Showing posts with label ГҮРБАЗАР Ш.. Show all posts
Showing posts with label ГҮРБАЗАР Ш.. Show all posts

Sunday, 21 October 2012

Ш.Гүрбазар: Дөчин жилийн өмнө бодсон мөрөөдлөө биелүүллээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүр­базартай ярилцлаа.


-"Бодоход
 инээдтэй шүү" тог­лол­­тоороота зүгээр нэг хо­шиг­нох гээгүй байх.Бодож бясал­­гасан сэдэл санаагааилэр­­хийлэх ухаанаа та олов уу?

-Энэ бол зохиолч хүний хийх ёстой ажлын нэг юм л даа. Ганц хүний ярианы энэ төрлийн тоглолтыг гадны орнуудад зохиол­чид нь хийдэг юм. Ямар нэг юмны тухай өөрийн юу бодож, юунд эмзэглэж, хэнд баярлаж яваагаа зохиолч илэн далангүй хүүрнэдэг ийм л урлаг шүү дээ. Тоглолт уян­гын ч бай, инээдмийн ч бай бүх санаа, өгүүлэмжээ тоглогч өөрөө зохиож, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Энэ утгаа­раа миний "Бодоход инээдтэй шүү" хошигнолын тоглолтод ямар ч мэр­гэж­лийн жүжигчин оролцоогүй. Ер нь би нэг ийм ганцаарчилсан тоглолт хийж үзье гэж олон жил бодсон. Энэ удаа хошигнолын өнгө аясыг барьж аваад нэлээн судалж, өөрөө архив цуглуулж, энэ төрлийн урлагаар дагнан уран бүтээл хийдэг ОХУ-ын жүжигчин, нэрт элэглэгч Михайл Задарновыг судалсан. Мөн түүний бүх кон­цер­туудыг үзэж, авах гээхийн ухаанаар энэ сэдэвт маань тохирох арга хэлбэрийг нь өөртөө наагаад л тоглолтоо эхэлж байна. Анх удаа хийж байгаа болохоор үзэгчээ татах үүднээс хошигнолын сэдвийг сонгосон юм. Зохиолч хүний ухаан бодлоос гарч байгаа хошигнол гэдэг бол бас нэг юмыг чимхсэн, егөөдсөн, нээрээ юу билээ гэж хүнд бодогдохоор тийм зүйлийг үзэгчд­эдээ сонсгоё гэж бодсон юм. Гэхдээ бүтэн хоёр цаг ганцаараа элдэв юм ярьж хошигноно гэдэг бол их төвөг­тэй юм л даа. Тиймээс зарим үед хөнгөхөн инээд хүргэсэн зүйл ярих, бас жаахан уянгын өнгө аяс оруу­лах шаардлага гарч байна билээ. 
 

-Та
 хошигнолуудаа хэд хэдэн бүлэг сэдэв болгон хуваасан байсан. Тэр сэдвүүдийг хэрхэн сонгож авсанюм бэ. Тухайлбал, нууц амрагийн тухай, эсвэл гар утастай холбоотой хошигнолууд гэх мэт?
-Тоглолтын дотоодод олон нарийн юм байна л даа. Тухайл­бал, чиний хэлсэн нууц амрагийн сэдэв гэхэд тоо томшгүй олон паянтай шүү дээ. Тэндээс зөвхөн нууц амрагийг хүмүүс юу гэж бод­до­­гийг асуусан тухай өгүүлэхэд л олон янзын баялаг санаа гарна. Нэг жи­­шээ хэлье. Нэг сэтгүүлч гудам­жинд явсан хүнээс "Уучлаарай... та нууц амрагийн тухай юу гэж боддог вэ" гэж асууж л дээ. Гэтэл цаадах нь "Шал дэмий юм хүнд санаг­дуул­чих юм. Өнөөдөр дахиад л харих­гүй байхаас" гээд буцаад явчихжээ. Энэ мэт олон ургальч үзэл санаа­нуу­­дыг нэгтгэн багцлаад хошигнож, цаад утгаараа хүнд ямар нэг сэдэл са­­наа шидэж болно. Тоглолтын төгс­­гөлд миний хамгийн их уншин су­­далж хийсэн сэдэв болох "Мон­гол­­­чууд бид дэлхийн түүхийг эх­лүүл­­­сэн юм биш үү" гэсэн хошиг­нол байгаа. Үзсэн хүмүүс мэдэх байх. Түүнийг би Монголын түүхээ ун­­шаад өөрт төрсөн үзэл бодол, сэт­­гэгдлээ задлан хошигносон. Бас нэг жишээ хэлье. Геометрийн ко­нус дүрсний  огтлолыг олдог то­мъёо, монгол гэрийн дээврийг эсгэх то­мъёо хоёр адилхан байдаг. Гэтэл мон­­голчууд аль дээр үеэсээ дээв­рийн эсгийгээ өөрсдөө урлаж ир­сэн. Тиймээс дэлхий дээр байгаа бүх огтлогдсон конус бүхий зүйл­сийн патентийг монголчууд авах ёс­той гэж хошигнох мэт. Энэ сэдэвт маань 30 гаруй баримт түшсэн хо­шиг­нол байгаа. Тэднийгээ би хам­гийн сайн болсон гэж бодож бай­гаа.

