Showing posts with label БАЯРСАЙХАН Гарьдхүүгийн. Show all posts
Showing posts with label БАЯРСАЙХАН Гарьдхүүгийн. Show all posts

Thursday, 24 January 2013

Г.Баярсайхан: Хувийн өмчид халдаж болохгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа. 

-УИХ-ын төвшинд Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд явж байна. Төсөлд тусгасан гол үзэл баримтлал нь юу вэ? 
-Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, концессын гэрээгээр эзэмшүүлэх газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог байхаар, харин аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгохоор тус бүр заасан байгаа. Мөн төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэд хүсвэл газар өмчлөх эрхээ дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн газрын хувьцааг арилжих зэрэг үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн оролцоотой Газрын биржээр дамжуулан явуулах. Газрын биржийн дүрэм, журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр оруулж ирсэн байгаа. Энэ нь газрын цоо шинэ харилцаа үүсэх эрх зүйн зохицуулалт гэж ойлгож болно. 

-Газрын тухай багц хуулийн төсөлд Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл багтсан нь “эрх баригчид хувийн өмчид халдах нь” гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулах боллоо. Яг ямар тохиолдолд Газрыг албадан чөлөөлөхөөр тусгаад байгаа юм бэ? 
-Төсөлд зааснаар улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулах, төр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, дэд бүтэц байгуулах газар тухайн иргэний өмчилсөн газар орох тохиолдолд газрыг нь албадан чөлөөлнө гэж байгаа. Тэгэхээр айл бүрийн өмчийн газар луу дайрна гэсэн үг биш. Улаанбаатар хотоор жишээлэхэд нийслэлээс гаргасан ерөнхий төлөвлөгөөнд тухайн айл өрхийн хашааны газар дээр дурдсан үндэслэлүүдээр багтсан байвал чөлөөлөх юм.
Ардчиллын үнэт зүйл бол хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх. Энэ ч үүднээс бид тухайн хүний өмчийг хүндлэх ёстой, эрхийг нь хүндлэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр зогсож байгаа. Гэхдээ нийтийн нийгмийн эрх ашгийн төлөө улсын хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барих, зам, дэд бүтэц тавих зайлшгүй шаардлагатай байвал хувийн өмчийн эзнийг нэгдүгээрт тавина л гэсэн үг. 

-Гэхдээ Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд иргэний газрыг чөлөөлөх бол нөхөн төлбөрт нь 25 сая төгрөг, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх бол нөхөн төлбөрт нь 100 сая төгрөг олгоно гэсэн заалт багтсан юм биш үү. Иргэний газрын төлбөрийн мөнгөн дүн үнэхээр бага байна шүү дээ. 30-40 сая төгрөг зарцуулаад хашаа байшин барьчихсан байтал түүнийг нь албадан авах нэрийн дор 25 сая төгрөгөөр үнэлэх нь шударга бус л сонсогдож байгаа? 
-Хувийн өмчийн газар, бизнес эрхлэгчдийн газарт тодорхой үнэ заасан юм байхгүй. Энэ үнийг Засгийн газар тодорхой журам гаргаж зохицуулахаар тусгасан төсөлд бол. Харин өөрийн тань хэлээд байгаа 25 сая төгрөгийн нөхөн төлбөрийн тухайд Газрын тухай хуулиар хэлэлцүүлэг хийх хүрээнд жишээ болгож авч байсан юм. Түүнээс тийм тодорхой тас яс үнэ тавьсан зохицуулалт байхгүй байгаа гэдгийг тодотгоё. 

-Хамгийн гол нь иргэд Газар албадан чөлөөлөх тохиолдолд барьсан байшин, газрын үнэ, нүүлгэн шилжүүлэлт гээд энэ бүхний өртгийг зөв тооцож, нөхөн төлбөрийг төрөөс өгөхгүй бол газраа чөлөөлөхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Танай байнгын хороогоор эл хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ асуудал хөндөгдсөн үү. Та хувьдаа ямар байр суурьтай байна вэ? 
-Би бол хувьдаа иргэний газрыг чөлөөлөх бол төр зах зээлийн үнийг барьж хамгийн өндөр үнэ санал болгох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй нефть худалдан авч байна, алтаа бид дэлхийн зах зээлийн үнээр худалдаж байна. Зах зээлийн үнэ гэдэг цочоод байх зүйл биш. Тийм болохоор иргэний өмчийн газрыг чөлөөлөх бол тухайн байршлаас нь дутахааргүй газрыг санал болгох. Эс бөгөөс тухайн газрын зах зээлийн үнэтэй нь дүйх орон сууцийг иргэнд санал болгож болно. Ингэсэн цагт иргэдийн хувийн өмчийг хүндэтгэх ардчиллын үнэт зарчим хангагдана л гэж бодож байгаа даа. Түүнээс төр хууль баталсан гээд хувийн өмчид халдаад байж болохгүй. Хэрэв ийм үйлдэл гаргавал ардчиллын үнэт зарчим алдагдана шүү дээ. 

-Гэхдээ нийт хүн амын ердөө 10 -хан хувь газраа өмчилсөн байгаа үед Газар албадан авах тухай хуулийг УИХ-аар батлах нь өөрөө хэр зохистой юм бэ. Эхний ээлжинд газар өмчлүүлэх асуудлаа шийдэх ёстой байсан юм биш үү? 
-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр/өчигдөр/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас өргөн мэдүүлсэн Газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Газрын тухай багц хуулийн төсөлтэйгээ хамт Газар өмчлөлийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-аар баталъя гэдэг зарчмын байр суурь хаа хаанаа барьж байна. Үнэхээр ч Монгол Улсын нийт иргэдийн 10 хүрэхгүй хувь буюу 302352  иргэн газраа өмчилж авсан гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байгаа. Энэ нь нийт иргэдийн 90 хувь нь газраа өмчилж чадаагүйг харуулж байгаа хэрэг. Тэгэхээр УИХ-ын хувьд энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гол нь нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Иргэдийн 90 хувь нь шахам газраа өмчилж авч чадаагүй байна, тийм учраас бид Газар албадан авах асуудлыг хойшлуулах ёстой гэвэл хөгжлөөс л хоцорно. Улаанбаатар хотод өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Дээр нь хөрсний бохирдол байна, нийслэлийн гэр хорооллын 100 мянга гаруй өрх модон жорлонтой. Энэ нь эргээд хөрсний бохирдол үүсгэж халдварт шар өвчний дэгдэлтийг өдөөж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд шар өвчнөөр өвдөж ирсэн нийт иргэдийн 60 хувь нь гэр хорооллынхон байна шүү дээ. Тэгэхээр цаг алдалгүй Улаанбаатар хотыг дэлхийн орчин үеийн шаардлага хангасан нийслэл болгох ёстой болж байгаа биз. Энэ үүднээс нь авч үзэхээр гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хандаж Хот төлөвлөлтийн тухай хууль, Барилга төлөвлөлтийн тухай хуулийг яаралтай УИХ-д  оруулж ирээч гэдэг хүсэлт тавьсан. УИХ-аас эдгээр хуулийн төслийг баталчихвал эрх зүйн зохицуулалтын хувьд бүх зүйл ойлгомжтой болно. Гол нь иргэнээ хүндэлж, аль болох хохироохгүйгээр хаа хаанаа ойлголцож асуудлыг шийдэх хүрээнд асуудал тавигдах ёстой л гэж бодож байгаа даа. 

-Газрын үнэлгээг хэн тогтоох юм бэ. Засгийн газраас журам гаргана гэхээр нэг л ерөнхий санагдах юм? 
-Гол нь Засгийн газар журмыг тодорхой болгох ёстой. Жишээ нь Ногоон нуурын газар бол хотын “А” зэрэглэлд хамаарах учраас үнэтэй л байх ёстой. Гэхдээ хэдхэн хүн суучихаад журмын дагуу ийм үнэ тогтоолоо гэж хэлээд иргэдээ хохироож болохгүй. Үнэлгээг тогтоохдоо ил тод нээлттэй байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, хотын “А” зэрэглэлд хамаарах газар ямар үнэлгээтэй байх юм, “Б” зэрэглэлд харьяалагдах бол үнэлгээ нь бас ямар байх вэ гэдэг маш тодорхой байх ёстой. Үүнийг хариуцах байгууллага нь Газрын бирж юм билээ. Нөгөө талаас иргэн газраа чөлөөлөх боллоо гэхэд үл хөдлөх хөрөнгөө дахиж барихад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах вэ, бизнесийн байгууллага газраа чөлөөлөх бол дахин барьж байгуулах хүртэлх хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ зэргийг маш үндэслэлтэй тодорхой оруулж ирэх ёстой болно. 

-Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 900 мянган төгрөг өгнө гэж заачихаад байгаа юм биш үү? 

-Үгүй ээ, тийм тоо байхгүй. Төсөлд яг ямар заалт байгаа вэ гэхээр Нүүлгэн шилжүүлэлтийг өөрсдөө хийх юм бол үнийн дүнгийн 10 хувийг нэмэгдэл болгож өгнө л гэсэн өгүүлбэр бий. 

-Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны төвшинд нэлээд сайжруулж засах шаардлагатай болох нь ээ? 
-Ямар ч байсан бид энэ багц төсөл дээр иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг сонсоно. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин эхний хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 4-нд зохион байгуулна. Хаврын чуулганаар эдгээр хуулийн төслийг УИХ-аар батлах учраас түүнээс өмнө аль болох иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч эрх ашгийг нь аль болох бага хөндөх хуулийг батлах зорилт тавьж байна. 
Газар бол өөрөө маш үнэтэй капитал. Дэлхийн нэрт эдийн засагч Фернандо Сато Монголд Ерөнхийлөгчийн урилгаар ирээд “Танай улсад 7 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй хэвтэж байна” гэж хэлж байсан. Үнэхээр үнэн байхгүй юу. Хэрвээ бид энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг бий болгож чадах юм бол эргээд Монгол Улсын иргэн бүр капиталтай болно. Тийм болохоор газар бол маш чухал асуудал болж байна. 

-Газрын тухай багц хуулийн төслийн хүрээнд бэлчээрийн тухай асуудал хөндөгдөөд байгаа. Энэ асуудлыг яах вэ. Малчдаас санаа бодлыг нь сонсох шаардлагатай болж байх шиг байна? 
-Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн чухал суурь нь бэлчээрийн мал аж ахуй. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн үндсийг гаргах зайлшгүй шаардлага бас бий. Дэлхийн бусад орны туршлагыг судлаад үзэхээр хууль гаргаад шийдээд явчихсан туршлага байна. Урд хөршид жишээ нь бэлчээрийг хувьчлаад хашаа татаад бэлчээрийн доройтолд орсныг шийдээд явсан туршлага байна л даа. Гэхдээ Монголын нөхцөлд энэ туршлага үр дүнгээ өгөх үү гэдгийг маш сайн нягтлах ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд малчдад өвөлжөө, хаваржааг нь эзэмшүүлье. Мөн бэлчээрийг мал бүхий иргэд, хоршоодод эзэмшүүлье гэдэг заалт туссан юм билээ. Үүнийг ямар хэлбэрээр эзэмшүүлж ашиглуулах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын журмаар зохицуулна. Хатуу томъёололд оруулаад явбал сөрөг үр дагавар илүү гарч их хор хөнөөл нь их тусна. Тийм болохоор Засгийн газар журам гаргаж зохицуулж явах нь зөв алхам болов уу гэж харж байгаа. Учир нь Засгийн газар уг журмаа өөрчилж болно, эерэг хувилбарыг сонгоод цаашаа явах бололцоотой л доо. Энэ утгаар нь хамгийн оновчтой хувилбар гэж бодож байна. 

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг танай байнгын хороо өнөөдрөөс /өчигдөр/ эхэлж хэлэлцэж эхэллээ. Үндсэн концепцийнх нь тухай тодруулахгүй юу? 
-Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй, үүнийг хуульчилна, сертификат олгоно. Газар бол эдийн засгийн эргэлтэд орох нэг том субьект болно гэж үзэж байгаа. Ардчилсан намынхан анх малыг малчдад өгөх тухай ярихад коммунистууд тухайн үед эсэргүүцэж байсан. Тэд юу гэж байсан бэ гэхээр хоттой малаа бүгдийг алаад идчихнэ. Улс орон харангадна гэж... Гэхдээ өнөөдөр мал сүрэг 50 саяыг давлаа, энэ бол малыг малчдад нь хувьчилж өгсний үр дүн юм шүү дээ. Орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь өмчлүүлэх тухай ярихад тэд мөн л “Орон сууцаа буулгаад нураагаад, Улаанбаатар хотыг сүйрүүлнэ” гэж байсан. Харин өнөөдөр өмчлөлд орсон барилга улам өнгө зүс орчихсон байгааг та бид бүгдээрээ харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Ардчилсан намын хувийн өмчийг дээдэлсэн либераль бодлогын үр дүн байсан. Тийм болохоор иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх эрх зүйн харилцааг бий болгох цаг болсон. 
Г.ДАРЬ

Monday, 30 April 2012

Г.Баярсайхан: Ус стратегийн бүтээгдэхүүн болчихлоо


УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Цэвэр ус дэлхий нийтийн гол асуудал болчихлоо. Байгаль орчны талаар санаа тавьдаг цөөхөн гишүүдийн нэг нь та. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ус бол амьдралыг тэтгэгч эрдэнэ. Ингэж хэлсэн нь ч учиртай. Өнөөдөр шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжиж байна. 20 дугаар зуун бол нефтийнх байлаа. Том гүрнүүдийн бодлого одоо ч нефть рүү чиглэсэн хэвээрээ, түүгээр дамжуулан өөрсдийн ноёрхол, зэрэг зиндаагаа харуулсаар яваа. Гэхдээ энэхүү ашигт малтмал хязгаартай, хэзээ нэгэн цагт дуусах бүтээгдэхүүн. Шавхагдаж дууссаны дараа нь орлох бүтээгдэхүүн ч бий. Альтернатив шинжлэх ухааны нээлт гарчихсан. Харин усыГ орлох, бүтээх технологи гараагүй. Ер нь, ус, цус, тархи гурвыг шинжлэх ухаан хэдийнэ өндөр хөгжсөн ч сентицийн аргаар гарган авч чадахгүй, энэ бол тодорхой асуудал. Тиймээс усаа хайрлаж, нандигнан гамнах л хэрэгтэй. Энэ ч утгаараа ус нь нефтийн оронд геополитекийн гол бүтээгдэхүүн, объект болж байна. Өөрөөр хэлбэл, гидрополитек гэж яригдаж эхэллээ.
-Том гүрнүүд ашигт малтмалын бодлогоор жижиг улс оронд нөлөөлөх байдлаа өөрчилж байгаа талаар ярих болж?
-Хамгийн энгийн жишээ хэлэхэд, төв азийн улс орнуудад уснаас болж маш их асуудал үүс ч байна. Киргизээс эх авдаг томоохон гол мөрөн үүд Узбекстан, Туркменистан зэрэг улсын ундны усны эх үүсвэр нь болдог. Гэтэл өнөөдөр дээрх улсуудын хооронд уснаас үүдэлтэй маргаан үүсч эхлээд байна. Гималайн сардиг хайрхнаас эх авдаг голууд Зүүн өмнөд ази Энэтхэг улсыг усаар хангадаг. Үүнээс ч гэсэн маргаан үүсч, ямар нэгэн улс төрийн бодлого гарч болзошгүй байдалтай байгаа гэж зарим судлаач хэлж буй. Усаар дамжуулан хөрш улс орнууддаа улс төрийн бодлогоо тавих, шахалт үзүүлэх байдал ажиглагдаж эхэлсэн. Энэ бол хамгийн энгийн жишээнүүд. Турк улс нь Тикр, .Ефрат мөрнөөр дамжуулан Ойрхи дорнодын улсуудад өөрийн бодлогоо хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг л гидрополитек гэж хэлээд байгаа юм. Лив улсад дайн болж буйг хүн бүхэн мэдэж байгаа. Том гүрнүүд ямар учраас тус улс руу халдав гэдэг сонирхол татахуйц зүйл.
-Юу гэсэн үг вэ. Тайлбарлахгүй юу?
-Яахав, Европт нефть нийлүүлдэг, ордтой гэдэг утгаар цэргээ оруулж, бодлогоо хэрэгжүүлж байна хэмээн ойлгож болох. Тэгвэл энэ нь эндүүрэл. Нарийндаа яривал Ливийн элсэн цөлд маш их хэмжээний гүний цэвэр усны нөөц илэрсэн учир түүнийг авах, хяналтаа тогтоох гэсэн үүднээс дайн хийсэн гэж зарим ажиглагч, судлаач үзэж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэн байна. Ер нь, гачигдал дутагдалтай талыг нь ашиглан улс төрийн бодлогоо явуулдаг. Африк нь хүнсний хомсдолтой болохоор томоохон улс гүрнүүд түүнийг нь далимдуулан бүтээгдэхүүнээ өндөр үнээр нийлүүлсээр байгаа. Хэрэв тухайн орон нуугдмал байгаа усаа олж илрүүлэн тариалалт эрхлэн, хүнсний асуудлаа шийдвэл гадаадаас хүнс худалдан авах шаардлагагүй болчихно. Үүнийг нь хаах зорилгоор том улс гүрнүүд өөрсдийн хяналтаа тогтоодог. Усны асуудалтай холбоотой экспорт импортын арилжаа олон орны хооронд явж байна.
-Манай улсын хувьд ийм зүйл гарахгүй гэсэн баталгаа бий юү?
-Одоогоор хэлэх боломжгүй. Баталгаа байхгүй шүү дээ. Урд хөршид дэлхийн цэвэр усны нөөцийн зургаан хувь нь оршдог ч нэг их наяд гурван зуун сая иргэнийг тэжээхэд хангалттай биш. Тийм ч учраас өнөөдөр усны гачаалд ороод байгаа. Энэ утгаараа ОХУ-аас ус импортолж авах тухай яриа хийгээд эхэлсэн. Тэгэхээр ус дэлхийн зах зээлд стратегийн бүтээгдэхүүн болж хувирлаа. Хойд хөршийн Эрхүү мужаас Хятад руу усны хоолой тавих тухай ч ярьж байна, Ус ямар хэмжээний байгалийн баялаг болох нь ойлгомжтой байгаа биз дээ. Хүн төрөлхтөн ч ухаарч эхэллээ.
-Дэлхийн усны нөөцийн чамгүй хэсэг нь монголд бий. Гэвч гадаргын болон гүний ус нь шавхагдаж, хатаж ширгэсээр байна?
-Тийм. Хоёр хувь нь Хөвсгөл далай шүү дээ. Хэдий тэр их баялаг бидэнд бий ч газар доорхи гүний болон гадаргын усаа хайрлаж, хамгаалан гамнах хэрэгтэй. Хамгаалах, ундаргыг нь хадгалахын тулд хуримтлал үүсгэх, далан болон усан сан бий болгох шаардлагатай.
-Уул уурхай хөгжиж буй говьд усны асуудал хөндүүр сэдэв болчихжээ?
-Тухайн бүс нутагт байх гүний ус нь олон зуун жилийн өмнө хуримтлагдаж бий болсон. Өдгөө говь нутагт хур тундас бага ордгоос болж бас л багас ч байна. Жилд ганц, хоёр мм л ордог. Энэ нь бараг байхгүйтэй адил зүйл. Мөн уул уурхайд хэрэглэж буй ус их болохоор улам ч их нөлөөлнө. Говь газрын гүний ус дуусчихвал хэзээ ч дахин сэргэхгүй, нөхөх боломжгүй. Ямар машин машин ус авчраад гүн рүү нь шахалттай биш, Нэг зүйл хэлэхэд, бид тив дамнасан компаниудад үнэгүйгээр цэвэр усаа ашиглуулж байгаа. Үүнийгээ болих цаг ирчихлээ. Монгол Улс усаа стратегийн бүтээгдэхүүн болгож, ашиглалтаас нь өндөр төлбөр авах нь зүйтэй.
-Та урт нэртэй хууль санаачлагчийн нэг. Энэ утгаараа усны асуудлаар ямар нэгэн төсөл боловсруулах бодол байдаг уу?
-Байлгүй яахав. Усны эхээ хамгаалах талаар төрийн бодлого гаргах зайлшгүй шаардлагатай. Эл асуудлаар ажил явуулах нь нэн чухал. Хамгаалалт эхэллээ гээд шууд үр дүн харагдахгүй л дээ. Алгуур, аажмаар л үр дүн нь гарна.
-Цагтаа хотыг  үерт автуулж байсан Хатан туул маань ширгэж, хатаад сайр болчихлоо?
-Дэлхий нийт цэвэр усны асуудлыг нэн тэргүүнийх болгон авч үзэн, хамгаалж байхад бид гол усандаа цэвдэг сэтгэлээр хандаж болохгүй. Гол мөрөн ширгэж байгаагийн гол буруутан нь хүн. Хүмүүсийн үйлдлээс болж л ундарга нь алга болж, гол нуурууд ширгэн үгүй болсоор байгаа. Би хүүхэд ахуй цагтаа Туулын усанд шумбаж, уснаас нь ундаалж явлаа. Гэтэл өнөөдөр хатаж ширгэсэн байгааг нь хараад тэр цагийн сайхан дурсамж л үлдэх нь дээ гэж өр өвдөх шиг болдог. Голоо^эргэн сэргээхийн тулд ундаргыг нь хамгаалах хэрэгтэй. Бусад улс орны жишээгээр далан, усан сан байгуулж ургацыг нь нэмэгдүүлэх чухал. Үүнийг яаралтай ажил хэрэг болгохгүй бол хожимдож ч магадгүй. Хэрэв хожимдвол нийслэлийн сая гаруй иргэн ундны усгүй болж, гамшигтай дүйцэхүйц аюул нүүрлэнэ.
-Албаны хүмүүсийн ярьж буйг харахад татарч, ширгэсэн нь дэлхийн дулаарал, хур тунадас бага байгаатай холбон тайлбарлаж байсан?
-Энэ бол буруу. Байгаль руу бүхнийг чихэн өөрсдөө уснаас хуурай гарах оролдлого. Бүх зүйлд бидний хүйтэн цэвдэг сэтгэлтэй л холбоотой шүү дээ. Туул голын эх орчимд их хэмжээний газар олгож, бохирдуулснаас л үүдэлтэй. Үүнийг цэгцлэх шаардлага бий. Уг нь, эргээс 500 м зайд барилга байшин, үйлчилгээний газар байгуулахыг хориглодог. Гэтэл энэхүү дүрэм, журам мөрдөгдөхөө больж. Мөнгөний хойноос улайран хуулиа хэрэгжүүлэхгүй байна л даа.
Нийтлэлч
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин

Thursday, 26 April 2012

Г.Баярсайхан: АН өнгөлөг, МАН мөнгөлөг залуусаа нэр дэвшүүлэх байх


УИХ-ын гишүүн, АХХ-ны дэд ерөнхийлөгч Г.Баярсайхантай ярилцлаа. Ёс зүйн дэд хорооны даргын нь хувиар түүнээс бас зарим зүйл тодруулав
-Сонгууль дөхсөнийх байх, АН дахь фракцуудын үйл ажиллагаа идэвхжлээ. Ялангуяа танай намын залуу улстөрчид багтдаг "Шонхор", "Мөнх тэнгэр" фракцын дунд далд өрсөлдөөн бий болсон нь мэдрэгдэж байна. Танай залуучууд УИХ-ын мандатын төлөө зөрчилдөж байгаа талаар юу хэлэх вэ. Та "Шонхор"-уудын нэг биз дээ?
-Манай намд фракц бий болдог, задардаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Гайхаад шуугиан болгоод байх зүйл биш. АН-ын залуус үзэл бодлоороо тус тусын фракцад нэгддэг. Хамгийн сүүлд манай Батбаатар нар "Мөнх тэнгэр"-ийг байгуулсан. Түүнээс бус бидний дунд айхавтар зөрчил байхгүй. Байр суурийн зөрүү л бий. АН-ын нүүр царай залуучууд байх учиртай. Тэднийгээ намын удирдлага дэмжих ёстой гэсэн бодолтой байдаг. Намын нэрээр сонгогдох 28 хүний өнгийг манай залуус тодорхойлох болно гэдгийг хэлмээр байна. Нам болон фракцын удирдлага үүнийг зөвшөөрөх ёстой.
-АН фракцыг хүлээн зөвшөөрдөг. Тэдгээр нь задарч   бутардаг нь ил болсон зүйл. Ийм зүйл гаргуулахгүйн тулд  фракцуудад эн тэнцүү мандат хуваарилах хэрэгтэй юү?
-Гол нь бид  зөвшилцөх ёстой. Нэр дэвшүүлэхдээ фракцуудад тэнцүү, шударга хандах байх гэж найдаж байгаа. Энэ  сонгуульд  оролцох АН-ын   өнгийг залуучууд тодорхойлно. МАН-аас нэр дэвших  залуус  уул  уурхайн  бизнесээр баяжсан мөнгөлөг, өв залгамжлагчид байх бол манай залуус боловсролтой, номтой нөхөрлөсөн  өнгөлөг залуус байх болно. Их мөнгөөр албан тушаал худалдаж авдаг, залуус АН-д байдаггүй.
-АН-аас нэр дэвших боломжтой гэхээр "Мөнх тэнгэр"-ийн    голдуу залуусыг зарим эх сурвалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэж байгаа. Та УИХ-ын залуу гишүүний нэг. Нэр дэвших магадлалтай залуусын дунд таны нэр жишээ нь алга байна билээ. Энэ чинь зөрчил байгаа мэтээр харагдуулж байна.
-АН-ын залуу улстөрчдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон хүний нэг нь би. Таны асуусан зүйл гадна, дотноос нисгэсэн "бор шувуу" л байх. Хаанаас явуулж байгааг нь ч гадарлана. Залуусыг хооронд нь зөрчилтэй болгож харагдуулах гэсэн явуургүй оролдлогын л нэг. Бидний гараар могой бариулах гэж байгаа бол бүтэхгүй.
-Энэ удаагийн сонгуульд АН ялна гэдэгтээ бүр итгэчихсэн бололтой. Тийм учраас л хоёр сонгуулийг зэрэг явуулна. Тэгвэл УИХ, орон нутагт үнэмлэхүй ялна гэж тооцож байгаа. Ардчилсан хүчин нэг удаа Парламентын сонгуульд ялсан. Эрх мэдлийн төлөө дотроо тэмцэлдсэн. Үүнд нь дургүйцсэн сонгогчид 1996 оны орон нутгийн сонгуулиар тэр үеийн МАХН-д ялалтыг өгсөн. Ийм болгоомжлол байгаа учраас сонгуулийг хамтад нь явуулъя гэж улайрч байгаа биш үү.
-Хоёр сонгуулийн зэрэг явуулах хуулийг УИХ баталсан. Түүнийгээ мөрдөөд явах ёстой. АН энэ зарчмынхаа төлөө хатуу байр суурьтай байгаа. Байх ёстой зүйлийн төлөө л байна. МАН хуулиар тоглохыг хүссэн. Хуулиар наймаа хийдэггүй юм. Сонгууль шударга болох ёстой. МАН сонгуулийн дүнг будлиулахьш тулд цахим үнэмлэх тараахыг болиуллаа. Өөрийн хүмүүсийг УБЕГ-ын удирдлагад шургуулсан. Дүрмээрээ л тоглоё.
-Та Ёс зүйн дэд хорооны дарга. Сүүлийн үед танай намын бүлэг хугацаагүй завсарлага гэдгээр төрийн үйл ажиллагааг хугацаагүйгээр эзэнгүйдүүлж байна. Хуулийн ганц хоёр өгүүлбэр төрийг гацаагаад байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн үү?
-Цөөнхийг олонхийн түрэмгийллээс хамгаалдаг нэг зэвсэг нь завсарлага. Цөөнх завсарлага авч байх эрхтэй. МАН төрийн машиныг гурван сараар гацааж байсан тохиолдол бий. УИХ-ын гацааг дагаад нийгэм, эдийн засгийн амьдрал гацдаг. Тийм учраас завсарлагыг хугацаатай болгох ёстой. Завсарлага хугацаатай байлаа гээд сөрөг хүчин хохирохгүй. Энэ хооронд улс төрийн уран шийдвэр гаргаж болно. Ойлголцол зөвшилцөлд хүрэх боломжтой.
-Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны үеэр УИХ-ын дөрвөн гишүүн экс Ерөнхийлөгчид халдашгүй дархан эрхээ ашиглуулсан гэж үзэх хүмүүс байна. Тийм байж болзошгүй учраас тэдэнтэй ёс зүйн асуудал ярих уу?
-Ноцтой асуудал мөн. Хэн нэгэн хүчирхийлэгчийг УИХ-ын гишүүн хамгаалаад унавал яах вэ. Халдашгүй эрхээ ашиглуулсан гэх үү. Энэ бүхэн хоёр талтай. УИХ-ын гишүүний халдашгүй эрх зөвхөн өөрт нь л үйлчилнэ. Үүнийг манай гишүүд ухамсарлах ёстой. Н.Энхбаярт дархан эрхээ ашиглуулсан гэх гишүүдийн хувьд улс төрийн "өнцөг" орчхоод байгаа юм. Намынх нь дарга, хамтран зүтгэгч нь байсан хүн учраас улс төр болж харагдаад байгаа. Энэ утгаараа экс Ерөнхийлөгчид халдашгүй эрхээ ашиглуулсан байж болзошгүй.
-Танд ингэж харагдсан бол ёс зүйн асуудал ярих ёстой биш үү?
-Халдашгүй дархан эрх зөвхөн өөрт чинь хамаатай шүү гэдэг байр сууриа Ёс зүйн дэд хорооны даргын хувьд илэрхийлсэн. АТГ-ыг бид шүүмжилдэг. Жижиг жараахайтаи хөөцөлддөг  гэж. Гэтэл том туг бариад эхлэв бололтой. Үүнийг нь улстөржүүлж байгаа нь харамсалтай. Н.Энхбаяр үнэхээр л нэр цэвэр юм бол зоригтой шалагуулчихаад хүрээд ирэг л дээ. Франц, БНСУ-ын Ерөнхийлөгчид шалгуулж л байсан. Тэгээд л нэр төрөө цэвэрлэдэг. Н.Энхбаяр үнэхээр "но"-гүй юм бол хуульдаа захирагдаад шалгуулах хэрэгтэй шүү дээ. Буруугүй бол нэр хүнд нь харин ч өсөх юм биш үү.
-Ц.Нямдорж сайдтай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн. Түүнийг хэзээ хэлэлцэх вэ. Өргөдөл гомдол хэр ирж байгаа вэ?
-ХЗДХ-ийн сайдтай холбоотой гомдол МоАХ-ноос ирсэн. Дүрмийнхээ дагуу хуралдаж асуудлыг шийднэ. "Намайг ал-чихаад хариуцлага тооцоорой" гэсэн хүчирхийлэлд уриалсан утгатай үгийг Ц.Нямдорж буюу ХЗДХ-ийн сайд нь хэлсэн байгаа юм. Ардчилсан улс орны сайд хүн ийм болчимгүй үг хэлсэн бол хэдийнэ огцрох байсан. Ёс зүйн хороонд дуудагдсан л бол нэр хүнд нь шалдаа унадаг. Улстөрч хүнд энэ нь хамгийн том шийтгэл болдог учраас ёс зүйгээ маш сайн эрхэмлэдэг. Элдэв үг, асуудалд холбогдохоос зайлсхийдэг. Амны болоод үйлдлийн алдаа гаргасан, ямар нэг болчимгүй асуудалд нэр холбогдсон л бол үг дуугүй огцордог. Монголчууд ХЗДХ-ийн сайддаа амар амгалан аюулгүй амьдрах хувь заяагаа даатгадаг. Гэтэл Н.Энхбаярыг баривчлах гээд бөөн юм болж байхад салбарын сайд нь нам унтаж байсан гэвэл хүн итгэх үү. Ц.Нямдоржийг тийм ханадаггүй нойртой гэж бодохгүй л байна. Төрийн өндөр албан тушаалтан хүнд ярьж болохгүй зүйл гэж байдаг. Японы нэг сайд Фүкүшима хотыг "үхсэн хот" гэж хэлснийхээ төлөө хэдхэн сарын өмнө огцорсон. Гэтэл хүчирхийллийн эсрэг тэмцэх ёстой Монголын хуулийн салбарын сайд нь "намайг алчихаад хариуцлага тооцоорой" гэж байгаа нь огцрох, огцруулах хангалттай шалтгаан.
-Зарим хүн мэддэггүй байж болно. Ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнд яг ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Сануулна. Зөвлөмж өгнө. Үг хэлэх эрхийг нь хязгаарлах саналыг УИХ-ын удирдлагад танилцуулна. Ийм хязгаарлагдмал эрхтэй.
Нийтлэлч
Го.Энхтөр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2012 оны 4-р сарын 26, Пүрэв гариг

Monday, 16 April 2012

Г.Баярсайхан: Долоодугаар сарын 1-нд зургаа, долоон хүнийг буудсан гэдэг юм билээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн "Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахгүй байгаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө" гэж мэдэгдсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцээс "Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна " гэж үзээд байгаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг "Ярилцах танхим "-даа урьж эдгээр асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.

-Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуульд заасан 48-аас 28 руу гулсах тухай заалтыг хэлэлцээд "Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэсэн. Тэгэхээр одоо хэрхэх ёстой вэ. Хуулиа өөрчлөх үү. Эсвэл сонгуулийг хуучин хуулиар нь явуулах уу. Та юу гэж бодож байна?

-Үндсэн хуульд "Сонгууль эхлэхээс өмнөх зургаан сарын хугацаанд Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй" гэж заасан байгаа. Сонгууль ойртсон үед улс төрийн савлагаа гаргахгүй байх, улс төрийн намууд нөлөөнд автан хуульд өөрчлөлт оруулах вий гэсэн үүднээс Үндсэн хуульд ийм заалт оруулсан хэрэг. Гэхдээ аль ч нам, улс төрийн хүчин, иргэд Үндсэн хуулийн дор амьдарч байгаа. Тиймээс хуулиа дагаад явах нь зөв. Ер нь бол Үндсэн хуулийн Цэц "Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэснийг хоёр өнцгөөс харах хэрэгтэй.

-Тэгвэл ямар өнцгөөс харах хэрэгтэй гэж?

-Би нийгэмд нэг зүйл бий болсныг анзаарч байгаа. Тэр нь олигархи. Монгол хэлний үгсийн санд энэ үг байх ёстой юм шиг л хүлээж авдаг болсон. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл ойлгох байх. Сонгуулийг холимог тогтол-цоогоор явуулах, мажоритари 48 тойрогт өрсөлдөөд ялагдсан ч иргэдээс 28-аас дээш хувийн санал авсан тохиолдолд пропорцианаль 28 руу гулсах нь олигархиуд намуудаар дамжин улс төрд орж ирэх боломжийг хязгаарлах сайн талтай. Энэ заалтыг түдгэлзүүлчихвэл хэн нэгэн хүн аль нэг намын даргатай яриад намын нэрсийн жагсаалтын дээгүүрт бичигдэх, УИХ-д суух бололцоо нь нээгдэж байна шүү дээ. Энэ өнцгөөс нь харвал "гулгана" гэж яриад байгаа заалт Сонгуулийн тухай хуульд байх нь зөв. Олон нийтийн шүүлтүүрээр орсон, иргэдээс тодорхой санал авсан хүн намын нэрсийн жагсаалтад орж ирнэ гэсэн үг. Бас сөрөг тал ч бий.

-Тэгэхээр хэрхэх ёстой вэ?

-Цэц нэгэнт ийм шийдвэр гаргасан учраас дагах л ёстой болж таарч байна. Зургаан сарын дотор хуулиа өөрчилж болохгүй гэдэг нь нэг их асуудал биш л дээ. Зөвхөн тэр зүйл, заалтыг л өөрчлөөд явахад болохгүй гэх зүйлгүй. Гулсах тухай заалтыг Сонгуулийн тухай хуулиас авчихаар хэн намын удирдлагад нөлөөлж чадна, тэр хүн парламентад орж ирэх боломжтой болох нь гэдгийг дахин хэлье. Бэлээхэн жишээ бий шүү дээ. Баян айлын хүүхдүүд аавынхаа компаниар мөнгөө төлүүлээд аль нэг яамны дэд сайд болдог болсон. Үүнтэй л ижилхэн юм. Томоохон улс төр, бизнесийн бүлэглэлүүд захиалга өгч, мөнгөө төлөөд хүүхдүүдээ улс төрд оруулах зам нь нээлттэй болж байна. Иргэд ярьдаг шүү дээ. "Улиг болсон хэдэн нөхөр парламентад байнга сууж байх юм. Солигдож байх ёстой" гэж. Одоо бол олигархиуд УИХ-д хадагдах нь дээ.

-Гулсах тухай заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэж гомдол гаргасан иргэдийн ард Ардын намын хууччууд байгаа гэсэн таамаглалыг танай намынхан дэвшүүлж байх шиг. Та санал нийлэх үү?

-Үнэн шүү дээ. Улс төрд ярьдаг юмаа ярьчихсан, хийх зүйлээ хийчихсэн, улсаас авах юмаа авчихсан хүмүүс пропорцианаль 28-ийн эхэнд жагсах биз. Юм гэдэг байгалийн жамаараа эрэмбэ, дараатай байх ёстой юм. Улс төрд ч ялгаагүй. Гэтэл одоо улс төрийг өмчилж авах зам нь нээгдэж байна. Сонгуулийн мажоритари тогтолцоо бол асар том шүүлтүүр. Энэ тогтолцоогоор сонгуульд өрсөлдсөн, одоо УИХ-д сууж байгаа зарим хүмүүс энэ сонгуулиар гарч чадахгүй. Нутагтаа очих нүүргүй болсон гишүүн олон байгаа. Тэд л 28-д жагсана.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаврын чуулган эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах шаардлага өгнө гэж ойлгож болох уу. "Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангахгүй байгаа" гээд шүү дээ?

-Засгийн газар УИХ-аас гаргасан хууль, тогтоолыг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газарт үүргээ гүйцэтгэх сонирхол байхгүй болж. УИХ нь Засгийн газрынхаа доор орчихож. Засгийн газар нь өөрийнхөө нөхцөлийг УИХ-д тулгадаг болсон байна. Энэ нь УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болдгоос үүдэлтэй. Ашиг сонирхол, фракцынх нь төлөөлөл УИХ-д орж ажилладаг. Улмаар тэдгээр хүмүүс нь Засгийн газрынхаа хүссэнээр хууль гаргадаг хэмжээнд хүрчихээд байгаа. Засгийн газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ёстой. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Бас УИХ-аас баталсан 27, 39, 40, 57 дугаар тогтоолыг ч хэрэгжүүлээгүй байна. Ганц, хоёр сайд гэж яримааргүй байна. Би Засгийн газарт энэ тогтоолуудыг хэрэгжүүлээгүйнх нь төлөө хариуцлага тооцож, огцруулах асуудлыг ярих шаардлагатай гэж бодож байгаа.

-Таныхаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?

-УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулахыг Ардын намынхан хүсэхгүй байгаа. Ардын намын олонхи яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ. Тэд орон нутгийн хурлын сонгуулийн үеэр сурсан зүйлээ хийх гээд байгаа. УИХ-ын сонгуулийн хяналт орон нутгийн хурлын сонгуулийнхийг бодвол чанга. Монголын ажиглагчдаас гадна олон улсын ажиглагчид ч сонгуулийн үйл явцыг хянадаг. Булхай хийхэд хүндрэлтэй. Үүнээс л айж эмээгээд байгаа байх. Бид уг нь аль таван жилийн өмнө хоёр сонгуулийг хамтатгая гэж тохирсон шүү дээ. Гэтэл одоо үүнээсээ буцах гэж зүтгэж байна. Хэлсэндээ хүрч чадахгүй, тогтворгүй байна. Гадны нөлөөнд автаж байна. Энэ бол их осолтой зүйл шүү дээ.

-Тэгвэл долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарыг шүүх ажиллагаанд гадны нөлөө орж байгаа болов уу?

-Улаан номд орсон ирвэсийг буудсан хүнд хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл долоодугаар сарын 1-нд Монгол хүнийг гэгээн цагаан өдөр буудсан. Тэр хүн жаахан олон юм ярьж, уур бухимдлаа гаргаж. Сонгуулиар өгсөн саналыг нь луйвардсан учраас үгээ хэлж, жагссан байна. Тухайн үед эрх барьж байсан нам Засгийн газартайгаа нийлээд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсэн хүнийг буудаад алчихсан. Ер нь бол 6-7 хүнийг буудсан гэж ярьдаг юм билээ. Бид ийм айдас дор амьдрах ёстой юу, үгүй. Хүн буудсан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ бол зарчмын асуудал шүү дээ. Саяхан Ардын намын хоёр гишүүн 250 чоно буудаж алахад нийгмээрээ шуугисан биз дээ. Харин одоо бол таван монгол залуугийн амь нас эрсэдсэний гол буруутан хэн бэ гэдгийг тогтоох шударга ёсны шүүх ажиллагаа л болж байгаа шүү дээ. Үүнд сандралдаад байх хэрэггүй л болов уу.

-Хэн сандарсан гэж?

-Тухайн үед төрийн удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс сандарч гүйлдээд, цагдаагийн экс удирдлагууд нь жирийн цагдаагийн албан хаагчдаа жагсаагаад байх хэрэг байхгүй шүү дээ. Цагдаагийн хурандаа нар хүчтэй юү, хууль цааз хүчтэй юү. Ард түмэн таван залуугийнхаа амь насыг нэхэж байгаа. Үүнийг улстөржүүлээд нийт цагдаагийн бие бүрэлдэхүүнд хамаатуулаад байх шаардлагагүй. Долоодугаар сарын 1-ний хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, хэн ч уучлалт гуйгаагүй байгаа. Зөвхөн Ерөнхийлөгч л төрийн нэрийн өмнөөс ард түмнээс уучлалт гуйсан. Шүүх "Дахиад ард түмнийхээ өөдөөс буу шагайгаад үзээрэй" гэдгийг л сануулж байгаа. Гэтэл шүүхийг улстөржүүлэхийг оролдож байна. Би шүүгчийг цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шударга, хараат бус шүүж байна гэж харж байгаа. Харин хэрэг тарьчихсан, хүний амь хөнөөсөн хүмүүс сандралдаад байна. Жинхэнэ үүрэг өгсөн эзэд нь илэрчих гээд байгаа учраас тэр байх даа. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарыг хүртэл үүндээ оролцуулсан. Тэднийг ажлаа хийж байхад шүүх, эмнэлгийн гадаа авчирч, жагсаасан шүү дээ. Одоо аргаа бараад өмгөөлөгч нарыг хүртэл хутгалдуулж байна.

-Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөс татгалзсаныг хэлж байна уу?

-Өмгөөлөгч нар шүүх хурлаа хаяж гарна гэдэг нь аргаа барсан арга. Өмгөөлөгч гэдэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажил. Үнэхээр цагдаагийн экс удирдлагууд энэ хэрэгт буруугүй бол мэргэжлийн ур чадвараараа нотлоод гараад ирэх ёстой. Гэтэл өмгөөлөхөөс татгалзсан нь мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөнөө хаяж гарсантай ямар ч ялгаагүй юм даа. Гэхдээ эмч хүн хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй. Яагаад гэвэл эмч нар гиппократын тангараг өргөсөн улс.

-Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар нэг, нэгнийхээ булхайг илчилж байна гээд янз бүрийн баримт дэлгэх боллоо. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үнэн үг хэлсэн хүнд өш санана гэгч л болж байна уу даа. Х.Баттулга гишүүн Засгийн газарт байхдаа ажлаа хийгээд л явж байсан. Юм учиртай байх ёстой. Тэр нууц гэрээ гээд байгаа бичигт нуугаад байх зүйл байхгүй юм билээ. Би ч гэсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж гадаад руу явдаг. Засгийн газрын гишүүд олон арга хэмжээнд оролцоод, санамж бичигт гарын үсэг зураад л явж байдаг шүү дээ. Тэгж ярих юм бол Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудлыг Засгийн газрын гишүүдээс хэн нь хөндсөн бэ гээд ноцтой асуудал олон бий. Гэрээ, хэлцэл хийчихсэн мөртлөө одоо үгүй гээд байгаа юм. Бодитой хийсэн I зүйлээ нам дарж байна шүү дээ. Тэр л маш нууц, Монголын аюулгүй байдалд аюул учруулахуйц асуудал байх.

-Ерөнхий сайд "Монголд хэзээ ч цөмийн хаягдал булшлуулахгүй" гэж амалсан шүү дээ?

-Дэлхийн бусад улс орон байгаль орчноо цэвэр байлгахыг мөрөөдөж байхад бид "Атомын цахилгаан станц барина. Цөмийн эрчим хүч ашиглана. Цөмийн түлш боловсруулаад экспортолно" гээд хууль хүртэл баталчихсан сууж байгаа. Цөмийн эрчим хүч ашиглана гэдэг чинь атомын цахилгаан станц барина гэсэн үг. Дэлхий дахинд цөмийн эрчим хүчний тухай ойлголт үүнээс өөр болж байгаа. Хүйтэн дайны үед л цөмийн бөмбөг, атомын цахилгаан станц хүчтэй хөгжсөн.

Тэгэхээр энэ бол хүн төрөлхтнийг хөнөөхийн тулд бүтээсэн зүйлийн нэг гэж ойлгох ёстой.

Цөмийн эрчим хүч ашигласан тохиолдолд хог, хаягдлыг нь өөрсдийн нутаг дэвсгэртээ булах ёстой болно. Плутоны задралын хугацаа 250 мянган жил. Тэгэхээр энэ хугацаанд цөмийн хаягдал хортой нөлөөллөө үзүүлсээр байна гэсэн үг. Мөн цөмийн хаягдлыг . 250 мянган жилийн турш харж хамгаалах, мөнгө зарах хэрэгтэй болно. Гарч болох сөрөг үр дагавар нь асар их. Чернобыль, Фүкүшима, генийн өөрчлөлт, мутаци, тэгээд монголчуудын генийн санд нөлөөлж болох хаалга нээгдлээ гэж ойлгож болно. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Харин манай улстөрчдийн нүдэнд уран их мөнгө болж харагдаад байгаа юм. Мөнгөнөөс илүү эрүүл орчинд амьдрах нь чухал шүү дээ. Уранаа түлш болгож гаргасан тохиолдолд дэлхийн улс орнууд "Та нар хог хаягдлаа өөрсдөө бул" гэж тулгана. Тиймээс ураныг хагас боловсруулж, шар нунтаг үйлдвэрлэх хэрэгтэй. Хуульдаа ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь ураны хүдэр олборлолтыг зогсоосон ч болно шүү дээ. Австрали улс гурван муждаа ураны хуурай олборлолтыг хориглосон байна лээ. Бидэнд хангалттай баялаг бий. Бид юугаа ашиглах вэ гэдгийг бодолцох ёстой. Атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүч гээд хөөрөөд байх зүйлгүй. Сая Ерөнхий сайд Японд айлчлал хийх үеэрээ "Японы шилдэг технологи, атомын цахилгаан станцыг Монголд ашиглая" гэсэн зүйл яриад байгаа юм. Япончууд "Бидний бүтээсэн хамгийн муу зүйл бол атомын цахилгаан станц байж" гэж байхад бид тэрийг нь "Ямар сайхан юм бэ" гээд шагшаад байна шүү дээ. Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүртэл цөмийн эрчим хүч ашиглана, атомын цахилгаан станц барина, ураны хүдэр боловсруулна гэсэн зүйл дурьдагдаад байгаа юм. Бид том гүрнүүдийн тоглоомд ороод байх шаардлага байхгүй. Нүүрс, зэс, газрын ховор элемент гэх мэт зах зээл дээрээ том тоглогч байх нь хангалттай.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин