд харах үйлчилгээг бий болгох хуулийн төслийг яагаад санаачилсан бэ?
- Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл зарим хүүхэд цэцэрлэгээр явж хүмүүжээд жилд 1,400,000 мянган төгрөгийн санхүүжилт улсаас авдаг байхад цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдийг улсаас огт харж үздэггүй. Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх бодлогоор энэ хуулийн төслийг боловсруулсан.  70 мянган хүүхэд гэр хороололд Монголын боловсролын тогтолцооны гадна байна. Зарим нь гэртээ өдөржин цоожтой хаалганы цаана өнждөг. Өнгөрсөн оны судалгаагаар сард 15 хүүхэд эндэж байна. Энэ байдлыг таслан зогсоохын тулд хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн хүнд улсын төсвөөс сард 110,000 мянган төгрөг олгохоор тусгасан байгаа. Зарим нь яагаад цэцэрлэгт яваагүй мөртлөө улсаас мөнгө авах боломжгүй байгаа юм бэ? Тиймээс энэ тэгш эрхийг хангах зорилготой.

- Энэ мөнгөөр цэцэрлэг барьж болохгүй юм уу?

- Монголд бүх цэцэрлэгийн насны хүүхдийг хамруулъя гэвэл 650 цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байна. Гэтэл 10 жилийн дараа ч 650 цэцэрлэгийг барьж амжихгүй. Өнөөдөр жилд 30 цэцэрлэг барьж байгаа болохоор тэр хүүхдүүдийг цэцэрлэг баригдтал хүлээж бай гэж хэлж болохгүй шүү дээ. Тэд чинь өсч том болно.  Цэцэрлэг барих гэж тэрбум тэрбумаар нь мөнгө олох гэж зүдрэхийн оронд тэртээ тэргүй олж чадахгүйгээс хойш цэцэрлэгийн үйлчилгээг гэртээ үзүүлчих боломжтой хүмүүст тэр бололцоог нь стандартыг нь тогтоож олгох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл тэг зардлаар цэцэрлэгтэй болно гэсэн үг. Хүүхдүүдэд хувьсах  буюу хоолны зардлыг нь төрөөс гаргаач ээ гэсэн л хуулийн төсөл. 

- Эмээ, өвөө нь ач, зээ нараа хардаг гэр бүл Монголд олон байдаг. Эмээ, өвөө нар үүнийхээ төлөө улсаас мөнгө авах уу?

- Ээжээс нь өөр хүн хүүхдийг харж байгаа бол сард 110,000 төгрөг авна. Хамаатан садан, найз нөхөд хэн ч байж болно. Аав, өвөө ч байсан болно. 

- Хүүхдүүдийн насны хязгаар ямар байх вэ?
- Насны хязгаар 2-5. Хоёр нас хүртэлх хүүхдийг ээжүүд өөрсдөө өсгөх ёстой.  2-3 насны хүүхдүүдийг харж байгаа бол нэг гэрт 3-6 хүүхэд байна. 4-5 настай бол 10-15 хүүхэд байж болно. 15-аас дээш хүүхэд нэг газар байж болохгүй. Одоо нэг цэцэрлэгт 100-170 хүүхэд байна. Ханиад, томуу гээд өвчин их ороогоод байдаг. Ингэж бөөнөөр нь байлгах нь амьсгалын замын халдвар тархсан үед тун эрсдэлтэй. 

- Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг хэн өгөх вэ?
- Сертификат, зөвшөөрлийг зөвхөн ээжүүд хүүхдээ харах хүнтэй гэрээ хийж өгнө. Ээжүүд тэр гэрээг цуцлах эрхтэй. Ээжүүд бол ямар ч улсын байцаагчаас илүү хүүхдийг нь харах хүнийг сонгоно. Тухайлбал хүүхдүүд нь цэцэрлэгт явах боломжгүй дөрвөн гудамжны айл байлаа гэж бодъё.  Тэндээс 2-5 насны 10 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байлаа гэж бодъё. Энэ 10 хүүхдийн ээж, аавууд ярилцаад нэг ажилгүй ээжтэй гэрээ хийгээд ажиллуулж болно. Арван хүүхэд харахад сард 1 100 000 төгрөгийн цалин авна гэсэн үг. Тэр хүн хажуудаа туслах бас тогооч авч ажиллуулаад өөрөө хүүхдийн хүмүүжилд анхаарч ажиллаж болж байна. Мөн их, дээд сургуулийн дэргэд оюутнууд ийм төв байгуулж болно. 

-Тэгвэл төрийн байгууллагаас ямар стандарт, шаардлага тавих вэ?
- Хүүхэд харах үйлчилгээ  үзүүлж байгаа хүмүүс харж хандана, хоол ундаар хангана, хүмүүжүүлнэ. Ингэснээр хүүхдүүд баталгаатай, эрүүл орчинд бойжно. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий чиглэл, зөвлөмж бол гаргана. Гэхдээ тийм хүнд стандарт тавихгүй. Хүнд суртал байж болохгүй. Яамнаас хүүхэд асрагч нарт тогтмол сургалт явуулж байх юм. Мөн телевизээр насны онцлогт тохирсон сургалт, хичээл, нэвтрүүлэг явуулахаар төлөвлөж байгаа. 

- Нэг талаас бас ажилгүй иргэдийн тоо багасах юм байна?
- Өнөөдөр 30 мянган ээж хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй байгаа. Энэ хууль батлагдвал нэг ээж 10 хүүхэд харлаа гэхэд 3000 ээж шууд ажилтай болно. Бусад нь ч өөрсдийгөө боловсруулж ажил хийх боломжтой.

- Ийм жишиг өөр ямар оронд байдаг вэ?
- Ийм жишиг  ихэнхи хөгжсөн оронд байдаг. АНУ, Англи Австрали, Япон, Солонгос гээд олон оронд day care буюу өдөр өнжүүлэх үйлчилгээ байдаг. Манай хуулийн нэр томъёонд өдөр өнжүүлэх гэж өөр ойлголт байдаг учраас  хүүхэд харах үйлчилгээ гэж нэрлээд байна. Энэ нь хүүхдэд илүү ойр, сайн хүмжүүжил өгдөг гэсэн судалгаа байна. Охидод бие биелгээ, хөвгүүдэд бөхийн дэвээ шаваа заах зэргээр монгол ухаанаар хүмүүжүүлвэл их сайн. Монголын үндэсний уламжлал нь өөрөө гэр сургалт юм. 

-Хүүхэд асрах хүмүүст өгөх мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
- Хуулиа баталвал тодотголоор 2013 оны төсөвт оруулах байх. Энэ бол хүүхдийн нэрээр орж ирж байгаа ч ажилгүйдлийг багасгах мөнгө юм. Тэр мөнгийн хэнд өгөх вэ гэдгээ ээжүүд шийднэ. 

- Бусад гишүүд хэр дэмжиж байгаа вэ?
- Зарим эрэгтэй гишүүд ээжүүд бол гэртээ хүүхдээ хараад байж байх ёстой. Үүнээс илүү яах гээд байгаа юм бэ гэсэн хандлагатай байгаа. Харин Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл Баянсэлэнгэ, Л.Гантөмөр сайд нар дэмжиж байгаа. Нэг нь цэцэрлэгт явж улсаас тэтгүүлээд байхад бусад нь яагаад болохгүй гэж гэсэн тэгш эрхийг хангах зорилготой юм. 
- Ярилцсанд баярлалаа.

С.Ганбаатар: Би зангиа зүүдэггүй олон хүнийг төлөөлж дуугардаг хүн

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай улс төрөөс ангид сэдвээр ярилцлаа. 
-Таны өрөөний тохижилтоос яриагаа эхлэе. УИХ-ын гишүүд өөрийн сонирхож цуглуулдаг янз бүрийн эд зүйлээр өрөөгөө чимэглэдэг. Таны өрөө их энгийн юм?

