Showing posts with label МОЛОР-ЭРДЭНЭ Санжаадоржийн. Show all posts
Showing posts with label МОЛОР-ЭРДЭНЭ Санжаадоржийн. Show all posts

Monday, 2 June 2014

С.Молор-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, барьцгүй ийм нөхдүүдтэй яаж ярих юм бэ?

Манай “Open door “ сонины VIPerson зочноор доктор С.Молор-Эрдэнэ уригдлаа. Бидний ярилцлага илэн далангүй, ямар нэгэн хаалт халхавчгүй болсон гэж найднам. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе. 

-Ноён, Молор-Эрдэнэ. Та яагаад ахиад бөөн шуугиан дэгдээж орхив оо. Р.Чойномыг үгүйсгэлээ гээд тань руу бүгд л дайрч байх шиг байна. 
-Би бол Германд физикээр ч ажиллаж байсан, философиор ч ажиллаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд олон ном бичлээ. Одоо Их сургуульд, Соёл Урлагийн Их Сургуульд лекц уншаад явж байна. Мэдээж би монголын урлагийн салбар, тэр дундаа уран зохиол, яруу найрагтай танилцсан. Театр, урлагийн хөгжлийн талаар нухацтай судалсан. Түүн дээрээ үндэслэж л дүгнэлт хийнэ. Би чинь одоо МУИС-ын хоёрдугаар байранд лекц орж байгаа шүү дээ. Тэгээд тэнд байгаа Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үлдсэн үлдэгдлүүдийн хийж байгаа ажлууд, энэ яруу найраг гэж нэрлээд явуулаад байгаа зүйлст дүн шинжилгээ хийж үзэхэд үнэхээр янз бүрийн л дүгнэлтэд хүрч байна. Үнэнийг хэлэхэд би үнэхээр оюуны өндөр чадавхиар, ёс суртахууны өндөр төвшинд, философийн өндөрлөг төвшинд монгол хүний бичсэн яруу найргийг маш их хайдаг байхгүй юу. Тэгээд нөгөө манайхны шагшдаг, магтдаг Р.Чойномын шүлгүүдийг судлаад үзсэн чинь ерөөсөө  философийн, оюуны, яруу тансаг агууламж, тэр хэлбэр, хэл огт байгаагүй. Тэр хүн өөрийнхөө санаануудыг л энгийн, хар ярианы хэлээр биччихсэн. Тухайн үеийн өөрийнхөө санаа сэтгэлийн төлөв байдлыг л биччихсэн. Тэр нийгмээ өөрийнхөө л нүдээр харсан, яруу найргийн бүтээл гэж хэлэх бололцоогүй тийм л зүйлс байсан. Яруу найраг гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л жаахан мэдэмхийрсэн, цэцэрхсэн, хувийн итгэл үнэмшлээ тулгасан үг холболтууд. Юун гоо сайханы таашаал авах вэ. 

-Улс төрийн цаг үе талаас нь та харж үзсэн үү. Социализмын мөн чанарыг сөрж байсан гэж бас зарим нь үздэг шүү дээ.
-Тэр нийгэм чинь өөрөө өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй. Нийгэм болгон өөрийн тоглоомын дүрэмтэй. Тэр тоглоомын дүрмийг зөрчих асуудал хаана ч байдаг. Зөрчиж байгаагаа ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Яахав, өндөр чадавхи, эрдэм мэдлэг хэрэгтэй байсан тэр нийгэмд Р.Чойном гологдсон. Тэр нийгэмдээ орхигдсон. Тэр хувь зохиолоо эсэргүүцсэн. Өөрт нь таалагдаагүй. Тэр нь ч өөрийнх нь бичсэн юмнуудаас их харагддаг. Жишээ нь, сэхээтэн хүмүүсийг их доромжилсон, үгүйсгэсэн, нулмисан байдал их илэрдэг. Тэр нь надад их харамсалтай санагддаг. Яагаад гэвэл нийгэмд сэхээтэн хүн маш их хэрэгтэй. Ерөөсөө өнөөдрийн манай нийгмийн гол асуудал чинь сэхээтэнгүй болчихсонд байна шүү дээ. Бид хамгийн хэрэгтэй хүмүүсээ устгачихсан. Тэднийг энэ мэтээр гутааж, үгүйсгэсээр байгаад үгүй хийсэн л байхгүй юу. 

-Яахав дээ, сархад, хөлчүүрэл, зугаа цэнгэл, янаг амрагийн явдлыг бүх л цаг үеийн найрагчид бичсэн.

-Тэр классикууд чинь эрдэм боловсролтой хүмүүс байсан байхгүй юу даа. Ли Бай хэн хэн байдаг юм. Хэдэн зуун дамжиж амьдарч байгаа хүмүүс. Боловсролын төвшин өндөртэй, философийн мэдлэгтэй хүмүүс байхгүй юу даа. Хоосон мэдэмхийрэл тэдний бүтээлд байхгүй. Ер нь нэлээн болгоомжтой, хүн төрөлхтөнд асуулт тавьсан, зөв бурууг хайсан, уншигчдад өөрсдөд нь орхисон, тэдний сэтгэлийнх нь утсыг хөндсөн байдаг болохоос биш өөрийнхөө согтуурал, мэдэмхийрэл, хардлага сэрдлэгээ тулгасан яруу найрагт хаа ч байдаггүй байхгүй юу. Чойном бол үргэлж тулгасан, ялархсан, ул суурьгүй хэрүүлийн чанартай. Харааж загнасан, агсамнасан. Яахав, оновчтой хэлц үг маягийн юмнууд бол байдаг л даа. Яруу найраг гэхэд бол хэцүү. Би философийн үүднээс харж байна шүү дээ. Нөгөө талаас манайд шүүмжлэгчид байхгүй болчихсон. Цөөхөн хэдийг нь янз бүрээр хавчсаар байгаад нугалаад, дуу хоолойг нь боогоод хаячихсан. Би бол философич хүн. Нийгмийн шүүмжлэгч хүн. Үүргээ л биелүүлж байна. Манай бүх салбарууд шүүмж судлалгүй болчихоод байна. Бүгд хараалгахаас айдаг. Эр зориг нь устсан. Тэгээд тэдний өмнөөс хэн нэг нь энэ бүхнийг хийх, хэлэх ярих ёстой юм байгаа биз дээ. 

-Уран зохиол танд ямар хамаа байна вэ?

-Тэгвэл тэр уран зохиолын шүүмжлэгчид чинь хаана байгаа юм бэ. Энэ хойч үе чинь энэ холион бантанг яруу найраг гэж ойлгож хүмүүжих юм уу. Жишээ нь, “Гамлет” тавигдахад театрын шүүмжлэгч гарч ирээд шүүмжилж чадахгүй байгаа байхгүй юу. Телевизийнхэн очоод хаалгаар гарч ирж байгаа үзэгчдээс сэтгэгдлийг нь л асууж байгаа юм. Үзэгчид шүүмжлэгч биш шүү дээ. Тэдний амнаас гарч байгаа” сайхан жүжиг байна” гэсэн үг хэмжүүр юм уу. Манай бүх юм ийм байдалтай л явж байна шүү дээ. Тавилт нь ийм байлаа. Жүжигчдийн уран чадвар ийм байлаа. Найруулга нь ийм байлаа гэдгийг театрын шүүмжлэгч л хэлэх ёстой. Гэтэл тэд хаа байна вэ. 

- Аливаа шүүмж судлал бол нөгөө талаасаа эр зориг дээр тогтож байдаг зүйл. Гэтэл мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө тухайн шүүмжлэгч хараалгуулдаг, хавчигддаг. Тэгээд аажимдаа мохдог. 
-Шүүмж гэдэг бол эсэргүүцэл, буруутгал, хар ярианы хэлээр бол доошоо хийж байгаа зүйл биш шүү дээ. Тэр хүмүүс мэргэжлийн ажлаа л хийж байна. Түүнийхээ төлөө хараалгуулж, доромжлуулж явна гэдэг бол гунигтай л тавилан. Жинхэнэ шүүмжлэгч, судлаач хүн бол цаг үеийнхээ ийм бурангуй зүйлд нугардаггүй л байх ёстой. Уран бүтээлийн чанарт л үнэлгээ дүгнэлт өгдөг ажил. Тэр ажлыг хийх ёстой. Үүрэг нь. Манайхан нэг нэгнийхээ үндсэн ажлыг ерөөсөө хийлгэдэггүй. Энэ харалган зан байдлаас нь болоод тэр хүмүүс замхарч алга болдог. Уг нь соёлтой нийгэмд тэгдэггүй. 

-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг хатуу зөөлний тэмдгээр хөөцөлдсөн нөхдүүд байсан. Монгол хэлний хөгжилд гай түйтгэр бологсод гэж та хэлсэн юм уу?

-Ер нь хатуу, зөөлний тэмдэг, эгшиг гээх эсэх мэтийн асуудлуудаар л хөөцөлдөж байна шүү дээ. Гэтэл энэ зуун чинь асар их мэдээлэл, мэдлэгийн зуун. Шинэ мэдлэг, шинэ хөгжил гэдэг юм чинь далайн түрлэг шиг л орж ирлээ шүү дээ. Энэ их хүн төрөлхтний мэдлэг нэгэн зэрэг цутгаад орж ирлээ шүү дээ. Үүнийг чинь угтаад, хүлээж аваад, орчуулаад буулгахад монгол хэл өнөөдөр чадахгүй байна шүү дээ. Монгол хэлний чадвар хүрэхгүй байна, үнэндээ. Монгол хэлний үг цөөхөн байна. Үгсийн сан нь баялаг биш байна. Тэнр болгоныг бид орчуулж чадахгүй байна. Одоо жишээ нь, та бид хоёрын ууж байгаа энэ кофег бид эх хэл дээрээ орчуулж чадахгүй байна. Тэгэхээр бидэнд эх хэлний сангаа шинэчлэх, орчин үежүүлэх, үгийн сангаа тэлэх шаардлага тулгарч байна. Гадаад үгнүүдийг монгол хэлэндээ уусгаж, хувиргаж, хүлээн зөвшөөрч үгийн аймагтаа шингээж чадахгүй байна.Одоо жишээ нь, кофег кофэ гээд л хувиргаад авчих хэрэгтэй шүү дээ. Радиог араажав гэдэг шиг. Араажав гээд л оруулаад ирэх ёстой ш дээ. Тэгтэл ямар ч утгагүй “хүлээн авагч” ч гэх шиг. Энэ одоо ямар авцалдаатай үг вэ. Эмнэлэг ч хүлээн аваад л, бүгд л хүлээн аваад л. Юун яасан “хүлээн авагч” араажав л гээд явчихна биз дээ. Театрыг чаатар гэдэг ч  юм уу. Болно ш дээ. Гадаад үгийг гадаадаар нь эх хэлэн дээрээ чихээд л. Тэгсээр байгаад үндсэн хэлээ юу ч биш болгочихлоо ш дээ. Энэ нөхдүүд чинь монгол хэлээ аварна биш бүр алсан байна шүү дээ. Тэр утгаар нь л би хэлсэн юм. Монгол хэлний өсч хөгжих тэр боломжуудыг хаачихсан байна шүү дээ, тэд. Хий худлаа манай монгол хэл бол утга яруу сайхан хэл гэж магтаад л. Мэдээж бидэнд төрөхөөс эхлээд авсан хэл маань юм чинь дотно сайхан. Бүх улс үндэстэнд л хэл нь тийм байдаг байх. Гэхдээ бүр хөгжүүлэх ч үгүй, баяжуулах ч үгүй байж болохгүй биз дээ. Тэр хүмүүс манай эх хэлний эцэг биш шүү дээ. Өмчлөгч бүр биш. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нар тэгж хэлсээн гээд л энэ хэлээ дарж хэвтчихээд ямар ч өөрчлөлт хийлгэхгүй байгаа байхгүй юу. Я.Цэдэв тэгсээн. Цэдэвийн зааснаар л явна шүү гээд л. Шүүмжлэхээр та тэр агуу хүмүүсийг ингэлээ тэглээ гээд байдаг. Шүүмжлэлгүй яах юм. Хэдий болтол Р.Чойном гэж явах юм. Чойномын сүүдрээс гараад шинэ шинэ яруу найрагчдыг төрүүлмээр байна шүү дээ. Яагаад бид үр хойчоо ийм нэг сүүдрээр боох ёстой юм. Энэ залуучууд тэр нобель руу зүглэг л дээ. Оролдлогуудаа хийг. Монгол хэлний шинэ шинэ номууд, онолууд бичээч. Аль хэзээний Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен бэ. Тэдний хийсэн зүйлс одоо хоцрогдчихлоо шүү дээ. Тэр хүмүүсийнхээ музьег байгуул. Хөшөөг нь барь. Тэгээд л үлдээ л дээ. Хойч үе нь аан, ийм хүмүүс байсан юм байна. Тухайн цаг үедээ ийм ийм үзэл баримтлал нэвтрүүлж байсан юм байна гээд л явах ёстой биз дээ. Тэгтэл бид буцаагаад музьегээс нь гаргаж ирээд, тоос шороотой хамт энэ цаг үед хутгаад байна. Бүр амьдралдаа буцааж оруулах гээд. Уг нь тэр хүмүүс чинь өнгөрсөн үеийн хүмүүс байхгүй юу. Одоо тэгсэн чинь Р.Чойном бид нарын урдаа барих туг гэж байна шүү дээ. Энэ чинь юу болж байна вэ. Ингэж бид хуучиндаа, өнөөдөр бидэнд хэрэг болохгүй зүйлсдээ хорогдоно гэдэг чинь буруу шүү дээ. Энэ бол эндүүрэл. Сохор байна гэсэн үг. 

-Таны хүндэтгэдэг ямар яруу найрагч байна. 
-Хүн болгон хүүхэд ахуй, идэр залуу насандаа яруу найрагт дурлаж, таашааж, уншиж явдаг. Надад ч тийм үеүд байсан.  Жишээ нь, Назим Хикмет. Назим Хикметийг унших сайхан л байдаг байсан, тэр үед. Уншаад оюуны таашаал авдаг байсан. Аймаар шүү дээ. Мэдээж Шекспир байна. Шекспирийн сонётууд маш гоё. Би ямар юу ч уншаагүй, мэдэрдэггүй зэрлэг биш шүү дээ. Дэлхий ертөнцөөр явчихсан, юм үзэж, нүд тайлсан хүн. Англи хэл дээр уншина. Герман хэл дээр уншина. 1995 нд яруу найргаар нобель авсан шүү дээ.  Исландын яруу найрагч Seamus Heaney гэж. Тэрний шүлгүүд ямар гоё вэ. Гудамжны нэг тийм жижигхэн бүрхүүрт гэрэлнүүд байдаг даа. Тэрийг жишээ нь, нохойн хошуутай зүйрлэж дүрсэлсэн байдаг. Мэдээж агуулга нь гэрэл гэгээний тухай. Зүгээр л харагдаж байгаа биз дээ. Ишин дээрээ тонгойсон нохойн хошуу шиг гэрэлнүүд. Зүгээр дүрслэл нь гэхэд зурагтайгаа байгаа биз дээ. Ийм юм уншаад сэтгэл ямар их хөдөлдөг гэж санана. Яахав, Чойномын хар ярианы хэлээр хэлсэн шүлгүүдийг сонирхдог хүмүүс байсан байх. Гэхдээ Д.Нацагдорж, Б.Явуухулангийн өндөр дээд яруу найргуудын хажуугаар юу л бол. Хүмүүс тэр гайхамшигтай яруу найргаар оюун санаагаа баясгаад явж байсан чинь хажуугаар нь нэг нөхөр замбараагүй хэлээр, замбараагүй юм бичээд хашгираад байхаар сонирхож гайхацгаасан байх. Чойномд би яагаад дургүй хүрээд байдаг вэ гэхээр хэр хэмжээгээ мэдэхгүй тухайн үеийнхээ сэхээтнүүдтэй өрсөлдөөд, дийлэхгүй болохоороо харааж зүхэж доромжилж бичиж гарч ирсэн байхгүй юу даа. Энэ нь нийгэмд эргээд ямар их балаг тарьсан гэж санана. Одоо ч сүнс нь шигдчихээд сэхээтэн хүний идеал харагдах бараагүй нийгэм болгочихсон байж байна. Энэ юутай харуусал вэ. Энэ муу сэхээтэн, энэ муу сэхээтний үр үндэс гээд бараг хараал шиг сонсогддог болчихсон. Ингэж болдог юм уу. Сэхээтэн гэдэг сүр хүч алга болонгуут хүн болгон роман гэхэд биш, яруу найраг гэхэд биш, түүх гэхэд биш ном бичээд л, хүүхэд болгон Чингис хааны тухай юу нь үл мэдэгдэх ном бичээд л. Ном гэдэг ойлголтыг, ном гэдэг соёлыг үгүй хийж байна. Юу ч гэж солиорсон яадаг юм. Би өөрийнхөөрөө юу гэж ч бичсэн яадаг юм гэсэн аймаар ичмээр буруу соёл тогтчихож байгаа байхгүй юу. Зүгээр нэг хорин хэдтэй хүүхэд Чингисийн бага нас гээд түүхийн ном биччихэж байна шүү дээ. Нэг жоохон охин Чингис хааны түүхээр гурав дөрвөн боть ном биччихсэн байна лээ. Чингисийн халил, Чингисийн гэгээрэл гээд нэрнүүд өгөөд ингээд гаргачихаж байна. Роман юм уу, түүх юм уу бүү мэд. Тэр охины толгойд л эргэлдсэн юмнууд ингээд гарчихаж байгаа байхгүй юу. 

