Showing posts with label БЯМБАСҮРЭН Дашийн. Show all posts
Showing posts with label БЯМБАСҮРЭН Дашийн. Show all posts

Monday, 26 January 2015

Д.Бямбасүрэн: Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад хоёр зүйлийг яаралтай хэлмээр байна

29Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. 
-Тантай өнгөрсөн аравдугаар сард ярилцаж байхад эдийн засагт хямралын шинж тэмдэгүүд аль хэдийнэ илэрлээ, энэ нь Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй гэж байсан. Одоо шинэ Засгийн газар байгуулагдлаа, байдал дээрдэв үү?
-Тухайн үед Засгийн газар солигдох зайлшгүй шаардлагатайг ганцхан би ч яриагүй л дээ. Улс төрийн хүчнүүдэд, нийгэмд хүлээлт үүссэн байсан. Шинэ засаг одоо өмнөхөөсөө л илүү сайн ажиллах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хэцүү, улам дордоно. Харамсалтай нь, УИХ өөрөө өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан эдийн засаг, улстөрийн бодлогод дүгнэлт өгсөнгүй. Өгөөгүй учраас шинэ Ерөнхий сайд нь УИХ-д үг хэлэхдээ, өмнөх засгийн бодлогоо үргэлжүүлнэ гэж байна шүү дээ. Уг нь шинэ бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах хөтөлбөрөө боловсруулсан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тохирч, хамтарсан Засгийн газраа байгуулсан бол Монголын нийгэм эрүүлжих гарц байлаа. Гэтэл программ, хөтөлбөргүй, албан тушаал хуваах зарчим барьсан Засгийн газар байгууллаа. Засгийн газарт М.Энхсайхан, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Д.Оюунхорол зэрэг туршлагатай хүн байгаа ч тэдний нөмөр дор нэр хүнд нь олон нийтийн дунд шалан дээр унасан хүмүүс орж ирсэн нь үндсэндээ энэ шийдлийнх биш шийтгэлийн Засгийн газар томилогдлоо. УИХ-д хүндрэлийг давах цогц бодлого оруулахын оронд яарч сандран хэсэгчилсэн асуудлууд оруулж ирж байна. Энэ нь энэ засаг цаашид цэгцтэй цогц бодлого явуулах итгэл төрүүлэхгүй байна.
-Уг нь бидэнд мөнгө хангалттай, гадна талдаа хямраагүй байхад манай эдийн засаг хүндэрчихлээ. Шалтгаан нь юу вэ?
-Ер нь бодит байдал дээр ямар ч хямрал тухайн төрийн бодлогын алдаанаас голчлон үүсдэг. Дэлхий хямарч байхад улс орныхоо эдийн засгийг авч гарах ухаалаг бодлого төрд байх л ёстой. Дэлхий хямраагүй байхад төр нь өөрөө эдийн засгаа хямраана гэдэг бол яалт ч үгүй төрийн бодлогын алдаа. Ард түмний гэм буруу энд байхгүй. Манайхан эдийн засаг гайгүй байхад улс төрийн хийрхлээр амласан амлалтаа биелүүлнэ гэж яваад эдийн засгаа туйлдууллаа. Үүнийгээ засч байна гэж гаднаас баахан зээл тавьж мөнгө аваад, үр ашиггүй хувааж, үрээд дууслаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д үг хэлэхдээ дампуурал зарлаж болзошгүй боллоо гэж хэлсэн нь үнэнийн хувьтай юм шүү дээ.
-Төгрөгийн ханш 30 гаруй хувиар уналаа. Энэ нь Монгол Улсын мөнгөний бодлогыг зангидаж байгаа Төв банкны бодлогын алдаа байв уу. Жишээ нь, Төв банк үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр гаргасан дөрвөн их наяд төгрөг нөлөөлсөн үү?
-Манайхан төгрөгийн ханш унаж байгааг маш олон янзаар тайлбарлаж байна. Төлбөрийн тэнцэл алдагдсанаас болсон гэдэг. Энэ нь нэг талдаа үнэн л дээ. Нөгөө талд сүүлийн гурван жилд мөнгөний нийлүүлэлт 60 хувиар өссөн. Дотоодын эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө арван их наяд төгрөг боллоо. ДНБ нь 19 их наяд. Өөрөөр хэлбэл, Монголын мөнгө жилдээ хоёр эргэж чадахгүй байна. Мөнгөний эргэлтийг он дараалсан байдлаар динамикаар авч үзвэл 1990 онд долоо эргэж байсан. 2000 онд 4.65 эргэж байв. Харин 2015 онд хоёр ч эргэж чадахгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн цусцарцаж байна. Энэ нь Монголын төрийн эдийн засгийн макро бүтцийн талаар явуулсан бодлогын алдаатай холбоотой. Нэг талд байгаа мөнгөө газар руу, дуусаагүй барилга руу хийж байна. Нөгөө талд үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй уул уурхайн салбар руу хийснээс болж эдийн засаг энэ хэрээр савлалаа. Монголын эрдэмтэд, гаднынхан Монгол Улсыг голланд өвчинд нэрвигдсэнийг сануулж байгаа. Тэд “уул уурхайгаагаараа болгоомжтой оролдоорой” гэж сануулж байсан. Харамсалтай нь,бид үгэнд нь орсонгүй. Уул уурхайн компаниудын гарыг долоож амьдардаг хэдэн лобби бүлгийн явуулгаар төр засаг нь хөтлөгдөж явсаар ийм байдалд орлоо. Жишээ нь, Оюутолгойн гэрээг байгуулахдаа экспортын орлогыг Монголд оруулж ирэхгүй гадаадад байршуулна гэж тохирсон. Өнгөрсөн 2014 онд манай улсын гадаад худалдааны тэнцэл 537 сая ам.долларын ашигтай гарлаа гэж ярьж байна. Энэ бол гарсан бүтээгдэхүүнийг тооцоолон гаргаж байгаа тоо. Гэтэл гаргасан бүтээгдэхүүнийх нь орлого бидэнд орж ирээгүй. Нэг тэрбум гаруй ам.доллар орж ирсэнгүй. Ингээд бодоход, Монголын орлого зарлагын тоо цэвэр тэнцлийг мөнгөөр тооцвол 700 сая ам.доллар болж байгаа. Гадаад худалдааны тэнцэлд төлбөрийн баланс хүндрэлтэй хэвээр байна гэсэн үг. Ийм байхад гадаад худалдааны алдагдал буурч, сайхан боллоо, сайн болж байна гэж сэтгэл амарч яавч болохгүй.
-Хэрвээ Монгол Улсын Төв банк валютын нөөцгүй болбол жинхэнэ дампуурах уу?
-Төв банк 1.6 тэрбум ам.долларын нөөцтэй байна гэж яриад байгаа. Гэхдээ бид нэг тооцоо хийх шаардлагатай болоод байгаа. 2012 онд Засаг солигдоход Монгол Улс 2.7 тэрбум төгрөгийн нөөцтэй байна гэж ярьж байсан. Түүнд Хөгжлийн банкны 580 сая багтаж байсан. Түүнээс хойш 1.5 тэрбумын зээл авч, 300 саяын Самурай бонд, Хятадаас 3-4 тэрбумын арилжааны юанийн зээл авлаа. Гэтэл 2012 онд 800 сая ам.долларын худалдаа хийсэн. 2013 онд хоёр тэрбумын алдагдалтай. Харин 2014 онд 580 саяын ашигтай гэж ярьж байна. Ингээд бодохоор 6.2 тэрбумаас алдагдлаа хасахаар цаана гурван тэрбум ам.долларын асуудал байгаа. Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн байх ёстой байгаа биз дээ. Энэ хооронд гадагшаа валютын шилжүүлэг, алдагдал маш их гарсан. Төгрөгийн ханш унасан нь ч нөлөөлсөн. Энэ бүгдийг тооцсон ч цаана нь хоёр тэрбум ам.долларын асуудал байгаа. Энэ нь офшор данс руу оров уу, валютын ченж нар гадагшаа зөөж гаргав уу. Үүн дээр маш нарийн судалгаа хэрэгтэй. Тэгж байж дүгнэлт хэрэгтэй. Одоо байгаа 1.6 тэрбум ам.доллар байгаа нь үнэн бол тийм муу нөөц биш. 1.5 тэрбумын бонд аваад ямар үрэлгэн хийсгэсэн билээ дээ. Түүн шиг үрвэл 1.6 тэрбумын нөөцөө салхинд хийсгээд л алга болно. Зөв зарцуулбал боломж л доо.
-Та шинэ Ерөнхий сайдтай уулзсан уу?
-Үгүй ээ.
-Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд тантай уулзъя гэж дуудвал, та ямар саналууд хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд хоёр зүйл хэлнэ. Нэгд, толгойлж байгаа команд нь бодит байдлаа бүрэн харж чадахгүй байгаагхэлнэ.Хоёрт, хямралаас гарах цогц бодлого хэрэгжүүл гэж л зөвлөнө.
-Өнөөгийн хямралын шинж тэмдгүүд таны Ерөнхий сайд байх үеийн эдийн засгийн байдалтай ойролцоо байна гэж зарим хүн ярьж байсан?
-Огт тийм биш л дээ. Намайг Ерөнхий сайд байх үед эдийн засгийн хямралд гурван зүйл нөлөөлж байсан. Нэгд, Монголын эдийн засаг экспортынхоо орлогоос 135 хувь давсан импорттой, зээл тусламжаар амилдаг эдийн засагтай байсан. Хоёрт, тогтолцооны хямрал нүүрлэсэн байсан. Гуравт, Монгол Улс хараат дагуул орон байсан. Өнөөгийн хямрал огт өөр. Мөнгө халигаж, цалгиж байхад эрх баригчид нь дэндүү хариуцлагагүй ажилласнаас үүссэн хямрал.
-Тийм л дээ. Гэхдээ ижил төстэй шинжүүд байгаа учраас танд зөвлөх гарц байна уу гэж асууж байгаа юм?
-Бүх хямралд төстэй тал байдаг л даа. Тэр нь юу гэхээр хямралаас гарахад эдийн засгийн төрхөө өөрчлөх хэрэгтэй болдог. Өнөөдөр Монголын эдийн засаг ганцхан уул уурхай дээр суурилсан. Ийм нөхцөлд эдийн засгаа аль болох олон салбартай болгох шаардлагатай. Хоёрт, аливаа хямралаас гарах нийтлэг арга зам бол төр засаг нь эдийн засгаа авч явах арга механизмын архитектурыг өөрчлөх хэрэгтэй. Шавар байшинд суудаг байсан бол одоо бетонон байшингийн суурь хэрэглэж эхлэх хэрэгтэй болно. Энэ нь татварын бодлогоо өөрчил гэсэн үг. Зөвхөн татвар нэмэх тухай асуудал биш шүү. Аливаа хямралын гол сургамж нь хариуцлага байдаг. Бид яагаад ийм хямралд орсон бэ гэдгээ эргэж ойлгож, учир шалгааныг олж, шалтгааныг арилгах хэрэгтэй. Монголын өнөөгийн хямрал бол хариуцлагагүйгээс л болсон. Монголчууд сүүлийн 15 жил худал хуурмагийн орчинд амьдарч байна. Сонгуулиар улс төрийн намууд худлаа амалж, түүнийг үл бүтэх зүйл амалчихаад түүнийгээ биелүүлэх гэж улсын эдийн засгийг золиос болголоо. Энэ бол хамгийн том сургамж болж үлдэх ёстой, давтах эрх байхгүй. Гуравт, төрд ажиллаж буй хүмүүс төрийн албанд оронгуутаа л вант улсын эзэн болсон юм шиг авирлаж, төрийн мөнгөөр тоглох явдал хэтэрлээ. Газрын дарга, дэд сайд нь найм саяын цалинтай байна гэж байна. Гэтэл улсын ерөнхийлөгч нь хүртэл найман сая төгрөгийн цалин авдаггүй шүү дээ. Энэ юу болж байна вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр дэндүү туйлж байна шүү дээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид улирал тутам 10 сая төгрөгийн бэлнээр шагнал гэж авдаг болж. Ажил хийнэ гэж сонсогдсон биш шагнал авах гэж сонгогдсон болж таарч байна. Үүнийг шинэчлэл гэж ойгодог болсон хэрэг үү. Харин урьдын хариуцлагатай хатуу дэглэмийн үед бол үүнийг хулгай гэж нэрлэдэг байсан юм. Шууд гэмт хэрэгтэн болно. Татварын мөнгийг, төсвийн мөнгийг халаасалсан, тэр мөнгийг нь төсөвлөж өгсөн хүмүүс бүгд гэмт хэрэгтнүүд. Ардчилал гэдэг хариуцлагыг нэмдэг болохоос хасдаг тогтолцоо биш. Эрх мэдэлтнүүд улам л хатуу дэглэмтэй болох ёстой. Гадаад орнуудыг харахад, эхнэртэйгээ албаны утсаар ярьсныхаа төлөө сайд огцорч байхад манайд төсвийн мөнгөөр хөлбөмөг үзэх гээд явахад нь өөгшүүлж, толгойг нь илээд сууж байна. Энэ нь хямралын нэг шалтгаан. Монголын эдийн засаг авлигад идэгдэж цусыг нь сорж байна. Аль ч эдийн засагт хямралтай, хямралгүй ч гол тулгуур нь банкны систем байдаг. Монголын банкны систем цус сорогч паразет болоод байна. Банкны зээлийн жилийн хүү 20 хувь. Хамгийн сайн бизнесмен жилийн 10 хувь, дээд тал нь 20 хувийн ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тэгэхээр Монголын арилжааны банк жилийн 20 хувийн зээлийн хүү авснаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, амилах замыг хааж, зүгээр л цус сорох ажил хийж байна. Банкны системийг өөрчлөх төрийн бодлого одоо хүртэл байхгүй байгаа нь үнэхээрэмэгнэлтэй.
-Төр нь банкууддаа идэгдчихсэн юм биш үү?
-Яг үнэн. Төр нь банкиндаа идэгдсэн, банкныхан нь төрдөө ороод суучихсан болохоор л ийм байдал үүсч байгаа юм.
-Хамтарсан Засгийн газар байгуулсан нь эдийн засгийн хямралаас гарах нэг гарц биш үү?
-Гарц биш, улс төрийн бантан. МАН-ынхан бол АН-ыг доройтуулж, дангаараа засаг барих чадваргүйг харуулахыг л зорьсон.
-Хамтарч өрийн таазаа нэмнэ гэх юм. Өрийн таазаа нэмж зээл авахаас өөр сонголт үлдээгүй юү?
-Өртэй хүн өөдлөхгүй гэж монголчуудын сайхан үг бий. Түүх, амьдралаас батлагдсан зүйл. Нөгөө талд сохор үхэрт худаг бүү үзүүл гэсэн мэргэн үг бий. Тэгэхээр зээл аваад түүнийгээ зөв зарцуулж чаддаггүй хүмүүст зээл авахыг зөвшөөрнө гэдэг бол худагт унахтай утга адил. Монголын зээлийн өр ДНБ-ээс хол давчихсан. 2012 оны эцэст манай улсын өр 12 тэрбум 980 сая ам.доллар байсан. Тэр илтгэлд миний бие өөрийн биеэр дүгнэлт бичиж өгч байсан. Түүнээс хойш зээл аваад, аваад л байсан. Өнгөрсөн оны сүүлээр Moody’s-ийн үнэлгээрээр Монгол Улсын өр 19.8 тэрбум ам.доллар болсон. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 30 гаруй их наяд төгрөг буюу ДНБ-ээс аль хэдийнэ давчихсан. Үүнд хувийн хэвшлийн авсан зээл багтахгүй байгаа. Гэтэл хувийн хэвшлийнхэн зээл авч ашиглачихаад эргээд валютаар л төлнө.Төр засаг хувийн хэвшил хоёр нэг тогооны хоёр талаас халбагдаж суугаа. Гадаад өр хэчнээнийг төлөх вэ гэхээр төрийн авсан зээл, хувийн хэвшлийн авсан зээлийг нэгтгэж ярих ёстой асуудал. Үүнээс гадна маш ноцтой асуудал бол Хятадын банкнаас манайх өмнө нь 10 тэрбум юанийг төгрөгөөр худалдаж аваад үрчихсэн. Өнгөрсөн жил 15 тэрбум юанийг нэмж авахаар болж одоо авч эхлээд байна. Төгрөгөөр юань худалдаж авч байна. Юань хөрвөх чадвартай валют. Төгрөг хөрвөх чадваргүй. Ханш нь унаж байгаа төгрөгийг Хятадын банк хадгалаад суух ямар ч учир шалтгаан байхгүй. 25 тэрбум юанийг ам.долларт шилжүүлбэл дөрвөн их наяд ам.доллар болно. Энэ их өрийг юугаар хаах вэ. Бидэнд төгрөг бариад ирэхэд нь өгөх бараа байхгүй. Хөрөнгө оруулалт хийх гэтэл бидэнд шингээх, бараа бүтээгдэхүүн алга. Тэгэхээр цаашид Тажикстан шиг газар нутгаа хувааж өрөө төлөх байдал руу орж магадгүй. Үүнийг УИХ харахгүй,ярихгүй байгаа. Ер нь төр засгийн жолоо барьж байгаа хүмүүсийн олонхид суурь боловсрол үнэхээр дутагдаж байна. Нэгдүгээр курсын оюутны боловсролгүйгээр төрийн сайд хийж байгаа хүмүүс ч байна. Эдийн засгийн нэр томьёог өөрийн болгоогүй, утгыг нь ойлгоогүй байж улс орны эдийн засгийг бодлогыг жолоодно гэж юу байх вэ.
-Ер нь зээл авахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглаж, эдийн засгийн хямралаас гаргах боломж байхгүй юу. Ганц найдвар Оюутолгой эргээд манай улсыг гацаанд оруулчихав уу даа?
-Монгол Улсыг өөрийг нь зээлийн барьцаанд тавьчихаад сууж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойд багалзуураараа боомилуулчихаад байна даа.
-Эдийн засаг хямралд орохоор Засгийн газар Олон улсын валютын сангаас тусламж хүсч “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаа ч бас авахаар сонирхож байгаа дуулдсан. Гэтэл өрийн таазаа ДНБ-ий 70 хувьд хүргэж чадсангүй.
-“Стэнд бай” авах хэмжээнд хүрнэ гэдэг бол арчаагүйн ёроолд уналаа л гэсэн үг. 1990 оны эхэн үед маш хүнд байдалд байхдаа энэ хөтөлбөрийг авч байсан. Гэтэл өнөөгийн эдийн засгийн нөхцөлд тогтворжих хөтөлбөр нэхэж эхэлнэ гэдэг бол Засгийн газар жолоогоо алдаж, аргаа ядсны шинж. Онгоц нисч явахад онгоц жолоодож чадахгүй хүн суулгачихаад сайхан, амжилттай газардана гэж тооцож болохгүй ш дээ. Онхолдож л таарна. Бид улсаараа ийм л байдалд явж байна.
-Тавантолгойн орд дээр стратегийн хөрөнгө оруулагч шалгарч, гэрээ хэлэлцээ байгуулах ажил өрнөж байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар мөрөөдлийн багаа сонгож чадсан болов уу?
-Тавантолгой бол экспортод бүтээгдэхүүнээ гаргах үйлдвэр. Гэтэл үүнийг толгойлох Хятадын төрийн өмчит Шиньхуа нь манай бүтээгдэхүүний хэрэглэгчийн компани. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн компаниараа толгойлуулсан бүлэг байгуулчихаад үүнийг мөрөөдлийн баг гэж хэлж болохгүй. Хэрэглэгч нь нэг өдөр манайх нүүрс ихтэй боллоо, үнээ хямдруулна гэвэл шууд л хямдруулна шүү дээ. Мөн Монголын талаас оролцож байгаа “Энержи ресурс” нь хуучин Тавантолгойн хувьцааг авч маргаан үүсгэж байсан хүмүүсийн эзэмшилтэй компани.Одоо эргээд Тавантолгойгоо бүтнээр нь залгилаа л даа. Гэхдээ Тавантолгойг тав хувааж дампууруулаад хаясан нөхцөлд эргээд хумьж авна гэдэг нь зөв алхам. М.Энхсайханыг зөв хийж байна гэж харж байгаа. Магадгүй үүнээс ч өөр арга зам байхгүй байх. Уг нь Тавантолгойг бүх л чиглэлээр нь ипмортлогч, хэрэглэгчтэйгээ биш гуравдагч хөндлөнгийн оронтой хамтарч ашиглах гэрээ хийсэн бол ахицтай байж болох байсан. Тийм хувилбарууд ч байсан. Хамгийн сүүлд “Пибоди энержи”-г алдлаа. Пибодигоос өөрч хувилбар байж болох байсан. Зах зээл, нөхцөл сайн байхад Орос, Япоптой хамтарч болох байлаа.
-Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн хилээ сэтэлсэн төмөр замаа Хятадуудаар бариулж, мөн эзэмшүүлнэ гэж ярьж байгаа. Энэ хэр зөв юм бол?
-Тавантолгойгоос Хятад руу явах төмөр зам нь мухар зам байх болов уу. Тэр нь Хятадын замаар явахаас өөр аргагүй болно. Хятадын хил дээр өргөн царигтай төмөр замаар тээвэрлэчихээд “та нар цааш нь нарийн царигтай төмөр замаараа шилжүүлж ач” гэвэл зардал нь өснө. Гагцхүү асуудал нь нарийн төмөр зам нь Монголын нутаг дээр Монголын төмөр замчдын мэдэлд байх ёстой. Монголын төрийн мэдэлд. Үүнийгээ л авч үлдэх ёстой. Хэрэв Монголын нутаг руу орж ирсэн нарийн төмөр зам Хятадын талд үйлчилнэ гэвэл маш том асуудалтай тулгарч байгаа нь тэр.
-Гэхдээ хэлэлцээр хийж байгаа багийг харвал мэргэжлийн хүн цөөхөн, голдуу улстөрчдөөс бүрдсэн ажлын хэсэг гарчээ. Энэ нь Тавантолгой Оюутолгой шиг явахгүй гэсэн баталгаа бас алга гэж харахад хүргэж байна?
-Үнэн, баталгаа алга. Би М.Энхсайханд л найдаж байна. Өөр найдах юм алга.Нэгд, мэргэжлийн дээд төвшинд сэтгэж чадах байх гэж найдаж байна. Хоёрт, үндэсний эрх ашгийг хамгаалахын төлөө Шударга ёс эвсэл түүний дотор М.Энхсайханы нам өөрөө нэлээд дуу хоолойгоо өргөж яваа улстөрийн хүчин. Тиймээс эрх биш үлгэрлэл үзүүлэх байлгүй дээ.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталбал, далд эдийн засгийн хэдэн хувь нь ил болох бол. Ер нь далд мөнгө байна уу?
-Гадагш нь гаргасан мөнгө бий л дээ. Одоо ч гадагшаа мөнгө зугтах боломж бий. Тэгэхээр офшор дансны асуудлыг УИХ хэлэлцээд жилийн өмнө ямаршуу байдалд орсныг хүн бүр мэдэж байгаа ш дээ. Ийм хүмүүс эргээд офшор дансны мөнгийг татах асуудлыг шийдэж чадна гэж үү. Энэ хууль чинь гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө гэмт хэргээс чөлөөлөх асуудал шүү дээ. Миний бодлоор ийм хууль гаргахын оронд гадаадад байгаа хөрөнгө оруулалтыг эргэж татах ажил хийвэл илүү чухал. Татвараас чөлөөлөх, өршөөх асуудлыг хэд хэдэн удаа хийлээ. Гэхдээ аль нь ч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр гадагшаа гаргаж хувьцаа, банкинд хадгалсан мөнгөө нэг хууль батлагдвал шууд халааслаад ороод ирнэ гэж байхгүй. Тэр мөнгийг Монголд оруулахад маш хэцүү. Ер нь гадаад улсын эдийн засгийн орчин Монголыг бодвол хэд дахин эрүүл, шударга орчин. Монголд мөнгө авчирна гэдэг нь нөгөө авлигачдын ширээн дээр тавина л гэсэн үг шүү дээ. Ингэтлээ төр доройтно гэж үү.
-Өнөөгийн нөхцөл байдлыг харахад сонгуулиас өмнө дахиад төр засаг бужигнах магадал байх шиг байна?
-Манай УИХ улам л хазайгаад байна. 2016 оны сонгуульд маш хүнд байдалтай орно. Учир нь, улстөрийн намуудын алинд нь ч Монгол Улсаа хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулах ул суурьтай бодлого байхгүй. Бодлого байхгүй улс төрийн хүчнүүд юугаар өрсөлдөх вэ гэхээр зөвхөн амлалтаар өрсөлдөнө. Ард түмнээ хуурч мэхэлнэ, Монголын нийгэм дахиад шударга ёсноос улам холдох тийшээ явна. Энэ нөхцөлд эрх сонгууль улам хүнд болно гээд байгаа юм.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд дахиад л уул уурхай, баялгаа ашиглах гэж байх шиг байна. Учир нь стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ хэлэлцэж эхэллээ. Одоо Гацууртын орд дээр маргалдсаар л байна?
-Стратегийн орд гэж ярьж эхэлсэн үндсэн сэдэл нь Ноён уулыг л ухах тухай асуудал юм шүү дээ. Ухах, эс ухахыг бид мэдэхгүй. Үүнийг геологийнхон, эрдэмтэд түүхийнхэн дүгнэлтээ гаргаж, түүнийг УИХ эрүүл саруулаар хэлэлцэх хэрэгтэй. Ер нь сүүлийн таван жил УИХ харахад их сонин зүйл ажиглагдаж байгаа. Өмнө нь дарга болоод төсвийн мөнгөнөөс илүү иддэг гэж хардаг байсан. Одоо тэр гол биш болж. Цүнхээ сугавчилж гүйж байгаад УИХ-д орсон гишүүн хэдэн жилийн дараа Lexus-570,нэг тэрбум төгрөгийн байртай болоод яваад өгч байна. Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын гишүүд гэрээгээ гартаа бариагүй, ТЭЗҮ батлагдаагүй, нөөц нь эцэслэн тогтоогоогүй байхад гэрээг баталсан. Энэ юу вэ. Энэ бол системийн чанартай болоод шууд лобби бүлгийн санхүүжилтийг авдаг болж, УИХ-ын гишүүний саналыг худалдаг болсон нь харагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил УИХ-ын дарга ч хэлсэн. Захиалгын хууль батлагдаж байна гэж. Захиалгын хуулийн төлөө саналаа өгч УИХ-ын гишүүд захиалагчаасаа сайн санхүүжилт авч байгаа юм биш байгаа. Үүнийг би Ноён уул дээр сэжиглэж байгаа. Энэ асуудал тасархай ганцаараа орж ирээд 50 тонн алт гээд хүмүүсийн шүлсийг гойжуулаад л яриад байна. Оюутолгойд 1800 тонн алтаа тавиад туучихсан. Оюутолгой энэ жил хэдэн тонн алт гаргах ёстой байсан хэдийг гаргасан хэд гэж мэдээлж байна. Тодруулах асуудал их бий тэнд. 50 тонн алтнаас 2.5 хувийн нөөцийн төлбөр авлаа гэхэд 2.5 тонн алт нөөцийн төлбөрт авна. Бусдыг худалдаж авна шүү дээ.Ноён уулын алтыг худалдаж авах, дэлхийн зах зээл дээрээс алт худалдаж авах хоёрын ялгаа нь юу байна вэ. Ингээд бодоход асуудал байгаа биз. Стратегийн орд гэдэг нэрийн дор эхлээд Урт нэртэй хуулийг оролдоод болохгүй болохоор нь стратегийн орд гэж оролдож эхэлж байгаа. Улс орны эдийн засгийн хувь заяа эрх ашгийн асуудал гэхээс илүү нөгөө л сонирхлын асуудал яваад байна гэж харагдаж байгаа юм.
-Ер нь УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээрээ авлигыг улам цэцэглүүлдэг юм биш үү?

– УИХ-ын гишүүд эрх зөрчилтэй хууль дээрээ кноп дарахад 500 сая төгрөгийн авлига авдаг, 100 сая төгрөг бол жишиг болсон үнэ гэсэн мэдээлэл бий. Энэ бүгдийг шалгаж, нягтлах хэрэгтэй. Яагаад УИХ-ын гишүүд хууль санаачилж байна гэхээр лобби, авлигагүйгээр явахгүй. Ноён уулын асуудлыг оруулж ирж бүтэн нэг сарын турш УИХ дээр хэлэлцэж гацааж байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг батлах, хэлэлцэх сонирхол УИХ-ын гишүүдэд байгааг харуулж байна

http://www.itoim.mn/

Tuesday, 16 September 2014

Д.Бямбасүрэн: Засгийн газрын араншинг харахад газар нутгаа худалдахад ч бэлэн бололтой

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал болж өнгөрлөө. Айлчлалыг монголчууд төдийгүй, дэлхий нийт янз бүрээр дүгнэж байна. Та хувьдаа ямар дүгнэлт хийж байна вэ?
-Хөрш хоёр гүрний төрийн тэргүүн нарын айлчлал утга агуулга, цаг хугацааны хувьд зөвхөн Монгол, Орос, Хятад гэсэн гурван орон төдийгүй Ази тив, дэлхийн нийтийн хувьд онцгой үйл явдал боллоо. Магадгүй, Чингис хаанаас хойшхи 700-800 жилийн дараа анх удаа Орос, Монгол, Хятадын нутгийг хамарсан хамтын ажиллагааны шинэ тэнхлэгийн эхлэлийг эдгээр айлчлалаар шийдлээ. Нэг талд нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, олон сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай Хятад орон, нөгөө талд нь дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, түүхий эд үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн асар их потенциальтай  Орос орон. Энэ хоёр гүрний дунд орших ардчилсан төрийн тогтолцоо, нээлттэй зах зээлтэй Монгол орон. Энэ гурван улс хамтарсан бодлого явуулж эхэлж байна. Энэ нь Ази тив төдийгүй дэлхийн геополитик, гео эдийн засгийн орчинд том өөрчлөлт оруулна. Энэ талаас нь харвал нэлээд өвөрмөц айлчлалууд боллоо. Ойроор яривал Монгол Улс хоёр хөршөөсөө найрсаг, алс ирээдүйг харсан хамтын ажиллагааны илүү таатай орчинтой боллоо. Хятад улсын дарга ирэхдээ, Монгол Улсыг далайд гарцтай болгохоо мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улстай харилцах эдийн засгийн харилцаандаа нэн таатай нөхцөлийг сэргээж хэрэглэнэ гэдгээ хэллээ. Оросын хувьд транзит тээврээс эхлээд олон чухал асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь шинээр тогтоож байгаа хамтын ажиллагааны тэнхлэгийг амьдрах чадвартай болгож, тууштай хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг нээх итгэл төрүүлж байна. Монгол Улс урд хөрштэйгөө иж бүрэн түншлэлийн төвшинд харилцахаар тохиролцсон бол, Оростой стратегийн түншлэлээ хөгжүүлэх чиглэлийг баримталлаа. Айлчлал сайхан боллоо гээд суух сул цаг бидэнд байхгүй. Айлчлалаар шийдсэн, ярьсан асуудал болгоны цаана асар их хариуцлага, Монгол Улсын нэр хүнд бий. Монголын талаас хүлээсэн үүргээ шударгаар бүрэн гүйцэт хэрэгжүүлэх, биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, Монгол Улсын төр энэ цагаас эхлээд  хөгжил дэвшилд чиглэсэн, бүс нутгийнхаа өнгө төрхөд зохицсон алс ирээдүйтэй бодлого явуулах шаардлагатай болж байна. Өөрсдөө хариуцлагагүй, хэлсэн ярьсандаа хүрэхгүйгээсээ болоод гадна талдаа бусдын өмнө эвгүй байдалд ордог, дотроо эдийн засгаа хямраадаг урьдын жишээ одоо бидэнд хэрэггүй.

Томоор харвал хоёр хөрш маань монголчуудын бүтээл шүү дээ
-Оросын Ерөнхийлөгчийн айлчла­лаар олон чухал асуудал шийдсэн. Бас шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон чухал санал хэлсэн. Тэдгээрийн нэг нь худалдаа, татвартай холбоотой нэн таатай нөхцөл хүссэн. Оростой байгуулсан стратегийн түнш­лэлийн төвшинд энэхүү нэн таатай нөхцөлөөр хамтран хамтран ажиллах боломжтой юу?
-Уг нь Монгол-Оросын сайн хөршийн харилцааны 1991 оны тунхаг, 1993 оны гэрээнүүдэд зааснаар бол манай хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа нэн таатай нөхцөл гэдгээр явах ёстой юм. Нэн таатай нөхцөл гэдэгт гаалийн татвар 10 хувиас доош байхыг хэлдэг. Олон улсад ч тэгж ойлгодог. Гэтэл Монголын бараа бүтээгдэхүүнд тогтоосон Оросын гаалийн татвар нь нэн таатай нөхцөл биш, үнэн чанартаа Монголын экспортын барааг хаасан шахалт хавчилтын бай­далтай явж ирсэн. Энэ нь зүй тогтол, зах зээлийн хуулиар тогтоосон татвар биш л дээ. Хуучин ЗХУ гэж байхад манай улс хараат орон нь байлаа. Зөвлөлтийн эрхшээлээс гаръя гэхэд зөвлөлтийнхөн 1990 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Монголын бараа бүтээгдэхүүнд тогтоосон гаалийн татвараа нэмж, одоог хүртэл Орос орон энэ асуудлыг шийдэж чадахгүй явж ирсэн. Харин сая Путин Ерөнхийлөгч, цаашид нэн таатай нөхцөлөөр харилцана гэдгээ хэлээд явлаа. Энэ нь бол гаалийн татвар 10 хувь, магадгүй  түүнээс доош бууна.
-Хэрвээ ОХУ гаалийн татвараа буулгаж, магадгүй тэглэлээ гэхэд манайх юу экспортлох вэ. Оросын зах зээл дээр өрсөлдөх Монголын брэнд гэвэл махнаас өөр юу байж болох вэ?
-Монгол Улс экспортлогч орон болно гэхээр манайхан ганц мах л нийлүүлнэ гэх юм. Орос бол дэлхийн хойд талын сэрүүн бүсийн хуурай газрын ихэнхийг эзэлдэг орон. Манай ноос ноолуур, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүний үндсэн зах зээл нь сэрүүн бүс. Халуун бүсийн орнууд хонины ноосоор хийсэн хивс авахгүй, тэнд хонины ноосон цамц өмсөөд суухгүй. Канад, Скандиновын орнуудыг эс тооцвол сэрүүн бүсэд Орос гэж ганцхан том зах зээл бий. Монгол Улс энэ том зах зээлийг онилж, орон зайгаа эзлэхийн төлөө ажиллах ёстой. Бид ноосоороо ядаж л эсгий гутал, цамц, хөнжил, арьс ширээрээ нэхий дээл хийгээд экспортолбол илүү ашигтай. Гэтэл өнөөдөр манай үйлдвэрүүд тун хангалтгүй, энэ чиглэлд хөгжөөгүй. Ойрхон зах зээл байхгүй, байгаа нь өндөр татвартай явлаа. Тиймээс л хэдэн малаа нядалж гаргах асуудал яриад байгаа юм. Мал, махны асуудал эмзэг. Манайд жил бүр л боом, шүлхий гэх олон улсад хориотой байдаг өвчин гардаг. Мах нийлүүлнэ гэж ярихаасаа өмнө эдгээр хориотой өвчнүүд яагаад гараад байгаа учрыг олох хэрэгтэй. Зөвхөн вакцинжуулаад бүхнийг шийдэхгүй. Малын өвчлөлөө зогсоохын зэрэгцээ малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, хөнгөн, хүнсний  үйлд­вэрүүдээ хөгжүүлэхгүй бол зах зээл нээгдлээ гэж баярлах мөртлөө хоосон хоцордог зам мөр бидэнд бий шүү дээ.
-Орос бол уул уурхайн баялгийн экспортлогч орон. Тийм учраас манай нүүрс, зэсийг авахгүй. Тэгэхээр манай экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын хувьд Оросын зах зээл ашиггүй, тийм үү?
-Тийм л дээ. Гэхдээ Орост уран, ховор металл хэрэгтэй байж болох юм. Жонш бага зэргийг Монголоос авдаг. Нүүрсний хувьд манайх энд Тавантолгойтойгоо будилж байх хойгуур  манай хажууханд угаагаад бэлдсэн 17 сая тонн нүүрс Орост овоолгоотой хэвтэж байна. Түүнийг урагш нь гаргана гэвэл Монголын экспортын өрсөлдөгч болно. Мэдээж, энэ нь зах зээлийн эрүүл өрсөлдөөн. Бид тэднээс илүү чанартай нүүрс гаргах хэрэгтэй. Зөвхөн нүүрс гаргах тухай яриад суух биш, хятадууд манай нүүрсийг аваад л цахилгаан гаргадаг шиг Монголдоо цахилгаан үйлдвэрлэж түүнийгээ нийлүүлж болно. Энэ тухай бид одооноос л бодох хэрэгтэй. Цахилгаан станц ажиллуулах мэргэжилтэн, инженерүүд Монголд хангалттай бий.
-Путин Ерөнхийлөгчийн айлчлалаар гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээс хамгийн чухал нь Улаанбаатар төмөр замыг 2020 он гэхэд цахилгаанжуулж, хос замтай болгох гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ, энэ маш чухал. Манай төмөр зам ганц замаар ачаа, зорчигчоо тээвэрлэж зөрлөг дээрээ очно, тэндээ дараагийн галт тэрэгтэйгээ зөрөх гэж баахан хүлээж цаг хугацаа, маш их боломж алддаг. Хэрвээ хоёр замтай болох юм бол нэвтрүүлэх чадвар маш ихээр нэмэгдэнэ. Энэ нь Монголын эдийн засагт том дэмжлэг болно. Транзит тээвэр бол Монголд мөнгө үлдээгээд явдаг маш ашигтай бизнес шүү дээ.
-Улаанбаатар төмөр замыг хос болгож цахилгаанжуулахад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр мөнгийг төмөр замыг эзэмшиж буй  50, 50 хувийнхаа хэмжээнд гаргана гэвэл манайд тийм санхүүгийн боломж бий юү. Гаднаас хөрөнгө оруулалт авъя гэхээр хамтарсан аж ахуйн нэгж учраас нөгөө талынхаа саналыг авах, гуравдагч орныхон орж ирэхдээ дурамжхан гээд хүндрэлүүд их гардаг?
-Их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь үнэн л дээ. Нэг тэрбум гаруй ам.доллар гэж ярьж байгаа ч түүнээс хол давна. Тэгэхдээ ашигтай хөрөнгө оруулалт учраас хаанаас ч зээл олдоно. Хөрөнгө оруулагчаа зөв, шударга сонгож, нөхцөлөө тохирч чадвал мөнгө олоход санаа зоволтгүй. Одоогийн Чингис, Самурай бонд шиг гарынхаа салаагаар гоожуулахгүй, бэлэн төсөлд санхүүжилт хийх болно.  Жишээ нь, Оросоос өөрөөс нь зээл авч болно. Төмөр замын хуучин хэлэлцээрт санаа зовууштай нэлээд зүйл бий. Монгол Улс төмөр замын дагуухь төмөр замын дэд бүтэц, обьектууд, замын зурваст нэлээд том газар нутгаа бараг үнэгүй өгч эзэмшүүлсэн. Ердөө л 10 сая төгрөгөөр үнэлж өгсөн байдаг юм. Одоо энэ газраа арай ч ингэж үнэлэхгүй байлгүй дээ. Хоёрт, монголчууд төмөр замаа барина гэвэл металлургийн үйлдвэрлэлээ хөгжүүлж өөрсдөө рейс төмөр, бетон дэр, цахилгааны шонгуудаа хийдэг болчихвол манай талд ногдох хөрөнгө оруулалт болно. Энэ мэтээр олон гарц бий дээ. Гол нь айлчлалаар шийдсэнээ ажил болгох л хэрэгтэй.
-Харин тийм, манай улсад 2009 онд Оросын Ерөнхийлөгч айлчилж мөн л олон гэрээ хэлцэлцээр байгуулж байсан ч дийлэнхийг нь монголчууд биелүүлээгүй гэдэг.
-2009 онд Медведев Ерөнхий­лөгчийг ирэхэд олон зүйл дээр тохиролцоо хийсэн. Тэрнээс хойш улстөрийн сонгуулийн сэлгээнээс болж олон зүйл орхигдож, биелүүлэлгүй үлдсэн. Мөн 2000 оноос хойшхи 7-8 жилд төрийн өндөр дээдсүүд маань  гадаадад явахдаа нөгөө л хэдэн уул уурхайн ордын мэдээллээ богцондоо хийж аваад ганзагын наймаачид шиг тэнд ч очиж “би чамтай уран ашиглана, зэс ашиглана” гэж яриад явсан. Бусад салбараа тас орхисон. Оростой хүртэл “Оюутолгой, Тавантолгойд танайхтай хамтарч ажиллана” гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээр Оростой ярьсан нь ч, бусадтай тохирсон нь ч  байхгүй.
-Медведев Ерөнхийлөгчийн айлч­­­лалын зарим тохиролцооноос буцсан нь зөв гэх хүн байдаг. Жишээ нь, Монгол-Орос хоёр хамтарч “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан. Тус компани нь Оюутолгой, Таван­толгойн 50 хувийг эзэмших заалт байсан гэдэг. Хэрвээ энэ заалтаар явсан бол өнөөдөр Оюутолгойн орд өөр хөрөнгө оруулагчтай, эсвэл ураг­шаа алхаагүй Тавантолгойн адил цаасан дээрээ байх байсан гэж зарим хүн хэлдэг?
-Зөвхөн Оюутолгойн хувьд авч үзье л дээ. Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг бүх ард түмнийхээ мэдэлд байж, төр өмчилнө гэдэг утгаар нь хандсан бол баялгийн эзэд өнөөдөр Фрийдландын гэрээний уурганд орж суухгүй байх байлаа. Одоо Оюутолгойгоос юу илтгэж байна гэхээр зэсийн үйлдвэрлэл өслөө гэсэн статистик л гаргаж байна. Мөнгө алга. Зэсээ гадагш гаргасан экспортын орлого нь Монголд орж ирэхгүй байна. Энэ жил гэхэд 500 орчим сая ам.доллар орж ирсэнгүй. Монголд зөвхөн тоо гаргаж, өсөлт тооцож суудаг, мөнгө нь гадаадад байршиж байдаг боллоо. Ийм байдалд орохгүй байх боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Тавантолгойг Оростой  хамтарч шийдсэн бол өнөөдөр говийн хөрсөө хүнд даацын машинаар зүсч, тоос манаргаж явахгүй л байлаа. Оросын уурхай ажиллуулдаг зарчим бол эхлээд дэд бүтцээ байгуулж,  нийгмийн асуудлаа шийдчихээд обьектоо ашигла гэсэн дарааллаар явдаг. Үүний бодит жишээ нь “Эрдэнэт” байна. Бид ядаж энэ жишгээр уурхайчдын хотхон байгуулж, хил рүү замаа тавьж, цахилгаан станцаа ашиглалтад оруулсны дараа Тавантолгойн нүүрсийг зөөх тухай ярих байсан юм. Гэтэл одоо Тавантолгойгоо тав хуваачихаад үндсэндээ дампуурлын байдалд хүрээд сууж байна.
-Монголчууд Хятадаас илүү оро­суу­дыг мэднэ, сайн харилцаатай. Гэхдээ миний болон сүүлийн үеийн залуус оросууд монголчуудад юу бүтээсэн, юу өгснийг тэр бүр мэдэхгүй. Та юуг нь илүү онцлох вэ?
-Оросууд бидэнд юу өгснийг томоор харвал гурван зүйлийг хэлж болно. Нэгд, Монгол Улс 1921 он хүртэл Азийн уламжлалт соёл иргэншилтэй орон байсан. 1922 оноос эхлэн Монголд транс байгуулж, автомашин орж ирж, цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинат барьж, Европын соёл иргэншлийг Оросоор дамжуулж авсан юм. Энэ нь шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан соёл иргэншил юм.
Түүнийхээ ачаар өнөөдөр бид Улаан­баатар гэх Европын хэв маягтай хоттой болж, соёл боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэржсэн эдийн засгийн салбарууд нь Оросын оролцоотойгоор бүтэж бий болсон. Хамгийн гол нь энэ соёл иргэншлийн солилцооны үр дүнд орчин үеийн сэтгэлгээтэй, боловсролтой монголчууд бий болсон. Тийм монгол хүмүүсийг ерөнхийдөө оросууд бэлтгэж, сургаж өгсөн. Хоёрт, манай улсын түүхэнд янз бүрийн хүнд үеүд таарч тохиолдож байсан. 1921 оны ардын хувьсгалаас гадна 1939 оны Халх голын дайн бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд шууд заналхийлсэн, том аюул байсан. Энэ үед хэдийгээр Монголын ард түмэн, хөвгүүд, охид эх оронч сэтгэлгээтэй байсан ч тухайн үеийн Японы цэргийнхний тэр их хүч, мөргөлдөөний өмнө хүчин мөхөсдөх байсан. Тэр үед оросууд олон цэргийнхээ амиар манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалж өгсөн юм.
Гуравт, Монголын нийгэм эдийн зас­гийг хөгжүүлэхийн тулд зээл тусламж өгч, хамтарч ажиллаж орчин үеийн үйлд­вэрүүдийг байгуулсан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлвдэрийг онцолж болно. Ор­чин үеийн сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг олон обьектийг байгуулсан. Энд нэг талаас 60, 70-аад оны улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байсан асуудлууд бий байх. Нөгөө талдаа монголчууд эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд байгаа бүхнээ шавхаж, чадал бололцооныхоо хэрээр тусламж, дэмжлэг болж явсан. Тэрийг ч бас бодолцдог болов уу. Ер нь Орос Монголын хамтын ажиллагаа олон зуун жилээр бүрэлдэн тогтсон харилцаа. Үүнийг 20, 30 жилээр төсөөлөхийн аргагүй. Томоор харвал манай хоёр талд байгаа хөршүүд бол монголчуудын бүтээл юм шүү дээ. Орос орон 62 вант улстай байхад монголчууд очиж нэгтгэж, Москвагийн вант улсыг дэмжиж, Оросын төрт улсыг байгуулахад анхлан түшиг болж явсан. Сүүлд нь Орос гүрэн зүүн тийшээ тэлэхдээ Зүчи хааны цагаан тугийг бариад л явсан. Хятад улс гэхэд 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн. Өмнө нь Тан улсаас хойш үргэлж задгай, бутархай байсныг нь нэгтгэсэн. Тэгэхээр нэг талаас Монгол-Хятад, Монгол-Оросын харилцааны түүхийг авч үзвэл ер нь бие биедээ юу өгсөн, юу бүтээснийг томоор л харах шаардлагатай болов уу  гэж боддог. Хоёр хөршдөө бид бас юу өгснийг давхар харах ёстой.
-Манай улс Хятадын нутгаар дамжин бүтээгдэхүүнээ Хятадын зургаан томоохон далайн боомтод хүргэхээр боллоо. Үүний цаана манай улс төмөр замын нарийн царигийг сонгочихож байгаа юм биш үү?
-Мэдээж шүү дээ. Хятадын нутгаар нэгэнт л өргөн царигаар явахгүй юм чинь өөрийнхөө нутаг дээр 50 км өргөн цариг тавьсан ч яалаа, байсан ч яалаа. Энэ бол эдийн засгийн энгийн тооцоогоор шийдэх асуудал. Мэдээж 5-6 далайн боомтоор гарна гэдэг нь Хятадын сүлжээнд орж тэдний замаар цаашаа явж хүрнэ гэсэн үг. Одоо байгаа Эрээний боомтоор гарах юм уу эсвэл хилийн өөр боомтоор цаашаа нэвтэрч Хятадын замд холбогдох уу гэдгийг бид өөрсдөө л шийднэ. Энд царигийн асуудлыг улстөржүүлж ярих ямар ч шаардлага байхгүй. Харин дотоод сүлжээ өргөн царигаараа явна. Мухар уурхайнуудаас хил давж гарах замыг ямраар ч тавьж болно. 1957 оны үед Налайхаас I цахилгаан станц хүртэл 90 см нарийн царигтай төмөр замтай байсан шүү дээ. Тэрүүгээр уурын тэргээр нүүрсээ зөөдөг байлаа.
-Хятадын даргын айлчлалын үеэр Монголбанк Хятадын Ардын банк­наас авах юанийн своп хэлцлийг нэмэг­дүүлсэн. Төгрөг, юанийн их хэмжээний зөрүүтэй своп арилжаа хийх нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятадтай байгуулсан хэлэлцээрээс хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь 15 тэрбум юанийн своп хэлцэл. Төгрөгөөр юань худалдан авах шууд арилжаа хийнэ. Манайх 10 тэрбум юань аваад үрчихсэн байгаа. Энэ бол 1.6 тэрбум ам.доллар. Дээр нь 15 тэрбум юань чинь 2.5 тэрбум ам.долларт хүрнэ. Ингээд нийтдээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх валютыг Хятадаас төгрөгөөр худалдан авлаа. Юаниа Хятадаас бараа худалдан авахад зарцуулж, юаниар худалдаа хийдэг олон улсын зах зээлээс бүтээгдэхүүн авахад зарцуулдаг байж гэж бодъё. Тэгвэл Хятад улс 25 тэрбум юанийн оронд өгсөн 7.5 их наяд төгрөгөөр юу хийх вэ.Төгрөгийн ханш унасан. Монгол бараа худалдаж авах хэрэгтэй болно. Гэтэл төгрөгөөр өгөх бараа байхгүй, манайхаас юу авах вэ дээ. Тиймээс оронд нь юу өгөх вэ гэдэг асуудал хэзээ нэгэн цагт зайлшгүй босч ирнэ. Засгийн газрын өнгөрсөн болон энэ жилийн араншинг харахад газар нутгаа худалдахад бэлэн бололтой гэсэн болгоомжлол байнга санаа зовоож байна.  Хятадууд сая өрөндөө Тажекстанаас газар тасдаж авлаа шүү дээ. Манайхан газрын тухай хуулийн төсөл боловсруулж гадаадынханд дуудлага худалдаагаар газар өгнө гэж ярьж байна. Тэр нөхцөлд хятадууд юаниа худалдсан төгрөгөөрөө газар авч таарна шүү дээ. Хүнээс валют аваад үрэхэд сайхан. Харин эргээд өөрөө оронд нь юу өгөх вэ. Үүнийг Монгол шийдээгүй, эрх баригчид маань бодохгүй байна. Төгрөг бол чөлөөт валют биш. Гаднын түнш нь Монголд ирээд валютыг чинь  худалдаж авъя гэхэд нь өгөх юмтай байж чөлөөт валют гэж нэрлэгдэнэ. Төгрөгөөр авах юм даанч алга. Зэс, нүүрсээ ч  төгрөгөөр өгч чадахгүй шүү дээ.
-Үүнээс гадна Хятадын төрийн өмчит томоохон банк Монголд салбараа нээх талаар ярьж байгаа. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээж үйл ажиллагаагаа явуулбал Монголд ямар нөлөө үзүүлэх бол?
-Маш товчхон хэлэхэд Хятадын мөнгөний бодлого л орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хятадын төрийн бодлого нэвтэрнэ. Ер нь “Bank of China” салбараа нээчихээд аль хэдийнэ зээл олгоод эхэлсэн биз дээ. Энд нэг асуудал бий. Одоо ядаж арилжааны гүйлгээ хийлгүүлж болохгүй. Хэрвээ  арилжааны гүйлгээ хийвэл Монголын банкууд “Bank of China”-тай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтын обьектуудыг санхүүжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих үүднээс тодорхой алхам хийж болох байх. Энэ бүгдийг сайн тооцож, олон талаас нь  ярьж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, ҮАБЗ дээрээ ярьж байж шийдэх хэрэгтэй.
-Монголбанк бол арилжааны банкуудыг нэгтгэж бодлогоор хангаж, тэдний оролцоотойгоор Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог. Гэтэл гаднын аль нэг орны төрийн өмчийн банк орж ирэхэд түүнийг нь манай  Засгийн газар, Монголбанк хянах, удирдах боломжтой юу?
-Ер нь Монгол Улс эдийн засгийн орон зайн нэгдмэл байдлаа алдаж байна гэдгийг  би олон удаа хэлж ярьж байна. Үүний л нэг жишээ нь гадаадын төрийн өмчийн банк оруулж ирэх тухай энэ яриа л даа. Эрх зүйн хувьд манай улсын хууль дүрмээр явдаг нэг хэсэг аж ахуйн нэгж байна, өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр явдаг томоохон компаниуд  бий, Оюутолгойн дүрмээр ажилладаг ганц аж ахуйн нэгж байна, дараа нь Хятадын хууль дүрмээр ажилладаг “Петро Чайна” тэргүүтэй аж ахуйн нэгжүүд байна. “Bank of China” орж ирвэл үүнтэй адил Монголын банкны салбарт мөнгөний бодлого маань Хятадын мөнгөний бодлоготой холилдож явах болно. Энэ бүхнийг бодох л хэрэгтэй. Ер нь манайхны ямар зөвшөөрөл өгч байгаад би хувьдаа ихээхэн эргэлзэж явдаг. Ганцхан банкны асуудал биш. Саяхан солон­госуудад газар зарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримттайгаар гаргачихаад байхад  УИХ-ын байнгын хороо нь гадаадынхны эзэмшиж байгаа лицензтэй газар Монголд байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байх юм.  Худлаа ш дээ. Ард түмнээ мэхэлж байгаа хэрэг. Энэ асуудлыг хэзээ нэгэн цагт зайлшгүй босгож тавиад угт нь хүртэл ухаж Монголын хэн гэдэг хүн Солонгосын хэнд хэчнээн хэмжээний газрыг ямар үнээр өгч, тэр мөнгө нь хаашаа орсныг мөрдөх л хэрэгтэй. Тэгэх ч байх. Зайлшгүй шалгах хэрэгтэй. Үүнтэй адил манайхан энэ уурхайгаа тэрэнд өгнө, тийм банкийг оруулж ирнэ гэж амладаг. Эх орноосоо урвасан ч гэж болохоор Монголын эрх ашигт нийцэхгүй энэ амлалтыг хэний өмнөөс хэн өгөөд байгааг ч бас ил гаргах хэрэгтэй. Энэ чинь ҮАБЗ дээр ярьж шийдэх ёстой асуудал. Тэндээс шийдвэр гаргаагүй байхад хэн нэгэн хүн, Засгийн газар юм уу Монголбанк зөвшөөрөл өгсөн байвал эргээд монголчуудын өмнө, түүхийн өмнө маш том хариуцлага хүлээх болно. Хүлээлгэх ч ёстой.
-Банк оруулж ирэхээс гадна Хятадаас нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэх яриа байгаа. Энэ талаар танд мэдээлэл, болгоомжлол байна уу?
-Энэ асуудал айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээрүүдэд ил гараагүй. Гэхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь тодорхой боллоо. Үүнийг сонссон Төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлж интервенц хийж ам.долларын ханшийг буулгаж, огцрох дээрээ тулж явсан хүмүүс чинь одоо амиа аврах арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ. Валютыг ингэж үрж болохгүй. Энэ нэг тэрбум ам.доллараа ашигтай хөрөнгө оруулалтад хийх хэрэгтэй. Нүүрс хийжүүлэх төсөл рүүгээ хөрөнгө оруулалт хий л дээ. Тэгвэл ашигтай болно.
-Сүүлийн хоёр долоо хоногийн хуга­цаанд ам.долларын ханш суларсан. Тэгснээ эргээд өссөн. Гэнэтийн гэмээр энэ огцом хэлбэлзлүүд нь эдийн засгийн эрүүл үзэгдэл мөн үү?
-Биш ээ. Манай эдийн засгийн сул дорой байдал, төгрөгийн ханшийн уналтын эсрэг авч байгаа арга хэмжээг харахад Засгийн газар, УИХ юу болж байгааг ч ойлгохгүй, яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Усанд сэлж сураагүй хүн усанд ороод хөл гараараа тийчигнэдэг шиг савчиж байна.
-Үүний бодит жишээ нь “бай”-гаа оноогүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа “ЭЗЭН-100” хөтөлбөр үү?
-Маргаангүй мөн. Олон түмэн, УИХ-ын анхаарлыг түр хөндийрүүлэх гэсэн л арга хэмжээ байсан шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн одоогийн хямрал нь эдийн засгийн дотоод бүтэц алдагдаж тэнцвэргүй болсноос үүссэн. Үүнийг эмчлэх талаар юу ч хийгээгүй. Энгийн нэг л жишээ хэлье. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа нь зөв. Монголд Экобус гээд жижиг хэмжээний автобус угсарч, үйлдвэрлэж байгаа. Энэ жил 100-г үйлдвэрлэнэ. Засгийн газрын одоо баримталж байгаа бодлогоор 268 төрлийн татварын хөнгөлөлт олгож байгаа. Гэтэл Экобусын үйлдвэрлэлд авч байгаа сэлбэг нь НӨАТ, гаалийн татвартай. Харин Солонгосоос оруулж ирж байгаа хуучин автобусууд нь Экобусаас 2-3 дахин өндөр үнэтэй мөртлөө татваргүй. Үүнийг үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж хэлэх үү. Ийм л арчаагүй бодлого явуулснаа “ЭЗЭН-100” гэж нэрлэчихсэн нь харамсалтай. Ном хуулж, онол ярьж, хэвлэлийн бага хурал хийснээс өөрөөр ямар ч үр дүнгүй арга хэмжээ болсон.
-“ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж байхад таныг Н.Алтанхуяг Ерөнхий  сайдтай уулзах хүсэлт тавьсан ч чадаагүй гэж байсан. Ерөнхий сайд үнэхээр тантай уулзаагүй юм уу?
-“ЭЗЭН-100” ч биш л дээ. Анх Засгийн газар байгуулагдсаны дараа 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдтай уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан ч түүнээс хойш өдийг хүртэл уулзаж чадаагүй явна.
-Монгол Улсын макро эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг гарч, эдийн засгийн өсөлтийн хурд эрчимтэй саарч байгаа нь аюулын дохио мөн үү?
-Эдийн засаг миний ярьж байгаагаас ч хүндхэн байгаа. Яахав эдийн засаг өсөлттэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр өсөлт бол хоосон тоо. Зэсийн баяжмал гаргаад л өсөлт зарлаад байгаа юм. Мөнгө орж ирэхгүй байгаа шүү дээ. Энэ жил нүүрсний олборлолт дээр өсөлт зарласан. Гэхдээ нүүрсээ өрөнд өгөөд, мөнгө нь бас л орж ирэхгүй байгаа. Үүнийгээ өсөлт гэж яриад байгаа юм. Байгалийн баялгаа шанагаар хутгаад гадагш нь гаргаж байгааг эдийн засаг өсч байна, сайн ажиллаж байна гэж хэлж болохгүй. Бодит байдал дээр эдийн засгийн  амь тасрахад ойртож,  утас нь улам л сулраад байна.
-Эдийн засгийн энэ хүндрэл жишээ нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би гурван жилийн өмнө таван настай ач охинтойгоо 30 мянган төгрөгтэй дэлгүүрт ороод тор дүүрэн юм аваад л гардаг байсан. Гэтэл одоо тэр багцааны юм авахад 110 мянган төгрөг болж байна.
-Таны харж байгаагаар өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс яаж гарах вэ?
-Засгийн газрын барьж байгаа бодлого энэ чигээрээ явбал эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрнэ. Ам.долларын нөөц хомсдож, төгрөгийн ханш суларна. Эргэн тойрныхоо хамаг барилгад бүх мөнгөө хийчихсэн. Гаднын ажилчид, импортын материал зөөгөөд валютын хамаг нөөцөө үрэн таран хийгээд газарт булчихсан. Энэ бүгдийг зогсоогоогүй байгаа цагт эдийн засаг сайжрахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Засгийн газар, УИХ-аас явуулж байгаа бодлого буруу байна. Үүнийгээ өөрчилж чадвал зөв гольдрилдоо орно. Үүний тулд миний бодлоор УИХ намрын чуулганыхаа эхэнд Засгийн газрынхаа асуудлыг ярих хэрэгтэй. Дараагаар нь чадварлаг шинэ Засгийн газраа байгуулж, төрийн бодлого барьж чадах төрийн сайд нар томилж чадвал аяндаа засарна.
-Засаг солихоор улстөр гэж бужигнаад, дахиад халаа сэлгээ болж харин ч ажил урагшлахгүй биш үү?
-Солихоос өөр арга байхгүй. Ийм багтай, энэ бодлогоор цаашаа хоёр жил  явах юм бол бүр л баларна.
-Засгийн газарт бас бодлогын дэмж­лэг хэрэгтэй. Тийм дэмжлэг энэ засагт байна уу. Таны харж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, цаашлаад эрх баригчид хэр эв нэгдэлтэй ажиллаж байна вэ?
-Эв нэгдэл гэдэг үгийг эхлээд тайлбар­ламаар байна. Бүгдээрээ булагнаад байхыг эв нэгдэл гэж ойлгодог хэсэг бий. Эв нэгдэл бол хамгийн түрүүнд, Монгол орны хөгжлийн ирээдүй, ардчиллынхаа үнэт зүйлс дээр эв нэгдэлтэй байхыг хэлнэ. Түүнээс биш, Монгол орны ирээдүйг бүдгэрүүлэх бодлого явуулж байгаа улстөрч, улс төрийн хүчинтэй эв нэгдэлтэй байх тухай асуудал энд байхгүй. Хамгийн түрүүнд, асуудлаа ардчилсан замаар шийдэж байя. Ярилцаж, хэлэлцэж, нээлттэй байдлаар шийдье. Өнөөгийн төрийн байдлыг харахаар өөрс­дөөс нь шууд хамаарсан, төрийн хүн, төрийн байгууллагад байж боломгүй хүнд үеүд ч тохиож байна. Өнгөрсөн зун болсон үйл явдлыг дүгнэвэл нэг талд нь Ерөнхий сайд, Тагнуулын газар зэрэг төрийн алба нь овоорсон. Нөгөө  талд нь Авлигатай тэмцэх газар нь сөрсөн. Бас өөр нэг орчинд Хууль зүйн яам нь Цагдаагийн ерөнхий газартайгаа “дайтах” юм. Төрийн өндөр албанд ажиллаж байгаа өнөөгийн хүмүүсийн үйлдэл нь  төрөө хөлдөө чирч гүйцэх нь. Цаашид ийм байдал Монголын төрд байж болохгүй. Энэ бол зөвхөн бидний дотоодын асуудал. Үүнийг шийдэхэд чиглэсэн дорвитой хурц алхмууд хийхгүй бол эргээд маш муу нөлөө үзүүлнэ. Монголын нийгэм шударга  үнэний орчинтой байх чадваргүй болж байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс Хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталбал олон зүйл шийдэгдэнэ. Гэтэл УИХ энэ хуулийг баталж чадах уу гэдэг асуудал байна. Яг бодитойгоор нь шүү. УИХ-ын гишүүдийн дотор авлига, эрүүгийн хэрэгт холбогдож, нэрийг нь зарласан хүн хэд байгаа билээ. Тиймээс УИХ энэ хуулийг батлахад их хэцүү байх гэж бодож байгаа. Энэ төслөөс болж УИХ, Ерөнхийлөгчийн хооронд зааг үүсч мэднэ.
-Ерөнхий сайдын  зүгээс “АТГ, МАН хоёр ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ АТГ, МАН ч биш, АН доторхи фракцууд нь Ерөнхий сайдаа барьцаалчихаад  ажлыг нь хийлгэхгүй байгаа юм биш үү?
-Фракцууд нөлөөлж байгаа нь үнэн. АТГ-ын дарга хэлсэн шүү дээ. Ерөнхий сайд хувийн асуудлын талаараа ярьчих шиг боллоо гэж. Үнэндээ, Ерөнхий сайд их л олон асуудлаар нэр нь дуудагдлаа. Үүнийгээ шударгаар цэвэрлээсэй гэж хүн бүр бодож  байгаа. Ингэвэл Засгийн газрынх нь, Монгол төрийн нэр цэвэр болно шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүн өөрийгөө биш, төрийн нэр хүндийг бодох  хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдынх нь тэр ч хүргэн, энэ ч охин, хамтарч ажиллаж байсан зөвлөх нь хэрэгт холбогдоод байхаар чинь төрийн нэр бузартаж байна. Ерөнхий сайд өөрөө хувийн эдгээр асуудлаа  нэг тийш шийдэх хэрэгтэй.
-2012 оны сонгуулийн бүрэн эрх хугацааны хувьд талдаа орсон. Үлдэж байгаа хоёр жилийн нэгд нь  сонгуульдаа бэлтгэж, нөгөөд нь сонгуульдаа ордог гэж улстөрчид ярьдаг. Тэр жишгээр харвал шинээр байгуулах Засгийн газар ард түмнийхээ төлөө ажиллах, улстөрийн сонгуульдаа бэлтгэх хоёрын алинд илүү анхаарах нь тодорхой юм биш үү?
-2015 оны хоёрдугаар хагасаас сон­гуулийн ажилдаа орно л доо. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. 2012 онд өгсөн гол том амлалтуудын олонхи нь цаасан дээр үлдэх магадлал өндөр боллоо. Эрх баригчдын болчимгүй асуудлыг улс төрийн залгамж халаа алдагдсан гэдэг утгаас нь ярихад хэцүү л дээ. Хуучин социалист нийгмийн үед өөр сэтгэхүй, өөр үзэл номлолтой байлаа. Одоогийн төр бол зөвхөн залгамж халаагаа алдсан биш юм. Энэ төр олигархиудын төр. УИХ, Засгийн газраа авч үзье. Хэдхэн том компанийн захирлууд бүх асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ээлжит бус чуулган зарласнаас эхлээд УИХ-ын гаргасан бүх шийдвэрүүд захиалгат байсан. Захиалгат хуулиуд гарсан. Тэр нь том хөрөнгийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн. Аль намынх нь хамаа байхгүй, АН, МАН, нөгөө гуравдагч хүчнийхэн бүгд ханцуй дотроо наймаалцаж хууль баталж байна. Тогтвортой төр гэдэг чинь бодлого нь тогтвортой байхыг хэлдэг юм. Түүнээс бус, бүрэн эрхийн хугацаа урт байхыг хэлдэггүй. Төрөө тогтвортой байлгана гээд одоогийн УИХ-ын бүрэн эрхийг 5-6 жил болгож сунгавал цаадуул чинь Монголоо худалдчихаад алга болоход бэлэн л юм шиг харагдаад байна.Тэгэхээр олигархийн төр гэдэг үзэгдлийг ирэх сонгуулиар хагаслаж чадах уу гэдгийг монгол хүн бүр бодох л хэрэгтэй.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин


Sunday, 6 April 2014

Д.Бямбасүрэн: Банзан чиргүүл дээр баяр тэмдэглэх гээд байх юм

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. 

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг за­рим нь хүндэрсэн, зарим нь хүнд­рээгүй гэж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар муудаж, олон компани зардлаа хэмнэхийн тулд цомхотгол хийж байна. Харин та юу гэж харж байна вэ. Эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүйг ямар үзүүлэлтүүдээр хэмждэг, тэдгээр нь ямар байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг ямар байгааг улстөрийн ямар нэгэн хольцгүйгээр ойлгоё гэвэл өнгөрсөн жилийнхээ эдийн засгийн гол үзүүлэлтийг харах хэрэгтэй. Өнгөрсөн жилийг Монгол Улс түүхэндээ байгаагүй төсвийн, гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай, түүхэнд байгаагүй төгрөгийн сул ханштай, түүхэнд байгаагүй гадаад их өртэй давлаа. Үүнийг хараад, эдийн засагт маш том асуудал хуримтлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл Засгийн газар бид хямраагүй, багахан хүндрэл байна, үүнийг даваад гоё болчихно гэж ярих юм. Заримдаа бүх зүйл сайн байгаа гэж яриад байна. Тэр нь бодит байдалд нийцэхгүй л дээ. Ер нь аль ч орны эдийн засгийг цорын ганц цомхотгосон үзүүлэлтээр харъя гэвэл тухайн орны үндэсний валютын чансааг авч үздэг. Тэгэхээр өнгөрсөн оны эхээр долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл одоо 1800 төгрөгт хүрчихээд байгаа. Төгрөгийн чансаа 20 гаруй хувиар унасан гэсэн үг. Ард иргэдийн амьдрал, аж ахуйн байгууллагуудын үр ашиг энэ хэмжээгээр унаж байна. Ийм байхад эдийн засгийг хямралтай байна гэж хэлэхээс биш өөрөөр харж болохгүй. Манайхан өсөлтийн хэдэн тоо хэлж, тэр нь өсч байгаа болохоор хямралгүй байна гэж хэлэх гээд байдаг. Өнгөрсөн онд нүүрсний экспорт өссөн үү гэвэл тоогоороо өссөн. Гэтэл гадаад худалдааны үнэ хоёр дахин уначихаар нүүрсний салбар бүхлээрээ, орлогынхоо талаас уналттай гарч байгаа юм. Үүнийг хүмүүс нарийн тооцож гаргаж чадахгүй байх шиг байна л даа. Тиймээс л эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүй гэж  төөрөлдөөд байна.

-Таныхаар одоогийн нөхцөл байдлыг хямрал гэж үзэж болох юм байна. Тэгвэл хямралын нөлөөлөл нь гадна талаас илүү байна уу, дотоод талдаа илүү байна уу?
-Хямрал, бүр ужгирсан хямрал. Үүнд гадаад хүчин зүйл ч бий, дотоод хүчин зүйл ч нөлөөлсөн. 1998 оноос хойш сүүлийн 15 жилийг авч үзвэл Монгол Улс гурван удаа том хямралтай учирлаа. Сүүлчийн хоёр хямрал нь 2007 оноос эхэлсэн, дараагийнх нь өнгөрсөн жил эхэллээ. Энэ бүхний эхлэл нь манай төр засгийн бодлого нь эдийн засгийнхаа тэнцвэрийг алдагдуулж, тогтворгүй байдалд оруулсантай холбоотой. Үүнийг монголчуудын уламжлалт нэр томьёогоор хэлбэл, манай дотоодын гар үйлдвэрийн хямрал гэж хэлж болно. Харамсалтай нь, энэ хямралын үүсгүүр, генератор нь манай УИХ, Засгийн газар болчихоод байгаа юм. Жишээ нь, 2012 оны сонгуулийн өмнө эдийн засгийн бүх байгаа нөөц бололцоог хуурамч улстөрийн ухуулгад зориулж, халамж болгон тарааснаар эдийн засгийн чадавхийг сулруулчихсан.

Үүний дараа 2012 онд Ардчилсан нам сонгуульд гарч Засгийн газраа авч жаахан засрах нь уу дээ гэтэл нөгөөдүүл маань эдийн засгаа сул тавьж, бүтээн байгуулалт  гэсэн лоозон гаргаж барилгын салбарын руу хамаг мөнгөө хийчихсэн. Барилга бол маш эрсдэлтэй, хэцүү салбар. Дуусаагүй барилга руу хэчнээн ч хөрөнгө хийж зарцуулж болно. Гэтэл тэр ямарч үр ашиг өгөхгүй шүү дээ. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлж байна. Тиймээс дотоод хүчин зүйл нь голлох нөлөөтэй гэж хэлж болно. Үүнээс гадна манай улс 2011 оноос эхлэн нүүрсний экспортыг илүү анхаарч тэрийгээ өөгшүүлэх тал дээр их ажиллалаа. Олон улсын зах зээл, тэр дотроо Азийн зах зээл дотор бүрэлдэж тогтсон эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг өөрчилж байна гэсэн үг л дээ. Зах зээлээ эвдсэн. Хуучин Австралийн нүүрсээр хангагддаг байсан зах зээлд Монгол түрээд ороод ирэхээр манай өрсөлдөгч ямар байдалд орох билээ. Мэдээж өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, үнийн хэлбэлзэл гарна. Үүнээс болж манайхан их будилж байгаа юм. Ер нь хүндрэлтэй байдлын гол үндсийг харъя гэвэл Монголын төр засаг уул уурхайгаар хөгжинө, амьдарна гэдэг бодлого анхнаасаа буруу байсныг харуулж байна. Уул уурхайн салбар овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн гаргадаг, тодорхой зах зээл рүү улс орны эдийн засгийг түрж хүлдэг, хараат байдалд оруулдаг. Зах зээл нь тогтворгүй болохоор эдийн засгийг тогтворгүй байдалд оруулдгийн горыг өнөөдөр бид амсч байна. Тэгэхээр юуны өмнө дотоод хүчин зүйлээ харах нь зөв.

-Бодлогын алдаанаас хям­рал үүссэн гэж хэлж байна уу?
-2006 онд Монголын эдийн засаг анх удаа төсөв, гадаад худалдаа нь тэнцвэржиж эхэлж байхад М.Энхболдын Засгийн газар бүтээн байгуулалтын жил гэж зарлаж барилгын материал, тээврийн хомсдол үүсгэж бүх юмны үнэ нэмэгдэж 2007 оны хямралын эхийг тавьсан. Гэтэл Ардчилсан намынхан төр барьж байгаа энэ үедээ ч үүнийг ойлгосонгүй. Бас барилга, бүтээн байгуулалт, үйлдвэржилт гэж ярьсаар байгаад үйлдвэртэй ч болсон юм байхгүй хямралд орлоо. Энэ бол бодлогын л алдаа.

-Тэгвэл энэ хямралыг зөөл­рүүлэх, даван туулахад бид­нээс, монголчуудаас шалтгаа­лах хамгийн боломжит арга юу вэ?
-Толгойны эм уугаад л өвчнийг эмчилж чадахгүй. Зовлонгоос салъя гэвэл шалтгааныг нь арилгах хэрэгтэй гэж Будда сургадаг биз дээ. Хямралын шалтгаан маш гүнзгий. Нэгд, төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого зохицуулалт нь өөрөө үндэсний эдийн засаг гэдэг цогц тогтолцооныхоо өөрийгөө нөхөн сэргээх, тэнцвэржүүлэх жам, хуульд тохирсон байх хэрэгтэй. Автомашин жолоодох хүний жолооны үнэмлэхийг шалгаж замын хөдөлгөөнд оруулдаг шүү дээ. Зүгээр нэг компанийн захирал байсан хүн гүйж ирээд улс орны эдийн засгийг ингэж жолоодно гээд ийш, тийш нь мушгиад байж болохгүй. Тэгэхээр төрийн бодлогыг шинэжлэх ухааны үндэстэй, тооцоотой, холч хараатай болгохгүй бол болохгүй. Үүнд нэгд, цаг хугацаа хэрэгтэй.  Хоёрт, улс орны эдийн засаг чинь өөрөө өөрийнхөө дотоод үүсгэвэрээр өөрийгөө өдөөж, дотоод зах зээлээ тэлж, хөгжиж өсдөг жамтай. Гэтэл манай улсын төрийн бодлого Хятадын эдийн засаг гэдэг нэг их том тракторын ар талаас зүүсэн банзан чиргүүл дээр хөгжлийн найр хийх гэж оролдоод байна шүү дээ. Хятадад нүүрс нийлүүлээд нэмэгдэж, өсч байна гэж зарлаж, дээшээ дэвхцээд л, зэс нийлүүлээд эдийн засаг өсч байна гэж баярладаг. Гэтэл нүүрс, зэсээ өөрсдөө болосвруулж чаддаггүй. Худалдан авагч орны зах зээл ямар байгаа, тэдний эдийн засгийн араншинд зайлшгүй захирагдах байдалд ороод байгаа. Хэрэв энэ хямралт байдлаас цаашид гаръя гэвэл Монголын эдийн засгийг өөрийн хөдөлгүүртэй болгох хэрэгтэй. Өөрийгөө чирж явдаг салбаруудтай. Одоогийнх шиг бүх салбар нь тал тал тийшээ салчихсан, хоорондын нягтрал холбоогүй байвал дотоод зах зээл бүрэлдэж, эдийн засаг маань цогц нэгдэл болж чадахгүй. Үүнийг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй болов уу.

-Жишээ нь хөгжлийн ямар салбар, чиглэлд илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Жишээ нь, түүхий эдийнхээ нөөцийг харах хэрэгтэй. Нүүрс гадагш нь гаргаж байна. Урд хөршийн хэрэглээнээс илүү гарсан нүүрсээ Азийн зах зээлд гаргах, улмаар коксоо  борлуулах коксийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Ядаж түүхий нүүрс гаргахгүй баяжуулсан нүүрс гаргах хэрэгтэй ш дээ. Төмрийн хүдэр гаргаж байна. Гэтэл өөрсдөө төмөр замын рейльс, арматур авдаг. Тэгэхээр төмрөө хайлуулж төмрийнхөө хэрэгцээг өөрөө хангах хэрэгтэй. Нефть гадагш нь гаргаж байна. Тэгсэн хэрнээ гаднаас нефть гуйж, царай алдаад л гаднын нийлүүлэгчийг элдвээр хэлээд сууж байдаг. Үүний оронд өөрсдөө нефть боловсруулах хэрэгтэй. Мөн зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулж зэсийн үйлдвэр байгуулж, зэсээрээ кабель үйлдвэрлэж, кабелиараа цахилгаан хөдөлгүүр ороох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрүүд хоорондоо нягтарч, эдийн засгийг дотроос нь томруулж, түлхэж өгнө. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Энэ бүхэн сонгууль ойртоод ирэхээр улс төрийн намуудын хөтөлбөрт ордог л доо. Гэхдээ сонгуулийн дараа мартчихдаг. 2012 оны сонгуульд МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байгаа. Одоо болтол аль аль нь хийж чадахгүй л яваад байна шүү дээ.

-Ингэж дотооддоо өртөг шингээж өөрсдөө үйлдвэр­лэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татаж, сэргээхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Тухайлбал, гадныхан манай хөрөнгө оруу­лалтын орчныг бидний зүгээс Оюутолгойн гэрээнд хандаж байгаа хандлага, хөрөнгө оруулагчдын дунд явж байгаа хэлэлцээртэй их холбож ойлгож байна. Гадаадын хөрөнгө оруулалт ба Оюутолгойг ялгаж салгаж гадна талдаа ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх нэг үзэл байдаг. Тэгсэн хэрнээ дотоодын нөөц боломжийг огт ашиглахгүй. Тэрийгээ л үрэн таран хийдэг. Монголын эдийн засгийн одоогийн байдал бол таван хувийн хуримтлал хийж, нэг хувийн өсөлт гаргадаг. Цэвэр ашгаар тооцвол бид нарын оруулсан хөрөнгө оруулалт 12 жилд нөхөгдөх ийм л үр ашигтай эдийн засагтай. Гэтэл багахан хэмжээний орлого орж ирвэл хамгийн түрүүнд хамаагүй цацаж үр ашиггүй зарцуулчихаад гад­нынхны өмнө очиж гараа тосч суудаг. Монголын төр засаг өнгөрсөн жилүүдэд олсон эдийн засгийн боломжоо ашигласан бол маш олон асуудлыг шийдэх бололцоотой байсан. Жишээ нь, нефтийн хэрэгцээгээ бүрэн хангахаар болж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэвэл нэг тэрбум ам.доллар л хэрэгтэй. Гэтэл жил тутам 1.2-1.4 тэрбум ам.доллараар гаднаас шатахуун авдаг. Ингэхийн оронд нефть боловсруулах нь яасан бэ. Гаднаас бонд олоод ирлээ. Эрдэнэтийн зэсийг бүрэн боловсруулна гэх юм бол 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл бондын мөнгөө аймгуудын төвийг нийслэлтэй холбосон замд зарцуулж, эргээд барьж авахгүй юманд зарцууллаа шүү дээ. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх үзэл нь эргээд биднийг гуйлгачин болгох, бусдын эрхшээлд оруулах эдийн засгийн алуурчдын номлол юм л даа. Бид хөрөнгө оруулагч хайна гэсэн лоозон тавихаас өмнө Мон­голтой удаан хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах түн­шийг л хайх хэрэгтэй. Сая өөрөө Оюутолгойн асуудлыг дурдлаа. Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын төр засаг газрын хэвлийн баялгийнхаа эзэн нь ард түмэн, төр өмчлөгч байна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлээгүйгээс үүссэн асуу­дал. Манай эрх баригчид өөрөө өөрсдийнхөө цаг үеийн эрх ашгийг бодож, улс төрийн намууд худлаа үнэн амлалтаа биелүүлэх сонирхлын үүднээс хөрөнгөтэй хүмүүсийн урдаас нь мөлхөж очоод хөлийг нь тэвэрч, гутлыг нь үнсч байгаад байгуулсан гэрээ шүү дээ. Үүнээс болж Оюутолгойн асуудал замхарч байна. Өнгөрсөн лхагва гаригийн өглөө Оюутолгой нэмж 200 ажилчнаа халсан талаар сонслоо. Энэ бол Монголыг доромжилж байгаа юм. Өмнө нь Оюутолгой төсөл дээр та нар эвгүй хандсан гээд 1500 хүн халсан. Өнөөдөр дахиад л 200 ажилчин халлаа. Ийм хүмүүстэй манай улс хамтарч ажиллах юм уу. Үүнийг олон талаас нь бодох хэрэгтэй байх л даа. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг шүтээд, тэндээс аргаа барахаар мөнгө олоод ирдэг гэдэг ойлголтоос салах цаг болсон.

-Нэгэн Оюутолгой ярьсных өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг Оюутолгойн далд уурхайн ажил саатсан, төсөл гацсанаас боллоо гэх юм. Та энэнтэй болон Оюутолгойн төслөө хөдөлгөвөл гадаадын хөрөнгө оруулалт ч, эдийн засаг ч эргээд сэргэнэ гэдэгтэй санал нийлэх үү?
-Оюутолгой одоо ил уурхайгаа ашиглаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутол­гойг байхгүй байсан ч Монголын эдийн засаг гэдэг ойлголт байсан, Оюутолгой байхад ч байх л байх. Хоёр өөр байж болох байх.

Гэхдээ бүх зүйлийг Оюутолгой­гоос боллоо гэж байгаа нь дахиад нөгөө Оюутолгойн ноёдын өмнө очиж гуйх тухай асуудал. Ер нь миний итгэл үнэмшлээр Оюутол­гойн гэрээ гэдэг бол манай эрх баригч дээдсүүдийн шуналын нян бүхэн цугласан бохирын сав юм  шүү дээ. Энэ савыг цэвэр­лээ­гүй цагт Оюутолгойгоос үр ашиг хүлээх хэрэг байхгүй. Одоо­гийн гэрээ­гээр үндэснийхээ маш их баялгийг гаднын хөрөнгө оруулагч этгээдэд өгчихөөд сүүлд нь Монгол Улс өртэй үлдэж байгаа. Үүнийг аль талаас нь харж Монголын авралын сүлд гэж ойлгоод бай­гаа юм. Маш хэцүү асуудал л даа.

-Саяхан Оюутолгойн хө­рөн­гө оруу­лагчид Канадад 2013 оны сан­хүүгийн тайлан­гаа танилцууллаа. Бас төс­лийн хоёр дахь шатны  санхүү­жилтийг өгөх гэж  байсан олон улсын санхүүгийн байгуул­лагуудын зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн 31-ны  өдөр дууслаа. Эдгээрээс та ямар дүгнэлт хийж байна вэ. Зарим хүн зээлийн нөхцөл өөрчлөгдөх байх. Одоо ордын лицензийг барьцаалахгүй байх, авах зээлээ­сээ анхны хөрөнгө оруу­лалтад гаргасан зардлаа шууд суутгаж авах гээд байсан саналаасаа хөрөнгө оруулагчид татгалзах байх гэж байна. Өмнө нь үнэхээр тийм боломж, аюул байсан юм уу?
-Оюутолгой бол ойлгомжтой. Оюутолгойнхон Монголын зэсийн хүдрийн баялгийг орд газраар нь зээлийн барьцаанд тавих тухай асуудал тавьж байсан. Манай улсын Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг гэдэг ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Үүнийг гаднын нэг этгээд зээлийн барьцаанд тавьж, Монголыг өрөнд оруулах ойлголт байхгүй байх л даа. Гэтэл Оюутолгойн гаднын хөрөнгө оруулагчид монголчуудыг ингэж л дорд үзэж асуудал тавь­сан. Үүнийг шийдэхгүй болохоор далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооно гэж зарлаж байгаа. Ер нь ганцхан Оюутолгойг шүтнэ гэдэг бол Монголыг тэдний өмнө сөх­рүүлэх гэсэн хувилбар шүү дээ.

-Одоо арай өөр зүйл асууя. Долларын ханшийг тогтоон барихад ямар бодлого хэрэгтэй байна вэ. Доллараар тооцож импортын татвар авдаг нь бас нөлөөлж байна уу, үүнийг больж болох уу?
-Ер нь асуудалд томоор харж хандаж болно. Жижгээр хандаж ч болно. Томоор хандах юм бол төгрөгийн ханш унаж байгаа одоо­гийн үзэгдэл бол нэгэнт шавартай хутгасан эдийн засгийн тэнцвэр чинь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх зарчмаараа доод төвшинд бүрэлдэж байна гэсэн үг.  2010 оноос эхлэн төрөөс явуулсан эдийн засгийн бодлого нь өнөөдрийн төгрөгийн ханшийн уналтад зайлшгүй  хүргэнэ. Үүнийг сөрж зогсох арга байхгүй. Банк гадагш нь бонд борлуулж, бондынхоо мөнгөөр интервенц хий­гээд явж байна. Энэ бол нөхөг­дөшгүй гарз хохирол. Одоо­гийн байдлаар доллар 1800 төг­рөг хүрч үүнээсээ цааш явах л байх. Эдийн засгаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Нэгд, байгаа нөөц бололцоогоо зөв ашиглах хэрэгтэй. Монголчууд бид өөрсдийн амьд­ралдаа хэмнэлтийн горимд орох хэрэгтэй байна. Юм бүхэн дээр үрэлгэн хандахаа болъё л доо. Жишээ нь, улсын төсвийг авч үзье. Албан ёсоор зарласнаар бол улсын төсөв ДНБ-ийхээ 40 хувийг зарцуулж байгаа. Гэтэл төсвийн гадуур хөгжлийн сан, бондын сан гэж байна. Үүнийг харахад төрийн ноёдын гартаа зарцуулж байгаа мөнгө нь ДНБ-ий 70 хувиас давчихсан байна. Үүнийгээ үр ашиг­тай зарцуулах хэрэгтэй. Хоёрт, монголчуудын хэрэглээг авч үзье. Гаднын эрдэмтэд ирж лекц уншихдаа та нарын хэрэглээ чинь дэндэж байна гэж үргэлж хэлдэг. Гар утас, жийп машин унах чинь дэндлээ гэдэг. Аливаа үндэстнийг бүтээх чадвараас илүү хэрэглэх сэтгэхүйтэй болго­но гэдэг бол эдийн засгийн алуурчдын номлолын анхны үсэг нь гэж хэлж болно. Энэ номлол Монголд бүрэн хэрэгжлээ. Одоо монголчуудын хувьд хэрэглэх, хэрэглэх. Харин ганган хувцас өмсөх, тансаглах чиглэл рүү явж байна. Жишээ нь, Солонгосыг авч үзье. Эдийн засгийн хямралын үед алт мөнгөн эдлэлээ аваачиж өгч улс  орноо хямралаас харахад зориулъя гэж өгсөн. Тэгвэл монгол­чууд ингэж өгдөггүй юм аа гэхэд хэрэглээгээ зөв болгож чадвал хэмнэлтийн горимд орж чадна. Нөгөө талд төрийн бодлого. Хамгийн үр ашиггүй, эрсдэлтэй салбаруудыг дэмжих бодлого явуулахаа зогсоох хэрэгтэй. Үүн дээр болгоомжтой хандах. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Монголын гадаад худалдаа хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ алдагдлыг багасгах боломж байсан. Зөвхөн барилгын салбарыг авч үзье. Гаднаас олон мянган хөлсний ажилчин авчирч, баячуудын барьж байгаа барилгууд дээр ажлууллаа. Гад­нын ажилчдад төлсөн цалин нь 240 сая ам.доллар. Тэднийг ажил­луулахад зориулж авчирсан импортын материал 600-700 сая. Ингээд нэг тэрбум ам.доллараар гаднаас барилгачин авчирж Мон­го­лын баячуудын хөшөө дурсгал барихад зарцуулаад сууж байна. Үүнийгээ төр эргэж харах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг эрүүлжинэ.

-Төгрөгийн ханш бага багаар унасаар байвал монголчууд ямар байдал очих бол?
-Одоо хязгааргүй унаж чадах­гүй. Тэгвэл дотоод зах зээл боогдож хүнд байдалд орно. Одоо­гийн байдлаар манай бан­кууд мөнгөгүй болчихсон байна. Аргагүй шүү дээ. Дуусаагүй барил­гад хөрөнгө оруулж байгаа нь газарт мөнгөө бульж байгаатай адил. 32 давхар барилгыг гурван жил барьж, банкууд хөрөнгөө энэ барилга руу гурван жил хийж газарт царцаалаа. Тэгээд барилгын ажил их хийж, эдийн засаг өссөн тайланд ороод явж бай­гаа. Гэтэл эргээд өгөөж юу юм гэхээр юу ч алга. Өнөөдөр Мон­голын эдийн засгийн алж байгаа зүйл чинь барилгын салбар.

-Барилгын салбар хамгийн их өсөлттэй гарч, эдийн засагч өсч байна гэсэн статистик байнга гардаг шүү дээ?
-Барилгын салбар 20 хувийн өсөлттэй гарлаа гэж баярлаад, зарлаж байгаа. Энэ нь эдийн засгийг амжилттай “алж” байна гэдгийг л зарлаад байгаа юм. Ер нь барилгын салбар бусад салбараас төрүүлж өсч болдоггүй. Маш хүнд салбар. Барилгыг шилжүүлж зах зээлд худалдаж болдоггүй, ачаад гадагш нь экспортолж болдоггүй, маш удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг. Үүнд болгоомжтой хандаж чадахгүй байна. 2008 хямралыг эх үүсвэ­рийг харахад, Монгол Улсын эргэлтэд байгаа бүх мөнгөний 30 хувийг дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан байсан. Хоёр их наяд 700 сая төгрөгийн мөнгө эргэлдэж байхад түүний 998 тэрбумыг нь дуусаагүй барилгад хийчихсэн сууж байсан шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлж байна. Тиймээс эдийн засаг мэдлэгтэй хүмүүс нь жолоогоо бариасай гэж бодох юм. Тэгэхгүй бол манай энэ ах, дүү нар алах нь ээ. Эсвэл хэдэн компанийн захиралуудаар жолоодуулаал.

-“Чингис”, “Самурай” гэж хоёр бонд босголоо. Эдгээрийг хамгийн сайн хөрөнгө оруулалт гээд байх юм. Гэтэл энэ чинь эргээд төлөх өр биз дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ. Тэр дундаа бондыг улсын төсвийн гадуур, бараг танхимын ганц сайд нь мэдэж зарцуулж байгаа нь зөв үү?
-Хэдийгээр бонд гэдэг зүйл улс орны амьдралд байж болох зүйл ч гэлээ гэсэн  үндэсний валют нь бүрэн хөрвөх чадваргүй нөхцөлд гадагш борлуулсан бонд маш их эрсдэлтэй. Бондын төлбөрөө төлөхийн тулд эдийн засгийнхаа хамаг л шүүсийг шав­хах хэрэгтэй болно. Түүнээс биш, манай хэрэглэдэг бүх зүйл гадагшаа валютаар борлохгүй. Тиймээс бондын өрд аль болох болгоомжтой хандах. Чингис бондыг авахдаа улс орны эдийн засгийн амин чухал салбаруудыг үүсгэж, хөгжүүлж дэмжихэд зориулсан бол үүнийг буруутгахын арга байхгүй. Гэтэл тодорхой үр ашиг өгөхгүй салбарууд руу сайд нартаа хуваагаад зарцуулсан нь эргээд харахад хамгийн гунигтай дүр үүсгэж байна. Ер нь манай одоогийн Засгийн газрыг харахад тун л гар султай байгаа даа. “Самурай” бонд авлаа. Гэтэл “Самурай” бондын мөнгөө шилжүүлж авахдаа суутгал хийлгэх ёстой байлгаснаа ойлголоо. Тэгээд үүнээс нь болж бөөн шуугиан дэгдсэн. Ийм хариуцлагагүй хандаж болохгүй.

-Улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 40-өөс хэтрэхгүй байх хуультай. Гэтэл энэ хэмжээ 63, 68 болсон байгааг Олон улсын валютын сангаас анхааруулсан. Ингэж хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёсгүй юу. Ер нь өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 60-аас давбал улсын эдийн засгийн тусгаар тогтнолд аюултай  болохгүй гэх юм. 
-Монголыг үндэсний хэмжээнд нь авч үзвэл 19 тэрбум ам.доллар давсан өртэй. Энд хувийн хэвш­лийнхний авсан өрийг оруулж бодох хэрэгтэй. Тэртээ тэргүй экспортын орлогоосоо л төлнө шүү дээ. Ингэж тооцвол юун ДНБ-ий 40, 50, 60 хувь, 100 хол давсан. Хамгийн сонирхолтой нь өр хуулиар тогтоосон хэмжээ­нээсээ давж байхад үүний төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй байгаа. Засгийн газар УИХ-аа мэхэлж байгаа. Манай УИХ Зас­гийн газартаа мэхлүүлэхдээ сэтгэ­лийн таашаал авдаг гаж өвчинтэй болоод удаж байна. С.Батболдын Засгийн газрын үед төсвөө зохиож чадахгүй УИХ дээр оруулчихаад, УИХ-аа мэхэлж байгаад төсвөө батлуулдаг байсан. Тэр өвчин нь даамжирсаар байгаад өнөөдөртэй золгоод байна.

-Өрийн зохистой хэмжээ харьцаа нь хэд байвал болох вэ?
-Зохистой төвшин байна л даа. Бусад улс орнууд ДНБ-ий 40, 60 хувь гэж экспортын бо­ломжоо харгалзан тогтоодог. Гэтэл одоогийн манай төр зас­гийнхны ярьж байгаагаар өрөө улам л нэмэх сонирхолтой бай­на. Үндэсний валют маань чөлөө­тэй бүрэн хөрвөдөг бол өрийн асуудалд өөрөөр хандаж болно. Гэтэл манайх хагас хөрвөх валюттай байж өрийн асуудалд болгоомжгүй хандаж байгаа нь түүхэн гэмт хэрэг хийж байгаатай адил. Учир нь өртэй хүн өөдлөхгүй, хүний гарт л орно шүү дээ. Ер нь өрөнд орно гэдэг хойч үеийнхээ амьдралыг барьцаанд тавилаа л гэсэн үг. Үүнд болгоомжтой хандах цаг болсон.

-Та хэдийгээр АН-ын гишүүн ч, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Тэр том зургаараа харвал өнөөдрийн Засгийн газар улс орноо удирдаж чадаж байна уу. Зарим нь чадахгүй байна, хөдөлгөнө гэх юм. За­рим нь чадаж байна, эдийн засаг дэлхийгээс хамаарч хям­раад байгаа. Хэрвээ улстөр хөдөл­бөл бүр илүү хямарна зэрэг янз бүрээр л ярьж байна л даа?
-МАН-ынхан АН-ыг унаасай гэж өдөр шөнөгүй л залбирч суугаа байх л даа. Гэхдээ өөрсдөө асуудлыг эргүүлж босгоод, эрүүл үндсийг нь олох чадвар байх­гүйгээ олон дахин нотоллоо ш дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ынхан Засгийн газрыг огцоруулъя гэж асуудал тавилаа. Яагаад огцруулах гээд байгаа юм. Огцруулчихаад дараа нь яах юм гэдэг нь хэнд ч ойлгогдоогүй. Ийм нөхцөлд төр засгийн тухай асуудал ярих ээдрээтэй. Шийдэхэд бэрх. АН ч хүнд байдлаасаа гарах гарц олоогүй, сөрөг хүчин МАН бүр ч олоогүй байна. Ер нь МАН-ынхныг харахад улс орныхоо хувь заяаны асуудлыг дорвитойгоор шийдэх шүдгүй болж дээ л гэж харагдаад байгаа. Ганц нэг сайдын суудлаар оролддог, эсвэл сөрөг хүчин амьд байна гэдгээ харуулах гэж асуу­дал томъёолохоос цаашгүй байна ш дээ. Тэгэхээр монголчууд энэ асуу­дал дээр хамтын оюунаа л дайч­лах л хэрэгтэй болох байх даа.

-Олон фракцуудад яамдыг тэгшитгэн хувааж өгсөн нь Зас­гийн газарт танхимын зармыг алдагдуулж, ажил явуулахад саадтай болгож байна гэдэг дээр та санал нийлэх үү?
-Ер нь фракцууд мөнгө барьж байгаа биш, сайдууд барьж бай­гаа. 2000 оны сонгуулийн дараа­гаас эхлэн Монголын төрд олигархиудын ноёрхол тогтож, хөрөнгөлөг хүмүүсийн засаглал тогтсон шүү дээ. Энэ нь МАН-ын үед үүссэн үр хөврөл нь цэцэглэж соёолсоор байгаад АН-ын үед бүр ч төгс хэлбэрээ олж байх шиг байна. Одоогийн Засгийн газрыг харахад аж ахуйн эрхэлсэн гол яамдын сайд нар нь хэдхэн том компанийн захирлууд байна. Фор­туна Н.Батбаяр, Женко Х.Баттулга, нөгөө л Бодь, Бридж, Ажнай гээд бүгд сайд болсон. Үүнийг харахад, Монголын эдийн засаг олигархиудын гарт оржээ гэж томъёолж болохоор байна. Ганцхан АН ч биш. Яг мөн чанартаа өнгөрсөн чуулганы үед УИХ-аас гаргаж байгаа шийдвэрийг харахад, нам дамжсан олигархиуд нь намаасаа илүү эрх мэдэлтэй болж, өөрсдийн эрх ашгийн төлөө асуудлыг гар нийлж, дуу нийлж байгаад шийдэж чаддаг болсныг харуулж байна.

-Улс орны эрх ашгийг хойш тавьж байна гэж үү?

-Мэдээж. Том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалахын төлөө бүхнийг хийж байна шүү дээ. Үнэхээр эдийн засаг хямралтай байна. Энэ бүхнээс гаръя гэвэл саяхан японууд яаж асуудалд хандаж байгааг харлаа шүү дээ. Худалдааны татвараа таван хувь байсныг шууд нэмж найман хувь болголоо. Монголчууд Монгол Улсын хувь заяаг үүрч явахаас биш, Монголын хувь заяаг гаднын хөрөнгө оруулагчид үүрэхгүй. Хүндрэл тохиолдох үед нь хүндрэлийг бүгдээрээ л үүрэх ёстой. Үүн дотроос Монголын буянаар хөрөнгөжсөн, хөл дээрээ боссон хөрөнгөлөг хүмүүсийн бүлэг бол том ачаа үүрэх ёстой. Гэтэл өнгөрсөн чуулганаар том хөрөнгөтнүүдэд 30 жил хүртэл хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрчилгээ өгнө гээд хууль гаргачихлаа. Энэ  бол тодорхой. Монголд том хөрөнгөтний ноёрхол тогтоож байна.

-Тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Крымын асуудалд Мон­гол Улс, монголчууд яаж хан­дах ёстой вэ. Сая НҮБ дээр түтгэлзсэн санал өглөө. Ма­най зарим улстөрчид, нам Оросыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Ер нь их гүрнүүдийн том улстөрд Монгол Улс яаж хандах ёстой вэ?
-Крымын асуудлыг дэлхийн нийтийн улс төрд үзүүлэх нөлөө­лөл талаас нь манай төрийн мэр­гэжлийн байгууллагуудын төв­шинд эхлээд хариулт өгөх ёстой байх л даа. Түүхэн талаас авч үзвэл 1954 он Хрушев гэдэг хүн Крымыг Оросоос нь  тусгаарлан Укрианд бэлэглэсэн. Үүнийг дэлхийн нийтээрээ мэднэ. Крым бол дээр үеэс Грек, исламуудын хилийн уулзар газар. Бидний хувьд Крым бол Орос үндэстэн өөрийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдалд ул үндэстэй хан­даж, өөрийн улсынхаа нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн тулд зүтгэж байгаа нэг илрэл гэж харж болно. Нөгөө талаас өөрөө дээрээ тусгаж харвал, ер нь газар нутгаа гаднынханд бэлэглэж хуваагаад сууж байдаг энэ зам аюултай гэдгийг сануулж байна. Манайхан тэнд ч 100 мянган га, энд ч 100 мянган га газраа гандынханд ху­дал­даж, бэлэглэдэг. Энэ нь сүүл­дээ ямар ч үр дагаварт хүрч болд­гийг харж болохоор байна даа. 

-Өөр нэг асуудал бол төмөр замын бүтээн байгуулалтын гацаа. Төмөр замын төслөө яаж урагшлуулах вэ. Гол гацаа нь өргөн, нарийн цариг дээр үүсээд байгаа. Хаврын чуулганаар царигын тухай хууль гаргана гэнэ. Ер нь Царигийг ингэж хуульчлах нь зөв юм уу?
-Төмөр зам дээр хийрхэлийн асуудал л байна гэж боддог. Урд хөршдөө л бид нүүрс нийлүүлнэ. Урд хөрш нарийн царигтай. Тий­мээс бид нарийн царигаар нүүрсээ гарах нь ашигтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл бүх нүүрсээ урд хөршийн хараат байдал оруулж ганцхан нарийн царигтай төмөр замтай болох уу гэвэл үгүй. Оросын нутгаар дамжуулж зүүн хойд Ази руу бүтээгдэхүүнээ гаргах боломжийг хайх нь бас зөв. Тэгвэл өргөн царигаар гаргана. Гагцхүү зах зээлээ тэлэхийн тулд энэ хоёр царигийг зэрэг шийдэж, зэрэг эхэлж явах ёстой. Түүнээс биш, нарийн царигаар танк ороод ирнэ гэдэг балай юм яриад сууж болохгүй. Дэндүү хоцрогдсон асуудал болно. Цариг дээр хууль гаргана гэж ярихын оронд  бизнесийн хүрээнд эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй ш дээ.

Э.МӨНХЦЭЦЭГ


Tuesday, 14 January 2014

Д.Бямбасүрэн: Эдийн засгийн тусгаар тогтнолоо худалдчихсан юм даа



Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай  олон сэтгүүлч уулзаж улс төр, эдийн засгийн сэдвээр ярилц­даг билээ. Харин энэ удаа түүн­тэй уулзаж монгол­чуу­дын оюун санааны өв уламж­лал, түүний дархлаа, мөн эх орон,  тусгаар тогтно­лын сэдвээр  ярилцлаа.

-Эрдэмтэн, зохиолч  Л.Түдэв гуайн нэгэн  ярилц­лагыг үзэж суугаад  “Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаа­лах цаг ирлээ” гэсэн үгийг их гүнзгий хүлээж авлаа.

Тэгээд тантай энэ сэдвээр ярилцья гэж бодоод хүрээд ирлээ. 

-Хичээе л дээ...

-Ташуураар хамгаалж болдог байсан эх орноо тархиараа хамгаалахгүй бол болохгүй нь гэсэн энэ өгүүлбэр надад олон юм бодогдууллаа. Үүнээс үүдээд монголчууд бидний оюун санаа хэр хүчирхэг билээ гэсэн асуулт хариу нэхээд байх болов?

-Зөв л дөө... Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг харлаа ч тэр  оюун ухаан, оюун санааныхаа хүчээр амьдрах цаг ирж.  XX зууныг хүртэл улс төрийн асуудал, амьдрах эс амьдрахаа  зэвсгийн хүчээр шийддэг байлаа.  Ингэж явсаар XX зуунд бүр дэлхий даяараа хоёр ч удаа дайтаж нийтээрээ “зодолдож” үзлээ. Энэ бүхнээс хүн төрөлхтний олж авсан ухаарал бол “оюун ухааны чадварыг олж авсан нь үлдэх юм байна” гэсэн ойлголт. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талын ойлголт. Харин нөгөө талдаа тайлбарлах юм бол  их сонин. Одоо бидний амьдарч байгаа үеийн  Европын соёл иргэншил гэгддэг техникийн хөгжлийн иргэншил хүний амьдралыг баталгаажуулах чадвараа улам бүр алдаж байна.  Тухайлбал, байгаль экологийн тэнцвэр алдагдах, хүний уг мөн чанарын доройтол, эрүүл мэндийн дархлаа байхгүй болж байгаа зэрэг нь одоо бидний туулж өнгөрүүлж буй соёл иргэншилтэй холбоотой. Үүний оронд бий болох хүн төрөлхтний  цоо шинэ ёс жамыг Оюун мандлын соёл иргэншил гэж нэрлэдэг л дээ... Үүнийг анх 1920 оны үед Оросын залуу эрдэмтэн Вернадский  тодорхойлсон. “Хүний оюун ухаан байгалийн, биологийн хүчин зүйлээс дутахгүй болно. Хүн төрөлхтний соёл иргэншил байгаль дэлхийтэйгээ хамт хөгжих ёстой. Үүнээс үүдээд амьдрал орших уу, эс орших уу гэдэг нь шийдэгдэнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь хүн төрөлхтний оршин тогтнох эсэх нь оюун ухааны хөгжилтэй холбоотой юм. Надад нэг сонин жишээ тохиолдсон. Оросод философич мэргэжлээр улаан дипломтой төгссөн нэг нөхөртэй би 1980 аад оны сүүлчээр хамт ажиллаж  байлаа. Түүнийг 1993 онд Филиппин рүү сургалтад явахад би тодорхойлолтыг нь гаргаж өгч байсан юм. Тэгээд нөгөөдөх чинь ирээд надад ярилаа л даа. Филиппинд сургалтад сууж байтал нэг америк багш ирэээд энд монгол хүн байна гэж сонслоо гэхэд нь мань хүн годосхийж босоод баахан зовлон тоочиж. Гэтэл нөгөө багш “Нэг сая 500 мянган км.квадрат нутаг дэвсгэртэй, 25 сая малтай оронд хоёр сая хүн өлсөж байгаа бол танайд ерөөсөө 27 сая мал амьдарч байна гээд тооцчихвол яасан юм бэ” гэж хэлж. Байгаа баялгаа зөв ашиглаад оюун ухаанаа түшиж амьдарч чадахгүй байнаа л гэдгийг хэлж  шүү дээ. Ер нь хүний ертөнцөд хоёр нарны хооронд нүүрээ харлатал мал дагаад ч, нуруугаа бөгтийтөл  газар ухаад ч  сайхан амьдарч болдоггүй юм байна.  Хэн оюун ухаанаа түшиж оюун ухаанаараа амьдарч чадна тэр л сайхан амьдарна. Гэтэл бид улсаа хөгжүүлж байна гээд газрын баялгаа ухаад гадагшаа зөөгөөд байдаг. Яахав хэдэн халтар төгрөг олж байгаа байх. Харин тэрнийхээ хариуд  нэгдүгээрт, байгаль орчин газар нутаг маань сарны гадаргуу шиг боллоо. Гурваас дөрвөн мянган гол горхи ширгэлээ. Хоёрдугаарт, хүний оюун санаанд айхтар өөрчлөлт гарч байна. 1960-аад оны үед манайхан Германы уран бүтээлчидтэй хамтран “Алтан өргөө”  гэж кино хийсэн. Тэр кинонд өвөг дээдсийнхээ өвлүүлсэн эрдэнэсийн авдрын түлхүүрийг шуналтай хүү нь авч авдрыг онгойлгоод нутаг орноороо хэрхэн сүйрдэг тухай өгүүлдэг. Одоо яг л тийм болчихлоо. Оюун ухаанаа л өөд нь татахгүй бол бид удам судар, орон нутагтайгаа сүйрнэ. Орчин үеийн дэлхий  ертөнц гэдэг хөгжим эгшиглэсэн жаргалын өргөө биш. Өлссөн өлөн араатан хаа нэгтээ нь архирч л яваа. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлж, давж сэтгэж явахгүй бол тэднийхээ идэш болоод л дуусна. Тиймээс өөрийн чинь энэ удаа хөндөж буй сэдэв цагаа олж. Бас Л.Түдэв гуай үнэхээр мэргэн үг хэлж.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй томоохон компаниудад монгол залуус мэр сэр ажиллаж байна. Тухайлбал “Google”, “Аplle”-д монголчууд ажиллаж байх жишээтэй. Бахархаж байна тэднээр. Гэхдээ нөгөө талдаа гомдмоор, бас харамсмаар.  Бид оюунлагуудаа гадагш алдчихаж. Бид уураг тархиа гоожуулчихаж... Бид тэднийгээ дотооддоо зүтгүүлж чадахгүй байна шүү дээ?

-Тийм л дээ... Яг үнэн. Монгол хүн Францын машины үйлдвэрт зохион бүтээгчээр, Германд технологичоор ажиллаж байна. Монгол хүн Microsoft-д ажиллаж алмайруулж байна гээд тоочих юм бол монгол хүн авьяас билэгээ гайхуулж байгаа жишээ цөөнгүй. Яагаад ийм хүмүүсээ эх орондоо ажилуулж чадахгүй байна гэвэл хоёр гол зүйл байна.  Нэгдүгээрт,  Монголд оюун ухааныг үнэлдэггүй. Харин өөр улсад тэдгээр хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог нь хангаж, ажил хөдөлмөр хийх таатай орчин бүтээж өгч чадаж байна. Энэ нэг тал нь. Нөгөө тал нь гэвэл  орчин үеийн дэлхийн философийн дагуу оюуны хүчийг өөртөө татаж чадсан улс орон л хөгжинө.  Тийм болохоор  “Тархины хулгайч “ гэж нэрлэдэг дээ.  Үүгээрээ өрсөлддөг болчихож. Ийм хоёр хүчин зүйлийг бид бий болгож чадахгүй байгаа болохоор хүмүүс маань гадагшаа яваад байгаа юм.

-1990-ээд оны эхээр ихэнх айл номын сан дахь номоо зарж, ном гудамжинд хөлийн дор хэвтэж байлаа. Харин одоо ном гоё дэлгүүрийн лангуунд заларч байна. Хүмүүс олон ном уншсанаа гайхуулдаг болов. Ном уншиж оюун ухаанаа тэлэх соёл хэлбэр талаасаа хөгжөөд байх шиг. Энэ талаар таны бодол?

-Ном олон янз. Ном бүрийг унших ёстой ч юм биш. Манай монголчууд номыг ариун нандин зүйл гэж шүтэж биширсээр ирсэн. Ном байтугай бичигтэй цаасан дээгүүр алхдаггүй  байсан. Үүний цаадах утга нь тэр номын дотор өгүүлсэн зүйл бол ховор нандин эрдэнэтэй дүйхүйц гэж үздэг байсных.  Харин орчин цагт зөвхөн ном төдий биш интернэт, телевизээр мэдээллээ авч байна. Ном их уншдаг болсондоо ч биш юм. Угаасаа хүн гэдэг амьтан ямар нэгэн танин мэдэхүйн хэрэгцээ гэсэн хөшүүрэгтэй. Түүнийхээ шаардлагаар янз бүрийн мэдээлэл авч байгаа. Харин тэр мэдээлэлд  нь хэрэгтэй  зүйл ч бий,  хэрэггүй эргээд  ус болох зүйл ч бий байх.

-Энэ цаг үеийн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд “Би их уншсан... би их мэдсэн” гэдэг имиж бүрдүүлдэг.  Гэвч яг үнэн чанартаа оюун ухаанаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тэр мэдлэгээрээ бусдыг хөтөлж өмнөх замыг нь гэрэлтүүлж яваа нь харагдахгүй юм. Тэд дүр эсгээд байна, тийм үү? 
-Миний хувьд долоон тө­рийн тэргүүний нүүрж үзжээ. Чойбалсангийн үед бол бага байсан даа. Түүнээс хойшхи төрийн тэргүүнүүдтэй уулзаж ярилцаж, ажил төрлийн холбоотой байж заримынх нь удирдлагад төрийн үйл хэрэгт  зүтгэж явлаа. Сүүлийн үеийн төрийн зүтгэлтнүүдээ хараад байхад өмнөхөөсөө  мэдлэгийн  хүрээгээрээ   үнэхээр явцуурсан гэж би хэлнэ. Ю.Цэдэнбал гуай болон Ж.Батмөнх гуай тухайн үеийнхээ эрдэм номын чинад хүртэл боловсорсон, эрдэмтэй хүмүүс байлаа. Тэрнээс гадна дорнынхоо ном сургаалийг үзэж гэгээрсэн хүмүүс ч байсан. Нэг сонин тохиодол одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Улс төрийн товчоонд н.Моломжамц гээд өвгөн настай хүн байх. Аливаад их голч байр суурьтай ханддаг байлаа. Зөвлөлтөд 1948 онд сургууль төгссөн сэхээтэн хүн. Залуучууд бид яахав дээ түүнийг нөгөө л марксистүүдийн нэг гэж боддог байж. Заримдаа хүмүүс  “Төв хорооны Санхүүгийн хэлтсийн н.Санжаацамц, Улс төрийн товчооны н.Моломжамц хоёр  Их тэнгэрийн аманд хурал хураад байх юм” гэхэд бид тоглоом байлгүй гээд шоолдог байлаа. Би 1988 онд Удирдлагын институтын захирал байхдаа Төв номын санд Нагаржунайн 73 бадагтыг  үзэх санаатай  хоёр гурав хоног суусан юм. Тэгсэн Моломжамц гуай дууддаг юм байна. “Би хоёр гурав хоног чамайг эрээд олсонгүй чи хаачив” гэхэд нь “Ном үзэх санаатай Төв номын санд суулаа...” гээд учраа хэлсэн. Тэгтэл урдаас “Нагаржунайн 150 бадагт гэж байдаг юм шүү дээ ” гээд цээжээр дүнгэнэтэл унших нь тэр.

-Төвд хэлээр нь үү?
-Тэгэлгүй яахав, Моломжамц гуайн уншиж судалж цээжилсэн нь бол  Нагаржунайн филосифийн  их хөлгөн судар. Миний үзэж байсан 73 бадагт бол бага хөлгөн нь юм. Тэгээд  би бодлоо. “Манай төр засгийн толгойд ийм гайхалтай хүмүүс суудаг юм байна шүү дээ” гэж. Тэр үеийн сэхээтнүүдийн философи, боловсрол ямар түвшинд байсан бэ гэдгийг харуулж байгаа юм. Гадны улс  төрийн зүтгэлтэн хэн нэгэн хүн ингэж амьдарч байж гэдгийг харуулсан сайхан сайхан номууд байдаг. Түүнийг унших хэрэгтэй.  Хүнд амьдралын туршлага өгнө. Гэхдээ цаад талд  нь суурь философи байгааг бас судлах ёстой. Өнөө цагийн манай удирдагчид тэрхүү суурь философи талдаа сул анхаардаг юм уу даа  гэж  би хувьдаа боддог.

-Юм уншихгүй байгаа юм уу гэхээр үгүй. Уншаад мэдээлэл аваад байдаг. Харин таны хэлснээр тэр философи нь байхгүй байна аа даа.  Монголд хүнд хэрэгтэй Монгол оронд наалдацтай биш, нэг тийм имэрхэд ширхэг нь мэдрэгдэхгүй гэдэг шиг хөндий хоосон суртал яваад байх шиг..?
-Манайхан одоо оюун санааны өв гэхээр ихэвчлэн Чингис хаан ингэж сургасан, тэгж сургасан гэж ярьдаг.  Гэтэл Оюунтүлхүүр гээд их судар байдгийг мэддэг, ойлгодог эсэх нь их эргэлзээтэй. Чингис хааны “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж сургасан гээд яриад байдаг. Гэтэл энэ чинь Чингис хаанаас 1500-гаад жилийн өмнөөс явсан том философи юм шүү дээ. Биеэ засна гэдэг нь юу юм бэ, гэрээ засна гэж яадаг юм бэ. Тэгээд төрөө засаад дараа нь төгөлдөр дээдийн хязгаарт хүрнэ гэсэн үг хүртэл бий. Манайхан тэрийг нь огт ярьдаггүй юм. Манай сүүлийн гурван Ерөнхийлөгчийн үед... За анхны Ерөнхийлөгч бол иймэрхүү юм огт ярьдаггүй л дээ. Сүүлийн хоёр Ерөнхийлөгчийг  хараад байхад “Биеэ засна” гэдэг томьёоллыг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тайлбарлах гэж үе үе цухалзуулдаг юм. “Биеэ засна” гэдгийг ямар нэгэн дээд сургууль төгсөөд, магадгүй эрдмийн зэрэг цол хамгаалаад, бизнес хийгээд жаахан төлөвшил олохыг хэлнэ гэж тайлбарладаг. Гэтэл “биеэ засна” гэдгийг монголчуудын филосифиор “их суртахуй“ гэдгээр тайлбарладаг.  Биеэ засна гэдэг чинь орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм. Сэтгэлийг төвийг олно гэдэг нь эмчийн боловсрол, инженерийн боловсролыг олохыг хэлдэг юм биш.  Энэ мэргэжлийн боловсрол олох чинь “Бага суртахуй”-даа орно. Одоогийн 76 гишүүнээс их суртахуйг олсон хүн их цөөхөн дөө. Надад ингэж л бодогдоод байдаг юм.

-Одоогийн УИХ-ын гишүүдийн араас явж буй залуу үе таны хэлсэн  сэтгэлийн төв, оюун санааны тэнцвэрээ олоогүй байж “ төрөө заснаа” гээд дайрах боллоо.  Зөвхөн сургууль төгссөнөө биеэ зассанд, жаахан мөнгө олж байр, машинтай болсноо гэрээ зассанд тооцоод байх шиг. Заримдаа тэднээс айх юм?
-(инээв) Би ч айдаг. Тийм хүмүүсийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь юу байдаг гэхээр мөнгө. Тэд би юмыг мэддэг чаддаг боллоо гээд дайрсаар төрд гардаг. Төрд гарахаараа юу хийдэг вэ гэхээр төсвийн мөнгийг хувааж иддэг.  Авлига хээл хахуулиар амьдрах замыг дөт зам гэж хараад байх шиг санагддаг. Улс төрийн намуудыг  харах нь ээ “манай намыг дагавал сайхан амьдарна” гэсэн үзлийг түлхүү сурталчилж байна. Тэрнээс “бид эх орондоо ийм ийм сайхан үйл бүтээж чадна” гэсэн үзэл дутуу санагддаг. Тэгээд сонгууль болохоор аль их мөнгө өгсөн хүнийг албан тушаалд томилдог. Одоо ч бүр хялбар болсон. Намын жагсаалтын эрэмбэ дараагаар худалддаг болж.

Монголчуудын оюун санааны ертөнцөд нэг өөрчлөлт гарсан. Тэр нь үнэлж хүндэтгэж явах ёстой үнэт зүйлээ мөнгөөр орлуулах болсон явдал. Ялангуяа манай залуучуудад элбэг тохиолддог л доо.

-Зөвхөн эд баялгийг л мөнгөөр худалдаж авдаг гэдэг ойлголт орвонгоороо эргэлээ. Мөнгөөр албан тушаал худалдан авч түүнийгээ тахин шүтдэг болсон. Мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны үнэт зүйлийг дээдлэн шүтэх сэтгэлгээ үгүй болсон. Хэзээ  ямар алдаа хаана гаргаснаас ийм гажуудал үүсэв ээ?
-Монголчууд  “Эрдэм мэдлэг  эрхэм  баян, үр хүүхэд удаах баян, эд хөрөнгө адаг  баян” гэж  ярьдаг.  Энэ үзлээрээ бид залуучуудаа хүмүүжүүлж чадсангүй.  Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үе хүртэл баахан худал онолоор цатгасан.  “Хүн бүхэн хэрэгцээнийхээ хэрээр хүссэн юмаа авдаг коммунист нийгэмд амьдрах цаг үе ирнэ”  гэсэн итгэл найдвараар амьдарч явтал нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Нөгөө итгэл үнэмшил байхгүй болсон. Тухайн  цаг үеэс гадна дотны ч нөлөө байсан байх. “Мөнгөөр бүхнийг шийдэж болно, мөнгөтэй л бол сайхан амьдарч болно, баяжихыг хичээ” гэсэн сэтгэлгээ орж ирсэн. Өөрөөр хэлбэл монголчуудыг бүтээгч сэтгэлгээгээр биш шуналаар нь хөтөлж эхэлсэн дээ.  Ингэж явсаар одоогийн залуус “мөнгө, мөнгө” л гэх болж. 

-Социалист дэглэмээс ардчилалд шилжих  тэр цаг үед  оюун санааны өв уламжлалаа хойч үедээ өвлүүлээгүйгээс ийм байдал бий болжээ гэж ойлгож болох нь ээ? Бүхэл бүтэн нэгэн үе энэ алдааны золиос болчихов уу?

-Цаг хугацааны хувьд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд нэг их зай завсар гараагүй. Соёл иргэншлийн мөргөлдөөн, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үед хүний зовлон туйлдаа хүрдэг гэж ярьдаг. Энэ үедээ бид мөнгөний хүчтэй түрэлтэд автаж байгаа нь үнэн. Гэхдээ оюун санаагаа тэр чигт нь алдчихаагүй.  Адаглаад та бид хоёр энэ тухай ярилцаад сууж байгаа нь оюун санааны мөхөлд тэр чигтээ орчихоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

-Улс төрийн намаар дамжаад оюун санааны алуур явагдаж байна гэж би боддог. Гэхдээ дотроосоо гэхээс илүүтэйгээр гадны нөлөөтэй оюун санааны терроризм  гэж ойлгодог. Манайх шиг хүн ам цөөтэй оюуны дархлаа нь суларсан ийм улсад энэ аюултай биш үү?
-Намаар дамжиж оюун санааны дарангуйлал, харгислал явагддаг нь түүхийн эртний улбаатай. Жишээлбэл, манай улс  оюун санааны өндөр боловсролтой, соёл түүхтэй орон байлаа. Тэгээд социализмд ороод ирэхээр большевикуудын үзэл санааг даган дуурайх хэрэгцээтэй болсон. Ингээд л Монголын шашин, соёлыг устгаж хүч хэрэглэж эхэлсэн. Гэвч энэ үзэл суртал хоосон хуурамч байсан тул манайхны оюун санаанд тэгтлээ гүн шингэж чадаагүй. Социализм нуран унахад хүмүүсийн оюун санаанаас маш хурдан арчигдаж хоосон орон зай үлдээсэн. Харин тэр оюун санааны орон зайг мөнгө эзэлчихэж.

Большевикүүдийн үлдээсэн тэр орон зайг улс төрийн намууд эзэлж авахдаа оюун санааны хүчирхийллийг хэрхэн явуулдаг тэр арга барилаар ажиллаж байгаад гол учир байгаа юм. Тэд хүмүүст мөнгө санал болгож эхэлсэн. Аль ч намын үзэл суртлыг харахад баяжих, мөнгөжих үзлийг түлхүү номлож байгаа.  Энэ нь нэг тал. Нөгөө талыг нь харъя л даа.  Хөрөнгөтэй баян чинээлэг хүмүүс намыг атгаад сонгууль болоход намаар дамжиж хүссэн эрх мэдэлдээ хүрдэг болсон. Уг нь нам гэдэг бол үнэлэхүйн үнэтэй эд биш юм.  Гэтэл намгүй л бол  ардчилал байхгүй болчих юм шиг яриад байна.  Тийм биш шүү дээ. Тухайлбал Францад сонгуульд оролцохдоо олон түмний иргэний байгууллагууд нь холбоо байгуулаад орж болж л байна. Оросод бүх ард түмний фронт гээд иргэний байгууллагууд нь нэгдээд орох эхлэл цухалзаж  байна.  Гэхдээ Оросод бол гажуудал ихтэй явж байгаа...

-Ер нь намгүй болчихвол яадаг юм бол ?

-Нийгэмд тодорхой хэмжээний үзэл байх ёстой. Тэр үзлийг хэсэг бүлэг хүмүүсээр зангидаж байдаг зүйл нь нам. Тэгэхээр нам хэрэгтэй . Гэтэл одоогийн нам гэдэг зүйлд үзэл баримтлал байхгүй. Зөвхөн мөнгөнд суурилсан сонирхол бий.  Бид нэг хэсэг нам дагасан олигархи гэж ярьдаг байлаа.  Гэтэл одоо өнөөх олигархиуд нь төрийн толгойд гараад намаа тоохоо больсон.  УИХ хоёр дахь жилдээ орж төлөвших үедээ хэд хэдэн хууль баталлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль.  Төрийн толгойд суусан олигархиуд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хууль оруулаад л “Наадахаа батал” гэхэд УИХ дахь намын бүлгүүд чичирч байгаад л баталлаа.  Гэтэл Монголынхоо газар нутгийг 100 жилээр гадныханд түрээслүүлэх  хууль баталчихсанаа одоо л мэдэж байна. Энэ юуг харуулж байна гэхээр намаас давсан олигархиудын бүлэг бий болж. УИХ дахь намын бүлгүүд бол зүгээр л тэдний зэвсэг. Өнгөлөн далдлалтын хөшиг. Тэр хөшигний цаана хоёр гурван намын баячууд суучихаад ашиг сонирхлоо тохирч байна шүү дээ. 

-Тэгээд дээрээс нь гадны нөлөөтэй...?
-Тэгээд бас гадны нөлөөтэй. Мөнгө хараад цаадуул чинь шонхор шиг дайрч байгаа юм чинь.

-Одоогоос  20-оод жилийн өмнөөс “Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх орон” гэсэн сүржин философитой  суртал явдаг байлаа. Түүнд нь ч итгэдэг байсан. Гэтэл одоо эх орон гэж ярьсан болгон, эх орны төлөө гэж дуугарсан бүхэн адгийн шаар гэсэн нэр зүүж адлагдах болов. Магадгүй  би маргааш “Эх орны төлөө” гээд бичвэл шившиг болох хэмжээнд хүрэв. Энэ бол өнөөх оюун санааны алуурчдын хийсэн ажлын   үр дүн мөн үү? 
-(энэ асуултыг сонсоод Д.Бямбасүрэн гуай маш их инээсэн...) Наадах чинь их сонин ойлголт. Над дээр ч гэсэн 90-ээд  оны сүүлээр ийм юм ярьсан хүмүүс ирдэг байсан. “Та одоо эх орон гэж яриад байх юм. Наадах чинь мөхөж буй  коммунистуудын сүүлчийн хоргодох газар...” гээд л. Биднийг өмнө нь интернационалч маягаар хүмүүжүүлэх гэж 100 жил оролдсон. Тэгээд тэр нь ч нэг их бүтээгүй. Тэгэхээр ингэж бодох хэрэгтэй. Эхлээд эх орон гэдгээ зөв томьёолох ёстой. Чиний өөрийн нутаг ус, өвлөж төлөвшсөн хэл соёл чинь, зан заншил чинь ...  Тэр байтугай хаа ч явсан элэг зүрхээрээ холбогдсон нутаг орон чинь Монгол юм. Харин чиний хэлсэн дээрх үзлийг номлогчид бол хэл соёлоо, зан заншлаа, нутаг усаа ер нь юуг ч худалдаж болно гэж үзэл санааг тархинд чинь суулгахыг хүсэгчид юм. Тэд хэдэн мянган жилийн турш энэ улс орныг, энэ соёл заншлыг хамгаалж хэдэн хүн амь насаа зольж ирснийг мэдэхгүй.  Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 1939 онд Халх голын дайнаар 2500 хүн амь үрэгдсэний төлөөсөнд бид өнөөдөр Халхын гол гэдэг нутаг дэвсгэртэй тэнд амьдардаг монгол хүмүүстэй байна. Гэтэл нэр нутагт 270 мянган га газрыг солонгосчуудад  өгчихлөө. Үндсэндээ худалдчихлаа.  Үүнийгээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиар баталгаажуулаад ч авлаа. Монгол эх орон,  өв уламжлал,  үндэс  угсаа  бүхэнтэй холбоотой бүхнийг хямдруулж юуг ч худалдаж болно гэж номлогсод бүгдийг дийлж давж байна даа.

-Энэ бүхэн чинь бид гадныханд тархиа хэрхэн соруулж  байгаагийн үр дүн, тийм үү?
-Эхлээд эх орноо үгүйсгэнэ. Дараа нь ижий, ааваа үгүйсгэнэ. Тэгээд бүгдийг худалдаж чадна даа. 

-Өнөөдөр манай улс тусгаар тогтносон улс. Дотооддоо асуудлаа шийднэ. Хилтэй, хэлтэй. Сонгуулиа явуулж төр засгаа сонгоно. Гэтэл геополитикийн хувьд бид тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдчихсан юм шиг. Манай улсын эдийн засаг 100 хувь гаднаас хараат болсон шүү дээ...

-1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилт бол тусгаар тогтнолоо,  бүрэн эрхээ 100 хувь өөрсдөдөө авах байсан. Тэрнээс өмнө Монголын хувь заяаг Москвад шийддэг байлаа. Монголын төрийн тэргүүн хэн болохыг, тэр хүн хэдий хугацаагаар амьд явахыг  хүртэл оросууд мэддэг байсан.  Бид 1990 оны хувьсгалаар  энэ бүх эрх чөлөөгөө олж авсан. Тэрний төлөө огт цус урсгаагүй гэж бахархдаг юм. Цус урсаагүй ч энэ эрх чөлөөний төлөө монголчууд маш их зовсон. Эрх чөлөө маш их  үнэтэй.  Гэтэл сүүлийн үед сэтгэл зовоосон асуудал их боллоо. Эдийн засгийн хувьд бид бүрэн хараат боллоо. Манай экспортын 95 хувийг урд хөрш маань дангаараа эзэлж байна. Манайхан том том гоё юм яриад л байгаа. Яг үнэндээ бодитоор аваад үзвэл Чалко нүүрс авахаа болилоо гэхэд л Монголын нүүрсний экспорт бүрэн зогсч байна. Рио Тинто “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бууж өгөхгүй бол бид явлаа”  гээд 1700 ажилчныг нь халчихаад явахад бид Лондон руу хадаг бариад гүйж очлоо. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бид хувь заяаныхаа жолоог алдчихсан гэдгийг харуулж байна.  Үүнээс цааших юм ч бас бий.  Одоо манай төр засгаас явуулж байгаа бодлогод эргэлзэх юм их бий. Харин геополитикийн хувьд гэвэл бодох, санах юм байна. Манай улс дэлхийн хоёр том гүрний дунд бий.  Нэг нь хүн амаараа дэлхийд нэгдүгээрт ордог, нөгөөх нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Манайхан энийг бэрхшээл гэж хардаг юм. Далайд гарцгүй, хоёр талаасаа билүүдүүлж идүүлээд гээд л... Газар нутгаа алдсаны хувьд алдсан. Хуучин газар нутгаасаа гуравны нэгийг нь Хятадад, гуравны нэгийг нь Оросод алдсан. Тэгээд одоо үлдсэн гуравны нэг дээрээ өөрсдөө амьдарч байна. Энэ бол түүхийн жам тавилан. Гэхдээ одоогийн нутаг дэвсгэр дээрээ эрх ашгаа хамгаалаад амьдарч оршиж чадах уу гэвэл, би оршиж чадна гэж хэлнэ. Орос, Хятад хоёр чинь  Монгол Улсын бий болгосон бүтээл. Орос 62 жижиг вант улс байсан бол  Зүчийн байлдан дагуулалтын улбаа явсаар өнөөгийн  Оросыг бий болгосон  байдаг. Хятад Чингис хаанаас өмнө 12 жижиг улс байсныг бид нэгтгэж нэгдмэл хятад үндэстнийг бий болгож өгсөн юм. Монгол улсыг тойроод  монгол угсаатны хүрээ байгаа.  Ингээд бодвол  гадуураа дэлхийн хоёр том улсаар хүрээлүүлсэн, тэр дотроо өөрийн монгол угсаатнаар хүрээлүүлсэн дархлаа сайтай улс болчихоод байгаа юм.  

-Хоёр хөршид хуваагдаж оршсон монгол угсаатнууд бидний дархлаа болж чадах уу?

-Чадалгүй яахав. Хэл соёлоороо сайн дархлаа болно.

-Бид өөрсдөө энд аж үйлд­вэржээд, амьдрах таатай орчин бүрдүүлээд тэднийгээ өөрсөд рүүгээ татах бодлого явуулбал Орос, Хятад хоёрт хүнд байдал үүсэх үү?

-1911 оны хувьсгалаар Да лам Г.Цэрэнчимэд тэргүүтэй хүмүүс энэ бодлогыг явуулахад хоёр гүрэн үхтлээ айж дургүйцсэн. Дараа нь 1921 оны хувьсгалын дараа нэгдсэн Монгол Улсыг байгуулах бодлого гаргахад  дургүйцэж дарж авсан. Ингээд 1924 оны шинэ Үндсэн хуулийг батлахад биднээр өөрсдөөр нь бага буурай улс хэвээр явна гэж бичүүлж аваад санаа амарсан. Яг үнэндээ түүхийн талаас нь авч үзвэл Монгол бол хуваагдмал үндэстэн. Мэдээж монгол угсаатнаа нэгтгэж хоёр гүрнээ задлах бодлого явуулахгүй. Харин монгол хэл,  монгол соёл, ёс заншил амьд хэвээрээ байна гэдэг хүн төрөлхтөнд   өөрөө үнэт зүйл юм. Бичиг нь, хэл нь, ёс заншил нь, амьдрах арга технологи нь ч үнэт зүйл. Зүгээр л монгол дээлээ оёод хоёр зах зээл дээрээ борлуулахад дэлхийн хаана ч борлохгүй олноор борлоно биз дээ. Энэ мэтээр хоёр том гүрний дунд оршиж байгаагаа муу зүйл гэж үзэхгүйгээр дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байна  гэж бодож, ашиглаж сурах хэрэгтэй. Юун далайд гарц хайх. Ачиж аваад л давхиад хүрчих зах зээл хажууд байгаа юм л даа. Одоогоор манайх урдах зах зээлээ л хараад байгаа болохоос хойноо байгаа том зах зээлийг огт ашиглахгүй байна. Экс­портод өрсөлдөх чадвартай ноос , ноолууран бүтээгдэхүүн эсгий гутлаа ч бодоод үз л дээ. Дэлхийн сэрүүн бүс хойно л байна. Үүнийг бид хойд зах зээл рүүгээ хялбар гаргаж чадна. Харин канадууд биднээс хэзээ ч авахгүй. Скандиновын орнууд ч  авахгүй. Тиймээс хойд хөрш рүүгээ  экспортоо жаахан бодох хэрэгтэй. 

-Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдсан... Тийм үү?
-Энэ бол Монголын төр өөрөө найр тавьж өгсөн хэрэг. 

-Санаатайгаар уу?
-Аа, үгүй үгүй. Найр тавьсан хэрэг биш юм аа. Эрх мэдэлтнүүд мөнгөөр худалдчихсан юм . Жишээ нь манай Үндсэн хуульд газар, газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна, өмч байна гэж заасан байгаа. Гэтэл манай төр тэр баялгаа гадныханд найр тавьж, ирсэн болгонд хувааж өгөхийн төлөө зүтгэж байна. Үүний ард Монголын ард түмэнд хүрэх юм гэхээсээ илүү эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байгаа юм л гол хөшүүрэг нь болж байгаа.

-Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо алджээ. Бас оюун са­нааны тусгаар тогтнолоо ч улам бүр алдсаар байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Байдал их  өвөрмөц байгаа шүү. Улаанбаатарын гудамжаар явахад л тодорхой байгаа. Бүх хаяг гадны хэл дээр байх жишээтэй. Үүнийгээ их соёлтой, мундаг улс болж байна гэж бодож байгаа байх. Японд гудамжин дахь үйлчилгээний газрууд хаягаа  япон болон гадны хэл дээр хоёр янзаар бичсэн байдаг. Гадаад хэл дээр хаягаа бичих бол япон хэлээр бичсэнээсээ хоёр дахин багаар бичих ёстой дүрэм үйлчилдэг. Гэтэл манайд тийм зохицуулалт  байхгүй. Эрх баригчид мэдэхгүй байна уу, гэвэл үгүй, тэд сайн мэдэж байгаа. Хотын захиргаа энэ талаар шийдвэр гаргасан боловч  тэр нь цаасан дээр л үлдлээ. Тэд үнэхээр хүсэхгүй байна. Гадны бүх юм сайхан, тэр хэлээр нь ярьж бичиж тэднийг даган дуурайж байвал сайхан гэдэг үзлийг л харуулж байгаа юм. Энэ бол оюун санааны тусгаар тогтнолоо алдахаас илүү хэнийг ч хамаагүй даган дуурайж явах үндэстэн болж байгаагаа л нотлож байгаа хэрэг. 

-Монголоороо гоёх биш Мон­голоо голох болжээ?
-Монгол хэлээрээ ярьж чадахгүй атлаа курсээр англи хэл сурсан хүмүүс төрийн алба руу зүтгээд байна. Манай төрийн албанаас гарч буй бичиг баримтыг харж байхад даанч яав даа гэмээр юм байдаг шүү дээ. Тэгээд тэрнийгээ УИХ-аар батлуулаад гаргачихна. Засгийн газрын шийдвэр гэнэ. Төрийн том баримт бичиг болгоод хэвлэчихнэ.

-Та бид хоёрын энэ яриа нэ­лээд хорцогдмол, хуучинсаг зүйлд тооцогдоно шүү...

-Тэгнэ л дээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хэл соёлынхоо үндсэн чанарыг алдсан үндэстэн байхгүй болох тавилантай юм. Энэ бол түүхийн жам. Үүнийг л ухаарч чадвал тэр хоцрогдсон байна уу, үгүй юу хамаагүй. Монголоо орхиод өөр газар очиж сайхан амьдарья гэж бодож байгаа бол тэр хүнд монгол хэл, монгол зан заншил, Монголын соёл хэрэггүй.  Харин монгол хүн гэх өөрийг нь бий болгож бүтээсэн энэ орчин хэрэгтэй гэж бодож байгаа  хүнд бол хэл соёл, оюуны үнэт зүйлсээ юугаар ч солихгүй биз ээ.

-Монгол хүнд монгол хэл, монгол соёл, монгол зан заншил ямар учраас хэрэгтэй юм бэ гэдгийг та энэ хүмүүст хэлж өгөөч. Монгол хүнд энэ бүхэн хэрэггүй юм шиг бодох болж шүү дээ?  
-Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм.  Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх.  Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.  Баян болох баян амьдрах амархаан. Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум  ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа...
Тэрбээр ийн хэлснээр бидний ярилцлага төгслөө. Монгол Ул­сын Ерөнхий сайд асан энэ эрхэм хүнтэй ярилцсаны дараа цээжин дэх хөндүүр бага ч бол­тугай арилсан байлаа. Төрийн соёрхолт Д.Цэнддоогийн бичсэн фельетонийг уншаад шууд  ут­гаар нь ойлгож шүүмжилдэг,   монголоороо ярихаас залхуураад англиар ярьчихдаг , эх орон гэж ярихаар адгийн шаар гэж хараа­даг энэ цаг үедээ сэхээрэл болж амьдрахын чин хүслэнд автсан байлаа.
 http://munkhbayasgalan.niitlelch.mn