Showing posts with label БОЛД М. Эдийн засгч. Show all posts
Showing posts with label БОЛД М. Эдийн засгч. Show all posts

Wednesday, 14 August 2013

М.Болд: Эрх баригчдад тоглоомын дүрмээ л зөв зохиох ганцхан үүрэг буй



Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болдыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Сүүлийн үед банкны салбарт болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ ард иргэдийн нийтлэг эрх ашиг гэхээсээ илүү улс төр, эдийн засгийн тодор­хой зорилго бүхий бүлэг­лэлүүд энэ тоглолтыг ашиг-лаад байгаа дүр зураг харагдаад байх юм. Таны бод­лоор Монголын эдийн засагт өнөөдөр хямрал нүүрэлчихээд байна уу. Эсвэл амар амгалан байна уу?
-Банкны салбарын тухайд нэг банк, тухайлбал Хадгаламж банк Төрийн банктай нийлсэн тухай таагүй мэдээлэл Анод, Зоос банкууд дампуурсан байдалтай адил төстэй санагдаж олон ний­тийн анхаарлыг татаж, санааг нь зовоох болсныг ойлгож байна. Аль нэг банкны үйл ажиллагаа доголдсоноор зах зээлийн хуу­лийн дагуу тухайн зах зээлээсээ шахагдан гардаг. Энэ бол ердийн үзэгдэл юм. Жишээ нь он гарсаар АНУ-ын долоон банк “Хаалгаа барьчихаад” байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар явж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд аж ахуйн нэгж, компаниуд, түүний дотор банкууд шинээр бий болж үүсгэн байгуулагдах, үйл ажиллагаа нь доголдвол зах зээлээс шахагдан гардаг. Энэ нь өөрөө өөрийгөө “цэвэршүүлж” буй үйл явц гэж ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ “аюул” үүссэн үү?
-Аюултай нөхцөл байдалд хүрээгүй байна. Ийм нөхцөлд хэзээ хүрэх вэ гэвэл банкны салбарын үлэмж хэсгийн үйл ажиллагаа доголдсон байвал “хүндэрсэн” гэж үзнэ. Монголд 14 банк үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс сая Төрийн банктай нэгтгэгдсэн Хадгаламж банкны хувьд нийт зах зээлд найм орчим хувийг л эзэлж байлаа. Тэгэхээр 92 хувь нь тайван амгалан байна. Үүнийг том доргилт гэж үзэх аргагүй. Гол нь тус банк олон  салбартай байсан учраас “том доргилт” юм шиг харагдсан байх.

-Та Монголын банкуудын түүхийг сайн мэдэх хүн. Ойрын хугацаанд гэвэл “Анод”, “Зоос” яалаа гэдэг ялгааг олон нийт мартаагүй байна. Хадгаламжийн хувьд тэднээс ч бүр өөр. Хэдийгээр байдал муудлаа гэд­гийг харилцагчид ойлгосон ч тус банкны хувьд харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохоос урьтаж төв банк арга хэмжээ авчихлаа гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тийм. Өмнөх бан­куудын дампуурлаас Монгол­банк сургамж авч Хадгаламж банкин дээр яаралтай арга хэмжээ авч, хүндрэлгүйгээр хэрэгжүүллээ гэж би бодож байна. Монголбанк бол банкны салбарыг эрүүл саруул, цэвэр, ёс зүйтэй байлгах талын хяналтыг тавихын төлөө төрийн нэрийн өмнөөс ажилладаг бай­гууллага. Энэ үүргийнхээ дагуу шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх ёстой.
.
-Монголбанкны өнөөгийн удирд­лагууд олон зоригтой алх­мыг хийсний нэг нь ипотекийн зээл. Үүнийг бүр найман хувийн хүүтэйгээр эхэллээ. Ипотекийг хамгийн найдвартай барьцаатай зээл гэж үздэг хэсэг байхад банк дампууруулах үндэс суурь гэж үзэх хэсэг бас бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Манайд хэр зөв гольдролоор эхэлсэн бол?
-Орон сууцны барьцаат зээлийн системийг Монголд нэвтрүүлээд арваад жилийн нүүр үзэж байгаа боловч хамрах хүрээ нь бага байсан. Нийт орон сууцны дөнгөж хоёр орчим хувь нь ипотекийн санхүүжилтэд хамрагддаг байлаа. Энэ бол маш хангалтгүй тоо бөгөөд орон сууцны санхүүжилтийн тог­толцоо Монгол Улсад дөнгөж эх­лэлийн шатанд байгаа гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад энэ харьцаа дунджаар 100 хувь орчим байдаг. Тиймээс орон сууцны санхүүжилтийн салбарыг илүү боловсронгуй болгож гүнзгийрүүлэн дараагийн шатанд гар­гахын тулд Монголбанкнаас Засгийн газартай хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эх үүсвэрийг нь бий болгож байна. Энэ нь Монголдоо шинэлэг төдийгүй арилжааны банкуудын олон жилийн туршид хүсэн хүлээж байсан зүйл юм. Арилжааны банкныхан ч үе үеийн Засгийн газрын төлөөлөлтэй олон удаа уулзаж моргэйжийн зах зээлийг хөгжүүлэх талаар хүсэж байсан удаатай. Тиймээс дээрх бодлого энэ цаг үед хэрэгжиж эхэлж байгаа нь талархууштай гэж бодож явдаг.