-Тоглолтыг
 Н.Наранбаатар найруулагч найруулсан. Най­руулагчийн шийдэл, таны хошиг­нолын тавилтхоёр хэр нийцэж байв?   
-Михайл Задарновын тог­лол­тын стилийг би хошигнолдоо барьж
 ажиллахыг хичээсэн. Хүмүү­сийн хэлж байгаагаар "Монголчууд бид дэлхийн түүхийг эхлүүлсэн юм биш үү" сэдэвт хошигнолын хэсэг За­дар­новын үндэсний үзэл санааг агуул­сан хошигнолуудад дөхөж очсон гэсэн. Зарим найз маань "Гүрээ чи зүгээр өөрт тохиолдсон чин сэтгэлийн хошигнолуудаа яриад бай" гэж байна билээ. Би ч гэсэн хөнгөхөн, цагаахан, гэнэхэн хөг­тэй явдлуудыг ярья гэж бодсон. Заа­вал хүмүүсийг ухааруулна, гэ­гээ­рүүлнэ гэж туйлширч болохгүй. Ер нь найруулагч бид хоёр ярьж бай­гаад тоглолтдоо хоёр чиг шугамыг баримталсан. Нэгдүгээрт хү­ний сэтгэхүйд юу билээ гэж бо­догдохоор мэргэжлийн хошиг­но­лын өнгө аясыг барих. Хоёр­ду­гаарт, чин сэтгэлийн надад болон бу­сад хүмүүст тохиолдсон явдлыг хо­­­шиг­нож ярих. "Бодоход л инээд­тэй шүү" хошигнолыг маань тав­гийн идээ гэж үзвэл, чихэр, жимс, ааруул, өрөм алагласан цагаан са­рын өнгөлөг идээ лүгээ байгаа­сай гэж би хүссэн. Бид жижиг­хэн юмыг тоодоггүй. Шал хэрэггүй юм байсан ч тэрэн дотор инээд, ухаа­рал, харуусал халаглал, хүний мөн ча­нар, орчлонгийн жам ёс юу ч байж болдог л байхгүй юу. Тиймээс эн­­гийн тэр нэг хоёр хүний үерхэл дунд болсон юмыг л хошигнох жи­шээ­­тэй. Надад нэг ийм юм то­хиолд­сон гээд яриад байгаа чинь яг үнэн­дээ надад тохиолдоогүй. Эргэн тойр­­ны амьдралаасаа харж, сэдэж бич­­сэн зохиолууд. Надад гэж яри­вал хүмүүст илүү хүрдэг юм байна. Түү­­­нээс биш тэр тэгжээ, нэг хүнд тийм юм болжээ гэхээр хов ярьж бай­­­­гаа юм шиг болчихдог юм бай­на.

-Бодоход
 инээдтэй зүйл амьдралд олон. Таны хэлснээр хүмүүс энгийн жижиг гэж үзээд анзаарахгүйөнгөрдөг зүйлүүд дотор олон хөгтэй явдал нуугдаж байгаа даа?
-Тэгэлгүй яахав. Нэг жишээ хэлье. Дуучин Сэрчмаа дөнгөж олны та­нил болж байх үедээ Бө­хийн өр­гөөнд дуулах болж  л дээ. Тог­лол­тоо­соо хоцрох гээд мань хүн такси ба­риад Бөхийн өргөө рүү явсан бай­­гаа юм. Тэгтэл таксины жолооч "за дүү охин Бөхийн өргөө орж тоглолт үзэх нь үү" гэхэд Сэрч­маа тоглолтод дуулах гэж бай­гаа­гаа хэлжээ. Гэтэл цаадах нь Сэрч­маа гэдэг дуучин мэдэхгүй юм байна гэжээ. Хариуд нь Сэрчмаа "Удахгүй мэддэг болно оо" гээд хаалгыг нь тас хаагаад буусан гэдэг. Төд удалгүй манай хүн олны танил болоод эхэлсэн байдаг. Энэ мэт юмыг өнгөц дүгнэх нь хэрэггүй юм л даа.

