Showing posts with label БАТ-ҮҮЛ Эрдэнийн. Show all posts
Showing posts with label БАТ-ҮҮЛ Эрдэнийн. Show all posts

Sunday, 21 July 2013

Э.Бат-Үүл: Би мөрөөдлөө биелүүлсэн

-Одооноос “Монголын хууль гурав хоног” байхаа больсон-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Өнгөрөгч даваа гаригт НИТХ-аас гаргасан жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох шийдвэр нэлээд олон талаас шүүмжлэл дагуулах шиг боллоо. Яагаад ийм огцом шийдвэр гаргачихав аа. Нана нь ярьж хэлж, хүмүүсийн санаа бодлыг бас сонсч болоогүй юм уу?
-Энэ сэдэв өмнө нь олон удаа яригдсан асуудал. Тэгээд тухай бүртээ дандаа улс төрийн талцал, маргаан болоод унадаг байсан. Асуудлынхаа мөн чанарыг ойлголцохын оронд намууд нь хоорондоо талцаж маргаад дуусдаг байсан. Тиймээс энэ удаа тийм улс төрийн маргаан мэтгэлцээн болгохоос зайлсхийж, мэргэжлийн хүмүүстэй нь яриад шийдвэрээ гаргасан. Зарим нэг хүмүүс “иргэдээрээ хэлэлцүүлсэнгүй, саналыг нь асуусангүй” гэж шүүмжилж байна л даа. Өмнө ч бас иргэдээрээ хэлэлцүүлэх гэсэн зарим нэг оролдогууд хийгдэж байсан юм. Тэгэхээр л улстөрчид нь өмнүүр нь орж шүүрч аваад, улс төрийн шоу болгож хувиргачихаад болдоггүй байсан л даа.

-Манайд чинь байгаа ахуйгаасаа тасарчихсан нэртэй их олон зүйл байна шүү дээ. Буянт-Ухаагийн онгоцны буудлыг “Чингис хаан нисэх буудал” болгосон. Төрийн ордныхоо өмнө Чингис хааны хөшөөг залсан бол одоо Чингисийн талбайтай болчихлоо. Үүн дээр дөрөөлөөд Хэнтийд нэг Засаг дарга “Ерөөсөө аймгийнхаа төвийг Чингис хот болгоно” ч гэж байх шиг. Чингисийн талбайг ч гэсэн нэрэнд нь дүйцтэл өөрчилнө, тохижуулна гэдэг бас л хэцүү байх?
-Энэ бол улсын маань төв талбай. Энэ талбайгаа бид Монгол Улсыг үндэслэн байгуулсан Чингис хааныхаа нэрээр нэрлэх нь түүхийнх нь талаас аваад үзсэн ч, билэгдэл утгын хувьд ч зөв шийдвэр гэж би итгэж байгаа. Тийм ч учраас би өөрөө энэ санаачлагыг гаргаж, НИТХ-д өргөн барьсан. Ер нь Төрийн ордны урд хэсэгт Чингисийн хөшөө барьснаас хойш энэ талбай архитектур талаасаа их авцалдаа муутай, их олон салаа утгатай болчихсон шүү дээ. Тэгээд ч мэргэжлийн архитекторууд, дизайнерүүд байнга шүүмжилж ирсэн. Энэ хоёр чинь авцалдахгүй байна, нэг тийш нь болгооч ээ гэж. Энэ нь ч бас миний энэ саналыг НИТХ-д өргөн барих нэг үндэс болсон. Тэгээд ч сая талбайн нэрийг өөрчлөхөд нэг их улс төрийн утгатай байсан нь илэрч байна шүү дээ. Түүхийн утга учир гэхээсээ илүү улс төрийн сонирхол дээр их суурилсан талбай болоод хувирчихсан харагдлаа. Түүнээс биш хотын архитектур, дизайн талаасаа бол нээрээ л мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэл үндэстэй байсан байна.

Би сая нэг зүйлийг хараад маш их эмзэглэсэн. Бидний Чингис хаандаа хандах хандлага нэг их итгэл үнэмшлийн түвшинд хүрч чадаагүй байжээ гэдэг нь зарим иргэдийн шүүмжлэлээс харагдсан. Бухимдахдаа зарим нь бүр Чингис хаанаа доромжлох байдал руу хүртэл орж байх шиг. Миний хувьд ямар итгэл үнэмшил байдаг вэ гэвэл үнэндээ Чингис хаан бол Монгол Улсыг үүсгэн байгуулагч. Зөвлөлтийн эрхшээлд байх үед бидний Чингис хааны тухай ойлголт маш буруу явж ирсэн. Харгис хэрцгий эзлэн түрэмгийлэгч гэдэг байсан шүү дээ. Энэ бол коминтернээс бидэнд тулгаж байсан суртал ухуулга байхгүй юу. Тэр сурталд нь хүмүүс өнөө хэр нь автчихсан байгаад би маш их харамссан. Одоо болтол тийм ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг юм байна.

-Угаасаа манайд Чингис хаан, Чингисийн үеийн Монгол Улс, эзэнт гүрний түүхийн талаар судлагдахуун бага шүү дээ. Дэмий л Чингис, Чингис гээд цээжээ дэлдээд байхаас биш наад зах нь арван жилийн сургуульд үзэж байгаа түүхийн сурах бичгүүд дээр энэ түүх байна уу. Байхгүй шүү дээ. Үүнээс ч бас их зүйл шалтгаалдаг байх?
-Тийм ээ. Одоо ч гэсэн түүхийн сурах бичигтээ Чингис хааныг байлдан дагуулагч, эзлэн түрэмгийлэгч л гээд явж байна шүү дээ. Гэтэл XXI зууны босгон дээрээс XIII зууны түүхэд үнэлгээ өгнө гэдэг ёс суртахууны хувьд үнэхээр мунхаг явдал. XIII зуунд дэлхийн аль ч улс үндэстэн байлдан дагуулал хийж байсан, хүчтэй нь л амьд үлддэг байсан. Европт ч тэр, Азид ч тэр. Хүч чадалтай нь газар нутгаа тэлдэг байсан. Харгислалын тухай ярих гэж байгаа бол бүр иргэншчихсэн XIX, XX зуун хүртэл цагаан арьстнууд индианчуудыг ямар муухайгаар харгислаж байлаа. Индианчуудын хуйхыг хуулаад үнэлдэг, хоморголон устгаж л байсан шүү дээ. Наполеон ч Египетийг байлдан дагуулахдаа аймшигтай муухай харгислал хийж л байсан. Гэтэл XIII зуун бол одоогийн улс орнууд дөнгөж бий болж байсан үе. Англи, Францыг тэр үеэс л байгуулсан. Яг түүнтэй зэрэгцээд Чингис хаан Монгол Улсыг байгуулсан, тэгэхдээ маш хүчирхэг улс, асар том эзэнт гүрнийг байгуулсан. Бусдад нь тийм тэнхээ байгаагүй. Түүнээс биш буяны сайхан сэтгэлтэйдээ биш. Нөгөөх нь нэг их харгис хэрцгий байсандаа ч биш. Гэтэл тэрийг нь зөвлөлт маягийн сурталд автсан хүмүүс “харгис хүн байсан, дарангуйлагч байсан” мэтээр XX, XXI зууны нүдээр харж шүүж байгаа нь их утгагүй.

-Манайхны хувьд Чингис хаандаа их тийм хөнгөн хийсвэр, романтик байдлаар ханддаг нь харагдаж байгаа биз дээ. Гадагшаа гарахаараа л “Чингис, Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд, омогшоод байхаас биш дотроо бол түүхээ төдийлөн үнэлдэггүй...?
-Үнэлж байгаа үнэлгээ нь ч гэсэн нэг л хэрсүү биш, бодитоор үнэлдэггүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байдаг. Дандаа маркетинг борлуулалтдаа хэрэглээд, бараа товар болгож ашиглаад байдаг. Гэтэл тэр хүн чинь Монгол Улсыг үндэслэн байгуулсан юм байгаа биз дээ. Тэр хүний байгуулсан Монгол Улс чинь л унаж боссоор өдийг хүрсэн. Тийм учраас түүхийнх нь зөв өнцгөөс харах хэрэгтэй шүү дээ. Гэтэл түүхийнхээ сурах бичигт хүртэл “эзлэн түрэмгийлэгч байсан” гээд биччихсэн. Үнэндээ бол Ромчууд ч эзлэн түрэмгийлж байсан, Францууд ч хүчирхэг байх үедээ эзлэн түрэмгийлж байсан.