-Энэ бол шинэ зүйл гэдгийг та хэллээ. Шинэ зүйлийг эхлэх амаргүй байдаг. Тиймээс ч иргэд 20 жилийн турш төлөх өр гэдэг утгаар илүү хүлээн авч байна. Дээр нь хэдийгээр хэрэгцээ бай­гаа боловч зээлийн хүү болон нөхцөлд өөрчлөлт орох вий, өм­нөх Засгийн газарт ярьж байсан шиг тасалдсан тохиолдолд хохирч үлдвэл яах вэ гэсэн бол­гоомжлол, эмзэглэл байгааг нуух аргагүй?
-Иргэдийн хувьд зах зээлийн хүүгээр бол жилийн 15-18 хувийн хүүтэй олдох зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр авна гэдэг ховор боломж шүү дээ. Тиймээс эргэлзэхгүйгээр энэ зээлд хамрагдах нь зүйтэй. Засгийн газар, Монголбанкнаас хангалттай баталгаа гаргаж өгч байна.
.
-Банкуудын өөрийн хөрөн­гийг нэмэгдүүлэх, үндэсний бан­куудаа төрөөс чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх болов уу гэсэн хүлээлт байсаар ирсэн. Хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага боловч эдийн засгийн үндэс суурь, олон нийтийн итгэлцэл­тэй хол­боотой гэдэг утгаар танд энэ хүлээлт мэдрэгддэг үү?
-Хувийн хэвшлийн байгуул­лагад төрөөс хөрөнгө, эсвэл хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулна гэдэг амаргүй. Тэгээд ч энэ нь эдийн засгийн хямралын үед авдаг арга хэмжээ юм шүү дээ. Тухайн банкны хөрөнгө оруулагчид, эзэд нэмж хөрөнгө оруулах боломжгүй, чадамжгүй болсон үед тэр банкийг тогтвортой ажиллуулахын тулд аргагүйн эрхэнд ийм алхам хийдэг. Энэ бол хүсэх зүйл биш. Ердийн буюу банкны үйл ажиллагаа горимоороо явж байгаа үед үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид өөрсдөөсөө нэмж хөрөнгө гаргах, эсвэл шинэ хувьцаа эзэмшигчдийг татан оруулах замаар банкныхаа өөрийн хөрөнгийг нэмэгдүүлдэг. Энэ нь олон улсын жишигт байдаг арга зам юм.

-Хэдийгээр та улстөрч биш боловч “Чингис бондыг үр дүн­гүй зарцуулж байна. Энэ бол татвар төлөгчдийн төлөх өр шүү дээ” гэдэгтэй санал ний­лэх үү. Сүүлийн үед дээрх бон­дын зарцуулалтын талаар улс­төржүүлсэн мэдэгдлүүдийг сөрөг хүчнийхэн хийж байгаатай хол­богдуулан эдийн засагч, банкир хүний хувьд ямар бодолтой явдгийг тань сонирхох гэсэн юм. Энэ нь бидний удахгүй авах үлдсэн 3.5 тэрбум ам.долларын үнэлэмжид нөлөөлөх болов уу?
-Хүн бүр Чингис бондын талаар ярьж, санаа зовж байгаа нь Монгол Улсад мөнгөний хомсдол хэчнээн их байсны нэг илрэл гэж хэлж болох юм. Засгийн газрын баталгаатай бондыг гадаад зах зээл дээр арилжих нь бусад улс орны хувьд өдөр тутмын үзэгдэл шүү дээ. Тэр хэмжээгээрээ төсвийн орлогод нь ихээхэн дэм болдог. Тийм ч учраас төсвийн орлогоосоо зарлагадаж бондын өрөө, хүүгээ төлж байдаг урсгал шинж чанартай санхүүжилтийн нэг хэлбэр юм.

