Showing posts with label ОДБАЯР Д-гийн. Show all posts
Showing posts with label ОДБАЯР Д-гийн. Show all posts

Sunday, 6 May 2012

Д.Очирбат: АН-ынхан Монгол ээжүүдийг ямаанаас дор үзэж байна


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Та санаачилсан. Энэ хуулийн төслийн өнөөгийн нийгэмд ямар үр өгөөжтэй вэ?

-Ер нь Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг УИХ, Засгийн газрын төвшинд авч үзэх цаг болсон. Хүн ам зүйн бодлого үнэхээр дутагдалтай байгаа. Уг нь улсын нэн тэргүүнд тавигдах чухал бодлого байх ёстой. Өнөө үед Монголын хүн ам зүйн цонх нээгдчихсэн, хөгжиж дэвшиж болох таатай үе дээрээ байна. Одоо хөдөлмөрлөх насны залуучууд хүн амын ихэнхийг бүрдүүлж байгаа. Гэхдээ төрөлт бага, хүн амын өсөлтгүй энэ чигээрээ явбал 15-20 жилийн дараа гэхэд цонх хаагдчихна. Тэр үед хүн амын дийлэнхийг хөдөлмөрийн насны хүн эзэлж чадахгүй, хөгшид эзлэх гээд байгаа юм. Тиймээс төрөлтийг дэмжсэн, хүн амаа өсгөх, нийгмийн хамгааллын буюу эхчүүдээ дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Тиймээс би Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Хүүхэд тээж төрүүлээд, өсгөж байгаа эхийн сайхан үйлсийг үнэлгээтэй болгохыг л хүссэн юм. Хүн болгон эхээс мэндэлдэг. Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг маш их хөдөлмөр. Хүүхэд тээхэд есөн сар, өсгөөд хөл, хэлд оруулахад хоёр жил болно. Арван хүүхэдтэй эх гэхэд л амьдралынхаа гуч гаруй жилийг хүүхдээ өсгөхөд зориулах нь. Тэд энэ гучин жилд ажил хөдөлмөр хийж чадахгүй, цалингүй, нийгмийн шимтгэл даатгал төлж чадахгүй байж байгаад хөгшрөхийн цагт тэтгэвэр ч олддоггүй. Миний санаачилсан энэ хуулийн төслийн гол агуулга нь Монголын төлөө, хүн амаа өсгөхийн төлөө олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд сар бүр урамшуулал олгох явдал. Мөн хүүхдээ өсгөсөн жилийг ажилласан жилд тооцож, нийгмийн шимтгэлийн даатгалыг нь төсвөөс төлдөг, тэтгэвэр авдаг болгох юм.
-Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгохдоо баримтлах зарчмыг танилцуулна уу?

-Гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгохоор тусгасан. Гурван хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу одоогийнхоор бол 70200 төгрөг олгох юм. Дөрвөн хүүхэдтэй эхэд 75 хувь 105 мянган төгрөг, таван хүүхэдтэй эхэд 100 хувь буюу 14400 төгрөг, зургаан хүүхэдтэй эхэд 125 хувь, долоон хүүхэдтэй эхэд 150 хувь, найм буюу түүнээс дээш хүүхэдтэй эхэд 200 хувь буюу 280 мянган төгрөгийн урамшуулал олгож байхыг зорьж байна.
-МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ хуулийн төслийг илүү баяжуулан оруулж өгсөн гэсэн. Ямар санаанууд нэмж оруулсан бэ?

-Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт би өөрийн саналуудаа оруулсан. Манай улс 2.7 сая хүн амтай. Урд хөрш нэг тэрбум 300 сая, хойд хөрш 160 гаруй сая хүн амтай. Хятадад хоёрхон сарын дотор хоёр сая буюу манай хүн амтай тэнцэх хүүхэд төрдөг. Бид хүн амаа өсгөх зайлшгүй шаардлагатайг энэ баримтаас харж болно. Таван хүүхэд төрүүлсэн гэр бүлд нэг өрөө, найман хүүхэд төрүүлсэн гэр бүлд хоёр өрөө байр олгох санал оруулсан. Найман хүүхэдтэй айл нэг гэрт багтана гэдэг хэцүү. Аав ээжтэйгээ нийлээд арвуулаа нэг гэрт багтана гэж байхгүй шүү дээ. Үүнээс гадна тэр олон хүүхдийг хооллох, хувцаслах гээд эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй. Нэмж хэлэхэд, эх хүн хүүхэд тээж байх үедээ бүх шим шүүс, эрдэс минералаа хүүхдэдээ өгч байдаг. Төрүүлсэн хойноо хөхөөрөө дамжуулан идсэн уусан бүх витамин, тэжээллэгээ бас л хүүхдэдээ өгдөг. Тиймээс төрсний дараа олгох урамшууллаараа эхчүүд маань тэжээллэг, амин дэмтэй хоол хүнс худалдаж аваад хэрэглэх боломж олгох хэрэгтэй. Ийм л бодлого баримталж байна.
-Яагаад заавал гурваас дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгох юм бэ?

-Сүүлийн үед хоёр хүүхэдтэй гэр бүл маш их болжээ. Уг нь нэг хүүхэдтэй бол хүүхэдтэйд бүү тооц гэсэн ардын үг бий. Харин гурван хүүхдийг хүүхэдтэйд тооц гэдэг. Тиймээс л бид гурван хүүхэд гэж зааж өгсөн. Монгол айл өрх бүр ядаж гурван хүүхэдтэй болчихвол болж л байна.
-Одоогоор хуулийн төслийг хэлэлцэх явц удааширч байгаа. Үүний учрыг юу гэж бодож байна вэ?

-Хуулийн төслийг өргөн бариад УИХаар анхны хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн болчихсон. Харамсалтай нь АН-ынхан эхэд урамшуулал олгохыг зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа. Асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, гацааж байна. Уг нь АН-ынхан ч гэсэн эхээс л төрсөн дөө. Тиймээс АН-д хандаад “Энэ хуулийг түргэн гаргая аа. Жилийн өмнө, нэг өдрийн өмнө гаргах нь эхчүүдэд, цаашлаад улс оронд маань хэрэгтэй шүү” гэж хэлмээр байна. Хүн амаа өсгөх, эх орноо өргөжүүлэх ийм сайхан эх оронч хуулийг яагаад АН гацаагаад байгаа юм бэ. Улстөр хийлгүй, элдэв завсарлага авч гацаалгүй энэ хуулиа батлаад гаргачихъя л даа. Жилд 30 тэрбум төгрөг байхад л хүн амаа өсгөх энэ хууль хэрэгжих юм. Энэ нь төсөвт хүндрэл учруулахгүй. АН-ынхан ямааны ноолуур, тэмээний ноосонд 40, 50 тэрбумаар нь л урамшуулал олгоё гэдэг юм байна лээ. Яагаад эхчүүдийг ямаанаас дор үзэж байгааг ойлгохгүй байна.
-АН-ынхан эхэд урамшуулал олгохыг эсэргүүцэж байгаа хэрнээ хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилсан шүү дээ?

