Showing posts with label БАТБАЯР Бат-Эрдэнийн. Show all posts
Showing posts with label БАТБАЯР Бат-Эрдэнийн. Show all posts

Sunday, 11 May 2014

Баабар: Унаж үхэх нүхээ хэн нь хурдан ухах уралдаан шиг

 “Open door” сонины анхны дугаарын зочноор нэрт нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар уригдлаа. 

-Улирал солигдож, хүмүүсийн дуртай хавар болж байна. Ингэхэд танд хотын хавар нэг л тайван болж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Жагсаал цуглаан байхгүй. Занималддаг хэд нь саарал ордонд орчихсон гэж зарим нь хошигнох. 
-Улсаа хангалттай сүйтгэлээ шүү дээ. Эдийн засгийн хямралын гүн ангал руу бид орж  байгаа. Тэгэхээр нэмж сүйтгэх юм байхгүй болсон байхаа.

-Хүмүүс МоАХ “амь”-гүй болчихоор “ажиллах хүчин”-гүй болчихоод жагсаалын шинэ оролдлогууд амжилт олохгүй байна гэх юм.
-Энэ ч “хүмүүс” гэхээсээ чиний бодол байхаа. Нийгмийн тодорхой хүчин хэрэгтэй цагт төрж, үүргээ гүйцэтгээд, талбарыг орхидог нь угаасаа болдог л үзэгдэл шүү дээ.

-Төрд байтугай гэртээ ч олигтой орон зайтай амьдарч чадаагүй энэ хэсгийнхнээс АН эдүгээ энд тэнд нэлээд байршуулсан бололтой юм. Тэднийг тойрсон марзан зүйлс ил далд их яригдаж байна. Насаараа гудамжинд явчихсан. Албаны ажил хэргийн талаар дөр байхгүй баллаж өгч байна гэх маягаар?
-Наадахь чинь хов жив. МАН, МАХН тэгээд их дээр байсан юм уу. Аль аль намд л шаар нь ч шавхруу нь ч бий, овгор товгор нь ч бий. Цөмөөрөө л нэг тогоонд чанагдсан бүтээгдэхүүн шүү дээ. Хэнийгээ дорд үзэх ч юм билээ. Сайнууд нь нэг талдаа, саарууд нь нөгөө талдаа ялгарсан юм шиг хэлэх гээд байна уу.

-За, энэ төрлийн яриаг орхиё доо. Та хэгжүүрхээд хааж хаяад байх юм. Одоо “Давхар дээл” гэх сэдэв төрийн хямрал руу хөтлөөд давхичихлаа. Нөгөө хамтарч яваа эвсэл нь ч дотроо бөөн цуурал. АН-ын дөрвөн гишүүн намынхаа эсрэг санал өгчихлөө. Яг одооны сэдэв болж буй энэ асуудлын талаар танаас асуумаар байна. 
-Хэзээ бид нар улс төрийн хямралгүй байлаа даа. 2000-2004 онд гаднаас нь харахад улс төрийн хямралгүй юм шиг дөрвөн жил “жаргасан”. Үнэндээ дараа болох асар том хямралын үр тэгэхэд боловсорсон. Өвчин ил байх тусмаа эдгэх нь түргэн байдаг.

-Хэдий тийм ч энэ асуудлын өрнөл цаашаа явах боломж хэр байгаа юм бэ. Цэц дээр очоод унах юм биш үү?
-“Солиорол нь хүртэл дэс дараатай юм гээч” гэсэн Шекспирийн гайхширсан дуу алдалт байдаг. Энд бол би дэс дарааллыг нь ч олж харж чадахгүй байна.

-Хүмүүс Женко хэмээх үзэгдлийг олон талаас нь ажиглацгааж, шүүж, нээж байна. Тэр л энэ бүхний ард байгаа ганц хутгагч гэх тал руугаа сүрхий явчих шиг. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн жинхэнэ бодол санаа, байр суурийг энэ асуудлын араас хайх ёстой юм шиг. Мэдээж таны яриаг бүх хүн уншина. Та илэн далангүй санаа бодлоо хуваалцаач.
-Ийм нээлттэй нийгэмд ганц хүн л бүгдийг нь сэм хатгаад л, хутгаад л, найруулаад л, өөрийнхөөрөө шийдээд байх бололцоо бий юу. “Хуйвалдааны онол” гээч нэг төрлийн парной хардамхай монгол хүнд их хүчтэй нөлөөлдөг.

-АН-ын зарим залуу лидерийн дотор бол гүн бодол явдаг юм байна. Ерөөсөө энэ намд гурван том чулуу байна. Мэдээж тулгын гурван чулуу гэдэг утгаар хэлж байгааг та ойлгож байгаа байх. Тэд Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл гурваас энэ намын цаашдын хувь заяаг салгаж харж болдоггүй юм байна гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд өөр лидерийн бараа байтугай сураг ажиг ч алга. Тийм бололцоо байхгүй гэх. 
-Дахиад л намайг хатгаад уналаа. Би нам, төр, засаг, улстөрөөс бүрнээ хөндийрөөд 15 жил боллоо шүү дээ. Би эрх чөлөөт хүн, өөрийн бодсон хүссэнээ хэнээс үл хамаарч дугарах хэлэх эрхтэй. Сүүлийн хоёр жилд АН-ын энэ Засгийн газрыг би л лав албан ёсны сөрөг хүчин МАН-аас олон дахин илүү шүүмжилсэн дэг.

-Баабараа чи болиоч гэх хүсэлт танд ирэх юм уу?
-Би хэний ч шахалт, хэний ч захиалгад автахгүй. Хуулийн хүрээн дотор би юу дуртайгаа хийх эрхтэй. Тухайн хууль надад таалагдсан эсэхээс үл хамаараад би биелүүлэх үүрэгтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон хууль өнөөдөртөө Монголд байхгүй.

-Намын дарга Н.Алтанхуягийг ялалтын менежер гэж үнэнийг хэлэхэд улс төрийн шинжээчид үзэхгүй байна. Яагаад вэ. Та хэрхэн авч үздэг вэ?

-Хэлдгийгээ л хэлье. Төрийг өнөө олон дайсагнасан фракцууддаа тараагаад хувьчилчихсан шүү дээ. Энэ Засгийн газарт нэгдсэн удирдлага байхгүй, тэр хэрээрээ нэгдсэн бодлого байхгүй. Засгийн газар бол парламент биш, нэгдсэн удирдлага, хатуу сахилга баттай байх ёстой. Сахилгад баригдахгүй бол суудлаа чөлөөлж өгөх ёстой. Хаана ч тийм л байдаг. Сүүлийн 25 жилд засаглаж чадаж байсан Ерөнхий сайд бол М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр гурвыг л гэж харж байна. Гэхдээ засаглаж чадна гэдэг нь сайн талынх нь нэг л хэсэг нь шүү дээ.

-Бусад нь тохиолдлынхон уу?
-Ямар л ард түмэн байна тийм л төр байна. Миний биш, Достоевскийн үг шүү. Бид төрөө, удирдлагаа өөрсдөө ямар ч хавчлагагүйгээр сайн дураараа сонгож буй болгосон. Нэгэнт сонгосон бол сонгуулийн хугацаандаа шийдвэрийг нь дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрөх ётой. Харааж загнаад ч яах юм билээ, өөрсдөө зуурсан бантан шүү дээ, өөрсдөө л иднэ. Манай Үндсэн хууль, нийгмийн тогтолцооны зарчим шүү. Өнөөдөр дэлхий даяар нийтлэг болсон зарчим. Түүнээс би тавлаад байгаа юм биш.

-2017 онд монголчуудын хувьд чухал сонгуулийн жил болно. Таны прогноз өндөр хувьтай нотлогддог болохоор уншигчид энэ талаар л асуугаасай гэж их хүсч байгаа байх. 

-Судалгааны дүнд тулгуурлаж прогноз гардаг юм шүү дээ. Түүнээс би ямар үзмэрч биш. Монголоор дүүрэн үзмэрч байна, тэд л мэдэх байх. Судалгааг би хийдэггүй, надад тусалж хамтарч ажилладаг мэргэжлийн олон залуус бий.

-Э.Бат-Үүл гэх нэр танай нам дотроос одоогоор түлхүү яригдах болж. Нөгөө нам буюу МАН-аас С.Баяр гэх нэр байгаа. Эсвэл ингэж ярих эрт байна уу. 
-Аль яриаг хэлж барахав дээ. Наад хоёр нэр чинь чиний өөрийн чинь нэр дэвшигчид үү?

-МАН-ын уналт өнөөдрийг болтол зогсохгүй үргэлжилж байна гэж ажиглагчид хэлэх юм. Тэдний хямрал яг юундаа байна вэ. 

-Тэд нээлттэй шинэ нийгэмд зохицож ажиллахын оронд хуучин социализмын үеийнхээ инерцээр хэтэрхий олон жил явсан. Гэтэл нээлттэй нийгэмд өсөж бойжсон шинэ үе нь гараад ирлээ шүү дээ. Энэ засгийн амжилтгүй болгонд алга ташиж байгаад 16 онд засгаа авна гэсэн хийрхэлтэй л улс. Хаанаасаа тийм итгэл үнэмшил олсон юм бол. Бид бүгдээрээ нэг завин дээр сууж яваа. Жолоон дээр сууж яваа хүн алдаж онгоцоо живүүлэхдээ тулбал алдсанд нь баярлан алга ташигч ч бас осолдох биш үү. Хуучирсан сэтгэлгээ, хуучны туршлага үнэлэмжээсээ салж чадахгүй байнаа даа.

-Тэр тийм л дээ. Гэхдээ АН хангалттай унах нүхээ ухаж байна шүү дээ?
- Унаж үхэх нүхээ хэн нь илүү хурдан ухах уралдаан шиг харагдах юм.

-Би тантай ярилцах болгондоо асуудаг нэг асуултаа л тавих гэж байна. Та улс төрд эргэж ирэхгүйгээр өтлөхөөр үнэхээр шийдчихсэн юм уу. Төр барих гээд будилж явах үед нь ч намынхаа гадна суух нэг талаас хэт амиа бодсон зүйл биш юм уу. 
-Би бас хариулдаг үгээ л хэлье. Бид өнөөдөр эрх чөлөөт нээлттэй нийгэмд амьдарч байна. Би ийм нийгмийн л бие даасан гишүүн байхыг хар залуугаасаа хүсдэг байсан. Энэ нийгэмдээ арчаагүйтэж тураад үхэж байвал миний л хохь, ийм чөлөөт нийгэмд өөрийн чадахыг хуулийн хүрээнд хийж амжилт олоод явбал миний л аз. Хоёрдугаарт, би улстөрч биш. Улстөрч байхын тулд үгүйдээ л худалч байх ёстой. Урд нь байгаа ангалыг заагаад заавал цаад талд нь гарч байж аврагдана, гэхдээ тэн хагас нь энэ ангалд унаж бусаддаа гүүр болно гэж ил хэлдэг хүнийг философич гэх. Ерөөсөө ангал алга, цаад талд нь гарах шаардлагатай байна гээд дайруулсаар хагасыг нь унагаж гүүр болгож аваад цаана нь гарч нийгмээ авардаг хүнийг улстөрч гэх. Философич үнэнийг хэлснээр нийгмээ айлгаж дэвшилд саад болдог, улстөрч хуурч байгаад ч гэсэн нийгмээ урагшлуулдаг. Энэ миний томъёолол биш шүү, нэн эрт гарсан философийн тайлбар. Би нийгмийг удирдах тэр араншинд таарсан хүн биш.

-Сонин юм даа. Яагаад ийм болчихсоныг ер ойлгохгүй юм. Тэгвэл “тэнэгүүдийг” тоглуулаад л шоолоод сууж байж дээ. 
-Нийгэм эрүүлжихээр дагаад улс төрийн эрүүл удирдлага гарч ирж таарна. Би бол удирдагч биш. Бусдын өмнөөс хариуцлага хүлээх дургүй, олон түмэнтэй ажиллах ур дүй байхгүй, оройлон дуудах авъяас үгүй. Энэ бол амиа бодсон хэрэг биш, ердөө л өөрийнхөө юу чадах, юу чадахгүйг би сайн мэднэ гэсэн үг. Өнөөгийн энэ шилжилтийн үед олон хүн өөрийнхөө огт чадахгүй юмыг хийж байна. Энэ нь ялангуяа удирдлагын төвшинд бол эргээд нийгэмдээ тун хортой.

-Улс орны эдийн засаг сүйрчихлээ, банкууд маш ноцтой байдалд байна гэх дүгнэлт монголын амны уншлага болчихлоо. Та ч байнга нийтлэлээрээ хэлсээр байгаа. “Сорос маягийн их гарын спекулянт орж ирээд хэд донсолгоход манай банкны системийг дампууруулах мөн ч амархан байна ” гэж та анхааруулсан. Одоо тэгээд гарц нь юу юм бэ? 
-Гарц нь шийдвэр гаргагчид анагаахын утгаар эрүүлжих л явдал байх даа. Шийдвэр гаргагчдыг бид өөрснөө сонгон буй болгодог. Тэгэхээр тэд эрүүлжих биш, бид эрүүл хүмүүст төрийн жолоогоо өгөх ёстой юм. Энэ бол анхдагч шаардлага шүү дээ. Мэдлэг, чадвар, ур авъяас, чадвар зэрэг нь дараагийн дээд шалгуур болчихоод байгаа нь ажиглагдаж байна уу. Өнөөгийн энэ иргэншиж соёлжиж даяаршсан ертөнц чинь хөгжил дэвшлийн тухай нэгдсэн ойлголттой, энэ рүүгээ чиглэх ерөнхий арга технологитой болчихсон юм шүү дээ. Гаж шинэ юм бодож олох, хэдэн мянган жилийн өмнөх гарц технологийг давтах гэж оролдох зэрэг бол сүйтгэлээс өөр юу ч авчирдаггүйг хямралд ороод байгаа манай ард түмэн одоо ойлговол ойлгохоор л болж байх шиг.


-Би Монголын банк санхүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийгдсэн хэдхэн том реформын нэг нь бол энэ гэж та бахархдаг. Одоо энэ системд ямар реформ шаардлагатай байна вэ?

-Төрийн мэдлийн арилжааны банкууд энэ орныг цөлөмчихсөн байлаа. Одоо дахиад цөлмөх хэрэгцээ гарсан юм байлгүй, хэд хэдэн төрийн банк байгуулаад тавьчихлаа. Тийм газар л хулгайч нар үүрлэдэг юм шүү дээ. Хөгжлийн банк гээд мөн ч сайхан газар хэдэн жил мөн гоё савируулж байнаа, аан? Төв банк ч төв банк. Төв банкны хуулинд энэ байгууллагын гол, бараг ганц үүргийг инфляцитай тэмцэх гэж тодорхойлсон байдаг. Бүтээн байгуулалт гэдэг чинь Засгийн газрын үүрэг шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуайн чөлөөт зах зээл рүү оруулсон реформ . Газрыг хувьчилсан Н.Энхбаярын реформ. С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэнд оруулсан реформыг та онцолж нэгэнтэй хэлж байсан. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан гэж тодорхой хэлсэн. Түүнээс хойш гээд хуруу дарвал ямар реформ манайд явагдав аа. 
-Цааш нь уу? Хийснээ нураах арван жилийн нөр хөдөлмөр л болсон байх. Энэ дайнд бүхий л үндсэн зарчмууд хөсөр унасан. Гэнэт олдсон их мөнгө л гай болсон доо. Гуйлгачин хүн өдөржин сууж цуглуулсан юмаа орой нь ирж тогоо руугаа тэр чигээр нь ууттай нь хөмөрчихөөд хагасыг нь идээд хагасыг нь асгачихдаг юм гэсэн.

-Та инээд хүргээд байх юм аа. За, за энийг орхилоо. С.Баяраас өөр хүн байсан бол  Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу гэж та миний ярилцлагад орохдоо сөргүүлж асууж байсан нь тод санагдаж байна. С.Баяр өнөөдөр гавъяатан биш гай таригч л гэж балбуулж байна. Түүхэн гэж үзэх ололт, үнэлэмжүүд ийм амархан нурдаг эд юм уу?
-Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй асар том хөрөнгө оруулалт олж ирээд эргэлтэнд оруулсан энэ гавъяаг өнөөгийн шүлстэй сагуу үгээр мөнхийн үнэлэмж тогтоож болно гэж үү. Магадгүй эртэдсэн байж болох. Бид ийм их баялагийг үр ашигтай хэрэглэж амьдралаа баталгаажуулах төвшин, нийгмийн ухамсарт хүрч амжаагүй байх. Олдсон дээр нь идэж уугаад найрлаад дуусгадаг араншингаас бид салж амжаагүй л байгаа.

-Үүнээс салахад ахиад хэдэн жил түжигнэх бол ?
-Нийгмийн хувьд бид өсөж дэвжих ёстой шүү дээ. Өнөөдөр бид өөрсөддөө буй болгосон нийгмийн тогтолцоондоо гологдож байна. Нээлттэй, эрх чөлөөт ардчилсан тогтолцоо байгуулангуут л иргэд нь тэрэндээ шууд тохирон хувирна гэж байхгүй. Францчууд 1789 оны хувьсгалын дараа буй болгосон шинэ тогтолцоондоо таарч тохирох гэж бараг 100 жил зарцуулсан. Бид шилжилтийн үед явж байна. Шилжилт гэдэг чинь өндөр байшин барих, ардчилсан Үндсэн хуультай болох, нээлттэй зах зээлтэй болсноор хангагдахгүй. Ардчилал бол үргэлжилсэн урт процесс. Ийм институцдээ тохирсон иргэдтэй болох ёстой. Энэ нь ядахнаа хоёр үе дамжиж солигдож байж бүтнэ. Өнөөгийн бид дараа үеийн шинэ иргэдийг л бэлдэж чадвал буянт үйлс болно.

-Сү.Батболд одоо Таван толгойн гэрээг хийж чадах болов уу гэж би танаас асууж байсан. Тэгэхэд та “Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ.Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна шүү дээ” гэж хариулж байсан. Одоо харин юу хэлэх тань сонин байна. 

-Тэгээд чамд хариу нь харагдахгүй байна уу?

-Үнэнээ хэлье, би танаар л хэлүүлмээр байна. Уншигчид ч тэгж хүсч байгаа болов уу?
-Хаа байна тэр төмөр зам? Хаана байна тэр уурхай? Хаа байна тэр экспорт? Ерөөсөө хаа байна тэр Тавантолгой? Өөрснөө хариулаач. Тавантолгойг ашиглах тухай яриа бараг 50 жил үргэлжиллээ шүү дээ. 1971 онд Румынтэй, 1973 онд Японтой хамтарч ашиглана гэж эхэлсэн л түүхтэй.

-Өнөөдөр нийгэмд Баабар Баабар гэж шүтэгсэд, Баабар Баабар гэж хараагсад гэсэн хоёр туйл байсаар байна. Энэ яагаад төвширч өгдөггүй юм бол. Эртээрхэн доктор С.Молор-Эрдэнэ телевизэд өгсөн ярилцлагадаа “Баабар монголд маш их гай тарьсан хүн. Одоо тэр нүглээ цайруулж ном хэвлэлтэй жаахан ноцолдож байх шиг байна” гэж мэдэгдэж байна билээ. 
-Баабар гээд харааж зүхдэг тийм нийгмийн үзэгдэл бий гэж үү. Би байнга автобусаар явдаг, дэлгүүр захаар хэсдэг, гудамжаар ганцаараа алхдаг. Муухай хараад байгаа хүнтэй тааралдаж байгаагүй. Намайг харааж зүхэж гүтгэж түүн дээрээ дөрөөлөн тодрох гэсэн оролдлого нэлээд гарч байсан, тэгээд амжилт олсон жишээ мэдэхгүй юм байна. Намайг муу муухай гэж зарлахаар шууд л өөрөө сайн сайхан болж харагдана гэж боддог юм болов уу даа, чааваас. Саяхан Чинагийн Галсан гуай нэгэн ярилцлагадаа “Надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo”...

-Тэгвэл алдаршаад хэрэггүй юм байна. Мөрөөрөө л явъя.
-Үгүй ээ, би чамд Чинагийн Галсангийн хэлснийг дамжуулж байна. “... Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!”… гэсэн байна билээ. Би юм бичдэг, анализ дүгнэлт хийдэг, тэрийгээ хэвлүүлдэг, сонинд байнга гаргадаг, Маш олон хүн уншдаг. Бас л атаархмаар хэрэг шүү. Би Монголын зах зээлд 600 мянган өөрийн бичсэн болон орчуулсан номыг борлуулсан. Өөрийн гэх дөчөөд номын ард гарчээ. Миний бичсэн олон өгүүлэл, ном олон хэлээр орчуулагдсан. Хүнийг боож үхүүлэх шалтгаан надад бий, миний буруу. Харин зүхэгч нарыг би ихэд хүндэтгэж сайтад бичсэн зүйлийнхээ сэтгэгдлийг нээлттэй байлгадаг. Тэд ч гэсэн хүн юм болохоор бухимдлаа гаргах талбар хэрэгтэй шүү дээ. Тэдний дийлэнх нь сэхээтний пропусктай. Тэгсэн мөртөө нийгмийн үнэлэмж байхгүй. Аугаа ихийн солиоролд автсан ч хэнд ч тоогддоггүй, уншсан сурсан нь бусдад байтугай өөрт нь хэрэг болдоггүй учир буруутанг хайна. Дээшээ гарсан нэг нь Ньютон, Эйштэйнтэй заргалдана, тааруухан нэг нь надтай барьцана. Үнэндээ ч өрөвдмөөр хөөрхийнүүд дээ. Хүний зовлонг ойлгож биенийгээ хайрлах хэрэгтэй. Гэхдээ надад боргосон нохой болгон руу чулуу шидэж байх зав алга. Цаашид хийх юм их байна.

-Таныг залуу үеийг америкжуулсан, америкийн эрх ашгийг төлөөлөгч гэх маягаар хэлэх хүн олон таарах. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм юм ярьдаг хүмүүс чам дээр олноороо очоод л гомдоллодог гэдэгт чинь би үнэмшихгүй байна. Чи ийм мэдээллийг сайтын сэтгэгдлээс л олноор нь уншсан байх. Гэтэл тэр олон бичлэгийн ард мэдрэлийн өвчтэй цор ганц хүн байгаа. Би танина.

-Бидний үеийнхэн үхэж дууссаны дараа л монголд шинэ хөрс суурь бий болно гэсэн утгатай таны үг бий. Одоо энэ үгийн  утга учрыг залуус тэр үеийнхээс огт өөрөөр хүлээж авч эхэлж байх шиг.
-Би үе солигдох тухай ярьсан. Юу гэж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг шүү дээ.

-Шашны асуудлаар танд асуулт тавьж байгаагүй юм байна. Есдүгээр Богд жанч халаад тодорхой хугацаа өнгөрлөө. Бидний ойлгосноор аравдугаар Богд монголоос тодрох ёстой. Энэ асуудлууд улс төр бизнесийнхний зөрчилдөөн дунд саатаж байна гэж дуулдах юм. Өөр өөрсдийн Богдыг сойчихоод л байгаа гэх аман яриа их явах юм. Та ийм асуудал сонирхдог уу?
-Тус болгондоо л хувийн Х, болбол хувийн XV-тай болох гэж хоорондоо алалцаж байгаа гэсэн. Сүүлийн үед энд тэндгүй рембүүчи төрж тэрийг нь XIV баталгаажуулж байгаа гэсэн. Удахгүй тэдний орогнолын засгийн газар хойт дүрийнхээ хамт энд орж ирэх юм байгаа биз.

-Жаахан тодруулчих л даа. 
-Уг нь бид Үндсэн хуулиараа төр шашныг тусгаарласан улс юмсан. Яахаараа ч манай дотоодын асуудлыг тэртээ холоос гадны хүн баталгаажуулж байдаг юм.

-Та ч гэсэн ер нь бол ламд хааяа очно биз дээ?

-Бид арваад жилийн өмнө “Бодь мөрийн зэрэг” орчуулсан. Манай компани буддын олон цуврал гаргалаа. “Агнистийн гэгээ” гэж олон хүн сонссон, уншсан байх. Одоо 15 боть болчихоод байна. Эдгээр тайлбар номонд би өөрөө их автагдаад байгаа. Амьдралын утга учрыг олдоггүй юм гэхэд хайхад их тус болох юм. Буддизмыг судлах ойлгохын хэрээр манай лам нарт улам дургүй хүрэх болсон. Ламд хэзээ ч очиж байгаагүй, одоо бол Ренчин гуай яг зөв хэлж л гэж бодох болсон.

-Таны ажилд амжилт хүсье. Шинэ үе эхлүүлж буй гараан дээр маань их том дэмжлэг үзүүлж урилгыг минь хүлээж авлаа гэж би хүлээж авч байна. Баярлалаа.

http://ganchimeg.niitlelch.mn/

Tuesday, 9 October 2012

Б.Баабар: Би улстөрөөс зугтаадаггүй, учир нь тийм бололцоо хэнд ч байхгүй


Та яагаад УИХ-д нэрээ дэвшүүлсэнгүй вэ? 
Намайг дэвшүүлүүлж яах нь вэ?

Нийгэмд тань шиг хүн хэрэгтэй байна. Ялангуяа өнөөдрийн төрийн хямрал болж байгаа үед хариуцлага хүлээх хүн маш чухал байна.
Би хүний өмнөөс хариуцлага хүлээх ер нь дургүй. Манай нийгмийн иргэн болгон бусдын гэхээсээ өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаг болох юм бол нийгэм маань болоод явчих юм байгаа юм шүү дээ.

Таны нэрийг дэвшүүлэхгүй гэж Фортуна Батбаяр ална хядана гэж дайрсан юм биш үү?
Тэр ч гол нь миний буруу л даа. Өвчтэй хүнийг өдөж юмыг нь хөдөлгөчихөөр аргагүй шүү дээ.

Эхнэр хүүхдийг чинь хүртэл ална гэж занасан юм биш үү?

Өөр юм ярья. Согтуу хүний үгээр үг хийж хэрэггүй байх.

Тэгвэл сонгуулийн талаар ярилцъя. Аль нам ялах бол?

Ялахын хувьд Ардчилсан нам ялах болов уу. Гэхдээ үнэмлэхүй олонхи суудал авч чадахгүй байхаа. Гурав дахь талаас гэвэл МАХН, Иргэний Зориг хоёр суудал авах байх. Гэхдээ аль алин нь бүлэг байгуулах хэмжээнд суудал авахгүй болов уу. Нэг үгэндээ гуравдахь хүчин байхгүй, дангаараа засаг барих хүчин бас байхгүй. Үүнд ч муу юм байхгүй л дээ. Хүчтэй хяналт үүснэ. Гэхдээ шийдвэр гаргахад л хүндрэлтэй болох байх даа.
Та сая АН-ын сонгуулийн нэр дэвшүүлэх хуралд “Ялагдах эрхгүй сонгууль” гэсэн илтгэл тавьсандаа АН ялахгүй бол улс төрийн тайзнаас арчигдана гэж хэллээ. 
МАХН, за яахав МАН болог, энэ улсын төрийн эрхийг 86 жил барилаа шүү дээ. АН буй болсон 22 жилдээ 4 жилд нь энэ намын хатуу хяналт, хяналт ч гэж дээ сүрдүүлэг дор засгийн эрх барьж байсан. Ингэхээр АН нь энэ олон жил хязгааргүй хүсэлтэй ч импотентийн дүртэй харагдаж байгаа биз? АН-ын шахалтаар 1990 онд нийгмийн хувьсгал болж манай орон хөгжлийн цоо шинэ зам мөр сонгосон. Өмч хувьчлал, банк санхүүгийн тогтолцооны шинэчлэл, иргэдийг өмчжүүлэх, мал орон сууцыг эздэд нь өгөх, чөлөөтэй зорчих гээд олон юмыг АН хийсэн. Энэ болгоныг МАХН тухай бүрд нь улдан эсэргүүцэж байсан. Шинэчлэл болгоныг эсэргүүцээд байдаг, тэгсэн мөртөө хуучин руугаа орчихгүй зүгээр л хөгжлийг боогдуулдаггүй юм гэхэд үргэлж удаашруулж байдаг хухугийнхныг би ерөөсөө ойлгодоггүй юм. Чөлөөт зах зээлийн замаар явбал явсан шиг урагшлаад, эсвэл буцсан шиг буцаад эргээд социализмаа байгуулаад унаж болдоггүй юм байх даа? Дандаа төрийн эрх барьж байсан, шийдвэр гаргах бүрэн эрх нь байна, тэгээд хаашаа явах гээд байгаа нь ер ойлгогдоггүй. Зах зээлийг боогдуулж төрийн оролцоог социализмын үеийнх шиг том болгочихоод дараа нь зах зээлийн тогтолцоогоо муулан АН-ыг буруутгана, тэгсэн мөртөө төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо руугаа орохгүй. Авилгатай тэмцлээ гэж АН буруутна, ардчилал эрх чөлөө гэлээ гээд АН буруутна. Тийм л гоё байсан юм бол эргээд тэр коммунизм руугаа буцаад Хойд Солонгос болооч дээ. Хаашаа авч давхих эрхийг нь ард түмэн олгосон, эрх нь байна. Дүлэгнээд зогсоод байхаар хөдлөөч.

Тэгвэл яагаад одоо АН ялагдвал түүхийн тавцангаас арчигдана гэж?
Хухугаа дагаад бас л нэг шийдвэргүй нам болж хувирч байна. Хуху нь үзэл суртлын хувьд үеэ өнгөрөөсөн бүлэглэл болж авилга эрх мэдлийн сонирхол дээр тогтсон бүтэц боллоо. АН нь болохоор шинэ үзэл сурталтай боловч тэрийгээ хэрэгжүүлж чаддаггүй, ингэж олон жил явсны эцэст уусах хандлагатай болж ирж байна. Иймээс одоо ялж өөрийн үзэл суртлыг хэрэгжүүлнэ, эсвэл уусан замхрана гэсэн салаа замын уулзварт байна.

МАН ялвал түүхийн тавцанд үлдэх үү?
Чухам энэ л сонирхолтой асуулт. Өнгөрсөн 10 жилд Монголын эдийн засаг 10 дахин өслөө. Ирэх таван жилд дахиад бараг арав дахин өсч ч магадгүй. Нийлбэрээрээ 15-20 жилд бараг л 70 дахин өсөх гээд байгаа биз? Гэтэл энэ хэрээрээ авилгын сүлжээ өргөсөж, тоо хэмжээ нь мянга дахин өсч байна. Энэ бол ард түмнээ худалдаад авчих их мөнгө. Энэ бол байгалийн баялагтай зарим орныг хөтөлсөн зам. Тухайлбал нефтийн асар их баялагтай Нигери. Тэнд эрх мэдэлтнүүд нь асар их баяжсан ч шоронд байгаа юм шиг амьдардаг. Өндөр хүчдэлтэй төмөр тороор хамгаалуулсан гурван метр өндөр хэрэм дотор хэдэн давхар зэвсэглэсэн цэргийн хамгаалалтан дунд баячууд нь амьдарч байна. Гадуур явахаараа салаа цэргээр хамгаалуулна. Эрхбиш их баялагтай болохоор иргэд нь зэргэлдээ орнуудаа бодвол амьдралын төвшин хавьгүй өндөр л дөө. Гэхдээ л эрх баригчдаа хэзээ ч дийлэхгүй боловч, ивээлд нь амьдраад сурчихсан ард түмэн үргэлжийн гомдолтой. Тэднийгээ чөлөөт сонгуулиар хусаад хаячих зориг байдаггүй, тэгсэн мөртөө ганц нэгээрээ явж байвал дээрэмдэх зодох алах зоригтой. Ингээд нийгэм нь зохицчихсон. Ардчилсан сонгууль болдог болохоор ардчилсан юм шиг, авилгадаа идэгдсэнийг нь бодохоор мафийн дэглэмтэй ч юм шиг. Манайхан “Африк, Латин Америкийн замаар орлоо” гэж ярих их дуртай. Тийм зам байдаггүй юмаа. Африкт Ботсвана, Намиби гээд хөгжлийн үлгэр жишээ үзүүлсэн орон нэг бус. Латин Америкт Чили, Аргентин, Урагвай гээд зөв гольдирлоор яваа орон зөндөө. Дэлхийн хөгжлийн нэг том үлгэр жишээ бол Бразил шүү дээ. Туршлагагүй дээр нь боловсролгүй, тэгээд омог отгоороо хоорондоо зөрчилтэй зарим орнууд гэнэт байгалийн их баялагтай болонгуут хоорондоо мөнгөө булаацалдаад энэхүү Нигери маягийн зам буй болгосон юм. Үүнийг л байгалийн баялагийн хараал гээд байгаа юм шүү дээ. Нийтээрээ арчаагүй, тэнэг, шунахайдаа нийгмээ ялзруулчихаад буруутан хайн гадаадын хөрөнгө оруулагчдыг яллаж, эцэст нь муу дээр муухай муухай дээр улцан болдог ийм л зам даа. Хэрэв бид энэ замаар орвол МАН дангаар үлдэх магадлал бий л дээ.

Та сая “19” гээд кино хийлээ. АН түүхийн тавцангаас арчигдахгүйн тулд сонгуулийн өмнө үүнийг хийсэн үү?

Энэ ямар ч сонгууль, улс төртэй хамаагүй асуудал. Саяхан хухугийнхан “Долоон бурхан харавдаггүй” гээд сонгуулийн кино хийснийг нь би түүх хэтэрхий гуйвуулсан байна гээд харавчихсанаас л болох шиг боллоо. Тэрний л хариу байх. Надад шинэ санаа орж ирсэн. Энэ нь кино урлагийн түүхэнд урьд нь байгаагүй санаа. Энэндээ хөөрөлхөөд л өч төчнөөн хөрөнгө үрж хийсэн юм. Дараалсан нэг үйл явдлыг гурван өөр зохиолчоор бичүүлж, гурван өөр найруулагчаар найруулуулж, гурван өөр прадакшнд үйлдвэрлэх. Энэ бол цэвэр урлагийн бүтээл Энэ бол найруулагчийн өөрийгөө илтгэсэн илэрхийлэл. Цаг хугацаа нь тэгэж таарсан юм. Киноны бүх зураг авалт хаврын муухай тэнгэр доор болох ёстой. Зун болчихоор цэцэг ногоо ургаад байгаль дэлхий гоё болчихдог, энэ нь киноныхоо үндсэн санаатай зөрчилдөнө. Иймээс киночид маань гурван долоо хоногийн дотор бүх зураг авалтаа дуусгасан. Хаврын хавсрага дуусахаас өмнө амжих гээд буй хэрэг шүү дээ.

Энэ том найруулагчдыг яаж нэг дор цуглуулж чадав?

Гол нь нэг дор цуглуулаагүй байхгүй юу. Эд кино нээлтэн дээр л анх цуглаж биенийхээ киног анх удаа үзсэн. Миний хайртай, үнэхээр чадалтай, өөрийн гэсэн өнгөтэй мундаг найруулагчид. Би санал тавьсан. Нямгаваа бүр Америкаас хүрээд ирсэн шүү дээ. Балжинням гуайг бүгдээрээ мэднэ. Баатар бол ховор авъяастай хүн дээ. Дэлгэцэнд зөвхөн найруулагчийг л харуулна гэж бид эхнээсээ тохирсон. Уран бүтээлд нь ямар ч цэнзүүр тавихгүй гэсэн. Зохиолд байгаа санааг яаж харж яаж илэрхийлэхээ өөрөө чөлөөтэй шийд л гэсэн. Харин улс төр тийш нь болбол битгий чангаагаарай гэж хувиараа гуйсан. Би улс төрч биш, кино улс төртэй хамаагүй.

Тийм байхад сонгуулийн кино гээд л байх юм.
Олон хүн атаархалгүйгээр амьдарч чаддаггүй шүү дээ. Би 1996 онд “Нүүдэл суудал Монголын түүх” номоо дуусгасан. Маш их хөдөлмөр орсон миний насны бүтээл. Сонгуульд зориулаад бичсэн гээд л баахан шуугисан. Ингэж дургүй хүргэж байгаа бол би атаархагчдын санаанд ороогүй юм хийнэ дээ. Бүр одоо.

Юу хийх гэж?
Мэдэхгүй. Жишээ нь зурагтаар хавтгай үзүүлчиж болно шүү дээ.

Таны оролцсон Зууны шилдэг хүмүүс билүү, яагаав Лхагвасүрэн гуай хөтөлдөг нэвтрүүлэг бас л сонгуульд зориулсан гэж шуугилдаад хаагдсан даа.

Тэр нэвтрүүлэгт уригдахдаа би зохион байгуулагчдаас нь сонгууль, улс төртэй хамаагүй биз гэж асууж байж орсон. Сүүлд нь тийм шуугиан үүссэн л байна билээ. Хаагдсан бол тэнд лав миний буруу байхгүй.

Та аль болохоор улс төрөөс зугтаадаг болж дээ?

Иргэний хувьд би зугтаахгүй. Зугтах боломж ч үгүй. “Та улс төрөөр оролдохгүй бол улс төр танаар оролдоно” гэж үг их үнэн шүү. Би татварт өөрийнхөө хэмжээгээр асар их мөнгө өгдөг. Мэдээж Эм Си Эс, Бодь, Эрдэнэт шиг ихийг өгч чадахгүй л дээ. Гэхдээ л дүүргийн тэргүүний татвар төлөгч гэсэн жаазтай бичгээр шагнуултлаа их татвар өгдөг. Олон арван саяар нь шүү. Ном хийдэг жижиг оврын компани шүү дээ. Ингэхээр миний өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг сонирхох шалгаах эрхтэй. Авилгачдын цалин цавуу хөнгөлөлтийг нь өгөөд дээр нь хулгайлах юмыг нь бас төлж байна гээд бодохоор гутах юм. Миний мөнгөөр амьдарч байгаа төрийн зүтгэлтнүүд миний мөнгийг ямар хамаагүй юманд үрэн таран хийж байгааг харахаар уур хүрч хармын сэтгэл төрөх юм. Ийм учраас би иргэний байр сууринаас улс төрөөс зугтаахгүй.

Тэгвэл өөрөө тэр захиран зарцуулагч нь болоод энэ бүхнийг засах гэж зүтгэх хэрэгтэй юм биш үү?
Үгүй юм билээ. Би өөрөө гардаж 1998 онд энэ улсад хамгийн том реформын нэгийг хийсэн. Энэ бол банк санхүүгийн шинэтгэл. Энэгүйгээр ёстой балрах байлаа. Гэтэл яаж гүтгэж доромжилж гутаалаа даа. Энэ тухай би “1998 он” гэсэн цуврал өгүүлэлд тодорхой бичсэн. Улс төрч хүн гэдэг бол ямар ч бэрхшээлийг туулан эцсийн зорилгодоо хүрч чаддаг, үүндээ олон түмнийг татан оролцуулж чаддаг хүн байх ёстой. Би тийм биш. Би нэг мөсөн гомдсон. Магадгүй би хэтэрхий эмзэг хүн байх л даа. Би өөрийгөө төрд хэрэгтэй, төрд тус болж чадна гэдгийг мэднэ. Харин төр надад ямар хэрэгтэй билээ гэсэн асуултанд тийм ч сайн хариулт олдохгүй байна. Би эрх чөлөөнд дуртай. Би хүний сүүдэрт амьдарч чадахгүй. Би эрх чөлөөгөөр дутаж байсан. Эрхчөлөө олохын төлөө зөндөө тэмцсэн. Надад Монголын ард түмний нэгэн адил өнөөдөр эрх чөлөө байна. Одоо яаж амьдрах нь миний л хэрэг. Нээлттэй нийгэмд амиа аваад явж чадахгүй тураад үхвэл миний л хохь. Үүний төлөө би хэнийг ч буруутгахгүй. Нөгөөтэйгүүр миний бүтээл тууривал хийж байгаа нь нийгэмдээ тус болж буй хэрэг биш, өөртөө тус болж байгаа юм. Харин татвар төлж байгаа нь нийгэмдээ тус болж буй хэрэг. Энэ бол миний үүрэг. Татвар ахиу төлснөөр олон хүний амь амьдралыг авч явна. Иймээс би нийгмийн амьдралаас зугтаагч, хар амиа бодогч биш байгаа биз дээ?  Сонгуульд нэрээ дэвшүүлэхийн бас нэг гутамшигтай юм нь сонгогдохын тулд худлаа ярьж өөрийгөө доош нь чихдэг явдал. Хүн байхын нэг утга бол эрхэмсэг оршиж амьдралын богино хугацаагаа нэр төртэй өнгөрөөх явдал. Гол нь өөрийгөө хуурахгүй, өөрөөрөө байж насыг барах. Би л лав тэгэж боддог.

“Аалзны тор - 6” гээд нэг том нийтлэл  гарчээ. Тэнд таныг Энхбаяртай далдуур холбоотой, бичиг цаас солилцдог гээд биччихсэн байна.
Би уншсаан. 1998 онд банкны реформ хийж байхад Энхбаяртай байнга уулздаг байсан. Би тэдний, тэр манай өрөөгөөр орж ирдэг байлаа. Миний хийж байгааг их дэмжинэ. Хожим мэдэхнээ цаагуураа тэр ажлын эсрэг гүтгэлэгийн компанийг зохион байгуулдаг байсан юм билээ. Түүнээс хойш бараг уулзаагүй дээ. Харин би түүнийг сүүлд нь хамгийн том шүүмжлэгч болсон. Эргээд харвал би зарчим ярьж байсан болохоос хувийн өс хонзон гэх юм байхгүй. Би тэрэнтэй Улааны тухай баримт солилцож байсан гэдэг ч арай халуудах байхаа.

Доктор Ганбат гэж хэн юм бол?
Лав л надад дургүй нэгэн бололтой. Тийм атаархагчид хаа сайгүй л байдаг даа. Нэрээ нуусан хатгагчид ч өөдтэй амьтан бадаггүй юм даа. Би дотроо тагнуулынхан ч юм уу, цагдаагийнхан байх гэж боддог. Аль нэгэн баримт цуглардаг газрынх л байх. Бичсэн юмных нь хагас нь би ч мэдэх баримт байна билээ. Зарим нь итгэхийн аргагүй. Бат-Эрдэнэ аварга руу утасдаагүй, тэр өөрөө утасдсаныг жишээ нь санаж байна уу? Фридландаас зул сарын баярын өдөр 50 сая доллар гаргуулсан гэдэг юу л бол. Тэр үеэр Христийн орнууд байтугай Хятад, Японд ч гүйлгээ хийдэггүй юм.

Таныг бас Фридландыг магтаж бичдэг, аягүй бол мөнгө авдаг гэсэн байна билээ.

Би тэр Фридландыг чинь амьдралдаа хараагүй. Жаахан галзуу л байх, гэхдээ Монголд асар том баялаг нээж өгсөн хүн шүү дээ. Ийм их баялагийг нээж олж илрүүлэхэд асар их хөрөнгөнөөс гадна олдохгүй бол бүх мөнгөө алдах аймаар эрсдэл дагадаг. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Би Эйч Пи хаяад явчихсан газар Фридланд шиг галзуу хүн л азаа үзэх байх даа. Хэрэв тэр байгаагүй бол бид одоо болтол Оюутолгойн ордын тухай мэдээгүй л явах байсан. Өнөөдөр Оюутолгой ашиглалтанд ороогүй байгаа мөртөө манай зах зээлд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой. Мөнгө тараах нь зөв гээгүй л дээ, гэхдээ энэ тарааж байгаа мөнгө чинь ашиглалтанд арай ороогүй байгаа Оюутолгойн мөнгө биш гэж үү? Би Фридландыг барон Унгернтэй зүйрлэсэн юм. Унгерн галзуу л байх, гэхдээ Монгол орныг чөлөөлсөн хүн. Тэр байгаагүй бол өнөөгийн бидний тусгаар тогтнол эргэлзээтэй л байх байсан. За яахав би бичээд мөнгө авдаг гэж саная. Хэд байхав? Сая доллар уу, эсвэл 100 мянган цаас уу? Тийм их мөнгө өгдөг юм бол цөмөөрөө бичицгээгээч. Эсвэл 100 мянган төгрөг аваад л орой нь гэрээрээ ресторанд орж хөлсөө арчаад л уу? Сэтгэлгээ нь дэндүү болхи санагдахгүй байна уу? Надад зүгээр л ахиухан мөнгө хэрэгтэй бол юм бичиж ядарсан хэдэн төгрөг олох ямар хэрэг байна? Шууд л хотын төвийн газар, уул уурхайн орд, том тээндэр хусвал чадна шүү дээ. Цаадуул чинь надад өгөхгүй гэж хэлж чадна гэж үү? Албан тушаал хэрэгтэй юм бол ядахнаа нэг дунд сургуулийн захирлын ажил олдолгүй дээ. Мэдээж би Оюутолгой, Тавантолгойг бушуухан ашиглалтад оруулахын төлөө байдаг. Барууны хөрөнгө оруулалт Монголд хөрөнгө гэдгээсээ гадна аюулгүй байдлын асар их ач холбогдолтой гэж үздэг. Гэхдээ би энэ талаар шийдвэр гаргадаг нь биш шүү дээ. Би эх оронч хүн. Эх орныхоо төлөө үг хэлэх саналаа илэрхийлэх эрхтэй эрх чөлөөт хүн.

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй дотоодын хөрөнгө оруулалт чухал гэж сая Энхсайхан хэлсэн байна?
Дотоодын хөрөнгө оруулалт гэж байдаггүй юмаа. Энэ бол нэг хармайнаасаа нөгөө хармай руу мөнгө хийж буй хэрэг. Энд “оруулаад” байгаа юм алга. Чи дэлгүүр нээх гэвэл байгаа гуанзаа зарна, эсвэл байр байшингаа зарна. Эвсэл зээл авна. Энэ улс дотор л явж буй дотоод гүйлгээ байгаа биз дээ. Хөрөнгө шинээр орж ирэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь энэ саван дотор төлөвлөөгүй байсан хүний мөнгө орж ирээд капитал үүсгэлцээд эхэлж байна шүү дээ. Гаднаас орж ирсэн тэр мөнгө эргэлдээд ашигаа өгөхөөр цаад эзэнд нь ч ашигтай, оруулсан улсад ч ашигтай. Иймээс л аливаа улс орон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө үхтлээ зүтгэж булаацалддаг юм даа. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон АНУ. Хоёрдугаарт Хятад ордог. Үүнийг тэр том эдийн засагч ойлгохгүй байна гэж үгүй л дээ. Харин манайд ялангуяа барууны хөрөнгө оруулалтыг хаах хавчих гүтгэх гутаах явдал нийтийг хамарсан нь цаанаасаа захиалгатай тоглоом болов уу гэж харддаг. Ингэх нь хэн нэгэнд, аль нэг улсад хэрэгтэй болоод л ингэж байгаа. Хийрхэгчид нь, хөөрхийдөө захиалагчаа ч танихгүй мэдэхгүй яваа шүү дээ.

Энхбаярын шүүх хурал болох гэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Энхбаярын талаар гэхээсээ түүний буй болгосон тогтолцооны талаар би урьд нь хангалттай шүүмжилсэн. Одоо би юугаа хэлэх вэ дээ. Харин сая болж өнгөрсөн явцын дундаас монголчууд бол хүнлэг сэтгэлтэй, хүнээрээ байгаа нийгэм юм гэдгийг л олж харлаа. Арабууд Каддафиг яалаа? Тамлаад зовоогоод тарчлаагаад сэтгэл нь ханахгүй олны үзмэр болгож байна. Шүүхэд аваачиж өгөхгүй өөрснөө хувиараа шийтгэх гэж булаацалдаад л. Гэтэл 1500 жилийн иргэншилтэй, соёлтой гэх ертөнц шүү дээ. Манай ард түмэн Энхбаярыг буруушаахын зэрэгцээ өрөвдөж, хүний хувьд нь хайрлаж хүнтэй зүй ёсоор харилцахыг шаардаж байна. Бид зэрлэгүүд биш. Бид энэрэнгүй хүмүүс. Үүнийгээ харуулж чадсанд би хүмүүст их талархаж байна. Ийм сайхан ард түмнийг доромжилж басамжилж хуурдаг хүмүүс л муухай.

Танд ч ийм юм тохиолдвол ард түмэн өмгөөлнө дөө?
Би ийм юманд орооцолдохгүй байхаа. Хууль хичнээн таалагдахгүй байсан ч би хуулийн дор амьдрах үзэл бодолтой. Энэ бол миний итгэл үнэмшил. Хуулийг зөрчиж болохгүй, хуулийг тойрч болно гэж тэртээ 22 жилийн өмнө нийтийн өмнө хэлж байсан үгэндээ би одоо ч үнэнч. Ер нь хүмүүс надад таагүй ханддаггүй шүү дээ. Би машин барьж чаддаггүй болохоор явган их явна, автобусаар явна, дэлгүүр хэснэ. Залуучууд хамт зургаа их авахуулна, гарын үсэг зуруулна. Хөгшчүүл улс төр ярих гэж их чангаадаг юм. Миний бичсэн өгүүллийг долоо хоногт 100 мянган хүн уншдаг. Надад дургүй нь хүрээд л уншаад байдаггүй байлгүй дээ. 100 мянган хүнээс 15-20 гар байнга хараалын сэтгэгдэл бичнэ. Тэдний хагас нь миний сайн таньдаг улс. Энэ бол байх ёстой тоо. Харин ч том амжилт. Яагаад гэвэл хорвоо чинь дан өнгөнөөс тогтддоггүй шүү дээ.

Ярилцсан Д.Оюунтуяа
baabar.mn

Wednesday, 18 July 2012

Баабар: Зөв явбал энэ хорвоо зөөлөн шүү дээ


 “Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Зочин маань манай нийгмийн хамгийн алдартай эрхмүүдийн нэг нийтлэлч БААБАР.

НАДАД ТӨРД АЖИЛЛАХ ХҮСЭЛ АЛГА

-Таныг төрд ажиллаасай гэсэн хүсэл нийгэмд их байх юм. Гэтэл та эргэлт буцалтгүй хувийн хэвшлийн хүн болжээ?
-Манай сэтгүүлчид л надад ажил олоод өгчих са­наатай их санаа тавих юм. Би хөөцөлдөөд сайд бол­бол надад амархан байх аа. Бүр болдоггүй юм гэхэд нэг агентлагийн дарга энэ тэр болоход бол надад ядаад байх юм байхгүй дээ. Нэг газар Элчин сайд бо­лоод явъя гэхэд надад хэн унжих юм бэ! Эсвэл хо­тынхон газраа хуваагаад л байна, очоод надад нэг төвийн газар өгчих гээд хэлэхэд хэл амгүй өгнө дөө. Одоо энэ алалдаад байгаа уул уурхайгаас чинь би нэг орд авна гээд зүтгэвэл зүгээр оочиргүй л өгнө дөө. Гэвч би өөрийнхөө чадлаар л хуулийн дор амьд­рах ёстой байхгүй юу, тийм үү? Яагаад би зоригтой бай­даг юм? Яагаад гэвэл би цэвэр. Надаас ухаад хууль бус юу ч олохгүй. Би хууль бус юу ч хийдэггүй. Тийм учраас л би бусдын булхайг хэлж чаддаг. Хоёрдугаарт, нөгөө талаар галзуу солиотой хүн шиг хүн гүтгэх ямар ч шаардлага надад байхгүй. Энэ бол дахиад л хууль зөрчиж байгаа хэрэг.
-Манай сэтгүүлчид зөвхөн таны төлөө санаа зовоод, Баабарыг төрд ажиллуулах юмсан гэж дуугардаг юм биш л дээ. Нийгмийн тодор­хой хэсгийнхэнд хүсэл байдаг. Жишээ нь, пар­ламентад янз бүрийн нөхдүүд сууж байна шүү дээ. Хар захын эзэн ч байж байх шиг. Гэтэл тэнд чинь бодлого хийдэг, идей гаргадаг хү­мүүс баймаар байна. Үүнээс болоод л хүмүүс үгүйлдэг, санал гаргадаг байх?
-Хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийн нэгдэл бүх ний­тийн сонгуулиар л илэрнэ шүү дээ. Одоо болохоор энэ Их хурлаа нэг их зүхэх юм. Өөрийгөө толинд ха­раад л зүхээд байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл УИХ бол манай нийгмийг жижигрүүлж проекцолсон тусгал нь.
-Тийм ээ. Өөрсдийн маань сонгож явуулсан нөхдүүд?
-Хариуцлагаа хүлээж сурмаар юм. Өөр хэнд ха­риуц­лага үүрүүлэх гээд байгаа юм? Өнгөрсөн 20 жил буу тул­гаж байж сонгуулчихсан тохиолдол нэг ч га­раа­гүй. Мэ­дээж зальдсан, луйвардсан явдал бий л дээ. Гээд ерөн­­хийдөө л та бидний сонголт дүн ну­руу­гаар гарч бай­­гаа. Тэгээд л амлалтад болчихлоо ч гэх шиг. Тэгвэл юу гэж амлалтад нь болсон юм? Өө­рийнх нь байж байгаа ца­рай л тэр. Би бол УИХ-ын ги­шүүн болох гэж үнэхээр нэг ч удаа зүтгэж байгаагүй. Ерэн оны анхны сонгуулиар л баахан нөхдүүд “ста­дион барина”, “дэлгүүр барина” гээд эхэлсэн. “Миний ажилладаг институдэд түлэнхийний тос байдаг юм. Тү­лэгдэж барьсан хүн байвал би тос үнэ­гүй олж өгч чад­на шүү” гэж би хэлсэн. Яг үнэндээ тэр чинь хүнд юм үнэгүй олж өгдөг мест биш шүү дээ. Тэгээд л би ерөө­сөө тэр ерэн оны анхны сонгууль дээр л уна­сан. Тэрнээс хойш би дандаа л юм тараах хоосон амла­хаас холуур байсан. Гэхдээ би намын дарга марга бай­сан л даа. Ямар орохгүй гээд байлтай нь биш. Тэгээд ороод л нөгөөдүүлд нь тэгж хэлээд л уначихдаг байсан хэрэг. 1996 оных чинь бол ёстой нөгөө давалгаа байсан байх.
-Бор халзан хонинуудын дунд та ч гэсэн тууж ява­ад гараад ирчихсэн гэж үү?
-Нийгмийн давалгаа л тийм байсан. Бод л доо. Би нэг цуйван яаж хийх вэ гэдэг жортой, хүүхдийнхээ зурсан зурагтай хагас нүүр сонин тараасан, өөр юу ч хийгээгүй.
-Та өөрөө хүсдэггүй юм байж. Нам яв л гэдэг биз дээ. Та ч гэсэн тэрэнд нь түлхэгдээд явж л байсан. Сонгинохайрханд “Ном, ноолуур, тамхи гурав өрсөлдөж байна” гээд л байсан. Та бас уначихсан?
-Тэгсэн л дээ. Гэхдээ наад сурталчилгаа чинь худ­лаа. Улсуудын л гаргасан яриа. Би нэг их ном тараа­гаад л гүйгээд байсан юм байхгүй. Хүүхдийн хөөрхөн газ­рын зураг хийсэн. Тэрийгээ айлуудаар тараах ёс­той боллоо. Тэгсэн чинь хайран санагдаад нэгдүгээр хорооллын наад хэсгийн хэдэн айлаар л тараагаад, үлдсэнийг нь дэлгүүрт тавиулаад зарчихсан. Хайран санагдаад. Аягүй гоё газрын зураг даа.
 -Үзэж байсан...
-Монголд гарсан хүүхдийн хамгийн хөөрхөн газрын зураг тэр болсон байх.

БИ ЭРГЭЛТГҮЙ ГОМДСОН

-“Непко”-г байгуулаад хэр удаж байна аа?
-Одоо дөрөв дэх жилдээ орж байна.
-Монголын оюун санааны ер­төн­цөд өөрийн байр суурьтай том компани болж тогтлоо. Эндээсээ та амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж чадаж байна уу. Манайд оюуны хөдөлмө­рийн үнэлэмж тааруу болохоор л ийм асуулт тавьчихлаа?
-Үгүй, хангалгүй яадаг юм. Оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу гэдэг үнэ хүрдэггүй хүмүүсийн яриа байх аа. Зах зээл шударгаар л үнэлж бай­гаа. Би нийгэмтэйгээ таардаггүй бай­сан хүн, энэнээсээ болоод 1979 онд шоронд хүртэл орж байсан. Манай ний­гэм юугаараа миний дургүйг хүр­гэдэг байсан гэхээр миний эрх чөлөөг л боодог байсан. Тэгээд 1990 онд эрх чө­лөөгөө олж авсан. Одоо тэгээд яах юм, би ямар хулгайч луйварчин болох гэж байгаа биш. Нэг их том дарга болж бусдын өмнөөс хариуцлага хүлээх гэж үү? Би хүний өмнөөс хариуцлага хү­лээх үнэхээр дургүй. Би төрд зүтгэсэн үү, зүтгэсэн. Би Монголын банк сан­хүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийсэн хэдхэн том реформын нэг юм байгаа юм шүү дээ, яг үнэндээ бол. Д.Бямба­с­үрэн гуайн хийсэн чөлөөт зах зээл рүү орж, үнэ чөлөөлсөн реформ байна. Энэ банкны реформ байна. Дараагаар нь газрыг хувьчилсан реформ. Үүнийг Н.Энхбаяр хийсэн. Тэрний дараагаар С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэд оруулсан реформ. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан. Тэрний нэгийг би хийсэндээ ихэд бахархдаг. Хичнээн гүтгүүлж хараал­гаж байж хийв. Ёстой дургүй хүрсэн дээ. Хоёрдугаарт бол надад хувьд маань эрх чөлөө олгочихсон байхад би одоо хүний өмнө хариуцлага хүлээж, хэдэн мунхаг тэнэг юмтай ноцолдож явах ямар хэрэгтэй юм! Тийм биз дээ? 2000 онд нэг харсан чинь би гэрээ тэжээж чадахаа байчих­сан байсан. Төрд дөрвөн жил зүтгэ­сэн. Эргээд харсан чинь манайх гэдэг айл бараг гуйлгачин болж. Энэ МАХН-ын Далайхүү намайг гэртээ засвар хийсэн гэж сониноор заргалдаад л явж билээ. Гэтэл би гэдэг амьтан өмнө нь бичсэн номуудынхаа бүх мөнгийг дуусгаад, тэгээд бүр сүүлд нь гэрийн­хээ юмнуудыг аваачиж нөгөө юунд тавьсан даа...
-Юунд?
-Комисс, ломбард энэ тэрд тавь­сан. Гэтэл би гэдэг хүн гэр орныхоо өмнө л нэгдүгээр хариуцлагыг хүлээх ёстой юм байгаа биз дээ? Тэр үүргээ хөсөр хаячихаад, дээрээс нь баахан гүтгүүлээд зүтгэж явдаг. Энэ бүхэнд дургүй хүрсэн. Магадгүй би их эмзэг хүн байх, эргэлтгүй гомдсон.
-Банк бужигнуулсан гэмт хэрэг­тэн гэгдээд л үү?
-Тэр чинь Монголын эдийн засагт хийсэн хамгийн том реформын нэг. Хэрвээ тэр банкны реформыг тэгж цэгцлээгүй бол төрийн баахан банк зүгээр л алж өгөх байсан. Тэр үед чинь бүр ийм норм үйлчилж байсан, зээ­лийн хорооныхон хүн дуудаж авчирч зээл өгөөд 10 хувийг нь өөрсдөө авдаг. Тэр бол зүгээр тогтчихсон жишиг байсан. Чи одоо банкны нэг таньдаг хүн дээрээ очоод „Хөгшиндөө зээл өгчих, тэгээд чи 10 хувийг нь ав” гээд нэг хэлээд үз дээ. Чамд зээл өгөх нь үү, яах нь вэ? Ийм балай юмыг цэгцэлсэн дээ. Хэрвээ үүнийг хийгээ­гүй бол сүйрэх байсан. Ер нь сүйрчих­сэн байсан даа. Банк, санхүү нь улсынхаа мэдэлд, тэгээд бүх арил­жаа нь төрийн мэдэлд ингээд явсан бол энэ улс чинь ёстой хаашаа өнхрөх байсан бол оо. Үүнийг улсууд одоо л ойлгож байх шиг. Сая “Зоос” дампуурлаа. Тэгсэн нөгөөдөхийг нь харин эсрэгээр төрд авдаг гэнэ ээ! Би чинь улсын дампуураад, үхчихсэн юмыг нь хувийнхныг худлаа ярьж, панаалдаж байгаад өгчихсөн байхгүй юу. Яахав жаахан жудаггүй л юм даа. Эд нар цаашаа сүйрвэл сүйрэг гээд худлаа ярьсаар байгаад өгчихсөн. Ёстой сайхан өөхөнд боож байгаад атгуулчихаж байгаа хэрэг. Жаахан хударгагүй л юм болсон. Ер нь бол тэгж болохгүй л дээ. Төрийнх л болж байвал хувийнхан яах ийх нь ямар хамаатай юм гэж хандаж болохгүй л дээ, уг нь.

БИДНИЙ ДАРАА ЗАВСРЫН ҮЕИЙНХНИЙ ШИЛИЙГ ХАРЖ БАЙЖ ШИЛЖИЛТ ДУУСНА

-Хэдийгээр ажил хэрэг ярихгүй гэсэн ч арга буюу орж ирээд байна. Одоо энэ банкны сис­темд юу болоод байна вэ. Банк дампуурлаа. Тэгэнгүүт сайн активуудыг нь түүж аваад тө­рийн банк гээд байгуулчихаж ч байх шиг. Яг юу болоод байна вэ?
-Наадахь чинь нэг л юмнаас болчихсон юм биш шүү дээ. Ноднин­гоос эхлээд хүний хадгаламжийн эрсдэлийг улс даана гээд хэлчихэж байна аа даа. Төр бүрэн хариуцна гэж хууль гараа биз дээ. Томрох гэсэн хэсэг нь цаашаа явдаг л юм байгаа биз. Жижиг банкуудын хувьд энэ чинь сайхан далим болно биз дээ. Хамаа­тан садандаа зээл нэрээр бүгдийг нь тарааж хаячихаад, дампуурчихсан гээд л зарлачихна биз дээ. Гол уурлаж дайрах улсууд чинь хадгаламж эзэм­шигчид. Тэдний хөрөнгийг улс ха­риуцах болчихож байгаа юм чинь. Энэ бол нэг том шалтгаан. Хоёрдугаар том шалтгаан нь эдийн засгийн хям­рал. Дээрээс нь ёстой ниргэсэн дээ. Ялангуяа хууль дүрмээ ягштал бие­лүүлдэггүй хайнга, назгай газруу­дад бол том цохилт болсон. Гурав­дугаарт энэ арилжааны банкуудыг чинь байн­га хянаж шалгаж байдаг тогтолцоо нь алдагдсан. Энэ чинь ард түмний өмч шүү дээ. Ард түмний энэ тэр гэхээ больё л доо. Ямар ч байсан  хүн итгээд юмаа хадгалуулж байхад тэрийг нь идчихэж болохгүй биз дээ. Банк бол итгэлцэл дээр тогтдог эд. Дөрөв­дүгээрт, манайд банкууд хадга­ламж зээлийн хоршооны хэлбэрт орчихсон байгаа. Хоёр банк бирж дээр очиж хувьцаагаа зараа биз дээ. Тэгээд нөгөө зарсан хоёр банк нь хоёулаа сүйрчихэж байгааг хар! Тэгсэн чинь Содхүү юу гэлээ? Ёстой гайхам­шиг­тай үг хэлсэн дээ. “Хохь нь” гэж. 20 сая долларыг нэг өдөрт босгож бай­сан. Уг нь залилангийн хэргээр шоронд суумаар юм. Хадгаламж зээлийнхэн шоронд сууж байгаа биз дээ?
-Та бол нийгмийн ёс зүй, мо­ралтьтай олон жил үзэж байгаа хүн. Залуучуудад олон юмыг нь цэгцэлж өгсөн. Өнөөдөр тэгээд нөгөө ноцолдоод байсан юманд тань үр дүн их бага гарсан юм биш үү. Р.Содхүү мэтийн нөхдүүд хүмүүсийг хохь нь гэж тавлаж загначихаад огцрох ч үгүй сууж байна шүү дээ?
-Би зүгээр ингэдэг юм, тэгдэг юм гэж хэлж байгаа болохоос биш энэ улсын ёс суртахуун хариуцсан хүн биш шүү дээ. Хоёрдугаарт, залуучууд намайг их дэмждэг л дээ. Шинэ үе ши­нээр боловсорч байна. Түүнд нь тус дэм болох гэснээс цаашгүй. Бидний үеийнхэнд бол тархинд нь мэс засал хийгээд ч нэмэр байхгүй. Тэртэй тэргүй тэгж төрөөд, өсөөд, бойжоод, чулуужаад, цементжихсэн улсыг чинь яах юм!  Тэгээд би нэг удаа хэлсэн дээ, 40-өөс дээш насны улсууд зайгаа тавьж өгсний дараа энэ улс эрүүл­жинэ гэж. Шилжилтийн үе гэж бид баахан ярьдаг. Хүн шилжих тухай л яриад байгаа юм шүү дээ, гол нь. Түү­нээс биш хэдэн байшин хувьчилчи­хаар тэр нь шилжилт болчихгүй. Иргэд нь өөрсдөө нийгмийнхээ байгуулам­жийг зөв ойлгох ёстой. Шинэ нийгэм­дээ төрж өсч, бойжиж бий болсон улсууд нь тэр нийгмээ зөв ойлгоно уу гэхээс... Нэг үгээр  бид чинь энэ шинэ ний­гэмд саран дээрээс бууж ирсэн ул­сууд шүү дээ. Одоо нөгөө миний хэл­сэн насныхан чинь. Шилжилтийн үед завсрын үеийнхэн гэж нэг айхтар улсууд гарч ирж байна. Бид ч бас цэгцтэй боловсрол олчихсон улс. Гэтэл энэ завсрын үеийнхэн маань ерөөсөө 35 үсгээсээ 15-ыг нь март­чих­сан, тэгээд доктор, профессор юу юу гэнэ вэ, базар дарь минь, акаде­мич, доцент энэ тэр болоод явчихсан. Шилжилтийн замбараагүй үед тэд чинь ганцхан хулгай хийхийг л сурсан улс. Одоо тэд давалгаалаад гараад ирлээ. Тэгэхээр бидний үеийнхний дараа бас энэ завсрынхны шилийг харах ёстой. Үүний тулд дахиад 20 жил хэрэгтэй. Түүнээс ямар чартаа тоглож байгаа биш, ганц үсрээд шилжинэ гэж хаа байхав.

НАДАД АЛДАЖ ГИШГЭХ ЭРХ БАЙХГҮЙ

-Танай компаниас эрх­лэн гар­гаж байгаа ном, сэт­гүү­лүүд энэ зах зээл дээр бор­луулалтаараа тэр­гүүлж байгаа. Сард үйлд­вэрлэдэг бүтээгдэхүү­нүү­­дийн тоо, орлогын та­лаар сонирхож болох уу?
-Сая бид тооцоо хийж үзсэн. Улсад татвар, гааль, НӨАТ, эрүүл мэндийн даатгал, ашгийн татвар энэ тэр нийлээд 500 сая төгрөг өгсөн байна. Манай энэ талын өрөөнд дүүргийн тэргүү­ний татвар төлөгч гэсэн нэг жааз өлгөчихсөн байгаа биз? Энэ хэдэн авлигачийн мөнгийг бэл­дэж өгчихөөд, тэгээд ха­риуд нь нэг цаас авдаг нь ч юү ч билээ дээ. Манай нягтлан баярлаад өрөөндөө хад­чихсан. Би бол ичээд байдаг юм.
-Хуучин сонгодгуудыг дахин шинээр орчуулж гар­гаж байгаа. Бас дэл­хийд бестселлер болж бай­гаа номуудыг ч ор­чуулж хэвлэж байна. Зохиогчийн эрхийг ху­дал­даж авдаг биз дээ?
-Өнөөгийн дэлхий хавтгай бол­чихлоо. Бид дизайн энэ тэрээ хүртэл интернэтээр захиалгаа өгөөд огт танихгүй улсаар хүртэл хийлгэдэг. Мөн­гийг нь  шилжүүлээд л болоо. Хамгийн хялбар, хамгийн чадвартай, хамгийн хямд үнээр ажлаа явуулах ёстой биз дээ. Хоёрдугаарт, бид номын бизнесийг цэгцлэхийн тулд олон ажил хийж байна. Гэхдээ хэзээ ч хуулиас гадуур юм хийж болохгүй. Одоо бид Бри­таника нэвтэрхий толь дээр гу­рав дахь жилдээ ажиллаж  бай­на. Удахгүй дуусна. Зөвхөн үү­ний эрхэнд гэхэд 45 мянган дол­лар төлсөн.
Collins-ийн толь гээд ма­най­хаас гаргасан. Эрхийг нь 20 мян­ган доллараар худалдаж ав­лаа. Бид зах зээл рүүгээ харж ажилладаг. Зах зээл ямар юмыг сонирхож байна, ямрыг со­нирхохгүй бай­на гэдгийг су­далдаг. Түүнээс биш буяны бай­гууллага биш. Манайх ба­руу­ны стандартаар л ажилла­хыг хичээдэг. Олсон ашгийн 10 хувийг сурталчил­гаанд зо­риул­даг. Одоо ном рекламддаг улс ер нь биднээс өөр байна уу? 10 хувийг нь буяны ажилд заа­вал зориулдаг. Энэ дагуу ша­ш­ны хичнээн олон ном гар­гаж тараав даа. Хамгийн тү­рүүнд сүм хийд, шо­рон­гуудад үнэгүй тараасан. Гэх­дээ буян хийж байгаагаараа хэ­зээ ч гайхуулж рекламдаж бол­доггүй, тэгвэл буян биш болно.
-Борлуулалтаас ажиглаж байхад ямар чиглэлийн ном илүү эрэлттэй байдаг  вэ?
-Борлуулалт юун түрүүн зохиогчийн брэндээс ха­маар­на. Автор нь хэн бэ гэдэг асуу­дал байдаг юм. Ер нь энэ дэл­хийд юун түрүүн брэнд л зар­даг юм даа. Миний ном сайн бор­логддог оо.

-Тийм байх. “Баабар ин­гэж өгүүлэв” цувра­луу­дыг гэхэд өмнө нь со­ни­ноос уншчихсан ч ахиад л авдаг. Тэгэхээр та зах зээлд хаанчлахаас өөр яахав дээ?
-Би чинь Монголын зах зээл дээр 600 мянган ширхэг ном зар­сан хүн шүү дээ.

-Би 10 жилийн өмнө тан­тай ярилцлага хийж бай­сан. Тэгэхэд та өөрийн­хөө уншигчдыг ангилж байс­наа санаж байна уу. Ми­­ний уншигчдын то­дор­­хой нэг хэсэг галзуу­гийн больницынхон шүү дээ гэх мэтээр?
-600 мянган ширхэг ном зарчихлаа гэдэг 600 мянган уншигч авчихлаа гэсэн үг ерөө­сөө биш л дээ. Нийгмийн унш­даг хэсэг гэж бас байна шүү дээ. Тэд бол миний ихэнх ун­шиг­чид. Уншдаггүй хэсэг нь бол хэнийхийг ч уншихгүй. Ер нь зах зээлийн борлуулалт авто­роосоо л их шалтгаална. Хоёр­дугаарт, шуугиантай номууд. Одоо бид жишээлэхэд Дэн Брауны гурван номыг хийгээд гаргах гэж байна л даа. “Да Винчигийн код”, “Сүүлчийн бэлгэдэл” гээд л.

-“Да Винчигийн код”-ыг өмнө нь орчуулаад гар­чихсан шүү дээ?
-Тэр чинь хулгайн эд л дээ. Тэгж болохгүй... Тэртэй тэргүй ба­ригдана. Хуулийн хүрээнд амьдарч сур л даа. Болох юмыг заавал хулгайлж байж өөрийн болгох хэрэг юун.

-Тийм дээ. “Нэпко” гар­галаа гэхэд уншигчдыг илүү татах байх л даа.
-Харри Поттерийг өмнө нь манайхан хулгайлж орчуулж хэвлэж байсан. Дараа нь баригдаад Английн Элчингийн шахалтаар шатаалгасан. Бид эрхийг нь ном ёсоор худалдан авч бүгдийг хуулийн дагуу хийх гэж чармайдаг. Бид “Харри Поттерийг” эрхийг нь худалдаж аваад хэвлэхэд дороо борлог­дож чамгүй л ашиг өгч байна. Ийм байхад хулгай хийх хэрэг юу байна? Үүний дээр номын үзэм­жид их анхаардаг. Одоо хү­мүүс эрх нь хууль ёсны, сай­хан хэвлэгдсэн ном дуртай ху­дал­дан авч байна. Соёл л доо...

-Нэг хэсэг олон нийтийн өмнө мэдээллийн хэ­рэгс­лээр тантай ноцолдвол их нэрд гарна гэсэн го­рьд­лого байдаг байсан. Баабарын бичсэн хэлс­нийг мөшгихийн төлөө ба­гагүй хөлс хүч хаядаг бай­лаа. Одоо тийм улс цөө­рөө юу даа?
-Тэдний хэн нь ч амжилт олоогүй байх аа. Тэднийг санаж байгаа доголон нохой ч алга. Ний­гэмд тодорч буй хүн ч ний­гэмтэйгээ ойлголцоход бас цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Нийгэм бид хоёрын ойл­голцол урьдыг бодвол илүү ша­танд гарсан байх гэж бодож байна.

-Биднийг оюутан байхад таны зааварчилгаа их хэрэг болдог байсан. Тэрийг эхээр нь уншаа­рай. Харин тэрийг бол ту­хайг нь олоод уншчи­хаарай гэх мэтээр. Одоо “Непко”-оос зарим сон­годгийг хялбаршуулж, ху­раангуйлсан хэл­бэ­рээр гаргаж байна. Энэ бизнес үү. Достоевскийг жишээ нь хүүхдүүд энэ хэлбэрээр уншаад юу авах юм?
-За ямар ч байсан “Непко” компани нийгмийг хүмүүжүү­лэх энэ тэр үүрэг бол ерөөсөө хүлээгээгүй. Тийм зорилго ч тавиагүй. Хамгийн түрүүний асуудал ерөөсөө ашиг л байх ёстой биз дээ? Шударгаар хэлэхэд тийм биз дээ? Гэхдээ мэдээж энд өөрийн хязгаарууд бий. Ашгийн төлөө гээд одоо жишээ нь хүн хуурсан, хул­хидсан юм хийгээд байж бо­лохгүй. Юу яасан долоо хоно­гийн дотор англи хэл сургадаг, хоёр сарын дотор баяжуулдаг ном энэ тэр вэ! Мэргэ төлгийн ном энэ тэр гээд хичнээнээрээ гарч байна. Тэдний дэргэд бидний хийж байгаа зүйл бол өндөр моралиар хянагдсан, хуулийн доорхи бизнес. Ямар ч байсан би өөрийгөө үлгэр жишээ л байх ёстой гэж боддог.

-Танайх хэвлэх үйлдвэр­тэй юу?
-Байхгүй. Хэвлэх үйлдвэр­тэй байх шаардлагагүй. Улаан­баатарт 30 гаруй хэвлэх үйлд­вэр байна. Тэгэхээр тэнд хүн хийж чадаж байгаа юмыг дахиж хийж чадах гээд яах юм бэ? Бид үйлдвэр сайн ажиллуулж чадах уу, үгүй юү? Надад бол ийм зарчим байдаг. Миний хийж байгаа юм юун түрүүн улсдаа нэгдүгээрт л байх ёстой гэсэн. Хэрвээ би гуанз байгуулж ажиллуу­лаад, тэр нь улсын хэмжээнд чанараараа гурав­дугаарт орж байвал би гуанз ажиллуулахгүй. Нээрээ шүү! Хэв­лэлийн үйлдвэр, хэвлэлийн га­зар гэж хоёр тусдаа юм байна аа даа. Тэрийг манайхан хольж ойл­гоод байдаг юм. Тэгэхээр манайхыг хэвлэх үйлдвэр ажиллуулаад л, номоо өөрсдөө хэвлээд л, машин зашин ажиллуулаад байдаг гэж ойлгоод байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүний тухайд хам­гийн сайн нь манайх л байх ёстой. Хамгийн сайн нь л байж чадахгүй бол хийж яах юм! Гагцхүү ахин хэлэхэд миний үйл ажиллагаа хуулийн хүрээнд л байх ёстой. Одоо ухаан нь хууль бус юм би хийх юм бол намайг анаад сууж байгаа улсууд цаана чинь зөндөө байгаа. Хичнээн янзаа­раа хэлүүлчихсэн улс чинь намайг өөрсөдтэйгөө адилхан хулгайч гэж батлахын тулд өдөр шөнөгүй харуулд гарч байгаа. Тэгэхээр би хуулиас гадуур юм хийх эрхгүй. Би өөрөө тэрнийг зөвшөөрдөггүйгээс гадна надад тийм эрх байхгүй. Ерэн хэдэн онд цаадуул чинь намайг гүтгэхээрээ нэг болсон. Яаж гүжирдэж байлаа даа? 2000 оноос эхлээд би тэднийг зөндөө л хэлсэн. За, чиний идсэн төч­нөөн сая долларыг би ингэж ин­гэж тооцоод гаргаж ирлээ. Хэр­вээ би чамайг гүтгэсэн бол  шо­ронд сууя гээд байгаа. Би хэр­вээ алдаж гишгэх л юм болбол барьж аваад шоронд хийх, шууд түлхэж унагаах хүн зөн­дөө байгаа. Тийм учраас надад алдаж гишгэх эрх байхгүй.

НЭГ ЯРИЛЦЛАГААР ӨНХРӨӨД ӨГДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ?

-Та хурц, хорон үгтэй, арай ч дэндүүлжээ гэж өм­нөөс нь яс хавталз­маар  нийтлэлүүд олон жил бичсэн. Одоо харин харж байхад соён гэ­гээрүүлэх, танин мэдэх чиг­лэл рүү түлхүү бичдэг болж. Надад нэг хүн нийт­лэлчийн эр зориг ч цаг ху­гацаатай байдаг юм аа гэж хэлж байсан. Энэ байр байдал тань нас тогтож, хувийн амьдрал ахуй, бизнес, бүх зүйл нь төлөвшсөн хүний шинж үү, эсвэл та тэгж дайсан татаж байхаас залхаа уу?
-Үгүй. Зориг мохоод байх юм бол байхгүй. Зүгээр, харин нас тогтоод ирэхээр хүнийг нэр усаар нь дуудаж дайраад байх дэмий гэж манай эхнэр, ээж энэ тэр байнга загнадаг. Залуу насанд хүний зан авир омголон, хурц байдаг.

-Н.Энхбаярын тухай таны тэр ярилцлага түүнийг түл­хэж унагахад нэлээн том түлхэц болсон байх аа?
-Мэдэхгүй. Би нэг их түлхэж унагаах зориулалтаар, эсвэл захиалгаар ч юм уу хийсэн юм байхгүй. Тодорхой хувь хүнээс болоод нийгмийн тогтолцоо чинь өөрөө дампуурч унах нь байна шүү гэдгийг л би нотолж хэлсэн. Хэрвээ миний энэ но­толгоо худлаа байх юм бол тэр шүүх сэргийлэхдээ хан­дана биз. Би хэзээ ч хүн гүт­гэхгүй. Хэрэв гүтгэсэн байх юм бол тэр чинь хуулиас гадуурхи асуудал болоод явчихна аа даа. Түү­нээс биш надад тэдэнтэй бу­лаацалдах юм юу ч байхгүй. Би ганц ярилцлага өгөхөөр л өнх­рөөд өгдөг хэврэг Ерөн­хийлөгч юм бол одоо яая гэх вэ дээ.

-Нээрэн яагаад таныг шүү­хэд өгдөггүй юм бол. Ч.Улаан жишээ нь шүү­хээр ноцолдохдоо гар­гуун хүн шүү дээ ?
-Улаан бол ер нь шүүхээр л явж байдаг хүн дээ. Та яагаад тэр Баабартай шүүхэддэггүй юм гэж өөрөөс нь очиж асуух­гүй юу. Та энэ асууд­лынхаа ард нь гараач гэж хэлээч, цаадах­даа.

МУНХАГ ХҮНЭЭС ЗУГТАА!

-Baabar.mn гэж сайт ажил­лаж байгаа. Энэ сайтын ажил ямархуу байгаа вэ. Ма­­найхны зарим хэсэг цаа­сан сонины эрин ч одоо дуусч байна даа гэж хэлэх болж?
-Электрон эрин рүүгээ эрчимтэй шилжээд эхэллээ л дээ. Том том сонинууд дам­пуурч байна. Ингэхэд бид чинь дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг түрүүлж биш юм аа гэхэд, зэрэг олж мэдэх, зэрэг­цэж алхах хэрэгтэй юм байгаа биз дээ. Түрүүлэхээ байг л даа. Ядаж хоцроод яахав дээ. Юм удахаа болилоо шүү дээ. Наад барьж яваа гар утасныхаа жишээн дээр хар л даа. Хоноод маргааш сэрэхэд л нэг шинэч­лэл хийгдэж байгаа биз дээ? Одоо жишээ нь хэрэглэж байгаа компьютеруудаа хар. Наад гар утаснуудаа л хар. Ямар хурдан хуучирч хэрэггүй болж байна. Энэ дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байна. Санаж байна уу, арваад жилийн өмнө хоёр гурван компани гар утас оруулж ирж байхад зэ­рэгцүүлж пейжер оруулж ирээд хиншүү үнэрттэл шатсан хү­мүүс байдаг. Ерөөсөө жилийн дараа л хэрэггүй болчихсон. Сонин бол байх нь байлгүй л яахав. Гэхдээ энэ электрон ертөнцийн хурдыг яаж гүйцэх юм бэ? Одоо чиний сүүлийн хийсэн ярилц­лага дээр чинь 30 мянган хан­далт тоологдсон байна. Цааш нь нэг хандалтан дээр хичнээн хүн байх вэ, чи бо­доод үз л дээ. Гэтэл танай сонинг хэдэн хүн унших юм?

-Эрэгтэй эмэгтэй хоёр хүний юманд хандах хандлага үнэхээр ялгаа­тай л даа. Жишээ нь би өмнө нь нийтлэлийнхээ дор сэтгэгдэл хүлээж ава­хаас татгалзсан. Хаал­гачихдаг байсан. Янз бү­рийн бүдүүлэг хараал зүх­лээс залхаад. Одоо ч гэсэн хааж болох уу?
-Хааж болно л доо. Би л лав хаалгах дургүй. Хаалгачихаар хүн уншаагүй юм шиг санаг­даад байдаг юм.  

-Юу гэсэн үг юм бэ. Ун­шигч­дын маш цөөхөн хувь нь тийм юм хийж бай­­гаа шүү дээ. Эсвэл та­ныг доромжилж, зүхдэг­гүй болохоор тэр байх л даа?
-Юу гэж байгаа юм? Учир­гүй зүхдэг юм, зайлуул.

-Таныг уу даа?
-Гэхдээ би цөмөөрөнгийнх нь хаягийг мэдэх юм чинь яах юм. Үүнийг олж мэдэхэд ядаж цөхөх юмгүй дээ. Дорой, үг цөөтэй, хамаг юм нь дотроо илжирчихсэн улс л жорлонгийн ханан дээр юм бичиж өөрийгөө тайтгаруулдаг биз дээ. Энэ чинь нэг ёсондоо мастурбаци мая­гийн л юм даа. Тэгэхээр тэрийг өрөв­дөх ёстой байх аа. Зай­луул, чааваас хөөрхий, тэр хүн­дээ бол хором ч гэсэн аз жар­гал байх л даа. Чааваас тэр нэг муу амьтан бас жаргаг л дээ. Сэтгэгдлийг хаагаад хая­чихаар нөгөө нөхөр чинь яах юм, аягүй бол амиа хорлоно...

-Би сард нэг удаа тэдний хийснийг орж хардаг. Сэтгэл хямарч, гомдох шиг болдог?
-Үгүй, дараа чи тэр бичиж байгаа хүнийг нь олоод нэг харчих юм бол инээд чинь хүрнэ. Ямар арчаагүй амьтан байдаг гэж санаж байна. Хүн болгонд дээрэлхүүлээд л явдаг хүн байдаг даа.  Нийгэм нь тоохгүй. Гэр бүл, ойр дотнынхон нь тоохгүй. Хэн ч тоохгүй. Бүх хүнд адлуулаад л явдаг дорд амьтан.  Тэр хүний ялан дийлж болох ганц гарц нь энэ.
Үргэлж хүмүүсийн нүдэнд хог шиг үзэгдэж явдаг. Царай зүс, боловсрол мэдлэг, найз нөхөд гээд бүх юм байхгүй. Нийгэмд эзэлж байгаа байр суурь, үг хэл бүх юмаараа дээрэлхүүлээд явдаг тийм хүн дотроо ямар муу­хай хонзон өвөрлөж явдаг гэж санана? Тэр хонзон нь аль нэг газраараа гарах ёстой.  Эсвэл үргэлж амьдралд гом­доллож явдаг, энэ хорвоогийн бүх хүн түүний эсрэг гэсэн ганц зориулалттай болж төрсөн мэтээр ойлгож, хүн болгонтой муудан өсөрхөж явдаг хүн байдаг. Амьдрал нь бүтэлгүй, тэрнийхээ бурууг хүн болгонд тохож явдаг мөнхийн гомдол­той хүмүүс бий. Тэд л дээхнэ жор­лонгийн хананд юм сараач­даг байлаа. Одоо бол нэг муу бичиг үсэгтэй болчихсон бо­лохоор чадах юмаа хийж байгаа нь тэр. Ийм өрөвдмөөр амьт­дад гомдож яах юм! Над дээр идэвхтэй бичдэг найм есөн сэтгэгдэлчин бий, би бүгдийг нь мэднэ. Жишээ нь “Галт гарди” гэж нэг компаниас байнга бичдэг. Нус нь уруулаа давчих­сан нэг өрөвдмөөр амьтан байна билээ. Японд нэг бий, мэднэ. Америкт миний эртний таних нэг эр бий. Ажил сургууль байхгүй, айл айл хэсээд л явдаг... Анх сургуульд очсон юм байна, тэгээд бүтээгүй. Тэнд өлсч, даарч, ядарч, хүний нутагт зовж байгаа амьтан. Бас архи уумар болдог, ажилд тогтдоггүй тэнээд л явна. Үгүй тэгээд тэр хүн чинь зовлон зүдгүүрээ тэгж нэг тайлж байна шүү дээ хөөрхий. “Хужаа” гэж бичиж тайтгардаг нэг өвөр монгол бий.  Датакомын толгой компьютерээс нэг нөхөр байнга бичнэ. Надтай мөнгөний хэрүүлтэй бас нэг чааваас бий. Сайн ажиглавал цаадуул чинь өөрийнхөө зовлонг бичдэг юм. Бэлгийн асуудалтай болчихсон бололтой нэг нөхөр Цэнддоо бид хоёрыг байнга “зөнөж” гэж бичнэ. Хөгжлийн бэрхшээлээс болоод авгай олддоггүй нэг гар бий, тэрээр байнга “мэлхий, квазимодо” гэнэ. Өвөрмонгол, эрлийз хүмүүс “хужаа” гэж их бичнэ. Хөөрхий дөө! Чи наад бичиж байгаа улсуудаа мэдэхээрээ хүчирхэгээ мэдэрнэ. Чи өөрийнхөө ямар томыг мэдрэх байхгүй юу. Чи үнэхээр том юм бол тийм нусаа гоожуулсан, хорвоог зүхсэн арчаагүй юмнуудыг авч хэлэлцэж юугаа хийх юм бэ? Чи хүчирхэг болоод л хөөрхийс шаналж байгаа нь тэр. Чамайг хү­чирхэг болохоор л атаархаж байгаа, нур­найсан юм байсан бол өрөв­дөц­гөөнө биз дээ? Өрөвдүүлс­нээс атаар­хуул­сан нь хавьгүй том бахар­хал. Гомдоно гэдэг чинь илүүдээ гар­сан ажил. Гар хангалга хийж байгааг нь харахад харин ч зугаатай юм биш үү?

-Мунхаг хүмүүсийг засах хэрэггүй гээд байна аа даа?
-Би чамд их гоё сургаал ярьж өгье. Энэ бол Ошо багшийн номоос авсан сургаал шүү. Есүс гэгээрснийхээ дараа хар хурдаараа гүйж явна гэнэ. Араас нь нэг тариачин гүйцэж очоод “Та юунаас ингэтлээ зугтаана вэ?” Есүс хариулж байна. “Мунхаг хүнээс зугтаж байна”. “Тань шиг ингэтлээ гэгээрсэн хүн тэднээс юунаас нь айдаг болж байна?”. Есүс ингэж хэлжээ: “Үхсэн хүн амь орохыг хүснэ, өвдсөн хүн эдгэхийг хүснэ, харин мунхаг хүн мунхагаа мэддэггүй болохоор энэ зовлонгоосоо салах юмсан гэж хэзээ ч боддоггүй. Иймээс хамгийн аюултай ороолон бол мунхагууд. Тэднээс үргэлж зугтааж бай”.

ХОЦРОГДОЛ ДЭНДҮҮ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ

-Улстөрчид хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлтэй бол­дог нэг моод бий бол­лоо. Энэ яг ямар хэрэг­тэй юм бэ. Та бол бүгдийг нь мэ­дэж байгаа. Теле­визүүд гэхэд бүгд улс­төрч­дийн гарт байна. Биз­несийнхэн бас со­нинтой болж байна. Сүүл­дээ бүүр гаднын компа­ниуд орж ирж хэвлэл эрхэлж эхэллээ?
-Ардчилал гэдэг чинь өөрөө их сайхан тогтолцоо шүү дээ. Манайд мэдээллийн хэрэгсэл цөөтэй, нэг л зурагттай бай­саан. Өдөр тутмын нэг л сонин­той. Ийм нөхцөлд шинээр мэ­дээллийн хэрэгслүүд нэмэг­дэж, тэр нь нэгэн үе нийгэмд аягүй том нөлөөлж чаддаг бай­саан. Одоо зарим нь нөгөө инер­циэрээ л бодоод байх шиг. Нэг юмтай болчих юм бол сай­хан хүн гүтгээд, хүнийг сайхан доош нь хийгээд, алаад өгч болдог юм байна гэж бодоод эхэлсэн.

-Өөрийгөө хамгаалах хам­гаалалт гэж бас ха­раад байх шиг байна?
-Өөрийгөө хамгаална. Бусдыг рэкет хийж болно энэ тэр гээд ойлгочихож. Тэгээд ингэж ойлгоод баахан хөрөнгө зараад хийчихсэн чинь өнөө­дөр өдөр тутмын сонин хорин гурав байна. FM гэхэд хорин найм байна уу. Зөвхөн Монгол хэлээр гарч байгаа телевизийн суваг гэхэд бараг 40 хүрчихлээ. Ингээд жигд хуваарилагдаад ирэхээр зөвхөн чанарын асуудал дээр л өрсөлдөөн гараад эхэлж байгаа байхгүй юу. Тийм үү? Ийм байхад тэр нэг муу 200 хувь гардаг сонин дээрээ юу гэж ч хэлээд нөгөөдөхийг нь хэн олж унших юм бэ!  Нийгэм ардчилсан бо­лоод эхлэхээр мэдээлэлд бу­лаг­даад эхэлж байна. Тэрэн дот­роос гялалзаж, ялгарч л харагдахгүй л бол хэнд ч тоогдохгүй. Тэгээд нөгөөдөх чинь зайлуул сонин дээрээ очиж бичүүлсэн, хажуу айлдаа очиж ярьсан хоёр нь тэнцүү болчихож байгаа юм. Нэг ийм бороохойтой болчихвол болно гэж бодож болно. Гэхдээ тэр ганцаараа бороохойтой бол мундаг л даа. Цөмөөрөө бороо­хойтой тохиолдолд хэн нь сэр­гэ­лэн, хүч чадалтай ухаалгийн асуу­дал болж хувирна аа даа. Наа­дахь чинь бас л нэг сэтгэл­гээний хоцрогдол ш дээ. Чаа­ваас даа, аналоги телевизийн хэ­дэн суваг булаацалдаад л үх­чих гээд гүйлдэх юм, гэтэл дэл­хий бараг бүхлээрээ тоон сис­тем рүү шилжлээ, удахгүй 3 Ди телевиз цөмрөөд ороод ирнэ.

-Хоцрогдлоос хамаагүй ангид хүн хүртэл сонин байгуулаад эхэлж байна шүү дээ. Энэ юу гэж?
-Зах зээл, энэ салбарын онцлог энэ тэрийгээ буруу л хараад байгаа хэрэг. Хичнээн их гарлага гарч байгаа бол? Хай­ран мөнгө биш үү? Хоцрог­дол ч дэндүү өртөгтэй эд дээ.  
-С.Баяр дарга та хоёрыг хүртэл телевизтэй бол­чих­сон гэсэн яриа гарах юм даа?
-Харин тийм. Тэр нь яахав дээ, чааваас нэг нь захиалаад л, нөгөөх нь түгээж байгаа хэ­рэг. Улаан хацартын “Б” теле­визийг л  Б гэдэг нь Баяр, Баа­бар гэсэн үг гээд л ярих юм. Би тийм юмнуудтай заргалдаж явал­тай биш. Нөгөө талаасаа ер нь бид хоёр телевизтэй байж  ч болно шүү дээ. Хуулийн дагуу бол.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ 900 ЖИЛ ЗӨӨНӨ

-С.Баярыг тантай их хард­даг. Бүх юмны ард та­­ныг давхар хардсан хард­­лага явдаг байсан?
-Баяр тийм тэнэг хүн юм уу? Халбага сэрээгээр ам руугаа хоол хийлгээд явдаг эргүү хэрэг үү? Ард нь би нэг их ухаантай амьтан бүх юмыг зааж өгөөд л... Ийм юм ярьж байна гэдэг өөрсдийнхөө сэтгэлгээний төвшинг л харуулж байгаа хэрэг дээ. Баяр шиг ухаантай, сэргэлэн, юмаа хийж чаддаг тийм Ерөнхий сайд Монголын түүхэнд хэд байсан юм бол доо ер нь. Баяраас өөр хүн байсан бол энэ Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу. Хэдэн Засгийн газар дамж­лаа даа? Энэ хамтарсан Зас­гийн газраар чинь Оюутолгой, Та­ван­толгойн гэрээнүүдийг бай­гуулуулж, энэ улсыг мөн­хийн ядуурлаас нь гаргах зам руу нь орууллаа шүү дээ. Энийг л хийхийн тулд энэ Засгийн газ­рыг байгуулсан. Мэдээжийн хэ­рэг тэр санаа Баяраас гарсан байж таарна. Ингэж л явуу­лахгүй бол өөр ямар ч арга зам алга байв?

-Одоо ч гэсэн хэдэн нөх­дүүд суучихаад “Энэ бол гай гамшгийн гэрээ”  бол­лоо гээд л шүүмж­лээд байгаа ?
-Хэн тэгж байгаа юм. Их хурал баталчихсан. Шийдвэр гаргагч нар дотор тэгж орилоод байгаа хүн бараг байхгүй байх аа. Харин ч тэдний насны бахархал байх шүү. 1992 онд Үндсэн хууль батлахад бараг хүн болгон янз бүрийн юм яриад байсан, одоо бол бүгдээрээ л Үндсэн хууль хийхэд гар бие оролцсоноороо ихэд бахархдаг.

-Хэдэн нөхдүүд орой бол­гон л ярьж байгаа ха­рагд­даг шүү дээ. Эрдэм­тэд гэсэн хэсэг хүн суучи­хаад эсэргүүцээд л ярьж байгаа харагддаг?
-Одоо цаана чинь бүгд эрдэмтэд болчихсон. Эрдэм­тэн биш хүн байгаа юм уу? Гараад л чи нүдээ аньж байгаад нэг чулуу шид дээ. Шууд л нэг эрдэмтний толгой хага. Наад эрдэмтэн гэдэг чинь одоо “амьд хүн” гэсэн утгатай үг болчихсон.

-Та инээд хүргээд байх юм аа. С.Батболд одоо Та­вантолгойн гэрээг хийж чадах болов уу?
-Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ? Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна даа.

-Тантай өдөр болгон уул­зах биш. Уулзсан дээрээ асууя гэж бодож байна. Одоо “Тавантолгой”-гоос татах төмөр замын асуу­дал ид яригдаж бай­на. Дахиад хэрүүл. Олон хүн байр сууриа илэр­хийлж байгаа. Таныхыг хүмүүс үнэхээр сонир­хож байгаа?
-Хоёулаа зүгээр л нэг тоо бодъё. Манай төмөр замын жилийн ачааллын даац нь 10 сая тонн. Вагоноор бид явахаа болчихъё, элдэв юмнуудаа зөөхөө болчихъё, дан нүүрс л зөөе. Есөн тэрбум тонн нүүрсийг манай энэ даацаар гаргахад хэдэн жил хэрэгтэй вэ? За бодъё. Жилд 10 саяыг гаргана, 10 жилд 100 саяыг гаргана. 100 жилд нэг тэрбумыг гаргана гэхээр есөн зуун жил зөөх нь ээ? Есөн зуун жил ганцхан Тавантолгойг л зөөх нь байна даа. Усан онгоц, нисэх онгоцоор зөөх бололцоо байхгүй. Манай нэг хэсэг нөхөд таван метр хүрзээр ухаад зөөдөг гэж ярьсан. Зурагтаар бүр нэлээн боловсролтой хүн ярихыг сонссон шүү. Нөгөө талаасаа 2050 оноос эхлээд дэлхий дээр нүүрсийг шатааж хэрэглэхээ болино гээд байгаа юм. Одоо дэлхийн дулаарал болж нүүрсний шаталтаас болоод хүлэмжийн хий хэтэр­лээ. Өөрөөр хэлбэл шинэ тех­нологитой болохгүй бол дэлхий чинь өөрөө даахаа больж байна шүү дээ. Яагаад одоо ингэж их хүйтрээд байгаа юм бэ? Энэ чинь дулаарал байхгүй юу. Италид хүртэл энэ жил хасах 20 хэм хүрлээ. Энэ бол дулаарлын гол том илрэл. Хойд мөсөн далай хамгийн ойр бүсийнхээ халуун агаарыг сорж авч байгаа хэрэг. Энэ чинь мөс хайлж байгаа процесс шүү дээ. Мөс хайлахаар фазын шилжилт гэж юм болж орчныхоо дулааныг сордог юм. Хойд бүсийн орнууд ингэтлээ хүйтэрдэг бол аягүй том дохио. Хүн гэдэг амьтан чинь эргээд дэлхийгээ сөнөөчих гээд байна даа.

-Нүүрсээ гаргая, харин аль замаар гаргах вэ гэж хэрэлдэж байна. Хойшоо юу, урагшаа юу. Аль маршрут нь зөв юм бэ гэж л тулсан асуулт тавьж байгаа юм. Ахиад зургаан жил хэрэлдэх юм биш биз дээ?
-Би ямар шийдвэр гаргагч юм уу?

МАХН АЛДААГАА ӨӨРӨӨ ОЛЖ ХАРСАН НЬ САЙН ХЭРЭГ

-Ойлголоо. Таны удахгүй гар­гах ээлжит номын ту­хай мэдээлэл түгээд уд­сан. Тэр бол “Сталин”. Одоо яг ямар шатандаа явж байгаа вэ. Яагаад та энийг барьж авсан ту­хайгаа яривал?
-Сталины тухай намтар олон гарсан. Оросын жүжгийн том зохиолч Радзинский  гэдэг хүн хамгийн анх нууц асан архив руу ороод үнэн мөнийг нь олж ном бичээд Америкт хэвлүүлсэн.
-Эрх нь Америкт байгаа юм уу?
-Тийм л байна. Гэхдээ би энэ номыг орос хэлнээс орчуулсан. Радзинский  өөрөө оросоор бичээд Америкт эхэлж хэвлээд, сүүлд нь Орост гарсан юм. Би өөрөө сая Москва яваад хэвлэлийнх нь газраар ороод эрхийг нь өгчих гэсэн чинь “бидэнд зөвхөн Орос дахь эрх бий, бусад нь Америкт байгаа” гэсэн. Тэгээд Америкаас эрхийг нь худалдаж авсан юм л даа. Дэлхийн маш их олон оронд хэвлэгдсэн. Яагаад гэхээр өмнө нь хүн мэддэггүй байсан асар их баримт энд байгаа. Хоёрдугаарт, энэ хүний бичлэг, зохиомж минийхтэй их төстэй. Маш задгай бичсэн. Ийм хэмжээний чөлөөт хэлбэр одоо ер нь зөвлөлтийн бичлэгт өмнө нь байсан ч юм уу, үгүй ч юм уу гэмээр. Та нар номыг уншихаараа мэднэ. Гуравдугаарт, би олон ном нэлээн хэдэн хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс ийм том ном орчуулж үзээгүй. Урьд нь Солженицын, Чехов, Шукшин нарын богино өгүүлэл, өгүүллэг орос хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс орчуулах чадвараа бас шалгах гэсэн юм. Би бас өөрийнхөө чадвараа харуулах гээд байна шүү дээ.

-Том сенсаац дэгдэх байх даа. Бүрэн хэмжээний түүх нь биз дээ. Өөрөө их зөрчилтэй, хүчтэй фигур. Намтар нь ээдрээтэй. Төрсөн он, сар, өдөр нь ч хэдэн янз байдаг биз дээ?
-Оросын ард түмний өөрийнх нь тэр их онцлогийг их илэрхийлсэн зохиол байгаа. Орос орон өөрөө их парадокс­той. Ард түмэн нь хоёр хязгаар дээрээ байдаг тийм сонин орон шүү дээ. Тэр өнгө төрхийг нь Радзинский сайхан гаргасан байна лээ.

-Хувийн нууцууд нь хэр их байна вэ. Бүсгүйчүүд, бутач хүүхдүүд гээд. Бүсгүйчүүдээс нь гэхэд ганц хоёрхон нь дурдат­галаа бичсэн байдаг юм билээ. Бусад нь далд амьдралаар явчихсан?  
-Өө, маш нарийн юмнууд байгаа. Ер нь бол бүх л цаад наад талтай нь гаргаж ирсэн. Архив олж ирэх яах вэ, нэг тустай асуудал. Тэрийг хол­боод дүгнэлт хийх чинь өөрөө хамгийн том агуу ажил юм шүү дээ. Түүнээс гадна олон түмэнд хүргэхийн тулд зохиомж сайтай бичнэ гэдэг зөвхөн авъяасаас хамаарах эд.   
-Алиевийн номыг гара­хад улс төрийн хүрээ­нийхэн л илүү уншсан бай­сан. Ардаа шивэр авир хийцгээгээд л. Хэн нэ­гэнтэй жишээд л. Ста­линыг бас тэгэх юм биш биз дээ. Арай бас цаад са­наанаас тань далд ямар нэгэн адилтгал энэ тэр гарах юм биш биз дээ?  
-Үгүй үгүй. Яахав тухайн юмыг жиших гэдэг бол хүний төсөөллийн асуудал. Алийг алинтай ч жишин төсөөлж болно шүү дээ.

-Таныг бол дандаа л тий­мэрхүү юм руу холбодог шүү дээ?
-Алиевийг орчуулсан явдлыг жишээ нь  би их таашаагаад байгаа.

-Яагаад?
-Яах юу байдаг юм. Тэрийг чинь МАХН өөрөө санаачилж, “Үнэн” сонины эрхлэгч нь ор­чуулаад, тэгээд тэрийгээ яг тэр бага хурал дээрээ аваачиж та­раагаад, тийм ээ? Энэ бол зо­риуд МАХН өөрөө хийсэн ажил шүү. Надад ямар хамаатай юм.

-Дараа нь өөрсдөө ун­шаад л. Элдэв шог гар­гаад л?
-Өөрсдөө уншаад л... МАХН өөрөө өөрийнхөө алдааг олж хараад, тэгээд тэрэн дээрээ жиших юмаа гаргаж ирээд, өөрийнхөө бага хурал дээр ингээд тарааж байна гэдэг бол эерэг үзэгдэл. Хүн өөрөө алдаагаа олж харах чинь маш чухал юм байдаг биз дээ.

АМЬД ЯВСНЫ УТГА УЧИР

-Сталин бол тиймэрхүү хардлагад өртөхөөргүй өөр хэмжээний сонгол­тоор явж байгаа юу. “Нян­гар хаданд гарсан нь” дээр гэхэд таныг зөндөө харааж байгаа дуулдсан?
-“Нянгар хаданд гарсан”-ыг 2004 онд бичлүү дээ.  Энэний эх зохиол нь анх 1920-иод онд бичигдсэн зохиол юм байгаа юм ш дээ. Бид тэр романыг кино болгосон. Тэгээд л одоо гар­гаад ирэхээр өөрөө өөрсдийгөө олж харчихаад уурлаж үхчих гээд байгаа царай нь тэр.

-Би нэг МАХН-ын нэлээн нэрд гарсан залуу сай­даас сүүлийн үед үзсэн ки­нонуудынх нь тухай асуусан юм. “Би чамд хайр­тай-2”-ыг үзсэн гээд л ярьж байна. “Нянгар хаданд гарсан”-ыг та үзээгүй юм уу гэтэл шууд би үзэхгүй гэж хариулж би­лээ. Яагаад гэсэн асуул­тад хүмүүс үзээд хэ­рэггүй гэж зөвлөсөн гэсэн юм?
-Өөрийгөө олж хараа биз.
-Танай эхнэр Амарсанаа Оксфордын англи-мон­гол толь зохиосон учир өнгөрсөн жил “Гоо зүйн шаг­нал” авч байсан. Анг­ли хэлний мэргэжлийн хүн үү?
-Уг нь Харьковын их сур­гуу­лийг физикч мэргэжлээр төгс­­сөн. Бид хоёр нэг инсти­тутэд хамт ажиллаж байсан. Да­раа нь хамт Москвад аспи­ратурт байлаа. Генийн инженер болсон юм. ШУТИС-т моле­куляр биологийн багшаар ажил­лаж байсан. Оксфорд, Кол­линзын хоёр толь удирдаж хий­сэн. Одоо Коллинзын монгол-англи толь хийгээд сууж байна. Монголд буй болсон хамгийн анхны стандарт барууны толь доо. Цаанаасаа шаардлага маш өндөртэй.

-Мундаг эхнэртэй юм аа?
-Би амьдралд дандаа азтай, аатай явсан. Харамсах юм юу ч байхгүй. Сайхан ч амьдарсан. Энэ амьдралыг би үрэн таран хийгээгүй, амжилт­тай, аатай, азтай, үр бүтээлтэй, зөв шударга ашигласан. Эц­сийн бүлэгт хүнд энэ л бахар­хал юм гэж боддог, амьд явсны утга учир энэ биш үү? Зөв явж чад­вал хорвоо зөөлөн шүү дээ. Эрх чөлөөт хүн өөрийнхөөрөө амьд­рах шиг сайхан юм хаа байнa?!

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
www.ganchimeg.niitlelch.mn
2010 оны 2 сарын 18