Showing posts with label ОЮУН Санжаасүрэнгийн. Show all posts
Showing posts with label ОЮУН Санжаасүрэнгийн. Show all posts

Monday, 13 May 2013

“Өмнөх сонголтоо давтах шалтгаан бий”

УИХ, Засгийн газрын гишүүн, Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюунтай ярилцлаа.

-Иргэний зориг-Ногоон нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцох шийдвэр гаргасан. Засгийн газарт АН-тай хамтран ажиллаж байгаа учраас ийм шийдвэрт хүрсэн үү. МАХН бол тусдаа нэр дэвшигч гаргалаа шүү дээ? 
-ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж, энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжин оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Дөрвөн жилийн өмнөх сонгуульд түүнийг дэмжсэнээрээ огт алдаагүй гэдэгт итгэлтэй байгаа учраас ИЗНН өнөөдөр энэ сонголтыг давтан хийлээ. 2009 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч шударга ёсыг амласан. Үүнийг төрийн бодлого, итгэл үнэмшил болгохын тулд санаачилсан, хийсэн болгоныг тоочилгүйгээр үүн дээр тогтож хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эхлүүлж багц хууль санаачлан батлуулсныг монголчууд мэдэж байгаа. Хууль зүйн салбарын шинэчлэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртлын эсрэг хийж байгаа “өөрчлөн байгуулалт” багагүй хугацаа шаардах, зарим талаар эсэргүүцэл дагуулах үйл явц юм. Хүмүүсийн сэтгэлгээ, ёс суртахуун өөрчлөгдөж, шударга ёс бидний амьдралын хэвшил, итгэл үнэмшил болж төлөвшихөд мэдээж хугацаа хэрэгтэй. Гэхдээ үүнийг нийгмийн оюун санаанд программчлахын тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчныг нь тэр чиг хандлагаар шинэчлэн өөрчлөх ёстой юм. Одоо энэ ажил дөнгөж эхэлж байна. Үүнийг үргэлжлүүлэх, тэр тусмаа үзэл санааны бат бэх хамгаалалт дор үргэлжлүүлэх шаардлагатай учраас бид улс орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ийм шийдвэр гаргасан юм. Нөгөө талаас УИХ-д АН хамгийн олон суудал авч, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж бодлогоо хэрэгжүүлж байгаа энэ үед нэгдмэл бодлого, байр суурьт, тогтвортой байдал тун чухал гэдгийг ИЗНН онцолж байгаа юм.
 

-Эмэгтэй улстөрчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр яригдаж байгааг та юу гэж харж байна вэ?
-Монголын ардчилал өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд хэр хөгжиж, ямар ололт, амжилтаар баяжиж байгаагийн нэг тод илрэл нь энэ юм. Төрийн бодлого, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох, үүнийг хуулиар баталгаажуулахын төлөө багагүй тэмцэл туулж байлаа. Өнөөдөр УИХ-ын танхимд ч, гүйцэтгэх засаглалын төвшинд ч эмэгтэйчүүдийн тоо, байр суурь өссөнд баяртай байгаа. МАХН-аас Засгийн газарт хамтран ажиллаж байгаа С.Удвал сайд нэр дэвшлээ. Түүний хувьд ялалт энэ удаад ирэхгүй гэдгийг олон хүн, тэр дундаа өөрөө ч мэдэж байгаа. Ийм нөхцөлд эр зориг гарган эмэгтэйчүүдээ төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаад нь түүнд баяр хүргэх ёстой. Дараа, дараагийн удаад нэр дэвших бүсгүйчүүдийг маань нийгэм хүлээж авах, дэмжих хөрс суурийг бэлтгэж байгаа гэдгээрээ их чухал юм.
-Иргэний зориг намын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, шударга ёсыг тогтоохын төлөө Монголын нийгэмд хандан анхлан уриалж байсан улс төрийн хүчин. Одоо хүрсэн үр дүнд та бүхэн ямар дүн тавих бол?
-Бид ирээдүй хойч үедээ авлига, хээл хахуульгүй, аюулгүй, айдасгүй, шударга нийгмийг бүтээж өгөх ёстой. Өнөөдөр энэ нь монголчуудын маань бүгдийнх нь хүсэл эрмэлзэл болж чадсан. Олны сэтгэлд шударга ёс ялна гэсэн итгэл, урам байгаа цагт үр дүнд хүрнэ.

-Шударга ёсыг эсэргүүцдэг хүч ил далдаас нөлөөлөх гээд байдаг аюул бий шүү дээ? 
-Эрх мэдэл, эд баялгийн хуваарилалтад ойр байсан, одоо түүнийгээ алдаж байгаа хүмүүст бас эсэргүүцэх, тэмцэх шаардлага байдаг. Ялангуяа Ардчилсан нам эрх барьж байх үед хоёр талын ийм зөрчлөөс үүдэж улс төр нь тогтворгүй болдог гашуун туршлага бий. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Ерөнхий сайд болж,  авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг оролдсон боловч төдөлгүй түүнийг огцруулсныг хүмүүс санаж байгаа. Харин түүнийг 2009 онд Ерөнхийлөгч болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцэл эрчимжсэн. Гэмт хэргийн бүлэглэл, тэдгээрийн улс төрийн хамгаалалтаас айж халгаж байсан хуулийнханд ардчилсан Ерөнхийлөгчийн амлалт, итгэл үнэмшил ихээхэн зориг, дэм өгсөн гэж болно. Тийм учраас өнөөдөр албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, тогтоохын төлөө эрүүгийн цагдаагийнхан болон Авлигатай тэмцэх газар нэг нэгтэйгээ уралдаад ажиллаад эхэллээ шүү дээ.
 
-Таны ах ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан. Өнөөдөр түүний хамтран зүтгэгчид төр барих хэмжээнд хүрч төлөвшсөн байна. Та ахынхаа найз нөхдийн талаар юу хэлэх бол? 
-С.Зориг ах маань 1990 онд нөхдийн хамт нийгмийн дэвшил, ардчилсан өөрчлөлтийг зорьсон ард түмний их хөдөлгөөнийг удирдсан юм. Тэдний маань залуу насандаа зорьж эхлүүлсэн ардчиллын төлөөх, шударга ёсны төлөөх тэмцэл хорь гаруй жил үргэлжилж өнөөдрийн сайн сайханд монголчуудыг хөтлөн авчирсанд нь би баярлаж, талархаж явдаг.  Энэ хугацаанд тэд хал үзэж, хатуужиж, жинхэнэ удирдагчид болж чадсан. Тийм улстөрч, удирдагчдын нэг нь Ц.Элбэгдорж. Цаг үе өөрөө удирдагчаа, лидерээ төрүүлдэг, захиалдаг гэдэгт би итгэж явдаг юм.
 
З.БОРГИЛМАА

Friday, 10 May 2013

С.Оюун: Таван хүн сууж байсан, тэд л намаас гарч байгаа байх

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.
-Шинэчлэлийн гэгдэж буй Засгийн газар гарч ирснээр байгаль, орчны салбарт ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
oyun-Манай улс хүрэн эдийн засагтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлгүй, технологи нь ус, агаарт өөрчлөлт оруулж бохирдуулдаг. Үүний дээрээс эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрснээс гаргаж авдаг. Энэ бол хүрэн эдийн засгийн нэг том үзүүлэлт юм. Тиймээс энэ бүхнийг байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засаг руу шилжүүлэх нь чухал байгаа юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар нэлээд олон бодлогын баримт бичиг, шинэ дүрэм журам гаргаж байна. Юуны түрүүнд ногоон хөгжил, үзэл баримтлалын стратегийн баримт бичгийг тавдугаар сарын сүүлээр Засгийн газраас өргөн барих гэж байгаа. Үүн дээр ногоон эдийн засаг руу шилжихэд юу хийх ёстой тухай нарийн төлөвлөгөө бий. Гэхдээ заавал энэхүү төлөвлөгөөгөө хүлээгээд суулгүй өмнө нь хийгдэж байгаа зүйл олон бий.

-Тухайлбал?
-Усны хувьд хэд хэдэн шинэчлэл хийгдэж байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн усны төлбөрийг нэмэхээр журам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Нарийн судалгаа хийгээд дахин танилцуулах үүрэг авлаа. Энэхүү үүрэг нь үйлдвэрлэл, бизнест тийм ч их сөрөг нөлөөгүй байхад чиглэгдэж байгаа.
Усан дээр хэрэгжүүлэх өөр нэг шинэлэг зүйл гэвэл гол, усны сав газрын захиргаанд хуваагдан, тус тусдаа захиргаатай болно. Хамгийн түрүүнд Туул голын сав газрын захиргаа бий болсон. Манай Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа гэж бий. Мөн 29 байдаг. Тохиолдлын хувьд тоо нь ингэж таарсан. Гол, усны сав газрын захиргаа нь менежментийг хэрхэн явуулах, нөөц нь ямар байгаа, цаашид хайгуул судалгаа хэрхэн явуулах, бохирдох юм бол хэн яаж хариуцлага хүлээх вэ гэх мэт араас нь хөөцөлддөг эзэн нь болж байна гэсэн үг.
Хоёр жилийн дотор байгуулагдах эдгээр захиргаанаас хамгийн түрүүнд говийн сав газрын гурван захиргаа байгуулагдана. Үүнд бид олон улсын байгууллагуудтай хамтраад гурван жилийн төсөл хэрэгжүүлж, говийн усны менежментийг хэрхэн зөв явуулах вэ гэсэн нарийн төлөвлөгөө гаргаж ирнэ.

