Showing posts with label НЯМДОРЖ Ц. Show all posts
Showing posts with label НЯМДОРЖ Ц. Show all posts

Thursday, 17 April 2014

Ц.Нямдорж: Манай улс дотроосоо чимээгүй нурж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа. 

-Ерөнхий сайд анх удаа авлигажсан төсөв гэдэг үгийг моодонд оруулсан.  Ингэснээр төрийн албан хаагчид төсвийн мөнгийг баруун солгойгүй цацдаг юм байна гэсэн ойлголт иргэдэд өглөө. Аудитын газрын шалгалтаар авлигажсан төсөв гэдгийг нь үнэхээр илрүүлж чадсан юмуу. Ер нь ямар үр дүнтэй ажил болсон юм бэ? 
-Шинэ засаг гарснаас хойш төрийн тогтолцоо хөл толгойгоо олохгүй байна. Уг нь УИХ Засгийн газартаа хяналт тавих ёстой. Гэтэл эрх баригч намын гишүүдийн 17 нь сайд болсон. Цаана 25 гишүүн байгаа. Үлдсэн гишүүдийг сайдууд нь нэг нэгээр хуваарилаад авчихаар УИХ-гүй болчихож байгаа биз дээ. Тэд мэдээж сөрөг хүчний үгийг сонсохыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Үүнээс болоод өнөөдөр УИХ Засгийн газрын хуулийн тасаг болчихлоо. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ямар ч чадваргүй болсон. Засгаас тусдаа байж мөнгөний бодлогыг тогтвортой байлгах учиртай Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргал гэж хүнийг томилсноос хойш Н.Алтанхуягийн Засгийн газрын халаасанд орж  кассын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэдэг боллоо. Төрийн тогтолцооны ийм согогоос болж эдийн засаг, улс төр, төрийн байгууламжгүй болж хувирлаа. Тэгэхээр энэ Засгийн газрынхан дуртай үедээ ирж хуулийн тасгийнхнаа загнаж байгаа биз дээ. Ерөнхий сайд нь авлигажсан төсөв гэж яриад Шадар сайд Д.Тэрбишдагва нь “Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилгын 10 хувийг нь авлигад авдаг”  гэж зарласан.  Гэтэл Ерөнхий сайдын авлигажсан гэж хашгираад байгаа төсвийг энэ Засгийн газар өөрөө зохиож оруулж ирсэн. Үнэхээр авлигажсан байсан юм бол янзыг нь үзэх гэж байгаа юм шиг яах гэж УИХ-д оруулж ирсэн юм. УИХ-д оруулж ирчихээд “Та нар үүнийгээ янзал” гэж болохгүй биз дээ. Ерөөсөө Засгийн газрын энэ үйлдэл УИХ-ыг “Та нар манай хуулийн тасгийнхан болсон шүү. Бидний баруун халаасанд орсон” гэснээс өөрцгүй юм. Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээг авлигажсан эсэхийг нь шалгадаг газар аудит биш. Энэ  газар баталсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаж дүгнэлт гаргадаг. Гэтэл УИХ гүйцэтгэх үүргээ андуурч Аудитын газарт хууль бус үүрэг өгсөн учраас хагас жилийн хугацаанд ажилласан дүр эсгээд эцэст нь “Бид авлигажсан гэдгийг нь тогтоож чадахгүй нь” гэдгээ хэллээ. Ингэж хэлэхээс өөр аргагүй. Учир нь авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газар шалгана. Хамгийн балмад нь УИХ-ын төсөв батлах үндсэн эрхэд халдаж энэ барилга байгууламжийг энэ онд санхүүжүүлнэ. Үүнийг нь ирэх онд шилжүүлнэ гэдэг дүгнэлт гаргасан явдал. Энэ Засгийн газар гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гол сайд нар нь 2008 оны Засгийн газарт багтаж байсан. Эд нар төсвийн учрыг мэдэхгүй байна гэж байхгүй. Одоо яах юм. Төсвөөс хөрөнгө зараад 60-70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа объектууд байгаа. Үүнийг дуусгахгүй бол нөгөө мөнгө нь хайран болно.  Өнгөрсөн аравдугаар сард төсөв оруулсан. Түүнээс хойш бүтэн долоон сар Засгийн газрын энэ балай үгнээс болоод юу ч хийж чадахгүй ухнадаад сууж байна. Одоо ч юу ч хийж чадахгүй байна.

-Засгийн газар улс орноо удирдаж чадахгүй байна гэж та хэлэх гээд байна уу? 

-Монголын төрийг эрх барих ямар ч чадваргүй улс төрийн нам удирдсанаар улс орны бүх ажлыг унагаж байна.  Ерөнхий сайд Засгийн газрын сайдуудаа оруулж ирэхэд би  эмгэнэл илэрхийлж байсан. “Ийм бүрэлдэхүүнтэй чи хол явахгүй шүү” гэж. Хоёр хөршийн эдийн засаг хэвийн байдаг. Гэтэл манай улсын эдийн засаг муудаж байна. Удирдлагын чадавхгүй байдал үүнд нөлөөлж байна. Ядахдаа Засгийн газрын гишүүд УИХ-д орж ирээд юу ярихаа мэдэхгүй байна. Яахаараа өөрсдийнхөө оруулж ирсэн төсвийг авлигажсан гэж нэрлэдэг юм. Өөр намынхан оруулж ирсэн бол ингэж цамнаж болно. “Нөхөр УИХ одоо үүнийг зас” гэж хэлдэг Засгийн газар байдаг юм уу. Төрд хэтэрхий балмад хандаж байгаа нь эцэстээ будлиан болоод дууслаа. Энэ оны төсвийг баталж байхад ам.долларын ханш 1780 төгрөг байсан. Тэр үед “Цаашдаа ам.долларын ханш буухгүй. Ядаж 1650 хавьд бодож төсвөө зохио” гэж хэлээд ядаад орхисон. Гэтэл ам.долларын ханшийг 1380 болгон бууруулна гэж тооцсон. Ер нь ам.долларын ханшийг 1380 тооцсон объектод галзуу л биш бол хэн ч оролцохгүй нь ойлгомжтой. Одоо Э.Бат-Үүлээс эхлээд ам.долларын ханшийг 1380-аар тооцсон чинь бүх ажил зогслоо гэсэн бичиг УИХ-ын гишүүдэд ирчихсэн байна. Ийм л юм болж байна. Эрх баригчид улсыг удирдаж авч явах чадваргүй гэдгээ өдөр бүр нотолж байна.

-Өнгөрсөн хугацаанд авлигажсан төсөв гэж баахан хашгирсан. Гэтэл сөрөг хүчнийнхэн нь аудит авлигажсан эсэхийг тогтоож чадсангүй гээд гүрийчихлээ. Цаашдаа ер нь яах вэ? 
-Эхэлсэн объектуудад  хөрөнгө оруулалт хийгээд дуусгах л хэрэгтэй шүү дээ. Огт хэрэггүй юм  гэж байхгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, контор  хэрэгтэй юу хэрэгтэй. Шаардлагатай барилгууд төсөвт суусан. 2012 он болон түүнээс өмнө 600-680 орчим сая төгрөгөөр зөндөө соёлын төв барьсан. Ийм юмыг өнгөрсөн оны төсөвт суулгачихаад бүтэн жил тендерийг нь зарлаж өгөхгүй удчихаад энэ оны төсөвт тэрбум 600 сая төгрөгөөр оруулж ирсэн. Яагаад 2012 онд 600 сая төгрөгөөр барьдаг байсныг энэ онд тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн юм. Яагаад ингэж байгаа юм гэхээр Засгийн газраас дуугарах хүн олддоггүй. Би зөндөө соёлын төв бариулсан хүн. Барилга хэдэн төгрөгөөр босдогийг мэднэ. Өөрсдөө ийм юм оруулж ирчихээд авлигажсан төсөв яриад сууж байна шүү дээ. Эндээс асуудал үүссэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өнөөдөр засагт байгаа гишүүд УИХ-д орж ирээд юу ярихаа мэдэхгүй байна. Цаашдаа хөрөнгө оруулчихсан байшин барилгыг дуусгах хэрэгтэй. Дуудлага худалдаанд оруулж зарна гээд байгаа юм. Хэн тэрийг худалдаж авах юм. Хэн ч авахгүй. Он дамжиж барилгын өртөг өслөө гэж ярьцгааж байна. Монголд 15 тэрбумын өртөгтэй барилгыг нэг жилийн дотор дуусгах боломж байдаггүй. Монголд барилга барих хугацаа нь таваас долоон сар. Тэгэхээр өртөг өсөх нь аргагүй биз дээ. Төсвийн хөрөнгө хязгаартай учраас үүндээ уягдах тохиолдол ч гардаг. Үүнийг л он дамжиж барилга барьж байна гээд эвэртэй туулай харсан нэг  сүржигнээд байх юм. Бараг нэг жилийн дотор бүх барилгаа барих юм яриад байна. Яг үнэндээ чадахгүй шүү дээ. Манайхаас өөр 12 сар барилга барьдаг газар жилийн дотор ажлаа дуусга гэдэг муйхар шаардлага тавьж болно. Ер нь ертөнцөд 20-30 жил барьсан барилгууд түүхийн дурсгал болоод явж байна. Засгийн газрынхан ийм мугуйд юм ярьчихаад хэлсэн үгэндээ бүдэрч унаад байна. Өнгөрсөн долоон сард гялтайх юу хийсэн юм. Энд алиа юм их болж байна. Хаврын чуулганаа хэлэлцэх асуудалгүй эхлүүлсэн. 2014 оны төсвөө батлаагүй байж тодотгол ярьж эхэлсэн. Тодотгол ярих байсан юм бол төсөв батлаад яах юм.


УИХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛИЙН ТАСАГ, МОНГОЛБАНК КАССЧИН НЬ БОЛСОН


-Та “УИХ  Засгийн газрын хуулийн тасгийнхан болсон” гэлээ. Яагаад УИХ ийм хүлцэнгүй болчихсон юм бэ?

