Showing posts with label БАТБОЛД Сүхбаатарын. Show all posts
Showing posts with label БАТБОЛД Сүхбаатарын. Show all posts

Tuesday, 25 March 2014

С.Батболд: Энэ засаг эргэж бухах ажлаа илүү сайн хийж байна

УИХ-ын гишүүн С.Батболдтой ярилцлаа. 

-Монголын эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Та энэ арга хэмжээнд оролцох уу?
-Саяхан урилга хүлээж авсан. Зарим зүйлүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ. Энэ форумыг манай Засгийн газрын үед анх зохион байгуулсан. 

-Чухам ямар шалтгаанаар ийм форум зохион байгуулдаг байя гэж шийдсэн юм бэ

-Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход нийгэмтэйгээ хэлэлцдэг, зөвшилцдөг суваг алга. Зөвхөн УИХ-ын гишүүд, сайд, дарга зэрэг цөөн тооны хүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа нь учир дутагдалтай. Тэр дунд популизм хийж хэн чанга дуугарсан, илүү олон ярьсныг нь бодлого болгох гээд байдаг буруу хандлага байна. Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, эдийн засагчдынхаа оролцоог хангаж, илүү судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж үзсэн. Манай улстай хамтран ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, иргэний нийгмийнхний оролцоог хангаж үгийг нь сонсч төрийн бодлогоо тодорхойлохдоо тусгаж, авах гээхийн ухаанаар ханддаг байх жишиг тогтооё. Тэндээсээ дараа жилийн болон дунд, цаашлаад урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөө илүү тодорхой болгохын тулд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж эхэлсэн. Нэг ёсондоо Давосын дэлхийн эдийн засгийн форумын сайн талыг хуулбарлая гэж шийдсэн. 

-Тэгээд зорилгодоо хүрсэн үү. Төрийн бодлого тодорхойлохдоо сонсох ёстой хүмүүсээ сонсдог жишиг тогтож чадсан уу, өнөөдөр  
-Эхний хурлууд нийгэмд үр өгөөжөө өгсөн гэж боддог. Бидэнд чиг баримжаа болсон. Бидний чих нээлттэй болж, олон ургалч үзэл бодлыг хүлээн авч байсан. Сүүлийн хоёр жилийн форумд илүү ахиц дэвшил, шинэ өнгө аяс байгаа байх. Тухайлбал Давост Монголын талаар хэлэлцүүлэг хийж тэрхүү Сценариог энэ удаагийн хуралд танилцуулах гэх мэт. Харин сул тал гэвэл сүүлийн хоёр удаагийн эдийн засгийн форумыг харж байхад эрх баригчдын буюу хэт нэг тал руу чиглэж байна уу гэж боддог. Нээлттэй байх, сөрөг хүчин болон санаачлагчидийн оролцоог хангах тал дээр учир дутагдалтай хандаж байна. Дээр нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид болон бусад талуудын тэгш оролцоо хангалтгүй байна.

-Тэднийг, тухайлбал иргэний нийгмийнхнийг та нар, танай засаг тэгж их сонсдог байсан юм уу?
-Иргэний нийгмийн оролцоог хангахдаа ганц удаагийн хурал дээр сонсоод өнгөрөх нь учир дутагдалтай. Бидний үед төрийн бодлого тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог хангах, энэ талын эрх зүйн орчныг боловсронгуй болгооч гэдэг санал гарч байсан. Тэр дагуу нь Иргэний нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. Хурал уулзалт зөвлөгөөнийг тусгайлан хийж байсан. Ер нь эдийн засгийн хөгжил, томоохон сорилтыг популист  гэхээсээ илүү бодитой судалгаа, шинжилгээ, тооцоон дээр үндэслэж шийдэж байх ёстой. Бид энэ зарчмыг нэвтрүүлэх оролдлогыг байнга хийж ирсэн. Үр дүнд нь 2009 онд эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан бол 2010 оноос эхлэн бага зэрэг өндийж 2011 онд 17-18 хувьд хүрсэн.  2012 онд үүнээс ч илүү өсөлттэй гарах хүлээлт байсан. Гэвч 13 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрүүд эдийн засгийн өсөлтийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь үндсийг тавьсан гэж үзэж байсан. Бид ингэж дүгнээгүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засгийн форум, өрсөлдөх чадварын судалгаа гаргадаг байгууллагуудаас Монгол Улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой буюу жилдээ 15 хувиар өсөх тооцооллыг хийсэн. Тасралтгүй 20 гаруй жил эдийн засаг нь хурдацтай өсөх боломж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. 

-Одоо эдийн засгийн өсөлт, хурд ямар төвшинд байна вэ.
-Одоо өсөлтийн хурдац удааширсан байна. 17, 18 хувьтай байсан эдийн засаг өнгөрсөн онд 11 хувь боллоо. Энэ нь өөрөө өсөлтийн хурдац унаад байгааг харуулж байгаа юм. Ямар нэгэн хэмжээнд өсөлт бол  байгаа нь байгаа. Хурд нь унасан болохоос өсөлт нь унаагүй. Өсөлтийн хурд цаашид улам удаашрах бодитой эрсдэл, сорилтууд ч харагдаж байгаа. 

-Удааширсан өсөлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн эдийн засгийн форумаас та юу хүлээж байна вэ?
-Энгийн зүйлээс эхлээсэй. Бодит судалгаа шинжилгээг ажил хэрэгчээр хийж түүнд үндэслэсэн шийдвэр гаргах нь зүйтэй. Төр засгийн шийдвэрүүд амьдралд ойрхон тусах, үр дүнгээ өгөх талд илүү анхаармаар байна. Юуны түрүүнд эдийн засагт ажлын байр олноор бий болгож буй салбарууддаа Засгийн газар өөрт байгаа хөшүүрэг механизм болох татвар, зээл, квот, зөвшөөрлийн систем зэргээр зөв, шударга, нээлттэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн том нь том, дундахь нь дунд, бага нь багаар бүгд ажлын байраа цөөрүүлж байна. Шинээр хүн ажилд авахаа больж, орон тоо, цалинг багасгах үзэгдэл бүх төвшиндөө хавтгайрлаа. Өмнөх Засгийн газрын үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрчимжүүлж, тэнд бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг хэдэн арав, хэдэн зуугаар нь ажилд авдаг, аж ахуйн нэгжүүд захиалгаа ирүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ажлаас цомхотгох, чөлөөлөх, ажлын байрны орон тоог цөөлөх замаар аргагүйн эрхэнд зардлаа бууруулах чиг хандлага давамгайлж байна. Энэ нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадвар ямар төвшинд байгааг харуулах бэлээхэн бөгөөд бодитой жишээ юм.  Одоогийн нөхцөл амаргүй байх шиг байна. Ойлгож байна. Гэхдээ л иргэдийн амьдрал сайнгүй, төгрөгийн ханш унасан ийм үед цалин, тэтгэвэрийг нэмж ард түмнийхээ амьдралд бага боловч санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол “эдийн засаг хэцүү байна” гээд төмөр нүүрээ харуулаад байж болохгүй. Эдийн засгийн өсөлт гэж макро төвшинд том тоо ярих нь сайхан. Хамгийн гол нь тэр том тоо айлын хаалгаар орж өрхийн амьдралд яаж нөлөөлж байна вэ гэдгээ тооцоолох нь чухал. Хүндээ наалдах ёстой. Төрийн дэмжлэг амьдралд  бодитой, эдийн засгийн өсөлт нийгэмд шударга хуваагдаж байх ёстой. Энэ зарчмаар бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин тэтгэвэрийг 2.5 дахин нэмж байсан. Гэтэл яриад байгаа хэмжээндээ тэтгэврийг нэмсэнгүй, цалин дээр бол  хэрэгжсэн зүйл огт алга. 

-Эдийн засаг ингэж хүндрэхэд гадна талын нөлөөлөл бий байх. Харин үүнээс илүүтэй өмнөх Засгийн газрын алдаа нь одоо хүндрэл болж гарч ирээд байгаа юм биш үү.  
-Харин өнөөдрийн Засгийн газрын зарим сайд нар л зориуд ийм тайлбар хэлээд байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үед хүнийхээ хөгжлийг дэмжиж иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой болгоход анхаарч ирсэн. Тиймээс Хүний хөгжлийн сан байгуулж, тэндээсээ хоёр намын сонгуулийн амлалтыг нэгтгээд иргэддээ 21 мянган төгрөг өгдөг байсан. Гэтэл энэ маань буруу байсан, өнөөдрийн болж бүтэхгүй байгаа, эдийн засаг ингэж доройтсоны бүх буруу нь өмнөх Засгийн газраас эхтэй мэтээр эрх баригч нөхдүүд ярьж байна. Үүнтэй би санал нийлэхгүй. Хэрвээ бэлэн мөнгө амлах, янз бүрийн хөтөлбөр гаргаж байсан угшлыг нь хөөвөл Ардчилсан намаас эхтэй. Хамтарсан засгийн залуур дээр бид сууж байсан учраас бидний зөв байсан гэж өөрсдийгөө зуун хувь өмгөөлөх юм алга. Магадгүй алдаа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж эргэж буцаж хойшоо ухардаг цаг үе нь өнөөдөр биш. Хамгийн гол нь хамтарсан засагт алдаа байсан бол түүнийг нь засч залруулаад урагшаа явах цаг хугацаа хангалттай өнгөрлөө. Энэ Их хурал, энэ Засгийн газар бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд орлоо. Дороо хий эргэж, зарим талаараа хойшоо ухарч байгаагаа өнгөрснөөс, хамтарч хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас боллоо гээд нэг байрандаа зогсоод байх нь буруу. Нэг намынх нь алдааг нөгөө нь засахад бүрэн эрхийн хугацаагаа бүтнээрээ нь зарцуулах гэж бид сонгууль хийгээгүй. Улсаараа урагшаа явах гэж сонгууль хийдэг, Засгийн газрыг сольдог. Гэтэл урагшилсан юмгүй, өөрсдийнх нь бодлогын алдаанаас болж байдал хүндрэхээр л өнгөрсөн засгийн муу муухайг баллуурдаж, цэвэрлэж байна гэж ярих нь яавч шударга ёс, зарчимд нийцэхгүй.  Бодит үнэнд ч нийцэхгүй. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэж манай ард түмэн хэлдэг дээ. Тэрэн шиг өмнөх засгаас боллоо гэх арга ядсан тайлбараа одоо орхиж, урагшаа харж, өмнөх ажлаа хиймээр байна. 

-Улстөр юм биш үү?
-Улстөр, улстөр. Тэгэхдээ хэчнээн улстөрийн асуудал ч болохоо байхаар л хойшоо харж хамтарч хэрэгжүүлсэн бодлогуудаа үгүйсгэж, өөрсдөө зүгээр суух нь  хүний хувьд ч  жудаггүй хэрэг. Тэр нь болоогүй дандаа хамтдаа шийдвэр шүү дээ. Тэр үед Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд, танхимын зарим сайд нь АН-аас байж Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийг өөрсдөө ахалж байсныг хэн ч өнөөдөр үгүйсгэхгүй. Түүх өөрөө гэрчилнэ. Харин ингэж эргэж бухахын оронд хамтдаа суурийг нь тавьсан эдийн засгийн өсөлтийн хурд маань удааширлаа гэвэл өөр хэрэг. Гэтэл сөрөг хүчин та нар дуугүй бай, болохгүй байгаа бүхний буруу нь та нараас боллоо, чимээгүй буланд зогсч бай гэсэн аятай, нэг хэсэг намын бүлэггүй, одоо ч байнгын хороодод шударга төлөөлөлгүй байгаа нь улстөрийн соёл, парламентын сонгодог утгадаа ч таархгүй.  

-Гэхдээ эдийн засаг хүндрэхэд гадны талын бодит шалтгаан байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Зөвшөөрнөө, тийм бодитой  шалтгаан байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй буурлаа. Эдийн засагт зохих хэмжээний өсөлтүүд буурсан үзүүлэлтүүд ч байна. Нөгөөтэйгүүр, одоо эргээд сэргэж эхэлсэн зөв хандлага ажиглагдаж байгаа. Америк, Европын эдийн засаг сэргэж эхэллээ. Энэ нь ганцхан энэ Засгийн үед тохиолдож байгаа хүндрэл биш шүү дээ. 2008, 2009 онд эдийн засгийн хямрал болж л байсан. Тэр үеийн хямрал амаргүй л байсан. Одоо бол тэр үеийнхээс хүнд гэмээр сорилтууд гадна талаасаа алга. 

-Хэрвээ гадна талаасаа тийм сүртэй таалмжгүй нөлөөлөл нь бага л юм бол таныхаар Засгийн газар юун дээр алдаа гаргаад байна вэ
-Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, дутуу хийсэн зүйлийг нь гүйцээж, зөрүүтэй байсныг нь засч залруулж, зөвийг нь улам баталгаажуулж явах ёстой. Энэ засагт энэ талын ажил хэрэгч хандлага дутагдаж байна. Алдаа байгаа бол түүнийг засна гэдэг нь гадагшаа ярихаасаа бодитой ажил хэрэг болгох явдал.  Жишээ нь, би Оюутолгойн гэрээг сайн болсон хэзээ ч  хэлж байгаагүй. Харин гэрээг хийсэн нь зөв гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Оюутолгойн гэрээг үе шаттайгаар яриа хэлэлцээр, харилцан ойлголцлын замаар сайжруулах ёстой гэж үздэг. Жишээ нь манай засгийн үед бид хөрөнгө оруулагчидтай шинээр яриа хэлэлцээ хийж зээлийн хүүг бууруулах, гурав дахь этгээдэд  Оюутолгойн хувь хэмжээг зарахгүй байх, Монголын эзэмших 34 хувь буурахгүй байх, гуравдагч орны төрийн өмчийн компани худалдан авахгүй байх зэрэг олон өөрчлөлтийг гэрээнд нэмэлтээр оруулж сайжруулсан. Цаашид Монгол Улсын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг заавал 30 жил гэж  хүлээхгүйгээр анхны хөрөнгө оруулалтын нөхөж ирсэн үеэс эхлэн шууд өөрийн эзэмших хувиа нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүд, иргэний нийгмээс тавьсан асуудалд нээлттэй хандаж байсан. Өнөөдөр харин нөгөө нуухыг нь  авах гээд юу гэдэг билээ гэж санаа зовох юм.  

-Өнөөдөр тийм байдал руу орчихож уу?
-Арай ч тийм байдалд орохгүй байх аа. Харин төрийн бодлогын залгамж чанар алдагдсан учраас Оюутолгой төслийн, эдийн засгийн хурдацыг удаашруулах үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явагдлаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Жишээ нь 2013 оны эхний улиралд орж ирсэн валютын орлогыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 60 гаруй хувиар буурсан байсан. Үүнд нь анализ хийхэд, 2011, 2012 онд Монгол Улсад орж ирсэн валютын урсгал доторхи Оюутолгойтой холбоотой орж ирсэн валют 20 хувийг нь эзэлж байсан. Тэр үед асар их хэмжээний валют орж ирж, хөрөнгө оруулалтын орчин таатай, илүү нээлттэй байсан. Гэтэл одоо орж ирж байгаа валютын урсгалын 60 хувь нь Оюутолгойх байна. Өнгөрсөн жилийн сүүлийн улирлаар ярьж байна л даа. Энэ улиралын шинэ тоо баримт надад алга. Гадаад валютын урсгал 50-60 хувиар багасчихаад байхад тэр дотор нь Оюутолгойн эзлэх хувь хэмжээ томорсон байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын хөрөнгө оруулалт ганц хоёрхон төслөөс хамааралтай, өрөөсгөл болж байна. Өмнө нь эдийн засаг хөрөнгө оруулалт улс, хувийн олон төсөл хөтөлбөрөөс хамаарч байсан. Гэтэл одоо бараг ганцхан төслөөс хамаарч валютын ханшийн өсөлт, инфляц, үнийн өсөлт, экспорт, импортын бэрхшээлийг үүсгэж байгаа. Энэ бол буруу хандлага. Бидэнд эдийн засгийн олон тулгуур, олон эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхгүй улсаараа нэг төслөөс хараат явж яавч болохгүй. Энэ талаар эрх баригчид эрхбиш бодож боловсруулж байгаа байх. 

-Уул уурхайн сайд Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувийг баталгаажуулсан гэж ярьсан. Гэтэл та манай Засгийн газрын үед баталгаатай болгосон гэлээ. Аль нь үнэн юм бэ
-Би сайдын хийсэн ажлын тайланг хараагүй. Бидний үед хувь нийлүүлэгчдийн гэрээ, яриа хэлэлцээрт оруулсан асуудлаа нээлттэй ил тодоор гаргаж тавьдаг байсан. Тэр үед л 34 хувь буурахгүй байх ёстой, гаднын гурав дахь этгээдэд зарагдахгүй байх, манай хувиас гадна нөгөө талд хувьцааг гурав дахь этгээд зарах юм бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч зарах тухай олон зүйлийг баталгаажуулсан. Үүнийг хамтаараа гардаж хийсэн, хамтарч засагт байсан, УИХ-д хамтдаа сууж байсан олон хүн мэдэж байгаа. Ер нь ингэж талцаж хэрэлдмээргүй байгаа юм. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед эрх баригчид нь урагшаа зүтгэж, сөрөг хүчин сайн бөгөөд зөв ажилд нь ташуур болж явмаар байгаа юм. 

-Оюутолгойгоос гадна хамтарсан Засгийн газрын үед “Чалько”-той хийсэн гэрээгээр зээлсэн 350 сая ам.долларын нүүрсийг  2013 онд багтаан төлж дуусах ёстой байсан уу, одоо ч дуусаагүй байх шиг байна?
-2013 ондоо багтааж барагдуулах гэрээтэй. Тийм боломж ч байсан. Энэ гэрээг Засгийн газар байгууллаагүй. Улсын үйлдвэрийн аж ахуйн нэгж нь хууль дүрмийнхээ хүрээнд, дэлхийн зах зээлийн үнэ тариф, томъёололын хүрээ хэмжээнд  байгуулсан. Засгийн газар болохоор УИХ-ын шийдвэрийн дагуу уул уурхайгаас орж ирсэн орлогоор Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг л бүрдүүлсэн. Маш сайн гэрээ байсан гэж бид хэлээгүй. Засч сайжруулах юм байсныг үгүйсгэхгүй. Гэтэл сонгуулийн дараа   тойруулж улстөр, эдийн засгийн яриа нэлээд явагдсан. Харамсалтай нь, төлбөрөө төлж дуусах хугацаа удааширч цаг нэлээд алдлаа. Тэр үед 70 долларын гэрээ хийгдэж байсан бол одоо тонн тутамд 30-40 доллар болж байгаа л гэж ярьж байна. 

-Өөр томоохон төслүүд бий. Тавантолгой, ДЦС-V, төмөр зам, эдгээр төсөл таныг Ерөнхий сайд байхад л яригдаж байсан. Одоо ч ярьсаар байна. Ер нь урагшаа ахиж, дэвшсэн зүйл байна уу? 
-Тоймтой зүйл хэлж чадахгүй нь. Юу нэмж хийсэн бэ гэдэгт Шинэчлэлийн Засгийн газрын нөхдүүд хариу хэлэх байх. Хэрвээ хийсэн зүйл, бодитой ахиц дэвшил байгаа бол түүний нь ард түмэн ч  харж мэдэрч байгаа байх.

-Уг нь энэ Засгийн газар өмнөх танхимуудаас  харьцангуй их мөнгөтэй гэх юм билээ. Гэтэл мөнгөтэй байхад яагаад эдийн засаг хүндрээд, ажлын байр хомсдоод, цалин тэтгэвэрийн нэмэгдэлд эх үүсвэр олдохгүй байна вэ?
-Манай Засгийн газрыг өр үлдээсэн гэж ярьдаг. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд 2012 оны хавар бонд гаргаж 580 сая ам.долларыг тэр чигээр нь энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна энэ Засгийн газар  Чингис, Самурай, бонд гаргасан, Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наяд төгрөгийг гаргасан, Засгийн газар өөрөө нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргасан. Үүнээс гадна хөрш орнуудтай своп гэрээ хийсэн. Ингээд яривал бэлэн мөнгө, мөнгөний эх үүсвэр хангалттай байлаа. Бондын мөнгө төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа нь хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа. Монголбанкнаас үнэ тогтворжуулахаар гаргасан гурван их наяд төгрөг ч төсвийн хүрээнд яригдах ёстой. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан хэлж залруулга хийх ёстойг сануулж байгаа. Төсвийн бүрэлдэхүүн байх ёстой гэж. Үүнийг гарцаагүй анхаарч, засч залруулах ёстой. Эдгээр эх үүсвэрүүдийн зарцуулалт ил тод гэхээс илүү өөрсдийн талын компаниуд, бодлогыг илүү дэмжих хөтөлбөр болж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа шүү дээ. Үүнийг ч мөн анхаарах хэрэгтэй. Гэтэл улс орны хэмжээнд шууд хөрөнгө оруулалт буурч байна. Дүгнэж хэлэхэд шууд хөрөнгө оруулалтаа татах бодлого дутаж ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Манайхан хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн гаднынхан гэж хараад байна. Дотоодын хөрөнгө оруулагчид гэж бий. Барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, бүх салбарт нийт хөрөнгө оруулагчдад идэвхжил, дэмжлэг хэрэгтэй байна. Хаврын ид ажил эхлэх хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна шүү дээ. Зам барилга, төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн төслөө яаравчилж хувийн хэвшлийн оролцоог нээлттэй шударгаар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь хөрөнгө оруулагчдад төр засгийн бодлого ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай, урт хугацааны найдвартай түнш байж чадна гэсэн итгэл хэрэгтэй. Зөв бодлого, зөв, шударга үйл ажиллагаагаар энэ итгэлийг бий болгоно. Алдах асуудал бол төр засгийн ганц нэг буруу шийдвэрүүд л болно. Үүнийг байнга  анхаарч байх ёстой. 

-Сөрөг хүчний гол үүрэг бол шүүмжлэхээсээ эрх баригчдын алдаа засах хэлж өгөх. Тэр үүргээ танай нам яагаад биелүүлэхгүй байна вэ?

-Манай намд дутуу хийж, сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгаа дутагдал бий бий. Бүрэн хийх, бодитой сөрөг хүчин байх боломжийг маань хууль эрхзүйн хүрээнд хязгаарлаж байгаа хүчин зүйл ч бас байна. Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд бүлэггүй нэг жил шахам явлаа. Дээр нь одоо болтол Байнгын хороодод тэгш, шударга хуваарилалтаар орж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн 1/3 нь манай намын гишүүд байдаг. Гэтэл байнгын хороон дээр очихоор 1/5, 1/10-ийг эзэлдэг. 20 гишүүнтэй байнгын  хороонд хоёр гишүүн суух жишээтэй. Бусад нь байнгын хороонд байхгүй. Эсвэл нэг байнгын хороотой. Үлдсэнийг нь өргөдөл гомдлын байнгын хороо гэж байгуулж тэндээ  бүгдийг нь оруулчихсан. Тэгээд, та нар аль ч байнгын хороонд үгээ хэлж болно ш дээ гэдэг. Гэхдээ бид шийдвэр гаргахад таслах эрхээ эдэлж оролцмоор байдаг. Эрх зүйн орчноор хязгаарласан ийм дарамт бидэнд байна. Гэхдээ сөрөг хүчний байр сууриа илэрхийлээгүй биш илэрхийлээд явж байгаа. Хангалтгүй, дайчин биш сул байна гэсэн шүүмжлэл бий. Популизм сайн хийж чадахгүй, сураагүй  тал бас байна. Ер нь хэвлэл мэдээлэлийн орчинд бидэнд боломж бас хязгаарлагдмал байгаа. Жишээ нь УИХ дээр тодорхой, ээдрээтэй асуудлуудаар манай гишүүдийн байр суурь МҮОНРТ-ээр тун бага гардаг. Ер нь бид илүү судалгаатай, бодит байдал дээр үндэслж дуугарч байх нь төрийн бодлогийг зөв байлгахад илүү ач холбогдолтой гэж үздэг. 
http://otgonbayar.niitlelch.mn/


Sunday, 6 October 2013

Сү.Батболд: Эдийн засгийн төдийгүй бодлогын том асуудлуудын суурийг ч бид тавьсан



УИХ-ын гишүүн, Мон­гол Улсын Ерөнхий сайд асан Сү.Бат­болд­той ярилцлаа.

-Та Ерөнхий сайд бай­сан хүний хувьд эдийн засгийн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд ямар тайлбар өгөх вэ?  

-Ер нь өнгөрсөн дөр­вөн жилд,  2008-2012 онд бид улс орны хөгж­лийн магадгүй, ойрын 10-20 жилийн эрчимтэй хөгж­лийн үндэс суурийг тавь­сан гэж боддог. Олон жил гацсан томоохон төс­лүү­дийг эдийн засгийн эргэл­тэд оруулах төрийн шийд­вэрүүд өнгөрсөн хугацаанд гарсан л даа. Хамтарсан Засгийн газар байгуулж, УИХ-аар дээрх асуудлуудыг оруулсан. Ингээд  Оюу толгой, Та­ван толгой, төмөр замын асуудал мөн эдийн зас­гийн гол гол салбаруудын хувьд томоохон шийдвэ­рүү­дийг гаргасан ийм дөр­вөн жил болж өнгөр­сөн.

Мөн бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, компанийн засаглалыг сайжруулж шинэчилье, Европын стандартыг авч нутагшуулах асуудлыг дэвшүүлсэн. Ингэж эдийн засгийн тө­дийгүй, бодло­гын томоо­хон асуудлуу­дыг ч гэсэн бид хөдөлгөж, суурийг нь тавьсан бай­сан.

Цаг хугацааны хувьд эхлэх үндэс суурийг нь тавиад энэ ажлууд эрч хүчээ 2012-2016 оны хоо­ронд авч, Оюу толгойн төслүүдийн өмнөтгөл нь эхэлж,  жигд­рэх ийм боломж нөхцөл бүрдсэн байх ёстой юм. УИХ-ын шийдвэрийн да­гуу Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асууд­лыг эхлүүлсэн. Зүүн цан­хи дээр үйл ажил­ла­гаа нь эхэлсэн байгаа. Баруун цанхийн үйл ажил­лагааг олон улсын консерциум явуулах асуу­дал дээр яр­вигтай олон талт яриа хэлэлцээнүүд нь эцэс­лэг­дэж шийдэг­дээ­гүй. Ингээд сонгууль дамжиж орж ир­сэн. Ба­руун цанхийн үйл ажил­лагааг Засгийн газ­раас эхлүүлж байгаа нь энэ ажлыг улам эрчим­жүүлж буй ажил гэж бод­дог. Харин ямар зарч­маар, ямар шалгуур үн­дэс­лэ­лээр оператор ком­панийг оруулж ажил­луулж бай­гаа нь бидэнд ил тод, нээлттэй биш бай­гаа юм. Гэхдээ энэ үндэс суу­риа тавьж, эхлүүлсэн төслүүд маань авах ёстой эрч хүчээ өнгөрсөн жил хагасын хугацаанд авч чадсангүй. Зарим төслүүд саатах, удаашрах бай­дал­тай байна.

-Тухайн үед хийгд­сэн гэрээ хэлэлцээ­рүүд муу, үр дүн бага­тай­гаас Монголын эдийн засагт савлагаа үүсээд байгаа талаар зарим төрийн түшээд, эдийн засагчид мэдэгд­сэн. Эдийн засгийн док­тор хүний хувьд танаас тодорхой хариулт авмаар байна?

-Манай Засгийн газ­рын үед ч гэсэн ярьдаг байсан. Мэдээж төгс тө­гөл­дөр болсон гэрээ гэж хэлэхгүй. Эхлэлийг нь бол тавьсан, сайжруулах л ёстой. Энэ утгаар нь  бид хэд хэдэн удаа яриа, хэлэлцээр хөрөнгө оруу­лагч талтай хийж, зээлийн хүүг бууруулах, гуравдагч талд Монгол Улсын Зас­гийн газрын зөвшөөрөл­гүйгээр зарахгүй байх. Манай оролцоо доошоо буухгүй байх гэх мэтийн өөрчлөлтүүдийг хувь ний­лүүлэгчдийн гэрээнд нь оруулж, хийж, өөрчилж ирсэн. Цаашдаа Мон­голын талын хувь орол­цоог нэмэгдүүлэх шаард­ла­гатай яриа хэлэлцээр хийх ёстой гэж Их хурлаас бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу яриа, хэлэлцээр хийж хугацааны хувьд тодорхой 30 жил биш, хөрөнгө оруулалтаа нө­хөж дуусмагц хувь хэм­жээг нэмэгдүүлэх ийм яриа хэлэлцээр хийх бо­ломжтой.

-Тэгэхээр Монголын эдийн засгийн гол зүт­гүү­рүүд маань яавал асч, зөв гольдролд орно гэж та харж байгаа вэ?

-Гол гэсэн төслүүдийг өнгөр­сөн дөрвөн жилд асаа­гаад тавьчихсан. Ха­рин одоо миний түрүү­чийн хэлдэгээр эрч хүчийг нь зөв авахуулж ажиллуу­лах хэрэг­тэй. Энэ ажил маань бидний төлөвлөж байс­наас удаж байна. Үүнийг эрчимжүүлэх ёстой.

-Та бүхэн 2013 оны эхний найман сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийг сайн мэ­дэж байгаа. Эдийн за­сагт үүсээд байгаа хүнд­­рэ­лийг монголчууд хэр­хэн давж гарах бол?

-Эдийн засаг хүндэр­лээ гэдэг асуудал харь­цан­гуй ойлголт л доо. 2008-2009 онд эдийн за­саг хүндэрсэн, хямралын жилүүд байсан шүү дээ. Дэлхийн эдийн засагт өнөөд­рөөс ч илүү хүчтэй хямралтай жилүүд байсан. Хамгийн гол нь бид­ний өөрсдийн хүчин чар­майлт, хүч хөдөлмөр, зөв бодлого, бодлогын зал­гамж чанар, тогт­вор­той бизнес орчин, хөгж­лийн нөхцөлийг хангах ёстой. Сүүлийн жил га­ран­гийн хугацаанаас хара­хад, эдийн засгийн өсөлт буур­­сан. Үүнийг ма­най­хан дэлхийн зах зээл, үндсэн түүхий эдийн үнэ ханштай холбож байна. Өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажилла­гаатай хол­бодог. Евро­пын эдийн засаг хям­ра­лаас гарах хандлагатай байна. АНУ-ын эдийн засаг үзүүлэлтүүдээ сүү­лийн 2-3 жил нэлээн өөд­рөгөөр төсөөлж байгаа. Хятадын эдийн засгийг тэгж үзэж байна. Өмнөх Засгийн үйл ажиллагаа бол нэг­дү­гээрт хамтар­сан Засгийн газрын үйл ажиллагаа байсан. Хоёр­дугаарт УИХ-ын шийдвэр тогтоо­лыг хэрэгжүүлэх байлаа. Жишээ нь, өмнөх Засгийн газар өр тавьсан гэж яриад байдаг юм.

-Ингэхэд тэр өрийн асуудал хаанаас үүс­сэн юм бэ?

-Үнэнийг хэлэхэд Ард­чил­сан нам анх сон­гуу­лийн амлалтыг гарга­сан. Бэлэн мөнгө нэг сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд Ардын нам бас хувь хувь­цаа, бэлэн мөнгө амлана гэж нэмсэн. Ингээд 2008 оны сонгуулиар 1.5 сая төгрөг амласан. Тэгэхээр хоёр нам хоёулаа сонгуу­лийн амлалтыг амлаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл бэлэн мөнгөний амлалт, бэлэнчлэх сэт­гэлгээг гаргах зүйлийг улс төрийн намууд өөрсдөө сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр, уриа, лоозон­доо оруулсан зүйл. Тэрийг нь УИХ хамтарсан Засгийн газар байгуулаг­дахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөр оруулж баталж, Хүний хөгж­лийн сангийн хуулийг баталж өгсөн. Энэ хуу­лийг хэрэг­жүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Хуулийг хэрэгжүүлэх хү­рээнд Зас­гийн газар ажил­ласан. Хүний хөгж­лийн сангийн хуулийн дагуу иргэн бүрт 21 мян­ган төгрөг олгоно гэсэн. Таван толгойгоос ав­сан урьдчилгаа төлбө­рийг авахдаа бид нар ямар нэгэн Засгийн газ­рын баталгаа, бонд гар­гаа­гүй. Засгийн газарт ачаалал үүрүүлээгүй. Ту­хайн компани нь нүүрс­ний­хээ урьдчилгаа төлбө­рийг аваад, тэр төлбөр нь Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу ард иргэ­дэд хүртээгдсэн зүйл. Эр­дэнэтийн ноогдол аш­гийн урьдчилгаа, мөн Оюу­толгойн урьдчилгаа төлбөрүүдийг авч хүний хөгжлийн сангийн хуу­лийг хэрэгжүүлэх ажлууд явагдсан. Энэ өр маань Засгийн газар аваад, Засгийн га­зар дээр тавь­сан өр биш. Тухайн аж ахуйн нэгжүү­дийн ноог­дол ашгийн эс­вэл бүтээг­дэхүүнээр төлөх төлбөр, урьдчилгаа байсан. 2011 онд бид 4,9 тэр­бумын зарлагатай бай­сан. 2012 онд зургаан тэрбумд хүр­сэн. Одоо бол 7.4 тэрбум болж байгаа. Өмнөх жи­лүү­дээс өндөр, төсвийн зарлагыг бат­луул­сан. Хэдий өрийн тухай ярьж байгаа ч гэсэн боди­той­гоор үлдээсэн илүү зүйл нь болбол бид Хөгж­лийн банкинд 580 сая ам.дол­ларын зээлийг сон­гуу­лийн өмнөх нь тав­дугаар сард аваад, тэр чигээр нь ашиглахгүйгээр дараа­гийн Засгийн газарт шил­жүүлж өгсөн. 1.5 тэр­бум ам.долларын дүнтэй “Чингэс” бондыг Засгийн газар гаргасан. Энэ бол өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны зал­гамж чанар, бий бол­го­сон хөрс нөхцөлийг л олон улсын банк санхүү­гийн зах зээл дэмжиж өгч бай­гаа зүйл. Ийм мөнгө гарч ирсэн. Монгол банк­наас үнэ тогтвор­жуулах хөтөл­бөрийн хү­рээнд гур­ван их наяд төг­рөгийг эдийн за­саг руу оруулсан байгаа. Дээр нь Засгийн газарт нэг тэрбум төгрөг­тэй тэн­цэх бондыг дотоод­доо гаргасан. Тэгэ­хээр өмнөх Засгийн га­зарт ийм бо­ломж, тансаг­лал бай­гаагүй.

-Таны хэлсэнчлэн ийм дэмжлэг байгаа мөрт­лөө яагаад эдийн засаг маань бууралт­тай, валютын ханш нь савлагаатай, үндсэн нэр төрлийн ба­раа бү­тээгдэхүүний үнэ ханш өсөлттэй байна вэ?

-Эдийн засгийг бид улам төлөв­шүүлж явуу­лах ёстой. Энэ дээр хэд хэдэн зүйл бай­гаа­гийн нэг нь төрийн бодлого маань өөрөө зал­гамж чанараа хадгал­даг байх ёстой. Өмнө нь олсон ололтоо үгүйсгэх биш, улам батал­гаа­жуулж яв­даг зарчим байх ёстой гэж үздэг. Үгүйсгээд бодло­гыг өөр­чилсөн юм олон зүйл дээр байхгүй ч гэсэн эргэж харах, цаг хугацаа алдах, хөрөнгө оруулалтын ор­чинд нь үл итгэх байдал үүсгэж байгаа нь өөрөө болгоомжлол өгөөд бай­гаа дохио юм. Хөрөнгө оруулалт тэрнээс болж зогсонги байдалд орж, буурч байгаа. Жишээ нь 2012 оны эхний улир­лаар хөрөнгө оруулалтыг 68 хувиар өсч байна гэж үзсэн. Гэтэл энэ оны эх­ний хагас жи­лийн дүн­гээр гарсан тоо барим­таар шууд хөрөнгө оруу­лалт 46 хувиар буурч байна. Бодлогоор оруулж мөнгө байлаа гэхэд, шууд хөрөнгө оруу­лалт багасч байгаа нь зах зээлийн онолоор явах мөнгөний урсгалд сөр­гөөр нөлөөлж байгаа. Тийм учраас тогтвор­той бизнесийн орчин, тогт­вор­той хөгжлийн бод­логыг хангах асуудал хам­гийн чухал зүйл юм. Ма­най хөгжилд сонгуулиас сонгуульд ярьдаг бодло­го гэхээс илүү үндэсний хөгжлийн тогтвортой цогц бодлого,  өмнөх ололтоо улам баталгаажуулсан бодлого хэрэгтэй байна гэдгийг дүгнэх ёстой болов уу.

-Хөрөнгө оруулал­тын талаарх таны байр суурь?