-Ер нь Чингис хааны эзэнт гүрэн, байлдан дагууллын түүхийг манайхаас илүү америк, европчууд дунд сургуульдаа үзээд судалчихдаг байх шүү?
-Тийм шүү дээ. Тэгэхдээ “эзлэн түрэмгийлэгч” гэж бичдэггүй л байхгүй юу. Яагаад гэвэл тэд XIII зуунд улс үндэстнүүд яаж оршин тогтнож байсан бэ гэдгийг, угаасаа хүн төрөлхтний түүхийг мэднэ. Тиймээс “Чингис хаан бол маш хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан юм аа” л гэдэг. Тэр байтугай “Хүн төрөлхтний шинэ түүх Чингисийн байлдан дагууллын дараа эхэлсэн. Одоогийн энэ улс орнууд Чингис хааны байгуулсан эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон юм” гэж үздэг. Гэтэл бид нар архины шошгон дээр л нэрийг нь наагаад байгаагаас өөр мэдэж байгаа юм ч алга, хэлж байгаа ч юм алга. Тэгж ярих юм бол Чингис хааны түүхээр гаднынхан илүү бахархах маягтай явж ирлээ шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд их цөөхөн үндэстэн тод ул мөрөө үлдээсэн. Оюун санааны ертөнцөд грекүүд, төрийн төгс хэлбэрийг ромчууд бий болгосон. Дараа нь монголчууд Чингисийн үед дэлхийн глобалчлалыг бий болгосон юм гэж үздэг. Гэтэл монголчууд Чингис гэдэг архины тухай л ярьж байна. Тэгээд би сая аягүй урам хугарсан, бид Чингис хаандаа ингэж хандаад байхдаа яах вэ дээ.

-Урам хугарах шалтгаан бас байна л даа. Тэр талын мэдлэгийг нь өгөхгүй байна шүү дээ?
-Тийм учраас бид боловсролдоо их анхаарах хэрэгтэй. Сая би, ялангуяа залуучууд үүнийг эсэргүүцэж байгааг хараад маш их харамссан. Ямар харамсмаар, ямар гунигтай дүр төрх харагдав аа. Угаасаа хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь дэлхий нийтээрээ үнэлээд “Чингис хаан бол Мянганы хүн, мянган жилд нэг тохиосон суутан” гэж хэлээд байна шүү дээ. Тэгтэл бид архины шошгонд нааснаас өөр юу хийсэн билээ. Тийм учраас би энэ шийдвэрийнхээ талд хатуу зогсоно. Тэглээ гээд миний нэр хүнд унахаас, намайг яаж ч муучлахаас айхгүй. Ер нь бид Чингис хааныхаа тухай дэлхийн ярьдаг хэмжээнд ярьдаг болмоор байна.

Гэхдээ би энэ дашрамд нэг зүйлийг зориуд хэлье. Чингис хааны талбайг бий болсгосон нь жанжин Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ерөөсөө доошлуулах бодол агуулаагүй юм шүү. Ерөөсөө 1921 оны хувьсгалын үр дүнд бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Чингис хаан бол Монгол Улсыг байгуулсан. 1921 оны ардын хувьсгалаар монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, хоёр хөршийнхөө Монгол Улсыг бие биедээ хувааж өгөх гэж байсан тэр үйл явдлыг зогсоосон. Тэрний билэгдэл бол Сүхбаатарын хөшөө мөн. Арай ч МАН-ын байрны өмнө тавиулахгүй. Зарим нь Батлан хамгаалах яамны өмнө аваачиж тавиач гэж байна лээ. Монголын тусгаар тогтнолын түүхийг тэгж доош нь хийхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол нэг намын өмч биш.

-Сүүлийн 20 жилд нийслэлийн Засаг даргаар ажилласан хүмүүс хүн болгон нэг ийм түүхэнд үлдэх шийдвэр гаргаад байсан бол уг нь хот их өөр болох байсан биз. Харамсалтай нь тийм өөрчлөлтүүд хийгдэж байсангүй. Харин таны хувьд ямар ч байсан сайшаал, шүүмжлэл аль алийг нь дагуулсан ч өөрийнхөө хувьд нийслэлийн түүхэнд үлдэхээр нэг шийдвэр гаргачих шиг боллоо. Энэ таны эхний зорилго байсан уу?  
-Миний нэг мөрөөдөл яах аргагүй энэ байсан. Жараад оны эхээр Төмөр-Очир тэргүүтэй хүмүүс Ногоон нуурт очож, Чингис хааны хөшөөг босгож байсан. Түүнийхээ төлөө хүмүүс бүгд хэлмэгдэж, дараа нь Төмөр-Очир гуай харамсалтайгаар амиа алдаж байсан. Би тэр хүмүүсийн тэр үед хүсч зорьж байсан зүйлийг би хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж дотроо тангараг тавьсан байсан юм.

Хөшөөний хувьд нэг их сайн хөшөө болж чадаагүй л дээ, тэр үед байгуулсан тэр чигээрээ л үлдсэн. Ерөн он хүртэл тэр хөшөөг нууж байж, одооноос л монголчууд очдог болсон шүү дээ. Ингэж бид бусдын эрхшээлд байхдаа Чингис хааныхаа үнэ цэнийг ойлгох ч эрхгүй байсан юм.

-Одоо хотынхоо ажил руу орьё. Энэ зун хүн болгон л ярьж байна, хот нэг л өнгө засаад байна гэж. Гэрэл гэгээтэй болчихож, хүмүүс маань соёлтой ч болсон юм шиг, ядахдаа хогийн саваа нэг аятайхан, өнгө үзэмжтэй байрлуулаад, замын цагдаа нар хүртэл зам дээрээ зогсоод хөдөлгөөнөө зохицуулдаг боллоо, гудамжны буланд нуугдаж байгаад торгууль тавьдгаа больчихож. Хүмүүс өөрсдөө ингэж өөрчлөгөөд байна уу, эсвэл өөрчлөгдөх шалтгааныг нь хотын шинэ удирдлагууд бий болгоод байна уу? 
-Хуучин бол хотын төсвийн ихэнх нь захиргааны урсгал зардал болоод том том хөрөнгө оруулалт руу явдаг байсан. Барилга байгууламж барих, зам тавих гэх мэтчилэн. Уг нь бол төсвийн хуулиар шинээр барилга байгууламж барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг, баригдсан зүйлийн арчлалтыг орон нутаг авч явдаг хуультай. Гэтэл хотын иргэдийн ая тухай байдлыг хангах тэр үйлчилгээнд зориулдаг мөнгө нь аягүй бага, 2012 онд гэхэд ердөө 15-хан тэрбум төгрөг байсан. Гэтэл захиргааны ажилчдын цалинд 22 тэрбум төгрөг явж байлаа шүү дээ. Төсвийн үлдсэн 60 хувь нь хөрөнгө оруулалтад явчихдаг, нөгөө улсын төсвөөр хийх ажлыг өмнүүр нь орж хийдэг байсан байгаа юм. Тэгээд хотын тохижилт, иргэдийн ая тухтай амьдрах орчныг хангахад маш бага мөнгө зарцуулагддагаас болоод хот маань халтартсан, бохирдсон, хогондоо баригдсан байсан. Одоо бид түүнийг нь өөрчлөөд, хуульд заасны дагуу төсвөө хуваарилаад, хотоо арчилж тордоод эхэлсэн. Яагаад гэвэл хотоо арчлах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хангах нь хотын жинхэнэ үүрэг байхгүй юу. Бүр Үндсэн хуулиар оноосон үүрэг нь. Та нар нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг л бий болгоно шүү, үүнийг л та нар авч явна шүү гээд Үндсэн хуульд заачихсан. Тэрийгээ л бид хийгээд эхэллээ л дээ.

-Одоо тэгээд төсвийн хэдэн хувь нь энэ үйлчилгээнд зориулагдаж байна?
-Хуучин арав хүрэхгүй хувь нь явдаг байсан бол одоо 30-40 хувийг зориулж байна. Цаашлаад бид нөгөө “шар цамцтан”-гуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, ажлынх нь норм, нормативийг ч өөрчлөх хэрэгтэй байна. Хотын энэ хамгийн гол ажлыг хамгийн сүүлийн ажил болгоод хаячихсан, өөрөөр хэлбэл, хотын тухай ойлголт их муу байж л дээ. Тэрийг нь бид өнөөдөр тэргүүн эгнээнд аваачиж тавьж байна. Хотын орчин сайжраад эхлэнгүүт хүмүүсийн сэтгэл санаа ч шал өөр болоод эхэлж байна. Миний найз Бээжинд сууж байгаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэлж байна лээ, “Хотынхны харьцаа, нүүр царай, зан ааш их өөр болчихжээ” гэж. Сая жишээ нь наадмаар гэмт хэрэггүй наадлаа шүү дээ. Хот бол хүмүүсийн санаа бодолд шууд нөлөөлдөг ахуй байхгүй юу. Тэр ахуйг нь өөрчлөөд эхлэхээр хүмүүс дагаад өөрчлөгддөг. Хүнээ өөрчилж байж хотыг өөрчилдөг юм биш, хотоо өөрчилж байж хүнээ өөрчилдөг. Энэ бол зарчим.

-Би таныг хотын дарга болохоос чинь өмнө асууж байсан даа. Хотын дарга нар дандаа хөдөөний хүмүүс байх юм. Үүнээс болоод хот хот шиг байж чадахгүй байгаа юм биш үү гэж асуухад та их дүргүйцэж байсан. Одоо харахад үнэн л байгаа биз дээ?
-Сэтгэлийн л асуудал шүү дээ. Юманд сэтгэлээсээ хандах юм бол юуг ч ойлгож, өөрчилж болдог. Өмнөх хүмүүс жаахан хоноцын сэтгэлтэй байжээ л гэж би хэлж байна. Жишээ нь, манай Хот тохижилтийн газрын дарга Энхсайхан “хотын гудамжинд цэцэг тавья” гэхэд нь би “дэндүү их өртөг зардалтай юм биш үү, юмны донжийг хэтрүүлчихээр жаахан авцалдаагүй болчихдог юм шүү” гэж шүүмжилж л байсан. Д.Энхсайхан маань “Үгүй, энэ их чухал юм” гэж зөрж байгаад тавьсан. Одоо харахад зөв байсан байна лээ. Энэ цэцэг хүмүүсийн настроенд маш хүчтэй нөлөөсөн. Сайхан цэцэг тавиад эхлэхээр хүмүүсийн биеэ авч явах байдал ч эрс өөрчлөгдөөд ирж байна. Одоо би Энхсайханаас ганц л юм гуйж байгаа, “Чи цэцэг тавьсан шүү, цэцгээ арчлаарай. Тэгэхгүй бол хог болно шүү” гэж. Тэгээд Энхсайхан маань цэцгээ маш сайн арчилж байгаа. Олон хүмүүс хэлээд байхаар санаа дагаад ч юм уу, хүмүүс нүүр царай, нүд нэг л өөр болсон юм шиг санагддаг.

Анх биднийг ажлаа эхэлж байхад хүмүүс “Монголын хууль гурав хоног гэдэг, гурав хоноод л байхгүй болно доо” гэж байсан. Гэтэл үгүй л байгаа биз дээ. Машины дугаарлалтыг яаж эсэргүүцэж байлаа. Хотынхоо гудамжийг угаагаад эхлэхээр бас юу гэж байлаа. Уг нь бол хавар болоод л талбайгаа угаасан юм л даа, олон улсын бага хурал л таарчихсан болохоос биш. Одоо бол Монголын хууль гурав хоног байхаа больсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Цэцэг тавьсан, долоо хоноод үхнэ ээ л гэсэн, одоо сайхан л ургаж байгаа биз дээ. Манай Энхсайханы хэлснээр намар аравдугаар сар хүртэл, -7 хэм хүртэл амьдрах юм гэсэн шүү.

-Дендрологич хүн юм уу?
-Үгүй, ерөөсөө л хотоо гоё болгоё гэсэн сэтгэлтэй хүн. Одоо манай хотын захиргааныхныг хараад байхад хийж байгаа юм нь бүтэмжтэй болоод ирэхээр хүн болгон урам зориг ороод, юмнаас зүрхшээхээ больдог юм байна. Цаана нь гарна аа л гэдэг болсон.

-Хот тохижилтын ажил шар цамц өмссөн 300 хүний л нуруун дээр явдаг байсан. Хүн хүчээ нэмсэн үү, цалин хөлс нь өөрчлөгдсөн үү?
-Нэмнэ. Энэ жилийн төсөв бол жаахан хязгаарлагдмал байлаа. Ирэх жилээс хүн хүчээ нэмнэ, цалинг нь өндөр зэрэглэлд аваачна. Хүмүүс хэрвээ анзаарсан бол одоо бид хуучин их үнэлэгддэггүй байсан тэр хүмүүсийнхээ ажлын үнэлэмжийг нэмж байгаа. Бага ангийн багш нарынхаа цалинг нэмлээ. Хуучин бол багын багш нарын ажил үнэлэгддэггүй л байсан шүү дээ. Одоо бид шар цамцтангуудаа үнэлж эхэлж байна, хот тохижилтын ажилчдынхаа цалинг нь нэмчихлээ. Дүүргүүд жаахан ядмаг байгаа, ирэх жилээс нэмэгдэнэ. Зам арчлалтын ажилтнуудынхаа нормативт үнэлгээг бас нэмчихлээ. Ажлыг яг гардаж байгаа хүмүүсийнхээ ажлыг үнэлээд эхэлсэн. Миний дуулснаар одоо тэр ажил руу хүмүүс хушуураад эхэлсэн гэсэн. Одоохондоо баримт байхгүй ч гэсэн магадгүй л гэж бодож байна.

-Замын чанарыг яаж сайжруулах вэ. 22-ын товчооноос цааших “Улаан хацартын” нэртэй замыг хотын дарга асан Ц.Батбаярын компани тавьж байгаа гэсэн. Засмал зам гэхэд уулын замаар явж байгаа юм шиг л цогиулаад байх юм билээ шүү дээ?
-Ямар ч байсан манай замын хяналтын инженерүүд хяналтаа сайн тавьж, стандартаа мөрдөж байгаа. Өмнө суурийг нь угаасаа муу тавьчихсан замуудын хувьд чадан ядан л гүйцэтгэж байна. Дээрээс нь манайх замын ганцхан стандарттай. Гэтэл намгархаг газар тавьж байгаа зам, уулархаг газрын хатуу хөрсөн дээр тавьж байгаа замын насжилт өөр өөр байна. Өөр өөр стандартаар тавих ёстой байхгүй юу. Гэтэл манайх ганцхан стандарттай учраас түүгээрээ л тавиад, тэр нь хөрсөндөө таарахтай таарахгүйтэй байна. Угаасаа нэг стандартай учраас замын компаниуд ялгаж тавьж чадахгүй шүү дээ. Үнэ өртөг нь ч тооцогдоогүй юм чинь аргагүй. Зөөлөн хөрстэй газар хүйтэн, халуунд агшиж, тэлэх нь амархан, деформацид орох нь хурдан байхгүй юу. Тийм учраас намгархаг газар тавьсан зам ер нь нэг жилээ даах уу, үгүй юу л болдог. Харин манай зарим компани их сайн тавиад, хоёр жилээ даачихаад байгаа. Тэгэхээр замынхаа стандартыг өөрчлөх шаардлагатай байна.

-Арав гаруй жилийн өмнө япончуудын тавьсан Нарны зам, энэ жил ашиглалтад оруулсон Нарны гүүрийг хар л даа. Манайхан өөрсдөө чадахгүй бол гадныхнаар тавиулчихаж болдоггүй юм уу. Манайхны шинээр тавьж байгаа замуудыг харахаар нөгөө ус зайлуулах суваг нь байхгүй л байгаа шүү дээ. Өөрсдөдөө ажлын байр гаргаж байна гээд чанаргүй зам тавиад, хөрөнгө мөнгө үрэх нь зөв үү?
-Нэгдүгээрт, өөрсдөө ажлын байртай байх хэрэгтэй байна, яагаад гэвэл бид ажилгүйдэл ихтэй байна. Хоёрдугаарт, бид өөрсдөө бас хийдэг болмоор байна. Мэдээж алдаж онож байгаа л даа. Гэхдээ л сайжирна шүү дээ. Үнэнийг хэлэхэд 1990 оны эхэнд бид замаа ч тавьж мэдэхгүй л байлаа шүү дээ. Одоо бол замыг долоо хоногт гялалзуулна шүү. Сайжраад л байна. Дээр нь замын чанар тавьсан замаасаа гадна арчлалтаасаа их шалтгаалдаг. Хэрвээ анзаарсан бол замыг цэвэрлээд л байвал улам өнгө ороод байдаг. Гэтэл урд нь арчлалтыг нь хаячихсан, хотын төвийн зам шороо нь хийсээд, замынх нь нуух тэр аяараа шороонд дарагдчихсан л байлаа. Одоо зүлгээд байхаар хотын төвийн зам улам л өнгө ороод байгаа биз дээ.

-Өвөлжилтдөө яаж бэлтгэж байна аа. Утаа багасах болов уу?
-Багасна гэж манай Т.Бат-Эрдэнэ дарга хэлж байгаа. Яг энэ асуудлыг хариуцсан хотын орлогч. Ямар ч байсан утаагаа багасгана гэсэн.

-Яаж тэр вэ?
-Энэ жил нэлээд их зуух тараана гэж байгаа. Иргэдийн захиалга ч их байсан.

-Нөгөө шахмал түлшний үйлдвэрээс чинь болоод дахиад нэг хүн шоронд явахдаа тулчихаад байдаг, авлигын хэргээр. Ингэхээр л хүмүүсийн итгэл буураад, утаагаа багасгах биш өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах гэж ийм ажил хийдэг юм биш үү гэж хардаад байна...?
-Харин тийм ээ. Асуудал бол зөндөө л байна. Тэгээд ч эхнээс нь цэгцэлж л байна. Гэхдээ утаанаас нэг мөр салах ганц л арга байгаа. Тэр нь гэр хорлооллыг тохилог орон сууцтай болгох. Тэгж байж л бид утаанаасаа сална.

-Нөгөө гэр хорооллыг хувийн орон сууцны хороолол болгох, ус дулааны шугам, дэд бүтцээр хангах ажил маань хэр явж байна?
-Сайн явж байгаа. Гэхдээ гэр хорооллын иргэд өөрсдөө талбайгаа чөлөөлж өгөх, хоорондоо тохиролцож дахин төлөвлөлтөд орох ажлаа сайн хийж өгөхгүй байна. Одоо бол найман хороо дахин төлөвлөлтөд ороод явж байгаа шүү дээ. Тиймээс бид зарим нэг гэр хороолол руу иргэдийг хүлээлгүйгээр шууд зам, дэд бүтцээ татъя гэж бодож байгаа, “Гудамж” төслийн хүрээнд. Н.Батбаяр сайдын өөрөө БХБЯ-нд байхдаа эхлүүлсэн санаачилга учраас биднийг маш их дэмжиж байгаа. Н.Батбаяр сайдын маань хийх гэж байгаа нэг гол ажил. Хүмүүс ч үүнд дуртай байгаа. Зам, инженерийн шугам оччихоор газар нь үнэтэй болоод, өөрөөр хэлбэл хөрөнгийнх нь үнэ нэмэгдчихэж байгаа байхгүй юу. Хотын төвөөсөө ч үнэтэй болно. Тийм учраас нэг юм эхлэхийг хүлээхгүйгээр нийтээр нь зэрэг зэрэг л дайраад байхаас өөр аргагүй.

-Тэгвэл мөнгөтэй л байгаа юм байна даа?
-Н.Батбаяр сайд мөнгө өгнө гэсээн. /инээв/
Б.СЭМҮҮН

Tuesday, 29 January 2013

Э.БАТ-ҮҮЛ: БИЗНЕС ХИЙСЭН, ХИЙГЭЭГҮЙ ХҮНИЙ ӨМЧ ХӨРӨНГӨ ЯМАР ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛОХЫГ БИ МЭДНЭ

“Шонхор суваг” телевизээр Л.Мөнхбаясгалангийн  хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Үүл дарга аа, нэг хэлц үг гарчээ. “Уур биеийг зовооно, уул морийг зовооно, Үүл машиныг зовооно” гэсэн бай­на. Та энэ хэлц үгийг сонссон уу?
-Сонссон. Надад шудар­га биш хандаж байна гэж санагдсан (инээв). Шийд­вэр­лэх ёстой олон асуудлын нэг нь яах аргагүй замын түгжрэл. Замын түгжрэл хүний сэт­гэл санаа, бүтээмжийг алгуурх­наар бууруулж байдаг. Зарим хүн харих замдаа бухимдсаар байгаад гэртээ ууртай харьдаг. Засаг дарга болохоос өмнө замын түгжрэлийн асуудал их хүндрэлтэй байсан. Тиймээс сонгуулиар замын түгжрэлгүй болгоно гэсэн хөтөлбөр хүртэл дэвшүүлэхэд хүрсэн шүү дээ.
-Таныг өмнө есдүгээр сард “Цензургүй яриа”-нд урьж байхад дугаарын зохи-цуулалт дөнгөж  эхэлчихсэн, хүмүүс их ам сайтай бай­лаа. Гэтэл одоо олонхи нь бухимдаад эхэлчихэж. Энэ нь амралтын өдрүүдэд машиныг зохицуулалттай бол­сон­той холбоотой байх. Гаргасан захирамжаа түр гэчихээд бүр баталчих вий гэдгээс бас хүмүүс айж байна?
-Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэхээр чадвал арваннэгдүгээр сард чадахгүй бол ирэх оны хав­раас дугаарын хязгаарлалт хийж машины хөдөлгөөнийг зохицуулдгийг болиулна гэж төлөвлөж байгаа. Би өөрөө ч дугаарын хязгаарлалтад их дургүй.
Хязгаарлалт тухайн үед л асуудлыг шийдвэрлэх боловч, урт хугацаандаа сөрөг үр дагавартай. Тухайлбал дугаар олгодог газар авлига авдаг болж гэх юм. Мөн Улаанбаатарт нэг номертой таван машин явж байна гэсэн. Нэг номертой хоёр машин зэрэгцээд гарцан дээр зогсож байхыг нь зураг­таар гаргалаа. Үүнийг шал­гах үүр­гийг холбогдох албан тушаалт­нуудад өглөө. Энэ талаар мэдээлэл өгсөн хүмүүсийн нэрийг нууцлан шаг­нана. Гэхдээ ингээд хэр удаан үргэлжлэх юм бэ. Тийм биз дээ.
-Амралтын өдрүүдийн дугаа­рын хязгаарлалт үнэхээр цаашид үргэлжлэхгүй юу?
-Үргэлжлэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна.
Цагаан сар дөхөхөөр нийслэл рүү маш олон машин ирдэг. Цагаан сарынхаа бэлтгэлийг хийхийн тулд хот руу ирэхээс өөр аргагүй болдог. Тэр бүх хүн нийслэлийн зам дээр түгжирнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орсон хүмүүс хэлж байна. Тэд ингэж хязгаарлах хэцүү ч бас нөгөө талдаа нэлээд олон зах дэлгүүрээр орж ажлаа амжуулж чадлаа гэцгээж байгаа. Тэгэхээр бухимдах хэсэг байхад талархах хэсэг бас байна шүү дээ.
-Гэхдээ либералистууд “бидэнд түгжрэх эрх чөлөө өгөөч” гэж байгаа?
-Либералистууд анхаарсан уу яасан, би амралтын өдрөөр дугаарын зохицуулалт хийдэггүй байсан. Энэ өдөр иргэдийн сонголтын өдөр. Өөрөөр хэлбэл түгжрэх үү, амрах уу гэдэг сонголт үлдээж байгаа юм. 
-Хүмүүсийн дургүйг хамгийн ихээр хүргэсэн нь буруу талдаа рультэй машиныг явуулахгүй байх журам хийхээр завдсан явдал. Ингэхэд та өөрөө ямар рультэй машин унадаг вэ?
-Би албаны машин унадаг.
-Тэр машин чинь аль талдаа рультэй юм бэ?
-Зөв талдаа рультэй (инээв). Ер нь бол авто замын ослын 50 гаруй хувь нь буруу талдаа рультэй машинаас болж байгаа гэдэг. Энэ утгаар нь зөв талдаа рультэй машиныг хэрэглэе л гэсэн юм л даа. Бид чинь баруун гарын дүрэмтэй улс шүү дээ. Уг санаа маань зөв боловч илэрхийлэх арга нь буруу байсан байж магадгүй юм. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг сүрхий зэмлэж, загнасан. Иргэдээс санал асуулга асуугаад 74,5 хувь нь зөвшөөрөөгүй юм. Тэгээд дахин санал асуулга явуулах гээд загнав даа.
-Ер нь яагаад та урд нь нэг санал асуучихаад дахин санал асуулга явуулах гээд байсан юм бэ?
-Яах вэ дээ, шийдвэрийнхээ үндэслэлийг муу тайлбарласан гэж бодоод дахиад нэг санал асуулга явуулъя гэж бодсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Засгийн газрын хурал дээр загнахаасаа ч өмнө  утсаар над руу яриад “Чи юу яриад байна вэ... Юун дахин санал асуулга вэ” гэсэн. Би бас нэг телевизийн ярилцлагад орохдоо “даагаа нэхнэ энэ тэр” гээд хэлчихсэн юм шиг байна билээ. Тэгээд Ерөнхийлөгч олны өмнө биш, утсаар намайг загнасан. “Юу яриад байна вэ, иргэд олноороо шийдвэрээ гаргачихлаа. Тэгтэл даагаа нэхнэ гээд байдаг. Иргэд шийдвэрээ гаргачихаад байхад болоо юм биш үү” гэсэн. Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдааны үеэр ороод ирчихсэн машиныг бус хил гаальд анхаарлаа хандуул гэж хэлсэн. Мөн Ерөнхийлөгч зэмлэж байхдаа хэлсэн гоё үг нь “Дарга нар төрөхөөс өмнө хүний эрх байсан юм шүү” гэж (инээв). Энэ их үнэн үг шүү. 
-Үүнийг та сайн мэддэг баймаар. Учир нь та бол либералист хүн шүү дээ?
-Би мэднэ л дээ. Буруу гар талдаа рультэй машины асуудлыг тавьсан хоёр шалтгаанаа хэлье. Юу түрүүнд аваар осол. Мөн буруу гар талдаа рультэй машины цаана зохион байгуулалттай бизнес байдаг. Яагаад гэвэл буруу гар талдаа рультэй машин хямдхан борлуулалт сайтай байдаг юм гэх зэргээр ярих юм их бий л дээ. Судалгаа ч бий. 
-Тэгээд та Ерөнхийлөгчид заг­нуулаад иргэдээс дахин санал хураахаа больсон уу?
-Больсон.  Дийлэхгүй юм байна билээ... Дээр, дооргүй загнах юм билээ. Хил гааль дээр нь зохицуулалт хийхээр болсон. Би Ерөнхий сайдад ч хэлээд байгаа юм. Энэ асуудлыг хүмүүсийн эрх ашигт нийцүүлсэн зөв зохицуулалт  хийе  гэж.  Монголын төр өнөөдөр маш том худалдан авагч болчихсон. Бид татварын мөн­гө, эдийн засгийн боломжоор гад­наас олон  машин худалдан авч байна. Харин Япон, Солонгос улс хөгжиж байхдаа дотоодынхоо үйлдвэрлэгчийг дэмждэг. Үүн шиг манайх япон машин авчраад угсар л даа. Хятадад ч мөн ялгаагүй машин угсарч байгаа шүү дээ. Машин угсрах нь яагаад хямд өртөгтэй байдаг вэ гэвэл нэг контейнерт хоёр машин орно. Харин нэг контейнерт 200 мотор орно. Тэгэхээр хамаагүй том нийлүүлэлтийг хямдаар хийж болохоор байгаа биз. Тэгээд иргэдэд дотоодод угсарсан япон машин худалдана. Хэрэв худалдаж авбал моргейж өгье гэдэг хэлбэр рүү явъя гэж байгаа юм. Энэ бол бидэнд хэрэгтэй.
-Ерөнхийлөгч таныг загнаж, өөртөө том оноо авсан. Нэг талдаа улстөрч хүний пи ар ч байж мэдэх юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын даргыг загнах эрхтэй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бүх  ард түмнээс сонгогдсон ард түмнийг төлөөлдөг учир  хэнд ч үгээ хэлэх эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан байдаг. Хэрэв Ерөнхийлөгч зарлиг гаргавал бид биелүүлэх үүрэгтэй. Хэлэх үгээ хэлэх ёстой.
-Та айсан уу?
-Айх ч юу юм бэ. Дотроо жаахан сонин болоод доошоо хараад л суугаад байлаа... (инээв). Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлдэг зөв л дөө. Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол ингэж л хэлэх байлаа. 
-Цагаан сар аливаа баяр ёс­лолын үеэр зах руу явах машины урс­гал нэмэгдэж, түгжирдэг. Ер нь “Нарантуул” захыг хотоос нүүлгэж болдоггүй юм уу?
-Болно. Гэхдээ нэлээд зүрх, зориг гаргаж байж хийх асуудал. Яагаад гэхээр “Нарантуул” зах дээр манай улсын хүн амын нэлээд хэсэг нь тус захаас амьжиргааныхаа орлогыг олж үр хүүхдээ тэжээдэг. Тиймээс захыг нүүлгэнэ гэвэл зад эсэргүүцэлтэй тулгарна. Хэн нэг дарга тэр хүмүүст учирч буй хохирлыг тооцохгүйгээр шийдвэр гаргаж болохгүй юм л даа. Ийм эсэргүүцэлтэй учрахгүйн тулд бид юу хийх вэ, тэнд ажиллаж байгаа хүмүүс орлогоо алдахгүй байх, яаж илүү сайн нөхцөлтэй болох вэ гэдгийг тооцож байж нүүлгэх ёстой юм.

