Showing posts with label ЧИНБАТ Лхагвын. Show all posts
Showing posts with label ЧИНБАТ Лхагвын. Show all posts

Monday, 20 December 2010

Л.ЧИНБАТ: "Лиценз хураах нь банкуудад эрсдэлтэй"




Лиценз хураах нь банкуудад эрсдэлтэй
“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгосон нь энэ чиглэлээр бизнес эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг “Уул йуур­хайгаа аваръя” хөдөлгөөн бай­гуулахад хүргэлээ. Та­ны хувьд олон нийтийн өмнө ил гарах дургүй ч яах аргагүй таны бизнесийн эрх ашиг хөндөгдсөн учраас энэ хөдөлгөөнд нэгдсэн байх гэж бодож байна?

-“Уул уурхайгаа аваръя” үндэсний хөдөлгөөнд би компаниа төлөөлөн оролцож байгаа. Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгосон энэхүү шийдвэр гарс­наар уг лицензийг эзэмшигч 130 гаруй аж ахуйн нэгж, тэнд ажиллаж амьдарч байгаа олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас оролцохгүй байхын аргагүй. Уул уурхайн бизнесийнхэн ажлаа урт хугацаанд төлөвлөдөг. Гэтэл лицензийг нь хурааж үйл ажиллагааг доголдуулан хүнд байдалд оруулсан учраас бид нэгдэхээс аргагүйд хүрсэн. Ингэхдээ асуудлыг олон нийтэд ч, төр засагт ч зөвөөр ойлгуулж зөв шийдвэрт хүрэхийг зорьж байна.

-Дээрх 130 аж ахуйн нэгж бүгд алтны шороон ордын лицензээ хураалгасан гэсэн үг үү. Тухайлбал, танай компанийн хэчнээн лицензийг хураасан бэ?

-Бүгд алтны чиглэлээр хайгуул, олборлолт хийдэг компани. Хөдөлгөөнд нэгдсэн 130 компаниас 90 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр компаниуд хуралдаад хөдөлгөөн байгуулахаар шийдсэн. Манай компанийн 20-оод лиценз байгаа. Үүний цаана шууд ажиллаж байгаа 300 хүн, бусад дамжлагатайгаа нийлээд 1300 хүн ажилгүй болно.

-Танай хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүд, хууль санаачлагчдад хаяглаж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл гаргах болсон гол үндэслэлийнхээ талаар нэмж тайлбарлах боломжтой юу?

-Уг мэдэгдэлд манай хөдөл­гөөнийг тэргүүлэгчид болон хуулийн зөвлөхүүд ажиллаж бай­гаа. Миний хувьд, Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж нэгэнт тодорхойлсон. Энэ жилийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” гэж зарласан юм бол дэмжихийн оронд яагаад үйл ажиллагааг нь доголдуулах алхам хийж байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулъя, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье гэсэн энэ бүх зорилтынхоо эсрэг шийдвэр гаргачихлаа. Дээрх шийдвэрийн үр дүнд 130 компанийн үйл ажиллагаа зогсч, тэнд ажилладаг 10 мянга гаруй хүн ажилгүй болох гэж байна. Энэ бол зөвхөн лиценз эзэмшигчид төдийгүй нийтээрээ ярих ёстой асуудал. Уул уурхайн асуудлыг дагаад банкны салбарт ч хямрал үүснэ. Тиймээс өргөн хүрээнд ярилцаж, судалж байж шийдвэр гаргах ёстой байсан. Бид бүгдээрээ л банкны зээлтэй шүү дээ.

-Таны ярьж байгаа асуудлын нөгөө талд улам олон лиценз хураагаасай, газар шороог хамгаалах нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс буй. Тэд уг шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Төр, засаг энэ тохиолдолд тэнцвэрийг хэрхэн олж шийдвэрээ гаргах ёстой вэ. Дээрх шийдвэрийг гаргасан хүмүүс олон нийтэд таалагдах зөв алхам хийлээ гэж бодож байгаа нь лавтай?

-Байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнүүд, тэдний үйл ажиллагааг уул уурхайн салбарынхан хэзээ ч буруутгадаггүй. Бид ч гэсэн монгол хүн шүү дээ. Нэгэнт уул уурхайн салбараа түшиж хөгжих нь үнэн бол ухамсартай, хариуцлагатай уул уурхайг дэмжихээс өөр аргагүй. Манай компани л гэхэд нийт 265 га газарт олборлолт явуулаад 215 га-д нь нөхөн сэргээлт хийсэн. Ус нь урсаад байгалийнхаа онгон төрхөнд эргээд орчихсон байгаа. Үүний нөгөө талд нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд бий л дээ. Улсын хөрөнгөөр хайгуул, олборлолт хийсэн олон компани нөхөн сэргээлт хийгээгүй. Үүний нөлөө бидэнд тусч байгаа. Гэхдээ бид тэдгээрийн нөхөн сэргээлтийг ч гэсэн хийчих юмсан гэж ярьдаг. Тэднээс болоод нөхөн сэргээлтээ хийдэг бидний лицензийг хурааж болохгүй шүү дээ. Нэг ажлыг хийхийн тулд заавал нөгөөг нь нураах аргыг сонгож болохгүй. Тиймээс хамтдаа зөв гарцыг олъё, хамтдаа хамгаалъя гэсэн зарчмыг баримталж байгаа. Тэгээд ч бидний үйл ажиллагааг хааснаар байгалиа хамгаалчихгүй. Харин ч байгаль хамгаалахын эсрэг үйлдэл болчихоод байна.

-Яагаад тэр вэ?

-Улсад бүртгэлтэй, татвараа төлөөд, хуулийн хүрээнд ажиллаж байгаа компаниудыг хаачихаад, биднээс хэдэн арав дахин олуулаа хүч түрэн орж ирж буй ажилгүй, бүртгэлгүй “нинжа” нараас яаж байгалиа хамгаалах юм бэ. Байгальд хамгийн хор нөлөө багатай нь шороон орд. Тэгж яривал усгүй газар ус ашиглах нь хамгийн хортой. Устай газарт уул уурхай эрхэлж усыг нь ашигласнаараа усны нөөцийг тогтмол бүрдүүлж байдаг. Монгол орноос 90 хувь нь урсаад гарч байгаа усыг биднээс харамлаад яах юм бэ. Эсвэл Монголын бизнесмэнүүдийг хориод гадныханд ашиглуулах гээд байгаа юм уу.

-Монголын газар нутаг тэр чигээрээ лиценз эзэмшигчдийн гарт орлоо гээд л сэтгэл эмзэглэмээр том тоо хэлдэг. Та үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ. Үнэхээр “сүйтгээгүй” гэж үү?

-Маргаад яах вэ, хоёулаа тодорхой тоо ярья. Үнэндээ энэ 254 лиценз Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг л эзэлж байгаа. Үүний дотор ашиглаж байгаа газар нутаг нь ердөө 0.001 хувийг эзэлдэг. Ийм байхад хүчээр дэврээн, олон нийтэд буруу ойлголт төрүүлж, хувийн зорилгодоо ашиглаж улстөржүүлэн, нэр хүнд олох хэрэглүүр болгож байна. Энэ бага хэмжээний газрыг ашиглаж буй компаниудаас чухам хэн нь нөхөн сэргээлтээ хийхгүй байна вэ. Тэдэнтэй тооцдог хууль бий. Хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага ч бий. Гэтэл ямар нэг тодорхой үндэслэлгүйгээр бидний өмчид халдаж олон хүний эрх ашгийг хохироож байгаа нь буруу гэж үзэж байна.

-Одоо та бүхэн “төртэй” яаж хэл амаа ололцъё гэж бодож байна. Ер нь үүнд хэн буруутай юм бэ?

-Миний хувийн бодол гэвэл энэ хуулийг батлахад УИХ-ын хэдэн гишүүн оролцож, хэд нь дэмжсэн юм бэ. Үнэн хэрэгтээ лицензийг хурааснаар улс оронд ямар ашигтай вэ, энэ хуулийг санаачлах ямар зайлшгүй үндэслэл байсан талаар мэргэжлийн байгууллагын тодорхой судалгаа алга. Тиймээс хууль санаачлагчид, УИХ-ын эрхэм гишүүд энэхүү учир дутагдалтай хуулиа эргэн хараач ээ. Үүнийг засч залруулж болно гэж бодож байна. Хуулийн хүрээнд энэ талаас нь шийдэх бүрэн боломжтой. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналтаа чангатгаад, хариуцлагаа тооцоод шинээр лиценз олгохгүй байж болох шүү дээ.

-Хууль батлагдахын өмнө та бүхэнтэй ярилцсан, саналыг чинь сонссон удаа бий юү?

-Байхгүй. Байгаагүй учраас л ийм хууль батлагдлаа. Энэ хуулийн гол агуулга, зорилго нь байгаль хамгаалахад чиглэсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ үнэхээр хамгаалъя гэсэн бол тодорхой судалгаа, тооцоотой байх ёстой байсан. Нэр хүнд олох, улс төрийн зорилготой бол өөр хэрэг л дээ.

-Салбарын сайддаа энэ асуудлыг тавьж үзсэн үү?