-Хөрөнгө оруулалтын хууль өөрчлөгдсөний мар­­­гаашаас хөрөнгө оруу­­­лагчид гүйгээд ирэх­гүй л байх. Хөрөнгө оруу­лагчдын итгэлийг бэхжүү­лэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах ёстой. Бидний чад­вар ямар түвшинд байна вэ. Хөрш, төс­тэй орнууд­тай харьцуу­ла­хад бид юун дээрээ ухраад, юун дээ­рээ урагшлаад байна вэ гэдгийг үзэх ёстой. Өрсөл­дөх чадварын индекс до­тор төрийн оролцоо огцом нэмэгдээд байна. Төрийн оролцоо эдийн засаг, бизнесийн сал­барт хүчтэй орж бай­гаа нь өөрөө дахиад болгоомж­лол төрүүлээд байна. Төр өөр рүүгээ “хөнж­лөө” татаад байвал биз­несийн орчин нь ху­миг­дана. Үүнийг буцааж либе­рал эдийн засгийн бодлого, тэр зах зээлийн үндсэн горим зохицуу­лал­тан дээр байлгах ёс­той юм байна. Энэ нь бол тогтвортой, хуулиараа хамгаалагдсан байх ёс­той юм байна. Энэ нь өрсөлдөх чадварыг хан­гаж чадах ёстой юм байна. Таатай бизнесийн орчин гэхээр манайхан, эсвэл гадна, дотны хэн нэгэнд тусгай хөнгөлөлт чөлөөлөлт өгөх гээд бай­на гэдэг ойлголтыг авч хаях ёстой байгаа юм.

-Чалкотой хийсэн гэ­рээний хувьд ямар тайл­бар өгөх вэ?

-Энэ чинь нүүрсний урьдчилгаа төлбөрийг авсан асуудал. Нэг ёсон­доо мөнгөөр өр төлнө гэсэн үг биш. Газар дор байгаа бүтээгдэхүүнээ зарна. Тэгээд урьдчилаад мөнгийг нь авахдаа УИХ-ын шийдвэртэй, хоёр на­мын сонгуулийн амлалт­тай, Хүний хөгжлийн сан­гийн хуулийг хэрэгжүүлэх, 21 мянган төгрөгийн ам­лалтыг хэрэгжүүлэх аж­лыг л бид хийсэн. Энэ бол ард түмэнд өгсөн мөнгө. Гэхдээ үүнийг хамтарсан Засгийн газрын үед хий­сэн зүйл шүү дээ. Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд бүгд  АН-аас байсан. Ямар ч байсан энэ гэрээ Монгол, Хятадын төрийн өмчит, аж ахуйн нэгж хоё­рын хооронд нээлттэй хийгдсэн олон улсын зах зээлийн жишиг, нүүрсний үнэ, томъёоллоор хийгд­сэн гэрээ гэж ойлгож бай­гаа. Гэрээний хувьд зах зээлийн үнэ дээр тулгуур­ласан томъёогоор хийгд­сэн гэрээ учраас энэ бол зөв зүйтэй зүйл. Бид мөн Оросоос авдаг бензин, нефтийг томъёогоор ав­даг.

-Ээлжит бус чуул­га­наар өргөн барьсан нэр бүхий таван хууль Мон­голын эдийн засагт ямар үр дүн өгөх бол?

-Хөрөнгө оруулалтын хуулийн хувьд хөрөнгө оруу­лалтын орчинд дүг­нэлт хийлгэх түүнийг тогт­вор­той болгоход чиг­лэгд­сэн хууль гэж ойлгож байна. Тогт­воржуулах­даа зөвхөн том эсвэл гадны компа­ниу­дад зо­риул­сан биш, гадаад, до­тоодын хөрөнгө оруу­лагчдыг бүгдийг хам­руулах, тодорхой шат­лал, ангилалтай байлгаж жижиг дунд бизнесийг хамруулах улмаар хууль тэгш үйлчилдэг зарчим­тай байх ёстой гэдэг зүй­лийг бид ярьж байгаа л даа.

-Тогтвортой эдийн засгийг хөгжлийг хан­гахын тулд юу хйих хэрэгтэй вэ?
-Бидний сурах ёстой хоёр зүйлийг дурдмаар байна. Ерөнхийдөө сэтгэ­лийн хөдлөлөөр популиз­маар асуудалд хандах, ялангуяа хуулиудыг са­наач­лах асуудал дээр нэлээд гардаг. Сайн тал бий. Зарим нэг цаг үеэ олсон шуурхай байх ёс­той зүйл бий. Ихэнх то­хиолдолд судалгаа, тоо­цоо, үндэслэл муутай. Тэрнээс болоод эргэж өөрчлөгдөх нөхцөл рүү ордог. Бид цаашид зах зээлийн нийгмийг улам төлөвшүүлж, хөгжүүлэх­дээ, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхдээ, тогтвортой эдийн засгийг хөгжлийг хангахын тулд юу хэрэг­тэй байна гэхээр шинж­лэх ухааны үндэстэй, судал­гаа тооцоон дээр үндэслэсэн, ийм шийд­вэ­рүүдийг гаргаж байх ёс­той. Тэдгээр судалгаа тооцоог мэргэжлийн хү­мүүс гаргасан байх хэрэг­тэй. Улс төрчид бол мэр­гэжлийн хүмүүсийн маш нарийн хийсэн судалгааг, тооцоог нухацтай авч үзэж, Их хурлаар хэлэл­цүүл­дэг тогтолцоог бэх­жүү­лэх шаардлагатай. Энэ бол цаашдын тогт­вор­­той хөгжлийн, итгэ­лийг даах хөгжлийн ал­хам юм.

Мөн эдийн засгийн, бизнесийнхний санал бод­лыг тусгасан бодлого улам хэрэгтэй болж бай­на. Ерөнхийлөгч хэлж бай­сан шүү дээ. Нээрээ л төрийн оролцоогоо эргэж харах цаг болж байна гэдэгтэй санал нэг байгаа юм. Төр орж ирээд бүх бизнес, эдийн засгийг зохицуулна, ханшийг бари­на гэдэг нь гажуудал руу оруулаад байна л даа. Тийм учраас төрийн оролцоо өөрийнхөө зо­хис­той механизмаар хяз­гаарлагдаж байх ёстой. Төр хувийн хэвшлийн хил хязгаар маш тодорхой байх ёстой гэж бид ярьдаг.

Тэгэхээр энэ бүгд зүй­лүүд дээр бид зөв дүгнэлт хийгээд, бодлогын асууд­луу­даа сонсоод хамтарч улс орноо хөгжүүлэх асуудлыг тавих ёстой юм.

-Ардын намын залуу гишүүд намаа шинэч­лэх гэж тэмц­сээр л бай­гаа. Та энэ шинэчлэлийг хэр хүлээж авч байгаа вэ?

-Шинэчлэл гэдэг үг их моодонд орсон юм шиг байна. Бид уг нь хамт­раад бүтээн байгуу­лал­тын сууриудыг та­вилц­сан. 2012-2016 оны үйл ажиллагаа маань бол­бол улам эрч хүчээ аваад өргөжөөд явах ёстой гэж би үздэг. Гэтэл Шинэч­лэлийн Засгийн газар болно гэдэг нэр томъёо руу орсон шүү дээ. Нэр томъёо харьцан­гуй ойл­голт юм байна гэж ойлгож байгаа. Түүнтэй адил ма­най намын хэсэг залуус шинэчлэл хийнэ гэж бай­гаа. Шинэчлэл гэ­дэг зүй­лийн нэг эерэг хандаж байгаа зүйл нь урагшлуу­лах процесс гэж ойлгож байгаа. Намын үйл ажил­ла­гаа, амьдрал өөрөө амьд процесс. Засч залруулъя гэж байгаа нөхдүүд өөрийн санал бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Намын үйл ажил­лагааг идэвхжүүлэх процесс явагдаж байгааг би зөв зүйтэй гэж үздэг.

-Ардын намынхан олонх байхдаа гаргасан хамгийн том алдаа гэвэл таныхаар юу  вэ?
-Яахав төгс төгөлдөр юм гэж байдаггүй. Бид на­рын нэг алдаа гэвэл тал талыг ойлголцуулаад, зөвшилцөлд хүрч байж шийдвэр гаргая гэдэг зүй­лийг түлхүү барьсан бай­на. Зарим асуудал дээр олонхийн зарчмаар явах ёстой зүйлийг бид нар илүү зөвшилцөл гэж явуул­сан. Үүнээс болж зарим шийдвэрүүд цаг хугацаандаа гарч чадаа­гүй. Гол нь хугацаа алд­сан. Тэрнээс болоод ач холбогдол нь буурсан зүйлүүд байгаа.
А.АНА

"ӨДРИЙН СОНИН"

Wednesday, 1 May 2013

С.Батболд: Өмнөхөө үгүйсгэж суух зав Засгийн газарт байдаггүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.БАТБОЛДТОЙ ярилцлаа.

-Танай намын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал гар­гасан ч санасандаа хүрсэнгүй. Таны хувьд огцруулах үндэс­лэл, хүрэх үр дүнг хэрхэн урьдчилан харж байсан бэ?
-Нам бол улстөрийн зохион бай­гуулалт. Улстөр ч хамтын шийдвэртэй багийн тоглолт. Тэр утгаараа манай намын бүлгээс Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хууль зөрчсөн үндэслэлээр  Ерөнхий сайдад хариуцлага тооцох саналаа УИХ-д гаргаж хэлэлцүүлсэн. Ард­чилсан нийгэмд хууль зөрчсөн л бол Засгийн газар цөөхөн сар ажилласан, Ерөнхий сайд, ямар нэгэн гавьяат үйлстэн байхаас үл хамааран хариуцлага хүлээх ёстой.Манай бүлэг энэ зарчмаар асуудалд хандсан.Харин эцсийн шийдвэрийг яаж гаргах, Ерөнхий сайдад хариуц­лага тооцох, үгүй нь УИХ-ын эрх мэдлийн асуудал.Улстөрийн намууд, ер нь хэнтэй ч хуваалцахгүй энэ эрх мэдлийнхээ хүрээнд УИХ шийдвэрээ гаргасан. Үүгээр асуудал дуусч ард хоцорсон. Харин үр дүнгийн тухайд би арай өөр бодолтой байгаа.

-Ямар…?

-Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хангаж, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Хэрвээ Засгийн газар нь, Ерөнхий сайд нь хуулиа зөрчөөд байвал энэ улсад хэн хууль мөрдөх юм.Хууль биелүүл гэж хэнд шаард­лага тавих юм, нэгдүгээрт.Хоёду­гаарт, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд сөрөг хүчний, иргэний нийгмийнхэн, эдийн засагчид бизнесийнхэн, мэргэжилт­нүүдээс хяналт тавих боломж, бололцоо бараг алга.Ил тод байдлыг, оролцоог хангаж чадахгүй байгаа нь хяналт сул байх, авлига хээл хахууль газар авах гол нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт буурч бүтээн байгуулалт эхэлж, эрчимжиж чадахгүй байгаад Засгийн газар бодитой дүгнэлт хийх ёстой.Энэ гурван зүйл дээр УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт сайтар са­нуулж, цаашид гарч болох том алдааг бага дээр нь засч залруулах анхаа­руулга өглөө. Засгийн газар ч том сануулга авсан байх.Энэ бол үр дүн.

-Та бодитой дүгнэлт хийхгүй байна гэлээ, жишээ нь ямар асуудал дээр вэ?

- МАН, АН-ыхан Засгийн газарт хамтарсны хүчинд олон зүйл хийсэн. Улс орны хэмжээний, олон жилээр гацсан томоохон төслүүдийг хам­тарсны хүчинд хөдөлгөж чадсан. Хамтарсны хүчинд амаргүй нөхцөлд, цаг хугацаа шаардсан олон ажлын ард гарч эдийн засгаа 18 хувиар өсгөж байсан нь бидний хамтын хүч.Гэтэл үүнийгээ “хөөс байсан” гэх нь бодитой дүгнэлт биш.Урдахь руугаа чихсэн ийм улстөрийн дүгнэлт ажилд нэмэр болохгүй. Нэгэнт ачаа даах гэж байгаа бол эргэж буцах­гүйгээр урагшаа харж ажиллах хэрэгтэй. Ямар ч ажил үгүйсгэлээр урагшаа явдаггүй. Тэр тусмаа засгийн ажил.Тийм цаг зав ч Засгийн газарт байдаггүйг Ерөнхий сайд байсны хувьд би сайн мэднэ.

-Хамтарсны хүчинд олон зүйлийн ард гарсан гэдгээ АН-ынхан ч хэлдэг. Жишээ болгож голдуу Оюутолгойг нэрлэдэг. Үүнээс өөр ямар амжилтад хүрсэн бэ, таны­хаар?
-Эдийн засагт бодитой өсөлт гарсан. 18 хувийн өсөлт гарсан. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариа­лан­гийн салбарт өсөлт гарсан.Жи­жиг дунд үйлдвэрлэлийг эр­чим­тэй хөгжүүлэх суурь, эхлэлийг тавьж чадсан.Ажилгүйдэл, ядуу­рал буурч эхэлсэн.Нэг ёсондоо эдийн засаг тогтворжиж эхэлсэн учраас манай Засгийн газраас энэхүү өсөлтөө хүн рүүгээ чиглүүлэх, айл болгоны босгыг давуулах бодлого барь­сан.Энэ хүрээндээ Хүний хөг­жил сангийн хуулийг батлуулж, эдийн засгийн орлогоос ард тү­мэндээ хуваарилж эхэлсэн.Эх­лээд цалин, тэтгэврийг дунд­жаар 2.5 дахин нэмэгдүүл­сэн.Хүний хөгжил сангаас ард тү­мэндээ 21 мянган төгрөг олгож эхэлсэн.

-21 мянгыг “халамжийн хөтөлбөр байсан” гэж эрх баригчид шүүмжлээд бай­гаа?
-Хэрвээ халамжийн хөтөл­бөрийг эхлүүлсэн автор хайж байгаа бол сонгуулиар бэлэн мөнгө амлахыг санаачлагч нь АН-ынхан өөрсдөө. Хүүхдийн 10 мянгаар эхлүүлж байсан. Энэ нь буруу байснаа одоо ухаарч байгаа юм уу,  байр сууринаа­саа ухарч байгаа юмуу мэдэх­гүй, өнөөдөр огт өөр юм ярьж байна л даа. Хараад байхад АН-ынхан цаг үеийг харж байгаад, ялангуяа сонгуульд орох боло­хоороо зүүний чиглэлийн на­мын байр суурьтай болоод ирдэг.Сонгуульд ороод олон суудалтай юмуу, цөөнх боло­хоороо буцаад барууны чиглэл­тэй нам болчих юм. Өнөөдөр бол сонгуулийн үеэр ид амлаж явсан зүүнээсээ нүүдэл хий­гээд баруун талдаа гарчихсан тууж явах жишээтэй. Улстө­рийн нам ингэж үзэл баримтлал, бодлого нь тогтворгүй, ойр ойрхон бууриа сэлгэж явах нь  буруу л даа.

-Танай намд ийм “өвчин” байхгүй юу. АН-ын нэг саяыг давуулаад 1.5 сая болгон амлаж явсан санагдах юм?
-Манай нам өөрийн гэсэн үзэл бодол, тогтсон үзэл ба­римт­лалтай. Түүндээ тууштай, ямар ч тохиолдолд чинээлэг дундаж давхаргыг бий болгох ёстой гэж үздэг.Төрийн бодлого нь хүнээ дэмжсэн, эдийн зас­гийн бодлого нь зах зээлд суу­рилж төрийн зохицуулалттай явах ёстой гэж үздэг.Бид сон­гуульд олонхи байсан ч, цөөнх болсон ч энэ байр сууринаасаа буцаж байсан удаагүй. Амлас­наа өгдөг, биелүүлдэг.

-21 мянгыг халамжийн хөтөлбөр байсан тухайд... ?

-Чинээлэг дундаж давхар­гыг бий болгохыг зорьдог нь зүүн төвийн намуудын гол зар­чим. Манай намын энэ зарчим, эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ жигд хүртээх Засгийн газрын бодлогын хүрээнд бид иргэн бүртээ 21 мянган төгрөг хуваарилсан.21 мянга бол Монгол Улсын бүх иргэнд жигд хүрдэг төрийн бодлого байсан шүү. Энэ бол эхлэл бөгөөд 21 мянгыг цаашид эдийн засагтай­гаа уялдуулаад өсгөх ёстой. Байгалийн баялгаасаа ашиг хуваарилж амжилтад хүрсэн Норвеги улсын сан, Аляскийн зэрэг сангууд ч ингэж багаас эхэлж байсан түүхтэй.Хорин нэгэн мянгаас гадна бид хүн рүүгээ чиглэсэн бодлогын хү­рээнд иргэдээ эрүүл, боловс­ролтой болгох бодлого хэрэг­жүүлсэн. Бага насны хүүхдийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй  үзлэгийг орон даяар явуулсан.Боловсролын системд Кемб­рижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн.

-Өнөөдөр бүтэхээ бай­чихлаа гэх  зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл энэ бодло­гын хүрээнд гарсан шийдвэр үү?

-Тийм. Тодорхой судалгаа, мэргэжлийн байгууллагын дүг­нэл­тээр эхлүүлсэн ажил. Мон­гол­банкны өнөөдрийн удирдла­гууд хамтарсан засгийн үед байсан.Тэдний болон мэргэ­жилт­нүүдийн судалгаа тооцоог үндэслэж хүүг зургаан хувиар тогтоосон. Монголбанкны ерөн­хийлөгч Н.Золжаргал тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа “Ерөнхий сайд аа, манайхан бүх тооцоо судалгааг хийлээ, хүү зургаан хувь байхад болно оо” гэж та­нил­цуулж байсан.Харин өөрийн чинь асууснаар энэ хөтөлбөр бүтэхээ байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Эдийн засгийн өсөлт буурч зарим нэмэлт ачаалал ирж, төсөвт хүндрэл үүссэн учраас Засгийн газрын зүгээс энэ бодлогыг эргэж харж байна гэж ойлгож байгаа.Энэ байж болох л асуудал, Засгийн газрын эрх.Уг нь сэтгэл байгаад зүтгэх юм бол хүүгийн хэмжээ зургаагаараа явахад болохгүй юм­гүй. Яагаад гэвэл энэ хөтөл­бөрт аль болох бага орлоготой хэс­гийг түлхүү хамруулах ёс­той. Үүний тулд зарим ачааллыг төр өөр дээрээ авахад ч буруу юм байхгүй. Хүүгийн хэмжээ бага байж л бага, дунд орлоготой иргэдээ илүү олноор хамруу­лах боломжтой. Энэ бол бидний шинээр хийх гэж байгаа биш, Сингапур зэрэг улс орнуудын яваад амжилтад хүрсэн сайн жишээ.

-Засгийн газарт хяналт сул байна гэх юм. Өмнө нь танай Засгийн газарт  тийм сайн байсан юм уу?
-Манай Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгой болон бусад бүтээн байгуулалтын ажлын хэсгийг хоёр намаас байгуулж, харилцан хяналт тавьж явдаг байсан. Дээр нь салбар хариуцсан сайд нар нь ордог. Засгийн газрын төвшинд ингэж харилцан хяналттай ажил­лахаас  гадна, аж ахуйн бай­гуул­лагын төвшинд янз бүрийн томилгоо бүтээн байгуу­лалтын ажлыг хийхдээ аль болох нээлт­тэй байж улстөрийн намууд,  иргэний нийгмийнхэн, нийгмийн зүгээс хяналт тавих боломжийг хангаж, оролцоог нэмэгдүү­лэхийг хичээдэг байсан.

Харилцан хяналттай хам­тарч ажилласны хүчинд бид бодлогын болон бүтээн байгуу­лалтын олон ажлын хөрс суу­рийг бэлдэж эхлүүлж чадсан. Заримыг нь ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуультай золгосон.Гэтэл одоо тийм хяналт, оролцоог хангасан юм алга.Нэг талыг хэт их барьж байгаа нь харагдаж байна.

-Ажил нь эхлэхэд бэлэн болгоод сонгуульд орсон гэж ямар бүтээн байгуу­лал­туудыг хэлж байна вэ?

-ТЭЦ-Y-аас эхлээд хэд хэ­дэн бүтээн байгуулалтын жаг­саалт бий. Ганц жишээ хэлэхэд бид Хөгжлийн банкаар барь­цаалж босгосон бондоороо  тө­лөвлөсөн бүтээн байгуулалтаа бодитой эхлүүлж амжаагүй. Цаг хугацаа гараагүй. Мөнгө нь оройтож хавар дөрөвдүгээр сард, зургадугаар сард болох  сонгуулийн ажил гэхээсээ хийр­хэл нь эхэлчихсэн үед орж ир­сэн л дээ. Гэхдээ бид санхүү­жүүлэх төслүүдийнхээ шийдвэ­рийг гаргаж, техник эдийн зас­гийн үндэслэлийг боловсруулж, санхүүжилтийг шийдэж өгөөд сонгуульд орсон. Уг нь бид эхлээд  Засгийн газрын бонд гар­гая гэж бодсон юм. УИХ зөв­шөөрөөгүй. Арилжааны банкуу­дынхаа эх үүсвэр, дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаагүй байж  гадаад зах зээл дээрээс Засгийн газрын бонд босгох шаардлагагүй гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хорооноос шийдвэр гарга­сан. Нэгэнт парламент зөвшөө­рөөгүй учраас Хөгжлийн бан­каа­раа бонд босгосон.Засгийн газрын бондыг бодвол банкаар барьцаалж бонд босгох амар­гүй л дээ. Нэг банкинд итгэх, бүхэл бүтэн улсын Засгийн газарт итгэх хоёр харилцан адилгүй. Тэгэхдээ л бид тухайн үедээ боломжийн хүүтэйгээр  570 сая долларын эх  үсвэрийг босгож чадсан. Одоогийн Зас­гийн газар энэ мөнгийг ашиг­лаад, бүтээн байгуулалт руу оруулаад явж байгаа.

-Бондоор хийх бүтээн байгуулалтаас илүүтэй хүү­гийн төлбөр нь шүүмжлэлд их өртөх юм. Хөгжлийн банк­ны хүүгийн төлбөр хэтэрлээ, төсвийн мөнгөнөөс хүү төлж байгаа нь буруу гэсэн шүүмж­лэл сонгуулиар их явсан.Одоо 1.5 тэрбумыг бас хүүгээр нь шүүмжлээд байх юм?
-Хүүгийн тухайд Хөгжлийн банк дээр 20 гаруй тэрбум төгрөгийн хүү гарсан гэж шүүм­жилдэг. Одоо бүр 1.5 тэрбумын бондод  хүү төлнө шүү дээ. Ер нь  хүү хаанаас гарах нь гол биш. 1.5 тэрбумын хүүг Монгол­банк­наас гаргах, арилжааны бан­куудтай хамтарч гаргах,  Хөгж­лийн банкны бондынхыг  төс­вөөс гаргах нь хэлбэрийн хувьд өөр байж болно. Эцсийн дүн­дээ Монгол Улсаас гарч бай­гаа, монголчууд бидний л мөнгө. Хүүгийн мөнгө хаанаас, хэний халааснаас гарав гэдгээр талцаж маргах нь утгагүй, ач холбогдолгүй. Хамгийн гол нь бондын мөнгөөрөө үндсэн зээ­лээ, нэмээд хүүгийн төлбөрөө нөхөх хэмжээний эрэлт үүсгэж  бодитой үр дүн гаргах, эсвэл тийм хэмжээний бодитой бү­тээн байгуулалт бүтээх  төслөө онож санхүүжүүлэх нь хамгийн чухал.

-Ер нь засгийн ажил заа­вал залгамж чанартай байх ёстой юу. Танай Засгийн газраас залгамжлагдсан ямар ажил байна вэ.Таныг Ерөн­хий сайд байх үед Тэргүүн шадар сайд байсан хүн өнөөд­рийн Засгийн газрыг тэргүүлж байна шүү дээ?

-Шинэчлэлийн Засгийн га­зар шинээр бодлого хэрэг­жүүл­нэ гээд л байгаа. Би хувь­даа төрийн залгамж чанар байх ёстой, хамтраад шийдсэн аж­лын­хаа эцсийн үр дүнг бүрэн гаргах хэрэгтэй.Одоо хараад байхад хэлбэрийн чанартай шинэчлэл давамгайлж байх шиг байна. Харин агуулгын чанартай ямар шинэчлэл хийхийг нь нийгэм хараад хүлээгээд л байгаа.Ер нь өмнөх засгийн үед хөндлөнгийн хяналттай, иргэний нийгмийнхэн, мэргэжилт­нүү­дийн оролцоотойгоор бидний хамтаараа шийдсэн асуудал арай л голтой, дүн нуруутай байсан гэдэг би итгэлтэй явдаг. Жишээ нь, манай Засгийн га­зар шинээр тавих төмөр замын 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Үлдсэн 49 хувийг нь стра­тегийн хөрөнгө оруулагчдыг татах хэлбэрээр тэдэнд эзэм­шүүлье гэж шийдэж байсан. Энэ засаг ярьж, ярьж эргээд бидний хамтаараа шийдсэн шийдвэр дээр буулаа гэж ойлгож байгаа. Дотроо жижиг сажиг өөрчлөлт ор­сон байхыг үгүйсгэхгүй. Суурь зарчим, агуулга нь хэвээ­рээ үлдлээ.Тавдугаар цахил­гаан станцыг бид Азийн хөгж­лийн банкны төслөөр техник эдийн засгийн үндэслэлийг нь нэлээд бодитой хийлгэсэн. Өөрийн улсын мэргэжилтнүү­дийн санаа оноог авсан. Тенде­рийг нь зарласан.Одоо энэ засаг байршлыг нь өөрчилье гэж байх шиг байна. Тэгж болно. Гол нь  төр засгийн ажлын  залгамж чанараа хадгалаад, тэр дундаа засч сайжруулаад явах ёстой. Бид ч тэгдэг байсан.

-Жишээ нь…?
-Оюутолгойн гэрээг сайж­руулъя гэж хэд хэдэн өөрчлөлт оруулж байсан. Зээлийн хүүг бууруулсан.Манай талын 34 хувийг илүү баталгаатай болгож тодотгосон, ордын лицензийг бусдад зарахааргүй болгож Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна хөрөнгө оруулал­таа нөхс­ний дараа Монголын талын хувийг 51-д хүргэхийг заавал 30 жил гэж хүлээх­гүйгээр наана нь авч үзэж болох тухай ярилцаж байсан. Засгийн ажил энэ мэ­тээр чанаржаад сайж­раад  явах ёстой. Гол нь засч сайжруулах гэж байна гээд таг зогсоож гацааж болохгүй. Тэ­гээд хэсэг хугацааны дараа хэлбэрийн төдий өөрчлөлтөөр шинээр эхлүүлэх нь Монголд бүр л хохиролтой.Тавантолгой дээр сайжруулах ёстой л гэж байна.Тийм байж болно, гэтэл тэ­рийгээ нээлттэй, ил тод, хяналттай зөв хийж чадаж байна уу, үгүй юү гэдгийг мэдэх бо­лол­цоо алга.

-Тавантолгой гэснээс энэ ордоос иргэн бүрт хуваа­рилсан хувьцаа, хөрөнгийн зах зээл гээд танай Засгийн газрын ажлууд чимээгүй болчихлоо.  Бодлого буруу байсан уу, эсвэл цаагуураа ажил явж байгаа юм болов уу?
-Тавантолгойн ордоос ир­гэд­дээ 1072 хувьцаа олгох, аж ахуйн нэгжүүддээ давуу эр­хээр хувьцаа эзэмших сонголтыг бид хийсэн. Энэ бол хөрөнгийн зах зээл дээр бүртгэгдсэн, олон улсын гэрээ дүрмээр явах ажил. Ажил явж байгаа эсэх нь  айхтар харагдахгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ таг зогсчихсон гэж бас бодохгүй байна. Иргэн бүрийн 1072 хувь­цаа бол цаас байх ёсгүй. Одоо энэ ажил цаашаа, иргэд компа­ниудын хувьцаа нь мөнгө болж, үнэ ханш нь өсч буурч зах зээлийнхээ эргэлтэд орж явах ёстой.

-Хувьцаатай холбог­дуулж асуухад компаниудыг олон нийтийн засаглалтай болох ёстой гэж  Ерөн­хий­лөгч хаврын чуулганы нээлт дээр анхааруулж хэлсэн. Та өмнө, намынхаа Бага хурал дээр энэ тухай хөндөж бай­сан.Олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд гэж томьёоллоо эвгүй хэлсэн үү, ажил болж эхлээгүй. Үнэхээр боломж байгаагүй юү?
-Засгийн газар  шууд хий­чих, компаниуд шууд хувьцаа гаргаад эхлэх ажил хараахан биш л дээ. Ер нь уул уурхайн, төрийн өмчийн томоохон ком­па­ниуд, Монголын баялгийг түшиглээд дэлхийн зах зээл дээр гарчихсан, тэндээс мөнгө босгочихсон гадаадын болон үндэсний компаниуд наад зах нь 10-аас доошгүй хувиа Мон­голын хөрөнгийн бирж дээр хувьцаа болгож гаргах ёстой.
Тэрийг нь худалдаж авах боломж  Монголын ард түмэн, олон нийтэд ижил тэгш нээлттэй байх ёстой. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах талаар манай Засгийн газар нэлээд ажил хийсэн.Бод­логыг нь гаргасан. Дэлхийн хө­рөнгийн зах зээл, Хөрөнгийн биржүү­дийн сонгодог, анхдагч нь болох Лон­донгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулж дэд бүтэцээ шийдэж эхэл­сэн,  технологийг нь оруулж ирэхээр тохиролцсон. Хүмүүсээ сургаж эхэлсэн.Энэ бүхнийг системтэй явуулж байсан.Одоо ажил үргэлжлээд явж байгаа гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох, ялангуяа Засгийн газрын, тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангуудыг хөрөнгийн зах зээлийн үйл ажил­лагаанд идэвхтэй оролцуулах болом­жийг хангасан эрхзүйн орчныг иж бүрнээр нь шийдэх гээд энэ салбарт хийх ажил их бий. Миний хувьд одоогоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Хэрвээ эрхзүйн орчин нь зөв бүрдэж чадвал Монголын үндэсний томоохон компаниуд ч олон нийтийн өмчлөлтэй болох ёстой.Ийм сонирхол, шаардлага олон нийтэд ч, үндэсний компаниудад ч бий байх.

-Ер нь компаниуд олон ний­тийн өмчлөлтэй байхын давуу тал юу вэ?

-Компанийн засаглалыг сайжруу­лах, олон нийтийн засаглалтай компаниудыг бий болгох, үүнд нь хувьцаа худалдаж авах хэлбэрээр иргэд идэвхтэй оролцох, хяналттай, нээлттэй байдаг нь сайн засаглалын гол чанар.  Олон нийтийн өмчлөлтэй болох нь компанийн засаглалыг ил тод тунгалаг байлгадаг.Хоёрдугаарт компанийн менежментийг улстөрөөс хараат бус байлгана.Тэнд улстөрчид ах дүү амраг саднаа томилуулах боломжгүй, улстөр эдийн засгийн бүлэглэлүүд үр ашиггүй шахаа хийх бололцоогүй. Тэнд зөвхөн чадвар, туршлага, мэдлэгт суурилсан менеж­мент  үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, нээлттэй компанийг мэргэжлийн бус юмуу, чадвар муутай хүн удирдаад явах  бололцоогүй. Үүнээс гадна зөв­хөн арилжааны банкны зээлээр биш, хөрөнгийн зах зээл дээрээс эх үүсвэр босгох боломжтой.

-Ерөнхий сайд байсан хүний хувьд нөхөрсөг зөвлөгөө өгөөч гэвэл энэ Засгийн газарт та юу зөвлөх вэ?

-Бид хэдийгээр хоёр өөр нам ч, явж байгаа зүг, эцсийн зорилго маань нэг. Энэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, хойч үедээ өнөөдрийнхөөс илүү сайхан амьдрал цогцлооё гэж зорьж байгаа. Өнөөдөр дэлхийн эдийн засаг хүндэрлээ гэж байна. Гэтэл биднийг хамтраад засаг барьж байсан 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал оргил үедээ хүрч байсныг АН-ынхан мэдэж л байгаа.  Манай Засгийн газар Хөгжлийн банкны 570 саяас гадна  БНСУ-аас 300 сая доллар, мөн БНХАУ-аас зээл  авахаар тохирсон байсан. Шинэчлэлийн Засгийн газар дээр нь нэмээд 1.5 тэрбум долларын бонд босголоо.Ажил хийх санхүүгийн эх үүсвэр байна. Үүнийгээ бүтээн бай­гуулалтын ажлаа эх­лүүлж, чанартай хийх хэрэгтэй. Бидний үед гарсан эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийг дандаа УИХ, Засгийн газар, улстөрийн на­мууд  дангаараа хийгээ­гүй. Бид  иргэ­ний нийгэм,  төр,  ху­вийн хэвш­лийн түнш­лэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хи­чээж ажиллаж байсан. Тэд­ний дэмжлэг орол­цоо их байсан.Одоо харин ийм ха­рилцаа суларч, чи­мээгүй болж.Энэ тийм зөв дохио биш. Энэ бүхэндээ зөв дүгнэлт хийж арагшаа бага хараад  урагшаа зүтгэж ажиллаасай. Засгийн зөв ажлыг  хойш чангаагаад байх шаард­лага, сонирхол сөрөг хүчинд огт байхгүй. Бид урагшаа хараад хийж байгаа ажлын зөвд нь ташуур, бурууд нь анхаа­руулга болж явъя л гэж байгаа. Улстөрийн дүг­нэлтээр эдийн зас­гийг өөд татдаггүй. Харин гадаад, дотоод орчин­доо бодитой хийсэн зөв дүгнэлт бол ажилд ус агаар шиг тустай.

-Сая Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын төвшний ху­ралдаан Улаан­баа­тарт боллоо. Энэ ний­гэмлэгийг дарга­лах хугацаанд та Гадаад харилцаа­ны сайд, бас Ерөн­хий сайд байж таар­чээ.Сая Улаан­баа­тарт болсон ху­ралд орол­цов уу?
-2009 онд би Га­даад харилцааны сайд байх­даа  Төрийн на­рийн бичгийн дарга Хиллари Клинтоны урилгаар АНУ-д айл­чилсан юм. Энэ айлч­лалын үеэр Мян­ганы сорилын сангийн зээлийн 188 сая дол­ларыг төмөр замаас авч өөр салбарт шил­жүүлэх талаар хэлэл­цээрт өөрчлөлт оруу­лах зэрэг олон чухал асуудал шийдсэн.
Тэр үед Монгол Улсыг АОХН-ийг тэргүүлэхийг АНУ дэмжиж байна гэдгээ Хиллари Клинтон өөрийн биеэр анх удаа албан ёсоор  мэдэгдсэн. Яг энэ асуудлаар би Хил­лари Клинтонтой хамт Төрийн де­партаментад хэв­лэлийн бага хурал хийж байсан.Дараа нь долдугаар сард нь Лиссабон хотод АОХН-ийн удирдах зөвлөлийн хурал н болж Монгол Улсыг дэмжихээр болсон.Энэ албыг аваад манай улс ардчиллын боловс­ролыг түлхүү анхаарах, иргэний нийг­мийг хөгжүүлж бэхжүүлэх, бүс нутагтаа Монголынхоо ардчиллын туршлагыг хуваалцах гэсэн гурван үндсэн чиглэ­лээр түлхүү ажилласан.Сайд нарын төвшний уулзалт бол хамгийн том хурал нь.
Манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн, Монголын ардчилал эрийн цээнд хүрээд зогсохгүй, бусдад туршлага үлгэр болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн том арга хэмжээ боллоо. Олон улсын хамтын нийгэм­лэгээс манай улсын ардчилал, зах зээлийн хөгжил, Монголын ард түмний хүчин чармайлтыг дэмжиж, бидэнд итгэж байна гэдэг бол ардчилсан тогтолцоо, ардчилсан засаглалтай Монгол Улсын  иргэн бүрийн бахархал.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуу­хад, танай нам Бага хурлаа тов­ложээ. Олон нийтийн анхаарч, анзаарч байгаа гол сэдэв нь  Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших бол гэх таамаг байх. Эдгээр таамгийн дунд Ерөнхий сайд, на­мын дарга байсан гэдэг утгаараа таныг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд оруулсан байна лээ.Та нам дотроо нэр дэвшихийн төлөө өрсөлдөх үү?
-Улс төрийн ажил амьдралд оролцоно гэдэг заавал өндөр албан тушаалд хүрч байж идэвхтэй оролцоог хангадаг зүйл биш. Итгэл үнэмшил, мэдлэг чадвар нь байгаад сэтгэл гаргаад зүтгэвэл идэвхтэй орол­цох боломж Их хурлын гишүүнд бүрэн дүүрэн хангалттай бий.Тийм учраас би энэ сонгуульд орох гэж, нэрээ дэв­шүүлж нам дотроо өрсөлдөхгүй. Ма­най намд Ерөнхийлөгчид нэр дэвших, энэ албыг нэр хүндтэй хашаад явчих мэдлэг чадвартай олон хүн бий.

-Гэхдээ сонгуульд оролцоно биз дээ?
-Нэр дэвшигчээ дэмжиж мэдээж оролцоно шүү дээ. Яагаад оролцохгүй гэж…

-Үгүй яах вэ, таныг “Чингис зочид” буудлаа “Ажнай” Бат-Эр­дэнэд зарсан, бас улстөрөөс зайгаа авч байгаа зэрэг нь алсдаа  Мон­голоос гарч амьдрах бэлтгэ­лээ хангаж байгаа юм гэх мэдээлэл заримдаа гардаг учраас л асуулаа?
-Наадахь чинь зорилготой хүмүү­сийн санаатай, санаандгүйгээр хардаж тараасан гүтгэлэг байна. Миний хэзээ ч бодож байгаагүй зүйл байна.Би Бат­болд гэдэг бие хүн мөн боловч, миний амьдрал ганцхан минийх биш.Би бусдын адил гэр бүлтэй, аав ээж, ах дүү амраг садантай.Найз нар, намын нөхөд, спортын анд нартай.Тэднийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцла­гатай.Бас тэднээсээ урам, таашаал авч амьдардаг. Тэднийгээ орхиод явах сэтгэл,  эх орноосоо явах бодол сэтгэл, гэм надад байхгүй.  Эх орноосоо хол байх тийм ч сайхан зүйл биш шүү дээ.Одоо ч нас жаахан яваад тэгдэг юмуу, гадагшаа яваад арав хонов уу үгүй юү л эх орноо санадаг болсон байна лээ.Манай ард түмэн, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг.Миний хувьд биеэ, гэрээ зассныхаа дараа улстөрд орж ирсэн. Үүгээрээ би  улстөрд орж ирчихээд тэндээсээ биеэ, гэрээ засах гэж яваа, бас тийм ойл­голттой хүнээс эрс ялгаатай.

-”Чингис” зочид буудлаа зарсан нь бас худлаа юу?    
-Тийм юм байхгүй ээ. “Чингис зочид” буудал нэг талаар өмч, бизнес боловч манай гэр бүлийн, бидний амьдралын нэгэн түүхийг илэрхийл­дэг. Үүгээрээ манай гэр бүлд өмч хө­рөнгөөс ч илүү үнэ цэнтэй. Улс барьж  чадахгүй гээд орхисон буудлын суу­рийг бид аваад босгох гэж манай гэр бүлийнхэн, манай компанийн хамт олон цаг наргүй, өдөр шөнөгүй хөлс хүчээ дуслуулан зүтгэж байж босгосон.Жишээ нь, би яг зургаан сарын турш бараг гэртээ харихгүйгээр буудал дээрээ ажилласан байдаг юм.Ер нь би “Алтай холдинг” компани, “Чингис” зочид буудлаа зарах бодолгүй ээ. Цаашдаа миний үр хүүхдүүдийн биз­нес болж  улам сайжирч явна гэдэгт итгэдэг.

-Улстөрөөс завсарлага авч байгаа гэдэг ч бас худлаа байх нь ээ?
-Надад улстөрөөс ухрах няцах шалтгаан байхгүй ээ. Урагшаа улайран зүтгэх албан тушаалын сонирхол ч байхгүй.Хуулиар УИХ-ын гишүүн ямар эрх үүрэгтэй, тэр хүрээндээ л ажил­лана, зүтгэнэ.Харин улстөрийн сон­гууль болж байхад намаа дэмжиж оролц­доггүй улстөрч гэж байхгүй. Улстөрч болгон л тэгэх байх.Нэг зүйлийг зориуд хэлэхэд засгийн ажил нь урагшаа, сонгууль нь болдгоороо, бүтээн байгуулалтын ажил нь тусдаа яваасай гэж хүсэх байна.

Яагаад гэвэл манай улс олон сайхан давуу талтай ч, байгалиас заяасан бэрхшээл хүндрэлүүдтэй. Үүний нэг нь улирлын онцлог. Бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай.Хавар дөрвөн сараас эхлээд үсрээд аравдугаар сард зогсдог.Ийм ховорхон үед сонгууль таарч, нийгмээрээ талцаж гүйгээд бүтээн байгуулах ажлаа орхигдуулдаг. Сонгуулийн өмнөх жил,  сонгуулийн жил, сон­гуулийн дараа жилийн хавар нь бид ч бас чамгүй улстөржиж цаг хугацаа алдах юм.  Гэтэл цаг хугацаа, бүтээн байгуулалт, дэлхий эдийн засгийн өрсөлдөөн бидний хүлээхгүй шүү дээ.Олон жил бизнес хийсэн хүний хувьд заримдаа би боддог юм.Улстөрийн сонгуулийг бүтээн байгуулалт огт өрнөдөггүй улиралд, өвөл ч юмуу хийж болдоггүй юм болов уу гэж.

Saturday, 16 July 2011

С.Батболд: "Сэтгэл хоёрдохгүй, эргэж харамсахгүйгээр ажлаа хийх ёстой"


“Ярилцъя” наадмын дугаарын хүндэт зочныхоо хамт та бүхэнтэй мэндчилж байна. Баяр наадмын энэ өдөр та бүхний сэтгэлийн хойморт Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД чин сэтгэлийн халуун мэндчилгээтэйгээ хамт заларч байна. Хүлээн авна уу.

-Монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил олон ой давхацсан, арай онцгой наадам болно гэж хүмүүс их догдолж байгаа бололтой. Та хэрхэн яаж наадамлах гэж байна. Бэлтгэл хангачихсан уу?

-Энэ жил их сайхан жил болж байна. Түүхт талаасаа Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, дээр нь энэ жил Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой гээд олон сайхан ой тохиож байна. Энэ дотроос онцлох нь долдугаар сарын 11- нд болдог манай ард түмний үндэсний их баяр наадам. Энэ баяр бол ардын хувьсгалын, Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдөр. Тийм учраас ард түмэн маань ч догдлон хүлээж байдаг. Ер нь их ой гэдэг бол бусдаас өөр л дөө. Эрийн гурван наадмын хэмжээ дамжаа ч өөр болоод явчихдаг.

-Сүр хүчээрээ юү?

-Сүр хүчээрээ ч, тоо хэмжээгээ­рээ ч,чансаа агуулгаараа ч өндөрлөг өдрүүд болж өнгөрдөг. Наад зах нь 512 биш 1024 болж, уралдах морьдын тоо нэмэгддэг. Эрхий мэргэн харваачид маань ч ойн жилийн түрүүг авах юмсан гэж хичээдэг. Тэр агуулгаар ойн наадамд түрүүлсэн бөхийн цол ч гэсэн ч тэр наадмын бай шагнал ч тэр өөр байдаг шүү дээ. Ерөөсөө л өөр өдрүүд болж өнгөрдөг. Яагаад гэвэл ойн жил юм чинь. Энэ бол эргэж тохиохгүй их ойн жил шүү дээ. Тэр утгаараа Монголын ард түмний их ойн жил. Иргэн бүрийн, хүн бүрийн их баяр цэнгэл. Мэдээж хэрэг албан ёсоороо Монгол төрийн их баяр наадам. Тийм болохоор Ерөнхий сайдын хувьд ч, Монгол Улсын нэг иргэний хувьд бусдын нэгэн адил баярлаж наа­дахаар зэхэж байна. Гэр бүлээрээ баярын сайхан сэтгэгдэл тээж, тэр агаар сэлтийн дор бэлтгэлээ базааж байна даа. Дээлээ бэлдэж байгаа, эхнэр маань дээлээ бэлдээд л, ямар малгай өмсөх вэ өвгөөн гээд асууж байна лээ. Монголын ард түмэн бол баяр наадмаа сайхан баярлаж тэмдэглээд ирсэн уламжлал заншил­тай ард түмэн. Тэр заншлаараа ойн их баяр наадмаа улам өргөн дэлгэр хийнэ. Сайхан баяр наадам болноо. Улс орны маань амьдрал ч их сайхан байна шүү дээ.

-Та бөх үздэг юм уу?

-Үзэлгүй яахав. Та ста­дионд очдоггүй байх л даа. Тавын даваанаас хойш би гэр бүлтэйгээ хамт яс сууж үздэг. Арван хэдэн жил бид ста­дионд бөх үзэж байгаа. Миний сүү­лийн жилүүдэд байнга хамт сууж үзэж байгаа нэг үзэгч бол УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ л дээ. Бид хоёр цуг сууж, хоорондоо ярьж үздэг. Би ерөөсөө багаасаа бөхөд хорхойтой. Миний найз хоёр ихэр начин байдаг. Ло.Эрхбаяр, Ло Энхбаяр гэж. Тэ­гээд найз нараа дагаад ба­гаасаа бөхөд хорхойтой бол­чихсон. Би чинь бөхийн хол­бооны ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан хүн шүү дээ. Спор­тод ерөнхийдөө их хорхойтой. Тэр дундаа бөхийг их дэмждэг. “Алтайн барс” гээд бөхийн дэвжээтэй байсан.

-Тийм үү. Эртний бөхийн хорхойтон байсныг мэд­сэнгүй?

-Д.Сумъяабазар аварга, их аварга Д.Дагвадорж нар манай дэвжээний тамирчид байсан. Энэ клубээс л аваргын алдар хүндэд хүрсэн зам нь улбаатай даа.

-Энэ жил шинэ аварга тө­рөх болов уу. Танд харж байгаа бөх байна уу?

-Байлгүй яахав. Ер нь наадам их сайхан болно оо. Өрсөлдөөнтэй ч болно. Залуу­чууд их сайхан өнгөлөг, өрсөл­дөөнтэй, хүчтэй байна билээ. Би шинэ залуу, олон цол­тонгууд төрсөн сайхан наадам болно гэж бодож байгаа. Дээр нь манай их аваргууд, том цолтонгууд бол ойн жилийн наадамдаа их нухацтай бэлт­гэж байгаа байх. Тэгэхээр наадмын бөхийн барилдаан бол өрсөлдөөнтэй болно гэж бодож байна. Дээр нь цаг агаар ч нар хур тэгшрээд сайхан болж байна. Наадам гэдэг бол бас цаг агаартай их холбоотой шүү дэ. Хур бороо их орж байна. Олон аймаг сум өөрийн ойг тэмдэглэх гэж байгаа. 11 аймаг энэ жил тэгш ойтой. Тийм учраас энэ жилийн наа­дам илүү өргөн дэлгэр болох төлөвтэй байна.

-Наадам ярьсан чинь гоё байна шүү. Одоо ажил хэргийн асуултууд руугаа орох уу?

-Тэгье.

-Хамгийн сүүлийн чухал мэдээлэл Тавантолгой. Тэгэхээр Тавантолгойн орд газрыг ашиглах хө­рөнгө оруулагчдыг зар­лачихлаа. Гэвч би хувь­даа хүнд л нөхцөл үүслээ гэж харж байна. Хэлэл­цээрийн ширээний ард гурван их гүрний нэгдэл ирээд суучихлаа. Гэтэл Тавантолгойн ордын ашиглалтын эдийн зас­гийн тооцоог монгол­чуудад үзүүлээгүй байна. Тэд л хоорондоо ярил­цаж байна гэсэн үг. Энэ сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?

-Тавантолгойн орд газар гэдэг бол Монгол Улсын хөг­жилд асар том хувь нэмэр оруулах том төслүүдийн нэг. Эрдэнэт үйлдвэр үүссэн ца­гаа­саа хойш манай эдийн засагт их том хувь нэмэр орууллаа. Дотоодын нийт бү­тээг­дэхүүний бараг 35 хувь, экспортын 50 гаруй хувийг дангаараа авч явж, төсвийг бүрдүүлдэг ийм том аж ахуй нэгж байж ирсэн. Оюутолгойн төслийг бид маш олон жил ярьж байгаад 2009 онд гацаа­наас гаргаж ажлыг нь эхлүүл­лээ. Өнгөрсөн оны дөрөвдү­гээр сард л арваад жил тойрсон энэ том төслийн барилгын ажлыг эхлүүллээ шүү дээ. Өөрөөр хэлбэл арваад жил яриад эхлүүлж чадахгүй явсан энэ төслийг хоёрхон жилийн дотор шийдэж галт тэргээ замд нь гаргалаа. Ажил нь одоо явж байна. Ирэх жил ашиглалтад орно. Тэгэхээр бид яриад л, хэрэлдээд л суугаад байх уу. Улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрүүдээ гаргаад, ажил болгоод явах уу. Энэ хоёрын ялгаа гарч харагдаж байгаа биз. Ажил болгоод эхэлчихсэн юм чинь мэдээж үр дүнгээ өгч таарна. Нөгөө л урьдынхаараа алаагүй баавгайн арьсыг ху­ваа­гаад суугаад байсан бол байдал ямар байх байсан бол. Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал улс орныхоо эдийн засагт үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тав дахин том ачаа­лал үүрэх нь. Тэр хэмжээгээр нь эдийн засаг тэлнэ. Энэ төслийн эдийн засгийн үр өгөө­жийн 57-58 хувийг Монгол Улс авна. Татвараар, ногдол аш­гаар, бас бусад хэлбэрээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой. Бид үе шаттайгаар зээлийн хүүг бууруулж байна. Хөрөнгө оруу­лагчдын төвшинд зах зээлийн горимын дагуу асуудлаа та­виад улам сайжруулаад явах боломж байна. Гэхдээ хамгийн гол нь ажил эхэлж байгаа нь. Үйлдвэр ашиглалтанд орох нь бидэнд илүү чухал.

-Оюутолгойг хангалттай ярьсан болохоор шууд Тавантолгойгоос асуул­таа эхэлж тавьсан юм. Гэтэл?

-Энэ тухай яг одоо ярих гэж байна л даа. Тавантолгой гэдэг бол бүр өөр зүйл. Тавантол­гой­гоор бол монголчууд бид мар­гаашдаа сайхан амьдрах хөрс сууриа тавьж байна. Эдийн зас­гийн эргэлтэнд хурдан л оруу­лах юм бол Оюутол­гой­гоос илүү үр өгөөжөө өгнө. Энэ нэгдүгээр ач холбогдол нь. Хоёрдугаарт, энийг шийдэхдээ Монгол Улс өөрийнхөө өмчийн эзэн шиг шийдэж байгаа.Харин үүнийг зарим нэг хүмүүс са­наатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл Тавантолгойн орд газар, түү­ний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Мон­голын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй. Гуравдугаарт, Тавантолгой дээр бол хоёр уурхай явна. Нэг нь зүүн Цанхи дээр, Монголын “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани гэрээгээр олбор­лол­тоо хийлгээд ажиллуулна. Энэ нь тендерээр гэрээт олбор­лог­чийг шалгаруулаад борлуулалт өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл монголчууд зүүн Цан­хийн уурхайгаа өөрсдөө хийж, өөрсдийн туршлагыг бий бол­гож, чанар чансаагаа бас үзнэ. Яг Ухаа худаг дээр “Энержи ресурс”-ийн хийж байгаатай адилхан зарчмаар монголчууд энд хийнэ гэсэн үг. Баруун Цан­хи дээр нь 30 жилийн гэ­рээ­гээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч ор­нуу­дынхаа төлөөлөлийг орол­цуул­сан ийм консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шал­га­руулаад явж байна. Олбор­лолтыг нь хийлгээд, борлуу­лал­тыг нь хийлгээд ажиллуул­на. Энэ дээр ахин хэлэхэд ли­ценз шилжихгүй. Зарим хүмүү­сийн болгоомжилж, санаа зовж байгаа шиг нөөц нь дуусахгүй. Яагаад гэвэл бид олборлолт дээр нь квот тогтооно. Магадгүй жилд 20-30 саяыг олборлоё гэж тооцъё. Тэгэхэд 30 жил хийлээ гэхэд 600-900 сая тонн л нүүрс олборлоно шүү дээ. Манай Тавантолгойн одоогийн байд­лаа батлагдсан нөөц нь 6,4 тэр­бум тонн. Цаашдаа 7,5 тэрбум болно тооцоо байгаа. Илүү нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид стратегийн хөрөнгө оруу­лагч нараар уурхай байгуу­лаад, тодорхой нөөцийнх нь жаахан хэсэг дээр ажил­луу­лаад л гэрээ дуусна. 30 жилийн гэрээ шүү дээ. Гуравдахь зүйл бол мэдээж хэрэг тэд бүх татвараа Монгол Улсын хуу­лийн дагуу төлнө. Гаднын хө­рөн­гө оруулагч нартай ажил­лаж байгаа зарчмуудыг манай­хан бас сайн харж ойлгох хэ­рэг­тэй. Ямар нэгэн өмчлөл шил­жихгүй, татварын ямар нэгэн хөнгө­лөлт байхгүй. Мон­гол Улсын хууль дүрмийн да­гуу бүх төр­лийн татвараа бүрэн төлнө. Дээр нь бид эдийн зас­гийн боломжуудыг бас нэмж тэд­нээс авч байгаа юм. Урьд­чил­­гаа төлбөрүүдийг авч бай­гаа юм. Мөн нэмэлт түрээсийн төлбөр авч байгаа юм. Эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү ач холбогдолтой ийм ийм үйл ажиллагаа хоёр дахь хэсэг дээр нь явж байгаа юм. Улс­төрийн хувьд бид Орос, Хятад, Америк болон Япон, Солонгос болон бусад түншүүдийгээ энэ хамтын ажиллагаанд санхүү менежмент, технологи талаас нь орох боломжийг бас бүр­дүүлж байгаа. Үүнийг дагаад эдгээр улсуудтай тогтоосон улс төрийн болон эдийн зас­гийн харилцаан дээрээ том дэвшил гаргаж байгаа. Нүүрс бол өөрөө экспортын бүтээг­дэхүүн. Зах зээл, төмөр зам, төмөр замын гарцууд, үнэ тариф, далайн гарц, худалдаж авах орнууд энэ бүх зүйлүүд бол мэдээж дахиад л бидний гадаад орчноос хамааралтай шүү дээ. Бид гадна түншүүд­тэйгээ тохирох ёстой. Энэ их амаргүй, хүнд ажил. Гэсэн ч энэ том улс орнуудтай тохирох ажлыг Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй явуулж байгаа нь манай Засгийн газ­рын гарцаагүй амжилтын нэг. Тавантолгой дээр бидэнд ал­даж байгаа юм байхгүй. Ганц­хан юм энэ том төслийг хурдан эргэлтэд оруулах тус­маа л эдийн засагт хэрэгтэй. Одоо ингээд хаа нэгтэйгээс амаараа уралдуулсан төгс төгөлдрийг яриад, танин мэ­дэхүйг яриад, улс төр хийгээд энийг зог­соосноор монголын ард түмэн хожихгүй. Монгол Улс хо­жихгүй. Хэсэг хүмүү­сийн улс төр популизм болс­ноор энэ ажил явахгүй. Өнөө­дөр бид улс төрөө ярихын зэрэгцээ эдийн засгийн чухал асуудлаа ший­дэх хэрэгтэй байна. Бид 20 жил ажилгүйдэл, ядуурал гэдэг үгнээс салсан­гүй. Ажилгүйдэл, ядуурал гэдэг үгэн дээр улс төр хийдэг явдал бараг жишиг болчихсон. Үүнийг шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Ажилгүйдлийн төвшин буурч өгөхгүй байна, ядуурлын төв­шин буурсангүй л гэж шүүмж­лээд байна. Үүнийг шийдэх ёстой. Үүнийг бодитой том төслүүд эргэлтэнд орс­ноор, түүнийг дагасан дэд бүтэц, түүнийг дагасан үйлд­вэрлэл, мөн бусад салбар, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй хөгж­сөнөөр л бид шийднэ.

-Ер нь та хийсэн гэрээн­дээ нэлээн сэтгэл ханга­луун байгаа юм байна. Ингээд Тавантолгойн орд газрыг ашиглах хө­рөнгө оруулагчдыг зар­лачихдаг юм байж. Харин тэднийг ямар шалгуу­раар сонгосон бэ гэдэг асуултанд хариулахгүй юу?

-Шалгуурыг ҮАБЗ, УИХ-аас тогтоож өгсөн. Түүнийг хатуу удирдлага болгон ажилласан.

-Цаана нь бас улс төрийн талаас нь харах давхар зүйл мэдээж зөндөө бай­гаа байх л даа?

-Зайлшгүй харна. Нүүрс гэдэг бол бүс нутгийн экспор­тын бүтээгдэхүүн. Бид хоёр хөршөөрөө дамжуулж төмөр замаар зөөнө. Мэдээж бид нүүрсээ бүр саран дээр аваа­чиж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн ойрхон том зах зээл дээрээ л зарна. Тэгэхээр Тө­мөр зам, далайн гарц, зах зээлийн хэрэглээ гэсэн энэ үзүүлэлтүүдийг тооцно шүү дээ. Тийм учраас хоёр хөрш орноо зайлшгүй тооцох ёстой. Тооцохгүй байх боломжгүй. Зөвхөн хоёр хөршөөс гадна бидэнд гуравдахь хөрш гэсэн том гадаад бодлогын үзэл баримтлал байдаг. Гуравдагч хөршөө бид тэнцвэржүү­лэг­чээр оруулах ёстой. Тэгэхээр энэ улс төр, геополитикийн гэж хэлж болох эдгээр тооцоонууд бол гарцаагүй хийгдэнэ. Энэ бол тийм хэмжээний том тө­сөл.

-Үнэндээ бол эдгээр том төслүүд тойрсон улс тө­рөөс хэн хүнгүй залхсан. Бид хөгжлийнхөө галт тэргийг хөдөлгөж чад­лаа гэж харцгааж байгаа. Ажил­гүйдэл ядуурал хоё­рыг амны уншлага болгохоо больж юмаа хө­дөлгөе, ажлаа явуулъя гэж ярьдаг бол­сон. Энэ бол сайн зүйл. Одоо Тавантолгой хө­дөл­лөө. Харин хувь­цаагаа хэзээ яаж гаргах вэ. Иргэд бид хувьцаа­ны үр дүнг хэдийнээс хүртэх бол?

-Хэзээ хөдөлгөнө, тэр өд­рөөсөө эхлээд авах хугацааны тоолуур эргэж эхэлнэ. Байхгүй юмны хувьцаа гэж байхгүй ш дээ. Бий болчингуут авах юмны хувьцаа бий болно. Таван­толгой хөдөллөө л бол хувь­цааны үнэлгээ бий болно. Тийм учраас Тавантолгойг хөдөлгөж байгаа нь хувьцааг бодитой, үнэтэй болгож байна байна гэсэн үг.

-Түрүүчийнхээ асуултыг дахиад тавимаар байх юм. Хэлэлцээрийн ширээний ард гурван том гүрний нэгдэл ирээд суулаа. Гэвч Та­ван­толгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй байна. Тэд хоорондоо л ярьж байна гэж асуусан?

-Тэд нар хоорондоо ярих боломж­гүй л дээ. Наадах чинь буруу ойлголт бай­на. Хариуцлага гэж ойлголт мэ­дээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар ха­риуцна. Хоёрдугаарт, Төрийн өм­чийн хороо, Эрдэнэс Тавантолгой гэдэг компаниуд энэ төслийг боловсруулж бай­гаа юм. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн, хөндлөнгийн Олон улсын банк санхүүгийн байгууллагыг авч ажиллуулж байгаа. Дэлхийд нэр­тэй дөрвөн том банкийг зөвлөхөөр ав­сан. Мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн яг энэ сал­барынх нь зөвлөх компанийг зөв­лөхөөр авч байгаа юм. Энэ нөхцөл нь юун дээр үндэслэсэн юм гэхээр, Мон­гол Улсын Их хурлаас баталж өгсөн олон улсын консерциумыг нэгтгээд нэг талд нь ажиллуулах , нэг талд нь опе­­ратор ажиллана гэсэн тогтоолын да­гуу Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас цаана нь гур­­ван гүрэн ярьж байгаад бидэнд нөх­­цөл тулгах тухай асуудал байхгүй. Өө­­рөөр хэлбэл, Монгол Улс өөрийн­хөө бод­логоор хөтөлж төслөө явуулж бай­­­гаа. Хардах ямар ч асуудал байхгүй.

-Ойлголоо. Дөнгөж сая л хө­рөнгө оруулагчдыг зарлалаа. На­рийн сайтар тайлбарлах хугацаа бас гараагүй байхад бидний яриа өрнөж байна л даа. Гэхдээ л газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн хэн авах тухай бидэнд ямар ч мэ­дээлэл алга. Ийм байдалд бас танд талархаж чадахгүй байна л даа?

-Дөнгөж сая болсон үйл явдал учраас олон нийтэд сайтар тайл­бар­лах цаг хугацаа гараагүй байна. Манай аж­лын хэсэг энэ дээр ажиллаж бай­гаа. Н.Алтанхуяг тэргүүн Шадар сай­даар ахлуулсан, мөн Ч.Хүрэлбаатар сайд, Х.Баттулга сайд, С.Баярцогт сайд, Д.Зоригт сайд нар орсон Зас­гийн газрын ажлын хэсэг, дор нь Эрдэ­нэс Монгол, Төрийн өмчийн хороо ор­сон ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсэг 33 удаа хуралдсан гээд бод. 33 удаа шүү. Засгийн газар энэ асуудлаар дөрвөн удаа хуралд­сан. Зөвхөн энэ асуудлаар ажлын хэсэг 33 удаа хуралдсаныг дүгнээд, мөн яриа хэлэлцээний явцыг сонсч дүгнэж байж, Засгийн газар дөрвөн удаа хуралдаж, энэ шийдлийг гаргаж байгаа юм. Одоо үүнийгээ бид Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлд танил­цуул­на. Үүний дараа УИХ-д танил­цуулна. Ийм үе шаттай явна. Процесс бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан ёсоор, УИХ-аас гарсан хууль тогтоомжийн дагуу явж байгаа.

-Хөгжлийн банкны үүдийг нээ­гээд удаагүй байна. Энэ банкин дээр юу болж байна вэ. Санхүү­жил­т­ын тал дээр ямар нэг асуудал үүссэн үү?

-Улс орны маань хөгжил дараа­гийн том үе шат руугаа орж байна. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд орох уул уурхай, бусад үйлдвэр, хө­дөө аж ахуй гээд энэ олон салбар бүгд арилжааныхаа горимоор л явна. Гэтэл төр, засаг гарцаагүй онцгойлон анхаарал тавих салбар бас байна. Тэр бол дэд бүтэц .Төмөр зам, авто замын аль алийг барих ёстой юу, барих ёстой. Авто замыг арилжааны гори­моор барина гэдэг бол бас хэцүү . Төмөр замын хувьд асар том хөтөл­бөр. Оюутолгой, Тавантолгой шиг хур­дан хөрөнгө оруулалтаа эргээд шууд нөх­чихгүй шүү дээ. Гэтэл бид уул уур­хайгаас орох ашгаасаа бас орон сууц­ны том хөтөлбөрүүдээ юуны өмнө хэрэгжүүлэх ёстой байдаг. Хот хөдөөгүй энэ ажил хийгдэх ёстой. Тиймээс шинэ бүтээн байгуулалтын энэ том том төслүүд, үндэсний хэм­жээ­ний хөтөлбөрүүдийг зөвхөн арил­жаа­ны горимоор биш, төр засаг, тө­рийн бодлогоор дэмжлэг үзүүлж, сан­хүүжилтийг нь шийдэж явах ёстой бай­даг. Үүнийг шийддэг практик дэлхийн улс орнуудад ялангуяа Азийн бар ор­нууд бүгдэд нь байна. Бүгдээрээ Хөгж­лийн банк гэдэг бүтцийг бий болгож , санхүүжилтээ шийдэж иржээ. Солон­гос, Сингапур, Тайланд, Малайз ч тэр. Эд­гээр орны хөгжлийн банкууд нь тө­рөөсөө баталсан үндэсний том хөтөл­бө­рүүдээ санхүүжүүлдэг. Энэ зарч­маар бид төрөөс баталсан хөгжлийн том түлхэц тулгуур болсон дэд бүт­цийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зо­рилготойгоор энэ банкийг байгуулж байгаа юм. Засгийн газраас баталсан том хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бид шийдсэн. 800 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах энэ эрхийг Хөгжлийн банкинд олгосон байгаа. Хөгж­лийн банк үйл ажиллагаагаа эх­лүүлэх шатандаа орж байна. Ийм том хэмжээний хөтөлбөрүүдийг хийх, тэрний боловсруулалтыг , тэр мэр­гэ­жилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулж ажиллуулах, мөн үүнийг төлөвшүүлэх ажилд тодорхой хугацаа шаардана. Тавиад л маргааш нь сал­хи шиг ажиллана гэж байхгүй. Энэ процесс эхний шатандаа явж байна. Манай хамтарсан Засгийн үед эдийн засгийн шинэтгэлийн хэмжээний том асуудлууд шийдэж чадсан нь өөрөө чухал. Одоо нэгэнт галт тэрэг хөдөл­чих­сөн учраас цаашаа явах нь тодор­хой. Галт тэргийг хөдөлгөхгүй байх нь их хортой байгаа байхгүй юу. Хөдөл­гөх нь өөрөө чухал. Бидний хамгийн том амжилт бол энэ бүх зүйлийг хөдөлгөж чадсан маань. Одоо ажил­луулах, тасалдуулахгүй байх, үр дүнд хүр­гэх нь төр засаг, нийгэм ард түм­ний хамтын хариуцлага.

-Хөрөнгийн бирж дээр маш том шинэчлэлт хийж байгаа. Лон­донын хөрөнгийн биржтэй хам­тарч ажиллаж байна. Энэ жил хэр явж байна?

-Хөрөнгийн бирж гэдэг бол зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн бас нэг том механизм. Зах зээлийн эдийн засаг бол хоёр том баганан дээр тогтож байдаг. Нэг нь банк санхүү, нөгөөдөх нь хөрөнгийн зах зээл. Манайх бол сонгодог утгаараа банк, санхүүгийн харилцаа бол нэлээн хүчтэй хөгжчихсөн. Хөрөнгийн зах зээл бол жинхэнэ утгаараа бол хөгжөөгүй. Нэр нь байгаа зарим үйл ажиллагаа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхэнэ утгаараа бусад улсын хөрөн­гийн биржтэй нэг цаг дээр дэлхийн стандартыг хангасан, менежмент үйл ажиллагаа, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт энэ бүх зүйл нь байхгүй. Ер нь дэлхий дээр зах зээлийн ор­нуудын төр, хувийн бизнесийн сан­хүүжилтын харьцаа бол банк сан­хүү­гээс 50 хувь, хөрөнгийн зах зээлээс 50 хувь нь шалтгаалж байдаг. Манайд банк санхүү нь 98 хувь нь, хоёрхон хувь нь хөрөнгийн бирж дээр байгаа. Га­жуудал байнаа гэсэн үг. Нэг үгээр хэл­бэл, хөрөнгийн зах зээлээр ажил бос­годог ийм механизм манайд байх­гүй байна. Энэ бол гэрийн тооныг до­роос нь хоёр том баганаар түшиж бай­даг­тай адил ойлголт . Үүнийг бид нар ший­дэх ёстой. Ингэж байж зах зээ­лийн эдийн засгийн шинэтгэлийг сон­годог утгаар нь хэрэгжүүлнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл нэг дугуй нь. Энэ дугуйг тавьж өгөх ёстой байсан. Тавьж өгөхдөө стандартын дугуй тавихгүй бол банкны дугуй нь их том дугуй, зах зээлийн дугуй нь жижиг дугуй бол таарахгүй ш дээ. Тэгэхээр зах зээ­лийн утгаар нь зохицсон стандарт ду­гуй тавьж өгөх ёстой. Тэр стандарт ду­гуйг нь Лондонын хөрөнгийн бирж оруулж өгөх хэлэлцээрийг бид хийсэн. Бид Лондонын хөрөнгийн биржтэй та­ван жилийн менежментын гэрээ хий­сэн. Тэгээд суралцаад, тодорхой хуга­цааны дараа монголчууд өөрсдөө юмаа авч явж чаддаг болно. Энэ жил гэхэд манай 60-80 хөрөнгийн зах зээлийн ажилтнуудыг Лондонд аваа­чиж сургаж байна. Энэ бүх ажлыг эц­сийн эцэст хүн л хийнэ. Хүнээ л сур­гах хэрэгтэй байна.

Жинхэнэ утгаар нь Хонконгийн, Нью- Йоркийн, Лон­донгийн хөрөнгийн биржтэй ижилхэн ажил­ладаг, нэг төвшний цусны эр­гэлт­тэй болчих юм бол манай хөрөн­гийн бирж босно. Үүнийг дагаад ма­найд шинэ соёл, шинэ зах зээлийн зохи­цуулалт орж ирнэ. Сингапур, Хон­­кон­гийн түүнчлэн Нью-Йорк, Канадын хөрөнгийн биржийн анхдагч нь Лон­дон­ын хөрөнгийн бирж гэж үз­дэг.Зөвхөн хөрөнгийн бирж ч биш бо­ловсрол, зах зээлийн тогтолцоогоо ч Син­гапурын хувьд Лондонгоос авчих­сан байх жишээтэй. Тиймээс бид бус­дын хөгжлийг гайхах биш харин гадны технологи, банк санхүү зах зээлийн чиглэлээр сайн юмыг нь аваад, хая­хыг нь хаяад урагшаа хөгжих учир­тай. Мэдээж монгол үндэснийхээ онц­л­огийг хадгалах юм бидэнд маш их байгаа. Гэтэл үүнийг зарим хүн хольж, хутгаад үндэсний үзэл яриад байдаг. Ингэхдээ ард түмний нэр барьж, улс төр хийдэг. Харин ингэхийн оронд аливаа асуудлыг ул суурьтай, мэдлэгтэй, зөв ярьж ялгаж салгах хэрэгтэй. Ер нь манайд дутагдаад байгаа нэг юм бол үндэслэлтэй, мэдлэгтэй, тэр үндэслэл нь бодитой, тодорхой судалгаан дээр тогтсон ийм хэлбэр агуулга. Бид нар хийрхэл, омогшил, тэгээд популизм, улс төр дөрөв дээр амьдраад 20 жил яв­лаа.Тэгэхээр энэ хэлбэрээсээ гарах цаг болсон. Зангараг, улс төр, попу­лизм, ард түмэн, эх орон гэх зэрэг үгсийн ар талд хариуцлагагүй бай­дал л нуугдаж ирлээ. Судалгаагүй бай­дал, шинжлэх ухааны бус элдэв хийс­вэр үндэслэлүүд гаргаж тавьж нийгмээ хөөрөгддөг, хариуцлагагүй байдал байна. Үүгээрээ олон түмнээ тэжээсээр байгаад тэрнийхээ үр дага­варт ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль гэдэг юмнаас салж ча­дахаа байчихсан. Хөрөнгийн зах зээ­лийн энэ сайн цаг руу ороод ирэхээр хүс­сэн хүсээгүй тунгалаг зохицуу­лалтад орж эхэлнэ. Бид ийм ме­ханиз­маа хийх ёстой байна. Одоо бидний хувьд ярих, хоосон хэрүүл маргаан дэгдээх биш, ажил хийхийг хөдөлмөрлөхийг Монголын ард түмэн төр засгаасаа, мөн өөрсдөөсөө шаар­дах цаг болсон гэж бодож байна.

-Ямартай ч Монгол гэдэг улсын дээр нэг гэрэл асчихаад бусдын анхаарлыг татан анивчиж эхэлсэн байна. Бид том гүрнүүдийн анхаа­ралд өртөж эхэллээ. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна. Инф­ляци нэг оронтой гарлаа. Энэ бүх мэдээ хүмүүсийн чихэнд таатай бууж байгаа юм шиг байна. Мэдээж Засийн газар ялангуяа Ерөнхий сайд таны зүгээс нэлээд хүчин чар­майлт гаргасан нь ойлгомжтой?

-Баярлалаа. Ер нь бол манай эдийн засаг нэлээн өсөх хандлагатай болчихлоо. Энэ нь зөвхөн Ерөнхий сайдаас хамаарсан хэрэг биш л дээ. Мэдээж УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогууд нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа бас бидний хөгжлийн дотоод фактор гэж байна. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэ­рийг хөгжүүлэх суурь байна. Өнөө­хөн­дөө эхний үед нь чирж явах уул уур­хайн салбар гараад ирлээ. Ер нь манай улс төлөвшөөд эхэлж байна. Бидэнд асар их дотоод нөөц баялаг байна. Хоёрдугаарт, юу байна гэхээр харь­цан­гуй боловсролтой, идэвхтэй бү­тээлч сэтгэлгээтэй ард түмэн байна. Манай ард түмэн бол тийм ард түмэн. Төр засаг нь зөв залаад, энэ сэтгэл­гээг нь өрнүүлэх асуудал л чухал. Үүнийг бид хийх ёстой . Мэдээж зөв­хөн төр, засаг ч биш хэвлэл мэдээ­лэл үүнийг хамт хийх ёстой. Тэгвэл бид­ний явж байгаа ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааны энэ тогтол­цоо илүү төгөлдөржинө. Бүс нутагтаа Мон­гол Улс боломжийн, улс төрийн тог­толцооны хувьд ч гэсэн бид нар ха­маагүй дэвшилттэй явж байгаа. Төр засаг нь, иргэний нийгэм нь өөрөө идэвх­жээд, төр болон нийгмийн харил­цаа ойртож байгаа. Нэг нэгэндээ хя­налт тавих нөхцөл боломж нь, хамтран ажиллах боломж нь бүрдэж байна. Энэ бүхэн бидэнд асар их дотоод давуу талыг бий болгож байгаа юм. Гадаад орчин ч таатай байна. Эдийн засгийн хувьд манай баялгийн үнэ ханш өндөр, бас том зах зээлүүдийн хажууд байна. Манай уул уурхайн салбарыг со­нирхож байгаа улс орнуудын со­нирхол улам өндөр болж байна, мэ­дээллийн технологи, банк санхүүгийн сал­бар бидэнд их ойртож эхэллээ. Гадаад фактор бол манай эдийн зас­гийн хурдасгагч болж чадах хэм­жээнд байж байна. Дотоод гадаад энэ хоёр сайн нөхцөл байдлуудыг нэгтгээд хөгж­лөө хурдасгах ийм боломж бай­гаа юм. Манай хамтарсан Засгийн газар хоёр жил арай хүрэхгүй хуга­цаанд ажиллаж байна. Үзүүлэлтүүд сайн гарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн гадаад худалдааны эргэлт гэхэд манайх эрс нэмэгдэж байна. Бүр хэд дахин нэмэгдэж байна. Гаа­лийн удирдлагууд надад тооцоо хэлж байсан. Манайх урьд хожид бай­гаагүй орлогыг гаалиас хураан авах нь. Тэгэхээр бидний эдийн засгийг идэвх­жүүлэх, тэр идэвхжилт нь богино хугацааны биш урт хугацааны, тогт­вор­той, ойлгомжтой, өрсөлдөх чад­вар­тай байх юм бол энэ идэвхжилт улам хурдална. Улам эрчтэй явна. Хята­дын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг, бусад Азийн баруудын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6,1 байсан. Энэ оны эхний байд­лаар 9,7 хувьтай болчихсон байна. Өнгөрсөн онд бид яагаад 6,1 байсан гэхээр арваад сая малаа алдчихсан. Энэ жил бол гайгүй байна. Цаг агаар хүртэл таатай байна. Атрын III аян амжилттай хэрэгжээд, гурил, төмсөө өөрсдөө хангадаг болчихлоо. Махны нөөцөө боломжийн хийгээд авчихсан. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй. Эдийн засгийн цусны эргэлт идэв­хж­чихсэн. Тэгэхээр гурил, махны үнэ харьцангуй тогтвортой байж бусад улс орнуудад өсчихсөн байхад манайд харьцангуй тогтвортой байлгасан нь инфляцийг энэ оны долоон сарын байдлаар 4,2 дээр байлгах үндсэн суурь нөхцөл болгож байгаа юм. Цаашдаа гол нэрийн хүнсний бүтээг­дэхүүний бараагаа бид нар тогтвортой байлгах, урт хугацааны хүнсний аюулгүй байдлын хүрээнд нь чанар­тай тоо хэмжээгээр нь хангах энэ асуудал дээр Засгийн газар онцгой анхаарна. Инфляци өнгөрсөн онд 11 хувьтай байсан бол, энэ жил эхний ха­гас жилд 4,2 хувь руу орсон. Энэ жи­лийн эдийн засгийн өсөлтийг өнгөр­сөн онтой харьцуулахад 9,7 хувьтай болчихсон байна. Жишээлбэл, бид 90-ээд оноос ойш байгаагүй хэмжээнд ма­лаа төллүүлж, 13 сая төл хүлээж авлаа. Энэ бол том үзүүлэлт. Бидэнд болж байгаа зүйл их бий. Гэхдээ эдийн засаг тэлэхийн хэрээр, тавьж байгаа зорилт маань том болохын хэрээр, мөн хүрч очих гэж байгаа цэг маань улам өндөр болохын хэрээр бидний сорилтууд их болж байна. Энэ дээр бид нар хамтдаа чармайж урагшаа явах ёстой.

-Цалин тэтгэврийг 30 хувиар нэмсэн. Энэ шийдвэр олон хүний амьдралд дэм болж, баярлуулсан. Тэр үед бол инфляцийг хөөрөгдөх гэж байнаа энэ нөхдүүд гээд шүүмжилж л байсан. Цаашид цалин хөлс нэмэх үү ?

-Цалинг нэмэх ёстой. Ер нь мон­гол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж би боддог. Энэ нь хоёр зүйлээс хамаарна. Нэгдү­гээрт, эдийн засгаа идэвхтэй байлгах. Төр, засаг макро эдийн засгийнхаа үзүү­лэлтийг харгалзан зөв зохистой бодлогыг гаргаж ирж тавих ёстой. Бид өнгөрсөн жилийг “Бизнесийн орчныг шинэчлэх” жил гэж зарласан. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гэж зарласан. Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл, ядуурал л байгаа. Үүнийг шийдэх ёстой. Ингэхийн тулд төр, засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ бодлогыг гаргаж тавих ёстой. Мэдээж нөгөө талдаа иргэд маань хариуцлага үүрнэ. Учир нь, тэр бодлогыг хэрэг­жүү­лэгч нь иргэн. Энэ бүх ажлаа хий­хийн тулд өөрийгөө бэлтгэх ёстой. Мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай бо­ловсон хүчин болж өөрийгөө бэлтгэх ёстой. Бид ярьдаг. Баахан диплом өвөр­төлсөн таксины жолооч, ажилгүй хүмүүс байнаа гэж. Тэгвэл зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ маш их байна. Ноолуурын хөнгөн үйлдвэрийнхэн өндөр цалин санал болгоод, ажилчин авах зарлал тавиад ажиллах хүн олдохгүй байнаа гэж нэг уулзалт дээр ярьж байгаа юм. Учир нь, мэргэжилтэй боловсон хүчин байхгүйд л байна шүү дээ. Би өнгөрсөн намар Оюутолгой, Таван­тол­гойн том бүтээн байгуулалтаар явсан. Мон­голын томоохон үндэсний компани нэг ажилтандаа дунджаар 900 мянган төгрөгийг өгч байна. 1000 ажилчинтай. Болж байна уу. Чадвартай хүн хүссэн цалингаа аваад эх орондоо ажиллаж, амьдарч болж байна. Нэг сая төгрөгийн цалин авна гэдэг бол хэвийн зүйл болсон байна шүү дээ. Оюутолгойн төсөл дээр би оч­сон. Сайн гагнуурчин хэрэгтэй бай­на. Тавдугаар зэргийн, зургадугаар зэргийн гагнуурчин байвал сая төгрөг­ний цалин юу ч биш, илүүг өгье гэжээ. Гэтэл харин гагнуурчин олддоггүй. Сайн сайхан амьдрал хүнд хөдөл­мө­рөөр л бий болдог. Өөрийгөө хөдөл­мөрт бэлтгэх хэрэгтэй. Төр, засаг нь ч гэ­сэн ажлын байрны хүрээнд хүнээ сур­гах, иргэн бол өөрийгөө бэлтгэх ажлыг маш нухацтай хийх ёстой. Үүн дээр бид маш их анхаарал, хөрөнгө гаргаж байгаа. БСШУЯ-аар дамжуулан маш их ажлууд МСҮТ-ийн чиглэлээр шинээр зохион байгуулж байна. Ер нь энэ бүтээн байгуулалтаас 60 мянган ажлын байр бий болно гэж байгаа юм шүү дээ. Одоо 60 мянган хүнээ бэлт­гэх ёстой байна. Өнөөдөр төр, засаг гаднаас ажиллах хүч оруулах сонир­хол алга байна. Тэр ажлыг хугацаанд нь хийгээд дуусгахын тулд нарийн мэргэжлийн ажилчин авахгүй бол ажил нь зогсчихоод байгаад шалтгаан байна. Иймээс гаднаас ажилчин аваад байгаа хэрэг. Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлаа шийдэх ёстой болчихоод байна. Энэ л бидний гол дэвшүүлж байгаа хийж байгаа ажил. Цалинг цааш нь нэмнэ гэж бодож байгаа. Төр цаашдаа монгол хүнийхээ үнэлэмжийг нэмэх, цалинг нэмэх асуудлыг тууштай авч үзнэ. Дэлхийн банк валютын сангаас Монголын эдийн засгийн өсөлтийн боломжийг ирэх 10 жилд дэлхийд хамгийн хурд­тай өсөх тооцоонд оруулчихсан байна билээ. Энэ жил бид цалинг нэмэх бо­долтой байгаа.

-Наадмын дугаарын зочноосоо хамгийн супер мэдэгдлийг хүлээж авлаа гэж бодож байна. Үнэхээр сайхан мэдээ маргааш хүмүүст очих нь ээ?

-Сайхан өдөр, сайхан мэдээ хүлээж авах сайхан шүү дээ.

-Төрийн албаны шинэтгэлийн томоохон хурлыг таны санаа­чил­гаар хийсэн. Энэ үеэр бол таны ам­наас жалга довны хуучин юмыг төрийн албанд бид цааш нь чирж явахгүй шүү гэсэн хатуу сануулга унасан. Энэ ажил хэр явж байна?

-Энэ ажлыг гарцаагүй хийх ёстой. Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Бид өрсөлдөх чадвартай байх хэрэг­тэй байна. Төрийн ажлыг ч өндөр төв­шинд өрсөлдөх чадвартай хийх ёстой болж байна. Төрийн ажил гавьяа зүт­гэл, мэдлэг чадвар, ажилласан жилийн туршлага гээд бүх зүйл дээр үндэс­лэж, дүгнэгдэж явах ёстой. Албан тушаалын сонголт, томилолт, дэв­шүү­лэлт нь бүгд үүн дээр үндэслэх ёстой. Тэрнээс биш улс төрийн намын сонгуулийн ялалтаас хамаардаг, эс­вэл нэг сайдын нутгийн юмуу, намын найз нөхдөөс шалтгаалаад өөрчлөлт хий­дэг энэ зарчмыг бид хуулиараа зохицуулах ёстой. Би Канадад хийсэн айлчлал дээрээ ч үүнийг ярьсан. Ер нь би айлчлал дээрээ тодорхой зүйл ярихыг боддог. Канад хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр технологи ярихын зэрэгцээ Канадын тө­­рийн албанаас авах зүйл их. Канад бол харьцангуй цөөн хүн амтай, жижигхэн улс ч Америк гэдэг том ул­сын хажууд байж байна. Гэхдээ төрийн алба нь маш тогтвортой. Өндөр хөгжчихсөн ийм улс орон. Тэнд төрийн албаны нь үйл ажиллагаа нь маш системтэй, хуульчилсан, тө­лөвш­чихсөн байж байна. Бид тийм улс орны жишгээс суралцах ёстой. Яагаад гэвэл манайд мэрит зарчим буюу гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чад­вар дээр үндэслэсэн энэ тогтолцоог хэв­шил болгохгүй бол төрийн алба өөрөө тогтворгүй байгаад байна. Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яаманд, агентлагт, төрийн албанд гурваас таван жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүй бол гэнэт нэг хүн хөндлөнгөөс орж ирээд хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга байж болохгүй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвх сонирхлыг мохоож байгаа юм. Сонгуулиас хамаарч савладаг ийм төрийн албатай байж болохгүй. Ер нь зах зээлийн орнуудад төрийн алба маш тогтвортой байдаг. Сайд ирж л байдаг, явж л байдаг. Тэр төрийн алба бол доор нь ёстой Швей­царь цаг шиг л ажиллаж байдаг. Хууль тогтоомж бүх юм нь ойлгомжтой. Ер нь төрийн алба өөрөө биеэ даасан суурь зарчмууд дээрээ тулгуурласан дэвшүүлэлт, сонголт энэ бүхэн нь хуульчлагдсан байх юм бол тогтвор­той болно. Мэдээж хэрэг төрийн албан хаагч­дын нийгмийн асуудлыг зөв зохи­цуулах ёстой. Гэхдээ дахиад тусгайл­сан юм хийх биш. Төрийн албан хаагчдын хүүхэд болохоор л тусгай хөнгөлөлттэй сурдаг ч юм уу, төрийн албан хаагч болохоор тусгайлж бай­ранд ордог биш. Энэ нь бол нийтийн жишгээр байх ёстой. Харин төрийн албан хаагчийн үнэлэмж, цалин өөр байх ёстой. Чадвартай хүний цалин өндөр л байг л дээ. Энэ зарчим руу орох ёстой. Бид нар энэ рүү явж байна.

-Шатахууны хомсдол нэлээн анхаарлын төвд байна. Жил бүр ургацын үеэр ч юмуу, тариалалтын үеэр ч юм уу ямар нэгэн ачаалалтай үеэр л ийм юм болдог. Иргэд үүнд их бухимдах юм. Манайх энэ зов­лонгоосоо хэзээ салах юм бэ?

-Энэ бол өмнө нь байгаагүй асуу­дал биш байсан л асуудал. Гэхдээ гарцаагүй шийдэх асуудал. Хамтар­сан Засгийн газар энэ тал дээр нэлээн бодитой бодлого гаргаж ирж байгаа. Бид өөрийн үндэсний нефть боловс­руу­лах үйлдвэрийг барих ёстой бол­жээ. Одоогоор манай түүхий нефть олборлолт хангалтгүй байгаа. Гэхдээ бид нефть боловсруулах үйлдвэрээ барина. Өөрсдөө өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж бай­гаа. Тийм учраас саяхан Засгийн газрын хуралдаанаараа нефть бо­ловс­руулах үйлдвэрийн асуудлыг авч хэлэлцээд зарчмуудыг нь шийдээд гаргаж байна. Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бол бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана. Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талын айл руу дав­хидаг байж болохгүй ш дээ. Үүнийгээ системчлэе, тогтвортой болгоё, урт хугацааны гэрээ болгоё. Энэ зарчмыг шийдэж байгаа. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэг сайдыг, нэг засгийг энэ асуудлаар буруутгах нь утгагүй л дээ. Мэдээ­жийн хэрэг үүрэг хариуцлага хүлээж байгаа хү­мүүс нь үүнийхээ хариуц­лагыг хү­лээж байх ёстой. Тэрэн дээр бол ха­риуцлага тооцох юмыг нь тоо­цох ёстой. Тооцох ч болно. Гэхдээ урт ху­гацааны үндэслэлтэй шийдвэ­рийг гар­гах ёстой. Энэ шийдвэрийг энэ Зас­гийн газар гаргаж байгаа. Эрвийх дэрвийхээрээ бүх шатанд нь ажиллаж байна.

-Сонгуулийн хуулийн талаар хоёр нам санал нэгдэхгүй байна. Эцэст нь та МАН-ын даргын хувьд ард түмнээсээ асууя гэж санаа­чил­га гаргасан. Харин энэ саналыг АН хү­лээж авах бололцоогүй гэж байна?

-Энэ бол ардчилсан нийгэм шүү дээ. Хууль нь байна. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг асуух тухай хууль байгаа шүү дээ. Бид 93 онд батлаад тавьчихсан. Тэгэхээр ийм асуудал байж болохгүй гэж ярих нь бол зохимжгүй явдал. Олон улсад жишээлбэл, Швейцарьт бол хамгийн энгийн асуудлаар санал хураалт явуулж байдаг ийм практик хэвш­чих­сэн. Ийм улс орнууд маш их байна. Саяхан Англи улс жишээлбэл сонгуу­лийн хуулиараа санал асуулга асуу­гаад явж байна. Италид санал асуулга хийсэн байна. Ер нь Ардчилсан улс орнууд олон түмнээс асуулга асуух хэлбэр байж л байдаг. Мэдээж хэрэг манайд хэвшээгүй, практик болоогүй учраас дээр нь хууль эрх зүйн зохицуулалтууд нь боловсронгуй болоогүй учраас эргэлзээд байна. Бас Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулаад илэрхийлж байгаа байр суурь бол бий л дээ. Бид үүнийг тооцох ёстой. Гэхдээ асууна гэж байгаа маань өөрөө буруу зүйл биш . УИХ бол ард түмний мөрөөдөл сонир­холын төлөө л байгууллага.

-Ерөнхийлөгчийг яагаад хориг тавьсан гэж бодож байна?

-Ерөнхийлөгч манай бүлгийн дарга нартай уулзаж хууль эрх зүйн хувьд бол амаргүй асуудал шүү гэдэг талаас нь ярилцсан байгаа. Хууль эрх зүйн талаас нь нэлээн судалж үзэх асуудал гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Бид үүнийг авч үзэх ёстой. Үнэхээр өнөөдрийн мөр­дөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд болж байгаа хэсэг нь аль юм, болохгүй хэсэг нь аль юм гээд салгаад ярилцаж болно ш дээ. Бид ч заавал тулгаж байгаа зүйл биш, ард түмнээсээ асууя гэсэн хувилбарыг л санал болгож байгаа юм. Энэ хувилбарыг маань эсэргүүцэх юм уу, хориг тавьж болно шүү дээ. Энэ бол нээлттэй зарчим. Сонгуулийн хуулийг бол зарим нь намын нэрээр хйих ёстой гэж яриад байгаа юм. Зарим нь хүнээ мэдэх, гишүүнээ мэдэж мэдрэхийг чухал­чилж байгаа. Яагаад гэвэл АН, МАН гээд дугуйлчихдаг. Цаана нь хэн байгааг мэдэхгүй. Тэр нь буруу ч юм уу, зөв ч юм уу хэнийг нь мэдэхгүй хүнийг дугуйлчихдаг. Гэтэл яг иргэн хүнд бол намайг төлөөлж УИХ-д суух гэж байгаа тэр хүн аль намын хэн гэдэг хүн бэ гэдэг чухал байгаа юм. Энэ хүнийг сонгох зөв хүн үү, мэдлэг боловсрол бүх талаараа энэ хүн шаардлагыг маань хангаж байна уу гэдгийг харахгүйгээр зүгээр нам дугуйлчихаад байх бол амаргүй шүү дээ. Сонгуулийн тогтолцоо намыг дугуйлна гээд ярих нь өөрөө хүнд их гоё сонсогдоод байгаа боловч энэ өөрөө төгс төгөлдрийн туйл уу гэвэл бас биш . Тийм учраас бид холимог тогтолцоог ярья. Энэ элементийг оруулъя. Үе шаттайгаар энэ рүү явъя. Гуравны нэг нь бид нам сонгоно, гуравны хоёр нь хүнээ сонгоё. Тэгээд үүнийг үзье. Дараа дараад нь бид үнэхээр боловсронгуй байна гэх юм бол цааш нь хөгжүүлээд явъя гэдэг дээр ерөөсөө эргэлзэхгүй байгаа ш дээ. Ганцхан пал хийтэл нь нам болгоод тавьчихъя. Хүн нь чухал биш нам нь л гээд тавьчих юм бол зөв юм уу буруу юм уу гэдгийг өнөөдөр хэн нь ч хэлж чадаагүй ш дээ. Магадгүй хүмүүс бас хүнээ харъя гэж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нь сайн пиар хийж, хэн нь илүү хэвлэлийн бага хурал хийснээр ажлыг дүгнэдэг хорвоо бол өнгөрчихөөд байна. Одоо манайд бол уураа л хүрвэл гүйж гараад хэвлэлийн бага хурал зарлана. Пиар хийнэ. Ард түмэндээ хандана гэдэг. Би тэрийг бол зөвшөөрч байна. Ганцхан үндэслэлтэй, судалгаатай, зөв байх ёстой. Энэ асуудалд бид болгоомжтой, үндэслэлтэй, хуулийн дагуу хандана. Наад зах нь Үндсэн хуулиа хар л даа. Цагаан дээр хараар Монгол Улсын их хурлын гишүүнийг шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Энэ дээр намыг сонгоно гэж бичээгүй. Гишүүнийг сонгоно гэсэн байгаа.

-Сонгуулийн хуулиас болж та­ныг огцруулах асуудлыг Э. Бат-Үүл ги­шүүн өргөн барина гэдгээ мэ­дэгд­­сэн байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар таныг намын удирдах зөвлөл дээрээ хэлэлцсэн асуудлуудаа парламен­таар хэлэлцүүлдэг боллоо, пар­ламентын бүрэн эрхэд халдаж бай­на гэж хурцаар шүүмжилж байна. Ха­рин та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд бол хүндэлдэг юм. Яах аргагүй манай ардчиллын алтан хараацайн нэг гэж хэлж болно. Ер нь зарчмын асуудлууд дээр гол ч байр сууриас ханддаг гэж боддог. Ардчиллын үнэт зүйлсүүдийг хамгаалах, зах зээлийн суурь зарчмуудыг хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцаа, төр нийгэм ардчиллын суурь зарчмуу­даас мань эр ухардаггүй. Шаардлага­тай бол эдгээр үнэт зүйлсийн төлөө ямар ч алхам хийх чадвартай цөөхөн хүмүүсийн нэг гэж би үздэг л дээ. Тэр утгаараа бол хүндлэлтэй ханддаг. Гэтэл нөгөө талаасаа Э.Бат-Үүл маань болчимгүй алхам хийдэг л хүн юм байна. Хариуцлагагүй нөхөр юм бай­на. МАН-ын даргын хувьд би Э.Бат-Үүлийг хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэж үзэж байна. Аливаа нам улс төрийн зохион байгуулалтын хэлбэр, АН ч тэр, МАН ч тэр мөрийн хөтөлбөрөө гаргаад, мөрийн хөтөлбөр дээрээ дэвшүүлсэн зорилтуудаа өөрийнхөө их хурал, бага хурал, удирдах зөвлөлөөрөө яриад л явдаг. Тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнээд, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн бүх асуудлуудыг улс төрийн намууд л ярина ш дээ. Одоо “Монгол хүн-2020” гээд хүн болгоноо ажилтай болгоно, мөнгөтэй болгоно гээд л АН чинь аймаг болгоноор давхиад л байгаа биз дээ. АН-ынхан өөрсдөө болохоор 2020 онд бүгдэд нь аманд нь баахан юм чихэж хаяна гэж ярьж давхичихаад, МАН болохоор эдийн засаг, хөгжлийн асуудал ярингуут буруу болноо гэдэг асуудал бол байж болохгүй байх. Аягүй хийсвэр юм ярьж байгаа байхгүй юу. Угаасаа УИХ-ын бүтцүүд байнгын хороо, УИХ-ын бүлэг бол шийддэг зарчмаараа л зарчмаа шийднэ. Аль аль намын удирдах зөвлөлүүд бол шийдвэрээ улс төрийн намын хуулийн хүрээнд гаргана. Тэгэхээр үүнийг удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад яваад байна гэж шүүмжилж байгаа нь том улстөрчийн хувьд бол туйлын инээд­тэй зүйл ярьж байх шиг харагдах юм. Э.Бат-Үүл гишүүнийг ингэж ярьж байгаад их гайхаж байгаа. Ийм инээд­тэй болчимгүй алхам хийхээ боль гэж би Э.Бат-Үүл гишүүнд хэлмээр байна. Х.Тэмүүжин гишүүнийг бол би залуу улстөрчдийн нэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө намын асуудлыг ярьж байгаа бол өөр хэрэг. Манай намын асуудалд орох нь зохисгүй гэж үзэж байна. Ёстой нөгөө хүний хэрэгт бүү хошуугаа дүр гэж нэг үг байдаг байх аа. Мэдэхгүй юмаа ярьж хэрэггүй дээ гэж зөвлөмөөр байна. Хүн бол бас асуудлыг мэдэж байж ярих хэрэгтэй ш дээ. Мэдэхгүй юмаа ярихаар хүн эвгүй харагддаг. Би одоо АН дотор байгаа юмыг яриад байвал бусдад таагүй харагдана биз дээ. Бид АН-ын удирдлагуудын асуудлаар дүгнэлт хийгээд яриад байдаггүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүү­жил ч байхгүй.

-МАХН гэдэг томъёоллоор хуу­чин намын дарга байсан Н.Энх­баяр улсын дээд шүүхээс гэрчилгээ авчихлаа. Уг нь өмнө нь Монголын Алдарт Хувьсгалчдын нам (МАХН) гэж тэд хүсэлт гаргаж байсан санаг­дах юм. Тэр нам гэрчилгээ авчихав уу. Эсвэл хэдхэн сарын өмнө таны даргалж байсан МАХН-ын гэрчил­гээг авчихав уу. Ерөөсөө ойлгохоо байчих юм?

-Та ойлгохгүй байна ш дээ. Та юмыг олон талаас нь хардаг, өндөр төвш­ний мэдээлэлтэй байдаг, нэр хүндтэй сэтгүүлч хүн. Та ойлгохгүй байнаа гэдэг бол нийгэм ойлгохгүй байна гэсэн үг. Тантай яг адилхан би ойлгохгүй байна. Яахаараа Монгол Улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн өнцгөөс тайлбарлаад, ингээд юмыг хүслээрээ хийгээд явж болдог юм бэ. Хуультай зөрчилдсөн ийм шийдвэр гарлаа л гэж бид үзэж байгаа. Тий­мээс манай намаас Улсын дээд шүү­хээс яагаад ийм шийдвэр гаргасныг нь судалж үзэх гэж гаргасан тогтоолоо өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Саяхан тогтоолыг нь авлаа. Бид энэ үндэс­лэл­тэй санал нэгдэхгүй. Тийм учраас бид Улсын дээд шүүхэд хуулийн дагуу давж заалдаж байгаа. Нэг шинэ улс төрийн нам шинээр бий болох нь мэдээж нээлттэй. Ижил нэртэй ол­гогд­чихсон нь хууль зөрчсөн явдал гэж бид үзэж байгаа юм. Уг нь бол сая бол 19 дэх шинэ нам, отгон нам бий болсон шүү дээ.

-МАХН-ын улс төрийн тов­чоо­ны гишүүн байсан Т.Рагчаа гуайтай ярилцсан нэгэн сонирхолтой но­мыг би сая уншлаа л даа. Тэр хүн бол 96 настай. Намын нэрний талаар байр сууриа илэрхийлжээ. “Төөрөлдсөн эсвэл ашиг хайсан хэдэн хүн л тэр хувьсгалт гэдэг үгний хойноос гүйнэ биз дээ. Одоо шинээр бүртгүүлээд байгаа МАХН гэдэг бол байдаггүй, бараа туруу нь харагддаггүй, цаасан дээр байдаг олон намуудын л нэг бол­но” гэж . Би энэ хүнийг бол гай­хал­тай сэргэг, шинэ, ямар айхтар хүн бэ гэж харсан. Иймэрхүү ахмад ги­ш­үүд олон байна уу, эсвэл зарим хэвлэлүүдийн бичиж байгаа шиг нам минь гээд бүгдээрээ сүүгээ өргөөд ханараад байна уу?

-Т.Рагчаа гуайг мэдэлгүй яахав. Т.Рагчаа гуай шиг ийм сайхан ахмад буурлууд бол манай намд олон бий. Тулхтай, ухаантай, алсыг өргөн харж чаддаг, ёс суртахуунтай хүмүүс бол асуудлыг яг зөв л харж байгаа байхгүй юу. Энэ бол нэг шинэ отгон нам л бай­гуулагдсан. Монголын улс төрийн шинэ нам. Ганцхан энэ дээр нэг зөр­чил­тэй асуудал бол манай намын өмч үнэт зүйл болсон хуучин нэрийг өг­сөн­тэй л бид санал нэгдэхгүй эсэр­гүүцэж байгаа юм. Манай намын нэ­рийг авч, манай үнэт зүйлд халдсанд нь санал нэгдэхгүй байгаа учраас хуулийн дагуу дарагийн шатны шүү­хэд хандана.

-МАН дээр “Хувьсгалт” гэдгийг шигтгэсэн тэр явдлыг монгол хүн хийгээгүй юм байна. Амгаа гэдэг коминтерний төлөөлөгч Оросоос ирж өгсөн гэж Т.Рагчаа гуайн яриан дотор байна л даа. Тийм Амгаа гэдэг тэр буриад хүн байсан гэдгийг та мэдэх үү ?

-Мэдэлгүй яахав. Ер нь манай намын түүх бол том түүх. Тэр түүхийг яаж ч гуйвуулах бололцоогүй. Яагаад гэвэл Т.Рагчаа гуай шиг амьд түүхийн гэрчүүд нь байж байна. Архив баримт нь байж байна. Манай намын туулж ирсэн замнал өөрөө хүчирхэг. Үнэт зүйл­дээ тийм амархан халдуулахгүй шүү дээ.

-Танаас Н.Энхбаяр даргын тухай асуумаар байна. Тэр хүн бол танай намтай салшгүй холбоотой хүн. Гэвч өнөөдөр өөр замаар алхаж байна. Түүний одоогийн хийж байгаа улс төрийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?

-Н.Энхбаяр дарга улс төр, хувь хүн гэдэг хоёр зүйлийг хэт их салгаад явчих шиг л надад санагдаад байгаа юм. Уг нь бол хүн нэг л арьсан дор явах ёстой гэж боддог юм ш дээ би бол. Энэ хоёр хэтэрхий их холдоод явчихаараа бас ойлгогдохоо больчих­дог л доо. Олон зүйлийг өнөөгийн төр засаг хийхгүй, болгохгүй байгаагаар яриад байгаа л даа. Жишээлбэл, би энэ засгийн ажлыг аваад жил найман сар л болох гэж байна. Гэхдээ л амжиж олон зүйлийг хийхийн төлөө явж байгаа. Энэ яриад шүүмжлээд байгаа, болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлүүд бол өмнөх 20 жилээс өвлөг­дөж ирсэн зүйлүүд байгаа юм л даа. Өвлөгдөж ирсэн зүйлүүдийг л бид заримыг нь хөдөлгөөнд оруулаад, заримыг нь шийдэх гээд зүтгэж байна. Алдаж онож байгаа юм байгаа байхаа. Тэ­рийг бол түүх шүүх байх. Ямар ч бай­сан улс орны хөгжлийг гацааж бай­сан зүйлүүдийг хөдөлгөөнд оруулъя. Энэ өвлөгдөж ирсэн үлгэр домог бол­сон л асуудлуудаа өөрсдөө яриад бай­гаад л би гайхаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол зарим хүмүүс саран дээр байж байгаад ирсэн юм шиг л ярих юм байна ш дээ. Энэ асуудлыг аваад явж байсан хүмүүс ингээд яриад байхаар би бас ойлго­дог­гүй юмаа. Шийдчих хангалттай он жилүүд өнгөрсөн болов уу гэж боддог.

-Та бол эдийн засгийн шинэт­гэ­лийн бодлогуудаараа хүчирхэг лидер гэдгээ харуулж байна. Энэ та­лынх нь Батболд гялалзаж хараг­дав ч намын өнгөн дээр гарч ирж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байх юм?

-Ер нь улс төрийн намуудыг янз бүр л хардаг л даа. Улс төрийн намуу­дын зорилт бол улс орны өмнө тулгам­даад байгаа асуудлыг л шийдэх шүү дээ. Улс төрийн нам өөрөө өөрийгөө сайхан болгох талаар ярих­гүй ш дээ. Улс орныг яаж сайхан болгох вэ гэж л ажиллаж байгаа. Тийм учраас улс төрийн намд олон жил ажилласан учраас ийм мундаг юмаа ч гэдэг юм уу, энэ бол харьцангуй ойлголт л доо. Улстөрч хүн гэдэг бол зангараг, хатуу байр суурь гэдэг ойлголтын нэгдэл ч бас биш. Нэг тал нь байж болох. Тийм болохоор зөвхөн үүгээр улс төрийн хэмжээ дамжааг тодорхойлно гэдэг бол өнөөдрийн ийм эрчимтэй хөгжиж байгаа, прагматик талаасаа нийгэм хөгжөөд, амьдрал өөрөө бодитой шийдлүүдийг хүлээж байгаа, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн шийд­лүү­дийг хүлээж байгаа үед сонин биш. Тэгэ­хээр бид аливаа асуудалд үндэс­лэл­тэй, судалгаатай, талуудын байр суу­риудыг бодитой тооцсон ийм ханд­лагыг л тээх хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл манайх олонхи байна аа гээд асуудлыг түрээд шийднэ гэвэл бас чадахгүй. Иргэний нийгэм тө­лөвш­чихсөн. Ерөнхийлөгчийн инсти­тут нь ажиллаж байна. Сөрөг хүчин байна. Тэгэхээр бодитой судалгаатай, үндэслэлтэй, зарчимтай байр суурь барьж байх нь өөрөө Монгол Улсын хөгжлийн өнөөдрийн засаглалын шинэ хэлбэр. Ерөөсөө сайн засаглал гэж юу юм бэ. Сайн засаглал гэдэг нь хатуу юмуу, зөөлөн байхыг хэлж байгаа зүйл биш байхгүй юу. Сайн засаглал гэдэг бол үндэслэлтэй, бодитой, нээлттэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, алсын хараатай асуудлыг харж чадаж байгаа, шийдэж чадаж байгаа, үр дүн гаргаж байгаа энэ засаглалыг л хэлнэ. Өнөөдөр бид сайн засаглалыг л ярьжб айна. Сайн засаглалыг компанийн төв­шинд, төрийн төвшинд нэвтрүүлье. Иргэний нийгмийг оролцуулсан, нийг­мийн зөвшилцлийг бий болгосон энэ орчныг тэлэхийн төлөө л ажиллана. Нээлттэй засаглал руу явах ёстой. Өрсөлдөх чадвартай засаглал руу явах ёстой. Мэдлэгт суурилсан хөг­жил руу явах ёстой. Энэ орчинг л бүр­дүүлэх ёстой. Энэ нь бол ардчиллын үнэт зүйл байх ёстой. Гол нь улс тө­рийн бодлого энэ зарчим дээр суурил­сан л байх ёстой. Манай нам энэ рүү явж байгаа. Эргэлзэх зүйлгүй. Манай нам магадгүй өөр өөр өнгө аяс, байр суурьтай харагдаж магадгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол манай нам ардчилалтай нам болохын л нэг жишээ. Манай нам ямар нэгэн фрак­цуу­дын нэгдэл болоод, ямар нэгэн эрх ашгуудын нэгдэл хэзээ ч болж бай­гаа­гүй, хэзээ ч болохгүй. Улс төрийн хам­гийн өндөр зохион байгуулалттай, олон­хийн зарчмаа барьж чаддаг, улс тө­рийн намын үндсэн соёлыг, ёс сур­тахууныг нь харуулж чаддаг ийм нам.

-Тань шиг ийм лидерийн үед намд шинээр гарч ирж байгаа за­рим залуучуудыг хараад жаахан гайхдаг юм. Ямар нэгэн сорви яриад л, ямар нэгэн цөс, эр зориг ярьсан тэр сонин нөхдүүд танд таалагддаг хэрэг үү?

-Би тантай санал нэгдэхгүй байна л даа. Та бол юмыг нэг хоёр тохиолд­лоор юмуу дүгнэж ярьж болохгүй л дээ. Энэ чинь 160 мянган хүнтэй асар том хүчин шүү. Хоёрдугаарт, манай нам нэрээ сольсноор 20 гаруй мянган залуучууд шинээр орж ирсэн. Улс орноо ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй боловсролтой сайхан залуус манай намд олон бий.

-Таны аливаад хөөсөрч өгдөг­гүй дипломат байр суурийг танай намынхан шүүмжилдэг үү. За­римынх нь хувьд та сэлэм эр­гүүлж, том том мэдэгдэл хийж сү­рийг үзүүлэх ёстой ч байж магадгүй?

-Үгүй. Хүн байгаагаараа л байх хамгийн сайхан. Нэг их салхилаад яахав. Нэг их намжаад ч яахав. Би бол хамгийн гол нь ажил ам хоёр нэг байх ёстой гэж үздэг хүн. Жингийн цуваа явж л байх ёстой. Тэр тайван, холыг зорьсон, амар амгалан цуваа жижиг сажиг юмнаас болоод зогсч, бужигналдах ёсгүй. Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёр­дох­гүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой гэж боддог. Намаа, нөхдөө, нийгмээ гомдоохгүй байх ёстой. Энэ бол бас зарчим. Тийм болохоор улс төр хүн хоёр хамт шүү л гэж хэлэх гэсэн юм.

Сү.Батболд…Энэ бол түүний улс төрд танигдсан анхны нэр. Тэр үед тэр үүнээс өөр нэг их нэмэр хачиргүй нөхөр байлаа. Одоо бол тэр гүйцэтгэх засаглалын тэргүүн. Монгол Улсын Ерөнхий сайд. Өөрөөр түүнд ирж наалдах зөндөө гуншин бий. Гэхдээ надад бол олон жилийн өмнө уулзаж байсан С.Бат­болд хэмээх энэ залуу өнөө цагийн энэхүү өндөрлөг дээрээс эргэн уулзахад урьдынхаараа ямар нэгэн хиймэл, хоолой шахсан эрх мэдлийн өнгө сэлтгүй, янзаараа намайг угтсан нь таалагдсан. Хүн гэдэг амархан хэмхэрдэг, урьдын чанар юугаа дорхноо алддаг сонин амьтан. Гэвч чанараа энэ ийм өндөр төвшинд хадгалж байснаар нь, Монгол Улсыг хамгийн эмзэг, хөгжлийнхөө түрлэгийг авч ядан байгаа өнөө үед толгойлж бай­гаагийнх нь хувьд энэ цоо шинэ имижтэй лидерийг Монголын ард түмэн хүлээж авах ёстой болжээ.

Сэтгүүлч Б.Ганчимэг

Эх сурвалж: