Showing posts with label ГАНХУЯГ Д. Show all posts
Showing posts with label ГАНХУЯГ Д. Show all posts

Wednesday, 10 October 2012

Д.Ганхуяг: ОУ-ын стандартад нийцсэн гадаад паспорттой болно

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Ажиллаж байсан салбарынхаа дэд сайдаар томилогдлоо. Тиймээс цаашид таны хийх ажил хялбар бас тодорхой байгаа болов уу?
-Би Гадаад харилцааны салбарт 30-аад жил ажиллаж байна. Тиймээс энэ салбар хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулдагийг сайн мэднэ. Манай салбар бусад салбараас нэлээд онцлогтой. Тухайлбал, бид өмнөх Засгийн газар бүрийнхээ үйл ажиллагааг залгамж чанараар хадгалан, үргэлжлүүлдэг.
  Харин энэ удаагийн Засгийн газрын үед шинэчилж хийх зүйл бол Монгол Улсын аюулгүй   байдлыг улс төр, дипломатын аргаар хангахын төлөө илүү түлхүү үйл ажиллагаа зохион байгуулна.
   Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршдог. Гадагшаа гарах боломж хомс, далайд гарцгүй орны хувьд энэ байдлаа өөртөө ашигтай болгох ямар арга зам байгаа талаар мөн судалгаа хийнэ. Дараагийн нэг зүйл бол Монгол Улсыг олон улсын байгууллага, Азийн янз бүрийн яриа хэлэлцээрийн байгууллагуудад гишүүнээр элсэхэд тусгайлан анхаарлаа хандуулахаар төлөвлөөд байна.
   Зүүн хойд Азийн орны хувьд манай улс ямар нэг бүс нутгийн бүтцэд хамаардаггүй. Тиймээс АПЕК, Зүүн хойд Азийн чуулга уулзалт, АСЕАН зэрэг байгууллагад Монголын төлөөллийг бий болгох, гишүүнээр элсүүлэх асуудалд идэвхитэй ажиллана. Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн улсын хувьд бүс нутагтаа тодорхой хэмжээний үүрэгтэй байх чиглэлд ч анхаарлаа хандуулна. Өмнө нь манай улс үргэлж гаднаас зээл тусламж авдаг орон байсан бол өдгөө бидэнтэй адилхан зах зээлийн эдийн засаг, ардчиллыг хөгжүүлж байгаа Киргиз, Мьянмар зэрэг улсуудтай өөрсдийн туршлагыг солилцох асуудалд нэлээд анхаарлаа хандуулж ажиллахаар болоод байгаа.

-Засгийн газар шинэ удирдлага, бүтцээр ажиллаж эхэлж байна. Тиймээс юун түрүүнд монголчууд олноор очдог улсын визний талаар асуумаар байна. Тухайлбал, Солонгос, Япон зэрэг улсуудад манай иргэд визгүй зорчих өдөр хэзээ ирэх бол...
-Иргэд харилцан зорчих нөхцөлийн хувьд бид Солонгостой хэлэлцээр хийж, саяхан манай УИХ-аас баталсан. Энэ хэлэлцээрийн ач холбогдол нь виз бүрдүүлж байгаа иргэд нэг, гурав, таван жилийн хугацаатай виз авна. Ингэхдээ визний хураамжаас чөлөөлөгдөхөөр болсон.
    Өөр нэг ярьж тохирсон зүйл бол тус улсын визийг маш богино хугацаанд олгох, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөрүүлэх тухай. Үүнийг Солонгосын тал энэ сарын  1-нээс эхлэн судалж, эцсийн хэлэлцээр энэ сарын 28-нд хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Монгол иргэд Солонгос улсад 90 хоногийн хугацаанд ямар нэг бүртгэлтгүйгээр, жилд олон удаа зорчих боломж бүрдэнэ. Цаашдаа жилд олон удаа явсан иргэн виз гурав, тав гэх мэт шатлалтайгаар виз авах боломжтой болох юм. Ер нь цаашид иргэд Солонгос улсад огт визгүй зорчдог байх чиглэлд бид ажиллана.
   Япон улсын тухайд японы иргэдийг Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих нэг талын шийдвэрийг манай улс гаргасан. Үүний хариуд монгол иргэдийг Японд зорчуулах асуудлыг ярьж байгаа. Үүний эхлэл болгож Японы виз авахад нөгөө талын урилга хэрэггүй байх, маш богино хугацаанд олгох асуудлыг яриад тохирчихсон. Эхнээсээ хэрэгжиж байна. Цаашид мөн л ямар нэг визгүй зорчих асуудлыг ярина. Түүнчлэн Европын орнуудаас Герман, Испани, Швейцарь зэрэг улсуудтай визгүй зорчих асуудлыг яриад эхэлчихсэн байгаа. 

-АНУ руу зорчих хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тэдэнд мөн визгүй зорчих боломж бүрдэх үү?

-Хоёр талын тохиролцооны дүнд америк иргэд манайд визгүй зорчиж байгаа. Манай иргэд ч мөн зорчиж байна, гэхдээ визтэйгээр. АНУ-ын талаас нэг удаа олгохдоо 10 жилийн хугацаатайгаар виз олгохоор болсон ч тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалан заавал 10 жил гэлгүйгээр Элчин сайдын шийдвэрээр визний хугацааг гурав, таван жил гэх мэтээр өгч байгаа.
     АНУ нь иргэдийг визгүй зорчуулах асуудлыг тавихдаа визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдсан байх шаардлагыг тавьдаг. Ингэхийн тулд хэд хэдэн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хамгийн түрүүнд тухайн иргэний гадаад паспорт нь олон улсын иргэний агаарын тээврийн стандартад нийцсэн буюу хурууны хээ, нүдний хээ гэх мэт давтагдашгүй өгөгдөл чипэнд нь хадгалагдсан бичиг баримттай байна гэж заасан байдаг. Тиймээс манай улс энэ жилдээ багтаан чиптэй албан паспорттой болох бэлтгэл ажлаа хангаж, ирэх нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ. Улмаар ирэх 2014 оноос эхлэн энгийн иргэдээ ийм паспорттой болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгаа. Ийм чип бүхий паспорттой болсноор олон улсын стандартад нийцэж байгаа учир бусад улс орнуудтай ч гэсэн визгүй зорчих асуудлыг тавихад маш дөхөм болох юм.

-Тэгвэл визний хугацаа хэтрүүлсэн иргэдийг асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Гадаадад хууль бусаар визний хугацаа хэтрүүлсэн иргэд олон байдаг. Энэ иргэдээ Монгол Улсын иргэн гэдгийг нь мэдрүүлэхийн тулд бүртгэх, Засгийн газраас олгож байгаа янз бүрийн нийгмийн халамжид хамруулах арга хэмжээг   авахаар төлөвлөж байгаа. Ер нь иргэдийнхээ төлөө хийх ажил их байна. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заасан. Үүнд манай Гадаад харилцааны яам онцгой үүрэгтэй оролцоно гэж тооцож байгаа.

-Та үгийнхээ эхэнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад түлхүү анхаарах тухай хэлсэн. Өнгөрсөн хугацаанд цөмийн хаягдлын талаар нэлээд шуугисан. Энэ мэт асуудлыг анхааралдаа авна гэсэн үг үү?

-Энэ асуудал нь үндсэндээ ашигт малтмалыг гадагшаа гаргах, эсвэл гаднын хөрөнгө оруулалтыг оруулахтай холбоотой юм. Гадаад харилцааны яам нь эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны асуудлаа шинэ бүтцийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн. Бидний хувьд гадаад бодлогыг зохицуулах, хяналт тавих үүрэгтэй. Тиймээс цөмийн хаягдал гэдэг ч юм уу асуудал үүсвэл Эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтарч үйл ажиллагаагаа явуулна.

-Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Консулын газрын дарга байсан. Энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ?
-Би 1979 онд Москва хотноо олон улсын харилцааны сургуульд орж, 1984 онд төгсч  ирсэн. Түүнээс хойш Гадаад харилцааны яамны системд ажиллаж байна. Энэ хугацаанд тус яамны бүх газар, хэлтэст ажилласан гэхэд болно. Хөрш орнуудын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Олон улсын байгууллага, консулын газар, Европын газар гээдбүхий л газарт ажиллалаа. Бээжин, Лондонд томилогдож ажиллаж байсан. Харин сүүлийн дөрвөн жил Консулын газрын даргаар ажиллаж байна.  Европын газарт ажиллаж байхдаа бид Европын түншлэлийн хэлэлцээрийн анхны төслийг боловсруулж байлаа. Энэ нь Европын холбоо болон Монголын хоорондын харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг юм. Манай тал тун удахгүй энэ баримт бичигт гарын үсэг зурахаар ажиллаж байна.
  Харин Консулын газарт ажиллаж байхдаа миний гол анхаарал хандуулсан ажил бол гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх,  улс орнуудад консулын газар байгуулах чиглэлд анхаарсан. Тухайлбал, Япон улсын Осака, АНУ-ын Сан Франциско, Хонконгт тус тус консулын газар нээж ажиллууллаа.

-Өнгөрсөн хугацаанд манай иргэдээс хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдол олонтаа гарсан. Энэ тохиолдол бүрт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадсан болов уу?

-Гадаад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бид өмнө нь Консулын дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнгөрсөн жил Гадаад бодлогын үзэл баримтлалын баримт бичиг батлагдсан. Үүнд гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгай бүлэг орсон. Өнөөдөр хэрэгжээд явж байна. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг нь хилийн чанадад байгаа иргэд ямар нэг хэрэгт холбогдох юм бол тухайн улсын хуулийн хүрээнд, олон улсын венийн конвенцийн дагуу эрх ашгийг нь хамгаална гэсэн үг.
    Тухайлбал, ямар нэг гэмт хэрэг хийгээд шоронд орсон бол иргэнтэйгээ байнгын холбоотой байж орчуулагч, өмгөөлөгчөөр хангагдаж байгаа эсэх, шоронгийн нөхцөл ямар байгаа, ар гэрийнхэнтэйгээ захидлаар холбогдож чадаж байна уу гэх мэт маш олон ажлыг хийх ёстой. Үүнийгээ Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан хийж байгаа. Энэ асуудал дээр бид цаашид ахиц гаргах болно
     Манай иргэдээс хар тамхины хэрэгт холбогдсон асуудал өнгөсөн онд хэд хэд гарсан. Үүнд манай Консулын газар идэвхтэй ажилласны дүнд 2012 онд ийм тохиолдол гараагүй. Мөн гадаадад ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлж авах талаар ажилласан. Тухайлбал, халуун нөхцөлд шоронд хоригдож байгаа монгол иргэдээ тухайн улс дотор нь сэрүүн газарт шилжүүлсэн тохиолдол бий. Тухайлбал, хятадын өмнөд хэсэгт хоригдож байсан иргэнээ цаг агаар ойролцоо гэдэг утгаар нь Өвөрмонголын хойд талын шоронд шилжүүлсэн байгаа.

-Хятад улсад хоригдож байсан дөрвөн монгол иргэнийг өөрийн улсдаа шилжүүлсэн авсан бил үү?

-Хятадын талтай ялтан солилцох гэрээг манай тал баталчихсан. Одоо Хятадын талыг батлахыг хүлээж байгаа. Өмнө нь энэ тохиолдлыг хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт гэх механизмаар зохицуулж байсан юм. Бид энэ уулзалтыг Солонгос, Орос, Хятад, Казахстантай хийж байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд харьцангуй олон байдаг улсуудтай хийдэг юм. Консулын зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан хэдийгээр гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн асуудлыг нэг нэгээр тавьж шийдвэрлэж ирсэн. Үүний хүчинд бид өнгөрсөн хугацаанд дөрвөн иргэнээ Хятад улсаас эх оронд нь шилжүүлж авсан.

Т.ГЭРЭЛМАА
Эх сурвалж: “Өдрийн сонин”.

Monday, 27 December 2010

Д.ГАНХУЯГ: "ИЙМ АШИГТАЙ БИЗНЕС МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙ"


Оюутолгойн ордод Монгол Улсын эзэмшлийн 34 хувь 6.8 болтлоо буурсан талаар зарим гишүүд баримт дэлгээд буй. Харин гэрээг үзэглэсэн хоёр сайд үүнийг эсэргүүцэж байгаа билээ. Иймдээ ч Ерөнхий сайд хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хоёр сайдтайгаа хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар залруулга гаргасан. Тэдний мэдэгдлийг эсрэг тал хүлээн авсангүй. Харин ч баримтыг илт гуйвуулсан үйлдэл хэмээн үзсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээг “Айвенхоу майнз лимитед” хэмээх толгой компанитай нь бус “Айвенхоу майнз Монголия Инк” компанитай байгуулж байгаагаа тухайн үед мэдэгдээгүй гэдэг нь үнэн үү?

-Хувь нийлүүлэгчидийн болон Хөрөнгө оруулалтын гэсэн хоёр гэрээ бий.Энэ хоёр гэрээний төслийг УИХ авч хэлэлцээд гол зарчмын асуудалтай холбогдуулж 40, 57 дугаар тогтоолыг гаргаж, Монгол Улсын эрх ашиг болон хуулийг дээдэлж гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Хувь нийлүүлэгчидийн гэрээг нэг талаас “Эрдэнэс МГЛ” ХХК, нөгөө талаас “Айванхоу Оюутолгой Лтд”, “Оюутолгой Нидерланд”, “Айванхоу Майнз Монголия Инк” гэсэн Айванхоу группын гурван охин компани оролцож байгуулжээ. Энэ Хувь нийлүүлэгчдйн гэрээ саяхан бидний гар дээр ирсэн. Ингэхдээ нууц гэсэн тамга дараастайгаар шүү. Уг нь Төрийн нууцын тухай хуулиар гадны хувийн хэвшлийн компанитай байгуулсан гэрээ нууцын зэрэглэлд ордоггүй.

Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар нөгөө талаас “Айвенхоу майнз лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс лимитед”, “Айванхоу Майнз Монголия Инк” байгуулсан. Монголын Засгийн газрын тухайд “Айванхоу Майнз Монголия Инк”-ийн 34 хувийг худалдан авч эзэмшиж байгаа. “Айвенхоу майнз лимитед” бол “Айванхоу” группын толгой компани. Улмаар манай Оюутолгойн ордын Ашиглалтын лизенцийг эзэмшигч, энэ компани болон хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж байна.

Эндээс хөрөнгө оруулагч, Хувь нийлүүлэгч компани нь өөр өөр хуулийн этгээд болох нь, мөн манай Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшиж, уг баялагын хүчээр “Айвенхоу майнз лимитед” компанийн үнэ цэнэ олон дахин өсч байгаа нь баялагийн жинхэнэ эзэн Монголд шууд хамааралгүй байгаа нь харагдах байх.

-Үүнээс болж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж босгосон санхүүжилт нь манай эдийн засагт шууд орж ирэхгүй байгаа гэсэн үг үү?

-Одоогийн хөрөнгө оруу­лалтын гэрээгээр IPO хийж босгосон санжүүжилтэд Мон­голын тал хяналт тавих боломж­гүй. Хувьцаа гаргагч “Айвенхоу майнз лимитед” компанийн хувьцаа эзэмшигч биш учраас. Гэхдээ энэ босгосон хөрөнгөнөөс Оюутолгой төслийн санхүүжилтэд зарцуулагдах нь мэдээж. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар анхны хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар бөгөөд үүний 34 хувьд ноогдох хөрөнгийг Монголын Засгийн газар хүүтэй нь хамт Оюутолгойн төслөөс Монголын талд оногдох орлогоос төлөх юм. Уг нь УИХ-ын 40 дүгээр тогтоолоор “Оюутолгойн лизенцийг эзэмшигч компанийн 34 хувийг эзэмших”, 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх” гэсэн заалтыг гэрээнд оруулах шийдвэрийг Засгийн газарт хариуцуулсан. Гэтэл хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй “Айванхоу Майнз Монголия Инк”-ийн 34 хувийг Монгол Улс эзэмшихээр болж, 30 жилийн дараа Монголын Засгийн газар хүсвэл 34 хувиа 50 болгож болохоор гэрээ хийгджээ. Энэ байдал нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалттай холбоотой тал ч бий.

-2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батал­сан. Ингэхдээ хуулийн төсөлд байсан тусгай зөвшөөрөл эзэм­шигч гэдгийг орд газар эзэм­шигч гэж өөрчлөн баталсан гэх яриа байдаг?

-Хуулийн төсөлд ямар заалт байсныг нь би мэдэхгүй. Ийм утгатай заалт батлагдсан нь үнэн. Энэ нь гол хэрүүлийн алим болсоор ирсэн. Ийм заалт орсон учраас тэр хуулийг батлахад эсрэг саналтай байсан юм. Энэ хуулийн 4.1.15-ын “Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 5.1-ийн “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.5-ын “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач хол­бог­дол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ор­дод оруулсан хөрөнгийн 34 хүр­тэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэм­жээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэм­жээг харгалзан орд ашиглах гэрээ­гээр тодор­хойлно” гэсэн заалтууд хоо­рон­доо зөр­чил­тэй болсон байгаа биз. Гол нь Ашиглалтын лизенз эзэмшигч нь ордын эзэм­шигч болоод, дээр нь газрын доор­хи ашигт малт­малаа Үндсэн хууль болон энэ хуульд ард түмний мэдлийн төрийн өмч гэж заасан атлаа өмч болох баялагаа үнэлэхгүйгээр, ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтыг үнэлсэн байгаа юм. Үүнийг өөрчлөх гэж хуулийн төсөл өргөн бариад хэдхэн саналын зөрүүтэйгээр төсөл унасныг санаж байгаа байх. Монгол Улс баялагаа үнэлдэг болох нь чухал. Энэ сонин заалт Оюутолгой дээр хэрэгжиж байна. Үүнийг засах гээд УИХ-аас 57 дугаар тогтоол гаргасан ч Засгийн газар хэрэгжүүлсэнгүй. Тодруулбал багаар тооцоход Оюутолгойн ордын зэсийн нөөц 40 сая тонн, алтны нөөц 1000 тонн. Эндээс борлуулах үнийг зэс 7000 ам.доллар, алт 1000 ам.доллар, өөрийн өртгийг зэс 3000 ам.доллар, алт 500 ам.доллар гэж тооцоход 170 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг олохоор баялаг байх нь. Үүнтэй харьцуулахад тэр хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.долларын хажууд юу ч билээ.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр одоогийнх шигээ тогвортой байвал Оюутолгой төсөл анхны хөрөнгө оруулалтаа 2-3 жилийн дотор нөхөх боломжтой гэсэн байх аа. Мөн Оюутолгойн гэрээг үзэглэж байхад нийт ашгийн 58 хувь Монголын талд ирнэ гэж байсан санагдана. Энэ хир үндэслэтэй вэ?

-Анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа “Рио Тенто”-гийн хийсэн тооцоогоор нэг тонн зэсийн үнэ 4320 ам.доллар байхад ордыг ашиглаж эхэлснээс хойш 4.7 жил. Хэрэв зэсийн үнийг 7000 ам.доллараар тооцвол хоёр жил орчмын хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө. Ийм ашигтай бизнес Монгол Улсад одоогоор бараг байхгүй. Одоогийн байдлаар батлагдсан гэрээгээр Монгол Улс Оюутолгойн төслийн ашгаас бүх төрлийн татвар, хурааамжаар 42-45 хувийг авах юм. Гэтэл Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Айванхоу-гийн талд Менежментийн үйлчилгээний төлбөр төлөх хэвээрээ байна. Энэ төлбөрийг үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс авна. Хэмжээ нь ордыг ашиглаж эхлэхээс өмнө гурван хувь, эхэлснээс хойш зургаан хувь гэж гэрээнд заажээ. Энэ бол өндөр хувь. Зардал өсөх тутам нэмэгдэж, тэр хэмжээгээр Монгол Улсад орох ашгаас хасагдана гэсэн үг. Эндээс хөрөнгө оруулагч талд нийт ашгийн 55 орчим хувь буюу 90 гаруй тэрбум ам.доллар очих байх. Энэ нь хөрөнгө анхны оруулалтаасаа 20 гаруй дахин их ашиг олно гэсэн үг.

-Уг нь Монгол улс 34 хувиа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох талаар 57 дугаар тогтоолыг гаргасан. Харин Засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй. Одоо бүр Монголын эзэмшилийн хувь 6.8 хувь болтлоо буурлаа гэх баримтыг та бүхэн дэлгэх боллоо?

-Одоо 57 дугаар тогтоолыг монголчуудын ихэнх нь мэдэж байгаа байх. Монгол Улс “Айванхоу Майнз Монголия Инк” (2010 онд ТУЗ байгуулагдагдаад энэ компанийн нэрийг Оюутолгой ХХК гэж өөрчилсөн) компанийн 34 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв энэ компанийн нийт хувьцааны 80 хувийг давуу эрхийн хувьцаа болгож арилжихад үүнийг нь өөр этгээд авна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс үлдсэн 20 хувийн энгийн хувьцааны 34 хувийг зэмшинэ гэхээр 6.8 хувь болж байгаа биз дээ. Гэхдээ бодит тохиолдолд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь “Айванхоу Майнз Монголия Инк” биш манай ашиглалтын лизенцийг эзэмшигч “Айвенхоу майнз лимитед” юм. Гэтэл энэ компанийн давуу эрхийн хувьцаа гаргаж санхүүжилт босгох нь Монголд ямар ч хамааралгүй. Гэсэн атлаа үр дүн нь Оюутолгой төслөөс Монголд оногдох ашгийг нилээд хэмжээгээр бууруулах болоод байгаа нь харамсалтай. Тэр нь гэрээнд Монгол Улс “Айванхоу Майнз Монголия Инк”-ийн зөвхөн энгийн хувьцааг эзэмшинэ гээд заасан учраас эхлээд давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тавина. Дээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг улирал бүхэн тавина, тавьж чадахгүй бол хуримтлалд нь санхүүжилтийн гэх есөн хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтөөр тохируулах юм. Энэ нь нийт 11-12 хувийн хүү болно. Ийм байж болохгүй биз дээ.

Мөн Монгол Улс дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 34 хувь оногдох хөрөнгийг энэ өндөр хүүгээр зээлэхээр гэрээнд туссан байгаа. Энэ асуудлыг бид хоёр гэрээг УИХ-аар хэлэлцэж байхад хэлж байсан. Монгол Улс энэ олон компанийн аль компанид тэр 34 хувиа эзэмшвэл зохистой талаар. Утга нь “Айванхоу”-гийн тол­гой компани болон охин ком­паний хувьцаа хоорон­дын хөрөвдөг харьцааг гэрээнд тусгахгүй бол “Айвехоу Майнз лими­тед”-ийн ОУ-ын бирж дээрхи үнэлгээ нь Монголын талд хамаа­рал­гүй болно гэдэг санал байсан. Үүнийг манай Засгийн газар гэрээ бай­гуулахдаа тоосонгүй.

-Та бүхний энэ яриад байгаа зүйл үндэс­лэл­гүй талаар Засгийн газар хэвлэлийн бага хурал хийж зарласан. Хуралд гүйцэтгэх засаг­лалын тэргүүн гэ­рээг үзэглэсэн хоёр сайд­тайгаа оролцож мэдэгдэл гаргалаа шүү дээ?

-Энэ талаар би дээр баримттай тайлбарласан тул ойлгомжтой байх. Монгол Улсын эрх аш­гийг эдгээр гэрээний зарим заалт хэтэрхий их доош нь хийж байгааг ойл­гож гэрээнд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн сайн хэрэг. Энэ олон хүмүүсийн тэмцлийн үр дүн. Тэр санхүүжилтийн хэрэгсэл болох энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг энгийн Мон­гол иргэд мэдэж бай­гаа гэдгийг хэлмээр байна.

-Нөгөөтэйгүүр 2009 оиы зургадугаар сарын 29-нд хувьцааны үнэ 5.48 ам.доллар, зах зээлийн үнэлгээ 2.9 тэр­бум ам.доллар бай­сан. Гэтэл энэ сарын 6-ны байдлаар ком­панийн үнэлгээ 14.3 тэрбум ам.доллар болж тав дахин өссөн. Ул­маар тэднийд ашиг, манайд өр нэмэгдсэн гэж тайлбарласан ч “Эрдэнэс МГЛ” ком­панийн нуруун дээр нэг ч ам.дол­ларын өр байхгүй гэж Д.Зоригт сайд мэдэгдэж байна. Таны хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Баялаг нь хэнийх юм. Тэр баялагийг ашиглах лицензийг эзэм­шигч хөрөнгө оруулагч компанийн үнэ цэнэ нэмэгдэх, санхүүжилт босгож байгаа нь яагаад баялагын эзэн Монгол Улсад хамааралгүй байгаа юм бэ гэсэн асуулт байна. Баялагтай хүн заавал хэн нэгнээр дамжууж шимтгэл төлөлгүй өөрөө шууд зээл авсан нь дээр биз дээ. Нөгөө дөрвөн тэрбум ам.доллар хөрөнгө оруулалтын 34 хувийг 11-12 хувийн хүүтэй зээлээр худалдаж авч байгаа тухай ярьсан байна. Бусадтай нь санал нэг байна.

-Урьдчилгаа төлбөр, зээ­лийн урьдчилгааг хольж хут­ган иргэдийн тархийг угааж Монгол Улсыг өрөнд оруулах боллоо. Сүүлдээ эдийн засгийн алуурчдыг эртнээс бэлтгэсэн ажиллагаа ч яригдах болов. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Иймэрхүү тархи угаалттай хариуц­лага тооцох хэрэгтэй. Зээлийг буцааж төлдөг биз дээ. Урьд­чилгаа төлбөрөө хийгээд авах ёстой зүйлээ эхлээд авдаг. Үлдсэнийг нь дараа төлдөг. Ийм л асуудал. Тэр Айванхоу-оос 2009 онд авч тараасан 100 сая ам.доллар хүүтэй зээл байсан.

-Манайх Оюутолгой ордоо эргэлтэд оруулахын тулд хууль тогтоомжоо гадныханд тохи­руулан өөрчилж хайр зарлсан ч өнөөдөр ашиг биш өр, ололт биш алдагдал хүлээхэд хүрээд байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Оюутолгой төсөл яваандаа Монголд ашиг өгөх нь ойлгомжтой. Гэхдээ буруу эхэлсэн. Иймдээ ч гараагаа өрөөр эхэллээ. Хөрөнгө оруулагчтай хамт олон улсын зах зээл дээрээс санхүүжилт босгодог тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Мөн энэ төслөөс Монгол Улсын талд оногдох ашиг чамлалттай бага байгаа. Тиймээс нэг тонн зэсийн зах зээлийн үнэ 6000 ам.доллараас доошгүй байхад, Оюутолгойд зориулж хүчингүй болгосон 68 хувийн татварынхаа 50-хүртэл хувийг авах нь зөв. Сая ийм утгатай хууль УИХ баталсан. Энэ татварт Оюутолгой төслийг хамруулах нь чухал байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН