Showing posts with label ЭНХБОЛД Зандаахүүгийн. Show all posts
Showing posts with label ЭНХБОЛД Зандаахүүгийн. Show all posts

Sunday, 27 July 2014

З.Энхболд: Сайдын суудалгүй бол үхчих гээд байгаа улсууд олон байна

“Open door” сонины энэ удаагийн зочноор УИХ-ын дарга, ноён З.Энхболд уригдлаа.

-Хаврын чуулган хаагаад удаагүй байгаа энэ үед та бид хоёр ярилцах гэж байна. Мэдээж баталсан хуулиудын тоо чамгүй, ажилласан цагийн бүртгэл өндөр байгаа байх. Энэ бол албан ёсны дүн.  Гэсэн ч улс орны аж амьдрал хүндхэн байна.  Эдийн засгийн маань агаар сайжраагүй хэвээр. Валютын орлого байхгүйтэй адил, төсөв тасарчихсан. Таны чуулган хааж хэлсэн үг анхаарал татлаа л даа. Эдийн засагт дүн тавьлаа гэж зарим ажиглагчид үзэж байна. Нөхцөл байдал тааруу байгааг та нуусангүй. Тэгэхээр одоо бид яах вэ. Эндээс яриагаа эхлэх үү ?
-Чуулганыг баталсан хуулийн тоогоор дүгнэх нь өрөөсгөл явдал л даа. Юу батлав гэдэг нь чухал. Явж явж ганцхан асуудал ч шийдэж болно. Тэр нь оносон шийдвэр байсан бол тэр нь үр дүнтэй чуулган гэж хэлж болно л доо. Хэрэв тооны хойноос хөөцөлддөг бол баахан ач холбогдол муутай хууль баталчихаад үр дүнтэй чуулган боллоо гэж дүгнээд ярьж болох л байх. Тийм зорилго бол УИХ-д байдаггүй. Эдийн засаг тааруу байна. Үүнийгээ сайжруулъя гээд Засгийн газрын оруулж ирсэн хуулиудыг хуулиар тогтоосон хугацаанд буюу 7 сарын нэгний өмнө ихэнхийг нь баталж өгөөд, том жижиг гэлгүй явсан. Гэхдээ үлдсэн юмнууд бол байгаа. Урт нэртэй хууль байна. Зүүнхараагийн “Бороо гоулд”-ын алтны зөвшөөрөл байна.  Хэд хэдэн стратегийн ордын талаар шийдвэр гаргаж чадсангүй. Юу хийж чадав гэхээр 2010 оноос хойш хаачихсан байсан хайгуулын зөвшөөрлийг шийдсэн.  Нөгөө хориглож хуулиа хүчингүй болгосон. Гэхдээ хуучин шиг замбараагүй дуртай газраа авдаг биш улсаас зааж өгсөн газар, одоо жишээ нь урт нэртэй хуулиар хориглосон бүх газар хэзээ ч лиценз олгохгүй. Тусгай хамгаалалттай газар хэзээ ч олгохгүй. Бодологотой олгодог, улс өөрийнхөө бодлогоор явдаг ийм шинэ хуультай болсон учраас хайгуулын зөвшөөрлийг нээж өгч байх жишээтэй. 1991 онд БНМАУ гэж байхаас баталсан хуулиудаас Газрын тосны хуулийг бол орчин үеийн нөхцөлд тааруулж шинэчиллээ. Жижиг дунд үйлдвэрийн татваргүй ордгийг сэргээлээ. Том бүтээн байгуулалтууд татвараа хоёр жил хүртэл хойшлуулахыг зөвшөөрлөө. Гэх мэт эдийн засагтай холбоотой олон асуудлуудыг шийдэж өгсөн. Төр өөрөө хөрөнгө оруулах ёстой юм бол заавал мөнгө оруулах ёстой юм байна. Энэ удаа “Цагаан суварга”-ын ордод оруулах мөнгөгүй учраас хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрт хүрсэн нь өөрөө тус ордын гацчихсан байгаа гацааг арилгахад хэрэгтэй. Гэх мэтийн асуудлуудыг бол шийдэж чадсан.  Гэхдээ миний хаалтын чуулган дээр хэлсэн үг бол ОВУС-тай УИХ, Засгийн газар бараг гурав дөрөв хоног зөвөлгөөн хийлээ.  Хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байсан байх. Тэдний олон дүгнэлттэй би санал нийлж байгаагаа хэлсэн. Юуг ч өөрчлөхгүй ингээд яваад байх юм бол хямрал руу явах нь байна шүү. Тэгэхийн тулд төсвийн гүйцэтгэл хэлэлцээд баталсан УИХ-ын тогтоолыг өөрөө олж үзсэн бол тэрэн дээр Чингис бонд, Самурай бондыг төсөвтэйгөө нийлүүлэх ийм үүргийг Засгийн газарт өгсөн байгаа. 8 сарын 20 доор төсвийн тодотгол хийхэд эдгээр зүйлийг бол хүлээж байгаа. Тодорхой үүргүүд өгсөн. Тодорхой үүргүүдийн биелэлтийг бид нар 10 сарыг хүлээлгүйгээр дахин авч үзэх ийм шаардлага байгаа. Төсвийн орлого тасарч байгаа учраас төлөвлөсөн олон хөрөнгө оруулалт худлаа болж байгаа. Тэрийгээ бас хасах болж байгаа.

-Таны хэлсэн үгнээс ирсэн хамгийн хатуу мессеж бол зээл олголтыг зогсоохоос өөр аргагүйд хүрлээ гэсэн санаа байлаа.
-Зээл олголтыг зогсоох эрсдэл нь нөгөө эрсдлээсээ бага юм гэсэн санаа. Зогсоох гэдэг нь ийм  утгаар л хэлсэн юм л даа. Ер нь манай зээл хэтэрхий хурдан томорчихсон учраас бодлогын хүүгээ нэмэх замаар зээлийн эрэлтийг бууруулах  зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банк хоёулаа өгч байгаа. Тэрэнтэй би санал нийлж байгаа. Үгүй бол импляциа дийлэхгүй бүр илүү хохирол учрахаар  байна гэсэн л дээ. Тэгэхээр үндсэндээ зээлийг бол хоёр ангилж болж байгаа. Найман хувийн моргажинд явж байгаа зээл бол хэвийн үргэлжлэх ёстой. Энэ бол зогсож болохгүй. Нөгөө хэрэглээний зээл байна. Мотоцикль авч байна. Машин авч байна. Хөргөгч авч байна. Бизнес явж байна.

-Ер нь бол банкууд бүх төрлийн зээлээ хувиад эхэлснийг та мэдэж байгаа биз дээ?
-Банк хумихаас өөр аргагүй болж байна. Яагаад гэвэл нөгөө чанаргүй зээл нь нэмэгдэж байгаа учраас. Банк өөрийнхөө хөрөнгийг алдчихгүйн тулд хүссэн хүсээгүй энэ арга хэмжээг авч байгаа.

-Нэг асуултыг нөхөж асуух шаардлага гарлаа. Лицензийг хамаа замбараагүй олгосноос болж Монголд олон хүнд асуудлууд гарсан. Энэ яах аргагүй үнэн. Гэхдээ хүчээр зогсоож барьж байсан нь ардаа улс төрийн зорилготой байсан юм шиг харагддаг. Ард нь маш олон хохирогч, хэлмэгдэгчид гарч ирсэн. 106 иргэн, аж ахуйн нэгж байгаа. Тэдний тодорхой төлөөлөлтэй уулзаж байсан юм. Лицензийн татвараа төлөөд, хөрөнгө оруулалт олоод явж байсан олон монгол иргэд байсан. Энэ хорио ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд тавигдлаа гэж харж болох уу?
-Үгүй л дээ. Угаасаа хууль зөрчиж олгосон лицензийг зогсоохоос өөр аргагүй. Одоо ч ийм зүйл гарвал Уул уурхайн яам зогсоохоос өөр аргагүй. Тэр 106 дээр  бол шүүхийн шийдвэр гарсан. Хуулиар лицензийг ингэж олго гээд заачихсан байхад тэгж олгогдоогүй лиценз бол хэзээ ч хүчингүй. Улс төрийн ямар нэгэн зорилго бол байгаагүй. Тэртээ тэргүй хууль зөрчиж олгосныг нь шүүх тогтоочихсон. Одоо хари Засгийн газар хайгуулын лицензийн олголт сэргэсэнтэй холбогдуулан 106 лиценз дээр дахин тендер зарлана. Энэ бол тендергүй олгогдсон лиценз. Тендергүй олгогдчихсон байсан. Тэр дотор 106-г авсан улсууд оролцоход давуу эрх олгож байгаа. Баримтаар баталгаажсан хөрөнгө оруулалт байдаг бол тэр хөрөнгө оруулалтыг нь тендерийн дараагийн үнийн дүнгээс хасч тооцно гэсэн үг. Цоо шинээр Ганчимэг лиценз авах гэж орж ирэхэд би урьд нь 106 дотор байсан бол би өөрөөс чинь давуу эрх эдэлнэ. Тэр оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр.

-Маш шударга гарц байна.
-Ийм шийдвэр гаргахыг л УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байгаа. Хүмүүсийг хохироож болохгүй ээ. Наад хэд чинь ямар нэг байдлаар мөнгөө хийчихсэн. Тэр нь санхүүгийн баримтаар батлагдвал давуу эрх олго. Тэгэхгүй бол худлаа амаараа яриад үймүүлээд яваад байдаг улсууд бас байдаг шүү дээ.

-Тийм. Дараагийн асуулт Оюутолгойтой холбоотой асуулт байна. Оюутолгой компанид манай татварын байгууллага  акт тавьсан. Гэвч Рио тинто зэрэг тэдний хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин ч төслийн дараагийн шатны ТЭЗҮ-г хойшлуулж магадгүй гэж мэдэгдэж байна. Цаашилбал, олон улсын арбиртрын шүүхэд хандаж ч мэдэх нь. Үүнийг бид яаж хүлээж авах ёстой вэ?
-Татварын хуулинд заагдсан журмынхаа дагуу л явна. Татварын байгууллага акт тавьж болно. Би бол алдаа гаргаснаа зөвшөөрөөд, дүнгийн талаар маргалдаж байна гэж ойлгосон. Тэгэхээр Татварын ерөнхий газарт татварын маргаан таслах комисс гэж байдаг. Шүүх юм уу Арбиртр  явахаасаа өмнө эхэлж тийшээ очих ёстой юм. Энэ процесс хамгийн эхний шат нь байдаг л даа. Энэ журмаараа л явах нь зүйтэй. Тавьсан үнийн дүн, оруулсан хөрөнгө оруулалтын тоо дэндүү их учраас хүмүүсийн анхааралд өртөөд байгаа болохоос татварын маргаан таслах комисс өдөр болгон л ажиллаж байгаа шүү дээ.

- Оюутолгой нэлээд ажилчдаа цомхотгосон. Ажлаас халагдсан иргэдийн тухай ямар нэгэн мэдээлэл төрд байгаа юу?
-Ер нь үйлдвэр байгуулах явцад 10000 хүн ажиллаад, үйлдвэр ажиллаж эхлэхээрээ 1000 хүн л үлдэх юм шүү дээ. Тэгэхээр энэ цомхотголоос бол ялгах хэрэгтэй л дээ. Оюутолгой бол үйлдвэр барих явцдаа явж байгаа. Баяжуулах цех бол ажилд орчихсон. Ил уурхай ажилд орчихсон. Одоо далд уурхайн ажил явж байгаа. Гурван үйлдвэр барихаас хоёр нь баригдчихаад нэг нь дутуу байна гэсэн үг шүү дээ.  Далд уурхайн санхүүжилт олдохгүй байгаа учраас далд уурхайн ажил дээр байсан гэрээт ажилчдыг цомхотгохоос өөр аргагүй. Тэр бол Оюутолгойн үндсэн ажилчид биш. Оюутолгойн ажлыг гэрээгээр хийж байгаа ажилчид байхгүй юу. Мэдээж санхүүжилт олдохгүй бол явуулна шүү дээ. Тэр хүмүүс Оюутолгойн үндсэн ажилчид биш учраас дараагийн ажил хаана гарна тийшээ л очиж ажил хийхээс фабрикт ажилдаг, ил уурхайд  ажилдаг хүмүүсийн ажил амьдрал хэвийн явж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасныхаа дагуу ажиллах ёстой хүмүүсээ ажиллуулж байгаа. 90 хувь нь монгол 10 хувь нь гадаад ажилчид байж болно. Бүх юм гэрээнийхээ л дагуу явж байгаа.

-Төрийн өндөр зэрэглэлийн албан тушаалтнуудын ёс суртахуунтай холбоотой асуудлууд багагүй хөндөгдөж байна. УИХ-ын даргатай уулзчихаад энэ талаар асуухгүй өнгөрвөл уншигчид маань намайг баалах байх л даа. Жишээлбэл, Хууль зүйн сайдтай холбоотой асуудлууд бүр л хачин байдалтайгаар үргэлжилж байна. Ёс суртахууны хариуцлага хүлээдэг өндөр жишиг рүү дэлхийн улс төр бол том алхаад явчихсан. Хятад хүртэл энэ тал дээр яаж өөрчлөгдөж байна. Гэтэл манайд Ерөнхий сайдынх нь гэр бүл ч элдэв ноцтой асуудалд орооцолдож л байдаг.  Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Та энэ асуултад ямар хариу өгөх вэ?
-Монголчууд бол энэ сонгочихсон болон томилчихсон улсуудаасаа ёс суртахууны хариуцлагыг дэлхийн бусад улс орнуудын иргэдийн нэгэн адил л хүлээж байгаа. Энэ албан тушаалтнууд нь харин тийм алхам хийхгүй байгаа. Ийм хариуцлага хүлээдэг жишгийн үйлдлийг ер нь бараг хийгээгүй л дээ. Та нэг реклам үзсэн болов уу, яасан бол. Банш Батаагийн тоглосон хошин шогийн рекламыг. Явж байгаад машинд дайруулчихаад гар утсаараа зураг аваад...

-Үзсэн үзсэн.
-Эмнэлэгт оччихоод утасгүй үхчих гээд байна уу гэдэг шиг. Сайдын суудалгүй бол үхчих гээд байгаа юм шиг улсууд олон байгаа юм аа. Уг нь хэл аманд орооцолдлоо, тэр нь шүүхээр тогтоосон байна уу, үгүй юу гэхээсээ илүү тэр явдлуудаа өөрөө үгүйсгэхгүй байвал, ор тас гүтгэлэг биш л бол яваад шалгуулсан нь л дээр л дээ. Ажил төрлөө өгөөд л. Ийм жишиг рүү хэзээ нэгэн цагт орох байх. Гэхдээ одоогийн энэ сонгогдсон болон томилогдсон сайд нараас ийм жишгийн төлөө алхам хийх хүн гарахгүй байх гэж л харж байна. Нөгөө утасгүй үхчих гээд байна уу гэдэг шиг сайдын суудалгүй бол үхчих гээд байна уу гэх асуултаас өөр асуулт надад алга.

-Тантай уулзахаас өмнө сошиал дахь миний хаяг дээр түр хорих байранд хоригдож байгаа нэгэн хурандаагийн бичсэн захидал тавигдаад яах ийхийн зуургүй алга болчихсон л доо. Их хурлын дарга аа, хорих байранд олон хүн олон сараар хоригдож байна. Тэдний байдал маш хүнд байх шиг байна. Олон сараар хорьчихоод ахиад л эргэлзэх юмгүйгээр сунгах тогтоолууд гаргаад явчих юм. Саяхан Амарсайхан гэдэг хүн тэнд нас барсан. Одоо Анхбаяр гэдэг хүний асуудал маш хүнд нөхцөлд байна. Тагнуулын Цогтбаатар хурандаа гэхэд хувийн өш хонзон, хувийн сэдлээр аймшигтай хүнд ял тулгагдаад байж байна. Судлаад яваад байхаар олон гайхмаар юм араас нь гарч ирж байна. Хилээр гарах эрхийг нь хасаад гадуур шалгаж, тэр хүмүүст хууль ёсны дагуу өөрийгөө хамгаалах бололцоог нь олгож болдоггүй юм уу. Олон сараар хорьж цагдана гэдэг бол ардаа хэрэг хүчээр тулган хүлээлгэх, амьд явах эрхэнд нь ч нөлөөлж болох сөрөг үр дагавар ихтэй шийдэл шүү дээ. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу ?
-Манай эрүүгийн байцаан шийтгэх хууль хуучнаараа байна. Шинэчлэгдээгүй байна. Эрүүгийн хууль 2002 онд баталсан байдлаараа байна. УИХ бол энэ дээр ажиллаж байна. Энэ хуулиуд бол нэг сарын дотор гаргачихдаг хууль биш. Дор хаяж хэлэлцүүлэг нь жил болдог. Зүйл бүрийн, өгүүлбэр бүрийн, үг болгоны ард хүний хувь заяа байдаг учраас нухацтай хэлэлцэхгүй бол болдоггүй. Шинэ шинэ ойлголтууд гаргаж ирж байгаа. Ийм шинэчлэлүүд иж бүрэн хийгдсэний дараа наад зөрчлүүд чинь арилна. Одоогийн хуулиар бол тэр шийдвэр гаргаж байгаа хуулийн байгууллагын улсуудад ийм эрх нь байгаа юм. Ноцтой гэх шаардлага л байхгүй бол ийм зүйл хийхгүй байхыг албан тушаалтнуудад нь бид хэлдэг. Хуулиа өөрчилсөн тохиолдолд удаан хугацаагаар хорьдог барьдаг тэр юм мэдэгдэхүйц багасна. Гэм буруутай эсэхийг нь нотол, хурдан нотол. Чадахгүй бол наад хн чинь гэм буруугүй гэдэг энэ зарчмыг шинэ хуулиар тогтоож өгнө. Түүнээс одоо тохиолдол бүрийг ярих боломжгүй. Яагаад гэвэл явж байгаа мөрдөн байцаалт хараат бусаар явагдах ёстой. Хүний эрхийн комисс зэрэг энэ байгууллагуудын йл ажиллагааг хянадаг, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгдөг, шаардлага бичиж өгдөг байгууллага байна. Бүх байгууллагууд нь л дор бүрнээ оногдсон ажлаа хийх үүрэгтэй л дээ. Түүнээс УИХ –д иргэн тэрийг яагаад тэдэн сар хорьсон гээд байх эрх байдаггүй.

-Хүчний байгууллагууд хоорондоо эв зүйгээ ололцож ажиллах тал дээр учир дутагдалтай хэвээрээ л байна. Цагдаагийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа зарим хүмүүс хувь тавилан нь яаж ч эргэж мэдэхээр нөхцөлд ч байх шиг. Тагнуул, прокурор, АТГ, цагдаа бүгд үл ойлголцол дунд. Салбар хэний гарт байгаагаас үүдэж эдгээр байгууллагууд ээдрээгээр дүүрч, тэрнийх нь хаялага нийгэмд савалгаа үүсгэж байх шиг харагддаг. Аль ч салбар дээр ийм далд өгөгдөл байдаг.
-Шинэ Хууль зүйн сайдын хувьд хувийн харилцаанаасаа болж алдаж байгаа юм их байгаа. Ажлын туршлагагүй, их сургуулийн багш байсан залууг гэв гэнэт сайд болгочихсон. Монголын нэг бодит амьдрал гэж юм байгаа юм. Уг нь бол туршлагатай л хүн тавих ёстой байсан байх л даа. Сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлсэн байдаг ч юм уу. Хуулийн шат шатанд зүтгэсэн хүнийг тавьсан бол  өөр л байх. Энэ удаа хууль зүйн сайдаар тийм хүн тавигдсангүй л дээ. Сургуулийн танхимд хичээл заадаг амьдрал бол онол юм. Юм болгон онолын дагуу явах боломжгүй л дээ. Энэ чинь өөрөө амьдрал чинь. Хууль зүйн байнгийн хороон дээр хуулийн салбарын шинэчлэл гээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн оруулж ирж байгаа юмнуудыг эхлээд бол их урам зоригтойгоор, нэг их олон асуулт асуухгүйгээр баталж өгдөг байсан. Сүүлдээ прокурорын байгууллагаас ойлголцохгүй байна, үүнээс үүдээд төрийн энэ чухал байгууллагуудын ажилд тодорхой хүндрэлүүд гарч эхэллээ гэдэг мессеж ирсэн. Цагдаагийн байгууллагаас ирсэн. Энэ бүх дүгнэлтүүдийг харгалзан үзээд Хууль зүйн байнгийн хороо бол хийх гэж байгаа юмыг нь нягталж гаргадаг болсон. Зарим юман дээр тормоз татдаг болсон. Бас нэг ойлголцохгүй байгаа салбар нь шүүх байна. Ер нь Хууль зүйн сайдад хязгааргүй эрх мэдэл өгчихөөгүй учраас УИХ-ын холбогдох байгууллага Хууль зүйн байнгийн хороо бол анхааралтай ажиглаж байгаа. Манайхны зарим нь хэдэн таарч нийцэхгүй албан тушаалтнууд толхилцоод байна гэж хэтэрхий хялбаршуулж ойлгоод байгаа юм. Ер нь шинэ хуучны зөрчил явж байна. Реформ хийх гэсэн нэг хэсэг байна. Хуучнаараа байх гэж зүтгэж байгаа нэг хэсэг байна. Реформыг чинь зөвшөөрье, гэхдээ арай ингэж явж бол болохгүй байнаа гэсэн бас нэг хэсэг байна. Гэх мэтчилэн олон хандлагууд энэ салбарт байгаа юм. Энэ бүхнийг яаж зохицуулах, алийг нь дэмжиж, алийг нь дарж, ямар чиглэлээр авч гарах вэ гэдэг хариуцлага бол УИХ дээр хүссэн хүсээгүй хүүрч ирсэн. Тэрийгээ УИХ хийж байгаа. Хөрөнгө мөнгөий асуудал байна. Энэ олон хуулийн байгууллагын реформыг хийхэд байшин барилга хэрэгтэй. Хуучныгаа зарах хэрэгтэй. Шинийг барих хэрэгтэй. Яригдаж байгаа хөрөнгө оруулалтын тоо бол хэдэн зуун тэрбумаар яригдаж байгаа. Гэх мэтээр асуудал олон байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ван хан шиг гарч ирээд л  “Энэ миний хуурай хүү байгаа юм. Зүгээр байлгаарай” гээд хээв нэг хэлж байх юм. Түүний энэ тусгай хандлага үнэхээр зохисгүй харагддаг. Жишээлбэл, танд ямар нэг Ван хан байгаагүй санагдана. Нөгөө талаас Х.Тэмүүжин хэлмэгдэж байх талтай юу. Үнэхээр супер залуу гарч ирээд л бүхнийг эргүүлэх гэсэн чинь зузаан давхарга сөрөөд зогсчихсон гэх залуус байх юм. Тийм шинж үнэхээр байгаа юу?
-Тийм хялбаршуулсан байдлаар ойлгож болохгүй л дээ. Энэ өөрөө маш их комплекс асуудал. Тийм учраас асуудал болгон дээр учрыг нь олж л явахгүй бол болохгүй л дээ. Ер нь бол хуулийн салбар томоохон хэмжээний реформ хийгдэлгүйгээр хориод жил явчихлаа шүү дээ. Энийг өөрчлөх шаардлага, хэрэгцээ бол байгаа. Тэрийгээ яаж хийх вэ гэдэг дээр санал зөрөлдөөн бол байдаг. Эцсийн эцэст энэ санал зөрөлдөөнийг  шийдэх эрх нь УИХ-д л байгаа юм. УИХ-ын бодлого бол удаан хугацаанд амьдардаг, дэлхийн бусад улс орнуудын жишгийг харгалзсан, монгол улсын хөрсөн дээр суусан, амьдарсан ийм л хуулийг гаргая гэж ажиллаж байгаа. Сумын хэсгийн төлөөлөгч яаж ажиллаж амьдрах, эхнэрийг нь яаж ажилтай байлгах гэдгээс авахуулаад монголын хөрсөн дээрх амьдралтай уяж л асуудлыг шийдэхээс тийм сайхан гадны жишиг байна. Энийг шууд авна гээд хуулаад явж болохгүй. Хөрөнгө мөнгө ч хэмжээтэй хязгаартай.

-Олон жилийн өмнө Ардчилсан намыг туулсан зовлон болгон нь хүчирхэгжүүлж байгаа гэж бичиж байж билээ. Одоо ч гэсэн эргээд харахад АН зовлон дундаа л байх шиг харагдах юм. Та бүхэн дараагийн үеэ бэлдэхгүй яваад байгаагаас болж өнөөдрийн төрийн албанд учирч байгаа олон зовлон үүдээд байгаа юм биш үү. Ард чинь зогсож байгаа залуусын тэргүүн эгнээнд зогсож байгаа залуу гэхэд энэ сайд шүү дээ. Тэр сайн мэргэжилтэн байх. Гэвч хүн чанар суурьтай улс төр нь л бас ч гэж энэ улсыг унагачихгүй явж ирсэн шүү дээ. Та бол энэ намын нэг том лидер. З.Энхболд намын эрхийг авах гээд байна. Шонхор фракц МоАХ-той нэгдэнэ гэх мэт олон таамаг бас явдаг.
-Ардчилсан нам залуу үеэ бэлтгэх зэрэг бол жижигхэн асуудал болчихоод байгаа юм. Ерөөсөө энэ төрийн алба гэдэг юмыг дөрөв дөрвөн жилээр огцом огцом өөрчлөөд байх уу, аль ч нам нь гарсан үндсэн суурь нь байж байдаг жишигт тогтох уу. Энэ ганцхан Монголд тохиолдоод байгаа асуудал биш л дээ. Японд жишээ нь ямар том төрийн албаны хямрал гарсан билээ. Либериал ардчилсан нам нь олон жил ноёрхож байснаас үүдэлтэй. Төрийн албан хаагчид аль ч нам гарч ирсэн төрийн бодлогыг яг таг хэрэгжүүлдэг байхгүй бол тэд нар өөрсдөө бас анги болчихоод байгаа юм. Аль ч намаас ангид. Тэр авилга хээл хахуулиа авалцаж өгөлцдөг. Юмаа нууж хийдэг. Улсын ажил явдаггүй. Дээрээс өгсөн тушаал шийдвэр бол доошоо сум хүртэл гацаагүй л явах ёстой ш дээ. Тэгэхгүй байгаа учраас шинээр эрх барьсан нам нь тодорхой хэмжээнд цэвэрлэгээ хийж байна л даа. Тэгэхээр аль талдаа төлөвших хэрэгтэй байна. Нам ч, төрийн алба нь ч. Залгамж халаа бэлддэг юм нь ч төрийн албанд бас хуулийнхаа дагуу явдаг байх хэрэгтэй байна. Намууд нь ч улс төрийн тавцанд хэнийг гаргаж ирэх үү гэдэг дээрээ бас л бэлтгэлтэй байхгүй бол энэ чинь өөрөө аль аль талдаа сөрөг зүйлийг тээгээд байна. Абсолютный үнэн гэж байхгүй шүү дээ. 100 хувь төрийн албан хаагчдын зөв гэж байхгүй. 100 хувь эрх барьж байгаа намын зөв гэж байхгүй. Энэ нэг балансаа л эвтэйхэн олчихдог байхгүй бол хэтэрхий туйлширдаг улсуудыг юу ру ч аваачиж хийчих гээд хэцүү юм. Монголчууд бол хэт халуун, хэт хйтэнд амьдардаг. Үүнийгээ дагаад зан ааш нь ч гэсэн тийм юм шиг байгаа юм. Нэг бол хэт үзэн ядаад л, маргааш нь нөгөө хүн нь эргээд баатар болчихсон байж байдаг. Ерөөсөө тэрэн шиг сайн хүн байхгүй болчихдог. Гэтэл энэ хоёрын дундуур явдаг. Ноён нуруугаа төрийн алба нь авч явдаг. Төрийн байгууллага нь энэ дархлаагаа хамгаалдаг жишиг тогтмоор байгаа юм. Мэдээж тэрэн дотор болохгүй улсууд байвал сольж явах ёстой.  Аль ч намын дэргэд цахилгаан шатанд сууж давхиад хурдан хурдан юманд хүрчих гэсэн хүсэл эрмэлзэлтэй, ийм хэв маягаар амьдардаг залуу хүмүүсийн бөөгнөрөл яваад байгаа юм. Тэр бол их аюултай үзэгдэл. Шат шатаар нь дамжаад л явах ёстой шүү дээ. Гэтэл нэг л өдөр сонгуульд сайн ажилласныхаа хөлсөнд карьерынхаа жамаар явж байгаа олон хүний дээгүүр гишгэлж гараад өндөр албанд суучихдаг. Энэ соёл нь өөрөө болохгүй байгаа юм л даа.  Би 1989 онд сургууль төгсөж ирээд монтёроор ажиллаж байсан.

-Уг нь цахилгааны инженер төгсөөд ирсэн байдаг.
-Тийм.  Ажилд ороход л шууд монтёр болгож байгаа юм. Хамгийн доод талаас нь ажил хийлгээд ингээд л явдаг байсан. Хүнийг ажилд сургадаг энэ систем алдагдсаны согог ганцхан Ардчилсан намын алдаа дутагдал биш л дээ. МАН-д ч байна. Манай намд ч байна. Төрийн албанд ч байна. Ингэж нэг алгасч болдог гэдэг буруу ойлголтыг өгөөд байгаа нь өөрөө энэ төрд олон сөрөг үр дагаварыг бий болгоод байгаа юм.

-Фракцын тухайд та юу хэлэх вэ. Үнэхээр танд “Шонхор” гэж фракц байна уу. Намын эрхэнд гарах оролдлогуудын ард та ер нь байж байсан удаа бий юу?
-Би одоогийн намын даргатай намын даргын төлөө өрсөлдөөд ялагдсан шүү дээ.

-Тийм л дээ. Энэ явдал саяханых. Урьд өмнө нь, ер нь гэсэн утгаар асууж байгаа юм?
-Мэдээж АН өөрийн дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу явах ёстой. Намынхаа бүх ажлыг унтуулж унтраачихаад ингээд намын эв нэгдлээр халхавчлаад явж болохгүй л дээ. Ардчилсан хүчний холбоо гэж ТББ байна. Тэрэн дотор зөвхөн АН-ын гишүүд биш төрийн албан хаагчид их байдаг. Төрийн албан хаагчдыг намын ажиллд оролцохыг хориглочихсон шүү дээ. Тэгэхээр төрийн албанд байгаа ардчилсан үүзэлтэй хүмүүс манай холбоонд байдаг. Тэрэн дотор “Шонхор” гэж клуб байна. Ардчилсан хүчний холбоон дотор байдаг мөртлөө сонгуулиар гарсан аймгийнх байна уу, сумынх байна уу, УИХ-ын гишүүн байна уу тэр хүмүүс бас оролцож явдаг. Улс төрийн зорилгоо тодорхойлдог. АН дотор өөрийнхөө нөлөөг бэхжүүлж явдаг. Нэг ийм зорилготой. Дүрэм дотроо биччихсэн. Ардчилсан сонгуульд АН-аас нэр дэвших гэж байгаа хүмүүсийг бэлтгэж өгдөг. Бүхий л шатанд энэ үнэт зүйлээ ажил болгох гэж эрмэлздэг. Ерөөсөө нуугаад байх зүйл энд байхгүй. Мэдээж намын их хурал болоод намын даргын дараагийн сонгууль болоход өрсөлдөж л таарна.  Одоогийн явж байгаа юман дотор буруу юм их байна. Тэрийг бол ил шүүмжилж байгаа.  

-Нэг зүйлийг асуухгүй бол болохгүй нь. Энэ бол нарийн бүдүүн царигийн асуудал. Нэг хэсэг монголчууд бүгд уурхайчин болсон. Одоо бүгд царигчин болчихоод хэрэлдэж байна.
-Одоо бүгдээрээ төмөр замчин болчихсон байна уу. (инээв)

-Юмаа сайн судлаагүй, мэдэхгүй залуучууд ч гэсэн хуваагдаад л туйлширцгааж байна.
-Харин тийм ээ, юмаа сайн мэдэхгүй залуучууд л зурагтаар том том яриад байх юм даа. Ер нь цариг бол гуравдугаар зэрэглэлийн асуудал юм байгаа юм. Зөвхөн цариг гээд анхаарал хандуулчих нь өөрөө буруу. Юу нь чухал уу гэхээр монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн далайн эрэг хүрэх нь л чухал. ОХУ-аар байна уу, Хятадаар дамжаад. Манайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн далайн эрэг хүрэхгүй бол бид хоёр хөршийнхөө хэлсэн үнээр нь өгөх юм. Дэлхийн зах зээлийн үнээр өгч чадахгүй учраас манайд үйлдвэрлэл хөгжихгүй гэсэн үг. Бид нар сонголтгүй байна шүү дээ. Бид далайн эрэг хүргэчих юм бол олон худалдан авагч дотор чөлөөтэй зарна. Чөлөөтэй зарж байгаа үнээр манай хоёр хөрш худалдаж авна. Яагаад гэвэл бид нар бусдад зардаг үнээрээ л нөгөө хоёртоо өгнө шүү дээ. Тэгэхээр асуудлын гол нь явж явж монголын нутгаас гарсан бараа далайн эрэг дээр яаж хамгийн хямдхан зардлаар очих вэ гэдэг л болохоос цариг бол техникийн асуудал. Тэр бол дараачийн дараачийн асуудал. Манайд том гангийн үйлдвэр байгуулагдлаа. 10 сая тоннын. Бид 10 сая тоннын гангийн үйлдвэрийг хангах хэмжээний түүхий эдийг түүхийгээр нь гаргаж байгаа. Төмрийн хүдэр гаргаж байна. Коксжих нүүрс гаргаж байна. Энэ хоёр бүтээгдэхүүнээ нийлүүлээд хайлуулчих юм бол одоо зарж байгаа үнээсээ бараг дөрөв дахин илүү үнээр зарах гээд байгаа юм. Тэгэхээр дөрөв дахин илүү үнээр дөрөв таван зуун доллараар ширэм зарна. Яагаад би ширэм гээд байгаа юм гэхээр энэ бол хамгийн бага татвартай бусад улсууд руу ордог бүтээгдэхүүн. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Эцсийн ган болж амжаагүй. Эцсийн ган болчихоор татвар нь өндөр болчихоод байгаа юм. Манай хоёр хөрш бол хоёулаа дэлхийн гангийн тэргүүлэх улсууд. Тэгэхээр манай хийсэн ган бол энэ хоёрт зарагдахгүй гэсэн үг. Дээр нь татвар нь ч өндөр. Тэгэхээр ядаж бид түүхийгээр гардаг юмаа Х.Баттулгын яриад байгаа Сайншандад нийлүүлээд домин зууханд хайлуулаад ширэм болгоод Тэнжин боомт дээр аваачаад таьчих юм бол Япон, Солонгос, Тайвань гээд түүхий эд нь хэрэгцээтэй улсууд нь авчих юм л даа. Хятад ч гэсэн дөрөв таван зуун доллараар авах юм билээ. Бугатын үйлдвэртэй гэрээ хийгээд л өгчих юм билээ. Ийм л юм хийх юм бол Монгол аж үйлдвэржсэн орон болох тйишээгээ нэг алхам хийж байна л гэсэн үг. Өртөг шингэж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол анхныхаа домин зуухыг яг одоо бариад наймдугаар сарын 15-нд ашиглалтад орох гэж байна. Тэр Эрдэнэтэд байдаг “Берн” гэдэг компани. Тэгэхээр ийм маягаар бид асуудлыг харах юм бол цариг бол гуравдугаар зэрэглэлийн асуудал гэдэг нь ойлгогдоно. За, яаж энэ хоёр улсын нутгаар дамжиж далайн эрэг хүрэх вэ гэдэг асуудал байгаа юм. НҮБ-ын далайн эрх зүйн конвенц гэж байдаг. Тэрэн дээр далайд гарцгүй улсыг далай руу явах замд нь байгаа улсууд өөрийнхөө тарифаар ямар нэгэн илүүдэл татвар хураамжгүйгээр далай хүргэж ачаа барааг нь зөөж өгнө гэдэг ийм дүрэм байна. Үүний дагуу Монгол улс хоёр хөрштэйгөө транзит гэрээ гэдэг юм хийх ёстой. Тэгэхээр энэ транзит тээврийн гэрээ гэдэг бол ганц нэг чингэлэг явах жижиг ахуйн хэрэглээн дээр ажиллаад болоод байна. Гэтэл одоо бид чинь 100 саяар тоологдох нүүрс, төмрийн хүдэр, миний мөрөөдөл бол одоо ширэм байна. Дараагийн юм бол метал зэс байна. Ийм хүнд овортой бараануудыг хоёр улсын нутгаар дамжуулж далайн эрэг хүргэхийн тулд нэмэгдэл гэрээнүүдийг хоёр улстайгаа хийх ёстой юм. Гэтэл энэ гэрээний асуудал аль ерэн оноос эхэлсэн байдаг юм. Оростой бол үзэглэчихсэн. Гарын үсэг зурах дутуу байгаа. Хятад улстай бол яг одоо юмнуудаа ярьж байна. Манай улсын нутгаас гардаг аль боомтыг ашиглах вэ. Тэр нь цаашдаа далайн эргийн аль боомттой холбогдох уу. Энэ хоёрыг холбохоор маршрут гэдэг юм гарч ирж байгаа юм. Эрээнээс Тэнжин гэдэг бол нэг маршрут гэсэн үг шүү дээ. Гашуун сухайтаас Далень гэдэг боомт бол бас нэг маршрут. Тэгээд хэр хугацаанд ямар тариф тогтвортой мөрдөгдөх юм. Дор хаяж 25-30 жил байна. Тэгэхгүй бол энэ том үйлдвэрүүд ажлаа төлөвлөж чадахгүй шүү дээ. Өнөөдөр нэвтрүүллээ. Маргааш хаагдлаа. Тэгэхээр 25-30 жилийн турш бид Орос, Хятадын нутгаар ийм тарифаар юмаа зөөх юм байна гэдэг тодорхой болчих юм бол цариг бол утга учиртай болно. Яагаад гэхээр Хятадтай транзитын гэрээ байгуулах гэхээр та нар манайтай гэрээ байгуулах юм бол танай нутгаас нарийн царигаар ачигдсан бараа л далайн эрэг рүү хамгийн хямдхан очно. Та нар энэ дахин дамжуулах, дугуй солих ажлыг яах гэж хийгээд байгаа юм бэ. Нарийн цариг та нарт л ашигтай шүү дээ гэдэг нь хэрвээ нарийн царигтай төмөр зам уурхайнууд руу, боловсруулах үйлдвэрийн хот руу, Сайншанд руу ч юмуу тавигдсан тохиолдолд транзит гэрээ чинь зөвшөөрөгднөө гэж гэж хэлж байгаатай утга нэг байгаа юм. Орос мөн ялгаагүй. Та нар Владивосток хүрье гэвэл өргөн царигаар нүүрсээ ачаад л явуулчих. Тэгэхээр бид бол далай руу гарах Монгол улсын стратегийн ач холбогдлоо  тэр цариг ямар байх вэ гэдэг стратегийн биш ач холбогдлынхоо өмнө нь үргэлж тавьж байх ёстой юм. Энэ наймдугаар сард бид удаан хүлээсэн транзит тээврийн гэрээгээ байгуулчих юм бол УИХ тэр царигийг Засгийн газрын хүссэнээр баталж өгөхөд болох юмаа гэдэг байдал бол УИХ-ын хаалттай хуралдааны хэлэлцүүлгээс  бол харагдсан. Одоо шийдэхэд эрт байнаа, транзитын гэрээгээ байгуулчихаад гарын үсэг зурсан гэрээгээ аваад ир. Тэгэх юм бол баталж өгөхөд болохгүй юм байхгүй л гэсэн.

- Саяхан манай УИХ-ын нэг гишүүн энэ нарийн бүдүүн царигийн асуудлаар нэвтрүүлэг хийлгэж цацсан нь багагүй дуулиан тарьлаа. Манайх жижиг ч орон юм. Тэрэнд автаж бас чамгүй бужигнаад авах шиг боллоо. Хужаа, эрлийз гэсэн замбараагүйтэл нүдэн дээр хэд хоног гаарлаа. Гадаадын гэрээт ажилчдыг зодох, гудамжинд юмаар шидэх, хараах мэтээр. Та тэр нэвтрүүлгийг үзэв үү. Х.Баттулга бол саяхан сайдын албан тушаалаасаа татгалзсан улстөрч. Олны анхаарал татсан хоёр улстөрчийн тухай л би нэр зааж асууж байгаа юм. Хүн бүгдийн талаар танаас асуух нь зохисгүй зүйл гэдгийг мэдэж байна.
-Би тэр нэвтрүүлгийг үзээгүй. Нэвтрүүлгийн талаар явж байгаа маргаануудыг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа. Цөөхөн хэдэн монголчууд бид нэг нэгийгээ эрлийзээр нь дуудах буруу. Тэрнээс илүү шийдэх олон асуудал байгаа. Яаж хурдан үйлдвэржсэн орон болох уу. Зарж байгаа юмандаа өртөг шингээж зарахгүй бол хэдхэн уурхайн эздийн ашиг болоод байна гэдэг шүүмжлэлтэй бол би санал нийлж байгаа. Тийм учраас бушуухан хэдэн сайн үйлдвэр байгуулагдах нөхцлийг нь л хурдан бүрдүүлж өгье.

-Ер нь бол төмөр зам дээр төрөөс баримтлах бодлого бол батлагдчихсан зүйл биз дээ?
-Саяын Засгийн газрын нарийн царигийг оруулж ирдэг чинь тэр бичгийнхээ дагуу л оруулж ирж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүн нь шууд экспортод гардаг төмөр замын цариг ямар  байхыг УИХ-д оруулж шийдүүлнэ. Одоогийн төмөр замтай огтолцсон бол заавал одоогийнхоороо байна. Огтолцоогүй буюу жишээ нь Тавантолгойн цариг нарийн байхыг бол зөвшөөрчихсөн л байгаа ш дээ. Тэр бодлогоор.

-Ерөнхийдөө аливаа томоохон шийдвэрүүдийн ард явд манай нийгмийн нэг хардлага бол Төрийн бодлого шийдвэрт том корпорациуд нөлөөлж байна гэх хар байдаг. Өнөөдөр MCS группыг энэ ойлголт тойрч байгаа байх. Эрх баригчдыг ямар нэгэн хэлбэрийн авилгад автсан байж магадгүй гэж ил далд сэрдэж байх шиг байна л даа.
-Би бол авилга гэж бодохгүй байна. Төр өөрөө том ч бай жижиг ч бай компаниудынхаа ажлыг дэмжих үүрэгтэй. АНУ-ын төр бол тэрний төлөө ажилладаг. Яагаад гэвэл наад хүмүүсийн чинь төлсөн татвараар бид амьдардаг учраас манай Пебоди компанийг Таван толгойдоо оруулаачээ гээд элчин сайд нь шууд яриад явж байдаг. Энэ бол манайд ч гэсэн байж болох зүйл. Яагаад гэвэл төмөр зам тавьсан тохиолдолд бараг 80 хувь нь тавантолгойн нүүрс явна ш дээ. Нөгөө ордынхоо хэмжээгээр харьцуулаад үзэхэд. Тэгэхээр MCS компанид ашигтай төмөр зам биш тавантолгойн ордод ажиллаж байгаа бүх компанид ашигтай төмөр зам. Тэр ордоос их л бараа зарагдаж байвал энэ нэг валютын ханш хамаг юм чинь сайжирна шүү дээ. Тэгэхээр Төр бол компаниудынхаа төлөө ажилдаг, дугардаг, нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байх ёстой. Үүнийг авилгатай холбож болохгүй.