-Таны
 хошигнолыг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ. Тоглолт таны төсөөлөн бодсоноос өөр байв уу? 
-Би ер нь их баярласан шүү. Эхнээс нь аваад дуустал нь сайн хүлээж авсан. Ер манай үзэгчид оюунлаг болж байна. Би яагаад энэ төрлийн уран бүтээлийг оролдох болов гэвэл оюунлаг уран бүтээлчдээ энэ нэг хэсэг орон зайд өөрийн хүчийг үзээсэй гэж уриа­лаад байна шүү дээ. Надаас сайн, илүү чадварлаг хошигнож чадах хүмүүс олон бий. Хошигнолын үдэш гэдэг чинь оюунлаг уран бүтээлчийг сонсох л үдэш юм шүү дээ. Орост бол  Задарновын тоглол­туудыг концерт гэж нэрлэдэг. Гэтэл би "Бодоход  инээдтэй шүү"
 кон­церт гэчихвэл хүмүүс дуу хөгжим бодно. Тэгэхээр манайд энэ төр­лийн урлагийн орон зай хоосон байгаа нь харагдаж байгаа биз. Тэгэхээр би энэ төрлийн урлагаар олон хүн юм хийгээсэй гэж боддог. Би бол цаашид хошигнолоо төрөл­жүүлээд чиглэл чиглэлээр нь тог­лоно гэж бодож байгаа. Тухайлбал, Олон улсын эмэгтэйчүүдийн бая­раар гэхэд л "Эхийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй" нэрийн дор дан эх хүний тухай уянгын тоглолт хийж болж байна. Цэргийн баяраар бол эхнэрээсээ айдаг эрчүүдийн тухай ч юм уу төрөл төрлөөр нь хийж болох юм. Энэ бол манайд хөг­жөөгүй биш хөгжиж байсан урлаг. 

-Өмнө
 нь ямар хүмүүс энэ урлагийг хөгжүүлж байсан юм бэ?
-Бүх эх суурийг нь тавьсан хүмүүс бол алдарт жүжигчин Ла­тиф, Цэвээнравдан нар байна. Мөн ма­най Г.Равдан, Д.Сосорбарам нар тоглож байсан. Тэдний хийж байснаас миний тоглолт өөр болж байгаа нь би гагцхүү өөрийн­хөө юмыг л ярьж байгаад оршино. Манай Д.Сосорбарам Р.Чойномын уран бүтээлүүдийг сайн уншдаг шүү дээ. Тэгвэл миний тоглолтоос хүмүүс Ш.Гүрбазарыг л сонсоно. Би инээдтэй ч юм ярьж болно. Гунигтай ч юм ярьж болно. Бас хатуу ч юм хэлж болно шүү. Яагаад гэвэл энэ нь зохиолчийн үзэл бодлыг сонсох үдэш юм чинь.

-Та
 бас жүжгийн зохиол би­чиж байсан. Жүжгийн зохиол, уран бүтээлийн үдэшлэг хийж байснаасөөрийнхөө үзэл бод­лыг хошин эсвэл уянгын өнгө аясаар хүмүүст хүргэвэл илүү өр­гөн агуулгатай болохюм шиг?
-Өөрийгөө илэрхийлэхэд энэ төрлийн уран бүтээл нь илүү чө­лөөтэй. "Надаар тоглосон хайр" гэдэг жүжгийн зохиолыг бичлээ гэхэд миний үзэл бодол зөвхөн тэр жүжгийн агуулгаар л хэмжигдэнэ. Харин өөрийнхөө юу бодож санаж явдгаа хоёр цаг ярихад хамаагүй өргөн хүрээний юм ярина шүү дээ.

-Тэгэхээр
 та энэ боломжийг олж хараад ганцаарчилсан уран бүтээлийн төрөлд хүч үзэхээр шийджээ.Тийм үү?
-Яахав энэ бол нэгдүгээрт миний олон жил бодсон ажлын нэг юм. Хоёрдугаарт надад байж бо­лох нөхцөл юм даа. Би өөрөө зохиолч, сэтгүүлч хүн. Би чинь 16 нас­тай­гаа­саа хойш хөтлөгч хийлээ. Энэ нь л надад байж болох боломж юм шиг харагдаад, би чадах юм шиг санаг­даад л оролдож үзэж байгаа юм. Би өөрийгөө энэ урлагаар оролдож байна л гэж хэлье. На­даас сайн хийх хүмүүс олон бий.

-"Бодоход
 инээдтэй шүү" тоглолтоороо та үзэгчдэд ямар мессэж хүргэе гэж зорьсон бэ. Хүмүүс танытоглолтоос юу ойлгоод гараасай гэж бодож байна?
-Жижиг жижиг санаанууд бай­гаа. Хүний их бага гэж ялгахгүй байх тухай, эх оронч сэтгэлтэй байх тухай. Хэл соёлоо хадгалан хам­гаалж үлдэх тухай гэх мэт. Бүгдийг нь нийлүүлээд үзэгчид юу ойлгохыг би таашгүй. Хүн юу ч ойлгож болно. Ойлгохгүй ч байж болно. Таалаг­дахгүй  байж ч мэдэх юм. Ямар ч байсан би чин сэтгэлээсээ өөрийн­хөө үзэл бодлыг чөлөөтэй илэр­хийлж чадлаа. Хүмүүсийг яг тийм юм ойлгосон байх ёстой шүү гэж би тулгаж чадахгүй шүү дээ.

-Тоглолтод
 дэлгэцийн бич­лэг буюу өөрөө өөртэйгөө ярьдаг хэсэг гарч байна. Энэ санааг та тоглолтдооашигласан нь ямар нэгэн агуулгатай юу?
-Өөрөө өөртэйгөө ярина гэдэг ганц хүний урлагт нийцэж байгаа юм. Гэхдээ бас их төвөгтэй ам барих, дэлгэцэнд гарч байгаа дүрстэйгээ харилцан тоглолт хийх, ам барих гээд жүжигчин хүний мэргэжил рүү дөхсөн зүйл их бий. Гэхдээ би энэ тоглолтдоо жүжиг­лэе гэж ерөөсөө бодоогүй..
 

-Яагаад.
 Та хэд хэдэн кинонд тоглож байсан шүү дээ. Тиймээс жүжигчний ур чадвар хангалттай байгаагэж бодож байна? 
-Би жүжиглэхгүйг их хичээсэн шүү. Тэртэй тэргүй олон жүжигчин жүжиг тоглож байхад би тэдний дун­дуур орж жүжиглээд яах юм бэ. Жү­жиглэлт, хэтрүүлэг хэрэглээд жаа­хан хүчтэй тоглолт хийчихмээр үе гарч байсан ч би биеэ бариад бай­сан юм. Жүжиглэх л юм бол нөгөө чин сэтгэлийн гоё юм чинь алга болчих гээд байсан юм.
 Чин сэт­гэ­лээсээ олон түмэнтэйгээ ха­рил­цаж өөрийн үзэл бодлоо илэр­хийлэх нь надад илүү таатай бай­сан. 

-Та
 багадаа орос цэргийн ан­гиас мод хулгай хийж баригдаад хүүхдийн баяраар зарлалын самбар дээргарч байсан тухай ярьсан. Үнэхээр тийм болсон юм уу?
   -Үгүй. Энэ манай найзад то­хиолд­сон явдал. Би өөрийнхөө өнгөрсөн дээр энэ бүхнийг ярихаар хүн хүлээж авах нь илүү байгаа болохоор би гэж яриад байгаа юм. Надад тохиолдсон байна уу, най­зад маань тохиолдсон байна уу гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь хүүх­дийг бяцхан алдаа гаргасных нь төлөө хүүхдийн баяраар  олон нийтийн өмнө хулгайч хэмээн зар­лаж, залхаан  цээрлүүлэх хэрэг бай­сан юм уу гэсэн санааг олон нийтэд шидэж байгаа нь чухал. 
 

-Хүний
 сайн сайхан чанар бага наснаас өвлөгдөж, насан туршийн амьдралын зарчим бол­дог гэдэг. Таныбага нас амьд­ралд тан үлэмж нөлөө үзүүл­сэн гэдэгтэй та санал нийлэх үү? 
    -Би 1972 онд драмын теат­рынхаа энэ тайзнаас алдарт жү­жиг­чин Латифыг анх харж бай­лаа. Тэр цагаас энэ хүн шиг олон хүний өмнө ингээд үгээ хэлж зог­соно доо гэж мөрөөдсөн юм. Түү­нээс хойш олон үдэшлэг цэн­гүүн хөтөлж, драмын тайзан дээр олон удаа гарч байсан хэдий ч яг өөрийн­ үг, үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлж байгаа юм. Дөчин жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ шүү дээ. Хэрвээ би дөчин жилийн өмнө тэгж мөрөө­дөө­гүй бол өдийд ямар ч явах билээ, тийм биз дээ.
Г.ЛХАГВАДОРЖ
Өдрийн сонин

Thursday, 18 October 2012

Ш.Гүрбазар: Хошин өгүүлэхүйн урлагаар тоглолт хийх нь миний мөрөөдөл


Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “Бодоход инээдтэй шүү” өвөрмөц нэртэй хошин өгүүлэхүйн тоглолтоо өнөөдөр УДЭТ-т тог­лох гэж байна. Яруу найрагч Ш.Гүрбазартай тоглолтынх нь талаар ярилцсанаа хүргэе. 

-Таны тоглолт хоёр өдөр болох нь ээ. “Бодоход инээдтэй шүү” нэрний хувьд их сонин санагдаад байна?
 
-Аравдугаар сарын 16-17-нд УДЭТ-т “Бодоход инээдтэй шүү” гэж хошин инээдмийн тоглолтоо хийх гэж байна. Бие даасан тоглолт гэдэг маань үндсэндээ би өөрөө тэр бүхнийг гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэхдээ би нэг зүйлийг рек­ламдаа ч , хэвлэл мэдээллээр ч байн байн тайлбарлаад байгаа юм. Энэ бол Михиал Задорнов, Иванийзский ч гэх юм уу бидний хамгийн сайн мэдэх, энэ урлагаар дагнасан, энэ урлаг нь хүнд хүрч алдаршсан, дэлхий нийтэд нэрээ гаргасан ийм хүмүүс байдаг. Тэдний загвараар хийх гэж байгаа юм аа гэж хэлэх гэсэн үүднээс тэр бүхнийг иш татаад байна. Яагаад иш татаад байна гэхээр манай үзэгчид өндөр боловсролтой, соёлтой, ялангуяа Оросын соёлыг сайн мэддэг учраас. Хэрвээ үзэгчид Михаил Задорнов хэмээх уран бүтээлчийн тоглолт, концертуудыг үзвэл миний тоглолтын тухай ойлголт олж авна. Тэгэхээр Задорновын лекцийг монгол хэл дээр унших ч юм уу, түүнийг нь махчлан дуурайна гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр өнөөдрийн хүн төрөлхтний бүх урлаг дотор бүхий л төрлийн урлаг тэр ч байтугай шинэ шинэ урлагийн хэлбэр, урсгалууд хөгжсөөр явна. Үүнээс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр бол энэ ганц хүний ярианы өгүүлэх урлагийн хэлбэрүүд байдаг. Энэ урлаг сүүлийн үед Хятадад маш их хөгжиж байна. Европын орнуудад бас хөгжиж байна. Тэгэхээр энэ бүхнийг харсны үндсэн дээр монгол хүн ч гэсэн хийж чадна шүү гэж бодсоны улмаас энэхүү тоглолтоо хийе гэж зорьсон юм. “Бодоход инээдтэй шүү” гэдэг нэрний хувьд амьдрал дээр инээдтэй юм байна бахархаж эгдүүцмээр ч юм бий. Бүр доог хиймээр ч юм байна. Энэ бүгдийг багтаана. Ийм хэлбэртэй юмыг хүргэхийг зорьж байгаа. Миний тоглолтыг “G Еntermaint” хамтарч зохион байгуулна.

-Тоглолтынхоо талаар тодорхой мэдээлэл өгөөч. Та ганцаараа хошин өгүүлэхүйн төрлөөр үзэгчдэд тоглолт үзүүлэх юм уу?
 
-Өөрийгөө магтуулж олон хүн цуглуулах гэсэнгүй. Сүүлийн хэдэн жил энэ урлагийн талаар сонирхож судалж, Задорновын тоглолтыг бичлэгийг үзэж хоёр гурван зохиолыг орчуулагчаар орчуулуулж байгаад л нэг өдөр хийе гэж зориг шулуудлаа. Та бүхэн Задорновыг мэднэ нийгмийн болж бүтэхгүй бүхнийг хошин хэлбэрээр егөөдөж ярьдаг хүн. Би хоёр цагийн турш хошин хэлбэрээр инээдмийн юм ярина. Би өөрөө зохиолч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа юмыг харж, бодсоныгоо эргэцүүлж зохиол болгож өгүүлнэ. Энэ урлагийн онцлог нь өөрийнхөө зохиолыг хүнд хүргэж өгүүлэх явдал. Миний ярих гэж байгаа зүйл үндсэндээ 4-6 зохиол бэлтгэсэн. Хүргэх хэлбэрүүд нь жаахан өөр өөр өнгө аястай. Хөнгөхөн ч юм байна.

-Яагаад заавал УДЭТ-т тоглолтоо хийхээр болсон юм бэ. Таны тоглолтыг үзэгчид дуу хуур, дуучидтайгаар төсөөлнө?
 
-Драмын театрыг сонгосон гол зорилго нь үүнийг урлаг болгож хүнд үзүүлэх гэсэн юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, тайз чимэглэлийг Ж.Ганхуяг хийнэ. Драмын урлаг учраас үзэгчдэд илүү ойрхон ойлголт өгөхийн тулд УДЭТ-ыг сонгосон. Тоглолт дундуураа хөгжмийн завсарлагатай. Гүрбазар гэхээр дуучдын тоглолт гэж ойлгоод байх шиг. Харин энэ удаад дуучид тоглолтод оролцохгүй.
 

-Хошин урлагийн мэдрэмжтэй хүн энэ урлагийг цаашид хөгжүүлэх байх. Манайд ер нь хэр хөгжсөн урлаг вэ?
 
-Хөгжиж байсан. Жүжигчин Д.Бямбацогт Г.Равдан Д.Сосорбарам нар том шоуны чиг үүргийг нь гаргасан. Намайг одоо энэ урлагаар тоглолт хийхэд цаашид өлгөөд аваад явах, хөгжүүлэх залуус байгаа. Би яах вэ цагийн эрхээр элэгдэнэ. Түүнээс өмнө эхлэлийг нь тавиад өгье гэж бодож байна. Шинээр гарч ирж байгаа төрөл удахгүй үзэгчид ихтэй болно гэдэгт итгэдэг.
 

-Та өөрөө хошин шогийн мэдрэмж хэр вэ?
 
-Хошин зохиол бичдэг маш олон зохиолч их сонирхож байна. Өөрсдийнхөө сэтгэлийг бас надтай хуваалцаж байгаа. Хошин урлагийн жүжигчид маань их сонирхож байгаа. “Гүрээ ах зөв шүү, хэрэгтэй шүү гэж байгаа ч юм бий” гэдэг.
 
Би 1979 онд шилдэг хошин уран бүтээлчдийн тоглолтод шилдэг байр эзэлж байсан. Миний уран бүтээлийн төрөлд хошин зүйлүүд байдаг. Хүмүүс ер нь сүүлийн хэдэн жилээр барагцаалаад бодоод байх юм. Намайг бол уянгын яруу найраг уншиж ярьдаг гэж бодоод байгаа юм. Би хошин урлаг хийдэг байсан. Д.Намдаг гуай 1976 онд “Хонгорзул” гэдэг Монголын анхны хошин театр байгуулж байсан юм. Тэнд би алдартай жүжигчидтэй хошин шог уншиж байлаа. Оюутан байхдаа би дандаа хошин өгүүллүүд уншиж Инээдмийн баярт оролцдог байсан. Сургуульд байхдаа хошин шог, зохиолоор бүх ард түмний алтан медаль авч байлаа. Эстрадын улсын уралдаанд элэглэлээр оролцож явсан. Тэр бүгдээс бас үлдсэн юм байгаа ч болов уу гэж бодоод л. Гэхдээ энэ тоглолтод айхтар жүжиглээд байх юм байхгүй л дээ. Надаас сэтгэл хөдлөл гарч, юм ярьж л таарна. Тоглолтоо хийнэ гэсэн чинь “танаас инээд гарах уу” гээд зарим хүмүүс намайг “Чи Задорновыг дийлэхгүй” гэх юм. Манайхан ухаантай инээдмийг сонсоно гэдэгт итгэж байгаа шүү. Би чинь телевизэд 33 жил ажилласан. Хоёр удаа хурлаар орохдоо дарга нараа шоолсон хэргээр орж байсан. Тэгэхээр шооч байх нь. Ерөөсөө бидний амьдрал халуун дулаан инээд дунд явж байдаг. 14 наснаасаа жүжгийн зохиол, өгүүлэх урлагийг сонирхож эхэлсэн.
 