-Тэгвэл үүнээс бид зайлсхийх бус дасан зохицох хэрэгтэй гэсэн үг үү?
-Дасан зохицохоос аргагүй. Монгол Улс бусдаас тусгаарлагд­мал байж байгаад дөнгөж нэгдэн нийлж дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллаж эхэлж байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ямар хэрэгсэл байдаг вэ, ямар дүрэм журам байдгийг өнөөдөр танин мэдэж, дагаж, мөрдөж, өөр­төө ашигтайгаар хэрэглэж сурах гэж байна. Юуны өмнө бид энэ талаар бага мэдэж байгаа учраас хардаж сэрдэх нь их байгаа юм. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Мэддэг болсныхоо дараа эмээж зайлсхийж байсан  зүйлдээ дурлаж, дэмжиж эхэлдэг. Үүнтэй ижил үйл явц болж байна гэж хэлж болно. Бид өмнө нь Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, ОУВС буюу улс орнуудын төрийн өмчөөр хувь нийлүүлсэн хан­дивлагч байгуулагуудаас зээл авч санхүүждэг, түүгээрээ цахил­гаан станцаа зогсоочихгүй ажиллуулах гэх мэтээр сүүлийн 20-оод жилд улс орноо чадан ядан авч явж ирлээ. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн зах зээлээс арилжааны нөхцлөөр Монгол Улсын Засгийн газар бусад орнуудын жишгээр анх удаа  Чингис бонд нэртэй зээлийг авлаа. Ийнхүү Засгийн газар хувийн хэвшлээс зээл авч байгаа нь өмнөх зээлүүдээс зарчмын ял­гаатай. Хувийн хэвшлийнхэн хан­дивлагчдаас илүү шаардлага өн­дөртэй, өгсөн мөнгөндөө харам, хяналт сайтай. Өгсөн мөнгийг Монгол Улс яаж зарцуулж байна вэ гэдгийг өдөр тутам мэдээллийн хэрэгслээр дамжуулан хянаж бай­даг. Тиймээс Чингис бондын талаар зохисгүй мэдээлэл гаргах нь утгагүй. Аяндаа хоёр, гурав, арав дахь бондуудыг арилжаад эхлэхээр энэ нь сонин зүйл биш болчихно.

-Сонин биш боллоо ч гэсэн зээлдүүлэгчийн хувьд чухал хэвээрээ биз дээ. Би танаас алсын хараатай, ашигтай төсөл хэрэгжүүлнэ гээд мөнгө зээлсэн бол та түүнийгээ хийж байгаа эсэхийг хянах байх. Эсвэл буцааж төлөх эсэх нь л чухал уу?
-Тэр бүр тухайн улс орны амьдралд, тэр тусмаа аль салбарт мөнгөө зарцуулах вэ гэдэгт оролцоод байхгүй л дээ. Энэ бол тэр улс орны төр, засгийн шийдэх асуудал. Гол нь уул уурхайн салбар Монголд “цэцэглэж” байна. Энэ хэмжээгээр хатуу валютын урсгал тасралтгүй орох юм байна гэдэг л тэдэнд чухал. Ингэснээр төсвийн орлого нь нэмэгдэж түүнээсээ бондын хүүгээ эргүүлэн төлөх чадвартай юм байна гэдэг л тодорхой байх нь хангалттай байдаг.

-Гадаадын хөрөнгө оруулал­тын хэмжээ багаслаа гэж ярьж байгаа ч Монгол Улс хөрөнгө оруулах таатай орчны жагсаал­тад дээгүүрт багтсан хэвээрээ байна. Энэ индексийн тухайд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ индекс чинь цаг үеэсээ дан­даа хоцорч олон нийтэд хүр­дэг хэмжүүр үзүүлэлт шүү дээ. Тухайн үйл явдал болоод өнгөрснөөс 1-2 жил, заримдаа гурван жилийн дараа гардаг тоон мэдээ юм. Гэхдээ баттай, оновчтой ч тоо биш баримжаа юм. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд өдөр тутмын шинэ мэдээллүүдэд тулгуурлаж дараагийн шийдвэрээ гаргадаг. Хөрөнгө оруулалтын орчин маш муу байгаа. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан. Үүнээс болж хөрөнгө оруулалт зогссон. Монгол Улсын Засгийн газартай өмнө нь хийсэн гэрээ хэлцлийг өөрчлөхийг шаардаж буй үйл явц нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн. Ийм тогтворгүй орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс ойрын 20-50 жилийн ирээдүйг харсан хөрөнгө оруулалтын орчин бүрдсэн цагт энэ байдал илааршиж зөв гольдролдоо орох учиртай.

-Яг үнэндээ Оюутолгойн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” Монголын Засгийн газар, УИХ-ыг “зэсийн экспортод саад хий­лээ” хэмээн дэлхий нийтэд зар­ласнаас болж ам.долларын ханш өссөн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт буурчихлаа гэдэг нь Монгол Улсад орж ирэх хатуу валютын урсгал саарлаа гэсэн үг шүү дээ. Гэтэл валютын орох урсгал нь саарсан ч гарах урсгал нь хэвээрээ байна. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь хэвийн үзэгдэл гэж хэлж болно. Гэхдээ ийм зүйлийг байлгахгүйн төлөө төр, засаг өдөр алгасахгүй ажиллах ёстой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын төлөө шийдвэр гаргагчид зөв бодлого боловсруулж үүргээ биелүүлэх учиртай. Энэ бол зөвхөн Оюутолгойн асуудал биш. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар гадаадын хөрөнгийн биржээр гаргасан хувьцааны нийт үнэлгээ нь 20 гаруй миллиард ам.долларт хүрдэг. Тодруулбал Монгол Улсад хөрөнгө оруулахаар хүлээж буй ийм хэмжээний ам.доллар хөрөнгө оруулагчдын гар дээр өнөөдөр байна гэсэн үг. Үүний цаана өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдан авсан гадаадын хэдэн арван мянган иргэн, компани бий. Тэд манай хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй. Дээр нь тэдний Монголд итгээд манай хувьцааг авч хөрөнгө оруулсан итгэл бүрмөсөн унтарч болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн Оюутолгойгоор хэмжих аргагүй. Үнэхээр болохгүй байгаа хууль тогтоомж, дүрэм журмаа зоригтойгоор өөрчлөөд ард иргэддээ тайлбарлаад эдийн засгаа аврах шаардлагатай болчихоод байна. Үүнийг л шийдвэр гаргагчид цаг алдалгүй хийх ёстой.

-“Гадаадын хөрөнгө оруулалтын хэм­жээ багаслаа, ам.долларын ханш өс­лөө. Одоо яах вэ” гээд ҮАБЗ хуралдаж, сөрөг хүчнийхэн ч УИХ-ын чуулганаа зарлан хуралдуулж асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж эхэллээ. Үүсэл гарлын тухайд “Рио Тинто”-ийн мэдэгдлээс улбаатай ам.долларын ханшийн өсөлтийг ийм арга замаар шийдэж чадах уу?
-Тэднээс шалтгаалах зүйл бий гэдгийг дээр хэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид бол манай хууль дүрмэнд итгэж гэрээгээ хийдэг. Манай тал алдаатай дүрэм зохиочихоод ард түмний өмнө буруутахаараа өөрчилье гээд байгаа нь хөрөнгө оруулалтын хэмжээг буу­руулаад байгаа хэрэг. Тэгэхээр эрх баригч, шийдвэр гаргагчдад алсын хараатай, алдаагүй хууль дүрэм гаргаад  өгөөч. Тэр нь “урт настай”, тогтвортой байгаасай. Тэр дүрмийг чинь үг дуугүй дагая л гээд байгаа шүү дээ. Энэ л эрх баригчдын үүрэг, хариуцлагатай холбоотой. Гэрээний хувьд бол мэдээж олон улсын жишгийн дагуу харилцан ашигтай байх ёстой. Харин “тоглоомын дүрмээ” зохиохдоо Монголын орны үндэсний эрх ашигтай нийцтэй байхаар бодож хийх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчид үнэхээр ашигтай, сонирхолтой л бол манай дүрмийг дагах л болно.

-Зарим эдийн засагч “Төгрөгийн ханш сулрахаас бүү ай. Үндэсний экспортлочдоо бодох цаг болсон гэдэг”. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
-Үнэний ортой л доо. Гэхдээ манай улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээл дээр борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчид хуруу дарам цөөн байгаа нөхцөлд суларсан төгрөг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд одоохондоо далайцтай нөлөө үзүүлэхгүй. Харин үр ашиг муутай импортыг хязгаарлаж зардал хэмнэх, улсын валютын нөөцийг хамгаалахад илүү нөлөөлнө. Төгрөгийн болон ам.долларын ханш, инфляци гэх мэт энэ үзүүлэлтүүд яг л биений халууны температур хэмждэг шил шиг юм. Ханш тогтворгүй, инфляци өндөр байвал нийгмээрээ “халуурч” байна гэсэн үг. Үнэн бодит байдал ийм л байна. Үнэнийг сонсох хэцүү, “гашуун” байдаг. Гэхдээ мэдэж байж л “эмчилнэ”. Эмчлэхийн тулд хэрэглэх жор нь ч гэсэн тэр бүр таатай бус байж болно.  Тэгэхээр өнөөдөртөө нийгэмд бага хувийг эзлэх үндэсний экспортлогчдоо дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох нь бидний тулгамдсан зорилго, алсын хараатай бодлого байх ёстой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ экспортын чиглэлтэй байдаг. Манай экспортын хэмжээ муу байвал бидний төлбөрийн чадвар муудаж мөнгө зээлдүүлэх гадны зах зээл хаагдана. Энэ талаар эрх баригчид шийдвэрээ минут цаг алдалгүй яаралтай гаргах байх гэж найдаж байна. Ер нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалт муу байвал төгрөгийн ханшийг доллартай харьцуулж тэнцвэржүүлэх гэж бодох ч хэрэггүй. Экспортын доллар Монголд орж ирэхгүй бол төгрөг дангаараа юутай тэнцвэржих вэ.
-Тийм учраас л интервенц гаргах хэмжээ хэрээс хэтэрлээ, валютын нөөцөө шавхлаа гэж эдийн засагчид шүүмжлээд байна л даа?
Ийм нөхцөлд богино хугацааны явцуу ашиг сонирхлыг харж интервенц хийвэл дунд, урт хугацааны үндэсний ашиг со-нирхолд ноцтой аюул учруулна. Долларын орлого орж ирэхгүй байхад интервенц хийвэл санхүүгийн “тогоо”-гоо дэмий хоосруулж төгрөгөө арын баталгаагүй болно. Аливаа улсад ам.долларын буюу хатуу валютын нөөц их байх тусам төгрөгийн ар талын баталгаа бэхжиж төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрддэг. Байгаа багахан шиг валютын нөөцөө эсвэл нүүрсний уурхайгаа оролдохын оронд нөөцөө арвижуулах бүтээлч ажил хийж, экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх 20-50 жилд мөрдөх бодлогоо хэрэгжүүлж гүйцэтгэх, зохион байгуулалтын далайцтай арга хэмжээг авах шаардлагатай байна. Дотоод, гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэрээ хэлэлцээрээ ашигтай болгох чиглэлд үр дүн гаргах хэрэгтэй байна.

 -Сүүлийн үед дэлхийд “ТОП” гэгдэх банкууд Монголд Төлөөлөгчийн газраа нээх боллоо. Миний санаж байгаагаар дөрвөн банк нээчихээд байна. Одоо шинээр Японы хоёр банк Төлөөлөгчийн газраа нээх сурагтай. Үүний сайн, муу талууд нь юу байж болох вэ?
-Юуны өмнө Монголд хөрөнгө оруулалтыг татах, энэ урсгалыг нээх том боломж болох нь дамжиггүй. Харин дотоодын банкуудын ажиллаж чаддаг зах зээлд оруулах шаардлаггүй. Нөгөөтэйгүүр, буурай орнуудад орсон гадны банкууд тийм ч тогтвортой биш гэдэг нь Зүүн Өмнөд Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын орнуудад харагдсан. Таалагдахгүй бол хаалгаа хааж, ганц товчлуур дээр дараад гүйлгээгээ хаачихаад л хаашаа ч юм бэ, яваад өгнө. Хэчнээн муу нэртэй, жижиг гэгдсэн ч үндэсний арилжааны банкууд эх орондоо л байна шүү дээ. Монголыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ. Бидэнд гадаадын хөрөнгө, гадны мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй нь маргашгүй. Үүнийг зөв бодлогоор ашиглах нь чухал.

-Ярианыхаа төгсгөлд эдийн засгийн хямралаас Монгол хэр ангид байна вэ гэдэг асуултыг тавья. Уржигдархан нийслэл дэх инфляци долоон хувьтай болсноос үзэхэд тайвширч болмоор. Гэтэл цалин хөлсний доод хэмжээг нэмэх зэргээр эерэг үзэгдэл, тэгж харагдах үйлдлүүдийг эрх баригчид хийсээр байна?
-Мэдээж эдийн засагт доргилт, донсолгоо олон байна. Тэр бүхнийг нэгмөсөн арилгах боломжгүй. Нэг, нэгээр нь тулгамдсан асуудлаа шаргуу шийдэж цэвэрлэсээр эерэг уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрх донсолгоо бүхнээс хамгийн эмээх, айх зүйл нь та бид хоёрын саяын ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Гэхдээ донсолгоог жижиг гэж чамлаж болохгүй. Олон жижиг “донсолгоо” нь том хямралын шалтгаан ч байж болох шүү дээ.
Гадаадын хөрөнгө оруулалт  Монгол улсад хэрхэн орж ашиглагдаж байгааг манай ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн жишээн дээр сонирхуулая. Манай компанид дотоод гадаадын нийлсэн 16 хувьцаа эзэмшигч байгаагаас 6 нь гадаадынх байна. Үүнд, дэлхийн санхүүгийн нийслэл Лондонд төвтэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк,  АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төвтэй Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК, Голландын Триодос банк, Швейцарын Женев хотноо байрлах Бамбуу Финанс, Люксембургэ дэх Ронок Интернэшэнэл зэрэг банк, санхүүгийн байгууллага хөрөнгө  оруулж жил бүр нэмэгдүүлж байна.  Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол захирлуудаас гадна Австрали, Англи, Голланд, Ирланд, Швейцарын иргэд ажиллаж байна. Компаний өдөр тутмын үйл ажиллагааг Монгол залуучууд удирдаж байна.
Саяхан компаний шинэ хувьцаа эзэм­шигчээр орж ирэх Японы Орикс Груп ЭЗХЯ-наас зөвшөөрөл авлаа. Орикс компани  банк, лизинг,  даатгал хөрөнгө оруулалтын зэрэг үйлчилгээг дэлхийн 26 улс оронд үзүүлдэг 100 тэрбум ам долларын хөрөнгөтэй айл юм.
Дотоод, гадаадын эдгээр хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгө монголын 500 мянган иргэн, айл өрх, компанид санхүүгийн үйлчилгээ узуулэхэд зарцуулагддаг.  Сүүлийн арваад жил оруулсан хөрөнгийнхөө ногдол ашгийг бараг авалгүйгээр манай эдийн засагт эргэлдүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
У.Оргилмаа

Sunday, 7 April 2013

"Улстөрчид хэт оролцвол инфляци өсдөг"

“Ярилцах танхим” -ынхаа энэ удаагийн зочноор Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдыг урилаа. Түүнтэй олны хүлээлт болсон эдийн засгийн зарим асуудлаар ярилцсан юм.

-Инфляци он гарснаас хойш нэлээд тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Үндэсний статис­тикийн хорооноос бүр хурд нь саарч байгаа талаар мэ­дээлсэн. Гэтэл олны дунд бий болсон үнэн, ху­дал мэдээлэл ялангуяа улс­төрчдийн янз бүрийн байр сууринаас үүдээд ирэх тавдугаар сард инфляци өсчихвий гэсэн айдас байна?

-Нэг зүйл онцолж хэлье.

Улстөрчид, Засгийн газар аж ахуйн асуудалд хэт оролцсоноос болоод инфляци өсөх гол шалтгаан болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын төсвийн хуваа­ри­лалт хэт муу, зарлага их, хувийн салбараар дамжуулдаггүй, мөн төр хамгийн муу менежер байдгаас болоод үр ашиг муутай хөрөнгө их бий болж байна. Түүнчлэн төр засгийн сувгаар хуваарилж байгаа хөрөнгө  эдийн засагтаа эргээд хүнд дарамт авчирч инфляцийг өсгөчихдөг. Үүнийг бууруулъя гэвэл төсвийн зарлагыг багасгах ёстой. Өнөөдөр манай улсын зарлага бараг 50 хувьд хүрээд байна.

-Тэгэхээр төсвийн зарлагыг яг хэдэн хувьд байлгавал эдийн засагт халгаа багатай байдаг юм бол оо. Тухайлбал гадны хөгжингүй орнуудад? 

-Өндөр хөгжилтэй, инфляци бага байгаа орнуудыг ажиглахад төсвийн зарлагын хэмжээ нь ердөө 20-30 хувь л байдаг. Өөрөөр хэлбэл үр ашиггүй зарцуулах мөнгөн хө­рөнгө бага байх тусам инфляци нь доогуур хувьтай байна. Төсвийн мөнгөн хөрөнгө яагаад үр дүнгүй зарцуулагдаад байна вэ гэхээр та бүхэн ч мэдэж байгаа хавтгайрсан халамж буюу иргэддээ хэт өгөөж­гүй, бараажаагүй бэлэн мөнгө та­раах хувилбарыг улстөрчид гол болгодог. Эцсийн дүндээ тэд цөөн хэдэн үйлдвэрлэгчид, тат­вар төлөгчдийн мөнгийг үрэн та­ран хийж, улс төрийн зорилгоор зарцуулж байгаагийн илрэл юм. Мөн инфляцийн өсөлтөд нөлөөлж буй бас нэг том шалтгаан нь эдийн засгийн бүтцийн гажуудал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийнээр хэлэхэд хатуу, зөөлөн дэд бүтэц манай оронд маш сул дорой хөгжсөнтэй холбоотой. Тодруулбал цахилгаан, авто зам, ложистик муу хөгжсөн мөн бараа үйлчилгээний хангамжийн тогтолцоо буюу төв­лөрсөн, тогтвортой, нэгдсэн бод­лого байхгүйгээс болоод Засгийн газрын хийсэн ажил нь байнга зөрж, бараа, бүтээгдэхүүний догол­долд орж ирсэн. Үнийн хөөрөгдөл гарах байдал яг үүнээс болдог гэхэд болно. Хамгийн гол нь эдийн засагт байх ёстой дээрх эд ангиуд одоо алга учраас бугуйн цагтай харьцуулахад байнга эргэж байдаг хүрд нь ажиллахгүй байна гэсэн үг. Тиймээс инфляци доошоо нэг оронтой тоонд орно гэхэд бэрх л дээ.

-Түүнчлэн Монголбанк бод­логын хүүгээ дахиад нэг хувиар буурууллаа. Ер нь бодлогын хүү гэдэг ойлголт манай оронд сайн хэрэгждэггүй гэх яриа бий?

-Монгол Улсад мөнгөний хомс­дол байхад тодруулбал банкны салбарт буй 100 төгрөг тутмын 25 хувийг нь зээлийн эргэлтээс хасаж төв банкинд юмуу Засгийн газрын үнэт цаасанд барих шаардлага тавьж байгаа нь өнөөгийн эдийн засагт байж болохгүй хувилбар. Манай улсад мөнгө хүрэлцэхгүй байгаагаас болж Засгийн газар га­даадад бондоо зарж мөнгө олж ирээд байгаа биз дээ. Гэтэл дотроо гүйлгээнд буй өчүүхэн хэмжээний мөнгөнөөс 25 хувийг нь эргэлтэд оруулахгүй байна гэдэг нэг талаараа эдийн засгийн гажуудал үүсгэдэг. Ер нь бодлогын хүүгийн нөлөө бага учраас гажуудал бий болдог. Харин түүний оронд улс төсвийн зардлаа танаад ихэнх хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгийг хувийн хэвшлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулбал илүү оновчтой, инфляци ч буурна.

-Нөгөөтэйгүүр төр засгаас инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг махны үнийг бууруулах, тогтвортой байлгахын төлөө нөө­цийн махыг бэлдэж олон жилийг ардаа үдлээ. Энэ хувилбар ингээд удаан оршин тогтноод байх нь хэр зүйтэй юм бэ?
-Махны асуудал дээр ингэж толгой гашилгаж байгаа нь үнэхээр Монголын эмгэнэл юм. Дэлхий дээр нэг хүнд хамгийн их мах ногддог орон. Гэсэн атлаа олон улсын зах зээлээс өндөр үнэтэй мах иддэг бас нөөцийн мах бэлддэг нь үндэсний эмгэнэл. Дотооддоо махыг ингэж бэлдэж буй нь эдийн засгийн ойлголтоороо нэг худалдан авагчаасаа нөгөө худалдан авагч нь авчихдаг. Түүнчлэн Засгийн га­зар энэ асуудал дээр оролцоод байх шаардлагагүй. Түүний оронд гадагшаа гаргахад бодлогоо чиг­лүүлж, ариун цэвэр, агуулах, гаа­лийн татвар, хяналтын ситем, тарифын болон тарифын бус аргад ан­хаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл махны гадаад худалдаан дээр чиглэж ажиллах цаг ирлээ. Дотоодын махны зах зээл дээр Засгийн газар хувийн хэвшилтэй шахцалдаж, оролцоод байх хэрэггүй. Үүнээс гадна мах бэлтгэгчдийн монополийг зад­лах, энэ зах зээл дээр илүү их өрсөлдөөнийг өрнүүлэх, мөн бо­ловсруулах үйлдвэрийг хувийн хэвшлийг дэмжих журмаар барих нь зүйтэй. Ингэхдээ тэднийг за­хиргааны болон зээлийн эргэн төлөлтийн байдал дээр нь дэмж­лэг үзүүлж болох юм. Тэгж байж гэмээнэ махны нийлүүлэлт тогтворжино шүү дээ. Бид тагтан дээрх махаа зүсэж идээд байдаг соц нийгмийн үеийг халах нь чухал.

-Түүнээс гадна өнгөрсөн жил төв банк инфляцийг буу­руу­лахын тулд бодлогын хүүгээ нэмээд байсан. Гэвч төдийлөн сайн үр дүнд хүрч чадаагүй. Харин Монголбанк өнгөрсөн гу­равдугаар сард 13,25-12,5 хувьд бууруулахтай зэрэгцээд инфля­цийн хурд саарч байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Чухам энэ сааралт юуны үр нөлөө байж болох вэ?

-Үүнд маш олон хүчин зүйл бий. Гэхдээ төсвийн зарлага буур­сан болохоор инфляцийн хурдад эергээр нөлөөлсөн. Түүнчлэн улир­лын эдийн засагтай манай орны хувьд энэ өвөл орлого харьцангуй буурсан болохоор бэлэн мөнгө хэвийн хэмжээнд байлаа. Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн сал­бараас орж ирсэн бараажаагүй мөнгөн хөрөнгийг халамж хэл­бэрээр зарцуулснаас болоод эр­гээд үнийн өсөлт, инфляцид нөлөөл­чихөж байсан.

-Ер нь инфляцийг бууруулахад үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй гэдэг. Гэхдээ манай орны хувьд жижиг дунд үйлдвэрлэл рүү хэт их мөнгө хаяж байна. Өмнөд Солонгос шиг ч юмуу олон улсад өрсөлдөх хэмжээний томоохон компаниудаа түрүүлж хөгжүүлбэл эдийн засгийг аваад явчих боломжтой талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин таны хувьд?
-Жижиг, том үйлдвэр нэг нэ­гийгээ үгүйсгэнэ гэсэн туйлшрал байж болохгүй. Үр ашигтай л бол аль аль нь ажиллаж байж эдийн засагт илүү тулгуур болно. Гэхдээ төрөөс дэмжинэ гэх хуучирсан нэр томъёог халах цаг ирсэн. Яагаад гэвэл ямар ч ашиггүй, явцгүй байгаа үйлдвэрт бидний татварын хэдэн төгрөгийг зүгээр өгчихдөг. Тэр үйлдвэр нь урт хугацаанд амьдрах чадваргүй байдаг. Харин тэрний оронд хамгийн ирээдүйтэйд нь дэмжлэг үзүүлэх нь зөв хувилбар байх. Мөн манайхан том үйлдвэр, компаниудыг түрүүлж хөгжүүлнэ гээд яриад байдаг. Энэ нь онолын хувьд байж болох ч Монгол Улсын хувьд хий дэмий ярианаас цаашгүй байна. Хамгийн гол нь жишээ, тооцоогоор батлах ёстой биз дээ. Тэгж байж илүү бодитой болно.

-Мөн АНУ ч юм уу, гадны бусад хөгжингүй орнуудад Үнийн комисс, бүр эдийн засагчдын зөвлөл, зарим оронд нь тусгай яам хүртэл байдаг. Манай улсад ийм зөвлөлийг байгуулбал ямар вэ?
-Үнийн хувьд нэн түрүүнд улстөрчид оролцох ёсгүй. Хэрэв үүн дээр төр дуугаараад ирвэл хөндлөнгөөс боомилох асуудал гарч ирдэг. Бид хэт мартамхай улс юм шиг санагддаг. Учир нь бүтэн 70 жилийн турш үнэ зохицуулж хор уршгийг нь мэдэрч ирчихээд одоо дахиад үнийн зохицуулалтад төр оролцоно гэвэл тийм ч сайн зүйл болохгүй.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ онд инфляцийн түвшинг найман хувьд хүргэнэ гэсэн төсөөллийг хэлсэн. Чухам эл амлалт тооны хувьд байж болох ч эдийн засагт хэр бодитой байх юм бол?
-Тооны хувьд боломжтой. Гагцхүү бодитой болгох ажлаа хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дээр дурьдсан эдийн засгийн бүтцийн гажуудлыг арилгаж, засварлах нь нэн түрүүний асуудал. Ингэж байж инфляцийг урт хугацаанд нэг оронтой тоонд барьж чадна.

-Түүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого сүү­лийн үед нэлээд муудаж бай­гаа талаар судалгааны бай­гуул­лагаас онцолсон. Гэхдээ үнээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчид гараа татах байдал ажиглагдаж эхэллээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Монголын төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд залгамж ха­лаагүй байдгаас болж хөрөнгө оруулагчид гараа татахад хүрсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан шийдвэрүүд эрс өөрчлөгдөж тэд­ний итгэлийг эвдэж байгаа нь их нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр шийдвэр гаргагчдын өөр хоорондоо уялдаа­гүй, зөвшилцөлгүй гаргасан шийд­лээс болж өөх ч биш булчирхай ч биш зүйл өнөөдрийн манай нийгэмд бий болчихсон байна. Мэдээж хэрэг энэ бүх хариуцлагагүй байд­лын эцсийн үр дүн нь улсын нэр хүндийг гад­ныханд огцом унагачихлаа. Шинэ Засгийн газар маш яаралтай га­даадын хөрөнгө оруулалтын хууль, тогтоомжиндоо өөрчлөлт оруу­лахгүй бол хөрөнгө оруулалт цааш­даа ч буурах болно. Бүтээн бай­гуулалтын улирал эхлэх гэж буй энэ үед цаг хугацаа их алдаж байна. Тэгэхээр одооноос ярихгүй бол намар, өвөл хөрөнгө оруулат орж ирэхгүй шүү дээ.
-Манай зарим улстөрчид “Бид Хятадад хямдхан ч гэсэн нүүрсээ өгч байх хэрэгтэй. Учир нь тус улс манайхаас им­портын нүүрсний хамааралтай болтол бид бүтээгдэхүүнээ өгөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл 40 жилийн дараа ч юм уу, нүүрсний хэрэглээ бараг байхгүй болох мэдээ бий?

-Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй, алдагдалтай энэ байр суурь муу хариулт байна.

-Монголд зээлийн хүү хэт өндөр байгаа учраас бизнесийн салбарын хүрээ тэ­лэхгүй байна гэдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хамгийн энгийнээр хэлэхэд эдийн засаг тогтворгүй мөн урт хугацааны хөрөнгө оруулалт, хад­галамж байхгүй байна. Түүнчлэн хадгаламжийн хүү бас өндөр бо­лохоор зээлийн хүү ч гэсэн тийм хэмжээний байдаг. Эдийн засагчид энэ талаар өчнөөн хэлдэг. Даанч шийдвэр гаргагчид нь яаж тусдаг юм бүү мэд. Тиймээс миний хувьд нэг их дэлгэрэнгүй хариулмааргүй байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Л.БААТАРХҮҮ
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин