Showing posts with label БУРМАА Р.. Show all posts
Showing posts with label БУРМАА Р.. Show all posts

Thursday, 16 May 2013

“Нэр дэвшигч 22-ны дотор нэрээ татаж болно”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулж, зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох тухайгаа мэдэгдээд байгаа билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр болсон бол МҮАН болон ИЗНН-ын зүгээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. 

Сонгуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа. 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн баталсан хуульд нэр дэвшигч үнэмлэхээ гардсанаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг нэрийг татах, эсвэл нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хориглосон заалт бий. Та энэ талаар тодруулахгүй юү?
-СЕХ-ноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаас хойш тухайн нам нэр дэвшигчийг эргүүлэн татах, нэр дэвшигч өөрөө нэрээ татахыг хуулиар хориглосон байгаа. Өөрөөр хэлбэл, намууд тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд ирүүлж, СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэж, 22-нд үнэмлэхийг нь олгоно. Энэ цагаас хойш нэр дэвшигч нэрээ татах боломжгүй болж байгаа юм. Нэр дэвшигч нь сонгуулийн хууль зөрчсөн болох нь илэрвэл нэрсийн жагсаалтаас хасч болно.
Товчхондоо бол нэр дэвшигчид тавдугаар сарын 22-ны дотор нэрээ татах боломжтой. СЕХ нь намуудаас ирүүлсэн нэр дэвшигчийн бичиг баримттай танилцаад хуулийн дагуу бүх зүйл ном журмаараа байвал 22-нд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүнээс хойш нэр дэвшигч нэрээ татах, нам нь ч мөн эргүүлэн татах боломжгүй болно.

-Нэр дэвшигч нь одоо эрхэлж  байгаа ажлаасаа түр чөлөөлөгдөх заалт бий юү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн аль нь ч байсан одоогийн ажлаа үргэлжлүүлнэ. Харин сонгуультай холбоотойгоор албан тушаалаа ашиглаж аливаа албан тушаалтан, байгууллагад үүрэг өгч, шийдвэр гаргахыг хориглож байгаа юм. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулан хүмүүнлэгийн, буяны гэх мэт тусламжийг ямар нэг сангийн шугамаар тараахыг хориглож байгаа. Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй заалтыг оруулж өгсөн. Жишээлбэл, сайдыгаа дагаад тухай яамны ажилтан гадуур явах, ямар нэг үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн үг юм.

-Сонгуулийн сурталчилгааны хувьд өмнөх хуулиас ямар ялгаатай вэ?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт олон заалт орсон. Хишиг хувь өгнө, ажилд зуучилна, үнэ төлбөргүй хямдралтай үнээр үйлчилнэ гэх мэт улсын төсвөөс санхүүжих шаардлагатай зорилтот арга хэмжээ, мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх мэдэл амлахгүй байхыг хатуу тусгасан. Мөрийн хөтөлбөрт Аудитын газар шалтгалт хийгээд шалгалтын дүнг СЕХ-нд  хүргүүлэх юм. Сонгуулийн сурталчилгаанд хориглосон зүйлс нь өмнөх Орон нутаг, УИХ-ын сонгуулийн хуульд тусгасантай адил. Тухайлбал, мөнгө, эд зүйл тараахгүй, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй, биеийн тамирын уралдаан тэмцээн, хүлээн авалт гэх мэтийг хориглож байгаа. Гэхдээ мөнгө, хандив босгох журмаар хүлээн авалт зохион байгуулбал энэ нь сонгуулийн сурталчилгаанд орохгүй юм. Сонгогчдын санал татах зорилгоор хүлээн авалт, уралдаан тэмцээн, баяр наадам хийхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах сурталчилгаанд өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, чансаа тогтоох судалгаа, бусдыг гүтгэх, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сурталчилгааны дор заавал нэр дэвшигчийн нэр, хаяг байх ёстой. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль зөрчиж, далд сурталчилгаа хийвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг гурван сар хүртэлх хугацаагаар зогсоох заалттай. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаг, хугацаа, үнэ ижилхэн байх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, СЕХ-ны дэргэдэх хэвлэлийн зөвлөл, төрийн бус байгууллагууд хяналт, ажиглалт, мониторинг хийх юм.

-Мөнгө тараах, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн үйл ажиллагаанд татан оруулсан тохиолдол УИХ-ын сонгуулийн үеэр гарсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэрхэн тусгасан бэ?
-Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оруулах, ашиглахыг хориглосон заалт байгаа. Ер нь энэ хууль УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд тулгуурлан хийгдсэн. УИХ-ын сонгуулийн хуульд бэлэн мөнгө тараасан бол 10 нугалж төлсөн тохиолдол гарсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд  20 нугалж төлнө гэж төлбөрийн хувийг нэмж өгсөн. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг заавал бүртгүүлсэн байх, нэр дэвшигчийн хаяг ил тодорхой байх, сонгуулийн сурталчилгаанд явж буй штабын гишүүд бүгд бүртгүүлээд, үнэмлэх зүүсэн байх ёстой.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ?
-Бэлэн мөнгө, эд бараа тараасныг нь сонгогч баримтжуулан цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татах заалт байхгүй. Гэхдээ хууль зөрчсөн гэдгийг олон нийтэд мэдээлж, энэ нь олон нийт, сонгогчдын санал өгөхөд нөлөөлөх юм. Цөөхөн нэр дэвшигчийг сонгуулийн хуулийн заалт бүрээр эргүүлэн татах нь бэрхшээлтэй байсан. Тиймээс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулбал хариуцлагын арга хэмжээ авна.  Нэр дэвшигч, сонгуулийн штаб, сонгуулийн сурталчилгааны ажилтан гээд бүгдэд торгуулийн хариуцлага тооцно. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Энэ нь иргэд сонгогчдод сонголт хийхэд нөлөөлнө гэж үзэж байгаа.
Ш.ОЮУНЧИМЭГ

Friday, 22 March 2013

Р.Бурмаа: Д.Арвинаас асуух зүйл их байдаг

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Р.Бурмаатай ярилцлаа. Түүний хувьд чуулган завсарлана гэдэг гишүүд амарч байгаа хэрэг биш гэдгийг онцолж байв. 

-УИХ-ын намрын чуулган завсарлаад нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд таны хувьд ямар ажил амжуулав. Байнгын хорооны дарга гэдэг утгаараа ажил ихтэй л байх шиг байна?
-Завсарлаагүй. Өргөдлийн байнгын хороо чуулган завсарласан эсэхээс үл хамааран байнгын ажиллагаатай байдаг. Одоогоор ажил хэвийн явагдаж байгаа. Иргэдээс ирж байгаа өргөдлүүдийг хүлээн авч, санал хүсэлтийг нь судалж, нээлттэй сонсгол хийх зэргээр ажиллаж байна даа. Мөн завсарлагааны хугацаанд Орхон аймагт ажиллаж,  эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон.
 
-Өргөдлийн байнгын хороонд иргэдийн хамгийн их тавьдаг хүсэлт юу вэ?
-Ихэнх нь хувийн хүсэлт байдаг. Байр орон сууцтай болгооч, ажилд оруулж өгөөч, зээлд хамруулаач, сургалтын тэтгэлэг, эмчилгээний зардал олгож туслаач гэсэн хүсэлт л их ирэх юм. Гэвч тэдгээр нь УИХ-ын шийдэх асуудлын хүрээнд байдаггүй л дээ. Тиймээс манай байнгын хороо хаана хандах, ямар хууль дүрмийн дагуу хөөцөлдөх ёстойг тэдгээр иргэдэд зөвлөдөг юм. Гэр хүссэн байвал хорооны даргадаа өргөдлөө өгчихөж болно гэх мэт мэдээллээр хангадаг. Нөгөөтэйгүүр иргэд УИХ-тай холбоотой асуудлаар УИХ-ын тогтоол шийдвэрийн төсөлд саналаа өгдөг. Хуулийн хэрэгжилтэд сэтгэл ханамжгүй байгаа бол асуудал тавьж болдог. Үүний нэг жишээ нь өнөөдрийн 100 мянган айлын орон сууцтай холбоотой асуудал байна. 2010 оны Засгийн газрын 36 дугаар тогтоолын дагуу 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс болж хохирсон ир­гэдийн өргөдлийн дагуу нээлттэй сонсгол зохион байгууллаа. Өргөдөл гаргасан 21 иргэний өргөдөл дээр су­далгаа хийж, холбогдох төрийн байгууллагынхантай уулзан тайлбар, байр суурийг нь сонслоо.
-Сонсгол хийх нь нэг хэрэг. Түүнээс ямар дүн гарав, хохироод байгаа иргэдийн хохирлыг барагдуулах ямар гарц олов гэдэг чухал шүү дээ?
-Юуны түрүүнд иргэд жаг­саад өлсгөлөн зарлах гэж байна гээд энэ сонсголыг зохион байгуулаагүй гэдгийг хэлье. Байнгын хороонд албан ёсоор бичгээр ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу л хийж байгаа ажил. Нэгдүгээр сард байнгын хорооны хурлаас иргэдээс ирж байгаа өргөдлийн дагуу нээлт­тэй сонсгол хийх нь зүйтэй гэсэн шийдэвр гарсны дагуу энэ ажлыг хийж байгаа юм. Гарц ямар байгааг л тал талаас нь ярилаа.
 
 УИХ-ын шийдвэр 2010 онд гараад хоёр үе шаттайгаар “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон юм билээ. 200 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргаж орон сууцны зээлийг бага дунд орлоготой иргэдэд олгоно гэж. Гэвч тухайн оныхоо төсөвт огт суугаагүй, ямар ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй байхад тэр мөнгийг ямар нэгэн аргаар гаргахыг Хөгжлийн банкнаас шаардсан байгаа юм. Гэтэл энэ банк нь олон улсын зах зээлээс төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зорилгоор 600 сая ам.доллар буюу одоогийнхоор 800 тэрбум төгрөгийг босгосон байдаг. Гэхдээ тэр нь богино хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Огт ондоо зорилгоор босгосон мөнгөнөөс 50 тэрбум төгрөг гаргаад сонгуулийн өмнө 1100 гаруй иргэнд бага хүүтэй зээл олгочихсон байгаа юм. Тэгэхээр сонгуульд зориулсан шоу байжээ гэдэг нь харагдаж байгаа биз. 
 
-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэг­жүүлэх шийдвэр хамтарсан Засгийн газрын үед гарсан биз дээ. Гэтэл одоо өмнөх Засгийн газрын хөтөлбөр энэ Засгийн газарт хамаагүй гэсэн байдлаар хандаж байгаад хохирогчид шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Ингэж хандаагүй. Иргэдийг хохиролгүй болгох нь чухал юм. 700 гаруй иргэний асуудлыг шийдэхийн тулд 30 тэрбум төг­рөгийг 2013 оны төсөвт суул­гасан байгаа. Цаана нь өргөд­лөө өгсөн 2600 орчим иргэн бий гэж байна. Тэр хүмүүсийн асуудлыг шийдэх, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг цаашид яах вэ гэдэг хоёр асуудал байгаа. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэж хэзээ ч бүтэхгүй зүйл гэдгийг бид харлаа шүү дээ. Хүүгийн зөрүүг бусад татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад явна гэдэг байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн тулд Ерөнхий сайдаар тэргүүлсэн ажлын хэсэг гарсан, судалгаа хийж байгаа. Цаашид хэрхэх талаар тодорхой шийдвэр гаргах байх. Түр хороо байгуулан жагссан иргэдээс Нийгмийн бодлогын байнгын хороонд өргөдөл өгсөн гэсэн. Илүү бодит хүүтэй, гэхдээ арилжааны банкуудаас бага хүүтэй зээлд хамруулаад хүүгийн зөрүүг төсөвт суулгах боломж байгаа гэсэн дүгнэлтэд Сангийн яам хүрээд байгаа гэсэн. 
 
-Таны хувьд Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Сонгуулийн хууль заавал нэгдсэн байх шаардлага нь юу юм бэ?
-Манайх сонгууль тус бүрээ өөр өөр хуулиар явуулдаг. Гэтэл тэр хуулиудаас нь маш олон зөрчил дутагдал гардаг байхгүй юу. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гэхэд л гурван өөр байгууллага гаргадаг. Нэг жилд гаргасан нэрсийн жагсаалт нь 286 мянган орчим хүнээр зөрж байна гээд бодохгүй юу. 1,5 сая орчим хүн саналаа өгдөг гэхээр бараг 20 орчим хувь нь байгаа юм. Давхардсан, гээгдсэн хэрэг нь эзэнгүй байдаг. Үүнээс болж сонгогчдын сонгох эрх нь зөрчигддөг. Нэгдсэн хуулиар нэг асуудлыг нэг л байгууллага хариуцна. Хэрэв нэрсийн жагсаалт буруу гарсан бол хариуцлага тооцох байгууллага нь тодорхой байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр сонгууль өөрөө процесс байдаг учраас зохион байгуулах гол гол зарчмууд нь нэг байх ёстой. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдал, сонгуульд оролцох эрхийг тэгш хангах гэх мэт зарчмууд бүх сонгуулиар адил байх ёстой юм.
 
-Ерөнхийлөгчийг одоо­гийн давуу  талаа ашиг­лаад шоудаад байна гэх ч хүн байгаа. Энэ талын зохицуулалт хуульд яаж тусав?
-Сонгуулийн хуульд боломж­той олон зохицуулалт хийсэн. Одоогийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвшлээ гэхэд бусад нэр дэвшигчийн тэгш боломжийг сайтар хангаж өгсөн гэж бодож байгаа. Нэр дэвшигч төрийн хамгаалалтад орно. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаасаа хойш төрийн хамгаалалтаасаа бусад үйл ажиллагаанд төрийн албан хаагч, унаа тэрэг зэрэг төрийн эх үүсвэрийг хэрэглэхгүйгээр зохицуулсан. Ерөнхийлөгч бай­сан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн  оргил цагаар хямд­хан сурталчилгаа цацаад байна гэж байхгүй. Ижилхэн тарифтай, эх сурвалжтай мэдээ­лэл цацагдана гэсэн үг. Хуучин бол ор үндэсгүй гүтгэх явдал их гардаг байсан. Энэ удаад нэвтрүүлэг хийлээ гэхэд ямар  намын, аль штабын мэдээлэл вэ гэдэг нь ч тодорхой байх юм. Эргээд хариуцлага тооцох эзэн нь байж байна гэсэн үг. Хариуцлага тооцох үүргийг нь Шударга өрсөлдөөний байгууллагаас хариуцна. Эх сурвалжаа бичээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагад нь хариуцлага тооцно. Зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөв­шөөрлийг гурав хүртэлх сараар хаах юм. Өмнө нь Сонгуулийн сурталчилгааны хуулийг зөрвөл 250-850 мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг байсан. Олон зуун сая төгрөг далд сурталчилгаанд авчихаад сая хүрэхгүй төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь амар л байсан байх. Одоо тийм зүйл байхгүй. Ард түмний мэдлийн агаарын орон зайг ашиглаад айлын хойморт урилгагүй зочилж байж дуртай юмаа ярьж ард түмний тархийг угаах ажил хийж болохгүй гэж л байгаа юм. Энэ дээр ч адилхан тэгш шаардлага тавьж байгаа.
 
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллахаа мэдэгд­сэн. Сонгуулийн хуулийг боловс­руулсан хүний хувьд ямар бодолтой байна вэ. Хуулийн хугацаа болоогүй байхад ийм зүйл ярих нь хууль зөрчсөн хэлбэр биш үү? 
-Сонгуульд нэр дэвшүүлье, тэгье, ингэе гээд яриад баймааргүй байна. Яагаад гэвэл нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиараа цаг хугацаа нь болоогүй. Тэр хүнийг дэмжье, Ерөнхийлөгчөөр сонгогд­чихоо­сой гэж үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүрт нээлттэй. Тэгэхээр миний хувьд энэ талаар ярихгүй.
 
-УИХ бүрэлдээд бараг жил тойрох гэж байна. Мон­голын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй ги­шүүнтэй боллоо гээд байдаг. Бид ийм нэг часхийсэн санаачлага гаргасан гээд хэлчих зүйл юу байна?
-Нийлж хуулийн төсөл өргөн бариагүй ч нэг нэгнээ дэмжиж ажиллаж байгаа. Жишээ нь Л.Эрдэнэчимэг  гишүүн  Тамхины хяналтын  тухай хууль дээр ажилласан. Намайг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль дээр ажиллахад бусад эмэгтэйчүүд маань дэмжих жишээтэй. Харин бид нэг асуудал дээр 11-үүлээ нэгдсэн. Энэ ордноо нураагаад парламентын шинэ ордон барихыг эсэргүүцсэн юм. Эрэгтэй гишүүд маань хүлээн зөвшөөрсөн л дөө. Эрчүүд маань өөр арга зам хайя гэсэн. Түүнээс гадна эмэгтэй гишүүд ажил үүргийн тодорхой хуваарь гаргаад асуудлуудаа хуваагаад баг болж ажиллаж байна. М.Батчимэг, Г.Уянга нар авлигын эсрэг албан бус бүлэг байгуулсан. Албан бусаар нэг нэгнээ дэмжээд яваад байгаа. Бие биедээ мэдээллээ дамжуулж, өдрийн хоолоо хамт идэж, эмэгтэй сайд нарынхаа ажилтай танилцах гэх мэт санаачлагууд гаргаж ажиллаж байна.
-Таны хувьд эмэгтэй ги­шүүд дотроо Д.Арвин гишүүн­тэй насаар ойролцоо. Түүнийг намаа сэлгэн танай намд орж ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Д.Арвин гишүүн бол дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдсон олон жилийн туршлагатай парламентч. АН-ыг сонгоод ирсэнд баяртай хүлээж авсан. Нас ойролцоо гэдгээрээ бид хоёр их ойр ажиллаж байгаа. Надад Д.Арвин гишүүнээс асуух юм их байдаг. Ер нь эмэгтэй гишүүд маань тал талын мэдээллийг сайн солилцдог. Жишээ нь “Өглөөний цай” аян өрнүүлж сайд гишүүд дээрээ их очиж байна. Н.Удвал сайд дээрээ саяхан очсон. Өглөөний цай уунгаа салбарт нь хийж байгаа ажилтай нь танилцаад, зарим зөвлөгөө өгдөг. Мөн Ц.Оюунгэрэл сайдын яамаар зочилсон. С.Оюун дээрээ ч очсон.
 
Ч.БАТМАА
"ӨДРИЙН ШУУДАН" сонин

Wednesday, 20 March 2013

Р.Бурмаа: Гадны чадварлаг хуульчдаар бэлдүүлсэн гэрээний нөгөө талд манай улстөрчид шалдан сууж байна

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Байнгын хороод ажлаа тайлагнаж байна. Өргөдлийн байнгын хо­роо өнгөрсөн чуулганы хугацаанд ямар ажил амжуулав?
-Өргөдлийн байнгын хороо УИХ-д өдөр тутам ирж байгаа өргөдлүүд дээр ажилладаг. Манай байнгын хороо бусад хо­роо­дыг бодвол дүрэм, журам нь нэлээд өөр. Тиймээс шинээр бай­гуу­лагд­сан учир бусад улсын туршлагыг судалж, харьцуулсан судалгааг УИХ-ын Тамгын газарт захиалж хийлгэлээ. Үүний дүнд байнгын хо­роо­ны дүрэм батлагд­санаас гадна намрын чуулган эхэлснээс хойш иргэдээс ирсэн өргө­дөлд хариу өгч ажиллалаа.

Нөгөө талаас манай байнгын хорооны ажлын алба гурван хүний бүрэл­дэхүүнтэй. Гэтэл сард 300 өргөдөл, цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлага­тай байгаа учир Тамгын газрын шинэчилсэн зо­хион байгуулалт хийгдэх үеэр ажлын албаны орон тоог нэмэгдүүлэх шаард­ла­гатай хэмээн саналаа өгөөд байна. -Иргэдээс ирсэн өр­гө­дөлд ихэвчлэн ямар асуудлыг тусгасан бай­даг вэ? 
-Өргөдлийн 90-ээд хувь нь иргэний хүсэлт байна. Гэр, эмчилгээний зардал, хүүхдээ сур­гуульд суулгах, зээл тус­ламж хүссэн байдаг. Гэ­тэл эдгээр хувийн хүсэл­түүд нь өөрөө УИХ-ын бүрэн эрхэд хамаарч бай­на уу, үгүй юу гэдэг нь асуудал юм.
Өмнө нь иргэдээс УИХ-ын бүрэн эрхэд ха­маарахгүй асуудал тави­хад хэн нэгэнд шил­жүү­лэх эсвэл өргөдлийг нь буцаачихдаг байсан. Түүнч­лэн УИХ-ын гишүү­ний тойргийн мөнгөтэй нь холбох тохиолдол ч байлаа. Харин одоо бол УИХ-д өгч байгаа иргэ­дийн санал хүсэлтийг авч хэлэлцдэг, хуулийн хэрэг­жилтэд ямар гомдол, са­нал гарч байна вэ гэдэгт анхаарал тавьж ажил­ла­хаар дүрэмдээ тусгасан. 