-Өмнө нь 100 айлын барилгын материалын захыг “Хүчит шон­хор” зах руу нүүлгэх гээд чадаагүй жишээ бий шүү дээ?
-Чадаагүй. Ер нь үүнийг хэнбугай нь ч чадахгүй. Тэр хүмүүст учирч байгаа хохирол нь дэндүү их.   Бизнес нь хэдэн сараар бүү хэл өдрөөр  алдагдахад л тэр хүн хохирох юм.  Ер нь бол “Нарантуул” захыг нүүлгэх нь зөв. Гэхдээ хэзээ яаж иргэдээ алдагдалгүйгээр нүүлгэн шилжүүлэх вэ гэдгийг сайтар судалж байж хийх зүйл л дээ.
-“Нарантуул” захын зөв­шөөр­лийг өнгөрсөн УИХ-ын сон­гуулийн өмнөх өдрүүдэд 25 жилээр сунгачихсан байсан гэсэн. Энэ шийдвэрийг эргэж харсан уу, хууль ёсных байсан уу?
-Энэ шийдвэрийг эргэж харсан, шалгасан. Өмнө нь уг зөвшөөрлийг таван жилээр өгдөг байсан юм билээ. Гэтэл 25 жилээр өгчихсөн. Тиймээс үүнийг эргэж харж, шийдвэрийг цуцалж болно. Гэсэн хэдий ч энэ нь тус захыг эзэмшиж байгаа эз­ний асуудал биш, тэнд ажиллаж байгаа олон мянган хүний эрх ашиг хөндөгдөх гээд байна. Тэгэхээр хэн хэнд нь ашигтай, бас алдагдалгүй байдлаар шийдэх ёстой.
-“Дүнжингарав” зах нээлтээ хий­сэн. Харин та маргааш нь “Дүн­жингарав”-ын зөвшөөрлийг цуцална гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бүх зүйл хууль журмын дагуу явагдаж, олон тэрбумын хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл нэг ч удаа бизнес хийж үзээгүй хүн гарч ирээд инээд алдаж байгаад устгана гэдэг юу гэсэн үг вэ” гэж хэлж байсан?
-Би тэр хүмүүсийг бизнес хийдэг, Дүнжингарав шиг өмч хөрөнгөтэй байлгахын төлөө нэлээд хэдэн жил үсээ цайтал тулалдлаа. Тиймээс би бизнес хийсэн, хийгээгүй хүний өмч хөрөнгө ямар үнэ цэнтэй болохыг мэднэ. Өмч хөрөнгөө хамгаалж байгаа учир шалтгааныг нь ч мэднэ. Нэгдүгээрт, өөрийн чинь хэлдэг Дүнжингарав нээгдэнгүүт тийм үйл ажиллагаа болоогүй. Шийдвэр гарсны дараа Б.Наранхүү нээж, пи ар хийсэн юм. Хоёрдугаарт, Дүнжингаравын тодорхой газрыг нь өөрөө хуулийн хувьд эргэлзээтэй ч гэсэн худалдаж авсан, хөрөнгө оруулалт хийгээд босгочихсон үл хөдлөх хөрөнгө бий. Тэр нь огт хөндөгдөөгүй шүү дээ. Иргэний хуулиар үл хөдлөх хөрөнгийг газраас нь салгаж болохгүй гэж заасан байдаг. Харин тэнд 153 га газар байгаагаас 113 нь огт ашиглагдаагүй байгаа юм. Авахдаа хууль зөрчөөд авчихсан тэр газрынх нь зөвшөөрлийг цуцалсан юм.
-Тэр газар дээр нь барилга баригдсан юм уу. Цэвэр усны нөөцийн сан дээр байгаа гэх юм үнэн үү?
-Огт барилга баригдаагүй хоосон талбай бий.  Цэвэр усны асуудлыг ярихаас өмнө би нэг зүйл хэлээд байгаа юм. Энэ нь  хууль бусаар авсан газрын тухай л яриад байна. Хэрэв Англи, Япон, Германд  ингэж зөвшөөрөлгүй барилга барихын бол газрын хөрснөөс арчина. Хууль ёсыг баримталдаг газар хууль зөрчсөн асуудлыг огт тэвчдэггүй.
-Манайд барилгаа барьчихаад зөвшөөрлөө авдаг гэдэг юм билээ. Зөвшөөрөл авахын тулд олон хүнд авлига өгдөг ч гэдэг?
-Тэгдэг гэсэн. Нэг талдаа барил­гын зөвшөөрлийг цэгцэлж бай­на, нөгөө талдаа Улаанбаатарт барил­гын зөвшөөрөл авахыг өргөс авах төдийнхөн хялбар үйл ажиллагаа болгож байгаа юм. Одоо бол барилгын зөвшөөрөл авахад маш хялбар. Өмнө нь 26 хүний гарын үсэг хэрэгтэй байсан бол одоо есөн хүний гарын үсэг зурдаг болсон. Мөн 30-45 хоногийн дотор зөвшөөрлийг олгодог боллоо.
-Та гэр хорооллынхонд хандаж “Газраа битгий худалдаарай, хэдэн тэрбумд хүрнэ шүү” гэж хэлээд итгэл үнэмшил төрүүлчихсэн. Гэтэл одоо гэр хорооллыг барил­гажуулна гэх юм. Анх дэвшүүлж байсан санал чинь одоогийн хийх гэж буй үйлдэлтэй зөрчилдөх вий?
-Би яг л анхныхаа хэлснээрээ бай­гаа. Гэр хорооллын газрын эзэд газраа өөрсдөө мэднэ. Би Улаанбаатар хотын газрыг мэдэж шийддэгтэй адилхан. Тэгээд би гэр хорооллын газрын эзэд дээр очоод та бүхнийг гал түлүүлэхийг болиулъя, цэцэрлэг, сургууль барья гэнэ. Гэр хорооллынхон харин “бид газраа ашиглуулсныхаа төлөө юу авах вэ” гэхэд бид “орон сууц, таунхаустай болно” гэх юм.
-Ингэж тохирч шийдсэн гэр хороолол бий юу?
-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэдтэй уулзсан. Тэдэнтэй газар дээр чинь дахин төлөвлөлт хийе гэсэн. Тэгсэн уулзалтын үеэр нэг хижээл насны эмэгтэй босож ирээд “би бол дөрвөн өрөө байр л авна шүү” гэж байна билээ (инээв). Тэр хүн ингэж нэхэх эрхтэй юм. Бид өгөх ёстой юм.
-Та бүхэн цахилгаан станц барихгүйгээр, цахилгаан, дулаан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадах уу?
-Чадна. Дулаан болон бохирын шугамтай холбох хүртэл хэсэгчилсэн бохирын байгууламжаар шийднэ. Ер нь бололцоотой газар нь хэсэгчилсэн инженерийн шийдлийг хийнэ гэж бодож байгаа. Бид хийж чадна.
-Энэ ажил хэзээнээс эхлэх үү. Танай орлогч нар нийслэлийг зургаа бүсчилж гэр хорооллоор явна гэсэн үү?
-Нийслэлийн зургаан газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гээд орлогч нар өнгөрсөн амралтын өд­рөөр явсан. Гэр хорооллын иргэд 90 гаруй хувьтайгаар дэмжсэн.