-Тэгвэл ой модны асуудал ямар шинэ зүйл бий болж байна вэ?
-Ойжуулах, ногоон байгууламж бий болгоход эдийн засгийн хөшүүрэг заавал бий болгох шаардлагатай юм билээ. Улсын төсөвт жил бүр ойжуулалтын зардал гэж суудаг. Гэвч тэр нь хангалттай ой тарих хэмжээний мөнгө биш. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг ойжуулалтад оролцдог хөшүүрэг бий болгох хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд эхний ээлжид Сангийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар төгөл бий болгож, ойжуулалт хийснийхээ дараа улсын ойн санд шилжүүлж өгч болохоор болсон. Ингэхдээ мэдээж улс нь худалдаж авна. Гэхдээ одоохондоо тариф нь тийм ч өндөр биш байгаа. Нэг га нь 350 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа. Энэ зохицуулалт хэдийгээр одооноос үйлчилж эхэлж байгаа ч 2000 оноос хойш тарьсан ой төглүүдийг улсын санд шилжүүлж болохоор зохицуулагдсан.
Ойжуулалтыг нэмэгдүүлэх өөр нэг хөшүүрэг бол хэрэв тухайн хүн ой мод таривал түүнийгээ өмчилж авах шинэ зохицуулалт мөн бий болж байгаа.
Түүнчлэн гаднаас мод оруулж ирэхэд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх бодлого баримталж байгаа. Бид эх орноосоо аль болох нойтон мод огтлохгүй байх зарчим баримтална. Тухайлбал, Булган аймгийн иргэд болон Зам тээврийн сайд А.Гансүх бид хоёрын хамтарсан тушаалаар төмөр замын дэр модыг ашиглахыг таван жилээр хориглох шийдвэр гаргасан.

-Төмөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа энэ үед өөр юу ашиглах юм бэ?
-Бетонон дэрийг хэрэглэхээр болж байгаа. Манайх өөрсдөө бетонон дэр үйлдвэрлэж эхэлж байгаа. Үнэхээр мод шаардлагатай уян хатан газар нь Төмөр зам нь нэгэнт Монгол, Оросын хамтарсан байгууллага тул Оросоос мод оруулж ирэх боломжийг хай гэдэг зүйлийг хэлж байна.
Үүнээс гадна цахилгааны шонд мод хэрэглэхийг хориглох саналыг Эрчим хүчний яаманд тавьчихсан байгаа. Тус яам тодорхой бэлтгэл хангаж байж шийдвэрлэе гэсэн. Энэ хоёр ажлыг хийж чадвал төмөр зам, эрчим хүчний шонгуудад жил бүр зарцуулдаг хамгийн сайн чанарын, нойтон, 40 мянган шоо метр модыг хэмнэх боломжтой болох юм.

-Манай улс ирэх жил ой модоо тоолох гэж байгаа гэл үү?
-Тийм. Бид ирэх жил анх удаа нэгдсэн хэмжээний тооллого явуулах гэж байгаа. Өмнө нь нэг жил гурваас таван аймгийн ойг тоолчихвол дараа жил нь дахин өөр аймгуудыг тоолох байдлаар 10-15 жилийн давтамжтай ойгоо тоолдог байлаа. Тиймээс 10 жилийн өмнөх тоо нь тооллого дууссаны дараа тийм ч бодитой биш болсон байдаг учир бид НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд нэг удаа ойгоо тоолох зорилго тавьж байгаа. Энэ нь уур амьсгалын гэх мэт эсвэл ойгоо хамгаалах ажилд ач холбогдолтой юм.

-Ан амьтнаа хамгаалах тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-15 жилийн өмнөөс эхлэн ан амьтнаа агнуулах юм бол улсын төсөвтөө нэмэр болдог байлаа. Өөрөөр хэлбэл, үүнээс бид гурав орчим тэрбум төгрөг олдог байсан. Тэгвэл өнөөдөр заавал мөнгө олохын тулд ан амьтнаа агнуулах нь нэгдүгээр асуудал биш болсон. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн шонхорын экспортыг таван жилээр хорилоо. Цаашид ч гэсэн хорих бодлого баримтална. Нөгөөтэйгүүр тусгай зориулалтын ан гэгдэх аргал, угалз, тэхийг гадаадынхан ирж агнадаг. Үүний квотыг манай яам олгодог байсныг орон нутагт нь шилжүүлж, тоог нь эрс цөөрүүлсэн. Өмнө нь хэдэн зуугаар нь өгдөг байсан бол өнөө жилээс эхлэн 15 аргал, угалз агнах зөвшөөрөл өгсөн байх жишээтэй.
Хоёрдугаарт, орон нутаг нь ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулж, яаманд өмнөх жилийнх нь намар ирүүлдэг болж байгаа. Уг төлөвлөгөөнд тулгуурлан, зөвхөн төлөвлөгөө гаргасан аймгуудад дээрх квотыг бага багаар нь өгнө. Тэрхүү квотоос олсон орлого нь шууд улсын төсөвт орно. Ингэхдээ үүнийхээ нэлээд их хувийг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулна гэсэн журам шинээр гарсан. Өөрөөр хэлбэл, удаан хугацааны турш ярьж буй орон нутагт эрх мэдлийг өгөх тухай асуудал энэхүү журмаар хэрэгжиж байна гэж ойлгож болно.

-Манай аймгууд газарзүйн байрлал, ан амьтны нөөцөөрөө өөр өөр тул зарим аймгийн төсөвт энэ төрлийн орлого бага орж таарах нь ээ дээ?
-Ийм асуудал тулгамдаж байна. Тухайлбал, зарим аймгууд дээрх байдлаас 100 саяас доош орлого орж ирэх урьдчилсан төлөвлөгөө байхад зарим аймгуудад маш бага орлого орж байх жишээтэй. Тиймээс ахиу мөнгө авч байгаа аймаг нь өөрсдөө санхүүжилтээ зохицуулах, дутуу байгаа аймгуудыг улсын төсөв, байгаль хамгаалах сангаас дэмжих бодлого явагдана.

-Таны яриаг цаг үеийн асуудалд хандуулах гэсэн юм. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. Танай нам энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Манай намын Үндэсний хорооны хурал маргааш (өнөөдөр) болно. Намын улс төрийн зөвлөл өмнө нь хоёр ч удаа хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн. Улмаар ажлын хэсэг гарч Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох хувилбаруудыг судалсан юм. Бид 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж, хамтын ажиллагааны гэрээтэй оролцсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө төлөө тууштай явсан. Тухайн үед шударга ёс, шүүхийн шинэчлэлд анхаарна гэдэгт бид хамтарч гэрээ байгуулж байлаа. Өнгөрсөн хугацаанд эдгээр төлөвлөсөн ажлаа ямар ч байсан чамлахааргүй хийсэн учир энэ удаа ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэг маргааш (өнөөдөр) болох хуралдаанд оруулах юм. Гэхдээ мэдээж Үндэсний хорооны хуралдаанаар өөр зүйл яригдахыг үгүйсгэхгүй. Асуудлыг олонхиороо л шийднэ.
Гэхдээ ажлын хэсэг урьдчилан хэрэв АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих санал олонхи болбол манай намын мөрийн хөтөлбөрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэмжээнд таарах хөтөлбөрүүдийг санал болгохоор боловсруулаад байгаа. Ингэхдээ шударга ёс, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэх нь чухал санал хэвээр байгаагаас гадна ногоон хөгжлийн бодлоготой холбоотой, нийгмийн хамгааллын асуудлуудыг оруулж байгаа.

-Бусад нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болсон. Тэдний хувьд та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол намуудын дотоод асуудал учир зөв, буруу гэж хөндлөнгөөс хэлэх нь зохисгүй байх л даа. Би өөрөө нэр дэвшихгүй гэдгээ эхнээсээ хэлсэн. Намын даргын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих саналдаа тууштай байна.

-Танай нам дотооддоо нэлээд зөрчилдөөнтэй байх шиг байна. Намынхаа удирдах хүмүүсээ халж, солиод байгаа юм аа даа?
-ИЗНН дотооддоо зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Саяхан манай н.Жаргал, Г.Бат-Ялалт нарын таван хүний хийсэн хэвлэлийн хурлын мэдээллийг уншсан.
2012 оны сонгуулийн өмнө эдгээр хүмүүс манай намд элсч, улмаар нэр дэвшсэн. Сонгуулийн дараа ч хамтраад сайхан ажиллах болов уу гэтэл н.Жаргал маань ерөнхий нарийн бичгийн дарга болоод нам дотроо хагалан бутаргасан, нэг нэгнийгээ ор үндэсгүй зүйлээр хутгасан зэрэг буруу үйл ажиллагаа их явуулсан. Үүнд бид үнэхээр харамсч байгаа. ИЗНН-ыг 2000 оноос байгуулан, тууштай явж ирсэн гишүүд маань анх тавьсан байр сууриндаа нэгдмэл явж байна. Ингэж 10 гаруй жил улс орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшлээр хичээгээд явж байхад түүнийг маань буцаж нулиман, буруу мэдээлэл түгээж байна.
Миний хувьд уг асуудалд хүлээцтэй, тэвчээртэй байгаа ч гэсэн нэг зүйлийг хэлмээр байна, Улс төрийн нам бол сайн дурын, нээлттэй байгууллага, гишүүд сайн дураараа элсдэг бас гарч болдог. Үнэхээр үзэл бодол нийлээгүй бол гарч болно. Үүнд бид янз бүрийн зүйл хэлэхгүй. Тиймээс хамгийн гол нь эр хүн шиг байж, орвол ороод, гарвал гараад л явчихгүй худал мэдээлэл тарааж байгаад үнэхээр харамсаж байна.
Нөгөө талаас одоогийн гуравдахь хүчний гэгдэж байгаа намуудын хувьд өнөөгийн сонгуулийн тогтолцоонд амжилтад хүрэхэд маш хүнд. Бид ямар ч байсан 10 гаруй жил парламентад байнга төлөөлөлтэй байж, өөрийн гэсэн орон зай, итгэл үнэмшилтэй явж байгаа. Аливаа улс төрийн намын гол зорилго нь өмнөө тавьсан зорилт, мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтааж, төрийн бодлого болгох л байдаг. Энэ ч үүднээс бид цөөн суудалтай ч гэлээ Засгийн газарт багтаж, тодорхой асуудал хариуцаад намынхаа мөрийн хөтөлбөрөөс олон саналыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан. Энэ бол том боломж бас амжилт. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд нүүр улайхааргүй ажиллаж байсан гэдэгтээ итгэлтэй байна.

-Таныг намынхаа гишүүдийг дарамталдаг, үргэлж сайд болж, "бялуу"-г нь ганцаараа хүртэж байдаг гэх юм билээ?
-Би бол тийм хүн биш гэдгийг энэ олон жил улс төрд явсан таньдаг, мэддэг хүмүүс маань мэднэ.
Ер нь бол УИХ-ын гишүүн эсвэл сайд болно гэдэг шагнал биш. Сая би анх удаа намын жагсаалтаар орж ирсэн. Өмнө нь 1998 оноос хойш дөрвөн удаагийн сонгуульд тойргоос нэр дэвшсэи. Мэдээж үүнд намын гишүүдийн дэмжлэг байсан. Гэхдээ тухайн үед би тойргийн иргэдийнхээ санал дэмжлэгийн хүчээр ялсан. Үүнээс гадна өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай намын бий болгож ирсэн капитал гэж бий. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд нийслэлээс найм гаруй, улс даяар таван хувийн санал авна гэдэг чинь бид ямар ч байсан чамлахааргүй улс төрийн капитал, өөрийн гэсэн дэмжигчидтэй болчихсон байна гэсэн үг байхгүй юу. Тэр бий болгосон капиталыг ойлгохгүй, нэг л амар гэж бодоод шүүмжлээд, доромжлоод байх нь хэцүү л байна.
Нөгөө талаас би нэгэнт нам байгуулаад энэ олон хүмүүсийг уриалан дуудчихаад хаяад явах эсвэл нэр дэвшихгүй байх нь утгагүй шүү дээ. Нэгэнт бид Засгийн газарт орох асуудал дээр аль болох чадалтай, чанартай хийх, дээрээс нь намын гишүүдийн санал байсан учир сайд болсон. Түүнээс бус би хувиа бодсон бол заавал улс төрд байх шаардлага байхгүй.

-Танай намаас 1000 гишүүн гарчихсан юм уу?
-Би өчигдөр намынхаа Тамгын газар руу ярьж асуусан, хэдэн хүн намаас гарсан юм бэ гэж. Тэгтэл нэг ч хүн өргөдөл өгөөгүй байна лээ. Намын дүрмээр гишүүн болохдоо өргөдөл өгдөг, мөн гарахдаа өргөдлөө өгөөд гарах учиртай. Хоёр хоногийн өмнө болсон тэр хэвлэлийн хурал дээр таван хүн сууж байсан, бодвол тэр таван хүн гарч байгаа байх. Түүнээс бус олон зуу мянгаараа гараад байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ бүхний хойноос олон зүйл яримааргүй байна. Зүгээр л эр хүн шиг байгаач л гэж хэлмээр байна.

-Танай нам хэдэн гишүүнтэй юм бэ?
-Бид өнгөрсөн жил намынхаа дүрэмд хатуу гишүүнчлэл гэхээсээ илүүтэйгээр дэмжигч гишүүн гэдэг заалтыг оруулж ирсэн. Тиймээс сонгуульд манай намын төлөө өгсөн санал нь дэмжигчдийн тоо гэж ойлгож болно. Энэ бол олон улсын практик. Өнгөрсөн сонгуульд бид 5.5 хувь буюу 60 орчим мянган хүний санал авсан. Харин яг хатуу гишүүнчлэлээрээ бол тав орчим мянган гишүүн бий.
Т.ГЭРЭЛМАА
Өдрийн сонин


Monday, 4 June 2012

”Ээжийгээ дутуу ойлгодог байж дээ гэж бодогдох үе гардаг”



Зуны цэцэгс дэлбээгээ дэлгэж, хүмүүний сэтгэл тэнийсэн энэ өдөр эх, үрсийн баярын өдөр тохиож байна. Энэ гайхалтай өдрийн “vip” ярилцлагын зочноороо гурван хүүхдийн ээж УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюуныг урьж ярилцлаа. Бид улс төр ярихыг хүссэнгүй. Эх үрсийн нандин холбоо, гэр бүл, амьдралын утга учрын талаар ярилцсан юм. 


-Танд эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдүүдээ яаж баярлуулах гэж байна?

-Маш их баярлалаа. Үнэхээр сайхан баяр. Хүүхдүүдээ ямар ч байсан салхинд гаргана. Бэлэг авч өгнө. Ерөнхийдөө үдээс хойших бүх цагаа хүүхдүүдээ зориулна. Үдээс өмнө телевизийн ярилцлагатай. Сонгуулийн штаб дээрээ очино. Энэ мэтчилэн ажлуудаа амжуулаад 13 цагаас хойш хүүхдүүдтэйгээ байна даа.

-Ээжийг тань “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр ард түмэн андахгүй мэддэг. Та энэ өдөр ээжийгээ хэрхэн баярлуулдаг байсан бэ. Бас таны ээж хүүхдүүдээ яаж баярлуулдаг байв?

-Байгаагаараа л хүүхдүүдээ баярлуулдаг байсан. Манай ээж биднийг нэлээд сайн бие дааж өсгөсөн. Ямар ч байсан ээж, аав биднийг загнаж байсныг санадаггүй юм. Ээж, аав хоёр маань амьд сэрүүн байсан нь одоо бодох нээ баяр байж дээ. Аав маань намайг 17-той байхад бурхан болсон. Ээж маань есөн жилийн өмнө бурхан болсон. Сүүлд бодож байхад ээжийгээ дутуу ойлгож байж дээ. Ээжийнхээ ярьж хэлж байсныг илүү их анхааралтай сонсдог  байж гэж боддог юм. Хэдийгээр тухайн үед ээждээ анхаарал хандуулдаг, хайрладаг байсан ч сүүлд бодоход дутуу юм шиг л санагддаг юм байна. Ер нь сэтгэлийнхээ үгийг дутуу ойлголцож байж дээ гэж бодогддог юм. Би Чехд оюутан байлаа. Дараа нь Ангилд 1990-ээд оны эхээр асперантурт сурч докторын зэрэг хамгаалсан.Ээжийгээ энэ үед өөр дээрээ их авчирдаг байлаа. Намайг Ангилд байхад ээж маань 3-6 сар ирж надтай амьдарчихаад нутаг руугаа буцдаг байсан. Уг нь тухайн үедээ сайхан л харж хандаад байгаа юм шиг санагддаг байсан ч бас л дутуу байж. Зөвхөн харж хандах биш дотоод сэтгэлийг нь ойлгох бас чухал байдаг юм билээ. Манай ээж багадаа өнчрөөд айлд өргөгдсөн гэдэг. Манай өвөө Сумоков гээд мундаг судлаач хүн байсан. Монголын анхны газрын зургийг зурж байсан хүн л дээ. Монголд 15 жил судалгааны олон ажил хийсэн боловч 1930-иад оны хэлмэгдүүлэлтээр хэлмэгдээд орос руу лагарт ачигдаад явчихсан. Тэр үед манай ээжийг монгол айлд үрчлүүлсэн юм. Өргөж авсан ээж, аав нь маш сайн хүмүүс байсан гэж ээж маань байнга л дурсаж ярьдаг байсан. Өргөж авсан ээж нь Өвөрхангайн гаралтай Дуламсүрэн гэдэг маш сайхан эмэгтэй байсан гэдэг. Гэвч ээжийг 17-той байхад нь бурхан болчихсон юм гэнэ билээ. Ээжийгээ маш их дурсаж ярьдаг байсан. Ээж маань багаасаа өнчирсөн айлд өргөгдсөн төрсөн ээж аавыгаа ч мэдэхгүй, ах дүү ч байхгүй ганцаараа гээд ярихааар нь огт ойлгодоггүй байж дээ. Сүүлд ээж 40 хүрээд төрсөн эгчийгээ олж авсан. Одоо тэдэнтэй холбоотой байдаг юм.

-Тийм шүү. Бид өдөр бүр ээждээ хайртай гэдэг үгийг бага хэлдэг шүү дээ. Амьдралын хором мөч бүр үнэтэй учраас ээжийгээ, үр хүүхдээ үргэлж хайрлаж, халамжлах нь хамгаас илүү үнэ цэнэтэй юм шиг.

-Тэгэлгүй яахав. Ялангуяа  залуу байхдаа би ээжийгээ “Та сайхан нөхөртэй, сайхан хүүхдүүдтэй байж юунд ийм зүйл ярьдаг юм” гэдэг байлаа. Ингээд бодохоор ээжийгээ дутуу ойлгодог байж дээ гэж бодогдох үе гардаг юм. Би бага насны гурван хүүхэдтэй. Хамгийн гол нь хүүхдүүддээ цаг зав гаргахын төлөө их хичээдэг. Хичнээн ажилтай завгүй байсан ч эцэг, эхчүүд “Бид үр хүүхэддээ цаг гаргах хэрэгтэй. Хүүхдээ тэжээхийн тулд ажиллаж орлого олж байна. Тиймээс хамт байх нь чухал биш. Мөнгө олох нь чухал” гэж бодоод зарим эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг зав гаргаж чаддаггүй. Гэвч үр дүн хэдийгээр чухал ч гэсэн хором мөч бүр илүү шүү дээ. Бид үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй болгочих юмсан гээд л үр дүнг нь бодоод байдаг. Гэтэл хүүхдийн өсч өндийж байгаа тэр өдрүүд бас чухал юм. Хүүхдүүдтэйгээ хамт байх, ярих, ном уншиж өгөх гээд л. Хамт байна гэдэг бол өөрөө амьдралын нэг хэсэг шүү дээ.

-Танай гурван хүүхэд.  Хэд хэдэн настай вэ?

-Хамгийн бага нь гурван настай, дундах нь зургаан настай, том нь одоо ес хүрнэ. Нас нь балчир учраас намайг гэртээ орохоор баярлаад л, хашгираад л угтана. Бидныг хайрладаг, бидэнтэй цагаа өнгөрүүлэхийг боддог тийм гоё үе нь байна шүү дээ. Тэр ч болохгүй, энэ ч болохгүй гэхээсээ илүү хүүхдийн сахилгагүйтмээр байгааг нь сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Та нэлээд хожуу гэрлэсэн. Гэр бүлийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Би бүр 39 настайдаа гэр бүл болсон. 26 насандаа Англи улс руу асперантурт сурах гэж яваад гэр бүлтэй болж амжаагүй. Тэнд дөрвөн жил суралцаад дараа нь гурван жил ажиллаад өөрийн гэсэн ажил амьдралтай болчихсон байлаа. Гэтэл 1998 онд С.Зориг ах харамсалтайгаар бурхан болж гэнэт монгол руу ирээд л улс төр рүү шидэгдчихсэн. Тэр үед би 34-тэй байлаа.Үүнээс хойш улс төрийн ажил гэсээр байгаад 39-тэйдөө гэр бүл болж анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Тэгээд л нэг мэдсэн гурван хүүхэдтэй болчихсон шүү дээ. Намайг гэр бүлийн амьдрал нэлээд өөрчилсөн. Миний амьдрал маш  гэгээлэг сайхан болж ирсэн. Мэдээж хажуугаар нь хариуцлага ирнэ. Ер нь улс төрд эрчүүдээс тутахгүй үзэлцэнэ гэдэг байлаа. Гэтэл гэр бүлтэй, ялангуяа бага насны хүүхэдтэй хүн заавал цагийн хомсдолд ордог юм байна лээ.

-Та ямар үнэртэй усанд дуртай вэ?

-Тэр тухайн өдрийн байдлаасаа хамааран янз бүрийн үс түрхэнэ. Gucci, Estce Lauder гээд 3-4 төрлийн сүрчигтэй. Өглөө эрч хүчтэй баймаар байвал хурц гоё үнэртэйг нь, тайван баймаар байвал зөөлөнг нь түрхэнэ. Гадаадад ажлаар явж байгаад ер нь үнэр амьдралд хэр чухал тухай нэг лекценд суусан юм.Үнэр мэдрэлийн судасаар дамжаад шууд бидний тархи руу орчихдог юм байна. Өөрөөр хэлбэл хүн үнэрээр дамжуулаад дурсамж нь  сэргэдэг гэнэ.Үнэрээр дамжуулаад тэр хүний өдрийн хандалга нь өөрчлөгддөг байгаа юм.

-Нөхөр тань танд ямар бэлэг авч өгдөг вэ?

-Бид хоёр бие биеэндээ бэлэг энэ тэр аваад байдаггүй шүү дээ. Хаяа бэлэг авч өгөх ёстой байх л даа. Бид хоёр бие биеэндээ хайртай, халамжтай байгаа нь өөрөө бэлэг гэж боддог.

-Та 2000 оноос хойш улс төрд зүтгэж байна. Ер нь улс төрийн амьдрал хатуу гэж ярьдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Та ер нь өөрийгөө ямар имижтэй улстөрч гэж боддог вэ?

-Улстөрчийн цаана олон хүний  итгэл найдвар байдаг. Тэр итгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан гэдэг бодол анх улс төрд орохоос эхлээд байсан л даа. Манай С.Зориг ах нийгэмдээ маш нэр хүндтэй улстөрч байсан. Тиймээс ахынхаа үлдээсэн үйл хэргийг залгамжилж явна гэдэг үүрэг хариуцлага, олон хүний итгэл гээд алдаж болохгүй олон зүйл байдаг л даа. Намайг ер нь эршүүд л гэдэг юм.

-Эмэгтэйчүүд бие биедээ алга таших дургүй гэлцдэг. Харин улстөрч эмэгтэйчүүд бие биенээ хэр дэмждэг юм бол?

-Би харин улстөрч эмэгтэйчүүддээ алга таших дуртай. Эмэгтэйчүүдийн жендерийн 30 хувийн квотыг бий болгох хэрэгтэй гэдэг санааг анх дэвшүүлж байсан. Эмэгтэйчүүдийн оролцоо ихээхэн нэмэгдээсэй гэж боддог. Энэ нийгэмд бугширсан олон асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүд оролцох ёстой юм. Тэр нь хэтдээ улс орондоо л хэрэгтэй. Харин ч сүүлийн үед эмэгтэйчүүд бие биенээ дэмждэг болж байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өдөр тутмын сонины эмэгтэй эрхлэгч нар санаачилга гаргаад эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж байгаа. Эрэгтэйчүүдээс гараагүй санаачилгыг эмэгтэйчүүд маань гаргаж байна. Чамд ч бас баярлалаа.  Танай Info.mn сайт сонгууль эхэлчихсэн байхад гэгээлэг сайхан сэдвээр ярилцаж эмэгтэйчүүдээ дэмжиж байгаад бас баярлаж байна.

-С.Зориг агсаны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Оюутан байхдаа танд захидал бичдэг байсан гэсэн. Яг ямар захидал бичдэг байсан юм бэ. Одоо болтол та захидалыг нь хадгалдаг уу?


-Тэгэлгүй яахав. Бид С.Зориг ахын архивыг сан дээрээ төвлөрүүлсэн байдаг. Ер нь оюутан байхдаа “Улс орноо өөрчилмөөр байна. Яагаад бид сайхан хөгжилтэй, сайхан орон болж болохгүй гэж” гээд л нэг их мундаг эх оронч захидал бичдэг байсан. Хажуугаар нь мэдээж сонин сайхнаа бичнэ л дээ. Тэр үед ямар интернэт байх биш захидал бичдэг байлаа шүү дээ. Ах маань өөрийнхөө захиа, тэмдэглэл дээрээ зураг зурах дуртай байсан.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Эх сурвалж: www.iznn.mn

Thursday, 3 February 2011

С.Оюун: Бид ногоон үзлийг нэгдүгээрт тавина


2011 оны 2 сарын 1

Парламентад суудалтай сөрөг хүчин болох
ИЗН, МНН хоёр нэгдэж, Иргэний зориг-Ногоон
нам байгуулах гэрээг өчигдөр үзэглэлээ.
Энэ үеэр МНН-ын зарим гишүүн уг үйл
явцыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа
илэрхийлж байв. Хоёр нам нэгдэж байгаа
талаар УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга
С.Оюунаас тодруулсан юм.



-Хоёр нам ямар үзэл баримтлалын дор нэгдэж байна вэ?

-Бид байгаль орчин, экологио хамгаалах ногоон үзлийг нэгдүгээрт тавьж байгаа.
Үүнийг зөвхөн ИЗН, МНН гэлтгүй ямар ч улс төрийн хүчин гол болгох ёстой.
Үүний дараа ИЗН-ын либераль үзэл, төвийг сахисан байр суурийг хэвээр
хадгалж үлдэх юм. Хувийн хэвшил давамгайлсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал.
Бид үүнийг ч бас гол болгож байгаа.

-Иргэний зориг-Ногоон намд эрх баригч хоёр намын эсрэг гол сөрөг хүчин болж
ажиллах нөхцөл боломж, бааз суурь байгаа юу?

-Байгаа. Бид парламентад хоёр суудалтай. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар ИЗН нийт
сонгогчдын 12 хувь, МНН-Иргэний эвсэл 14 хувийн санал авсан. Үүнийг тоогоор
илэрхийлбэл 200 мянга гаруй сонгогч, дэмжигчидтэй гэсэн үг. Тийм учраас суурь
байгаа гэж хэлж болно. Манай сонгуулийн тогтолцоо төдийлөн оновчтой биш байгаа
учраас бид сууриа бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс сонгуулийн хуулийг
өөрчлөхийн төлөө ажиллах болно.

-Танай намд шинэ лидер гарч ирэх үү. Тухайлбал намын дэд даргын асуудал
яригдаж байгаа?

-Намд шинэ лидер гарч ирнэ. Шинэ нам бий болж, үйл ажиллагаа эрчимжиж байгаа
энэ үед шинэ хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал олны танил хүн байх
албагүй. Намын их хурлаа энэ уриралд багтааж зохион байгуулна. Тэр үеэр дэд
даргын асуудал, бүр тодорхой болох байх. Харин намын даргын тухайд гэвэл
МНН-аас нэр дэвшүүлэх эрхтэй

-Танай хоёр нам нэгдэж байгааг МНН-ын зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж байна.
Тэр талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Гэхдээ олонхийн саналаа цөөнх нь
дэмжиж байж ажил урагшилна.

-Иргэний зориг-Ногоон намтай өөр намууд нэгдэх үү?

-Энэ талаар одоо хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд их хурлаа зохион байгуулна.
Түүний дараа дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэр хүртэл өөр намтай нэгдэх талаар ямар
нэг яриа гаргахгүй. Харин түүний дараа энэ тухай ярьж болох юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

Saturday, 25 December 2010

С.ОЮУН: "СОНГУУЛИЙН САВЛАГАА МАЖОРИТАР ТОГТОЛЦООНООС БОЛДОГ"


УИХ-ын эрхэм гишүүн С.Оюунтай Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хоёр ч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхлээд орхисон ч намрын чуулганаар үргэлжлүүлж амжилгүй зогсоод байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг гацааж байгаа гол шалтгаан нь сонгуулийн тогтолцоог сонгох асуудал гэдэг. Таны­хаар бол яагаад сонгуулийн хууль зог­сон­ги байдалд орсон бэ?

-Сонгуулийн хуулийг өөрчилж тогтолцооны реформ хийх ёстой гэж олон жил ярилаа. Тэгсэн хэрнээ олигтойхон хийж чадахгүй өдийг хүргэлээ л дээ. Эхлээд мундаг мундаг ярьж байгаад л орхидог зуршилтай болсон. УИХ-ын 2008 оны сонгуулиар байгуулагдсан УИХ ч мөн адилхан байна. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явлаас хойш “Сонгуулийн зөв зүйтэй тогтолцоо гаргаж ирэхгүй бол горьгүй нь” гээд л сүрхий ажлын хэсэг байгуулсан. Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан тэр ажлын хэсэгт би бас орж ажилласан. Хуулийн төслийг нь өргөн барилцсан. Л.Болд нарын гишүүд бас зэрэгцээд өөр нэг төсөл өргөн барьсан. Аль алийг нь хэлэлцье гэж УИХ-аар шийдчихээд хамгийн гол нэгдүгээр хэлэлцүүлэг рүү оролгүй хагас жил болж байна.

-Сонгуулийн хуулийг шинэ­чилж чадвал ямар үр дүнд хүрэх вэ?

-Сонгуулийн хуулийн шинэчлэл улс төрийн намуудын төлөвшилд асар чухал нөлөө үзүүлнэ. Улс төр хэр тогтвортой байх вэ, сонгууль хэр шударга болох вэ гэдэгт шууд нөлөөлнө. Маш чухал хууль шүү дээ.

-Ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох хууль гэдэг бил үү?

-Чухлын хувьд үнэхээрийн чухал хууль. Гаргаж чадахгүй удаад байгаа нь гишүүдийн хариуцлагагүйтэй холбоотой. Эрх барьж, гол асуудлыг шийдэж байгаа АН, МАН-ын лидерүүд хэн нэгнээ хараад суугаад байх биш, идэвх санаачлага гаргаж ажиллах цаг нь болсон гэж бодож байна. Дор дороо өөр өөрийн ашигтай, ашиггүй хувилбараа бодоод суугаад байх биш ажилдаа орох хэрэгтэй. Бид хэдийгээр хуулийн төсөл өргөн барьсан ажлын хэсэг ч гэсэн УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан шинэ ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагдаад Сонгуулийн хуулийг хэлэлцүүлж батлуулах үүрэг хүлээгээд байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо бас хэлэлцүүлэх үүрэгтэй. Хамаа алга. Өргөн барьсан хоёр төсөл болохгүй байна гэвэл буцаадаг ч юм уу, эсвэл хуулиа өөрчлөлгүй өнөөдрийн тогтолцоогоороо үлдэж болно шүү дээ.

Хамгийн гол нь дараагийн сонгуулийн дүрэм их тодорхой байх хэрэгтэй. Зөвхөн энэ хамтарч засаг барьж байгаа хоёр намд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 10 гаруй улс төрийн намд, нийгэмд, сонгогчдод сонгуулийн дүрэм их ойлгомжтой байх ёстой. Хийх ёстой ажилд их л хариуцлагагүй хандаж байна. Цаг алдалгүй намрын чуулган дуусахаас өмнө хэлэлцэж шийдэх ёстой гэж найдаж байна.

-Ингээд суугаад байвал өмнөх 2007 оных шиг цагт хавчигдаад буруу тогтолцоо авч магадгүй гэж үү?

-Өмнөх УИХ-ын үед яасныг санаж байгаа байх. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэж байна гэж хэлэлцэж хэлэлцэж шийдэж чадалгүй сууж байгаад эцсийн мөчид өргөн барьснаасаа тэс өөр тогтолцоо баталсан. Тэр нь олигтой тогтолцоо биш гэдэг нь тэр дороо харагдсан. Электроноор санал тоолж эхлээгүй байхад 48 цаг ямар ч замбараагүй тооллого явуулсан. Анх өргөн барьснаасаа өөр тогтолцоо батлагдчихаар чинь өргөн барьсан төсөл доторх заалтууд сонгуулийн тогтолцоотойгоо зөрөх юм нэлээд гарсан. Тогтолцоо хэдийгээр чухал ч гэсэн үүний зэрэгцээ мөнгө, санхүүжилттэй холбоотой нэлээд дэвшилттэй заалтууд орсон байсан. Гэтэл тэр заалтыг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэсэн хариуцлагын заалтууд оруулж чадаагүй юм билээ. Тийм болохоор хэрэгжүүлж чадаагүй. Одоо сонгуульд хамгийн их мөнгөтэй, хамгийн их мөнгө зарсан, хамгийн их мөнгө амласан нь ялдаг буруу тогтолцоотой болчихоод байна, бид. Тэгэхээр пропорциональ уу, мажоритар уу гэхээсээ гадна сонгуульд мөнгөний хүчин зүйлийг яаж бууруулах вэ гэдэг дээр улс төрийн намууд тогтож ярих цаг аль хэдийнэ болсон.

Ямар тогтолцоотой ч байсан бүхнийг мөнгөөр шийддэг сонгууль байх юм бол хэзээ ч шударга сонгууль болж чадахгүй. Сонгуулиас сонгуульд мөнгө рүү улам их яваад байгаад миний санаа асар их зовдог. Өнгөцхөн харахад Монгол Улс нэг их сүрхий ардчилсан, шударга сонгуультай, олон намын тогтолцоотой, идэвхтэй парламентын засаглалтай орон харагдаад байдаг ч тэр савны таглааг онгойлгоход дотор нь өт байж байх жишээтэй. Хөндлөнгөөс харахад ардчилсан сонгууль мэт байвч бүх зүйлийг мөнгөөр шийдсэн сонгууль болдог. Тэгэхээр энэ бол шударга сонгууль яав ч биш.

Сонгуулийн хуулийг яаравчлуула­хаар гуравдагч хүчин шахаж шаардах нь бидний үүрэг. Сая даваа гаригт ИЗН, Ногоон нам хамтраад Сонгуулийн хуулиа хэлэлцээч, батлаач гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Бид хэдий шахаж шаардаж байгаа ч шийдвэр гаргагч нь МАН, АН л байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр том намын эрх, үүрэг бүхий гишүүд, ажлын хэсэг нь ажлаа хийх хэрэгтэй.

-Сураг сонсоход тогтолцооны хувьд холимог гэж хоёр намын бүлэг тохирох шинжтэй бай­гаа юм шиг байна. Өргөн барилцсан хүний хувьд та ямар бодолтой байгаа вэ?

-Тэгж байна. За тэр хамаа алга. Холимог байж болно. Ямар ч байсан пропорциональ элемент оруулах ёстой гэж манай ИЗН үздэг. Яагаад гэвэл сонгогчдын өгч байгаа санал УИХ-д арай шударгаар тусна гэж үздэг. Өнгөрсөн сонгуульд ИЗН нийт сонгогчдын 11 хувийн саналыг авсан ч одоо ганцхан суудал буюу хоёрхон хувьтай тэнцэхүйц суудлыг УИХ-д эзэлж байна. Пропорциональ систем, үгүй ядаж пропорциональ элемент оруулбал сонгуулиас сонгуульд үүсч байгаа үр дүнгийн савлагааг дарж хэлбэлзэл болгож, улс төрийг тогтворжуулна гэж үздэг. Үүний учрыг бид сайн мэддэггүй л дээ. Сонгогчид л саналаа савлуулж өгөөд байгаа юм шиг боддог. Гэтэл 1992 онд МАХН парламентын бүх суудлын 90 гаруй хувийг аваад л, 1996 онд гэнэт нөгөө нам нь суудлын гуравны хоёрыг аваад л, 2000 онд буцаж ард түмэн маань 95 хувийг МАХН руу савлуулж өгөөд л, ямар тогтворгүй сонгогчид вэ гэж бодмоор. Гэтэл хэрэг дээрээ тийм биш. Сонгогчдын хоёр намд өгч байгаа санал дийлэнхдээ тогтвортой, арваас хорин хувийн хэлбэлзэлтэй л байдаг юм байна. Тэгэхээр сонгогчдын санал савлах биш хэлбэлздэг, үр дүн нь савлаж гардаг нь мажоритар тогтолцооноос болж байна. Жаахан илүү санал авсан нь парламентын суудлыг бүгдийг авна гэсэн тогтолцоо шүү дээ, мажоритар систем бол.

Улс төрийг тогтворгүй болгодог, намуудыг хүчээр эвсэх, нэгдэх, нэг шуудайд оруулах, тийм байдалд хүргэдэг тогтолцоо. АН гэхэд 1990 оноос хойш энэ тогтолцооны буянаар гэх үү, балгаар гэх үү, эвсч нэгдэхээс аргагүй байдалд хүрч 10 гаруй намын нэгдэл болоод байна. Тиймдээ ч дотроо фракцуудтай, зөрчилтэй байдаг.

Пропорционалиар сонгуульд орвол мөнгөний хүчин зүйл ч багасна. Нэг тойргийг нэг хүн бараг өмчлөөд, эзэмшээд, мөнгөөр цохиод явдаг тийм байдал арай гайгүй болох байх. Мөнгөнд бус, намын бодлогод нь хүмүүс илүү саналаа өгөх байх гэж найдаж байна. Улс даяар нэг тойрог гэчихвэл тойрог худалдаж авах гэж байгаа юм шиг улс даяар арван мянган төгрөг тараагаад явахгүй байлгүй дээ, эрх биш.

Эмэгтэйчүүд, залуу шинэ үеийнхэн, мөнгөгүй ч маш чадалтай хуульч, эмч, багш нар УИХ-д төлөөллөө олох хэрэгтэй. Пропорциональ системээр бол тэдэнд арай боломж олдох болов уу гэж санадаг. Намуудын өөрсдийн шинэчлэл, гишүүдийн итгэл үнэмшлээс бас хамаарна.

-Д.Лүндээжанцан нарын төсөлд зургаан хувийн босго тавьсан байгаа. Босго жижиг намууд гарч ирэхэд саад болох уу?

-АН, МАН хоёр өөрсдийн намынхаа өнцгөөс хардаг шиг байна. УИХ-д нэг их олон нам оруулж ирээд яахав гэж хэлдэг. Бас л өөрсдөдөө ашигтай хувилбараар долоо, найман хувийн босго тавьсан ч яах вэ гэсэн дуу хоолой сонсогддог.

Парламентын засаглалтай, пропо­рциональ системтэй маш олон орон дэлхийд байдаг. Тэдний дунджаар л манайх явах хэрэгтэй. Дундаж босго нь дөрвөн хувь юм билээ. Миний мэдэхээр Туркт 12, ОХУ-д долоон хувийн их өндөр босготой. Зарим босгогүй орон ч байна. Долоо, найман хувийн босго тавих юм бол ирэх 2012 оны сонгуульд хэдэн сонгогч орох вэ гэсэн тооцоо гаргаад үзэхэд бараг зуун мянган сонгогчийн санал парламентын гадна үлдэхээр байгаа. Монгол шиг цөөн хүн амтай оронд бол зуун мянган хүн гэдэг их том хүч шүү дээ. Тэр хүмүүсийн дуу хоолой, төлөөлөл УИХ-д орог л дээ.

Олон суудалтай биш ч гэсэн намууд УИХ дотор бүтээлчээр санал бодлоо хэлж уралдуулдаг, шүүмжилж хурцлахдаа хурцалдаг, заримдаа ажлын хэсэгт ороод өөрсдийнхөө санал бодлыг бодлогод нь тусгадаг байдлаар явах нь зүйтэй. 100-200 мянган хүний саналыг парламентын гадна үлдээгээд, нөгөөдүүл нь шийдвэр гаргах төвшинд оролцож чадахгүй заавал гаднаас улаан лооль, өндөг шидэж бухимдаад байх шаардлагагүй. Цөөхөн монголчууд УИХ дотроо асуудлаа шийдээд, бүтээлчээр хамтарч ажиллаад явах нь зүйтэй.

-Эмэгтэйчүүдийн квотыг Сон­гуулийн хуульд оруулж чадах болов уу?

-Би бол тусаасай л гэж бодож байна. Уур амьсгалыг харвал, уучлаарай, манай эрчүүд хоцрогдсон байна. Хэдэн эмэгтэйчүүд дарга болохын төлөө яваад ч байгаа юм шиг буруу ойлгодог. Нийгэм хэр дэвшилттэй байж чадаж байна. Цаашид жендэр, квот ойлгохгүй байгаа гишүүдийн хүүхдүүд, охид 10-20 жилийн дараа ямар нийгэмд амьдрах вэ гэдгийг л тодорхойлох асуудал яригдаж байна шүү дээ. Эмэгтэйчүүд арай тэнцвэртэйгээр шийдвэр гаргах төвшинд оролцох юм бол нийгэмд яригдаж байгаа маш олон асуудлыг арай зохистой шийдэх болов уу л гэсэн санаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол, хэн нь ч юм хэдэн хүүхэн дарга болохын төлөө, араасаа бас нэг хэдэн хүүхэн чирээд ороод ирэх гэж байгаа юм шиг маш буруу ойлгоод байдаг. Эрчүүдээс 30-40 хувь нь квотыг дэмждэг. Манай эрчүүд хэзээ бүгдээрээ энэ талын ойлголттой болж дэлхий нийтийн чиг хандлагатай болно, тэр цагт л квот бүрэн хэмжээгээр тусна даа.

-Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэж эхлэх бол?

-УИХ-ын даргын зөвлөл дээр сая үлдсэн асуудлаа шуурхай хэлэлцэх ёстой гэж ярилаа. Чухал нь энэ байна гэж нэрлэсэн төсөл дотор Сон­гуулийн хууль багтаж байна лээ. Өнөө маргаашгүй хэлэлцээсэй л гэж бодож байна. Ажлын хэс­гийн ахлагч Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, хоёр намын бүл­гийн дарга Д.Лүндээжанцан, Ч.Сайхан­билэг, АН, МАН-ын дарга Н.Алтанхуяг, С.Батболд, энэ зургаан хүнээс танай сониноор дамжуулаад асуумаар байна. Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэзээ батлах вэ. Сон­гуулийн дүрэм хэзээ тодорхой бо­лох вэ гэдгийг лавлаж асуумаар байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Эх сурвалж ньюз дот эм эн

Monday, 20 December 2010

С.ОЮУН: "ЗААВАЛ ЭВСЧ НЭГДЭХ ШААРДЛАГАГҮЙ"

УИХ-ын гишүүн ИЗН-ын дарга С.Оюуныг “Ярилцах танхим”-даа урилаа.

-ИЗН, Ногоон намтай нэг­дэхээр болсон. Харин нэгдсэн намаа хэзээ байгуулах гэж байна. Намын даргаар таныг сонгож байгаа гэсэн?

-Ногоон нам нэгдэх саналыг тавьсан. Бид Улс төрийн зөвлөл, Үндэсний хороогоороо хэлэлцээд зарчмын хувьд саналыг дэмжсэн. Одоо техникийн хувьд асуудал байна. Энэ нь юу вэ гэхээр үзэл баримтлалаа яаж нэгтгэх, намын төлөөллөн удирдах байгууллагаа хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудал бий. Цаашлаад нэр, лого, дарга гээд олон зүйлийг ярилцахын тулд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Даргын хувьд ямар ч хувилбар байж болно гэж Үндэсний хороо үзсэн. Ногоон нам одоо хоёр даргатай. Үүнтэй адил нэгдсэн нам ч мөн хоёр даргатай байж болно. Д.Энхбат эсвэл С.Оюун, үгүй бол бүр цоо шинэ хүн гарч ирээд дарга болох ч юм уу, янз бүрийн хувилбар байж болох юм. Заавал том нөхцөл тавиад байгаа юм биш. Органик маягаар нэгдэхгүй, зүгээр л механикаар нэгдвэл сөрөг үр дагавар гарна. Тиймээс манай нам үүнд нэлээд нухацтай хандаж байгаа. Нэрийн тухайд Иргэний зориг-Ногоон нам гэдэг нэрийг хоёр тал зөвшөөрөх юм шиг байна. Үзэл баримтлалын хувьд ИЗН либераль үзэл баримтлалтай. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Дэлхийд гурван гол улс төрийн намын холбоо бий. Нэг нь Социалист интернациональ буюу зүүний намууд. Манай улсын хувьд Ардын нам энэ байгууллагын гишүүнээр олон жил болж байна.

Барууны буюу Консерватив намуудын холбоонд Ардчилсан нам байдаг. Манай нам олон улсын Либераль интернэйшнл намуудын холбоонд бий. Намуудын гол зүйл бол улс орноо хөгжүүлэх өөрийн гэсэн бодлоготой, уг бодлогоо хэрэгжүүлэхийн тулд сонгуульд оролцож дараа нь засгийн эрх барьж түүний дор л нэгддэг. Амьдрал дээр үзэл баримтлал нь ялгагдахаа болиод зүүнүүд нь баруун тийшээ, баруунууд нь зүүн тийшээ яваад байгаа зүйл харагддаг. Эцсийн эцэст мартаж болохгүй зүйл бол намууд өөрийн гэсэн бодлогынхоо хүрээнд л нэгдэх ёстой. Ногоон нам мэдээж байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьдаг. Энэ нь манай либераль үзэл баримтлалтай зөрчилдөхгүй. Харин ч XXI зуунд баруун, зүүн ч бай байгаль орчныг нэгдүгээрт тавих ёстой.

-Улс төрийн хүчнүүд нэгдээд дараа нь ашиг сонирхлын зөрчлөөс болж салцгаадаг. Танай хоёр намын хувьд ч ийм зүйл гарах вий гэсэн хардлага хүмүүсийн дунд байгаа байх?

-УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа цөөнх дөрөвхөн суудалтай үлдсэн. Энэ сонгуулийн дараа нэгдэж эвсэхгүй л бол ялах боломжгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд таван нам нэгдэж Ардчилсан нам болсон. Тухайн үед Эх орон нам, Бүгд найрамдах нам, ИЗН гуравдахь хүчин байсан. Гуравдахь хүчний намууд нэгдэж эвсэх л юм бол бүх зүйл сайхан болчих юм шиг гэнэн бодолтой байсан. Энэ нь үзэл баримтлалаа сайн ярьж чадаагүй, улс төрд бидний стратегийн гол түнш хэн байх вэ гэдгээ шийдэж чадаагүй зүгээр л механикаар нэгдсэн учир дараа нь нэгдэл нь эерэг бус сөрөг дүн авчирсан. Жишээлбэл бид Бүгд найрамдах намтай эвсч нэгдчихээд зөрчилдсөн гол зүйл бол ИЗН УИХ-ын 2004 оны сонгуульд Ардчилсан намтай нэгдэх нь зүйтэй гэж бодсон. Харин Бүгд найрамдах нам, Ардчилсан намтай эвсэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсанд л учир байгаа юм. Тэгэхээр ирэх сонгуульд хэрэв сонгуулийн тогтолцоо хэвээрээ байвал бас л эвсэхгүй бол амжилтад хүрэхэд хэцүү. Тиймээс сонгуулийн тогтолцоо хэвээрээ байвал Ардчилсан намтай нэгдэнэ гэсэн байр суурь дээр санал нэгдэж байгаа юу гэдгээ Ногоон намтай ярьж байгаа.

-Намууд эвсч, нэгдэх нь сонгуультай холбоотой. Хэрэв сонгуулийн тогтолцоо хэвээр үлдвэл яах вэ?

-Сонгуулийн тогтолцоо нь пропорциональ болох юм бол заавал сонгуулийн өмнө эвсч, нэгдэх шаардлагагүй. Одоогийн можаритар тогтолцоо өөрөө бүх намыг хоёр блок руу л хүчээр түлхдэг. Тийм ч учраас 1990 оноос хойш 20 жилд олон сонгууль явагдлаа. Үүнээс харахад намууд эвсдэг, нэгддэг л түүх байна. Тогтолцоо нь ийм зүйл рүү түлхээд байгаа. ИЗН-ын хувьд ч 2008 оны сонгуульд нийт сонгогчийн 12 хувийн саналыг авсан. Ногоон нам, Иргэний хөдөлгөөний эвсэл 13-14 хувийн санал авсан юм билээ. Нэр дэвшигчдэд өгч байгаа саналыг нийлүүлэх юм бол гуравдагч хүчнүүд 20-оод хувийн санал авсан байдаг. УИХ-д бид доод тал нь нэг бүлгийн суудал авах боломжтой байгаа юм. Гэтэл одоо нэг л суудалтай байна. Энэ нь сонгуулийн тогтолцооны гажиг. ИЗН-ын хувьд пропорциональ тогтолцоог оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь улс төрийн намуудыг төлөвшүүлнэ. Сонгуулиас сонгуулийн хооронд үр дүн нь их савладаг. Би Сонгуулийн хуулийг өргөн барих Д.Лүндээжанцан нарын ажлын хэсэгт ажилласан. Хуулиа өнгөрсөн зургаан сард өргөн барьсан. Сонгуулийн хууль яригдахгүй нэлээд удаад байна. Уг хуулийг ярьж, шийдэх цаг нь болсон. Намын өнцөг гэж харахаасаа илүү сонгуулийн хуулийг шударга, үнэн зөв явуулах үүднээс пропорциональ тогтолцоо хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг хурдан шийдээсэй.

-Сонгуулийн хууль ярьж эхлэх үед намууд өөрт ашигтай хувилбарыг эхэлж харна. Үүний төлөө ч ажиллах байх. Харин танай хоёр нам нэгдсэнээр парламент дахь суудлынхаа тоог нэмж чадах болов уу?

-Нэгдэж байгаа юм чинь мэдээж арай хүчтэй болно. Одоогийн можаритор тогтолцоо нь гуравдагч хүчинд ээлгүй тогтолцоо ч гэлээ суудлаа нэмэхийн төлөө л явна. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж байж бидэнд бодитой ирээдүй харагдаж байгаа юм. ИЗН-ын хувьд 10 гаруй жил парламентад суудалтай байна. Гэхдээ үр дүн нь ганцхан суудлаар илэрхийлэгдээд байгаа. Сонгогчдын 20 хувь нь хоёр намаас өөр намуудад өгөх сонирхолтой байдаг. Харин тогтолцоо нь өөрөө энэ хоёр нам руу л чиглээд байгаа.

-Ардын нам, Ардчилсан намын хувьд дотоод зөрчил нь харагдаж байна. МАХН, Ардын нам болсноор зөрчил үүслээ. Ардчилсан намын хувьд даргатайгаа холбоотой маргаан гарлаа. Ардчилсан намтай ойр байдаг хүний хувьд намын дотоод зөрчлийг нь хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан нийгэмд, олон намын улс төрийн тогтолцоотой үед энэ зөрчил байх л асуудал. Санал бодлоо илэрхийлдэг, таарах таарахгүй хүмүүс байдаг, цөөнхөө сонсдог, гэхдээ олонхийнхоо шийдвэрээр явдаг. Дотроо төрөл бүрийн хэлэлцүүлэг үүсэх, асуудал дэвшүүлэх нь нээлттэй. Ардчилалд, аль ч улс төрийн намд байх л зүйл гэж бодож байгаа. Харин ч эрүүл гэж үзэж байна.

-Хамтарсан Засгийн газрыг стандарт бус гэдэг. Мөн олон шүүмжлэл дагуулж байна. Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд стандарт бус Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?

-Хамтрах үед нь томоохон асуудлаа шийдэж чадвал байж болох асуудал гэж бодсон. Томоохон гэдэг нь олон жил хөдөлж чадахгүй байсан Оюутолгой, Тавантолгойн төслийг хагас дутуу ч гэсэн хөдөлгөлөө. Миний хамгийн их санаа зовж, шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол 2008 онд хамтарсан Засгийн газарт орсон аль, аль нам нь маш хариуцлагагүй, бүтэшгүй амлалт өгсөн. Үүнээс болоод буруу бодлогууд үүсч байна. Энэ бол мөнгөний амлалт буюу сая, сая 500 мянган төгрөг. Огт байхгүй зүйлийг амлачихсан. Төсөвт ч байгаагүй. Тухайн үед сая төгрөг тараахад л тэр жилийн төсөв дуусч, тэтгэвэр, цалин зэрэгт юу ч үлдэхээргүй байсан. Тэд ийм л зүйлийг амласан. Тэр болгон иргэд тоог нь ойлгоогүй байж магадгүй. Улсад тийм мөнгө байхгүй. Эдийн засаг, санхүүгийн хямралаас гараад урагшилж байгаа ч гэсэн ирэх оны төсөвт ийм мөнгө байхгүй. Ирэх жил 21 мянган төгрөг өгнө гээд 702 тэрбум төгрөг баталлаа. Энэ жил өгсөн мөнгө, ирэх жил өгөх мөнгө хоёуланг нь нийлүүлээд сая 500 мянган төгрөг хүрэхгүй. Хичээгээд, хичээгээд 400 орчим мянган төгрөг л өгөх нь. Гэхдээ ирэх жил иргэн бүрт өгөх 252 мянган төгрөгийн санхүүжилт болох 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа. Тавантолгойн урьдчилгаа төлбөрөөс авна гэж байгаа боловч Тавантолгойн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байна. Үнэхээр хариуцлагагүй амлалт болсон. Хүмүүст тараах 702 тэрбум төгрөгөөр маш олон эмнэлэг, сургууль барьж болно. Хамгийн гол нь ажлын байр бий болгоод цалин нь амьдралд хүрэлцэхүйц тийм л бодлогыг УИХ гаргах ёстой боловч хариуцлагагүй амлалтаас болж замбараагүй бодлого гарч байна. Тухайн үед хоёр намын удирдлага, лидерүүд “тэнэг” ч юм уу, юм ойлгохгүйдээ амлачихсан юм биш. Тэд маш сайн мэдэж байсан. Сонгуульд ялах нь л зорилго байсан. Миний бодлоор тараахын оронд хөдөлмөрлөөд авах хэрэгтэй. Ингэвэл наад зах нь инфляци хөөрөгдөхгүй. Олон хүн бидэнд ажлын байр хэрэгтэй гэж хэлж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бүтэн сар ажиллаад авахад чамлалттай мөнгө. Цалинг нэмэх нь зөв. Тараах гээд байгаа 702 тэрбум төгрөгөөр ажлын байр бий болгох хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр танд 21 мянган төгрөг очиж байгаа юм шиг боловч үүнээс илүү мөнгийг алдах гээд байгаа юм. Бэлэн мөнгөний оронд дотоодынхоо бүтээгдэхүүнээс авах эрхийн бичиг олговол бэлэн мөнгөний урсгал гадагшаа гарахгүй. Би саяхан нэг судалгаа үзлээ. Хүмүүсийн дунд бэлэн мөнгө тараахын эерэг, сөрөг тал гэсэн судалгаа явуулсан байна. Сөрөг тал дээр иргэд бараа, бүтээгдэхүүний үнэ, архидан согтууралт нэмэгдэнэ гэсэн байгаа юм. Өнгөрсөн жил 70 мянгыг тараасны дараа дэлгүүрүүдээр архи байхгүй болсон гэж сонссон.

-Энэ байдал бас л ирэх сонгуулийн үеэр давтагдах байх. Гэхдээ хэлбэрээ өөрчлөөд ч юм уу, ямартай ч амлалт байх нь тодорхой биз?

-Хэзээ нэгэн цагт өгч магадгүй гэх сая төгрөгийн амлалтыг иргэд тоохгүй байхаар цалин, орлоготой болох шаардлагатай. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхад хуульд “Бэлэн мөнгө амлаж болохгүй” гээд заалт оруулж өгсөн. Гэхдээ энэ хууль батлагдах уу, үгүй юү. Дараагийн нэг заалт нь “Төсөв дийлэхгүй зүйлийг амлахгүй”. Уг нь санаа нь сайхан. Гэвч сонгуулийн үеэр аль нэг нам нь “Төсөв дийлэхгүй гэдгийг яаж мэдэж байгаа юм. Эдийн засаг сайхан болж байна. Бидний тооцоогоор” гээд ярих л байх. Эрх барьж байгаа том гээд байгаа намууд улс төрд шинэ хэм, хэмжээ оруулахгүй бол болохгүй. Улс төрийг эрүүл болгох цаг хэдийнэ иржээ. Энэ байдлыг харвал бүгд л “шаварт суучихсан” харагдаад байна.

-Та улс төрд шинэ үе гарч ирэх ёстой гэлээ. Харин залуу халаа нь улстөрчдийн хүүхдүүд эсвэл тэдний бэлтгэсэн залуус л гарч ирж байна. Ингэхээр хараат залуус л гарч ирнэ биз дээ. Энэ мэтчилэн яваад байвал таныхаар улс орон хөгжих сайхан үе харагдаж байна уу?

-Заавал цус сэлбэх шаардлагатай. Залуусыг оруулж ирэхийн тулд сонгуулийн тогтолцоо чухал. Мөн мөнгөний хүчин зүйлийг багасгах хэрэгтэй. Улс төрд танигдана гэдэг маш чухал юм байна. УИХ-д л гэхэд эрэгтэйчүүд давамгайлчихсан байгаа. Шинээр эмэгтэйчүүд, залуусыг гаргаж ирэхийн тулд квот байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн квот тогтоохыг дэмжихгүй байгаа нь харагдаж байна л даа. Бодвол эрх мэдлээ хуваалцах дургүй байгаа бололтой. Би ер нь ирэх тав, арван жилд улс орон хөгжинө гэсэн өөдрөг бодолтой байгаа. Улс орныг хөлдөө чирэх бодлогогүй, “тэнэг” шийдвэр гаргахгүй бол хөгжих хөрс нь бэлэн болчихсон. Зөвхөн уул уурхай дээрээ дулдуйдаад хөгжинө гэж байхгүй. Мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэргээ хөгжүүлэх хэрэгтэй. Ашигт малтмалын үнэ өндөр байгаа дээр тодорхой мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан. Зэсийн үнээс тодорхой хэмжээний хуримтлал бий болгох гэж байна. Хэрэв ашигт малтмалын үнэ унавал хуримтлалын авдар руугаа ордог ийм тогтолцоо хэрэгтэй. Сонгуулийн үеэр үүнийгээ тэвчээд хуримтлуулах хэрэгтэй. Бас нэг зүйл ажиглагдаад байна л даа. Тавантолгойгоос орж ирэх байх гэсэн 500 тэрбум төгрөг хэрэв орж ирэхгүй бол зэсийн үнийн зөрүүнээс буюу хуримтлуулж байгаа мөнгөнөөс авчихна гэж хэн нэгэн бодож байж магадгүй. Тэгэхээр л нөгөө хуримтлал байхгүй болно гэсэн үг.

-Иргэний зориг нам ойрд яагаад нам гүм болчихов?

-Ний нуугүй хэлэхэд бидний хувьд 2008 оны сонгуулиас хойш Сонгуулийн хууль өөрчлөгдөнө гэж харж байсан. Гэтэл одоо хичээсэн ч, хичээгээгүй ч үр дүн нь адилхан харагдаад байна. Сонгуулийн хуулийг харсан, хараагүй идэвхтэй ажиллахгүй бол болохгүй нь. Саяхан болсон Үндэсний хорооны хурал их шүүмжлэлтэй болсон. Нам илүү идэвхтэй байх, Ногоон намтай нэгдэе гэж байгаа бол үүнийгээ эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн. Эдгээр шүүмжлэлийг хүлээж авч байгаа.

-Танай нам Ногоон намтай нэгдсэнээр хүчээ зузаатгаж байна гэж ойлгож байгаа. Харин өөр намуудтай нэгдэж хүчээ зузаатгах бодол байна уу?

-Мэдэхгүй. Одоохондоо санал тавьсан нь Ногоон нам. Зөвхөн нийлснээр бүх зүйл сайхан болно гэдэг худлаа. Өнөөдөр улс төрийн намууд хийж чадахгүй байгаа зүйлээ нэг намтай нэгдээд хийчихнэ гэвэл өрөөсгөл. Бид ч үүнийг мэднэ. ИЗН-д итгэл, үнэмшлээрээ олон хүн нэгдсэн учир үр дүн нь харагдахгүй ч 10 жил зүтгэж байна. Гишүүд, дэмжигчид байгаа болохоор би олон жил парламентад сууж байна.

-Бие даагч З.Алтай гишүүнийг нэгдсэн намд орж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд байсан?

-Тэгвэл сайн л байна. Хэрэв нэгдэнэ гэвэл би л хувьдаа баяртай байна. УИХ-д гурван суудалтай болж ганц С.Оюун гэлтгүй гурав, дөрвөн лидертэй болбол илүү хүчтэй л болох байх.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "Улс төрийн сонин"