-Энэ хананд Дархан-Уул аймгийн газрын зургийг өлгөсөн. Тэр ханыг цэлгэр байлгаж буй нь учиртай. Тэнд хийх ажлаа төлөвлөж, бичих юм. Оюутолгойн гэрээг өөрчилж сайжруулна, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өргөн барьсан байгаа. Эхлээд энэ мэт холбогдох ажлаа бичнэ. Голд нь, Дархан-Уул аймагт хийх ажил Төмөрлөгийн үйлдвэр, орон сууцны хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэлийн томоохон хөтөлбөрүүдээ тавих юм. Дараа нь, үндэсний хэмжээнд хийж байгаа ажлаа оруулна. 
Яаж хүмүүсийг ажилтай болгох уу, хэрхэн тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэх, хувийн хэвшилд байгаа хүмүүсийн цалинг яаж нэмэх вэ гэсэн ажлаа төлөвлөнө. Чамайг дараа ороод ирэхэд чинь өрөөгөө төлөвлөгөөнийхөө дагуу, хийх ажлаараа гоёсон байна шүү. 
Ширээн дээр байгаа тулга, азарга гэх мэт зүйлийг бэлгэнд авсан юм. Бас Ард Аюушийн зураг байна. Үүнийг харсан хүмүүс намайг Ховдынх уу гээд байдаг. Монголчууд нут­гархаад хэрэггүй. Монголын түүхэнд үлдсэн хамгийн хүчтэй заргач, ард түмний төлөө өөрийгөө золиослож явсан энэ сайхан хүний хөрөгнөөс эрч хүч мэдэрч, шүтэн биширч явдаг юм. 

-Таныг фенг шүй Ганбаатар гэдэг шүү дээ. Тиймээс фенг шүйгээр өөрөөгөө тохижуулсан болов уу гэж бодож байлаа. 
-Суудал, ширээний чигт бол фенг шүйгээ дагасан. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Монголчууд яагаад байрлал зүйн ухаанаа үл ойшоодог юм бол гэж их гайхдаг. Монгол гэрт оронгуут л усаа хаана тавих уу, эргэнэг хаана тавих уу, ширээ хаана байх вэ, гал хаанаа байрлах уу, галын ам хаашаа харах уу гэдэгтэй л адил. Монгол гэрийн баруун хойд талд аавыг суулгаж, хүндэлдэг. Баруун хойт тал­даа хийморь сүлдтэй морины эдлэл хэрэглэл залдаг шүү дээ. Яагаад гэхээр өглөө мандсан нар гэрийн баруун хойт талд тусдаг. Энэ бол ажиглалтын агуу ухаан. Монголчуудын за­рим нь яагаад үүнийг үнэлдэггүй, хүн­дэлдэггүй юм бүү мэд. Гэтэл дэл­хий нийт үүнийг биширч, хүндэлж байна. 

-Таныг өглөө болгон наранд залбирдаг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Үүнийг ажиглалтын ухаантай холбон тайлбарлаж болно. Манай улсын төрийн сүлдэнд нар байдаг шүү дээ. Өглөө болгон наранд залбирах ёстой. Долоо хоногт нэг удаа ч юм уу галын дөл бадраавал зүгээр.  Бид яагаад галыг хүндэлж, дээдлэх ёстой вэ гэвэл, тэнгэр газрыг холбогч болохоор. Японы сүлдэнд нар, Туркийнхэд сар байна. Энэ мэтээр олон орон сүлдэндээ нар юм уу, сарыг оруулсан байдаг. Нар, сарны дээр галыг залсан орон бол ганцхан Монгол. Газар, тэнгэр хоёрыг холбож байдаг учир тэр. Газарт гал асахад утаа тортог нь тэнгэр рүү явдаг даа. Энэ бол билэгдлийн ухаан. Зарим нь үүнийг мухар сүсэг, шашин болгохоор оролддог.  
Энэ ажиглалтын ухааныг бид өвөг дээдсээсээ суралцах ёстой. Өвөг дээдсийнхээ уламжлалыг хэзээ ч битгий гээгээч гэж хэлмээр байна. Би үүний нэг фен нь. Чухал зүйл гэдгийг мэддэг учраас амьдралдаа байнга ашигладаг. 

-Бага нас тань Дархан-Уул аймагт өнгөрсөн үү. Бага насныхаа тухай дурсахгүй юу?-Би Баянхонгор аймагт төрсөн. Гурван настай байхад минь манайх Дархан-Уул аймагт нүүж ирсэн. Найман настайдаа гуравдугаар сургуульд орж суралцсан. Дараа нь есдүгээр сургууль руу шилжсэн. Ангийн багш, найз нөхөд маань бүгд Дарханд байна. УИХ-ын гишүүн асан Сүхбаатартай нэг байрных. Би хүүхэд байхдаа их даруухан, ичимхий байсан. Өдөржингөө гадаа тоглоно. Аав, ээжээсээ нуугдаж, зугатаж гол руу явна. Хүүхэд нас яаж өнгөрдөг тэгж л өнгөрсөн дөө. Гэхдээ би хүүхэд байхдаа цэцэрлэгт явж үзээгүй. Долоон хүүхэдтэй айлын том нь. Доороо зургаан дүүтэй. Цэцэрлэг олдоогүй юм уу, эсвэл аав ээж маань хэнэггүйтсэн ч юм уу мэдэхгүй. Уг нь, манай гэрийн хажууд цэцэрлэг байсан. Явж үзэх юмсан гэж их хүсдэг байж билээ. Цэцэрлэгээс ирсэн хүүхдүүдийн авчирдаг 24-ийн чихрийн үнэр ямар сайхан байдаг гээч. Бас ахтай байхгүй яав аа гэж их боддог байж билээ. 

-Хүүхэд байхдаа ямар хочтой байв?
-Манайх байрныхаа дөрөвдүгээр давхарт амьдардаг байсан. Тиймээс хүүхдүүд намайг “дөрвийн” Ганбаа гэж хочилно. Нэгдүгээр давхарт бас нэг Ганбаа гэж хүүхэд байсан юм. Хочийг нь хэлчихвэл найз маань гомдчих байх. 

-Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв. Тэр хүслээ биелүүлж чадсан уу?
-Аав маань сайн инженер байсан. Аав шигээ инженер болно гэж боддог байлаа. Математикийн хичээлдээ ч их сайн. Олимпиад алгасахгүй оролцож, эхний байруу­дыг эзэлнэ. Тэгээд гадаадад сургуульд явлаа. Лондонд өөрийгөө боловсруулж, өсч дэвжсэний дараа бизнесмэн болно гэж боддог болсон. Дараа нь, бизнес эдийн засгийн ухаанд суралцахыг хүссэн. Тэр тусмаа зах зээлийн эдийн засгийн чиглэлээр. Зах зээлийн хэцүү давалгаанд хүчтэй байхыг бодож, сайн эдийн засагч, бизнесмэн болъё гэж Лондонд нэг хэсэг суралцаж, өөрийгөө бэлдсэн дээ. Сүүлд нь миний амьдрал ойлгомжтой болсон. Лондонд ч, Монголд ч гайгүй амьдарна гэдгээ мэдэрч, хүмүүсийн төлөө зүтгэхээр шийдсэн юм. Оюутан байхдаа өрөнд орж, хүнд бэрхшээлтэй амьдрал туулж, зовж үзсэн. Одоо залууст миний туулсан зовлон, бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломж надад байна. Ингээд л 27 настайгаасаа эхлээд хүмүүсийн төлөө зүтгэх итгэл үнэмшил төрж, зорилготой болсон доо.   
     
-Ажил хийх гараагаа яаж эхэлж байв. Анхны цалингаа юунд зарцуулсан бол?
-Германд инженерийн бэлтгэлд суралцаж байгаад 1989 оны зун амралтаар ирчихээд Пионерийн зуслангийн багшаар ажилласан. Тодруулбал, сувиллын зуслан шүү. Хоёр, гурван ээлжинд нь багшилсан л даа. Нэг ээлж 14 хоног гэж бодохоор сар гаруй хугацаанд багшилсан юм байна. Ингээд 200 гаруй төгрөг авч билээ. Тэр үед 200 төгрөг гэдэг чинь ямар их мөнгө гэж санана. Ер нь, зусланд явж буй хүүхдүүдтэйгээ адилхан хүүхэд байж. Ирээд зусланд явсан хүүхдүүдээ бүгдийг нь цуглуулж, хамгийн гоё ресторанд хооллоод, зургаа татууллаа. Бүтэн өдрийг тэдэнтэй тоглож наадаж өнгөрөөв өө. Орой нь гэртээ иртэл аав асууж байна. “Яасан миний хүү” гэхээр нь “Цалингаа аваад хүүхдүүдтэйгээ арга хэмжээ зохион байгуулаад ирлээ” гэлээ. “Хэд үлдсэн байна хүүхээ” гэхэд нь харсан чинь гурван төгрөг л үлдэж. Тэгээд аавдаа загнуулсандаа гомдоод гэрээсээ явчихсан. Гэртээ орохгүй л гэж уурласан хэрэг. Хоёр, гурав хоног эмээ, найз нөхдийнхөөрөө хоно­лоо. Голдуу найзуудынхаа гэрт хоносон. Гурав дахь хоног дээрээ ээж ирж  “Миний хүү, аав нь чиний төлөө л ярьсан шүү дээ. Чи битгий ингэ” гэж намайг аргадсанаар гэртээ харьж билээ. Хөөрхий дөө, муу аавыгаа ингэж зовоосондоо одоо болтол гэмшдэг юм. Аав минь хүн хөдөлмөрлөж олсон юмаа хайр гамгүй зарцуулдаг нь тэнэглэл гэдгийг л хүүдээ ойлгуулах гэж оролдсон хэрэг. Гэтэл хүү нь тэрийг нь ойлгохгүй тэнэг ч байж дээ. 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Би дөрвөн хөөрхөн охинтой. Зав гарвал хүүхдүүдтэйгээ л цагийг өнгөрөөх дуртай. Чөлөөт цаг гарах л юм бол уул руу гардаг. Бас “Фэйсбүүк”-ээрээ дамжуулж, цай­ны уулзалт зохион байгуулдаг юм. Долоо, 14 хоногт, эсвэл сард нэг удаа ийм уулзалт зохион байгуулна. Ер нь, надтай уулзъя гэсэн хүн бүртэй л уулздаг. Уулзах хугацаагаа “Фэйсбүүк”-ээрээ тохиролцчихдог. Саяхан клубийнхэнтэй ууланд гарсан. Би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Өнөөд­рийг хүртэл найман жил хү­ний төлөө зүтгэсэн туршлагаа за­луучуудтайгаа хуваалцах дуртай.  Ийм л зүйлд чөлөөт цагаа зарцуулдаг юм. Их, дээд сургуулиудад очиж, лекц уншина. Марк цуглуулах ч юм уу, гольф тоглодог цаг зав байдаггүй.  

-Спортын ямар төрлөөр хэчээллэдэггүй гэсэн үг үү?
-Хүүхэд байхдаа воллейбол сонирхдог байлаа. Нараа багшийнхаа хөнгөн атлетикийн секцэнд явдаг, гүйдэг байсан. Одоо бол ууланд л гардаг. Ном л их уншдаг даа. 

-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Питр Дракийн “Ороо бусгаа үед менежмент удирдахуйн ухааныг яаж хийх вэ” гэсэн ном уншиж байна. Англи хэл дээр нь. Үндсэндээ дуусч байгаа, сүүлийн хэдэн хуудас нь л үлдсэн.  

-Та хэл сурахдаа их муу хүүхэд байсан гэлээ. Ингэхэд англи хэлийг яаж сурсан талаараа яривал?
-Өөрийгөө англи хэл сурахаас өөр аргагүй байдалд оруулсан даа. /инээв/ Үнэхээр хэлний авьяасгүй байсан. Арван жилд байхдаа орос хэлний хичээлдээ их тааруу байлаа. Германд инжерийн бэлтгэл сургуульд очоод герман хэл сурч чадаагүйгээсээ болж хөөгдсөн. Тэгээд Полийн дээдэд орсон доо. Найман жил Лондонд амьдарлаа. Эхний хоёр жил англи хэл сурч чадаагүй. Их тааруу байлаа. Сүүлдээ аргаа бараад, хэл сурч чадахгүй байгаадаа санаа зовоод зөвлөгөө авах гэж нэг мэргэн хүнд очлоо. Түүнд учир байдлаа хэлсэн. Тэгсэн тэр хүн маань “Чи ч хэл сурах нь сурна байх аа” гэж байна. Яаж гэсэн чинь “Чи төрөлх монгол хэлээ мартаагүй явж байна шүү дээ” гэсэн. /инээв/ “Чи ч хэл сурах нь сурна байх аа” гэсэн үгнээс нь урам авсан л даа. 

-Англи хэл сурах гэж мунгинаж байгаа хүмүүст зориулж, товчхонд зөвлөгөө өгөөч гэвэл?
-Ер нь, англи хэл унших, бичих, ярих гурваас бүтдэг. Хүмүүсийн олонхи нь ярих гээд юм уу, эсвэл бичих гэж оролддог. Хамгийн гол нь, унших шүү. Эхлээд уншиж сур. Ойлгож сур. Ном сайн унш. Үүнийг хийж чадвал энэ нь англи хэл сурах ажлын 80 хувь нь болно. Англи хэл сурах хамгийн сайн арга хамгийн өргөн хэрэглэдэг 100 үгийг эхлээд цээжил. Ярих гэж тэдгээр үгээ хойно, урд нь оруулах гэж оролд. Тэгээд л болоо. Үндсэндээ өдөр тутам хэрэглэдэг 200 үгээ цээжил. Эдгээр үгээ нийлүүлж ярьж сурсны дараа цээжлэх үгээ 500, 1000 болго. Дараа нь тодорхой мэргэжлийн үг рүү ор. Ингэж сурвал англи хэлийг амархан сурна. 

-Сүүлийн үед хүмүүс эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ их анхаардаг болж. Та ямар маркын машин унадаг вэ?
-Би машингүй. Өглөө болгон ажилдаа алхаж ирдэг. Яаралтай ажил гарвал УИХ-аас дуудлагын машин уначихдаг. Хөдөө явахдаа үйлдвэрчний эвлэлээс машин авна. Харин миний хань “Рав 4” маркын машинтай. 

-Удахгүй Цагаан сарын баяр болно. Гишүүд дээл, хөөргөө бэлдэж эхэлсэн байх. Таны хувьд?
-Би их сайхан хөөрөгтэй /Халаас­наасаа гаргаж ирж үзүүлэв/. Энэ бол миний ханийн өвөөгөөс уламжилж ирсэн хөөрөг. Хүргэн хүүдээ хөөргөө өгнө гэдэг чинь их нэр хүндийн асуудал.  Миний аав, ээж хоёр хоёулаа бурхны оронд байгаа. Ханийн минь аав, ээж их сайн хүмүүс байдаг юм. Жил болгон шахуу надад дээл хийж өгдөг. Энэ жил Хүннү загвартай дээл хийлгэж байгаа. Цагаан сараар тэр дээлээрээ гоёно доо. “25 дугаар суваг” телевизийн “Урилга” нэвтрүүлэгт оролцоно. Энэ нэвтрүүлэгт долоо дахь жилдээ оролцох гэж байгаа. 

-Цагаан сар дөхөхөөр түшээд теле­визүүдийн янз бүрийн хө­төл­бөрт оролцож, дуулж харагддаг. Танд тийм урилга ирж байна уу?
-Урилга ирнэ л дээ. Хүнд чаддаггүй юм гэж байдаг. Миний хувьд тэр бол дуу дуулах. /инээв/ Бас бичгийн хэвээ засч чадахгүй байгаа юм. Их муухай бичдэг. Арван жилд байхдаа муухай бичдэгээсээ болж ангийнхнаа монгол хэлний олимпиадаас хойш нь чангаасан удаатай. Үүнээс болж өөр сургууль руу шилжих тухай хүртэл бодож, шаналж явлаа. 

-Таныг зангиа зүүсэн байхыг ерөөсөө хараагүй юм байна. Яагаад зангиа зүүдэггүй юм бэ?
-Би олон олон зангиа зүүдэггүй хүнийг төлөөлж дуугардаг хүн. Энэ бол Олон улсын үйлдвэрчний холбооныхон дотор чимээгүй байдаг зүйл. Би элитүүдийг төлөөлдөггүй. Ажил хийдэг жирийн сэхээтэн, инженер, багш, тариаланч, малчны төлөөлөл. Төрийн ордонд орж ирлээ гээд УИХ-ын бусад гишүүнийг дуурайх албагүй. Өөрийнхөөрөө л байна. Парламентын чуулганы танхимд босч  үгээ хэлдэг. Үүнээс болж “Босоо гишүүн”, “Босоо Ганбаа” нэртэй болчихлоо. Тэглээ гээд би хүн дуурайх албагүй.  

-Өрөөгөөр чинь хэн ч хамаагүй чөлөөтэй орж ирэх юм. Зарим ги­шүүний туслах оруулахгүй, цаг ав гэсэн шаардлага тавьдаг л даа?  
-Би чинь түмний элч төлөөлөгч шүү дээ. Тиймээс хэн ч орж гарсан миний өрөөний үүд хаалга үргэлж нээлттэй. 

http://www.assa.mn

Saturday, 25 December 2010

С.ГАНБААТАР: "УЛС ТӨРИЙН ХАМГААЛАЛТГҮЙ КОМПАНИУД ЗОЛИОСЛОГДОЖ БАЙНА"


Голын эх, усны сан бүхий газар орчимд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа алтны орд бүхий аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсоохоор боллоо. Гэхдээ хайгуул болон нөхөн сэргээлт хийж байгаа компаниудынхыг хэвээр үлдээх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Учир нь хайгуулын ажил байгаль орчинд харьцангуй хал багатай гэж үзсэн байна. Одоогоор голын эх, усны сан бүхий газар 390 орчим тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 254 нь алтны шороон орд гэнэ. Энэ шийдвэрийг олон хүн эсэргүүцэж буй. Тэдний нэг нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар юм. Түүнтэй дээрх асуудлаар уулзаж ярилцлаа.

-УИХ-аас урт нэртэй нэг хууль баталсан. Энэ хуулиас болоод уул уурхайнхан тэмцэл өрнүүлж эхэллээ. Танай үйлдвэрчний эвлэл тэднийг дэмжих байх шиг. Уг нь байгалиа хамгаалах үүднээс энэ хуулийг хэрэгжүүлэх нь зөв биш үү?

-Өнгөрсөн оны өдийд УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжилгүй явсаар өнгөрсөн сард Засгийн газар голын эх, усны сан бүхий газар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь уул уурхайнхны дургүйцлийг өдөөгөөд байна. Байгаль дэлхийгээ хамгаалах хэрэггүй гэж үзсэн юм биш л дээ. Уг нь энэ хуулийн санаа нь тун зөв. Харамсалтай нь судалгаа сайн хийж, мэргэжлийн компаниуд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санаа бодлыг сонсоогүй нь ийм байдалд хүргээд байгаа хэрэг. Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоохоор болсон тэдгээр компаниуд олон зуун ажилчинтай. Тэдгээр ажилчдын эрх ашгийг бид хамгаалах үүрэгтэй. Тэр хүмүүсийн хоолыг нь шууд дээрэмдчихэж болохгүй шүү дээ. Ийм юм болох вий гэдгийг би аль эртнээс холбогдох хүмүүст хандаж өчнөөн сануулж, цөөнгүй албан тоот явуулсан. Тухайн үедээ миний саналыг хэн ч авч хэлэлцээгүй.

-Та хэнд ямар санал тавьж байсан гэж?

-Засгийн газарт хандаж, уул уурхайн лицензийг хамаа замбараагүй олгож байгааг шүүмжилж байсан. Ингэж болохгүй гэдгийг ч сануулсан. Дараа нь ямар нэгэн хор уршиг гарахвий гэлгийгч анхааруулсан. Эрх баригчид тухайн үед миний үгийг сонсоогүй. Ёстой л нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана гэдэг шиг л юм болсон доо. Тэд миний хэлснийг тоогоогүй. Гэтэл өнөөдөр баахан хүнд лиценз замбараагүй олгочихоод, дараа нь тэдгээр хүмүүс байдаг хэдээ банкинд барьцаалж хөрөнгө оруулалт хийсэн хойно нь булаагаад авчихаж болохгүй биз дээ. Бид өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхий сайдад хандаж иргэний нийгмийнхэн, уул уурхайн эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийнхнийг суулгаад дөрвөн талын хамтарсан уулзалт хийе. Ойлголцол, зөвшилцөлд хүрье гэсэн албан бичиг явуулсан. Одоо хүртэл Засгийн газраас ямар нэгэн тайлбар, хариу бичиг өгөөгүй байна. Энэ асуудлыг олон талаасаа ярилцаж шийдвэрлэхгүйгээр дуртай сайд нь өрөөн дотроосоо шийдчихдэг асуудал биш л дээ.

-Таныхаар бол ямар арга хэмжээ авах ёстой гэж. Энэ асуудалд Үйлдвэрчний эвлэл оролцох хэрэггүй гэж буруутгах хүмүүс ч байгаа?

-Гол мөрөн бохирдуулаад байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг бид эсэргүүцэхгүй. Бүгдийг нь хоморголох явдлыг ч бас дэмжихгүй. Цианит натри хэрэглээд гол горхи, уул ус бохирдуулаад байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох нь зөв. Гэхдээ байгальд хоргүй технологи хэрэглээд, ажилчдынхаа цалинг нэмээд, цаашид Монгол Улсад татвараа нуулгүй төлөөд явах компаниудтай гэрээ хэлэлцээр хийгээд зөвшилцөлд хүрээч ээ гэж л хүсч байна. Хамгийн гол нь тэнд ажиллаж байгаа олон зуун хүн ажилгүйдлийн эгнээд шилжиж болохгүй. Үүнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар яагаад заавал 390 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэж. Монгол Улсад 5000 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Тэд яах юм бэ.

-Холбогдох хүмүүс хэлэхдээ гол усны сав газар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай л хариуцлага тооцож буйгаа мэдэгдээд байгаа шүү дээ?

-Яг үнэндээ улстөрчдийн хамгаалалтгүй компаниуд л золиослогдож байгаа юм. Тэд лицензээ буцааж авахын тулд хэн нэгэнд авлига өгөх хэрэг гарна. Улстөрчдийн сонгуулийн мөнгөө босгох нэг барьцаа гэж надад уурхайнхан хэлж байна. Ингэж хардах үндэслэл байгаа болохоор тэднийг буруутгаж болохгүй байх.

-Засгийн газар та бүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол яах вэ?

-Авах байх гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар зөв шийд гаргахын тулд уул уурхайн салбарт нь ажиллаж байгаа хүмүүсийн, уул уурхайн компаниудын эздийн дуу хоолойг сонсоосой гэж горьдож сууна. Эд чинь муу сайн ч гэсэн зовлонг нь мэдэх хүмүүс. Тэгэхгүй бол уул уурхайхан гэлтгүй улс орон хохирох болчихоод байна. Уул уурхайн компаниуд гэхэд арилжааны банкуудад 160 тэрбум төгрөгийн өртэй юм билээ. Энэ мөнгийг хэн төлөх вэ. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү. Эсвэл арилжааны банкуудаа дампууруулах уу гэх мэтчилэнгийн олон асуудлыг хоорондоо уулзаж, ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр улсад өгдөг татвар нь байхгүй болно. Тэгэхээр улсад хохиролтой байгаа биз дээ. Бид Засгийн газрын хариуг тэвчээртэй хүлээх болно. Хэрвээ бидний тэвчээр алдрах юм бол өөрсдийнөө мэддэг “сэлэм”-ээ эргүүлэхээс яах вэ.

-Уул уурхайнхан болон иргэний нийгмийнхэн хоорондоо өстөн, дайсан мэт ханддаг шүү дээ. Тэд уул уурхайхантай зөвшилцөх үү?

-Улс орныхоо төлөө бол хэн ч гэсэн зөвшилцөх ёстой. Тэгэхгүйгээр бие бие рүүгээ буу шагайж болохгүй биз дээ. Үүний хариуцлагыг ч Засгийн газар хүлээх ёстой. Яагаад иргэний нийгмийнхэн, уул уурхайнхан хонь чоно шиг, хэн нэгэн рүүгээ буудаж байна вэ гэхээр хууль нь тогтворгүйн харгай. Тэрнийг нь хэрэгжүүлж байгаа хүмүүсийн буруу. Магадгүй уул уурхайнхан болон иргэний нийгмийнхэн хоорондоо ойлголцолд хүрэхгүй үргэлжийн хэрүүл, стресстэй байх нь хэн нэгэнд ашигтай байхыг үгүйсгэх. Хэрвээ Засгийн газар дөрвөн талт хэлэлцээр явуулахгүй бол асуудал хүндэрнэ. Буу шийдэм барьсан хүмүүс иргэний мөргөлдөөн гаргахыг ч бас үгүйсгэхгүй.

-Арай тийм явдал гарахгүй байлгүй дээ?

-Гарсан шүү дээ. Өнгөрсөн долдугаар сард “Онги гол хөдөлгөөн”-ийнхөн буу шагайсан шүү дээ. Бас нэг хортой зүйл нь Монголын хууль эрхзүйн орчин тогтворгүй байна гээд гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас айдаг, эмээдэг болчихвол яана. Тиймээс Засгийн газар бидний хүсэлтийг хурдан шийдээд өгөөч. Бид хамтран ажиллах гэрээний эхээ бэлтгээд Засгийн газарт өгчихсөн шүү дээ. Ер нь Засгийн газар бидний үгийг сонсохгүйн балаг эхнээсээ гарч ирээд байна?

-Энэ талаараа тодруулаач?

-Оюутолгойн асуудал байна. Бие даасан шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулаач гэж манай Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зөндөө гуйсан. Хэнч тоогоогүй. Гэтэл өнөөдөр С.Баярцогт, Д.Зоригт хоёр гөлөлзөөд л сууж байна. Бие даасан шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулсан бол хөөрхийс гөлөлзөх шаардлага гарахгүй байсан юм.

Ж.ЭРХЭС
Эх сурвалж ньюз доот ээм ээн