-Тийм ээ, энэ бол хамгийн зөв хандлага. Тэгэхээр хөрөнгө оруулалттай холбоотой асуулт байгаа. Манайд гайгүй ажиллаж байсан олон компани гараад явчихсан. Энгийн жишээ хэлэхэд хотын төвийн офисууд түрээслэгчид байхгүй хоосон байна.
-Бүтээдэг улс болохгүй нэгнээс авч нөгөөд зардаг улс байгаад байх юм бол мэдээж мэдээж амжилтанд хүрэхгүй шүү дээ. Би сая Эрдэнэт үйлдвэрийг тойрч бизнесээ явуулдаг хэд хэдэн компаниар орлоо. Маск хийдэг нэг компани байна. Арван хэдэн хүн ажиллуулдаг цоо шинэ компани байна. Урьд нь маскаа хятадаас оруулж ирдэг байсан бол одоо Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь хангаад , Улаанбаатар луу энэ утааныханд зориулж маск зарах гэсэн юм гэж санал тавьж байна. Нэг нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэж асуусан. 2000-3000 мянган төгрөг. Олон удаа ашигладаг. Тусгай шүүлттэй. Эрдэнэт үйлдвэр бол тэдний хийсэн бүх маскийг худалдаад авчихдаг юм байна. Бас нэг Эрдмин гээд Эрдэнэтийн боловсруулж чаддаггүй исэлдсэн хүдрээс зэс гаргадаг, олон жил болж байгаа үйлдвэр байна. Бид эхлээд катодын зэс эхлээд хийдэг байсан. Одоо кабелийн зэс хийж байна. Монголыг бүтнээр нь хангаж байгаа. Экспортонд гаргах зориулалттай.   Зүгээр зэсээ бол 7000 долларт зардаг. Кабель хийчихээр 15000 доллар болдог гээд ярьж байна. Хямрал болж байна. та нар ажилчдаа цомхотгож байна уу гэтэл үгүй гэж байна. Бэрн гэж тэр гангийн үйлдвэрт очлоо. Бид нар ахиад 1000 хүн ажилд авах гэж байна. Архангайн Төвшрүүлэх, Эрдэнэтийн гангийн үйлдвэрт. Бид ширэм үйлдвэрлэж байна. 400 долларт зарж байна. Дараа жил бид Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээтэй бх ган бөмбөлөгийг үйлдвэрлэнэ гэж байна. Хүнээ халж байгаа биш хүн нэмж ажилд авах гэж байгаа ийм компаниудтай уулзахад үнэхээр урамтай байна. Миний ярьсан бүх компани бол үйлдвэрлэгч компани байгаа. Түүнээс биш гаднаас маск авчраад зардаг компани бол энэ хямралыг тэсэх ч үгүй. Тэгээд л хаагдаад л явна. Хэн үйлдвэрлэж байна. тэр хүмүүст одоогийн эдийн засгийн хямрал чинь нөлөөлөхгүй байна шүү дээ. Тэгэхээр бид бол Эрээнээс бараа авч зардаг жижигхэн худалдааны улс биш гаргаж байгаа энэ уул уурхайн юмандаа өртөг шингээгээд л явах л чухал байна. тэр Берн клмпанийн мянган хүний ажлын байр гэдэг бол ахиад цаана нь мянган айлын моргаж байгаа шүү дээ, цаана нь. Тэгэхээр ийм зүйлүүдээ олж хараад, ийм зүйлүүдээ дэмжээд явах хэрэгтэй байна. Берн жишээ нь бондын мөнгөнөөс 75 сая доллар авсан л байна лээ л дээ. Гэх мэтээр юм бол явж байна. Нэг өдөр л наймаачин улс үйлдвэрлэгч болчихгүй шүү дээ. Үйлдвэрлэгч болохоор зорьсон энэ дөрвөн жилийн хугацаа хүндрэлтэй байна л даа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг дууссаны дараа ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардана гэж сөрөг хүчин мэдэгдэх шиг боллоо. Тэр битгий хэл 2016 оныг хүлээхгүйгээр УИХ-ыг тарааж ахин сонгууль зарлах ч мөрөөдөл сөрөг хүчний зүгээс хэлж байна. Ийм бололцоо байгаа юу?
-Манай Үндсэн хуулиар УИХ тарах бол маш өндөр шалгууртай. Их хурал болгоны үед тараана гэж орилдог хэсэг хүн байдаг юм. Тэр бол амжилтад хүрэхгүй. МАН-ын шаардсанаар ээлжит бус хийхгүй. Ээлжит бус чуулган төлөвлөгдсөн байгаа юм. Хятад улсын Ерөнхийлөгч манайд айлчлахдаа хүндэтгэлийн чуулганд үг хэлье гэдэг хүсэлт гаргасан учраас бид хүндэтгэлийн чуулган хийнэ. Хүндэтгэлийн чуулганаас гадна төсвийн тодотголоо хийж төсвийн орлого буурсантай холбогдуулан орлого зарлагаа аль алиныг нь бууруулах үүргийг, дээрээс нь Чингис, Самурай бондыг төсөвтөө тусгах үүргийг өгсөн байгаа. Үүний дагуу наймдугаар сарын 20 орчмоор ээлжит бус чуулган хийнэ. 

-Таныг УИХ-ын дарга болоход ажиглагчдын зарим их хатуу, сөргөлдөгч, хонзонч хүн парламентыг удирдах боллоо. Тэр тохирох уу гэх мэт үгс дуулдаж байсан. Бас Ц.Нямдоржийг спикер болоход энэ нөхөр тараагаад хаячихнаа гээд л ярьцгааж байсан л даа. УИХ-ын дарга гэдэг энэ орон зай хувь лидерийг өмнө нь харж байгаагүй өнцгөөс харах бололцоог олгодог юм шиг санагдах. Сөрөг хүчин бол байнга л шүүмжилж байдаг. Та сөрөг хүчинтэйгээ хэр ойлголцдог, тэдэнд хэр түшигтэй спикер вэ?
-Ер нь бол олонхгүй парламентыг удирдана гэдэг бол хэцүү ажил. Олонх байхгүй. Олуулаа нь бол байна. Нэлээн олуулаа нийлж байж олонхоо бүрдүүлж байж засаг байгууллаа. Мэдээж олонхдоо нэг намын парламентыг удирдахаас ийм бүтэцтэй парламентыг удирдах бол хамаагүй хэцүү. Бид үг хэлээ ололцож явж байгаа. Тохиролцохгүй асуудал байдаг бол танхим дотроо шийддэг.  Гудамжинд биш, телевизийн нэвтрүүлэг хийж биш. Бодлогоо энэ дотроо гаргая гэдэг дээр УИХ-ын гишүүд бүгдээрээ санал нийлж байгаа. Тэгээд бүтэж байгаа ч юм байна. Бүтэхгүй юм ч байна. Хүмүүсийн ааш араншингаас болдог ч юм байна. Гэхдээ л эдийн засаг ийм хүнд үед бол үг хэлээ ололцож явахаас өөр арга байхгүй.

-Тэсвэр барагдтал уурлах үе гарав уу?
-Уурлах юм бол байнга шүү дээ. Гэхдээ учраа олоод явж байгаа. Энэ нь бол өөрөө консенсусаар асуудлыг шийдэж болдог юмаа гэдгийг л харуулж байгаа юм. Сая шийдсэн, санал нийлсэн, хууль болгосон зүйлүүдийг харахад бол боломжийн ажлын ард гарчихсан байх жишээтэй. Найман сарын ээлжит бус чуулганыг ийм ажил хэрэгч чуулган байгаасай гэж бодож байна. Түүнээс биш нэг сайдын ёс суртахууны асуудал яриад л бүтэн сарыг авч болохгүй шүү дээ.

-Танд тавих миний сүүлийн асуулт хэвлэл мэдээлэлтэй холбоотой. Ер нь хүндэвтэр нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ их зовлон туулж байна гээд уйлаад байх нь юу юм. Нийгэмтэй нүүр тулахад улам л хэцүү болж байна. Манай салбарын энэ гунигтай дүр төрхийн бүр цаад угшил тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ард улстөрчид байдагтай шууд холбоотой байна. Надад ч гэсэн таны тухай мэдээлэл ирсэн. Mass гэдэг телевиз бол УИХ-ын даргынх, ЕTV –д бас түүний хувь байдаг гэсэн мэдээлэл байна. Нэгэнт тантай нүүр тулсных мухарлаад асуучихъя. Ер нь улстөрчид хэвлэлд хувьцаатай байгаа тохиолдолд бид нар зүгээр ажлаа хийх, цэврээр өрсөлдөх бололцоо байхгүй юм байна.
- Mass  телевизтэй ямар нэгэн холбоо бол байхгүй ээ. Хэрвээ би ямар нэгэн компани өмчилдөг, ямар нэгэн хувьцаатай бол миний хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр байгаа. Тэнд бол энэ  Mass телевизийн тухай байхгүй. Mass-ыг явуулж байгаа улсуудыг бол танина. Тэнд очиж ярилцлага өгдөг. Нөгөө Ц.Энхбатын удирддаг. телевиз ЕTV байна. Бас ярилцлага өгдөг. ЕTV –ийн Даваабаяр манай нутгийн залуу байгаа. Ер нь бол урьвал очиж нэг ярилцлага өгөх хэмжээний л танилууд. Ямар нэгэн өмчлөл бол надад байхгүй. Байдаг бол би тэрийгээ хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ бичих үүрэгтэй. Бичихгүй бол хариуцлага хүлээнэ шүү дээ. Тийм учраас тэгж хардах юм бол байхгүй. Засгийн газраас их мөнгө тарааж хаалтын гэрээ гэдэг юм хийлээ гэсэн асуудал гараад тэрийг нь УИХ-аас тогтоол гаргаж хориглосон байгаа. Тэр тогтоол гарсан өдрөөс хойш хэвлэл мэдээлэлд ердийн тайлан мэдээллээ тавихаас өөрөөр мөнгө өгөхийг хориглосон байгаа. УИХ ч гэсэн хэвлэлүүдтэй жилээр нь гэрээ хийж цаг худалдаж авдаг. Өөрийн гэсэн телевиз байхгүй учраас. Сонин дээр талбай худалдаж авдаг жишиг байна. Үүнээс өөр харилцаа байхгүй. Энэ зааг хязгаараа бид мэдэж байгаа. Мэдээж хувийн хэвшил юм чинь тэр зай талбай бүх юм нь үнэтэй байх л даа. Үнэгүй юм байхгүй юм чинь. Бүх яамдыг 30 сая төгрөгөөр гэрээ хий гэсэн ийм аман даалгавар өгөгдөөд, тэр нь хэрэгжиж байсныг зогсоосон байгаа. Яам болгоны хэрэгцээ өөр шүү дээ. Тэгэхээр бүх яам адилхан мөнгө төлөх бол буруу гэж үзсэн. 

-Сониноо өөрсдөө үйлдвэрлэдэг, үйлдвэрлэлийн зардал төлдөг. Сэтгүүлчдээ тэжээдэг тийм мэргэжлийн байгууллагуудын эфир, зай талбай үнэгүй бол яаж амьдрах юм бэ. Өөр арга байхгүй. Гэтэл дунд нь менежерлэж гүйдэг шимэгч маягийн баг гарч ирээд гэрээ хийгээд, бидний хөдөлмөр дээр мөнгө босгож байгааг би хувьдаа эсэргүүцсэн юм л даа.
-Тийм. Яамд, УИХ тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллаж болно. Бүх зүйл ил тод, тодорхой зарчим дээр суурилж л явах ёстой. Битгий биднийг шүүмжлээрэй гэж мөнгө төлөх бол ёс суртахуунгүй явдал. Тэр 30 саятай холбоотой асуудал бол хаалтын гэрээний шинжийг агуулж байсан учраас зогсоосон байгаа.

-Ер нь улстөрчид хувийн хэвлэл мэдээлэлтэй байх ямар хэрэгтэй юм бэ. Тийм шаардлага үнэхээр байдаг юм уу?
-Мэдэхгүй, хэвлэлтэй хүмүүст нь л тавих асуулт байх.

- Би жишээ нь, таныг олон жилийн өмнөөс танина. Олон удаа ярилцаж байсан. Та ярилцсаны төлөө сэтгүүлчид мөнгө төлж үзсэн үү?
-Мөнгө төлж ярилцлага авах санал ирдэг. Би зөвшөөрдөггүй юм.

-Мөнгө төлж ярилцлага авах гэж юу гэсэн үг юм.
-Танаас ярилцлага авъя. Тэр чинь тийм үнэтэй шүү гэдэг. Одоо би төлж ярилцлагаа гаргуулах гэж байна ш дээ. Би бол үгүй ээ, миний ярилцлага хэрэгтэй бол чи өөрөө л гарга. Би чамд мөнгө төлөхгүй. Би сонгуулийн үеэр реклам явуулсныхаа мөнгийг бол төлнө.

-Сонгуульд ч гэсэн та ер нь төлж үзсэн гэж үү?
-Бараг үзээгүй дээ. Өөрийнхөө сонгуулийн үеэр тараах сониныг бол өөрийнхөө мөнгөөр л хэвлүүлнэ ш дээ. Өвөрхангайн мэдээ гэдэг сониныг ч юм уу.

-Заримдаа үнэхээр гомдмоор байдаг. Бүх зүйлийг төлбөртэй бичиж гэж харддаг. Хаалтын гэрээтэй тэмцсэн биш рекламны гэрээ хийх компани ч олдохгүй, эргээд өөрийгөө боомилчихоод л сууж байна даа.
-Манай нөгөө туйлширлын л нөгөө тал нь байхгүй юу.  

-МАН-ын угшилтай компаниудад жаахан хатуу хариг хандлага үзүүлж байгаа гэх яриа бас байна. Ийм зүйл үнэхээр байна уу?
-Тэрийг одоо Засгийн газар л мэдэх байхдаа. 


Thursday, 21 November 2013

З.Энхболд: Хаширсан гэж хаширсан хүмүүсийг л хэлдэг



УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа. Зарим хүний хэлдгээр бие жижиг ч, бэлчээр томтой нь түүний  сул гишүүнээс шууд спикер болж огцом “үсэрч” чадсанаас харагдана. Зарим нь түүнийг зарчимч гэхэд шазруун, зэвүүн ардчилагч гэх нь бас бий. Харин сэтгүүлчдэд бол ямарч асуултаас тойрч бултдаггүй, ярилцлага хийхэд урамтай, яриа  нь “амттай” эх сурвалж үргэлж сонин, содон байдаг. Тэдний нэг нь УИХ-ын дарга З.Энхболд байж чадсан эсэхийг өгсөн ярилцагыг нь уншиж, өөрсдөө шүүн тунгаах эрхийг уншигч танд үлдээе.

-УИХ 2014 оны төсвийг баталлаа. Дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталдаг төсвийн сүүлийн гурван хэлэлцүүлгийг гишүүд дөрөв хоногт амжууллаа. Хуулийн босго, цаг хугацаанд шахагдаад арай л халтуурдчих шиг санагдсан.
-Хөндлөнгөөс тэгж харагдаж болно л доо. Гэхдээ гэнэн дүгнэлт. Төсвийг батлахад 45 хоног зарцуулдаг. Сар гаруйг нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт зориулдаг. Хамаг нарийн юм энд явдаг. Жишээ нь, Их хурлын даргын багцад тоног төхөөрөмж худалдаж авахад 3 тэрбум 612 сая төгрөг орж ирснийг хасъя гэж тэглэх, Цэцийн музейн танхим байгуулах зардлыг  хасах гэх мэтээр хэрэггүй, тэвчиж болох зардлуудаа хасах, нэмэх шаардлагатайгаа нэмдэг. Миний санаж байгаагаар 106 тэрбум төгрөгийн тэвчиж, хүлээж болох зардал гэж үзээд хассан. Энэ маягаар намуудын бүлэг, гишүүд тасралтгүй ажиллаж байж зарчмын нэг их ялгаагүй гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг гаргаж ирсэн. Тэдгээр хурлын мэдээлэл нийтэд гардаггүй учраас явж явж байгаад л гэнэт төсвөө баталчихаж байгаа юмшиг харагддаг тал бий.

-Ерөнхий сайд “авлигажсан төсөв” гэж мэдэгдснээс болоод хяналт, шалгалт болж цаг алдах шиг болсон. Ямар учраас тэгж хэлсэн юм бол
-Жишээгээр тайлбарлах нь илүү ойлгомжтой байх. Баянзүрх дүүрэгт 1500 хүний нэгдсэн хорих анги барих санал байгаа. 2013 онд эхлээд 2015 онд дуусах. Анхны төсөвт өртөг нь гурван тэрбум төгрөг байснаа 37 тэрбум болж нэмэгдсэн. Өртөг яагаад 10 дахин өссөн шалтгааныг  аудитоор тогтоолгох хэрэгтэй болсон. Аудит шалгаад төсөвт өртөг өссөн нь УИХ-аас болж уу, Засгийн газрын буруу юу, эсвэл төсөвчний алдаа юу гэдгийг нарийвчлан тогтооход гурван сарын хугацаа хэрэгтэй гэсэн. Өмнөх жилүүдэд аудит ч ийм хүсэлт тавьдаггүй, Их хурал нь мэргэжлийн байгууллагадаа хандаж бодитой дүгнэлт гаргуулахгүйгээр анх орж ирснээр нь батлаад явуулчихдаг байж. Өөр нэг жишээ. Миний мэдэхээр 2006 онд 960 хүүхдийн сургуулийг Өвөрхангайн Арвайхээрт 1.3 тэрбум төгрөгөөр барсан. Гэтэл өнөөдөр 960 хүүхдийн сургуулийг барихад таван тэрбум төгрөг хүрэлцэхээргүй төсөв оруулж ирж байна. Энэ долоон жилийн хугацаанд барилгын материалын үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд тэгж их өсөөгүй. Барилгачдын норм нормативыг долоон жилийн өмнөхөөс нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ зөв, үүнийг ойлгож байна. Тэглээ тэглээ гэхэд адилхан багтаамжтай барилгын төсөвт өртөг долоон жилийн өмнхөөс  4-5 дахин нэмэгдээд ороод ирж байгаа юм. Яагаад гэхээр тайлбарлаж чаддаггүй. Нэг тэрбумын төсвөөр барихаар баталсан сургуулийг энэ төсөвт өртгөөр нь хугацаанд нь л барих ёстой. Гэтэл хугацаанд нь барихгүй, жил жилээр сунгаад төсвөө нэмүүлээд явсан. Олон жилийн энэ буруу схемээс гүйцэтгэлээ хийхгүй, жил бүр төсвөө нэмүүлж аваад явдаг компаниуд л хожоод явсан. 2013 оны төсөвт ч ингэж явсан.  2014 оных ч төсөв зохиодог, төсөв оруулж ирдэг схем нь яг хуучнаараа орж ирсэн.  Төсвийн сахилга батгүй, олон жилийн энэ буруу хандлагыг Ерөнхий сайд  “авлигажсан төсөв” гэж мэдэгдсэн л дээ.

-Тэгээд 2014 оны төсөв дээр авлигын энэ гинжийг тасалж чадсан уу
-Ялангуяа барилгын салбарт байдаг төсвийн авлигажсан цагирагийг хэзээ нэгэн цагт, аль нэг цэг дээр таслах ёстой. Тэр нь 2014 оны төсөв болсон, манай Их хурал тасалж таарсан. Анхны төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, гүйцэтгэл нь хугацаандаа хийгдээгүй, өртөг нэмсэн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг гурван сарын хугацаагаар царцаахаар шийдсэн. Энэ хугацаанд аудит шалгаад үндэслэлтэй бол үргэлжлүүлнэ, үндэслэлгүй бол хуулийн байгууллагад шилжүүлнэ. Обьектийг нь дуудлагаар зарах уу, нэмж хөрөнгө оруулаад гүйцээж барих уу гэдгээ УИХ шийднэ. Хэрвээ төсөвчин, барилгын компани хоёр хуйвалдсан байвал тэднийг хуулийн байгууллагаар  шалгуулж тухайн барилгыг компанид нь өгөөд төр мөнгөө хүүтэй нь буцааж авна. Ямар компани хаанахын барилгын төсвийг авлигажсан болгосон нь удахгүй  маш тодорхой  болно. 

-Тэгэхээр гурван сарын дараа 2014 оны төсөвт тодотгол хийх нь гэж ойлгож болох уу     
-Тэгнэ, аудитын дүгнэлтийг хүлээнэ. Барилга болгоны хувийн хэрэг дээр гаргасан дүгнэлтийг үзнэ. Төсөвт өртгөө арав дахин нэмээд орж ирсэн Тагнуулын газрын барилыг зогсоогоод зарахаар шийдсэн байгаа. Компанийг нь “зүгээр баяртай” гээд явуулчихгүй, улс  мөнгөө олж  авна. Төсөв зохиосон хүний буруутай үйлдэл ч бий. Архангайн Хашаат дээр ийм тохиолдол гарсан. 21 хүн ажилладаг Тамгын газрын байр барина гэсэн чинь 42 өрөөтэйгөөр бодоод зургаа хийлгээд барилгын ажлаа эхлүүлчихсэн. Тэгээд төсөв нь хүрэхгүй, дахиад мөнгө нэхээд ирж байх жишээтэй.  Дан ганц барилга ч биш, бүр байгууллагаар нь хөрөнгө оруулалтыг царцаасан жишээ бас бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх  хөрөнгө оруулалт, зардлыг хассан.  Яагаад гэвэл энэ байгууллага дараа жил байх эсэх нь тодорхойгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ байгууллагыг татан буулгана гэчихсэн. Хувь заяа нь тодорхойгүй ийм байгууллагад зардал төсөвлөхгүй гэж үзсэн. Гаалийнхан боомт дээр баахан байшин бариулдаг. Үүнийг болиулсан. Боомтын хууль гарангуут эдгээр барилгуудыг гаалийн балансаас гаргаж боомтын захиргаанд шилжүүлнэ. Энэ мэтээр Засгийн газрын хийх реформтой нь 2014 оны төсвийг уялдуулах бодлого барьсан.

-Ийм сэжигтэй обьектуудын хөрөнгө оруулалтыг царцааснаар төсөвт ямар хэмжээний хэмнэлт гарч байгаа вэ
-Хэмнэлт байхгүй. Мөнгийг нь хэмнэсэн дүнгээр бичээд Сангийн сайдын багцад үлдээсэн. Орлого, зарлагын аль алинд байгаа гэсэн үг. Үндэслэлтэй гэснийх нь хөрөнгө оруулалт үргэлжилнэ, буруу гэснийх нь өртөг төсвийн хэмнэлт болж гарч ирнэ.

-Төсөвт долларын ханшийг 1384 гэж тооцжээ. Зарим хүн үүнийг Монголбанкны ханш,  эсвэл ченжийн зах дээрээс доллар худалдаж авах дээд үнэ гэж ойлгоод байх шиг байна. Монголбанк манайх ийм тоо өгөөгүй гэх маягийн ярилцлага өгсөн байна лээ. Одоо 1700 гараад явчихсан ханшийг яагаад ингэж доогуур тогтоосон юм бэ
-Долларын ханш ямар байхыг сайд, Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн аль аль нь зохиохгүй. Доллар өөрөө бараа. Энэ усны савыг чи, бид хоёр л худалдаж авдаг. Үйлдвэрлэгч хоёр сав хийвэл ханш хэвийн. Нэгийг хийвэл чи бид хоёрын дунд эрэлт бий болж, өрсөлдөөн үүсч үнэ өснө. Харин хоёроос илүү тавыг хийчихвэл нийлүүлэлт нь ихдээд үнэ бууна. Долларын ханш яг л ийм. Тийм учраас манайд орж ирэх, гарч явах долларын тэнцвэртэй байдлыг хадгалах бодлого парламентаас гаргах учиртай болохоос ирэх жил ханш 1300 юмуу, 1700 байна гэж хатуу тоо гаргадаггүй. 1384 гэдэг бол тооцооны нэгж болохоос ханш биш.

-Тооцооны нэгж гэдэг нь…
-Манай улс зэс үйлдвэрлэнэ, түүнийгээ экспортолно, бас хувийн хэвшлийнхэн имортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирнэ. Энэ бүхэнд авдаг татвар хийгээд, гааль татварын байгууллагын орлого бүрдүүлэхэд ашигладаг тооцоолол. Түүнээс биш, Ц.Нямдорж гишүүний хэлдгээр 1384 бол гаалийн татвар төлөхдөө барих ёстой тогтсон ханш биш. 2011 оны төсвийг баталж байхад доллар өнөөдрийнх шиг 1700 гарчихсан явсан. Төсөвт 1400 орчмоор суулгасан. Тэгэхэд яг өнөөдрийнх шиг асуудал үүссэн. Гэтэл ханш яваандаа жилийн дундуур төсөвт төлөвлөсөн хэмжээнд ирсэн. Сая гишүүд бас хэлсэн л дээ. Наад 1700 чинь дөрөв дэх сардаа явж байнаа. Ингээд гацчихаж байгаа юм биш үү гэхээр Эдийн засгийн хөгжлийн яамныхан “ирэх жилийн орлого, зарлагыг бодоод үзэхээр 1384 байх боломжтой”  гэж байгаа. Үүн дээр нь Монголбанк тайлбар хэлэх эрхгүй. Монголбанк өөрөө ханшинд нөлөөлөгч, оролцогч учраас. Ханш хэтэрхий савлаад эхэлбэл, интервенц хийж тогтворжуулах л үүрэгтэй. Тийм учраас ханшийн талаар ямарч юм хэлэхгүй гэх нь Монголбанкны ерөнхийлөгчийн зөв. Одоо 1700 хүрч байгаа ханшийг 1384-өөр авснаас болоод улс оронд гамшиг болчихож байгаа юм ерөөсөө байхгүй.

-Ханшаас гадна цалин тэтгэврийн нэмэгдэл, оюутны 70 мянга дээр  бүлгүүд нэлээд санал зөрөх шиг болсон.
-Засгийн газраас төрийн албаныхны цалинг найман хувиар нэмэх санал оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад 10 орчим хувь болсон. Энэ бол 160 гаруй мянган төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл. Тэтгэврийг бас нэмж байгаа. Одоо авч байгаа хамгийн бага тэтгэвэр 180 мянга байгаа. Үүнийг 200 орчим мянга болгож нэмэхээр төсөв баталсан. Үүнээс дээшхийг нь ч нэмнэ. Бүх хүний тэтгэвэр нэмэгдэнэ.

Оюутны 70 мянгын тухайд Засгийн газар төсөвтэйгөө цуг хуулийн төсөл өргөн барьсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх тэтгэлгийг оюутнуудад өгөх мөнгө ирэх жилийн төсөвт алга гэсэн. Гэхдээ одоо өгч байгаа 70200-гаа 160 гаруй мянган оюутандаа өгөх 106 тэрбум төгрөгийг төсөвт дотор оруулж ирсэн. Энийг нь УИХ огт хөндөөгүй. Харин хуулийг нь өөрчилж өгсөн. 2013 онд бүх оюутан 70200-гаа авдгаараа авна. Харин 2014-2015 оны хичээлийн жилд шинэ зарчимд шилжинэ. Сургуулиуддаа шалгуур тавь, Дээд боловсролын хуулийн дагуу аттестатчлагдсан сургуулийн оюутнуудад тэтгэмж өгнө. Жилийн дараа тухайн сургуулийн төгсөгчдийн тодорхой хувь ажлын байртай болоогүй бол тэтгэмж өгөхгүй гэж хууль баталсан. Чанаргүй сургуулийнханд мөнгө битгий өг, оюутнууд нь чанартай сургуульд шилжиг. Тэгэхгүй бол эрдэм сурах гэж байгаа оюутанд биш, өөрийн гэсэн байргүй, номын сангүй,  цагийн багш нартай, соёлтой хадгаламж зээлийн хоршоо  ажиллуулж байгаа хэдхэн хүнийг дэмжээд байна гэж үзсэн.

-Ажлын байртай болсон байх оюутны босгыг төгсөгчдийнх нь 50 хувь гэж байснаа, “тодорхой хувь” болж өөрчлөгдсөн юм уу
- 50 гэж тоо гаргаж ирсэн гишүүдийн нэг нь би л дээ. Чуулган дээр 50 хувиасаа татгалзсан. Яагаад гэхээр 50 хувьдаа хүрэх бололцоо нь тухайн сургууль, төгсөгчөөс үл хамааралтай байна. Тухайлбал, Багшийн дээд, Анагаах хоёрын төгсөгчдийн бараг 90  хувийг улс өөрөө ажилд авчихаж байна. Энэ жил гэхэд төсвөөр 3000 хүнийн орон тоо нэмэгдсэн. Үүний тал нь эмч багш нар. Тэгэхээр энэ хоёр сургууль дээр гэхэд шалгуураа тухайн жилд төрөөс нэмж гаргаж байгаа ажлын байрныхаа тоотой уялдуулна. Харин инженер бол өөр. Сая бид судалгаа хийж үзэхэд хамгийн олон төгсөгч нь ажлын байртай болдог сургууль бол ШУТИС байна, 66 хувтай. Бусад нь 50-иас доош байна. Тийм учраас ажлын байрны шалгуурыг тухайн жилийн эдийн засаг дахь ажлын байрны эрэлттэйгээ уялдуулж тогтоож байх юм.

-Тогтоосон шалгуур даваагүй сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгөхгүй нь, тийм үү
-Ирэх жилээс тэгнэ. 2013 оны зургадугаар сард төгссөн оюутан нь 2014 оны зургадугаар сард ажилтай болоогүй бол сургуультай нь ярина. Ингэхээр хүссэн хүсээгүй сургуулиудын удирдлагын толгой ажиллаж эхэлнэ, сурлагын чанарт ахиц гарна. Би ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга байсан. Анх очоод “танай төгсөгч нараа ажилд оруулдаг, зуучилдаг бүтэц, байгууллага чинь хаана байна вэ” гэхэд байгаагүй. Манайд ерөөсөө байдаггүй юм байна л даа. Америкт бол бүх сургууль ийм бүтэцтэй. Тэнд, Америкт сургуулиудыг үнэлдэг үнэлгээ нь манайхаас өөр. Тухайн сургуулийн төгсөгч ямар хугацаанд , хэдий хэмжээний цалинтай ажилд оров, мэргэжлээрээ юү, үгүй юү гэдгээр тухайн сургуулийн чансааг тодорхойлдог. Тэрнээс манайхан шиг сургууль дээр нь очоод “танай оюутнууд онц сурдаг уу” гэж асуудаггүй байхгүй юу.

-Төгсөгчдийнх нь төдөн хувьд ажилд оржээ гэдгийг яаж тогтоож хянах вэ. Нэмэлт зардал, орон тоо хэрэгтэй болох уу  
-Ямарч илүү зардал, нэмэлт орон тоо гарахгүй. Засгийн газар эхлээд төгсөгчдийн овог нэр, регистрийн дугаарыг авчихна. Жилийн дараа нөгөө жагсаалтаа Нийгмийн даатгалын газарт өгнө. Тэндээс төгссөн оюутнуудын хэд нь хэзээнээс, хэдэн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь гараад ирнэ. Мэдээж, огт төлөөгүй нь ажилгүй явнаа л гэсэн үг. 

-Бэлэн мөнгө, тэтгэлэг тойрсон иймэрхүү халамжаас гадна улс орны хэмжээний томоохон ямар бүтээн байгуулалтад хөрөнгө төсөвлөсөн бэ. Жишээ нь, ноднин Засгийн газар зургаан аймгийг автозамаар холбоно гэсэн. Ирэх жил хэдэн аймгийг нийслэлтэй автозамаар холбох вэ
-2016 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй автозамаар холбох төлөвлөгөөтэй. Энэ жил зургааг холбохоор төлөвлөсөн. Гурвыг нь холбож дуусч байгаа. Гурав нь тодорхой шалтгаануудаас буюу ажил гүйцэтгэж байгаа компаниудынхаа урагшгүйгээс болж хугацаандаа амжсангүй. Ирэх хавар эрт дуусгана. Энэ гурваас гадна ирэх жил Хөвсгөл, Дорнод, Өмнөговь  гэсэн гурван аймгийг холбоно. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Ер нь ирэх жилийн тухайд төсвөөс том хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтууд хийх боломжгүй. Хамгийн том, хамгийн чухлаар нь гэвэл миний бодлоор 16 аймгийн 16 сумын төвийг орчин үеийн болгож тохижуулна. Тэнд айлуудыг нь дулаанд холбоно, халуун хүйтэн устай болгоно, сургууль цэцэрлэгүүдийг хотынхтой ижил стандарт, адил орчинтой болгоно.

-Яагаад 16 аймаг гэж
-21 аймгаас тавыг хассан. Дорноговь, Баянхонгор шинэ сумын төслөө авчихсан. 100 сумын төвийг шинэчлэхэд Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийг анхнаасаа огт тооцоогүй. Яагаад гэвэл сүүлд байгуулагдсан, тус бүр гурван сумтай. Нэлээд орчин үеийн, дэд бүтэцтэй ойр, бусад аймгууд шиг алслагдсан сумд энэ гурван аймагт байхгүй. Ингээд үлдсэн 16 аймгаас тус бүр нэг сумыг сонгож нийт 16 сумын төвийн шинэчлэлд тус бүр таван тэрбум төгрөг төсөвлөсөн

-Түрүүн ярьсан, машин, тавилга компьютер авахаас хэмнэсэн 106 тэрбумаа юунд зарцуулах вэ.

-Шинээр сургууль цэцэрлэг барина. 

-Өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүн \ДНБ\-ий 40 хувиас хэтрэхгүй байх хуультай. Сая Засгийн газраас энэ хэмжээг 60 хүргэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн ч дэмжлэг авсангүй. Ингэснээр Засгийн газар дахиад бонд босгох эрхгүй болж байна гэж ойлгож болох уу. 5 тэрбумын бондынхоо үлдэгдэл 3.5-ыг босгох эрхгүй болсон уу

-Эрхгүй болсон. Нэмж бонд гаргах боломжгүй.

-Одоо авах Самуурай бондыг оруулаад уу.
-Самуурай нь ороогүй. Одоо байгаа өрийн хэмжээ 40 рүүгээ нэлээд ойртсон. Засгийн газарт ирэх жил 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын баталгаа гаргах эрх өгсөн. Тэр нь бараг бүтэн орж чадахгүй байх. 2014 онд бонд гаргах эрхээ хязгаарлуулсан учраас одоо Засгийн газрын хувьд өрийн хэмжээг ДНБ-ий  40 биш, 60 хувьтай тэнцэж болох хуулийн төслөө дахиж өргөн барих, эсвэл хөрөнгө оруулалтын өөр эх үүсвэр олох, концессийн гэрээгээр ажил гүйцэтгүүлэх зэрэг сонголтууд үлдсэн. Гэхдээ Самуурай бондыг хэдээр авах, тэр хэмжээгээр авлаа гэхэд  өрийн хязгаартаа хүрэх нь үү, үгүй юү гэдгийг бодож үзэх боломж бас бий байх.

-Бондыг төсвийн хажууд зэрэгцүүлж төсөвлөөд, Эдийн засгийн хөгжлийн сайд зарцуулж яваад байгаа. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэй, хэд хэдэн Сангийн сайдтай юмшиг харагдаад байна гэдэг үнэний ортой шүү

-Бондын мөнгөөр юу хийхээс хамаарч тэгж харагдаад байгаа юм. Энэ жил гэхэд аймгуудын замыг бондын мөнгөөр барьчихлаа. Дахиж ингэж явна гэвэл тэр санхүүжилтээ төсөвтөө суулгахаас өөр аргагүй. Бондын мөнгөөр цементийн үйлдвэрт зээл өгч байна. Түүнийг төсөвт суулгах шаардлагагүй. Яагаад гэвэл цементийн үйлдвэрт өгсөн мөнгө бүрэн алга болчихгүй, буцааж тэндээсээ төлөгдөнө. Харин замын мөнгө адилхан алга болчихоогүй боловч улсын төсвөөс буцааж төлнө. Өөрөөр хэлбэл, зарлага нь улсын төсөв дээр бичигдэж байгаа л бол улсын төсөв дотроо бичигдэж явах нь зөв. Энэ зохицуулалтыг энэ жилээс хийнэ. 1.5 тэрбумын бондыг анх авч байх үед бололцоо байгаагүй. 

-Бондын хуваарилалт зарцуулалт дагасан энэ буруу бүтэц нь өөрөө бонд авах нь зөв, буруу байсан маргаанд хүртэл цэг хатгуулахгүй байна. Одоо бол бандан тас биз дээ.  
-Өнгөрсөн тав дахь өдөр Ерөнхий сайд замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийсэн. Бондыг эсэргүүцэж байсан Ардын намын гишүүд “бонд авч зам барих нь зөв юм байна, бид өмнө нь буруу ойлгож байж” гэж хэлж байна лээ. Гишүүдийн санаа бодол яагаад ингэж өөрчлөгдөв гэхээр социализмын үед 70 жилийн турш барьсан байрны тоо 100-хан мянга байдаг юм. Нийт хүн амын дөрөвний гурав нь орон сууцгүй, түүнд орох огт бололцоогүй явсан. Одоо жилд 20 мянган байр ашиглалтад орж байна. Орон сууцны нийлүүлэлт жилээс жилд нэмэгдэж байна. Тэрийгээ дагаад байртай болох бололцоо нэмэгдсээр, нээгдсээр одоо моргейжийн зээл рүү орлоо. Чи бид хоёр 100 саяын үнэтэй байрыг бэлэн мөнгөөр худалдаж авч чадахгүй. Бас барьцаалах хөрөнгө чи бид хоёрт байхгүй. Харин чи бид хоёрт байгаа баталгаатай ганц юм гэвэл эрхэлж байгаа ажил маань байна. Цалингаасаа сар бүр төлнө гээд байрандаа орж, төлж явсаар өөрийн гэсэн өмчөө болгож авна. Энэ нь нэг ёсондоо танай гэр бүл байртай болох гэж бонд гаргасантай яг адилхан. Ялгаа нь  Монгол Улс бонд гаргахдаа барьцаа төлөхгүй, харин бондоо буцааж төлөх баталгааг баялгаараа нотолж  байгаа юм. Өмнө нь жар хүртлээ ажиллаж байртай болоод 70-тайдаа нас бардаг байсан бол одоо ажилтай л бол байрандаа ороод 20 жилийн дараа өөрийн өмч болгодог боллоо. Төлбөрөө баруун зүүнээрээ бэлэн төлөөд байрандаа ордог тогтолцоо сар бүр баг багаар төлж явдаг зарчимд шилжлээ. Үүнийг буцаагаад, больё мөнгөө бэлнээр нь бүрэн  төлж байж байрандаа ор гэж болохгүй биз дээ. Бонд авч болохгүй гэдэг нь яг үүнтэй л ижил юм. Монгол Улсыг бэлэн мөнгөтэй болж байж хөгжлийн асуудлуудаа шийдээ гэж байгаатай адилхан. Бид зээлгүйгээр явж үзсэн ш дээ. Олон хүн л зовсон. Эргээд төлж чаднаа гэдгийг нь олон улсын зах зээл үнэлээд мөнгөө өгч байхад аваад хөгжлийн асуудлуудаа шийдээд явахад буруу юм ерөөсөө байхгүй. Энэ жил гэхэд бид  нийт дүнгээрээ өнгөрсөн 70 жилд барьсан замынхаа 60 хувьтай тэнцэх замыг барилаа. Энэ бол бондын өгөөж. Мэдээж, өмнөх Засгийн газруудын эхлүүлсэн замын үргэлжлэл бий. Шинээр эхлүүлсэн нь ч бий.

-Бонд бол буцааж төлөх өр учраас түүнийг бизнесийн төсөлд оруулах учиртай. Гэтэл зам хэрэгтэй ч, зардлаа буцааж төлөх нь битгий хэл, хүүгийн төлбөр ч олохгүй нийгмийн төсөл. Энэ буруу зарцуулалт нь л эрсдэлд оруулах, мөнгө өгсөн цаад талынхаа итгэлийг алдах, бондын хүү өсөх зэрэгт сөргөөр нөлөөлөхгүй юү  
-Цаад тал замд оруулж болохгүй гээгүй. Ямар нэгэн шалгуур тавиагүй нь бидэнд олдсон бас нэгэн давуу тал. Тэд биднийг бондоо яаж зарцуулахыг сонирхоогүй, харин төлнө гэдэг итгэл тэдэнд байгаа. Зам мөнгө олохгүй нь үнэн ч,  шууд бусаар ДНБ-ийг өсгөж байгаа. Замгүй байхад явдаг бизнес, замтай газрын бизнес харилцан адилгүй. Бид илүү амттайг нь мэдсээр байж Ховдын тарвасыг яагаад идэхгүй, урдаас оруулж ирснийг нь худалдаж аваад байгаа юм. Замгүй учраас Ховдоос ирэхгүй байна, ирсэн нь донсолгоонд гэмтчихдэг. Урдаас  бол галт тэргээр бүтэн аваад ирж байна. Одоо Ховдыг автозамаар холбохоор бид Ховдын тарвасаа иднэ, хараарай. Энэ утгаараа зам бол шууд бусаар импортыг ч  орлох өгөөжтэй.

-Гэхдээ өр тавьж бонд авах, эсвэл хөрөнгө оруулалтыг татах хоёрын аль нь илүү чухал вэ, таныхаар.
-Бонд авахаас өөр аргагүй байдал бидэнд бас байнаа. Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд ордог. Хамгийн сийрэг гэсэн үг. Тэглээ гээд газар нутгаа хаяад бүгд Улаанбаатартаа төвлөрч болохгүй. Бүх газар нутгаа эзэнтэй байлгахын тулд орчин нөхцөлийг нь адилхан болгох ёстой. Тог, ус хэрэгтэй. Энийг шийдэхийн тулд ирээдүйгээсээ зээл аваад хөгжлийг түргэсгэх учиртай. Бондын зээл айгаад байх зүйл бишээ. Харин авсан зээлээ үр дүнтэй, ирээдүйгээ эрсдэлд оруулахгүйгээр ашиглахад л ур ухаанаа уралдуулах ёстой. Зээл авахгүйгээр хөгжиж бас болно. Гэхдээ удаан л явна. Нөгөө, баруун зүүнээрээ бэлэн төлж байраа авдаг, 70 гаруй жилд ердөө л 100-хан мянган байр барьдагтай адилхан.

-Батлаад удаагүй учраас хоёулаа төсөв тойрч нэлээд ярилаа. Одоо сэдвээ жаахан өөрчилье. Энэ өдрүүдийн халуун сэдэв бол Р.Амаржаргал гишүүний өргөдөл байна. УИХ-ын гишүүнийхээ энэ үйлдлийг УИХ-ын дарга нь юу гэж үзэж байгаа вэ
-Нэгдүгээрт энэ суудал Амаржаргал гишүүний хувийн өмч биш. Энэ бол АН-ын нэрээр Амаржаргал очиж авсан суудал.

-Амаржаргал гишүүн  намын листээр бус, тойргоос өөрөө сонгогдож авсан суудал шүү дээ
-Тийм л дээ. Гэхдээ тэнд Амаржаргал гэдэг хувь хүн очих, АН-ын томилгоогоор Ерөнхий сайд хийж байсан хүн АН-ын нэрээр очиход сонгогдох магадлал нь хамаагүй нэмэгдэж байгаа юм. Ялгаа нь энэ. Хэрвээ энэ суудал Амаржаргалын хувийн өмч биш нь үнэн юм бол түүнийг өргөдлийнх нь дагуу чөлөөлөх үү, үгүй юү гэдгээ АН шийднэ. Түүнийг сонгогдоход нөлөөлснийхөө хувьд шийдвэрийг АН гаргана.  Өнөөдрийн \даваа гаригийн\ бүлгийн хурлаар Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхгүй гэж шийдсэн, нэгдүгээрт. Хоёрдугаарт Амаржаргал сонгогчдын өмнө хариуцлага хүлээсэн. Тэр хүн мундагтаа биш, түүнийг УИХ-д суулгах сонгогчдын хүсэл зориг байгаа учраас Амаржаргал гишүүнээрээ үлдэх ёстой. Дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг суудал биш учраас АН-ынхан “үгүй” гэж байгаа.

-Авч үлдэнэ гэдэг нь түүний өргөдлийг Их хурлаар хэлэлцэхгүй гэсэн үг биш биз дээ.
-Биш биш, хэлэлцэнэ. Кноп дарахдаа эсрэг дарна.

-Үр дүн нь та нарын санасны эсрэг гарвал яах уу
-Биднийхээр гарна. Яагаад гэвэл бид олонхи. Санал хураалт илээр явна. Нууц санал хураалтыг Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр хүчингүй болгочихсон. Хамгийн сүүлд Хүрэлсүхийг чөлөөлөхөд санал хураалт илээр явсан.

-Гэхдээ дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг дээ. Тэрэн  шиг нэгэнт өөрөө энд байхгүй гээд, эртнээс бүлгийнхээ хуралд ч суухгүй байгаа хүний хувийн эрх, эрх чөлөөг ингэж улстөрийн шийдвэрээр дарж авах нь  ардчилал мөн үү.