-УИХ бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж, Засгийн газрын гишүүдэд дураараа дургих боломж олгосон нь тэднийг өнөөдрийн замбараагүй, зайдан байдалд хүргэсэн. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэж үг байдаг. Одоо энэ засгийнхан яг тийм л байна. Энэ УИХ-д ороод юу ярьсан ч яадаг юм. Яаж харилцсан ч миний эрх гэсэн бодолтой байгаа. Тэртэй тэргүй 17 сайд нь нэг нэг гишүүн халаасандаа хийчихсэн юм чинь гэдэг өнцгөөс төрийн ажилд хандаж байгаа нь улсын ажлыг шороотой хутгах эх үүсвэр нь болж байна. Ерөнхийдөө төрийн ажил арилжааны хэлбэрт шилжчихлээ. УИХ-ын зарим гишүүн кнопоо худалдаж амьдарч байна шүү дээ. Энэ байдлаас хөл толгойгүй юм болж байна. Энэ дөрвөн жил иймэрхүү байдлаар явна. Эдийн засгийн бүх үзүүлэлт дордож манай улс дотроосоо чимээгүй нурж байна. Үндсэн хууль нурж байна. Эрх баригчид хуульд захирагдах зарчмыг засаг барьсан анхны өдрөөсөө оршуулсан. “Хууль дээдлэх нь төрийн байгууллагын үндсэн үүрэг” гэж Үндсэн хуульд заасныг одоогийн эрх баригчид “Хууль зөрчих нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн зарчмаар солилоо. Төрийн ажлыг нугалдаг чадварлаг боловсон хүчнээ улс төрийн шалтгаанаар ажлаас халсан. Оронд нь бичиг үсэг бүрэн тайлагдаагүй  хүмүүсээр авчирч төрийн аппаратыг дүүргэсэн. Үүний горыг эцсийн дүндээ ард түмэн амсч байна.


-Эрх баригчид мөнгө, эрх мэдлээр бүхнийг шийдэхээр зүтгэж байна гэдэгтэй санал нийлэх үү? 
-Төрийн ноён нуруу гэдэг юмыг аль эрт мартсан. Мөнгө, эрх мэдэл хоёроор бүхнийг шийдэхээр улайрч байна. Монголын төрийг харх шиг мэрж байна шүү дээ. Үндсэн хуулийн зарчмуудыг яг л харанхуй хонгилд байгаа харх шиг өдөр шөнөгүй мэрж амраахгүй байна. Хуульд захирагдаж амьдрахгүй бол юунд хүргэж болохыг өнөөдрийн байдал харууллаа. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Яагаад үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуухаар “Надад төгрөгийн валюттай харьцах ханшийг тогтоон барих үүрэг байхгүй. Харин гол нэрийн барааны үнийг тогтвортой байдлыг хангах ёстой” гэж хариулж байна. Манай Төвбанк ийм ерөнхийлөгчтэй. Орлогын 50 хувь нь валютын ханш инфляцад идэгдэж байна. Эдийн засаг улам муудаж байна. Жилийн өмнө эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ гэж сануулахад “Амьдрал сайхан байна”, “Бүх юм гоё байна” гээд байсан.  Надад их харамсалтай санагдаж байна. Арайхийн босгосон эдийн засгийг дахиад татаад унагачихлаа. Хөрөнгө оруулалтын хууль баталсан ч гэсэн гадныхан орж ирэх нь юу л бол. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчдын итгэлийг хариуцлагагүй сайд нар мэдэгдлээрээ буудчихсан. Дахин буудуулах гээд ороод ирдэг хүн гэж байх уу. Үүнээс болоод хүнд байдалд орчихоод байна.

-“Хамтарсан Засгийн газрын үед сайхан цаг байжээ. Дэлхийн зах зээлд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханш өнөөдрийнхөөс харьцангуй өндөр байсан. Харин эндээс олсон мөнгөө МАН-ынхан нийгмийн халамжид үргүй цацчихсан” гэж эрх баригчид ярьж байна. Энэ Засгийн газрын үед азгүйтэж нүүрс, зэс, жоншны үнэ дэлхийн зах зээлд уначихсан учраас эдийн засаг хүндэрч байна гэсэн онош тавилаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? 
-Мөнгөний амлалтыг Ардчил­сан нам 2004 онд эхлүүлсэн. АН-ынхан хүүхдийн мөнгө гэгчийг амласнаар бэлэн мөнгөний уралдааны суурийг тавьсан. Дараа нь 2006 онд АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж “Тавантолгойн хувьцааг иргэддээ тараагаад цөмөөрөө баяжих боломж байна” гэсэн агуулгатай ярилцлага “Өдрийн сонин”-д өгч байсан. Ингэж 2006 оны арванхоёрдугаар сард 2008 оны сонгуулийн гол амлалтыг эхлүүлсэн. Үүний дараа Н.Энхбаяр “Эх орны хишиг”-ийг өгөхөөр 2007 оны хаврын чуулганд ярьсан. Ингэж 2008 оны засаг “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хоёрын урхинд унасан нь үнэн. Тухайн үед Сангийн яамыг нь С.Баярцогт тэргүүлж 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл гурван жил зургаан сарын хугацаанд АН-ынхан засагт хамтарсан. Ингэхдээ 380 сая ам.долларыг “Чалко”-гоос авсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах санал боловсруулах ажлын хэсгийг одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Эрдэнэс MGL”  компанийг нь Энэбиш удирдаж, мөнгийг нь С.Баярцогт хурааж Сангийн дансанд оруулаад 21 мянган төгрөг болгон тараасан. Яг хувь албан тушаалтантай буруу, зөвийг ярих юм бол гардаж хийсэн хүмүүс нь эд нар. Одоо яагаад дайраад байгаа юм. Эцсийн дүндээ хамаг юм Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын утга учиргүй далд сөргөлдөөнөөс болсон. “Эх орны хишиг” гэгчийг санаачилсан хүн МАХН-ын дарга болсон. Энэ Засгийн газрын Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байна. Тэгэхээр Ч.Улаанаас  21 мянган төгрөгийг нэхэх эрх ард түмэнд байгаа. Ер нь болж бүтэхгүй амлалт бүхэн АН-аас гардаг. Хүүхдийн мөнгө, Эрдэнийн хувь тараахыг АН-ынхан санаачилсан. Үүнийх нь хөлд МАН чирэгдсэн. Үүнийг одоогийн эрх баригчид мартсан уу.
Н.БАТБАЯР БОНДЫН МөНГИЙГ БАРУУН ГАРААРАА ОРУУЛЖ ИРЭЭД СОЛГОЙГООРОО ҮРСЭН


-Сангийн сайд Ч.Улаан 50 мянгатын дэвсгэрт гаргахаар судалж байна гэсэн. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуусан. Худлаа мэдээлэл гэж байна лээ” хэмээн хариулсан. Ер нь Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр найзууд шиг байх нь хэвийн үзэгдэл юм уу? 
-Монгол Улсын Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг чинь УИХ-аас томилогдсон хоёр тусдаа албан тушаал. Нэг нь нөгөөгийнхөө ажилд орж болдоггүй эд. Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкны Ерөнхийлөгч болсноос хойш АН-ын улс төрийн зүтгэлтэн шиг ажиллаж байна. Мөнгөний бодлогоо хаячихаад улс төр хийгээд балраад байгаа юм. Одоо гацаанд орчихоод байгаа Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт орон нутгийн сонгууль болохоос зургаан хоногийн өмнө гарын үсэг зурсан. Одоо тэр нь дампуураад дуусч байна. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль явж байхад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зээлийг зарласнаас хойш орон сууцны үнэ өссөн. Ингэж Монголбанк нь Засгийн газартайгаа нийлж давхисаар эдийн засгийг өнөөгийн байдалд хүргэлээ. Сүүлдээ бүр цагаандаа гараад Монголбанкны ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа нэг ширээнд зэрэгцэж  суугаад хэвлэлийн хурал зарладаг боллоо. Засгийн газрын тэргүүн, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр албан хэргээр харилцаж болно. Гэхдээ хоёулаа нэг ширээнд суучихаад улс төрийн өнгө аястай  мэдэгдэл хийж  байна гэдэг байж болохгүй үзэгдэл. Улс төр нь төлөвшсөн оронд ийм үйлдэл хийснийхээ маргааш нь мэдээлэл хийсэн эзэд нь огцорно шүү дээ. МАН-ынхан 10 гаруй жил засаг барьж байхад Ерөнхий сайд нь Монголбанкныхаа Ерөнхийлөгчтэй хамт суучихаад мэдэгдэл хийж байсныг харсан уу. Хуулиар болохгүй гээд заачихсан юм. УИХ яагаад Монголбанкны удирдлагыг томилдог юм. Энэ чинь “Чи Засгийн газарт биш хуульдаа захирагдана шүү” гэж байгаагийн илрэл. Ерөнхий сайдын халаасанд байдаг Монголбанктай байх юм бол яршиг Засгийн газар ерөнхийлөгчийг нь томилчих л доо. Тэгээд Ерөнхий сайдтайгаа хамт суугаад худлаа ярина биз. Энэ тогтолцоо 1990 оноос өмнө байсан юм. Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрт орох эрхгүй. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Одоо Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа О.Чулуунбат хэлж л байсан.

-УИХ  Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй. Дээр нь Монголбанк нь Засгийн газрын кассчны үүрэг гүйцэтгэж байна гэхээр төрийн хяналт тавих тогтолцоо бүхэлдээ алдагдчихсан юм биш үү?
-Төрийг мод гэж бодоход тус бүртээ салаа мөчиртэй. Салаа, мөчрүүд нь нэг нэгэндээ очиж наалдаад байвал ялзардаг юм байгаа биз дээ. Одоо очоод нэг нэгэндээ наалдчихлаа шүү дээ. УИХ нь Засгийн газрын хуулийн тасаг, Монголбанк нь кассчин болчихлоо. Засгийн газарт хэдэн олигархиуд  л байна. Тэд юу хүснэ, тэрийг нь биелүүлж байна. Үүнийг чинь олигархи тогтолцоо гэж нэрлэдэг юм. Одоо шүүх засаглалыг эрх мэдэл, мөнгөөр худалдаад авчихлаа. Энэ байдлыг хууль зүйн талаас нь харвал Монголд Үндсэн хуулийн зарчмын нуралт явж байна. Улс төрийн өнцгөөс нь дүгнэвэл хэт зүүний чиглэлийн 1990 оноос өмнөх  нэг намын тогтолцоотой ижил олигархийн тогтолцоо руу өөрөө ч мэдэхгүй гулсаад орчихлоо. Хуучнаар яривал энэ Засгийн газар чинь хуучны намын төв хороо болсон. УИХ нь сайд нарын зөвлөлийн хуулийн хэлтэс болчихлоо. Мөн үү. Яг ийм тогтолцоонд шилжсэн. Ухралт болж байна шүү дээ. Тийм байгаа биз дээ.

-Эдийн засгаа хөл дээр нь босгохоор үйлдвэржилтийг дэмжих 888 төслийг бондын мөнгөөр санхүүжүүлэхээр боллоо. Энэ манай эдийн засагт хэр өгөөжтэй хувилбар вэ?
-Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийг шалгаруулаад санхүүжүүлнэ гэдэг ер нь хэцүү дээ. Би засагт байсан хүн шүү дээ. “Чингис” бондын мөнгө бараг дууссан. Зам тээврийн сайд нь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийг тодорхой хэлсэн байна лээ. “Чингис” бондын мөнгөнөөс төмөр замд 400 сая ам.доллар гаргасан.Өнгөрсөн жил 175 сая ам.долларыг авсан. Дахиад 200 сая ам.доллар шаардлагатай байгаа ч энэ мөнгийг Хөгжлийн банкнаас мөнгөгүй гээд өгөхгүй байна гэж олон нийтэд зарлачихлаа. Өнөөдөр хамгийн түрүүнд шийдвэрлэх амин чухал ажил төмөр зам болчихоод байна. Би зургаан жил төмөр замын сэдвээр хэрүүл хийж байна. Огт хөдлөхгүй байна. Төмөр замынхаа асуудлыг шийдэж чадахгүй байж дахиад 888 төслийг санхүүжүүлнэ гэдэг юу л бол. Төсвийн орлого эрх баригчдын ил хэлж байгаагаар 25-30 хувь тасарчихсан байна. Энэ бол нууж хэлсэн тоо шүү. Ойролцоогоор төсвийн орлого 40-50 орчим хувиар тасарчихсан байгаа. Үнэнд ойр тоо. Нэг талаас төсвийн орлого, нөгөө талаас хөрөнгө оруулалт алга. Дээр нь хувийн хэвшлийнхнээ шахсаар байгаад зориг зүрхийг нь мохоочихсон. Үндэсний бүх компани элгээрээ хэвтэж эхэлж байна. Ийм байхад яаж 888 төслийг санхүүжүүлэх юм бол. Зүгээр л өдөр болгон худлаа ярьж байна шүү дээ. Нарийндаа өнгөрсөн жилийн орон нутгийн хөгжлийн мөнгийг гүйцэд өгч чадаагүй. Ажлаа хийгээд дуусчихсан 180-аад компанид 200 тэрбум төгрөгийг нь өгөөгүй байгаа. Энэ мөнгийг хаанаас гаргаж өгөхөө хэлэхгүй байна. Цаана нь тэр компаниуд элгээрээ  хэвтэж банкны зээлд идэгдээд дуусч байна. Өнгөрсөн жилийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээ өгөөгүй байж энэ жил дахиад  888 төсөл санхүүжүүлнэ гэдэг Засгийн газрын ээлжит хууран мэхлэлт. Дундаас нь ганц нэг нь ажил болно. Гэхдээ ийм олон төсөл бүгд хэрэгжинэ гэдэг үлгэр. Бондын мөнгөөр замын ажил хийж байна гэсэн. Бондыг баруун гараараа Н.Батбаяр оруулж ирсэн солгой гараараа Хөгжлийн банкаар дамжуулж цацсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэргэдээ төслийн нэгж байгуулсан. Бондын мөнгөөр тавьж байгаа замыг км-ыг нь хэдэн төгрөгөөр барьж байгааг хэлэхгүй нууцлаад байна шүү дээ. Одоо энэ мөнгөнөөс болоод Э.Бат-Үүлтэй муудалцаж эхэллээ. Зам тээврийн яам гэж морь унасан толгойгүй хүн шиг яам байгаа биз. Энэ яамыг Х.Баттулга одоо хүртэл удирдаж байгаа нь үнэн. Засгийн ажил ингэж явж байна. Том зургаар нь харвал их л эвгүй нөхцөл байдал үүсчихлээ.

-Ер нь огцорч магадгүй юм биш үү?
-Эцсийн эцэст энэ Засгийн газар огцорно уу, эсвэл оршин тогтнох уу гэдэг нь ёстой падлийгүй. Энэ байдлаар цаашаа явах тусам унах нүх нь улам гүнзгий байх болно. Засаг огцрох уу үгүй юу гэдэгт би толгойгоо гашилгахгүй. Харин энэ замбараагүй байдлаасаа болж улс орны амьдралыг хөлдөө чирж байна шүү дээ. Гараад дурын компанийн захирлаас бизнес нь явж байна уу гэвэл олонхи нь толгой сэгсэрнэ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг энэ дээ.

-Ерөнхий сайд “Иргэдийн амьдрал сайхан байна”, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь “Муу юм битгий бод” хэмээн иргэдийг тайвшруулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногоос эдийн засаг хүндэрснийг Засгийн газрын тэргүүн нь хүлээн зөвшөөрлөө.
-Энэ Засгийн газар, эрх баригчид өдөр бүр худлаа ярьж байгаад нь хамгийн их дургүй хүрч байна. Одоо төрд хэн нь сайн худлаа ярих вэ гэдэг социалист уралдаан явж байна. Энэ уралдааны эхний байрт Н.Алтанхуяг орох нь тодорхой. Дараа нь УИХ-ын дарга нэмэгдэнэ. Уг нь Засгийн газар болохгүй байвал толгойг нь тоншиж байх ёстой хүн. Гэтэл хамт худлаа яриад сууж байна. Түүнээс гадна нийслэлд Э.Бат-Үүлийн  Засгийн газар гэж хэнд ч дийлддэггүй тусгаар улс байгуулагдчихлаа. Э.Бат-Үүл хэдэн том төсөл хэрэгжүүлнэ гээд худлаа амлачихсан. Одоо УИХ-ын гишүүдээс мөнгө нэхээд сууж байна шүү дээ. Жишээ нь метроны зураг хийлгэх, галт тэрэг явуулах, НОСК-д шаардагдах санхүүг гаргаж өг гэж захидал бичсэн. Ер нь Э.Бат-Үүлийг хэн ийм биелэхгүй балай юм амла гэж шаардсан юм. Хэн ч биш өөрөө л амласан шүү дээ. Гэр хорооллынхныг гэртээ унтаж бай. Хашаа болгонд чинь хаус барьж цэвэр, бохир усны шугамд холбож өгнө гэсэн. Газраа битгий хямдхан зар, өндөр үнээр худалдаж авна гээд байсан нь хаана байна. Хатуухан хэлбэл одоо алга дарам газрыг нь дээрэмдээд сууж байна.

-УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Гишүүд чанаргүй хууль боловсруулж байна” гэжээ. Төрийн түшээд үнэхээр хуулийн төсөл боловсруулах мэдлэг, чадваргүй болчихсон юм уу? 

-Одоогийн эрх баригчдын томилсон боловсон хүчнийг чанартай хууль боловсруулна гэвэл горьдсоны гарз. Яагаад гэвэл Монголын бүх бэлтгэгдсэн боловсон хүчнийг эд нар гудамжинд хөөж гаргасан. Оронд нь хуулийн талаар ямар ч ойлголт, мэдлэггүй хүмүүсээр төрийн аппаратыг дүүргэсэн. Эдний сайд, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын дотор хууль уншдаг нэг ч хүн байхгүй. Үүнийг би баталгаатай хэлж чадна. Дээлийн товчийг суганд нь хаддаг биз дээ. Энэ засгийн чадваргүй боловсон хүчин нь хуулийг боловсруулахдаа дээлийн товчийг толгой дээр, зарим товчийг хүйс, гутлын уланд хадаж байна. Засгийн газарт хууль дээр сууж байгаа нэг ч хүн байхгүй. Миний үеийн яаманд бэлтгэгдсэн 20 орчим гол хүн байсан. Нэг нь ч байхгүй. Бүгдийг нь тараасан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайн хууль бичнэ гэж чи бодож байна уу.

-Хууль зүйн салбарыг шинэчилж байна гэж Х.Тэмүүжинд иргэд ам сайтай байдаг шүү дээ? 
-Шулуухан хэлэхэд Х.Тэмүүжин хууль мэдэхгүй. Монголын хуулийн байгууллага гэж юу байдгийг ч мэдэхгүй. Нэг ч хууль бичиж үзээгүй хүн. Сайн хууль бичих сэтгэлгүй байхад яаж сайн хууль бичих юм. Тийм болохоор Цагдаагийн тухай хууль гэж хачин юм оруулж ирчихээд сарын дараа дагаж мөрдөх журмыг нь гаргуулж байгаа биз. Хууль зүйн салбарт ямар ч шинэчлэл явахгүй байгаа. Дандаа нуралт явж байна. Аль ч улсад шударга шүүх байгааг давж заалдах шатны шүүхийн тогтолцоогоор хэмждэг. Гэтэл шүүхийн шинэчлэл гэдэг юм чинь үүнийг хэрэг дээрээ байхгүй болгочихлоо. Баян-Өлгийд  шүүхээр ял шийтгүүлсэн хүн Ховдын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. Энэ гомдол нь онгоцоор нийслэлд ирнэ. Дараа нь буцаагаад Ховд руу явуулна.Шүүх хурал боллоо гэхэд хэрэгтнийг автомашинаар Ховдод авчирна.  Энд буудал, замын зардал гарна. Үүнийг хэрэгт холбогдсон хүн төлөх эдийн засгийн чадвар байхгүй. Ингэж зардал, цаг хугацаагаа үрснээс давж заалдалгүй хаясан нь дээр гэж иргэд төвөгшөөнө. Ийм юм болно гэдгийг хэлээд байхад Х.Тэмүүжин сонсоогүй. Өнөөдөр юу болж байна. Захын хүний давж заалдах эрх алга боллоо. Ер нь шинэчлэлээр халхавчилсан нуралт явж байна гээд хэлэхэд буруудахгүй.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан  “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөлд 17 сайд оролцоно гэдэг мэдээллийг АН-ын бүлгийн дарга өглөө. Тэгэхээр энэ хуулийн хувь заяа бараг шийдэж байгаа юм биш үү?

-Би мэдэхгүй байна. Эрх баригч нам ямар улс төрийн шийдвэр гаргана түүнийг л дагана шүү дээ. Х.Тэмүүжингийн батлуулсан Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар бол сайд нар оролцох эрхгүй. Гэхдээ цаадуул чинь тоохгүй шүү дээ. Эд нар хууль дүрэм байдгийг мэдэхгүй. Хувийн ашиг сонирхолд нь нийцэж байвал ямар ч хуулийг зөрчинө. Ер нь АН-ынхан 1990 оны хулигаан төрхөөсөө гараагүй байгаа. Үүнээсээ ойрын үед гарахгүй болов уу. Яг тийм гудамжны яриа, зарчмаараа явж байна. Уг нь эрх баригчдад төрийн хүний хувьд хүн болбол болмоор урт хугацаа өнгөрлөө. Ерөөсөө хүн болохгүй байна. Э.Бат-Үүл 1990 онд хулигаан байсан. Одоо ч гэсэн хулигаан зангаараа хотын дарга хийж байна. Үнэн биз. Хотын бүтээн байгуулалтад мөнгө хэрэгтэй юм бол түүнийгээ засагт танилцуулаад дараа нь Засгийн газар нь УИХ-д уламжилж болно доо. Засгийн газрын шийдвэр гараагүй байхад Э.Бат-Үүл метро байгуулна гэж худлаа ярьчихаад одоо зөвхөн зургийг нь зохиоход ойролцоогоор 60 тэрбум төгрөг нэхээд захидал бичээд сууж байна. Үнэхээр хулигаан байгаа биз. Ийм үйлдэл гаргасан хүнийг хулигаан биш гэх үү. Зөвхөн балмад хүн ийм юм хийдэг. Энэ захидал “Хөөе УИХ аа та нар бидэнд  хамаагүй шүү. Бидний хүссэнийг хийх ёстой шүү” гэж байгаагаас ялгаагүй. Яг Чечений зэвсэгт отрядын толгойлогч шиг байгаа биз. Э.Бат-Үүл хэзээ ч хууль уншиж байгаагүй. Унших ч үгүй. Ер нь уншсан ч ойлгохгүй хүн. Ийм хулигаан төр засаг Монголд ажиллаж байна. Киногоор яривал “Тунгалаг тамир”-ын Бадарч Тахар юм уу даа.

-Ярилцсанд баярлалаа.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
"МОНГОЛЫН ҮНЭН" сонин


Sunday, 6 October 2013

Н.Энхбаяр, Н.Багабанди хоёр МАН-ыг өгөөш болгосон



УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой уулзаж ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэж байна.  Харин таны хувьд эдгээр хуулиудаас илүү эдийн засагт үүсээд байгаа гол асуудлуудаа ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа бололтой?
-Эдийн засгийн байдал бишдэж байгаа нь аль хавар, тавдугаар сараас л мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Бүр өнгөрсөн аравдугаар сард би эрх барьж  байгаа хүмүүст хэлж, анхааруулж байсан юм.  Эдийн засаг болохоо байлаа шүү, яаралтай арга хэмжээ аваач ээ гэж. Гэтэл тэр үед эрх барьж байгаа хүчин дүлий  юм шиг өнгөрөөсөн.  Эдийн засгийн нөхцөл байдлыг талаар эртхэн хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байсан юм.  Наадмын дараагаас валютын ханш  өсөөд эхлэнгүүт манай намын зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах санал тавьсан.  Харамсалтай нь, эрх барьж байгаа намынхан хойшлуулсаар байгаад найм, ес хоногийн өмнөөс л асуудлыг хэлэлцэж эхлэх шив дээ. Ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулангуутаа гол асуудлаа ярихаас зайлсхийж байна.  Уг нь  төгрөгийн ханш унаж, доллар өсөөд байгаа нь ямар гарал үүсэлтэй, тэрийг яаж зогсоох вэ гэдгээ шийдэх ёстой юм.  Таван хуулийн  төслийг өөрчлөх, уул уурхайн салбарт цаашдаа юу хийх вэ, хөрөнгө оруулалтын асуудлаа яах вэ гэдгийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ аминд тулсан энэ үед ярих  үндсэн сэдэв нь энэ хэдэн хууль биш.  Ийм хэнэггүй байдлаар хандсанд харамсаад барахгүй сууж байна.  Эдийн засгийн  хүндрэлтэй холбоотойгоор зайлшгүй ярих ёстой нэг асуудал бол Төмөр зам.

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр  Б.Гарамгайбаатартай та энэ сэдвээс болж маргалдсан  байх аа?
-Ойрын  арван жилд Оюутолгой, Тавантолгойгоос өөр том төсөл  Монголд хэрэгжихгүй болов уу. Хүссэн ч, эс хүссэн  ч энэ хоёр төслийг явуулах хэрэгтэй байгаа. Мэдээж, Монгол Улс олборлосон зэс, нүүрсээ урагшаа гаргаж таарна шүү дээ.  Яг үнэндээ Оюутолгой, Тавантолгойн төсөл төмөр замгүйгээр нэг ч алхам урагшилж чадахгүй юм. Төмөр замын асуудлыг эрхбаригчид тавдугаар сарын 30-нд УИХ-д оруулж ирнэ гэсэн чинь одоо болтол байхгүй.  Ээлжит бус чуулганаар оруулж ирэх юм болов уу гэсэн бас л алга.  Тэнд байгаа бүх хүмүүс ярьж байна шүү дээ. Төмөр замын асуудлыг шийдэхгүйгээр эдийн засаг хөгжихгүй ээ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн байгаа байхгүй юу. "Төмөр замын төсөл дээр та нартай хамтарна" гээд урд, хойд хөршүүдээ хуураад, гомдоочихсон.  Гэтэл энэ нь улс орны хамтын ажиллагаа, хөгжилд муухай сэв суулгасан явдал болчихоод байгааг мэдэж байгаа ч юм уу, бүү мэд.  Харамсалтай нь, энэ талаар ганц дуугардаг хүн нь би болчихоод байна л даа. Энэ бол миний асуудал биш юм Улс орны, ард түмний асуудал.  Нөгөө талаас Өмнөговьд хүн амьдрах  бололцоогүй боллоо. Тоос шороо нь ихсээд, байгаль орчин сүйтгэгдлээ  гэх юм. Энэ асуудлаас салахын тулд төмөр замаа барих хэрэгтэй биз дээ. Төмөр замын асуудлыг бүтэн зургаан жил ярилаа ш тээ. Ерөнхийлөгч Тавантолгойд очихдоо төмөр зам барихаас өөр аргагүй юм байна гэж хэлээд гурван жил болчихлоо. Ийм юмаа ярихгүй байгаад л харамсаад сууж байна.

-Төмөр замын төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон биз дээ?
-Аахар, шаахар л хөрөнгө өгч байгаа юм билээ. Гэхдээ наад асуудлыг чинь С.Баярын Засгийн газрын үед шийдсэн.  2008 онд С.Баярын Засгийн газар гурван компанид төмөр зам  барих зөвшөөрөл өгсөн юм. Нэг нь “MCS”, нөгөө “МАК”.  Ухаахудаг, Гашуунсухайтын чиглэлд 267 километр зам, Нарийнсухайт чиглэлд 47 километр замыг барихаар  дээрх компаниуд ТЭЗҮ-ээ батлуулаад, хөрөнгөө босгоод, яг барилгынхаа ажлыг эхлүүлэх даваан дээр хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нэг нөхөр зогсоочихсон шүү дээ.  Засагт ямар ч алдагдал байхгүй, төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, тодорхой хугацааны дараа төр 51 хувийг авах нөхцөлтэйгээр баригдах байсан төмөр замын асуудлыг ингээд л замхруулчихсан.  2010 онд  төмөр зам барих бодлого гээчийг батлуулаад, хоёр жилийн дотор барина гээд байсан хаана байна.   Оросуудад “Та нараар бариулна” гэж хэлчихээд мурьчихаа биз дээ.  Бодлого батлуулахынхаа өмнө урд хөрштэй уулзаж, санамж бичиг бариад гүйгээд байсан бас л худлаа болсон.  Одоо тэгээд урд ч үгүй, хойдох ч үгүй болохоороо Өмнөд Солонгосын компаниар бариулна гээд гарын үсэг зурчихсан.  Энэ асуудлыг Ардын намынхан ч , Ардчилсан намыхан ч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд л мэдэж байгаа ш тээ.  М.Энхсайхан наад төмөр замын чинь талаар жаахан үнэн юм яриад эхлэнгүүт ажлаас нь халаад, Тавантолгойн цахилгаан станц барих төслийг удирдагчаар тавьж, амыг нь хаагаад авлаа. Ийм арчаагүй байх юм бол төр гэж байх хэрэггүй.

-Эдийн засагт үүсээд байгаа энэ хүндрэлүүд танай намыг засаг барьж байхаас эхлэлтэй юм биш үү. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол өмнөх Засгийн газрын алдаа гэдгийг шууд л хэлдэг?
-Маш  товчоор хариулах юм бол өмнөх Засгийн газар гэдэг чинь Н.Алтанхуяг  гэсэн үг.  С.Батболд, Н.Алтанхуяг хоёр хамт сууж, хоорондоо ярилцаж байгаад л шийдвэр гаргадаг байсан шүү дээ. Тэрэндээ тулах юм бол би хүртэл хажууд нь сууж байсан.  Өнгөрсөн үеээ муулаад юу хожив. Н.Алтанхуягт ингэж ярилаа гээд юу наалдсан юм бэ.  Хэн ч байсан ийм хуншгүй зантай, хүн муутай байж болохгүй байхгүй юу

-Ардчилсан намын гаргаж байгаа авир танд 2008 онд тэдэнтэй хэрэггүй л хамтарч дээ гэсэн бодол төрүүлдэг үү?
-Тухайн үед хамтрах шаардлага байсан. С.Баярын гаргасан шийдвэр зөв гэж боддог.  Хамтарсан тулдаа бид 2009 оны хямралыг амжилттай давсан байх гэж боддог. Харамсалтай нь, одоо Ардчилсан намынхан сав л хийвэл чиний, танай баасыг цэцэрлэж байна гэх боллоо. Нарийндаа ярих юм бол Н.Алтанхуяг  өөрийнхөө баасыг л цэвэрлэж байгаа. Эрх баригч намын байгаа байдал, ярьж байгаа зүйлээс нь харахад заримдаа "Хэрэггүй тэдэнтэй хамтарч дээ" гэж бодогдуулдаг л юм.  Ер нь хаяа муутай, хүн муутай хүн гэж байдаг даа. Тийм л хүн юм байна даа  гэж бодогдох болсон.  2008 онд Ц.Элбэгдоржийг ганцаардуулаад Н.Алтанхуяг С.Баярын тавьсан саналыг хүлээж аваа биз дээ. Гэтэл сонгуулийн өмнөхөн гэнэт салж байгаагаа зарлаад. Айлын аальгүй авгай шиг зан төрийн хар хүнд зохидоггүй юм. Муухай харагдуулдаг байхгүй юу.

-Эдийн засгийн хүндрэл үүссэн нь Засгийн газраас болсон. Тиймээс огцруулах шаардлагатай гэж зарим улстөрчид байр сууриа илэрхийлэх болсон байна лээ. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг би хатуу баримталдаг хүн. Нэг нь дөнгөж ажлаа гартаа оруулангуут нь татаж унагаад байвал бүр шал дордсон тэнэгийг оронд нь суулгачих  явдал гардаг. Ардчилсан намыг засаг барьснаас хойш эдийн засгийн бүх үзүүлэлтүүд уналаа. Эдийн засгийн өсөлт буурсан. Тогтвортой хөгжлийн индекс хэдэн байраар ухарлаа. Зээлжих зэрэглэл доошоо орсон.  Авлига нэмэгдсэн. Энэ бүгдийг Ардын нам хэлээд байгаа юм биш ээ. Гадаадын байгууллагууд үнэлэлт, дүгнэлтээ хийчихээд байгаа хэрэг. Долдугаар сарын 10-нд нэг кг цагаан будаа 1700 төгрөг байсан бол арав хоногийн дараа 2000 төгрөг болчихсон шүү дээ. Байдал муудсаар байхад үүнийг олж харах нүд Засгийн газарт байхгүй байна гэдэг тэдний чадваргүйг харуулж буй хэрэг.  Уг нь эдийн засаг хүндэрчихлээ гээд Засгийн газар өөрөө УИХ руу асуудлаа бариад гүйж байх ёстой юм шүү дээ. 

-Эдийн засгийн хөгжлийн сайд үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин  буурсан гэж мэдэгдсэн шүү дээ?
-Н.Батбаяр ганцхан худлаа яриад байгаа юм биш.  Ерөнхий сайд нь худлаа ярина. УИХ-ын дарга худлаа хэлнэ. Монголбанкны Н.Золжаргал бас худлаа хэлнэ. Найман хувийн хүүтэй зээл гарангуут төгрөгийн ханш унасан ш тээ. Энэ зээлийг цааш нь үргэлжлүүлнэ гээд байдаг. Мөнгө нь хаана байна. Тийм их мөнгөтэй юм бол цалин хөлсийг  таван сая болго л доо.   Засгийн газрын худлаа хэлэх улаан цагаандаа гарчихсан. Ичдэг ч үгүй, ичих булчирхай ч тэдэнд алга.  Ардчилсан намынхан  хэн хамгийн сайн худлаа ярих вэ гэдэг тэмцээн явуулаад түрүүлсэн нэгнээ бондын мөнгөөр шагнах хэрэгтэй.

-Засгийн газар хэр ажиллаж байна вэ, таны бодлоор?
-Маш муу, хангалтгүй ажиллаж байна.  Ардчилсан нам төр удирдах чадваргүй гэдгээ л дахиад харуулж байна. 1990 оныг эргэн хар. 1996 онд яав. Эдийн засаг дандаа унаж байсан, төр цалин мөнгөө тавьж чадахаа байсан. Түүх худлаа хэлдэггүй юм.  Миний харж байгаагаар Шинэчлэлийн Засгийн газар тууз хайчлахаас өөрийг хийхгүй байна. Тэр тууз хайчлах бүтээн байгуулалт нь С.Баярын, С.Батболдын үед тавигдсан шүү дээ. Ажил авснаас хойш ямар бүтээн байгуулалтыг эхлүүлэв ээ гэдэг чухал болохоос хүний хөөрүүлсэн сүүний өрмийг долоох нь түүний хийсэн ажил гэсэн үг биш.  За тэр,   Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкийг удирдсанаас хойш төв банк биш болсон. Үнэ тогтворжуулах нэрээр гаргасан гурван их наядаас нь болоод төгрөгийн ханш уналаа. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нь Монголбанкны үндсэн үүрэг шүү дээ. Гэтэл Монголбанк бондыг өөр дээрээ хадгалаад хүүг нь төлөөд явж байна.  Сонгууль болохоор Монголбанк бөөн мөнгө үйлдвэрлэдэг байдлаа зогсоомоор байна. Орон нутгийн сонгуулийн өмнө үнэ тогтворжуулна гээд баахан мөнгө тараасан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр найман хувийн зээл гаргаад, орон сууцны үнийг тэнгэрт хадаачихлаа. Бага, дунд орлоготой иргэд байртай болж чадахгүй болчихлоо шүү дээ.

-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар Лондонд хувь эзэмшигчдийн хэлэлцээ явагдаж байгаа. Энэ уурхайн ажлыг эхлүүлсэн нь зөв үү?

-Оюутолгойн асуудлыг зөвхөн уул уурхайн салбарт хамаатуулж ойлгож болохгүй. Би геополитикийн үүднээс л харж байгаа. Монгол Улсын гурвын гурван сайд нь оролцсон, бүх сайд дарга, гишүүдийнх дэргэд зурсан гэрээ рүү дайрч, хоолоо олж иддэг улстөрчид олширлоо л доо.  Лондонгоос ямар хариу ирэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ далд уурхайн олборлолтыг эхлүүлэх нь зөв. Оюутолгойн баялгийн 70-80 хувийг далд уурхайгаар л олборлоно. Миний хувьд гэрээ үзэглэсэн цагаас эхлээд ТУЗ-ын гишүүнээр сонгогдсон Монголын талын гурван төлөөлөгч туйлын арчаагүй байдалд ажилласан гэж дүгнэж байгаа.  Аль нэг нь ийм учиртай юм аа гээд ганц үг ганхийгээгүй биз дээ. Тийм их хэл ам, хардлага сэрдлэгэ яваад байхад яг юу нь болоод, юу нь болохгүй байгааг хэлээгүй. Монголын талд ямар ашигтай, эсвэл ашиггүй юм бэ гэдгийг тайлбарлах нь битгий хэл амнаасаа ганц үг гаргадаггүй байсан биз дээ. Далд уурхайг ажиллуулснаар Монголд техник, технологийн дэвшил орж ирэх болов уу гэж харж байна.

-Ирэх сард танай намын их хурал болно. Их хурлаар намын даргын асуудлыг ярихаар болсон. Таны хувьд хэнийг намыг дарга болоосой гэж бодож байна?
-Их хурлаар намын даргын асуудлыг ярих нь баараггүй.  Намын даргынхаа ажлыг өгнө гэдгээ Ө.Энхтүвшин зарлачихсан ш тээ.  Одоо бол тэнд ямар өрсөлдөөн болохыг хэлж чадахгүй байна. Олон нэр сонсогдож, дуулдаж байгаа. Тэдэн дотор жинхнээсээ дарга болох сонирхолтой хүн ч байгаа, өөрийнхөө нэрийг яригдаж байгааг сонсоо ч үгүй яваа хүн ч бий.  Их хурлын төлөөлөгчид нэг л  зүйлийг харж, дүгнэж эцсийн шийдвэр гаргах ёстой. Тэр нь энэ намыг хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн 2016, 2017 оны сонгуульд намаа ялуулж чадах вэ гэдгийг чухалчлах ёстой юм.  Яриа хэлэлцээ, ятгалга, элдэв янзын юм далд болж л байгаа байх.  Бүр намын төлөөлөгчөөр хэн, хэнийг сонгуулах вэ гэсэн операци явагдаж  байхыг үгүйсгэхгүй. Энэ үзэгдэл аль ч намд байдаг.  Үнэндээ МАН дотроо, хоорондоо идэлцсээр байгаад л ийм болсон. Н.Энхбаяр, Н.Багабанди гэдэг хоёр хүний тэмцэл арван жил ил далд өрнөсний эцэст МАН өнөөдрийн энэ ялагдлыг амсч байна.  Гэтэл ингэлээ гээд тэдний хэн хэн нь хожоогүй. Харин бусдад Ардын намыг өгөөш л болгочихлоо шүү дээ.

-Танай намын сонгуульд ялагдсан нэг том шалтгаан авлигын асуудал. Намын залуус чинь хүртэл үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа?
-Авлигатай тэмцэх асуудал цэвэр улстөрийн шинжтэй болсон. Сонгууль болохоор л хэдэн хүнийг авлигачнаар тодруулж, баахан шуугиан тарьдаг. Сонгуулийн дараа буцаагаад суллачихдаг. Энэ асуудлыг буруу тийш нь хөтлөөд байгаа нь харамсалтай.  Авлига ганцхан МАН-ынхантай холбоотой үзэгдэл биш. Ардчилсан намынхан яг адилхан.  Харин ч тэгж ярьвал,  Ардчилсан намынхан одоо өлөн чоно шиг иднэ дээ, харж л байгаарай. МАН-ынхан ичингүйрч иддэг, АН-ынхан ил цагаан иддэг гэдэг үнэн л байхгүй юу.  Хамгийн аймаар нь их гүрнүүдийн жижиг орнуудад хэрэглэдэг арга нь авлига болчихоод байна. Геополитикийн нэг бодлого ч гэж болно.  МАН-ынхан ч, АН-ынхан ч чадвартай хүмүүсээр биш залхай, долигонуур, албан тушаалд  донтой, хулгай хийх дуртай нөхдөөр өөрийгөө хүрээлүүлдэг. Энэ бүгдийнх нь хамгийн том алдаа. Би энэ нөхөр хулгайч гэж бодсон л бол тэр хүнийг өөртөө ойртуулдаггүй.  Миний хувьд МАН, АН-ын тухай ярьж байна. Бусад намуудыг бол тоохгүй.  Өнөөдөр шударга ёс ярьдаг улстөрчид өөрсдөө хамгийн бохир хүмүүс байх магадлалтай.  Тэдний хамаатан садан, ах дүү, эхнэр хүүхдэд нь албан тушаал өгдөг, нөгөөдүүл нь чимээгүй болдог.  Ийм байхаар Монголын төрийн үнэлэмж яаж дээшлэх билээ.

