Showing posts with label УРТНАСАН Х.. Show all posts
Showing posts with label УРТНАСАН Х.. Show all posts

Sunday, 5 May 2013

Х.Уртнасан: Тайзнаасаа би гэнэт яваад өгсөн дөө

Ар­дын жүжигчин, төрийн шагналт, Зуу­ны манлай дуурийн дуу­чин  Хор­лоо­гийн Урт­насан­гийн ярилцлагыг хүр­гэе. Тэр­бээр уржиг­дар бол­сон ХБК-ийн тай­лан тог­лолтод зо­риулж Анг­­лийн хөгж­мийн зо­хиолч Г.Пёр­селийн "Ди­до­на Эней хоёр" бэсрэг дуурийг найруулан тавь­сан юм.

-Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэ­сэн танд талархлаа илэр­хийлье. Шинэ бү­тээ­лийнхээ талаар ма­най уншигчидтай бод­лоо хуваалцана уу?
-Энэ жил манай сур­гуулийн тайлан их өвөр­мөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гур­ван тоглолтоор тайлан­гаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаа­раа боловсролын бай­гуул­лага боловч нөгөө­тэй­гүүр дандаа уран бүтээл­чид байдаг. Тийм учраас бид энэ жил тай­лан­гаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тави­лаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэл­дэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна, дээд боловсролын бакалав­рын оюутнууд ч байна. Манайх арван жил, кол­леж, бакалавр гэсэн гур­ван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сураг­чаа­саа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ. Симфони оркестр, най­рал дуучид, гол дүрийн дуу­чид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарил­даг­гүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог.  Тэр ойл­голтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын ча­нар, багш нарын сурган хү­мүүжүүлж байгаа арга бари­лын орчин үетэй холбож өг­сөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж ав­даг урлагийн байгуулла­гуу­дын менежэрүүд, удирдла­гууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэт­гэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм бо­лохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэ­дэг нь энэ ярианаас ойлгомж­той гэж бодож байна. Хүүх­дүүдийнхээ болон багш на­рынхаа чанар чансааг шал­гуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сур­гууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэ­лүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго бай­лаа. Зорилгоо сайн биелүүл­лээ.

-"Дидона Эней хоёр"-ыг дэлхий даяар голдуу мэр­гэжлийн сургуулиудын оюу­тан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?
-Ерөөсөө сонгодог хөг­жимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээ­лүүдээр онолынхоо сургал­тыг суурилж явах ёстой бай­даг. Дэлхийн том том дуу­лаачийн тэмцээнүүдэд сон­год­гийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бү­тээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дуул­лын хэмжээнд зохиол бичигд­сэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэ­лийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Кар­фаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Ди­до­на Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэт­гэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахр­фаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёу­лаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэт­гэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирд­лаа. "Шопениана"  балет ч их сайхан болсон. Үнэхээр сай­хан байсаан.

-Дидонад оролцсон хүүх­дүүд хэдээс хэдэн нас­­ныхан бэ. Их гоё сопра­но хоолой хоёр гурав байх шиг байсан?
-Найрал дуучид ч, гоцлоо­чид ч бүгдээрээ нэгээс дөрөв­дүгээр курсийнхэн. Гол дү­рийн Дидонад Мягмарсү­рэн­гийн Бямба-Эрдэнэ гэж хоёр­дугаар курсийн оюутан дуул­лаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магад­гүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эх­лэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэр­гэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчи­хаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэг­дүгээр шадар эмэгтэй гэ­дэг дүрд бас миний мэргэж­лийн шавь дууллаа. Би энд мэргэж­лээрээ багшилдаг бо­ловч саяын дуурийг найруул­лаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж бай­сан. Хообийтой гэх юм уу даа.

-Дуурийн театрын урын санд таны "Шидэт ваар", "Чио чио сан" зэрэг дуурь бий шүү дээ. Та найруул­гаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?
-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. "Чио чио сан"-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр "зодог тайлахдаа" зориулж шинэ­чилж найруулсан юм.

-Одоогийн "Чио чио сан" таны шинэчилсэн тавил­таар явж байгаа юу?
-Тийм.  Дээр нь Лувсан­шарав гуайн "Хар хорум" дуурийг тавьсан. Ардын ху­вьс­галын 84 жилийн ойн бая­рын концертыг найруулж бай­лаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. "Ши­дэт ваар" гэж хүүхдийн дуу­рийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.

-Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?
-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөг­жимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээ­гээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүх­дүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.

-Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?
-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгис­болд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураач­тай би яриад л байгаа. Ган­баатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэт­гэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо сана­лын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.

-Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?
-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн бай­гаа, сайхан байгаа бүтээлч­дийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсар­саар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цог­зол­маа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. "За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү" гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.
Насны эрхээр ин­гээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод яв­чих­лаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь на­даас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд  дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхи­сон. Харин би Чулуун багший­гаа амьд сэрүүн дээр багш­тайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. "...Одоо би арван тавтай.." гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр " ..Одоо би яг тавьтай" гээд дуулсан чинь үзэгчид нир­хийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш "үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа" гэж би­лээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.
Ардын жүжигчин Жавзан­дулам бай­на. Гайхалтай сай­хан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуу­лаачийн ху­вьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жав­зандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутаг­таа үнэнч нэг тийм сай­хан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ин­гээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, "Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өг­чихдөг" гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жав­зандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөн­цэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.

-Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрч­лөөс үүдэж гаргасан ший­дэл байж уу дээ?   
-Хувьсгалыг хийхэд тохи­роо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шил­жээд явчихсан, зарим нь бурх­ны оронд явчихсан. Тэ­гээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчих­сэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.

-Театраасаа явсны да­раахан байх аа, Жавзан­дулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу ал­даж байсан гэдэг. Тэр сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?
-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаг­гүй байлаа.

-Сэтгэл зүйн хувьд хэ­цүү л байсан байх?
-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ "Тру­бадур" дуурьт бэл­дэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хув­цасны­хаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуу­лилтдаа орчихоод, өдөр нэг цагт зав­сарладгаараа зав­сарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утас­даад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.

-Германд очоод ямар­хуу байв?
-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд  нь нэг их гоё най­рал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё са­наг­даад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй над­тай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виолен­чель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуу­даар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонс­моор байна гэ­лээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филар­монийн концерт­мейстр бай­сан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэ­дэн­тэй хамт шен­гений орнуу­даар явж сүмүү­дэд нь дуул­лаа. Жанцанно­ровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сү­мийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурай­таад л. Гадаа­дын­хан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.

-Ирээд яав?
-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.

-Та хэдүүлээ вэ?
-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон тү­шиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.

-Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?
-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.

-Хүүхдүүдээс тань хүч­тэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?
-Байхгүй шүү. Их сонин.

-Нэг хувь зүйл давтаг­дахгүй  байх л даа?
-Миний ижий бол сааль­чин хүн чинь мэргэжлийн дуу­чин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.

-Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?
-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэл­сэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдог­гүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хуга­лаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.

Хатуугийн цаа­на сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өн­дөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.

-Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?
-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр ур­лагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань бо­ловс­ролтой гэсэн үг шүү дээ.   

