Showing posts with label ЭНХСАЙХАН Мэндсайханы. Show all posts
Showing posts with label ЭНХСАЙХАН Мэндсайханы. Show all posts

Thursday, 12 September 2013

М.Энхсайхан: Бид хошуу бага дүрж, хэрүүл бага өдвөл яасан юм



Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
 

-Тэгэхээр өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байна. Монгол Улс элгээрээ хэвтэж байна гэж ярих боллоо. Бодит
үнэн нь ямар байгаа юм бол. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Монголын эдийн засаг хүнд байна, элгээрээ хэвтлээ гэдэг үг яриаг өнгөрсөн 20 жилд би олон удаа сонссон. Ийм төрлийн яриа намайг лав цочроохгүй байгаа. Монголын эдийн засаг байдгаараа л байна, өсч байгаа, тэлж байгаа. Мэдээж засч  сайжруулах ажил байлгүй яахав. Хэн ямар өнцгөөс харахаас л хамаарч байгаа. Үнэндээ Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байгаа гэдэг нь хангалттай. Элгээрээ хэвтсэн эдийн засагт 10 гаруй хувийн өсөлт гарна гэж юу байхэв дээ. Уул уурхайн орлогоор цамаан загнаж байсантайгаа харьцуулбал улсын төсөвт хэцүү байж магадгүй.Гэвч энэ бол ганц энэ Засгийн газарт хамаарах асуудал биш юм.Буруутан хайж байгаа бол урд өмнөх Засгийн газрууд бүгд л буруутан болж таарна.Монгол эдийн засгийн голланд өвчтэй байсан.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн байгаа дээрээ засвал сайн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хамгийн том орон зайг Оюу Толгой төсөл эзэлж байсан.Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт дуусгавар болсонтой холбогдуулаад гадаад хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан байдалтай харагдаж байгаад санаа зовохгүй байна.Ашигт малтмалын лицензийг дэг журамд оруулах үйл явцтай холбоотой хөрөнгө оруулалт буурсан байж болно.Энэ бол байх ёстой төлбөр. Энд тэнд газар ухаж тонох нь багасч байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурах нь гарцаагүй. Харин эх болсон байгаль газраа хамгаалах нэрийн доор гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргая гэж мэр сэр бодож байгаа бол том алдаа болно. Монгол  Улс хөгжихийн тулд олон улсын зах зээл дээр өр тавьж зээл авч байгаа. Уг нь өр тавьж зээл авч байснаас гадны хөрөнгө оруулалтыг дэмжих нь бидэнд болон хойч үед маань ашигтай гэдгийг ойлгомоор байна.Сайн зохицуулсан орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжвэл алдсан ч тэр нь бидний монголчуудын өр болохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт  эрсдлээ хөрөнгө оруулагч нь 100 хувь хариуцдагаараа онцлог. Тиймээс ч улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийг эрмэлздэг юм. Урд хөрш Хятадын хөгжлийн бодлогын нэг нь гадны хөрөнгө оруулалтыг дэмждэг явдал юм.

-Валютын ханшийн огцом хэлбэлзэл юунаас болсон гэж та үзэж байгаа вэ?
-Зуны дараа намар, намрын дараа өвөл болно. Энэ бол байгалийн хууль шүү дээ. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.Түүнтэй нэгэн адил хэн ч өөрчилж чадахгүй эдийн засгийн хууль гэж байдаг.Бид хийж бүтээхээсээ илүү үрэлгэн зардал гаргаж байгаа бол валютын ханш хэлбэлзэнэ.Таван толгойгоо,, Эрдэнэтээ барьцаалж өр тавьж амьдарсан. Уул уурхайн орлогодоо найдаж үрэлгэн байдалд дассан. Энэ бүгд бол голланд өвчин. Хариу нь валютын ханшийн хэлбэлзлээр илэрч байгаа юм. Чили томоохон зэсийн үйлдвэрлэгч. Харин голланд өвчин тусахгүйн тулд үндэсний мөнгөн дэвсгэрт песогоо ам.доллартай харьцуулбал зориудаар сулруулж байдаг.Үүний хүчээр хөдөө аж ахуй, бусад салбараа хамгаалдаг юм. Манайд энэ талын ойлголт тун маруухан. Хятадын юанийн ханш бодит тооцоогоор нэг ам доллар нь дөрвөн юань байх ёстой гэдэг юм. Гэтэл өнөөдөр нэг ам доллар нь зургаан юань байна. Хэн хождог вэ гэхээр Хятадын экспортлогчид. Нэг долларын экспорт хийгээд дөрвөн юань авах уу, зургаан юань авах уу. Хятад эсэн бусын бараагаар дэлхийг эзэлсэн нэг шалтгаан үүнд байгаа.Тиймдээ ч ханш тойрсон тэмцэл Америк, Хятадын хооронд байнга болж байдаг. Валютын ханш гэдэг бол төгрөгөөр илэрхийлэгдэж буй валютын үнэ. Зах зээлд үнэ нь эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тогтох ёстой гэвэл ойлгоход хялбар болох байх аа.

-Оюу толгойн асуудал сүүлийн үед шуугиан тарилаа. Далд уурхайгаа хааж, олон ажилтнаа цомхотголоо гэдэг мэдээлэл гарсан. Энэ юутай холбоотой юм бол. Юунаас болоод ийм зүйл болов?

-Бидний монголчууд гадны хөрөнгө оруулагч нартай англи хэлээр биш бизнес хэлээр ярьж сурах хэрэгтэй байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг буруу нь аль аль талдаа байгаа биз. Би учраа олно гэдэгт итгэж байна.

-Зарим хүн Оюу толгой зогссон нь сүртэй зүйл биш. Анхаарах хэрэггүй гэх. Зарим нь Оюу толгой зогссоноор Монголын эдийн засагт сүйрэл ирлээ гэх юм. Та аль өнцгөөс харж байгаа вэ?
-Win-Win хувилбар гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, Монголын тал аль аль нь хожих хувилбар юм л даа. Үүний төлөө ажиллахын тулд мэдлэгтэй, боловсролтой яриа хэрэгтэй. Би үүнийг бизнес хэл гээд байгаа юм. Англи хэлээр зад хэрэлдэж болно.Хэнд ч ашиггүй.Бизнес хэлээр яривал ханцуй дотроо тохиролцож болно шүү дээ.

-Оюу толгойн асуудлаар ямар бодлого байр суурь баримтлах нь зөв юм бэ, таныхаар?

-Оюу Толгойн гадаад захирал өөрчлөгдлөө. Монголын талын захирал өөрчлөгдлөө. Шинэ захирлууд хэн хэн нь хожих хувилбарыг олох хэрэгтэй.
Бид харин хошуу бага дүрж хэрүүл бага өдвөл яасан юм.

-Гадаадын  хөрөнгө оруулалт буурч байгаа нь бодит үнэн болж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь бодлогын чиглэл байх ёстой.Гэхдээ энэ нь урд нь алдсан алдаагаа үргэлжлүүл гэсэн үг биш.Хэн дуртай нь хаа  хамаагүй газар сэндийчихийг зөвшөөрөх хэрэггүй.Манайх бодлогоо чамбайруулж дэмжих ёстой гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн шиг дэмждэг болох ёстой.Нэг үгээр хэлбэл бодлогоо чамбайруулья.

-Таван толгойн асуудлаар таны байр суурийг сонсох гэсэн юм. Таван толгойн нүүрс өрөндөө таараад Монголд ирэх ашиг байхгүй болчихсон байна л даа?
-Бид ашгийг нь урдчилж аваад идчихсэн. Одоо ашиггүй байна гэж гоншгонох хэрэггүй. Хүнээс мөнгийг нь авсан юм бол гүрийж байгаад нүүрсээр ч болов төлчих нь зүйтэй.Урагшгүй ноёдын алдааг бид засах ёстой болохоос хий хоосон орилох хэрэггүй. Цаг зуурын бэрхшээл гэж бодох хэрэгтэй.

-Саяхан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Таныг урьсан гэсэн. Гэхдээ та харагдаагүй...

-Би гадаадад явж байсан учраас  уулзалтад оролцож чадаагүй.

-Бүтээн байгуулалтын ажлууд ч удаан байна гэдэг шүүмжлэл өрнөж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Шүүмжлэл ерөнхий биш тодорхой байх ёстой. Ямар төслийн тухай ярьсан юм бол доо.

-Бондыг үр ашиггүй төсөл зарцуулсан нь одоо тодорхой болж байна. Зам тавихаас өөр бүтээн байгуулалт алга. Олон олон үйлдвэр байгуулах асуудал юу болов гэх мэтээр ам асуух хүмүүс бий  л дээ?
-Мөнгө нь байна. Төслүүд нь бэлэн биш байгаа. Шаардлага хангах төсөл алга. Боловсон хүчин алга. Арга зүй алга. Бондын мөнгийг зүй зохистой зарцуулах санхүүгийн механизм ч алга. Бүх юм бидэнд шинэдээд учраа олохгүй байдал байсан. Одоо харьцангуй зүгшрэх боловуу гэж бодож байна. Монгол мега төслийн зовлонтой учирах хөгжлийн үе шатан дээр байна. Гол бэрхшээл нь боловсон хүчин. Дээр нь мөнгө хувьдаа завших гэсэн этгээд “соёл”, улс төрийн тогтворгүй орчин. Мега төсөл дэндүү өртөгтэй, дэндүү их цаг хүч, хөдөлмөр авдаг тул хөрөнгө оруулагчид хээл хахуультай бизнесийн орчин, хэл амаа ойлголцож үл чадах хүмүүс, байгууллагуудтай ажиллахыг сонирхохгүй шүү дээ.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн нэг жил ингээд муудчихлаа гэдэг дүгнэлтийг Ардын намынхан хэлж байна. Энэ хэр бодитой дүгнэлт вэ?
-Тийм дүгнэлт хийсэн гэж би мэдээгүй юм байна. Арай үгүй байлгүй дээ. Ер нь манай эдийн засгийг жилийн дотор өөд нь татах, жилийн дотор нураах ямар ч бололцоогүй. Тийм ид шидтэн аль эсвэл чөтгөр Монголд байхгүй.

-Таны хариуцан ажиллаж байгаа цахилгаан станцын асуудал юу болж байна. Ямар шатандаа яваа вэ?
-Манай төсөл хурдтай явж байгаа. Таван толгойн цахилгаан станцын төсөлд одоогийн байдлаар Японы хоёр, Солонгосын хоёр, Чех, Германы тус бүр нэг, Франц, АНУ-ын нэг, Хятадын гурван томоохон компани сонирхлоо илэрхийлээд байгаа. Бид тэдэнтэй холбогдож ажиллаж байгаа.

-Эцэст нь танаас асуулгүй өнгөрч болохгүй нь. МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн тухайд та ямар байр суурьтай яваа вэ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд Энхбаяр даргад уучлал үзүүлсэн.“Монгол төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэдэг үг худал гэдгийг харуулж өгсөн ач холбогдолтой үйл явдал байлаа.
 
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: "Өдрийн сонины 2013 оны 08 дугаар сарын 22-ны
дугаарт нийтлэгдсэн ярилцлага"

Thursday, 28 February 2013

М.Энхсайхан: Надад л хэрэг битгий үүсгээрэй гэх сэтгэлгээ МАН-ыг тушчихаад байна

Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-МАХН-ын Бага чуулган хуралдлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, МАН-тай нэгдэх асуудлаар ярих шиг боллоо? Хамтран эвсэл байгуулсан намын даргын хувьд хэрхэн харж байна?
-Бид МАХН-ын удирдлагуудад хандаж “Шударга ёс” эвслийн улс төрийн ажлыг илүү үр дүнтэй болгох талаар бодлоо хэлсэн. Гол санаа нь эвсэлдсэн намууд Эвслийн Удирдлах Зөвлөлд ижил хэмжээний төлөөлөлтэй байж ажиллая гэсэн юм. Ингэвэл илүү итгэлцэл бий болж уг байгууллага бодит ажиллагаатай болно гэж үзсэн. Сонгуулиас хойш дээрх байгууллага ажиллаагүй. Учир нь намуудын төлөөлөл тэнцвэргүй тул хүч түрсэн өрөөсгөл шийдийг Эвслийн нэрийн өмнөөс гаргаад байхвий гэсэн болгоомжлол бидэнд байсан. Ялангуяа МАХН-ын даргыг шүүхээр шүүх явцад нийтийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй хувь хүнийг хамгаалах тал руугаа улс төр хэтэрхий хэлбийж байсан. Энэ нөхцөлд бидний хувьд чимээгүй л суухаас өөр хувилбар олдоогүй. Ер нь цаашдаа энэ хоёр нам улс төрийн хувьд хамтрагч байх уу үгүй юу гэдгээс олон зүйл хамаарч байгаа. Бидний тавьсан саналд МАХН хариу өгөөгүй байна. 
МАХН, МАН өөр хоорондоо нэгдэнэ гэдгийн хувьд тэдний хүслээр болохгүй гэдэг нь үйл явдлуудаас ойлгомжтой болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн хувьд “Шударга ёс” эвсэл Засгийн газар байгуулахдаа АН-тай нэг субьект болж нэр дэвшүүлнэ гэсэн гэрээнийхээ заалтыг яах болж байна вэ гэсэн асуулт байгаа. Өөрөөр хэлбэл улс төр ээдэрсэн байдалтай байгаа, түүнийг тайлах асуудал чухал болж байна. 

-Танай намын Бүгд хурал хэзээ болох бэ? Саяхан болох талаар яригдаад өнгөрсөн?
-Цаг нь болохоор бид МҮАН-ын Бүгд хурлыг хуралдуулах бодолтой байна. 

-Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудлыг Бүгд их хурлаараа тавина гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газартай хариуцлага тооцох асуудал сөрөг хүчин болж байгаа МАН-д илүү хамаатай юм. Харамсалтай нь МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Надад л хэрэг битгий үүсгээрэй гэх хувь хувиа бодсон сэтгэлгээ энэ намыг тушчихаад байна. Амиа хоохойлж байвал улс орны хувь заяа одоохондоо хамаагүй байгаа бололтой. 
МАН түргэн өөрчлөгдөх нь Монголын эрх ашгийн нэг болчихоод байна. Сөрөг хүчний үр дүнтэй хяналтгүйгээр төр зөв байх үндэсгүй. Энэ бол ардчиллын шаардлага ч гэж хэлж болно. Бид Засгийн газрын алдаатай бодлогын асуудлыг хэлсээр л байх болно. Хариуцлага тооцох өгөөшийг ч гаргах болно. Гэтэл бид буруу гарын сайд нарт хариуцлага тооцох хэмжээний суудалгүй. Иймээс энэ чиглэлээр МАН-тай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. 

-Төмөр замыг та нарийн царигтай барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нарийн царигтай, төмөр зам өргөн царигтай төмөр зам барихын ялгаа, ач холбогдол нь юу бэ?
-Энэ асуудлаар би ёстой эцэж цуцахгүй ярьж байгаа. Яагаад гэвэл энэ бол хувь хүний тухай асуудал биш, Монголын ирээдүйн тухай асуудал юм. Юм ойлгодог, учир начир тайлахтайгаа болсон хүмүүс Баттулга, Гансүх нарыг гайхшраад байгаа. Миний хувьд ойлгомжтой болсон асуудал. Энэ хоёр сайд төмөр зам барихгүй. Тэд бондын мөнгийг энд тэнд далан барьсан болж ахиухан зооглох л сонирхолтой. 
Тавантолгойгоос урагш Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих нь зүйтэй гэж Ерөнхий сайд нь хэлээд байгаа юм байна лээ. Гэтэл өөдөөс нь өргөн царигаар гээд гацаагаад байгаа дуулдана. Зөвхөн урагш чиглэсэн өргөн царигийнхаа зам дээр зүтгүүр, вагоноо хэрхэн аваачихаа мэдэхгүй байж жигтэйхэн зөрүүд гэдгийг нь яана. 100 тоннын жинтэй зүтгүүрүүдийг Оросоос аваад яаж тэр барина гээд байгаа өргөн зам дээр аваачиж тавих вэ. Ачиж буулгана ачина гэдэг нь бүр солиорол. Үүнд наад зах нь 400 сая доллар нэмж шаардагдана. Буулгаж ачих байгууламж их хэмжээний цахилгаан хэрэглэнэ. Цахилгаан станц хэрэгтэй болно. Хятадаас цахилгаанаа авна гэж Баттулга, Гансүх хэлэх байх. Би ч арга ядаад заримдаа тэнэгдүү байх ч зүгээр юм уу даа гэж бодож байгаа. Ямар ч байсан 2016 онд сонгууль болоход энэ сайдуудаас, АН-аас нөгөө төмөр зам хаана байна вэ гэж асууна? Тэр үед сонгогчид дүн тавиарай. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна. Та улс төрийн намын даргын хувьд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байх хугацаандаа хэрхэн ажилласан гэж дүгнэж байна бэ?
-Урд урдын Ерөнхийлөгчдөөс дутахааргүй л ажилласан гэж бодож байна. Илүүг хийж болох байсан гэж шаардмаар байгаа ч Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хязгаартай. Шүүх засаглалд салхи оруулах гэсэн, нийгмийн ялзралыг зогсоох гэсэн улс төрийн эрмэлзлийг нь би хувьдаа сайшааж байна. Ингэхдээ нам харгалзахгүй тэмцэлдээсэй гэж хүсч байна. 

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Хориход байхад нь очсон уу?
-Шинийн 15-нд хориход очиж монгол ёсоо баримтлан золгосон. 

Т.АМУР
Оллоо.мн 

Friday, 28 December 2012

М.Энхсайхан: "Төмөр замын асуудлаар ширүүхэн маргаж байгаа"

МҮАН-ын дарга, “Монголын төмөр зам”-ын захирал М.Энхсайханыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Монголын төмөр зам ком­панийг удирдаж бай­гаагийн хувьд одоо хэрэгжүүлэх гэж буй төслөө “Геостратегийн чухал ач хол­богдолтой” хэмээн тодорхойл­сон. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комис­сын хуралдаан саяхан болж хам­гийн их анхаарал татсан сэд­вээрээ хэлэлцсэн. Таны хувьд “Тавантолгой ба төмөр зам” гэсэн сэдвээр оросууд ямар байр суурьтай байгаа, манай тал ямар хариу өгсөн тухайд арай илүү ойлголттой байгаа байх?
-Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал нэлээд сонирхолтой бас тэгээд шинэ асууд­луудыг хөндсөн хурал болсон  гэсэн бодолтой байгаа. Нэгдүгээрт, Орос улс Монголын геологийн салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Би хувьдаа үүнийг чухал гэж бодож байна. Манай орны геологийн тогтоц байдлыг биднээс илүү сайн мэдэх хүмүүс нь оросууд юм. Хуучин цагт хийгдсэн нэлээдгүй материал Орост байдаг. Тиймдээ ч манай уул уурхайн салбарт орж ирж байгаа Канад, Австралийн компаниуд Москвагаас эхний мэдээллээ цуглуулж явдаг нь тийм ч нууц биш юм. Хоёрдугаарт, Манай стратегийн орд газруудын ашиглалтад Орос орон оролцох хүсэлтэйгээ ил тод илэрхийлдэг. Тухайлбал, Тавантол­гойн орд. Хэр­хэн шийдэх нь манай л асуудал. Би үүнийг цэвэр бизнес санал гэж бодож байна. Орос оронд манай орд газрууд хэрэггүй, өөрсдөд нь тийм ордууд их байгаа. Гуравдугаарт, Засгийн газар хоо­рондын комиссын хурлын баримт бичигт орсон нэг шинэлэг санаа нь УБТЗ-ын эзэмшилд байгаа төмөр замыг шинэчлэх иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа юм.  Үнэндээ энэ асуудал Монголд, мөн хөрш орнуудад тулгамдсан асуудал болж байгаа. Монголын эдийн засаг тэлж байгаа нь үнэн. Байгаа төмөр зам маань хөгжлийн шаардлага хангаж чадахгүй гэдэг нь тодорхой. Тэгээд ч манай өнөөгийн төмөр зам галт тэрэг 37км.цаг хурдаар мөлхөж явдаг хамгийн доод зэрэглэлийн зам болчихоод байгаа юм. Жилээс жилд транзит тээвэр нь багасаж олон улсын ач холбогдол нь унаад байгаад үнэхээр санаа зовмоор. Хэн хэн нь үүнийг анхаарахгүй явж ирснийг засья гэж байгаа нь шинэлэг сонсогдоод байгаа юм.
Миний ойлгож байгаагаар Оросын тал нэг асуудлыг нөгөөтэй нь уяад байхгүй, харин бүх асуудал Монголын талаас шалтгаална гэж бодож байна. Хаана хаанаа “өсөл­тийн зовлонг”-оо ардаа хийгээд илүү хурдтай хамтарч ажиллах тийм бололцоо нээгдэж байна.

-Таныг “МТЗ”-ын ерөнхий захир­лаар томилсон. Харин УБТЗ-ын захирлыг томилох асуудал дээр оросуудын байр суурийг харахаас аргагүй болдог. Саяын хуралдааны үеэр ч гэсэн энэ талаар чих дэлсээд авсан. Тэр саналаа тавьсан болов уу?
-МТЗ монгол төрийн 100 хувийн өмч. Тиймээс хэнийгээ захирлаар тавих нь Монголын асуудал. УБТЗ бол 50 50 хувийн Монгол-Оросын хамтарсан компани. Хэнийгээ захир­лаар тавих вэ гэдгийг бие биеэсээ асуух нь зүйн хэрэг. Урд нь ийм л байсан.

-Ер нь УБТЗ, МТЗ-ын “уулзвар”, бие биедээ үзүүлэх нөлөө хийгээд хамтран ажиллах харилцааг яаж цэгнэвэл зохих вэ?
-МТЗ болон УБТЗ хоёулаа төмөр замын байгууллага. Урд нь жаахан өрсөлдөх сөргөлдөх хандлагаар явж ирсэн шиг байгаа юм. Би үүнийг буруу гэж үзсэн учраас УБТЗ-тай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах чиг барьж байгаа. Бид дундаа хамтарсан ажлын хэсгийг байгуулж мэдээлэл солилцож, бидний дунд байгаа зарим асуудлыг хамтран шийдэж эхэлсэн. Өрсөлдөх биш хамтрах бодлого явуулж байна. УБТЗ-ийн орос дарга Домбровский гэдэг хүнтэй би хэд, хэдэн удаа уулзлаа. Өндөр мэр­гэжлийн хүн шиг санагдсан. Одоо хамтарч зовлон жаргалаа хуваалцан байж олон асуудал шийдье гэсэн бодолтой байгаа. Энэ бол манай түүхэн уламжлалд нийцэх нь гарцаагүй.

-Төмөр замд Оросын талын эзэмшил 49 хувь болох нь гэх яриа ч газар авч байна. Ийм байх боломжтой юу?
-Миний бодоход Оросуудад энэ асуудал тийм ч том асуудал биш байх. Тэр тусмаа нэг хувьд ногдох ашиг гэж үнэндээ юу ч байхгүй. Элчин сайд Самойленко энэ талаар тов тодорхой хэлсэн байна лээ. Нэг хувийг Монголын тал авч 51 хувьтай болохын цаад утга нь юу юм бол гэдгийг л Манай талаас сонсчихмоор байна гэсэн. Авья гэж хэлэх амархан. Авсан хойноо энэ түүхэн төмөр замаа шинэчлэх юм болов уу гэсэн санаа л хэлээд байгаа.  Үнэндээ төмөр замаа шинэчлэх өргөн хөтөлбөр дэвшүүлээд түүнийхээ төлөө хоёр тал хөрөнгө мөнгө зарвал хувь хэмжээний асуудал аль аль талдаа нээлттэй биз ээ.

-Та Монголын төрд өндөр албан тушаал хашсаар ирсэн. Гэхдээ Оросын талын удирдлагуудтай “зузаан харилцаатай” гэх фракцид багтдаггүй. Та гэлтгүй АН-ын-хан тийм шүү дээ. Харин одоо ОХУ, Монголын Засгийн газрын “шинэков”-ууд хэрхэн хэл амаа ололцох, хэр удаан нөхөрлөх тухайд ямар таамаглалтай байна вэ?
-Хөршийг сонгодоггүй. Хөрш орон бидэнд бурханаас л заяасан. Иймээс хөрш орнуудтайгаа ялангуяа Орос оронтой бүх талаар харилцаагаа бэх­жүүлэх нь манай эрх ашигт нийцэх нь гарцаагүй шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар Орос оронтой харил­цаагаа шинэ түвшинд гаргаж чадна гэж бодож байна. 

-Засгийн газрын баталгаатай 1,5 тэрбум ам,долларын бондын эхний хэсгийг төмөр замд, тэр тусмаа танай компанийн хэрэгжүүлэх төсөлд зарахаар төлөвлөсөн. Гэтэл энэ мөнгө том төслийг хэрэгжүүлэхэд аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг нь тодорхой. Тэгсэн атлаа өндөр хүүтэй мөнгө авчихаад М.Энхсайханы компани руу “хий­чихлээ” гэх яриаг та бодвол сонссон л байх. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Бондын мөнгийг хэрхэн зар­цуулах вэ гэдэг Засгийн газрын шийдвэр хараахан гараагүй байна. Ер нь энэ асуудлыг УИХ дээр эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Бонд гэдэг бол ирээдүйгээсээ авч байгаа өр төлбөр учир УИХ шийдэх нь Үндсэн хуулийн зарчим мөн байхаа. Миний хувьд хэрвээ мөнгө хуваарилбал талаар нэг тарааж хоосон шороо бужигнуулах бодолгүй байна. Төмөр замын төсөлд энэ мөнгө багадаж магадгүй. Төмөр зам ярвигтай төсөл тул долоо хэмжиж нэг хайчил гэдэг зарчмаар сайд, дарга нартай ширүүхэн маргаан хийж байгаа. Хөндлөнгийн хүний үс босохоор муудалцах явдал бай­гаа. Гэвч бондын мөнгийг буруу зарцуулбал бид бүгдээрээ толгойгоо тасдаад ч нэмэргүй. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун сүрхий анхааруулсан. Бондыг эргүүлж төлөхгүй бол Монгол хэн нэгний хараат орон болно гэсэн анхааруулга надад хүнд тусч байгаа. Бусад хүмүүст мөн энэ мэдрэмж байгаасай.

-Ер нь шулуухан хэлбэл төмөр замын төслөө хэрэгжүүлэхэд тань ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна вэ. Үүнийг бондоос өөр арга хэлбэрээр босгох боломж үнэхээр алга уу?
-Төсөлд таван тэрбум доллар шаардагдана гээд хүний бичиж өгсөн шпи байна. Говь хээрийн бүсэд төмөр зам тавихад хангайн бүсэд тавьснаас илүү өртөг зардалтай байж магадгүй. Учир нь далангийн хайргыг алс холоос тээвэрлэх шаардлагатай бол­но. Элсний нүүдлээс хамгаалах далан барих шаардлага үүснэ. Ус байхгүй, цахилгаан байхгүй. Бүх юмыг шинээр хийнэ. Тооцоолж байснаас өр­төг нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй байгаа. Дээр нь хөрш орнуудтайгаа Тран­зит тээврийн гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Манайханд нэг том дутагдал байна. Мөрөөдөл ихтэй. Ийш тийш зам тавина гэж ярихдаа хүний замаар дамжиж, далайн боомтод хүрнэ гэдгээ мартчихдаг. Нөгөөдөх нь бидний дураар өөрийнхөө зам дээр явуулахгүй гэдэг нь уул нь ойлгомжтой баймаар. Ажил хэргийн халуун маргаан дунд зөв шийдвэр төрөх боловуу гэж бодож байна. 

-Эдийн засагчийн хувьд та энэ их хэмжээний бондоос айж байна уу. Эсвэл одоо л зөв замдаа орлоо гэж боддог уу?
-Бондыг хүссэнээрээ босгоно гэж байхгүй гэдгийг анхааруулмаар байна. Ялангуяа АНУ-ын Төв Банк­наас “Quantitve easing 3” хөтөлбөрийн хүрээнд том банкуудын муу зээлийг худалдан авах ажлыг 2012 оны есдүгээр сараас хэрэгжүүлж байгаа. Сард 40 тэрбум долларыг бан­куудад цут­гаж байгаа. Банкуудад бэлэн төс­лүүд дутагдалтай байгаа учир улс орнуудын бондыг худалдан авч бай­гаа юм. Аз уу, эз үү ёстой бүү мэд. Зөв ашиглавал аз, буруу бол эз болно.

-Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрын гол төслийг хэрэг­жүүлнэ гэж, тэр тусмаа Х.Баттулгын хүмүүстэй гар нийлж ажиллана гэж төсөөлж байгаагүй гэж ярих хүн олонтаа таардаг. Одоогийн байдлаар нийлэмж ямар байна вэ. Энэ нөхөрлөл тань хэдий хүртэл үргэлжлэх бол?
-МҮАН МАХН-ын хамт АН-тай засаг байгуулахад оролцож байгааг мартаж болохгүй. Бидний харилцааг нам хоорондын гэдгээр илүүтэй харах хэрэгтэй. Хувь хүний хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягт ховорхон боломж олдсон бөгөөд бусдыг сонсож чаддаг түүний чадвар энэ Засгийн газрын суурь дэвсгэр болж байгаа байхаа.  Х.Баттулга сайдын хувьд түүн шиг сэтгэлээсээ ажилладаг хүмүүс их л байгаасай гэж бодох юм. Бидний хооронд санал зөрж болно. Тэр бол юу ч биш. Харин шал дэмий зүйлээс Монголын том эрх ашиг хохирох ёсгүй дээ. Хэзээ нь хатуурч, хэзээ нь зөөлөрч явах ёстойг тэнгэр хэлж өгөх байлгүй дээ.

-Таны хувьд Н.Энхбаярын талаар хэдийнэ хэлдгээ хэлчихсэн. Харин МАХН-ынхан Засгийн газраас гарна хэмээн яаран мэдэгдэл хийсэн тэр “үлгэр”-ийн тухайд эвслийн асуудал хөндөгдсөн. Тухайлбал та эвслийн Удирдах зөвлөлийг хуралдуулахгүй зуг­таад байсан. Эвслийн Удирдах зөвлөл хэзээ хуралдав. Уур амьсгал ямархуу болсон тухайд “нууц”-аасааа дэлгэж болох уу?
-МАХН манай намд хандаж эвслийн Удирдах Зөвлөлийг хурал­дуулах санал тавьсан. Тэр үед нь би гадаадад томилолттой явж байсан. Засгийн газраас гарах шийдвэрээ МАХН эргэн харж үзсэн учраас эвсэл хуралдах шаардлагагүй болсон. МАХН алдаж болно. Алдаагаа засаж байгаад баярлаж байна. 

-Таныг манай сониноор дам­жуулан Н.Энхбаярын хэрэг шүүхийн шийдвэрийн дагуу явсан. Би хэлмэгдүүлсэн гэж хэлж чадахгүй гэхчлэн “мэдэгдсэн”-ий дараа Н.Энх-баяр, түүний гэр бүлийнхний зүгээс ямар нэг дайралт ирсэн үү?
-Огт үгүй.

-Одоо хэр нь Н.Энхбаярын гэргий О.Цолмон нөхрийг минь хордуулсан гэж яриад байгаа. Та ядаж Н.Энхбаяртай ойр байсны хувьд тэгсэн байж болох юм гэх сэжиг төрсөн үе бий юү. Эсвэл О.Цолмон нөхрийнхөө төлөө тэгж худлаа ярьж мэдэхээр хүн үү?
-Хэн ийм яриа гаргасныг би хувьдаа хэлж мэдэхгүй. Элдэв цуу ярианы нэг байх л гэж бодож явдаг.

-Тухайн үед та “Эвсэл Засгийн газраас гардаг юмаа ч гэсэн нэг хүний асуудлаас болж бус нэлээн том эрх ашгийн төлөө гарна” хэмээж байсан. Ямар тохиолдолд эвсэл Засгийн газраас гарах вэ. Та бүхний хийсэн гэрээ нууц учраас асууж байна л даа?
-МҮАН үндэсний эрх ашгийг дээдлэнэ гэж нэг бус удаа хэлж байгаа. Манай нам “Үндэсний эрх ашгаар засаглах” гэсэн бүхэл бүтэн үзэл сурталтай. Энэ талаар хэдэн цаг ярьж чадахаар байна. Үндэсний эрх ашгийг хохироох үйлдэл хэнбугайч гаргавал бидний зүгээс нөхөрлөл байхгүй. Үүнд итгэлтэй байж бол­но. Үзэл бодол, итгэл үнэмшлээ сандал ширээгээр сольдог нь манай намынхан биш.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Sunday, 7 October 2012

М.Энхсайхан: ”Экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй”


Ерөнхий сайд асан М.Энхсай­хантай эдийн засгийн сэдвээр халуун яриа өрнүүллээ. Тэрбээр эдүгээ МҮАН-ын даргын хувиар байр сууриа илэрхийлж буй ч эдийн засагчийнх нь хувьд түүний үгийг сонсох дуртай хэсэг нийгэмд хангалттай бий. Тэдний хувьд бол энэ яриа сонирхолтой болсон байх гэж найдаж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчдийн өрсөлдөөнд хүр­тэл эдийн засгийн сэдэв жин дарж байгаагаас харахад улс төрийн сэдэвт ярилцлагаа эхлэхийн өмнө эхлээд энэ сэд­вээр ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Танд бас энэ талаар хэлэх үг арвин байгаа байх?
-Улс төр гэдэг бол эдийн засгийн хураангуй илэрхийлэл. Үнэндээ эдийн засгийнхаа асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал. Ялангуяа 2008 оноос эхэлсэн дэлхийн хямрал дөхсөөр дөхсөөр манай хаяанд ирсэн байна. Эдийн засгийн хямрал улс төрөөр илрэл болдог. Арабын ертөнц дэх бослого, тэмцэл, Сири, Ираныг тойрсон будилаан, дайн, Евро бүсийн хямрал, дотоодын жагсаал цуглаан, Япон, Хятадын хооронд арал булаацалдан байгаа бүхий л үйл явдлууд үнэндээ эдийн засгийн уг үндэстэй юм. Хятадын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Удахгүй болох ХКН-ын хурлын дараа гэнэт байдал сайжрах мэт хүлээлт нь хоосон байж мэднэ. Хятадын дарга нар солигдохоор Хятадын болон дэлхийн эдийн засгийн байдал сайжирдагсан бол зах зээлийн эдийн засаг гэж яриад ч яахав дээ. Яг үүнтэй нэгэн адил Монгол зах зээлийн эдийн засагтай, гаднаас их хамааралтай. Сонгууль болоод төр, засаг солигдохоор гэнэт сайхан болно гэж бодох хэрэггүй. Тэр тусмаа хаяанд ирсэн хямрал системийн хямралын шинж чанартай юм.
Саяхнаас АНУ, Европ, Япон хямралын эсрэг авах арга хэм­жээнүүдээ зарлаад хийгээд эхэл­сэн. Агуулга нь ерөөсөө л мөнгө хэвлэх. Асар их мөнгөний тухай юм. Энэ нь үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг арилгах нэртэй боловч үр дүн нь инфляцийг хөөрөгдөхөд хүргэнэ. Үйлдвэрлэл өсч ажилгүйдэл багасах бол тэр нь Америк, Европ, Японы эдийн засгийн нөлөө бүхий бүсэд л болно. Инфляцийн үр дагаврыг ядуу буурай орнууд л амсдаг. Монголд энэ нь яаж сөргөөр тусах вэ. Том гүрнүүдийн мөнгө хэвлэх бодлого нь нефтийн үнийг хөөрөгдөнө. “Сити” банкны судалгаагаар жилийн дараа гэхэд газрын тос нэг баррель нь 150 ам.доллар болно гэж байгаа. Бүр ихээр өсөх магадлал ч бий. Монголд шатахууны үнэ 50 хувь өснө гэвэл манай эдийн засагт юу болох вэ. Шинэ Засгийн газар, УИХ гадаад болон дотоодод болж байгаа үйл явдлыг томоор харах хэрэгтэй байна. Ажиглаад байхад тийм чадвартай хүн хуруу дарам. Энэ бол Монголын эмгэнэл болчихоод байгаа.
-Та өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголд ч төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэх­дээ үүнд Монгол буруутай биш. Монголчуудаас болж хямрал болохгүй” гэсэн. Үүний цаана олон утга нуугдаж байгаа байх. Тэр тусмаа гадаад хөрөнгө оруулалтын талаар танд тодорхой эмзэглэл байна, тийм үү?
-Монголд дэд бүтэц муу хөгжилтэй иймээс  гадаад зах зээлтэй сайн холбогдож чадаагүй учир дэлхийн хямрал Монголыг тойроод явах мэт боддог. Гадныхан бас иймэрхүү юм яриад монголчуудыг тайвшруулдаг. Энэ бол маш алдаатай ойлголт шүү. Төгрөг гэдэг мөнгө доллар, евро, иен, юаньтай холбоотой л байгаа бол тэдний бэрхшээл биднийх болох тун амархан. Хямрал экспортлох, импортлох суваг нь энэ. Үүний эсрэг мөнгөний бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголбанкны үүрэг роль асар их байгаа. Асуудлаа ойлгосон хүмүүс байна уу,үгүй юу гэдэгт асуудал байна. Өнгийг нь сонжвол найдлага харагдахгүй байгаа. Арга ч үгүй байх. УИХ хэзээ ч мөнгөний бодлогод ач холбогдол өгч байсан түүх байхгүй. Монголбанк Засгийн газрыг зарлагын хүүдий гэж хардаг. Тийм ч учраас өөрийгөө бие даасан хэмээн бодоод Засгийн газартай бодлогоо уялдуулдахгүй явж ирсэн. Ийм байхыг гадныхан бас сонирхдог. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк нь Засгийн газартайгаа хамтарсан сайн санхүү, мөнгөний бодлоготой байх явдал чухал байгаа юм. Гадаад хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Энэ талаар цэц уралдуулахаа больё. Харин дотоод хөрөнгө оруулалт гэж илүү яримаар байгаа юм. Тухайлбал, Э.Бат-Үүл нийслэл хотод эмх цэгц тогтоох гээд их л зовж яваа харагдах юм. Хөрөнгө оруулалт хийхгүйгээр Улаанбаатарыг гоё сайхан болгоно гэвэл бүтэхгүй. Миний санал бол Улаанбаатар хот бонд гаргах хэрэгтэй. Тухайлбал 500 тэрбум төгрөгийн бонд гаргавал түүнд нь Засгийн газар баталгаа гаргах, түүний ихэнхийг Монголбанк худалдаж авах зэргээр бодлогоо нэгтгэж дориухан ажилламаар байна.
-Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хямралыг гадаад нөлөөлөлтэй илүүтэй холбон тайлбарлах болсон. Энэ нь ч аргагүй юм. Гэтэл таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад бараг өдөр бүр хямралтай нүүр тулдаг байсан.  Экспортын бүтээгдэхүүний ханш ч ямар байлаа гээд бодохоор ийм тэс өөр хоёр цаг үед манай төрийн бодлого нэг л хэвээрээ байгаа нь зохимжгүй мэт санагдахгүй байна уу?
-Монголчууд бид ойр зуурын наймаа, жижиг үйлдвэрлэл эрхлэх хэрэгт өнгөрсөн 20 жилд чамгүй амжилт олсон. Гэвч хөгжил нь зохицуулалт муутай явснаас эдийн засагт  нөлөөтэй ач холбогдолтой салбар бий болсонгүй. Одоо дэлхийн хэмжээний төсөл рүү ороход бидний бэлтгэл маш муу байна.  Монгол өнөөдөр ийм л үе шатан дээр байна. Хамгийн гайгүй компаниуд нь сайндаа л барилга барих юм. Байшин барих амархан, дараа нь түүнийг үр ашигтай бизнесээр дүүргэх хэцүү үе гэж байна. Бид “овоохой босгодог” хөгжлийн шатан дээр байгаа. Монгол үйлдвэржих шаардлагатай. Ингэхдээ экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ түших хэрэгтэй болно. Экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг дэмжихийн тулд төгрөгийг аажим девальвацид оруулах хэрэгтэй. Тэгж байж үйлдвэржинэ. Мөн уул уурхайгаас үүдэлтэй голланд өвчний эмгэгээс чөлөөлөгдөнө. Гэтэл эдийн засгийн ойлголт, сургалт нь эсрэгээр байдаг.
Монгол Улс нэг, хоёр жилийн өмнө хамгийн хатуу ханш бүхий мөнгөтэй дэлхийн номер нэг орон боллоо гээд шуугисныг санаж байгаа байх. Төгрөг чангарсныг бахархал юм шиг ярьсан. Ойлгох хүн цөөхөн дөө. Чанга мөнгө байна аа. Жишээ нь Саудын Арабын риял. Нэг риял бараг дөрвөн ам. доллартай тэнцэнэ. Нефть ундраад л. Гэтэл нефть боловсруулах, ус цэнгэгжүүлэхээс өөр үйлдвэргүй л орон шүү дээ. Олборлож байгаа нефтийн гуравны хоёрыг далайн ус цэвэршүүлэх, халуун нарнаас хамгаалах, сэрүүцэхэд зарцуулж байгаагаас 2030 он гэхэд энэ орон нефть экспортлогч биш нефть импортлогч болохоор байгаа. Тэр цагт мөн ч хэцүүднэ ээ. Би Монгол Саудын Араб шиг битгий байгаасай гэж бодох юм. Чили гэж зэсээр баян орон байна. Мөнгийг нь песо гэнэ. 500 песо нэг ам.доллартай тэнцэнэ. Зэс их гаргалаа гээд песо хамгийн чанга валют болсонгүй. Харин ч үндэсний мөнгөө зугуухан девальваци хийх бодлого явуулснаар эдийн засгийн бусад салбараа хамгаалдаг. Хамгийн тогтвортой цэцэглэн хөгжиж байгаа орон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголд экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй байна.
-Хэдийгээр та эрх мэдлээс хол байгаа ч эдийн засагчийн хувьд, бас намын дарга хүний хувьд 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлоготой танилцсан байх. Лав сүүлийн 20 жилийн мөнгөний бодлогыг мэдэх хүний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газар, энэ удаагийн Их хурлаас юу хүлээж байна вэ?
-Би дээр хэлсэн. Мөнгөний бодлогыг нягталж үзэж байсан түүх манай УИХ-ын түүхэнд байхгүй. Одоо цаашид ингэж болмооргүй байгаа юм. Шинэ УИХ , Засгийн газар мөнгөний бодлогын талаар ямар өөрчлөлт хийвэл зохистой талаар цөөн хэдэн санаа хэлье. Үүнд:
1.Монголбанкны бодлогын хүүг хязгаарлахыг эрмэлзэх хэрэгтэй. Болж өгвөл 7-8 хувьд хүргэх. Эдийн засгийн хямралын үед эрүүл ухаантай орон болгон бодлогын хүүгээ багасгахыг эрмэлзэж байгаа. Америкт Холбооны нөөцийн бодлогын хүү бараг 0 болж байна. Япон, Европт бодлогын хүү жилийн гурван хувиас хэтрэхгүй. Монголд 13-14 хувь шиг санагдаж байна. Албан тайлбар нь манайд инфляци өндөр байгаагаас бодлогын хүү өндөр байдаг гэж ярьцгаана. Үнэндээ энэ бол төөрөгдөл, дээр нь тархи угаалт. Инфляци өндөр байгаагаас бодлогын хүү өндөр байгаа бус бодлогын хүү өндөр байгаагаас инфляци өндөр байгаа юм. Хөл толгойг  нь сольсон төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Ухаарал аажуу ирдэг тул би хувьдаа том өөрчлөлт болчихно гэж бодохгүй байна. Гэхдээ л үүнийг хийхийн төлөө байх хэрэгтэй.
2.Монголбанк инфляцийг най­ман хувьд барих юм гэнэ. Өгч байгаа зээлийн хүү  буюу бодлогын хүү нь 13-14 хувь байхад инфляцийг яаж найман хувь болгох юм бэ гэж асуух хэрэгтэй. Ер нь мөнгөний бодлого хэлэлцэх үед инфляцийг бага байлгана гэж амладаг. Тэр нь хэрэгжиж байсан түүх байхгүй. УИХ амлалтыг  нь авсан тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлээгүй бол Төв банкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцдог болговол “амьд” ажил хэрэг болно.
3.Монголбанк банкуудын дүр­мийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх бодолтой байгаагаа сонордуулав.  Ийм аргыг өнгөрсөн 20 жил шат дараатай хийж байсан. Үр дүн  муутай нэлээд хуучинсаг хандлага байна. Харин төв банкны бодлогын хүүг мэдэгдэхүйц багасгах нь банкуудыг нэгдэл рүү хөшүүрэгдэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй байгаа юм.
4.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээг жилийн таван хувиас хэтрүүлэхгүй байлгах бодлогыг Монголбанк, Засгийн газар боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэг рольтой бодлого юм.
5.Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Монгол гэнэтийн ашгийн татварыг нэг хэсэг мөрдсөн билээ. Харамсалтай нь ямар ч эдийн засгийн агуулгагүйгээр цэвэр улстөржиж барьцах хэлбэрээр алтны үйлдвэрлэлд гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсон. Тэр цагаас Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ 10 гаруй тонноос гурав хүртлээ буурсан. Хэдийгээр гэнэтийн ашгийн татварыг цуцалсан ч энэ байдал хэвээр байгаа. Бид алтаа гадагш гоожуулдаг бүхэл бүтэн сүлжээтэй болсон гэдгийг энэ байдал харуулдаг. Монголбанк Монголд олборлосон алтаа өөрөө авдаг байх эдийн засгийн болон захиргааны цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Монголын алт олборлогчид Монголын биш гадныхны эдийн засгийн хүчийг зузаатгахад хүчээ өгч байгаагийн бурууг мөнгөний бодлогоос хайж засварлах шаардлагатай байгаа юм.
-Энэ удаагийн мөнгөний бодлогод өрсөлдөх чадвар, ложистик, кластер зэрэг шинэ зүйл, арга хэрэгслийг тусгаж буйг шинэчлэл гэж харах хүн олон байна. Таны хувьд АН засгийн эрхийг барьж буй­гийн хувьд нэхэх шинэчлэл энэ мөн үү?
-Ямар ч мөнгөний бодлогод хамаарахгүй гоё сайхан яриа байна. Толгой нь эргэсэн юм болов уу даа. Ер нь явж явж эдийн засгийн том асуудал мөнгөний бодлогод байгаа. Үүнийг түргэн ойлгоосой. Америкчууд хүртэл Б.Обама огцор гээгүй. Харин Occupy Wall Street гээд байна шүү дээ. Бослого тэмцэл Засгийн газрын эсрэг бус банк санхүүгийнхны эсрэг болоод байгаагийн учрыг олохыг зөвлөж байна.
-Та Оюутолгойн гэрээг тэгтлээ айхавтар муу болсон гэдэггүй. За­рим талаар дэмжиж ярьж байсан. Гэтэл өнгөрсөн сонгуулиар уг гэрээг эсэргүүцсэн МАХН-тай эв­сэж сонгуульд ороход хасах оноо өгөөд байгаа нь анзаарагдсан. Одоо та энэ гэрээний талаар маргаад мэтгэлцээд, буруушаагаад байгаа асуудлыг юу гэж үздэг вэ?
-Асуудлыг улстөржүүлэхээс зайлс­хийе. Яагаад гэвэл энэ асуудал шинэ УИХ-ын анхааралд нэгэнт орсон гэж бодож байна. Одоо тэд ширээний ард тайван сууж ёстой улс төргүйгээр мэргэжлийн хэмжээнд шийдэг.
-Сангийн сайдаар Ч.Улаан гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Түүний ажлыг та олон удаа шүүмжилж байсан. Энэ удаад тэрбээр өөрөө танай намтай эвсэл болж орсон болохоор ч тэр үү, төсвийн бодлогод жигтэйхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо та түүний ажлын гарааг хэрхэн харж байна вэ. Ижил төвшний байр суурьтай байна уу?
-Дөнгөж л гараан дээр байна. Ч.Улаан сайд туршлагатай. Түүний туршлага хэрэгтэй. Шинэ нөхцөлд шинэ хандлага гаргаж чадах хүн гэж бодож байгаа. Сайдын ажил авангуутаа “гал унтраах” нэлээд ажилтай байсан байх. Одоо тэр хэмнэлээсээ гараад өргөн далайцтай ажиллах биз ээ.
-Хэрвээ та Сангийн сайдаар ажиллавал юу хийх байсан юм бэ. Төлөвлөгөөгөө одоо дэлгэж болох уу?
-Дээр зарим нэг санаагаа хэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулж ажиллах явдал дэлхийн хандлага болж байгаа. Манайхан төр хамгийн муу бизнес хийдэг гэж худлаа ярьсаар байгаад түүндээ итгэчихсэн. Хувийн хэвшил давамгайлдаг эдийн засагт төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ч тэдэн шиг самбаатай ажилладаг болох нь нотлогдсон зүйл.     
-Таныг манай сонинд ярилцлага өгснөөс хойш эвсэл задрах нь гэсэн яриа газар авч улс төр бужиг­наад эхэллээ. Үе үеийн “Э”-нүүдийн нөлөө үнэхээр лут юм аа. Тэр тусмаа М.Энхсайхан гэдэг хүн Монголын улс төрд ямар нөлөөлөлтэйгөө үүгээр харуулчихлаа гэж ойлгож болох уу?
-Би хэлэх үгээ бодож байж хэлдэг. Сонгуулиас хойш анх удаа л танд ярилцлага өгсөн юм. Н.Энхбаярыг шүүсэн, ял өгсөн, давж заалдаад анхан шатны шүүх буруу ажиллаагүй юм байна гэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэлмэгдүүлэлт гэж хэлэхээргүй л байгаа. Дээд шүүх хэрхэхийг харж л байя. Зарим хүмүүс уг хэргийг Олон улсын шүүхэд өгнө гэх юм. Монголын шүүхийг олон улсын шүүхээр шүүдэг болгохын төлөө би улс төрд орж амьдралаа зориулаагүй. Энэ бол Монголын тусгаар тогтнолд халдсан эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа энд хэлэх нь зүйтэй байх.  Монголчууд бие биенээ гадаадынхнаар айлгадгаа болимоор. Бид чинь хэнээр ч юмаа заалгахгүй тусгаар улс шүү дээ.
-Хамгийн сонирхолтой нь таныг “МАХН-д сэтгэл татагдахаа больсон” гэж хэлсний маргааш нь л таны дэргэд олон жил шадарласан, нөхөрлөсөн Ц.Цолмон МАХН-д элсэв. Энэ юу болоод өнгөрөв өө. Та түүний сонголтыг хүндэтгэсэн гэхээс илүүтэй гайхаж цочирдоогүй гэж үү?
-Н.Энхбаяр даргад амласан зүйл бай­сан юм гэнэ лээ. Яахав, хувь хүний сонголтыг би яах ч билээ дээ. Ц.Цолмон манай намын төлөвшилд том хувь нэмэр оруулсан. Одоо МАХН-д тус болно гэж бодож байна.
-Хүмүүс үүний дараа ерөөсөө улс төрийн нөхөрлөл бүрийн чинь цаана “Энхсайхан л болдоггүй юм байна. Удаан хугацааны харилцаа тогтоож хамтарч ажиллахад халгаатай нөхөр байна гэж бодож   байж болох юм. Нөхөрлөлд та хэрхэн ханддаг юм бэ, яагаад хүмүүс танаас холдох сонголтыг эцэст нь хийдэг юм бол оо?
-“Улс төр бол холын зайны гүйлт” гэдгийг би нөхдөдөө дандаа хэлдэг. Замдаа бахардах хүн олон шүү дээ. Ойрхон харагдах бариа руу гүйчихдэг нэгэн байхад алсыг хараад дараагийн хүндээ тугаа өгдөг хүмүүс бас бий. Улс төрөөр тохирохгүй боллоо ч  найз нөхрийн харилцаа хэвээр шүү дээ. Хорвоо уужим, хийх ажил их байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
У.ОРГИЛМАА
Улс төрийн тойм сонин

Monday, 20 December 2010

М.ЭНХСАЙХАН: "Үлдэж байгаа хэд нь нэгдэх хэрэгтэй"


Үндэсний шинэ намыг үүсгэн байгуулагч М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Би намуудын дотоодод болж байгаа үйл явдлын талаар ерөөсөө чагнахгүй байгаа. Эдгээр намууд хаашаа ч юм дээ орчин үеийн монголчуудын араншин шиг л санагдаж байгаа. Сонирхохгүй байгаа. Эдгээр намуудын хэн нь дээр, хэн нь доор байх нь асуудал биш юм. Харин үүний оронд хүний үзлээр бүхэл бүтэн хорин жил явж алдаж ирсэн гэдгээ түргэн ухамсарлах хэрэгтэй байна. Үгүй бол хүний үзлээр явна гэж хэзээ ч байхгүй. Үүний тухайд бол Ардчилсан нам ч, МАН ч байсан ялгаа байхгүй. Энэ асуудлаа өөрчилж чадахгүй бол хүний тоглоом болж тархиа угаалгасаар байгаад хүний эрхшээлд амархан орох болно. Энэ утгаараа би ялгааг нь ингэж хэлээд байгаа юм. Монгол хүний үндэсний үзэл нь зүрхэндээ байдаг юм. Харин гадаад үзэл нь тархиндаа байдаг юм. Түүнээс биш архи уухаараа жинхэнэ зүрхнээсээ ундран гарч байгаа тэр үндэснийхээ үзлийг ярьдаг, үе үе нэг удаа тэр үзлээ ярьдаг тийм биш байгаасай. Энэ гадаад үзлээ бүгдийг нь таягдаж хаяад зүрхний үзэл нь өдөр тутмын үзэл болж чадах юм бол монголчууд урагшаа явах болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд энэ намууд нэлээд үүрэг гүйцэтгэх юм. Харин энэ асуудлаа түргэн ойлгох л хэрэгтэй байна. Энэ үзлийг өдөөж өгөх гэж манай нам одоогоор ажиллаж байна. Түүнээс биш бид нар тэднээс ямар нэг зүйл булаах шаардлага ерөөсөө байхгүй. Тэднээс ямар нэг зүйл булааж авах гээд байгаа юм биш. Асуудлын гол нь Монголын нийгмийг хурдан өөрчилж зөв замд нь хурдан оруулах л хэрэгтэй гэж үзэж байна.

-Өмнө нь тархай, бутархай байсан намууд нэгдэж нэг бүхэл болж сонгуульд оролцсоноор амжилт үзүүлсэн гэж ярьдаг. Харин танай нам бусад жижиг намтай нэгдэж ажиллах уу?

-Зөвхөн ардчилал гэдэг нарийхан өнцгөөс нь харвал монголчуудад ардчилал бол хангалттай байна. Үгүйсгэх хэрэг байхгүй. Бид нар харин ч дэврүүн давруу хандлага руу орсон байгаа. Ардчилал бол Монголын ард түмэнд ач буянаа өгсөн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэвч аливаа нийгэм хөгжихөд зоосны хоёр тал гэдэг шиг юм хэрэгтэй. Ардчилал өөрөө хувь хүнийг их өргөж өгдөг, хувь хүний эрх ашиг, үнэ цэнийг дээдэлдэг. Гэвч хувь хувиараа яваад глобальчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд бид нийтийгээ ялж чадахгүй. Харин нийтээрээ нэг бүхэл байж ялалтад, амжилтайд хүрдэг юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Та бас энэ хорин жилийн хугацаанд Ардчилсан намын дарга байсан хүний нэг дээ?

-Байлгүй яахав. Ардчилсан хөдөлгөөний эхэнд явж байсан Ардчилсан намыг хэд хэдэн удаа удирдсан хүнийхээ хувьд оноо гэлтгүй гаргасан алдаанд ч бас хамааралтай хүн. Энэ нь миний өөрийн зовлонгоор бий болж байгаа юм. Хамгийн гол нь хэдийгээр ололт амжилт байгаа ч гэсэн буруу зүйл байна, түүнийгээ засъя гэдэгт түрүүлж хүрч байгаад ялгаа байгаа болохоос биш үгүйсгэж байгаа юм огт биш. Бусдыг уриал, ойлгуул, дахин ардчилал гэдэг зүйлийг 20 жил яриад Монгол Улс хол явахгүй. Одоо бол ялзарсан байна. Аливаа өвчин гэдэг бугласаар байгаад хамаг зүйл нь шахагдаж гардаг шиг тэр бугшил нь хурдан дуусаасай л гэж бодож байна.

-“Амлалт нэхэх ард түмний холбоо” мөн ҮШН-ын ард удирдагч нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр та хоёрыг байна. Алдсан албан тушаалаа нөхөх гэж төр эргүүлэхийг хүсч байна гэдэг. Үүнд та юу гэж хариулах бол?

-Тэр бол сайхан үлгэрүүдийн нэг байх. Уран сайхны зохиомжууд байгаа байх. Анх ҮШН бол бусдаасаа арай өөр байя гэж гарч ирж байсан. Бусдаас өөр байя гэж юу хэлээд байна гэхээр ард түмэн нь төрөө барих гүүр байя, миний араас биш харин гүүр нь байж өгөх гэж иргэний хөдөлгөөнүүдэд өөрийнхөө орон зайг тавьж өгч байгаа юм.

-Улс төрийн гуравдагч хүчнүүд нэгдэх талаар та ямар бодолтой байна?

-Үнэн хэрэгтээ улс төрийн гуравдагч хүч гэхээр одоо төрийн эрх барьж байгаа хоёр намаа том гэж хараад байгаа юм. Үнэн хэрэгтээ үндэсний үзлээ барьсан нь нэгдэгч хүчин болдог. Бусад нь гадаад эрх ашгаа гол болгосон нь дараагийнх болох ёстой. Тэр утгаараа бол нэгдэгч болохын төлөө байх болно. Бусад намтай нэгдэхийн тулд хувдь эхлээд бие биенээ таньж мэдэх ёстой. Тэр үйл явц одоо болж байна. Түүнээс биш нэгдэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.

-Оюутолгойн 5,6 хувийг Монголын тал эзэмшихээр болж байна гэж та хэлж байсан. Энэ ямар учиртай юм болоо?

-Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар буруу үйлдэл хийсэн гэж хэлэхгүй. Манай монголчууд ойлгохгүй байгаа болохоор гэрээнд өөрчлөлт оруулж засах юм ярьж байгаа ч, үзүүлж буй үйлдэл нь буруу зүйл хийсэн гэдгээ хэлээд байгаа юм. Бид бол энэ гэрээг шууд хийж болохгүй. Хэрэв энэ чигээр нь хийвэл алдана шүү гэж хэлж байсан. Тэр ч утгаараа гэрээ хийж байсан сайд нарыг нь “Арай дэндүү залуудаад байна шүү” гэж хэлсэн. Залуу хүнд зориг их байдаг ч алдаа нь дутахааргүй л байхгүй юу. Хийж байгаа улсуудыг нь хараад байхад дандаа залуу хүмүүс байсан. Тэгэхээр нэгэнт байгуулсан гэрээ алдаа болсон. Энэ алдаагаа байгуулсан хүмүүс өөрсдөө засах хэрэгтэй. Мөн улс төрийн намууд амласан амлалтаа биелүүлэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол луйвар хийж улс төрд гарч ирсэн байна гэж үзэхээс өөр аргагүй. Харин амлалтаа биелүүлэх гэж байна гээд худлаа яриад улс орныг 20, магадгүй 30 жилээр нь өрөнд унагаах юм бол харин байж боломгүй асуудал.

-Н.Энхбаяр ерөнхийлөгч асан та хоёрыг нийлээд улс төрийг бужигнуулах гэж оролдоод байна гэж ярьдаг. Хэрэв та хоёрын үзэл санаа нийлээд хамтран зүтгэе гэвэл та хамтарч ажиллах уу?

-Ер нь бол өнөөгийн нөхцөл байдал юу хэлээд байна гэхээр нэгэн дээвэр дор орчихоод байгаа намууд, олигархуудыг эвдэхийн тулд үлдэж байгаа бусад нь бүгд хоорондоо нэгдэх л хэрэгтэй.

Б.Алтансүх,
source: www.news.mn