-Салбарын сайдаас эхлээд, Ашигт малтмалын газар, мэргэжилтнүүд энэ хуулийн эсрэг байгаа гэж ойлгож байна. Яах аргагүй хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас л түүнийг хэрэгжүүлж байгаа болов уу.Наадмаар мэндэлсэн энэ хуулийг хэдэн гишүүн баталсан бол. Тооцоо судалгаа дутуу байв уу гэдэг талаас нь бид гомдолтой байдаг. Манай компанийн хувьд жил бүр нөхөн сэргээлтээ хийгээд зохих газарт нь хүлээлгэж өгдөг. Ямар үндэслэлээр лицензээ хураалгаж байгаагаа ойлгохгүй байна. Бид 60 жилийн хугацаатай лицензтэй, энэ хугацаагаар бизнесээ төлөвлөж хийдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгө хийгээд хэзээ олж авах вэ гэдгээ нарийн тооцоолчихсон байсан. Тиймээс эдийн засгийн хувьд үнэхээр хохиролтой, үндэсний компаниудаа хүчээр нураасан шийдвэр боллоо л гэж үзэж байна.

-Нэгэнт хууль батлагдсан болохоор хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн төлбөр олгосон байх ёстой. Тухайлбал танай компанийн хувьд ямар хэмжээний нөхөн төлбөр авах бол?

-Нөхөн олговрын талаар би өөр байр суурьтай байдаг. Юуны өмнө сэтгэлзүйн асар том хохирол амсч байна. Бүтэн жил хагасын хугацаанд энэ салбарынхан “Арай үгүй байлгүй дээ. Арай ч лиценз хураахгүй байх, хураавал яанаа” гэсэн айдастай байлаа. Одоо болохоор “Нөхөн олговор өгөхгүй бол яанаа” гэсэн сэтгэлзүйн дарамт дор ажиллаж, амьдарч байна. Нөгөөтэйгүүр нөхөн олговор гэдэг нь тухайн бизнест хийсэн хөрөнгийн өчүүхэн хэсэг шүү дээ. Жишээ нь ганцхан лицензийн төлбөрт л гэхэд 500 сая төгрөг төлсөн. Үүнийгээ 20 жил хадгалж байна. Дээр нь шууд гарсан зардлаас тодорхой хэсгийг нь өгнө гэж байгаа л даа. Гэхдээ хэрэв үүнийг хурааж авах байсан бол би 500 сая төгрөгийн хөрөнгийг үүнд хаяхгүй. Тэр мөнгөний үнэ цэнэ гэж бас байна. Өөр зүйлд орсон бол яаж өсөх байсан бэ. 500 сая төгрөгөө 20 жилийн хугацаатай банкинд хадгалуулсан бол хэд болох байсан бол. Нөхөн олговор гэдэг бол том асуудал. Үүгээр бидний амыг хаана гэж санахын ч хэрэггүй. Тиймээс би арай ч нөхөн олговортоо хүрэхгүйгээр хуулийнхаа алдааг засах байх гэж найдаж байна. Тэгээд ч татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Улс орны эдийн засагт маш их хохиролтой. Адгийн наад зах нь энэ ажлыг хийхэд ямар зардал гарах вэ. Цагаа тулбал нэг ч компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүгд шүүхдэнэ. Манай хөдөлгөөнд нэгдсэн 90 компани бүгд хил заагийн маргаантай.

-Хил заагийн маргаан гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Тухайн лицензийн эзэмших талбайн ямар хэсэгт нь гол усгүй, ой модгүй байна вэ. Лицензид хамаарах талбайн аль хэсэг нь орох вэ гэдэг тэр хил заагийг тогтоохыг хэлж байгаа юм. Үүнд маш их хөрөнгө, хөдөлмөр зарцуулах болно. Ер нь хүний тогтсон бизнесийг эвдэнэ гэдэг байж болшгүй юм. Ямар нийгэмд хүний өмчийг хамгаалдаг юм бэ. Өмчийг хураадаг, халддаг нь ямар нийгэм билээ гэдгийг ч бодох хэрэгтэй. Бидний эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Ингээд байвал төрд хэн итгэх вэ. Би цаашид юунд итгэж Монголд хөрөнгө оруулах юм бэ гэдэгт л маш их эмзэглэж байна.

-Харамсалтай нь цаашид 1800 лиценз хураах тухай ярьж байгаа?

-Үнэхээр итгэл алга. Өнөөдөр 254 лиценз хураалаа. Цаашид бүгдийг нь хураах тухай хууль нэг нь санаачилж оруулж ирээд батлахыг байг гэх газаргүй. Ингэхийг нь мэдсэн бол би уул уурхайн салбарт хөрөнгө хийхгүй л байсан. Дараа нь орон байрыг минь ч хурааж магадгүй. Манайх бас газар тариалангийн бизнес эрхэлдэг. Газрыг хурааж авбал яах вэ. Амьдарч байгаа орон сууцыг минь төр хураавал яах вэ. Монголд бизнесийн хамгаалалт байдаггүй юм байна. Үүнд л маш их харамсч байна.

-Лиценз хурааснаар та бүхний бизнест бус улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөх ямар аюул нүүрлэх вэ?

-Хамгийн аюултай нь энэ лицензүүдийн цаана тодорхой нөөц байгаа. Энэ нөөц Монгол Улсын хөрөнгө. Үүнийг эзэнгүй болгосноор хэн дуртай нь ухаж төнхөнө. Байгаль орныг сүйтгэх нь хэд дахин нэмэгдэнэ. Уул уурхайн компаниуд дотроо хэд хэд хуваагдаад “нинжагийн арми” олон дахин өснө. Ажилгүй болсон мэргэжлийн хүмүүс хүрз, жоотуугаа бариад нинжа нартай адилхан л ухахаас өөр аргагүй. Бид ч гэсэн энэ нөөцийг хэнд ч хэрэггүй хэвтэж байхын оронд ажилчдадаа “Та нар ухаад ав” л гэж хэлнэ. Ер нь сөрөг үр дагаврыг нь үгээр хэлэхийн аргагүй юм.

-Та алтны салбарт хэд дэх жилдээ бизнес эрхэлж байна вэ. Нийт хэдэн лиценз эзэмшдэг вэ?

-Надад байгаа 20-оод лицензээ хураалгаснаар нэг ч лицензгүй үлдэж байна. Би сургууль төгсөөд 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн чиглэлээр ажилласан.

-Жилд хэдэн төгрөг татварт төлдөг вэ?

-Хамгийн багадаа дөрөв орчим тэрбум төгрөгийг татварт төлж байна. Өмнө нь үүнээс илүүг төлдөг байлаа. Татвараас гадна олон үр бүтээлтэй ажил хийсэн. Наад зах нь газар тариалангийн бизнес эрхэлж дотоодын хэ­рэгцээт улаанбуудайны 10 хувийг үйлдвэрлэдэг. Үүгээрээ дам­жуулан монголчуудаа эрүүл хүнсээр хангаж байна. Энэ бол том амжилт.

-Хайгуулын ажил хам­гийн эрсдэлтэй байдаг. Та­найх өнгөрсөн хугацаанд хай­гуулын ажлын зардалд хэдийг төлсөн бол?

-Манай компани өнгөрсөн хугацаанд хайгуулын ажилд нийт 40-50 тэрбум төгрөг зарцуулсан.

-Та дээр банкны салбарт ч эрсдэл үүсч болох тухай дурьдсан. Алтны компаниуд болон банкны харилцаанд ямар эрсдэл учирч болохоор байна вэ?

-Монголд зээлгүйгээр биз­нес хийнэ гэж байхгүй шүү дээ. Үйл ажиллагаа хэвийн явж байхад банкинд хэдэн лицензээ барьцаалж зээл ав­даг. Бүх компани л намар нь алтаа зарж төлөөд хавар нь дахин зээлээд л явдаг. Одоо нэгдээд байгаа 90 гаруй компанийнхантай ярилцахад бүгд зээлтэй байгаа юм. Урьд нь 150 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаас болж банк дампуурч байсан бол одоо алтны компаниудын зээлийг нэмбэл бүх банк дампуурч мэдэхээр байна. Банк хуулийн дагуу бидний ли­цензийг барь­цаанд авсан. Гэ­тэл бид дампуурчихвал банкны зээлээ юугаараа төлөх юм бэ. Байгаа хөрөнгийг нь хураагаад авчихаж байгаа юм чинь.

-Таныг “Анод”, “Зоос”-ын томоохон зээлдэгч хэ­мээн хэв­лэлд би­чиж байсан. Танай компани аль банктай түншилж ха­рилцдаг вэ?

-Ганцхан Худалдаа хөгжлийн банктай л харилцдаг. Манай бүх ли­ценз, хөрөнгө тус банкны зээлийн барь­цаанд бай­гаа. Өөр банкинд зээл байх­гүй.

-Энэ мөчид та бизнесийнхээ цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Миний бизнес шууд зог­соно. Юуны өмнө цаашид бизнес хийх урам зориг, эрмэлзлийг минь нухчин дарлаа. “Юугаа бо­дож нойр хоолоо хасан улс орны төлөө гэж явж байсан тэнэг вэ” гэж өөрийгөө буруутгаж байна. Ингээд хураагаад авчихыг нь мэдсэн бол адгийн наад зах нь хадгаламжид хийнэ биз дээ. Хүмүүс “Гацууртын Чинбат баян” гэж боддог. Одоо би банкны өрөнд хамаг юмаа хураалгаад гудамжны хүмүүсийн эгнээнд нэгдэж мэдэхээр болчихоод байна. Хөрөнгө хураах асуудалд би маш эмзэг ханддаг. Үүнийг түүх болж үлдсэн байх гэж боддог байлаа. Эргээд харахад би ямар нийгэмд амьдраад байна вэ, надад дахиад юу тохиолдох бол гэхээс айдас төрж байна.

-Та олон жил бизнес эрхэллээ. Улстөрчидтэй хэр холбоотой байдаг вэ?

-Ямар ч холбоогүй.

-Холбоогүй байгаагаас чинь болж саад бэрхшээл гардаг уу. Нэг жишээ нь энэ ч юм билүү?

-Улс төрийн гох дэгээ бизнесийг урагшлуулахгүй байна.

-Тэгвэл улс төрд ор­чих­вол яасан юм бэ?

-Бизнесээ ч хаяя. Улс төрд ч орохгүй гэж бодож байна.

-Хэрэв та улс төрд байсан бол ийм хууль батлагдахгүй ч байх байсан юм билүү?

-Хэрэв тийм байсан бол яагаад баталж болохгүй вэ гэдэг учрыг чадлынхаа хэ­рээр тайлбарлаж ойлгуулах л байсан. Гэхдээ ганц, хоёр хүний үгийг авдаггүй нь бэлхнээ харагдаж байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

У.ОРГИЛМАА
Source www.news.mn, Niigmiin toli sonin

Л.Чинбат: Улс төрд худлаа хэлж болдог байх, бизнест бол үгүй


Л.Чинбат: Улс төрд худлаа хэлж болдог байх, бизнест бол үгүй



254 лиценз эзэмшиж байгаа га талбайгаас нинжа нарын сүйтгэсэн га талбай хэдэн зуу дахин их. “Ойн сав газар болон гол мөрний ундрага дээр хайгуул болон ашигт малтмал олборлохыг таслан зогсоох” тухай хууль өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 254 лицензийг төр саяхан хураах шийдвэр гаргасан. Харин үүнийг эсэргүүцсэн лицензээ төрд хураалгасан компаниудын эзэд нэгдэж хөдөлгөөн холбоо байгуулаад байгаа юм. Тэдний нэг “Гацуурт”ХХК- ийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-Хууль нэгэнт гараад мөрдөгдөж эхэлсэн юм чинь лицензээ хураалгахад эзэмшигчид нь хэр бэлтгэлтэй байсан бол?


-Энэ хууль гарсан. Гэхдээ лицензээ хураалгачихна гэсэн бодол компани эзэмшигчдэд байгаагүй. Тийм учраас үүнд бид ямар ч бэлтгэлгүй байсан. Одоо энэ хуулийн зарим заалт буруу байжээ гэдгийг олон нийт ойлгож эхлэж байх шиг байна.

-Лиценз цуцлагдчихвал ямар үр дагавар гарах вэ?


-Хамгийн түрүүнд банк санхүүд сөргөөр нөлөөлнө. Хураагдсан лицензүүд банкны барьцаанд байгаа. Сая ам.доллараас эхлээд 10,20 сая ам.долларын барьцаанд бий. Тэгхээр банкныхан лиценз хураагдах нь гэдэг сургаар нөхөн олговорынх нь мөнгийг яаж олж авах вэ гэж бодно шүү дээ. Гэвч хамгийн муу үр дагавар нь банкны барьцаа тухайн компанийн өр зээл биш, уул уурхайгаар амьдарч ирсэн үндэсний хэдэн компаниуд зуу зуугаараа жагсаалаас гарч эхэлнэ. Тэдний ар талд 40 000 гаруй хүмүүсийн амьдрал бий. Банк гэхээсээ илүү хамгийн эхний цохилт нь энэ. Уул уурхайн компаниудын ажил хавар эхэлдэг учир намар нь орж ирээд гадна дотны компаниудтай гэрээ хэлцэл хийгээд тоног төхөөрөмж сэлбэгээ захиалж урьдчилгааг нь төлчихдөг. Гэтэл өнөө компаниуд маань танай оронд юу болоод байна аа, захиалгыг чинь хойшлууллаа гэдэг асуудал яригдаж байгаа юм. Компаниудад учирч байгаа хоёр дахь хохирол тэр талаасаа гарч ирдэг. Нэгдүгээрт бид банкны үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй, урьдчилгаа өгсөн мөнгөөрөө шатна, уул уурхайн мөнгө багагүй хэмжээг эзлэж байдаг. Банканд байгаа зээлийн хэмжээний мөнгө ирэх жилийн сэлбэг тоног төхөөрөмжинд явж байдаг. Энэ нь гадаад дотоод талаасаа яригдаж эхлэх ньтодорхой. Лиценз цуцалчихаар тэр компаниудад хүнд тусч байгаа юм. Энэ компаниуд чинь том жижиг гэлтгүй хамгийн доод тал нь 50-100 хүн тэжээгээд явж байна. Тогтвортой 5-10 жил ажиллаад хүмүүсийн амьдралыг аваад явна гэдэг бол богино хугацаанд амархан бүтдэг зүйл биш.

-Лицензүүдээ төрд хураалгахын эсрэг зарим компанийн эзэд хөдөлгөнө холбоо байгуулаад эхэлсэн гэсэн. Та нар нэгдсэнээрээ ямар асуудал гаргаж ирж, ямар үр дүнд хүрэх юм бэ?


-Бүх компаниудын асуудал лицензийн асуудал хөндөгдсөнтэй холбогдоод нэгдэж байгаа юм. 254 лицензийг эзэмшиж байгаа 130 гаруй компаниудын эзэд нэгдээд уулзаж ярилцаад дотороосоо удирдах зөвлөлөө сонгоод энэ хуулийг зөв хэрэглэх, иргэдэд зөв ойлгуулах талаас нь ажиллаж байна. Бид он гаргаад цагаан сар өнгөртөл энэ асуудалд анхаарлаа чиглүүлж ажиллья гэж шийдсэн. Тэгэхгүй бол шинэ жилээр оны эцсийн ажлаа дүгнэх гээд энэ асуудалд анхаарлаа хандуулах сөхөөтэй хүн алга. Тийм болохоор тэр болтол иргэдэд зөв ойлголт өгөх асуудал дээр ажиллаж байна. Бидний гол дэвшүүлж буй санал одоо ашиглаж байгаа лицензүүдээ нэгэнт тухайн үедээ хуулийн хүрээнд эрхийг нь өгчихсөн юм чинь ашиглуулаад дуусчихаач ээ. Харин шинээр олгох ашиглах лицензүүдээ энэ хуулийн хүрээнд өгөөд хяналтыг нь тавья. Бид дэмжье, хуулиа мөрдье гэсэн бодолтой байгаа. Энэ хуулийн байгалиа хамгаалья гэсэн үзэл санааг бид дэмжиж байгаа. Лиценз эзэмшиг бид бас нэг зүйл дээр санал нэгдсэн. Тэр нь өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж хариуцлагатай уул уурхай гэж байгаа бол өөрсдөөсөө эхэлье. Социализмын үед орхигдсон ашигт малтмалын нөхөн сэргээлтийг өөрсдөө дотороосоо хийе. Нөхөн сэргээлтээ хариуцдаг, өөрсөдтэйгээ хариуцлага тооцдог, уул уурхай дотороо ийм замруу шилжье гэсэн санал гаргаж байна. Нөхөн сэргээлтийн асуудлыг зөвхөн иргэний хөдөлгөөнүүд мөн төр бус энэ салбарынхан холбоо байгуулаад үүнийгээ хянаад явья гэсэн асуудлыг одоо нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ашигт малтмалын тухай хуульд ч оруулья гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулагч нартай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг мөртлөө дотоодын компаниудтайгаа ийм гэрээг яагаад хийдэггүй юм бэ. Энэ талаар та нарт бодогддог юм байдаг уу?


-Ер нь анх хууль санаачилж байх үедээ гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй л гэсэн өнцөгөөс асуудалд хандсан байх. Тэр үед дотоодын үндэсний компаниудаа дандаа л жижиг хэвээрээ байна гэж тооцоолсон нь алдаа байсан. Хөрөнгө оруулалт хийх асуудлыг дотоод гадаад гэж ялгалгүй адилхан нөхцөл боломжоор хангах дараагийн үе шатруу орж болох байсан. Тийм учраас энэ хуулийн муу тал нь энэ

-Хуулийн дагуу компаниудын эзэмшлийн лицензийг хураадаг юм байж. Харин нинжа нарын асуудлыг яах вэ?


-Лицензүүдийг хураах шийдвэр гарсанаас хойш нинжа нар зарим компанийн эзэмшлийн газрыг ухаад эхэлсэн байгаа. Энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч л байгаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй 130 гаруй компанитай ямар ч хэлбэрээр төр хуулийн хүрээнд хариуцлага тооцож болно. Яагаад гэвэл бүртгэлтэй, лицензтэй, банкны барьцаан лиценз нь байж байдаг. Харин нинжа нартай ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Нинжа нарын арми чинь алт олборлож байгаа хууль ёсны компаниудаас хэдэн арав дахин их. Дахиад ажилгүй болж байгаа хорин мянган хүнийг нэмбэл энэ арми бүр их өснө. Нинжа нар эвдэж сүйтгээд явхад тэднийг хянах ямар ч арга байхгүй. Өнөөдөр тэнд, маргааш тэнд гээд нүүгээд л ухаад л явж байдаг. Тэд зөвхөн газар шороог сэндийлээд зогсохгүй ой мод бүх зүйлийг сүйтгээд л явдаг. Ийм учраас хууль санаачилсан хүмүүсээс байгалиа хамгаалах л гэж байгаа бол нинжа нараас байгалиа яаж хамгаалах гэж байгаагаа хуульдаа зааж өгөөчээ гэж хэлмээр байна. Энэ хууль дахиад л өрөөсгөл болоод байгаа нь ийнхүү харагдаж байна. 254 лицензийн эзэмшиж байгаа га талбайгаас нинжа нарын сүйтгэсэн га талбай хэдэн зуу дахин их. Иймд манай хөдөлгөөнийхөн судалгааний ажил хүртэл явуулж эхэлсэн. Бид хэдэн га газар ашигласан юм бэ? Хэд дээр нь нөхөн сэргээлт хйисэн юм бэ гэдгийг гаргахаар, нөгөө талдаа нинжа нарын сүйтгэсэн га тайлбайн хэмжээг бас гаргаж байгаа. Тэгээд харьцуулалт хийнэ. Бидний зорилго гол нь хуулинд сайн муу аль аль талаас нь харж нэмэлт өөрчлөлт оруулаач ээ, хууль чинь дутуу, хуумгай болоод байна гэдгийг хууль санаачлагчдад хэлэх юм. Тийм ч учраас судалгааний баг гаргаад байна.

-Хөдөлгөөн ямар нэртэй юм бэ?

-Уул уурхайгаа аварья гэсэн нэртэй хөдөлгөөн. Олборлогчдын нэгдсэн холбоо гэж бас бий. Хамгийн гол нь зөв дүгнэлтэн дээр хууль санаачлагчид ажлаасаа гэсэн санааны үндсэн дээр л ийм ажлыг хийж байна. Түүхий хууль боловсруулчихаад баталчихаар амьдралтай нийцэхгүй, хуулийн цоорхой үүсгээд байгаа юм. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож судалгаан дээр нь үндэслэж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг бид гаргаж тавья гэж бодож байна.

-Алтны компаниуд цөөрснөөр татвар төлөлт, цаашлаад улсын төсөвт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна?

-Лицензээ хураалгавал татвар төлөлтөнд хэрхэн нөлөөлөх талаар хүмүүс хардаг. Би бол энэ компаниудад ажиллаж ар гэрээ авч явж байгаа 40 000 мянган хүн ажилгүй болох асуудал нь татвар төлөхөөс хавьгүй том асуудал гэж боддог. Манай засаг төр ажилгүйдлийг бууруулаад ард түмний аж амьдарлыг дээшлүүлье гэсэн бодлого барьдаг. Ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдвэл татвар хэдэн төгрөг ч орж ирээд нэмэргүй. Улсад өгч байгаа татвар чинь төсвийнхөнийг санхүүжүүлхэд дийлэнх нь явж байна. Мэдээж энэ олон компанийн татвар төлөлтийг судлаад нэмбэл их тоо гарна. Хураагдах лицензүүд жилийн хураамжинд тэрбум 500- хоёр тэрбумыг төлдөг. Зөвхөн 254 лицензний хувьд шүү дээ. Дээрээс нь энэ компаниуд бүтээгдэхүүн борлуулалтаар нь авч үзэх юм бол нэлээд том дүн гарна. Банкуудын хамгийн том харилцагч зээлдэгч үнэнч үйлчлүүлэгчид нь уул уурхайнхан байдаг. Их хэмжээний том зээл аваад төлдөг. Банкны зээлийн гуравны нэгийг уул уурхайнхан эзэлдэг. Нэг талаасаа банкныхан хэрэглэгч үйлчлүүлэгчидээ хамгаалж дугарах ёстой. Дугарах ч байх гэж найдаж байна. Нефтийн оруулалтын гуч гаруй хувийг уул уурхайн компаниуд худалдаж авдаг. Эндээс том дүн гарах байх.

-Лиценз хураах шийдвэр гаргасан асуудлаар салбарын сайддаа хандсан уу?

-Салбарын сайдад хандаж үзээгүй л байна. Яамныхан болохоор бид хуулиа биелүүлж байна гэж хэлдэг. Тэдний хувьд ингэж хэлэх нь зүйн хэрэг. Гэхдээ яамныханд сэтгэл дундуур зүйл их байгаа. Энэ салбарыг мэдэж байгаа хүмүүсийн хувьд биднээс илүү асуудал дэвшүүлж төр засгийнхан хандах ёстой байсан.

-Ерөнхий сайд энэ жилийг бизнесийг дэмжих жил болгон зарлачихаад уул уурхайн үндэсний хэдэн компанийнхаа амийг барих үйлдэл хийгээд байгаа нь ямар учиртай гэж та бодож байна?


-Улс төрийнхнийг би сайн мэдэхгүй. Би тэднээс хол байдаг. Гэхдээ улс төрийнхөний үг ямар үед үнэн байж,ямар үед худлаа болдгийг мэдэх юм алга.Зарчмын үүднээсээ хүн хэлсэн бол хэлсэндээ байх ёстой..Төр,шударга хэлсэндээ байх хэрэгтэй.Ерөнхий сайд яамны сайдаасаа эхлээд бүгдээрээ л хэлсэн дээ л хүрэх ёстой.Тухайн үед зөвшөөрлийг нь олгочихооод нэг хууль гаргаад тэрийгээ урдаа бариад лицензүүдийг нь хураана гэж байж боломгүй. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Улс төрчид дуртай үедээ дуртай үгээ хэлж болдог юм шиг байгаа юм. Бизнест бол тийм зүйл байж болохгүй. Улс төрийнхөн гадаад явахдаа нэг зүйл яриад дотоодод байхдаа өөр зүйл хэлж болдог юм шиг байна. Бизнесийнхэн худлаа хэлэх юм бол хөрөнгө мөнгө нь өндөр гардаг.

-Та нар хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна. Одоо лицензүүдийг чинь хураагаад авчихвал яах вэ?


-Мэдээж төртэй тэрсэлдээд амжилтанд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ядахдаа л манай улс төрчдийн батлаж байгаа хууль нь ийм олон цоорхойтой, үндэсэлэлгүй хууль батлагдаад хэрэгжиж эхлэх гээд байгааг ойлгуулах, цаашдаа уул уурхайгаа түшиглэсэн орон болно гэсэн зорилго тавьж л байгаа юм бол бодооч ээ, хүний эрхэнд халдах аа болиочээ л гэж хэлэхийг хүсэж байна. Хамгийн гол нь хууль батлахдаа үндэслэлтэй хийгээчээ л гэж хэлж байгаа юм. Санхүүжилттэй байсан бол бид тэмцэх л байсан. Санхүүгийн гол эх үүсвэрээ хураалгачихвал бидэнд мөнгө байхгүй болно. Одоо бол энэ компаниуд хүнд цохилтонд орчихсон байгаа. Та нар бодоод үз. Дөнгөж банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл авчихаад бэлтгэл ажлаа хийгээд ирэх жил ажилдаа орох гэж байтал лицензийг нь хураах шийдвэр гарчихаж байна. Зарим нь хөрсөө хуулаад дараа жил элсээ угаана гээд байж байтал ийм зүйл болж байна. Мөнгөнөөс илүүтэйгээр тэр хүмүүст сэтгэлзүйн дарамт хүнд тусаж байна. Зарим нь шоконд ороод эмнэлэгт хүртэл хэвтсэн дуулдаж байна. Ийм хүмүүс зөндөө бий. Уул уурхайн компаниудыг энэ удаад хүнд цохилтонд оруулчихлаа. Залгуулаад ямар салбар төрийн дарангуйлалд орох вэ. Нөгөө ардчилалын эрх чөлөө хаана байна вэ. За байраа ав гээд хувьчилж өгчихөөд төр нь эргүүлээд хураагаад авчихвал яах вэ. Энэ явдал ингэж байгаагаас өөрцгүй. Улс орон хөгжиж буй боловч төр нь дээрэм хийдэг хөрс нь хэвээрэй байна. Үүнд бид эмзэглэж байна.

-Саяхан банкуудыг дээрэмдсэн шиг одоо лиценз?

-Тийм хөрс энэ нийгэмд байгаад байгаа нь харамсалтай. “Бид тийм байсан юм билээ” гэж ярих ёстой байтал өдөр бүр ийм зүйл нь давтагдаад нийгмийн амьдралд үйлчлээд байгаа нь харамсалтай байна.

Г.Ялгуун,
source: www.news.mn