-Та саяхан телевизийн нэг сувгаар “Энэ Баабар бол нийгэмд маш их балаг тарьсан хүн. Одоо тэрийгээ цайруулах гэж баахан номын ажил хийж байна” гэж шүүмжилж байсан. Яагаад тэгж хэлсэн бэ?
-Хүн өөрөө ил хэлэхгүй ч гэсэн дотроо гэмшил тээдэг шүү дээ. Би ном мэдэхгүй, юм сайн сураагүй байж хэтэрхий их мэдэмхийрч, дутуу гуцуу сураг, хагас мэдлэгээр хамаа намаагүй ярьж нийгэмд тодорхой хэмжээнд балаг тарьсан байна. Худлаа зүйл би их ярьсан байна гэсэн тийм эргэцүүлэл, шаналал явж байгаа байх. Тэгээд одоо мань хүн яаж байна гэхээр “Баабар бол  номын хүн” гэдэг нэртэйгээр төгсгөл болох гэж байна шүү дээ. Дараагийн үе Баабарыг номын хүн, соён гэгээрүүлэгч гэж дурсаж явах нь байна ш дээ. Ийм нэр лүү энэ хүн чинь одоо явж байнаа даа. Яагаад гэвэл энэ хүн уг нь үндсэн юмаа хийх ёстой байсан. Тэр ардчилсан нийгмээ гүйцээж цогцлоогоод, тэр ардчиллын хүрээлэнгээ байгуулаад, товчхондоо эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой байсан байхгүй юу. Одоо энэ эрх барих гээд хөглөөд баллаад байгаа нөхдүүддээ улс төрийн зөвлөгөө өгөөд явах ёстой биз дээ. Одоо хамгийн хэрэгтэй үе нь байна шүү дээ. Эд нар ардчиллалаа байгуулсан уу. Анх ерэн онд талбай дээр гарч ирсэн тэр зорилгодоо хүрсэн үү. Хүрээгүй бол энийгээ одоо гүйцээгээч. Эхлүүлсэн юмаа дуусгах хэрэгтэй биз дээ. Яагаад одоо нөгөө хэдийгээ балчигт нь орхиод өөрөө сугараад аятай, алдартай төгсгөл хайгаад явчихаж байгаа юм бэ. 

-Таны “100 ухаарал” номыг уншсан. Их өөр, ямар ч бухимдалгүй, шүүмжлэлгүй Молор-Эрдэнийн ажлыг үзэх сонин л байсан. 
-Би гэдэг хүн чинь энэ нийгэмд бас хэрэгтэй зүйл л хийх гэж зүтгэж байна шүү дээ. Энэ замбараагүй, энэ хүмүүжилгүй, энэ гоо зүйгүй нийгэмд гэрэл гэгээ өгөх юм хийх ёстой. Энэ улс оронд бид чинь буцааж өгөх юм ихтэй хүмүүс шүү дээ. Би бас социализмын үеийн хүүхэд. Энэ улс намайг сургаж боловсрол эзэмшүүлсэн. Тэгэхээр авсан зүйлээ буцааж өгөлгүй яахав. 

-Би тантай гурав дахь удаагаа ярилцаж байна. Өмнө нь асуугаагүй үлдсэн зүйл байна. Та Германы Дрезден хотын Техникийн Их Сургуулийг дулааны конструктор инженео мэргэжлээр төгссөн юм билээ. Тэгээд ирээд ХАА-н Барилгын зургийн институтэд ажилласан. Дараа нь ШУА-ын Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд, физик технологийн хүрээлэнд ажиллаж байжээ. Тэгээд эргэж төрд ерөөсөө ажиллаагүй. Яагаад?
-Үнэхээр сайхан үе байсан. Дандаа улс орны технологийн хөгжилтэй холбоотой ажлууд хийж байсан. Хөдөө аж ахуйн бүх техник, тоног төхөөрөмжүүдийг бид зураглаж, төсөвлөж, тэр нь ЗХУ-аас, европын орнуудаас захиалгаар ирж, түүнийг нь орон нутагт аваачиж суурилуулдаг байсан. Жишээ нь, хөдөө орон нутгуудад том том махны зооринууд, том том сүү цөцгийн үйлдвэрүүд гээд бүгд сууриа тавьж байсан. Ер нь ерээд оны өмнөх тэр он жилүүдэд монгол оронд хөгжлийн асар том стратеги тактикийн бодлогууд явж байсан юм шүү дээ. Сум болгонд сүү тосны цехүүд барихаар төлөвлөчихсөн байсан. Махны зоориуд маш ихээр барьж байсан. Модны цехүүд барьж байсан. Гэрийн мод, тавилгаа хийж байсан. Гахай, тахианы фермүүдийг маш их барьж байсан. Сүүний чиглэлийн үнээний фермүүд их барьж байлаа. Би чинь мөсөн зоорины технологи дээр ажиллаж байлаа. Монгол улсын 320 суманд мөсөн зоорь барихаар тухайн үед Төлөвлөгөөний комиссоор батлуулаад ажилдаа орж байлаа. Хөдөө сумдаар явж төслөө танилцуулаад явж байгаад Улаанбаатарт ороод ирсэн чинь Сүхбаатарын талбай дээр янз бүрийн юм болж байна гээд. Тэр үед чинь би ажилтай, завгүй явж байсан залуу юм чинь нэг их тоогоогүй. Юу болж байгаа юм гэсэн ардчилал болж байгаа юм гэсэн. Ер нь бол ажил алба байхгүй, тухайн нийгэмдээ тоогдоогүй, орон гэр, байр савгүй, байр сууриа олоогүй нөхдүүд л бөөнөөрөө талбай дээр гарсан шүү дээ. Үнэндээ. Ихэнх нь л тийм нөхдүүд байсан. Нэг тийм хулигаандуу юмнууд л гол хөдөлгөгч хүч нь байсан. Дотор нь сайн хүмүүс байсан байх л даа. Гэхдээ дийлэнх нь тиймэрхүү л нөхдүүд байсан. Ингээд л улс орны явж байсан бүх ажил зогсоод, бүх төлөвлөгөө нурсан. Бүх үйлдвэрүүд байхгүй болсон. Конструктор инженерт хийх ажил ч гарсангүй. Дулааны цахилгаан станц ч барьсангүй. Намайг уг нь улс энэ мэргэжлээр сургасан юм. Гэтэл дулааны станц нэгийг ч энэ хооронд барьсангүй. Нөгөө сум болгонд барих гэж байсан мөсөн зоорь ч байхгүй. Одоо мөсөн зоорь баръя гэхэд бүгд л миний араас хуйлрах байх л даа. Ямар хэрэгтэй Молор-Эрдэнэ вэ л гээд гүйнэ ш дээ. Яагаад гэвэл тэдэнд бүгдээрэнд нь одоо мөсөн зоорь хэрэгтэй байгаа байхгүй юу. Энэ сумууд чинь одоо сөнөж байна. Сумд маань амьдралгүй болж байна. Нөгөө үнээний фермүүд яасан. Тэр үед бид чинь сум дундын гаражуудын зураг төслийг хүртэл хийж байлаа. Энэ улс орны бүх юмыг хийж байсан. Би барилгын зургийн иститутэд үнэхээр их юм сурсан. Гадаад оронд сурч боловсроод ирчихсэн. Улс орондоо хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн. Гэвч энэ бүхнийг нурааж хаясан. Тэр үед би нэг тийм сүнсгүй болчихсон. Олон залуус тийм болсон. За, за энэ улс орон намайг ашиглахгүй юм байна. Би хэрэггүй юм байна гээд л Герман явж байгаа байхгүй юу. Тэгээд л би чинь философич болж байгаа юм. Сурлаа, судаллаа. Энэ нөхдүүдийн зөвхөн гаднаас нь хуулж авч байгаа юмны цаад үнэнийг тэгвэл олж мэдэе гээд л явсан. Суралцаад, тэнд нь хамгаалаад хүрээд иртэл бүр дампууруулчихсан байж байсан. Бүр долоон дордчихсон, хүмүүс нь зэрлэгшээд бүр аймшиг болгоод хаячихсан байсан. Нөгөө сайхан үеийн сайхан хүмүүс бүгд алга болчихсон байсан. Ихэнх сорууд нь бүгд өвгөнтийн хөндийд очоод үхчихсэн. Би хэрвээ эргэж Герман яваагүй бол өвгөнтийн хөндийд архи ууж байгаад л үхэх байсан байх. Яагаад гэвэл миний сурч ирсэн тэр мэдлэг боловсрол үнэгүй болоод,  хийж явсан ажлууд нураад ингэчихээр тэрийг дааж гарах маш хэцүү шүү дээ. Олон хүн дааж гарч чадаагүй. Ер нь социализм бол монгол хүний хувьд бол үүлэн чөлөөний нар байсан л даа. Ганцхан л удаа бидэнд нэг тийм сайхан үе заяасан юм. Монгол хүний заяа бас их л дээ. Социализм гэхээр одоо баахан өвчигнөдөг. Тэр чинь нэр нь л социализм болохоос философийн онол шүү дээ. Тэр онол дээр нийгмийн байгууламж бий болгохыг л хэлж байгаа юм. Ер нь социализм гэдгээ монголчууд мэдэхгүй шүү дээ. Бид бол яг социализмыг байгуулж чадаагүй. Ардчиллаа ч чадсангүй. Ардчилал ч гэсэн философийн нэг онол шүү дээ. 

-Та бид хоёр МАН, АН хоёр хамтраад төр барьж байхад ярилцаж байсан. Одоо АН арай олон суудал авч гарч ирээд МАХН-ын хэсэг нөхдүүдтэй нийлээд засаг байгуулаад явж байна л даа. Байдал дээрдэв үү?

-Юу ч дээрдсэнгүй. Одоо монголчуудад нэг асуулт гараад ирлээ. Бидэнд ер нь Төр байна уу гэсэн. Төр хаачив. Лав л бидэнд үйлчилдэг Төр алга. Хаана байгаа юм бүү мэд. Төртэй гэж хэлэхэд маш хэцүү болчихлоо. Ахиад л орилж хашгираад над руу дайрах байх л даа. Монгол оронд өнөөдөр Төр байна уу гэдэг асар том асуулт надад жишээ нь бий болчихоод байгаа байхгүй юу. 

-Арай илүү л гэж найдаж ард түмэн саналаа өгсөн. Гэвч тэр арай илүү маань хаана байна вэ?
-Хариулах боломжгүй болчихсон. Аливаа нэг ард түмэн үнэхээр ухаардаг бол тэр нь одоо л ирж байна. Социализм бол монгол хүнд хэтэрхий ахадсан зүйл байсан. Богинохон хугацаанд тэр мэдлэг боловсролыг авахад маш хэцүү байсан. Хөөрхий хөдөөнөөс орж ирсэн сүрэг чадлаараа л тэмүүлсэн. Ёстой заяанаасаа жаахан овсгоотой тулдаа л тодорхой хэсэг нь сурч боловсорч чадсан. Бидэнд тийм аймаар оюуны түүх байхгүй шүү дээ. Феодализмаас л орж ирсэн. Яг феодализм ч яг байгаагүй ш дээ. Яагаад гэвэл феодализм чинь өөрөө гар үйлдвэр хөгжчихсөн, фабрик хөгжчихсөн, өөртөө таарсан зах зээлийн суурьтай нийгэм байхгүй юу. Бидэнд гар үйлдвэр ч байгаагүй, фабрик ч байгаагүй. 

