Showing posts with label ЭРДЭНЭ С. Show all posts
Showing posts with label ЭРДЭНЭ С. Show all posts

Tuesday, 5 February 2013

С.Эрдэнэ: Нүүдлийн шувуу шиг байгууллага хэсдэг арми бий болчихоод байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулж байгаа. Энэ бодлогод ахмадын хөгжлийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар салбарын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай яамнаас ахмад настнуудад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ?
-Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг бид боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барьж, эрх зүйн баримт бичиг болгон батлуулах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичигт ахмад настны талаарх асуудлыг хэрхэн яаж тусгах уу, яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал яригдаж байна. Хамгийн гол нь насжилттай холбоотой асуудал байгаа. Үүнтэй холбоотой бодлогын шинэчлэлт хийх шаардлагатай.
Монгол Улс НҮБ-ийн Хүн амын сантай хамтарч хийсэн судалгаагаар 2025 оноос эхлээд насжилтын асуудал үүсч, 2030 онд идэвхжиж, 2040 оноос оргил үедээ хүрэхээр судалгаа харагдаж байгаа. Хүн амын насжилт идэвхжихээр эдийн засгийн сөрөг үр дагавар нэмэгдэж, хурдац нь саардаг зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Энэ бол дэлхийн хөгжилтэй улс оронд бий болсон сөрөг үзэгдэл. Өнөөдөр монголын хувьд хүн амын насжилтын хамгийн тааламжтай цаг үе. Ийм цаг үед ахмад настнуудын талаар авах арга хэмжээ, төрийн бодлогыг зөв тодорхойлж, бий болох насжилтын сөрөг үр дагаврыг даван туулах бэлтгэл ажлыг хангах үүднээс “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” ахмадын улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

-Яагаад заавал бодлогын шинэчлэлт хийх шаардлагатай гэж?
-Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд шинэчлэлт өөрчлөлт хийхгүйгээр улс орны хөгжил урагшлахгүй юм байна гэдэг дээр гол дүгнэлт хийсэн. Бүх зүйл болоод байгаа юм шиг хэрнээ болохгүй байна. Аливаа нэг юм хийх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг зогсонги байдалд орчихсон. Маш олон хүчин зүйл үүнд нөлөөлж байсан. 

Тийм учраас энэ бүгдийг эрс өөрчилж шинэчилж байж хөгжлийг нь хөдөлгөөнд оруулж үр дүнд хүрэх юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг үндэслэж шинэчлэлийн Засгийн газар нэр томъёогоо өөрчилсөн. Хэрэгжүүлж байгаа бүх зорилтууд шинэчлэлтэйгээ уялдаж явж байгаа. Аливаа өөрчлөлт шинэчлэлт бүгд уялдаа холбоотой. Тэгэхээр бид өнөөдөр нийгмийн өмнө тулгараад байгаа, зогсонги байдалд ороод байгаа нийгмийн хөгжлийн асуудлыг шинэчилье, өөрчилье, өөр өнцгөөс харъя, эрчимтэй үйл ажиллагаа явуулъя гэсэн зорилт тавьж байгаа.

-Манай улсад ахмадын хөгжил ямар шатанд явж байгаа бол?
-Өнөөдөр нийгэмд ахмадын хөгжлийн асуудал бол үндсэндээ байхгүйтэй адилхан байна. Ахмадууд өнөөдөр эрх бүхий байгууллага, төрд тавьж байгаа асуудлуудын гол нь юу гэхээр тэтгэврээ нэмэгдүүлэх, ахмад настны халамжийн бодлогод илүү түлхүү анхааруулах гэсэн ийм л шаардлага тавьдаг. Илүү юм шаарддаггүй шүү дээ. 
Ахмад настнуудын хөгжлийн асуудлыг аваад харах юм бол үндсэндээ тэд тэтгэвэрт гараад бүх юм нь дуусгавар болсон юм шиг ийм л нөхцөлд амьдарч байгаа. Тэдэнд хөгжлийн бодит боломж харагдахгүй байна. Тэд өнөөдөр үнэ хөлсгүй хөдөлмөр хийж байна. Айлын гэр цэвэрлэж хоолыг нь хийж, хүүхдийг нь хардаг, хасаг хорионд байдаг гэх мэтчилэнгээр ярих юм бол хөгжлийн асуудал нь бүрхэг байгаа юм. Бусад хөгжсөн оронд ахмад настнууд яадаг вэ гэхээр тэтгэврийн орлого, өөрт байгаа бүх юмыг зөвхөн өөртөө зориулдаг.
Ахмадууд бол улс орондоо хийдэгээ хийчихсэн, бүтээдгээ бүтээчихсэн, үр хүүхдээ төрүүлээд, өсгөөд үүрэг хариуцлага хүлээх хэмжээнд нь хүргээд өгчихсэн хүмүүс. Гэтэл манай оронд яаж байна гэхээр “чи хийдгээ хийчихсэн үү” гэсэн шиг тэтгэвэрт гарангуут нь шууд хагас ял шийтгэл оноож байгаа юм шиг байдалд шилжүүлчихдэг. Жилд алдаг оног олддог сувилалд амрахаас өөр зүйл байдаггүй. Гавъяныхаа амралтыг эдлэж чадаж байна уу, хөгжиж чадаж байна уу, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож байна уу гэвэл үгүй. Бүх юмнаас тусгаарлагдсан байдаг. Энэ байдлыг зогсооё. Ахмадуудаа өөр өнцгөөс харъя, хөгжлийн асуудлыг нь өөр өнцгөөс тодорхойлъё.

-Тэгвэл энэ зогсонги байдалд ороод байгаа ахмадын хөгжлийн асуудлыг яаж өөрчлөх вэ?
-Хүн амын дундаж наслалт өсч байна. Тэтгэвэрт гараад бие эрүүл ухаан саруул, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байгаад байдаг. Гэтэл хуулиараа тэтгэвэрт гаргаад ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарладаг. Тэгэхээр хамгийн түрүүнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хуулийг яаралтай баталж ахмад настан зөвхөн тэтгэврийн орлогоор биш,өөрийнхөө чадвар чадлаараа олж байгаа нэмэгдэл орлогыг бий болгох бодит эрхзүйн орчинтой болгох. 

Тэгснээрээ өөрийнхөө амьжиргааг дээшлүүлэх өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх боломжтой байх нөхцөлийг нь бүрдүүлж өгье гэж байгаа. Ингэж харилцан уялдсан бодлого явуулаад үүгээрээ ахмад настны нийгмийн ахуй байдлыг нь дээшлүүлэх, бодит орлогыг нь нэмэгдүүлэх ийм боломжийгбий болгожажиллах нь туйлын чухал гэж харж байгаа. Энэ бүгд чинь цогцоороо нийлээд ирэхээрээ ахмад настны хөгжил бий болно.

-Зах зээлийн нөхцөл байдал ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг шахаад байгаа юм биш үү?
-Зах зээл шахаад байгаа юм биш. Эрх зүйн зохицуулалт нь өөрөө шахаад байгаа юм. Ажлын чадвар нь хэвээр байгаа ахмадууд төрийн болон төрийн бус аль нэг байгууллагад ажиллъя гэхээр төрөөс эрх зүйн дэмжлэг байдаггүй, ахмад настныг ажиллуулах эрх зүйн зохицуулалт байхгүй зэрэг байдал нь шахаад байгаа юм.

-Монголд ажилгүй залуучууд олон байхад ахмадуудад ажлын байр олдох болов уу?
-Энэ асуудалд би шал өөр байр суурьтай байгаа. Залуучууд өөрийн мэдлэг чадварт тохирсон ажлаа олж хийх боломж бүрэн дүүрэн байгаа. Харамсалтай нь дийлэнхи олонхи нь илүү амар хялбар амьдралыг хайж байгаа. Илүү амар хялбар аргаар орлого олох гэсэн, хялбар аргаар амьдрах гэсэн тийм хүсэл зорилго нь давамгайлчихаад байна. Хуучин бол ажлын байрны хомсдол гэж байсан бол одоо ажиллах хүчний хомсдол бий болчихлоо. 
Ажлын байрны зар хангалттай зарлагдаж байна. Хөдөлмөрийн бирж дээр ч тэр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэр ажлын байрны зараас их юм алга. Харин ирж байгаа ажиллах хүчин гэж маш бага болчихсон. Ирж байгаа нь ажил голдог шилдэг, цалингаа голдог, ажилд тавигдах шаардлага, нөхцөлөө голдог. Тэгээд л дэнгийн эрвээхэй, нүүдлийн шувуу шиг аж ахуй нэгж хэсээд явж байдаг бүхэл бүтән арми бий болчихоод байна.

-Ажиллах хүчний нүүдэл гээд байгаа энэ зүйл ганцхан манай оронд байна уу. Олон улсад ямар байдаг вэ?
-Зөвхөн манай оронд ийм асуудал болоод байгаа юм биш байна лээ. Жишээ нь Азийн орнуудад 1950-аас 1960-аад оны үед яг ийм урсгал бий болж байсан. Тухайн үед түүнийг төрөөс тодорхой хууль эрх зүйн хүрээнд болон ААН-үүдийн оролцоотойгоор энэ асуудлыг шийдэж байсан юм байна лээ.
Солонгос, Японд гэхэд ийм ажиллах хүчний нүүдэл бий болоод эхпэнгүүт яасан гэхээр ААН-ын удирдлагууд хоорондоо зөвшилцөөд аливаа шинэ хүн ажилд авахдаа хаана ажиллаж байсан, ямар шалтгаанаар халагдсан, хэр зэрэг мэдлэг боловсролтой, ямар хүн бэ гэдэг тодорхойлолтыг урд нь ажиллаж байсан байгууллагаас нь заавал авч байж ажилд авдаг байхаар болж байсан. Мэдээж тодорхойлолт муу байх юм бол тэр хүнийг ажилд авахгүй. 
Тийм зохицуулалт хийгээд эхлэнгүүт ажиллах хүчний нүүдэл аяндаа хязгаарлагдаж эхэлсэн. Хариуцлагатай болж эхэлсэн байдаг. Харин манайд бол тэгдэггүй. Хаана юу хийж байсан нь сонин биш. Англи хэлний мэдлэгтэй, нуруу туруу зүс царай дажгүй байвал тэгээд л авчихдаг. Нөгөө орсон хүн нь хариуцлага хүлээхдээ муу, нэг хоёр удаа шаардлага тавибал хаяад яваад өгдөг. Ажиллах хүч нь ч тэр байдалдаа дасчихсан, ажил¬луулах газар нь тэр байдалдаа дасчихсан.

-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль батлагдсанаар ахмадууд аль ч салбар гараад ажиллах боломжтой гэсэн үг үү?
-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн ажлын онцлог өөр. Олонхи нь насан туршдаа хуримтлуулсан дадлага туршлагаараа оюуны ажил эрхлэх боломжтой. Тухайн үйл ажиллагаа явуулахад нь чиглэлээр ажиллах нь илүү байна гэж харж байгаа. Баялаг бүтээхэд ахмадуудын оролцоо муу байна. Бүх өндөр настан, ахмадуудыг ажил хий гэж байгаа юм биш хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа ахмад настнуудын эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх нь чухал байгаа юм.

-Ахмадтай холбоотой асуудал яригдахаар зайлшгүй тэтгэвэрийн нэмэгдэл, зөрүүний асуудал гарч ирдэг. Тэтгэврийн асуудлыг шинэчлэх үү?
-Тэтгэврийн хэмжээг автоматаар нэмдэг байдлыг халах хэрэгтэй. Хуучин тэтгэврийг ийм төгрөгөөр нэмэх гэж байна гэж зарлаад, тэтгэвэр нь нэмэгдэх гэсээр байтал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, тэтгэвэр нэмсний үр дүн гардаггүй байсан. Тэгэхээр энэ жилээс Үндэсний статистикийн хороо Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтарч судалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулж, Засгийн газар тэтгэвэр нэмэх эсэхийг шийддэг хууль хэрэгжиж байгаа. Тиймээс удахгүй дээрхи хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч судалгаа хийнэ. Үүнээс үндэслэж Засгийн газар дараагийн алхмаа хийнэ.

Б.Нямзул 
Нийслэл таймс

Saturday, 16 July 2011

С.Эрдэнэ: "Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчих ёсгүй"


УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн хэмээн шүүхэд хандсан. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч эцэст нь та яллаа. Ер нь Сонгуулийн ерөнхий хо­роог яагаад шүүхэд өгөх болсон юм бэ?

-Би Сонгуулийн ерөнхий хо­роо хууль зөрчин нэг жил гур­ван сар 11 хоног УИХ-д суух боломжийг минь алдаг­дуулсан гэх үндэслэлээр Чин­гэлтэй дүүргийн шүүхэд гом­дол гаргасан юм. Хамгийн гол нь хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс л асуу­далд хандсан. Энэ ху­га­цаанд шүүх хурал нэг удаа хойшилсон. Хоёр дахь удаа­гийн хуралдаанаар шүүхийн шийдвэр миний талд гарлаа. УИХ-ын болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуу­лийн 15.2, 50.1.2-т Сонгуу­лийн ерөнхий хороо ард түм­нээс сонгогдсон УИХ-ын ги­шүүдийн нэрсийг нам, эвсэл бүлгээр нь жагсааж, Ерөн­хийлөгчид айлтган, нийтэд мэ­дээлэх үүрэгтэй. Энэ хороонд ямар нэгэн хяналт шалгалтын ажил явуулах, аль нэг нэр дэвшигчийг өргөн барихгүй, нийтэд мэдээлэхгүй байх эрх хуулиар олгогдоогүй. Тиймээс л хууль зөрчсөн байгаа юм. Тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар бол сонгуулийн дүнтэй хол­боо­той маргаан гарсан тохиол­долд 14 хоногийн дотор тойр­­гийн хороо эцэслэн шийд­­вэрлэнэ гээд бүрэн эрх ол­го­чих­сон. Үүний дагуу 25 ду­гаар тойргийн хороо 16 тоот тогтоолоо гаргаад Сон­гуулийн ерөнхий хороонд хүргүүлчихээд байхад тус хороо үл ойшоон 25 дугаар тойргийн хорооноос дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн нэ­рийг өргөн бариагүй.

-Тантай цуг хэн, хэн бай­сан юм?