-Тэгвэл чуулганы зав­сарлагаанаар ч гэ­сэн ажилласаар байх нь ээ? 
-Чуулганы завсар­ла­гаа­наар хэд хэдэн асуу­далд анхаарч ажил­ла­хаар төлөвлөөд байна. Хонгор сумаас бидэнд өргөдөл ирсний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, тус сумын байдлын талаар шинээр дүгнэлт гаргаж байгаа. Үүнийг хүлээж байна. 
Өөр нэг асуудал нь шоронд ял эдэлж байгаа хоёр ч хүнээс ялын хатуу бодлогын талаар өргө­дөл ирсэн. Сүлжээний бизнес хийсэн хүн 12 жилийн ял авч байхад бусдыг хохироосон хо­хир­лын хэмжээ нь хэдэн тэрбумаар хэмжигдсэн хүн тэднээс бага ял авах нь олонтаа байна. Тий­мээс УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Арвин миний бие гурвуул хамтарч Өр­гөд­лийн байнгын хороо­ноос ажлын хэсэг болж ажиллана. Ингэхдээ Хууль зүйн яам энэ тал дээр ямар бодлого ба­рим­талж байгаа, цаашид ямар хуулийн төсөл оруулж ирэх талаар лав­лаж, судалгаа явуулна. Үүний дагуу хуулийг хэ­рэгжүүлж байгаа талууд болох шүүгчид, шүүхийн шийдвэр биелүүлэх газ­рынхантай уулзана. Хэ­рэв өргөдөл гаргасан хү­мүүс өөрсдөө зөвшөөрөх юм бол нээлттэй хэлэл­цүүлэг хийж, үүний дагуу хуулиндаа өөрчлөлт оруу­лах асуудлыг ярина. Энэ мэтчилэн хийхээр төлөвлөж буй асуудлууд нэлээд олон байна. 

-Хаврын чуулганаар хэлэлцэхээр хуулийн төслүүд хүлээгдэж бай­гаа. Тэдгээрээс Ерөн­хийлөгчийн, УИХ-ын сон­гуулийн, Орон нут­гийн сонгуулийн хуу­лиу­дыг нэгтгэсэн хуу­лийн төсөл анхаарал татаж байна. Төслийн агуулга нь юу юм бэ?
-Хуулиуд нь тусдаа байхаар сонгуулийн про­цесс нь их зөрчилтэй байгаад байсан юм. Уг нь сонгууль бүрийн нэр дэв­шигч, өрсөлдөж байгаа талууд л өөр болохоос бусад үйл ажиллагаа нь адилхан байх ёстой. Ту­хайлбал, сонгогчийн нэ­рийн жагсаалт нэг л байх ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын сонгуулийн нэр­сийн жагсаалтыг иргэний бүртгэлийнхэн гаргадаг. Дөрвөн сарын дараа орон нутгийн сонгууль болоход тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга нь гаргадаг. Үүний ул­маас сонгуульд саналаа өгч буй иргэдийн нэрсийн хоорондын зөрүү нь 2004 онд 130 мянга бай­сан бол 2008 онд 268 мянга болж нэмэгдсэн байх жишээтэй. Ингэж нийт сонгогчдын 20 хувьд хүрэхүйц хэмжээний зө­рүү гарсан. Энэ нь сон­гогчдыг намын харьяа­л­лаас нь болж жагсаал­таас хасах, эсвэл нэмэх будлиан гарах нөхцөл бүрдүүлж байдаг. Тийм учраас нэрийн жагсаалт гэдэг зүйл аль ч сонгуульд нэг байх тухай хуулийн төсөлд тусгасан. Бүх сон­гуульд нэг л этгээд нэр­сийн жагсаалт гаргана, тэдгээрт нам, иргэд, тө­рийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний төлөөлөл хяналт тавина. Тэр ч бүү хэл гомдол гар­гавал хэн, хэзээ, хэрхэн шийдэх вэ гэдэг нь ч маш тодорхой болох юм. 
Түүнчлэн хэвлэл мэ­дээллээр нэр дэвшигч сурталчилгаа явуу­лах­даа Ерөнхийлөгчийн бо­лон орон нутгийн сон­гуульд нэр дэвшигч өөр өөр байсныг нэг болгож байгаа. Мөн одоогийн нэг хуульд санал худалдаж авахыг хориглосон бол нөгөөд нь хориглоогүй зүйл ч бий. Сонгууль гэдэг адил тэгш, шударга өр­сөлдөөн байх ёстой учир Ерөнхийлөгчийнх ач хол­богдолтой, орон нутгийнх бага гэж үзэж болохгүй. Шаардлага болон адил тэгш боломж нь ижил байх ёстой юм.  

-Тэгвэл нэр дэв­шигч­дэд тавих шаард­лага л өөр байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэв­шигч нь Үндсэн хуульд зааснаар 45 наснаас дээш, УИХ-ын сонгуульд 25 наснаас дээш, Орон нутгийн сонгуульд насны хязгааргүй байгаа. Тий­мээс нэр дэвшигчдэд тавих шалгуур нь өөр байна гэсэн үг юм. Орон нутгийн сонгуульд гэхэд тухайн газартаа 180 хо­но­гоос дээш амьдарсан байх, Ерөнхийлөгч бол улс орондоо сүүлийн та­ван жил тасралтгүй амь­дарсан байх гэх мэт тус­гай шаардлагууд бий. 
Сонгуульд орж бай­гаа намуудад тавигдах шаардлага мөн өөр бай­даг. Тухайлбал, Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нам нь парламентад суудалтай байх шаардлагатай гэдэг. Гэтэл УИХ болон Орон нутгийн сонгуульд тэгдэг­гүй. 

-Сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэ­чих­вэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаард­лагатай болно гэсэн үг үү?
-Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах эсэх асууд­лыг судлах ажлын хэсэг байгуулагдчихсан. Тэр ажлын хэсэг маань заа­вал Үндсэн хуульдаа өөрч­лөлт оруулахын тө­лөө бус шаардлага бай­гаа эсэхийг л тодорхой­лох юм. Хэрэв шаард­ла­гатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн­хаа дагуу өөрчлөлт оруу­лах асуудлыг ярих болов уу. Түүнээс бус 2000 оных шиг эрх баригч нам нь шийдэнгүүтээ нэг өдрийн дотор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан шиг зүйлийг өдгөө хийх бо­ломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг ард түмний мэдэлд, тэд­нээр хэлэлцэгдсэн байх ёстой гэх мэт олон шал­гуурыг давж байж өөрч­лөлт оруулна. 
Тиймээс сонгуулийн хуулиудыг нэгтгэх нь одоогийн байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд л хийгдэх ажил юм.

-Хуулийн төсөл хэзээ бэлэн болох вэ, хаврын чуулганд өргөн барьж амжих болов уу?
-Зорилго тавьж бай­на. Миний хувьд сон­гуу­лийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ер нь сонгуулийн хуулийг эрт батлах тусмаа сайн бай­даг. Сонгуульд ойртох тусам би хэрхэн, яаж, дахин сонгогдох вэ гэдэг нүдээр хараад байдаг тул их бэрхшээлтэй болж ирдэг. Тиймээс аль болох эртхэн хуулийн төслөө боловсруулаад, батлуу­лах зорилго тавьж бай­гаа. 

-Сонгуулийн нэгд­сэн хуулийн төсөлд хэ­зээнээс эхлээд дагаж мөрдөхөөр тусгаж бай­гаа бол?

-2016 оноос эхлэн үйлч­лэхээр тусгаж бай­гаа. 

-Улс төрийн намуу­дын тухай хуульд өөрч­­лөлт оруулахаар яригдаж байгаа. Уг тө­сөлд ялалт байгуулсан нам нь төрөөс сан­хүүж­дэг байхаар тусгаж бай­гаа гэл үү?
-Ялсан нам нь бус парламентад суудалтай намууд суудлынхаа хэм­жээгээр төрөөс сан­хүүжнэ. Энэ зохицуулалт одоо ч байгаа. Харин тэр мөнгөөр хэрхэн юу хийж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа тайлан маш хангалтгүй байгаа. Тухайлбал, намууд суу­дал бүрээсээ арван сая төгрөг төрөөс авдаг. Гэ­тэл тэр суудлын мөн­гө­нөөс сургалт судалгаанд хэдийг гаргасан, иргэд­тэй­гээ ажиллахад хэдийг зарцуулсан, суртал­чил­гаандаа хэдийг оруулсан зэрэг нь тодорхойгүй бай­даг. Үүнд төрөөс мөнгө өгөхдөө зориулалтыг нь зааж өгөхгүй байгаад учир дутагдал байгаа юм.

-Тэгвэл төрөөс өгч буй мөнгөөр намууд юу хийх ёстой вэ? 
-Миний хувьд улс тө­рийн сантай байх нь чу­хал гэж боддог. Тэр сан нь бодлогын хувилбарыг боловсруулдаг, иргэд­тэй­гээ холбогдож, байнгын хэлэлцүүлэг зохион бай­гуулдаг, эсвэл дараагийн улстөрчийг бэлтгэх сур­галт зохион байгуулдаг байвал зохимжтой. Ту­хайлбал, ИТХ-д нэр дэв­ших гэж байгаа хүн Засаг даргынхаа оруулж ирсэн тайланг нягталж, санхүүг нь хянаж чаддаг байх ёстой. Түүнээс бус хий уриа лоозон яриад, кноп дараад суудаг байж таа­рахгүй. Улстөрч гэдэг мэргэшсэн байх ёстой. Түүний төлөө байнгын сургалтад хамрагддаг байх учиртай.

Ийм жишиг Германд байдаг. Тэнд улс төрийн маш олон сан ажил­ла­даг. Эдгээр сангууд нь улсын төсвөөс санхүү­жилтээ аваад хувилбар боловсруулж, улстөрч­дө­дөө өгдөг. Ингэснээр сон­гуульд оролцоогүй мэд­лэг, чадвартай улстөрч­дийнхөө чадварыг ч ашиг­ладаг байна. Түүнч­лэн энэ санг намаас хэт хараат байлгахгүйн тулд удирдлагыг намаас то­милдоггүй, тусдаа байдаг. Эрдэмтэн, шинжээчид орох нөхцөлийг нь ч дээд зэргээр хангасан байдаг. Ийм л зүйл Монголд хэ­рэг­тэй байгаа юм. 
Өнөөдөр бидэнд нэг гашуун сургамж бий. 

-Юу билээ?
-Оюутолгойн гэрээ таа­руу болсон гэдэг. Ерөөс манай гурван сайд Оюу толгойн гэрээг бат­луулахдаа УИХ дээр Рио Тинто, Айвенхоу Майн­зын төлөөлөгч шиг л бай­сан. Тэдний гаргасан, бэлдэж өгсөн гэрээний төслийг цээжээрээ хам­гаа­лаад явж байлаа. Гэ­тэл нөгөө талд нь манай улс төрийн намуудын бэлдэж өгсөн гэрээний төсөл гэж байгаагүй. Өнөө­дөр Сангийн яам, Хууль зүйн яам нь гэ­рээний төсөл бэлдэж өгөх чадамжгүй байна. УИХ-д ч тухайн үед судалгааны байгууллага байгаагүй учир өөрсдийн хувил­ба­рыг гаргаж өгч чадаагүй. Гэтэл бид дээр хэлсэн сантай байсан бол УИХ, УИХ-д суудалтай намууд нь өөр өөрсдийн гэрээ­ний төслөө бэлдэж өгөх байлаа. Ингэх юм бол олон шүүлтүүрээр орсон гэрээ чамбай, амжилттай болох байсан. 
Өнөөдөр асар их хө­рөнгөтэй уул уурхайн гадны компаниуд хам­гийн өндөр хэмжээний хуульчид шинжээчдээр бэлдүүлсэн гэрээний заг­варууд бариад сууж бай­хад гэрээний нөгөө талд манай улстөрчид шал­дан сууж байна. Улстөрч гэдэг төгс хүн биш. Сан­гийн сайд байлаа гээд 25 хувьсагчтай тооцоо хий­гээд бодоод сууна гэж байхгүй шүү дээ. Тиймээс бид зөвхөн энэ удаа бус цаашид улстөрчдийгөө зэвсэглэж өгөх хэрэгтэй байна.

Т.ГЭРЭЛМАА

Р.Бурмаа: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг төрийн хамгаалалтад авна

УИХ-ын гишүүн Р.Бурмааг “Ярилцах танхим”-даа урьж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуу­лийг батлах гэж байх үед Ардын намынхан “Ардчил­сан намынхан Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ дахь Ардын намыг бүлэгтэй болгоно гэдэг шантаажийг хийж бай­на. Энэ хууль нь одоогийн Ерөнхийлөгчид давуу байдал олгосон” гэж байсан. Та энэхүү хуулийн  төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлаг­чаар ажиллаж байсан хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Баримттай л ярих хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн яг ямар заалт нь одоогийн Ерөнхийлөгчид давуу эрх олгоод байгаа юм. Ямар байдлаар бусад нэр дэвшигчийг ялгаад байгаа юм бэ. Мэдээж одоо ажлаа хийж байгаа Ерөн­хийлөгчид давуу эрх байгаа юу гэвэл тийм. Тухайлбал, төрийн тусгай хамгаалалт болон төрийн хангамжийг эдэлж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардаж авсных нь дараа төрийн тусгай хамгаалалтад авах тухай заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан. Энэ нь нэр дэвшигчдэд тэгш  эрхийг олгох гэснийх. Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн сур­талчилгаанд оролцуулж болохгүй гэсэн заалт оруулсан нь одоо Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаа хүний эрх мэдлийг хязгаарлахаас гадна өрсөлдөгчдөд нь ижил боломж олгож байгаа нэг хэлбэр юм. Өмнө нь нэр дэвшигчдэд ийм боломж байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнө нь байгаагүй сайн хууль болсон гэж үзэж байгаа.

-Тухайлбал, намуудын УИХ-д авсан суудлын тооноос хамаарч саналын хуудас дээр нэр дэвшигчдийг жагсаах тухай асууд­лыг жишээ болгож байсан?
-УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн дагуу нэр дэвшигчид болон намыг саналын хуудаст жагсаахдаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг нь харгалздаг. Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг саналын хуудаст жагсаахдаа намынх нь УИХ-д авсан суудлынх нь тооноос хамаарч эрэмбэлэхээр заасан бай­гаа. Энэ нь харин ч намуудад боломж олгож байна гэж үзэж байгаа. Тухайлбал, энэ удаа Ардчилсан намаас нэр дэвшигч саналын хуу­даст нэгдүгээрт жагслаа гэхэд дараагийн удаа аль намын нэр дэвшигч нэгдүгээрт бичигдэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Учир нь сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй шүү дээ. Дараагийн сонгуулиар аль ч нам УИХ-д олонхи болж болно. Нөгөөтэйгүүр, саналын хуу­дас дээрх нэр дэвшигчийн нэрийн урд фото зураг нь байхаар хуульд тусгасан учир хэддүгээрт бичигдсэн нь санал хураалтад тийм ч их нөлөөлөхгүй байх гэж бодож байгаа. Ардын намынхан энэ бүх­нийг шүүмжилж байгаагаас нь харахад олонхи байхдаа өөрсдөдөө ашигтай хууль баталдаг байсан юм болов уу. Тиймээс биднийг өөрсөд шигээ санаад хардаад байх шиг байна гэсэн бодлыг төрүүлж байгаа шүү.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах сурталчилгаанд ямар зохицуулалт хийхээр тусгасан юм бэ?
-Өмнө нь нэг талыг илт дэмжсэн аль эсвэл хэт муулсан шинжтэй, “эзэнгүй” сурталчилгаанууд маш их байсан. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуулиар энэ асууд­лыг нарийн зохицуулж өг­сөн. Нэгдүгээрт, бүх сурталчилгаа хариу­цах эзэнтэй, эргэж буцах хаягтай байх ёстой. Ийм сурталчилгаа нь хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэх юм бол тухайн нэр дэвшигчийг нэр дэвшүүлж байгаа нам, нэр дэвшигч сурталчилгааныхаа хариуцлагыг хүлээнэ. Энэ тохиолдолд тухайн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахаар хуульд тусгасан байгаа. Хэрэв хариуцах эзэнгүй, эргэж буцах хаяггүй сөрөг сурталчилгаа цацсан тохиолдол гарвал хэвлэл мэдээллийн бай­гууллага хариуцлага хүлээнэ. Мөн­гөн торгуулиар асуудалд хандах нь хариуцлага хүлээлгэх хэлбэр болж чадахгүй байгаа нь өмнөх жилүүдийн сонгуулийн үед батлагдсан учир энэ тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг гурав хүртэлх сараар түдгэлзүүлэхээр хуульд тусгасан. Гэсэн ч энэ асуудлыг давтаж, шийдвэрийг үл тоомсорлосон тохиолдол гаргасаар байх юм бол Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авах юм.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хууль зөрчсөн тохиолдолд хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ. Хэн, хэн хяналт тавих вэ гэдгийг нь маш тодорхой тусгаж өгсөн гэсэн үг.

-Хяналтыг хэн, хэрхэн тавих юм бэ?
-Төрийн бус байгууллагуудад хяналт тавих маш том эрхийг өгсөн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тухай заалтыг уг хуульд онцгойлон тусгаж өгсөн.  Энэ бүхний хэрэг­жилтийг хэрхэн хангасан эсэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгүүд хяналт тавих боломжтой. Бусад төрийн бус бай­гууллагууд нэрийн жагсаалтыг гаргахдаа хэн нэгний нэрийг давхардуулж, дутуудуулсан байна уу. Саналын хуудсыг зөв хэвлэж байна уу зэргээс эхлээд анхан шатнаас нь хяналт тавих эрхтэй. 

-МАН, МАХН гэсэн хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцож, цаашлаад нэгдэх тухай асуудлыг ярина гэж байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Намууд эвсэх, нэгдэх үзэгдэл байнга үргэлжилж байдаг. Тиймээс үүнийг болно, болохгүй гэж хэлэх субъект нь би биш. Гэхдээ Засгийн газарт орохдоо намуудын удирдлагуудын хийсэн гэрээ байгаа гэдгийг санах хэрэгтэй байх. Хэрэв гэрээ цуцлагдах юм бол ямар үр дагавар гарах вэ гэдгийг улс төрийн хүчнүүд мэдэж байгаа байх гэж бодож байна. Ер нь бол мөнхийн гэрээ гэж байдаггүй ч асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Засгийн газарт хамтарч байгаа нам, эвслүүд гэрээ бай­гуулахдаа “Орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно” гэдэг заалтыг тусгасан ч Ардчилсан намынхан эхэлж Засгийн газрын гэрээг зөрчиж, орон нутгийн хурлын сонгуульд дангаараа оролцсон гэдэг тайлбарыг МАХН-ынхан хэлж байна билээ?
-Орон нутгийн хурлын сон­гуулиар улс төрийн төв намууд орон нутаг дахь намууддаа заа­варлах эрхгүй. Орон нутагт эвсэх үү, хамтрах уу гэдэг нь орон нутгийн намуудын шийдэх асуудал байсан. Түүнээс биш “Засгийн газар байгуулахдаа орон нутгийн хурлын сонгуульд хамтарч оролцоно гэдэг гэрээ хийсэн учир та бүхэн орон нутгийн хурлын сонгуульд хамтар” гэсэн бол энэ нь Үндсэн хуулийг зөрчих болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд халдсан хэрэг болох байсан. Тиймээс энэ тохиолдолд ямар нэгэн зөрчил гаргасан зүйл байхгүй гэж харж байгаа. Зарим орон нутагт Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намуудын салбар байхгүй байсан шүү дээ. Тэгээд ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намууд энэ тохиолдлыг гэрээ зөрчсөн гэж албан ёсоор мэдэгдээгүй. Хувь хүмүүс л тэгж ярьж байна шүү дээ. Хувь хүмүүс юу ч гэж тайлбарлаж болно.

-УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуу­лийг нэгтгэж, энэ хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн гэсэн. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар  тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуу­лийг нэгтгэсэн хуулийн төсөл бо-ловсруулах ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болон сонгууль зохион байгуулахад гар бие оролцдог байгууллагуудын төлөөллүүдийг багтаасан байгаа. Нэгдсэн сонгуулийн тухай хуультай болохоор УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломж нээгдэх юм. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд парламентад суудалтай намууд болон төрийн бус байгууллагуудад хандаж хуулийн төсөлд ямар санал тусгах хүсэлтэй  байгааг нь авах зорилгоор захидал илгээж байна. Иргэд маань ч энэ хуулийн төсөлд саналаа тусгуулах эрхтэй.  Энэхүү хүсэлтээ УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд хаяглаж ирүүлбэл бид саналыг нь хуулийн төсөлд тусгахаар ажиллах болно.

-Ямар учраас УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэгтгэж, дээрх хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах гээд байгаа юм бэ?
-Нэгдсэн сонгуулийн тухай хуулийг баталснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хэн, яаж хэрхэн гаргах вэ гэдэг нь ойлгомжтой болно. Сонгуулийн хороодын ажил үүргийн хуваарь болон сонгуулийн маргааныг шийдэх тухай асуудал ч маш тодорхой болох юм. Өмнө нь нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд гаргадаг байснаас болж маш их асуудал үүсдэг байсан. Тухайлбал, УИХ болон Орон нутгийн хурлын сонгууль дөрвөн сарын зөрүүтэй болж байхад нэрийн жагсаалтад бичигдсэн хүний тоо нь 104 мянгаар зөрж байх жишээтэй. Энэ бол 2004 оны сонгуулийн үеэр илэрч байсан зөрчил. Мөн 2008 оны сонгуулийн үеэр 286 мянган хүнээр зөрж байсан шүү дээ. Энэ нь гурван өөр байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргасны улмаас гарч байсан зөрчил. Энэ бүхнийг дахиж гаргахгүй байх үүднээс бүх зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөн­хий газраас гарсан нэрийн жагсаалтад хэн нэгэн хүн дураараа өөрчлөлт оруулах эрхгүй. Харин хөндлөнгийн хяналтуудыг тал, талаас тавих эрхтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.Сарангоо


Р.Бурмаа: Үс, зүснээс үнэтэй зүйл эмэгтэй хүнд бий

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Энэ өдөр олон эмэгтэй цэцэг, урмын сайхан үгэнд дарагдаж өнжсөн биз ээ. Харин улстөрч бүсгүйчүүд энэ өдрийг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг бол. Тэд төр түшилцэж яваа ч гэлээ ар гэр, хань, үр хүүхдэдээ хайр халамжаа түгээн суугаа бүсгүйчүүд юм. Түүний нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Та “Мартын 8”-ыг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг вэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эмэгтэй гишүүдээ хүлээн авч баяр хүргэсэн тухай сонссон. Улс төрийн хүрээний найз нөхдөөсөө баярын үг чамгүй сонссон биз?
-Өө, арга хэмжээнд оролцсоор байтал дуусах шив дээ. “Бэлэг төгс” гэсэн ээжүүдэд зориулсан арга хэмжээнд очлоо.  Их сайхан арга хэмжээ байдаг юм байна. Түүнээс гадна эмэгтэй уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэнг сонирхож сэтгэлийн таашаал амслаа. Салбар, салбарын эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг “Даймонд” клубын нэг жилийн ойн баярын хүлээн авалтад ч оролцож амжлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эмэгтэй гишүүдээ хүлээн авч уулзсан юм байна. Ингээд тоолвол баяр хүргэгчдийн тоо олон болох нь ээ. Миний хувьд энэ баярыг бусад эмэгтэйтэй харьцуулахад тийм ч өндөр хэмжээнд тэмдэглээд байдаггүй.  Жил бүрийн энэ өдөр ээж, эгч, дүү, бэрдээ цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлалаа дагаад тэдэндээ цэцэг бэлэглэлээ. Өмнө нь багц сарнай цэцэг бэлэглэдэг байсан юм. Гэтэл өнөөх нь хоёр ч хонохгүй үхчихээр хайран санагддаг байлаа. Харин энэ жил тасалгааны цэцэг бэлэглэсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн маань цэцгийн хүлэмжтэй юм билээ. Монголд байхгүй цэцгийн үрийг хаа байсан Голланд, Казахстанаас авчирч ургуулдаг. Энэ нь Монголын нөхцөлд маш сайхан ургана. Тэндээс нь цэцгээ сонгож авсан. Тэгээд ч миний эжий тасалгааны цэцгэнд маш их дуртай.

-Олны танил хүмүүсийг жүжигчин үү, дуучин уу, улстөрч үү гэдгээс үл хамаараад тэдний хувийн амьдралыг их сонирхдог шүү дээ. Танайх ам бүл хэдүүл вэ. Аав, ээжийнхээ талаар яриач?
- Хоёр хүүтэй. Одоо тэд маань өрх тусгаарласан том харчууд болжээ. Хоёр хүүхэдтэй ч гэлээ тэдний маань хүүхдүүд гээд өнөр өтгөн айл болж өргөжсөн байна. Миний аавыг Л.Раднаа гэдэг. Насаараа математикийн багш хийсэн хүн. Хэдийгээр багш хүн ч гэсэн спортынхны дунд нэр хүндтэй буурай. 61 жилийн өмнө ууланд авирч байсан анхны уулчин. Хамт авирсан уулчид дундаа амьд сэрүүн яваа нь ганц миний аав юм уу даа. “Уулын улаан” гэж хочтой. Үүнийг нь би хоч гэхээс илүү алдар гэж ойлгодог. Яагаад гэвэл уулын хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл нь юм. Спортынхон бол миний аавыг андахгүй байх аа. Харин ээжийг маань Г.Сэрээтэр гэдэг.  Биеийн тамирын багш. Залуудаа их сайхан бүжиглэдэг байсан юм гэнэ лээ. Багш болохоор бүжгийн спортоос илүү хүүхэд сурган хүмүүжлүүлэхээ урьтал болгосон гэх үү дээ. Шавь нараа олон төрлөөр улсын аварга болгосон багш хүн бий дээ. Би ээжээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явдаг юм. Миний эжий их дайчин, хөдөлмөрч эмэгтэй. Ямар ч юмыг хүнд хэцүү гэж хойшлуулж байсангүй. Ажил амьдралд нь ямар ч зовлон тохиолдсон даваад гардаг дайчин. Өөрөө олон хүүхэд төрүүлсэн, тэд нь ойр ойрхон төрсөн байтал ажлаасаа нэг ч удаа чөлөө авч байсангүй. Ямар ч өвчин зовлон хэлж үр хүүхэд биднээ сандаргаж байсангүй. Энэ л зарчмаар биднийг өсгөн хүмүүжүүлжээ. “Та нар ажлыг их, бага гэж бүү гол. Хийгээд ард нь гар. Хүнийг битгий ялгаж харьц. Хэзээ нэгэн цагт чиний дорд гэж үзсэн хүн чинь чамаас ч сайхан амьдарч болно. Бусадтай сайхан харилцаатай яв. Болж өгвөл битгий гутарч бай. Өөдрөг сэтгэл, эерэг бодолтой явбал ажил нь аяндаа бүтнэ” гэж. Энэ сургааль нь одоо ч бидний сэтгэлд уяатай явна. Би ийм л сайхан аав, ээжтэй хүн дээ. 

-Бүсгүйчүүд эх хүн болохоороо ээжийгээ илүү ойлгодог шүү дээ. Ээждээ хайртай гэдгээ илэрхийлж чадах юм уу?

-Өөрт нь хязгааргүй хайртай гэж хэлж чаддаггүй. Бэргээд байгаа ч юм уу хэлэхээс нэг л эмээгээд байдаг юм. Дотроо бол эхийгээ харах бүртээ баярлаж явна даа. Ээж гэлтгүй аавдаа ч энэ үгийг хэлж зүрхлэхгүй явна. Харин танай сониноор дамжуулаад “Хоёр буурайдаа хайртай шүү. Үр хүүхэд бидэндээ амьд сэрүүн харагдаж яваа нь хамгийн том аз жаргал юм” гэж хэлмээр байна. Нэг дуу байдаг даа. Ээжтэйгээ хамт өтөлье гэж. Түүн шиг эжий, аав хоёртойгоо хамт өтөлж явъя даа гэж боддог юм. Манай ээж чинь утсаар байнга ярина. “Чи манайд ирж хоол идээч. Би ийм, ийм хоолоо хийлээ” гээд л. Тэгснээ хамт ажилладаг хүмүүсээ дагуулаад ир. Ирээд ярьж сууж байгаад харь гэнэ. Их зочломтгой, олонтой хүн гэх үү дээ. Уг нь болж өгвөл очиж хийсэн хоолыг нь идэх юмсан гэж хичээх юм. Даанч энэ улс төрийн ажил чинь хэр баргийн зав чөлөө олгоод байдаггүй. Тийм болохоор очиж амжихгүй л юм. Яахав, хааяа заавал ажил хэрэг болгож очно оо. Намайг очихоор нөгөө хоёр маань сүйд. Хүүхэд шиг баярлана.

-Та ээжийнхээ ямар зан чанарыг өөртөө шингээсэн гэж боддог вэ?

-Манай ээж багшаар ажиллаж байхдаа нэг ч удаа өвдөж, чөлөө авч байгаагүй. Ажил цалгардуулж байгаагүй. Тэр хэмжээгээр ажилдаа их хариуцлагатай. Байнгын шинэ зүйлийг эрэлхийлж суудаг хүн. Тэтгэвэрт гарсныхаа дараа хүртэл эмчилгээний нэг курст  очоод суучихаад үр хүүхэд, ач зээгээ ханиад хүрэхээр эм гэхгүйгээр гарын дор аргаар эмчилж байх жишээтэй. Сэтгүүл, сонин бас их уншина. “Тэр сонинд тийм хэрэгтэй юм бичсэн байна. Алив, чи олж унш” гээд л. Идэвхтэй амьдралын хэв маягтай. Түүгээр нь бахархаж явдаг юм.

-Тэгэхээр танайх хүүхэд бужигнасан айл бололтой. Эцэг, эх нь багш учраас сурган хүмүүжүүлэх талдаа их өргөн байсан байх?

-Ер нь багш хүмүүс гэртээ ирээд хүүхдээ сургаад байдаггүй юм шиг ээ. Би аав, ээжийгээ хараад тэгж ойлгосон. “Тэр чинь зөв. Энэ буруу” гэж хатуу зарчмаар нэг ч үг хэлж байсангүй. Багш хүмүүсийн онцлог гэж бий. Тэр нь их гэгээлэг байдаг. Хүүхдүүдийн дунд байдаг учраас муу санаа гэж байдаггүй. Тэр ч утгаараа хүүхэд шиг сэтгэл хөдлөл ихтэй, сайхан энерги цацруулсан гэгээлэг хүмүүс байдаг юм.

-УИХ-ын гишүүн Р.Бурмааг тайрмал үстэй, нүдний шилтэй, алчуур, эсвэл энгэрийн зүүлтээр гоёдгийг хүмүүс гадарлах болсон байх. Та гадаад имижээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Имижээ бүрдүүлье гэж нэг их тусгайлан хүчин чармайлт гаргаж явсангүй. Хойшид ч нэг их имиж хөөцөлдөөд, өөр болоод явна гэж бодохгүй байна. Хүний гадаад төрх гэдэг дотоод ертөнцийнх нь л үргэлжлэл шүү дээ. Би харин эх хүн, эмэгтэй хүний эргэн тойрондоо бий болгож чадах сайхан зүйл бол ёс зүй, зөв сэтгэл, өөдрөг, эерэг эрмэлзэл юм гэж боддог. Энэ нь үс, зүснээс чухал үнэтэй зүйл юм даа. Улс төрд байгаа эмэгтэй хүнийхээ хувьд миний үзэл бодол, итгэл үнэмшил нийгэмд зөвийг санагдуулах үлгэр дууриал болж байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш би УИХ-ын гишүүн боллоо гээд гоёж гоодоод имиж хөөцөлдөөд явах нь утгагүй. Эмэгтэй гишүүдээ бодвол хамгийн имиж муутай нь байж мэдэх юм. Гэхдээ би гадаад үзэмжээс дотоод гоо сайхныг илүүд үздэг нэгэн. Яахав, хааяа ээж маань утсаар ярина. “Чи улс төрийн хүн ийм хувцас өмс. Хэлж ярихдаа ингэж хэл” гэх нь бий. Тэр бүрийг нь дагаж мөрдөхгүй ч хааяа нэг өөртөө тусгаж авна аа.

-Та гэрийн хэр сайн эзэгтэй вэ. Гэр бүлдээ цаг зарцуулж чадаж байна уу?

-УИХ-ын гишүүн чинь ар гэртээ цаг бага зарцуулдаг юм байна. Ямар ч байсан эхний хагас жилд ар гэрийн ажилд маш бага оролцжээ. Оройд очиж унтах л шив дээ. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Харин цаашдаа зохицуулахаас өөр арга алга. Би л нэг гишүүн гэж хэнхэглээд ар гэрээ мартаж болохгүй. Ирэх чуулганаас эхлээд  ажлаа зохицуулж ар гэртээ анхаарал тавья гэж бодож байгаа шүү.

-Таны бодлоор сайхан монгол эмэгтэй ямар байх ёстой вэ?

-Цаанаасаа л гэрэл цацруулсан эмэгтэй гэж байдаг. Уулзаад салахад л сайхан сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг, өгөөмөр, элдэв хар санаа байхгүй тийм бүсгүйг сайхан монгол эмэгтэй гэнэ. Гадаад  үзэмж гэхээс илүү дотоод сэтгэлийн сайхантай л байх ёстой. Эерэг бодлоор цэнэглэгдсэн, бусдад энерги түгээж зөв явж байгаа хүнийг сайхан эмэгтэй гэж боддог.

-Эмэгтэй гишүүдийнхээ хэнтэй нь илүү найз вэ. Зовлон, жаргал учирсан саад бэрхшээлээ хоорондоо ярина биз?

-АН-ын зургаан эмэгтэй өөр хоорондоо ойр дотно шүү. Байнга шахам уулзаж ярилцана. Бие биендээ дэм өгнө. Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүнийг эзгүй байхад нь бүлгийн ажлаа хуваагаад л хийнэ.  Нэгнийхээ оруулж байгаа хуулийн төслийг ч гэсэн сайн дэмждэг. Бусад намын эмэгтэй гишүүнтэй ч гэсэн ялгаагүй сайн харилцаатай. Харин бидний дунд хувийн асуудлаа шийдэх уулзалт гэж байдаггүй. Бид нийтийн эрх ашгийн төлөө зүтгэх ёстойгоос биш хувийн эрх ашгийг чухалчилж үздэггүй.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар та бишгүй дуугарч яваа эмэгтэй. Энэ санал санаачлагаа ямар үр дүнтэй байна гэж үзэж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн эрхийн талаар цөөнгүй ажил хийсэн гэж боддог. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний чадварыг  дээшлүүлэх талаар олон сургалт, судалгаа хийж байлаа. Одоогийн хийж байгаа ажил гэвэл Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн квот байх хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулиас илүү Улс төрийн намын хуульд квот байх ёстой гэж үзэж байна. Нөгөө талаас улс төрч гэдэг бол өөрөө мэргэшсэн байхыг шаарддаг. Энэ утгаараа эмэгтэйчүүдээ ард иргэдтэй харилцах соёл, тэдний санаа бодлыг илэрхийлэх ур чадварт суралцах ёстой. Дээрээс нь хуулийн төслөө уншаад  ойлгодог, тайланг нь хянаж асуултуудаа асууж чаддаг байх ёстой. Орон нутгийн төвшинд юуг шийдэж болох, хэрхэн яаж шийдэх вэ гэсэн хууль дүрмийг бас мэдсэн байх ёстой. Түүнчлэн хүн бүрийн өгсөн бэлгийг аваад байж болохгүй. Гадаад, дотоодод урьсан хүн бүрийн урилгаар явж очоод байж болохгүй гээд сургалт зайлшгүй шаардлагатай. Нөгөө талдаа Хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах ёстой. Тухайлбал эмэгтэйчүүд бэлгийн дарамтад их орж байгаа. Тэгвэл хэргийг мөрддөг хүн нь эмэгтэй цагдаа баймаар байна. Үүний тулд эмэгтэй цагдаа бэлдэх хэрэгтэй. Мөрдөн байцаах албыг тусгайлан ажиллуулах гэж байгаа юм бол хүний наймаанд мэргэшсэн эмэгтэй мөрдөн байцаагч ажиллуулах гээд олон шийдэх ёстой асуудал байна. 

Д.Болормаа