Н.ПАГМ
Өдрийн сонин

Thursday, 10 January 2013

Х.Уртнасан: Театрын тайз гэдэг айхавтар уяа байдаг юм билээ

Ард түмэн танд “Зууны манлай дуурийн дуучин” гэдэг их сайхан цолыг өгчээ. Анх энэ тухай сонсоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
XX зууны төгсгөл үед бүх ард түмний санал асуулгаар урлаг, нийгмийн Зууны манлайг тодруулж байсан. Олон нийтийн санал асуулгаар энэ алдрыг хүртсэн болохоор хүн болгонд тоогдсон юм шиг санагдаж, үнэхээр бахдалтай сайхан байсан.
Таныг хүн бүр дуурийн дуучин гэдгээр нь мэднэ. Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсныг тань тэр бүр мэдэхгүй...?
Тийм шүү, хүмүүс их гайхдаг юм. Урлагт анх дурлан тэмүүлсэн маань тэндээс л эхтэй юм болов уу гэж боддог. "Ардын дуу бүжгийн чуулга"-д найрал дуучнаар анх ороод байтал Цогзолмаа багш намайг дуудан "Тоглолтын зарлагч хий" гэлээ. Тэр үед Оросоос нэг хоор ирээд, түүнийг зарлах болсон юм. Тоглолтын дараа хүн болгон намайг "Сайн хөтөлж байна, мундаг байна, орос үгийн дуудлага сайн" гээд магтаж эхэлсэн. "Чи мэргэжлээ буруу сонгосон байна" гэж хүртэл зарим хүн хэлж байлаа. Тэнд хэсэг хугацаагаар ажилласны дараа мэргэжлээ хөөн Хайдав багшийнхаа нээсэн сургуульд элсэж орсон доо.
Жүжигчин хүн сонгодог жүжигт тоглохоороо бүхэл бүтэн нэг сургууль төгсөхийн дайтай их юм мэдэрч, сурдаг гэдэг. Та олон сонгодогт тоглосон. Тэдгээр дүр таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
Би чинь хөдөөний хүн шүү дээ. Саалийн зэлэн дээрээс л ирсэн хүн. Гэтэл сонгодог урлагт зүтгэнэ гэдэг миний өссөн орчноос асар их ялгаатай байсан л даа. Тав, арван жил сургуульд сурахыг сурч төгсөнө гэж ярьдаг. Тэгэхээр сонгодог урлагийн тогоонд чанагдаж, он цаг өнгөрөх түсам зөндөө олон сургууль төгссөн гэж би өөрийгөө боддог. Сонгодог урлаг надад төдий чинээгээр нөлөөлж, хүмүүжүүлж өсгөсөн гэсэн үг юм уу даа.
Та 31 насандаа МУГЖ, 36 насандаа МУАЖ болсон. Ийм залуудаа төрийн дээд шагнал аваад омогшин бардамнаж байсан уу?
Хүн намайг гаднаас нь харахад тийм байсан байж магадгүй. Ер нь сонгодог урлагт ороод ирэхээр нөгөө энгийн байдал өөрийн эрхгүй эрхэмсэг байдал болон хувирдаг байх. Одоо ч зарим хүмүүс надад хэлдэг. "Сайн байна уу гэхээр чи сайн гэж хэлчихээд тоохгүй шахам өнгөрдөг байсан" гэж. Би ид залуу халуун насандаа дуурьт өөрийгөө бүрэн зориулчихсан, бүхий л зүйпийг сурах гэж мэрийдэг байлаа. Одоо бодохоор бараг хэнтэй мэндэлж байгаагаа ч анзаарах сөгөөгүй, тийм завгүй явж байж дээ. Би нэг бол ангидаа төгөлдөр хууртайгаа, эсвэл маргааш тоглолттой учраас гэртээ дуугүй суудаг байсан. Тэр энгийн зүйлийг эрхэмсэг болгоно гэдэг л энэ байх. Тэгээд л хүмүүст бардам харагддаг байсан байх. Ер нь гавьяат болъё, ардын жүжигчин болъё гэж уран бүтээл туурвидаг хүн байдаггүй гэж боддог.
Залуухан байхдаа би нэг айлын хүүхдийн үсний найранд очтол зурагтаар нь та гарч байсан. Дуулж байгааг тань хараад хүмүүсийн дунд таны тухай яриа боллоо. Сайхан дуулдаг, сайхан хүүхэн шүү гээд л. Гэтэл тэдний дундаас нэг хүн босоод “Та нар мэдэхгүй, энэ хүний ээж нь бүр сайхан хүүхэн, би түүнд хайртай байсан юм” гээд л ярилаа. Тэр хүний хэлсэн өнгө аяс их өөр байсан л даа. Би тэгэхэд яагаад ч юм хайрын тухай бодож байлаа. Ижий тань сайхан хүүхэн байж дээ, тийм үү?
Миний ижий үнэхээр сайхан хүүхэн байсан. Үс нь намирсан, шүд нь яралзсан, гунхсан сайхан бүсгүй. Бас их ажилсаг. Түүний нэг илрэл нь 30 насандаа Хөдөлмөрийн баатар болсон явдал. Ямар их хөдөлмөрийн үр шимээр энэ шагналыг авсаныг нь би мэднэ. Тийм болохоор ижийгээрээ туйлын ихээр бахархдаг. Тэр их ажлын хажуугаар биднийгээ хайраар дутаахгүй өсгөсөн дөө. Их уужуу хүн. Тэр үед бэлэн хувцас гэж байгаагүй болохоор бүгдийг гараараа урладаг гайхалтай уран хүн байсан. Манай ангид лав над шиг гоё дээлтэй хүүхэд байгаагүй юм даг.
Ээж тань их цөөхөн цаг унтдаг байсан байх даа?
Нээрэн тийм байх. Ажлаа хийж явахдаа л төрөх болоод дандаа гэртээ амарждаг байсан. Манай дүү нар лав бүгдээрээ гэртээ төрсөн. Тэгээд хөдөөнийхөн өөрсдөө эх бариад авчихдаг байсан юм.
Та ээжийнхээ хөдөлмерч нанарыг өвлөж авсан бололтой?
Уг нь би ээжээсээ тэр занг нь өвлөж авсан бол их хөдөлмөрч хүн байх байсан. Би ердөө гуравны нэгийг нь л авсан байх. Тэгэхдээ ээжийнхээ тэр үед хэрхэн хөдөлмөрлөж байсныг огт мартдаггүй юм. Бүгдийг нь шингээгээд авч чадаагүй ч гэсэн түүнийг нь мартахгүй өөртөө үлдээж чадсан нь бас чухал гэж боддог доо.
 Намайг залуу жүжигчин байхад таны талаар таагүй мэдээлэл их гарч байсан. Бид юмны учрыг ойлгохгүй шууд л итгэчихнэ. Гэтэл нэг өдөр драмын театрт явж байтал та тайзан дээр дуулж харагдсан. Би тэр дууг дуустал өөрийн эрхгүй хөшиж орхисон. Тэр цагаас хойш би таныг хайрладаг болсон юм. Таны талаарх тэр олон таагүй мэдээллийг эсэргүүцэн дарах гэж та хөөцөлдөж яваагүй. Яаж тэсдэг байсан юм бэ?
Би ер нь аливаа юмыг тийм хүндээр тусгаж авдаггүй л дээ. Хүмүүс хэцүү байсан уу гэж их асуудаг. Надад бол тийм хэцүү юм байгаагүй. Сонсоод өнгөрөх ёстой л шүүмжлэл байсан юм болов уу гэж боддог. Тэгээд ч намайг тэр том төрийн тэргүүний гэргийтэй ажлаар холбон ярьж байгаа юм бол би бас тийм том дуучин л болж байгаа юм байна гэж бодоод л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан. Гэхдээ тэр хүн зөвхөн надад биш, монголын урлагт олон чухал зүйл хийсэн хүн шүү дээ. Олон хүн хэлнэ. Нэг үе тэр аяараа хэлэх учиртай. Уран бүтээлч хүнд ямар ч хүн хайртай байж болно биз дээ, тийм үү? Миний уран бүтээлд л дуртай байснаас биш надад тэр хүн юу ч өгөөгүй, миний хоолойг, дуулах микрофоныг минь авчирч өгөөгүй шүү дээ.
Бид бригадаар явж тоглолт хийж байхад бараг аймаг бүрт Филатовагийн барьж өгсөн соёлын төв, цэцэрлэг байдаг байсан. Ингээд бодохоор бас л их зүйлийг бидэнд өгчээ?
Тийм шүү. Монголыг гэсэн чин сэтгэл тэр хүнд байсан юм шүү. Эмэгтэй хүнийхээ, эх хүнийхээ хувьд их сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэй байсан.
Урлагийн хүнд урлагаа сонгох уу, хувийн амьдралаа сонгох уу гэсэн асуулт байнга тулгардаг. Гэтэл та үүнийг даван туулаад, гурван хүүхэд төрүүлээд, уран бүтээлээ хийгээд, шагнал цолоо аваад, одоо багшлаад явж байна. Энэ их ачааг үүрэлцсэн хүн мэдээж таны хань байх. Хүмүүс ханийн тань талаар тэр бүр мэддэггүй?
Тийм л даруухан хүн байсан. Хүмүүс тэр бүр мэддэггүй, тийм л даруухан. Харин гэртээ бол асар ихээр үгүйлэгддэг хүн. Урлагийн хүн сайн явах эсэх нь гэр бүлийнх нь хүнээс их шалтгаалдаг. Миний гаргасан амжилтын 70, 80-аад хувь ханийн минь халамж, нөлөөллөөс шууд хамаарна. Гэхдээ хааяахан хэдэн үг хаяна. Ингээд л амралтын өдөр болохоор би л эхнэргүй өвгөн шиг хүүхдүүдтэйгээ, баяр болоход би л дагуулаад парк орох юм гээд л. Би тэгэхэд нь тэтгэвэрт гараад яг хамт байна гэж амласан ч бас л энд тэнд тоглолттой болоод, үгэндээ хүрэхэд асуудалтай байсан л даа. Тэгээд л хорвоогийн жамаар хань минь өөд болсон. Хааяа нэг хань минь, ижий, аав минь байсан бол... гэж бодогдох л юм. Цуглаж ирээд цувж буцдаг хорвоо хойно доо. Одоо буурал эмээ болчихоод сайхан л амьдарч байна. Ингэж сайхан амьдарч яваа нь миний ижийн буян. Ээж маань их буян хийсэн хүн болохоор тэр буянд нь ингэж жаргаж яваа байх гэж боддог юм. /Уйлав./ Урлагийн хүмүүс чинь их уйланхай болчих юм байна шүү дээ.
Та ер нь багын уйланхай байсан уу?
Тийм. Их уйланхай хүүхэд байсан. Мэргэжлийн шалгалт авч байтал би дуулж байхдаа уйлаад байсан чинь "яаж дуулахдаа уйлдаг юм бэ дээ, хөөрхий минь уйлаад л байх юм" гэж багш хэлж байсан. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй болохоор түүнийгээ дарж чадахгүй уйлчихдаг юм.

Би нэг хүнээс сонссон юм. “Уртаа багш нэг л өдөр хэнд ч хэлэлгүй тайзнаасаа яваад өгсөн” гэж. Энэ үнэн үү?
Үнэн шүү дээ. Би нэг л өдөр орхиод явчихсан. Нэг өдөр гэнэт эргэн тойрноо харсан чинь бүх юм өөрчлөгдөөд, би л ганцаараа үлдчихсэн юм шиг санагдсан. Тэр үед 50 настай байлаа. Тэгээд л "За одоо болъё доо" гэж бодоод л шууд гараад явчихсан. Сүр бадруулж хүмүүст хэлье ч гэж бодоогүй. Ер нь би одоо ч дуулдаггүй шүү дээ. Багш маань бидэнд Уран бүтээлээ хийгээд, дараа нь "За одоо яг боллоо гэж бодсон үедээ тайзаа өөрөө орхиж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл чиний гялалзсан үе л хүмүүсийн сэтгэлд үлдэнэ" гэж хэлдэг байсан. Ингээд л бүх тохироо бүрдчихсэн юм шиг санагдаад Германд амаржих гэж байсан охин руугаа яараад явчихаж билээ.
Тайзаа орхих талаар ярихад надад их хэцүү байдаг юм. Мэдээж таны хувьд н тийм л байх...?
Үнэхээр хэцүү. Тэр тайзны чийгтэй үнэр үнэртээд л... Одоо ч би театртаа орохдоо ганданд орж байгаа юм шиг л ордог. Амралтаа дуусгаад ажилдаа орохдоо тайзныхаа хөшигнөөс адис авдаг байлаа. Хүн гэрээ солиод нүүхдээ яадаг ч үгүй. Харин театрын тайз гэдэг айхавтар уяа байдаг юм билээ. Гэхдээ одоо би дуулахгүй байгаа ч дуулж байгаа хүмүүсийг хараад яг өөрөө дуулж байгаа юм шиг баярлаж, мэдэрч чаддаг шуү.
Өнгөрсөн хавар байна уу даа, шавь нар тань танд зориулж уран бүтээлээрээ тоглолт хийж бэлэг барьсан. Тэгэхэд та уйлаад л сууж байгаа харагдсан. Тэр үнэхээр гайхалтай үдэш байсан байх?
Тэр үед би хязгааргүй их баярласан. Алдар цол авч байх үеийнхээсээ ч илүү баярлаж байлаа. Миний зүрхэнд хүрсэн баяр болсон. Надад лав хэдэн нас нэмлээ гэж хүүхдүүддээ талархаж байсан даа.
Баярлалаа.
Малчин айлын хүүхэд дэлхийн тавцанд яаж гялалздагийг, хүн яаж хөдөлмөрлөж болдгийг харуулж. уран бүтээлчдийнхээ үлгэр болсон тандаа хамгийн сайн сайхныг хүсье.
Та нартаа ч гэсэн баярлалаа. Аливаа юманд алтан хэмжээ гэж нэг юм байдаг. Хэмжээ гэдэг зүйлийг л бүү мартаарай. Цатгалан бодолтойгоор тайзнаас буусан цагтаа хүн уран бүтээлч хэвээрээ л байдаг юм шүү гэж хүүхдүүддээ захья.

Нийслэл guide сэтгүүл