Тухайлбал Сонгинохайрхан дүүр­гийн 10 дугаар хорооны тухайд хөрөнгө оруулагчдыг санал болгоно. Хөрөнгө оруулагч ирэхгүй бол бид өөрсдөө очно.
-Таны 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг үзлээ. Үүн дээр таныг ганц газар эзэмшдэг гэсэн байна. Тэр газар чинь хаана байдаг юм бэ?
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байдаг газар.
-Таны жилийн орлого 17.991.000 гаруй төгрөг. Гэр бүлийн орлого 26 сая гэсэн байна. Хөрөнгө орлогын энэ мэдүүлгээ та тайлбарлаж өгөөч. Хаанаас ийм орлого олдог юм бэ, УИХ-ын гишүүн байх үедээ юм байна шүү дээ?
-Энэ бол УИХ-ын гишүүний цалингийн орлого л ингэж бичигдэж байгаа юм. УИХ-ын гишүүн байх үедээ. Удахгүй хотын дарга бол­сон үеийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгнө. Манай гэр бүл Зүүнбүрэн суманд ногоо тарина, “Скай” худалдааны төв дээр намар болгон үзэсгэлэн гардаг тэнд худалдана. Миний эхнэр их ажилсаг дайчин хүн шүү дээ.
-Санзайд таны нэг байр бий. Цалингаараа авсан уу, ямар учиртай байр вэ?
-Миний хүү Б.Чулуудайгийн моргейжээр авсан байр. Би хүүгээ бизнесийнхээ талаар мөн ч их ярих боллоо. Хүүгээ энэ талаараа сайн ярьж хэлээч гэдэг юм. Тэгэхгүй бол байнга л хардагдах бололтой. 
-Танд тэр байрыг “Бодь” группээс бэлэглэсэн. Тиймээс та паркийн газрын асуудлаар чимээгүй байгаад байна гэсэн хардлага байна?
-Үгүй, “Бодь” юу гэж бэлэглэх юм бэ. Энэ асуудлыг шалгачихаж болно.
-Би шалгахгүй л дээ. Паркийн газрыг “Мон-Уран”, “MCS”, “Бодь” групп эзэмшдэг юм билээ. “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Би “Бодь”-д паркийн газрыг өгөхгүй, харин надад өгчихвөл би Монгол Улсын хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя” гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо шүүхдэлцэх зуур “MCS” зочид буудал барьж байна. Харин Ерөнхий сайд паркийн газар Монголын ард түмний өмч гэж мэдэгдсэн. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Паркийн газрын асуудал дээр Өмчийн харилцааны газрын н.Төмөр­баатар даргад үүрэг өгсөн. Паркийн газрыг эзэмшиж байгаа компанийн 20 хувийг хот эзэмшдэг юм байна. Өмчийн харилцааны газрын даргад энэ эзэмшиж буй 20 хувиа нэм гэдэг үүрэг өгчихсөн байгаа. Хувийг 50 хувь болго гэдэг шаардлагыг ч тавьж байна. “Бодь”-ийнхон паркад үнэхээр юм хийсэн. Бүтээн байгуулалт нь дуусаагүй байгаа шүү дээ. 
-Гэхдээ хуучин парк нь илүү дээр гэж ярьдаг хүмүүс бий. Одоо бол “Бодь”-ийн паркийн тоглоом үнэтэй шүү дээ. Дор хаяж 100 гаруй мянган төгрөгтэй байж хүүхдүүдээ тоглуулж, хоол идүүлэх жишээтэй?
-Хуулийн дагуу байна уу, хууль бус байна уу гэдгийг Өмчийн харилцааны газрынхан шалгаад гаргаад ирэх байх. Бид хувийг нэмэх асуудлыг тавьж байна. Ямар ч байсан паркийн үйл ажиллагааг цэгцэлж байгаа. Энэ асуудал намайг Засаг дарга болохоос өмнөх асуудал. Тиймээс би одоо хувийг нэмэх ёстой гэдэг дээр байгаа. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнг хувь эзэмшүүлчихсэн асуудал бий. Нямдаваа гэдэг хүн байдаг юм билээ.
-“Эко”-ийн Нямдаваа биш биз?
-Биш ээ. Ах, дүү н.Нямдаваа ч гэж ярьдаг юм билээ. Стадионы газрын эргэн тойрны газар нь стадионы мэдлийнх юм. Тэгсэн н.Нямдаваа гэдэг хүн эзэмшээд барилга барьчихсан байх жишээтэй.
-Нийслэл хэдэн хувийг нь эзэмшдэг юм бэ?
-Нийслэл 49 хувийг эзэмшдэг. Тэгээд энэ 49 хувь нь зүгээр л хэлбэрийн төдий байдаг. Энэмэтчилэн нийслэлийн хувь эзэмшсэн нэрээр явсан зүйлүүд байна. Энэ бүгдийг цэгцлэх гээд байгаа юм.
-Нийслэлийн өмчөөс нэмж хувь эзэмших юм үлдсэн үү. Бүгдийг нь хуваагаад авчихсан уу?
-Хуваагаад авчихсан байх даа. Одоо цэгцлэх гэж байна. Үүнийхээ дараа иргэддээ тайлагная.
-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн таныг 31-нд Монгол телевиз дээр  хэлэлцүүлэгт ирээч гэж урьсан байна билээ. Танд урилгаа өгсөн үү?
-Урилгаа өгөөгүй. Хэлэлцүүлэгт ороод ярьж болно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм уу, хэн нэгэнтэй тулалдах гээд байна уу гэдгээ  тодорхой болгох ёстой. Тэр хэлэлцүүлэгт манай Өмчийн харилцааны газрын дарга очих байх.
-Та очихгүй юм уу?
-Ажлынхаа байдлыг харж байж болно.
-Таныг Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшиж магадгүй гэх юм. Учир нь та  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд нам дотроо яригдсан боловч ялагдсан. Танд ийм бодол бий юу?
-Би нэг зүйлийг хэлэхээр хүмүүс юу гэж хандахыг мэдэхгүй байна. Гэхдээ би Ц.Элбэгдоржийг дахиад Ерөнхийлөгч болоосой л гэж бодож байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэр төртэйгээр бие­лүүлж байгаа. Цаашид ч чадна. Түүний хийж байгаа үйл ажиллагааг задлаад харвал хүмүүс надтай адил бодолтой болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Авлига бол нэг нэгнээ муулдаг  үгний хэмжээнд л очлоо. Амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаар санал асуулгаар авлига бол нэлээд доогуур байдаг. Тухайн хүний шунахай сэдлээс бий болсон албан тушаалын авлига гэж бий. 1990-ээд оны үед ч ийм юм байдаг. Дамдин гээд Бага хурлын гишүүн авч буй мэдээллээ ашиглан хадгаламжаа өөр хадгаламж руу шилжүүлсэн байдаг. Үүнээсээ болж Бага хурлын гишүүнээс чөлөөлөгдөж байлаа. Мөн эмчид үзүүлэхдээ авлига өгч байх жишээтэй. Харин гурав дахь нь үндэстэн орших уу, эс орших уу гэсэн авлига бий. Хөрөнгө мөнгөтэй гадныханд үйлчлэх жишээний. Ма­най улсын авлига яг ийм хүнд үе рүүгээ орчихсон. Энэ бол нэлээд хүнд үедээ орчихсон авлигын шинж шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд анхаарал хандуулж байна шүү дээ.
-2009 оны дөрөвдүгээр сарын 4-ний Үндэсний зөвлөлдөх хурал­дааны үеэр та “Монголын ард­чилалд одоо л бодит аюул заналхийлээд байна. Тиймээс би ардчилал, тусгаар тогтнолоо алдахгүйн тулд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна” гэж хэлсэн. Та одоо ардчилал, тусгаар тогтнолоо алдах вий гэсэн айдсаасаа гарсан уу?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид би үнэхээр итгэж найдаж байна. Тиймээс дахиад Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна. Би Ц.Элбэгдоржтой найзууд, нэг үйл хэргийн төлөө хамтран зүтгэж байсныхаа хувьд ингэж хэлж  байгаа юм биш шүү. Бодит байдал дээр дүгнэлт хийж байна.