-Хүүхэд мөнгөн тэтгэмж аваад чихэр, зайрмаг авч идэх юм уу. Тэгснээс эх нь урамшууллаа аваад өрх гэртээ зарцуулаад, хүүхдэдээ хоол хүнсээ аваад, өөрийнхөө биед хэрэгтэй тэжээл, амин дэмд зориулсан нь дээр шүү дээ. Эх урамшууллаараа архи аваад уухгүй, ганцаархнаа хэрэглээд үлдсэнийг нь цаашаа хийнэ гэж байхгүй шүү дээ.
-Үүнээс гадна Та өөр нэг хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Орчин үед залуучууд хүн амын ихэнхийг эзэлж байгааг дээр хэлсэн. Бид цөөхөн хэдэн ахмаддаа хандсан бодлого баримтлах хэрэгтэй. Өнөөдөр Африкийн орнууд шиг өлсгөлөн, ядуурал, өвчинтэй амьдрал Монголд байхгүй. Бид сайн сайхан нийгэмд амьдарч байна. Өдий зэрэгт хүргэж, улсаа хөгжүүлсэн цөөхөн ахмадаа бид анхаарах хэрэгтэй. Бид хүүхдүүд, оюутнуудаа анхаардаг хэрнээ ахмадуудаа анхаарахгүй байна. Ахмадууд гэхээр бидэнд нэг л ойлголт байдаг. Эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш настай л бол ахмад настан гээд нэрлэчихдэг. 100 настай, 80 настай буурлаа ч ахмад л гэдэг. Уг нь насны ангиллаар нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Гадаадад бол ахмадууд төрөөс халамжийн бүх үйлчилгээгээ авчихдаг. Би улсын асрамжинд оръё гээд очиход бэлэн халамжийн төвүүд, сувилал, цэцэрлэгтэй байдаг юм. Харин Монгол Улсад ийм цэцэрлэг, төв нэг ч байхгүй. Ганц байгаа нь өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт миний санаачлан байгуулсан ахмадын сувиллын төв. Ахмад настанд халамж үзүүлэх тухай хуулийн төсөл батлагдвал бүх аймаг, дүүрэгт ахмадын сувиллын төв нээгдэх юм.
-Гол заалтуудаас дурдвал?

-Энэ хуулийн гол санаа нь ахмад хүн нас ахих тусмаа илүү их халамж авч, тэтгэвэр тэтгэмж авах явдал. Нас ахих тусам тэтгэврийг тодорхой хувиар өсгөн олгох юм. Нас ахих тусам ахмадуудад халамж үйлчилгээ, мөнгө хэрэгтэй болдог. Мөн ахмадуудын гэр бүлийн нэг нь өнгөрчихлөө гэхэд сэтгэл санаагаар унаж, түших ханьгүй үлдсэн нэгэнд нь нөгөөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байх заалт оруулсан. Залуудаа улс орныхоо төлөө ажиллаж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлэн хань ижилд нь тэтгэвэр олгох нь зүйтэй гэж үзсэн.
-Ахмад настнуудыг насаар нь ангилах хэрэг тэй гэж Та хэлсэн. Энэ талаар тусгасан уу?

-55-70 настай иргэнийг ахимаг настан гэж үзнэ. Тэдэнд тэтгэврийнх нь таван хувийг нэмж олгодог болно. 71-85 хүртэлх насны хүмүүсийг ахмад настан гээд тэтгэврийнх нь 10 хувийг нэмж олгоно. 85-99 настныг өндөр настан гээд 20 хувь, 100 болон түүнээс дээш насалбал өтөл настан гэж ангилаад тэтгэврийн 30 хувийг нэмэгдэл болгон өгье гэж ангилан заасан.
-Энэ хуулийн төслийг Та ганцаараа санаачилсан юм уу. Боловсруулж дууссан уу?

-Хуулийн төслийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, 19 дүгээр хорооны ахмад настан Тогтохжаргал гол агуулга үзэл санааг тодорхойлсон. Түүнийгээ надад өгөөд би өөрөө баяжуулж, боловсронгуй болгоод ажиллаж байна даа. Одоо Засгийн газарт санал авах гээд өгчихсөн байгаа.
Эх сурвалж
unen.mn
2012 оны 5-р сарын 04, Баасан гариг

Д.Одбаяр: Хөгшин банхраа цааш нь харуулчихвал гөлгөн чоно хот үймүүлчихнэ


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Таны ахалдаг байнгын хорооны шийдвэр одоо ч давтагдахаар байна уу?
-Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцсэн. Түүнээс хойш долоо хоногийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг оруулах ёстой. Энэ л зарчмын дагуу чуулганаар асуудлыг хэлэлцэж байна.
-Чуулган дээр асуудлыг нэлээд хурцаар хэлэлцэж байна. Танай намын бүлгийн хувьд сайдаа огцруулахгүй гэдэгт санал нэгдчихсэн, олонхоороо аваад гарах нь гэж ойлгож болох уу?
-Чуулганаар хэлэлцэж буй асуудлыг олонхын шийдвэрээр баталдаг. Харин намын бүлгийн хурлаар Удирдах зөвлөлийн саналын дагуу санал хурааж, хүлээж аваад Ц.Нямдорж сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. Ер нь бол холбогдох хүмүүсийг дуудаж ирүүлсэн, шаардлагатай асуулт байгаа бол асууж болно. Ямар нэг асуудал байгаа бол хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн дагуу гишүүдийн саналаар ХЗДХ-ийн сайдыг огцруулах эсэхийг шийднэ. Үдээс хойш хуралдааны явц хэрхэхийг мэдэхгүй байна.
-Нууцаар санал хураавал Ц.Нямдорж сайд огцорно. Ил санал хураахаар ХЗДХ-ийн сайдын шантаажаас эмээсэн гишүүн олон бий гэсэн болгоомжлол зарим хүнд байгаа бололтой?
-Үндсэн хуулинд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хэрвээ хуульд өөрөөр заагаагүй бол ил байдлаар санал хураана гэсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нууцаар санал хураах тухай өөр ямар нэгэн заалт байхгүй. Тиймээс санал хураалт ил явж байгаа.
-Ер нь сүүлийн үед МАН-ыг тойрсон асуудал олон гарсан. Тухайлбал, нэр бүхий гурван гишүүн гарч МАХН-д элслээ. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Намаас гарна гэдэг нь намын дүрэмд заачихсан үйл явц. Тухайн харьяалагдаж буй намын үүртээ өргөдлөө өгөөд гардаг журамтай. Энэ журмаар дээрх гишүүд намаас гарсан. Тэд хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан юм байлгүй дээ. Тэдний өмнөөс ямар нэг тайлбар хийж, дүгнэлт гаргах нь илүүц.
-Гэхдээ намаас гарах саналтай гишүүд нэлээд хэд байснаа яг цаг нь тулахад зарим  нь яагаад  нэрээ татчихсан юм бол ?
-Намаас гарах шийдвэрийг гаргаагүй гишүүд олон талаас нь бодож үзсэн байх. Тухайлбал, Р.Раш, Д.Балдан-Очир нарын гишүүдийн хувьд манай намын туршлагатай, ирээдүйтэй кадрууд. Аль аль нь асуудалд буурь, суурьтай ханддаг, үндсээр нь авч үзэхийг хичээдэг онцлогтой улстөрчид. Р.Раш гишүүн л гэхэд аливааг маш гүнзгий боддог, уламжлал, ёс суртахууныг дээдэлдэг хүн. Магадгүй «Хөгшин банхраа цааш нь харуулчихвал гөлгөн чоно ирээд хот үймүүлээд байж магадгүй» гэж бодсон байх. Д.Балдан-Очир гишүүн энэ намд олон жил явсан, намын төлөө гэсэн олон сайхан санал бодол илэрхийлдэг хүн. Түүнийг би Монгол Улсын Бага хурлын суудалд намаа төлөөлж Үндсэн хууль батлалцсан, төрийн ажил тогтвортой байх, дүрэм, журамтай байх тал дээр байнга санаа тавьдаг гишүүдийн нэг гэж үнэлдэг. Тиймээс тэд цаг үеийн хувьд ч арай болохгүй юм байна гэж бодоцгоосон юм болов уу даа.
-Анх хамтдаа МАН-аас гарна гэж байсан гишүүдийнхээ ятгалгад ороогүй гэж ойлгож болох уу?
-Аливаа жигүүр, хөдөлгөөн тодорхой шаардлагын хүрээнд байгуулагдаад зорилгодоо хүрэх үйл явцыг дотроо нэлээд зөвлөж, ярьдаг болохоор хүрэх зорилго, арга замын хувьд өөр өөр бодол, санаа хүмүүст байдаг. Тиймээс хоорондоо ярилцаад зохих шийдлүүд нь гарсан байх.
-Ирэх сонгуулийг МАН, МАХН-ын дунд өрнөх нь гэсэн яриа нийгэмд их гарах болсон байна лээ. Ингэж олны сэтгэл санааг хоёрдуулж байхаар таная хоёр намыг нэгдэж болохгүй юм байх даа гэх бодолтой гишүүд танай намд мэр сэр бий шүү дээ?
-Магадгүй л юм, нэгдэж болдоггүй юм уу гэх бодолтой гишүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай нам УИХ-ын ирэх сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрийг аль хэдийнэ гаргаад, мөрийн хөтөлбөрөө ч боловсруулчихсан. Тэгэхээр одоо нийлж, нэгдэх гэсэн ойлголт байхгүй ээ.
Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 5-р сарын 04, Баасан гариг

Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Хууль зүйн сайдын асуудлаар хуралдах боломжгүй байна


УИХ-ын гишүүн Д.Одбаяр
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх хуулийн хугацаа өчигдөр дууссан. Харин чуулганы хуралдаанаар хэлэлцэх хугацаа нь 14 хоног байдаг аж. Өчигдөр хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм. Байнгын хороо яагаад хуулийн хугацаандаа хуралдаж амжаагүй талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас тодрууллаа.
-Ажлын цаг дууслаа, хуулийн хугацаа ч өиөөдрөөр /өчигдөр/ дуусгавар болж байна. Байнгын  хороо   хуралдахгүй
-Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр тусгасан. Үүний дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал зарласан. Гэвч товлосон цагт ирц бүрдсэнгүй. Мөн намуудын бүлэг нэгдсэн байр сууринд хүрсэнгүй. Өнөөдрийн хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар хуралдах боломжгүй байна.
-Маргааш хуралдах уу?
-Намын бүлгүүдийн байр суурийг л харна.
-Хуулийн хугацаандаа энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй тохиолдолд өөр ямар нэгэн гарц бий юу?
-УИХ-ын хэмжээнд14 хоногийн хугацаанд шийдэх ёстой. Энэ хугацаандаа хэлэлцэх болов уу гэж гишүүдийн олонхи нь бодож байх шиг байна. Шийдвэр гарахаар танилцуулъя.
-Бүлгийн гишүүд хурлын дараа санал хураана гэж байна. Ямар асуудлаар санал хураах юм бол?
-Би сайн мэдэхгүй байна. Бүлгийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн хуулиар л санал хураах байх.
Нийтлэлч
Б.Өнөртогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012 оны 4-р сарын 24, Мягмар гари

Д.Одбаяр: Ц.Нямдоржид шууд хариуцлага тооцох нь өрөөсгөл явдал


Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас иргэний цахим үнэмлэхний талаар тодрууллаа.
-Иргэний ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө иргэдэд тарааж амжихгүй нь. Ингэснээр араасаа олон бэрхшээл дагуулах нь?
-Юуны өмнө хувьдаа иргэний цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэж, иргэдийн гар дээр очсон байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлье. Салбарын сайд болоод Засгийн газрын мэдээллийг сонсоход энэ ажилд бэрхшээл саад их байгаа тухай дуулдсан.
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, ХЗДХЯ-ны төлөөлөл үндэслэлээ тайлбарлаад, амжихгүйгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Та үүнийг сонссон уу?
-Гэхдээ үүнийг сонгуультай холбоод орхиж болохгүй. Яагаад бэлдэц ирэхгүй удав, өмнө нь Засгийн газар болоод УИХ-ын бух ажил цаг хугацаандаа амжина хэмээн мэдэгдэж ирсэн нь өнөөдөр тэдэнд хариуцлага тооцох нэг үндэслэл болж байгааг тэд анхаарах ёстой. Сонгуулийн дунд хэрхэн нөлөөлөх вэ гэж хүмүүс их асуулаа. Үүнд би сонгуулийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаална гэж хариулна. Зөвхөн иргэний цахим үнэмлэх хэвлэгдэхгүй болсноор сонгуулийн ур дүн худлаа гарна гэж урьдчилан дүгнэж болохгүй. Арай түрэмгийлсэн юм болно байх.
-МАН-ынхан Ц.Нямдорж сайдтай хариуцлага тооцож чадах болов уу?
-Зөвхөн Нямдорж сайдтай хариуцлага тооцох нь өрөөсгөл. Хэрэв үүн дээрээ тулбал эхнээс нь бодож үзэх хэрэгтэй. Засгийн газрын тогтоол хэзээ гарсан бэ гэдгийг үзэхээс л эхлэх ёстой байх. Тэр нь хэрэгжихгүй яагаад удав. Явцын дунд яагаад гацав гэдэг бух үндэслэлийг шалгаж үзэх ёстой. Өнгөрсөн хоёрдугаар сараас энэ ажлыг хүлээн авсан Нямдорж сайдтай хариуцлага тооцох нь учир дутагдалтай.
-Тэгвэл та Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхэд ямар бодолтой яваа вэ?
-Хуульд дарга дангаараа Байнгын хорооны байр суурийг урьдчилан илэрхийлэх нь хязгаарлагддаг. Тиймээс би Байнгын хорооны гишүүдийнхээ олонхийн саналыг л дагах ёстой гэж үзэж байна.
-УИХ болоод Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг МАН олонхиороо давамгайлж санал хураах нь хууль зөрчинө гэж АН-ынхан үзэж байна. Харин та үүнийг зөвтгөж болох үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-УИХ-ын гишүүн бол нийт ард түмний эрх ашгийг дээдлэх ёстой хэмээн Үндсэн хуулийн өмнө үүрэг хүлээдэг. Тойрог төлөөлж буй гэдэг утгаараа улс орны, ард түмний эрх ашгийг хангаж хандах ёстой л гэж бодож байна.
-Тохиролцох боломж үнэхээр байхгүй гэж үү. Яагаад хоёр тийшээ хараад гүрийчихэв ээ. Хаврын чуулганы хугацаа богинохон шүү дээ?
-Тохиролцоонд хүрэх байх гэж итгэж байна. Сонгуулийг зургадугаар сарын сүүлийн ням гаригийн ажлын өдөр заавал явуулах ёстой. Сонгууль явуулахгүй, хойшлуулна гэдэг бол хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй, байж боломжгүй зүйл. Үүнд улстөрчид, улс төрийн намууд хариуцлагатай хандах ёстой.
Нийтлэлч
Ш.Отгонжаргал
Эх сурвалж
Ардчилал сонин
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг

Д.Одбаяр: Монголчууд сонгуулиа явуулж чадахгүй байна гэдэг түүхэнд бичигдэх шившиг

