Showing posts with label ЭРДЭНЭ Ч. Show all posts
Showing posts with label ЭРДЭНЭ Ч. Show all posts

Saturday, 25 December 2010

Ч.ЭРДЭНЭ: "СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ БОЛ ЦЭВЭР МАТЕМАТИК ҮЗЭГДЭЛ"


Ярилцлагаа эхлэхээс өмнө судлаач Ч.Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэх хэрэгтэй. Учир нь 13 жил нойр, хоолоо умартан туурвисан супер нэгдлийн онолоо туурвиж дуусгажээ. Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд шуугиан тарих супер нэгдлийн онолын номоо дуусангуут манай сонинд ярилцлага өгнө гэсэн амлалтдаа хүрсэнд бас талархаж байна. Ингээд супер нэгдлийн онолын супер хүн Ч.Эрдэнэ гуайн яриаг толилуулъя. Таалан болгооно уу.

-Таны судалгаа өндөрлөж, ном тань хэвлэгдлээ. Энэ талаар манай сонинд ярилцлага өгнө гэж амласан. Одоо татгалзах зүйлгүй биз?
-Түүхт сонинд ярилцлага өгөхөөс ер хэн татгалзах билээ. Тэр тусмаа миний хувьд чухам эрх баригч намын хэвлэлтэй ярилцаад үзэх хэрэгцээ тулгамдсан шинжтэй болсонд бас учир байна.
-Тэгвэл Таны судалгаа болон номын тухайд манай уншигчид юу мэдэж байвал зохих вэ?
-Энэ номын тухайд хэн хүн мэдвээс зохистой олон чухал сэжим байгаа. Гэхдээ эхлээд энгийнээр хэлэхэд, 1244 тал нүүр бүхий хатуу хавтастай, супер хавтастай, оёж үдсэн, 2,9 кг жинтэй, А4 форматын ийм ном байна. Нэр нь “Principia Mathematica” .Англи хэлээр бичигдсэн ном. Орчин үеийн, тэр тусмаа шинжлэх ухааны тангад хэл нь англи хэл болжээ. Гэвч хэл нь гол биш. Гол нь олон мянган математик томъёо, тэгшитгэл.
-Уншигчдад дэс дараатай, яв цав ойлголт өгөхийг хичээх нь зүйтэй. Судалгааны сэдэв чухам юу билээ?
-Уг нь Монгол судлаач (Орос, Америк, Хятад, Японы бус) энэ судалгааны тухайд яв цав ойлголт Монголчуудад өгөх гэж бараг бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 13 жил чармайж чардайгаад эцэст үр дүнгээр үнэндээ маруухан сууж байна.

-Гэхдээ эцсийн оролдлого хийх цаг нь чухам өнөөдөр биш гэж үү?
-Чухам тийм. Тиймээс бяцхан нурших хэрэг гарна. Шинжлэх ухаанд (ШУ) эхлээд асуудал байна. ШУ-ы өөрийн хөгжил, дотоод зүй тогтлоор асуудал тавигддаг. Асуудал урган гарах нь хэн нэгний сайн юм уу, муу дурын хэрэг огт биш. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, ШУ гэхээр чухамдаа байгалийн шинжлэлийг хэлдэг. Бусад нь товчдоо хүмүүнлэгийн ухаан. Манайд нэр томъёоны холион бантан хутгаад хаячихсан нь гайтай. Байгалийн шинжлэлийн суурь шинжлэх ухаан нь физик. Өнөөгийн соёл иргэншлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж XX зууны тэргүүлэх физикч Ричард Фейнман хэлсэн буй. Энэхүү физикийн ухаан төгсөх үе шатандаа шилжсэн нь 1940-өөд он юм. Төгсгөхийн тулд цорын ганц суурь асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг орны нэгдсэн онол гэнэ. Жишээ нь, та бид дунд сургуулиас судалж мэдсэн ертөнцийн таталцлын орон, цахилгаан соронзон орон байна. Эдгээр орнууд нь угтаа нэг суурь шалтгаантай байх ёстой нь логик шаардлага. Ерөөс орчлон ертөнцийн оршихуйн угт цорын ганц учир шалтгаан байх ёстой нь зайлбаргүй логик шаардлага. Учир нь, хоёр учир жам байлаа гэхэд хоорондоо зөрчилд ороод энэ хорвоо оршин тогтох аргагүй болно. Ертөнц ба материйг цорын ганц учир шалтгаанаар тайлж тайлбарлах учиртай тийм физик онолыг супернэгдлийн онол гэх юм. Энэ нь тавь жараад оноос хэрэглэгдэж буй албан ёсны нэр томъёо. Тэгэхээр супернэгдлийн онолыг нээж олох гэсэн шинжлэх ухааны туйлын эцсийн асуудал байна. Түүнийг би юм уу, хэн нэгэн зохиосон биш, шинжлэх ухааны хөгжил дэвшлийн логикоор хар аяндаа тавигдсан асуудал.
-Супер нэгдлийн онол нь шинжлэх ухааны эцсийн суурь онол байх ёстой юм уу. Тэгээд Та тэр онолыг нээж боловсруулсан гэж үзэж байна уу?
-Тийм ээ, тэгж үзэж байна.
-Баталгаа нь юу вэ. Хүмүүс дээр дооргүй баталгаатай эсэхэд л эргэлзэж тээнэгэлзээд байгаа юм биш үү?

-Баталгаа нь сая хэвлэлээс гарсан миний “Principia Mathematica” ном. Баталгаатай эсэхийг энэ номоос л хар. ШУ-нд өөр арга чарга даан ч байдаггүй. Шүүгч нь шинжлэх ухаан тэр чигээрээ. Тэгж шүүлгэхийн тулд л ном хэвлэдэг ганц аргатай, ийм журамтай. Манай Монголын аюул нь юу вэ гэхээр, Шинжлэх ухааны эцсийн онолыг ярих нь бүү хэл, шинжлэх ухаанч сэтгэл зүй, аяс хандлагын А, Б ч тогтож төлөвшөөгүй нийгэм юм. Энэ нь шинжлэх ухааны үндэсний уламжлалгүйтэй холбоотой. Наад зах нь, шинжлэх ухаан гэдэг нийтлэг үзэгдэл байна. Тэр шинжлэх ухаанд нь асуудлууд цагийн эрхээр өөрөө урган гардгийг эхлээд яв цав ойлгох нь чухал. Асуудал нь шинжлэх ухааных мөн бол хаа нэг газрын аль нэг судлаач шийдэж таардаг. Эс бөгөөс соёл иргэншил зогсонги байдалд орж, улмаар хямрал сүйрэлд идэгдэн мөхнө. Супер нэгдлийн онолыг олох гэж олон арван жил дэмий тэнээд цөхөрч гүйцээд байна, өнөөгийн шинжлэх ухаан. Улмаар та бид өнөөдөр бүх талаар хямрал, сүйрэл нүүрлэсэн дэлхийд амьдарч байна. Үгүй юм уу. “Үнэн” сонин, түүний уншигчид дэлхийн нийт байдлыг тоймлож суугаа байх. Дэлхийд туйлын таагүй хандлагууд ноёрхож байна. Засч залруулах хугацаа үлдсэнгүйг НҮБ-ын баримт бичгээс ч үзэж болно. Тиймээс номыг нь дэлхий даяар уншин буй нэрт физикч Стивен Хокинг интернэтэд өгсөн видео ярилцлагадаа, “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж хэлснийг хэн ч хэдхэн минутын дотор олоод үзэж болно. Тийм онолыг супер нэгдлийн гэж физикт ярьдаг юм. Туйлын зорилт болсон тэр онолыг олох эсэхтэй хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн цаашдын хувь төөрөг шууд холбоотой. Тэр онолыг би нээж оллоо гэж төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлж болох уу, хамгийн гол нь би юм уу, өөр хэн нэгэн тийм залилан хийж чадах уу? Тэгж болно, чадна гэж бодоод байна уу?
-Харин энэ чинь л их сонин чухал асуулт юм биш үү?

-Тийм ээ, чухал асуулт. Гэхдээ хялбархан хариулттай. Та бид дахиад л шинжлэх ухааны хөгжлийн логикийн А, Б-г дурдах хэрэгтэй болно. Нэгдүгээрт, огт тэнэг хүн сар дурандаад суудаггүй гэсэн зарчим байдаг. Шинжлэх ухаан нь дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл. Дэлхийг мэхэлнэ гэж бодохын тулд тэнэг этгээд байж таарна. Тийм тэнэг хүн сар дурандаад юм уу, супернэгдлийн онолоор оролдоод суухгүй. Хуурч мэхлэх үй түмэн өөр арга байхад заавал шинжлэх ухааныг барьж авч 13 жил өглөө, үдшийг үл ялган ажиллах хэрэг юун. Хоёрдугаарт, суурь онолын нэг чухал тулгуур чанар байдаг. Юу вэ гэвэл, чухам суурь онолыг зохиож болдоггүй. Харин гагцхүү олж нээж болдог. Хэрэв зохиож болдогсон бол юу гэж дэлхий дахин нэг муу молхи Монголыг хүлээгээд сууж байх вэ дээ. Суурь онол гэхээр байгаль ертөнцийн үндсэн хуулиудын асуудал. Байгалийн хуулийг нээж болно, зохиож болдоггүй. Тиймээс суурь онол дутуу хагас, алдаа дутагдалтай байж болно, харин худал байдаггүй логиктой.
Гуравдугаарт, тэр тусмаа онолын физикийн арга нь математик. Математик гэж судлаач өөрөө өөрийгөө шалгаад баталж юм уу, няцааж болдог ганц найдвартай ухаан. Төр түмнийг дэлхий дахинтай нь хуурч мэхэлсэн ялд унахгүйн тулд танай судлаач өөрөө өөрийгөө үргэлж шалгаж байгаа. Тэр тусмаа супер нэгдлийн гэдэг хамгийн суурь онолын тохиолдолд ингэж шалгах нь туйлын хялбархан зүйл. Энэ нь тухайн буюу туйлын суурь онолын математик арга хэрэгслийн онцлогт буй. Иймэрхүү зарчмын зүйлийг олж мэдэх юм уу, хүмүүс өөрсдөө сэтгэх нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, ерөөс сэтгэлгээний соёлын эхлэл юм. Сүүнд түлэгдээд тараг үлээх гэж хуучны үг бий. Манай нийгмийн тухайд залиланд шатаж гүйцсэний харгайгаар шинжлэх ухааны цаана ч залилан олж харах сонирхолтой болсон. Гэтэл шинжлэх ухаан нь залилан байж чаддаггүй ганц салбар юм.
-Нэг монгол залуу мөнхийн хөдөлгүүр хийнэ гэж Ерөнхийлөгчөөс сая төгрөг аваад алга болчихсон жишээ бий биш үү?