-Яг өнөөдөр хөрөнгө оруулагчид дайжчихсан, засаг нь мөнгө олж чадахгүй, мөнгө олох үндсэн үүргээ хаячихаад буруугаа хандсан зүг болгон руугаа чихээд сууж байна. Ийм нөхцөлд яах ёстой вэ?
-Хөрөнгө оруулагчид бүгд зугтчихсан. Одоо ирээч гэж хий дуудаад яах юм бэ. Хөрөнгө оруулагчид гэдэг чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, бүх юм нь задаг замбараагаа алдчихсан, туйлын найдваргүй, барьцгүй, хууран мэхлэгч ийм нөхдүүдтэй хөрөнгө оруулагчид яаж ярих юм. Ямар хэлээр ярих юм. Бүх юм учир утгагүй, бүх юм нууц, бүх юм нь гэнэтийн ийм аюултай орноос зугтана шүү дээ. Бүх юм хуйвалдаанаар, бүх юм ерөхийдөө л нэг худлаа явж байна шүү дээ. Нэг тийм осолтой. Яг бага насны хүүхдүүд шиг. Хүний үг сонсдоггүй. Хүүхдүүд нэг анги дотроо хашгииралдаад л үймүүлээд л хөл толгойгүй юм болж байдаг даа. Тэгээд л багш нь ороод ирэхээр нэг юм ухаан ороод л ширээ ширээ рүүгээ гүйж очоод сууцгаадаг. Манай төр яг ийм байгаа байхгүй юу. Дуугүй суу, юу болж байгаа юм гэх тийм хүн ч байхгүй. Яг ийм байдалтай. Өөр хэлэх зүйрлэх юм байхгүй байна л даа. Одоо хөрөнгө оруулагчдыг эргэж татахад бид насанд хүрэх л ёстй л доо. Ухамсартай болох ёстой. Хүмүүжилтэй болох ёстой. Оюуны чадавхитай болох ёстой. Өөрөө өөрийнхөө эзэн болох ёстой. Хөрөнгө оруулагч нар ямар хүмүүстэй уулздаг вэ гэхээр мөнгөтэй хүмүүстэй уулзахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагч нар найдвартай хүмүүстэй л уулзана. Итгэж болох хүмүүстэй л уулзана. Эд нарт чинь итгэхгүй байна шүү дээ. Итгэлцэл үүсэхгүй байна. Бид нар хүний итгэл хүлээж сурахгүй байна шүү дээ. Итгэл гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд тэр нөхдүүд чинь яваад өгч байна шүү дээ. Монгол хүнд итгэж болохгүй. Хэлсэн үг нь үг биш. Тамга дарсан тушаал нь ч тушаал биш. Гаргасан хууль нь ч хууль биш. Дүрм журм нь биш. Гэрээ нь ч гэрээ биш. Яаж ч мэднэ, наадуул чинь. Ийм имижийг энэ нөхдүүд сайхан бүрдүүлж өглөө. Монгол гэхээр зальтай, хоосон, чадалгүй, худлаа хүмүүс болчихлоо. Мэдэхгүй байж худлаа мэдэмхийрдэг. Чадахгүй байж чадна гэдэг. Хамгийн осолтой ийм л нөхдүүд гээд зурчихлаа. Ерөөсөө нэгдүгээр ангийн хүүхэд 10 дугаар ангид орж ирээд суучихаад байна. Хүүшээ, энэ чинь 10 анги шүү дээ. Чи нэгдүгээр анги. Явж хичээлдээ суу, өөрийнхөө ангид оч гэхээр үгүй би 10 анги. Яагаад гэвэл надад энэ гэрчилгээ байна гээд дайраад байдаг. Үгүй ээ, 10 ангид суухын тулд чи ийм ийм хичээл үзсэн мэдсэн байх ёстой, ийм ийм программуудыг судалсан байх ёстой гээд тайлбарлахаар, чи 10 анги байхад би яагаад болдоггүй юм. Би 10 ангид сууна гээд дайраад байгаатай агаар нэгэн ёс журамгүй амьдрал ноёрхож байна. Би 10 анги юм чинь нэгдүгээр ангийн хүүхэдтэй юм ярих гэхээр болохгүй. Урдаас учиргүй уурлаад дайраад байдаг. Чи жоохон хүүхэд шүү дээ. Чи юм мэдэхгүй байна. Тийм учраас чи тэр ангидаа очиж сур гэхээр “Намайг та дандаа юм мэдэхгүй, чадахгүй гэдэг. Би яачихсан юм” гээд уурлаад байдаг. Ийм л байна шүү дээ. Тэгээд яах юм, нөгөө хүүхдүүд чинь долоо наймуулаа нийлээд над руу чулуу нүүлгэчихээр би яах юм. Нүүрээ дараад доошоо сууна биз дээ. Нүд амаа сохлулалтай биш. Миний дүү нар битгий гэж хэлж болохгүй. Бүр толгой тархи хага цохичих нь. Зүгээр нүүрээ дараад л сууна. Нэг ийм сонин байдал үүсчихээд байна шүү дээ. Зүгээр зураглаж ярихад. Эх захгүй, баахан онгироо пацаанууд. Бүгдээрээ чулуу халаасалчихсан. Нүүлгэхэд бэлэн. Хэн рүү ч шүү. Энэ бол аймшигтай зэрлэгшил шүү дээ. Одоо тэр твиттер энэ тэрийг хар. Дүүрэн байгаа биз дээ. 

-Ерөнхийлөгч хэлэхдээ ёс суртахууны цагдаа гэсэн.
-Юуны чинь ёс суртахууны цагдаа вэ. Ёс суртахууныг уландаа гишгэж байгаа л газар.  Хамгийн ёс суртахуунгүй юм энэ цахим ертөнцөд явагдаж байна шүү дээ. Зүв зүгээр ажлаа хийж яваа, зүв зүгээр монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо чилээж яваа улсуудыг олуулаа нийлж доромжилж, дуугүй болгож, шантрааж, дахиж тэр орон зайд орж ирэхгүй болтол чулуугаар нүдэж байна шүү дээ. Нүд амыг нь сохлоод хаячихаж байна. Facebook бас аймаар. 

- Facebook аймаар уу?

-Аймаар. Бас бөөн доромжлол явагддаг. Бүр хүн рүү шууд ханддаг. Тэнд хэрэглэж байгаа үгнүүд нь ямар гээч. Чамд салаавч өгье. Муу п...минь гээд л. Дандаа гудамны хараал. Ер нь гадныхан монголын моралийг мэдье гэвэл цахим руу нь ороод үз. Тэнд нэг нэгнээ яаж бүүрэлхэж байна. Яаж сэтгэлээр нь алж дэвсэлж байна. Бүгд толинд туссан сүүдэр шиг харагдана. Тэгээд л гадаадынхан нүүр амаа дараад  л зугтана. Ямар аймаар юм бэ л гэнэ. 

-Та твиттерт нэг ч хүн дагадаггүй юм билээ.
-Тийм. Эрүүл саруул уханаар мэдлэг солилцдог бол болж байна. Гэтэл тийм бололцоо байдаггүй. Тэгэхээр тэнд цагаа үрж яах юм бэ. Юун ёс суртахууны цагдаа вэ. Хамгийн ёс суртахуунгүй газар хоёулаа уулзалдах уу гэвэл твиттерт л уулзалдах байх. Тэр сайдууд энэ тэр нь орж ирээд л хараал ерөөл болоод л. Би гайхдаг. Өөрийн удирддаг салбараа муулаад л. Зарим нь маазраад л. Төрийн хүмүүсийг үнэхээр гайхдаг. Ойлгох арга байдаггүй. Тэртээ тэргүй сайдуудад яам гэж ажлын алба нь байна шүү дээ. Тэрүүгээрээ дамжуулж ажил төрлөө явуул л даа. Иргэдтэйгээ харьц л даа. 

-Улс төрийн орчинд нь ажиллаж үзье гэж та бас оролдсон. Одоо Ц.Шинэбаяр та хоёрыг МАХН-тай эргэж хэлэлцээрт орох гэж байна гэсэн яриа бас гарч байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-МАХН гэх тэр хүмүүстэй уулзаагүй би гурав дөрвөн жил болж байна. Тэр үед л би “Одоо та нар цаашаа хийх ажлаа хий. Би явлаа. Баяртай. Би арай өөр бодолтой, өөр зорилготой хүн юмаа ” гээд явчихсан шүү дээ. Тэгээд л явсан. Би хийх ёстой юмаа хийж өгөөд, өгөх ёстой зөвөлгөөгөө өгөөд тэгээд л явсан. Цаашаа хамт явах бололцоогүй, ерөнхийдөө их тийм мухар сүсэгтэй нөхдүүд байсан л даа. Би өөрөө оюунлаг бус хүнтэй байж чаддаггүй. Тийм хүн байхгүй бол би тэгээд ганцаараа л өөрөө яваад өгдөг. Хамуг Монгол намын хувьд бол та мэдэж байгаа. Бид УИХ-д суудалгүй. Тэгээд бидэнд ямар илүү дутуу лиценз байх биш. Түрээсэлж барьдаг намын байр энэ тэр гэж байх биш. Мөнгөний эх үүсвэр гэж байх биш. Тийм болохоор тус тусын амьдралаа аваад л явж байгаа шүү дээ

-Та өөрийгөө боловсролоор ханасан хүн гэж мэдэгдсэн. Гэтэл таныг “тэнэг”-үүдийн дансанд аль хэдийнэ оруулчихсан шүү дээ. Ухаан солиотой, шизотой гэх мэтээр нэрлэдэг ?
-Ардчилал нэрийн дор сүүлийн хорин хэдэн жил хийсэн гол юм бол мэдлэг боловсролыг үнэгүй болгох, дороо хийж дэвслэх ажил л байсан. Тэр нь зогсоогүй байна. Одоо бүр галзуу солиотой гэх нэр хоч зүүж хэлмэгдүүлэх, зовоон тарчлаах хэлбэр лүү орчихсон. Би тоохгүй. Юу дуртайгаагаа дайраг. Доромжлог. Ер нь бол мухар сүсгийн орон болчихлоо л доо. Тэр дотроос хамгийн их мухар сүсэгжиж байгаа газар Төр. Хөрөнгө оруулагчдыг дуудаж байгаа нь гээд гал тахиж байна шүү дээ. Энэ бол монголын эмгэнэл. Төр өөрөө бүр мухар сүсэгт уриалан дуудаж байна. Хаанаас явуулж байгаа бодлого юм бүү мэд. Сайдууд нь тэнгэртэй яриад л, гал шатаагаад л яваад. Тэр улсуудаа Төр яах гэж байгаа юм. Тэднийгээ л бод. Би яахав. Би эрдэм мэдлэгт суурилсан нийгмийн тухай, хөгжлийн тухай, оюуны хувьсгалын тухай л ярьдаг. Би гал асааж барьж давхидаггүй шүү дээ. Миний ой тойнд тийм мухар сүсгийн сүнс ч байхгүй. Би боловсролтой хүний хувьд өөрийгөө зөв авч явах ёстойгоо мэднэ. Надад ид шид, гал, тэнгэр, ер бусын юмыг хайх хэрэг ч байхгүй. Ямартай ч гал тахиж хөрөнгө оруулагчдыг дуудах тухай миний ойд багтахгүй. Яахав ээ, энэ орон ийм болж байгаа нь шалтгаантай. Энэ улсыг хөгжүүлэх хүсэлгүй, харанхуй бүдүүлэг, мэдлэг чадваргүй байдалд байлгах зорилго, тийм хүсэл хаа нэгтэй байна. Тэр хүмүүсээс даалгавартай хүмүүс нь одоо ажиллаж байна шүү дээ. Асуудал бол надад байхгүй. Асуудал бол гадаа л байгаа биз дээ. Би ажлаа хийгээд л, хичээлээ заагаад, номоо бичээд л явна. Одоо Германд очиж нэг илтгэл тавих гээд ажиллаж байна. Надад дэлхийн хэмжээний боловсролтой хүмүүстэй уулзаж учраад, санаа сэтгэлээ хуваалцаад явж байх сайхан л байдаг юм. 

- “Playboy” сэтгүүлийн cover болсон анхны монгол залуу та болж. Дажгүй зураг авалтууд болсон байна билээ. 
-Дэлхийн хэмжээний сэтгүүл л дээ. Намайг урьсан. Би бас эр хүний хувьд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэх ёстой. Бас монгол эр хүн гэхээрээ л харанхуй бүдүүлэг. Шороотой дээл өмсчихсөн, морь мал болсон, үс толгой нь ширэлдчихсэн нөхдүүд байдаг юм шиг гадны зарим улсууд төсөөлдөг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө талаараа эр хүн гэдэг чинь эсвэл хүүхэн гээд л ухаанаа алдаад гүйчихдэг биш. Аль алиныг нь л чаддаг. Эрдэм боловсролтой бол эрлэм боловсролтой. Зүс царайтай бол зүс царайтай. Бусдын адил олон талтай. Тийм үү. Би ч мөн адил. Тэр олон талуудынхаа нэгээр л гарсан байх. “Playboy”-д дэлхийн олон сэтгэгчид, улстөчид, зохиолчид, урлагийнхан ярилцлага өгдөг. Шууд л секс сэтгүүл гэж хүлээж авч болохгүй ш дээ. Би өөрөө ч буланд шахуулсан, зожиг, хавчигдсан тэр дүр төрхөөсөө гаръя гэж бодсон. 

-Эхнэр тань яаж хүлээж авсан бэ?

-Сайхан л хүлээж авсан. Би чинь бас давгүй царай зүстэй, сайхан нөхөртэй юм байна шүү. Тэрийгээ сэтгүүлээс л харж мэдэрлээ гэх маягаар шоглож хэлж байсан.(инээв) Тэгээд ч тэр чинь муухайгаар гарсан, муу имиж агуулсан зүйл биш шүү дээ. Эр бас заримдаа янз бүр байж болно ш дээ. Хүн мэдээж сэтгэлийн амьтан. Эр хүн бол иж бүрэн л байх ёстой. Надад бүсгүйчүүд бас их сайн ханддаг. Би тэрийг хөөцөлдөж, асуудал болгож явдаггүй болохоос. Надад их урам өгдөг. Дэмжсэн сэтгэгдлүүдээ их ирүүлдэг. Бас гоё ш дээ. Тэгэхээр тэдэнд би хүндэтгэлтэй хандах ёстой биз дээ. Тэд нарт ч бас зориулж тэр сэтгүүлийн урилгыг хүлээж авсан юм. Манай нийгэм нэлэхүйдээ соёлгүй болчихсон. Бүр энгийн жишээн дээр аваад үзэхэд би намайг хайрласан бүх бүсгүйтэй хуримаа хийж, гэрлэж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь ганцхантай нь гэрлэж, хуримаа хийсэн. Тэгэхээр надтай учирч, хорвоог туулаагүй ч гэсэн дотроо намайг хүндэтгэж, дурсаж, хайрлаж явдаг бүсгүйчүүдэд би таатай сэтгэгдэл үлдээх ёстой биз дээ. 

-Гоё сюрприз болсон байх гэж найдаж байна.
-Баярлалаа. Би ч бас тэгж л бодож орсон ш дээ.

Tuesday, 25 March 2014

Нугаршгүй идеал

Санжаадоржийн Молор-Эрдэнэ /Инженер, философийн ухааны доктор/

Амарсанаагийн Амармэнд Багадаа Ганди шиг хүн болохсон гэж хүсдэг байсан тухайгаа та ярьсан байсан. Яагаад
 болсонгүй вэ?

Санжаадоржийн Молор-Эрдэнэ Цаг нь ирэхээр болох байх. Ганди бол гайхамшигтай хүн. Төрийн хүн тийм л байх ёстой. Маш өгөөмөр, өндөр ёс суртахуунтай, материаллаг шуналгүй ийм хүмүүс оршиж байж улс орон хөгжиж, иргэд амгалан тайван амьдарна. Би аливаа нийгмийн харилцаа мөнгө, албан тушаал дээр биш хайран дээр тогтож байх ёстой гэдэгт итгэдэг. Ганди улс гүрэн, нийгэм хайр дээр тогтох боломжтой гэдгийг харуулсан хүн.

А.А. Хайр дээр тогтсон хүний нийгэм байх боломжтой гэж үү? 


С.М. 
Тийм байх ёстой юм. Даанч бидний нийгмийн хууль, ёс суртахууны дүрмүүд бүрэн ажиллаж чадахгүй байгаагаас өнөөгийн байдалд хүрчихээд байна. Хүүхдүүдэд бага байхаас нь аав ээж нар нь тодорхой ёс суртахууны хүмүүжил олгоод, арван жилд орохоор нь бас тийм хичээл ороод, их сургуульд ч ахиад л нөгөө ёс суртахуунаа заадаг, боловсролын систем нь тасралтгүй ёс суртахууны хүмүүжил олгодог бол бүх л хүүхдүүдийн тархинд энэ бүхэн чинь суучихна. Өдөр тутмын мэдээжийн зүйл болно. Гэтэл өнөөдөр гэрт ч, гадаа ч, нийгэмд ч, төрд ч ёс суртахууны талаар юу ч яригдахгүй байна. Хоолтой, хувцастай юу, халаасандаа мөнгөтэй юу л гэж байна. Бидний өдөр тутмын амьдрал зөвхөн материаллаг зүйлс дээр суурилчихаад байна. 

А.А. Хүмүүжүүлэх гэдэг нэг хэрэг. Гэтэл үнэхээр хүн гэдэг амьтны мөн чанарт тийм гэгээн сайхан зүйл байдаг болов уу? 


С.М. Байгаа юм. Ж.Ж.Руссо “Хүн бол уг нь сайн. Гэтэл энэ нийгмийн буруу дүрмүүд хүнийг эвдээд хаячихдаг” гэж хэлсэн байдаг. Нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ л за энэ чинь бүтэхгүй юм байна, ингэхгүй л бол арчуулах юм байна гээд буруу тийшээ чиглээд эхэлдэг.

А.А. Гэтэл хүний туулсан бүхий л үеийг харах юм бол дайн байлдаан, хүчирхийлэл, шударга бус байдлаар дүүрэн. Хүний түүхэнд хайр дээр тогтсон тийм нийгэм байгаагүй шүү дээ.


С.М. Хэрвээ хайр гэж огт байгаагүйсэн бол энэ дэлхий өдий болтол оршихгүй байсан. Хаа нэг газар хайр байсан учраас, түүнийг хэн нэгэн хамгаалсан учраас хүн төрөлхтөн эдүгээ хүртэл оршиж байна. Мэдээж хүний нийгэмд муу муухай, худал хуурмаг бий. Гэхдээ тэд бол хөлгүй. Үнэн хэзээд ялна. Үүнд эргэлзэх юмгүй.

Боловсрол гэдэг зүйл хүн төрөлхтний мэдээжийн зүйл, нийтийн хүртээл болж чадахгүй л байна. Хэрвээ ингэж чадвал бидний дэлхий ертөнц одоо байгаагаасаа хэдэн хувь илүү байх байсан. Хүмүүс боловсролгүйгээс болоод л буруу юманд үнэмшээд, буруу хүмүүсийг дагаад, буруу улс төрийг дэмжээд, буруу шашин, мухар сүсэгт итгээд, энэ нь нийгэмд эргээд хор болоод байна.

А.А. Тэгвэл хүний амьдралын утга учир юу юм бэ? 


С.М. Бид нэг их том утга учир ярих хэрэггүй. Энэ асуулт өөрөө их утгагүй. Яагаад гэвэл дэлхий, нар сар, огторгуйн тогтолцоо тохиолдлын зүйл. Хүн өнөөдрийн хүн болсон үүсэл хөгжил ч тохиолдлынх. Энэ дэлхий дээр хүн болж төрөх ч тохиолдлын зүйл. Энэ тохиолдлын амьтан дэлхий дээр хэдэн сая жил амьдраад тохиолдлоор устаж, үгүй болно. Зургаан сая жилийн дараа нар нэг том бөмбөлөг болоод эргэж бутарна гэдэг шиг санаж байна. Дэлхий устана. Энэ зургаан сая жилийн хажууд бидний жар далан нас нэг эгшин. Тэгвэл бид энэ эгшиний амьдралаас нэг их том утга учир хайгаад хэрэггүй. Зүгээр л хүнд муу юм хийлгүй, үзье гэснээ үзээд, амтлая гэснээ амтлаад цааш нь үр хүүхэд үлдээх бол үлдээгээд болоо.

А.А. Тэгвэл та өнөөдөр юуны төлөө тэмцээд байгаа юм бэ? Ингэх хэрэг байна уу? 


С.М. Яахав, миний амьдралын жар далан жилээс одоо надад дахиад хорь гуч нь үлдсэн ч би энэ хугацаандаа аятайхан амьдармаар байна. Цэвэр агаар амьсгалаад, тунгалаг горхины ус ууж байгаад дуусмаар байна. Надад бага ч гэсэн хүсэл мөрөөдөл байна. Үүнийхээ төлөө би юм хийх ёстой биз дээ. Нэгэнт би энэ Улаанбаатар хотод алхаж, амьдарч байна. Энэ хотоос хүртэж амьдарч байна. Би эндээс нэгэнт ямар нэгэн зүйл авсан болохоор буцаагаад өгөх ёстой. Авсантайгаа тэнцүү өгч байж шударга ёс болно. Би шударга амьдармаар байна.

А.А. Үхэхсэн гэж хүсч байв уу? 


С.М. Гуч гарсан насандаа боддог байсан. Ардчилсан хувьсгалаас болсон л доо. Аливаа нийгэмд улс төр, нийгмийн өөрчлөлт явагдах үед өчигдрийн үнэн өнөөдөр худал болж, өчигдрийн худал өнөөдөр үнэн болдог. Яг л энэ жишгээр социализмын үед жигшиж явсан бүхэн ардчиллын үед сайшаагдаж, социализмд үнэн гэж итгэж байсан бүхэн буруу, муухай болсон. Энэ үед миний зорилго үгүй болж, хийж байсан бүхэн үнэгүй болж, үүнээсээ болоод ёс суртахууны гүн зөрчилд орж, юм бүхэн утгагүй санагдаж, амьд явах ямар хэрэг байгаа юм бэ гэж бодож байсан.

А.А. Тэгвэл энэ үеийг хэрхэн давж туулав?


С.М. Философи л намайг аварсан. Г.В.Ф.Хегель, И.Кант гээд том том философичдын номыг уншиж, тэндээс амьдрах эрч хүч авсан.

А.А. Балчир Тэмүүжин хаан ширээний төлөө эцэг нэгт ахыгаа хөнөөдөг. Ер нь улстөрч байхын тулд хог шаар байх хэрэг гардаг юм шиг. 


С.М. Тийм. Улс төр нэг их сайхан зүйл биш. Улс төр гэдэг хүнд маш их эрх мэдэл, амьдрах боломж авчирдаг болохоор энэ бүхнээс хүртэх гэсэн маш их сонирхол, эрх ашгийн төлөөх тэмцэл тэнд байдаг. Үүнд чи өөрийн эрхгүй орно. Гэхдээ энэ бүхнийг чи хажуугаас нь хараад зүгээр сууж болохгүй. Улс төрийг зөв хийж чадвал нийгэмд, ард түмэнд их хэрэгтэй. Аливаа улс түмэнд улс төр заавал хэрэгтэй. Өнөөдөр улс төрийг, улстөрчдийг харааж зүхдэг тийм үе Монголд оршиж байна. Би ойрын хэдэн жилдээ ард түмэн улс төр чинь бас ч гэж сайн зүйл юм, хэрэгтэй юм байна гэж үнэлдэг цаг ирээсэй гэж хүсч байна. Үүний төлөө хүч хөдөлмөрөө зарцуулна. Монголд шинэ улс төр бий болох ёстой.

А.А. Миний ухамсарт амьдрал социализмын үед өнгөрөөгүй ч тэр үед хүмүүст ариун нандин чанар өнөөдрийнхөөс илүү байсан юм болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр бидэнд мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй юм гэж алга. Та аль алинд нь амьдарч байсны хувьд энэ талаар юу гэж хэлэх вэ?


С.М. Социализм өөрөө эв хамтын нийгэм учраас тэнд ажиллаж амьдрахад их амар. Тийм болохоор ази, тэр дундаа монгол хүмүүст илүү нийцтэй. Харин энэ либерал нийгэм чинь америк шиг янз бүрийн үндэстнүүд очоод цуглачихсан орнуудад их таардаг. Тэнд бол тэртэй тэргүй итали хүн итали амьдралаараа, хятад хүн хятад амьдралаараа, ирланд хүн ирланд амьдралаараа амьдраад хувиа бодоод явчихдаг. Бид бол нэг их шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх яриад байх хэрэг байхгүй. Яагаад гэвэл энэ бүхэн чинь тэртэй тэргүй социализмын үед хангалттай байсан. Бүгдээрээ адилхан эмнэлэгт үзүүлнэ, адилхан сургуульд сурна. Гэтэл өнөөдөр бүх зүйл мөнгөөр шийдэгддэг болчихоор хүмүүс эрх чөлөөгүй болж байна. Шударга биш болж байна. Тэгш эрх бүүр байхгүй болсон. Дээдэс, доодос, эмзэг бүлэг, баячууд гэсэн ойлголт 90 оноос л эхтэй шүү дээ.

Жишээ нь, өнөөдөр хувийн сургуулиуд бий болчихож. Гэтэл боловсрол гэдэг нийтийн юм байх ёстой. Бүх хүүхдэд адилхан боловсрол олгогдох ёстой. Мөнгө төлөхгүй бол боловсрол авч чадахгүй гэсэн тогтолцоо байх ёсгүй. Ээж аав нь мөнгөгүйн төлөө тэр хүүхэд боловсролгүй хүн болдог тийм шударга бус тогтолцоо байх ёсгүй.

А.А. Та ёс суртахуун гэж ярих юм. Гэтэл ёс суртахуун бол нийгмээс тогтоосон хэм хэмжүүр. Энэ хэм хэмжүүр хүний хүсэл эрмэлзэлтэй зөрчилдөх нь их. Эцсийн эцэст хүн нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдарч, бусдад зөв хүн гэж харагдах нь чухал юм уу, эсвэл өөрийнхөө хүсэл эрмэлзлийг тэргүүнд тавьдаг байх нь чухал юм уу? 


С.М. Бид энэ нийгмийн дүрмүүдэд захирагдаж, жүжиг тоглохоос өөр арга байхгүй. Шекспир “Амьдрал бол тайз” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ тайзан дээр бид янз бүрийн дүрд тоглох шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би сургууль дээрээ багшийн дүрд, гэртээ ирээд эхнэрийнхээ дэргэд нөхрийн дүрд, хүүдээ аавын дүрд, эцэг эхдээ хүүгийн дүрд гээд маш олон дүрийг өдөр тутмын амьдралдаа бүтээж байна. Дүрээ сайн бүтээж чадах эсэх асуудал хувь хүний хүмүүжил, боловсролоос хамаарна. Энэ амьдрал чинь өөрөө парадокс. Туйлын зөв шийдэл гэж байхгүй. Өгөөмөр байх уу, уучлах уу, өөртөө үнэнч үлдэх үү энэ бүхэн амьдралын маш эгзэгтэй сонголтууд. Амьдрах гэдэг өөрөө урлаг юм. Энэ урлагт бид суралцах л ёстой.

А.А. Та тэгвэл яг одоо миний өмнө ямар дүрд тоглож байна?


С.М. Их л юм уншсан, их л юм мэддэг нөхрийн дүрд тоглож байна. Багш талдаа юм уу даа.

А.А. Бид өнгөрсөн зуунд бичиг үсгээ сольж, хэл бичгийн дүрмэндээ олон өөрчлөлт хийсэн, одоо ч хийсээр л байна. Үр дүнд нь зөв ярьж бичдэг хүн бараг байхгүй болж. Тухайлбал, өнөөдөр миний үеийнхэн нэг дүрмээр, миний дараагийн үеийнхэн өөр нэг дүрмээр, өмнөх үеийнхэн бас өөр дүрмээр сурч боловсорсон. Энэ бүхнээс нийгэмд учирч болох хор хохирол нь юу бол? 

С.М. Хэлнээс бодол үүснэ. Тэгэхээр хэл буруу бол бодол буруу болно. Өөрөөр хэлбэл бидний харилцаа, ойлголцол амжилттай явагдахгүй. Нэг нэгнээ буруу ойлгоно. Бидэнд тогтсон хэлний дүрэм, утгын дүрэм, граматик дүрэм гэж алга. Олон тоо, ганц тоо, ирээдүй цаг, одоо цаг, өнгөрсөн цаг гэсэн хатуу дүрмүүд алга. Англи хэл сурахдаа бид бүх цаг, тоог нь ягштал цээжлэх хэрэг гардаг гэтэл монгол хэлэнд тийм биш.

Хоёрт, симантик лингуистик гэдэг ойлголт бий. Энэ бол энэ үг энэ утгыг л илэрхийлнэ, өөр утгыг илэрхийлж болохгүйг заадаг. Жишээ нь, англи хэлэнд I think гэвэл бодлоо хэлж байна, I feel гэвэл сэтгэлээ илэрхийлж байна, I mean гэвэл санаагаа хэлж байна, I know гэвэл би яг мэдэж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Харин монгол хэлэнд “Тэр чинь тийм шүү дээ” гээд л орхичихдог. Тэр бодол нь юм уу, санаа нь юм уу, сэтгэлийн хөдөлгөөн нь юм уу, гарцаагүй мэдээд хэлж байгаа юм уу, таамаглаж байгаа юм уу гэдэг нь мэдэгддэггүй. Эзэн биегүй өгүүлбэр агаарт цацаад байдаг. Энэ бол нэгт, кирилл үсэгт шилжсэн шилжилт, хоёрт Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын монгол хэлийг шинэчлэх үедээ хийсэн алдаа. Энэ хүмүүс монгол хэлийг дүрэмтэй, сайхан хэл болгоод бидэнд үлдээж чадаагүй.

Одоохондоо бид ийм чадваргүй, түүхий хэлээр дэлхийн мэдлэгт хүрэх боломжгүй. Тийм учраас аль болох англи хэлээ барьж мэдлэгт хүрэх шаардлага гарч байна. Монгол хэл одоохондоо бидний толгойг л эргүүлж, үл ойлголцол, зөрчил, хэрүүл л үүсгэхээс өөр юу ч өгч чадахгүй.

А.А. Зарим хүмүүс хуучин монгол бичгээ сэргээж хэрэглэх талаар их ярьдаг?


С.М. Уг нь монгол бичиг зайлшгүй хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөл байдал бидэнд тийм завшаан олгохгүй нь. Өнөөдөр бидэнд өөр хийх зүйлс маш их байна. Тийм учраас уйгаржин бичгээ хэрэглэх боломж маш бага. Тийм их хөрөнгө мөнгө, цаг хугацаа нь бидэнд алга. Бид одоо хойшоо ухрах эрхгүй. Урагшлах л ёстой. Нэгэнт кирилл үсэг хэрэглэдэг болсон учраас энэ чигээрээ засч сайжруулаад л явахаас аргагүй. 

А.А. Зөвхөн хэл ч гэлтгүй системчлэгдсэн юм гэж манайд бараг алга. Хэдэн зууны турш ганц нэгээрээ нүүдэллэж амьдарсан хэв маяг маань аливаа зүйлд нэгдсэн системийг бий болгоход саад болоод байна уу? 


С.М. Тэгэлгүй яах вэ. Хот үүсч, хүмүүс цуглаж байж дараа нь нийгэм үүснэ. Одоо бол бид чинь нийгэмшиж, ситизен буюу иргэн ч болж чадахгүй байна. Улаанбаатар ч сити болж чадахгүй байна. Бидэнд хотын соёл, амьдрал, хотын амьдралын дүрэм горим, ёс суртахуун алга. Улаанбаатар бол зүгээр л өөр өөрийнхөө дураар, таалагдсанаар амьдрах гэж ядаж байгаа олон хүний бөөгнөрөл. Манайхан автобусан дээрээ нийслэлийн 370 жил гэж бичээд байдаг, тэр бол худлаа шүү. Манай хот чинь жар, далан жилийн л түүхтэй. Үүнээс өмнөх хүрээ бол хот биш, зүгээр лам нарын орон сууц л байсан. Хэзээ хот үүсдэг вэ гэхээр хотын даргатай, хотын захиргааны байшинтай болоод, дарга нь байшиндаа суух тэр цагаас хот үүсдэг.

А.А. 1990 оноос хойш хас шүтээн, мөнх тэнгэр гэх зэргээр монголчууд өөрсдийн итгэл үнэмшлээ хайж олох гэж ихээр оролдох болж. Энэ талаар та юу гэж боддог вэ? 


С.М. 1990 онд монголчууд ирээдүйгээ шинээр тодорхойлох тэр цаг үетэйгээ нүүр тулсан. Үүний тулд эхлээд бид өнөөдрөө ойлгох ёстой. Гэтэл бид 800 жилийн өмнө очоод тэндээс ирээдүйгээ тодорхойлох гэж оролдоод байна. Өөрөөр хэлбэл Чингисээ босгож ирээд энэ хүн бидний ирээдүй гэж ярих гээд байна. Гэтэл бид ирээдүйгээ өнгөрснөөс хайх ёсгүй. Өнөөдрөөс хайгаад маргааш руу алхан орох хэрэгтэй. Өнөөдөр бид 800 жилийн өмнөх Чингис хаан, Америкийн агуу ардчилал хоёрын хооронд ганхаж савласан л хүмүүс байна.