-Нийгмийн зарим хэсэг авлигачийг өмөөрдөг болчих юм. Албан тушаалтай байх үед нь авлигач гэдэг байснаа хорьчихсон чинь “Энэ хүн сайн хүн. Хэл­мэгдүүлэлт эхэллээ гээд нам, цаашлаад төрийн байгууллагад гишүүд нь орж ирлээ” гэж байна?
-Бид улс төрийн дүгнэлтээ хэмжиж хиймээр байна. Энэ үйл ажиллагаа зөв болсон гэж олонхи дуугарахгүй байгаа биз дээ. Тэгэхээр цөөнхийн дуу хоолой ямагт чанга байдаг. Харин цөөнхийн дуу сул байх ёстой. Ийм л юм болж байна даа. 
-Гэхдээ сүүлийн үед ардчи­лагчдын дуу чангараад байгаа юм биш үү. Хийж байгаа үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байна. Ерөнхийлөгч аргаа бараад хуулийн төслөө эргүүлэн татлаа шүү дээ?
-Н.Энхбаярыг өмөөрч байгаа нь олон биш ээ. Харин цөөн байгаа боловч дуу нь чанга сонсогдож бай­гаа юм. Олонхийн хувьд чимээгүй л байгаа. Олон нийтийн дур­гүйцлийг хүргэсэн гэх дугаарын хяз­гаарлалтын асуудал дээр иргэд хүний эрх ярьж байгаад би л хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Учир нь иргэд эрхээ хязгаарлуулах дургүй болж. Тэд хамгаалах өмчтэй болж. Бас эрх чөлөөгөө мэдэрч байна. Ер нь манай нам Засгийн эрхэнд гараад ирэхээр л иргэд зоригтой дуу чангатай болдог байхгүй юу (инээв). Би газрынх нь төлөө жагсаж явахад цөөхөн хэдэн хүн л надтай хамт явсан. Яагаад гэвэл тухайн үед айж байсан. Харин одоо эрхийнхээ төлөө өмчийнхөө төлөө дуугарч байна. Энэ бол ардчилал шүү дээ.
-Есдүгээр сард тань шиг нэр хүндтэй хүн байхгүй байлаа. Харин одоо тань шиг хүмүүсийн бухимдлыг барсан хүн алга байна. Та үүнийг мэдэрч байна уу?
-Би мэдэрч байгаа. Надад дуртай, дургүй ч байж болно. Улстөрчид нэр төрөө бодсон, арчаагүй байснаасаа болж юу шийдсэн юм бэ. Юу ч шийдээгүй шүү дээ. Би Улаанбаатарыг хот шиг хот болгоно. Хийх ёстой зүйлээ хийх л болно. Миний нэр төр хугарна уу, хагарна уу надад хамаагүй. Би нэр төр албан тушаалаа бодож ажил хийхээс айдаг хүн биш. Би хийх л болно.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дээрээ ялагдс­ныхаа маргааш “Бахирмаар санагдсан хором” гэсэн нийтлэлийг бичсэн. Нийтлэлдээ “1990 онд гар гараасаа барин тэмцсэн андуудын маань нэг Ерөнхийлөгч Н.Энхбаярын ТВ9 телевизид гүйж очоод Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгт холбоотой хэвээрээ байгаа гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл минь өв­дөлтөндөө яаж тэсэх билээ” гэсэн байсан. Энэ хэн бэ?
-Нууц.
-Яагаад нууц гэж ?
-Тэрийг мэдэж яах юм.
-Энэ хүн одоо танай намд албан тушаал хашиж байгаа юу?
 -Байгаа.
-Тухайн үед яг тийм юм болсон юм уу. Та гүтгүүлээд л дууссан уу?
-Гүтгүүлээд дуусахгүй тэгээд яах гэж...  Би яах юм бэ.  Тэмээн жин явдгаараа явна, замын нохой хуцаж л байг гэдэг дээ. Улс төрд би 25 жил зүтгэлээ. Энэ хугацаанд янз бүрээр хэлүүлж, оролдууллаа. Хүний муу зан бүхэнтэй тулалдаж, түүний араас хөөцөлдөөд байвал улс төрд байсны хэрэггүй. Дийлэх ч үгүй.
-Би таныг  юунд ч хугарч, нугаршгүй хүн гэж боддог байлаа. Гэтэл та 2009 оны Ерөнхийлөгчийн сунгаан дээр тэсэрсэн. Та “Үг хэлвэл бархирчих гээд байна, там­луулсан хүн өвдөлтөндөө бахирч орилдог шиг би өвдөж байлаа” гэж та бичсэн шүү дээ.  Яагаад тэгэв.  Ерөнхийлөгчийн сунгаанд ялагдсандаа юу, эсвэл хүмүүс таныг дэмжинэ гээд дэмжээгүйд үү?
-Жаахан хүүхэд 1988 онд ухуулах хуудас нааж эхэлснээс хойш өнөөг хүртэл тэсэрмээр үе олон байсан. Гэхдээ биеэ бариад л байлаа. Хүмүүст эрх чөлөө олж өгч байхад хамгийн муухайгаар хэлдэг. Намайг Вашингтонд явж байхад хоёр хүн загнаж байсан. “Улс орноо сүйдэлчихээд энд юу хийж яваа юм” гэж. Малаа хувьчилж авсан малчин биднийг муухайгаар хэлж байхад ямар бодол төрөх вэ дээ. Тухайлбал 1998 онд Улаанбаатарын иргэдэд орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилж өгсөн. Тухайн үед нэг метр.кв-ыг нь 360 мянгаар өгөх гэж байсан. Үнэ төлбөргүй авсан хүмүүс л “Ардчилсан нам хэрэггүй хүмүүс юм” гэж байсныг бодоход бахирмаар үе олон байсан. Ер нь хийсэн зүйлийнхээ төлөө цэцгэн эрх хэлхсэн титэм зүүнэ гэж бодох хэрэггүй. Энэ бол тавилан юм даа.
-Та өөрөө л энэ тавиланг сонгосон шүү дээ? 
-Тийм ээ, энэ бол миний, улстөрч хүний хувь тавилан. Бас би өөрөө сонгосон нь үнэн.  Өөрөө 25 жил зүтгэлээ. Цаашид ч зүтгэх л болно. Гэхдээ тэсэрмээр бархирмаар хором бүрээ тэвчиж явах байх.
-Таны хэлж байсан шөнийн цэнгээний газрууд хэзээнээс  ажиллаж эхлэх вэ. Учир нь хотын залуус шөнийн амьдрал хүсч байна шүү дээ?
-Үүнийг хийхийн тулд бусад иргэдийнхээ эрхийг бодох ёстой. Бидний эрхээр бусдын эрх хязгаар­лагддаг шүү дээ. Энэ хоёрын балансыг барихын тулд ажиллаж байна.
-Та нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүн байлгая гэдэг дээр ямар саналтай байдаг вэ. Сүүлийн үед ийм байж болдоггүй юм болов уу гэж харагдаад байгаа?
-Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн байх нь зохисгүй. Нийслэлийн Засаг дарга нийслэлийн төлөөллийн байгууллагын өмнө хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрын гишүүн болчихвол хэний өмнө хариуцлага хүлээх вэ.
-Ойрын үед танайхаас иргэдийг баярлуулсан ямар шийдвэр гарах вэ?
-Зовлонтой нь нэгэнт гарчихсан шийдвэр бий. Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт хийнэ. Гэхдээ дугаарын хязгаарлалт гэдэг зүйлийг болиулна. Цагаан сарын үеэр л амралтын өдрөөр дугаарын хязгаарлалтаар явуулж байгаа юм. Үүнд итгэж болно. Сондгой, тэгш тоогоор дугаарын хязгаарлалтыг хийхдээ яагаад иргэдийн саналыг аваагүй вэ гэвэл түр зуурын арга хэмжээ юм. Иргэдээ баярлуулах нэг зүйл бол Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ их чухал. УИХ-аар үүнийг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол НИТХ-ын тог­тоол гарчихсан. Тэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлах хүртэл нийслэлд газар олгохыг зогсоо гэдэг үүрэг өгсөн.
-За баярлалаа... Таны ажилд амжилт хүсье. 

Л.Мөнхбаясгалан
Улс төрийн тойм сонин

Thursday, 17 January 2013

Э.Бат-Үүл: Юу болоод байна аа, бид ийм ардчиллыг хүсээгүй шүү дээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баа­тар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр "Eagle" телевизээс зо­хион байгуулсан хэлэл­цүүлэгт орсон юм. Хо­тын захиргаа энэ ням гаригт "Буруу тал­даа жолоотой автома­ши­ныг ням гаригт явуу­лахгүй байя" гэдэг асууд­лаар дахин санал асуулга явуулах юм бай­­на. Ингэхдээ иргэ­дийн утас руу мес­сеж илгээж, саналыг нь авах гэнэ. Энэ хүрээнд ярилцлага өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт "Өдрийн сонин", NTV, C1, MN25, UBS телевиз, Үндэсний шуудан сонины сэт­гүүл­чид оролцож асуулт тавилаа. Ярилц­­лагыг тоймлон хүргэж байна.
batuul-Буруу талдаа жо­лоо­той машиныг явуу­лахгүй байя гэдэг санал асуулгыг дахин явуулна гэхэд иргэд яаж хүлээж авч байгаа бол. Танд ямар нэгэн хандлага мэдэгдэж байна уу?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-5-ны хооронд санал асуулга явуулаад үзсэн юм. Гэхдээ үндэс­лэлээ сайн танилцуулал­гүйгээр явуулчихсан юм билээ. Ингээд 100 мянган хүний дунд санал асуулга явуулахад 18.8 хувь нь оролцож хариу өгсөн. Тэдний 74.5 хувь нь буруу талдаа жолоотой маши­ныг ням гаригт явуулахгүй байх шийдвэрийг эсэр­гүүцсэн. Тиймээс яагаад буруу талдаа рультэй машиныг хөдөлгөөнд оруу­лахгүй гээд байгаа шалтгаанаа сайн тайл­бар­лаад дахин санал ху­раалт явуулахаар болсон.
-Дахиад санал хураалт явуу­лаад ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа юм бэ?
-Үндэслэлээ нэг сайн тайлбар­лаад орхиё. Сүүлийн үед авто ослын хэмжээ нэмэгдээд байгаа. Энэ нь хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг олон шалт­гаан­тай. Энэ шалтгаануудыг эрэм­бэлээд үзэхээр буруу талдаа жолоо­той машин осол гаргах нь их байна. 2010 он гэхэд зам тээврийн осол гаргасан машины 50 гаруй хувь нь буруу талдаа жолоотой байсан. Одоо энэ тоо 60 хувьд хүрээд явж байна шүү дээ. Буруу талдаа рультэй машин осол аваа­рын хэмжээг нэмэгдүүлэх хамгийн том шалтгаан болчихсон байна. Нөгөө талаар манайх баруун гарын жолооны дүрэмтэй. Ийм байхад зүүн талдаа жолоотой машин барих нь хэр нийцтэй юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр хууль дүрмээ биелүүлэх шаард­лага тулгарч байна. Түүнчлэн нийс­лэл хотод өдөрт 150-300 машин шинээр замын хөдөлгөөнд орж байна. Энэ бол Гадаад харилцаа­ны яамны баруун талын замыг дүүргэх хэмжээний машин хөдөл­гөөнд орж байна гэсэн. Тиймээс түгжрэл улам нэмэгдэж, дугаар хязгаарлаад ч түгжрэлийг саа­руулж чадахгүйд хүрчихлээ. Ингээд үнд­сэн­дээ бид Цагаан сараар тэг зогсолт хийхдээ хүрчихээд байгаа учраас буруу талдаа жолоотой  машиныг бид хоёр нэг өдөр явуу­лахгүй байя гэж нийслэлийн иргэ­дээсээ дахин дахин гуйгаад байгаа юм.
-Нэгэнт иргэдийн олонхи нь буруу талдаа жолоотой машин унаж байгаа.  Цөөнх нь зөв талдаа рультэй машин барьдаг. Тиймээс олонхийн эрх ашгийг тэргүүнд тавьж, жолооны дүрэм­дээ өөрчлөлт оруулчихаж болохгүй юм уу?
-Ийм зүйл ярьж байгаа. Буруу талдаа жолоотой машин нийт автомашины 60, 70 хувийг эзэлж байгаа гэсэн зүйлийг ч хүмүүс хэлдэг. Гэхдээ энэ бол зүгээр нүдний баримжаагаар авсан тоо юм билээ. Албан ёсны тоог нь хэлээд өгье. Нийслэлийн нийт автомашины 48.9 хувь нь буруу талдаа жолоотой юм билээ. Тэгэ­хээр баруун, зүүн талдаа жолоотой машины хэрэглээ манайд тавь тавин хувь байна гэсэн үг. Яг одоогийн байдлаар зөв талдаа жолоотой машин барьдаг хүмүүс олонхи байгаа шүү. Харамсалтай нь энэ хүмүүс санал асуулгад идэвхгүй оролцсон.
-Гэхдээ санал асуулгад оролц­сон иргэдийн олонхи нь эсэргүүцээд байхад заавал энэ шийдвэрийг гаргах гээд байгаа­гийн цаана Солонгосоос машин оруулж ирдэг бизнесийнхэн, улстөрчдийн ашиг сонирхол байгаа юм биш биз гэж хардахад хүргээд байна л даа?
-Тийм эрх ашиг байхгүй. Тэгээд ч би ийм зүйлд хөтлөгдөөд байдаг хүн биш.  Энэ тал дээр эргэлзэхгүй байж болно.
-Япон машин авснаараа иргэд хохирчих гээд байгаа тал бий. Ийм айдас ч иргэдэд байгаа. Энэ тал дээр яаж анхаарах вэ?
-Нэг л өдөр буруу талдаа жолоо­той машиныг явуулахгүй гэсэн юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд би бүг­дийг нь ойлгож байна. Ийм санал гаргасныхаа төлөө олон хүнд зэмлүүлж байна. Манай намынхан ч буруутгаж байгаа. Дарамт их бий. Гэхдээ би хотын дарга болохдоо иргэдийн оролцоотойгоор шийд­вэр гаргана" гээд хэлчихсэн. Тэр жишгээрээ явж байна. Дэлхий нийтэд түгжрэлийг сааруулахын тулд нэг л арга хэмжээ авдаг юм билээ. Тэр нь автомашин хэрэглэг­чид тодорхой замаар явахдаа төлбөр төлдөг юм билээ. Үүнийг манайх хэрэгжүүлье гэхээр ядуу иргэдэд цохилт болох гээд байна шүү дээ. Тиймээс болж өгвөл үүнээс зайлсхийсэн арга сонгочи­хоод, түгжрэлийг сааруулах гээд ядаад байгаа нь энэ шүү дээ. Цааш­даа түгжрэлээс ангижрахын тулд нийтийн тээврийг  гарын дор болгох хэрэгтэй байна. Удахгүй дэлгүүрүүдийн үүдэн дээр дугуй, цахилгаан машин тавимаар байна. Иргэд карт уншуулаад тэр унаа­наас сонгоод унаад явдаг хэмжээнд очмоор байна. Гэхмэтчилэнгийн олон арга бодож байгаагийн нэг нь энэ юм. Энэ саналыг иргэд дэм­жээд хэрэгжээд эхэлбэл буруу талдаа рультэй машин барьж байсан хүмүүст дэмжлэг үзүүлье. Буруу талдаа жолоотой машиныг зөв рультэй болгодог үйлдвэр байдаг гэх юм билээ. Хамаа алга  тэрийг нь оруулаад ирэх тал дээр ч харъя гэсэн бодолтой байна.
-Дахин санал хураалт явуу­лах журам нь ямар байх юм бэ. Өмнө нь санал асуулгад хам­рагд­сан 100 мянган хүнийхээ дунд дахиад санал хураачих юм уу?
-100 мянган хүнээс цааш хэтрэх техникийн боломж ч байхгүй байх.  Нөгөө 100 мянган хүн рүүгээ санал асуулгын мессежээ явуулахгүй өөр хүмүүсээс асуувал зориуд бэлтгэ­сэн хүмүүсээ санал асуулгад оруулж дэмжүүллээ гэдэг шүүмж­лэл өрнөнө шүү дээ.
-Энэ сэдвээс өөр нэг зүйл асуух гэсэн юм. Та бол ард­чиллын баатар. Энэ жил ардчил­сан засаг гарч ирээд харгис шийд­вэрүүд гаргаж байна. Тухайл­­бал, сайтын сэтгэгдлийг хатуу хяналттай болгоно, кабелийн телевизүүдийг хаана гэж байна. Хэвлэлийн эрх чөлөө­ний хуульд өөрчлөлт оруулах­даа хэв­лэлийн редакцийг эздээс нь салгана гэх зэргээр дарам­тал­сан шийдвэрүүд ар араасаа гаргаж байна. Та үүний төлөө ардчиллыг бий болгох гэж 20 жил зүтгээгүй биз дээ?
-Үнэнийг хэлэхэд манай дээд түвшинд хийгдэж байгаа зүйлүү­дийг хараад үнэхээр сэтгэл зовж байна. Ерөнхийлөгч бид хоёр уулзаад "Яана аа бидний тэмцэж явсан зүйлүүд өнөөдөр хааччихав аа" гэж яриад л байгаа. Үнэндээ өнөөдрийг хүртэл бид юуны төлөө тэмцэж явсан бэ гэдэг асуулт эндээс гарч байна. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, бизнесийн эрх рүү төр дайрч байна. Хүний өмч хөрөнгө рүү дайрч байна. Хүмүүст ийм дээрэнгүй хандаж болохгүй.  Юу гэнэ вэ тэр Ж.Батзандан. Гадаад эхнэр, нөхөртэй байвал яана гэсэн бэ. Үүнийг сонсоод би бүр гайхаж цочоод сууж байна. Хэвлэлийнх­нийг хянана гэнэ. Редакцийг эзнээс нь салгахаар юу болох юм.  Хэвлэл мэдээллийнхэн мэргэжлийн үйл ажиллагаанд түшиглэж энэ ажлаа бизнес болгон ашиглаж эхэлсэн. Тиймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо улам нэмэгдэж байна. Өрсөлдөөн бол мэргэжлийн ур чадварыг өөр түвшинд аваачдөг сайн талтай. Арван жилийн өмнөх хэвлэлийг өнөөдрийнхтэй харь­цуу­лаад үзээрэй. Чанарын шал өөр түвшинд очсон байгаа. Харам­салтай нь өнөөдөр төр стандарт жишиг тогтоож өгөх үүргээсээ хальж, тухайн байгууллагын менеж­мент рүү хутгалдаж, юу хийхийг нь зааж ч байх шиг. Юу болоод байна аа. Бид ийм ардчил­лыг хүсээгүй шүү дээ" гэсэн юм. Тэрээр хэлэлцүүлгийн төгсгөлд "Буруу талдаа рультэй машинаар бүгдээрээ нэг л өдөр явуулахгүй байя. Ингэж түгжрэлээ сааруулъя" хэмээн дахин гуйсан юм.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