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, Д.Энх­бат бид дөрвийн нэрийг өр­гөн бариагүй шүү дээ. Сонгуу­лийн ерөнхий хорооны өмнөх дарга Д.Баттулга тухайн үед удаа дараа хууль бус тайлбар хийж байсан. Эрүүгийн хэрэгт шал­гагдаж байгаа асуудлыг шийд­сэний дараа өргөн ба­рина, тойргийн хороон дээр мар­гаан үүссэн, тойргийн хо­рооны тогтоол нь хүчин төгөлдөр биш гэх мэт хууль бус үндэслэлээр хойшлуулж байлаа. Долоодугаар сарын 3-нд гаргасан тойргийн хорооны тогтоолыг Сон­гуулийн ерөнхий хороо гурван са­рын дараа 70 дугаар тогтоол гар­гаж, хүчингүй болгосон байдаг юм. Гэтэл наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчид айлтган УИХ-д өр­гөн мэдүүлсэн 55 дугаар тог­тоолоор 66 хүний нэрийг өргөн барь­сан. Энэ үед тойргийн хорооны тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ бай­сан. Үүнээс хойш бараг хоёр сарын дараа 70 дугаар тогтоолоор хү­чингүй болгосон. Харин уг тог­тоолыг зөвшөөрөөгүй учир өмнөх тог­тоолоо баталгаажуулан 17, үүний дараа 18, тэгээд 19 дүгээр тогтоолыг гаргасан. Ямартай ч тойргийн хороо хуу­лиар олгогдсон эрхийнхээ дагуу тогтоолоо дөрвөн удаа гаргалаа. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо хам­тын удирдлагатай байгууллага. Хамтын шийдвэрээ тогтоолын хэл­бэрээр гаргадаг учиртай. Түүнээс биш албан тоотоор аль нэг тойрог, хэс­гийн хороонд үүрэг даалгавар өгөх эрхгүй. Хэт улстөржсөн ийм хандлага явсаар байгаад 2009 оны нэгдүгээр сарын 13-нд 25 дугаар тойр­гийн хорооны нэр дэвшигчдийг өргөн барихдаа зөвхөн миний нэрийг үлдээсэн.

-Чухам яагаад таны нэрийг үлдээсэн юм бэ. Тухайн үед бол янз бүрээр ярьж байсан?

-Сонгуулийн ерөнхий хороо “Нэг сон­гогдогчийн нэрийг эрүүгийн хэ­рэгт шалгаж байгаа асуудал ший­дэгдсэний дараа өргөн барих нь зүйтэй гэж үзлээ” гэсэн. Энэ нь хуу­лийг дээд зэргээр, ноцтойгоор зөрч­сөн үйлдэл. Тойргийн хорооны тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр бай­саар байтал дур мэдэн өөрчилж, дөрвөн нэр дэвшигчээс нэгийг нь су­галж үлдэнэ гэдэг дэндүү улстөрж­сөн бүдүүлэг алдаа гэж хэлж болно. Энэ хугацаанд би эрүүгийн хэрэгт шалгагдаж дуусаад 2009 оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болсон. Харин найм­дугаар сард цагаатгах тогтоол гарсан. Ингээд аравдугаар сард УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж ажлаа эхлүүлсэн юм.

-Жил гаруй парламентын гишүүнээр ажил­лаагүйн цалин гэж 10.3 сая төгрөг нэ­хэмжилсэн юм уу?

-Би мөнгөний төлөө яваагүй. Тө­рийн маш чухал байгууллага бол Сон­гуулийн ерөнхий хороо. Энэ бай­гууллага нь Монгол төрийг тогтвор­той, хуулийн дагуу байгуулах үүрэг­тэй. Гэвч хэтэрхий улстөржиж, олон­хийн санал авсан УИХ-ын гишүү­нийг санаатайгаар бүрэн эр­хийг нь эдлүүлэхгүй байх үйлдэл да­хин битгий гаргаасай гэсэндээ шүүхэд хандсан юм. Хэрэв дахин ийм зүйл гарвал хуулийн хариуцлага хүлээдэг юм гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Өмнө нь ийм асуудал гарч бай­сан уу?

-З.Энхболд гишүүн 2004 онд жил таван сарын дараа УИХ-ын ги­шүүнийхээ бүрэн эрхийг эдэлж бай­сан. Сонгууль болгонд нэг гишүүн хууль бусаар хугацаанаасаа хоцорч ороод байгаа нь Үндсэн хуулийн заал­тыг зөрчиж байгаа хэрэг. Үндсэн хуульд “Монгол Улсын их хурал 76 гишүүнтэй, нэг танхимтай парла­менттай байна” гээд заачихсан. Гэвч үнэн хэрэгтээ 76 гишүүнтэй байна гэ­сэн заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа биз дээ.

-Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн тохиолдолд ийм, ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн зүйл, заалт бий юү?

-Тэгэхээр одоо Сонгуулийн ту­хай хуулийг зөрчсөн этгээдүүдэд хү­лээлгэх Эрүүгийн хуулийн хариуц­лагыг чангатгах ёстой юм. Аливаа сонгуулийн үр дүнг бу­ди­лаантуулах нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого гэж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр Мон­голын төрийг байгуулж байгаа шүү дээ. Тиймээс илүү хариуцлагажуулж, чангатгах нь зөв.

-Ардчилсан намын дарга Н.Ал­тан­хуяг таныг тагнаж, чагнасан хэ­мээн Тусгай хяналтын дэд хо­роонд хандсан. Уг хорооны хурал хойшилсоор байгаа. Хэзээ хуралдах талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг Тусгай хяналтын дэд хо­рооныхон л мэдэх байх. Миний хувьд асуудлыг тогтоож, шалгаж өгөөч ээ хэмээн өргөдлөө өгчихсөн. Тус хороо миний мэдэхийн гурав, дөр­вөн удаа хуралдаж чадсангүй. Чухам ямар үндэслэлээр, яагаад хурал­дахгүй байгааг мэдэхгүй юм. Энэ талаар асууж, сонирхсонгүй.

-Та намынхаа даргатай нэг бус удаа нэ­лээд ширүүхэн муудалцсан. Юунаас болж та хоёр хоорон­доо таагүй харилцаатай болчихсон юм бэ?

-Бид хоёрт хувь хүний хувьд таа­гүй харилцаа байхгүй. Ямар нэгэн зүйл булаацалдаагүй болохоор муу­дал­цах шалтгаангүй. Харин намын үйл ажиллагаа, улс төр, эдийн засаг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлаас болоод л муудалцдаг. Тэр хүний үзэл бодол өөр. Минийх бас өөр. Жишээ нь би хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байх ёсгүй гэж үздэг. Харин тэр хүн Тэргүүн шадар сайдын албыг хашиж байна. Би өөрт нь “Та энэ Засгийн газарт байвал намын даргаа өг. Эсвэл Тэр­гүүн шадар сайдынхаа суудлыг өг. Учир нь хамтарсан Засгийн газрын гадна Ардчилсан намын дарга байх ёстой. Ингэж байж гүйцэтгэх засаг­лалыг ташуурдаж, үгээ хэлж, Ард­чилсан нам амьд байгаагаа харуулах бо­ломж бүрдэнэ” гэж хэлдэг. Намын дарга нь хамтарсан Засгийн газарт бай­гаа юм чинь нам хөдөлье гээд яаж ч чадахгүй. Ийм шаардлага тавьс­ны төлөө бид муудалцсан. Над руу “Чамайг Н.Энхбаяртай есөн удаа уулзсаныг чинь мэднэ шүү” гэж л байсан. Үүнийх нь хариуд “Та Тагнуулын төв газрыг удирддаг юм уу. Таны мэдэлд байдаг юм уу” гэхэд “Тагнуулын төв газарт манай хүн байдаг юм шүү дээ С.Эрдэнээ” гэсэн. Тэгээд л би тагнаж, чагнасан гэдгээр өргөдлөө гаргасан юм. Ер нь хэн нэгнийг хадны мангаа болгоод л өөрт дургүй хүмүүсээ түүнтэйгээ холбож, нэр хүндийг нь унагаах гэсэн оролдлого их гарах болж.

-Зөвхөн таныг бус Ардчилсан хүчний холбоог Н.Энхбаяртай хол­бон ярьдаг.Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Ингэж ярих хэрэггүй л байхгүй юу. Бүгдийг Н.Энхбаяртай холбож бай­гаа энэ үед манай нам ийм зүйлд оролцох нь дэмий юм. Манайх чинь Ард­чилсан нам. Харин МАХН-тай адил нэр, зүсээ өөрчлөөд явж бай­гаа биш. Н.Энхбаярыг өнөөдөр Мон­гол Улсын иргэн биш гэж хэн ч зарлаагүй. Ардчилсан нийгэмд хэн хэн­тэй ч уулзаж болно. Намайг есөн удаа уулзсан гээд гүтгээд байх шаардлагагүй. Миний хувьд Н.Энх­баяртай уулзсан уу гэвэл уулзаагүй. Харин урьд нь уулзаж байсан. Гэтэл есөн удаа уулзсан гэх нарийвчилсан тоо гар­гаад ирсэн нь сонин байгаа юм. Хүнийг дийлэх гэж амаараа гүт­гэж, зохиож ярьж болно. Гэхдээ ба­рим тавин тоо хэлж, гүтгэнэ гэдэг учиртай. Үүнд л эмзэглээд байгаа хэрэг.

-Н.Энхбаяр МАХН нэрийг авч чадлаа. Улстөрчийнхөө хувьд нөгөө намд болж байгаа улстөржилтийг юу гэж харж байна вэ?

-Хэсэг хүмүүс эвлэлдэн нэг­дэх, ямар нэгэн нам, төрийн бус бай­гуул­лага байгуулахыг үгүйсгэхгүй. Ардчилсан шударга ёсонд хүн бүр эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнд гай­хаад байх зүйл огт алга. Нам байгуулж гарч ирээд өрсөлдөнө л биз. Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн л сонгоно. Түүнээс биш байж болохгүй юм гэж бодохгүй байна.

-Ардчилсан нам хэд, хэдэн хуу­лийн төсөлд завсарлага авч хуу­лийг гацаанд оруулж байна гэх шүүмжлэл бий. Халамжийн тухай хуульд гэхэд зургаа дахь удаагаа завсарлага авсан. Үүний цаана танай нам хэтэрхий улстөржөөд бай­гаа юм биш үү гэх хардлагыг төрүүлж байна?

-Үнэндээ Халамжийн хуулийн цаад зорилго нь юу юм. Монголд өнөөдөр халамж ихэдсэн үү гэхээс багадаагүй. Хүн бүрт 21 мянган төгрөг өгч байна. Энэ нь эцэс­тээ үндэсний цөөн хэдэн архины үйлдвэр, Хөх хот, Эрээнд хөрөнгө оруулалт л болж байгаа юм. Үүний тө­лөө л гэхэд жилд 705 тэрбум төгрөг төсөвлөж байна. Энэ их мөнгийг ингэж үргүй зарах хэрэг байсан юм уу. Уг хуульд бидний зөрчилдөөд байгаа гол асуудал бол зорилтот бүлэг буюу халамж авах хүмүүсийг өрхөөр бус иргэнээр нь тодорхойлох явдал. Ардын намынхан өрхөөр нь гэж байгаа. Бидний хувьд нийг­мийн халамж хүртэх ёстой иргэнд нь хүртээх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Бид хууль бат­лах дургүйдээ завсарлага авч байгаа юм биш.

-Сонгуулийг холимог тогтолцоо дотроо ямар хувилбараар явуулах вэ гэдгийг хоёр намын зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцэж байгаа. Зөвшилцөлд хүрч чадна гэж бодож байна уу?

-Бидний завсарлага авсан асуудал бол манай намын хийж байгаа асуудал биш. Ардын намынхан биднийг ийм байдалд аргагүй оруулж буй хэрэг. Тэдний сонгосон сонгуулийн тогтолцоо улс орны эрх ашигт хортой хувилбар. Нэг үгээр хэлбэл тэднийхээр баталвал 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн давтагдах магадлалтай гэсэн үг.

-Зөвшилцөх ажлын хэсгийнхэн үр дүнд хүрээгүйгээс болж Ардын намын бүлгийн дарга, дэд дарга нар солигдлоо. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг Ардын намынхан хэнийг даргаар тавих нь бидэнд хамаагүй. Эцсийн эцэст уг хууль Монгол Улсад хэрэгтэй, төрөө бай­гуулдаг сонгуулийн эрх зүйн орчин бүрдсэн хууль батлагдаасай гэж бодож байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж:


Wednesday, 21 July 2010

С.Эрдэнэ: Манай намын удирдлага асуудалд эрүүл саруул хандах цаг болсон

Монголын ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлыг энэ сарын 10-нд Төрийн ордонд хийх гэж байна. Энэ талаар болон улс төрийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн, Ардчилсан холбооны хүчний дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан хүчний холбоог байгуулах болсон гол шалтгааныг Ардчилсан нам дотроо сөрөг хүчин болж гарч ирж байна гэсэн ойлголтоор улс төрийн хүрээнийхэн харах болжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчид нь үгүйсгэсээр ирсэн ч гэсэн?

-Өнөөдөр нийгэмд маш олон асуудал тулгамджээ. Нийгмийн бүх салбар шинэчлэлт шаардаж байна. Монголын парламентад хүртэл шинэчлэлт хэрэгтэй болсон. Улс төрийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшилт, эрүүл мэнд, боловсролын систем гээд энэ бүхэнд эрс шинэчлэлт хэрэгтэй болжээ. Ингээд "Монголоо шинэчилье" гэсэн ерөнхий уриан дор Ардчилсан хүчний холбоог байгуулж ажиллахаар болсон. Үүн дээр манай гишүүд санал нэгдсэн. Энэ чиглэлээр ч анхдугаар их хурлаа хийнэ. Ашигт малтмалын баялгаа яаж хуваарилах юм, эдийн засгийн шинэчлэллээ яаж хийх юм, бусад салбараа яаж шинэчлэх вэ гэдгээ ярилцана. Харж байгаа ажил маш их байна. Нөгөө талаас янз бүрийн жижиг бүлэг фракцуудад хуваагдаж, олон ашиг сонирхол дагаж явсан хүмүүс өнөөдөр энэ байдлыг өөрчилж, нэгдсэн томоохон зорилт өмнөө тавьсан хүч болж төвлөрч ажиллах нь зүйтэй юм гэсэн байр сууринаас энэ холбоог байгуулсан. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Журамтай танилцаад хүлээн зөвшөөрсөн хүмүүс элсэх боломжтой.МАХН-ын гишүүн ч элсч болно. Манайх бол төрийн бус байгууллага. Намын харьяалал байхгүй. Нийгмийн шинэчлэлийн асуудлаар сонирхлын бүлгүүд байгуулж ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж авч хамтарч ажиллаж болно.

-Гэхдээ үүний цаана энэ холбоо Алтангадасын эсрэг гарч ирлээ. Ардчилсан намын удирдлагыг авах гэж байна. Намын даргыг солино. Үүнээс болоод Н.Алтанхуяг урт хугацааны чөлөө аваад бодлогоо боловсруулаад явах гэж байна гэсэн яриа гарах боллоо. Үүнийг яаж хүлээж авч байгаа вэ?

-Биднийг нийгэмд янз бүрээр л хүлээж авч байна. Бид нийгэмд шинэчлэлийн салхийг хагалъя. Шинэчлэлийн уур амьсгалыг эхлүүлье гэж гарч ирсэн. Өнөөдөр нийгэм зогсонги байдалд орчихоод байна. Үүнийг хөдөлгөөнд оруулах хүч үгүйлэгдэх боллоо. Энэ хөдөлгөөнийг эхлүүлье. Уур амьсгалыг түүнд чиглүүлж өгье гэж байгаа. Энэ шинэчлэл дотор улс төрийн шинэчлэл ч зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Аливаа зүйл ил тод, шударга байх ёстой. Улс төрийн намуудын шинэчлэл, төлөвшлийг ч ярина. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийг шинэчлэхэд ямар байр суурь барих юм. Үүнийг тодорхойлж гаргана. Миний харьяалагддаг Ардчилсан намыг ч зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Ардчилсан намд шинэчлэлт хийхгүйгээр хол явахгүй. Манай намд дотоод ардчилал, ил тод, нээлттэй байдал үндсэндээ алдагдсан. Үүнийг сандал ширээ булаацалдах замаар биш, яавал намаа олон нийтийн хүлээж байгаа хүчирхэг Ардчилсан нам болгох вэ гэдэгт гол бодлогоо чиглүүлж ажиллана. Тэрнээс биш хэсэг бүлэг хүнтэй эрх мэдэл, сандал ширээ булаацалдах гэсэн зүйл байхгүй. Ер нь намаа шинэчлэх шаардлагатай гэдгийг манай олон мянган гишүүнээс гадна жирийн олон түмэн ч хэлж байна. Улс төрийн нам л юм бол нийгмийнхээ хүсэл, сонирхлын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

Бидний хувьд ямар нэг Алтангадас, хэн нэг Алтанхуяг гэдэг хүний тухай яриагүй. Гэхдээ шинэчлэл хийхэд шаардлагатай ямар л алхам байна, түүнийг мэдээж хийж л таарна. Нам яагаад олон нийтийн хүсэл эрмэлзэлд үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй байгаа юм, тэр талаар ярина. Түүнд л хариулт өгөх ёстой.

-Тэр хариулт хаанаас олдох вэ. Шалтгаан нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноос болсон уу?

-Анхнаасаа энэ Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Нийслэлийн Ардчилсан намын дарга, намын удирдлагын нэгийн хувьд би манай нам Засгийн газарт орж болохгүй. Парламентын ардчилал устаж алга болно. Олонх нь олонх шиг засаглаж, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад парламент өөрөө тунгалаг, ардчилалтай байх ёстой. Нийгмийн олон түмний дуу хоолойг цөөнх хүргэдэг байх ёстой. Олонхиос амлалтыг шаардаж хэрэгжүүлэх тал дээр шахаж ажиллах ёстой. Ингэж л Монголын төр цэвэр тунгалаг байна гэдэг асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Намын тухайн үеийн ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх нь асуудлыг шийдсэн. Олонхийнхоо шийдвэрийг дагах ёстой ч дуугүй дагаад явах ёсгүй. Энэ бол өнөөдөр дахиад л тавих ёстой л асуудлын нэг.

-Засгийн газарт Ардчилсан нам орсноос болж үйл ажиллагаа нь нэлээд суларсан шинжтэй. Өмнөх дайчин байдал ч алга болж?

-Сулрах биш, Ардчилсан намын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Олон түмний ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд гаргах боломж алдсан. Эвсч нэгдээд Засгийн газар байгуулснаараа урьд өмнө шийдэж болоогүй зарим асуудлыг шийдэх боломж гарсан байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь Хамтарсан Засгийн газар үүнийг ашиглаж чадсангүй. Шударгаар хэлье л дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллаж чадсангүй. Сонгуулийн хуулиа нэгдсэн байр сууринаас янзалж чадахгүй байна. Ашигт малтмал, уул уурхайн баялгийг хуваарилах талаар оновчтой бодлого хэрэгжүүлж чадсангүй. Оюутолгойн гэрээ түрүүчээсээ унаж байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд нь зөрүүтэй, түүнийг нэгтгэж гаргаагүй байхад гэрээ байгуулсан гээд олон асуудал босч ирж байна.

Эхний асуудал бөөн хэл ам дагуулаад байхад дараагийн Тавантолгой зэрэг ашигт малтмалын баялгийг хэн хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудлыг шийдэх тал дээр одоо болтол оновчтой зөв бодлого гаргаж чадаагүй л явна. Манайхан гаднаас хуулбарлах дуртай. Гэхдээ гаднынхан хэн, манайхан хэн бэ гэдгээ салгаж ойлгох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй, буурай хөгжилтэй орны зарчим өөр. Хамтарсан Засгийн газар үүнийг ойлгоод оновчтой, зоримог алхам хийсэн бол би алга ташаад сууж байх байсан. Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцсэн миний буруу байжээ гээд. Харамсалтай нь яг л миний хэлснээр өнөөдөр парламентын ардчилал алга болсон. Үр дүнд нь парламентын ардчилал устлаа, үгүй боллоо. Тэд Монголд хэрэгтэй бодит алхам хийгээгүй л гэж үзэж байна. Ганц авах юм нь Оюутолгой байсан ч дампуурах талдаа явж байна. Үүнийг хүчээр цааш явуулбал улам л дампуурна. Эртхэн татаж авдаг юм уу, алдсан этгээдүүд нь арга хэмжээ авдаг юм уу, тэгсэн нь зөв. Энэ бүхнийг шинэчилье гэж манай холбоо байгуулагдсан.

-Энэ сард Ардчилсан намын ротацийн сонгууль болно. Сонгууль бүрийн дараа шударга бус боллоо гэсэн маргаан дэгддэг. Энэ удаа яах бол оо?

-Энэ сонгуулийг яаж явуулахыг манай намын Үндсэн дүрэмд маш тодорхой заасан. Гэхдээ дүрмийн бус тоглолт, дүрмийн бус гаргалгаа их гардаг. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй фракц нь тухайн аймаг, орон нутаг руу санхүүжилт хийх, мөнгө тараах, эрх мэдэл бүхий хүмүүсийг худалдаж авах байдал урьд өмнө ч байсан. Энэ удаа ч гарна гэдэгт эргэлзэхгүй. Манай намын удирдлага асуудалд эрүүл саруул хандах цаг болсон гэж хэлмээр байна. Тэдний асуудалд хэрхэн шударга хандахаас өнөөдөр Ардчилсан намын хувь заяа шалтгаална. Манай нам цэвэр байх уу, нийгэмд олон түмний хүсэн хүлээсэн улс төрийн хүчин байж чадах уу, үгүй юү гэдгийг тэд шийднэ. Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийгөө шинэчлэх хамгийн том боломж бол энэ ротацийн сонгууль.

-Намуудын өнгөрсөн сонгуулиар өгсөн нэг сая, 1,5 сая төгрөгийн амлалт нийгмийн шинэчлэлтийг хойш татаад байгаа юм биш үү?

-Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Манай нам бол бэлэн мөнгө амлаагүй. Ашигт малтмалын баялгаас нэг сая төгрөгийн хувьцаа хүртээж иргэдээ байнгын орлогын эх үүсвэртэй болгоно гэсэн. Үүгээр дамжуулж иргэд ямар ч луйвар гаргуулахгүй, эрх мэдэлтнүүдэд хувааж идэх боломж олгохгүй хянах бодит боломж бүрдэх учиртай юм. Харин МАХН үүнийг мушгиад, манайхаас давах гэж 1,5 сая төгрөгийг бэлнээр амласан. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй.

-Сонгуулийн тогтолцоог яаж өөрчилбөл шударга болох вэ. Аль хувилбар оновчтой вэ?

-Минийхээр пропорциональ буюу хувь тэнцүүлэх нь одоогоор хамгийн сонгодог хувилбар л даа. Гэхдээ өнөөдөр манайд хэрэглэх хараахан болоогүй. Төрийн мэдэл цөөн тооны эрх мэдэлтэн, олигархийн гарт байна. Тэдэнд сонгуулийн эрхийг олгох юм бол улс төрийн ардчилал биш, улс төрийн дарангуйлал бий болно. Олигархиудын гарт зэвсэг өгсөнтэй ялгаагүй болно. Парламент намын дарга тойрсон хэдэн олигархийн тоглоомын орон зай болж хувирна. Тиймээс өнөөдөр манайд болоогүй хувилбар. Яваандаа үүнд очих ёстой. Холимог гэх мэт өөр хувилбар бол бий. Бүр болохгүй бол сүүлийн хувилбараараа сонгууль хийж болно.

-Томсгосон мажоритарийг хэлж байна уу?

-Болохгүй бол хамаа алга. Өнөөдөр ард түмнээсээ асууж сонгогддог, хэн нь хэн бэ гэдэг нь ямар нэг байдлаар харагддаг тогтолцоогоороо орсон нь дээр. Яахав, УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдоосоо оноо авах хэрэг гарна. Хараат байдалд орно. Гэхдээ цөөн тооны олигархийн мэдэлд Монголын улс төр орсноос ард иргэддээ хараалгаж загнуулаад, баярласан бол түүнийг нь сонсоод явж байсан нь хамаагүй дээр.

Д.ОЮУНЦЭЦЭГ