-Тэгээд яавал Монголын төрийн үнэлэмжийг сажйруулах вэ?
-Энэ их хэцүү.  Хамгийн бохир заваан хуйвалдаан саарал ордонд болж байгаа тохиолдолд Монгол төрийн үнэлэмж сайжиртал удах байх аа.  Бие даагчид нь биеэ үнэлэгчид болсон. Суудлын тооны харьцааг ашиглаад эргэлзээтэй үед чадварлагаар биеэ үнэлдэг болсон ш тээ.  Хамгийн их харамсч байгаа нь хойд үеийг маань ийм заваан юманд сургаж, хордлого тарааж байгаа явдал. 
Ж.НЯМСҮРЭН

Thursday, 12 September 2013

Ц.Нямдорж: Гудамжинд явсан хүмүүсийг төрд шургуулсны гор гарч байна



УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

  -УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 16-нд хуралдах тов гараад байгаа.  Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг танай нам тавьсан. Харин үр дүн нь юу байх бол?
-Одоохондоо энэ сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдана гээд байх шиг байна. Ер нь хуралдвал хуралдана л биз.

Манай намын удирдлагууд ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан юм билээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрч байгаа учраас ээлжит бус чуулганыг хуралдуулж болно. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдаад үүнээс гарах шийдвэр байна уу, үгүй юу гэдгээс асуудал үүснэ.

-Уг нь үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулах гэж л чуулганыг хуралдуулах гээд байгаа юм биш үү?
-Гол нь гаргах шийдвэрийн төсөл бэлэн биш бол ээлжит бус чуулган утгагүй болох гээд байгаа юм. Тэгээд ч шийдвэр нь тодорхой бус тохиолдолд заавал ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй арав гаруйхан хоногийн дараа намрын чуулган эхэлнэ. Харин эдийн засгийн хүндрэлийг зөөллөх шийдвэрийн төсөл байгаад тэрийг нь хэлэлцэх бололцоотой гэвэл чуулган хуралдах нь зөв л дөө.

-Улс орны эдийн засгийн байдал сайн, муу байгаа гээд улстөрчид янз бүр ярих юм. Үнэндээ Монголын эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгаа  вэ?
-Ер нь эдийн засгийн байдлыг нэг хэсэг нь хүндэрчихлээ, нөгөө нь хүндрээгүй гээд хоорондоо маргалдах нь утгагүй. Тэгээд ч дэндүү ойлгомжтой зүйл дээр маргах нь дэмий шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Гэхдээ Хятад, Орос, Солонгос, Японы эдийн засаг тогтвортой байна. Монгол Улстай голлон харьцдаг эдгээр улсуудын эдийн засаг тогтвортой байхад манайд шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш ганцхан жилийн дотор эдийн засаг ямар хурдацтай унаж байна вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ хүндрэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Зөвхөн дотооддоо төрөө удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, улс төрийн зорилготой шоу, үзэсгэлэн яармагийн гор нь ингэж гарч байгаа юм.

Жишээ нь, сүүлийн арван жил тогтвортой 1300 төгрөг байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1600 төгрөгт хүрсэн нь эрүүл үзэгдэл мөн үү. Үүнийг Засгийн газар хямрал биш гэх үү. Ноднин Засгийн эрх шилжүүлж байхад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 50 хувиар буурлаа. Гадаад орчин ингэж хумигдаж байгаа нь Монголын эдийн засагт аюултай сөрөг үр дагавар авч ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бүтэн 20 жил зүтгэж байж гадаадынхны дунд бий болгосон итгэл гэдэг юм алга болж байна. Монголын төр найдваргүй. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөгөө үгүйсгэдэг. Ингэж эдийн засгаа улс төрийн зорилгоор хорлодог гэсэн дүгнэлт гадныхны дунд бий болоод ирэхээр ойрын арван жилд энэ итгэлийг ахин олж чадахгүй.

Таван толгой гэдэг юмыг чинь П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлахдаа “хамтарч ажиллаач” гээд гуйгаад явж байсан хүн. Түүнийгээ арай гэж эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр “Чалко” гэж дайрсаар байгаад Таван толгойгоо унагаад авсан. Гэтэл одоо Оюу толгойг унагах алхмуудыг хийж байна. Далд уурхай байхгүй болж байна. Далд уурхай гэдэг чинь энэ төслийн 70 хувь. Харин  30 хувь нь ил уурхайн ашиглалтад явна. Ингэснээр таван тэрбум ам.долларын ашигтайгаар бүртгэгдсэн төсөл зогсож байгаа юм.

Оюу толгойн далд уурхай зогссоноор ард нь ажилладаг олон жижиг компаниуд хаалгаа барьж, ажилчид нь халагдах нь ойлгомжтой. Үүнийг уналт биш гэх үү. Гадаадад гаргаж буй нүүрсний хэмжээ огцом буурсан. Өнөө жил 30 сая тонн нүүрс гаргах учиртай. Одоо дөнгөж 7-8 сая тонн нүүрс гаргаад байна. Үлдсэн дөрвөн сарын хугацаанд яаж ч зүтгээд 7-8 сая тонн нүүрснээс илүүг гаргаж чадахгүй. Дээрээс нь нүүрсний үнэ 70 ам.доллар байсан бол одоо 56 ам.доллар болж буурсан. Гэтэл энэ жил нэг тонн нүүрсний үнэ 160 ам.доллар байна гээд төсөв баталчихсан шүү дээ.

Зарим нэг хүмүүс эдийн засаг хүндрээгүй гээд байгаа. Одоохондоо эдийн засаг тартагтаа тулаагүй байгаа. Энэ янзаараа ахин нэг жил явахад л  тартагтаа тулна. Эсвэл тартагт нь тултал унагаж авах гээд байгаа юм уу. Энд тэнд эдийн засаг, байгалийн аюулт үзэгдлүүд болоод байна. Үүнээс яагаад дохио авахгүй байна вэ. Хийх гэж бодоод байгаа бол энэ онцгой нөхцөл байдлыг сайтар судалж үзээрэй, тэнд эвгүй юм болж байна шүү гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард би  хэлж л байсан. Хоёрхон жилийн өмнө Монгол Кипр шиг болно гээд байсан биз. Одоо гэтэл яав.

-Тэгээд таны сануулгыг хүлээж аваагүй хэрэг үү?

-Аваагүй. Наад “Чалко” гэдэг юм руугаа битгий дайраад бай. Наадахын чинь цаана том гүрний эрх ашиг байдаг юм. Тэгээд ч Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж, Ч.Хүрэлбаатар нарийн бичгээр нь ажиллаж байхдаа гуйж гувшиж явж байгуулсан гэрээ гэдгийг хэлсэн. С.Баярцогт Авирмэд гэж хүнтэй гар барьж байгаад тэрбум ам.доллар Таван толгойгоос оруулж ирээд Хүний хөгжлийн мөнгө болгоод тараасан. Одоо хэндээ ял тулгах гээд байгаа юм. “Чалко” гэдэг чинь Хятадын стратегийн үйл ажиллагаа явуулдаг хоёр том компанийн нэг. Баруун Европыг газын сүлжээнд оруулчихсан маш том идэштэй компани. Манайхан өөрсдөө 70:30-ын харьцаатай байхыг зөвшөөрсөн. Мөнгийг нь урьдчилгаа болгож авчихаад АН, МАН хоёр сонгуулийн өмнө амлалт болгож хүний хөгжлийн мөнгө бол¬гож тараасан. Тэгсэн хэрнээ яагаад өмнөх засаг, МАН гэж дайраад байгаа юм. Энэ сайн зүйл авч ирэхгүй. Эдийн засгийн тав, арван төгрөгийн асуудал биш. Улс хоорондын харилцаа, геополитикийн харилцааг араасаа чирдэг. Хятадууд Австралиас авах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Хойд айл Читийн цаахан талд манай Таван толгой маягийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулаад урагшаа төмөр зам тавьж байна. Урд айл манайхаас нүүрс авч байгаа нь хэрэглээнийх нь өчүүхэн хэсэг. Яагаад ийм геополитикийн орон зайд байгаагаа эрх барьж байгаа хүмүүс, төрийн том дарга нар ойлгохгүй элдэв болхи, балиар үг хэлж араасаа хүндрэл учруулж байна. Гадна талдаа хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Дотор талдаа болохоор МАН-ын бизнес эрхлэгчдийн бизнесийг далдуур хавчиж АН-ынхныг дэмжиж байгаа нь нууц биш.

Оросын консулын газраас мэдэгдэл хийгээд байхад Оросууд шатахууныхаа  үнийг нэмээгүй гээд байгаа. Үүнийг нь тагнуулаас шалгана гээд байсан. Эцсийн бүлэгтээ “Петровис”-ийг шахах гэсэн бодлого л байхгүй юу.

Ганцхан жилийн до¬тор эдийн засгийн хям¬рал болж ам.долларын ханш хоёр сарын дотор 1600 төгрөг болтлоо өссөн нь түргэн тусламж дуудаж, онцгой байдал зарлах хэмжээнд очиж хүн¬дэр¬сэн шүү дээ.

 -Яагаад ийм байдал үүсэх болов оо?
-Яагаад гэвэл,  Н.Золжаргал гэдэг хүн Монгол банкны захирлаар очсоноос болсон. Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш Засгийн газрын даалгавар биелүүлэгч, кассын үүрэг гүйцэтгэгч байгууллага болсон.

Арилжааны банкууд шиг уралдаж зээл олгодог газар болгосон гэхэд болно мэт зүйлс болоод байгаа. Тиймээс төгрө¬гийн ханш унаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард би Монгол банкны Ерөнхийлөгчид “Чи энэ улс төрийн зорилгот үйл ажиллагаагаа зогсоо. Кассын үүрэг гүйцэтгэгч байхаа боль. Монгол банк ямар байх ёстой тэрүүгээр нь авч яв. Надад битгий хичээл заа” гэж хэлсэн.

-Өмнөх Засгийн газрын балгийг Шинэчлэлийн Засгийн газар үүрээд яваа юм биш  үү. Эсвэл өмнөх Засгийн газар ямар өө сэвгүй ажилласан гэх гээд байна уу даа?

-Үргэлж л тэгдэг юм. Өмнөх Засгийн газар гэдэг чинь С.Батболд+Н.Алтанхуяг шүү дээ. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт болж буй асуудлыг Н.Алтанхуяг мэддэг байлаа. Учир нь Сангийн сайд нь С.Баярцогт байсан. Баяр¬цогт төсөв батлуулдаг байсныг бид мэднэ. Мөн¬гөний бодлого дээр санал өгүүлдэг байсан. Мөнгөний бодлого дээр бол¬сон болоогүй 1300 төгрөгт барьж байсан Пүрэвдоржийг хөөж явуулаад Н.Золжаргалыг томилсон. Өмнөх засаг “Чалко”-гоос зээл авсан гээд л байдаг. Тэр 380 сая ам.до묬ларыг чинь С.Баярцогт авсан юм. Баярцогт аваад хүний хөгжил сан руу хийж 21 мянган төгрөг болгож тараасан. 2012 оны төс¬вийг С.Баярцогт хийсэн. Тийм байж өмнөх засаг гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Үүнийхээ оронд бид энэ ажлыг хийж чадахгүй, дийлэхгүй юм байна гээд хэлчих хэрэгтэй. Төрийн боловсон хүчний чадавхийг хаасныхаа горыг амсаж байна. Ажлаа хийж чад¬даг байсан хүмүүсийг Ардын намын хүн гээд хоморголж халаад юу ч хийж чаддаггүй, юу ч мэдэхгүй, хоосон хийрхэгч, гудамжинд гулиалж явсан хүмүүсийг Монголын төрд шургуулсны гор гарч байна. Ийм зүйлс байгаа учраас асуудал хүндэрч байгаа хэрэг.

Ноднингийн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруу¬лагчдыг хязгаарласан хуулийг хүчингүй болгочих гээд таван сар гуйгаад дийлээгүй. Зүгээр л хүчингүй болгочих гээд толгой том дарга нарын  бүгдэнгээс нь гуйсан. МАН-ын бүлгийн хурал¬даан дээр үүнийг хэлэхэд зөвшөөрсөн. Хүчингүй болгуулчих гээд байхад Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай хамтатгаад хуучин хийсэн нүглээ жаахан нууж өнгө¬рөөх гэж оролдож байгаа арга. Тэр үед тухайн хуу¬лийг хүчингүй болгуулсан бол гадныхан ингэж нүү¬рээ буруулаагүй байгаа юм ч бил үү хэн мэдлээ.

Төмөр замын хувьд манайх урагшаа нарийн царигийн төмөр зам тави¬хаас өөр арга байхгүй. Оросууд энэ төмөр замын чинь төсөлд оролцохгүй гэдэг мэдэгдлээ хийчихсэн. Оросуудаар төмөр зам тавиулна. Оросуудыг Таван толгой руу оруулна гэчихээд тэднийг хуурсан тул энэ төсөлд чинь орол¬цохгүй гээд Элчин сайд нь мэдэгдсэн. Тавдугаар сард Якунин ирээд мөн л тэгж хэлсэн. Тэр чинь Путины үгийг дамжуулж байгаа байхгүй юу. Якунин гэж нөхөр манайд ирсэн юм биш. Путины үгийг л дамжуулсан хэрэг. Тэгж ойлгож дараагийн шийдэлдээ хүрэх байтал байдаггүй. Гэтэл цариг нь тодорхойгүй зам тавьсан. Ингээд байхаар эдийн засаг хүндэрдэг юм бай¬гаа биз дээ. Эдийн засаг муудаагүй гэж энэ жилдээ хуурч болно. Ирэх жилдээ хуурч болно. Түүнээс цааш хуурна гэж байхгүй. Дараа нь эрх барьж буй Засгийн газрыг гаргах уу, үгүй юу гэдэг асуудлыг тавь. Үүнээс цааш зориг зүрх, эрмэлзэл АН-д бай¬на уу гэдэг талаар яриг¬дана. Гарамгайбаатар ч гэсэн тэгж л ярьсан байна лээ. Нэг жил энэ засгийг харлаа. Даанч явсангүй.

Засаг барьж буй хүмүүс бүтэн жил зуурсан холион бантангаа ойл¬гож, зогсоож номоор нь хийх сэтгэлийн тэнхээ гаргаж чадах уу гэдгийг нь харах хэрэгтэй. Би тэднийг “Та нар агаарт савлаад байна. Хөрсөндөө буугаад өгөө” гэж өмнө нь зөндөө л хэлсэн. Одоо ч гэсэн савж л байна. Юу ч болоогүй бүх юм хэвийн байгаа гэх юм. Үүнийг би мэддэгтээ хэлээд байгаа юм биш. Улс төрийн тогоонд 20 жил чанагдсан тул мэдэж байна. Зовлон дундуур явсан хүний үг юм. Ядаж л дотоод улс төрийнхөө хэрүүлийг зог¬соох хэрэгтэй. Энэ чинь хэнд хэрэгтэй юм. АН юу¬гаа¬раа ялж, МАН юугаараа ялагдсан юм. Цаана чинь эдийн засаг чинь сүйрээд дуусч байна. Бо¬ги¬нохон улс төрийн хэрүүлээ ядаж больчих хэрэгтэй. Гадаад хүчин зүйл дээр хөрөнгө оруулж буй гадныхныгаа ярга¬чид, шулан мөлжигчид гээд хөөж явуулчихсан хэрнээ өөрсдөө юм хийх¬гүй. Дотооддоо улс төр нь эрүүл биш. Мөн дотоод¬доо үйл ажиллагаа явуул¬даг компаниудаа миний, чиний гэж ялгаварладаг. Энэ чинь юу болж байгаа юм. Улс төрийнхөө хэрүү¬лээ зогсоо гэж гуйгаад дийлэхгүй байна.

Уг нь эрх баригчид эрх барьж буйгаа ухамсарлаж, хариуцлагатайгаар улс төрийн тайван нөхцөл байдлын төлөө явах хэ¬рэг¬тэй. Тэгж л хэн хэнийгээ ойлгох орон зай үүснэ. Үүнийгээ тэд хийж чадахгүй байна. Тэгэхгүйгээр харин ч эсрэгээрээ өдөөн хатгалга явуулаад бүх юм МАН-аас болсон. Бид гарч ирээд тэрийг нь засах гэж үйлээ үзэж байна гэдэг. Өмнөх засагт өөрсдөө Шадар сайд, Сан¬гийн болон  Зам тээврийн сайд байснаа мартчихсан юм уу. Ингэж болохгүй. 1990 онд эд нар Засгийн газар байгуулсан. Тэгэхэд Д.Бямба-сүрэн МАХН-ын харьяалалтай л байсан болохоос сэтгэл нь аль хэдийнэ АН-даа орчихсон байсан. Хоёр шадар сайд нь мөн л тэднийх. 1992 онд картын бараатай сон¬гуульд өрсөлдсөн. 1996 онд П.Жасрай агсан арай гэж картын бараанаас гаргаж нийгэм, эдийн засаг жаахан урагшлах гэж байхад 1996 онд тэд Засгийн газар байгуулсан. 1996 оны арванхоёрдугаар сард Ард банкийг татан буулгаад Сэргээн босгол¬тын банк байгуулан бүх мөнгөө тийш нь байр¬шуулсан. Өрийг нь өөр газар шилжүүлж цэвэр банк байгуулж авчихаад хоёр жилийн дараа бүг¬дийг нь дампууруулаад дуусгасан. 2000 онд цалингаа ч тавьж өгч чадахгүй байсан. Шинэчлэ¬лийн Засгийн газар эрх бариад жилийнх нь ойн дээр эдийн засгийн хямрал болж байна. Монголтой эдийн засгийн харил¬цаатай гэж дээр хэлсэн орнуудын эдийн засаг савалгаагүй байхад манайх ийм байдалд хүр¬лээ. Энэ чинь юу болж байгаа юм. Жолоогүй нийгэм бий болчихоод байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод байгаа. Ингэлээ гээд гадны хөрөнгө оруулагчид эргэж ирэх үү?
-Монголчууд хууль гар¬гах нэг асуудал. Энэ их хөрөнгө оруулалт чинь хуучин хуулийн хүрээнд хэрэгжиж байсан. Одоо монголчууд Хөрөнгө оруулалтын хууль гэж 1000 гоё хууль батлаад гадныхан хошуураад ирэхгүй. 2012 оны хуулиа хүчингүй болгосон байна. Буцаад оръё гэх үү. Тэд цэцэрлэгийн хүүхдүүд биш. Итгэл нэг алдарвал урт хугацаанд алдардаг. Би 1994 онд П.Очирбатыг Энэтхэгт дагаж явж байснаа ярьсан нь тохиолдлоор хэлсэн зүйл огт биш. Хуулийнх нь орчинг бий болгох гэж, итгэлийг бий болгох гэж 20-иод жил явжээ. Харилцан ойлголцлыг бий болгох гэж зүдэрсэн байна. “Чалко”-д мянга сайхан хууль яриад итгэх үү. Итгэлийг ямар ч хуулиар авч ирдэг¬гүй юм. Хичнээн сайхан хууль баталсан гэж яриад хиртэй, гомдсон сэтгэлээр тэд хүлээж авна. Түүнээс биш хуулийг гаргаж бол¬ноо. Тэр хууль ямар эрс¬дэл дагуулах вэ гэдгийг санах хэрэгтэй.

Оросууд бензинийхээ үнийг нэмлээ. Хуучин “Евро 2” гэсэн бензинээ “Евро 3” болгосон. “Евро 2” гэдэг нь октан ихтэй хуучнаар 76 бензин байхгүй юу. Түүнийгээ үйлдвэрлэхээ болиод “Евро 3” бензин үйлдвэр¬лээд эхлэхээр зардал ихтэй болохоор үнэ нь нэмэгдэж байгаа юм. Хуучин 76 байсан бензин 92 болж байна гэсэн үг. Тэгэ¬хээр хойд айл үнээ нэмдэг юм байгаа биз дээ. Бид ийм юм хийсэн гээд элчин сайд нь зарлачихаад байхад Засаг барьж буй нөхөд хойд айл үнээ нэмээгүй гэж худлаа хэлээд байх юм. Ингэж болохгүй. Самалёнка гээд элчин сайдынх нь ярилцлага хүртэл надад байж байна. “Бид үнээ нэмсэн. Та нар зах зээлинхээ зарчмаар дэлхийд чанартай бензи¬нийг нэмэгдсэн үнээр авнаа. Бид үнийн хөнгөлөлт хийж чадахгүй” гээд бай-хад манайхан үгүй гээд байх юм. Сүүлийн үед засагийнхан эрчимтэй худлаа ярьж эхэллээ. Саяхан УИХ-ын дарга Блүүмберг телевизэд ярилцлага өгч байна. Орон сууцны чинь үнэ найман хувийн зээлнээс чинь хойш нэмэгдчихлээ. Одоо яах вэ гэхэд “Энэ жил битгий байр худалдаж ав. Ирэх жил каниверийн байр худалдаж ав”  гэсэн.  Байшин үйлдвэрлэдэг кониверийн систем гэж дэлхийд байдаггүй л байхгүй юу.

-Кониверийн систем гэж юу вэ?
-Мэдэхгүй. Бүх газар л байшин барь гээд байгаа юм уу. Конвейрээр байшин барьдаг гэж би лав дуулаагүй юм байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу байсан. Энэ нь ам.долларын савал¬гаа орон сууцны савал¬гааг бий болгож байгаа нэг хөшүүрэг нь яах арга¬гүй мөн. Ирэх жил кониверийн байранд ор гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Өмнө нь олон барилга баригдаад эхэлсэн. Одоо ч гэсэн болсон болоогүй барилга баригдаж л байна. Эдгээрийг яах юм. УИХ-ын дарга ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Өнөө маргаашийн хооронд худлаа ярьж байхад нөгөөдөр ертөнц сөнөсөн ч хамаагүй гэж бодох хүмүүс байна. Ингэж болохгүй. Импорт Хятадын хараанд байхад юанийн ханш өсөөд эхэллээ. Өмнө нь 220 төгрөг байсан юань өнөөдөр 270 болчихлоо. Урагшаа гараад наймаа хийх гэхээр олсон бүх ашиг чинь үнийн зөрөөн¬дөө үхэж байна.

-МАН-ын залуу гишүүд сонгуульд тав дараалж ялагдсан намаа шинэчилж, удирдлагууддаа хариуцлага тоо¬цох тухай яриад ч дийлэхгүй байгаа. МАН-ын хууччуул үнэхээр шинэчлэлийг эсэргүүцээд байна уу эсвэл  залуусаа дэмждэггүй юм уу?

-Зөндөө л шинэчлэл ярьдаг хүмүүс байдаг. Ардчилсан нам ч гэсэн шинэчлэл ярьж л байсан. Одоо Шинэчлэлийн Засгийн газар гээч ямар амь¬тан гарч ирчихээд юу болгож байгааг нь харж л байгаа биз дээ. Шинэчлэл ярьдаг болгон сайн байдаг юм биш. Магадгүй хамгийн хорлонтой, хамгийн хуучинсаг хүмүүс шинэчлэл ярьж байж мэднэ.

Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр шинэчлэл хийгээд гоё болчихдог байсан бол нэг жилийн хугацаанд гоё болох л байлаа. Гоё болохгүй л байгаа биз дээ. Түүнтэй агаар нэгэн зүйл МАН-д явагдаж байгаа юм биш үү. Сонгуульд ялагдсан тал дээр хариуцлага хүлээ гэдэг дээр нь ярьж байгаа нь зөв. Манай нам дүрмэндээ ялагд¬вал явнаа гээд биччихсэн байдаг юм биш үү. Намын их хурлаа хийх нь ойлгомжтой. Тэр богинохон хуга-цаанд элдэв балай юм ярьж өөрийнхөө дээлийг урах ямар хэрэг байна. Одоо МАН, АН хоёр аль нь ч ялгаагүй шинэчлэл ярьсаар бай¬гаад дээлээ ураад дууслаа. Өнөө бөөгийн цамын өмсгөл шиг л бол¬чих¬лоо. Өөрийнхөө дээлийг зулгаа¬гаад болохгүй бол салаад явчихдаг байдал ганцхан МАН-д бус АН-д ч байдаг. Эцэстээ хэн, юу хожих юм. Хоёр томоохон улс төрийн хүчин шиг улс төрийн хүчин ахиж монголд гарч ирэхгүй. Энэ чинь түүхэн сорилгоор бий болчихсон юм. МАН, АН аль нь ч ялгаагүй. Дээрх хоёр нам байхгүй болоод шинэ нам гарч ирээд Монголыг сайхан авч явна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Эхсүл ахиад нэг “Эрэл”-ийн Эрдэнэбат л гарч ирнэ биз.

Түүхийн ийм өндөр ач холбогдолтой хоёр нам бие биенээ хэм¬лээд байхаа болих хэрэгтэй. Намуу¬дын дотроос мөн шинэ баатрууд тодрон гарч ирж байна. Имй байж болох уу. Энэ хоёр нам ийм олиггүй байхад улс яаж хөгжих юм. Төр гэдэг юм нь яаж явах юм. Явахгүй шүү дээ. АН нь ч гэж АН. МАН нь ч гэж МАН. Харилцан зодолдоод байж байх юм. Дотроос нь хүүхдүүд нь аав, ээжийгээ зодоод байдаг. Ийм л зүйл болж байна.

МАН-ыг таван удаагийн сонгуульд ялагдлаа л гэх юм. Тэгвэл МАН 10 жил босоо байсны хувьд гавьяаг нь хэн хүртэх юм. Тэр хугацаанд энэ шинэчлэл хийнэ гээд байгаа хүмүүс хэн байгаад хэн болсон юм гээд ярьвал их зүйлийг ярьж болно.

МАН-д жигүүр гарч ирээд намд хэрэгтэй юм юу хийсэн гэж. Бүгд албан тушаал аваад л арилцгаа¬сан. АН-ынхан ч мөн адил. МҮШН гэж байгуулаад тэр намд нь харьяалагддаг хүмүүс нь МАН-тай нийлж засаг байгуулаад ганц, хоёр хүн сайд болоод АН-ын шинэчлэл дууссан. Ийм шинэчлэлийн Монголын ард түмэн хүсээд байгаа юм уу. Шинэчилье гэвэл эхлээд урвагчдыг улс төрөөс шахаж гаргах систем бий болгох хэрэгтэй.

-Урвагч гэдгийг нь яаж мэднэ гэж. Хүн бүр л энхийн цагаан тагтаа гэж өөрсдийгөө танилцуулдаг...
 -УИХ-аар дүүрэн урвагчид байгааг харахгүй байна уу. Засаг дотор чинь өч төчнөөн хүн байна. Эх орноосоо урваагүй гэж өөрсдийгөө өмгөөлөөд байгаа болохоос өчигдөрхөн МАН шиг нам байхгүй гээд байсан хүмүүс өнөөдөр АН-д оро¬хыг урвалт биш гэх үү. Ийм хүмүүс ардын төрийг гадныханд худал¬дахыг үгүйсгэх аргагүй. Чингэсийн үед Жамух гэж урвагч байна. Найз нь Их Монголыг байгуулах гэж байхад нь эсрэг байсан. Урвагчдыг барьж ирэн ууцыг нь хугалдаг байхаа. Энэ соёлтой ертөнцөд ууцыг нь хугалах нь хаашаа юм. Харин улс төрийн орон зай л өгөхгүй байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ шинэчлэл болно. Хоёрдугаарт төрд алба хашиж байхдаа хулгай луйвраас хол байх хэрэгтэй. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. Тэгж чадаагүй шүү дээ. Тендерээс хол байх хэрэгтэй. Тендерээс хол байх чадварыг эзэмших хэрэгтэй. Арван жил сайд хийсэн хүн ярьж байна шүү.

 -Яаж хол байна гэж?
 -Тендертэй холбоотой хүмүүстэй уулзахгүй байх хэрэгтэй. Намайг сайд байхад тийм тендерт оролцон буудлиуллаа гэсэн хэл ам гарч байсангүй.  Учир нь би хол явдаг байсан. Идэж байгаа хоол¬ноо¬соо битгий хулгай хийж бай л даа. Энэ хүмүүс тэгж чадах юм уу. МАН-ын шинэчлэл хийнэ гээд байгаа асуудал чинь ардын төрийн асуудал болчихдог юм. Ардчилсан намын алдаа ардын төрийн алдаа болж хувирдаг. Үүний гор нь гараад эхэлчихлээ. Өчигдөр чи гадагшаа явахдаа 100 ам.доллар авдаг байсан бол өнөөдөр үнэ өссөнөөс болж 80 ам.доллар л авна гэсэн үг. Хуучинсаг гэж тооцсон болгон хуучин байдаггүй. Одоо засгийг большевик аргаар авч явж байна. Жишээ нь О.Магнай гэж үнэ тогтоодог нөхөр бий болчихлоо. Бусад орнуудад энэ чинь инээдэм, ханиа¬дам болно. Коммунист ганцхан намтай хятад улс хүртэл тэгэхгүй байна. Гэтэл манайх чадаад байх юм. Засгийн эрх баригчид О.Магнайгаар дамжуулан бүх юмны үнийг тогтоодог болсон. ШӨХТГ үнэ тогтоодог газар биш. Өнөө маргаашийг аргацаасан улс төрийн ашиг харсан большвик, коммунист арга нь хэт түрэмгий байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл АН-ын хүмүүсийг балиашигладаг. Монгол чөлөөт хэвлэлгүй болсон. Би 2006 онд Их хурлын даргаас бууж байхад гуравхан зүйл хэлсэн. Түүний нэг нь “Мон¬голд чөлөөт хэвлэл үгүй боллоо” гэсэн юм. Өнөөдөр шударга хэвлэл мэдээл¬лийн хэрэгсэл үгүй болсон. Бүгдийг нь эрх баригчид худалдаж авсан.
 Э.ЭНХБОЛД
Ч.АННА
"ӨДРИЙН СОНИН"