-Тэр залууг танихгүй, мэдэхгүй юм. Харин Ерөнхийлөгч буруугүй. Мөнхийн хөдөлгүүр чинь шинжлэх ухааны эхний ч асуудал, эцсийн ч асуудал. Өнөө үед үүнийг чөлөөт энергийн асуудал гэж гол төлөв нэрлэдэг юм. “Шинжлэх ухааны хамгийн том 20 асуудал” гэсэн ном байх ба эдгээрийн нэг нь чөлөөт энергийн асуудал. Манайд одоо ч хэдэн хүмүүс мөнхийн хөдөлгүүр төрлийн юмаар оролдож суугаа. Дэлхийд ч ялгаагүй. Аль 1999 онд над дээр анх ирсэн гадаад хүмүүс гэвэл, чухам ийм юмаар оролддог Дани хүмүүс. Тэд чинь төсвийн байгууллагын хүмүүс. Данийн Засгийн газар тэнэг болоод тийм юманд төсөв гаргаагүй баймаар. Дурдсан 20 асуудлын хамгийн том нь мэдээж супернэгдлийн онолын асуудал. Энэ онолын хүрээнд чөлөөт энергийн асуудлыг онолын хувьд ихэд нарийвчлан үзэх боломжтой гэж найдаж байна. Чөлөөт энергийн гэнэ үү, мөнхийн хөдөлгүүрийн гэнэ үү, энэ асуудал чинь хүн төрөлхтний ирээдүйтэй амин чухал холбоотой асуудал. Юун сая төгрөг. Оросууд энергийн салбарт сая ам.долларын шагнал амлаад байгаа. Товчдоо ийм нарийн ширийнийг яриад дуусахгүй.
-Хөгжсөн хөгжөөгүй улс орнуудын ялгаа бий. Шинжлэх ухааны уламжлалгүй Монголд шинжлэх ухааны эцсийн онолыг нээсэн нь гайхалтай бус уу. Залилан биш юм гэхэд үлгэр домгийн мэт сонсогдож байна?

-Энд дахиад л А, Б-гээс эхлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан гэж юу вэ? Түүний чухал онцлог нь юу вэ? “Нэг тэнэгийн чадсаныг нөгөө тэнэг чадна” гэсэн үг барууны олон үеийг дээд математикт сургасан сурах бичгийн толгойд байдаг юм. Шинжлэх ухаан, боловсролын үндсийн үндсэн зарчим нь энэ. Өнөө буй шинжлэх ухааныг танд ч, надад ч заасан. Хэнийг ч голж шилэхгүй заасан. Тэр шинжлэх ухааныг хүмүүс бий болгосон. Монголчууд бид хүмүүс юм болохоор тэр шинжлэх ухаанд суралцах боломжтойгоор үл барам ёстой. Шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх нь бас л хүмүүс, түүний дотор Монголчууд. Нэг хэсэг тэнэгийн чадаагүйг нөгөө нэг тэнэг чадах ёстой болно. Эс бөгөөс шинжлэх ухаан, соёл иргэншил зогсоно. Чадах тэр тэнэг нь Монголоос ч олдож болно. Энэ тухайд нэг юмыг анхаарах хэрэгтэй. XX зууны гол гавъяа нь юу вэ гэвэл, улс орнуудын хөгжлийн төвшнийг ихэд жигдрүүлсэн явдал. 1921 оны ба 1990 оны Монгол чинь үлгэр домгийн хэмжээний зүйрлэшгүй хоёр үзэгдэл. Ямас нэг ололт АНУ-аас гарах, Монголоос гарах магадлал харьцангуй адилхан болсон цаг үе. Түүнээс гадна ерөөс түүхэн хувьсгал өрнөлийг урьдаас таах арга байдаггүй. Юу болохыг тэнгэр мэднэ. Тэнгэр мэднэ гэдэг нь, аливаа үйл явц олон хүчин зүйлийн уулзварт байна гэсэн үг. Зарим хүчин зүйлээр Монгол давуу талтай ч байхыг урьдаг үгүйсгэхгүй шүү дээ.
-Судалгааны түүх гэж байдаг. Супер нэгдлийн онолын судалгааны түүх нь юу вэ?


-Нэгдсэн онолын асуудл орчин цагийн утгаар нь А.Эйнштейн 1923 онд анх дэвшүүлсэн гэж үздэг юм. Гэтэл энэ ерөөс танин мэдэхүйн анхдагч асуудал. Ертөнцийн орших бүрнээ танин мэдэх гэсэн ганцхан ерөнхий асуудал шинжлэх ухаанд ч байна, шашинд ч байна. Тиймээс танин мэдэх эхний ба эцсийн асуудал яригдаж буй хэрэг. Эйнштейн өөрөө амьдралынхаа сүүлчийн жилийг энэ асуудалд дагнан хариулсан боловч амжилт олооогүй юм. 1950-иад он хүртэл физикчид нэгдсэн онолын асуудлыг Эйнштейний хувийн хэрэг мэт бодож нэг их анзаараагүй байдаг. Харин 1960 оноос физикчид дэлхийн нийтээр хүчлэн оролдож эхэлсэн. Сүүлийн 50 жил албан ёсоор оролдон буй нь суперхөвчийн үзэл баримтлал юм. Ерөөс физикт ганцхан үндсэн асуудал үлдсэнийг ойлгох хэрэгтэй. Тиймээс онолын физикчид ер юу хийлээ ч энэ нь нэгдсэн онолд тэмүүлж байдаг. Монголд гэхэд академич Х.Намсрайн локал бус квант орны онол бий. Эцсийн зорилго, хандлага нь мөнөөх л нэгдсэн онолыг байгуулах явдал. Гэвч олон улсын шинжлэх ухааны олимпийн гол найдвар нь суперхөвчийн үзэл баримтлал байж ирлээ. Орчин үеийн Эйнштейнүүд гэж улайм цайм рекламдуулдаг хэрийн суут ухаантнууд энэ үзэл баримтлалаар 50 жил ноцолдоод үр дүнд хүрээгүйг бодоод үзээрэй. Заримтай нь би уулзаж байсан, лекц, семинарт нь сууж байсан. Тэгэхээр суутнууд оролдоод болдоггүйн шалтгаан нь үзэл баримтлалын буруу гэж бодмоор. Ер шинжлэх ухааны хөгжлийн бас нэг зарчмын онцлогийг дурдах хэрэгтэй. Юу вэ гэвэл, шинжлэх ухаанд хүний ухаан бус, харин зөв үзэл баримтлал шийдвэрлэх ач холбогдолтой. Хамгийн хэцүү нь цоо шинэ бөгөөд зарчмын хувьд зөв үзэл баримтлалыг олох явдал. Хэрэв олбоос үлдсэн нь харьцангуй техникийн асуудал.
-Тэгвэл Таны үзэл баримтлал юу байв?

-Супер байгууламжийн үзэл баримтлал. Нөгөө том ном маань ердөө л энэ байгууламжийн доторхи тооцоо. Тэр тооцоо нь супернэгдлийн онол. Түрүүнд хэлсэн суперхөвчийн концепци буруу бас биш. Асуудал юу вэ гэхээр, суперхөвчөөс цааш шилжих хоёр арга байж болно. Тэд буруу аргаар нь явчихсан учраас үр дүнд хүрсэнгүй ба хүрэх найдвар ч байхгүй. Монгол судлаач зөв аргаар нь яваад үр дүнд хүрчээ.
-Хоёр арга байсаар байтал тэд заавал буруу аргаар нь зүтгээд байсан нь сонин юм?
-Хоёр арга гэдгийг би хэллээ. Тэд болохоор ганц арга замтай л гэж бодоод яваа. Дахиад зарчмын нэг зүйлийг хэлмээр байна. Хүний санаанд орох юмс аль эрт дуусчихсан. Үлдсэн нь хүний санаанд орохгүй хэрийн хэцүү, нууц далд зүйл байна. Супернэгдлийн онолын хүндрэл нь чухам үүнд. Үүнийг физикчид, философичид эртнээс мэдэх боловч хүний санаанд орохгүйг санаж сэтгэх нь санаан зоргын юм даанч биш.
-Хүний санаанд орохгүй зүйл таны санаанд яаж оров?

-Ийм юмыг өнгөрсөн хойно нь үгээр илэрхийлж болдоггүй. Үнэндээ хэн мэдлээ, яагаад санаанд орсон юм. Ямар боловч их урт түүх учраас энд зай, цаг бараад яахав. Шинжлэх ухааны их хүмүүсийн нэлээд нийтлэг хэлсэн нэг зүйл бий. Юу вэ гэвэл, бодоод л байх хэрэгтэй гэж. “Над лугаа бодоод л байх ахул хэнбугай ч математикч байж чадна” гэж суут Гаусс хэлсэн нь оргүй биш. Гэтэл “Бодох нь хамгийн яршигтай үйл” гэж Блез Паскаль хэлсэн байдаг. Тиймээс хүмүүс ийм хар яршигтай үйлээс зугтдаг. Энэ нь бараг байгалийн хууль учраас буруу ч бас биш. Гэтэл зарим хүмүүс төрөлхийн сониуч зан төрхтэй байдаг. Ийм хүмүүс оюуны сонирхол гэдэг сэтгэлзүйн төлөвт шилжих нь олонтаа. Оюуны сонирхол давамгайлсан хүмүүс аливаа хэрэгтэй, хэрэггүйн учир начрыг олох гэж бодоод л байдаг. Тухайн нийгэмд материаллаг ба оюуны сонирхлын тэнцвэрийг хадгалах нь их чухал. Өнөөдөр бид капиталист анхны хуримтлалын үе шатанд байгаа болохоор материаллаг ашиг сонирхол хэт давамгайлж байна. Оюуны сонирхол байлаа гээд тэр нь шалиг налиг шоу төдийхнөөр хязгаарлагдана. Гэтэл хүн бидний гол эрхтэн маань уураг тархи шүү дээ. “Уураг тархи маань араатны араа соёо, хуруу хумс лугаа амьдрах хэрэгсэл” гэж нэрт биологич, Нобелийн шагналт Сент-Дьердь хэлснийг санах хэрэгтэй. Энэ ярилцлагыг унших хүн бараг олдохгүйг баталгаатай хэлж болно. Учир нь, шинжлэх ухааны зүй тогтол, суурь асуудлаар нэлээд бодож болгоох хэрэг гарна. Энэ бол хаана ч, хэзээ ч маш яршигтай үйл. Ер нь хэнд хэрэгтэй юм гэж бодмоор.
-Бодохын тулд боловсрол хэрэгтэй байх. Та хэрхэн яаж боловсорсон хүн бэ?

-Жинхэнэ боловсрол зөвхөн өөрийн бие дааж олсон боловсрол байна. Саяхан Монгол Улсын гавъяат багш, доктор Ц.Дэмбэрэлтэй ярилцсанд мөн энэ тухай эцэст ойлгосноо ярьж байна. Өнөөгийн нөхцөлд Монголд бүү хэл, Орост боловсрол уналаа. Нөгөө талаар, жинхэнэ бие дааж боловсрол олох арга зам, хэрэгсэл боломж чухам өнөө үед нээлттэй боллоо. Хүүхэд, залуучуудад оюуны сонирхол дутагдаж, тухайн цаг үедээ хууртагдаж байна. Нэг бүхэл бүтэн үе алдагдсан тухай зарим нийтлэлчид ярьж буй нь ихээхэн үндэслэлтэй. Дахиад бас нэг үе алдамгүй байна. Алдваас Монгол их хэцүү байдалтай тулгарна. Одоо ч бүх салбарт мэргэжлийн төвшин буурсан нь нууц биш. Цаашид хэрхэх вэ? Нийслэлийг аваад үзье. Капиталист мегаполис үүсэх нь зүйн хэрэг. Газрын наймаа газар авах нь зүй тогтол. Капиталист анхны хуримтлалын үе шатанд эдгээрээс зугтах арга байхгүй. Асуудал юу вэ гэхээр, газрын наймаачид маань “хот байгуулалт” гээч нарийн нийлмэл ухааны ямар нэг мэргэжлийн төвшин, төсөөлөл, боловсролтой байх ёстой юм. Наймаагаа учир начиртай хийнэ гэсэн үг л дээ. Гэтэл мэргэжлийн төвшин байтугай, төсөөлөл харагдахгүй бөгөөд үр дүнд нь өнөөгийн Улаанбаатар гэх эах замбараагүй урсгал үзэгдэл. Зориуд буруу хийснийг засч болдог, ийм урсгал үзэгдлийг засч залруулж болдоггүй гэдэг. Энэ л цаашдаа харагдах болуужин гэж айх юм. Хуучин үед хот байгуулалтад хэтэрхий хатуу ханддаг байсан. Одоо дэндүү хөнгөн хандах болжээ. Туйлшрал л юм даа.
-Цаашдаа яах ийхийг ёстой тэнгэр мэдэх биз ээ?
-Гэхдээ хүн бид мэдэх чадахаа хийж л байх өстой. IV хорооллыг ЗХУ-ын зээл тусламжаар бариулах зорилт тавьжээ. Үүний тул Москва хотын даргыг айлчлуулж, түүний толгойг Б.Алтангэрэл дарга эргүүлэх хэрэгтэй гэсэн бодлого гарчээ. Толгойг нь эргүүлэх бүх баримт бичиг сэлтийг миний бие арваад хоног хотын намын хорооны бүр хуучин, шатахаас өмнөх байшинд сууж Оросоор бичиж, орчуулж хийсэн юм. Москва хотын дарга өглөө 08 цагт онгоцноос бууна гэж байхад би 03 цагт эцсийн зарим зүйлийг гүйцээн хүлээж суусан Б.Алтангэрэл даргын гэрт нь хүргэж өгч байв. IV хороолол баригдсан. Одоо ч Монгол Манхэттан гэгдэх сүрлэг сайхан хороолол. Хуучин үөийн ажил байдлын горим нэг иймэрхүү байлаа гэдгийг хэлэх гэсэн юм л даа.
-Ингэхэд Та аль намын гишүүн бэ?

-Хуучин шинэ аль ч үед нам бус. Гай ч үгүй, гавъяа ч үгүй хэрэг. Математикийн философиор уул овоо шиг их утга зохиол бий. Зөвлөлтийн үеийн нэг номонд “Математик дахь намч чанар” гэсэн бүлэг байдаг. Супернэгдлийн онол маань цэвэр математик үзэгдэл. Энэ онолыг нээж боловсруулсны цаана хүссэн хүсээгүй ямар нэг үзэл суртал нуугдан байгаа. Энэ нь үндэсний үзэл юм. Нэг ухаандаа математик дахь миний намч чанар гэвээс “Үндэсний үзлийн нам”-ын намч чанар юм. Миний үндэсний үзэл хуучин үед
4 нууц байгаагүй. Үндэсний үзэл бол хамгийн хүчтэй хөшүүрэг, тулгуур багана, хөрс дэвсгэр юм гэж боддог. Супернэгдлийн онолыг олсон нь ч үүний баталгаа юм. Энэ судалгааны угийн угт үндэсний үзэл бий юм.
-Улс төр уруу хэт хальтрах хэрэг байна уу даа. Тэр тусмаа үндэсний үзэл гэхээр айж бэргэх, үргэж бусгах нь одоо ч элбэг?

-Ер нь бол зүгээр үг хэл, үзэл бодлын эрх чөлөөний асуудал. Үндэстнүүд оршин байна. Үндэстнүүд арилтал яавч их ус урсана. Ерөөс хүн төрөлхтөн гэдэг систем оршин тогтох үндэс нь үндэстнүүдийн ондоошил гэж системийн шинжлэл гэдэг ухааны үүднээс хэлж болно, тэгэж ч үздэг. Бид үндэсний үзэлгүй байж болно. Гэтэл бусдууд үндэсний үзэлтэй. АНУ гэдэг халуун тогоо, холион бантан хүртэл үндэсний үзэлтэй.” Энэ нөхцөлд үндэсний үзэлгүй үндэстэн нь дархлаа устгадаг ДОХ-той этгээд гэсэн үг. Тиймээс үндэсний үзэл нь ердөө л амьдарч үлдэх арга хэрэгсэл. Үүнээс айж бэргэх, үргэж бусгах нь илүүц зүйл.
-Таны судалгааны амжилттай үр дүнг дан ганц үндэсний үзэлд хамаатуулж болох уу?

-Дан ганц биш, гэхдээ гол хүчин зүйл нь энэ. Үндэстнүүд өрсөлддөг. Энэ нь байгалийн хууль. Өрсөлдөөний гол талбар нь оюуны салбар. Оюуны салбартаа өрсөлдөөний гол талбар нь шинжлэх ухаан. Энд олсон үндэсний нэр хүнд, рейтинг чансаа мөнхийн байна. Биеийн баатар болбоос нэг үеийн баатар, билгийн баатар болбоос мянган үеийн баатар гэдгийн учир энэ. Шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүд үндэстнүүдийн өрсөлдөөн, үндэсний үзэлтэй шууд холбоотой нь угтаа нууцлаг боловч нийтлэг үзэгдэл. Ерөөс давуу дутуу тал зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн Монголчууд гэж зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан гэж урьдын түүхчид бичдэг байв. Гэтэл зэрлэг бүдүүлэг дээр дэлхийн түүхнээ хамгийн аугаа гүрэн байгуулж болох уу? Өнөөгийн түүхчид энэ асуултын хариултыг олж эхэлж байна. Юу вэ гэвэл, Чингисийн Монголчууд оюун сэтгэлгээний давуу талыг эзэмшсэн байжээ гэж.
-Яагаад. Ямар учраас?

-Энэ их нарийн асуудал. Бүдүүн тоймоор нь хэлбэл дараах юм. Зэрлэг бүдүүлэг нь худал биш. Гэтэл энэ зэрлэг бүдүүлэг чинь чухам юу гэсэн үг юм бэ? Байгаль шиг бодож сэтгэнэ гэсэн үг. Байгаль хэзээ ч алддаггүй. Чоно лугаа сэтгэж үйлдээд байхад л болж байж. Чингисийн Монголчуудад бусдаас сурч мэдсэн онол номлол гэж юу байхав. Харин тэдэнд мянга мянган жилээр энэ газар орноо боловсорсон төрөлх метафизик сургаал нь байсан. Түүний үндсэн теорем, томъёоллыг хэн бүхний мэдэх нэр бүхий дурсгалаас миний бие зээлдэн номын тэмдгэндээ хэрэглэсэн нь энэ юм.
Өнөөгийн хэлээр хэлбэл, энэхүү метафизик сургаал нь тэнгэризм юм. Энэ нь байгаль лугаа сэтгэж үйлдэх аяс хандлага, арга ухаан юм. Энэ нь дэлхийг даяарчилсан ялалтыг хангах оюун санааны давуу тал болж байжээ. Юмс үзэгдэл ямагт хоёр талтай, хосмол чанартай. Язгуур нүүдлийн ахуй оршихуйн нөгөө тал нь түүний зарим давуу талууд.
-Тийм давуу тал байлаа гээд өнөө үед тэр нь үйлчлэх үү?

-Яагаад үгүй гэж. Тэр тусмаа өнөөдөр бүр илүү үйлчлэх боломжтой. ШУ гэж байгалийн нууцсыг тайлж тайлбарлахыг хэлнэ. Энэ нь байгаль лугаа сэтгэ гэсэн л үг биш үү. Байгальд хамгийн ойр дөт нь нүүдэлчид. Би нүүдэлчин ахуй орчинд төрж өссөн. Энэ миний давуу тал байхыг үгүйсгэхгүй. Багадаа энгэр газар судгийн ногоо дагуулан хонь хариулж, хаврын наранд ээж суухдаа энэ орчлонгийн гайхамшигтай зохирлыг анх ажиглаж гайхаж байснаа мартдаггүй юм. Бүх юмс үзэгдэл газар дээрх амьдралд зориулагдан зохицуулагдсан мэт. Манхэттанд төрж өссөн хүүхэд хот орноо сайшааж шүүмжилж чадна. Харин орчлонг олж харахгүй. Ялгаа зөрөө нь энэ.
-Тэгвэл Таны багадаа хонь хариулсан, адуу манасан нь супер нэгдлийн онолд тэгтлээ нөлөөллөө гэж үү?
-Нөлөөлсөн. Энэ бол баримт. Ертөнцийн зохиролд гайхаж бишрэхдээ “Зохирол” гэдэг үгийг мэддэггүй байсан байж таарна. Гэхдээ сэтгэгдэл, сэтгэмж нь тийм байсан. Коперникийн дараахь нээлт ололт нь Иоханн кеплерийн “Нагтогисае Мипси” ном юм. Ертөнцийн зохирол гэсэн үг. Энд гариг эрхсийн хөдөлгөөний хуулиуд байх ба энэ үндсэн дээр их Ньютоны онол номлол бий болсон түүхтэй. Ерөөс танин мэдэхүй, шинжлэх ухааны туйлын зорилго нь ертөнцийн зохирлын системийг нээж олох явдал. Олбоос супернэгдлийн онолыг байгууллаа гэсэн үг. Их Ньютоны дараахь номоор онолын физикийн ухаан бий болсон. Онолын физикийн эцсийн онол, төгсгөл нь миний дээр дурдсан ном.

Ньютоны номын нэрийг зээлдсэн нь хэр оновчтой юм бол?
-Зээлдэх зайлшгүй шаардлагатай. Гол учир нь түрүүнд хэлснээс тодорхой байх биз. Надаас өмнө энэ нэрийг зээлдсэн хоёр тохиолдол байдаг. Нэг нь огт ач холбогдолгүй, нөгөө нь ач холбогдлоор багахан ажил байсан юм.

-Таны номын нээлт хэзээ болох вэ?

-Сая болоод өнгөрсөн.
-Том баяр болов уу?
-Презентацийг “Harmonicae Mundi”-т зохион байгуулсан. Миний номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн газар. Хааны нэр сүр цаанаасаа хэрэг боллоо гэж бодогдоно. Төрийн гурван өндөрлөгийг урьсан гэсэн. Ёс ёмбогор, төр төмбөгөр гээд тэдэнд нэг нэг хувь ном гардуулах санаа байлаа. Гэтэл өндөрлөгүүд өөрсдөө ирэх нь байтугай, төлөөллөө ч ирүүлсэнгүй.
-Яасан юм бол?
-Айгаад байдаг юм. Монгол хүнд итгэхгүй байгаа юм. ШУ-ч боловсрол дутмагийнх.
-Юунаас айдаг байна аа?
-Энэ чинь би өөрөө айдаг аугаа үзэгдэл. Энэ чинь шинжлэх ухаан, соёл иргэншлийн түүхэнд эцсийн эцэст хэдэн нүүдэлчид үнэмлэхүй ялж буй хэрэг шүү дээ. Супернэгдлийн онолын асуудал гэж юу болох тухай уул овоо шиг их утга зохиол бий. Нобелийн шагналт Стивен Вайнбергийн ном байна.
Нэр нь “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” гэж байна. Энэ чинь хүн төрөлхтний зүүд мөрөөдөл болсон туйлын зорилт. Бас нэг ном байна.
Нэр нь “Физикийн төгсгөл: Нэгдсэн онолын үлгэр домог” гэж байна. Зүүд мөрөөдлийн хэрийн зүйлийг хэрэгжүүлэх нь үлгэр домгийн хэрийн хүнд хэцүү хэрэг болох нь XX зууны шинжлэх ухааны түүхээр батлагдсан юм. Тэгэхээр зүүд мөрөөдөл, үлгэр домог хэрэгжлээ гэж нэг муу Монгол хэлэхээр өнөөгийн манай удирдлагад үнэхээр итгэл үнэмшилгүй сонсогдох нь аргагүй юм. Гэтэл ирэх жил их ойг нь тэмдэглэх Хүннү гүрэн, та бид нэр сүрийг нь худалдаж идэн байгаа Чингисийн Монголын Эзэнт гүрэн чинь бас л зүүд мөрөөдөл, үлгэр домгийн хэмжээний аугаа үзэгдэл шүү дээ. Тиймээс үлгэр домгийн хэрийн зүйлээс айж бэргэх, хулгаж хулмалзан нуугдах шалтгаан чухам Монголчуудад байхгүй юм. Гэтэл та бид дээр үеийн баатрууд биш, өнөө үеийн бирд бөөснүүд болжээ. Хүн амьтныг ч дээр дооргүй айлгаад, би өөрөө ч бэргээд байдгийн учир энэ.
-Тэгвэл Таны бодлоор төрийн өндөрлөгүүд юу хийх ёстой юм бэ?

-Миний бодлоор биш ээ. Үндсэн хуулиа хар. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хуулиа хараач ээ. Үндсэн хуульд: “Монголын ард түмний шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэжээ. Учир нь “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол… Монгол Улсын үндэсний баялаг мөн” юм байна. Соёл иргэншлийн үндэс нь шинжлэх ухаан. Ямар шинжлэх ухаан байна, тийм л соёл иргэншил байна. Өнөөдөр харилцаа холбоо глобальчлагдаж, та бид гар утас санжигнуулж яваа маань физикт квант орны онол гээч юм байдгийн үр дүн юм. Нэгдсэн орны онол хувьсгалт шинэ технологиуд бий болгох нь дамжиггүй. Шинжлэх ухаан бол дэлхий нийтийн тэргүүлэх эрх ашгийн гол гогцос асуудал. Тиймээс үндэсний төр засгууд Үндсэн хуулийнхаа дээрх мэт заалтаар даян дэлхийн эрх ашгийн өмнө хариуцлага хүлээж буй юм. Судлаач миний өмнө биш. Онол босгож ном хэвлүүлснээр судлаачийн үүрэг, хариуцлага дуусгавас болдог номтой. Үлдсэн нь бусад сонирхсон үгүй этгээдүүдийн үүрэг хариуцлага, сайн муу дурын асуудал. Сайн муу дуртай гаас нь үл хамааран үндэсний төр засгийн хувьд хуульчилсан үүрэг хариуцлагынх нь асуудал.
-Энэ уг нь хэн хэндээ ойлгомжтой л баймаар юм…
-Чухам дээгүүрээ ойлгохы хүсэхгүй байна. Үндсэн хуулиа ч эргэж хардаггүй юм шигээ Барууны нэрт сэтгэгч, “Хубилай” хэмээх нэн алдартай шүлэг найргийн зохиогч Кольрижийн хэлсэн нэг айхтар үг байдаг. Юу вэ гэвэл “Хүмүүс эцсийн эцэст хүний мөн чанар гэдэг хөгийн юмтай л учирч таардаг” гэж. Энэ их үнэн үг. Жишээ нь, Монгол Улсын баатар, УИХ-ын удаа дараагийн гишүүн Эрдэнийн Бат-Үүл байна. Эцгийг нь би дагуулж шөнөжин айл хэсч архидах хэрийн жирийн танилууд байсан юм. Луугар буриад байлаа л даа. Социализм байж л байсан үед энэ Бат-Үүл гишүүн над дээр ирж, ирэх хувьсгалын тухай хөөрөлдөж байсан удаатай. Гэхдээ гол нь энэ биш. Гол нь Бат-Үүл баатар маань физикийн багш мэргэжилтэй ухаантай юм өөрөө ярьж байсныг санаж байна.
Эйнштейний харьцангуйн онолыг их уншсан ч гэж хэлснийг санаж байна. Би энэ судалгааны тухай 13 жил хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бараг тасралтгүй хэлж ярьсан шүү дээ. Гэтэл яав. Зүгээр физикийн багшийн ердийн сонирхлоор ч юм уу, ер нь нэг муу Монгол хүнийхээ хувьд ч юм уу, эсвэл хувьсгалч баатрынхаа зэрэг зиндаагаар ч юм уу, зүгээр төрийн түшээгийнхээ үүрэг хариуцлагаар ч юм уу, миний судалгааг нэг удаа ч болов анзаарч “Үгүй, та нээрээ оролдоод байвал болох ч юм бил үү, хэн мэдлээ” гэж хэлж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Үүнийг л хүний мөн чанар гэдэг хөгийн юм гээд байгаа юм. Хүний мөн чанар гэдэг дээр Монгол хүний шинж чанарыг нэмж тооцох тухай Баабар бичээд байдаг нь нэг их буруугүй бололтой. Гэхдээ Монголчууд бидэнд ерөөс ямар нэг юм айхтар дутаад буйг энэ жишээ харуулах мэт.


-Тэр дутагдаад буй нь юу бол, Таны бодлоор?

-Миний бодол нэг хэрэг. Ер нь хэн хүнгүй бодууштай зүйл. Нийгэм маань оюуны ашиг сонирхлын талын зүйлийг ор тас таягдан хаяжээ. Капиталист анхны хуримтлалын хатуу ширүүн нөхцөлд материаллаг ашиг сонирхол давамгайлах нь зүй тогтлын хэрэг. Юун онол номлол вэ, балай юм, Оюутолгой, Тавантолгой байхад гэж уцаарлан бодоод байна. Гэнэн хэрэг, өнгөцхөн бодол. Ялангуяа төр засгийн төвшинд. Миний нэг мэргэжил бол уурхайчин. Ерөнхийдөө үндэсний амбиц дутаж байна. Эзэнт их гүрнийг байгуулагчдын үр удам бид маань ямар нэг том ялалтын тухай хүсч мөрөөдөх байтугай, тийм юм зүүдэнд орохоос айдаг болжээ. Хэдэн зууныг дамжсан бууралт доройтлын дараа энэ ч аргагүй. Энэ бол хүндэтгэх шалтгаанаар уучлууштай үзэгдэл. Гэхдээ нийгмийн ерөнхий төлөв байдлынхаа клиник онош тавих нь их чухал. Эмгэг согогоо эхлээд мэдэж баймааж, анагааж эмчлэх аргаа олно. Гол арга нь дэлхийн хэмжээний шинэ шинэ амжилт олох. Амжилт олохын тулд үндсэн хөшүүрэг нь эргээд үндэсний амбийц. Үндэсний амбицгүйгээр олимпийн аварга төрдөггүй нь их спортын аксиом байдаг юм. Хэрэв олимпийн аваргууд төрсөн бол Монгол хүний үндэсний амбийц сэргэж буйн гэрч ба үр нөлөө. Энэ амбиц буюу үндэсний эрмэлзэл зориг тань сумо, спортоос гадна шинжлэх ухааныг бас хамрах ёстой. Орчин цагийн барилдаан зодолдооны гол талбар нь шинжлэх ухаан. Үүнийг орхигдуулж хэрхэвч зохихгүй. Монголд шинжлэх ухааны уламжлал бага гэдгийг түрүүнд дурдсан. Гэхдээ танин мэдэхүйн язгуур уламжлал агуу. Энэ уламжлалын үр дүн нь супернэгдлийн онол. Энэ тухайд миний бусад ярилцлага, нийтлэлээс олж үзэж болохуйц.
Шинжлэх ухааны албан ёсны хэвлэлд нэр бүхий нэг хүний үг хэвлэгдсэн удаатайг зургаар нь хуулбарлан үзүүлье:

‘ Морин дэл дээр төрж морин дээр үхдэг эсгий туургатны бор гэрээс нээлт гарна гэдэг ёстой л гонжийнжоо. голионы баас ‘

Мөн тэнд бас нэг ийм үг бий.

‘ Бидний нэг гутамшиг бол экспертүүд Монголд байдаггүй ‘

Монголд экспертүүд бий л дээ. Голж шилэх нь илүүц. Социализмын 70 жил дэмий өнгөрөөгүй. Номын нээлтэнд харин ШУА-ийн Ерөнхийлөгч академич Ц.Энхтүвшин хүрэлцэн ирж ном гардсан. Бодвол, экспертүүдээ цуглуулж энэ онол ба номыг миний оролцоотойгоор хэлэлцэх юм байгаа биз. Ерөөс шинжлэх ухааны ердийн горим журам нь энэ. Сайн муу дурын юм уу, гуйлт хүсэлтийн асуудал биш. Энэ горим журмыг баримталж огт сураагүйн зовлон бий.
-Горим журмынхаа дагуу арга хэмжээ авагдах байлгүй дээ гэж найдъя. Эцэст юу хэлмээр байна?
-Шинжлэх ухааны сүүлчийн онолыг нээн олж байгуулах асуудал ба туйлын зорилт хүн төрөлхтний өмнө байдаг юм байна гэж түрүүнд хэлж ярьснаас эрхбиш ойлгогдож буй байх. Шинжлэх ухааны асуудал шийдтэй байх номтой, учир нь шинжлэх ухааны асуудал. Хэн, хаана, хэзээ шийдэх нь тохиолдлын хэрэг, магадлалын асуудал. Тохиолдол, магадлалын дотор Монгол Улс ба Монгол үндэстэн тууж л яваа юм. Ямар нэг тохиолдол, магадлал хэрэгжихэд айж цочирдон шоконд орж балмагдах хэрэггүй. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ суурь онол хаанаас гарна, тэндээс соёл иргэншил хөтлөгдөж, тийшээ түүхэн үйл явц төвлөрдөг жамтай. Шинжлэх ухааны сүүлчийн онол хувьд ийм даяар нөлөө тусгал нь үнэмлэхүй шинж чанартай байх өстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүссэн хүсээгүй олон улсын рейтинг чансаагаараа тэргүүлэх байр сууринд тавигдана. Эндээс их юм хүлээгдэнэ. Харин хүлээлтийг бид хэрэгжүүлж чадах уу, үгүй юү. Ер нь бодоод байх нь ээ, би вээр Бодончар мунхагийн угшилтай нэгэн байх шиг. Мань ер үлгэр домгийн шахам хачин жигтэй юм донгосоод мунхаг гэж ад үзэгдэн гэрээсээ хөөгдсөн байдаг. Гэхдээ хожим нөгөөдүүл нь яагаад ч юм түүнийг зорьж эргэж очсон байдаг. Нөгөөх нь болохоор, тэнд нэг хэсэг сул иргэн байна, тэднийг автугай гэж санал дэвшүүлсэн байдаг. Тэгээд тэр ёсоор болсон. Тэгээд үйл явц цаашид хар аяндаа даамжирсан. Их Монгол Улс, Эзэнт гүрний угт ийм зөвлөмж, ийм үйл явдал байсан. Өнөөгийн дэлхий гэж яахаа мэдэхээ больсон сул иргэд тэр аяараа аврал хүлээж байна. Аврал нь зарчмын хувьд ганцхан. Энэ нь эцсийн буюу супернэгдлийн онол. “Санааг нь авбаас бие нь хаа хол очиж хамраараа хатгаж ойчих” гэж Чингис хаан сургажээ. Санааг нь нэгмөсөн авах арга хэрэгсэл нь бэлхнээ байна. Ардчиллын туг далбаа, уриа лоозон болсон Уинстон Черчилль хэлэхдээ “Ирээдүйн эзэнт гүрнүүд нь оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэжээ. Оюун санааны даяар Эзэнт гүрэн байгуулах алтан боломж нээлттэй. Үндэсний зөн яруу найрагтаа байдаг юм. Олхонуд Д.Бямбадорж зайрантны зөнд орсон нь:
Угийн түүх эхээр эхэпж Удмын ёс эцгээр овоглож Ханхүү тэнгэрээс ирж Хас төр тогтоогүй байхад
Бөө бөөлж байсан Бөөрөнхий тал хэнгэргээ дэлдэж байсан…
гээд бүхий л түүхэн эринүүдийг дамжин өртөөлсөөр эцэст нь:
Омогширч явсан Хөх Монголын удам
Домогширч үлдсэн Нууц товчоогоо залж
Авъяасаараа дахин дэлхийд гайхуулах
Алтан боломж, энэ зууны босгон дээр
Бөө бөөлж байсан
Бөө бөөлсөөр байх болно…
гэжээ. Ерөөлөөр болтугай юу?
- Болтугай, болтугай.
-Дараагийн ярилцлага хүртэл баяртай.

Б.Даариймаа

Эх сурвалж: “Үнэн” сонин

Ч.ЭРДЭНЭ: "АЛИВАА ЗҮЙЛД СИСТЕМ БИЙ. ХАМГИЙН ДЭЭД СИСТЕМ НЬ БАЙГАЛЬ ЭХ"


Манай сонины ¹ 018, ¹ 024 дугаарт Ч.Эрдэнэ гуайн ярилцлага нийтлэгдэж байсан. Уншигчдын хүсэлтээр эл ярилцлагыг бүрэн эхээр нь дахин толилуулж байна. Супер нэгдлийн онолыг нээсэн Ч.Эрдэнэ гуайтай уулзахаар очихдоо цал буурал, таяг - тай хүний тухай төсөөлж байлаа. Гэтэл саравчтай малгай духдуулсан хөнгөн алхаатай хүн намайг тоссон юм. Ч.Эрдэнэ гуай цэргийн зориулалттай “газар уснаа явагч” жийж, сав хин өмд, олон халаастай хантааз өмсчээ. Тэрбээр Япон, Хятад, Ташкент, өөр хаана ч юм амьдарч бай сан гэдэг. Гэхдээ цор ганцаараа шүү. Түүний ориг наль чанар нь ганцаардмал зан гэж хуучны та нил нь хэлж байсныг бодоод Та зожиг хүн үү? гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэв...

-Зожиг. Ганцаараа байхад надад амар байдаг юм. Орчлон ертөнц тэр аяараа амьдралд санаа зовж байгаа нь хангалттай. Бүх зүйл жамаараа болж өнгөрнө.

-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтэй байдаг. Харин та шүтлэгтэй хүн шиг ярьж байна шүү.

-Нэг их айхтар шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ шинжлэх ухааны хөгжил буддын шашны номлол руу чиглэж байгаа нь ажиглагддаг.

-Шинжлэх ухаан бидэнд тийм чухал хэрэгтэй юү?

-Хүн бүхнийг судалж дуусахад маш их хугацаа орох учраас шинжлэх ухаан байдаг юм. Үе удамдаа өвлүүлэн, уламжлуулж хэдэн мянган үеэрээ судлах ёстой зүйл л дээ. Харин судалгааны үр дүнд хүний хөдөлмөрийн үйл ажиллагааг хөнгөвчилж болно. Хүмүүс шинжлэх ухааныг нээж олоогүй байсан бол өдийд чулуун зэвсгийн үедээ таг гацах байсан байж мэднэ. Тэгэхээр энэ судлагдахууныг цааш нь хөгжүүлээд л байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаан тийм л мундаг юм бол яагаад өдий болтол бурхан байдаг, үгүй эсэхийг баталж чадахгүй байгаа юм бэ?

-Ер нь шинжлэх ухааныг шашингүй үзэл гэдэг. Энэ хоёр зөрчилдөхгүй гэсэн ойлголт ч байна. Энэ хоёр судлагдахуун өөр өөрсдийн арга барилтай. Судлах зүйлс нь ч гэсэн өөр. Шинжлэх ухаан хэзээ ч бурханыг судлахгүй. Харин шашин шинжлэх ухаанд халдахгүй. Бурхан гэдэг чинь батлах ч хэрэггүй, няцаах ч хэрэггүй ойлголт байхгүй юу. Шинжлэх ухаан, шашин хоёр чинь хоёулаа танин мэдүүлэх үүрэгтэй зүйлс

-Шинжлэх ухаан бүх зүйлийг яг таг баримт нотолгоотой болгодог. Зарим хийсвэр зүйлийг бодит болгох гэж оролддог. Тэгэхээр шинжлэх ухаан бүх зүйлд халдах эрхтэй юм шиг ээ

-Аливаа зүйлд систем байдаг. Хамгийн дээд систем нь байгаль өөрөө. Шинжлэх ухаан бол математикаар тооцож болдог бүхнийг судалдаг. Гэтэл математикаар тооцож болдоггүй зүйл гэж бас байгаа. Ингээд цааш үргэлжлүүлбэл харьцангуйн онол гэдэг зүйлтэй тулгарна.

-Тэгвэл зүүд, мөрөөдөл алинд нь хамаарах вэ?

-Энэ харин хоёуланд нь хамаарах зүйл байгаа юм. Зүүд гэхээр тархины үйл ажиллагаатай холбогдоод шинжлэх ухаанд багтдаг. Тэгээд хийсвэрлэл, итгэл үнэмшил гэдэг утгаараа шашинд бас хамаатай болоод явчихдаг.

-Сүүлийн үед физик шинжлэх ухааныг хамтад нь яриад байдаг болсон байна лээ.

-Физикийн ухаан дангаараа байна л даа. Материйг судалдаг. Гэхдээ мэдээлэл, танин мэдэхүйн зуунд аливаа юмсыг хамруулан ойлгох шаардлага их гардаг. Ертөнц нэг гэдэг утгаараа шинжлэх ухаан бас нэгдэнэ. Микроскопоор юм харна гэдэг чинь физикийн үзэгдэл байхад тухайн зүйлийг шинжлэх ухаанд хэрэглэдэг гэдэг ч юм уу.

-Та яг физикч хүн үү?

-Миний сурсан юм физик.


-Физик гэдэг зүйл рүү яагаад татагдсан юм бэ. Юуг хүсэж тэмүүлж энэ салбар луу орсон бэ?

-Шинжлэх ухааны үндэс гэдэг утгаараа надад таалагддаг. Бүх л салбараас физик, шинжлэх ухаан гэдэг хоёр зүйл л миний сонирхлыг төрүүлж чаддаг.


-Таны бичсэн “Монголын үндэсний сэргэн мандал” номыг уншсан. Би огт ойлгоогүй. Толгой эргэмээр олон тоо. Энэ олон тоо хэнд хэрэгтэй юм бэ. Өнөөдөр би ямар ч тоо бодохгүйгээр амьдраад болоод л байна ш дээ.

-Хүн төрөлхтөнд хэрэгтэй. Зарим хүн тоо боддог болохоор чамд тоо бодох шаардлага гарахгүй байгаа юм. Чиний эдэлж хэрэглэж байгаа гар утас, зургийн аппарат, өөр юу байдаг юм тэр бүгд чинь тооноос бүтдэг юм ш дээ. Энэ тоонуудыг цааш нь үргэлжлүүлэн бодоод л байх юм бол утас чинь чамтай ярьдаг болно. Чи бүр товчлуур дарах ч хэрэггүй болно гэсэн үг ш дээ.

-Хүмүүс голдуу хэдэн настайдаа нээлт хийдэг вэ?

-Янз янз л байдаг юм. Математик, физикийн чиглэлээр бол голдуу 20-30 нас. Харин одоо бол залуугаараа хийдэг нээлт гэж байхгүй болж дээ. Миний энэ судалгааны ажил бол оюутан байх үед л санаанд орж байсан зүйл байгаа юм. Барьж аваад, бодож боловсруулах цаг гаргаад сууж эхэлснээс хойш яг 12 жил болж байгаа юм.

-Завсар зайд нь өөр юм хийж байсан болохоор удаан хийсэн гэж ойлгож болох уу?

-Ахуйн чанартай зүйлс л хийнэ үү гэхээс энэ ажлаа нухаад толгой өндийх завгүй л суусан даа. Яс 12 жил болсон. Суурь судалгааны ажил хийж байгаа хүн өөр юм хийж чаддаггүй байхгүй юу. Уншиж, мэдэх зэрэг судалгааны ажил их хийнэ. Бүхнийг мэдэх гэж оролдоно. Юм мэдэхгүй байж дуусгана гэж юу байхав.


-Физикийн хамгийн сүүлийн нээлтийг та хийчихлээ. Тэгэхээр одоо дахиад шинэ нээлт хийгдэхгүй гэсэн үг үү?

-Жижигхэн нээлтүүд хийгдэнэ л дээ. Гэхдээ үүн шиг том нээлт хийгдэхгүй. Энэ онол дотор задраад л явчихна. Компьютер гэдэг юм бүтээгдчихлээ. Удахгүй компьютер чинь ярьдаг болно, сонсдог болно. Тэгээд цаашаа хөгжөөд явчихна гэсэн үг. Тэгэхээр би компьютер шиг нэгдсэн цул бүтээл хийчихээд байгаа юм. Энэ нээлтээс цаашаа олон хөгжил дэвшил гарна.

-Та урьд нь нээлт хийж байсан уу?

-Нээлт. Нэг хүн олноор нь хийгээд байдаг эд биш л дээ. /инээв/ Нэг хүн нэг л нээлт хийвэл тэгээд болчихож байгаа юм.

-Супернэгдлийн онол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

-Супернэгдэл гэдэг чинь бүх юмыг тооцож чадах онолыг хэлж байгаа юм. Тэгээд тооц тооц...

-Тэгвэл хүний амьдралд яг ямар хэрэгтэй юм?

-Хэрэгтэй байлгүй яахав. Энэ дэлхий хөгжинө. Наад онол дээр чинь дөрөөлөөд шинээр хөгжинө ш дээ.

-Онол туршилтаар батлагддаг. Таны энэ онолыг ямар туршилтаар батлах вэ?

-Энэ онолыг батлах ёстой онол аль хэдийнэ дэлхий дээр хийгдчихсэн. Харин томъёог нь гаргах гээд их удлаа. Тэгэхээр тэр туршилтын үнэн бодит тал дээр санаа зовох зүйлгүй.

-Аль хэдийнэ туршсан гэхээр, бид энэ онолыг батлаагүй байхад хэрэглэж байсан болж таарах нь уу?

-Тийм ээ. Зөвхөн энэ онол л дутуу байсан юм. Дэлхий даяараа супернэгдлийн онолыг хүлээж байсан. Өндөр хөгжилтэй орны иргэд бүгд шинжлэх ухаан сонирхдог. Харин манайхан нийгмээсээ болоод шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах завгүй яваа.

-Гэхдээ таныг нээлт хийсний дараахан энэ талаар шуугиж байгаад, яриа намжсан шүү дээ. Үнэхээр том нээлт юм бол дэлхийн эрдэмтэд яагаад чимээгүй байна вэ?

-Нээлт хийхээс илүү монголчуудад итгүүлэх нь хэцүү. Харин олон улсад хүргэхийн тулд боловсруулалт хийх хэрэгтэй. Бүгдэд зарлахын тулд англи хэлээр ном бичээд дэлхийн эрдэмтдэд хүргэх хэрэгтэй байгаа юм. Одоо би үүн дээр ажиллаж байгаа.

-Монголчуудад итгүүлэх тийм хэцүү гэж үү. Яагаад тэр вэ. Харин ч итгэмтгий болохоо роо сонгууль бол гоноор хулхидуулчихаад байдаг юм биш үү?

-Сонгууль бол өөр хэрэг. Тэрийг дараа тухтай ярьж болно. Монголчуудын сэтгэцэд нэг хачин зүйл байгаа юм. Манай энэ л тэгэв гэж, тэр тэгээд байхдаа яахав дээ, хамар хашааны хазгар тэгж харагдаач” гэх мэт ярианаас нь “харж” болно. Монгол хүн дэлхийн хэмжээний бүтээл хийхэд баярлахаас илүү гайхах нь олон шүү. Гэхдээ монгол бөхчүүд сүмогоор, хөгжимчид ардын урлагаар, циркчид нугаралтаар, дуучид ардын дуугаар дэлхийг шуугиулж чадаж байна. Үүн шиг олон зүйлээр бусдыг гайхуулж чадна. Харин оюуны цар хүрээгээрээ олон улсын шилдгүүдийн эгнээнд жагсах залуус “экспортод” явчихсан уу, хаа нэгтээ гэртээ хэвтэж байна уу гэдгийг би мэдэхгүй юм. Ямартаа ч монголчууд хүнээ үнэлэх хэрэгтэй гэж бодож явдаг юм.

-Та ямар их тамхи татдаг юм бэ. Энэ бараг 10 дахь нь боллоо.

-Сурчихсан юм. Тоох хэрэггүй. Энгийн л нэг дадал зуршил.

-Физикийн үүднээс тайлбарлавал тамхи татах яг ямар үйлдэл юм бэ?

-Хүмүүс заавал нэг өвөрмөц, гажиг хэрэглээ бий болгодог юм байна л даа. Архи, ундаа, тамхи, чихэр гэх мэтийн юм хэрэглээд л. Энэ нь байгалийн шаардлага үүсгэж байгаа юм. Хүн өөрөө биологийн шалгарсан амьтан, байгалийн төгс бүтээгдэхүүн. Харин логикт төгс зүйл байх ёсгүй гэдэг. Байлаа ч гэсэн хязгааргүй төгс болоод явчихна. Тэгэхээр логик бус байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс тэр хязгааргүй төгс хэм хэмжээнээс зайлсхийж ямар нэг хор хэрэглэж байгаа юм. Төгс хэлбэр алдагдах хамгийн гэмгүй арга нь тамхи... Гэхдээ хүн болгоныг тамхи тат гэж хэлж байгаа юм биш л дээ. Энэ гаж үйлдэл нь юугаар ч нөхөгдөж болно. Энэ ямар нэг биологийн шаардлага л байгаа юм гэж хэлэх гээд байна. -Физикийн салбарыхан их боддог болохоороо үйлдэл нь бага юм шиг санагддаг юм. Тооцоотой хөдөлдөг ч юм шиг. -Математик сэтгэлгээ үйл ажиллагааг товчилж байдаг юм. Тэгэхээр үйлдэл цөөхөн байх нь аргагүй.

-Та бол бүх зүйлийг тооцоолох онол нээж байгаа хүн. Өөрөө тооцоолуураасаа хальсан тохиолдол байдаг уу?

-Амьдралынхаа туршид олон мэргэжил сольж байсан. Турших үзэх журмаар гэх үү дээ. Магадгүй амьдрал хамгийн том туршилтын талбар байх. Ер нь би байнга эрэл хайгуул хийж яваад дасчихаж дээ.

-Та сэтгэл хөдлөл багатай хүн шиг санагдах юм. Ташкентийн газар хөдлөлтийн үеэр тэнд байсан гэж сонссон юм байна. Тэр үед сэтгэл санааны цочролд орж байв уу?

-Тэр үед Ташкент сая хүнтэй байсан. Би тэр сая хүмүүстэй л адилхан гарч ороод л, бужигнаад байж байсан. Нэг их айж цочирдоод байх юм байхгүй. Үргэлж газар хөдлөөд байхаар сүүлдээ дасчихна ш дээ. Тоохоо байчихна.

-Байшин нураад, толгой дээр чинь уначихна гэж айхгүй юу?

-Нурдаггүй юм. Таван давхар оюутны байрнууд тирххх гээд л дуугараад явчихна... Гэхдээ огт нурдаггүй. Газар хөдлөлтийн эсрэг барилга байгаа юм. Тэр барилгууд нимгэн тоосгон ханатай, булангаараа салгуу. Жаахан шавардчихсан. Хүчтэйхэн шиг түлхэхэд л ганхах эд байдаг юм. Тэгээд газар хөдлөлтийн үеэр байшин нурахгүй, ганхаад шавар нь нураад байгаад байдаг. Ташкентийн Политехникийн дээд сургуулийн захирал Рузбаев гэдэг хүн бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын гол мэргэжилтний нэг. Тийм болохоор хэчнээн газар хөдөлж байсан ч байр нураад уначихна гэсэн ойлголт байхгүй.

-Таныг их аялж явсан гэж сонсож байсан. Хаана хаана байсан юм бэ?

-Хэд хэдэн газарт амьдарч байсан. Нэг хэсэг Англид сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байсан юм. Монголоос Англид сургууль төгссөн анхны хоёр хүний нэг нь би байх шүү.

-Нээрэн, таныг МОНЦАМЭ агентлагийн захирал байсан гэж сонсож байсан юм байна.

-Тийм ээ. Сая МОНЦАМЭгийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болсон. Гэхдээ энэ талаар дараа тухтай ярья.

-Тэгвэл “Их гурвалжин” номынхоо талаар яривал ямар вэ. Гадаадад олон хувиар борлогдсон гэж дуулдсан.

-Нэг их сүртэй юм биш ээ. Гэхдээ энэ номын талаар ярих зүйл их бий...

Байн байн дуугарах утас нь бидний яриаг ийнхүү төгсгөсөн юм. Эрдэнэ гуай бүхнийг дэлгэрүүлж ярих хүсэлтэйдээ ч тэр үү олон зүйлийн талаар дараа ярих ам өгсөн. Хүзүүндээ зүүсэн хас тэмдэг, цүнхнийх нь хажуунаас унжих Монгол Улсын далбаа үндсэрхэг үзлийнх нь гэрч. Тэрбээр учир нь ойлгогдохгүй нэр томъёо хэлчихээд араас нь заавал “Тэгээд тооц тооц...” гэж хэлэх нь дадал зуршлынх нь нэг хэлбэр биз. Энэ хүнтэй яриад суухад орчлон ертөнцийг тооны машинд багтаачихаж болох юм шиг санагдсан шүү.

БИ ХЭД, ХЭДЭН НОБЕЛИЙН ШАГНАЛ АВНА

Ингээд сүүлчийн суурь асуудал нь 2009 онд 100 хувь хэвлүүлээд буй дараахь номоор шийдэгдсэн учраас ерөөс шинжлэх ухааны хамгийн аугаа их зорилт хэрэгжиж байгаа юм. Ердөө л энэ. Онолыг нь олоод өглөө. Ном болгоод хэвлээд өглөө. Өөр яалтай билээ. Үлдсэн нь бусдын асуудал. Харин нэн тулгамдсан асуудал гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Яагаад. Хэний, юуны, ямар тулгамдсан асуудал болоод явчихав аа?

-Дэлхийн тулгамдсан асуудал. Аминд тулж, хоолой дээр хутга тавьсан асуудал. Нэг бол хүн төрөлхтөн супернэгдлийн онолыг нээж олсноор соёл иргэншил цаашид хөгжин дэвшинэ. Эс бөгөөс өнөөгийн эдийн засаг, экологи, улстөрийн хямрал цаашид гүнзгийрсээр хэдхэн жилийн дотор сүйрэлд хүргэнэ. Энэ зөвхөн миний хөндөж байгаа асуудал биш л дээ. Бүр 1972 оноос хийсэн стратегийн судалгааны математик тооцоо. Энэ тухай Ромын клуб буюу хүн төрөлхтний төөрөг зургийн төсөл гэдэг стратегийн судалгааны олон улсын төвөөс хэвлэсэн “Өсөлтийн хязгаар” номоос олж үзэх хэрэгтэй. Үүнийг хялбарчлахын тулд Stephen Hawking нэрээр интернэтэд хайлт хийж болно. Кембрижийн их сургуулийн профессор, нэрт онолч Хокингийн видео ярилцлага бэлхнээ байгаа. “Манай туйлын зорилт бол орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэж хэлсэн буй. Тэрхүү туйлын зорилт нь биелээд, дээр дурдсан ном болоод байна гэдгийг ойлгоход л хангалттай. “Үүнээс үүдэн том асуудлуудын хамгийн сүүлчийнхийг хөнд өхөөс аргагүй. Хүн төрөлх тний ирээдүйн асуудал. Хэрэв та бид галактиктаа цорын ганц оюун ухаант амьтан юм бол цаашид үргэлжлэн амьдарч үлдмээр байгаа юм. Гэтэл бид нар одоо түүхийнхээ хамгийн аюултай үе шатанд ороод байна. Энэ зуун жилд сүйрлийг тойрч гарахад ихээхэн хүндрэлтэй байх болно. Энэ мянган юмуу, ирэх сая жилийн тухайд бол ярилтгүй” гэсэн байна.

-Ямар аймаар юм бэ. Саяхан дэлхийн сүйрлийн тухай өгүүлсэн кино үзсэн болохоор шууд л нүдэнд харагдаж байна шүү. Таны яриад байгаа сүйрлээс аврагдах арга бий юү?

-Сүйрлийг тойрч гараад шинэ дэвшил, хөгжилд гарах ганц гарц нь туйлын онол. Энэ онолыг олсноор хувьсгалт шинэ шинэ технологид шилжих боломжтой. Үүнээс өөр аврал байхгүй, байгалиас өгөгдөөгүй.

-Одоо тэгээд яах вэ. Бүгд үхэх үү?

-Хэн мэдлээ, хүн төрөлхтөн нь яах юм, ийх юм. Одоо ёстой хүний эрхийн асуудал гэгч байх. Гэхдээ нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Нэгэнт авралын зам зарчмын хувьд олдсон нөхцөлд худлаа ухаантай царай эсгэж юм уу, өөр ямар нэг шалтаг шалтгаанаар эргүүтэж мангартаад алдах цаг хугацаа хүн төрөлхтөнд үлдээгүй. “Time is running out” (Цаг хугацаа яваад, дуусч байна) гэж амтай болгон нь хэлж байгаа шүү.

-Тэгээд та хэн мэдлээ, хүний эрх гээд суугаад байж болж байгаа юм уу. Гэнэт та их муухай хүн шиг санагдчихлаа.

Болохгүй гээд яахав. 2009 оны есдүгээр сарын эхээр баахан бичиг цаас Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн. Хариу алга. Ерөнхийлөгч маань сая Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор Давосыг зорилоо гэнэ. Олигтой амьтан бол энэ тухай ганц хуудас мэдээлэл авч яваад тэнд тараачих ёстой юм л даа. Үгүй яахав, надаас хэдэн ном үнэ төлбөргүй аваад яв л даа. Хүн төрөлхтөнд сүйрлийг гэтэлж, амьдарч үлдэх ашиг сонирхол байгаа бол холбогдох асуудлын 99,99 хувийг шийдээд, хийгээд өглөө. Надад хамгийн ойр байгаа дэлхийн соёл иргэншлийн төв гэвэл, Эрээн, Улаан-Үд хоёр л байна. Гэтэл тийшээ ч хүрч чадахгүй байна шүү дээ.

-Хэцүү л юм байна. Гэхдээ болох байх. Та чинь хэдэн жилийн өмнө Монголыг тэжээнэ гэж хэлж байсан байх аа. Энэ чухам ямар учиртай юм?

-Товчхон хэлье. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж хуучны үг бий. Улс үндэстний рейтинг чансаа гэж хамгийн чухал зүйл байна. Зах зээлд худалдаж иддэг юм чинь эцэстээ зөвхөн брэнд нэр л байдаг юм. Улс үндэстний чансааг хүний хөгжлийн индексээр өнөө үед тодорхойлж байна. Монгол Улсын чансаа 117 дугаар байрт яваа гэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээ байна. Ер нь бол монголчууд бид түүхэн рейтингээрээ 50 хувийн халаасны оноотой юм.

-Халаасны оноо. Тэр чинь юу юм?

-Чингисийн Монгол гэсэн түүхэн брэнд нэрийг л бид худалдаж идэж байгаа шүү дээ. Үлдсэн 50 хувийг түүхэн том амжилтаар олоод авбал монгол үндэстний рейтинг 100 хувь болох учиртай. Үндсэндээ даяаршсан дэлхийн оюун санаа, сэтгэлзүйд нэгдүгээрт тавигдана гэсэн үг. Өнөөгийн дэлхий англи хэлээр ярьж байгаа чинь дээр үзүүлсэн Ньютоны ганц номын үр нөлөө. Ньютоны үүсгэсэн онолын физикийн эцсийн ганц ном л хэрэгтэй байхгүй юү. Тэр нь байна. “Санааг нь авбаас бие нь хаа холдож ойчих” гэж Хааны гэрээслэл ч байдаг. Ингээд л боллоо.

-Ерөнхийлөгч л таны номыг аваад явдаг байж. Яасан юм болоо?

-Нэгд, Монголын төрийн босго өндөр гэж бас нэг хуучин үг бий. Хоёрт гэвэл, Монголд төр засаг гэж юм байна уу, үгүй юү гээд хэн хүнгүй ярьж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр асууж сураад явдаг биз дээ. Энэ хоёр нөхцөл байдлын тал дундуур асуудал эзэнгүйдэж яваа байх. Ерөнхийдөө монгол хүнд Монголын төлөө итгэл бишрэл байхгүй. Тиймээс л энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гээд байгаа юм. Ерөнхийлөгч маань захчин ястан юм уу даа. Төв Халхын тоонд орох миний угшилд цагаан яст Чорос өөлд бараг тал хувийг эзэлдэг. Ямартаа ч бид Монгол нэрийн дор явж ирсэн, цаашид ч явна. “Монголчууд дээд тэнгэрээс заяатай төрсөн” гэж би хэлээгүй шүү дээ. Харин баталгаа нь та бидний гарт байна.

-Энэ яриаг уншсан хүмүүс таныг хүн мууллаа гэж дургүйцэх байх даа. Гэхдээ яахав, ярь ярь. Та ер нь ярилцлагын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одоо сэтгүүлийн ярилцлага Монголд зонхилж байгаа. Бусад нь гуйвуулсан, давтсан, хуулсан санаа. Хуучны “Play boy” сэтгүүлийг би их уншдаг байсан юм. Тэр сэтгүүлийн тал хувийг нь нөлөө тусгал сайтай томоохон ярилцлагууд эзэлдэг юм. Тухайн үед Монголыг донсолгосон нэг ярилцлага гарч байсан. “Оросууд Монголыг Хятадад худалдчих хэрэгтэй юм” гэж шатрын дэлхийн аварга Гарри Касппарав хэлсэн хэрэг. Тэгээд тийм л том үйл явдал өнгөрсөн 20 жилд болж өнгөрсөн. Одоо оросууд кинонд гардаг “Би юу хийчихэв ээ” гэсэн Богд лам шиг гайхаж суугаа бололтой. Тэгэхээр тэр үеийн ярилцлага Монголын орчин тойронд юу болох тухай мэдээллийг урьдчилан өгсөн хэрэг. Тухайн үеийн Оросын бодлогын логикийг их шатарч мэдэж байж л дээ. Гэхдээ сэтгүүлзүйд ярилцлагыг доод төрөл жанр гэж үзэх нь ч бий. Үүнийг залуу сэтгүүлчид сонссон байхад гэмгүй.

-Яагаад доод төрөл гэж?

-Үгүй, яахав дээ. Хүнд үнэ төлбөргүй реклам сурталчилгаа хийж өгч байгаа хэрэг гэж хэлдэг юм. Энэ ч оргүй зүйл биш. Сэтгүүлзүйд үнэгүй бүү хэл, үнэтэй сурталчлах зорилт байдаггүй юм шүү дээ.

-Та тэгвэл сэтгүүл зүйн доод төрлөөр өөрийгөө илэр хийлэхийг яагаад зөвшөөрсөн юм бэ. Нэг л зөрчилтэй юм яриад байна даа.

-Муу ах нь бага ярьдаг. Ярихаа тулбал зөрчилтэй юм ярьдаггүй. Ярилцлага гэдэг доод жанрыг дээд төрөл болтол нь ярилцахыг сэтгүүл зүйн урлаг, ухаан гэдэг юм. Тиймээс talk show нэг бол балай юм, нөгөө талаараа гайхамшиг болж хоёр туйлд тэмүүлдэг байхгүй юу. -

Бид хоёрын talk show аль туйлд тэмүүлэх бол?

-Уг нь бид хоёроос дэлхийг донсолгох мэдээлэл гарах учиртай. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлийнхээ талаар бичихдээ маш сайн сонсогч байх хэрэгтэй. Би геометр гэж олон дахин хэлэх хэрэгтэй болдог. Гэтэл тээр жил надаас ярилцлага авсан сонинд тувт гоёметр гэж бичсэн байсан шүү. Уншигчид нь юу гэж ойлгож, хэрхэн хүлээж авсныг бүү мэд. Мэддэг чаддаг ганц юм нь шоу болчихсон үед шинжлэх ухааны тухай ярих осолтой болсон юм шиг ээ.

-Та шоу цэнгээнд дургүй хүн үү. Ер нь шинжлэх ухааныхан бүгд л ном харж, бодол болж суудаг хүмүүс үү?

-Дургүй хүмүүс нь, шалиг налиг гээд үздэггүй. Би харин тийм биш. Шоу сайн уу, муу юу гэдэг чинь огт асуудал биш. Амьдрал өгүүлшгүй баян, үй олон талтай. Шоу ч байна, шинжлэх ухаан ч байна. Нийгэм өөрөө олон талын ашиг сонирхолтой байх ёстой. Шоу ч бизнес, сүмо ч бизнес. Харин шинжлэх ухаан бол бүр том суурь бизнес. Энэ ялгааг нийгэм хар ухаанаар хардаг ш дээ.

-За одоо шоугаа орхиод, шинжлэх ухааны асуудалдаа орох уу?

-Үгүй ээ хө, харин ч жинхэнэ шоугаа одоо эхэлнэ. Монголд шоу гэх мөртөө шоугаа огт мэдэхгүй гэдэг алдас болохгүй л байх.

-Та шууд л яриагаараа шоудаад эхлэх нь ээ... -Дэлхий даяаршсан. Бүх асуудлыг, тэр тусмаа шоуг дэлхийн эн цараар сэтгэхээс өөр аргагүй болчихсон үе. Орчин цагт шоу сэтгэлгээ ноёрхох нь цаанаасаа зүй тогтолтой ч байж мэднэ. Энэ нь ч зөв. Цагийн аяс ч ийм. Гэтэл бид манай гэрийн хойхно байгаа “UВ palace”-ын хаяагаар л сэтгэж байна. Зарим хүний хэлдгээр, нэг муу явган шоу л яваад байна. Манай улс төр ч гэж сонгуулийн тойргоос гарахгүй бас нэг явган шоугаар дагнаад эхэлсэн. Дэлхийг... -... доргиох хэрийн шоу зохиох ямар хэрэг байна аа, л гэж асуумаар байна шүү. Ах минь!

-Өнгөрсөн, гэхдээ дахин авч үзмээр нэг жишээ хэлье л дээ. Их Монгол Улсын 800 жилийн ой болов оо. Энэ талаар ярихдаа Английн алдарт утга зохиолыг үндэслэгч их яруу найрагч Жеффри Чосер гэдэг хүн Чингис хааны магтаал бичиж, өөрийн хаадад сургамж болгосон түүхийг дурдах нь зүйтэй. Бодвол, хаад нь сургамж авсан болохоор л өнөөдөр бид англи хэл, соёлын нөлөөнд байгаа байж мэдэх юм. Их том найраглал. Ахмад дипломатч Бямбаа их сайхан монголчилсон байдаг. Тухайн үед би Чингис хааны эртний магтаал найраглалыг орчин үеийн нүргэлсэн их сүрт рок-поп дуурь болгоод Их Монгол Улсын ойгоор сансрын телевизүүдээр цацаж дэлхийг доргиох санал тавьсан юм. Гэтэл хэн ч авч хэлэлцэлгүй өнгөрөөсөн.

-Мөнгө санхүүгийн боломж тааруу байсан байх. Тэгээд ч Монголд рок дуурь тавихгүй биз дээ. Савхин өмд, урт үс л гэж ярих юм билээ.

-Төр засаг маань хүн амьтнаас гуйж түүсээр зөндөө мөнгө босгосон. Гаднаас гомо царайтай хэдэн хөгшин халтар юм авчирч шоу зохиохдоо хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Үлийгээ хийнэ вэ? Хоёр тэрбумаар тэр байтугайг бүтээн босгож болно. Мөнгө ихдэхээр хэрэггүй юманд зардаг нь хууль. Уг нь хүч хүрмээр бодогдоно. Харин амбиц алга. Амбиц гэж дэлхийд дэнчин тавихыг хэлдэг болсон шүү дээ.

-Хэзээ нэгэн цагт Чингисийн тухай Чосерийн магтаал рок дуурь болж сансраас цуурайтах байлгүй дээ. Одоо бол таны хувийн амьдралд хошуу дүрмээр байна.

-Хувийн амьдрал сонин биш. Шоуныхны хувийн амьдрал сонин байдаг байх. Гэхдээ эрдэмтэн, эсвэл хэн нэг судлаачийн дуртай хоол, эхнэрийн ааш араншин хэнд хэрэгтэй юм бэ.

-Тэгвэл зүгээр л таны нээлтийн талаар дахиад жаахан ярилцъя. Яриагаа дутуу орхиод явчихсанаа мэдэж байгаа биз дээ. Шинжлэх ухаан ер нь ямар шалгууртай юм бэ?

-Том нээлт. Түүхэн том нээлт. Тэр нээлтээс урган гарах суурь онол ухаан. Өөр юу байхав. Миний зодоглохоор зорьсон салбар бол шинжлэх ухаан. Бүр суурь шинжлэх ухаан.

-Дээхнэ үед проффессор С.Будням гэдэг хүн манай сонинд “Суурь шинжлэх ухаан мухардалд орсон” гэсэн утгатай өгүүлэл нийтэлсэн байсан. Тэгсэн чинь та мухардалд орсон салбарт зодоглох тухай яриад байх юм.

-Тэр өгүүллийг би бас харсан. Сүүлийн 20 жилд бичсэн шинжлэх ухааны асуудлаар гайгүй тулхтай ганц өгүүлэл ч байж мэднэ. Суурь шинжлэх ухаан мухардалд ороод удаж байна. 1960-аад оны эхнээс гэж тооцож, ярих нь бий. Томоохон нээлт нэвтрэлт гарсангүй удлаа. Хүмүүс бүгд тэнэг болчихсон хэрэг биш. Мөнгө санхүү нь хомсдсон хэрэг бүр ч биш.

-Тэгээд ямар шалтгаантай юм бэ?

-Товчхондоо бол суурь шинжлэх ухаан дуусах, төгсөх шатандаа орчихсон байхгүй юу. Нээлт хийх нь ховор үзэгдэл болсон. Нобелийн шагналт Ричард Фейнманы “Өнөөгийн бид их азтай улс, ямар нэг нээлт хийх боломж бага ч атугай үлдсэн. Хойшид нээх юм үлдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан юм. Нээлт хийнэ гэдэг чинь байгальд ерөөс буй зүйлийг ухаж, олж ирнэ гэсэн үг. Байгалийн тэр нөөц нь шавхагдах шатандаа орж байна. Энэ нь мухардал шиг харагдавч, цаанаа зүй тогтолтой үйл явц юм л даа. Мэдээж хэрэг, нээлтийн боломж хаалттай шахам болсон нөхцөлд залуу үеийн шинжлэх ухааны сонирхол хаа сайгүй буурсан тухай ярьсаар олон жил өнгөрч. Томоохон сургуулиудын физикийн факультетэд суралцах оюутан илт цөөрсөн үе ч бий. Энэ байдлыг засах талаар ч олон улсын хээмжээнд том том арга хэмжээ авсан. Суурь шинжлэх ухаан төгсөх шатандаа орсон. Нээлтийн өлсгөлөн байдаг. Нээлтийн нөөц нь дууссан байгаа юм даа. Энэ бол мухардал.

-Нээлтийн нөөц дуусчихсан байхад яаж нээлт хийсэн юм бэ?

-Суурь шинжлэх ухаан буюу физикт, бүр тодруулбал, онолын физикт хүлээгдэж байсан ганцхан нээлтийг би хийчихлээ. Энэ бол сүүлчийн том нээлт. Энэ талаар өмнөх ярилцлагадаа би дэлгэрэнгүй дурдсан байгаа.

-Та энэ нээлтээрээ НОБЕЛЬ-ийн шагнал авна гэж ярьж байсан байх аа?

-Энэ онол маань нэг биш хэд хэдэн нобелийн шагнал авах учиртай.

-Өнгөрсөн жил НОБЕЛЬийн шагнал гардуулсан. Тухайн үед танд НОБЕЛЬ өгөх нь байтугай бүтээлийг чинь ч нэр дэвшүүлээгүй шүү дээ.

-Би НОБЕЛЬ авах зүйлээ нэгэнт хийчихээд байна. Цаг нь болохоор аяндаа өгнө. Одоохондоо энэ нээлтийнхээ талаар дэлхийд зарлаж амжааг үй байгаа.

-Дэлхийд зарлана гэхээр яадаг юм бэ. Төр засгийн дэмжлэг, эсвэл таныг НОБЕЛЬ-д нэр дэвшүүлэх хүмүүсийн санал хэрэгтэй юм уу?

-Аяндаа болно оо. Сая шилэн кабель зохион бүтээсэн хүмүүст НОБЕЛЬ гардуулж байна лээ. Энэ чинь аль 40, 50 жилийн өмнөх нээлт. Ерөнхийдөө нээлт хийхээ больчихсон. Сүүлийн 20, 30 жилд минийх шиг том нээлт хийгээгүй. Тэгэхээр би хэд хэдэн НОБЕЛЬ авна. Гол нь хэзээ вэ гэдгийг цаг хугацаа шийдчихнэ.

Бидний яриа хэзээ ч төгсөхгүй юм шиг санагдаж эхлэх үед би энэхүү яриандаа түр зуур цэг тавьсан юм. Хэрэв цаашаа үргэлжилсэн бол хаа хүрэх байсныг мэдэхгүй юм. Магадгүй бүх амьдралынхаа турш яриад ч дуусахгүй байж мэднэ. Одоо зүгээр л ярианы сэдвийг “далийлгах” дуртай Ч.Эрдэнэ гуайд амжилт хүсэх л үлдлээ. Түүнийг НОБЕЛЬ-ийн шагнал хүртсэнийх нь дараа дахин уулзах ерөөл тавиад, баяртай гэж хэлье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин онлайн 2010-02-26 09:37
http://www.mongolnews.mn/w/1778