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлт гарсан ч УИХ энэ дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Д.Одбаяртай ярилцлаа.
- УИХ ямар шалтгаанаар цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй вэ?
-УИХ-ын ХЗБХ хэлэлцээд ҮХЦ-ийн шийдвэрийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Энэ асуудал нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хурал хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Үүнтэй уялдуулаад ҮХЦ их суудлаараа энэ асуудлаа хэлэлцэх байх.
- Их суудлаар хэлэлцээд ч дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг хэвээр батлах тохиолдол олон тоо байдаг. Тиймээс УИХ буцаах нь хэтэрхий арга ядсан зүйл биш гэж үү?
-Цэцийн шийдвэр буцсан шалтгааныг янз бүрээр тайлбарлаж болно. Өнөөдрийн байдлаар гишүүдийн хандлага хоёр хэсэгт хуваагдаж байна. Гол үндэслэл нь ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээгээд авах юм бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд дөрвөн өөрчлөлт орохоор ийм төсөл явж байгаа. Энэ нь УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль зарлахаас 6 сарын өмнө ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийнхаа заалттай зөрчилдөнө гэж ХЗБХ-ны гишүүд үзсэн. Тийм учраас буцаах нь зүйтэй гэлээ. Хэрвээ Сонгуулийн тухай хууль ҮХЦ-д хэлцэгдсэн байна гэж үзвэл энэ шийдвэрээ эцэслэн Их суудлынхаа хуралдаанаар баталгаажуулах боломжтой. Дээрээс нь хэрвээ УИХ нэмэлт өөрчлөлт оруулчихвал энэ нь эрхзүйн хувьд ойлгомжгүй байдал үүсгэчихэж байгаа юм. Хууль зөрчсөн. Гарах үр дагавар нь ч олон янз харагдаж байгаа юм. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг орж ирж магадгүй. өөрөөр хэлбэл 6 сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна гэвэл хориг орж ирнэ. Монгол улсын хэн нэгэн иргэн цэцэд энэ асуудлыг тавих юм бол ахиад асуудал үүснэ. Тийм учраас буцаах нь зүйтэй. Эцсийн шийдвэрийг ҮХЦ өөрөө гаргах нь зүйтэй гэж үзсэн.
-Яагаад тэгж үзэхэд хүрэв?
-Яагаад гэвэл цэцийн дунд суудлын шийдвэр бол хууль зүйл заалтыг түдгэлзүүлсүгэй гэдэг томъёоллоор гардаг. Тэгэхээр одоо түтгэлзээтэй заалт бол хүлээн авах боломжгүй гэдгээр хуулийн заалт нь хүчин төгөлдөр сэргэж байгаа юм. Тэгээд хүчингүй болгосугай гэдэг шийдвэр гарчихдаг. УИХ хүчингүй болгосон шийдвэрийг хэлэлцдэггүй. УИХ ҮХЦ-ийн их суудлын хуралдаан асуудлаа өөрсдөө шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм.
-Эцсийн бүлэгтээ аль хуулиараа сонгууль явах вэ гэдэг эргэлзээ их бий болчихлоо. Энэ эргэлзээг тайлах хэрэгтэй болно?
-Орон нутгийн сонгууль УИХ-ын хоёр намын бүлэг зарчмын хоёр өөр байр суурьтай байна. Ер нь бид нэг зүйл дээр анхаарал хандуулах ёстой. УИХ-ын бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох улстөрийн сонгуулиа хийнэ. Орон нутгийн сонгууль гэдэг бол нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг сонгодог сонгууль. Өөрөөр хэлбэл орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагыг улстөрийн бус аргаар нутгийн өөрийн  удирдлагын байгууллагыг сонгоно гэсэн үг.
Гэхдээ зарчмын хувьд харахад нутгийн өөрийн удирдлагын байгууллагын иргэдийн байгууллага.
ИТХ гэж нэрлээд байгаа үүнийг улстөрийн том сонгуультай холбох зохисгүй. Ялангуяа өнөө үед орон нутгийн бие даасан төрийн үйл ажиллагаанд иргэдийн үйл ажиллагааг оролцуулъя гэж нэмэгдүүлье гэж ярьж байгаа үед нутгийн иргэдийн хурлын байгууллага орон нутгийнхаа иргэдийн байгууллагын бие даан шийдэж байя гэж ярьж байгаа энэ үед зохистой биш. Тиймээс үүнийг тусад нь явуулъя гэдэг байр суурин дээр МАН байгаа. Ер нь бид хөдөө орон нутгаар явж байхад сумдын иргэд энэ сэдвээр их ярьж байна. Сумын иргэдийн хувьд сум орон нутагтаа өөрсдийн амьдрал ахуйгаа зохицуулаад явж тэр иргэдийн хувьд тэр айхтар туйлширсан улстөр хэрэггүй, үүнийгээ болих хэрэгтэй гэдэг асуудал тавьж байна. Тэгэхээр иргэдийн зүгээс хүсэн хүлээсэн шаардлага бий. Тэнд хэн нэгэн зөрчлөө олъё гэсэн хүсэл эрмэлзэл байна гэдгийг харъя гэсэн эрмэлзэл бий. Тиймээс иргэдийн санал бодол дээр үндэслэн МАН ийм байр суурьтай байгаа. Үүнийгээ баталгаажуулахын тулд УИХ-ын сонгуультай хамтатгаад ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд энэ чиглэлийн өөрчлөлтийг оруулъя гэдэг дээр манай намын бүлэг зогсч байгаа
-Гэхдээ АН зарчмын хувьд санал тавьсан гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
-АН-ынхан УИХ-ын сонгууль гэдэг бол сумдын иргэдийн хурлыг нь больчихоод аймаг нийслэлийн иргэдийн хурлын сонгуультай хамт явуулъя гээд байгаа. Зарчмын хувьд тэнд ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид ИТХ-ыг иргэдээс нь байгуулъя гэж улстөргүй болгое гэдэг тал дээр яриад байгаа шүү дээ. Намууд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг нь шийдчихье. Дэвшүүлбэл дэвшүүлэг. Дэвшүүлэхгүй бол болиг. Хамгийн гол нь иргэдийн дундаас нэр дэвшдэг байх ёстой. Хэдэн хүн нийлээд дэвшүүлдэг юм уу, сумын орон нутгийн байгууллагууд дэвшүүлдэг юм уу. Тухайн иргэн өөрийгөө дэвшүүлдэг ч юм уу. Ийм олон нэр дэвших субьектуудыг нь олон болгож нутгийн өөрөө удирдах байгууллагыг бий болгох, нутгийн өөрийн удирдлагын байгууллага нутгийн ИТХ гэдэг байгууллагыг улстөрийн тэмцлийн талбар болгочихоод байгаа болъё гэж зүтгээд байна шүү дээ.
-АН-ын саналын тухайд?
-АН-ын хувьд УБ, аймгийн төвийн ИХ-ын сонгуулийг хамт явуулъя гэдэг нь зарчмын хувьд мөн л ялгаагүй. Бас адилхан улстөржилт гэдэг зүйлийг бий болгоё гэсэн үг. Тэгэхээр дээрээс нь сумын иргэдийн хурал гэдэгт ач холбогдол өгөхгүйгээр хаячихаж байгаа нь дунд нь ялгаварлаад ч байгаа юм шиг зүйл ажиглагдаад байгаа биз. Тэгэхдээ байгаа юм шиг буруу ойлголтыг хууль тогтоох дээд  байгууллага  ард иргэдэд өгчихөөд байна. Үүнийг л болъёо. Улсын хэмжээнд явагддаг улстөрийн сонгууль УИХ-ын сонгуулиа явуулъя. Харин энэ нутгийн өөрийн удирдлагын байгууллагаа сонгох асуудлаа ард нийтээрээ өөрсдөө шийдүүлье гэдэг ийм л байр суурьтай байгаа.
-Үүнээс гадна хөрөнгө мөнгө хэмнэх гээд асуудлууд байна?
-Хөрөнгө мөнгөний асуудлын хувьд хамтад нь явуулахад айхтар хэмнэгдэхгүй. 130 сая төгрөг нэг айхтар баярлаад байх ч тоо биш. Ер нь нь УИХ-ын сонгуулиа явуулах, ИТХ нутгийн өөрийн удирдлагын байгууллагын сонгуулийг бас цаг тухайд  нь явуулах дээрээс нь сонгуулиа шударга иргэддээ чирэгдэлгүй, хөнгөн шуурхай зөв явуулахад монгол улсын төр засаг мөнгө харамлаад байх шаардлага байхгүй. Харин мөнгө бүр их зарах ёстой. Тэгж байж хэл амгүй сонгууль явуулна.
-Магадгүй АН хоёр сонгуулийг хамтад нь явуулах гол шалтгаан нь намын бүтцийн тогтолцооноосоо болж ингэж улайраад байгаа юм биш уу. Босоо удирдлагатай бүтэцтэй нам учраас?
-Тэр талыг нь сайн мэдэхгүй байна. Намын өөрийн онцлог байдаг байх. Бид орон нутгийн УИХ сонгуулийг тусдаа явуулах нь манай намын бүтцийн хувьд ийм. Зүйл ярихгүй байгаа. АН тэгж ярьж байгаа нь бол тэр тэр намын өөрийн асуудал тэрийг сайн судалж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.
-Ингэхэд сонгууль болох уу. Иргэд тогтсон сайн ойлголт байхгүй маргалдсан улстөрчид л байна шүү дээ?
-Сонгуулийн хууль улстөрийн нам ууд тэр дундаа улстөрийн намуудын удирдлагууд хамт хийнэ. УИХ-ын сонгууль хугацаандаа явагдах ёстой. Иргэд үүнийг хүлээж байгаа. Монголчууд түүхэндээ сонгуулиа явуулж чадахгүй гэдэг харамсалтай асуудал. Тийм учраас би сонгуулийг хугацаанд нь явуулах ёстой. Тийм учраас сонгуулийг хамтад нь явуулна гэдэг байр суурьтай байна. Ирэх долоо хоногт сонгуулийн тов зарлагдана гэж бодож байна.
-Хоёр нам зөвшилцөж чадах болов уу?
-Сонгуулийн хуулиндаа баригдаж ямар нэг байдлаар ойлголцолд хүрнэ л дээ. Сонгуулийн хууль батлагдсан байгаа. Сонгуулийн хуулин дээр зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн аль нэг ажлын өдрийг амралтын өдөр болгоод сонгууль явуулна гээд заачихсан. Тэгэхээр сонгууль зарлах хугацаа нь санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зарлагдана гэж ойлгож  байгаа. Зөвшилцөлд тэр утгаараа хүрэх байх. Тэгээд ч хариуцлагагүй хууль дээдлэх ёс үндсэн хуулийг уландаа гишгэсэн ийм заалтыг УИХ гаргахгүй гэж би итгэж байна.
-Танай нам энэ асуудал дээр ерөнхийдөө буулт хийгээд л байгаа шүү дээ?
-Аль аль тал буулт хийгээд байгаа. Гэхдээ хамгийн гол нь ард түмнээс асууя.Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулъя гэдэг дээр ард түмнээсээ асуучихад буруудахгүй. Үндсэн хуулийн зарим өөрчлөлтүүд бий. Тэр өөрчлөлтүүдийг оруулъя монголын ард түмнээс асууя гэж байгаа юм. УИХ хэдийгээр төрийн эрх барих дээд байгууллага боловч гацаа, мухардалд ордог зүйл байгаа. Амьдрал өөрөө баялаг. УИХ юмаа шийдэж чадахгүй бол ярихаас илүү ард түмнээсээ асууж болно.
-2007 оноос хойш ярьсан сонгуулийн тогтолцоон дээр зөвшилцөөгүй өнөөдрийг хүрсэн нь юунаас болсон бэ?
-Сонгууль өмнөх сонгуулиудыг бодоход ил дөлгөөн аядуу болох дүр төрх харагдаж байна. Өмнө нь хэдэн сарын өмнөөс бэлэг сэлтээ тараагаад эхэлдэг байсан шүү дээ. Энэ жил хуулиа дээдлэхийг улстөрчид болон сонгуульд нэр дэвшигчид бодолтой яваа хүмүүс баримталж байгаа талууд нь энд харагдаж байна. Зөрчлийн шинжтэй зүйлүүд байх шиг байна. Тэр бол жичдээ асуудал. Яагаад ийм мухардал хүрсэн бэ гэдэг асуудал магадгүй намуудын улстөрд хандах сонгуулийн дүнг хэтэрхий хөнгөнөөр урьдчилан тооцож байгаа байдал харагдаж магадгүй. Монголын ард түмэн сонгогчид эцсийн дүндээ асуудлыг шийднэ гэдгийг анхаарлынхаа төвд байлгахгүй байгаа нь жаахан гацсан ойлголтыг үүсгэсэн байж магадгүй.
-Нэгэнт тантай уулзсаных сүүлийн үед танай намынхан дотроо бүлэг байгуулсан. Намаасаа гарах гэж байна гээд л шуугих боллоо. МАН дотоодоо хурцадмал байдалтай байгаа юм уу?
-Сонин хэвлэлээр зарим нь янз бүрээр л бичиж байна. Монгол улсын түүхэнд монгол улсын тусгаар тогтнолд авчирсан энэ том хагарч задарч бутраасай гэж бодож байгаа хүмүүс их олон биш болов уу гэж бодож байна. Цөөхөн болов уу гэж бодож байна. Ер нь МАН бол МУ-ын түүхэнд чухал том үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид ч энэ үүргээ гүйцэтгэж ажиллана гэж бодож байгаа. Одоогоор манай намын хэн нэг гишүүн намаасаа гарна, тусдаа намын бүлэг байгуулна гэж албан ёсоор мэдэгдсэн юм алга. Нам дотроо жигүүр байгуулъя гэсэн санал илэрхийлсэн гишүүн байхгүй байгаа. Жигүүр, бүлэг байгуулах асуудал яригдаагүй байгаа учраас МАН-ын УЗ, Бага хурлын түвшинд хүрсэн ноцтой асуудал байхгүй. Өмнө нь манай намд жигүүр байсан. Үүнийг намын Бага хурал хуралдаад шийдэгдсэн асуудал. Одоо намын бага хурлаар хуралдуулах хэмжээнд хүрсэн улстөрийн ноцтой асуудал манай намд алга.
-Танай нам дотроо бүлгийн хэмжээнд гишүүд байр сууриа илэрхийлээд байгаа юм биш үү?
-Албан ёсоор байгуулж байсан нь Ардчилал шинэчлэл шударга ёс жигүүр байсан шүү дээ. Ер нь намын бага хурал зөвшөөрөөд жигүүр байна гэж үзвэл энэ бол эрүүл үзэгдэл. Тэгэхдээ жигүүрийн асуудал тулгамдаад хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа асуудал энэ нам дотор алга.
Эх сурвалж
Тэргүүн сонин

2012 оны 4-р сарын 23, Даваа гариг

Д.Одбаяр: Зөвхөн хурандаа нарт л бурууг тохчихвол нийгэм сайхан болчих гээд байна уу


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Долдугаар сарын 1-ний шүүх хурал Монголд цагдаагийн вант улс бий болсныг харуулаад авлаа. Энэ арай хэтэрч байгаа юм биш үү?
-Цагдаагийн вант улс гэдэг юм бий болсон юм байхгүй Цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх шаардлагатай зүйл бий юу гэвэл бий. Шүүх хурлын хувьд шүүх өөрөө гоомой хандсан юм болов уу гэж бодож байгаа.
-Яагаад?
-Болсон явдал ойлгомжтой байна илүү дээ. Долдугаар сарын 1-ний асуудлыг үнэн мөнөөр нь шударга шийдэх эрмэлзэл шүүхэд байна уу гэ-дэгт эргэлзэж байна. Үнэндээ долдугаар сарын 1-ний хэргийг хэлэлцэх шатандаа шүүх орж чадаагүй л дээ. Шүүгдэгч болон хохирогч тал шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас зогсонги байдалд орчихсон.
-Цагдаа нар ажил хаяна гэх мэтийн сүрдүүлэг хийж байна. Тэгэхээр Монголын цагдаа хэнд ч захирагдахаа байжээ. Энэ нь Монголд төрт ёс байхгүй болчихсоныг харуулаад байна уу?
-Цагдаагийн  байгууллагын тухайд цаг нь болохоор төр арга хэмжээгээ авч чадна. Гэхдээ цагдааг яллаж л байвал зүгээр байна гэсэн уур амьсгалыг нийгэмд түгээж, цагдаагийн генерал, хурандаа нар долдугаар сарын 1-нд гарцаагүй буруутай гэсэн урьдчилсан таамаглалдаа итгэчихээд дайрдаг байна шүү дээ. Энэ нь нийт хуулийн байгууллагуудын нэр хүндэд их хохиролтой шүү дээ.
-Шүүгдээд байгаа хурандаа нар тухайн үед хэн нэгний тушаалаар үүрэг авсан байж таараа. Үнэхээр ялаас айгаад байгаа юм бол тушаал өгсөн хүнээ зарлачихаж яагаад болохгүй байгаа юм?
-Үүнийг улс төртэй хутгамааргүй байна. Асуудлын үнэн мөнийг олохын тулд хуулийнхаа дагуу ажиллаасай гэж бодож байтаа. Өнөөдрийн байгаа байдлыг харахад асуудлын үнэн мөнийг олох эсэх нь их хол харагдаж байна. Өөрөөр хэлбэл, үймээн самууныг хэн зохион байгуулж, турхирав, тэгээд яагаад зугтав гэдгийг бас шүүх ёстой. Долдугаар сарын 1-ний үймээнээр чухам юу болсныг зохион байгуулалт нь илүү мэдэж байж болно шүү дээ. Миний  авсан мэдээллээр үймээний үеэр буудсан сумны хонгионууд нь цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаа бүх бууны цохилуурт таарахгүй байгаа юм билээ. Зарим нь таарч байгаа гэж ярьдаг л юм. Үүнийгээ шүүх өөрөө хэлэлцэж, холбогдох бүх галын хүмүүсээ оролцуулж, мэтгэлцээнээ явуулж байж асуудлыг шийдэх ёстой. Тэгэхгүй байж муур хулганын үлгэр шиг жүжиг тоглоод дэмий шүү дээ. Холбогдолтой бүх хүнээ дууд л даа.
-Цагдаа нар хүн буудчихаад цохилуурыг нь албаар өөрчилсөн тухай хар дэвтэрт бичсэн байдаг л даа?
-Мэдэхгүй ээ. Х.Тэмүүжин гишүүн хар дэвтэр, хонгио гэж ярьдаг л юм. Түүнийгээ яаж нотлох баримтын түвшинд үнэлүүлэх гээд байгааг нь өөрөөс нь асуу. Эрүүгийн эрх зүйд бол нотлох баримтыг үнэлэх гэсэн ойлголт бий. Тэгэхээр тэр хар дэвтэр үнэхээр нотлох баримт мөн юм уу, үгүй юу гэдгийг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хэдхэн хүнийг хорьё гэж байгаа бол тэдний буруутайг 100 хувь хөдөлшгүй баримтаар нотлох хэрэгтэй. Үгүй бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Хүнийг хэлмэгдүүлж, хилсдүүлж болохгүй биз дээ.
-Долдугаар сарын 1-ний үймээнээс болж цагдаа нар гэм зэмгүй хүмүүсийг хэдэн зуугаар нь баривчилж,  хэлмэгдүүлээгүй гэж үү?
-Тухайн үеийн нөхцөл байдалд түүнээс өөр аргагүй байсан байх. Хуулийн дагуу л тараах арга хэмжээ авсан гэж л ойлгодог.
-Та түрүүнээс хойш холбоотой бүх хүнийг дууд гээд байна. Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүсийг хэлээд байгаа хэрэг үү?
-Тийм шүү дээ. Зөвхөн  хурандаа нарт буруу тохчихвол нийгэм сайхан болчихгүй. Үнэндээ жагсаалыг яаж зохион байгуулсныг бид мэдэхгүй байгаа. Магадгүй "Чи чулуутай ирээрэй. Чи буу авч ирээрэй" гэсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нь сонссон хүн байвал яах юм. Хар машин давхиж орж ирээд буудсан гэдэг. Тэр хар машин хаана байгаа юм. Яагаад одоо болтол олохгүй байгаа юм. Тэр машиныг чинь нэг ховдог нөхөр жижиглээд идчихгүй биз дээ.
-Цагдаа нар хэргээ нууцлахын тулд зориуд тэр хар машины тухай яриаг гаргасан юм биш үү?
-Эмнэлгийн сувилагч хэлдэг гэсэн шүү дээ. Тэр сувилагч хаана байна аа. Энэ мэтийн гол зүйлээ шийдээгүй байж хэдэн хурандааг яллах гээд байгаа нь шударга юм уу.
-Онц байдал зарлачихсан үед цагдаагийн битүү харуул хамгаалалт дундуур жирийн хүн нэвтэрч, хүн буудах боломж бий юу. Ийм утгагүй хүн үнэмшмээргүй зүйл байхгүй байх?
-Шүүх үнэн мөнийг нь тогтоох учиртай. Түүнээс биш нэг сэтгүүлч надаас асуугаад би хариулаад үнэнийг олчихдог юм байхгүй. Нэг генерал, гурван хурандаа "шоронд орчихвол та нар их баярлах гээд байгаа байхгүй юу. МАН-ын хэдэн даргыг  гэрчээр дуудвал бас их баярлах гээд байна.
-Тэгээд тэр хүмүүс хүн буудаад алчихсан нь юу ч биш болж таарч байна уу?
-Таван хүн амиа алдсаныг юу ч биш гэж хэлээгүй. Гагцхүү байдлыг ийм болгоход хүргэсэн, өдөөн хатгасан хүмүүсийг яагаад ярихгүй байгаа юм.
-Тэгвэл Монголын ард түмэн яагаад жагсахад хүрсэн юм. Сонгуулийг Ардын нам луйвардсан учраас бухимдсандаа жагссан. Тэгэхээр үймээн самуун эхлүүлсэн эзэд нь та нар өөрсдөө юм биш үү?
-Сонгууль луйвардсаныг хэн нотолсон юм. Дорнодын гурав гэхэд л саналаа дахин дахин тоолуулж байж, саналын хувь нь анхныхаа гарсан дүнтэй таарч байж тангаргаа өргөсөн. Ер нь дэлхийн аль ч улсад сонгуульд ялагдсан хүн луйвардууллаа гэж ярьдаг юм. Сэтгүүлч та нарыг шилдгээр шалгаруулах гээд нууцаар санал хураавал ялагдсан нь бас ийм гомдол ярина биз дээ. Нууц санал хураалт араасаа заавал ийм гомдол дагуулаад байдаг нь түгээмэл.
-Сонгогчдын боловсрол төвийн Р.Бурмаа нэлээд хэдэн газарт луйвар болсныг шүүхээр. тогтоолгосон байх аа?
-Мэдэхгүй. Тэрийг би яаж мэдэх юм. Үнэхээр луйвар болсон юм бол хуулийн дагуу шийддэг болохоос нэг нэгийнхээ амийг хөнөөж байж шийддэг юм уу. Сонгууль будлиантай болсон бол шүүхэд хандах ёстой. Тэгэхгүй алаад өгье, галдаад өгье гэх нь зөв юм уу.
-Ирэх сонгууль дахиад луйврынх болно гэдгийг үгүйсгэхгүй байна. Тэгвэл долдугаар сарын 1-нээс аймшигтай зүйл болох вий гэхээс айж байна л даа...
-Айхгүй, болгоомжлохгүй хэн байгаа юм. Гэхдээ та нар өөрсдөө үүнийг хүсээд байгаа юм шиг асуугаад байх юм. Ийм зүйл болгохгүй гэвэл шүүх хуралд долдугаар сарын 1-нд холбоотой бүх хүнийг оруулах хэрэгтэй. Гэрчүүдийн тоо цөөн байна. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуул. Нууцын зэрэглэлтэй материалуудаа ил болгох хэрэгтэй. Ер нь цагдаа хүм буудсан гэдэг нь одоо байгаа мэдээллээр үнэмшилтэй санагдахгүй байна. Олон мэдээлэл нууц байгаа байхгүй юу. Цагдаа хуулийн дагуу ажиллах ёстой. Ажилласан ч гэж бодож байгаа.
-Ямар мэдээлэл вэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар асуудлууд яригдсан юм гэдэг нь одоо болтол нууц хэвээрээ байна. Хуульд өөрчлөлт оруулаад үүнийг нээлттэй болох асуудлыг УИХ ярих ёстой байх. Энэ талаар иргэдээс УИХ-д хүсэлт ирсэн байгаа. Ийм асуудал байхад юу юуны духанд хүрэхгүй нүдэнд хүйтэн харагдаад байгаа цагдаагийн хэдэн удирдлагыг яллая гэх нь дэндүү хөнгөн гоомой явдал болох төдийгүй, улс төрийн нөлөөлөлд автсан хэрэг болж хувирна. Хэдхэн хүнийг хориод нөгөө хэсэг нь алга ташна гэвэл дэндүү туйлширсан хэрэг болно. Долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэл нийт ард түмэн баярлана. Тэгэхгүй бол нийт хуулийн байгууллагын нэр хүндэд халтай шүү дээ.
-Тэгвэл гэрчээр дуудагдсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар яагаад шүүх хуралд ирэхгүй байгаа юм?
-Гэрч бол ирцээ бүртгүүлээд шүүхээс дуудсан үед очих л ёстой байдаг. Тэгэхээр гэрчүүд гэж сонин хэвлэлээр зарлагдсан хүмүүс шүүх хурлаас дуудвал очиход   бэлэн байсан гэж би ойлгосон. Гэхдээ гэрчээр дуудах хүмүүс зөвхөн энэ хэд мөн үү гэдэг нь өөр асуудал. Жагсаалд оролцож байсан бүх хүнийг гэрчээр татаж болно. Энэ нь олон түмнийг хамарсан том хэрэг шүү дээ. Үймсэн олон бол жолоодлогогүй болдог. Жагсаал цуглааныг зохион байгуулсан этгээдүүд тэр үеэр гарсан хохирлыг хариуцна гэсэн хуулийн заалт ч байгаа шүү дээ. Асуудлыг томоор нь харахгүй зөвхөн нэг хэсгийг нь сугалж авч яллах гээд байгаа нь дэндүү өрөөсгөл байна.
-Гэрчүүдийг шүүхэд дуудахаас өмнө тэднийг ирүүлэхгүй гэсэндээ цагдаагийн хурандаа нар арга саам  хайж,шүүх хурлыг мухардалд оруулсан юм биш үү. Ер нь цагдаа нар МАН-ын дарга нарыг хамгаалаад байгаа юм байна гэж ойлголоо?
-Үгүй байлгүй дээ. Би тэгж харахгүй байна. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах нь шүүх хуралд оролцогч талуудын эрх. Өмгөөлөгч нь ирсэнгүй гээд хариуцлага тооцсон нь шүүгчийн эрх. Харин шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүүгдэгчдэд цагдан хорих шийдвэрийг гаргах эрх шүүгчдэд байхгүй шүү. Зүй нь хурлын процессыг шууд зогсоож асуудлыг дээд шатны шүүгч нь шийдэх учиртай, Шүүгчид  ажлаа  сайн хийж, хуралдаа бэлтгээгүй нь эндээс харагдсан. Түүнээс биш гэрчүүдийг ирүүлэхгүйн тулд зориуд ийм зүйл зохион байгуулсан гэдэг этгээд юм ярихаа болих хэрэгтэй. Тийм зүйл байхгүй. Тэгээд ч гэрчүүдийг дуудах хэмжээнд хүртэл шүүх хурал үргэлжилж чадаагүй шүү дээ.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
2012 оны 3-р сарын 19, Даваа гариг