Showing posts with label МӨНХБАЯСГАЛАН Л.. Show all posts
Showing posts with label МӨНХБАЯСГАЛАН Л.. Show all posts

Thursday, 24 July 2014

Л.Мөнхбаясгалан: Би Х.Тэмүүжингийн фанат байлаа

“2-р суваг”  телевизийн гүйцэтгэх  захирал Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “Үндэсний шуудан”  сонины сэтгүүлч С.Шийлэгтөмөрт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлэг олны анхаарлыг татлаа. Нэвтрүүлэг гарсан даруйд үзэгчид таныг мундаг байна гэж үнэлсэн байх. Харин одоо тэр ярилцлагаа захиалгаар хийсэн гэх боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ. Та тэр зочинтойгоо анх яаж холбогдож уулзсан юм бэ?
-Тэр ярилцлага гарсны дараа хүмүүс намайг мундаг байна гэж ерөөсөө хэлээгүй. Анхнаасаа л  Х.Тэмүүжинг буруутгах гэж захиалгаар хийлээ гээд л гүтгэж эхэлсэн. Би энэ ярилцлагыг хийгээд сайн юм сонсоогүй.
Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудал дэгдсэнээс хойш биднийг “Сэтгүүлчид баримттай ярьж, бичих хэрэгтэй. Сэтгүүлчид худалдагдсан. Худалдагдаагүй л юм бол баримт ол” гэх олон нийтийн хандлага байсан. Үүнийг бүх сэтгүүлч мэдэж байгаа.  Би тухайн үед Х.Тэмүүжин сайдыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ гурав, дөрвөн удаа урьсан. Гэвч ирээгүй. Харин тэр охиныг нэвтрүүлэгтээ яаж оруулснаа ярья. Манай нэг сэтгүүлч Г.Сарангэрэлийг хориход байхад нь “Ярилцлага өгөөч, ийм ийм асуултад хариулт өгөөч” гээд захидал бичиж байсан юм билээ. Гэвч тэр нь бүтээгүй. Харин өмгөөлөгч нь манай телевизэд ярилцлага өгч байсан. Бусад телевиз түүнийг ярилцлагад оруулахгүй байхад манайх оруулж байсан. Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргахдаа Г.Батбаяр өмгөөлөгч  манай сэтгүүлчийг дагуулж яваад тэр зочид буудалд очсон байсан. Би үүнийг сэтгүүлчээсээ утсаар мэдээд өөрөө шууд очсон. Намайг очиход “Стар” телевиз ярилцлагаа аваад явчихсан байсан.  Тэгээд би Г.Сарангэрэл охинд “Манай телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгөөч. Үнэнийг хэлээч” гэсэн. Г.Сарангэрэл “За тэгье” гээд миний саналыг хүлээж авсан. Тухайн үед найз залуутайгаа хамт байсан. Яагаад манай телевизийн студид ирсэн бэ гэвэл, тэр өөрөө “Би шоронгоос гарч ирсэн хүн. Гэхдээ муухай харагдмааргүй байна. Нүүр ам, үсээ янзалмаар байна” гэхээр нь “За тэгвэл манай телевиз дээр очоод ярилцлагад орчих. Би нүүр хувиргагчаа дуудъя” гэсэн юм. Ингээд нүүр хувиргагчаасаа гадна нарийн бичгээ дуудсан, зураглаач нар бүгд ирсэн. Ярилцлага эхлэхийн өмнө одоо намайг гүтгэж яриад байгаа өмгөөлөгч Г.Батбаяр нь ирсэн. Ирээд “Асуудлыг нэг бүрчлэн яриулж болохгүй шүү. Тэгэх юм бол муухай. Зөвхөн бэлгийн харилцаатай байсан гэдгийг нь хэлүүлээрэй. Түүнийг нь хэлүүлэх нь зөв. Би ч сая өөрт нь хэлчихлээ. Миний зорилго бол би Өмгөөлөгчдийн холбоог авах сонирхолтой. Өмгөөлөгчдийн холбоотойгоо таардаггүй. Тэмүүжин саунд бүр ёс бусаар харилцдаг байсан нь үнэн” гэж ярьсан. Түүнийг ярихад миний хажууд манайд ажилладаг хоёр ч хүн байсан. Тэд бүгд гайхсан байх. Одоо ч тэднээс асууж болно. Би “Ингээд ярьчихаар найз залуу нь уурлаад бөөн юм болох юм биш үү” гэхэд, өмгөөлөгч Батбаяр “Би найз залууд нь “Ийм PR-ын ажиллагаа явуулж байгаа юм аа. Чи битгий итгээрэй” гээд хэлчихнэ. Тэгэхээр найз залуу нь яах ч үгүй” гэсэн.  Тэгээд л ярилцлагаа хийсэн. Г.Сарангэрэл бид хоёр хоёулхнаа байж байгаад ярилцаагүй. Зураглаач гэхэд гурав дөрвөн хүн, нүүр хувиргагч, эфирт миний өмсөх хувцсыг авчирч өгсөн хүн гээд олон хүн байсан. Тэр хүмүүс бидний ярихыг сонсоод толгой сэгсрээд “Х.Тэмүүжин сайд арай ч дээ, энэ охиныг баллаад хаячихлаа шүү дээ” гэсэн. Бас нэг нь “Сарангэрэл ээ, чи яагаад инээж яриад байгаа юм бэ... ” гэж хүртэл хэлсэн. Тэгээд маргааш нь ярилцлага  гаргаснаас хойш над руу дайралтууд их ирж эхэлсэн дээ. Уг нь би мэргэжлийн ур чадвараар тухайн дуулианы нэг номерын эзэнтэй ярилцсан. Сенсаац хаана байна. Би тэнд л очно. Миний хөтөлдөг нэвтрүүлгийн нэр нь “Цензургүй яриа”. Тиймээс ямар нэгэн цензур  байх ёсгүй. Энэ үүднээсээ би хөлөө хугалчихсан хэдий ч өөрөө ярилцсан. Мэргэжлийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж, дуулианы эзнээс ярилцлага авах хүсэл надад байсан. Монголын бүх сэтгүүлч ийм хүсэл байсан л байгаа. 
-Таны зочин өөр нэг телевизэд ярилцлага өгөхдөө шал өөр зүйл ярьсан шүү дээ. Аль телевизэд нь үнэн ярьсан болж таарч байна вэ?
-Намайг ярилцлага авахаас өмнө “Стар” телевиз ярилцлага авчихсан юм билээ. Харин надад бол үнэнээ ярьсан. Гэтэл одоо намайг дарамталж байгаад ярилцлага авсан гэж байна. Надад дарамтлуулах хүмүүс тэд мөн үү. Хэрвээ би дарамталсан бол тэр хүн эфирт инээгээд ярих уу. Суга таяг тулсан намайг түлхэж унагаад зугтаагаад явахад би хөөгөөд гүйцэх үү. Эрүүл саруул хөл гартай өмгөөлөгч нь, найз залуу нь, найз охин нь нийлээд ч намайг дийлэхгүй гэж үү. Инээдтэй юм ярих юм аа.
-Таны зочин зөвхөн танд л, танай телевизэд л үнэнээ ярьсан гэдэгт яаж итгэж байгаа юм бэ?
-Одоо итгэхэд хэцүү болчихлоо. Надад нэг өөрөөр ярьсан. “Стар” телевизэд өөрөөр ярьсан. Би тэр охиноос үнэнийг ярихыг л хүссэн. Би Х.Тэмүүжин сайдыг ярилцлагад урьсан ч ирээгүй. Тиймээс нөгөө эх сурвалжийг нь олж аваад л ярилцсан. Тэр охин өөрөө “Би үнэнийг хэлье. Би Х.Тэмүүжингээс болж их хохирлоо. Миний араас үхэн хатан гүйдэг байсан хэрнээ намайг шоронд оронгуут хулгайч, хар тамхичин гэж ярилцлага өгсөн байна лээ. Би түүнд нь гомдож байна” гэсэн. Ярилцлагадаа ч хэлсэн байдаг.  “Х.Тэмүүжин, О.Баасанхүү хоёрт гомдолтой байна. Гомдлоо гаргана” гээд. Өмгөөлөгч нь хүртэл миний өрөөнд сууж байгаад “Одоо Х.Тэмүүжин дээр эрүүгийн хэрэг үүсгэнэ. Садар самуунд уруу татаж орон байраар хангасан, бүр Хууль зүйн яамныхаа ажлын өрөөний арын өрөөндөө янз бүр болж байсан. Энэ бол албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болж ч мэднэ. Гэхдээ одоо бол зөвхөн хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Энийг тусад нь гаргаж болох асуудал” гэж ярьж байсныг сонссон хүн надаас гадна хоёр байгаа шүү. Гэтэл өнөөдөр болохоор би тийм ярилцлага өгснийг мэдээгүй гэж байна. Манай телевизийн камерт бичигдэж үлдсэн гэдгийг тооцоогүй бололтой. Мөн дарамтлуулж айж сүрдсэн гэх Г.Сарангэрэл охины инээж ханиаж байгаа, нүүр амаа будуулж байгаа зэрэг дүрс бичлэг ч байгаа шүү дээ. 
-Та тэгээд өмгөөлөгчид нь “Яагаад ингэж байгаа юм бэ. Өмнө нь өөр зүйл ярьж байсан биз дээ” гэж хэлсэн үү?
-Өчигдөр (уржигдар) залгаад “Батбаяр өмгөөлөгч өө, энэ чинь юу болж байгаа юм бэ. Та хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ” гэсэн чинь “Юу болсныг чи мэдэхгүй байна уу. Чи одоо намайг заналхийлж байна уу. Би чиний яриаг утсандаа бичиж авлаа” гээд хашгираад байхаар нь “Би танд үнэхээр гомдолтой” байна гэж хэлээд л утсаа тасалсан даа.
-Х.Тэмүүжин сайд энэ бүхний цаана Х.Баттулга гишүүнийг байгаа гээд хэлчихсэн. Олон нийтийн дунд ч бас ийм ойлголт байх шиг байна.
-Чи сэтгүүлч хүн юу гэж бодож байна вэ?
-“Аль нь үнэн юм бол доо” гэж эргэлзсэн бодолтой байна. Надтай адилхан ингэж эргэлзэж байгаа хүн олон байгаа байх. Та энэ эргэлзээг тайлах хүний нэг нь. Та миний ярилцлагад хэн нэгэн нөлөөлөөгүй. Зөвхөн үнэнийг яриулсан гэдгийг яаж нотлох вэ?
-Х.Тэмүүжин сайдын хоёр удаагийн ярилцлага  хоорондоо зөрдөг. Эхний удаад “Би тэр охиныг танихгүй. Өмгөөлөгч олж өгөөч гэж над руу утсаар ярьж байсан. Би О.Алтангэрэлийг явуулж өмгөөлөгч олж өгсөн” гэж ярьсан. Тэр охин болохоор ерөөсөө тийм зүйл болоогүй гэж ярьдаг. Гэтэл дараа нь 25-р суваг телевизэд болохоор “Тийм ээ, би Сарангэрэлтэй нэг хүний төрсөн өдөр дээр танилцсан гэсэн шүү дээ. Сонин л юм. Төрсөн өдөр саунд  болж байдаг. Тэр төрсөн өдөр болсон саунд нь 17-той охинтой 40 нас хүрсэн Тэмүүжинтэй танилцаж байдаг. Энэ бүхнийг Сарангэрэл л ярьсан шүү. Одоо Х.Баттулга гишүүнийг  чирээд ирлээ. Намайг яагаад Женкотой хардах болов гэвэл би төмөр замын нарийн царигийг эсэргүүцдэг. Энэ бол миний итгэл үнэмшил. Зургаан жилийн өмнөөс л ийм итгэл үнэмшилтэй яваа. Цаашид ч явна, би. Яагаад гэвэл миний өвөг дээдэс энэ Монгол Улсдаа аж төрж байсан. Надаас хойш миний үр хүүхэд, удам угсаа энэ л Монголдоо үе улиран сууж амьдрах юм. Тиймээс би үр удмаа гаднын улсын хараат болсон нийгэмд үлдээмээргүй байна. Эх орноо бодож байгаа олон мянган залуусын л нэг. Би Х.Тэмүүжин шиг мөнгөний төлөө хүүхдээ  бусдад үрчлүүлээд шүүхийн шийдвэрээр буцааж авах хүн биш. Тиймээс удам угсаа минь  эх орондоо сайхан амьдраасай гэдэг үүднээс өргөн царигийг дэмжиж байгаа. Үүгээр хардаж миний мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхэнд халдаж байна. Ганц энэ ч биш дээ. 18 жил хардуулж элдвээр доромжлууллаа. Тэр бүхэнд би улцганаж, уйлагнаж тайлбар хийж явсангүй. Харин одоо тэвчээр барагдлаа. Дуугүй өнгөрөөх арга алга.
-Та хуулийн байгууллагад гомдол гаргана гэсэн үг үү?
-Тэгнэ. Намайг янз бүрийн хүмүүс 18 жилийн турш гүтгэхэд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Харин одоо гомдол гаргана. Яагаад гэвэл өмгөөлөгч хүн намайг гэмт хэрэгт гүтгэлээ. Хүнийг айлган сүрдүүлж дарамталж байж ярилцлага авсан  гэдэг чинь гэмт хэрэг биз дээ.  Бас хүн алсан гэлээ.
-Хуулийн байгууллагад хандлаа гэхэд танд гэрч болох, зөвхөн үнэнийг яриулсан гэдгийг хэлэх хүн бол Г.Сарангэрэл. Та түүнтэй холбоотой байгаа юу?
-Өмгөөлөгч нь мэдэгдэл хийхээс өмнө миний өрөөнд өдөр бүр ирдэг байсан. Найзтайгаа ирээд тамхи татаад, Х.Тэмүүжин сайд болон нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргын тухай баахан ярьж байгаад л явдаг. Бичлэг нь надад байна. Өнөөдрийг хүртэл хөөрхий дөө, эвгүй юманд орооцолдчихлоо доо гээд тэр охиныг өрөвдөж байна. Одоо бол өрөвдөж итгэхэд хэцүү болчихлоо. Харамсалтай л юм. Гэвч намайг бүх баримтаа нэг амьсгаагаар гаргаад тавьчихдаг гэнэн шувуухай биш гэдгийг тэд тооцсонгүй.
-Таны эсрэг байгаа хүмүүс таны талаар мэдээлэл цуглуулаад эхэлсэн байна. Тухайлбал, О.Дашбалбар агсантай холбоотой мэдээлэл. Таныг түүний үхэлд буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ?
-Өнөөдрийг хүртэл нас барсан хүний тухай юм яриад яахав дээ гэж бодож ирсэн. 16 жил дуугүй явлаа. Хүний амьдралын 16 жил гэдэг асар урт хугацаа. 16 жил дуугүй явна гэдэг ямар их тэвчээр, ямар их сэтгэлийн хат шаарддагийг мэдэх хүн л мэднэ. Ингэж хэлүүлж явах үйлийн  үртэй бол эдлээд л өнгөрөөе гэж бодож явлаа. Харин өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Тиймээс энэ хэргийн талаар одоо хуулийн байгууллагад хандах цаг болжээ. Үнэнийг хэлэх цаг болж.
-“2-р суваг” бол шинэ  телевиз.  Танай телевизэд ямар хүн хөрөнгөоруулалт хийсэн юм бэ. Яагаад ингэж асуув гэхээр, хөрөнгөоруулагчийнхаа захиалгаар энэ бүхнийг хийж байна гэсэн хардлага байгаа шүү дээ?
-“Хөрөнгө оруулагчийнхаа захиалгаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нь Женко Баттулга гэж ярьж байгаа. Би компанийнхаа бичиг баримтыг үзүүлж болно. Бүх бичиг баримт нь миний нэр дээр байгаа. Хөрөнгө оруулагч нь Шижир гэж хүн бий. Халтмаагийн Баттулга гэдэг хүн надад нэг ч төгрөг өгөөгүй, энэ компаниас хувь эзэмшээгүй байхад тэр хүнийх гэж хэлж болохгүй. Би энэ телевизийг Женкогийнх гэж хэлснийг нь нотлохыг шаардах болно. Надаас өөр дөнгөж сургуулиа төгссөн сэтгүүлч байсан бол мэргэжлээрээ ажиллахаас няцмаар байна шүү дээ. Харин би бол няцахгүй. Гэхдээ урам хугарч байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг байдаг даа. Би Х.Тэмүүжинг арай ч ингэнэ гэж санасангүй.    
-Та Х.Баттулга гишүүнийг дэмжиж ажилладаг юм байна. Харин Х.Тэмүүжин сайдтай өмнө нь ямар харилцаатай байсан бэ?
-Х.Тэмүүжин бид хоёр найз байсан. Би бараг түүний фанат байсан. Би Х.Тэмүүжингийн номыг уншдаг, үг бүрийг сонсдог байсан. Ёс зүйт, эрх зүйт нийгмийн тухай ярьдаг шударга залуу гэж саяхныг хүртэл итгэж байсан. Харин Ё.Отгонбаярын эхнэрийг баривчлаад хэрэг тохож байхад нь “Нөгөө ёс зүйт төр, либертари үзэл санаа чинь хаачив” гээд эсэргүүцэн бичиж байлаа. Дараа нь энэ асуудал дэгдсэн. Би тэгэхэд өөр рүү нь мессеж бичээд “Би таныг дэмжиж байгаа шүү. Та бол манай үеийнхнээс хамгийн хол явах нь шүү” гэсэн. Энэ итгэл үнэмшлээрээ ч бахархдаг байсан. Харин Г.Сарангэрэл гэдэг охинтой ярилцлага хийснээс хойш миний түүнийг үзэх үзэл өөрчлөгдсөн. Энэ ярилцлагынхаа дараа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Х.Тэмүүжин сайдыг ярилцлагад урьсан. Гэтэл “Би Женкогийн телевизийн ярилцлагад орохгүй” гэсэн. Ийм Хуульзүйн сайд байж болдог юм уу. Өнөөдөр Монгол Улсын Хуульзүйн сайд нь ийм асуудалд орооцолдчихоод энэ бүхнийхээ эсрэг сэтгүүл зүйг гүтгэн гутаан доромжилж,  сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд, телевизээр энэ бол зохион  байгуулалттай хэрэг гэж зарлалаа. Энэ бүхнээ нотлох хэрэгтэй. Х.Тэмүүжин ийм байхаар бусад нь яах юм бэ гэж гутарч байна. Н.Энхбаяр намайг шүүхэд өгнө гээд бөөн асуудал болж байхад би өмгөөлөгч олж өгөөч гээд Ардчилсан намын нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин дээр очиж байсан. Тэгэхэд Х.Тэмүүжин “Төрийн өндөр албан тушаалтан бол дархан эрхтэй хүмүүс. Тэд дээрээс нь жирийн иргэний эрхийг давхар эдлэх гээд байдаг юм. Уг нь тэдэнд нууж хаах юу ч байх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтай, дархан эрхтэй хүмүүс иргэний эрхийг давхар эдлэхээрээ мангас болдог юм. Тийм байх ёсгүй” гэж хэлж байсан. Х.Тэмүүжин одоо өөрөө мангас болчихоод байна. Н.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр ямар адилхан байна вэ гэсэн бодол төрөх боллоо.
Х.Тэмүүжин жирийн нэг иргэн байгаад ийм асуудалд холбогдсон бол тэр нь хэнд ч сонин биш. Зарим хүн энэ нэг хормой хотны явдал хэнд хамаатай юм бэ гэж байгаа. Энэ үнэн. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтай хүн гэдэг утгаараа ёс зүй гэж юм байх хэрэгтэй. Тэмүүжинг дэмжиж, түүний үзэл санааг биширч байсандаа харамсч байна. Ёс зүйт нийгмийн төлөө дуугардаг байсан тэрбээр өнөөдөр ёс зүйг булшилж байна. Хууль хяналтын байгууллага өмнөхөөсөө бүүр дордлоо. Энэ бол Хуульзүйн сайдын гай. Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл гэдэг хоёр хүний асуудал бол манай нийгмийн завхрал. Охидын хүмүүжил, гэр бүлийн боловсрол гэж энэ нийгэмд алга. Мөн төрийн албан тушаалтнуудад ёс зүй алга. Өөрөөр хэлбэл, манай нийгмийн аль ч төвшинд ёс зүй алга. Нийгмийн энэ идээ бээрийг шахчихмаар л байгаа юм. Эцэстээ намайг гүтгээд хэрэг үүсгээд өнгөрч магадгүй. Гэхдээ “Уяаны ноход угаадсандаа цадаад боорлож л байг. Тэд гинжиндээ үлдэнэ. Харин би зорьсондоо хүрнэ” гэж  хэцүү үедээ боддог юм. Бас хэтийн зорилготой хүн ойрын асуудалд дарлуулахгүй гэж нэг үнэн үг бий.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Сэтгүүлчдэдээ хандаж юм хэлмээр байна. Өнөөдөр бидний бичсэн нийтэлсэн, нэвтрүүлсэн бүхнийг хэн нэгэн улстөрчтэй хардаж, гутаан доромжилж байна. Монголын сэтгүүлчид баримт олж чаддаггүй, дандаа хөлсөөр хөдөлдөг гэцгээнэ. Гэтэл баримтыг нь оллоо, амьд хүнтэй ярилцлага хийлээ. Гэтэл бас л болохгүй гэнэ. Тэгвэл бид яах ёстой юм бэ. Дув дуугүй сууж бууны нохой нь болж явбал бидний нэр төр дээшлэх үү. Үгүй. Бид энэ балчиг шаврыг туулж, унаж босч явсаар цэвэршинэ. Энэ бол хувь тавилан. Хувь тавиланг туулж барна. Өнөөдөр намайг гутаан доромжилж ад үзэг. Маргааш чамайг ч бас тэгнэ. Бүгдийг нь айлгана. Тиймээс хамтарч дуугарах цаг болжээ. Мэргэжлийн үнэ цэнээ хамгаалж, энэ балиар юмнуудтай нэгийгээ үзэж байж л ялалтад хүрнэ. Мэргэжлийн ялалтаа хайрла. Эднээс битгий ай. Эд явж бид үлдэнэ гэдэгтээ итгэ. Уучлаарай, би Х.Тэмүүжин сайдад бас нэг үг хэлчих үү...болох уу...
-За тэг л дээ...
-Тэмүүжэээн, чи хэзээ ч Чингис болохгүй.


Wednesday, 20 March 2013

Л.Мөнхбаясгалан: Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй

“Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг” кабелийн телевизийн ерөнхий захирал, нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч А.Гансаруулд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Гуравдугаар сарын 6-нд Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяр тохиосон. Гэтэл энэ өдөр есөн телевизийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаачихсан. Танай телевиз ч бас хаагдсан?
-Тэр өдөр чинь сэтгүүлзүйн 100 жилийн ойн өдөр байсан шүү дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс урилга ирчихсэн, баярын хуралд явна гээд үс зүсээ янзлаад байж байтал   Харилцаа холбооны зохицуулах хорооноос гэнэт тийм шийдвэр ирсэн л дээ. Гэхдээ энэ шийдвэрийг урьдчилаад бараг гадарлачихсан  сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Шийдвэр ирлээ л бол  цаг хүрэхгүй хугацааны дотор гүйцэтгэл нь явагддаг юм билээ. “DDH”, “Сансар”, “Univision” гээд бүх кабелийн телевиз манай телевизийг шууд салгачихсан. 

-Ямар шалтгаанаар “Шонхор суваг”-ийг хаасан юм бэ?
-“Шонхор суваг”-ийг би   бусдаас сайн телевиз байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Уг нь ирэх сарын 13-нд байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгох суваг байсан. Техник, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муу. Тэрийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Юм шударга байх хэрэгтэй. Эгэлгүй мундаг телевиз байгуулчихаад тэрийгээ хаалгачихаад байгаа юм шиг ярьж болохгүй. “Шонхор суваг”-ийн тоног төхөөрөмж тааруу учраас дүрс,  дууны цацалт маш муу байсан. Тэрийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Өмнө нь энэ бүхнийгээ  засах сарын хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн юм.  Харамсалтай нь нэг сарын дотор яагаад ч засч чадаагүй. Ийм богинохон хугацаанд бид эфирийн салаалагчийн төхөөрөмжийг л сольж амжсан. Телевизийн дүрс, дууны цацалт хийгээд камеруудаа солиход наад зах нь 500 мянган ам доллар хэрэгтэй. Надад энэ мөнгө байхгүй. Олж чадаагүй. Чадахыг ч хүсээгүй.  Энэ нь манай сувгийн хаагдсан эхний үндэслэл. Хоёрдугаар үндэслэл нь их сонирхолтой.  Би Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяраас энэ телевизийг асар өндөр үнээр худалдаж авсан. Маш муу техникийг надад арав дахин өндөр үнээр зарсан. Би техникийг нь шалгаагүй авчихсан нь одоо миний буруу болж хувирсан.  Тусгай зөвшөөрлийг анх авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг юм  байна л даа. Тэр гэрээнд манайх ингэж сайн ажиллана, ийм ийм тоног төхөөрөмж манайд байгаа гээд түүнийгээ  хэмжилт хийлгэдэг юм байна. Гэтэл тэр бүгд нь хуурамч, худлаа  байсан. Ингэж би хуурамч, маш муу техникийг   асар өндөр үнээр авчихсан байна. Би тэр мөнгийг хүнээс зээлсэн.  Одоо би асар их зээлтэй үлдэж байна.  Гурав дахь үндэслэл нь тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж болдоггүй байж. Би бас үүнийг тооцсонгүй. Надад хийе, бүтээе гэсэн уран бүтээлч сэтгэлгээ л байсан.  Түүнээс ийм нарийн  бизнес, хуулийн сэтгэлгээ яах аргагүй дутагджээ.  Би хувийн сонинтой болоод гурван жил болж байна. Гурав дахь жилийнхээ нүүрэн дээр л “Улс төрийн тойм” сонин өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн гурван жилийнхээ нэг жилд нь “Шонхор суваг”-ийг хөл дээр нь босгох гэж хичээлээ. Барсангүй. Гэхдээ энэ хооронд ямар ч байсан үйл ажиллагаагаа явуулаад, цалингаа, түрээсээ төлөөд  л байсан. “Улс төрийн тойм” сониноо дампууртал нь мөлжсөн. Гэвч үр дүн нь энэ. 

-Та яагаад хэсэг хугацаанд чимээгүй болчихсон бэ. Хүмүүс их гайхсан байх л даа?   
-Хүн болгон л надад  “Тэмц, гар, алалц” гэсэн зөвлөгөө өгсөн.  Үнэндээ түүн шиг амархан юм байхгүй. Гудамжинд гараад Монгол Улсын Засгийн газар тэгж байна, ингэж байна гээд ярих амархан. Туг лоозон хийсгэн давхих ч амархан. Гэвч  биет хохирол маань тэрбум  төгрөг давчихаар хөдлөж ч чадахгүй болдог юм байна. Одоо бол надад элдэв пиар, тэмцлээсээ илүүтэй өрнөөсөө хэрхэн гарах вэ гэдэг л чухал байна.  Манай телевизийг хаасан үндэслэл нь гарцаагүй.  Үүнийг би шүүхдээд ч дийлэхгүй. Улстөржүүлээд бүр ч барахгүй. Тийм учраас  хуульчдын баг байгуулаад өрнөөсөө мултрах нь надад хэрэгтэй. Телевиз хаагдаад арав гаруй хоночихлоо. Түүнээс хойш дуугүй суусан учир нь энэ.   Гэхдээ Засгийн газраас явуулж буй энэ бодлого зарчмын хувьд буруу. Ямар ч муу техниктэй байсан хааж, боож болохгүй.  Ямар ч үед Засгийн газар, төр хувийн хэвшил рүү дайрч, хэвлэл мэдээллийн эрх чөлөө рүү халдах ёсгүй.  За больё, манай суваг хамгийн муу байсан, хаагдах ёстой байсан гэж бодоход нөгөө найман телевизийн дотор 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан телевиз байна билээ. Аймар санагдаж байгаа биз.  

-“Шонхор суваг” байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үзэгчидтэй болоод амжсан шүү дээ?
-Манай “Шонхор суваг”-ийг хүмүүс үздэггүй биш, үздэг байсан юм билээ. Хаагдсан хойно нь л мэдсэн. Манайх улс төр, нийгмийн чиглэлээр түлхүү, далайцтай явсан. Телевизийн салбарт  өрсөлдье гэвэл нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт мөнгө, гуравдугаарт мөнгө юм билээ. Мөнгөтэй байж сайн тоног төхөөрөмж авдаг. Мөнгөтэй байж сайн боловсон хүчин авдаг. Мөнгөтэй байж тайзаа олон янзаар сольж олон сайхан нэвтрүүлэг хийж болдог. Хэчнээн авьяаслаг, чадвартай сэтгүүлчид байлаа гээд мөнгөгүй бол телевиз явдаггүй юм байна гэдгийг би ойлголоо. Ер нь тэгээд миний гол алдаа бол “Саваагүй нохой саранд хуцна” гэдэг шиг мөнгөгүй байж телевизийн салбарт орж ирсэн явдал юм. Сэтгүүлч эзэнтэй медиа групп байгуулахыг мөрөөдсөн маань ингээд бүтэлгүйтлээ.Одоо өөртөө ийм л дүгнэлт хийж байна. 

-Хаагдсан телевизийнхэн “Бидэнд сарын л хугацаа өгсөн. Энэ хугацаанд байгаа нөөц боломжоо хэчнээн ашиглаад ч зөрчлөө арилгаж амжсангүй. Ерөөсөө анхнаасаа л хаахыг санаархсан  шаардлага тавьсан” гэцгээж байсан?
-Тэр үнэн л дээ. Кабелийн телевизүүдэд сарын хугацаа өгөхөд л би энэ талаар нийтлэл бичсэн. Сарын дотор бүх тоног төхөөрөмжийг солиход доод тал нь  500 мянган ам.доллар хэрэгтэй. Ийм боломж бидэнд байхгүй. Том компаниудаас эрхлэн гаргаж байгаа телевизүүд бол чадна. Бид бол чадахгүй. Тийм учраас өрсөлдөөнд туйлдаад унаж байгаа байхгүй юу. Уг нь энэ өрсөлдөөн жамаараа явж бид замдаа бахардаж унах ёстой байсан. Өөрөөр хэлбэл өөрөө дампуурах боломжийг нь тавьж өгөх ёстой.  Гэвч тэгсэнгүй. Механикаар үйл явдлыг хурданд нь хийчихлээ.  Миний хувьд нэгдүгээрт, яах аргагүй мэхлүүлсэн. Хоёрдугаарт, тавьсан шаардлагуудыг нь үнэндээ давж чадсангүй. Гуравдугаарт, энэ зарчим нь буруу байсан.  Өнөөдөр би энэ телевизэд тэрбумыг байг гэхэд арван мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ миний хөрөнгө. Тийм учраас төр энэ хаагдсан телевизүүдэд нөхөн олговор өгөх ёстой. Хаагдсан телевизүүдийн нэг болох 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “ITV” телевизийн тухай уншаад үнэхээр хямарсан. Олон жилийн турш хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол. Тэр хүмүүст ямар байгаа бол гэдгийг би төсөөлж байна. Миний хувьд сувгаа худалдаж авсан үнэ нь тэрбум гаруй төгрөг болчихлоо гэхэд дээрээс нь 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүхэн минь өнөөдөр салхинд хийсчихлээ. 

-Одоо тэгээд та яая гэж бодож байна?
-Би Харилцаа холбооны зохицуулах хороотой биш, Засгийн газартай биш наймаа хийсэн хүнтэйгээ эхлээд учраа олно. Манайхан том хөрөнгө оруулагчийг үзэн яддаг. “Шунхлай” ч юм уу, “Бодь”  ард нь хөрөнгө оруулаад хэвлэл мэдээллийн байгууллагыг босгохоор манайхан эсэргүүцдэг. Миний бодлоор энэ бүхэн зөв юм байна.  Би ч цагтаа эсэргүүцэж явлаа.  Яагаад гэвэл би энэ амьдралыг өөрөө тууллаа. Ганцаараа яваад, мөнгө зээлээд, өрөнд ороод сүүлдээ байгуулсан телевиз маань хаагдчихлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ч би хүнээс зээлсэн мөнгөө өгөх л ёстой. Энэ чинь бизнесийн харилцаа. Том эзэнтэй, мөнгөтэй компаниудыг түшиглэж хэвлэл мэдээллийн байгууллага хөгждөг юм байна. Би энэ бүхнийг сүүлийн 17 жилийн амьдралаасаа ухаарлаа.  Би үүнийг зөрчих гэж үзсэн байхгүй юу. Өөрөө, ганцаараа босгочихъё, сэтгүүлч эзэнтэй, медиа групп байгуулъя гэж бодсон юм. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг”, www.ipost.mn  сайт гээд гурвалсан үйлчилгээтэй ийм медиа групп байгуулъя гэж бодсон минь одоо худлаа боллоо л доо. 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад стандартаа хангачихвал, хаагдсан телевизүүд асуудалгүй л гэж ойлголоо. Харин энэ стандартыг  нь  би л лав хангаж чадахгүй. Бусад найман телевиз маань хангавал сайн л байна. Тэгвэл тэдэндээ амжилт хүсье. Надад дахиад сая долларын хөрөнгө оруулалт олдох ч үгүй. Би үнэхээр айж байна. Яагаад гэвэл хүн юм хийхэд нэг өдөр л байхгүй болгодог юм байна. Хүн хүнээ мэхэлдэг юм байна. Нэр хүндтэй хүн бусдыг хүн гэж боддоггүй юм байна. Телевиз үнэхээр том тоглоом байна.  Би энэ тоглоомонд хожигдлоо. Яаж ч болохгүй үнэн гэвэл энэ. Үнэнээ хүлээх ёстой. Хэн ч намайг энэ салбар руу албадаагүй. Би өөрөө л орсон. Одоо би өөрөө л эрсдлээ үүрнэ. Энэ бол миний дайрах ёстой лай.  

-Телевизүүдийг хаасныг ард түмэн, үзэгчид улс төртэй холбож ойлгоод байх шиг байна лээ?
-Бүхнийг улс төр рүү чихээд гарах амархан л даа. Гоё байдаг байхгүй юу. Би олон жил улс төр бичсэн. Улс төрд юу болдгийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ би үүнийг энэ удаа улстөржүүлэхгүй.  Надад ашиггүй. Хэрэв би  2016 онд улстөрд орох гэж байгаа бол, ямар нэг намын харьяалалд байдаг бол улстөржилт ашигтай. Гэвч би эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлч хүн учраас энэ удаа улстөржилтөөс зугтаж явна. Би улс төрийг бичнэ үү гэхээс өөрөө дотор нь хутгалдаж заваармааргүй байна.     Тэгээд ч би   бодит байдлыг ярьж байна. Над шиг ингэж бодит байдлыг ярьж байгаа хүн байгаа ч уу, үгүй ч үү.  HD “Монгол” телевиз, “Бодь”-ийнхон шиг гоё телевизийг би хийж чадаагүй. Гэхдээ хүмүүс “Шонхор” сувгийг үздэг байсан. Энэ телевизэд сайн сэтгүүлчид цугласан байсан юм.  Гуч гаруй ажилтнаа тал, тал тийш нь таарахад ямар хэцүү байсан гэж санана. Өдөрт л тав, зургаагаараа бусад телевиз рүү яваад л. Тэд маань телевизээ буцаад нээх болов уу гэсэн горьдлоготой байсан. Гэхдээ би тэдэнд үнэнийг хэлсэн. Тийм учраас “Шонхор” телевизийг би лав дахин гаргахгүй ээ.  

-Тэгэхээр “Шонхор суваг” дахиж эфирээ цацахгүй нь ээ. Та эсвэл зарах уу? 

-Дахиж эфир цацахгүй. Тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй хуультай юм билээ. 

-Ийм амархан бууж өгч байгаа юм уу? 

-Мөнгөний өмнө бууж өгч байна. Өөр яана гэж. Гарц байхгүй.  

-Тэгээд одоо яах уу?
-Кёкүшюзанд буцааж өгнө.

-Мөнгөө буцааж авна гэж үү?
-Мөнгөө буцааж авмаар байна. Өгөх нь үү, үгүй юу. Нэгэнт хийгдсэн наймаа гэх нь үү. Тэгвэл  тэгээд хууль хяналтын байгууллагад хандана даа.  

