Showing posts with label АРВИН Д.. Show all posts
Showing posts with label АРВИН Д.. Show all posts

Thursday, 20 June 2013

Д.Арвин: МАН-аас болоод иргэдтэй уулзахдаа цагдаагаар мануулдаг болох нь


УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа. 
   
 
-Чуулганы завсарлагаанаар тойргийнхонтойгоо уулзаад байна уу?
-Тийм. Намрын чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй уулзсан. Тэр үед дандаа орон сууцанд амьдардаг хэсгийн иргэдтэй уулзаж, захын хорооллынхон дээр очиж амжаагүй л дээ. Тиймээс энэ түр завсарлагааны  үеэр Баянзүрх дүүргийн захын хороололд амьдардаг иргэдтэй уулзахаар төлөвлөсөн.  Тэр дагуу л явж байна. Төр засгаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсч байна. Ялангуяа гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлаар, Амгаланд дулааны цахилгаан станц барих гэж байгаа тухай болон гудамж хөтөлбөрийн талаарх төрийн бодлогыг тайлбарлан хүргэж, УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа юм. Ингээд Баянзүрх дүүргийн бүх гэр хорооллын иргэдтэй уулзаж явна.
 

-Таны энэ уулзалтыг нөгөө талд сонгуулийн сурталчилгаа гэж хараад байх шиг байна л даа?
-Харин тийм ээ. Бүр гайхаад сууж  байна. Тойргийнхонтойгоо хийж байгаа уулзалтыг сонгуулийн сурталчилгаа хэмээн хардаад ирж бусниулах асуудал гарч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Монелийн хэсгийн гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж байхад үүдэнд бөөн бужигнаан боллоо. Юу болов оо гээд хартал Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Эрдэнэбаяр, улс төрийн ажилтан эмэгтэйгээ дагуулан орж ирээд шууд зураг аваад эхэлсэн. Тэгэхэд нь “Тойргийнхоо иргэдтэй уулзаж байна. Битгий зөвшөөрөлгүй орж ирээд бужигнуулаад бай” гэсэн. Гэтэл Эрдэнэбаяр “Та нууц байдлаар хуралдаж байна. Ингэж болохгүй” гэдэг юм байна.  Тэгэхээр нь “Захын гэр хороололд хийсэн уулзалт нууц байдалд тооцогддог юм уу” гэж хэлсэн юм. Ингэж л бидний уулзалтыг уулзалт биш болгож хувиргаад тараасан даа. Тэндээс гараад иртэл Баянзүрх дүүргийн Ардын намынхан гадаа ирээд зогсчихсон байлаа.
 
-Танд ингэж хандаад байгаагийн учир нь юуюм бол. Таүнэхээр хүмүүст мөнгө тараачихсан юм уу?
-Надад тэгж хүмүүст тараагаад явах мөнгө байхгүй. УИХ-ын гишүүнийхээ хувиар тойргийнхонтойгоо уулзах эрх надад бий биз дээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намайг   мөнгө тарааж байж гарч ирсэн гэж ярьдаг юм. Тэгвэл манай тойргийн сонгогчдоос асуугаарай. “Арвин та нарт мөнгө өгсөн үү” гэж.  Өөрийнхөө бор зүрхээр явсан шүү дээ.  Төрд хоёр удаа сонгогдсон надад итгэсэн учраас Баянзүрхчүүд сонгосон юм.
 

Миний иргэдтэй хийж байгаа уулзалтыг МАН-ынхан бужигнуулсан нь ганцхан энэ биш л дээ. Өмнө нь хүүгийнхээ компанийн байранд сууж байхад МАН-ын гишүүд телевизийнхэнтэй хамт орж ирээд бөөн юм болж, сайтуудаар “Арвин мөнгө тараалаа” гэдэг мэдээлэл цацсан. Тийм учраас би дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, болсон процессыг хэлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэдэг гомдол гаргасан. Харамсалтай нь цагдаа нар огтхон ч тоогоогүй. Тэгтэл энэ үйлдлээ МАН-ынхан сая дахиад давтлаа. “Арвин нууц уулзалт хийж, сонгогчдод мөнгө тараалаа” гэдэг яриа гаргалаа. Би аргаа барахдаа МАН-ын дарга Ө.Энхтүвшин рүү мессеж бичсэн. “Намайг яагаад мөнгө тараасан гээд байгаа юм бэ. Энэ гүтгэлгийг хувь хүмүүс хийгээд байна уу. Эсвэл Ардын намын бодлогоор ийм зүйл яваад байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр “Би юу ч мэдэхгүй тодруулъя” гэдэг хариу өгсөн байгаа.
 

Харин цагдаа нар  намайг “Иргэдтэй уулзалт хийх бүртээ цагдаад мэдэгдэж бай” гэсэн. УИХ-д хоёр, гурван удаа сонгогдож ажиллахдаа иргэдтэй уулзахын тулд цагдаагаар мануулж байсангүй. Гэтэл одоо цагдаа, хуулийнхны хяналтан дор тойргийн иргэдтэй уулзах болж таарлаа. Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Ард түмнээ төлөөлж төрд суух үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Иргэдэд ч өөрсдийгөө төлөөлж төрд сууж байгаа хүнтэйгээ уулзахдаа цагдаагаар цагдуулж, мануулах нь хэцүү биз дээ. Гэвч ийм л байдалд МАН-ынхан орууллаа. Энэ бүхний эцэст  ард түмний цөсийг хөөргөн талцуулан хувааж байгаа энэ намуудыг буруутгаж сууна даа. Энэ байдлаас үнэхээр залхаж байна. Тиймээс намыг гишүүнчлэлгүй болгох хуулийг яаравчлан батлах нь зөв юм байна гэсэн бодолтой байна.
 

-Аль ч нам гишүүнчлэлгүй болог гэж үү? 
-Нам гэдэг нэрийн дор хэдэн хүний гар хөл болж, улс төрийн тоглоом хийдэг байдал үнэндээ хэрээс хэтэрлээ. Улстөрчдийн энэ тоглоомын золиос нь ард түмэн болж байна. Ардын намынхны энэ улс төрийн тоглоомноос болж хохирч байгаа ард түмнээ өрөвдөж байна. Төрд сонгоод явуулсан түшээтэйгээ ч уулзах эрхгүй болчихоод сууж байна шүү дээ.  Ардын намынхан намайг нийгэмд муухайхаруулж доромжилж бахаа хангаж байж болно. Харин дунд нь ард түмнийг хохироож доромжилж болохгүй шүү дээ. Ийм байдлаар намын гишүүн байснаас байгаагүй нь дээр. Тийм учраас нэг мөсөн намын гишүүнчлэлийг халах хэрэгтэй болжээ.
 

Өнөөдөр Ардын намынхан төр барихдаа хотын  гэр хорооллыг хөгжүүлэх тал дээр юу хийчихсэн юм.  Гэр хорооллын иргэд хог новшиндоо дарагдчихсан, гэрэл, цахилгаангүй хэцүү байна шүү дээ. Үүнийг нь цэгцлэх гэхээр уулзалтыг нь бусниулаад байна. Ардын намынхан ямар ч боловсролгүй харгисхүмүүсээр хорооны дарга хийлгэдэг. Тэр хүмүүс нь ард түмний амьдралыг дээшлүүлсэн нь хаана байгаа юм. “Арвинг дэмжсэн хүнийг шоронд хийнэ” гэж ярьдаг солиотой хүмүүс энэ намд байна шүү дээ. Тэд Ардын намын төлөө үхэлдэн гүйж, хэний төлөө яах гэж ингэж яваагаа ч мэдэхгүй ухаангүй шахам явж байна шүү дээ. Ингэж намын гишүүн байх гээд яах юм бэ, больсон нь дээр.
 
-Хэн хаана хэнтэй уулзалт хийх нь чөлөөтэй болчихсон нийгэм биш юм уу. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд тойргийнхонтойгоо уулзах нь таны үүрэг байлтай...
-Тийм шүү дээ. УИХ-ын гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч иргэдтэй уулзах эрхтэй. Төрд төлөөлөх үүргийнхээ хүрээнд тойргийнхонтойгоо уулзах үүрэгтэй. Гэтэл намайг ажил хийлгэхгүй, эрхийг минь зөрчиж байна. Ийм зүйл дээр арга хэмжээ авдаг хуультай л баймаар юм. Гэтэл юун тэгэх манатай. Миний зургийг аваад твиттер гэдэг дээрээ  муу муухайгаар хэлж доромжилж байна. Тиймээс би УИХ-ын зарим гишүүдэд “Ичээч та нар” гэж хэлж байгаа. Нэгийнхээ амаар хүн муулахын донтой болчихсон нөхдүүд твиттерт ордог байхгүй юу. Түүнийгээ жиргээ гээд нэрлэчихсэн байна лээ.Тэр жиргээ нь хэнд хэрэгтэй юм. Хэнд ч хэрэггүй зүйлүүд ярьцгаана. Зохион байгуулалттай бүлэг хүмүүс миний талаар худлаа зүйл бичээд намайг хүмүүсээр доромжлуулдаг юм билээ. Намайг юу хийж, юу сэтгэж явааг мэдэхгүй байж доромжилсон үгийг нь даган баясч,  жиргэдэг гэсэн. Намайг хүмүүс “твиттерт орж жиргээд үнэнээ хэлээч” гэдэг юм. Ухамсаргүй, хүний үгээр үг хийж,худлаа ярьдаг хүмүүст тайлбар хийх шаардлага надад байхгүй. Нийгэмд ховоор амьдардаг хүмүүс л твиттерт ордог байхгүй юу. Тиймээс үүнийг тоохгүй байна.  Ухаантай ухамсартай, ажилтай хүмүүс твиттерт ордоггүй юм. Ямар ч үндэслэлгүй гүтгэлгийг дагаад жиргэж л байдаг. Ингэж хүнийг доромжилж бахаа хангадаг бүлэг хүмүүс бий болчихжээ.
 

-Та хүн болгонд доромжлуулж, чичлүүлж байх  ямар буруу юм хийчихсэн юм бол гэж боддог уу. МАН-аас гарсан гишүүд олон байхад тань руу дайрч байна. Магадгүй эмэгтэй хүн болохоор нь тэгдэг юм болов уу? 
-МАН-ыг би хаяагүй. МАН намайг хаясныг албан ёсоор хэлж байна. Тэд өнгөрсөн сонгуулиар УИХ-д хоёр сонгогдчихсон эмэгтэй гишүүнээ дэмжихийн оронд ад үзээд хаясан шүү дээ. Батзориг бид хоёрын асуудлыг цэгцэлж, Ардын нам бодлогоо тодорхойлохгүй бол байдал хурцдах нь ээ гээд тухайн үеийн намын удирдлагуудад хэлээд байхад ойшоогоогүй. “Арвин тэртэй тэргүй ялагдах юм чинь хая” гээд Батзоригийг илт давуу дэмжээд явсан шүү дээ. Адилхан нэг намаас дэвшсэн хоёр хүндээ ийм ялгавартай байдлаар хандаж, намайг хаясан. Намдаа хаягдсан хүн үүнээс өөр ямар сонголт хийх юм.
 

Сонгуулийн үеэр Ардын намынхан намайг тагнаж чагнаж, хэнтэй уулзаж яаж байгааг мөшгөдөг байсан юм шүү. Тийм учраас би “Сонгуулиар заавал гарна даа” гэсэн амлалтыг өөртөө өгсөн юм. Ер нь тагнаж чагнах ажлыг зөвхөн Ардын намынхан хийдэг шүү дээ. Уг нь Ардын нам надаар дутахгүй баймаар юм.  Гэтэл яагаад намайг зүгээр орхихгүй байгааг нь гайхаад байна. Би мөрөөрөө явмаар байна. Улс орон, сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө хийх зүйл их байна шүү дээ. Гэхдээ намайг хавчих тусам би сөрж амьдарна. Тэдний доромжлол намайг улам хурцалж байна. Ингэх тусам нь би өнгө орно. Луйварчин, солиотнуудын эсрэг зогсох болно. Тэр үед тэдэнд мөхөх цаг ирэх биз дээ.
 

-Танай хүү эмнэлгийн тендер авсан гэдэг асуудал таныг нэлээд хэл аманд оруулж байх шиг байна.  Чухам юу болсон юм бэ? 
-Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийг  барих эхний ээлжийн тендер   зарлагдсан. Тэр нь нэг тэрбум төгрөг байсан л даа. Үүнийг манай хүүгийн “Их өргөө” компани авсан юм. Ингээд ажлаа эхэлтэл хэвлэл мэдээллээр Ардын намынхан зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж яриад эхэлсэн. Тийм учраас манай хүү “Ээжээ улстөрчид хэцүү юм байна, больё оо. Авсан нэг тэрбум төгрөгийнхөөажлаа хийчихээд эндээс гарлаа. Үлдсэн ажлынх нь тендерт оролцохгүй” гээд больсон.  Гуравдугаар төрөх эмнэлгийн ажлын дараагийн тендерүүдийг “Цамхаг” гэдэг компани аваал ажлаа гүйцэтгэсэн. Ердөө ийм л асуудал байгаа. Гэтэл одоо Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг “Нийслэл өргөө” гэдэг компани хийж байгаа. Үүний ард МАН-ын том нөхдүүд байдаг шүү дээ. Гэтэл энэ компанийг  “Их өргөө” компанитай андуурч, дөрөвдүгээр төрөх эмнэлгийн ард намайг  байгаа мэтээр гүтгэн доромжлоод байгаа байхгүй юу. Үүнийг зориуд зохион байгуулчихаад МАН-ынхан бах нь ханаад сууж байгаа биз. 
 

-Ерөнхийлөгчийн сонгуульд мэдээж та намынхаа нэр дэвшигчийг дэмжих байх. Гэхдээ хувь хүнийхээ итгэл үнэмшлээр энэ нэр дэвшигчдийн хэнд нь итгэж байна вэ?
-Монгол Улсын хөгжлийн төлөө бодитой зүйл хийсэн хүн л Ерөнхийлөгч болох ёстой. Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, үндэсний аюулгүй байдлыг хангагч, тусгаар тогтнолоо хамгаалагч байх үүрэгтэй. Энэ чанараараа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн тэргүүнээс илүү байж чадсан. Хүмүүс өнгөц байдлаар нам намд хуваагдсан үзлээрээ асуудлыг харж, энэ хүнийг анзаарахгүй байгаа байх. Чин үнэндээ Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчдөөс хавьгүй илүү юм.
 

Монгол Улс, ард түмний эрх ашгийн төлөө бүхнийг хийж чадсан хүн. Монгол Улсын газар нутгийг хэдхэн хүн хувааж авлаа. Лицензийн наймаа газар авлаа гэж монголчууд  санаа зовдог байсан. Тэгвэл үүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л цэгцэлж чадаа биз дээ. Мал бэлчих талбайгүй, явах газаргүй болчихлоо, тахилгатай уулнуудыг нь хүртэл сэнжлээд аваад явлаа гэж үглэхээс цаашгүй байсан асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэгцэлсэн. Тэр өөрийнхөө нэр хүнд, бүх зүйлийг золиослон лицензийг цуцалж,  олголтыг нь хориглосон. Энэ нь Монгол Улсын  тусгаар тогтнолыг баталгаажуулж өглөө. Олигархиуд төрийн мөнгийг идээд уучихлаа гээд улстөрчид чалчаад байсан мөртөө хэн нь идэж уугаад байсныг илрүүлчихэж чадахгүй л байсан шүү дээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирээд энэ бүхнийг ил болгож өглөө. Өнөөдөр төрийн албан хаагчид шударга ажиллаж байгаад төрийн албанд хэдэн жил тогтохоо бодъё гэж ярьдаг болсон байна.  Луйвар хийхээсээ айдаг болсон байна шүү дээ. Өмнө нь хэзээ ийм байлаа. Энэ бүхэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн ажлын үр дүн. Улс орныхоо төлөө зөв зүйл хийж яваа гэдэгт нь би итгэж байгаа. Дээрээс нь эмэгтэй гишүүдийн гаргасан санал санаачилгыг хамгийн их дэмждэг төрийн тэргүүн. Урьд хожид хэзээ ийм байсан юм. Дарга нар наанаа “эмэгтэйчүүдээ дэмжиж байна” гэж ярьчихаад хачир дээрээ биднийг нясалдаг л байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ хүн биднийг бодитоор дэмжиж байна.
 

-Та Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй Хэнтий аймагт хэд хэдэн нэр дэвшсэн. Хамт парламентад сууж байлаа. Энэ хүний сайн, мууг  мэдэх хүний нэг байх. Өнөөдөр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнийг нь юу гэж боддог вэ? 
-Ц.Нямдорж гишүүнтэй тааралдаад “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л энэ байх даа. Ардын нам мэдлэг, боловсролтой хүн нэр дэвшүүлэхгүй яасан юм бэ дээ гэж хэлсэн. Би тэр хүний муу сайныг мэднэ. Гэхдээ өнөөдөр олон юм яриад яах вэ. Ямар ч байсан Монголын ард түмэн ухаантай учраас өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо зөв хийх биз ээ.
 
                                                                                                    Я.МӨНГӨНЦЭЦЭГ     
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН

Wednesday, 27 February 2013

Д.Арвин: Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гэдгээ амлачихъя

“Шонхор суваг” телевизээр нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин УИХ-ын гишүүн Д.Арвингийн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Цензургүй ярихаар хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ардын нам 12 жилийн түүхэндээ амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссан. Харин хотын тойрогт та ганцаараа намаасаа ялсан. Гэвч таны энэ ялалт Ардын намд бус Ардчилсан намд нэг суудал нэгээр нэмлээ. Ардчилсан намд элссэн таныг сонголтыг би одоо ч гайхдаг юм. Тэгэхээр сонголтоо эх орон, ард түмэн, миний сонгогчид гэхгүйгээр тайлбарлахгүй юу?
-Аливаа юманд тэвчээр гэж байдаг.

УИХ-ын сонгууль, тэр дундаа Баянзүрх дүүргийн сонгууль түүхэнд байгаагүй хүнд сонгууль болсон л доо. Учир нь нэг намын хоёр хүн өрсөлдсөн. Энэ үеэр хэн нь хэн бэ гэдгийг харсан юм. Ингэхэд би намаа бус, нам намайг орхисон байсан. Үүнийг би сонгуулийн явцад их мэдэрсэн дээ. Миний тэвчээрийг ч их барж байлаа. Тухайн үед би “Ямар ч байсан сонгуульдаа оролцож ялалт байгуулна. Хэрэв ялчихвал энэ намд байхгүй” гэсэн бодолтой байсан юм. Нам намайг орхисон жишээ гэвэл олон байлаа. Өнгөрсөн зун намайг Ардын нам биш, МАХН-ын гишүүн болгочихсон хэвлэл мэдээллээр сурталчилж байхад би намынхаа даргад “Намайг МАХН-ын гишүүн гээд байхад яагаад зүгээр суугаад байна вэ. Хариу арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийхгүй юм уу” гэсэн. Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй.

-Тэр үед намын дарга Сү.Батболд байсан уу?

-Үгүй. Ө.Энхтүвшин дарга байсан. Би Ө.Энхтүвшин дарга руу утасдаад “Хэвлэл мэдээллийн албаараа дамжуулан албан ёсны хариу өгөөч ээ” гэхэд юу ч хэлээгүй. Намын Бага хурлын үеэр хүнд байдалд байгаагаа хэлэхэд мөн хариу өгөөгүй. Намын дарга нарын дэргэд миний микрофоныг хааж, үг хэлүүлээгүй. Мөн тэдний дэргэд Ардын намын анхан шатны дүүрэгт Д.Арвинг биш, дүүргийн намын хорооны даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гарахад намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэ асуудлыг хөндөж яриагүй. Энэ бүхэн миний тэвчээрийг их барсан. Сонгуульд ялсныхаа дараа нам маань намайг орхисон учир өөрийн бодож байснаа хэрэгжүүлсэн. Тэр хүнд үед намайг хэн ч яаж байна гээгүй, УИХ-д гурван удаа сонгогдсон эмэгтэй гишүүнээ эмэгтэйчүүд нь ч яриагүй. Тэгээд л намайг хаясан. Тийм учраас ялалтынхаа дараа би энэ шийдвэрийг гаргасан.

-Ямар учраас таныг ингэж хаях болсон юм бэ. Та УИХ-д гурван удаа сонгогдсон төрийн түшээ шүү дээ?
-Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн, намын даргыг дагагч биш. Харин би үг хэлдэг, бодлого барихдаа тийм сайн байгаагүй. Ер нь хараад байхад бүлэглэл нь дарга нарт дотно байвал урагшилдаг. Ийм байдлыг би хүсээгүй. Тиймээс ямар ч дэмжлэггүйгээр сонгуульд оролцсон гэж ойлгож болно. Ямар нэгэн бүлэглэлд оролгүй өөрөө өөрийнхөөрөө явсан нь хожсон юм билээ. Гэхдээ намайг автоматаар хэн нэгний бүлэглэлд оруулчихдаг байсан. Бүлэглэл нь өөрсдийнхөө хүмүүсийг гаргахын тулд маш их мөнгө зарцуулж, ажилладаг. Миний хувьд хэн нэгний гар, хөл болохыг хүсээгүй учраас ийм байдалд хүрсэн болов уу.

-УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон гишүүний хувьд та улс төрд ямар нэг бүлэг, фракцийг дагахгүйгээр амжилтад хүрдэггүй гэдгийг мэддэггүй гэж үү?
-Хүн бүр бүлэг, фракцид ордог л байх. Харин би хүсдэггүй. Фракцид орж, тэдэнтэй нэг баг болохыг боддоггүй. Яагаад гэвэл Монгол Улсын эрх ашгийн төлөө хөдөлмөрлөе, нэг нам нэг бодлогын төлөө явахаас биш хэт их хуваагдах нь зохимжгүй. Гэхдээ сайн хүмүүс хуваагдаж байвал өөр хэрэг. Гэтэл мөнгөний сонирхолтой лидерүүд нь сайн биш, хүмүүс хуваагдах ямар байдгийг биеэрээ мэдэрсэн. Олон юм ярихыг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч муу хүмүүс толгой дээр гарч, фракци болбол эмгэнэлтэй байдаг. Би аль нэг фракцид оръё гэсэн ч удирдагчдыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан болохоор ороогүй.

-Хэнтий аймагт нэр дэвшүүлээгүй тэр үеэс л таныг “жийсэн” юм биш үү. Гурван удаа сонгогдсон тойргоос өөр тойрогт хуваарилснаас л бүх зүйл ойлгомжтой байгаагүй юм уу?
-Хэнтий аймагт нэр дэвшихээс татгалзаж, Баянзүрх дэвшие гэдэг саналыг би өөрөө гаргасан. Хэнтий аймаг миний аавын нутаг, тэндээс гурван удаа сонгогдсон. Энэ аймагт нэр дэвших хүсэлтэй, бодолтой хүмүүс олон байдаг. Би тэдэнд сайхан сэтгэлээр зай тавьж өгсөн юм. Тэгээд өөрийнхөө төрж өссөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, хүн ам ихтэй энэ дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах ёстой юм байна гэж бодсон. Энэ бол миний сонголт байсан юм.

-Танд МАХН-д элсэх боломж байсан. Би ч үнэндээ таныг МАХН-д элсэх байх гэж бодож байлаа?
-Хуучин МАХН-ыг МАН болоход би үнэхээр дургүй байсан. Тухайн үед би намын их хуралд суугаагүй. Ашгүй ханиад хүрч эмнэлэгт хэвтэж байлаа (инээв). Ардын нам болгохыг эсэргүүцэж, намын бүлгийн хурал дээр ч үгээ хэлсэн. Гэтэл миний үгийг тоож сонсох дарга байгаагүй. Тэр үед байсан намын дарга толгой дээгүүр л явдаг байв. Тэгээд миний хувьд маш их уур хүрч байсан. Тэднээс суудал авах хэрэгтэй хүмүүс байсан учир эсэргүүцэл нэг их гараагүй. Энэ бүгдээс үүдээд би нам нэрээ сольсноос хойш дуугарахаа больсон доо.

-Та нэг хэсэг дуугарахаа больсон байсан. Бид Д.Арвин яагаад дуугарахгүй байна гээд бичиж байлаа?
-Хоёр, гуравхан хүн намын нэрийг сольчихож байгаад дургүй хүрсэн. Н.Энхбаяр дарга 1990-ээд оны үед намын нэрийг солих тухай ярьж байсан юм. Тэгэхэд намын Бага хурлын үеэр би Н.Энхбаяр даргатай “намын нэрийг солихгүй” гээд үзэлцэж байлаа. Тэр үед солиогүй. Сая бол үнэхээр хүчээр намын нэрийг сольсон. Толгой, нэрээрээ оролдоно гэдэг тэнэг хүмүүсийн хийж буй л ажил.

-Нэр солиод буруудлаа. Гэтэл Н.Энхбаяр дарга хуучин нэрээ сэргээгээд нам байгуулсан. Тиймээс л би таныг тэр нам руу явах нь гэж бодсон юм?
-Тухайн үед би явж болох байсан л даа. “Элсний 13” гэгддэг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүн явна гэсэн. Харин надад тэр нам руу явах бодол байгаагүй. Манай нам миний нүдэн дээр хоёр хуваагдахыг хүсээгүй. Тиймдээ ч аль нэгэнд нь очиж, хуваагдахыг хүсээгүй юм. Тийм ч учраас эв нэгдлийн байдалтай, дуугүй байсан.

-Нам чинь таны эсрэг ажиллаад эхлэхээр МАХН руу явчихъя гэсэн бодол огт төрж байгаагүй юу?
-Д.Тэрбишдагва гишүүн “хүрээд ир” гэж л байсан. Эмэгтэй хүн нам, улс төрийн хүчний дэмжлэггүй ялахад хэцүү. Тиймээс би МАХН, Ардчилсан нам, ИЗНН-д “намайг дэмжээч” гэж хандсан. Дэмжүүлэх гэж би Д.Тэрбишдагва гишүүнтэй уулзаж байлаа.

-Гэхдээ намд элсэнэ гэдэг тохироо хийсэн үү?
-Намайг “МАХН-д орж ирнэ биз дээ” гэж байсан. Харин би “юу ч гэсэн гарч ирье” гэсэн. Гарч ирснийхээ дараа асуудлаа шийдье гэж бодсон юм.

-Гарч ирмэгцээ Ардчилсан намд орчихдог юм уу?
-Ялсныхаа дараа аль нэг намд орох хэрэгтэй байсан. Тэгээд Ардчилсан намыг сонгосон. Гэхдээ ямар нэгэн тохироо хийсэн зүйл огт байхгүй. Бүх нам, тэр битгий хэл бие даагчид хүртэл бие даагч болчих гэж хэлсэн л дээ.

-Тэгэхээр та заль хэрэглэчихсэн юм биш үү?
-Заль хэрэглээгүй ээ (инээв). МАХН болон бие даагчид “Нам чинь хаячихсан. Тэгэхээр манайд хүрээд ир” гэсэн л дээ. Тухайн үед би Ардчилсан намын дэмжлэгийг авъя, нэг “ангид” найман жил цуг суусан одоогийн УИХ-ын дарга З.Энхболдоос “Байдал их хүнд байна. Намайг дэмжээч. Манай нам нэг талдаа намайг гаргачихлаа” гэдэг асуудлаа тавьсан. З.Энхболд дарга “Чамайг ойлгож байна. Сайн ажиллаад байж бай. Эмэгтэй улстөрчийн хувьд дэмжинэ” гэсэн. Тэгээд намайг дэмжсэн. Ардчилсан намын дэмжлэгийг түлхүү авсан юм. Гэхдээ би өөрөө намаас гарна гэдэг хатуу бодолтой байв. Ардчилсан намд элсэхэд их сайхнаар хүлээж авсан. Зөвхөн З.Энхболд дарга гэлтгүй С.Баярцогт, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, мөн эмэгтэй гишүүд дэмжиж, сэтгэлийн дэм өгсөн юм. Энэ хамт олон хүнд үед намайг хүрээлсэн дээ. Иймээс миний байх газар энэ юм байна гэж бодсон.

-Өмнөх парламентуудад та Ардчилсан намынхантай үзэлцдэг байсан. Харин үүнд Ардчилсан намынхан юм бодоогүй байна уу?
-Улс төр гэдэг чинь их сонин. Аль муудалцахыг тэр гэх вэ. Парламент, нам дотроо ч гахай, нохой, зодоон цохион дээрээ тулж байсан. Үүнд юм боддоггүй. Би өөрийнхөө намд, Ардчилсан намынханд ч уурладаг. Гэсэн хэдий ч намайг илүү ойлгодог нь Ардчилсан намынхан  л байв. Л.Гантөмөр, Д.Одхүү гишүүн их тайвшруулдаг байлаа. Улс төрийн эрх ашгийн төлөө бухимдах, нэгнийгээ доромжлох гээд хүнээс гардаг бүх авир гарна. Хурлаас гараад энэ бүгдийг мартчихдаг. Улс төр өөрөө ийм шүү дээ. Муудалцах бүртээ тооцоо бодно гэвэл улс төр өөрөө явахгүй.

-2008 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүний өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр маргаан үүссэн. Тэгэхэд та Э.Бат-Үүлийг “чи хүн алчихсан хүн шүү” гэж хэлж байсан удаатай. Үүнийг хэвлэлийнхэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан бичиж байлаа. Тухайн үед танд баримт нотолгоо байв уу, уурандаа хэлсэн үү?
-Уурандаа л хэлсэн. Тэр үед сонин хэвлэлээр янз бүрээр бичиж байсан шүү дээ. Нэг хэсэг өөрийн эмоциороо юм ярьчихдаг үе байлаа. Энэ бол УИХ дээр байдаг л нэг хэрүүл гэж бодож байна.

-Д.Тэрбишдагва гишүүн намдаа элсэхийг санал болгосон гэлээ. Харин Н.Энхбаяр гуай өөрөө санал тавьсан бол элсэх байсан уу. Ер нь санал тавьсан уу?
-Н.Энхбаяр дарга надад санал тавиагүй. Санал тавьсан ч элсэхгүй байсан. Би Н.Энхбаяр даргыг дэмжиж, хүндэлдэг. Гэсэн хэдий ч би элсэхгүй.

-Яагаад?
-Манай нам хоёр хуваагдчихсан. Алинд нь ч байхыг хүсээгүй. Нам хуваагдах сэтгэл зүйн хувьд их хүнд байдаг. Бараг хоёуланг нь хаях бодолтой байсан.

-Хоёулаа адилхан болохоор гэж үү?
-Аль нэг намд нь байхыг хүсээгүй гэсэн үг. Ардын намд байгаад МАХН-ынхантай, МАХН-д байгаад Ардын намынхантай үзэлцэж чадахгүй.

-Та Ардын намд хэдэн онд элссэн билээ?
-Би 1992, 1993 онд л элссэн. Сүүлд элссэн шүү дээ.

-Намаас гарсныхаа дараа “Өдрийн сонин”-д “Би намаа ядарч явахад нь биш, задарч явахад нь гарлаа” гэж нэлээд ширүүн ярьсан байсан. Үүнийг уншаад нэг асуулт асууя гэж бодсон юм. “Ардын намыг ядраад, ялагдчихаад байхад түрийвчээ бариад ирж байлаа” гэж та хэлсэн. Түрийвчээ бариад гэж байгаа нь та намдаа хандив өгч, ивээн тэтгэж байсан гэсэн үг үү?
-Хуучин МАХН байхад залуус нь орхиод явчихсан, хүнд задарчихсан үед ажиллаж, хөрөнгө мөнгөөр дэмжиж, намын дэргэд аялал жуулчлалын байгууллага байгуулж, маш олон залуусыг элсүүлсэн. Мөн гадаад, дотоодын айлчлал, намын эмэгтэйчүүдийн байгууллагыг санаачлан байгуулж, анхны хурлыг нь миний хөрөнгөөр хийж байлаа. Харин надад ямар ч тооцоо байдаггүй. Зарим хүн их тооцоотой байдаг юм билээ. Намд 200 сая төгрөг, нэг тэрбум төгрөг өгсөн тэгэхээр надад ийм суудал өгөх ёстой гэж ярьдаг болчихож. Өмнө нь бид тооцоо ярьдаггүй, бичдэггүй байсан. Одоо л албан тушаал худалдаж авдаг байдалд хүрчихлээ. Би үүнийг саяхан мэдсэн.

-Та анх 2000 онд сонгогдож байсан байх аа. Тухайн үед их хурц, шийдэмгий эмэгтэй гарч ирсэн. Гэхдээ үүнийгээ хааяа мартчихдагийг чинь мэднэ. Сурвалжлага хийгээд явж байх тэр үед таныг Н.Энхбаярын бүлэглэлийн “хүн” гэж боддог байлаа?
-МАХН-ыг эв нэгдэлтэй байхын төлөө л зүтгэж ирсэн. Н.Багабанди даргын үед ч дэмжиж ажилласан. Н.Энхбаяр дарга гарч ирэхэд мөн л дэмжсэн шүү дээ. Хэрэв тэдний хооронд маргаан үүсвэл болохгүй байгааг нь шүүмжилдэг л байлаа.

-Та С.Баярыг дэмжиж байсан уу?
-Дэмжиж байсан.

-М.Энхболдыг огцруулж байсан байх аа?

-М.Энхболд даргыг ч дэмжиж ажилласан. Би намынхаа даргыг дэмжиж, эв нэгдэлтэй байхын төлөө явсан. Гэтэл эв нэгдэл гэж байдаггүй юм байна гэдгийг хожим мэдлээ.

-Ардын намын дарга асан С.Батболдыг дэмжсэн үү?
-Мэдээж намын дарга болоод ирсэн учир даргаа дэмжих бол нам оршин тогтнохгүй шүү дээ. Бидний дэмждэг шиг дарга нар маань сайн ажиллаж чадаагүй. Ер нь сайн дарга заяагаагүй дээ.

-Эргээд харахад хамгийн сайн дарга нь тэр байсан гэж хэлж чадах уу?
-Чадахгүй ээ. Сэтгэлд хүрэхгүй нь мэдэгдэж байсан. Тиймээс их тэвчиж ажилласан даа. С.Баярыг олигтой лидер болгочихъё гээд түшсэн. Н.Энхбаяр даргыг ч мөн улс орноо авч явахад дэмжие гэж ажилласан. Гэвч нэг л болж өгөөгүй дээ. Сайн лидер манай намд төрөөгүй. Сайн хамт олон гэхээс илүүтэй сайн лидер төрж, улс орныг авч явах ёстой гэж боддог.

-Ардчилсан намд лидер байна уу?
-Лидер байгаа. Нуугаад байх юу байх вэ. УИХ-ын дарга З.Энхболд бол маш сайн лидер. УИХ-ын гишүүд цаашлаад ард түмэн хүлээн зөвшөөрч байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон ажил хийж байна, намын дарга Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газар байгуулаад зөв хэлбэрээр ажиллаж байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг зөв зүйл дээр нь дэмжие гэсэн бодолтой байна даа.

-Ардын намд байх үед чинь төрж гарсан дарга нараас илүү юм Н.Алтанхуягт бий юү?
-Улс орноо удирдаж, шинэлэг зүйл хийх гэж яваа зэргээс нь зөв юм харагдаж байна. Иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа нь зөв. Үүнийг хамт олон нь дэмжиж ажиллах ёстой гэж бодож байгаа.

-Т.Бадамжунайг МАХН-д авчирч байх үеийг та ярьсан байна билээ. Н.Энхбаяр дарга оруулж ирэн дэмжүүлээд л, Ц.Мөнх-Оргилыг “Цолмонгийн хамаатан байгаа юм” гээд дэд сайдаар тавьсан гэдэг үнэн үү?
-Тухайн үед ч гэсэн сонин хэвлэлээр гарч байсан. Т.Бадамжунай Н.Энхбаяр даргын нутгийн хүн, Мөнх-Оргилыг Цолмонгийн хамаатан гэхчлэн бичиж байсан шүү дээ. Хүнд үед байхгүй байсан хүмүүсийг дарга нар хөтөлж оруулаад шууд даргаар тавьчихдаг ийм механизм руу орчихсон байлаа. Улс төр ийм байдал руу ороод байгаад харамсдаг.

-Та өөрийнхөө улс төрийн насыг хэд гэж боддог вэ?
-Хүн өөрийгөө мэдэж, мэдэрч амьдрах ёстой. Миний цаг болбол би өөрөө яваад өгнө. Харин одоо цаг нь болоогүй учир байгаа юм.

-Ардчилсан намынхан УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Тохироо хийгээгүй учраас. Намын гишүүний хувьд ямар эрх эдлэх ёстой вэ үүнийхээ дагуу л эдэлнэ гэж бодож байгаа.

-Энэ удаа нэг суудал нэмчихээд ирэх сонгуулиар Элчин сайдаар томилогдоно гэсэн тохироо хийсэн гэж ярьдаг?
-Ээ чааваас даа (инээв). Хүний өмнөөс ярих юм. Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гээд хэлчихье.

-Та амласан шүү?
-Би Хэнтийд гурван удаа нэр дэвшсэн шиг Баянзүрхэд гурван удаа нэр дэвшинэ.

-Хэнтий аймгийн Ардчилсан намынхантай уулзсан уу. Хэрхэн хүлээж авсан бэ. Та тэдний 12 жилийнх нь “дайсан” байлаа шүү дээ?
-Уулзсан. Улс төрд ялна, ялагдана гэдэг байх ёстой асуудал. Үүнийг дайсан гэж үзэж болохгүй. Ардчилсан намын дарга Оюунбаатар, Пүрэвжав нартай уулзсан. Улстөрчдийн харилцаа их өөр шүү дээ. Та бүхэн өөр талаас нь хараад дайсан гэж үзээд байх шиг байна.

-Улс төрөөс яриагаа холдуулъя. Таныг удган болсон. Дондогдулам хатны онгодыг залсан. Дондогдулам хатан хөөргөө нэхсэн чинь О.Чулуунбат гишүүнийх байсан гэх мэт ярианд хариулт өгөхгүй юу?
-Улс орныхоо түүх, соёлын дурсгалт газрыг хүндэлж хийх тусам тэнгэр, бурхан баярладаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Хэнтий аймгийн Баян-Адарга сум бол наймдугаар Богд Жавзандамба хутагтийн хатан Дондогдуламын нутаг. Маш өвөрмөц нутаг. Монголын ард түмэн энэ нутаг руу их явж байгаа. Би тэнд их хатдын Хүндэтгэлийн өргөө байгуулсан. Намайг шөнө 01.30 цагийн үед очиход Хүндэтгэлийн өргөөний ханан дээр хатны зураг гарчихсан байсан юм. Нэг талаас нь залуу хатан, хажуу талаас нь харахад мөн хатны зураг тод гарсан. Харин хаалганых нь нөгөө талд азарган чоно гараад ирчихсэн. Тэгээд бид хэд маргааш нь өргөөгөө нээх болчихоод байдаг, хатны зурагтай ханаа будах уу, яах вэ гээд гайхсан л даа. Ямартай ч өглөө харья гээд будахгүй орхисон. Тэгтэл өглөө бүдгэрчихсэн байхаар нь шар будгаар гурван удаа давхарлаж будсан. Гэвч хатны царай нь сайн дарагдаж өгөөгүй.

-Шөнө хэн нэг нь очоод зурчих нь гэж байхгүй биз дээ?
-Байхгүй. Цаанаасаа л тодроод гараад ирсэн. Би Хүндэтгэлийн өргөөний нээлтийг хийх гэж очсон. Тухайн үед хатан, азарган чононы зургийг будахгүй ёсгүй байв уу. Ямар учиртай том гэдэстэй хатан байсан юм, яах гэж ингэж гарч ирсэн юм бол гээд бөөгөөс асуусан. Хариулт авсан. Үүнийхээ дагуу бүх зүйлийг хийгээд сэтгэл хангалуун байлаа. Гэтэл “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид санаандгүй, ам алдаад ярьчихсан юм. Уг нь би нуух ёстой байсан юм билээ.

-Та Дондогдулам хатны сүнсийг буулгасан юм уу?
-Би ингэж буулгаж болох уу гэж олон хүнээс асуусан. Тэгсэн намрын дунд сард буулгаж болно гэсэн. Үүний дагуу буулгасан юм.

-Хөөрөг асуусан гэдэг нь үнэн юм уу?

-Хөөрөг асуугаагүй. Гэхдээ олон юм асуусан. Одоо ярихгүй, нууц (инээв). Надад хэлсэн бүхнийг би биелүүлсэн. Юм хийж бүтээж байхад ийм сонин зүйл тохиолддог юм байна. Ойлгох нь ойлгох байх.

-Та ямар шашинтай вэ?
-Бүх шашныг хүндэлдэг. Тэр дундаа Буддаг их эрхэмлэдэг. Харин энэ зурагнаас болж бөөтэй уулзсан. Та бүхэн ч очиж үзэх хэрэгтэй шүү. Сайхан юм бүтээсний дараа хүмүүс “сүнстэй ярилцдаг” гээд янз бүрээр ярьж байлаа.

-“Нийслэл өргөө” таны компани юм уу?
-“Их өргөө” гэж манай компани бий. “Нийслэл өргөө” бол Төрийн ордны урд талынхыг барьсан. Үүнээс болж олон хэл ам гарахад би “Нийслэл өргөө” гэдэг чинь н.Ганзориг гэдэг захиралтай өөр компани гэж хэлээд байхад бүх тендер авдаг гэж яриад байсан. Бүр сүүлдээ зохион байгуулалттайгаар “Нийслэл өргөө”-г миний болгоод байна уу ч гэж хардсан. Манай “Их өргөө” компани тендерт ордоггүй. Төрсөн дүү, бэр хоёртой өгсөн чинь олигтой авч яваагүй, бараг дампуурах байдалд орчихсон. Харин одоо хүү маань аваад овоо хөл дээрээ босох гэж байна. Би дарга нараас тендер гуйж, туслаач гэдэггүй. Улс төрд иймэрхүү юм гардаг. Сонгуулиас бусад үед надад хүнээс мөнгө гуйх зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн сонгууль их хүнд болсон шүү дээ.

-Таны “Их өргөө” компани гуравдугаар төрхийн тендерийг авсан. Сонгуулийн өмнө тууз хаачилсан боловч барихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тийм үү?
-Миний хүү “Их өргөө” компанийн захирлаар ажиллаад анх удаа Баянзүрх дүүргийн гуравдугаар төрхийн тендерт ялсан юм. Ингээд Сү.Батболд дарга Ерөнхий сайд байхдаа ирж тууз хаачилж байлаа. Гэтэл ялсан тендерийг маргааш нь хотоос цуцалж, хүчингүй болгож байсан. Бүх ажлаа эхлүүлэх гэж байсан чинь дахиад тендер зарлачихсан.

-Яагаад?
-Мэдэхгүй юм. Манай компанид тендер авахуулахгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд тендерээ буцаагаад өгсөн.

-Тэгвэл төрөх эмнэлэг барих асуудал танай компанитай холбоогүй юм байна?
-Хамаагүй. Хот дээр дахин тендер зарлаад “Цамхаг” гэдэг компани ялсан. Гэвч одоо болтол мөнгөнийх нь 10 хувь нь орж ирсэн гэсэн. Тэгээд тэр компани өөрийнхөө мөнгөөр дөрөв, таван давхрыг барьж байгаа юм билээ.

-Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийг Монголын иргэншил авахад нэлээд нөлөөтэй оролцсон гэдэг. Намынхнаас нуугдан байж хийсэн гэж ярьдаг?

-Тийм ээ. Би Монголын төрийг 40 жил удирдсан хүний хүүхэд Монголын иргэн байх ёстой гэдэг үүднээс тусалсан. Хүү нь Ю.Цэдэнбал сангийн урилгаар ирээд Улаанбаатарт байх зардлыг нь би дааж байсан. Буцахаасаа өмнө Монголын иргэн болно гэдэг хүсэлтийг тавьсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярт хандсан. Тэгэхэд Оросын иргэншлийг өгчихвөл асуудлыг нь шийднэ гэж байлаа. Ингээд энэ асуудлыг их нухацтай, дөрөв, таван өдөр ярьж байж хуучин үнэмлэхийг нь сэргээн шүүхийн тогтоол гарч, иргэний үнэмлэхийг нь өгсөн дөө.

-“Монголын төрийг жолоодож байсан хүмүүсийг нулимж, амьдрал ахуйгүй болгож, золигт гаргадаг” гэж та надад хэлж байсан нь мартагддагүй юм. Үүнийг та хэвлэлээр ярьсан уу?

-Нэг удаа хэлсэн л дээ. Ер нь төрд зүтгэсэн хүмүүсээ нас барсных нь дараа тэнгэрт тултал нь магтаж, амьд байгаа нэгнээ газарт ортол нь муулдаг. Үүнийг би ойлгодоггүй. Амьддаа бие биенээ хүндэлж, хайрлах ёстой. Эрэгтэй улстөрчид улс төр, албан тушаал, амбицийнхаа төлөө яахаас ч буцдаггүй их сонин. Манай намд ч их ажиглагдаж байлаа. Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, намын дарга Н.Алтанхуяг “Төрийн гурван өндөрлөгийн хооронд ямар нэгэн асуудал байхгүй” гэж ярьсан. Анх удаа дарга нар хоорондоо асуудалгүй байна гэж сонссон. Өмнө нь дандаа муудалцдаг байлаа. Үүний цаана Монгол Улсын эрх ашиг, хүмүүсийн ёс суртахууны асуудал байгаа шүү дээ.

-Та Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч болчихсон билүү?

-Болсон. Энэ холбооны хурлаар намайг тэргүүн болооч гэдэг саналыг тавьсан. Тэгээд Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. СӨХ-ны хуулийг шинэчлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.

-СӨХ сар болгон мөнгө авдаг. Жижиг засвар хийхээр болбол бид заавал мөнгө өгдөг. Үүнийг болиулах уу?

-Сууц хувь хүний өмч болчихсон учраас мөнгө гаргаж анхаарах нь зүйтэй.

-Гэхдээ СӨХ нь оршин суугчдын мөнгийг авчихаад юу ч хийдэггүй. Тэр мөнгө СӨХ-ны дарга, нарийн бичигт л оччихдог?

-Тийм газар бий. Гэвч ололттой тал ч байгаа. Бид болохгүй бүхнийг өөрчлөх талаар ажиллана.

-Ихэнх иргэд СӨХ-нд сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр үүнд анхаараасай гэдгийг таниас хүсэх гээд байгаа юм?

-СӨХ-ны даргыг иргэд өөрсдөө сонгох ёстой. Гэтэл тэр ажилдаа оролцохгүй өөр хүн дарга болчихоод байгаа юм. Иргэд өөрсдөө оролцоотой байх хэрэгтэй. Энэ талаас нь хуульд өөрчлөлт оруулна. Ирэх хаврын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг өргөн барихаар энэ асуудал шийдвэрлэгдэх болов уу.

-Шууд ардчиллын тогтолцоо СӨХ-нд хэрэгжих ёстой баймаар?

-Иргэд өөрсдөө оролцохгүй байгаагаас ийм асуудал үүсээд байгаа юм. Бүх гишүүдийнхээ хурлаар ажил хийдэггүй даргаа эргүүлэн татчихаж болно шүү дээ.

-Таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг Ардын намынхан Цэцэд тавьсан. Гэтэл Ардын намын Олон нийттэй харилцах хэлтэст ажилладаг Б.Цогтгэрэл гэдэг залуу хүн гүтгэсэн хэргээр хоригдсон. Харин энэ хүнийг батлан даалтад гаргах ажлыг та зохион байгууллаа?
-Зохион байгуулах ч юу байх вэ дээ. Би Б.Цогтгэрэлийг Ардын намын гишүүн, сэтгүүлч гэдгээр нь мэднэ. Ийм асуудалд орсонд нь харамсаж байсан. Надад туслах боломж гарч, надад мөн хандсан. Ардчилсан намын гишүүнтэй холбоотой байсан учраас З.Энхболд даргад хандаж сэтгүүлч хүнийх нь хувьд тусалъя гэж бодсон.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болсон уу. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа юу?
-Шалгуулж байгаа гэж бодож байна.

-Залуучуудыг намаар талцуулан ийм хэрэгт ороход хүртэл түлхэж байна?
-Энэ гамшигт хүрч байна. Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Хуулийн төсөлд гишүүнчлэлгүй нам байх ёстой гэж үзэн ярьж байна. Улс төр мэдэхгүй хүмүүсийг анхан шатны байгууллагад даргаар тавьчихдаг. Нөгөөх нь харгис маягаар удирддаг. Энэ бүгдээс харахад Монголд гишүүнчлэлгүй нам байх ёстой. Амьдралаас ч урган гарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

http://munkhbayasgalan.niitlelch.mn

Tuesday, 5 February 2013

Д.Арвин: Хүнийг зохион байгуулалттайгаар доромжилж, амаар нь шороо үмхүүлдэг ажлыг МАН-ынхан л хийдэг шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.
-Баянзүрх дүүрэгт болсон дахин санал хураалтын ирц хүрээгүй байхад таныг УИХ-ын гишүүн болсон. Тиймээс хүчингүй гэж үзэх хүмүүс маргаан үүсгэсэн. Гэвч Цэц энэ гомдол үндэслэлгүй гэж үзжээ? 
arvin-Тийм байна. Баасан гаригт энэ асуудлыг хэлэлцжээ. Хэвлэлийнхэн утасдаад тодруулаад эхлэхэд нь мэдлээ шүү. Тэрнээс биш энэ маргааныг хэлэлцэж эхэлсэн тухай мэдээгүй явж байлаа. Би Сонгуулийн тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөөд гараад ирсэн УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүнээр хэн нь хууль журмын дагуу сонгогдсоныг тогтоож, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг байгууллага нь СЕХ. Түүнээс биш аль нэг нам, хувь улстөрч биш шүү дээ. Хууль, журам бүх зүйлээ нягталсны үндсэн дээр СЕХ миний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гэж бодож байна. Харамсалтай нь намайг хууль бусаар УИХ-ын гишүүн болсон гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Гэвч Цэц тэдний маргааныг үндэслэлгүй гэж үзсэн байна.  Өөрөөр хэлбэл би хууль зөрчиж УИХ-ын гишүүн болоогүйг нотоллоо.

-Сонгуулийн дахин санал хураалтад ирц хамаарна гэсэн заалт хуульд бий юү?
-Байхгүй шүү дээ. Энэ бол дахин сонгууль биш, дахин санал хураалт. Тиймээс хуульд ирцийг нь зааж өгөөгүй юм билээ. Бид Сонгуулийн тухай хуулийг сайн судалсан. Дахин санал хураалт бол ирцээс хамаарахгүйгээр явах байсан. Энд үндэслэж СЕХ шийдвэр гаргаж миний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.      
                 
-Үүнийг мэдсээр байж Цэцэд гомдол гаргасан нь ямар учиртай юм бол. Хэний, хаанахын хатгаасаар энэ зүйлийг хийгээд байна вэ?
-Яахав сүүлийн үед ажиглаж байгаа. Баянзүрх дүүргийн МАН-ын анхан шатны үүрүүд хуралдаж, Д.Арвинг гишүүнээс нь татахын тулд түүний эсрэг гарын үсэг цуглуулъя гэдэг зүйл яригдаж байгаа гэсэн. Намайг ч МАН-аас гарч, АН-д орсон учраас өс хонзон санаж энэ мэтийн зүйлүүд хийж байгаа байх. Үнэндээ өнгөрсөн сонгуульд Ардын нам намайг дэмжээгүй. АН, МАХН, Иргэний зориг нам дэмжсэн юм шүү. Цаашлаад иргэд, МАН дотор намайг ойлгодог цөөн хэдэн хүн л дэмжсэн. Сонгуулийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарсан шүү дээ. Тус дүүргийн МАН-ын хороо "Д.Арвинг дэмжихгүй, Б.Батзоригийг дэмжинэ" гэсэн шийдвэр гаргаснаа намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарын дэргэд уншиж танилцуулсан. Тэгээд зогсоогүй дүүргийн намын залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд, оюутнууд бүгдээрээ, намын Удирдах зөвлөл тэр чигээрээ Батзоригийг дэмжсэн. Гэвч тэр гарч ирж чадаагүй байхгүй юу. Намайг ард түмэн мэднэ. Парламентад гурван удаа сонгогдсон, хийсэн ажлыг минь гадарладаг учраас баянзүрхчүүд намайг дэмжсэн. Ингээд би хувь хүнийхээ хувьд  сонголт хийж,  итгэл үнэмшлээрээ АН-ыг сонгосон. Энэ бол улс төрд байдаг зүйл. Ардын намаас гарч өөр нам руу явсан хүн нь ганц биш биз дээ. Цаашид ч энэ намыг орхиод явах хүн зөндөө гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл яагаад заавал намайг онилоод, элдвээр баалаад байгаа юм бэ. Ардчилсан нийгэмд би өөрийн итгэл үнэмшлээрээ сонголт хийж болохгүй юм уу. Тиймээс энэ үйлдлүүдээ зогсоогооч гэж Ардын намынханд хэлье.  Би өмнө нь МАН-д байсан. Гэхдээ энэ намыг МАХН байхад элссэн юм шүү. Гэтэл энэ нэрийг хоёр, гуравхан даргын хүслээр сольсон шүү дээ. Бүх зүйлийг зөвхөн дарга шийддэг ийм намд байхыг хүсээгүй учраас өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар МАН-ын захиалгаар маргаан үүсгэж, таныг унагах ажлыг зохион байгуулсан яриа бий. Үнэний ортой болов уу?
-Ортой байлгүй яахав. Д.Сугарын хийж байгаа үйлдлүүдийг хар л даа. Дандаа Ардын намын захиалгаар улс оронд юу хийв. МИАТ-ийн жишээ байна. Энэ хүнийг ерөөсөө ойлгодоггүй юм. Ардын намын нэрээр өнөөдрийг хүртэл бүх өндөр албан тушаалуудад очсон. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоод өөрийгөө дархлаад авлаа шүү дээ. Төрийн өндөр албанд байхдаа юу хийдэг байсан нь одоо ил болж байх шиг байна. Д.Сугар бол надтай холбоотой маргааныг үүсгэж, зохион байгуулсан гэдгийг үгүйсгэхгүй. Хууль бусаар албан тушаалд очсон хүмүүс хууль бус л юм хийдэг юм байна.

-Ардын намынхны таныг хав­чин гадуурхах үзэл юунаас эхтэй юм бэ?
-Хавчин гадуурхалт бол эртнээс эхтэй. Ардын намд байхдаа би байнгын хавчин гадуурхалтад өртдөг байлаа. Гэхдээ би асуудалд тэвчээртэй ханддаг байсан. Ардын намаас дэвшсэн сонгууль бүрт тайван орж байгаагүй. 2004 он байна. Хэнтий аймагт нэр дэвшихэд намын Удирдах зөвлөлийн гишүүн Очирхүү надтай зэрэгцэж очоод аймгийн намын хорооны хурал дээр "Удирдах зөвлөл Арвинг биш аймгийн дарга Эрдэнэбаатарыг дэмжинэ гэсэн. Тиймээс та нар Эрдэнэбаатарыг гаргаад ир" гээд хурлыг завсарлуулж байсан удаатай. Гэвч Хэнтий аймгийн намын хорооны гишүүд ярилцаж байгаад намайг дэмжиж явуулж байлаа. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэхэд Бага хурал дээр намайг унагах сценарь хэдийнэ бичигдчихсэн байсан. Үүнийг нь Бага хурлын жирийн нэг гишүүн надад хэлж байлаа. Гэвч надтай өрсөлдүүлсэн хүнээс нь 15 хүний саналаар илүү гарч  сонгуульд нэр дэвших эрхээ авч байлаа. Тэр үед манай намынхан намайг тойрогт унагах бүх ажлыг зохион байгуулж, намын гишүүдийг миний эсрэг турхирч, дээрээс нь сониноор миний талаар муу муухай зүйл бичүүлж айл болгонд тарааж байсан. Үүнийг Ганбямба сайн мэднэ дээ. За тэгээд намайг ялалт байгуулчихаад ирэхэд С.Баяр дарга "Батламжлахгүй" гэсэн. СЕХ нь танилцуулахгүй, танилцуулахаар Ерөнхийлөгч нь хүлээж авахгүй байсан. Манай намын хүмүүс энэ бүх албан тушаалууд дээр байсан хэрнээ ингэж хандсан шүү дээ. Ийм л байдалд өнөөдрийг хүртэл явж ирсэн.  Би хангалттай тэвчсэн. 2012 оны сонгуулиар ч намайг яаж гудамжинд гаргах вэ гэдэг төлөвлөгөөг манай намынхан боловсруулж, элдэв аргаар үзэж байлаа. Долдугаар сараас эхлээд "Д.Арвин МАН биш МАХН руу явна" гээд бичиж, ярьж байсан. Энэ тухай би намын Бага хурал дээр хэлэхэд хэн ч тоогоогүй, сонсоогүй шүү дээ. Намайг явах асуудлыг Ардын намынхан зохион байгуулчихсан юм шүү. Дахин санал хураалт болохын өмнө намаас зохион байгуулсан  хурал  дээр хамт олныхоо өмнө үг хэлэх эрх ч надад өгөөгүй. Үг хэлэх гэхээр микрофон хаадаг, үл ойшоодог байсан шүү дээ. "Арвинг дэмжсэн намын гишүүнийг хөөнө, АТГ-т өгнө" гэх мэтээр сүрдүүлдэг байсан нь нууц биш. Үүнийг би хэдий хүртэл тэвчиж явах ёстой байсан юм. Үнэндээ би Ардын намд олон удаа УИХ-ын суудал авчирч өгсөн шүү дээ. Гэтэл ингэж хандсан.

-Таныг хууль бусаар тендер авдаг гэсэн яриа гарсан байна лээ?
-Сүүлийн үед сонин хэвлэлээр ингэж бичиж байгаа. Би 2000-2008 он хүртэл тендер гэж юу байдгийг мэддэггүй байсан юм шүү. Сүүлд 2008 онд л гуравдугаар төрөх эмнэлгийн тендерт манай хүүгийн компани орсон. Ингээд манай хүү ялаад ажлаа эхлүүлтэл бүх шийд­вэрийг нь цуцалж, сонин хэвлэлээр бичээд эхэлсэн. Тиймээс манай хүү "За, ээжээ бүтэхгүй юм байна. Танай намынхан ажил хийлгүүлэхгүй юм байна. Энэ тендерийг буцаачихъя" гэсэн. Ингээд дор нь тэр тендерийг нь буцаагаад өгсөн шүү дээ. Үүнээс хойш гуравдугаар төрөхийн тендерийг надтай холбож ярьсаар байна. Үнэн хэрэгтээ би сайн аав, ээжийн буянд улс орны хөрөнгө рүү өнгөлзөхгүйгээр явах чадалтай. Хэнээс ч гуйхгүйгээр, улсын мөнгөнөөс авах гэж шунахгүйгээр явах боломж надад бий. Яалт ч үгүй, сонгууль дөхөөд ирэхээр мөнгө төгрөгийн хэрэг гардаг. Тэр үед нь найз нөхдөөсөө хандив гуйх үе бий. Мөнгө, төгрөг завших гэсэн бодол байдаггүй. Тэгж Их хуралд ордоггүй. Ард түмнийхээ төлөө ажиллах гэсэн сэтгэлээр явдаг юм шүү. Төрөөс мөнгө төгрөг идэх гэж элдэв сайд, төрийн нарийн бичгийн дарга нар руу гүйж ч үзээгүй өдий хүрлээ. МАН-д байхдаа намаасаа томилогдсон зарим төрийн нарийн бичгийн дарга нарыг ч таньдаггүй явлаа. Ер нь хүнийг зохион байгуулалттайгаар доромжилж, амаар нь шороо үмхүүлдэг ажлыг Ардын намынхан л хийдэг шүү дээ. Тэр жишгээрээ Н.Энхбаяр даргыг унагасан.

-МАН-ын дарга Ө.Энхтүвшин таныг сонгосон сонгогчдоос уучлал гуйсан байна лээ.  МАН-ын зарим гишүүн "Арвинг бид их дэмжиж байсан. Гэтэл бидэнд ийм хариу барилаа. Үнэхээр өмнөөс нь хүний нүүр харж чадахгүй нь" гэж ч ярих болж.  Гэхдээ өнөөдрийг хүртэл таньд хандсан хандлагаас нь харахад ингэж хэлэх эрхгүй юм шиг байна...
-Тийм шүү дээ. Өнөөдрийг хүртэл надад яаж хандсан болоод ингэж хэлж байгаа юм бол.  Хавчин гадуурхаад байхын аргагүй болоод би явсан шүү дээ. Өнөөдөр МАН-ын зарим гишүүн "Арвинг бид МАХН руу явна гэж бодсон чинь АН руу явчихлаа" гээд ярьсан байна лээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэр болж байгаа байхгүй юу. Үнэндээ тэдний хүссэнээр нь би МАХН руу яваагүй АН руу орчихсон болохоор уур нь хүрээд байгаа байхгүй юу. Ардын нам МАХН-ыг засгаас гаргах гэж өдөөн хатгаж, Засгийн газрыг тогтворгүй байлгах санаархалтай яваа. Мэдээж үүнийг нь би хувьдаа дэмжихгүй.

-УИХ-д тангаргаа өргөөд, АН-ын гишүүн болоод нэлээд хугацаа өнгөрлөө. АН-ын гишүүний байр сууринаас асуудалд хандахад ямар санагдаж байна. Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны талаар ямар бодолтой яваа вэ?
-Шүүмжлэлд өртдөггүй Засгийн газар гэж байхгүй. Энэ Засгийн газар бол иргэдэд чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нь дэмжиж байгаа. АН-ын бодлогод дагуул хот байгуулах тухай тусгагдсан байгаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Үүнд би орж ажиллаж байгаа. 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын арван хүн тутмын зургаа, долоо нь төв суурин газар бараадна гэсэн судалгаа бий. Үүнтэй холбогдуулаад суурин амьд­ралд иргэдээ бэлтгэж, төлөвлөлтийг нь хийж өгөх ёстой. Нийслэл хотыг тойрсон дагуул хотыг байгуулъя гэж байна. Багануур, Төв аймаг, 61-ийн гарамд дагуул хот байгуулахаар бодлого гаргах гэж байна.

-Хүнийг гүтгэн доромжилсон хэргээр саатуулагдаад байгаа Б.Цогтгэрэл гэдэг залууг та батлан даалтад авсан гэж сонссон. Ямар учраас ингэж шийдэв?
-Цогтгэрэл үнэхээр буруу зүйл хийсэн. Хүнийг гүтгэн доромжилсон. Гэхдээ энэ залуу өөрийгөө ойлгож, "Арвин эгчид ойлгуулж өгөөч" гэж хүнээр дамжуулж хэлүүлсэн байна лээ. Тиймээс би хийсэн зүйлүүдийг нь үзэж, судлаад УИХ-ын даргад танилцуулсан юм. "Жирийн нэг сэтгүүлч залуу алдаагаа ухамсарлажээ. Тиймээс тусалъя" гэсэн. З.Энхболд дарга ойлгоод "Эрдэнэт"-ийн АН-ын дарга руу хэлж, эвлэрлийн гэрээ байгуулж, цагдаад өгсөн гомдлоо татаж байгаа. Ингээд Цогтгэрэлийг батлан даалтад авах хүсэлтээ прокурорт өгчихсөн байгаа. Нэг залуу хүнийг дэмжиж байгаа л хэрэг. Түүнээс биш энд ямар ч улс төр байхгүй. Надад ямар нам байх нь хамаагүй, залуу хүн өөрөө хүсэлт гаргасан учраас тусалсан.

-Энэ нь ардчиллын буян юм болов уу даа?
-Тийм ээ. Нэг удаа хүнийг уучлах ёстой. Тэр залууг дахиж тийм зүйл хийхгүй байх гэдэгт нь итгэж, итгэл өгч байгаа юм даа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Monday, 4 February 2013

Д.Арвин: МАН намайг дарамтад оруулах зорилготой байгаа

УИХ-ын гишүүн Д.Арвиныг энэ удаагийн “Ярилцах танхим”-ынхаа зочноороо урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц тантай холбоотой асууд­лаар хуралдсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Сонгуулийн хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд сонгогдоод, гарч ирсэн. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс, магадгүй МАН-ынхан намайг удаа дараалан ийм хүнд байдалд оруулж байна л даа.
Жишээлбэл, анхан шатны үүрүүдийнхээ хурлаар намайг намаас нь гарсан асуудлыг хэлэлцээд, одоо болтол жижиг, сажиг асуудлуудыг тавьж, намайг сэтгэл санааны хувьд дарамтанд оруулах сонирхолтой бай­гаа юм билээ. Намайг зүгээр байлгахгүйгээр сар болгон ямар нэгэн байдлаар хүнд байдалд оруулах процесс явагдаж байгааг би мэдэж байгаа. Сонгуулийн хуулинд “Дахин сонгууль, нөхөн сонгуулиудад ирцийг бүртгэнэ” гээд тодорхой заачихсан. Харин дахин санал хураалтын тухайд ирцийг харгалзахгүй, зөвхөн 28 хувиас дээш санал авсан байх ёстой гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо миний нэрийг оруулж ирсэн. Гэтэл өргөн барьсан өдрөөс эхлээд л намайг ийм байдалд оруулж байгаа юм. Үндсэн хуулийн Цэц хуралдсан гэдгийг мэдээгүй байсан. Миний асуудлаар хуралдсан юм билээ. Тэр өдөр нь мэдээлэл сонсоход Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. Сүүлийн үед улстөрчид нэг нэгэн рүүгээ дайрах, дарамтад байлгах үйлдлүүд ихээр гарч байгаад би их харамсаж байна. Би өөрөө сонголтоо хийсэн. Энэ бол урвалт биш, сонголт.

-Гэнэтийн сонголт тань тэднийг цочирдуулсан бололтой?
-Би энэ намд өмнө нь маш олон жил хүнд байдалд байсан гэдгээ ярихгүй байгаа шүү дээ. Зовлонгоо яривал надад их юм бий. Гэтэл өнөөдөр миний араас удаа дараалан удирдах нөхдүүд нь ярилцлага өгөөд, анхан шатаар “юм” зохион байгуулаад, Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгааг миний эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Ер нь Д.Арвинг намаас гаргах асуудал бол манай намын удирдах төвшний хүмүүсийн аль зургаадугаар сараас хойш хийсэн ажил шүү дээ. Долоодугаар сарын 1-нээс эхлээд л “Д.Арвин Хувьсгалт намд орчихсон” гээд миний өмнөөс мэдэгдэл, мэдээлэл хийж дамжуулсаар байгаад намайг “Байж суух газаргүй” бол­гочихсон. Нэг ёсны намайг намаа солих байдалд хүргэсэн хүн нь МАН-ынхан. Намайг яаж ч дарамталж, дарамттай байлгалаа гээд сэтгэл санаагаар унах ч юм уу, тийм зүйл байхгүй. Тэгж унадаг нас, цаг өнгөрсөн. Тийм учраас би зүгээр өөрсдийнхөө намыг шинэчлээд, өөрсдөө аятайхан байгаачээ гэж Ардын намынхнаас хүсмээр байна.

-Цэц хуралдсан асуудлыг ер нь МАН-ынхны хийж байгаа ажил гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тийм. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл МАН-ын анхан шатны үүрүүдийн хурал болгон дээр миний тухай хэлэлцүүлээд “Д.Арвинг сар, өдөр болгон зүгээр битгий суулгаарай” гэсэн үүрэг өгсөн. Энэ зорилгоороо гишүүдээрээ хэлэл­цүүлээд, гишүүдэд зааж өгч, яриулаад байгаа юм билээ.

-Ер нь энэ парламент бүрэн эр­хээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гишүүдийг ямар нэгэн байдлаар эргүүлэн татах, эсвэл гишүүн болгох гэсэн оролдлогууд шүүхийн захирамжаар гарч бай­гаа. МАН-ынхан бол үүнийг сон­гогчдын эрхэнд халдсан асуудал гэж шүүмжилдэг. Харин та хэрхэн харж байна вэ?

-Хуулийг л дээдлэх ёстой. Хууль бус шийдвэр гарсан, хууль бусаар хийсэн үйлдэл байвал хэн нь ч хариуцлагаа хүлээх ёстой. Тийм учраас шүүхийн шийдвэр нь маш зөв гараасай, хуулийн шийдвэр нь зөв гараасай. Хууль зөрчсөн, мөнгө төгрөг тараасан зэрэг нь үнэхээр баримттай байвал эргүүлэн татах нь гарцаагүй. Тэгэхээр би бүх зүйл шүүх, хуулиар зөв яваасай л гэж бодож байна.

-Танд бол хууль зөрчсөн асуудал огт байхгүй гэж харагдаж байна уу?
-Байхгүй. Дахин санал хураалт, дахин сонгууль хоёр өөр ойлголт. Дахин сонгууль, нөхөн сонгуулийн тухайд ирц нь 50-аас дээш, нэр дэвшигч нь 28-аас дээш хувийн санал авсан байх ёстой байдаг. Харин дахин санал хураалтад 28 хувиас л дээш санал авсан байх ёстой. Ирцийг харгалзахгүй. Тэр нь сонгуулийн хуу­линд тодорхой байсаар байтал ийм зүйл хийгээд байна.

-Та Ардчилсан намд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь МАН-ын төлөө чамгүй олон жил ажилласан. Ардчилсан намд орсноор хэр өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Хоёр намын ялгааг илүү сайн олж харж байгаа байх?

-Ардын намд байх хугацааны сүүлийн хоёр, гурван жилд би зогсонги байдалд орсон шүү дээ. Та нар мэдэж байгаа, би дуугарахаа ч байсан. Өнгөрсөн парламентын гишүүд надаас их халгаж байсан байх. Би намын бүлгийн хурал дээр уурлан байж үг хэлж, даралтаа ихэсгэж, гараад эм уугаад л явж байсан. Буруу юм хийж байна, ингэн, тэгж болохгүй гээд л хэлдэг байсан. Би МАХН-ын нэрийг солиход эсрэг байр суурьтай байсан. МАН гэдэг нэрийг авахад маш их дургүйцсэн. Тэр хурлын үеэр би эмнэлэгт хэвтсэн байсан. Намын нэрийг солихыг би сонс ч нүдээрээ харахыг ч хүсээгүй. Гишүүд нь ингэж зовж байгааг Ардын намын удирдлагууд огт мэддэггүй. Өөрсдийнхөө л өнгө аяс, үзэмжээр шийдвэрээ гар­гачихдаг. Тийм учраас олон зүйл дээр үг авахгүй, дэмжихгүй байдлыг хараад би сэтгэл гонсойчихсон байсан. Өмнөх сонгуулиар нэг намаас хоёр дахь удаагаа дэвших үед манай нам намайг хүчээр “цаашаа болгочихсон” нь надад олон зүйл дээр мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор би өөртөө дүгнэлт хийе гэж бодож байсан. Хоёрдугаарт, МАН-ынхан намайг өөрийнх нь Ардын намд байхад аль хэдийнэ Хувьсгалт нам руу явуулчихсан. Миний өмнөөс ярилцлага өгч, миний өмнөөс “Д.Арвин МАХН руу явчихсан” гэж ард түмэнд мэдээлж байсан. Энэ мэт олон нөхцөл байдлаас би намаа өөрчилсөн. Ардчилсан намд орсондоо сэтгэгдэл өндөр байгаа. Яагаад гэвэл миний өөрийн натур, байгаа байдал ардчилсан. Ил тод хэлчихдэг, үзвэл үзчихдэг, яривал ярьчихдаг. Бодох санах юм байхгүй. Би өөрийнхөө намд ярих тусам дандаа дарагдаж байсан. Ардчилсан намд би өнөөдөр ярьдаг юмаа яриад л явж байгаа. Тэгэхээр энэ хоёр намын хооронд маш их ялгаатай юм билээ. Ардчилсан нам бол фракциудтай. Тэр нь ойлгомжтой. Бүг­дээрээ асуудлыг фракц, фракц дээрээ шийддэг. Манайд бол фракц байдаггүй. Хоёр, гуравхан дарга дарамтлаад л бүх юмыг шийдчихдэг. Эднийх бол нэг асуудлыг дөрөв, таван фракц ярилцаж байж, хамтын хүчээр шийддэг. Энэ нь надад маш их таалагдсан. Ийм учраас миний өөрийн натур энэ намтай нийцэж байгаа. Тэгэхээр Ардчилсан намд би сэтгэлийн хувьд их сайхан, тайван байна.

-Н.Энхбаяр даргын талаар юу гэж бодож байна вэ?
-Хуулийн хүрээнд шийдвэр нэгэнт гарчихсан учраас би үүнийг зөв, буруу гэж ярьж чадахгүй. Гэх­дээ ямар нэгэн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг өршөөл үзүүлэх байх гэж бодож байна. Ер нь Н.Энхбаяр даргыг явуулах, матах үйл ажиллагааг өөрийнх нь Ардын намынхан л явууласан байх гэж боддог. Энэ асуудал нэгэнт болоод өнгөрчихсөн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх байх л гэж бодож байна.

-Та Ардчилсан намын гишүүн. Хэдий тийм ч шинэч­лэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ, алдаа, дутагдалтай зүйл байна уу. Нөгөө талаар энэ засаг удахгүй тарна. МАХН-ынхан эсвэл МҮАН-ынхан засгаас гарна гээд л байх юм?

-Ер нь Засгийн газар болгон шүүмжлэлд өртдөг. Өртдөггүй Засгийн газар гэж байдаггүй. Энэ жамаараа бол Засгийн газрыг шүүмжлэх асуудал байдаг. Гэхдээ мэдээж энэ дөрвөн жилд би Засгийн газрыг уначихна гэж бодохгүй байна. Харин үйл ажиллагааны хувьд мэдээж ололттой, дутагдалтай талууд бий. Бид аль болох иргэд рүүгээ хүрсэн, иргэдтэйгээ тулсан ажил зохион байгуулъя гэж байгаа. Ардчилсан намын дарга, Засгийн газар иргэд рүү тулсан, иргэдийнхээ төлөө ажил явуулж байна. Миний хувьд үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Тийм ч учраас үүн дээр нэмж, өөрийнхөө бодож, төлөвлөж явсан ажлуудаа хийх, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрдсэн гэж бодож байна.

-Тухайлбал, ямар ажил байна вэ, таны хувьд?
-Дагуул хотуудыг байгуулах асуудлаар УИХ-ын даргын захирамж гарсан байгаа. Нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын 48-50 хувь нь төвлөрчихсөн. Цаашдаа ч хөдөөгийн иргэд хот суурин газарт суурьших бодолтой болчихсон. Наад зах нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын арван хүн тутмын долоо нь төв суурин газраа бараадах цаг үе ирчихсэн байгаа юм билээ. Тэгэхээр нийслэл хот маань энэ их шилжин ирэгсдэд бэлэн байна уу. Хотын хүчин чадал, төлөвлөлт бэлэн байна уу гэдэг нь маш чухал. Тэгэхээр бид иргэдийнхээ төлөө төв суурин газруудыг шинээр зохион байгуулах ёстой. Улаанбаатар хотыг тойрсон Багануур, Төв аймаг, цаашилбал, Сонгинохайрхан дүүрэг, 61-ийн гарам өнгөрөөд төвлөрсөн дагуул хотуудыг байгуулж, тэндээ төрийн төв байгууллагуудыг шил­жүүлж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй байгаа. Бид их нүүдлийг зогсоох ямар ч боломж байхгүй. Тиймээс иргэддээ нүүж ирэх бо-ломжийг бий болгохын тулд шинэ хотуудыг хотын захад бий болгож, суурьшуулах асуудлыг төр өөрөө зохион байгуулах ёстой. Бид иргэдэд хотын захад газар өгөөд байхад иргэд тэнд очиж суухгүй байгаа. Яагаад гэвэл иргэд өөрсдөө зах зээлээ бараадаж, төв суурин газарт суурьшихыг хүсэж байна шүү дээ. Үүнд тохирсон бодлогыг Ардчилсан намынхан гаргаж байна. Би энэ ажилд хамтарч, дагуул хотуудыг байгуулах комисст багтан ажиллаж байгаа. Одоо Дагуул хотуудын тухай хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.

-Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бүгд л МАХН руу явна гэж харж байсан байх. Харин та АН-ыг сонгосон. Яагаад МАХН-ыг сонгоогүй вэ?
-МАХН руу явна гэдэг долоо­дугаар сараас явуулсан мессежний эзэн би биш байсан. Миний өм­нөөс манай намын нөхдүүд аль долоодугаар сараас эхлээд л “Д.Ар­вин бол МАХН-ын хүн” гээд л сонин хэвлэлээр “нүдчихсэн”. Би өөрөө ийм шийдвэр гаргаагүй байхад миний өмнөөс шийдвэр гаргачихсаныг би огт ойлгохгүй байгаа. Ингээд л дахин, дахин ийм мессеж тараад бай­хаар “Би явах ёстой юм болов уу. Үгүй юм болов уу” гэж бодож л байсан. Би МАХН-ын нэрийг МАН болгоход дургүй байсан гэдгээ хэл­сэн. Тийм учраас хуваагдсан хоёр намын аль нэгэнд нь ороод хэрэггүй юм болов уу гэж бодсон. Алинд нь ч оролгүйгээр АН-д оръё гэж шийдсэн.

-Ярилцсанд баярлалаа.
Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Tuesday, 1 January 2013

Д.Арвин: Улстөрд зиндаа байх ёстой

 “Ийгл ньюс” телевиз өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ны “Зочны цаг”-таа УИХ дахь Ардчилсан намын гишүүн Д.Арвинг урьж оролцуулсан юм. Түүнийг 2012 оны онцлох сонголт хийсэн хоёр хүний нэг гэж онцолжээ. Ингээд УИХ, Ардчилсан намын гишүүн Д.Арвиний ярилцлагыг хүргэж байна. 
-Шинэ жилийн баярын өдөр тойрогтоо ажилласан гэсэн. Тойргийн сонгогчид таныг намаа сольсныг тань хэрхэн хүлээж авч байна вэ?
-Шинэ оны өмнө тойрогтоо ажиллаж, 190 гаруй сонгогчтойгоо уулзлаа. Сонгогчид маань хамтдаа гэдэг зүйлийг сайхнаар хүлээж авсан. Цагаан сараас өмнө Баянзүрх дүүргийнхээ бүх иргэдтэй уулзахаар төлөвлөөд байна. Сонгогчид болон намайг дэмжсэн бүх хүмүүс миний сонголтыг дэмжиж, хамтдаа байна гэдгээ илэрхийлсэн. Сонгогчид маань намайг шинэ зүйл хийж, сонгогчдынхоо амьдралд хамтдаа өөрчлөлт хийх ёстой шүү гэсэн сайхан сэтгэлээр хүлээж авсан.
 
-Өнгөрөгч 2012 он таны хувьд их ээдрээтэй жил байсан байх гэж бодож байна. Ирэх жилүүд таны хувьд их ажлын жил байна байх?
-Тийм ээ,  Д.Арвин гэдэг хувь хүний хувьд, улстөрчийн хувьд ч 2012 он том, хүнд жил боллоо. Би Монголын хамгийн том тойрог, өөрийн төрж өссөн дүүргийнхээ 300 гаруй мянгын иргэдийнхээ төлөө ажиллахаар сонголт хийсэн. Сонголт маань зөв болж УИХ-д сонгогдсон.  Сүүлийн таван сарын турш буюу дахин санал хураалт болох хугацаанд би тойргийнхоо хороо бүрт ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, хотын амьдрал, хотын иргэдэд тулгарч буй бэрхшээлийг сонсч өнгөрүүлсэн учраас дахин ялж чадлаа.  Энэ бол нийслэлийн иргэд, тэр дундаа Баянзүрх дүүргийн иргэдийн ялалт гэж бодож байна. Яагаад гэвэл нийслэлийн иргэд хамгийн их бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудал олон байдаг. Түүнийг нь шийдэх гэж би сонгогдсон.
 
Энэ жил бол их ажлын жил байх болно. УИХ-ын гишүүн бүр сонгогдсон тойрогтоо их ажлыг хийх ёстой. Миний хувьд Хэнтий нутгийнхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж, олон зүйлийг шийдвэрлэсэн. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд парламентын гишүүн байх хугацаандаа нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг маш их ойлгож, олон удаа асуудал хөндөж, дэвшүүлж байсан ч тэр бүр хэрэгждэггүй байсан. Хүн амын 48-аас дээш хувь нь нийслэлд амьдарч байгаа энэ үед нийслэлийн иргэдэд зориулсан төрийн бодлого дутагдаж байгаа. Үүнийг шийдэхгүйгээр бид нийслэлийн хөгжлийг ярих аргагүй. Иргэдийн асуудлыг шийдэхгүйгээр төр өөрөө урагшлахгүй гэдгийг би өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа харж байсан. Үүнийг гүйцэтгэх гэж нийслэлд сонгогдсон. Миний хийхээр төлөвлөсөн олон ажлыг Ардчилсан намтай хамтарч хийх боломжтой, тойргийнхоо иргэдийн тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэхийн тулд би Ардчилсан намд элссэн.
 

-УИХ-ын гишүүн болоод хамгийн түрүүнд Эмэгтэйчүүдийн бүлэгт элссэн үү?
-Тийм ээ, Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулахад нь би их баярлаж байсан. Өмнө нь би Эмэгтэйчүүдийн бүлэгтэй болохыг хүсч байсан. Эмэгтэйчүүд нийгмийн болон улс орны шийдвэрлэх бодлогын асуудлыг маш зоригтойгоор гаргаж ирдэг, бодлогоо тодорхойлж чаддаг. Түүнийгээ ч УИХ-аар хэлэлцүүлнэ. Ард иргэд ч энэ боломжийг бий болгож энэ удаад бүлэг байгуулах хэмжээний эмэгтэйчүүдийг сонгосон байна. Өмнө нь хүсч байсан болохоор маш идэвхитэйгээр элсч, хамтарч маш олон зүйлийг хийхээр төлөвлөж байна.
 

-Өмнөх парламентуудад эмэгтэйчүүд  цөөхөн байсан. Ер нь улстөрд эмэгтэйчүүд цөөхөн, олуулаа байхын ялгаа юу байна вэ. Та энэ ялгааг маш сайн мэдэрч байгаа байх?
-УИХ өөрөө Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч байгууллага. Хөгжлийг тодорхойлогчид эмэгтэй хүний оролцоогүйгээр авч явж чадахгүй гэдэг нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд харагдсан. Айл гэрийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс хамтдаа авч явдаг. Эмэгтэйчүүдийн оюун ухааныг улс орныхоо хөгжилд авч явах уламжлал дэлхий дахинд тогтож байна. Энэ Монголд нэвтрэх байх гэж бодож байсныг ард иргэд сонголтоороо харуулсан. Эмэгтэйчүүд улстөрд орж ирснээр Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлж байна гэж би бодож байна.
 
-Улстөрд эмэгтэй, эрэгтэй гишүүд гэж ярьдаг. Харин гишүүдийг тэр намых, энэ намых гэдэг ярианаас татгалзая гэж олон жил ярьсан ч салаагүй л байна. Нам хатуу гишүүнчлэлтэй байх ёстой гэдэгт та ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас сонгогдож байхад хатуу гишүүнчлэл нэг их яригддаггүй байсан. Орон нутгийн иргэд харьцангуй тайван, аливаа асуудалд улстөрждөггүй л дээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд түлхүү ажиллахад хот, хөдөөгийн ялгаа маш их байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Хэт их намд харьяалагдаж, хэт их улстөржих юм бол ямар их аюул, дарамт шахалт байдгийг нийслэлд ажиллах нэг жилийн хугацаанд өөрийн биеэр харсан. Тиймээс би УИХ-д гарах юм бол улстөржүүлэлгүйгээр шийдэж, улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлийг өөрчлөн өөрчлөлт шинэчлэлтийг хамтдаа хийх асуудлыг  хөндөнө гэж байсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гишүүд “Хатуу гишүүнчлэлгүй байя” гэсэн зүйлийг ярьж эхэлсэн, би үүнтэй санал нэг байгаа.
 
Ер нь бол Монгол Улсын улстөрийн тогтолцоо ялсан нам нь үзэл бодлоо хэрэгжүүлдэг тогтолцоогоор явж байгаа. Үүнийг эргэж харах цаг болсон, одоо. Хатуу гишүүнчлэл байх ёсгүй. Энэ сүүлдээ хүнийг дарамт, шахалт, найз нөхдийн эрх ашгийг бодох нөхцөл рүү түлхдэг юм байна гэдгийг би ойлгосон. Анхан шатны хорооны дарга бол улстөрийн ажилтан биш. Тэгсэн хэрнээ улстөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүнийг маш их дарамталдаг. Тухайлбал, Д.Арвин гишүүнд үйлчилсэн, түүний талд ажилласан бол АТГ-т шалгана гэх мэтээр дарамтлах жишээтэй. Хүнд улстөрийн албан тушаал өгвөл яаж хүмүүсийг дарамталдаг, доромжилдгийг сая би мэдэрсэн. Тиймээс  хатуу гишүүнчлэлгүй намуудыг сонгох нь зүйтэй. Монгол шиг цөөхөн хүн амтай улсад намын хатуу гишүүнчлэл зохихгүй. Иргэдийг намаас болж хуваах, хооронд нь хагаралдуулах хэрэггүй гэдгийг мэдэрсэн. Хатуу гишүүнчлэлгүй байх гэдэгт би санал нэг байгаа.
 
-Таныг намаа сольсны дараа МАН-ын зүгээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулах тухай ярьж эхэлсэн. Олон жил үүнийг ярьж байсан. Энэ бодлого Монголд хэрэгтэй юу, та юу гэж бодож байна вэ?
-Үүнийг санаачилж байгаа улстөрчид бол дэндүү улстөржсөн, харгис хүмүүсийн хийж байгаа үйлдэл гэж би бодож байна. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангаж, хөгжлийг тодорхойлогч байх ёстой. Цаашид улстөрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Хэрэв гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулах талаар ярьж байгаа бол ардчилсан зах зээлийн нийгэмд хэтэрхий зохимжгүй зүйл гэж бодож байна. Хүний сонголтыг хязгаарласан, зөвхөн өөрийн намын эрх ашигт нийцүүлэн, зөвхөн өөрсөддөө зориулж юм хийдэг хүмүүс Монголд бий болсон байна. Бүгд өөрсдөө ямар нэг заль хэрэглэж улстөрд байгаа хүмүүс шүү дээ.
-Санаачлага нь улстөрийн намаас гарч байгаа ч нийгэмд ийм хүлээлт үүссэн байж магадгүй байх. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд сонгогдоод сонгогчдоосоо тасраад явсан гишүүд олон байлаа. Ийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ?
-Энэ асуудал дээр иргэд маш их хариуцлагатай байх ёстой гэж би бодож байна. Иргэд зөв хүнээ сонгож чадвал ийм байдал үүсэхгүй. Сонголтоо хийхдээ хүнээ зөв сонгох нь зүйтэй. Намыг бодлогоо хэрэгжүүлэхийг нь хүчтэй оруулж ирэхгүй ёстой. Тэгэхгүй бол нэг хүн бүхэл бүтэн тойргийнхоо асуудлыг шийдэхэд хэцүү. Гэхдээ хаяад явдаг УИХ-ын гишүүн байхгүй. Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ч иргэдийн сонголтоор сонгогдсон, ирэх дөрвөн жил хийх, зорилтыг нь маань иргэд дэмжсэн гэж бодож байна.  
 
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд халамж нэрээр бэлэн мөнгө тараасан. Энэ удаад Засгийн газар солигдлоо. Иргэд хэр зэрэг бэлэн мөнгө авах сонирхолтой байна вэ. Иргэд бэлэн мөнгө хүсч байна уу, эсвэл ажлын байр бий болгохыг хүсч байна уу. Танд ажиглагдав уу?
-Төр байгаа цагт ажилгүй болон амьжиргааны төвшнөөс доогуур иргэдээ харж үзэх ёстой. Халамж бол байх ёстой. Тэр дундаа ажилгүй, орлого багатай иргэддээ халамж үзүүлэх ёстой. Нийтлэгээр халамжийн бодлогыг хэрэгжүүлэх нь буруу. 1,5 сая гэдэг юм уу хүн бүрт өгөх ёстой гэсэн бодлогыг намын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр. Яг шаардлагатай байгаа иргэддээ оносон халамжийн бодлого хэрэгжүүлдэг жишиг дэлхий нийтэд бий. Төр нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бодож, бодлогоо боловсруулах ёстой юм. Энэ нэгдсэн бодлогоо гаргахаас өмнө ажилгүй, орлогогүй иргэддээ тодорхой халамжийн бодлогыг хэрэгжүүлж байх ёстой. Ажлын байраар мөн яаралтай хангаж, ажиллах нь зүйтэй юм. Энэ удаагийн Засгийн газар, УИХ ч үүнийг хийх байх гэдэгт итгэж байгаа.
 
-Тангараг өргөсний дараа таныг “Залуу гишүүний хажууд суух улстөрч би биш” гэж хэлээд суудлаа сольсон гэж яриад байсан?
-УИХ-ын чуулганы танхимд миний суудлын хажууд хэн сууж байсныг би мэдээгүй байсан. Гэхдээ улстөрд зиндаа гэж байх ёстой гэж би боддог. Зиндаа гэдэг нь олон жил улстөрд зүтгэсэн хүмүүс төрдөө, намдаа ч  үнэлэгдэж байх ёстой. Түүгээр ч УИХ-ын гишүүдийн суудал хуваарилагддаг. Цаасан дээр буугаагүй ч эрэмбэ, дараалал байдаг. Би ер нь бол олон сонгогдож байсан гишүүдийнхээ үгийг их сонсдог, хүлээж авч, хүндэлдэг. Тийм учраас олон сонгогдсон надад хүндэтгэл үзүүлээд, суулгах боломж байсан. Гэтэл тэгээгүй.
 
-2013 онд ямар гол ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?
-УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс “Эрүүл хотод амьдрая” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнөөр нийслэлд байгаа төвлөрөл, бөөгнөрлөөс яаж салах вэ гэдгийг шийдвэрлэх төвшинд зөвлөлдөх юм. Алсдаа нийслэлийн задлах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Нийслэлчүүд өрвөн уулаар хүрээлэгдсэн эрүүл биш хотод амьдарч байгаад бид их эмзэглэж байгаа. Ирээдүйнхээ нийслэлийн иргэдийн төлөө дагавар хотыг байгуулах ёстой гэдгийг УИХ-ын дарга санаачлаад байгаа. Би ч гэсэн дэмжиж, хамтарч ажиллая гэж бодож байгаа. Мөн эрүүл мэндийн салбарт олон улсын стандартад нийцсэн эмнэлгийг яаралтай байгуулж, мөн өөрийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргийг яаралтай хийх ёстой юм. Ганцхан жишээ дурьдахад, Баянзүрх дүүргийн 19, 24-р хороо гэхэд 18 мянган иргэнтэй байхад нэг ч цэцэрлэг, сургууль, эмнэлэг байхгүй. Гэтэл 15 мянга орчим хүн амтай аймгийн төвд 5-6 ерөнхий боловсролын сургууль байдаг. Энэ мэтчилэн сэтгэл зовоосон олон асуудал байна. Хүн амынхаа тоонд харьцуулан сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэргийг нь бий болгох зэргийг төлөвлөн хийхээр парламент дахь эмэгтэй гишүүд бодлого гаргаж барих ёстой гэх мэтчилэнгээр олон ажил хийх гэж байгаа. УИХ дээр гурван ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.
 
Эх сурвалж: “Ийгл ньюс” телевиз