-Шоу, тоглолтын улирал эхлэнгүүт Ш.Гүрбазар тоглолтоо хийх гэж байна гэх яриа ч гарч байгаа?
 
-Шоуны улирал эхэллээ гэж бодоод хийж байгаа юм биш ээ. Би драмын урлаг гэж дээр хэлсэн. Үзэгчдийн тоо хөөцөлдөж болдоггүй урлаг. Цөөн хүрээнд олз ашгийн төлөө биш. Мөрөөдсөн юмаа хүнд хүргэх гэж байна. Сүүлийн гурван жил энд тэнд уригдаж лекц уншиж, тоглолт хөтлөхдөө энэ урлагийг турших маягаар судалсан. Тэгээд ямар болохыг үзэгчид үзээд дүгнэнэ биз дээ. Би айж эмээж байна. Бүтэн хоёр цаг үзэгчдийг барина гэдэг амаргүй. Тэгэхээр бүх юм надаас шалтгаална. Муу ч бай сайн ч бай алдсан ч оносон ч өгүүлэхүйн урлаг гэж юу байдгийг үзэгчдэд харуулах нь миний эрхэм зорилго. Яах вэ. Ярианы урлаг ийм байдаггүй юмаа гэж шүүмжлэх хүн байж болно. Агуулгын хувьд миний үзэл бодолд шүүмжлэлтэй хандана. Ямар нэг юм болвол хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ. Яадаг юм болж бүтэхгүй байгаа дарга нарыг ч шүүмжлэнэ. Хошин урлагт алдартай жүжигчид ямар дүр бүтээхийг үзэх гэж очдог бол өгүүлэхүйн урлагаар Гүрбазар юу хэлэх гэж байгааг үзэгчид сонсохоор ирнэ. Хэрвээ үзэгчид энэ урлагийг хүлээн зөвшөөрвөл цааш нь хөгжүүлнэ. Гүрбазар сайхан юм хийлээ гэж хүмүүс шуугихгүй ч үүнийг дөрөөлөөд цааш нь хийх чадварлаг залуус байна. Хүчтэй жүжиглэх нь жүжигчдийн ажил бол хүссэн хүсээгүй үгээр өгүүлэх нь зохиолчдын хийх ажил.

-2007 онд та ганц хүний театр байгуулж байсан. Энэ юу болсон бэ?
 
-Би 2007 онд “Нотлох албагүй үнэн” гэдэг жүжиг хийгээд ганц хүний ч юу байх вэ зохиогчийн театр байгуулаад ДБЭТ-т туршилтын маягаар хоёр орой тоглосон. Гол дүрд нь өөрөө тоглоод. Жүжигчин Р.Анхням, гавьяат жүжигчин Ё.Цог гуай зэрэг жүжигчид тоглосон. Яах вэ дээ би зохиолч яагаад жүжгэндээ орж болдоггүй юм л гэж бодсон байхгүй юу. Хүмүүс бол хүлээж авч байна билээ. Би тэрнийгээ цааш хөгжүүлэх юм сан гэж боддог. Янз янзаар л үзэж байгаад энэ өгүүлэхүйн урлаг нь надад арай дөхөм юм даа гэж бодсон. Би өөрийгөө хөгжүүлж байна гэж бодоод байгаа. Тоглолтынхоо хувийн бэлтгэлийг хангасан. Ер нь бол үг цээжлээд байж чаддаггүй. Зүрх сэтгэлдээ буусан, ойлгосон зүйлээ л ярьдаг. Цэвэр зохиолоороо номоороо ярих ч, уншаад суучихгүй.
 

О.Сайханцэцэг

Өдрийн шуудан сонин