Өнөөдөр интернэт рүү орохоор нэг гоё ертөнц. Монголынхоо нийгмийг харахаар дээл өмсөж, бөө бөөлж хэдэн зуун жилээр хоцрогдсон огт өөр ертөнц. Бөө хэдэн мянган жилээр, шашин бол хэдэн зуун жилээр хоцрогдсон зүйлс. Ийм их сүм, олон шашинтай дэлхийн хөгжилтэй орон байхгүй. Гадаадад бол сүм хийд, шашин түүхийн дурсгал төдий л зүйл. Бид шашинд, мухар сүсэгт үнэмшээд байгаа хэрнээ мэдлэгт үнэмшихгүй байна. Дэлхийн мэдлэгээс дэндүү хол хоцорчихсон байна.

А.А. Тэгвэл бид ирээдүйгээ хаанаас хайх вэ?


С.М. Ерөөсөө л үе үеийнхэн тойрч сууж байгаад програмаа хийнэ. Өнөөдрийн нөхцөл байдлаа тодорхойлохоос эхэлнэ. Бид хаана байна вэ, манай их дээд сургуулиуд дэлхийн хэмжээнийх биш юм байна, бидний хэл маань дэлхийн мэдлэгт хүрэх чадваргүй юм байна, бидний түүх бидний ирээдүй биш юм байна, бид түүхээ зараад хоол болгож чадахгүй юм байна гээд олон зүйл дээр бид эхлээд санал нэгдэх хэрэгтэй. За бид чинь хоосон юм байна. Бидэнд байгаа нь агуу том нутаг, хоёр хүчирхэг хөршийн хооронд сайтар хамгаалагдсан байдал, монгол хүний төрөлх овжин сэргэлэн байдал л байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнээ ашиглаад цаашид хэрхэн хөгжих концепцио гаргах хэрэгтэй. Үлгэрлэвэл, бид эхлээд өвчтөнийг оношлоно, дараа нь эмчилгээг нь хийнэ. Түүнээс биш оношийг нь тогтоогоогүй байж гараад гүй гээд байж болохгүй. Хэрвээ хүнд өвчтэй хүн бол гарч гүйгээд хатгаа тусчихна. Тэгэхээр энэ өвчтөнийг тордох, бордох хэрэгтэй. Тэгж байж бид гадагшаа гарна.

А.А. Тэгвэл Монгол гэсэн энэ өвчтөнд эдгэх боломж хэр байгаа бол? 


Байлгүй яах вэ. Байгаа гэж бодож байгаа учраас л би энд байна. Байхгүй гэж бодож байсан бол Герман руу буцаад явчихсан байгаа. Үнэн бол хатуу, бухимдмаар, уурламаар, уйлмаар, гомдмоор. Гэхдээ үнэний тухай ярилцаж сурах хэрэгтэй. Ингэж байж бид зөв замдаа орно. Харин өнөөдрийн Монголыг харахаар нэг л их үнэнээс айсан, нэгнийгээ айлгачих болов уу, ичээчих болов уу, монгол хүн амны билгээр гээд сайхан юм ярих гэсэн хүмүүс. Гэтэл сайхан юм чинь худлаа байна. Тийм учраас худлаасаа салаад, үнэнээ илчлээд ширээн дээр гаргаад тавьчих хэрэгтэй. Гэр бүл ч гэсэн яг тийм шүү дээ. Ээж, аав, хүүхдүүд тойрч суугаад үнэнийг ярих хэрэгтэй. Ээж та тэгдэг, аав та тэгдэг, эмээ та тэгдэг. Үнэн үү, үнэн. За тэгвэл одоо яаж засарцгаах вэ гээд л ярилцдаг байх хэрэгтэй.

А.А. Ямарваа нэгэн өөрчлөлт шинэчлэлт, хөгжилд урьдаар нийгмийн оюун санаа ухамсар бэлтгэгдсэн байх ёстой юу?

С.М. Мэдээж хэрэг. Бид хэрвээ буу хүн алдаг гэдгийг мэдэхгүй байсан бол нэг нэгнээ буудаад л алчихна аа даа. Африкт бол ийм явдал их олон тохиолдож байсан гэдэг. Яг үүнтэй адилхан л манайд автомашин араа залгаад давхидаг, хурдалдаг гэдгийг нь мэдэхгүйгээр олноор нь оруулж ирээд нэг нэгнээ дайраад, нэг нэгийгээ мөргөөд байна шүү дээ. Үүнтэй адилхан аливаа техник, технологи тухайн нийгэмд орж ирэх үед урьдаар нийгмийн гишүүд нь үүнд бэлэн байх ёстой. Интернэт орж ирэхийн өмнө бэлтгэл хэрэгтэй байсан. Гэтэл одоо хүүхэд залуучууд интернэтээр хичнээн их порно, хүчирхийлэл үзэж байна. Интернэт гэдэг зүйлээр л ертөнцийг таньж байна. Угаасаа өөр орчлон ертөнцийн талаар зохистой мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх байгууллага манай нийгэмд алга. Үүнээсээ болоод Монголын өнөөдрийн нийгэм ерөөсөө туршаад, дараа нь алддаг нийгэм болж хувирлаа. Үзэж, туршаад л дараа нь хохироод үлддэг. Уг нь энэ бүхэн чинь тодорхой тайлбар, сэнхрүүлгийн хамтаар орж ирж байх ёстой юм. Харамсалтай нь бид ингэж чадсангүй. Бүх юмаа нээчихсэн. Хятадууд гэхэд үүнээс гарах үр дүнгээс нь айгаад интернэтээ хянаад байна. Нийгмээ тархины маш хүнд гэмтэлд оруулахаас хамгаалж байна. Тэнд байгаа 800 сая тариачин ямар нэгэн шүүлтүүргүйгээр интернэтээр баруунаас орж ирж байгаа мэдээллийг үзээд шоконд орно шүү дээ. Манайд ч ялгаагүй хөдөөний залуучууд Улаанбаатарт орж ирээд шоконд орж байна. Баруунаас зөв нь ч, буруу нь ч орж ирнэ. Тус, усын аль нь болохыг бид таах аргагүй.

А.А. Тэгвэл энэ нөхцөл байдлыг бид яаж засах хэрэгтэй вэ?

С.М. Эрсдэл хийж байж л засагдана. Өөр арга үлдсэнгүй. Үүн дээр нэмэхэд харамсалтай нь манай төр мэдлэг боловсролтой төр байсангүй. Манай төрд байгаа хүмүүс чинь жаахан хүүхдүүдтэй адил л соёлын шоконд орчихсон хүмүүс. Виски ууж, жийп машин унахыгаа гоё зүйл гээд итгэчихсэн хөөрхий өрөвдмөөр нөхөд шүү дээ. Уг нь энэ төрд баруунд байж үзсэн, мэдлэг боловсролтой хүмүүс гарсан бол энэ эрсдэлийг бууруулах байсан юм. Гэтэл Монголд өнөөдөр мэдлэг боловсролтой хүн дээшээ гарах ямар ч боломж алга. Манайд чинь аливаа нэг газар удирдах ажил хийх хэмжүүр нь мэдлэг боловсрол биш мөнгө, хээл хахууль, танил тал, ах дүү, нутаг ус болчихож. Үүнээсээ болоод манай төр нийгэмдээ тус биш гай болоод байна.

Өнөөдөр Монголын нийгэм феодалын нийгэм болчихож. Энэ төрд байгаа хүмүүс чинь капиталистууд биш феодалууд. Хэрвээ капиталистууд байсан бол аж үйлдвэр, техник технологио хөгжүүлээд үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнүүдээр зах зээл дээр уралдаж, ажилчин анги, үйлдвэрчний эвлэл үүсээд л, аж үйлдвэр Монголд хөгжиж байх ёстой. Гэтэл эдийн засгийн капитализм Монголд буй болохгүй байна. Төр рүүгээ очиж наалдаад, тэндээ нялцганаж байж уул уурхайн лиценз, банкны зээл, олон улсын тусламж, татварын мөнгөнөөс хулгайлдаг төрийн феодалууд л байна. Мөнгөтэй, гэхдээ юу ч бүтээдэггүй, мөнгөө эргэлдүүлдэггүй. Одоо цагаан сар болно. Нөгөө үнэтэй хөөрөг, том дээл, мөнгөн бүсээрээ гоёод, морио уралдуулна л даа.

А.А. Та ер нь яагаад физикээс философи руу орж, тэндээсээ улс төр рүү шилжилт хийх болов оо? 


С.М.
 Герман бол дэлхийн философийн уурхай болсон газар. Номын санд нь яваад ороход дүүрэн философийн номнууд. Тэгэхээр би ийм оронд сурч байж тэр мэдлэгээс нь хүртэлгүй, тэр номнуудыг нь огт уншилгүй буцна гэдэг дэндүү харамсалтай байсан. Би айлын том хүүхэд болохоор үүрэг хариуцлагыг илүү мэдэрдэг, багаасаа л ёс суртахууны тухай их боддог, өрөвчхөн хүүхэд байсан маань ч нөлөөлсөн байж магадгүй.

Харин улс төрд орсон тухайд би үүнийг түүхэн шийдэл гэж боддог. Ер нь германд боловсрол эзэмшсэн хүмүүс улс төр нийгмийн ажилд оролцох магадлал их өндөр байдаг. Яагаад гэвэл Германаас их олон хувьсгал гарсан. Германд сурч боловсорсон хүмүүс эх нутагтаа очоод хувьсгал хийсэн түүх олон. В.И.Ленин Германд сурч ирээд Оросыг өөрчилсөн бол К.Маркс Английн ажилчин ангийг очиж өөрчилсөн гээд л. Г.В.Ф.Хегель, Ф.Ницще, А.Шопенхауэр, К.Маркс гээд энэ томчуулын номыг уншаад байхаар өөрийн эрхгүй бүхнийг өөрчлөхсөн гэсэн хүсэл төрдөг. Германчууд чинь эршүүд, өөртөө итгэлтэй, чадварлаг, эрэлхэг хүмүүс. Энэ бүхэн ч аяндаа наалддаг. Би германы их сургуульд философийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн гээд бодохоор ч юм уу өөрийгөө түүхэн хүн гэж мэдрээд байдаг.

А.А. Ер нь хүний амьдралын аз жаргалын хөшүүрэг нь юу юм бол?

С.М. Мэдлэг боловсрол. Хорвоо дэлхий, амьдрал, ёс суртахуун, үхэл гээд энэ зүйлсийн утга учрыг ойлгох, ойлгож таньсан мэдлэгээрээ бусдад тус болж, хүнд хүртээмжтэй амьдрах л хэрэгтэй байх. Би бурхан шашин гэсэн том зүйлд итгэдэггүй. Энэ ертөнцөд амьсгалж буй агаар, гишгэж буй газар дэлхийдээ л итгэдэг.

Өнөөдөр манай нийгэм шашинд хэт их итгэж байна л даа. Энэ нь төр засаг нь нийгэм, ард иргэдээ аваад явчихаж чадахгүйгээс болоод байна. Америкт ажилгүй болчихсон хүнийг төр засаг нь дэмжиж туслаад, хооллож, ундлаад байна. Харин манайд төр юу ч өгөхгүй. Харин лам багшаас асуувал ядаж нэг тайлбар олоод хэлчихнэ. Тийм болохоор энэ ядарсан хүмүүс чинь лам, бөөд итгээд байгаа юм.

А.А. Таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл, үйл явдал гэвэл юу байх бол? 


С.М. Ер нь хүүхдүүд өсвөр насанд байхдаа өөрийнхөө идеал, үлгэр дуурайлал болох хүнээ хайх үйл явцтай тулгардаг. Энэ насандаа би ч янз бүрийн л зүйлээс үлгэр жишээ болох хүнээ хайдаг байлаа. Пинкфлойд сонсож үзээд дуучин болох гэж гитар авна, тамирчин болох гэж үзнэ. Сүүлдээ бодит амьдрал дээр дуурайх хүнгүй болоод уншсан ном, романыхаа дүрүүдийг дуурайж, тэднээс үлгэр авах гэж оролдож эхэлсэн. А.П.Чеховын зохиолууд, “Монте Кристо гүн” гээд л уншиж эхэлсэн. Энэ дундаас Э.Л.Войничийн “Овод” хэмээх номын гол дүр хувьсгалч залуу Оводыг дагаж дуурайх идеалаа болгосон доо.

А.А. Молор-Эрдэнэ гэгч машин урагшлах эрчмээ хаанаас авч байна вэ? 


С.М. 
Хөдөлмөрлөж, ном уншиж, эсвэл бичиж эрч хүчээ авдаг байдал одоо нэгэнт өнгөрч. Энэ бүхэн мэдээжийн зүйл болчихож л дээ. Одоо бол ганцаараа, чимээгүй орчинд ганц шил пиво уугаад суух тэр л мөчүүдээсээ эрч хүч авдаг болж. Зөвхөн өөртөө зориулах цаг минь их багасчээ.

http://amarmend.essay.time.mn/

Tuesday, 6 August 2013

С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр II төрнө



“Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-ын дарга С.Молор-Эрдэнэтэй МАН-ын шинэчлэл болоод улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар ярилцлаа.


-Монголын хамгийн том нам өөрийгөө шинэчилнэ гэж ярьж байна.Таныхаар тэд яаж шинэчлэл хийвэл зөв бол?
-МАН-ыг хүмүүжүүлэх ажил гарах нь ээ дээ. Улс төрийн намууд утопитой байх ёстой. Утопи гэдэг маань тэнд хүрнэ, тийм болно гэсэн зүйл. Улс төрийн намуудын амин сүнс нь гишүүддээ биш онолдоо байдаг. Онолгүй нам гэдэг бол амин сүнс байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, барууны нам, зүүний нам гэсэн хоёр сонгодог улс төрийн дэлхий дээр зонхилж байгаа шүү дээ.

-Манайх төвийн үзэл баримтлалтай гэж ярьдаг биз дээ зарим нам.

-Намд хэзээ ч төв байдаггүй юм. Төв бол парламентад байдаг. Парламент дотроо төв рүүгээ дөхдөг байхгүй юу. Нам өөрөө баруун эсвэл зүүнийх л байна. Төвийг барьсан нам гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Яахав, засаг барьж байгаа нам жаахан төв рүүгээ хазайдаг юм. Засаг барьж байх үедээ иргэддээ таалагдах гэж нөгөө талынхаа онолыг барьдаг. Манай нөхдүүд баруун зүүнээ ч мэдэхгүй шүү дээ. Хэвлэлээс МАН шинэчлэгдэнэ гэдгийг олж харсан. Юу шинэчлэх гэж байгаа юм. Улс төрийн онолоо шинэчлэх үү, дотоод зохион байгуулалтаа шинэчлэх үү, эсвэл өөр нам болох юм уу. 2-3 жилийн өмнө МАН “Тэрэлжийн тунхаг” гэдэг юм гаргаж ирж байхдаа үндэсний, барууны нам болно гэж байсан. Тэрнээсээ болоод дотроо зодолдоод хоёр тийшээ боллоо шүү дээ.

-Өмнө энэ нам Н.Энхбаяр даргынхаа үед социнтернд элсээд зүүний төвийн нам боллоо гэсэн биз дээ?
-Монголд АН өөрөө барууны нам гэдэг. Уг нь АН зүүний нам байхгүй юу. Яагаад гэвэл шинэчлэл, залуу үе, ирээдүй, хуучнаасаа сална гэсэн биз дээ, ардчилагчид. Ардчилал гэдэг үг чинь демократив. 90 онд гарч ирж байхдаа энэ бүх муу муухай, хуучнаасаа салъя гэсэн. Зүүний нам үргэлж залуу, шинэ, дэвшил ярьж байдаг. Ард түмэн, ажилгүйдэл гээд нийгмийн асуудал ярьдаг. Барууны нам болохоор үндсэрхэг үзэл, уламжлал, зан заншил, хуучнаа ярьж явдаг. Ийм л байх ёстой. Бүх хүн төрөлхтний намууд барууных байсан. Тэндээс анх удаагаа зүүний намууд гарч ирсэн. Барууны нам, хуучнаар бол эзэн хаанаас гаралтай, мөнгө төгрөг, хөрөнгө нь тэндээ төвлөрөөд удирдаад явж ирсэн. Зүүний нам гарч ирээд иргэн, энгийн хүн, ажил, хөдөлмөр анх ярьж эхэлсэн. Францаас эхлээд АНУ-д барууны Бүгд найрамдах намаас Ардчилсан нам нь салж гарсан юм. Манайд бол уул нь МАН-аас АН гээд шинэ залуу хэсэг нь гарч ирэх ёстой байсан. Ингэж чадаагүй. Улс төрийн утгаараа тэр, хэрвээ Монголд улс төр байдаг байсан бол. Манайд улс төр байдаггүй, ашиг сонирхолын, бизнесийн, хамаатан садангийн аймаг нутгийн л хүмүүс байдаг. Сонгодог нам Монголд байхгүй. Ганцхан МАХН социализмын үедээ тийм байсан. Сэхээтний нам байсан юм. Ажилчдын төлөөлөл, малчдын төлөөлөл элсүүлсэн ч хүчээр сэхээтэн болгочихдог байсан.

-Одоо бол МАН ямар гэж?
-Одоо бол зүгээр Хүрэлсүхтэнгүүд. Бүдүүлэг нөхдүүд, хамгийн аюултай хулигаанууд байгаа. Яг АН-тайгаа адилхан. Тэгэхээр АН бол зүүний нам. З.Энхболд барууны нам гэж яриад байгаа нь улс төрийн онол мэдэхгүй байна л гэсэн үг. Улс төрийн онол мэдэхгүй мөртлөө өөрсдийгөө улстөрчид гээд байна шүү дээ. Монголд улстөрч хүн байхгүй. Яагаад гэвэл онолоо мэдэхгүй. Харин улс төрийн сонирхолтой, хоббитой, улс төрийн гарын дүйтэй хүн л байгаа. Зуун айлд яваад очихоор барилгын мэргэжилтэн байхгүй мөртлөө гарын дүйтэй хүн олон байдаг шиг. Хэрвээ МАН шинэчлэгдэх гэж байгаа бол хамгийн түрүүн зүүнийх юм уу, барууных юм уу гэдгээ хэл. Аль тал руугаа юм. Эцсийн утопи чинь юу юм, Монголын ард түмнийг аваачих гээд байгаа утопи чинь юу вэ? Монголын улстөр босч ирье, өөрчлөгдөе гэвэл намыг дагаж амьдрал нь босч ирдэг, намд л орж ирж мөнгөтэй болдог, амьдрал нь сайжирдагийг болиулах хэрэгтэй. Энийг л хаачих хэрэгтэй. Тэгвэл хүмүүс нам руу хуйлраад байхгүй, ажлаа хийгээд амьдраад явах юм. Тэр боломжийг ч өгөхгүй байна. Заавал нэг даргыг, улстөрч, гишүүнийг дагаж амьдрал нь сайжирдаг, бизнес нь өөдөлдөг болчихсон. Энэ завааныг Н.Энхбаяр гэж нүгэлтэн тарьсаныг бид нар мэдэж байгаа шүү дээ.

-Намаа шинэчилнэ гэхээр удирдлагаа солино гэсэн үг биш гээд одоогийн намын удирлагыг дэмжигч нар яриад байгаа. Харин шинэчлэлийн хөдөлгөөнийхөн эсрэг саналтай байгаа.

-Улс төрийн онол тодорхой болж байж явна шүү дээ. Инженер болох бол  инженерийн, эмч болох бол эмчийн ном байдаг, хэрэглэдэг. Улс төрийн нам болоход улс төрийн ямар ном, онол байгаа юм, тэрийгээ зарлана биз дээ. Тэрнээс гадна тэд нар шинэчлэлт хийх гэж байгаад хуваагдчихаа биз дээ. Одоо шинэчлэл яриад дахиад хуваагдах гэж байгаа юм уу. Шинэчлэх гээд “Тэрэлжийн тунхаг” гаргаад үр дүнд нь хуваагдаа биз дээ. Одоо шинэчлэл гэдгээр далимдуулаад ахиад хуваагдах гэж байгаа юм. Өмнө хуваагдахад нь Н.Энхбаяр гарч явсан. Одоо МАН-аас хэн тусдаа нам болж гарч ирэхийн тулд ийм юм хийгээд байна вэ. Хэн Н.Энхбаярын араас дуурайгаад Н.Энхбаяр II болж гарч ирэх гээд байгаа юм бэ. Тэгээд дараагийн сонгуульд өөрийнхөө хэдэн нөхдийг хошгоруулж байгаад дахиад МАН-ын хэдэн гишүүнийг хувааж аваад оролцоно.

-Шинэчлэл таалагдсангүй гээд хэрэлдээд л гараад явах нь. Тийм үү?
-Тийм. Эсрэг саналтай нөхдүүдээ дагуулаад гараад явна. Хэн гарах вэ гэдэг л асуудал. Н.Энхбаяр II хэн бэ? Ард нь бүүр асуулт тавих хэрэгтэй. Миеэгомбын Энхболдод нам байгуулаад гараад ирэх улс төрийн тэнхээ бий юу. Хэл дээ. Эдний намын лидерүүд дотроос нам байгуулаад гараад ирэх лидер нь хэн байна. Бацаанууд хамаагүй шүү. Тэд заваан юмаа хийдгээрээ хийнэ. Гол нь М.Энхболд, Н.Багабанди, С.Баяр, У.Хүрэлсүх байна.

-Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболдыг нэмбэл болох уу?
-Н.Энхболд яах вэ. М.Энхболдтойгоо нийлж байгаад нэг юм хийж магадгүй. Тэр хоёр нэг их тийм улстөрч биш ээ. Улс төрийн намын албан хаагчид л байхгүй юу. Гол нь У.Хүрэлсүх нам байгуулах гэж байж мэднэ. Хуц аа, би нам байгуулна гэвэл дараагийн удаа 4-5 нөхөртэй орж ирчихсэн парламентэд сууж байна шүү.

-Давгүй гаргалгаа байна. НАМЗХ зэрэг залуучуудын холбоотойгоо нийлээд тэгж магадгүй л юм?
-Тэднийгээ л бариад авна шүү дээ.

-Та өмнө нь МАХН-ын зохицуулагч байсан. Н.Энхбаярын МАХН ямар үзэл баримтлалтай байсан юм.
-Тэр үед чинь үзэл баримтлалаа гаргана гэж байсан байхгүй юу. Социал демократ руу та нар явсан нь дээрдээ гэж би хэлсэн. Хуучин та нар социалист угшилтай байсан, одоо хүмүүс ардчилал хүсээд байна. Тиймээс энэ хоёрыгоо хослуулаад л явчих. МАХН социализмтэй ардчилал, АН болохоор зах зээлтэй ардчилал гээд.

-Танай нам ямар үзэл баримтлалтай юм?
-Хамуг Монгол бол зүүний нам. Ямар ч арга байхгүй. Дүрэм дээрээ ч гэсэн биччихсэн байгаа. Бид нар шинэчлэл, дэвшлээ барьж уламжлал, зан заншлын эсрэг байна. Яагаад гэвэл уламжлал, зан заншил бол хоцрогдсон. Буддын шашин хоцрогдсон. Бид монгол ёс, уламжлалт ёс, өвөг дээдэс яриад байгаа нь ирээдүйн цаашдын хөгжил дэвшилд садаа болно. Тэгж хэлж болно. Манайх шинэчлэлтийн бодлоготой нам гэхдээ уламжлалт ёсоо бас... гээд яриад байж болохгүй. Тэр чинь улс төр биш болчихож байгаа байхгүй юу. Улс төр гэдэг чинь хатуу, хөдөлшгүй байх ёстой. Нэг нөхөр уламжлалт ёсоо, зан заншлаа, өвөг дээдсээ та нар яах гээд байгаа юм гэхээр нь тэгвэл та нар тэр намаа байгуулцгаа, бид нарыг заавал тийм байлгаж яах гээд байгаа юм, тэгээд л үзэл баримтлалаа уралдуулъя гэсэн. Ард түмэн алийг хүсэх үү, алийг сонгох уу гэдгээ өөрсдөө л шийднэ. Бүгдээрээ адилхан юм яриад байх юм бол хаана ч сонголт байхгүй. Эсвэл бүгд нийлээд л нэг нам болчихъё л доо.
Үндэстний ТОЙМ сэтгүүл. №182
2013 оны 8 дугаар сар 5

Sunday, 9 June 2013

С.Молор-Эрдэнэ: Нүд тайлсан хүмүүсийг дэвшүүлэх хэрэгтэй

Энэ удаагийн зочноороо Техникийн ухааны доктор, Философийн ухааны доктор, улс төр судлаач С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа.
Түүнтэй ярилцах үнэхээр сонирхолтой, зарим талаар гашуун оргиулсан үнэнтэй, басхүү нэлээдгүй хөгжилтэй байв.  Үнэнийг хэлсэн хүн адлуулж, үл ойлгогдож, амьдрал тэмцлийнх нь зам саад бэрхшээлээр дүүрэн байх нь бий. Магадгүй С.Молор-Эрдэнэ тэдний нэг ч байж мэдэх юм.
-Тантай хоёр жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэгэхэд та шинээр байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ тутам харилцаа үүсгээд тэр тухайгаа ярьж байсан нь санаанд илхэн байна?
-Тийм ээ, би ч бас санаж байна. Таны ярилцлагад орсны  дараа Н.Энхбаяр бидний хооронд таагүй сонин яриа өрнөж байж билээ. Явж явж ярилцлага өгөхдөө түүний хамгийн дургүй сонинд нь, хамгийн үзэн яддаг сэтгүүлчтэй нь уулзчихсан байсан (инээв). Уурлаад л байсан.
-Сонирхолтой түүх байна. Олон удаа ярилцлага хийж, бас номыг нь хийж байлаа. Хачирхалтай юм. Ерөөсөө бүх хүнийг үзэн ядаж үлддэг хүн бололтой. Та нарыг ч бас тэгсэн л болов уу даа?
-Нэг төрлийн өвчин л дөө. Маш муухай өвчин.
-Өнөөдөр бид Монголын ард түмний улс төрийн бас нэг ээлжит сонголтоо хийх гэж байгаа түүхэн үед уулзаж  байна. Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. Энэ удаа улс төр судлаачдын дуу хоолой ба­раг сонсогдохгүй байгаа нь анзаарагдаж байгаа биз. Бүгд хуйвалдаанд орчихсон, бүгд улс төрийн ашиг хонжоо хөөгөөд явчихсан бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гур­ван намын нэр дэвшигч өрсөлдөж байна. Мэдээж  та анхааралтай харж байгаа байх. Таны ажиглалт, байр суурь манай уншигчдад сонин байх болов уу?
-Яг анх чи бид хоёрын ярил­цаж байсан тэр үеийн улс төр бол өнөөдөр шал өөр улс төр болсон. Зөвхөн гаднах төрх нь ч өөрчлөгдсөн юм биш. Дотоод мөн чанар нь бас өөрчлөгдсөн. Энийг  бас хүмүүс нарийн сайн мэдэх ёстой юм. Аливаа нэг  улс орон, ард түмэн өөрөө өөрийгөө авч явна гэдэг бол тийм  амар асуудал биш л дээ. Яагаад гэвэл тэр ард түмэнд улсаа авч явах тэнхээтэй, боловсролтой, оюунлаг, хүмүүжилтэй тийм хүүхдүүд маш их хэрэгтэй байдаг. Тэд улсаа авч явдаг л даа. Яах вэ, гэмт хэргийн чанартай, авлигын чанартай, эдийн засаг улс төрийн үндсэн явах ёстой голдрилыг нь үймүүлж самууруулсан бүлэглэлүүд хаа ч гарч ирдэг. Тэгсэн ч тэр бүгдийгээ шийдээд л, туулаад л улс орон явдаг. Өнгөрсөн түүхийг хараад байхад тэр буруу урсгалууд гажуудлууд орж ирсэн ч, сортоотой, ухаантай, уураг тархитай үр хүүхдүүд нь улс орноо тавиад туучихгүй авч явсаар л өнөөдөрт хүргэсэн байна шүү дээ. Монголчууд бидэнд өнөөдөр тийм сайхан хүүхдүүд нь хэрэгтэй байна. Энэ ард түмнээ хоолтой ундтай, даарсан үедээ өмсөх дулаан хувцастай, тэгээд бас нэг амьдрах орон гэртэй байлгачих л асуудал шүү дээ. Бид цөөхүүлээ. Энэ цөөхөн хүнийхээ аж амьдралыг аваад явчихдаг, дэлхийн газрын зураг дээр байж л байдаг энгийн нэг улс орон шиг л сайхан аваад явчихаар боломж бидэнд байсан. Гэвч бид тийм сайхан тэнхээтэй хүүхдүүдээ бэлдээгүй юм байна. Бидний  буруу. Бид өөрсдөө л бэлдэх ёстой байсан байна. Ер нь бид өөрсдөө л өөрсдийгөө авч явна шүү дээ. Хэн ч биднийг авч явахгүй. Яахав гадныхан бидэнд зөвлөгөө өгч магадгүй, хэдэн төгрөг өгч магадгүй. Тэгээд л “за, одоо цаашаа өөрсдөө учраа ол” гэж л хэлнэ шүү дээ. Бидний түүх энийг сайн хэлнэ.
-Тэр ч тийм шүү.
-Манжаас өгсүүлээд л гадны эрхшээлд явлаа шүү дээ. Сүүлд Оросуудын нөлөөнд хэсэг явлаа. За, тэгээд дараа нь Америк барууны орнуудын далд нөлөөнд нэлээд явлаа. Энэ маань бидэнд сайн зүйл ч авчирсан, саар зүйл ч авчирсан. Тэглээ гээд одоо тэдгээр улс орнуудыг буруушаагаад, сүрхий сүрхий үнэлэлт дүгнэлт өгөөд суугаад байх хэрэггүй л дээ. Яагаад гэвэл бид гадны хүчийг түшиж тулгуурлахгүй л бол болохгүй үеүдийг бас туулж байсан. Бүр өмнөх үедээ олон зуун жилийн турш дайн дажин ч их хийсэн. Энэ тэрүүгээр явж өөрсдийгөө их үрсэн. Тэгж явах замд нөгөө улс төрийн институци, хүн хүмүүжүүлэх тэр институци, төрийн хар хайрцгаа барьж явдаг тэр институци энэ бүх юмнууд хийгдээгүй ч юм уу, эсвэл алдагдсан ч юм уу. Ямар ч байсан буцаж ирж чадаагүй л байгаа байхгүй юу. Ямар ч үед, юу ч үзэж туулсан, ямар ч зовлон зүдгүүр, дайн дажин тохиосон үндсэн юмаа алддаггүй, ерөөсөө тавьдаггүй айхтар бодлоготой улс орнууд байна. Харин бид тийм байж чадсангүй. 1990 онд ардчилсан үйл явц өрнөлөө. Улс төр өөрчлөгдлөө.
-Дагаад нийгэм өөрчлөгдлөө?
-Мэдээж дагаад нийгэм өөрч­лөгдөнө. Шинэ нийгмийн төлөө залуу хүмүүс явж таарна. Нөгөө залуустаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд явуулсан. Ингээд цаашаа алхахдаа бид нөгөө чухал төрийн нарийн бүтэц, тэр юмаа мэдэж, хадгалж  чадаагүй учраас зүгээр нэгийн даваан дээр л бүгдээрээ улс орноо газар чулуудчихаж бай­гаа байхгүй юу. Тэгээд л ерөөсөө хөгшчүүл нь ч хөнгөдөөд л, залуучууд нь яах вэ дээ мэдээж уур хилэнтэй, омогтой учраас тэрэндээ хөтлөгдсөн янз бүрийн юм болсон. Тэр нь бас нэг талаас байх л зүйл юм. Тэрийгээ барих хүмүүжил бидэнд байхгүй учраас. Социализмын 60-70 жи­лийн тэр урт амьдралд бидэнд физик, математиктаа онц сурах нь чухал байсан болохоос биш тэр хүн чанартай болох, зөв хүн байх гэх мэтийн хүний ёсны юмнуудыг бол суралцах зав байсангүй л дээ. Тэр үеийн бидний номонд ч байсангүй. Ингээд эргэцүүлэх завдалгүй тууж яваад ардчиллын үетэй золгосон. Ардчиллын үед ингэж яваад бид баруун зүүн хоёрыг хоёуланг нь алдсан. Нэг нь мэдлэг боловсролоо алд­сан. Нөгөөдөх нь хүмүүжил, ёс суртахуун, хүн чанарын юмнууд маань орж ирсэнгүй. Одоо бидэнд хоёулаа үгүйлэгдэж байна. Хоёулаа өнөөдрийн улс төрд байхгүй, хоёулаа өнөөдрийн төрд байхгүй, мөн хоёулаа одоогийн нийгэмд байхгүй байна. Өнөөдөр ямар ч Ерөнхийлөгч гараад ирэхэд гайхах юм байхгүй. Одоо бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдөр энэ бөх Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчид нэр дэвшээд тууж яваа байдал бол ерөөсөө л бидний өнөөдрийн үнэн нүүр царайг илчилж байна шүү дээ.
.
-Бидний байгаа байдлын л илрэл гэж үү. Та энэ үгээ тодруулж болох уу?
-Бидний нийгэм өөрөө яг бөх хүн шиг болчихсон байна шүү дээ. Махан биеийн хүч чадал, булчин шөрмөсөөрөө асуудлыг шийддэг. Ухаанаар, мэдлэгээр, оюунаар, дээд моралиар асуудлыг шийддэггүй. Булчингийн хүч чадлаар бусдыг  айлгадаг, сүрдүүлдэг тийм хоц­рогдол ямар төвшинд очсоныг харж байгаа биз дээ.
-Гэхдээ ард нь 160 гаруй ги­шүүд дотроосоо шилж сонгож нэр дэвшүүлсэн нам бий шүү дээ?
-Нам нь өөрөө ямар их доошоо орсныг бид бас харж байна. Уг нь бол социализмын үед МАХН буюу одоогийн энэ МАН чинь сэхээтнүүдийн нам байлаа шүү дээ.
-Одоогийн МАН институцийн хувьд ер нь ямар нам бэ?
-Нөгөө бидний мэддэг, хүүхэд ахуйгаас, залуу үеэсээ мэддэг, социализмын үед улс орноо авч явж байсан МАХН бол биш шүү дээ. Аль нь ч биш.  МАН ч биш, МАХН нь ч биш. Яагаад гэдгийг түрүүн би хэлсэн дээ. Гол юмаа орхигдуулсан гэж. Ерөөсөө манайд улс төр явагдаагүй байна шүү дээ. Хэт их хардалт сэрдэлтийн үе явагдсан. За, тэгээд албан тушаалаар амьдрал нь баталгааждаг нэг тийм муухай үе манайд гүн гүнзгий нутагшлаа шүү дээ. Хүн зүгээр л хөдөлмөрлөөд явахад амьдрал нь баталгаажиж өгдөггүй. Заавал улс төрийн нам руу орж байж, заавал улс төрийн албан тушаал руу очиж байж л жаахан урагшилдаг. Ийм нэг бохир давалгаа биднийг баллаж өглөө.
.
-Сүүлийн 20 жилд хамгийн их суурьшиж нутагшсан зүйл нээрээ энэ байх шүү?
-Тийм шүү дээ.
-Тэгвэл таныхаар үүнд хам­гийн том үүрэг гүйцэтгэсэн улс тө­рийн  хүчин, улс төрийн лидер хэн бэ?
-Мэдээж энэ бүхний эхлэлийг тавьсан, загалмайлсан эцэг бол ерөө­сөө л Н.Энхбаяр шүү дээ. Өнөө­дөр бөх хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэдэг энэ факт нь өөрөө  Н.Энхбаярын л сүнс явж байгаагийн илрэл шүү дээ.

-МАН-аас үндэсний бөхийн аварга хүн нэр дэвшиж байна гэдэг үү?-Тэгэхгүй яадаг юм бэ. Тэр хүн л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга байх үедээ Монгол оронд мэдлэг боловсролыг биш мухар сүсэг, шашинг дэлгэрүүлсэн. Энэ бөх, хэрэгтэй хэрэггүй яруу найрагч нэр зүүсэн нөхдүүд гээд энэ нийгмийн хамгийн муу муу­хайг үйлдвэрлэдэг хүмүүсийг өөгшүүлээд, шагнаад тэгээд тэднийгээ нийгмийн хамгийн муухай хар пиарчид болгоод хаячихсан байх­гүй юу. Хамгийн боловсролгүй, ма­най нийгмийн хамгийн бүдүүлэг нөх­өд шүү дээ. Тэгээд л архи ууж согтохоороо онгод орлоо гээд л со­лиордог. Худлаа бөх барилдаж бай­гаа нэрээр дандаа наймаа хийдэг. Одоо наадмаар яаж наймаа хийд­гийг та нар бүгд л мэднэ шүү дээ. Хамгийн сүүлчийн хоёр нөхөр нь зүгээр л барьцаа хангахыг хүлээгээд л, цаг урсгаад зогсоод байдаг биз дээ. Тэгээд барьцаа ханга гэж хэлүүлж байж барьцаа хангадаг. Сумо тэгэхэд хажууд нь ямар гоё бөх билээ. Ёстой бөх шиг бөх шүү дээ. Ёстой шударга эрсийн тоглоом шүү дээ. Манай бөх бол хамгийн муу эрсийн тоглоом болчихсон байхгүй юу. Энд тэндээс нь зуурч барьж байгаад л тэгээд нэг юм барьцаараа хүнийг гуядаж унагаадаг.
.
-Тэрийг нь харсаар байж бид тэвчээртэй л үзээд суудаг?
-Тэгдэг. Уламжлал болчихсон. Ёс юм шиг л тэвчээртэй үзээд суудаг.За, тэгээд л дандаа компанийн, ноёны бөхчүүд барилддаг. Морь уралдана. Дандаа баячуудын, ноёдын морь уралдана. Энэ чинь буцаад бүр нэг заваан манжийн юм руу явчихлаа шүү дээ. Одоо ёстой нөгөө нэг Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр тэнцэнэ гэдэг шиг л юм болж байна шүү дээ.
Буцаад бид тэр үе рүүгээ оччихлоо. Юун нөгөө соёлт иргэншилт Мон­гол орон, юун соёлт иргэншилт Улаанбаатар. Одоо шороо шуураад л байна. Тэгээд л энэ зам энэ тэрээ хар. Ерөөсөө л их хачин байна шүү дээ. Бид ийм нэг чөтгөрийн эргүүлэгт орчихлоо. Энэ чөтгөрийн эргүүлгээс гарах ёстой. Гаръя гэтэл МАН гэдэг нөгөө МАХН-ын сүнс чинь биднийг буцаагаад араас татаад байна шүү дээ. Хөгжөөд урагшаа явах гэхээр хойш нь татаж суулгачихаад байна. Монгол орон урагшаа явах гээд байна шүү дээ. Гэтэл энэ нам араас зуурчихаад байна. Бөх ерөнхийлөгчтэй болгох гээд ичихгүй дайрч байна. Энэ чинь юу болж байна вэ. Дараагийн Улсын Их Хуралд дандаа бөхчүүд орж ирнэ л гэсэн үг шүү дээ. Үгүй тэгээд энэ улс орон яах болж байна.
-Одоо ч гэсэн бөхчүүд сууж л байна шүү дээ?
-Одоо бас баахан бөх сууж л байгаа. Бөхийн чуулган болох гээд байгаа юм уу, хаашаа юм. Тэгэхээр бид бөх хүн гэж хэн бэ гэдгийг ярих хэрэгтэй. Хэн байсан юм. Одоо хэн болцгоочихсон юм гэдгийг.  Би бөх гэдэг спортыг нь ярьж байгаа юм биш шүү. Бөх барилдаж, энэ нийгэмд арчаагүйтэж амьдарч яваа тэр нэг хэсэг хүмүүсийг л хэлэх гээд байна. Бөх барилддаг нэртэй, ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу, том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг иймэрхүү л хүүхдүүд бөх болдог биз дээ. Дунд сургуулиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болохгүй нь цэрэгт явна. Ирээд том том газар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгайтай байдаг юм. Сүүлдээ явсаар эцсийн эцэст тиймэрхүү л хүмүүс харагдаад байна. Нөгөө социализмын үеийн алдарт аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнхийн үеийн сайхан спорт алга болсон. Тэр сайхан нийгэмдээ, цаг үедээ нөлөөлж байсан биеийн тамир байхгүй болчихсон. Энэ чинь одоо биеийн тамир биш болчихоод байна шүү дээ. Ерөөсөө зүгээр л казиногийн тоглоом шиг юм болчихсон байна. Тэгээд л ичгүүргүйгээр ард түмнээ хуурч худлаа барилддаг. Авлига жинхэнэ цэцэглэж байгаа газар бол бөхчүүдийн ертөнц болчихсон гэж хүмүүс маш их ярьдаг болсон. Ийм гутамшигтай ертөнц болгочихоод, тэрний хам­гийн гол хор найруулагчийг бүр улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлчихсэн явж байдаг. Ингэж ард олныг мунхруулж, басамжилж, доромжилж болохгүй.
-Хоёр Мөнх бол зөвхөн үндэсний бөхийн ч биш дэлхийд амжилтаа сийлсэн, эх орондоо олимпийн анх­ны медалиудыг нь авчирч өгсөн гавъяатнууд. Тэдэнтэй жиших бо­лолцоогүй л дээ?
-Тэд дэлхий ертөнцөд нэр төртэй явсан хүмүүс байхгүй юу. Эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө далбааг мандуулж явсан жинхэнэ тамирчид.
-Спорт гэдэг утгаараа манай үндэсний бөх төдийлөн сайн хөг­жихгүй байгаа л гэлцдэг. Дотроо ч асар их хэрүүл тэмцэлтэй болсон юм билээ?
-Дээр үед ямар гоё байсан гэж санана. Одоо тэр Тулгаа заан гээд маягтай гоё барилддаг бөх байсан. За, тэгээд Амгаа заан энэ тэр гээд маш гоё барилддаг бөхчүүд зөндөө. Дүвчин заан ч гэсэн маш гоё уран барилдаантай байсан.
-Би таныг бөх мэддэг гэж ерөөсөө бодсонгүй?
-Бид багаасаа л бөх үзэж өссөн шүү дээ. Өвөөтэйгөө зурагт үзээд л, тэр л гоё бөхчүүдийг харж, уран гоё мэхүүдийг нь үзэж бахддаг байлаа. Наадам ч их сайхан болдог байж дээ. Сүүлдээ бид наадмаа ч хийж чадахаа байсан. Бүр машины гэрэл энэ тэр тусгаж барилдаад л хөгөө чирээ биз дээ. Ингээд л наадам маань ч хачин юм болчихсон. Яршиг, нэг талаас миний бодлоор Б.Бат-Эрдэнэ ингэж гарч ирж байна гэдэг чинь бас зөв байхгүй юу. Яагаад гэвэл бид бас нэг хэн гэдгээ одоо толинд харах ёстой болсон байна. Ер нь бид ингэж унаж нэг ямар байгаагаа мэдэх ёстой. Тэр орчихоод байгаа чөтгөрийн тойргоо олж харах ёстой. Бид ерөөсөө энэ л чөтгөрийн тойргоосоо яаж гарах вэ гэдгээ одоо бодох ёстой. Бид харчихлаа. Аливаа нэг хүн алдаагаа мэдчихээр аягүй гоё цэгцэрч ирдэг  байхгүй юу. Яагаад гэвэл би хаана алдсанаа одоо мэдэж байна. Тэгэхээр би одоо засах аргаа олно. Улс орон ч адилхан. Монгол орон хаана алдчихаад байна вэ, хаана бидний чөтгөрийн тойрог байна вэ гэдгээ олоод харчихлаа. Одоо эднээсээ бид салах ёстой. Энэний загалмайлсан эцгийг бид нар мэдэж байна. Тэр хүний сүнс явж байгаа гэдгийг бид мэдэж байна. МАН-ыг ер нь ямар нам болчихсон юм бэ гэдгийг мэдэж байгаа. Одоо МАН-ыг улс төрийн байгууллага гэж хэлэхэд хэцүү болчихоод байна.
.
-Намын даргаа нэг бөх ялаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж бай­на гэдгийг яагаад ч ойлгохгүй байгаа юм л даа?
-Үгүй, ээ намын дарга нь нэр дэвших ёстой шүү дээ. Яах гэж улс төрийн намын дарга гэж байгаа юм бэ. Тийм биз дээ. Ядаж ерөнхий нарийн бичгийн дарга нь дэвших ёстой. Ерөөсөө гутамшиг. Би зүгээр бодож байна. Яг үнэндээ Монголын улс төр бол ерөнхийдөө гандчихаж. Одоо нэг шинэ бороо орж, шинэ сайхан өглөө эхлэхгүй бол гандчихсан байна, Монголын улс төр. Гандчихсан байна. Ган болж байна. Улс төрийн ган. Одоо энэ гангаасаа бид гарах ёстой. Улс төрийн ган болж байгаа нь Б.Бат-Эрдэнээр илэрхийлэгдлээ. Түүхэнд бол ард түмэн сайн явах, муу явах хоёулаа л байдаг. Сайн явж байхдаа онгирч болохгүй, муу явж байхдаа гутарч болохгүй. Муугаасаа гарах замаа олох хэрэгтэй. Сайн байгаа үедээ даруухан байх хэрэгтэй. Тэр л бидэнд чухал. Тэгэхээр бид одоо яах вэ. Улс төрийн энэ их муухай ган гамшиг, одоо юу гэдэг юм ийм хачин байдалд орчихлоо. Оруулсан эзэнтэй. Нэртэй. Одоо яая гэхэв. Ийм л үйлтэй байж. Тийм учраас одоо эндээсээ бид гарах ёстой. Улс төрийн онолын чухал чухал асуудлуудаа цэгцэлж авах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн намуудад онолын хүмүүс байхгүй байна л даа.
-Та Н.Энхбаяртай эвтэйхэн явж байгаад намын листэд нь нэр дэв­шиж орж ирээд, дараа нь тэр намыг нь аваад  өөрчлөх гарцыг хайж болоогүй юу. Таны дотор хүн  зөвшөөрөхгүй байсан байх л даа. Гэхдээ ийм их зарчим алдагдаж байгаа үед зарчимгүй нэг тоглоод үзэхгүй яасан юм?
-За, нэгдүгээрт миний хүмүүжил байна. Зальтай царайлаад л, хүний нөмөргөн дор явж байгаад хэзээ нэгэн цаг гарч ирнэ гээд гэтчихсэн явж байх тийм хүмүүжил багаас надад байхгүй шүү дээ. Миний хүмүүжил бол яг л юмаа хийдэг, цэвэрч, дэг журамтай, сахилга баттай, ёс суртахуунтай, хөдөлмөрч, эрдэм мэдлэгт суурилсан л хүмүүжил шүү дээ. Хоёрдугаарт, би улс төрийнхөө хувьд монгол орныхоо л төлөө явж байгаа хүн. Надад эх орон маань хөгжих  нь чухал болохоос биш хэн нэгний дор явах тэр нэг их сонин биш. Би их хуралд орохгүй ч  эх орныхоо төлөө ажиллаж чадна. Бүр илүү ч ажиллах байх, би улс төрд орохгүйгээр эх орныхоо төлөө асар их юм хийж чадна. Гуравдугаарт, би тэр Энхбаяртан  болон тэдэнтай тэгж удаан заваараад л цаг үрж байхын оронд хэдэн ном бичье гэж бодлоо. Улс төрийн гурван ном бичлээ.
-Ерөнхийдөө тарыг нь таниад л холдчихсон байх гэж бодсон?
-Би ерөнхийдөө нэг л юм бодож байсан. За, энэ хүн олон жил алдаа хийсэн. Монгол орны улс төрд дэмий балай юм зөндөө хийсэн. Одоо энийгээ хурдан засах хэрэгтэй. Сайнаар хэлэхэд би бас тусалъя, дэмжье гэж бодож байсан. Угаасаа мань хүн өөрөө гадаад дотоод руу явж мэдлэг боловсрол эзэмшиж энээ тэрээ улс төрийн онолд суралцсан хүн биш шүү дээ. Яахав ерөнхийдөө хүний аз гэж бас байна.Тухайн үед монгол орон ямар байлаа. Ёстой нөгөө тэр үед ардын хувьсал гэж юу байлаа, ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч гэж юу байлаа гэдэг шиг тэр их үймээний үед л дундуур нь төрд шургачихсан хүн.
Монголын ард түмэн ардчиллаас айгаад хуучин хувьсгалт намыгаа гаргаж ирээд байсан. Тэр чөлөөнөөр Төрд шургачихсан. Ер нь дараа нь одоо хөгждөггүй юмаа гэхэд ядаж алдсан эрх мэдлээ буцааж авъя гэж л МАХН зүтгэсэн. Та нар мэдэж байгаа 90 хэдэн оны үед юу болж байсныг. Тэгээд бүгдээрээ Хувьсгалт намыг чинь бүр уухайлан сонгож байлаа. Монгол хүн чинь бас прагматик учраас сайжирч чадахгүй юмаа гэхэд муудаад ирсэн нөхдүүдийг барьж авсан. Гэтэл тэр нөхдүүд нь аль хэдийнэ нүүрээ буруулчихсан байсан байхгүй юу, Монголын ард түмнээс. Нэгдүгээрт, нүүрээ буруулчихсан байсан, хоёр­дугаарт, нөгөө нэг хуучны сайхан улс орноо авч явдаг боловсролтой, соёлтой сэхээтнүүд нь тэртээ тэргүй бүгдээрээ алга болчихсон байсан. Тэгээд буцаад ийм нэг хачин, нэр нь МАХН мөртлөө кадр нь жинхэнэ бэртэгчин улсууд, тэрний дараагийн хоёр дахь үеийн залуу бэртэгчид бүр аюултай нөхдүүд гарч ирсэн. Бид мэдэж байгаа. Олон орлогч сайд нь энэ тэндхийн казинод очиж монгол орны хэчнээн ч төгрөгөөр тоглож алга хийсэн юм. Ерөнхийдөө казино нам болсон шүү дээ. Тэгэхээр бид ер нь ямар ч улс төрийн өөрчлөлт гарсан  гэсэн,  дайн болсон ч гэсэн, хаан нь үхсэн ч гэсэн, Засгийн газрын ордон нь дэлбэрсэн ч гэсэн ард түмэн нь хохирохгүй цаашаагаа ажил амьдралаа аваад явдаг тийм  төрийн хар хайрцагны бодлого хэрэгтэй байгаа байхгүй юу. Би тэрийг л хэлээд, бичээд бай­гаа байхгүй юу даа. Америкийн дөчин хэдэн ерөн­хийлөгч буудуулж алуулсан шүү дээ. Тэгэхэд америк орон хэзээ ч хямраагүй. Дараагийн Ерөнхийлөгч нь бэлэн байсан. Бэлдчихсэн  байсан. Тэгээд л тэр нь ард түмнээсээ үүргээ аваад л цаашаа явдаг шүү дээ. Тэнд бол нэг унтаад сэрэхэд хүүхдүүдийг нь цэцэрлэггүй болгочихгүй, хүүх­дүүд нь гүйдэг, тоглодог хөл бөм­бөгийн талбайг нь нураагаад байшин барьчихгүй, яг л байдгаараа байна. Бид  жижигхэн өөрчлөлт, жи­жигхэн хямрал, жижигхэн улс төрийн зөр­чилдөөн, жижигхэн хям­рал ирэхээр тэрэн дээр сөхрөөд л уначихдаг. Тэгээд л нөгөө муу муухай амьдрал гаарчихдаг. Бид хямралыг давж чадахгүй юм байна.
-МАН ядаж сансрын нисгэгчээ дэв­шүүлэхгүй дээ?
-Үгүй харин тэгдэг байгаа даа. Ядаж энэ алаг дэлхийг дээрээс нь харж юм бодож үзсэн хүн шүү дээ. Ерөнхийдөө тэр намд хуучны сэхээтний үлдэгдлүүд зөндөө бай­гаа шүү дээ. С.Баяр нь байна. Тэр Миеэгомбын Энхболд ч байсан яадаг юм бэ.
-Тийм шүү. Ц.Нямдорж, Д.Лүн­­дээжанцан, Д.Дэмбэрэл, Сү.Бат­болд гээд олон хүн байна?
-Тийм. Ядаж шадар сайд байсан М.Энхболд яасан юм. Сайд байсан, гадаадад Элчин сайд байсан, юм үзэж нүд тайлсан тийм хүмүүсийг л дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Намын даргаа одоо яаж байгаа юм. Энд ойлгогдох юм байна уу. Бүр болиод ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүл л дээ. Улс төрийн нам юм бол. Болдогсон бол хүнээр бол энэ нам ёстой нэг сүмд очоод нэг, хоёр жил ном уншаад, бясалгал хийгээд ариусаад эргэж ирэхээр болчихлоо шүү дээ. Ариусч, цэвэрлэгдэж чадахгүй юм бол Монголын ард түмэн ерөнхийдөө Ардын нам гэдэг энэ намаас нүүрээ буруулах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл эднийг хүмүүжүүлж авах хэрэгтэй, хүн болгож авах хэрэгтэй. Ардын нам бол одоо зүгээр сахилгагүй хулигаан залуу болчихлоо шүү дээ. Хэлбэрийн хувьд ч гэсэн хачин марзан залуучуудыг цуглуулж хөөрцөглөөд л, тэднийх нь мунхаг байгааг ээ. Тэр яриа энэ тэр гэж авах юм байхгүй. Юм болгоны үнэтэй цайтайг нь авч идэж, булааж хэрэглэчихээд, толгой нь хов хоосон.
-Ингэхэд МАХН гэдэг тэр на­мыг та дэргэдээс нь бас нэлээн  ажиг­ласан байх. Улс төрийн хүчин болж төлөвших магадлал, бололцоо байна уу? 
-Хувьсгалт нам чинь Н.Энх­баярын л хувийн нам биз дээ. Н.Энхбаярын нам буцаад тэр Ардын нам руугаа  очих хэрэгтэй. Тэрэнтэйгээ одоо нийлэх хэрэгтэй.
-Бас ингээд л улс төрийг хутгаад байж болохгүй л дээ. Хаялга нь Монгол төрийг л самраад байгааг хаа хаанаа бодмоор л харагддаг?
-Яах юм бэ ингэж.  Одоо утгагүй. Юу ч чадахгүй байж Засгийн газарт орж давхиад л. Утгагүйтээд л. Тэдний нам ингэж болохгүй. Нэг тийм үлгэр байдаг юм. Нэг муу нөхрийн тухай үлгэр л дээ. Яадаг вэ гэхээр  өөрөө чадахгүй болохоороо бусад хүмүүсийг нураадаг. Нэгэнт би чадахгүй, нэгэнт миний ажил бүтээгүй юм чинь устгаад өгнөө гээд амар заяа үзүүлдэггүй нэг нөхрийн тухай үлгэр байдаг. Тэр л харагдаад байгаа юм. Нэгэнт л би Ерөнхийлөгч болж чадахгүй юм бол эд яаж ч зодолдсон яадаг юм. Ер нь энэ муу Монгол орон яасан ч яадаг юм гэж биднийг хохироож, тэр хохироолтоос ханамж авч байна шүү дээ. Монголын ард түмнийг хохироож, улам хямралд орж, хоорондоо муудаж, зөрчилдөж муу муухайгаа дэлгэрүүлж л байвал тэр хүн ханамж авч байна. Юм чинь нэг буруу эргэчихээр л ингэдэг байхгүй юу. Нэг тийм дөрөө олохгүй  ааштай дүү нар байдаг ш дээ. Сайхан даалуу тоглож байгаад хожигдчихоороо гүйж ирээд цацаад хаячихдаг. Нэгэнт л би тоглохгүй юм чинь эд ч битгий тоглог гээд тоглоомыг юу ч үгүй шороотой хутгаад хаячихдаг ийм нэг нөхдүүд байдаг. Яг тэрэн шиг байгаа биз дээ. Нэгэнт л би энэ улс төрд орж ирж чадахгүй юм чинь энэ муу улс төрийг би ёстой зүгээр хуйхлаад хаячихъя хохь нь. Монголын ард түмнийг  яахыг нь харъя  гээд шүдээ хавираад хараагаад хэвтээд байдаг. Яахаараа Монголын төрд гурвын гурван өндөр албыг нь хашиж туйлж явсан ийм хүн ард түмэндээ ийм муухай хүйтэн цэвдэг байдаг юм бэ. Бид үнэхээр их гайхдаг байхгүй юу. Ард түмэндээ хорсчихсон. Ард түмэндээ үхэн үхт­лээ хайртай байсаар байгаад үхэх ёстой байхгүй юу, мань эр бол. Энэ нөхөр өөрийгөө хувь хүн гэж бодож болохгүй биз дээ. Би ард түмний хүү, ард түмэнтэйгээ хамт үхнэ гэж бодох ёстой байхгүй юу .Тийм биш байна шүү дээ. Энэ хийж байгаа үйлдлүүдийг нь харахад. Арвиндаж нэг намыг нь самраад л, Бат-Эрдэнэдэж нөгөө намыг нь самраад л. Ил далд бөөн явуулга хийгээд л. Яаж ингэж улс орондоо өширхөж болдог юм бол.
-Бид эх орондоо хайргүйдээ, бусдын мууг үзэх гэсэндээ ингэж ярьж тэмцэж байгаа улсууд биш биз дээ. Заримдаа бүр гайхшралаасаа болоод шууд зогсчих юм?
-Харин тийм ээ. Бат-Эрдэнэ бол Монголын үнэртэй хүн ч гэх шиг. Бид тэгээд ямар үнэртэй юм. Би эх орондоо хайргүй юм уу. Та нар бас хайргүй юм уу. Би чинь хайртай учраас л энэ төр улсыг шүүмжилж, ном бичиж, ярьж хэлж тэмцэж яваа биз дээ. Ямар ч хор найруулахгүйгээр, ямар ч эх орноо самарсан муухай сэдэл санаа өвөрлөхгүйгээр, өөрийнхөөрөө тэм­цэж яваа хүн.
-Алдаагаа хуучин гуталтайгаа тайлж хаяад л цаашаа явъя гэж та Н.Энхбаярт санал тавьсан юм байна шүү дээ, ер нь?
-Одоо ерөөсөө урагшаа л явъя. Алдсан уу, алдсан. Одоо тэрэнтэйгээ зууралдаад юу хийх вэ. Засаж залруулъя, айл гэр ч гэсэн тийм шүү дээ. Бид одоо хоорондоо зөрчилдөөд, хэрэлдээд л ингээд суугаад байвал суугаад л байна шүү дээ. Одоо больё, маргааш өглөөнөөс бүгдээрээ тэврэлдэж, уйлалдаж, үнсэлцэж  аваад тэгээд л ажилдаа орох ёстой байхгүй юу. Монгол орон өнөөдөр яг тэгэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол хэзээ ч ийм алхам хийж чадахгүй хүн юм билээ. Ерөөсөө дотоод чанар нь эвдрэлцүүлэх, хагалах, хуваах, биеэ өмөөрөх. Үнэхээр ойлгохгүй юм билээ. Тэр хүн өөрийнхөө дотрыг, мөн чанараа, зүрхээ угаах хэрэгтэй. Ерөөсөө монгол оронд их угаалга хэрэгтэй байна. Хүн чанарын, ёс суртахууны том угаалга хэрэгтэй болжээ. Ерөнхийдөө яг л одоо соёлын урсгал явагдах гээд байна. Монгол оронд ийм хувьсгал явагдаагүй байхгүй юу. Яг жинхэнэ утгаараа монгол хүний, монголчуудын өөрсдийнх нь хийх тэр хувьсал явагдаагүй шүү дээ. Ардын хувьсгал бол ерөнхийдөө оросууд залж удирдсан гаднаас удирдлагатай хувьсгал байсан. За, ардчилсан хувьсал бол гаднаас удирдлагатай ерөнхийдөө Америкаас удирдлагатай, гаднаас маш их мөнгө орж ирж байж тэр хувьсгал явагдаж байсан. Үүнийг өнөөдөр нэг их нуугаад яахав. Тийм л түүхтэй. Монголчууд өөрсдөө бид дотроосоо хувьсгал огт хийгээгүй байхгүй юу. Сэтгэлээсээ, бүр амин зүрхнээсээ хувьсгал хийгээгүй байх­гүй юу. Тэгэхээр одоо бид жинхэнэ соёлын хувьсгалыг хийх ёстой. Монгол хүнд бол маш их нөөц байдаг юм байна. Бүгдээрээ паг бичиг үсэггүй л байсан улсууд шүү дээ. Сурсан. Дараа нь социализмын үед тэр Москва энэ тэрд нь очоод юм сурцгаалаа. Ирээд хийж бүтээлээ. Чадсан шүү дээ бид. Бас муу муухайг нь хөдөлгөх юм бол бас муу муухайгийн нөөц ямар их байна. Ийм зүйлийг ч бид өнгөрсөн 20 жил хангалттай харлаа шүү дээ /Инээв/. Тэгэхээр одоо чин зүрхний хувьсгалаа бид хийх цаг болсон. Өөрсдөө хийх ёстой. Дараа нь уучлах, өршөөх хамгийн сүүлд хайрлах. Тэр бүгдийгээ нэг хийж авах хэрэгтэй. Яг амин зүрхний тэр хувьсгал маань бидний соёлын хувьсгал, эрдэм боловсролын хувьсгал, ариуслын хувьсгал байх ёстой. Яагаад өөрсдөө өөрсдөө гээд давтаад байна гэхээр бид бас хүнээр заалгуулах дургүй хүмүүс шүү дээ. Тийм учраас одоо өөрсдөө хийх гээд байна. Өөрсдөө бид энэ хувьсгалынхаа автор нь болох ёстой. Монголын хүүхдүүд өөрс­дөө дотроосоо, өөрсдийнхөө тол­­­гойгоор,өөрсдийнхөө авьяас чад­­вараар, нөөц бололцоогоороо, өөрс­­дийнхөө сайн санаагаараа хийх ёс­­той шүү. Монгол хүн чинь тийм сайн санаатай шүү дээ. Монгол хүн бол дандаа л сайн санааны үүднээс аливааг хийдэг. Яваандаа тэр юм нь буруутаад явчихдаг л болохоос.
Энэ хүн бол Их Сургуулийн танхимд шавь нартаа лекц уншдаг хүн. Гэхдээ тэднийгээ хэзээ ч юунд ч ашиглаж байгаагүй. Учир нь түүнд Монголынхоо үр садаар, монголчуудаараа тоглох өчүүхэн ч санаа сэдэл байхгүй юм. Тэр монголчуудынхаа төлөө л өнөөдөр шатаж байгаа юм. Маргааш ч шатна. Ер нь үргэлж л ийм байх болов уу.
Улс төрийн тойм сонин