Showing posts with label ЧУЛУУНБИЛЭГ О.. Show all posts
Showing posts with label ЧУЛУУНБИЛЭГ О.. Show all posts

Monday, 13 October 2014

Улс төрчид өөр өөрийн чиглэлээр мэргэших нь оновчтой санагддаг

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн креатив багийн модератор О.Чулуунбилэгийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Бидний ярилцлага Ардчилсан намын дотоод асуудал гэхээс илүүтэй улс төрийн менежмент, улс төр судлалын чиглэлээр Жорж Вашингтоны их сургуулийн магистрантад суралцаж буйд нь тулгуурласан гэдгийг тодотгох хэрэгтэй болов уу.
-Та бүхэн “Улс төрд шинэ манлайлагч” төс­лийн хүрээнд шинэ залуу улстөрчийг эрж хайж байгаа. Олон нийтэд улстөрч гэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, эсвэл Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч гэдэг юм уу ерөнхий тодорхой цөөхөн дүр төрх төсөөлөгддөг бололтой юм билээ. Ийм тогтсон ойлголт дунд шинэ улстөрчийг оруулахын тулд юун түрүүнд иргэдийн сэтгэхүйг задлах хэрэгтэй болов уу. Эндээс үүдээд “Яаж” гэдэг асуулт урган гарч байна?
-Сая гадаадын хэсэг судлаачтай уулзаж байхад тэд манайд тулгарч буй асуудал тэдний ч асуудал болсныг ярьсан. Юу гэхээр 1990 оноос өмнө сонгогчид бүгд улс төрийн идэвхтэй, сонголт хийх зарчим нь их энгийн байсан гэнэ. Би капиталист, чи коммунист байсан байхгүй юу. Гэтэл 1990 оноос хойш энэ хялбар хуваагдал бие биедээ уусаад дэлхийн улс төрийн намуудад ялгарал байхгүй болсон. Үүнтэй адил Монголд байгаа намууд нэг л ижил зүйлийг ярьдаг. “Хувийн өмчийг дэмжинэ. Шударга ёсыг тогтооно. Авлигатай тэмцэнэ. Татварыг багасгана. Ардчиллыг бэхжүүлнэ” гэдэг. Гэтэл МАН-ын шударга ёс гэхээр нэг өөр, Ардчилсан намынх бүр өөр байна гэж байхгүй биз дээ. Үүнийг дагаад лидерүүдийн ялгарал байхгүй болчихсон. Намуудыг төлөөлж байгаа лидерүүд нь өөр хоорондоо ядаж ялгарч байвал иргэдийн сэтгэлд буух төсөөлөл арай өөр тусна шүү дээ.
-Тэгэхээр дээр нэр дурьдсан улстөрчдийн хувь хүнийх нь зан авир, хандлага нь бодит ялгарал болж чадахгүй байгаа хэрэг үү?
-Зарчмын тод ялгарлыг иргэд тэдний олонхоос олж харж чадахгүй байгаа болохоор бүгд адилхан ерөнхий дундаж үнэлэмжээс хэтрэхгүй байна.
Тухайн үедээ л “Гоё ярьж байна даа” гэсэн бодол төрүүлнэ. Маргааш нь иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гараагүй тохиолдолд хэн ч хувь хүнийх нь онцлогийг тодотгож боддоггүй. Товчхондоо Монголын улс төрд манлайлал алга. Ийм манлайллыг үүсгэхийн тулд бодитой ажил хийдэг, түүнийгээ үр дүнд хүргэдэг, нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх чадвартай гэдгээ нотолж чадсан манлайллууд хэрэгтэй байна. Түүнээс бус талбай дээр гарч жагссанаар, хэвлэлийн сенсаац дэгдээснээр, хэвлэлийн хурал хийж манлайллаа нотолно гэж байхгүй.
-Өмнө нь ярилцлага авахад “Монголын улс төрд С.Баяр шиг стратегич хэрэгтэй байна” гэж ярьж байсан. Энэ бодол тань хэвээрээ юу. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар манлайлагчийн үүрэг гүйцэтгэж чадаж байна уу. Өөрийн тань “Монголын улс төрд манлайлагч алга” гэсэн хариултад тэднийг хамрууллаа гэхэд ядаж л албан тушаалынх нь хэмжүүрийг үгүйсгэсэн хэрэг болж мэдэх юм?
-Би өөрөө залуу хүн учраас энэ үеийнхнийг дүгнэж ярих нь учир дутагдалтай. Бас мэдэхгүй шүү дээ. Тэднийг тэдний үеийнхэн л дүгнэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар 1990 онд талбай дээр жагсч байхдаа бүх асуудлыг ярьдаг байсан. Эдийн засаг, нийгэм, соёл урлаг, гадаад харилцаа гээд ярихгүй сэдэв байхгүй ярина. Яагаад гэвэл тэд хувьсгал хийж байсан суурь өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй. Харин өнөөдөр улс төр өөрөө залуу улстөрчдийг илүү нэг салбарын асуудлаар мэргэшихийг шаарддаг болсон байна. Улстөрчид олон болохын хэрээр бүх зүйлийг ярьж олон нийтэд таалагдана гэдэг боломжгүй болчихлоо. Иргэд тогтож сонсох нь ч бага болсон. Дунд үеийнхнээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг онцолж хэлмээр байна. Х.Тэмүүжин хууль эрх зүй л ярьдаг. Энэ хүрээндээ бодлого боловсруулсан. Одоо салбарынхаа шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлж эхэлж байна. Миний бодлоор энэ бол манлайлал. Магадгүй Х.Тэмүүжин гишүүн гэнэт эрүүл мэндийн салбарыг “аврах” тухай яриад эхэлвэл хүмүүс инээх байх. Өөрөөр хэлбэл, хүлээж авахгүй. “Хуулийн салбарт хэн шинэчлэл хийж чадах вэ” гэж хүмүүсээс асуухад тэдний сэтгэхүйд шууд Х.Тэмүүжин бууж байна. Энэ чинь Х.Тэмүүжин агуу мундагтаа гэхээсээ арга барил нь зөв байгааг, мэргэшиж хүлээн зөвшөөрөгдөж байгааг баталж байна.
Тэгэхээр цаашид гарч ирэх шинэ манлайлагчид эрүүл мэнд, эдийн засаг гээд ч өөр өөрийн чиглэлээр мэргэшиж, түүндээ чиглэсэн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх нь илүү оновчтой юм шиг санагддаг.
-Тэгвэл Х.Тэмүүжин сайдтай Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг харьцуулаад үзье л дээ. Анхнаасаа элэгний өвчлөлийг судалж, тэр чиглэлээр Харвардад багшилж байсан. Дэд сайдын хувиар элэгний С вирусыг дардаг sofosbuvir гэж эмийг Монголд 80 хувийн хямдралтай борлуулах эрхийг компаниас нь авсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл оруулж ирж чадсангүй. Засгийн газрын дэмжлэг алга. Ингээд бодохоор өөрийн тань хэлсэн дээрх зөвлөмж харилцан тэгш үйлчлэхгүй байгаа юм биш үү. Үүнийг Ардчилсан намтай уялдуулахад эрх барьж байх хугацаандаа ганц ч гэсэн залууг яагаад олон нийтэд бодлогоор танилцуулж, тодорч гарч ирэхэд нь дэмжлэг үзүүлэхгүй байна вэ?
-Энэ бол анх яригдаж байгаа шүүмжлэл биш. 1996 онд ч яригдаж байсан. Асуудал нь намын лидерүүдэд байгаа юм биш. Цэвэр дүрэмд асуудал нь байдаг. Манай нам 2000 онд анх нэгдэж байгуулагдахдаа холбооны маягийн системээр дүрмээ боловсруулж эрх мэдлийг тарааж хэвтээ тогтолцоог барьсан байдаг. Гэтэл манай улс чинь холбооны улс биш шүү дээ. Энэ дүрмээр 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан нам гэдэг дор бүрнээ бие даасан намууд. Өөрөөр хэлбэл, 30 намын нэгдэл гэсэн үг. Бид эндээс Архангайн Ардчилсан намд үүрэг өгөх ямар ч боломжгүй. Ингээд ирэхээр хүний нөөцийн бодлого гэдэг зүйл алдагддаг юм байна. Ийм нөхцөлд нам элитүүдээ тодруулна гэдэг их бэрх. Өөрийн тань асуугаад байгаа Ж.Амарсанааг яагаад Эрүүл мэндийн яаман дээр очив гээд ярихаар их сонин. УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам яллаа. Шууд засгийг фракциуд хуваагаад авчихсан. Сөрөг үр дагаврыг нь харахаар одоо Монголд таван Засгийн газар ажиллаж байх жишээний. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр төмөр замын бодлого явж байлаа. Эдийн засгийн хөгжлийн яам уг нь эдийн засгийн хөгжлийн бодлого явуулах ёстой байтал төсвийн бодлого явуулж байна. Сангийн яамны ажил шүү дээ. Нам дээр байсан холбооны системийг шууд төр рүү аваад орчихоор яалт ч үгүй сөрөг үр дагавар гарч байна. Ж.Амарсанаа дэд сайд фракцийн зарчмаар томилогдсон болохоор түүний хийж буй шинэчлэлийн ажлууд магадгүй зөвхөн фракцийн дэмжлэгээс хэтрэхгүй, намын үндсэн бодлого руу нэвтэрч чадахгүй хязгаарлагдмал байгаа болов уу.
-Тэгээд энэ сөрөг үр дагаврыг яаж өөрчлөх гэж. Ерөнхий сайдын УИХ-аар батлуулсан шинэ бүтэц фракциудыг дахин хөдөлгөөнд оруулна. Зөрчил улам нэмэгдэнэ. Эерэг үр дүн харагдахгүй нь?
-Мэдээж үр дүн өгнө. Гэхдээ намын дүрэм өөрчлөгдөхгүй бол асуудал бүрэн шийдэгдэхгүй. Дараагийн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам яллаа. Дүрэм хэвээрээ бол дахиад л нөгөө фракци хоорондын тохироогоор эрх мэдлийг хуваарилна. Энд ямар ч нэгдсэн бодлого, улс төрийн соёл, төлөвшил гэдэг зүйл харагдахгүй шүү дээ. Үүнээс нь болоод залуучууд хоорондоо эвлэж нэгдэж чадахгүй. Фракци, фракци руу гүйгээд орчихно. Өөрийн тань асуусан Ж.Амарсанаа гэхэд МҮДН фракциас Эрүүл мэндийн дэд сайд болсон. Яг үнэнийг нь хэлье. “МҮДН-ээс томилогдсон Ж.Амарсанаагийн санаачилгыг Нэг ардчиллаас, Алтангадас эвсэл, МоАХ-аас албан тушаалд хүрсэн би яагаад дэмжих ёстой юм” гэсэн ойлголт манай намынхан дунд байна. Эсвэл тэд нар бүр хоорондоо уулзаж, ярилцаж мэдээллээ ч солилцоогүй байж мэднэ.
-Бараг л нэг нэгнийгээ танихгүй. Өөр хоорондоо танилцах ч сонирхолгүй гэж үү?
-За ер нь л наад дүгнэлт чинь үнэн дээ. Ийм соёл манай намын залууст нийтлэг байна.
-Тэгээд энэ асуудлыг дүрмийн өөрчлөлтөөр хэрхэн шийднэ гэж?
-Гол нь нэг удирдлагатай, тэр хүн нь хариуцлагаа хүлээгээд явдаг, дээрээс нь хүний нөөцийн бодлого нь нэгдмэл, нэг мэдээллийн сантай болох явдал. Би чамд нам доторх зовлонг ярья л даа. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль боллоо. Манайхан бүгдээрээ ялаад төрийн хүн болчихсон. Ордон руу явчихсан. Бидний хувьд анхны хариуцлагатай сонгууль. Тэгээд мэдээлэл авах хэрэг гарна даа. Орон нутаг бүрт тусгай хөтөлбөр байх хэрэгтэй. Тэр бүхнийг мэдэх хүнтэй нь холбогдож ярилцах хэрэгтэй. Тэгээд нэг яаманд томилогдсон улс төрийн албан тушаалтантай ярьж байгаа юм. “Сайн байна уу, та. Ардчилсан намаас ярьж байна. Ийм хэргээр уулзах хэрэг байна” гээд. Гэтэл өөдөөс нь шууд “Ямар Ардчилсан нам. Юун Ардчилсан нам билээ” гэж байгаа юм.
-Та лав гайхсан байж таараа. Сонсч байгаа би хүртэл эргэлзээнд орохоор хариулт байна. Цааш нь юу болов?
-“Уучлаарай, тантай манай намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн гэдгээр тань уулзаж Орон нутгийн сонгуулийн талаар ярилцах хэрэгтэй байна” гэсэн чинь “Нам намайг тавьсан юм уу. Фракци намайг тавьсан. Сайдаасаа асууж байж болно” гэчихэж байгаа юм. Тэгээд “Та тэгвэл сайдаасаа асуугаад яаралтай холбогдоорой” гэхэд “Ингэхэд танай намын байр хаана байдаг билээ” гэвэл яахав. Намын нэрээр томилогдсон улс төрийн албан тушаалтан намын байраа мэдэхгүй. Намаа “Танай нам” гэж ярьдаг. Ингэхээр чинь тэр хүнд Ардчилсан нам ямар ч хамаагүй болж байгаа биз дээ. Ерөөсөө л асуудлаа фракцидаа ярьдаг, фракциа л хүндэтгэдэг. Нөгөө 1990 оны үед тал, талд том лидерүүд яваад байсан хэмнэлээрээ асуудалд ханддаг. Ардчилсан намд институтын соёл төлөвшихгүй байгаа нь өөрөө цаашдаа их хортой. Одоохондоо ингэж явж болно. Гэтэл энэ чинь улс төрийн нам шүү дээ. Улс төрийн институт гэдэг мөн чанарыг хожимдсон ч гэсэн одооноос төлөвшүүлэхгүй бол хор хөнөөлийг нь ирээдүйд нөхөж чадахаа байна. Таван өрхийн тэргүүнтэй айл гэж байдаггүй биз дээ.
-Ардчилсан намын нарийн бичгийн дарга хүн байна даа. Тэгж увайгүйтсэн хүнийг загначихаж болдоггүй юм уу. “Та хэний, юуны хүчээр эрх мэдэлд хүрлээ. Намтай ингэж ярих эрх байхгүй шүү” гээд л?
-Тийм популимз хийж болно. Их амархан. Гэхдээ дүрэм бол дүрэм. Манай нам дүрмээрээ гуравхан удирдах ажилтантай. Ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёр. Дээр нь Нийслэлийн Ардчилсан намын даргыг нэмнэ. Энэ тохиолдолд надад тийм эрх мэдэл байхгүй. Ерөнхий нарийн бичгийн даргын дор ажлын алба бий. Энэ бол цэвэр үйлчилгээ үзүүлж, зохицуулалт хийдэг байгууллага. Ардчилсан намын нарийн бичгийн дарга гэдэг сонгогдсон албан тушаалтан биш. Үйлчилгээний ажилтан. Энэ дотроо нэг хэлтэс хариуцаж байгаа л хүн. Бодлогын шийдвэр гаргахгүй. Доошоогоо үүрэг даалгавар өгөх эрх, үүрэггүй. Харин МАН-ын нарийн бичгийн дарга гэдэг бол өөр. Тэдний удирдлага босоо тогтолцоотой. УИХ-ын гишүүдээ зангидана, удирдана. Үүрэг өгнө. Манайд тийм биш. Манай бодлого УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр явагддаг. Бид энд субботник л хийнэ.
-Та хэд, хэдэн шатны сонгуульд Ардчилсан намын пиар дээр ажилласан. Үеийн тань залуус бүгд дарга болоод намаасаа явчихсан. Магадгүй ийм боломж дараагийн УИХ-ын сонгуулиар олдох эсэх нь эргэлзээтэй. Тиймээс боломж олдсон дээр нь төр рүү явах хэрэгтэй байсан юм биш үү. Энд субботник хийж байхаар?
-Би улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг. Дотор нь ороод намын шинэчлэл, хуулийн төсөл, сонгуулийн стратеги гэх мэтийг судалж, боловсруулах, ойлгож сурах ёстой. Тэгэхээр би намд мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн үг. Хоёрт би хүн амьдрал үзэж, туршлага суух ёстой гэдэгтэй санал нэгддэг. Намд ажиллаж, туршлага сууна гэдэг том капитал. Хар авдарт эрдэнэ бий. Хазгар өвгөнд эрдэм бий гэсэн үг намд ажиллаж буй хүний хувьд байнга санаж явах ёстой болов уу гэж боддог. Намын олон мянган жирийн гишүүд дэмжигчдийн зах зухаас өөрийн боломж чадлаар уулзаж байхад маш олон санал санаачилга, эрүүл шүүмжлэл, бодлогын гарцуудыг тэд хэлж өгдөг. Шинэ мэдлэг, туршлагыг тэднээсээ үнэгүй авдаг. Гайхалтай шүү.
-Ротаци явуулахгүй байх нь намын даргын эрх ашгийг хамгаалах зорилготой гэсэн шүүмжид тайлбар хэлэх үү?
-Шулуухан хэлэхэд ротаци боллоо гэхэд Үндэсний зөвлөлдөх хороонд 40 хүрэхгүй хүн л солигдох юм билээ. 228 орчим хүнээс ийм тооны хүнийг нь шинээр сонгоход Ардчилсан намын удирдлагад өөрчлөлт оруулах хүч болохгүй. Зүгээр хуралдлаа гэхэд нэг орой асуудал болгож баахан юм яриад маргааш нь юу ч болоогүй юм шиг тараад явчихна даа. Харж л байгаарай.
-Энэ долоо хоногт сайдуудын томилгоо яригдана. Фракци хоорондын албан ту­шаалын томилгоо олон нийтэд сай­хан сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу. Та намынхаа бодит нэр хүндийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Судалгааны дүнд тулгуурлаж хариулах нь зөв болов уу. Ардчилсан намын рейтинг сонгогчдын дунд тогтмол 30 гаруй хувьтай бай­хад МАН-ынх 20 гаруй хувьтай байна. Сүүлийн үед улстөрчид, хэвлэлийнхэн “Ардчилсан намын рейтинг унах хэрээр тэр санал МАН дээр ирж наалдана” гэж ярьж, бичиж байгаа. Ингэснээр МАН дараагийн УИХ-ын сонгуульд ялна гэх мэт. Үүнд би “Уучлаарай, тийм юм байхгүй” гэдэг хариулт өгнө. Тэртээ тэргүй засаг барьж байгаа нам дандаа л шүүмжлүүлдэг. Энэ бол байдаг л асуудал. Эндээс харин Ардчилсан намд сэтгэл гундуу байгаа хэсэг хаашаа очиж наалдах вэ гэдэг асуудал гарна аа даа.
-Тийм ээ. Тэгээд л МАН ялна гэсэн яриа гараад байх шиг байна?
-Тийм юм байхгүй. Тэр хэсэг аль ч намыг дэмждэггүй хэсэг рүү явж байгаа юм. Үүнийг МАН-ынхан өөрсөддөө хамаатуулж “Бид ялна” гэж ярих нь буруу. Яахав улс төрийн зорилгоор ийм мессеж тарааж байж болно л доо. Дахиад статистик ярья. Би судлаачийн хувиар ярьж байна шүү. Маргааш сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам шууд ялна.
-Үндэслэл нь?
-Хөдөө Ардчилсан намын нэр хүнд маш сайн байгаа. Нутагт нь 70, 90 жилийн дараа зам тавьсан байгаа нь өөрөө баярлах, талархах шалтгаан яах аргагүй мөн биз дээ. Дээрээс нь сүүлийн 5-6 жил хөдөө ган зуд болсонгүй. Малчдын амьдрал дээшилж байна. Ноолуур, ноос, түүхий эдээсээ хуримтлуулсан бэлэн мөнгө тэдэнд байна. Ийм хүмүүст төр засгийг солих бодол төрдөггүй юм. Энэ бүх шалтгааныг хэн хэн нь их зөв харах хэрэгтэй.
-Харин хотод?
-Хотод засгийг хамгийн их шүүмжилдэг хүмүүс бол яах аргагүй нийгмийн хамгийн радикал хэсэг. Хурдтай шинэчлэл шаарддаг. Өндөр боловсролтой, сайн цалинтай, баруунд боловсрол эзэмшсэн, 20-30 жилийн цаадхийг ярьдаг, онлайн ертөнцөд санал бодлоо илэрхийлдэг энэ хүмүүс нийлээд сонгогчдын 20 хувьд ч хүрэхгүй. Үлдсэн 80 хувь нь гэр хорооллынхон. Гэр хороололд зам очиж байна, нүүрс хямдхан борлуулж байна. Гэр хорооллын барилгажилт хөтөлбөр хэрэгжээд эхэллээ. Энэ чинь бодитой ажил. Үүнээс улбаалаад хотын даргын нэр хүнд их өндөр байна. Ингээд эцсийн нийлбэр дүнгээрээ УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 5-6 суудал илүү авна. Одоогийн хуулиар нийслэлийн ИТХ-ын сонгууль их хурлынхтай хамт болох болохоор Э.Бат-Үүл даргын багийн өндөр оноо их хуралд сайнаар нөлөөлнө. Улс төрийн тоо бодох чинь сэтгэл хөөрлөөс тусдаа байхгүй юу даа.
-Тэгэхээр МАН-ын “Ардчилсан намын алдаа бидэнд олз болно” гэсэн хөөрөл газрын хөрсөн дээр буухгүй агаарт замхарна гэсэн үг үү?
-Би шулуухан л ярьж байна. Иргэдийн сэтгэгдлийг бодит судал­гааны дүнтэй харьцуулж тоо бодоход ийм л байна. Энд гэхдээ бидэнд нэг алдаа бий. Дээр хэлсэн 20 хувьтайгаа ажиллаж чадахгүй байгаа явдал. Энэ хэсэгтэй ажиллах гэхээр наад зах нь тэдэнд таалагддаггүй улс төрийн фигурууд манайд байна. Жишээ нь, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр байна. Эдийн засгийн бодлого ярих ёстой хүн гал тахиад байхаар чинь яаж тэдэнд таалагдах вэ дээ. Гэхдээ тэр бас улстөрч хүн шүү. Хотынхонд гал тахих, тэнгэр үзэл ярих нь таалагддаггүй байлаа гэхэд хөдөөгийнхөнд бол шүтэгдэх нь их. Энэ нь улс төрийн менежментийн хувьд хоосонгүй хүн болохыг нотолж байж ч болох юм. Таалагдахгүй фигур гэдэгт уул уурхайн сайд Д.Ганхуягийн уул уурхайг хөгжүүлнэ гэдэг итгэл өгч чадахгүй байгаа нь ч хамаатай. Магадгүй бүтцийн өөрчлөлтийг үүн дээр тулгуурлан хийж байж ч мэдэх юм.
-Үүнийг гүнзгийрүүлбэл со­шиал ертөнцийн хүч нөлөөний тухай яриа болох болов уу?
-Үнэндээ сошиал ертөнцтэй харилцах туршлага хаа, хаанаа алга. Гэхдээ сүүлийн үед энэ талаар ярилцаж, тодорхой хэмжээнд санал нэгдсэн. Наад зах нь Ерөнхий сайдын зүгээр нэг хувийн туслахын жиргээг олон нийт Ардчилсан намын, Засгийн газрын байр суурь мэтээр хүлээж аваад байна. Ингэж болохгүй. Эрх зүйн хувьд ч, дүрмийн хувьд ч хувийн туслах болохоос бус Ардчилсан намын өмнөөс ярих эрх, үүрэгтэй хүн биш байхгүй юу. Тэгэхээр тэр хүнээ хэр жиргүүлж, хэрхэн удирдах вэ гэдэг нь тэр багийн асуудал. Ер нь яг сошиал ертөнцтэй харилцах харилцаанд аль ч улс төрийн хүчин нь унаж, босоод л яваад байгаа харагдаж байна.
-Эргээд Ардчилсан намын та­ван фракци руу асуултаа эргүүлье л дээ. Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүтцэд энэ таван фракцийг бүг­дийг нь багтаахгүй бол Ард­чилсан намын дотоод хагарал улам бүр лавширна гэдэгтэй та санал зөрөхгүй биз дээ?
-Наад асуулт чинь надад томдсон асуулт байна.
-Судлаачийн тань хувиар ярилц­лага авч байгаа гэдгээ анхнаас нь хэлсэн дээ?
-Тийм ээ. Гэхдээ би тэр хуралд нь суудаггүй учраас энэ талаар ярих боломжгүй юм. Судлаачийн хувиар хэлэхэд дүрмээ өөрчлөхгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Ямар ч сайхан зүйл яриад нэмэргүй гэсэн үг. Ядаж л фракциуд багийн соёлд суралцаж, тэвчих ёстой зүйлээ тэвчиж, татгалзах ёстой зүйлээсээ татгалзаж сурах цаг болсон. Тэгэхгүй бол би хувьдаа эндээс олигтой үр дүн олж харахгүй л байна.
-Та УИХ-ын дарга З.Энхбол­дын туслах байж байгаад Н.Алтан­хуягийн багт орж, Ардчилсан намын нарийн бичгийн даргын алба хаших болсон. Гэтэл харьяа­лагддаг фракци тань Мон­голын Ардчилсан холбоо. Энэ эргэлт тань улс төрд хүч үзэж буй залуу хүний хувьд фракциа сонгох дадлагын хугацаа юу. Эсвэл түших лидерийн эрэл, хайгуул эцсийн дүндээ зог­соолдоо хүрлээ гэсэн ойлголт уу?
-Өчигдөр “Миний хүссэн ард­чилал биш” номын зохиогч Тодын Оюунчимэг эгч надад “Манай Ардчилсан намд нэг л өвчин байна. Тэр нь би гэсэн өвчин. Энэ өвчнөөсөө салаад бид гэдэг рүү явчихвал манай нам их өөр болно доо” гэж хэлсэн. Би энэ үгийг их зөв энгийн томьёолол юм болов уу гэж бодсон. Би жижиг бүлгээс том бүлгийн нэгдэл рүү явж байгаа хүн. Надад Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболдын хэн нь ч байсан хамаагүй. Гол нь Ардчилсан намын үнэт зүйл л хамгийн чухал. Би залуу хүнийхээ хувьд энэ хүмүүсээс сурах зүйлээ сурч, асуух зүйлээ асууна. Алдаануудыг нь давтахгүйг хичээж аль болох тойроод гарна. Хүрэх юмандаа хүрчихсэн хүмүүсийг нүдээр харж, суралцах нь чухал болохоос бус миний үнэт зүйлд энэ хүмүүсийн хэн нь ч Ардчилсан намын мундаг дарга байх нь чухал биш. Ардчилсан нам нэгдмэл, багийн соёл төлөвшсөн нам байх нь л надад чухал. Харин яагаад МоАХ-д гишүүнээр элссэн бэ гэхээр хоёр шалтгаантай. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр 20 орчим залуу нэг баг болж ажилласан. Бидний үнэт зүйл адилхан либерал байсан. Радикал хурдтай шинэчлэл хүсч байсан. Энэ талаар ярьж байгаад асуудлыг, хэрэгжүүлж болох хатуу үнэт зүйлтэй газар нь МоАХ юм байна гэж үзсэн. МоАХ дандаа л буцалж, шинэчлэл ярьж, оргилж байдаг. Тогоон доторх буцалж буй цай шиг халуун газар. Хоёрдугаарт, ардчиллын үнэт зүйл, суурь нь өөрөө МоАХ. Энэ хоёр үндэслэл дээр тулгуурлаж МоАХ-ыг сонгосон. Либерал хаус клубын залуус бүгд энд нэгддэг.
-Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга та нарын үгийг сонсох юм уу. Хэтэрхий хувийн компани шиг хандаад байгаа хэрэг биш үү?
-Ярилцана. Бид санал бодлоо хэлнэ. Авах юм аа авдаг л юм. МоАХ-ны дарга учраас түүний эрх. Судлаачийн хувьд хэлэхэд Х.Баттулга дарга яах аргагүй том лидер. Том бизнесмэн. Насаараа компани толгойлоод бүхнийг нуруун дээрээ үүрээд явчихсан учраас бусдад бага итгэл хүлээлгэдэг байж магадгүй. Тэр нь зан үйл болчихсон учраас МоАХ дээр ирэнгүүтээ шуудөөрийнхөөрөө дайраад, бүх ачааг нь үүрчихсэн юм шиг байна лээ. Энэ нь фракциасаа сонгогдсон УИХ-ын гишүүдийг алдахад хүргэсэн байж болох юм. Гэхдээ бидний зүгээс Х.Баттулга гишүүнийг сур­гах гэж МоАХ-д элсээгүй нь тодорхой. Тийм мэдлэг, туршлага ч байхгүй. Өөрсдийн түвшиндээ л хичээж гишүүддээ сургалт хийх, бүртгэлийг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, үзэл санааг нь дэлгэрүүлэх зэргээр өөрсдийнхөөүүргийг тодорхойлж ажилладаг.
-Хэт фантастик зорилго биш үү?
-Яалаа гэж дээ. Бид өөрсдийнхөө л үеийнхэнд нөлөөлөх чадвартай залуучууд. Түүнээс бус дээд үеийн­хэндээ нөлөөлнө, тэдний алдааг засна гэвэл худлаа.
-МоАХ-ны партизануудын үнэт зүйл нь гайхалтай эр зориг. Тэ­дэн­тэй уулзаад бахархах сэтгэл төрөх юм уу?
-Хөдөө явахад МоАХ л байдаг. Их гайхалтай чанар тэдэнд байдаг. 1990 оноос хойш зүрх сэтгэлээрээ явсан хүмүүс. Тэд яах аргагүй хувийн амьдралаа тоосго болгон өрж энэ нийгмийг босгосон. Олонхийнх нь амьдрал тун хүнд бэрх. Гэр бүлээсээ салсан, архинд орсон гээд тоочвол их хэцүү. Гэхдээ тэд ямар ч үед ардчилал гэхээр зүрх сэтгэлээрээ дэмжиж, босч ирдэг. Үнэхээр гайхалтай. Албан тушаал авахгүй, мөнгө тараахаар авдаггүй, хуйвалдаанд оролцдоггүй цаг ямагт Ардчилсан намын гол хэсэг нь болоод үнэт зүйлээ барьж чаддагтаа өөрөөөөртөө омогшоод явдаг хүмүүсийг харах их сайхан. Цаашид Либерал хаус клуб тэр хүмүүст яавал жаахан ч гэсэн хүндэтгэлтэй хандах вэ. Амь, амьдралд нь яаж туслах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллана. Ядаж л үр хүүхдүүдийг нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авах, жижиг бизнес эрхлэх сургалтад хамруулах санаа бий.
-Та дээр хэлсэн МоАХ-оос нэр бүхий УИХ-ын гишүүд нь гарчихсан гэж. Сүүлд Х.Баттулга гишүүнээс ёстой л зүүгдэн барин УИХ-ын гишүүн болсон Г.Ганбат Шонхор фракцид элссэн. Өмнө нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж фракциасаа зөрөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болсон. Яагаад МоАХ-оос ингэж гишүүд нь зуг­таад байгаа юм бэ?
-Шалтгааныг хувь хүмүүс нь өөрсдөө яривал илүү зөв болов уу. Хөндлөнгөөс харахад аль аль нь муухай харагдаж байна. Хэнд нь ч сайхан харагдах юм алга. Х.Баттулга гишүүний алдаа юу гэхээр тэднийг барьж үлдэж чадахгүй байна. Уян хатан байр суурь баримталж, харилцааны өөрчлөлт хийх талдаа муу байж мэдэх юм. Нөгөө нэг хэсгийн хувьд нэгэнт сонголтоо хийсэн бол үнэт зүйлээ хадгалж үлдэхийн тулд бас тэвчээр гаргах хэрэгтэй шүү дээ. Юу юугүй гомдож, туниж гүйнэ гэдэг улстөрч хүнд байж боломгүй чанар. Эсвэл албан тушаалын яриа хөөрөө эхлэнгүүт хаяад явна гэдэг ичмээр хэрэг.
-Та бүхэн МоАХ-г соён гэгээ­рүүлнэ, идэвхжүүлнэ гэх мэт гоё сайхан зүйл ярьж байна л даа. Гэтэл Ардчилсан намын лидерүүд залуусаа дэмжих сонирхолгүй байгаа нь нууц биш шүү дээ. Хэрэв тэдний ах, дүү хамаатан садан эс бол цүнхийг нь барьж гүйдэг туслах нь биш бол дэмжлэг олж авна гэж итгэхэд бэрх гэдэгтэй таныг санал зөрөхгүй гэж найдаж байна?
-Саяхан МАН-ын залуустай энэ талаар ярилцсан. Тэгэхэд “Манай нам сүүлийн үед цэвэр санхүүгийн боломжтой залуусыг дэмжих тал дээр анхаараад байна” гэдэг яриа гарч байсан. Харин манай дарга нар болохоор “Чадал нь байвал залуус та нар тэмцээд гараад ир” гэдэг. Гэтэл өгөгдөл нь харьцангуй байхгүй юу. Үзэж гарч ирдэг тэр намын дотоод шалгуур нь фракциудад боомилогдчихоод байна шүү дээ. Ийм болохоор залуус шууд фракц руу гүйгээд орчихож байгаа юм. Би нэг удаа лидерүүдийнхээ “За одоо бүгдээрээ 50 нас хүрлээ. Цаашид бидэнд 20 жил бий шүү. Зайгаа тавьж өгөхгүй. Үзэлцэнэ шүү” гээд хоорондоо хундага тулгахыг хараад “Бид болоогүй юм байна” гэж бодогдсон. Хувь лидерүүд маань намынхаа урт хугацааны оршин тогтнох чадавхийг бус фракцийнхаа эрх ашгийг, өөрсдийгөө бодоод байхаар залуучуудад боломж олдоно гэдэг бүрхэг байгаа биз дээ. МАН-д байгууллагын соёл тогтчихсон уч­раас “Надаас хойш нам оршин тогтнох ёстой учраас үүнийг ингэх хэрэгтэй” гэдэг хандлага лидерүүдэд нь түгээмэл ажиглагддаг. Намаа сайн сайхан байлгах, хүчтэй болгох гэдэгт анхаарал хандуулдаг. Гэтэл манайхан өөрсдөө л гоё сайхан болоод, өөрс­дөө л хөрөнгөө хураагаад, өөрсдөө нийгэмд нэр хүнд олж авахыг чухалчилдаг. Намдаа хэзээ ч хөрөнгө оруулалт хийдэггүй. 20 жилийн өмнө ийм л байртай байсан. Тэр хэвээрээ. Ерөнхийдөө манайд байгууллагын соёл алга. Компанийнхаа ашгаас хувьдаа үнэтэй машин, байр авсаар компани нь томордоггүй, ажилчдынх нь цалин нэмэгддэггүй нэг тийм захирлууд байдаг даа. Яг түүн шиг сэтгэхүй намын лидерүүдэд маань байна. Харин ялагдахаараа бүг­дээ­рээ цуглаж ирээд энэ цөөхөн өрөө­гөө булаацалдаад түгжээд суучихдаг. Ялахаараа бүгд зугтаад ордон рүү явчихдаг. Их сонин байгаа биз.
-Тэгвэл танайхаас улс төрд орно гэдэг залуусын хувьд гар нүцгэн гардан тулалдаанд орохтой адилхан хэрэг байх нь ээ?
-Хэцүү. Биднийг шууд өрсөл­дөгч болгож хараад байхаар чинь залуучууд эр зоригоороо гарч ирэх­гүй байна. Энэ нь өөрөө фракц түшихээс өөр сонголт үлдээхгүй байгаа байхгүй юу
-Эсвэл 50-тай лидерийг 70 хүрч, тэтгэвэртээ гарахыг хүлээх хэрэгтэй бололтой?
-За бараг л нөхцөл байдал ийм л байна даа.
-Өөрийн тань хариулт маргаашийн үр дүнгийн төсөөлөл. Хоёр жилийн дараа болох УИХ-ын сонгуульд АН ялахын тулд өнөөдөр юу хийх ёстой юм бэ?
-Судлаачийн хувиар л дахиад хариулья. Нам яаралтай дүрмийн өөрчлөлтөө хийж, хүний нөөцийн бодлогоо мөн эргэж харах хэрэгтэй болов уу. Халуун тогоогоороо уулзаад үлдсэн хоёр жилд нийгэм рүү чиглэсэн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй. Ингэхдээ мэдээж албан тушаал бол яриад хэрэггүй. Үүнийг хийхэд нэг хүний манлайлал маш их хэрэгтэй.
-Ерөнхий сайдыг хэлж байна уу. Гол нь чадах уу?
-Тийм ээ. Энэ хүн Монголын нэг номерийн эрх мэдэлтэй хүн шүү дээ. Ерөнхийлөгчөөс ч илүү. Тиймээс үүнийг хийх ёстой гэж бодож байна. Намын дарга өмнө нь бүх фракциудаа нэгтгээд УИХ-ын сонгуулийн “Таван А” гэж хөтөлбөрийг боловсруулж чадсан. Энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянах, сайжруулах зорилгоор ажлын хэсгүүдийг байгуулж гишүүдийг нэгтгэж ажиллах хэрэгтэй санагддаг. Тэгэхээр чадах байх гэж итгэж байна.
Г.ОТГОНЖАРГАЛ
 “Улс төрийн тойм” сонин


Thursday, 18 July 2013

О.Чулуунбилэг: Бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл явцуу утгатай л хэрэгжинэ



Америкт улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг энэ залуугийн блогыг хааяа уншихад сонирхолтой байдаг юм. Улс төрийн менежмент хэмээх шинэ мэргэжлээр Монголоос анх мэргэшиж буй О.Чулуунбилэгтэй хавар ярилцахаар тохирсон боловч сонгуулийн дараа ярилцъя хэмээн “бултсан”. Одоо нэгэнт сонгууль дууссан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Сонгуулиас хойш Монголын улс төр наадмын уур амьсгалд дарагдаад нэг хэсэгтээ намжиж байх шиг байна. Гэхдээ Монголын улс төр ирэх наймдугаар  сараас нэгэн том өөрчлөлтөд татагдан орно гэж ярьсан улстөрчид их боллоо. Тухайбал  Засгийн газрын тухай.  Улс төр судлаачийн хувьд таны бодол?
-Улс төр өөрөө амьд үйл явц учраас мэдээж найман сард ямар нэгэн үйл явдлууд болж л таарнаа даа. (инээв). Судлаач хүний хувьд Монголын улс төрийг бүхэлд нь доргиосон онцгой үйл явдлыг бол ирэх  сард болно гэж харахгүй байна. Зуны цагт ихэнх улстөрчид энд тэндхийн ойн наадам дээр л бөөнөөрөө таарахаас цуглаж улс төр эхлүүлэх цаг нь биш байх. Нийгэм ч сонирхохгүй, дэмжихгүй. Харин сөрөг хүчин МАН-ыг шинэчлэх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс энд тэнд зохион байгуулалтанд орж идэвхжиж таарна. Тэд л ийм яриа гаргаж буй болов уу.
 
-МАН-ыг шинэчлэх зорилготой гэх хэсэг залуус гарч ирж их идэвхтэй ажиллаж эхэллээ. Тэд намаа шинэчилж чадна гэж та бодож байна уу. Ер нь намын шинэчлэлийн талаар таны бодол?
-Улс төрийн намын шинэчлэл бол зөвхөн МАН-ын асуудал биш л дээ. Өнөөдөр Монголын улс төрийн намууд бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл их явцуу утгатай л хэрэгжинэ. Үүнийг Улс төрийн намуудын тухай шинэ хуулиар л хэрэгжүүлэх боломжтой. Харамсалтай нь УИХ-ын бүлгүүдийн түвшинд нэг л явж өгөхгүй байна. Сонгууль дууссан болохоор намраас идэвхжих байх гэж найдаж байна. 

МАН-ын залуусын хувьд тэд шинэчлэлийг хийж чадахаас өөр зам байхгүй. Одоо МАН-ын 45 наснаас дээш настнуудын хувьд шинэ юм ерөөсөө гарахгүй. Сэтгэлгээний хувьд ч эрх ашгийн хувьд ч посткоммунист чигээрээ л дуусна. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд хэлдэг. Хийх цагтаа хийж чадаагүй хүмүүс одоо шинэчлэл хэрхэн хийх. Тиймээс цаашаа намаа хөтлөөд шинэ зуун луу явах залуучууд л МАН-ын шинэчлэлд ус агаар мэт хэрэгтэй. Яахав, МАН-ын залуучуудын өнөөдөр ярьж байгааг нь харьцуулж харахад шинэчлэлийн бодлого ярихаасаа намын удирдлагынхаа түвшинд нэг хэсэг хүнийг шинэ залуу нөгөө нэг хэсэг хүнээр бушуухан солих л хүсэлтэй байх шиг. Уг нь ямар ч шинэчлэл тодорхой программ дээр үндэслэгдсэн байх учиртай. Тийм шинэчлэлийн мөрийн хөтөлбөр боловсруулах чадвартай хүний нөөц, сайн судлаачид тэр намын залууст бий гэж хардаг. Заримыг нь ч мэднэ, танина.   Бусдын хэрэгт хошуу дүрж байгаа юм  биш шүү. Судлаач хүний хувьд МАН шиг үндэсний хэмжээний том нам шинэчлэгдэх нь Монголын эрх ашигт нийцэх учраас л санаа хэлж байгаа юм.

-МАН-д шинэчлэл хэрэгтэй гэж ихэнх нь хүлээн зөвшөөрч байгаа ч хөгшин залуугаараа талцаад маргаад байх шиг. Тэдний аль нь илүү шинэчлэгч харагдаж байна вэ?

- Аль нь илүү шинэчлэгч харагдаж байгааг би биш гишүүд нь хэлэх ёстой байлгүй дээ. Нэг зүйлийг товч хэлэхэд онолын хувьд хөгшин, залуу шинэчлэгч гэж байхгүй. Хэн тодорхой шинэчлэлийн бодлоготой байна эсвэл хэн тэр бодлогыг хүлээн зөвшөөрч  байна тэр л шинэчлэгч байдаг.

-Зөвхөн МАН гэлтгүйгээр танай АН-д ч гэсэн шинэчлэл хэрэгтэй биз дэ. Ядаж л таны яриад байгаа бүтэц, хүний нөөц, санхүүжилтын шинэчлэлээ хийх ёстой биз дээ. Дээрээс нь олигархиудаасаа салах гээд л?

-Би түрүүнд хэлсэн. Монголын бүх намд шинэчлэл хэрэгтэй учраас л Улс төрийн намуудын тухай шинэ хууль гарах хэрэгтэй гэж. Зарчмын хувьд энэ хуулийг шинэчлэх нь хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа ч улс төрийн намууд, бүх түвшний гишүүдийн ойлголтын зөрүү, эрх ашгийн давхцал хэтэрхий их байгаад гол бэрхшээл байна. Ойлголтоо нэгтгэх, эрх ашгаа эрэмбэлж нэг шугаман дээр олуулаа очихын тулд улс төрийн намуудын тухай хуулийн тухай үндэсний хэлэлцүүлгийг ирэх намраас яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Магадгүй нэг бүтэн жил маргалдаг л дээ. Гэхдээ л жилийн дараа нэг зарчмын ойлголт, нэгдсэн эрх ашгийн эрэмбэд хүрч л таарна шүү дээ. Тэгэхгүй бол нам дотроо ч ойлголтын зөрүү маш ихтэй байна.

-Та АН олигархиудаасаа яаж салах тухай ярьсангүй?
- Сүүлийн үед улс төрд олигарх гэдэг үг их моодонд орж байх шиг байна, Монголд. Манайхны тодорхойлж буйг ажиглахаар төрөөс төрсөн тэрбумтнуудаа л илүү тэгж тодорхойлоод байх шиг.  Уул нь ч олигархи гэдэг байж боломгүй чөтгөрийн зүйл биш л дээ. Хамгийн туйлширсан засаглалтай гэгдэх коммунист засаглалтай Хойд солонгосын улс төрийн бүтцэд гэхэд л олигархиуд байдгийг улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ер нь ямар ч улс төрийн систем эцэстээ ямар нэгэн түвшинд олигархитай холбогддог бөгөөд үүнийг олигархийн төмрийн хууль гэж нэрлэдэг. Учир нь төр үргэлж хэн нэгний дэмжлэгийг авч түүний төлөө үйлчилж байдаг. Манай улс төрийн системийн эрсдэлтэй тал нь олгарихиудтай харилцах энгийн харилцаа бус тэднээр удирдуулсан тэдний төлөөх засаглал болж хувирсанд оршино.  

    Энэ бүхнийг өөрчлөхийн тулд эрх барьж буй улс төрийн хүчнийхээ хувьд ч, ямагт шинэчлэлийг тэргүүлж санаачилдгийнхаа хувьд ч АН илүү санаачилгатай ажиллах нь гарцаагүй. Ажиллах үндсэн зарчим бол Ерөнхийлөгчийн хэлсэн даргын засаглалтай орон биш, хуулийн засаглалтай орон болно гэдэг шиг фракцуудын засаглалтай клубуудын нэгдэл биш,  дүрмийн засаглалтай нэгдсэн институц болж өөрчлөгдөх ёстой. Үүнийгээ ч Улс төрийн намуудын хуулинд болон намын шинэ дүрэмдээ тусгаж зан үйл, дотоод соёл болгох хэрэгтэй. Энэ бол АН-ын дотоод шинэчлэлийн гол философи болж чадна гэж бодож байна.

-Тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг бол судлаачийн байр суурь. Харин АН-ын нарийн бичгийн даргын хувьд бодитой ажил хийж байна уу?
-Миний ажил бол даргын ажил биш ерөнхийдөө намын гал тогоон дахь гишүүддээ үйлчилдэг үйлчилгээний шахуу ажил шүү дээ. Гэхдээ зүгээр суугаагүй. Намын дүрмийн шинчлэлийн хэлэлцүүлгийг явуулах явцад нам өөртөө think thanк буюу бодлогын хүрээлэнтэй байна гэдгийг чадлаараа лоббидсон. Үүнийг маань ч намын дарга, генсек хоёр маань шууд дэмжсэнд урамшсан. Ер нь миний барьдаг бодлого бол хувьсгал хийх гэхээсээ илүүтэй  тайлбарлан таниулах, мэдээлэл олгох, харилцан зөвшилцөх маягаар шинэчлэл хийх ёстой гэж итгэдэг. Чи өөрийн лаагаар бусдын лааг асаахад тусалснаар чиний лаа дуусдаггүй, харин гэрэл улам л тод болдог гэсэн үг байдаг биз дээ. Түүнээс нэг ухаантай дарга олон тэнэгүүдээ удирдаад зөв шинэчлэл үргэлж хийнэ гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Тиймээс намын шинэчлэлийн асуудлаа олон хэлбэрээр ярьсаар, таниулсаар, уулзаж санал бодлоо солилцсоор л явж байна.

-Танд баярлалаа. Намар энэ талаар дахин ярилцана гэж найдаж байна.
http://mungundalai.niitlelch.mn

Tuesday, 9 October 2012

О.Чулуунбилэг: Засгийн газар бизнесменүүдийг гэнэдүүлэхгүй


АН-ын ОНХА-ны нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд Улс төрийн менежментийн чиглэлээр суралцсан. Тэрээр монголын намууд төлөвшөөгүй, бодлогыг хувь хүмүүс боловсруулж байгаад шүүмжлэлтэй ханддаг.
Улс төрийн шийдвэр хувь хүний үзэмжээр гарч байна
- Монголын улс төрийг АНУ-ынхтай харьцуулах боломжтой юу?
- Бараг боломжгүй. АНУ-д намууд хэдэн зуун жилийн түүх, хөгжилтэй. Манайд 20 жилийн л түүх бий. Энэ утгаараа харьцуулахад төвөгтэй л дээ. Гэхдээ улс төрийн байгууллага гэдэг утгаараа тэднээс авах юм маш их байна.
 
- Жишээлбэл?
- АНУ-ын намууд шийдвэр гаргахааас өмнө маш том судалгаа хийдэг. Түүнийг нь Тинк-Танк гэдэг бодлогын хүрээлэнгүүд хийнэ. Тэд асар их судалгаа, тооцоо хийнэ. Энэ хэрээрээ бодлого зөв гарч, хэрэгжих магадлал өндөр байдаг.
 
-Манайд шийдвэр яаж гаргадаг вэ?
-Одоохондоо манайд хувь улстөрчдийн идэвхи, санаачлага, төсөөлөл дээр тулгуурласан шийдвэр их гардаг. Энэ тал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга түлхүү анхаарал тавьж байгаа. Шинэчлэлийн стратеги боловсруулж байна. Энэ хүрээнд хүний нөөц, санхүүжилт, бүтцийг боловсронгуй болгоно. Бүтэц, зохион байгуулалтын хүрээнд Тинк-Танк байгуулна. Энэ нь нам судлаачид, мэргэжилтнүүдтэй илүү түлхүү хамтарч ажиллана гэсэн үг. Тэднийг цуглуулж хэлэлцүүлэг хийнэ. Гарсан үр дүнг улс төрийн намуудад танилцуулах замаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Орчин цагийн улс төрийн намууд ийм зарчмаар шийдвэр гаргаж байна.
 
-Одоо манайд энэ зарчмаар шийдвэр гаргаж байгаа нам байна уу?
-Байхгүй. Уг нь зөвхөн АН биш улс төрийн шийдвэр гаргадаг бүх себьектууд энэ зарчмаар шийдвэр гаргадаг болчихвол улс орны хөгжилд ч их үүрэг гүйцэтгэнэ.
МАН санал өгсөн сонгогчиддоо тайлан тавих ёстой
 
- АН МАН-ыг хүчиндээд байгаа тухай гомдол тасрахгүй байна.
-Хууль зөрчөөд, хуралдаа суухгүй байгаа намыг сонгогчид нэг их таашаахгүй байх гэж бодож байна. Сонгогчидийн 40 хувийн саналыг авсан нам тэр хэмжээний хариуцлагатай байх ёстой. Намын бүлэг бүртгүүлэх хуулийн заалтыг яагаад зөрчсөнөө тэд сонгогчдынхоо өмнө тайлагнах ёстой. Тэд саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Сонгогчид тэднийг эрх барьж байсан үе шигээ дураараа аашлаад, төрийг гацаагаад байгаарай гэж сонгоогүй биз дээ.
 
-Танай намын удирдлагуудыг хууль зөрчиж ах, дүү нараа ажилд авсан гэж байна.
-Ийм яриа сонгууль бүрийн дараа гардаг. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байх шиг байгаа юм. Сөрөг хүчин сонгуулийн сурталчилгааг ингэж хийдэггүй юм билээ. Бодлогын чанартай асуудал дэвшүүлдэг юм. Гэтэл МАН сөрөг хүчин гэдгээ мэдрэхгүй. Аар саар, жижиг асуудал хөндөж олны дургүй хүргээд байгаа юм. Хэн нэгэн албан тушаалтны ах дүү алба хашиж болохгүй гэсэн хууль одоохондоо монголд байхгүй. МАН эрх барьж байхдаа ийм хууль гаргасан бол бид мөрдөх л байсан. Гэхдээ тэд ийм хууль гаргаагүй. Ардчилсан улсад ийм хууль гарах боломжгүй. Тэрнийг МАН шиг сайн мэдэж байгаа нам байхгүй. Одоогийн төрийн албан хаагчдын 90 хувь нь энэ намын гишүүн байсан хүн байгаа гэсэн судалгаа бий. 2000 онд энэ нам АН-ын 15 мянган гишүүнийг төрийн албанаас зайлуулж байсан түүхтэй. Тухайн үед бид МАН-ыг АНУ-д төгссөн боловсон хүчнээ дэд сайд болгоход дэмжиж байсан.
 
-Хэн бэ?
-Ц.Мөнх-Оргил Харвард төгсөж ирээд Гадаад харилцааны дэд сайд болж байсан. Манай намыхан баяр хүргэж байсан. Залуу хүн. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн учраас Монголд ашигтай гэж үзэж байсан. Гэтэл өнөөдөр Харвардад сурч байсан биш. Багшилж байсан хүнийг дэд сайдаар тавьсан чинь МАН-ынхан боож үхэх гээд байх юм.
 
-Тэр мундаг хүн хэн бэ?
-Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа. Токиогийн их сургууль төгссөн. Харвардад багшилж байгаад ирсэн. Манай нам орчин цагийн боловсролтой залуучуудыг илүү дэмжиж байна. Ер нь орчин цагийн боловсролтой залуус нам харгалзалгүй бие биенээ дэмжих хэрэгтэй. Энэ нь монголын хөгжилд хэрэгтэй шүү дээ. Ах дүүгээ ажлаар хангасан гэж шүүмжлээд байгаа юм. Тэрний оронд тэр хүн тийм шалгуураар тэнцэхгүй байна гээд баримт гаргаад ирвэл, тэд нарын гомдолгүйгээр бид өөрчлөнө. Энэ бол манай намын хатуу байр суурь. Хэн нэг нь ажлаа хийж чадахгүй бол хэний ах дүү, аль намынх байсан бидэнд хамаагүй. Ажлаас нь чөлөөлнө. Манай нам залуучууд ихтэй. Энэ хүмүүс төрд хоноцын сэтгэлгээгээр хандаж албан тушаалд байхдаа идэж уухыг урьтал болгоод байвал дараагийн олон сонгуульд орхгүй биз дээ. Тиймээс төрд алба хашиж байгаа манай намын гишүүд мөрийн хөтөлбөр, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Өр хэний ч, юуны ч өмнө хариуцлага хүлээхгүй. Намын удирдлага өөрийн намын гишүүд болон төрийн нийт албан хаагчдад ийм шалгуур тавьж байгаа. Ажлаа сайн хийгээд явж байгаа төрийн албан хаагч элдэв холбоо байгуулж, мэдэгдэл гаргах шаардлагагүй.
Шинэчлэлд хугацаа хэрэгтэй
 
-Нийслэлчүүд АН-аас багагүй зүйл хүртэж эхэллээ. Нийт орон даяараа хэзээ хүртэж эхлэх бол?
-Нийгэм шинэчлэлийг хүлээж байна. Шинэчлэл гэдэг бол байнга хийгдэж байх ёстой. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил зогсонги байдалд орсон. Нийгэм даяар шинэчлэл хийхэд цаг хугацаа орно. Сүүлийн үед манай намд хандаж байгаа иргэдийн ихэнх нь хэвлэлийн хуулийн хувь заяа ямар шатанд байна гэсэн асуулт байна. АН бол хэвлэлийн эрх чөлөөний хуулийн эцэг гэж болно. Энэ хууль батлагдахгүй олон жил болж байгаа. Одоо ардчилсан Засгийн газар энэ хуулийг батална. Хуулиас өмнө ч Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Иргэддээ төрийн ордныг нээж өгсөн. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж байна. Төрийн албан хаагчид ажлын өдрүүдэд дотоод ажил нэрээр хоёр хоног амардаг байсан. Үүнийг зогсоосон. Төсвийн эрхийг дарга нараас салгаж иргэд оролцох боломж олгосон гээд олон ажил хийж байна. Энэ бүхний үр шимийг иргэд хүртэнэ. Төр ил тод байх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг АН нийгмийн харилцааны хамгийн чухал асуудал гэж үздэг. Өмнө байнга хоёр, гуравдугаар зэрэглэлд явж ирсэн.
 
-АН АНУ-ын намуудтай ямар харьцаатай байдаг вэ?
-АНУ-ын БНН /Бүгд найрамдах нам/-тай илүү харилцаатай. Туршлага, мэдээлэл солилцоно. Болвсон хүчин солилцоно. Ялангуяа боловсон хүчин бэлтгэх асуудал дээр их анхаарч байгаа. Зөвхөн манай нам явцууралгүй. Монгол залуусыг АНУ-ын нэр хүндтэй сургуульд суралцуулах талаар томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа.
 
-Залуус гадаадад бүү хэл дотоодод суралцахад хүн байгаа шүү дээ?
-Намуудын ялгаа энд харагдаад байна л даа. Бид залуусыг чанартай ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж байна. Боломжийн цалинтай залуус байраа авах, гадаадад сурах нь тэдний сонголт. Бүгдийг нь оюутан болгох, эсвэл байраар ханган гэдэг нь төрийн бодлого байх ёсгүй. Тэдэнд өөрийн хүсэл, чадлаар сонголт хийх боломж өгнө. Тэр нь ажлын байр. Залууст 20 мянган төгрөг өгөх шаардлага МАН тавьж байна. Хөл, гар нь эрүүл залуус сарын 20 мянган төгрөгөөр амьдрахгүй биз дээ. Тэрний оронд өндөр цалинтай залуу хос ганц хоёр жил ажиллаад гадаадад сурах, эсвэл орон авах мөнгөө хийчихдэг болбол хэн 20 мянган төгрөг нэхээд явах вэ дээ.
Засгийн газар нам тэжээдэг байсан
 
-Залуус нам, компани дагахгүй бол дээшээ гарахгүй гэдэг болчихож.
-Төр нь ард түмэндээ биш эрх баригч намдаа үйлчилдэг болчихоор тэгээд байгаа юм. Тийм учраас АН ард түмэндээ илүү эрх, илүү чанартай ажлын байр бий болгох гэж Хөдөлмөрийн яам байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард түмнийхээ төлөө гэхээс илүү намдаа илүү үйлчилсэн. Түүнийхээ хариуд эрх баригч байхаа больсон. Өнөөдөр тийм байдал давтагдахгүй. Залуучууд хөдөлмөрлөх, компани байгуулах эрх эдэлнэ. Эрх чөлөөтэй бол манай залуучуудын хийх бүтээх чадал боловсрол хангалттай. Гадаадад гарсан монгол бүр мөнгө хийгээд байдаг. Дотооддоо л хүн биш болчихдог. Гэтэл манай нэг хүнд ноогдох баялаг хангалттай их. Бизнесийн эрх чөлөө нийтэд биш, нэг хэсэгт үйлчлээд ирэхээр л эрх баригч намыг дагахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Удахгүй өөр болно. Залуус улс төргүйгээр сайхан амьдрах боломжтой болно.
 
-Намыг төрөөс зайлуулна гэсэн үг үү?
-Эрх баригч нам сонгогчдын саналыг авсан мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлнэ. Намаа, намын гишүүдээ төрийн нэрээр тордоод байж болохгүй. МАН дэндүү нүсэр бүтэцтэй нам. Энэ нам оршин тогнохын тулд төрөөс дутуугүй зардал гарна. Энэ мөнгөө босгохын тулд гишүүдээ төрд байршуулна. Төрийн зардал нэмэгдэх тусам намынх нь зардал өсөөд байна. Сайн анзаарсан бол байсхийгээд л МАН-ын гишүүд өмч хөрөнгөний асуудалтай холбогддог. МАН дандаа муу хүн ордоггүй. Тогтолцоо, бүтэц нь гишүүнээ эвдээд байгаа юм.
 
-Танай нам юугаараа ялгаатай юм?
-Төрийг цомхон чадварлаг байлгана.
 
-Яамд, сайдын тоог нэмж үү?
-Тийм ойлголт нийгэмд тараагаад байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын хуулиар төрийн зардал нэмэх эрх хэн ч байхгүй. Өмнөхөөс төрийн зардал нэмэгдээгүй. Төрийн алба үйлчилгээ муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манай төрийн жирийн албан хаагчийн ачаалал маш өндөр. Хийхгүй юм гэж байхгүй. Цалин бага, цаг урт, байнга өндөр нервтэй. Хүний чадал хязгаартай байдаг байхгүй. Ямар ч өндөр чадвартай хүнд хязгаар байдаг. Ийм нөхцөлд чанартай сайн үйлчилгээ нэхэх нь утгагүй. Түүний оронд ТББ, хувь хүн хийчих ажлыг заавал төр хийгээд байх шаардлага байхгүй. Манай нам энэ чиглэл рүү явж байгаа. Төрийн албан хаагчийн ачаалал хөнгөрөхөөс гадна, мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлнэ.
 
-Сүүлийн үед залуус намд ихээр элсэж байгаа мэдээ гарч байна.
-Нам уг нь бодлоготой л байх ёстой. Олон гишүүнтэй гэдэг нь коммунист үзэл суртал. Одоо бол хошин шог. Манай сонгогчдын 25 хүрэхгүй хувь нь намын харьяалалтай. 75 хувь нь нам сонирхохгүй байхад олон гишүүн элссэн тухай МАН суртал хийж байгаа юм. Иргэдэд аль нэг намын бодлого чухал болохоос хэдэн гишүүнтэй байх нь сонин биш. Нам олон гишүүнтэй байх тусмаа идэх уух нь нэмэгдэж төрийг бузарладаг гэдэг. Би бол нам гишүүнчлэлгүй байх нь зөв гэж боддог. Мэргэжил боловсролдоо сайн бол төр чамайг хөлсөлнө.
 
-Өндөр мэрэгжилтнүүд нам, засагт шургахгүйгээр мэргэжлийн ажлаа хийж болно гэсэн үг үү?
-Тийм. Төр ийм ажил байна гэж зарлана. Та очоод ингэж хийнэ гээд төсөл өгөөд л ажилтай болж болно гэсэн үг. Ганцхан шалгуур мэргэжил боловсрол. Өмнө нь мэргэжлийн ажлаа хийхийн тулд заавал нам дагаж, яаманд шургалах шаардлагатай байсан. Одоо мэргэжлээрээ компани, бусадтай нийлээд ТББ байгуулаад төрөөс захиалга авч болно.
 
-Бизнесменүүд Засгийн газар гэнэт шийдвэр гаргадаг гэж гомдоллодог.
-Намаа тэжээх сонирхолд хөтлөгдөөд тийм шийдвэр гаргадаг байсан. Засагт ойр бизнесменүүддээ мэдээллээ өгнө. Шийдвэрийн үр шимийг эрх баригч нам дагасан хэдхэн бизнесмен хүртэнэ. Олонх нь хохироод үлдэнэ. Нам Е нам гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цахим хэлбэрт орно. Эндээс иргэд аль намаас үл хамааран Засгийн газрын бодлогыг урьдчилан харж болно. Шинэ Засгийн газар гэнэт мэргэн жараахай царайлсан шийдвэр гаргахгүй. Шийдвэрт хамрагдах хүрээнийхэнтэй санал солилцох, хэлэлцүүлэг явуулах журмаар эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл Засгийн газар бизнесменүүдийг гэнэтийн шийдвэр гаргаж хохироохгүй.
 
Х.Баттөгс