-Хөрөнгө оруулагч гарч ирээд хамтарч ажиллая гэж санал тавибал?
-Үгүй, одоо би ажиллахгүй. Ер нь төртэй гэрээ байгуулаад ажиллана гэдэг хүнд юм байна. “Шунхлай” компанийг хар л даа. Компанийнхаа хувьд алдагдалд ороод зарж буй  бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэхээр  төр хөнгөлөлттэй зээлээ буцаана, бас хэдэн тэрбумаар нь торгоно гэж дарамталж байна.  Телевизийн салбар яг ийм, төртэй гэрээ байгуулдаг. Төртэй хутгалдаж, төртэй гэрээ байгуулж бизнес хийнэ гэдэг хүнд юм байна.  Гэхдээ ингээд хэвлэл мэдээллээс арчигдаад, яваад өгч байгаа юм биш шүү. Сонин, сайт маань  байна.  Юм бичих чадвараа алдаагүй байна. 

-Таны хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэг цаашид гарах уу? 
-Хэсэг хугацааны дараа “ Цензургүй яриа” дахин гарч эхэлнэ. Одоогоор хэд хэдэн телевизээс санал ирсэн. Аль нэгтэй нь хамтарч ажиллана гэж бодож байгаа.  

-Есөн телевизийг хаахад 300 гаруй сэтгүүлч ажилгүй болж, олон айлын амжиргаанд нөлөөлсөн байх?

-Манайхаас 36 хүн ажилгүй болсон. Тэдний зарим нь банкнаас цалингийн зээл авчихсан байгаа. Манайд л гэхэд цалингийн зээлтэй зөндөө хүн байсан. Одоо энэ хүмүүс зээлээ төлөх ёстой, ажил хийх ёстой. Гэтэл тийм амархан ажил олдох уу. Бас хэцүү шүү дээ. Ер нь хэвлэл мэдээллийн салбар төртэй найзална гэж байдаггүй юм байна. Телевизийн  хувьд сонинтой харьцуулахад их дарамт ирдэг юм билээ. 

-Ямар дарамтууд вэ?
-Тухайлбал, “Сансар” кабелийн суваг  Улаанбаатар хотынхны 80 гаруй хувьд хүрдэг. Энэ компани кабелийн сувгуудтай “С.Баярын тухай нэг ч сөрөг, үг өгүүлбэр танай телевиз гаргахгүй шүү” гэж гэрээ байгуулж ам тангараг өргүүлдэг.  Өмнө нь С.Баярын тухай гаргаад “Сансар”-аас салгагдаж байсан  телевиз бол “NBS”. Намайг “Шонхор суваг”-ийг аваад удаагүй байтал гэнэт нэг өдөр  “Сансар”-аас манай сувгийг салгачихсан. Юу болов гэтэл  “С.Баярын тухай бичдэг Л.Мөнхбаясгалан “Шонхор суваг”-ийг авчихсан байна, салгана аа” гэсэн байсан. Тухайн үед бичиг баримт дээрээ хуучин эзнээс нь нэрээ шилжүүлж амжаагүй байсан тул түүнийг нь үзүүлж Д.Батбаяр гишүүнээр гуйлгаж би өөрөө далан таваараа бууж өгсөн. Амьдралдаа би хэзээ ч олигархийн өмнө тэгж бууж өгч үзээгүй. С.Баярын тухай бичихгүй, гаргахгүй, амлаж байна, тангараглаж байна гэж байж “Шонхор суваг”-аа тэднийхээр   цацуулах эрхтэйгээ үлдэж байлаа.  За “Univision”  кабелийн суваг бол  “MCS”-ийн охин компани. Тэднийхээ бүх эрх ашгийг хамгаална.  Би  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай “Цензургүй яриа” нэвтрүүлгээ хийгээд л дөнгөж л  20 минут явж байтал уг  кабелиас манай телевизийг салгасан. “MCS”-ийн тухай ярьж эхлэнгүүт л ийм арга хэмжээ авч байгаа юм.  Дээрээс нь тэд  залилан хийнэ. Ухрааж үздэгээрээ гайхамшигтай гэнэ. Үнэндээ ухрааж болдоггүй л байсан. “Шонхор суваг”-ийг үздэг байсан хүмүүс санаж байгаа байх.   “MNC” кабелийн телевиз бол “Оюуны ундраа” компанийх. “Оюуны ундраа”-гийн найз, харилцагч, улс төрийн хамтрагч байгууллага,  компаниудыг огт гаргаж болохгүй.  “DDH” кабелийн телевиз “Жем интернэйшнл”-ийнх. Цэрэнпунцаг гэдэг бөхийнх болохоор “Жи мобейл” энэ тэрийнхээ эрх ашиг, за тэгээд найз нөхөд гэх мэт хүмүүсээ хамгаална. Сурталчилгаа үнэгүй явуулах ёстой.  “Supervision” телевиз “Наран” группийн С.Болдхэтийнх. “Наран трэд”-ийн бүх сурталчилгаа үнэгүй явна. Бас улс төр бизнесийн эрх ашгийг нь хамгаална.   Тэдний бүлэглэлийн эрх ашгийг хөндөж ер болохгүй. “Skymedia” “Шунхлай”-гийнх. Энэ үйлчилгээ “Шунхлай”, “АПУ”, Г.Батхүүг  хамгаалдаг. Телевизийн салбарын гол цацаж байгаа шугамыг нь олигарх, нам, бизнесийн бүлэглэлүүд ингээд аваад базчихаар кабелийн телевизүүд торонд ороод, амаа хамхиулж байгаа юм. Энэ  дарамтуудыг бүх кабелийн телевиз мэдэрч байгаа боловч хэзээ ч илчилдэггүй. За тэгээд “Сансар” кабелд холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн.  

-Тэгвэл та сүүлийн нэг жил их л дарамт амс ч дээ?
-Би хэтэрхий чөлөөтэй явсан сэтгүүлч. “Өдрийн сонин”-д чөлөөтэй байсан. Энэ сониноос гараад хувийн сонин байгуулаад хэний ч дарамтад байж үзээгүй. Гэтэл сүүлийн нэг жилийн турш аймшигтай дарамтад байлаа. Яг л торонд орчихсон юм шиг байсан. Одоо харин торноос гарч жинхэнэ утгаараа “нисч” байна даа. Ийм байхад Монголын телевизийн сэтгүүлзүй яаж цэвэр байх юм бэ. Ийм байгаа үед телевизүүд л лав шударга ярихгүй. Иргэд үнэнийг ярихгүй байна гээд телевизүүдийг шүүмжилдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо үнэхээр л шударга юм бол энэ кабелийн телевизүүдэд дахиад эхнээс нь тендер зарла л даа. Би тус хорооны дарга Б.Балгансүрэнд ийм шаардлага тавих гэж байгаа. 
“Сансар” кабелийн телевизэд телевизээ холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. Гэхдээ баримт бол байхгүй шүү. “Шонхор суваг”-ийг анх Сансарт холбочихсон байхад нь би худалдаж авсан болохоор яг хэдийг төлсөнийг нь мэдэхгүй байна.  Яагаад гэвэл энэ кабел нь Улаанбатаарын 80 хувьд нь үйлчилгээгээ хүргэсэн болохоор тэр. Энэ тухай надад Кёкүшюзан л хэлсэн юм.  Хэрэв үнэхээр энэ Засгийн газар энэ салбарыг ариутгах гэж байгаа юм бол, шударга ажиллах зорилго тавьсан юм бол энэ бүхнийг болиулах хэрэгтэй. Жирийн сэтгүүлч хүнд кабелийн сувгийн эрх олддоггүй. Гэтэл нь хэн нь дөрөв, таваар нь авчихаад хэдэн нугалж зардаг юм бэ. Тэгээд эхнээсээ булхай нь илэрч байгаа нь энэ.  

-Ажилгүй болчихсон сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг төр засаг яаж шийдэх ёстой вэ?
-Уг нь гадны оронд бол төр хувь хүний бизнесийг үгүй болгочихож байгаа юм чинь нөхөн олговор өгнө. Нөхөн олговор заавал өгөх ёстой. Гэтэл манайд Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Сэтгүүлчдийг өнөөдөр хэн ч өмгөөлдөггүй. 
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж айхавтар хууль орж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан гэх боловч М.Батчимэг гишүүн утга санааг нь гуйвуулсан юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө  уг хуулийн утга санаа гажууджээ гэсэн мэдэгдлийг хийсэн шүү дээ. Тэгээд УИХ-аас татсан. Үүн дээр биднийг бас л хаана, бооно гэсэн утгатай заалтууд орж ирсэн. Яагаад хорин хэдэн жил зүгээр яваад ирсэн биднийг оролдоод эхлэв.  Нэг өглөө босоод ирэхэд “Улс төрийн тойм” сонин эсвэл  “Өдрийн сонин” байхгүй болвол бид гайхахгүй л болчихож байгаа юм л даа. 

-Хэвлэл мэдээллийнхэн хэзээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэтгэх вэ?
-Хурдхан баян болох хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л  хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтанууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ. Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт энэ салбар хэн нэгний нохойд барьдаг мод байсаар байна. М.Батчимэг гишүүний өргөн барьж зүтгүүлж байгаа хууль бол үүний эсрэг чиглэсэн тун аюултай хууль. Тэр хуулийг яагаад ч батлуулж болохгүй. Батлуулахгүйн төлөө ч боломжтой бүхний хийх хэрэгтэй. Сэтгүүлчид эрх чөлөөгөө хамгаалж үлдэх ёстой шүү дээ.
http://munkhbayasgalan.niitlelch.mn

Friday, 18 January 2013

Л.Мөнхбаясгалан: Өөрөө дампуурах эрх чөлөө олгооч

Кабелийн телеви­зүү­дийг хаа­на гэсэн мэ­дээлэл хэвлэлээр га­рах болсон. Тэр ч бүү хэл 45 хоногийн хуга­цаа­тай сануулга өгсөн байгаа юм. Энэ талаар  "Улс төрийн тойм"  со­нин болон "Шонхор" те­левизийн ерөнхий захирал Л.Мөнх­баяс­га­лан­тай ярилцлаа.
 -Кабелийн телеви­зүү­дэд заа­сан хуга­цаанд тавьсан нөх­цөлүү­дийг хангахгүй бол хаа­на гэсэн. Ямар учраас ийм шийдвэр гар­гаж бай­гаа юм бол?

-Харилцаа холбооны зохи­цуу­лах хорооноос  44 телевизээс 21-ийнх нь эфирийг түр хугацаагаар буюу нэг, хоёр, гурван сараар  зогсоох шийдвэр гаргачихаад бай­сан юм. Нийтэд ил болоогүй бай­сан энэ шийдвэрийг бид мэд­чихээд олон нийтэд урьдчилаад хүргэсэн. Ха­рин энэ дагуу Мэдээлэл, харил­цаа холбоо, техно­логийн газрын дарга Ц.Жадамбаа болон Мон­гол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар авч үзээд хэрхэвч ийм шийд­вэр гаргаж болохгүй гэж үзсэн. Тэгээд  эфирийг нь хаахгүйгээр үйл ажил­ла­гаандаа өөрчлөлт хий гэх шаард­лага хүргүүлэх нь зөв гээд хугацаа өгсөн. Гэхдээ яг одоогоор ингэ, тэг гэсэн албан бичиг хэнд нь ч ирээгүй байна.  Бид албан тоотыг ава­хаар удаа дараа шаар­даж байгаа боловч Ха­рил­цаа хол­бооны зохи­цуу­лах хороо шийд­вэрээ танилцуулахгүй нуугаад байна. Тэгсэн атлаа хэв­лэлийн бага хурал хий­чих­сэн байдаг. Одоо хүр­тэл ямар шаардлага тавиад яах гээд байгааг бид мэдэхгүй байна.  Өөрс­дийнх нь ярьж бай­гаа­гаар бол  зохиогчийн эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль,  техник, тоног төхөө­рөм­жийн шаард­лага хангах­гүй байна гэсэн үндсэн шаардлага бололтой. Бас УИХ-ын сонгуулиар зөрчил гар­га­сан  гэсэн гол үзүүлэлт байгаа гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр кабе­лийн сувгуудаар сонгуулийн сур­тал­чилгаа  гаргаж болохгүй гэх заалт юм. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө энэ  зохицуулалтаа  эргэж харахыг хүссэн боловч тэд хоёр утгатай хариулт өгсөөр байгаад сурталчилгаа эх­лүүл­­сэн. 

-Тэгэхээр та бүхэн сур­тал­чил­гаа хийж бо­лохгүй байсан хэрэг үү? 

-Хэрэв иргэд тухайн сув­гийг үзэж л байгаа бол Харил­цаа холбооны зохи­цуулах хороо үүнийг цензурдэх нь буруу.  Нэрнээсээ ч гэсэн тэд харилцаа холбоог зохи­цуул­на уу гэхээс биш телевизүү­дийн эфирийг дур мэдэн хааж боодог, аль нэг намыг дэмжих эсэхийг заадаг, үнэ тогтоодог газар биш. Тэд өнгөрсөн сонгуулиар маш бүдүүлэг ажилласан гэж бодож байна. Үнэ тогтоосон. Бас нэр дэв­шиг­чид болон намуудтай байгуулсан гэрээг хянасан. Телевизүүд бол хувийн компани. Яахаараа хувийн компани бизнесийн гэрээгээ аль нэг улсын байгууллагаар хянуулж, үнэ тарифаа тогтоолгох ёстой гэж.  Нэг талаасаа хувийн бизнес рүү бүдүүлгээр халдсан. Нөгөө талаасаа иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн. Бас хэвлэ­лийн эрх чөлөөг хаасан.  Ийм л үйлдлийг тэд хийсээр ирлээ. Сонгуулийн дараа засаг төр өөрчлөгдөж байдал арай дээрдэх болов уу гэсэн чинь харин ч дордох тал руугаа явсанд харамсаж байна.  

-Мөн телевизүүд  ур чад­варгүй сэтгүүлчдийг ажил­луулсан гэж шүүм­жилж байгаа юм билээ.
-Би энэ тухай сонсоогүй.  Сонссон байлаа ч  ур чадваргүйг нь ажиллуулна уу, чадвартайг нь байлгана уу тухайн компанийн л асуудал ш дээ. Тэрэнд Харилцаа холбооны зохицуулах хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй.  Харин нэг асуудал дээр тэдэнтэй санал нийлж байгаа. Зарим телеви­зүүд техник, тоног төхөө­рөмжийн хувьд тааруухан  байгаа нь үнэн.  Мэдээж шүү дээ, бүгд сайн байж чадахгүй.  Жишээ нь, Худалдаа хөгж­лийн банкны оруулж ирсэн "Bloomberg"  хэмээх кабелийн сувагтай  биднийг яаж харьцуулах юм бэ. Бас "Бодь", "Голомт"-ын телевизүүд байна. Тэдгээр мөнгөний мангастай жирийн сэтгүүлч эзэнтэй телевизийг харьцуул­чихаад "яг ийм бол" гэсэн шаардлага тавьж байгаа нь утгагүй хэрэг. Тэдний нэг камер нь 50- 90 мянган ам.долларын үнэтэй. Бид­нийх 2000-15,000 ам.дол­ларын үнэтэй. Гэхдээ үзэгчид  үнэтэй камертай телевизийг нь түүж үздэггүй. Энэ бол бодит үнэн.  "Шонхор" сувгийг үзэгчид үзэж байна.  "NBS" , "Эко", "Тв10" гээд үзээд л байгаа.  Харин тэр баян эзэнтэй ардаа банктайг нь хэр үздэг юм бол доо. Биднийг гуравдугаар сарын 1-ний дотор бүх техникээ соль гэж байгаа бол чадахгүй гэдгээ эртхэн хэлсэн нь дээр. Бидэнд тийм мөнгө байхгүй. Харин энэ хугацаанд юуг чадах вэ гэхээр хэн нэгэн баян хүний халаасанд орж бол чадна. Гэхдээ ингэхийг хүсэхгүй байна. Хэвлэл мэдээлэл хэний ч хараат бус байх ёстой. Тэр дундаа мөнгөтэй улстөрчийн хараанд бүр ч байх ёсгүй. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос бидэнд тавьсан шаардлага бол "даруйхан нэг баян хүний телевиз  болж техникээ хурдан соль" гэсэнтэй агаар нэг санагдаж байна. Бид  бас тэгж чадахгүй. Яагаад гэвэл өдий хүртэл яваад ирсэн эрх чөлөөндөө хайртай. Үнэхээр чанарын шаардлага хангахгүй, муу уран бүтээл хийгээд байвал хэн ч тухайн телевизийг үзэхгүй. Хүн үзэхгүй болохоор реклам, сурталчилгаа орж ирэхгүй. Орлого олохгүй бол телевиз аяндаа дампуураад зах зээлээс арчигдана. Тиймээс бидэнд энэ эрх чөлөөг олгооч. Чөлөөт зах зээлийн хуулиар өөрсдөө дампуурах эрх олгооч гэж хэлээд байгаа юм. Дампуурах эрх чөлөөг минь  өг л дөө.  /инээв/ Битгий хажуу талаас төрийн дарамтаар дампууруулах гээд бай. Хүсэх л юм энэ байна. 

-Ардчилсан нам ардчиллын төлөө 20 жил зүтгэлээ гэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, боож байгаа нь энэ их зүтгэлийнх нь үр дүн юм уу гэж бодогдож байна л даа?

-Сайтуудын сэтгэгд­лүүдийг эхлээд журамлаж бүртгэнэ гэлээ. Дараа нь 20 гаруй телевизүүдийг хаахын даваан "тэнсэн харгалзах ял" өглөө.  Одоо шуудангийн үнийг таван хувь байсныг 15 хувь болгож нэмэхээр санал оруулж байна. Энэ чинь юу болоод байна аа. Яагаад  сэтгүүлчид  энэ бүхэнтэй зууралдаж тэмцэлдэж цагаа үрэх болов. Түүний оронд нэг сайхан нийтлэл бичээд, нэг гоё нэвтрүүлэг хийгээд сууж баймаар байна ш дээ.  Ажил хийх эрх чөлөө хаачив.  Ардчилсан нам түүхэндээ анх удаа парламентад олон болж, ардчилсан автортой Засгийн газартай, ардчилсан Ерөнхийлөгчтэй, бүр Ерөн­хийлөгч нь сэтгүүлч мэргэжилтэй хүн байгаа энэ  цаг үед хэвлэл мэдээлэл рүү ийнхүү хүчтэй давшиж байгаад харамсаад, гайхаад баршгүй. Нөгөө ардчиллын үнэт зүйл бол хэвлэл мэдээлэл гээд байсан худлаа болж таарах нь. Эсвэл тэр Харилцаа  холбооны зохи­цуу­лах хороо гэдэг газарт нь дандаа коммунист,  оюун санааны террористууд очоод суучихсан байх л даа. Хэрэв тийм бол Ардчилсан нам энэ заваан газраа цэвэрлэж авах хэрэгтэй шүү. 

-Заасан хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломж бий юу?-Байхгүй. Хагас сарын дотор  300-800 мянган ам.долларын хөрөнгө оруулалт  хийж чадахгүй. Яагаад гэвэл би мөнгө тарьдаггүй. Надад банк байхгүй. Надад лиценз нүүрсний уурхай байхгүй. Дээрээс нь би асар их өртэй. Банкны хүү төлдөг. Харин хоёр жилийн хугацаа өгвөл болгочихно. Үйл ажил­лагаа­гаа сайжруулаад орлогоо нэмэх боломж бий. Гэтэл энэ хугацааг  шууд нэг сараар тооцож төр хөндлөнгөөс оролцож байгаа нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Ганц би ч биш бүх телевиз өртэй байгаа.  Хэрэв заасан хуга­цаанд техникээ сайжруулж чадахгүй бол хаах юм гэсэн. Банкинд өчнөөн өртэй байж байтал төрөөс үйл ажиллагааг минь зогсоочих­вол өрөө яаж төлөх юм бэ.  Энэ чинь  бизнес шүү дээ.  Яагаад ингэж хувийн бизнес рүү халдаад байгааг ерөөсөө ч ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна.  

-Олон улсын стандарт гэж яриад байсан. Тэр нь манайд хэр нийцтэй юм бол?

-Олон улсын стандарт гээд л яриад байгаа. Чөлөөт хэвлэл мэдээлллийн  23 жилийн түүхтэй манай улсыг  хоёр, гурван зуун жилийн түүхтэй улс орнуудын стандарттай яаж уях гээд байгаа хүмүүс вэ. Тэд чинь    тодорхой цаг хугацаандаа  зах зээлийнхээ шалгарлыг да­ваад, алдаа оноогоо за­саад  стандартаа тогтоочих­сон улсууд шүү дээ. Гэтэл бид дөнгөж л шалга­ралдаа орох гэж байтал засаг төр нь тол­гойг нь тас цавчаад эхлэхээр яах хэрэг вэ.  Эсвэл шууд л баячуудын телевиз үлдэнэ гээд тунхаглачихвал зүгээр санагдаад байна.  Ном­тойбаяр, Гацууртын Чинбат, Бодь , Голомт, ХХБ, Шунхлай, Женко нарын телевизүүд үйл  ажиллагаагаа явуулах эрхтэй гээд тодорхой заачихвал яая гэхэв.   

-Шаардлага бие­лүү­лээ­гүй гэх үндэслэлээр хаах шийдвэр гаргавал та нар яах вэ?
-Камераа үүрээд гудам­жинд гарна. Бидэнд ямар эрх үлдсэн тэр бүхнээ л ашиг­лана.  Жагсах эрх  маань ер нь байгаа юу байхгүй болсон уу....  Эсвэл  хориглочихсон ч байж мэднэ. Нэг  телевизэд доод тал нь 25 хүн ажилладаг.  Тэдгээр хүмүүсийн ард бас гэр бүл, үр хүүхэд  нь бий. Сэтгүүлчид гудамжинд гарна. Эзэд нь банкны өрөнд хамаг байдгаа хураалгаад төлж дийлэхгүй бол шоронд орно. Өөр зам байхгүй ш дээ. 

-Та бүхэнд тавьсан шаард­лагууд хэр үнэний ортой, бодитой вэ?
-Техникийн чадвар муу байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Зохиогчийн эрх гэж сонин юм яриад байгаа юм. Нэг зохиолын дуучин ирээд л клипээ өгөөд, үнэгүй тавиад өгөөч ээ гэж гуйдаг. Оюуны өмчийн газраас ирээд юу гэсэн гэхээр яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрт нь мөнгө төл гэдэг. Энэ нь яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурвын л асуудал ш дээ. Хоорондоо хамтраад нэг дуу хийлгэхэд клип хийлгэсэн дуучин нь бариад явах юм уу гэдэг өөрсдийнх нь л асуудал. Гэтэл биднийг заавал бүх хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас нь зөвшөөрөл ав гэж байна. Кинонуудыг бүгдийг нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр гарга гэдэг. Гаднаас зөвшөөрөл аваад гаргаж байгаа сайн сайн телевизүүд байна. Тэд нь тэрийгээ гаргаг. Бид кино гаргахаа больё. Асуудлыг ингээд л шийдчих юмыг төрийн байгууллагын тав, зургаан хүн орж ирээд л шалгаад. Сонин сонин юм ярьж ихэрхэж байгаад л явсан ш дээ. 

-Гэнэтийн шалгалт хийсэн гэсэн үү?
-Гэнэтсээд байх юм байхгүй. Өмнө нь шалгалт хийнэ гэдгээ хэлсэн юм. Бид байгаагаараа  л шалгуулсан. Нууж хаагаагүй. Кино гаргаж болохгүй гэхээр нь гаргаагүй. Клип болохгүй гэхээр нь ч клип гаргахаа болисон. Ийм зохицуулалт хийж байхад асар их мөнгөтэй хүмүүсийн гарт байгаа телевизүүд л үлдэнэ. Сэтгүүлч эзэнтэй байгууллагууд байхгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Хэвлэлийн эрх чөлөө, олигархуудын гараас хэвлэлийг салгана гээд л яриад байсан. Харин ч тэр олигархуудынхаа гарт барьж өгөөд дуусах нь л дээ.   

-Ард түмний эрх ашгийг зөрчиж байгаа юм биш үү. Ард түмэнд юу үзэхээ өөрсдөө шийдэх эрх баймаар.
-Тэр үнэтэй "Bloomberg"-ийг хэд нь үзэж байгаа юм. Яагаад "Эко", "Шонхор", "NBS"-ийг үзээд байгаа юм. Түүнд чинь учир байгаа биз. Энэ чинь шалгуур ш дээ. Киногүй телевиз  гэвэл ганц манайх. Сайтуудын сэтгэгдлийг хянана, сонины хүргэлтийн мөнгийг нэмнэ, эздийн эрхийг боомилно л гэнэ. Хэвлэл мэдээллийн салбарт  ажиллахад улам л хэцүү болоод байна. Би 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллах тусам зам нь нээгдээд чөлөөтэй болох ёстой.  Гэтэл улам л хаагдмал болоод байна. Урам хугарах нь ээ янз нь.  

-Анх ганцхан Үндэсний олон нийтийн теле­ви­зээс өөр үзэх юмгүй байсан бол одоо ийм олон телевизтэй болсон нь нэг талаараа хөгжиж байгаагийн шинж биз дээ?
-Олон телевиз байна гэдэг хөгжиж байгаагийн илрэл.  Сайн нь шалгараад л үлддэг. Сонинууд ч ялгаагүй. Муу нь хаягддаг. Хоорондоо чөлөө­тэй өрсөлдөх боломжийг л олгооч ээ гээд л гуйгаад байгаа юм шүү дээ.

Л.МИНЖМАА

Wednesday, 18 July 2012

Л.Мөнхбаясгалан : Энэ чинь ирж яваа цаг шүү дээ

-“Ярилцъя” буландаа мэргэжил нэгт нөхдөөсөө урилгүй уджээ. Тэгээд таныг шинэ сонин байгуулаад нэн удаагүй энэ үед баяр хүргэж, нэг тогоонд буцалж яваа хүний хувьд санаа бодлоос тань хуваалцъя гэж бодсон юм ?
-Маш их баярлалаа. Таны “Ярилцъя”-д уригдсандаа маш их баяртай байна.   Учир нь “Ярилцъя” булан бол хүмүүсийн  зиндааг тодорхойлж, үргэлж анхаарлын төвд байдаг  индэр шүү дээ. Хоёрдугаарт, би өнөөдөр  Б.Ганчимэг гэдэг сэтгүүлчийн ярилцлагаа хийдэг тэр арга технологитой танилцах гэж байгаадаа олзуурхаж байна.
-Би уг нь судлуулах биш судлах л гэж зочноороо урьсан юмсан?
-Харин тийм.  (инээв) Гэхдээ энэ надад үнэхээр сайхан байнаа.
-Мөнхбаясгаланг “Сэрүүлэг” сониноос эхэлж бид  мэднэ. Яагаад энэ адармаатай, хэцүү мэргэжлийг сонгосон юм бэ. Энэ уг нь тийм ч сонирхолтой асуулт биш л дээ. Гэхдээ таны хувьд сонирхолтой байна?
-Сэтгүүлч болох багын маань мөрөөдөл байсан гэж хэлмээр байвч энэ бас сонирхолгүй хариулт болох болов уу. Гэхдээ хүсч байсан. Бүр маш ихээр хүсч байсан. Сэтгүүлч болохоор замнасан миний замнал гэвч амар байгаагүй. Миний явж ирсэн зам маш хэцүү, дэндүү гэмээр  адармаатай. МУИС-ийн сэтгүүл зүйн ангид шалгалт өгсөн. Харин тэр үед чинь тоогоор авдаг байсан шүү дээ, би яаж тоо бодож чадах юм, тэгээд унаж л байсан. Цэвэрлэгч хийсэн, өлгүүрт ажиллаж байсан . Би их азтай хүн. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгож авч чадсан. Тэгээд Хэвлэлийн хүрээлэн төгсчихөөд “Сэрүүлэг” сониноос  анх  гараагаа эхэлж байлаа. Гэхдээ би тэрнээс өмнө “Ил товчоо”-д юм бичдэг байсан ш дээ. Монгол бичгээр гардаг “Могжоохон” гээд нэг хүүхдийн сонинд бас юм бичдэг л байсан. Яах аргагүй төлөвших  гарааны зурхай маань  “Сэрүүлэг” сонинтой байлаа.  Тэнд байсан он жилүүд маань  сэтгүүлч хүн ямар байх ёстой юм, яаж мэдээ материалыг олох вэ гэдгийн дөнгөж зах зухаас нь л амтлаад өнгөрсөн.  Харин ертөнцийг үзэх үзэл маань төлөвшиж, байр сууриа олж ямар үзэл  бодолтой байх ямархуу сэтгүүлч байх вэ улмаар цаашид яаж ажиллах вэ гээд хамгийн чухал алтан үе маань  “Өдрийн сонин”-той холбоотой. “Өдрийн сонин”-д ирсэн цагаас л миний жинхэнэ сэтгүүлч болох  үе маань эхэлсэн.
- “Сэрүүлэг”-ийн анхны үетэй хэдэн эмэгтэй сэтгүүлчийн нэр салшгүй холбогддог. Одоо тэд бүгдээрээ өдөр тутмын сонинд   ажиллаж байгаа.  Яагаад ч юм насан туршдаа  долоо хоног тутмын чөлөөт хэвлэлд ажиллаж байгаа хүн их ховор. Бүгд л өөрсдийн зам мөрийг хөөдөг. Өдөр тутмын сонин сэтгүүлч хүний хүчээ сорих маш том талбар болохоор өөрийн эрхгүй энэ рүү зүглэдэг байх.  Үүний учрыг та яаж хардаг вэ?
-Ерөөсөө сэтгүүлч хэвээрээ л байхыг хүсч байвал, мэргэжлийн сэтгүүл зүйд хүчээ соръё гэж бодож л байгаа бол яах аргагүй өдөр тутмын сонины тогоонд орж, тэр мундаг сэтгүүлчидтэй өрсөлдөж, тэднээс сурч ажиллах ёстой л гэж би боддог. Тэгэхдээ миний ажиллаж байх тухайн үед бол шар сонинууд сайн ажиллаж байсан үе шүү. Үнэхээр чөлөөт хэвлэлүүдийн үүргийг гүйцэтгэж байсан. Гэхдээ л долоо хоног тутмын сонинд байна гэдэг  үгүй ядаж мэдээллээс хоцроод байдаг  байхгүй юу. Дээр нь мэргэжлийн чиг хандлага байхгүй. Дур зоргоороо үйл ажиллагаа явуулдаг болж хувирдаг. Тийм учраас яг мэргэжлийн сэтгүүлч болъё, “Би сэтгүүлч” гэж ам бардам хэлье чин сэтгэлээсээ хүсч байгаа бол  өдөр тутмын сонинд орж ирж л үзэлцэх хэрэгтэй.
-Нэг хэсэг “Эргүүлэг” гэж сонин гаргаж байсан. Харин яагаад больчихсон бэ?
-“Сэрүүлэг”-ээс гарах тэр үед надад   хүүхдийн  гэмээр нэг тийм давилуун зан байсан юм уу даа. Сониноосоо гарчихаад би юу хийж чаддагаа заавал харуулна гэсэг  тийм гэнэн ч юмуу бодол байсан юм аа. “Эргүүлэг” сонинг гаргаж байхдаа би сонин хийж чадна гэж л зүтгэж байсан. Өөртөө аягүй их итгэлтэй байсан  л даа. Тэр сонинг би хоёр жил гаран гаргасан ш дээ. Тэгээд үнэхээр мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг юмыг амсаагүй хүн сонин гаргаж чадахгүй юм байна гэдгийг  ойлгосон. Бас тухайн үед би хувийн амьдралдаа өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Хүнтэй суух, хүүхэд гаргах, эх хүн болж хүний хань болж үзэх ёстой тийм шаардлага надад байсан. Яг хүссэн үедээ би ханьтайгаа учирч, хүүхэд гаргасан.  Тэгээд л би зүв зүгээр явж байсан “Эргүүлэг” сониноо нэг өдөр хаагаад л, компьютеруудаа ажилчиддаа хувааж өгөөд л, өрөөгөө түгжээд харуулд нь хүлээлгэж өгөөд  яваад өгсөн. Тэр үед би бүр сэтгүүл зүйгээс тэр чигээрээ гаръя гэж бодож байсан. Тэгээд чадахгүй юм байна лээ.  Энд тэнд явж байхад сонин зарж байгаа цэгүүд дээр очиж зогсоод л, санаа алдаад л, сонинуудыг хараад л, орой телевиз үзээд энийг ингэж бичих юмсан гэж шаналаад л хүнд байсан. Гэртээ компьютертаа зөндөө олон юм бичээд тэрийгээ хааш нь өгч, яаж  гаргах эвээ ч олохгүй  байгаад байсан. Яг хоёр жил тэгж шаналсан. Тэгээд л нэг өдөр  тэсрээд л мэргэжлээрээ ажиллах нь зүйтэй юм байна гэж  шийдэж байлаа.  Ингээд  “Өдрийн сонин”-ийг сонгосон.  “Өдрийн сонин”-ы гал тогоо л намайг яах аргагүй өдөр тутмын сонины хүн болгосон доо. Мэргэжлийн сэтгүүл зүй юу гэж юу байдаг гэдгийг би тэнд л сурсан.
-Одоо шинэ сонин эрхлээд явж байна. Хүн удирдах ямар байна. Зөвхөн өөрийнхөө ажлыг хийгээд явах, бусдыг даргалах хоёр бол хоёр өөр ойлголт шүү дээ?
-Өмнө нь бол дандаа ганцаарчилсан тоглолт хийдэг байсан. Тэгээд л өөрийнхөө юмыг биччихээд л гараад гүйчихдэг. Хүн баяр хүргэхээр баярлаад хөөрөөд л...  Одоо бол өөр. Намайг ингэж хэлэхээр  томорч байна л гэж бодох байх даа. Яг үнэндээ би нэг нийтлэлийн төлөө магтуулж, хүмүүсээс талархал сонсоод  ханасан.  Ханадаг юм билээ. Зөвхөн өөрөө тэгээд яваад байх утгагүй болчихсон.  Үйл ажиллагаагаа өсгөе, багаар ажиллая гэж шийдсэн. Одоо бол нэг төгрөг олсон ч тэрийг хорин хэд хуваах хэрэгтэй болж байна. Үүнтэй нэг адил баяр хөөр, зовлон бэрхшээл бүхнээ бас хорин хэд хуваах хэрэгтэй боллоо. Баг удирдана гэдэг бол үнэхээр хэцүү байдаг юм байна. Гэхдээ манай баг надад итгэж ирсэн хүмүүсээр бүрдсэн.  Маш сайн чадварлаг сэтгүүлчид  ирсэн учраас бид их дайчин явж байгаа гэж л бодож байгаа ш дээ. Нялх байна даа, сонин маань. Болоогүй л байна. Дөнгөж гараад гурван сарын нүүр үзлээ.  Анхныхаа захиалгад л дөнгөж орж байна.
-“Улс төрийн тойм” гэж сониноо нэрлэсэн. Тоймчийн карьерт хүрэхэд бол дор хаяж 10-15 жил хэрэгтэй. Яасан том нэр авсан бэ. Бас авсан хүүхэд болгоноо яагаад тоймч гэж зарласан бэ?
-Тойм гэдэг бол үнэхээр том нэр. Гэхдээ бидний, миний  уншигчид бол тойм хийсэн аналитик нийтэлд дуртай байдаг. Тэгэхээр би тэр зүг рүү чиглэе гэж бодсон юм. Яг тоймч болчихсон, бид нар өнөөдөр тойм хийж чадаж байна гэж би  хэлэхгүй л дээ. Гэхдээ тэр зүг рүү явж байгаа нь бид нарын нэг зориг юм. Сонгосон зам юм.   Монголын өнөөдрийн хэвлэлийн зах зээлд  ерөөсөө л улс төрийг  сонирхож уншдаг. Энэ том сонинууд бол үнэхээр бүх хүнд хүрдэг массын онинууд.   Бидэнд бол одоо тийм орон зай байхгүй. Тэр хэмжээнд өрсөлдөж чадахгүй. Тийм учраас улстөрчид болон шийдвэр гаргаж байгаа төвшний  хүмүүсийн уншдаг сонин хийж, тэднийг байгаагаар нь шалдалж  чаддаг  байх юмсан гэдэг нэг тийм залуу хүний омголон хүсэл надад байна.  Тэрэндээ хүрээгүй л байгаа, хүрэхийн төлөө л явна  даа.  Энэ чинь ирж яваа цаг шүү дээ.  За, авсан хүмүүсээс  маань ерөөсөө гурван тоймч л байгаа. Хоёр хүнд тоймч гэдэг эрхийг өгсөн, өөрөө нэг нь байгаа, бусад нь бол сэтгүүлчид. Гэхдээ бид нар бүх л сэдвээр  тойм хийхийг оролдож байна. Нэг л өдөр зорьсондоо хүрнэ дээ. Санаж явбал бүтдэг, сажилж явбал очдог гэдэг байх аа.
-“Өдрийн сонин” бол өрсөлдөөнөөр хахаж байдаг газар байсан. Бид бол шонхрууд гэх маягийн айхтар том амбицтай. Энэ нэг шар сониноос орж ирсэн хүүхэд хэн бэ гэх мэтийн хандлага илэрдэг л байсан байх. Том сониноос илэрдэг тэр  гэгээн дарамтыг давах хэцүү байсан уу. Жишээ нь би тэр “дарамтлагчид”-ын нэлээн том төлөөлөгч нь байсан байх л даа?
-(инээв) Үнэн хэрнээ гоё асуулт байна. Үгүй яахав дээ, хүнд заавал тийм саад бэрхшээл гарч ирэх ёстой шүү дээ. Тэрийг хэрвээ давахгүй байсан бол би очихгүй байсан. Угаасаа тэр бүхнийг давж, тэр бүх зовлонг өөр дээрээ хураая л гэж сэтгүүлч болж байгаа юм чинь. “Өдрийн сонин”-д орж ирэхэд мэдээж намайг сайхан хүлээж аваагүй. Тэнд зөвхөн өрсөлдөөнөөр л байр сууриа олж авдаг. Тэрийг давахад надад хэцүү байгаагүй. Би зүгээр ажлаа л хийгээд явсан. Би юмаа л бичиж байсан.  Тэр дотор яг тухайн үед би хэлчихсэн бол та нар амбицлахаар юм бол олон байсан л даа. Гэхдээ миний мөрөөдөл намайг  урагш нь чирсэн.  “Би яг Ганчимэг шиг сэтгүүлч болно, би яг ийм чадвартай, алдар нэртэй, ийм л сэтгүүлч болно, хүмүүс намайг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө” гэж дотроо би хатуу боддог байсан. Нөгөө дуучин Сараа Лхамаагийн ард хоолой хийгээд зогсож байхдаа “Миний үе ирнэ” гэж дотроо бодож байсан гэдэг шиг. “Мөнгөн харандаа”-д байхдаа Сараа дуучин Лхамаагийн ард хоолой хийсэн юм байна лээ. Би тэрэн шиг л миний үе ирнээ, болноо гэж боддог байсан. Харин одоо хүссэн газраа би ирсэн шүү. Тиймээ, би чадсан гэж эхний бөгөөд эцсийн удаа зоригтой хэлье.
-Миний тухай яриа энд дэмий байх аа ?
-Би үнэнээ л ярьж байна. Та үнэнээ хэлээд асууж байхад би яагаад үнэнээ ярьж болохгүй гэж.  Хамгийн гол нь “Өдрийн сонин”-ы тухайн үеийн тэр гал тогоо, түүн доторх таны орон зайн тухай бүгд л мэднэ. Б.Ганчимэг гэдэг сэтгүүлчийн хажууд тэнэг л биш юм бол, мэдрэл муутай биш бол, ухаан санаа бүрэн л юм бол  яг тэр чигээрээ, байсан байрандаа, жижгээрээ үлдэнэ гэж байж  болохгүй л юм байхгүй юу.  Харамсалтай нь бусад нь яг тэр хэвээрээ үлдсэн шүү.
-“Өдрийн сонин”-д бол би дарга байсан л даа. Нөгөө Эрхүүд оюутан байлаа, энд ирээд хилчин боллоо гэдэг шиг юм хэлж байна.  Миний тухайд ийм сайхан дурсамж тээж явдагт баярлалаа.  Тэгэхээр манай сэтгүүл зүйг бохирдчихсон гэх нэг дүгнэлт яваад байна л даа. Бид цэвэр мэргэжил дээрээ суурилсан, авъяас билиг дээрээ суурилсан үйл ажиллагаа явуулдаг. Бор зүрхээрээ туучиж явсаар  өнөөдөрт хүрлээ.  Сэтгүүлчдийг элдвээр үнэлж цэгнэх, шүүх, яллах маягаар явж эхэлж байгаа тэр процессыг  яаж харж байна вэ?
-Би бол энийг зүгээр л атаархаж байгаа, өөрсдөө ур чадвар, авъяас билиг, дайчин чанар нь хүрэхгүй хол хаягдсан хүмүүсийн л хийдэг, ярьдаг зүйл гэж боддог. Яагаад тэр хүн ажлаа сайн хийж байхад  амьдрал нь дээшлэхгүй байх ёстой юм бэ. Ажил хийвэл ам тосдоно гэж ардын нэг сайхан үг байдаг даа. Сайн ажилласан хүний амьдрал заавал дээшлэх ёстой гэдэгт би итгэдэг. Дэлхийн нэртэй сэтгүүлчид бүгд л баян тансаг амьдарч байна. Тэрбумтан болчихсон байна. Энэ бол хамгийн шударга амьдрал гэж бодогддог. Яагаад монголчууд болохоороо  л ядуу байх ёстой юм. Яагаад монголын сэтгүүлчид гуйлгачин байх ёстой гэж. Би бүгдийг тэгээс л эхэлсэн. Надад юу ч байгаагүй. Тэгээд ажлаа сайн хийгээд л явсан. Тэрнийхээ үр шимийг хүртэж байгаа. Бодит байдал бол энэ. Бусад тэр яриа хөөрөө бол зүгээр л атаархал шүү дээ.  
-Сүүлийн үед нэг нэг рүүгээ дайрах хандлага гаарлаа.  TV-9 телевизээр таны эсрэг дайралтууд явсан. Яагаад тань руу тэгсэн бэ?
-Миний хувьд бол анхны юм биш л дээ. Н.Энхбаярыг бичээд эхлэхээр л дайралт аягүй их гаардаг. Өмнө нь ч гэсэн намайг  хоёр сонинд “Мөнхбаясгалан чиний мөнхөд баясаж явахыг чинь харна” энэ тэр гэсэн нийтлэл тавьж байсан. Сая бас TV-9-өөр миний зургийг тавьж байгаад л ярина лээ. Манай Гангаа даргыг  TV-5-аар доромжлоод л байна лээ. Манай сэтгүүлчид яагаад  бусдын үгэнд өртөж өөрөө өөрсдийгөө доромжлоод байгаа юм бэ. Цаана нь нөгөө хүмүүс нь инээж байгаа шүү дээ. Бүгдээрээ нэг нэгнийгээ хайрладаг л байх хэрэгтэй. Бид бүгдийн зовлон нэг.  Сэтгүүлч хүн ямар их зовлонг туулдаг, яаж хүмүүст ад үзэгддэг, яаж хүмүүсийг баярлуулдаг тэр жаргал зовлонгоо бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг нэгнийгээ ингэж байгаа нь гутамшигтай явдал. Таныг ч гэсэн элдвээр бичсэн юмыг хараад би дотроо зүрх шархирдаг  байхгүй юу. Үзэг нэгтэй гэдэг шиг зовлон нэгтэй ш дээ.  Бид юм бичиж баярладаг, юм бичиж уйлдаг, тэрнээсээ болоод сэтгэлээр унадаг сэтгэлийн л амьтан шүү дээ. Сэтгүүлчийг сургадаггүй. Сэтгүүлч төрдөг гэж би боддог.  Тэгэхээр цаанаасаа ингэж бусдын зовлон жаргалыг зүрхэн дундуураа урсгаж, өөрийнхөө амьдралаар туулж гаргадаг ийм гоё мэргэжилтэй хүмүүс нэгнийгээ доромжилж байгаа нь гутамшигтай л санагддаг.
-Шинэ сонин байгуулахдаа санхүүгийн дэмжлэг та хаанаас авав аа. Шинэ юм болгоныг хардлага дагадаг. Тэрний сонин юм гэнэ лээ. Энэнийх юм гэнэ лээ гэсэн элдэв шошго нааж эхэлсэн байх шиг байна. Бас зарим нь маш их рекет хийж мөнгө босгож байна гэж ярих юм. Энэ талаар та хариулт өгөх үү?
-Би энэ талаар бүр нэг ярих юмсан гэж бодоод байсан юм. Надаас хүмүүс ирээд асуучихаасай гэж боддог байхгүй юу. 1997 оноос хойш би сэтгүүл зүйд явсан. Унаж босож, уруудаж өгсөж янз янзаар л явсан. Гэхдээ нэг л юманд баярлаж байна. Яагаад гэвэл үнэхээр нэр төрөө бол хийж чадсан байна. Дээрээс нь би их сайхан найз нөхөдтэй болжээ. Сайхан харилцагчидтай болжээ. Тэр хүмүүс маань өнөөдөр надад тусалж байна. Үгүй ядаж интернэт тавиулахад үнээс нь чөлөөлөөд өгдөг ч юм уу. хоёр бичгийн цаас хэрэгтэй байна гэхэд бариад ирэх хэмжээний нөхөдтэй болчихсон юм байна. Би тэрэндээ  их баярлаж байгаа. Би бас их хэмжээний зээл авсан. Энэ зээлийг би нэг жилийн дотор төлж дуусгах ёстой. Энэ бол эрүүл бизнес ш дээ. Хүсэх юм бол миний зээлийн баримтыг үзэж болно. Би гэхдээ нэг юм бодож байна. Хүмүүс надад ингэж их тусалж байгаа энэ үед нь би маш хурдан сайн сонин гаргаж хөл дээрээ босч, энэ найз нөхдөөсөө юм гуйх биш тэдний партнёр болох юмсан гэж. Энэ хүмүүстэйгээ мөр зэрэгцээд хамтдаа алхах юмсан гэсэн чин хүсэл надад байна. Хэрвээ би хүн рекетлэдэг байсан бол өнөөдөр надад найз нөхөд байхгүй байх байсан шүү дээ.  Аягүй л бол ажилгүй сууж байгаа шүү дээ. Гэтэл надад найз нөхөд байна. Найз нөхөд ямар үед оршин тогтнодог гээч итгэлийг нь алдаагүй үед, тэр хүний итгэлийг хугалаагүй үед л хажууд маань хамт байдаг  байхгүй юу. Би найзуудаараа үнэхээр их бахархаж байгаа шүү.
-Найз нөхөд ...гэж үнэхээр сайхан ойлголт л доо?
-Жишээ нь одоо би Ганчимэг гэдэг энэ ярилцлагын мастер хүнтэй ярилцлагад нь уригдаж ороод сууж байна. Энд бид хоёрын дунд сэтгэлийн нэг нандин холбоо байнаа даа.  Та надад туслах юмсан, шинэ сонин гаргаж эхэлж байгаа энэ үед нь дэмжих юмсан гэсэн чин сэтгэл гаргаж байна. Танай эрхлэгч Б.Ганболд байна. Залуу хүмүүсийг шинэ юм эхлээд явж байхад нь тулж түших юмсан гэсэн нөмөр нөөлөг гаргаж байна. Ийм гоё гоё дэмжлэгүүдийн үүднээс би өнөөдөр сонин гаргаж байгаа. Гэтэл тэрийг зарим нь заавал хараар будах гээд л байх юм даа. Би сүүлийн үед атаархал гэдэг үгийг их хэлдэг болчихоод байгаа.  Гэхдээ бид харуулна. Өнөөдөр хоёр сэтгүүлч байсан ч хооронд нь муудалцуулж, хоёр бөх байвал дунд нь хов зөөж байдаг. Энийгээ болъё л доо.
-Манай Ж.Мягмарсүрэн эрхлэгч намайг анх гарч ирж байхад “сэтгүүлч бол найзгүй хүний мэргэжил шүү” гэж сургадаг байсан. Та энэ ойлголтыг яаж тайлбарлах вэ?
- Мягмарсүрэн эрхлэгчийн өөрийнх нь туулсан зам тийм байж магадгүй. Миний туулсан зам бол ондоо. Яагаад би ингэж бардам хэлж байна гэхээр яахав урвасан нөхөд бол байдаг л даа. Тэглээ гээд би тоодоггүй. Буцаад ирдэг л байхгүй юу. Хамгийн гол нь хүний итгэлийг алдахгүй байх ёстой. Тэр итгэл дээр л бүх юм тогтож байгаа гэж би боддог. Миний хувьд  найз нөхөд гэж байдаг, итгэл гэж байдаг гэж хэлнэ. Би сэтгүүлчиддээ ч хэлдэг. Хүний итгэлийг л алдах юм бол энэ хорвоо чиний өөдөөс шууд нулимана шүү гэж. Хүнд нэг сайн юм хийхэд тэр хүн заавал санаж л явдаг байхгүй юу.
-Сүүлийн үед ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу их давшиж байгаа. Яагаад ингэдэг юм бэ. Уншигчид маань намайг бөөрөнхийлөөд асуухгүй байна гэж харж магадгүй юм л даа. Нэг хүнийг л дайрч давшиж байж гарч ирсэн гэж таныг телевизийн нэвтрүүлгээр цацсан. Яагаад Н.Энхбаяр таны хувьд гол том сэдэв байдаг юм бэ?
-Н. Энхбаяр гэдэг хувь хүн рүү нь биш ээ,  Энхбаяризм гэдэг том тогтолцоо руу нь хандаж байгаа байхгүй юу. Энэ тогтолцоо чинь өөрөө Энхбаяр гэдэг хүнээр илрээд байна.  Ганцхан би өөртөө бодогдсон юмаа бичихгүй байгаа шүү дээ. Асар олон хүн ярьж байна. Асар олон хүн тэгж мэдэрч байна. Тэрийг л гаргаж ирээд биччихээр тэгж харагдаад байгаа байх.  Жишээ нь би УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэдэг хүн сонгуулийн дараа шоронд ороход нь  маш хүчтэй өмгөөлсөн. Одоо би тэр хүнийг ахиад хүчтэй шүүмжилж байгаа.  Тэр хүний хийж байгаа, тэр хүний бүрдүүлж байгаа юм өнөөдөр нийгэмд таалагдаж байна уу, үгүй юу. Зөв үү, буруу юу гэдгийг л дүгнэж гаргаж ирэхийг хичээдэг.  Түүнээс биш Энхбаяртай  би  албан тушаал булаацалдаагүй, авгай хүүхэн булаацалдаагүй, мөнгө төгрөг булаацалдаагүй.
-Хувийн амьдралаа танилцуулж болох хэмжээнд танилцуулаач?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд мөртлөө яг хөдөө өссөн юм шиг өссөн. Би цогийн индүүгээр хувцсаа индүүддэг байсан. Би гэрийнхээ янданд үсний туузаа индүүддэг байсан. Би өвөө эмээгийн хүүхэд л дээ. Хурдны морь унаж ,даага сургадаг байсан гээд яривал их юм бий. Хөдөө тал руугаа их амьтай. Ээж аав маань зүгээр жирийн л ажилчин улс. Сониноос манай ээж Н.Энхбаярын улаан фен. Хувьсгалт намын үнэхээр хуучин кадр. Депутат ч болж явсан.  Тийм л нэг жирийн айлын хүүхэд. Одоо би өөрөө хоёр хүүхэдтэй. Нөхөр маань мэргэжлийн хуульч. Сэтгүүлч хүн ар гэр нь сайн байх юм бол амжилт гаргадаг. Мэргэжлийг нь ойлгодог, хүндэлдэг нөхөр эмэгтэй сэтгүүлчид маш ховор.  Би ер нь их азтай эмэгтэй шүү. Жинхэнэ эр хүнийг олоод суучихсан. Их сайн ханьтай учирсан. Ийм сайн ханьтай сэтгүүлч эмэгтэйчүүд ховор шүү дээ. Та өөрөө мэднэ.
-Нөхөр тань анх таныг өмгөөлж байсан өмгөөлөгч гэж үнэн үү?
-Үнэн.
-Гоё тохиол юм аа?
-Үнэхээр тийм шүү.
-Бидэнд  чөлөөт цаг үнэхээр бага байдаг. Гэхдээ уншиж, судалж, хоцрохгүй байх том шаардлага хажуугаас шахаж байдаг. Өөртөө энэ талын бололцоог хэр олгодог вэ?
- Харин наад шаардлагыг чинь маш сайн биелүүлдэг гэж өөрийгөө боддог ш дээ. Манай гэрээр дүүрэн ном байгаа. Би яруу найрагт их дуртай. Бүх яруу найрагч, зохиолчдын ном бий. Тэгээд шинээр сүүлийн үед нээлттэй нийгэм форумаас орчуулдаг болсон, hepkoгоос орчуулсан бүх  ном бий. Бүгдийг нь уншдаг. Шөнө л голчлон унших юм даа. Өдөр бол завгүй юм чинь шөнө нойроо хугаслаж уншина. Боловсролтой хүмүүстэй уулзахад би цаг хайрладаггүй. Дайсантайгаа, өөрийнхөө шүүмжилж бичдэг хүнтэйгээ ч гэсэн уулзаад нэг цаг суухад бас л юм  их өөрчлөгддөг шүү. Надад өөрийгөө тоодог ганц л юм бий. Би хүний үгийг аягүй сайн сонсч хүлээж авдаг. Манай сэтгүүлч нар мэдэхгүй юмаа нуугаад асуудаггүй. Би энэ тал дээр ерөөсөө ичдэггүй. Сэтгүүлч хүн алдаж болно харин алдаагаа маш хурдан залруулах хэрэгтэй, буцаж тэр алдаатай замаараа явж болохгүй.  Ажиглаад бйахад манай сэтгүүлчдэд бас нэг буруу ойлголт байна. “Өө тэр муу чинь тийм намын тэрний хүн” гээд хаячихдаг. Тэр хүний үгийг заавал сонсох ёстой. Тэр хүнийг хүндэтгэж юу ярихыг нь сонсож байх ёстой байхгүй юу. Жишээ нь миний нэг хүсэл байдаг. Н.Энхбаяртай ярилцлага хийх юм сан гэсэн.
-Санал тавьбал хүлээж авдаг шүү дээ. Санал тавиач?
-Санал ер нь би өөрөө тавиагүй юм байна. ярилцлага хийх юм сан гэж боддог. Яагаад гэвэл би тэр хүний тухай бодож байсан, тэр бүх юмаа өөрөөс нь асуумаар санагддаг . Улаан нүүрээрээ харж сууж байгаад. Тэр хүн тэгээд “Мөнхбаясгалаан чи энэн дээр худлаа бичсэн шүү. Тэр чинь ийм  байхгүй юу” гээд ярьвал бүр сайн.  
-Өөр чамд ярилцлага хийхийг хүсдэг ямар фигур байна?
-За, Ц.Нямдорж гуайтай ярилцлага хийх сонирхолтой байдаг. Ц.Нямдорж гуай сонин, хурц зан чанартай. Гол нь үнэн ярьдаг.  Харин тэр үнэн үгийг нь тэвчиж суудаг хүмүүс ховор байх аа.  Би Баабартай хоёр удаа ярилцлага хийсэн. Баабартай ярилцлага хийх юмсан гэж бас их боддог байсан. Тэрэндээ хүрч ёстой сайхан ярилцлага хийж байсан. Жишээ нь би Энхбаярыг  шүүмжилдэг ч Энхбаярын хөргийг бол маш сайн бичиж чадна. Бүр магтсан хөргийг нь ч сайн бичиж чадах байх гэж боддог. Яагаад гэхээр би өөрөө юмаа биччихээд дараа нь тэрнээс гарах гарцуудыг хараад байдаг. Тэгээд бас тэр талруугаа бичих юм бол бас сонин бичигдэх юм шиг байгаа юм.  
-Иргэний хөдөлгөөнийнхөн жагсаж эхэлж байгаа. Энэ хаврын жагсаалыг Мөнхбаясгалан хурцаар шүүмжилж хүлээж авсан. Хавар боллоо найзуудаа та нар мөнгөгүй болчихсон уу, ээлжит мөнгөө хийхээр жагсах гэж байна уу гэж бичсэн. Яагаад тэгсэн бэ?
-Ерөөсөө л нийгмийн захиалга тэр байсан шүү дээ. Сая эд нарын жагсаалыг ард түмэн тэгж хүчтэй дэмжсэн гэж үү. Бүх сонины тэргүүн нүүрэн дээр, бүх сонины голлох материал дээр шүүмжилж гарсан шүү дээ. Тэгэхээр цаг үе нь, нийгэм нь хүрсэн нь, сэтгүүлчид нь хүлээж авахгүй байна гэдэг чинь юуг хэлээд байна вэ.
-Тэд нараас  нийгмийн сэтгэл хөрчихсөн гэж үү?
-Хөрсөн. Долоон сарын нэгнээр л хөрчихсөн л дөө. Би долоон сарын нэгэнд тэд нарыг тэгээд зугтаад явчихна гэж үнэхээр бодоогүй. Ёстой л нөгөө туг шиг байж, өмнө нь зогсож, цагдаа ирвэл буудуулж, бороохойдуулж, ганц худаг руу ачигдаж, тэндээс хүртэл тэмцэж чадна  гэж би бодсон. Би тэдэнд тэр олон мянган хүний нэгэн адил итгэж байсан юм.
-Ичинноровыг би өөрийн чинь найз гэж мэднэ. Үнэхээр төсөөлж байгаагүй шийдвэр гаргалаа. Яаж хүлээж авсан бэ?
-Маш дургүй хүлээж авсан. Би Ичинноровт өөрт нь ч хэлсэн. Буруу сонголт хийчих шиг болсон.
-ИЗН-д орсон гэж би бодож байсан?
-Би бас яг тэгж бодож байсан. Тэгсэн бол нийгэмд илүү таалагдах байсан байх. Гэхдээ тэр өөрийнх нь сонголт. Хүндэтгэх хэрэгтэй.  
-Мөнхбаясгалангийн бичиж байгаа нийтэлүүдийг одоогийн ерөнхий сайдтай их холбодог. Улс төрийн хүрээнд энэ талын жиг жуг их байдаг л даа. Ерөнхий сайдын сонинг гаргаж байна гэж ч ярьж байгаа. Үнэхээр  ивээн тэтгэгч тань ерөнхий сайд мөн үү?     
-Би зээл авсан гэж түрүү хэлсэн. Ерөнхий сайдтай хардах нь утгагүй зүйл л дээ. Тэр хүнтэй ойлголцож хамтарч ажилладаг үе байсан уу гэвэл байсан. Одоо ч гэсэн нэг их холдчихсон гэж худлаа ярих хаашаа юм. Магадгүй  би тэр хүнтэй маш сайн  ойлголцдог байх.  Тэр хүн бол маш сайн мэргэжилтэн. Маш сайн эдийн засагч, дипломатч тэгээд бас хүнийхээ хувьд хүн чанарынхаа хувьд сайн хүн шүү. Гэхдээ үйл ажиллагаа болгоныг маань тэр хүнтэй холбоод байвал утгагүй байгаа юм л даа. Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандах асуудал зөндөө л санагддаг. Ялангуяа ерөнхий сайд болонгуутаа Гадаад харилцааны сайд дээр нэг нэгдлийн эдийн засагч тавьсанд нь их гонсойсон.
-Энэ хаврын шошго хувьсгал гэдэг шошго байх нь шиг байна. Хүн болгон л хувьсгал хийнэ гэж ярих гээд байна. Үзэгдлийнх нь хувьд үүнийг яаж хүлээж авч байна?
-Наадах чинь жил болгоны хавар л дэгддэг салхи биз дээ. Энэ үнэндээ дэндүү залхуутай санагдаад байгаа байхгүй юу. Хүүе ээ, залуу хүмүүс чинь хавар арай өөр байж хайр сэтгэл, гоё ганган юм руу тэмүүлэхийг хүсдэг биз дээ. Тэр хамаг гэгээн цагийг маань бүр жилийн жилд ингээд арчаад хаячих юм.  Уг нь таны бичсэн шиг хаврыг хавар чигээр нь л авмаар байгаа байхгүй юу. Гэтэл монголын залуучуудаас тэр хүслийг нь булааж авч байна шүү дээ.
-Баярлалаа. Амжилт...бас дахин амжилт ?
-Баярлалаа. Хичээнээ.
 
Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
www.ganchimeg.niitlelch.mn
2010 оны 3 сарын 25