-Тэр хүн юу гэж бодож байгаа, юу хийснээ энэ хэдэн хоногт эргэцүүлж байгаа байлгүй. Манай гишүүд бас уулзаж ярилцаж байгаа.

-Ер нь бол та нар тэр хүний толгой, туршлагыг ашиглахаас илүү кноп нь хэрэгтэй гэж үзэж байх шиг байна, тийм үү
-Толгойг нь ашиглана. Кноп нь ч хэрэгтэй.  Ялангуяа төсөв мөнгөн дээр тэр хүний мэдлэг туршлага хэрэгтэй. Тэгэхдээ хэлсэн бүхэн нь ажил болох албагүй. Улстөр бол олонхиороо шийддэг л газар. Зарим өдөр дэмжигдэнэ, зарим өдөр цөөнх болж ганцаардана. Энэ бол Амаржаргал гэж хүний өөрийнх нь сонгосон улстөрчийн амьдралын хувь заяа.  Хэлсэн болгон нь ажил болсонгүй гээд, эсвэл би цөөнх боллоо гэж замын дундаас  эргэж буцдаг улстөрийн тоглолт ялангуяа УИХ-ын төвшинд байж таарахгүй.

-Амаржаргал гишүүн мэдэгдсэн л дээ. 2013 оны төсвийг УИХ хөөсрүүлсэн. Цөөнхийн бүлэггүйгээр баталсны хариуцлагыг УИХ-ын дарга, УИХ хүлээх үү. Засгийн газар муу ажиллаж байна, хариуцлагаа хүлээх үү. Буруу тооцоолол оруулж ирснийхээ төлөө огцрох сайд байна уу. Байхгүй бол та нарын өмнөөс би хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдье гэж. Түүний энэ байр суурь шударга бөгөөд улстөрд зөв шинэ жишиг эхлүүлэх гэсэн хувь улстөрчийн тэмцэл гэж харагдаж байгаа. Яагаад заавал “багийн тоглолт”, “намын эрх ашиг” нэрийн дор зарим хүн шиг шударга бустай эвлэрч, зүгээр л кнопчин юмуу танхимын шоучин явах ёстой гэж.
-2013 оны төсвийг сайн нягтлалгүй, хуучин схемээр нь баталсанд бид буруутай. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрч байгаа учраас төсөв оруулж ирдэг, оруулж ирснээр нь баталдаг олон жилийн буруу жишгийг 2014 оны төсөв дээр халснаа сая чамд ярилаа. Харин Амаржаргал гишүүний мэдэгдлийн тухайд тэр хүний өөрийнх нь л байр суурь. АН-ын бүлгийн бусад 33 гишүүн тэгж бодохгүй байгаа. Би Амаржаргал гишүүний үйлдлийг зөв жишиг гэхээсээ сонгогчдодоо амласнаа хийж чадахгүй хариуцлагаас бултаж байгаа хэлбэр л гэж харж байгаа.

-Нэг талаас сонгуулийн дараахь томилгооноос үүдэлтэй гомдол нь явсаар явсаар өнөөдөр өргөдөл өгөх хэмжээнд хүргэчихэж байгаа юм биш үү.
-Энэ бол хэвлэлийнхэн та нарын л хардлага.

-Сэтгүүлчид хардах эрхтэй. Гэхдээ оргүй ч бас хардахгүй л дээ. Тухайлбал, таны өнөөдрийн хашиж байгаа энэ албан тушаалд анх Амаржаргал гишүүний нэр яригдсан юм биш үү.

-Сэтгүүлчдийн хардах эрхийг үгүйсгээгүй шүү дээ. Харин УИХ-ын даргын томилгоо дагасан хардлага чинь бодитой эсэх тухайд Амаржаргалын нэр албан ёсоор яригдсаныг би мэдэхгүй. Магадгүй шийдвэр гаргах төвшний гадуур яригдсан байж магадгүй. Албан ёсоор асуудал хэлэлцэх үед бол яригдаагүй. Харин тэр хүнд Ерөнхий сайд болох мөрөөдөл байсан байж магадгүй.  Сайд бол гэж санал тавьсан, зөвшөөрөөгүй гэсэн. Ерөнхий сайд байсан учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль нэг, цаашлаад Ерөнхийлөгч болно л гэж тэр хүн бодсон байж магадгүй.   Гэтэл тэр бүгд нь эзэнтэй учраас боломж олдоогүй байх.

-Зарим ажиглагчийн таамаг түүний нүүдлийг дараагийн засагт Ерөнхий сайд юмуу, эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нам доторхи өрсөлдөөнийг харсан улстөр гэж тайлж байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д “цуваа зургаа” гэж байсан шиг 2017 оны цувааг тэргүүлэх алсын улстөр гэж байна гэх. Тийм байж болох уу
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрэх хүн олон байгаа учраас уу. Магадгүй, би үгүйсгэхгүй, гэхдээ бас батлахгүй. Яагаад гэвэл өргөдлөө өгч байгаа учир шалтгааных нь талаар би Амаржаргал гишүүнтэй уулзаж ярилцаж амжаагүй явна.  

-Одоо удахгүй хэлэлцэх юм чинь энэ сэдвийг ингээд орхиё. Та Оюутолгойгоор нэлээд дуугардаг, тухайн үеийн УИХ дотроо эсрэгдүү гишүүдийн нэг байсан. Одоо чимээгүй болжээ. Энэ нь албан тушаалын хүлээс үү, эсвэл АН ялаад өөр нөхцөл байдал үүсчихэв үү. Эвгүй сонсогдож магадгүй, улстөрийн карьерийн зорилгодоо хүрсэн учраас Оюутолгой сонин биш болсон юмуу гэсэн асуулт ч байж болох юм
-Оюутолгойн гэрээг одооных шиг болгоход зүтгэж ажилласан гишүүдийн нэг нь би мөн л дөө. Анхны гэрээ учир дутагдалтай, ер нь л авах юмгүй байсан. Ганц жишээ хэлэхэд Оюутолгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх компанийг татвараас чөлөөлөх заалт орж ирж байлаа. Үүнийг болиулсан. Би өөрийнхөө хийсэн сайжруулалтаас хэлж байна.  Монголд зэсийн үйлдвэр байгуулсан тохиолдолд гаргасан бүтээгдэхүүнээ заавал Монголд нийлүүлнэ гэдэг заалтыг оруулсан. Миний хийж чадаагүй зүйл гэвэл гурав ба зургаан хувийг хүчингүй болгуулж чадаагүй. Энэ Монголд маш их хохиролтой заалт.

-Хөрөнгө оруулагчид менежмент хийснийхээ төлөө зардлаас авдаг төлбөрийг хэлж байна уу

-Тийм, энийг  тэглэх ёстой байсан юм, чадаагүй. УИХ-аар батлагдаагүй гэрээнд байсан л даа. Засгийн газрын баталсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд энэ заалт байгаа. УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын гэрээнд ийм заалт орж ирээгүй. Бас Монголын талын хувийг нэмэгдүүлэх санал  маань дэмжигдээгүй. Өсөн нэмэгдэх роялтийг нэмүүлэх гээд бүтээгүй. Тэгэхээр сая Амаржаргал гишүүн дээр ярьдаг шиг бүх юм миний хүссэнээр явах албагүй шүү дээ. Тэр зарчмаар л явж байна.  Ингээд таг зогсчихож байгаа юм биш, яриа хэлэлцээ цаашаа явдгаараа явна. Оюутолгойгоор хоосон улстөр хийгээд явж болно л доо. Тэгснээс Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож явах нь хамаагүй дээр бөгөөд чухал. Яагаад гэвэл Оюутолгой өнөөдөр далд уурхайн үйл ажиллагаагаа нэг өдөр зогсооход л Монголын валютын ханш савлах хэмжээний нөлөөтэй аж ахуйн нэгж болсон. Тийм учраас яриа хэлэлцээний замаар ажил амьдрал урагшаа явдгаараа явах л ёстой.

-Таныг УИХ-ын дарга болсноос хойш гэрээнд байснаас ч сонин нөхцөлүүд Хөрөнгө оруулагчдын зүгээс гарч ирсэн. Жишээ нь далд уурхайдаа зориулж хоёр дахь ээлжийн санхүүжилтээ авах гэж байгаа. Энийг авахын тулд магадгүй ордын лиценз барьцаалах, авлаа гэхэд хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа энэ зээлээсээ шууд авна гэх зэрэг
-Асуудлууд  бол байгаа. УИХ, Засгийн газрын төвшинд биш, компанийхаа дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөл дээрээ ярьж яваа. Хэдий хэмжээнд өндөр төвшинд бид авч хэлэлцэнэ, төдий хэмжээгээр нөгөө талдаа ашиглагдаад байна. Нөгөө талд маань тус тусын ашиг сонирхолтой хэд хэдэн хөрөнгө оруулагчид байгаа шүү дээ. Рио бол Оюутолгойн лиценз эзэмшигч биш. Хуучин “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч. Оюутолгойн баялаг нь манайх ч, бид компанийн 34 хувийн л эзэмшигч. Рио хуучин Айванхоу-гийн хувьцааг авч аажмаар нэмсээр нэмсээр охин компаниа болгож өөрөө лиценз эзэмшигч болох сонирхолтой. Манайх УИХ-ын тогтоолын дагуу 34 хувиа нэмэх сонирхолтой. Гэх мэтээр энэ олон сонирхол дунд янз бүрийн байр суурь гарч ирнэ. Тэр бүгдийг шүүрч аваад өндөр авахуулах тусам бидэнд ашиггүй, нөгөө талдаа ашиглагдахаар нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас асуудлыг ТУЗ дээрээ ярьж байгаа.   Бид анхны, ер нь хөрөнгө оруулалтад гаргасан ба одоо гаргах зардлыг шударгаар, бодитоор тооцохыг л хүснэ. Одоо бол нэг төгрөг оруулснаа хоёр гэж тооцуулах гээд байна. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Эд нар дараагийн санхүүжилтээс өмнө гаргасан зардлаа аваад бултах гэж байна. Энийг бид бас зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй учраас тэд далд уурхайгаа зогсоох маягаар эргүүлээд бидэнд шахалт үзүүлж байна. Цаад талын энэ мэт шаардлага үнэхээр шударга бус учраас бид валютынхаа ханшийг савлуулан савлуулан хохирол амсаад яриа хэлэлцээ хийгээд явж байна. Энэ гацааг арилгаж, ажил урагшлуулах үүргийг Засгийн газарт өгчихсөн байгаа. Оруулсан хөрөнгийг бодитоор нь бич, менежментийн төлбөрт өгдөг гурав ба зургаан хувийг тэг болго, өсөн нэмэгдэх роялтигаа хэмжээнд нь ав гэсэн үүрэг өгөөд хэлэлцээр үргэлжилж байна.

-Жишээ нь, Оюутолгойд хоёр дахь шатны санхүүжилт авлаа гэхэд зээлтэй компанид ноогдол ашиг хуваахгүй гэдэг. Тэгэхээр бидний 34 хувьдаа ногдох ашиг хүртэх хугацаа маань хойшлох гээд байгаа юм биш үү.
-Тэгнэ, хойшилно

-Хэлэлцээрээр 30 асуудлаас 15-ыг шийдлээ гэх мөртлөө Засгийн газар ганц  “Энтри гоулд”-ын асуудлыг яриад байгаа. Энэ компанийн эзэмшлээс манайх 34 хувь эзэмших боллоо гэж. Гэтэл угаасаа “Энтри гоулд”-ын эзэмшлийн талбай Оюутолгойн бүлэг ордын л нэг юм биш үү. Өөрөөр хэлбэл, анхнаасаа бидэнд байсан юмыг буцааж өгсөн мэтээр зөвшилцөх нь манайд хохиролтой биш үү
-“Энтри гоулд”-ын хувьд бүлэг ордод багтаагүй, нөөцийг нь өөр компани илрүүлсэн. Дараа нь Оюутолгойнхон худалдаж авах замаар томруулсан юм билээ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд ороогүй. Хуучин “Айвенхоу майнз”, “Энтри гоулд” хоёрын харилцаагаар зохицуулагдаж яваа. Хэрвээ одоо “Энтри гоулд”-ын талбайг Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулна гэвэл цаад талынхаа гуйлтаар оруулах ёстой. Түүнээс биш, манайх санаачилга гаргаж гуйх нь буруу. Энэ хэсгийг Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа орчин хуулиар хамгаалах ёстой гэвэл тэдэнтэй дахиад яриа хэлэлцээрт орох ёстой. Миний сонссоноор энэ асуудлыг эцэслэн шийдэж гарын үсэг зураагүй байгаа гэсэн.

-“Энтри гоулд”-ын талбай бол Оюутолгойн ордын хамгийн их алттай хэсэг нь юм биш үү

-Алт, зэсийнхээ нөөцөөр яаж ялгарч байгааг сайн мэдэхгүй. Ямарч л гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хэсгийн лицензийг хамруулаагүй юм.

-Та улстөрд олон жил явсан хүн. Туршлагаас харахад улстөрийг багаар хийх, фракцуудад хувааж ханлиг улсууд шиг авч явах нь хоёрын аль нь зөв бэ
-Улстөр мэдээж багийн тоглолт. Ажлаа хэрхэн зохион байгуулах нь тухайн намын дотоод асуудал. Тэглээ гээд ханлигууд шиг явдаг юм байхгүй. Тэр бол сэтгүүлчийн уран сайхны хэтрүүлэг байна. Ардын намынхан ярьдаг л даа. АН-ынхан фракцуудад хуваагдаад дотроо учраа олоод яваад байна, бид тэгж явъя гэхээр, зарим нь “манайд тийм фракц байхгүй” гээд маргалдаад байдаг. Яг үнэндээ бол фракц гэж юм энэ хоёр намын аль алинд бий. АН-ынх арай өөр. Манай нам таван намын нэгдэл. Анх нам байгуулсан тэр хүрээлэлд нь найз нөхдийн холбоо хүссэн хүсээгүй бий. Тэр холбоо л явж байгаа. Үүнийг фракц гэнэ үү, юу гэнэ, хэвлэлийнхэн та нарын л хэрэг. Бидэнд бол хүн ёсны найз нөхдийн хүрээлэл, харилцаа л байгаа.

-АН-ынхан таван намын нэгдэл гэдэг утгаараа нам дотроо фракцалж болдог юм байж….

-Ер нь бол  аажмаар арилж байгаа

-Харин Монгол бол нэгдмэл улс. Гэтэл Засгийн газар нь холбооны улсууд шиг яамдаа фракцуудад хуваарилж өгөөд тус тусдаа бие дааж явж болох уу. Жишээ нь, Алтангадас нь Ерөнхий сайдаа, МоАХ нь ҮХХАҮЯ болон Зам тээврийн яамаа, таны тэргүүлдэг фракц гэхэд Эрдэс баялаг, Нийгмийн хамгааллаа гэх мэтээр яамдаа квотлон хувааж хуваарилж болох уу
-Үгүй, тэгээд өөр яах юм. Хэн нэгэн сайд болно. Тэр нь ардаа ямар нэгэн хаягтай л байгаа. Түүгээр нь цоллож, тэгж харж болохгүй биз дээ.

-Хүндээ бас биш юмаа. Эхлээд яамдаа фракцуудад квот болгон хуваарилж, фракцууд нь хүнээ томилуулах нь хууль, зарчим талаасаа буруу жишиг.
-Тийм юм байхгүй ээ. Хэрвээ тэгдэг бол Эрдэнээг Уул уурхайн яам, Ганхуягийг Нийгмийн хамгааллын яаманд тавьж болно ш дээ. Тэгээгүй, туршлагыг нь харсан. Эрдэнээ энэ салбарт өмнө нь сайд байсан, Улаан олон жил Сангийн сайд  явсан гээд туршлагыг нь харсан. Тэмүүжин гэхэд түрүүчийн Их хуралд сүүдрийн Хуульзүйн сайд шиг л ажилласан. Энэ мэтээр ажил хийж чадах чадварт нь тааруулж томилгоо хийсэн. Жишээ нь, Тэмүүжинг Соёл, спортын сайдаар томилоогүй л байгаа биз дээ.

-Улстөрийг багаар хийхгүй, фракцуудад хуваарилсан учраас тэнд Ерөнхий сайд лидер болж амжихгүй, харагдахгүй, харин ч фракцуудын тэнцвэрийг хангах кординаторын ажилдаа илүү цаг заваа зарцуулаад байгаа юм биш үү
-Амьдрал өөрөө илүү комплексны болж байна л даа. Хуучин шигээ 300-хан тэрбумын төсөвтэй, жилдээ 100 км зам барьдаг, 10-хан яамтай явдаг цаг  үе ард үлдэж. Хүн ам өсч, төсөв тэлж, бид улам бүр л урагшаа явж байна. Ингэж томрохын хэрээр Ерөнхий сайд гэдэг ганц хүн бүх асуудлыг шийдээд явах боломжгүй боллоо. Ерөнхий сайд хүссэн хүсээгүй сайд нартаа эрхийг нь өгөөд салбарыг нь хариуцуулаад явахаас өөр аргагүй болж байна. Тэгэхээр нэг лидертэй Засгийн газрын кабинет гэхээсээ энэ улсын хувь заяаг дөрвөн жил үүрч явах үүрэг хүлээсэн АН болон  “Шударга ёс” эвслийн бүлэг дээр бүх шийдвэр гарч байгаа. Нэг лидерийн үгийг дагаж явдаг арван жилийн өмнөх хуучин систем маань ажиллахгүй боллоо л гэсэн үг.  Чи зөвхөн барилгын салбар дээр л бод л доо. Монгол Улс 1921 оноос хойш 1996 он хүртэл 100 мянган л тохьтой орон сууц барьсан байдаг юм. Гэтэл ганц энэ жил л гэхэд 20 мянгыг барилаа. Амьдрал ингэж л үйл явдлаар, агуулгаараа маш хурдтай эргэж байна. Бүх юм, одоо Чингис хаан шиг хүн гарч ирээд ч нэг лидерээс хамаардаг үе өнгөрсөн.

-Тэгвэл Засгийн газар танхимын зарчмаар ажиллана гэдэг заалтаа хуулиас авмаар юм биш үү

-Үгүй, Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж байгаа. Сайд нар хариуцсан салбараа удирдаад бүгдийг нэгтгэж дүгнээд УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг хүн нь Ерөнхий сайд хэвээрээ явна.

-Миний асуултын санаа бол Ерөнхий сайдын саналаар бус, фракцуудын квотоор орж ирсэн сайд нар нь Засгийн газрын тэргүүндээ тэр бүр захирагдахгүй, тус тусын тоглолт хийгээд яваад байгаа юм биш үү л гээд байгаа юм.
-Чи Засгийн газрын хуралдаанаас сурвалжлага хийгэд л үз л дээ. Тэгээд хар, танхимын зарчим байна уу гэдгийг.

-Харин энэ чиглэлд амьдрал нэг их баяжаагүй юмшиг байна лээ.  Засгийн газрын хуралдааныг  сурвалжлах хүсэлтээ тавьж үзсэн. Тийм жишиг байдаггүй юм байна, боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Хэвлэлийн албаны дарга Мөнхтөрд нь ханд. Адилхан сэтгүүлч хүн та нарт худлаа хэлэхгүй байлгүй.

-Тэгвэл УИХ-ын тухайд яръя. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг дөрөвний нэг нь давхар дээлтэй сайд яваа. Тийм учраас Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан, парламент нь Засгийн газрын хуулийн хэлтэс шиг болсон гэж шүүмжилдэг.
-УИХ-ын дарга бол Ерөнхий сайд биш. Би 76 гишүүнийг хуралдуулж шийдвэр гаргахад чиглүүлэх үүрэгтэй хүн. Алтанхуяг гэдэг хүнээс сайд нарынх нь хувь заяа хамаарч байгаа бол Энхболд гэдэг хүнээс энэ 75 гишүүн огт хамааралгүй. Өөр өөрсдөө сонгогдож гарч ирсэн, юу дуртайгаа ярих эрхтэй, танхимд ярьсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-аас томилогддог Засгийн газарт хяналт тавьж ажиллуулах үүрэг бол байгаа. Тэр нь 39 кнопоо дарснаар хэрэгжих боломжтой. Тэгэхээр надаас гадна 38 хүн хэрэгтэй. Харин Ерөнхий сайд бол өөр. Хэрвээ сайд нь үгэнд орохгүй, өөрийн дураар тоглоод байвал хэзээ ч хамаагүй УИХ-д оруулж ирээд огцруулж болно. Үүгээрээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр ялгаатай. Тэгэхээр давхар дээлийн зовлон надад бол ирц бүрдүүлэх, хариуцлага тооцох талдаа байгаа ч кабинет талдаа илүү байна гэсэн үг. Энийг өөрчлөх талаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногоос батална.

-Давхар дээлийг дан болгох уу.
-УИХ-ын гишүүн нь сайдын албыг давхар хашиж болохгүйг хуульчилна. Мөрдөх хугацааг нь 2016 оны сонгуулийн дараагаас үйлчилж эхлэхээр батална.

-Ийм хуулийн төслийг ялангуяа сонгууль бүрийн өмнө шоу болгож олон ч удаа өргөн барьсан даа.
-Ялгаа нь энэ удаа  УИХ батална. Үндсэн хуулиар нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн зохицуулалт учраас одоо бол яах ч арга байхгүй. УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй гэж ярих ч боломжгүй.

-Заавал Үндсэн хууль гэхгүйгээр Засгийн газрын тухай хуулиар зохицуулж болдоггүй юм уу. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг ч, юм уу дөрөвний нэг нь УИХ-ын гишүүд байж болно гэх мэтээр босго тогтоож болмоор санагддаг
-Яг одоогийн ярих гэж байгаа зохицуулалт наадахь чинь л дээ.

-УИХ хяналт тавихаас гадна Засгийн газрыг шахаж ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэр биелүүлж байна вэ
-Хувь гишүүн ч, юмуу Их хурлын дарга гэдгээрээ Энхболд шахахаар Засгийн газар сайн ажиллахгүй. Нэг жишээ хэлье. Миний гаргасан санал дэмжигдээд УИХ-ын тогтоол болсон. Одоо нэгдүгээр сарын 1-нээс бүх яаманд байгаа Барилга захиалагчийн товчоог татан буулгаж төвлөрсөн болгоод, тэр нь бариулах бүх барилгынхаа менежментийг хийдэг болж байгаа. Сайд нар энэнд  дургүй байгаа. Өөрийнх нь эрх мэдлээс гараад явчихаж байна ш дээ. Барилгын салбар бол үнэхээр замбараагүй, зовлон болчихсон асуудал учраас надад 38 байтугай гишүүн олдсон. Гишүүд нам харгалзахгүйгээр дэмжиж УИХ-аар тогтоол гаргуулсан.  Энэ бол УИХ хяналтаа тавьж байгаа л нэг хэлбэр. Түүнээс бус, зарим хэвлэлийнхний хүсээд байгаа шиг тэр бүтэлгүй сайдыг ингээд зайлуулчихъя гэхээр нөгөө 38 гишүүн чинь олдохгүй шүү дээ.

 -Ер нь бол та өнөөдөр УИХ, Засгийн газар хоёр байх ёстой байр байрандаа байгаа гэж хэлж чадах уу.
-Би тэгж хэлж чадахгүй. Яагаад гэвэл ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг өөрчлөх сонирхол УИХ-ын нэлээд олон гишүүнд байгаа нь өөрөө УИХ Засгийн газрынхаа халаасанд орсон гэдэгтэй утга таарч байна гэсэн үг. Гэхдээ бүх тохиолдол тийм биш. Жишээ нь, бидний эцэслэн баталсан 2014 оны төсөвт сайд нар бол дургүй байгаа. Тэдний хүсэл Засгийн газраас оруулж ирсэн анхны төсөл байсан. Гэтэл УИХ шүүж үзээд сайд тус бүрийн багцаас хамгийн багадаа 10 тэрбумыг хасчихлаа шүү дээ. Огцруулдаггүй юмаа гэхэд УИХ төсвийн зарлагын реформоороо дамжуулаад сайд нарыг хянаж чадаж байна. Энэ бол хуульд байгаа парламентын хяналтын хамгийн том эрх мэдэл.

-Ерөнхий сайдыг бас хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдөж байна гэж шүүмжилдэг

-Улсын Ерөнхий сайд нар гэхээр Цэдэнбал, Батмөнх гээд наашаа явна. Тэд нараас хэн нь ч одоогийн Ерөнхий сайд шиг гэр хорооллын нүүрсний үнэд анхаараагүй л байхгүй юу. Үүгээрээ өнөөдрийн Ерөнхий сайд өөр харагдаж байгаа нь үнэн. Бид цаг үеийн бүх Ерөнхий сайдаа ийм байна гэж нэг хэвэнд оруулж болохгүй. Нүүрс гэр хорооллынхонд асуудал мөн үү. Мөн учраас тэдэнтэйгээ адилхан санаа зовоод анхаарч байна. Өмнө нь хамгийн том, хамгийн их гэр хороололтой дүүргээс сонгогдсоныхоо хувьд нүүрсэн дээр зөвхөн тойрогтоо хийдэг байсан менежментээ одоо Ерөнхий сайд болсон учраас хотын хэмжээнд хийж байна. Энийг би буруу гэж үздэггүй. Яагаад гэвэл өнөөдрийн Ерөнхий сайд илүү амьдрал мэдэж байна. Зарим хүн улсын Ерөнхий сайд байж хэтэрхий жижиг юмаар оролдлоо, нүүрс ярилаа, уулзварын нээлтэд оролцлоо гэдэг л дээ. Хийж байгаа ажлаа тайлбарлахад юу нь буруу гэж. Энийг манай Засгийн газар хийсэн юм шүү гэж тайлбарлаж явахгүй бол ард түмэн ойлгохгүй, хоёр жилийн дараа сонгуулийн дүн тавих үед Алтанхуягийн засгийн хийсэн ажил юмуу, Батболдынх нь юм уу гэдгийг  сонгогчид санахгүй шүү дээ. Энэт утгаараа PR хийж байгаа нь ч буруу биш.

-Бас давхар улстөрийн зорилготой байх нь

-Мэдээж, намын дарга хүн дараагийн сонгуулиа давхар бодож явах ёстой. Бүх Ерөнхий сайд зарим хүний дүгнэж байгаа шиг макро төвшний мундаг хүн байх албагүй. Ажлаа яаж хийх эрх чөлөө нь Ерөнхий сайдад өөрт нь байгаа.

-Уулзварын нээлт гэснээс бондоор сайхан бүтээн байгуулалтууд хийж байнаа. Харин чанар, зарцуулсан мөнгөн дүндээ дүйж байгаа эсэхэд УИХ хяналт тавихгүй юу
-Тавина, бараг энэ баасан гаригт хэлэлцэх байхаа.

-Зарим нь чанарын хувьд ч, хэрэгцээ талаасаа ч зарцуулсан мөнгөн дүндээ үнэхээр хүрэхгүй байна. Хотод цэцэг хэрэгтэй. Гэхдээ зарцуулсан мөнгө дүн нь арай л их санагдсан. Хогны уут бол бүр дэндүү. Их тэнгэрт, танайд хогны уут өгөхгүй л байх л даа. Та харсан бол арай дэндүү, зүгээр хальс. Тэгээд мөнгөн дүн нь гурван тэрбум  гэсэн байхаа. Ард түмэн хогны уут өгөөрэй гэж АН-д саналаа өгөөгүй шүү дээ.
 -Би хогны уутны эсрэг байгаа. Аудит явуулж шалгуулж байгаа. Яах гэж ийм юм хийснийг мэдэхгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, АН-ын зорилт мөн байсан эсэх, уут тарааснаар хотын хогны асуудал шийдэгдэх эсэхэд эргэлзэж байгаа. Тэгээд дээр нь тендергүй явсан байгаа юм.  Сая Ерөнхийлөгчийн санаачилгаар хийсэн “Том төрөөс Ухаалаг төр рүү” гэдэг хурлаас иймэрхүү хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан уу, хэрэгтэй байлаа гэхэд ийм мөнгөн дүнгээр хийх байсан уу, яах гэж хийснийг асуу гэдгийг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгосон. Тэр дагуу асуудал яригдана. Харин цэцгийг би дэмжиж байгаа. 340  сая төгрөг зарцуулаад хотыг жилийн хагаст цэцэгтэй, өнгө үзэмжтэй байлгана гэдэг сайхан хэрэг. Та нар цэцгийг нь хараад байна. Би бол цэцгэн дээр ажилласан 300 гаруй хүний давхар харж байгаа.   Тэдгээр хүмүүс цэцэг тарьж арчилсныхаа төлөө сар бүр цалин авч байна, найман хувийн зээлээр байртай болох бололцоо нээгдэж байна. Магадгүй 300 саяас илүү мөнгө салхинд хийсч байдаг шүү дээ. Тэрнээс л дээр.

-Улстөр хаврын хаварт л бужигнадаг. Бужигнах бүрт л АН-ын дараагийн дарга нь Энхболд, эсвэл Баттулга гэдэг. Одоо магадгүй дараагийн Ерөнхий сайд нь гээд албан тушаал чинь нэмэгдээд ороод ирэх байх.  Үүнд та ямар хариулт өгөх вэ
-Энэ дөрвөн жилдээ Засгийн газарт болоод АН дотор тийм юм болохгүй. Энэ байгаа чигээрээ явахаас өөр аргагүй. Дөрвөн жил богино хугацаа, их юм бүтээж хийх л ёстой. Хаширсан гэж хаширсан хүмүсийг л хэлдэг.  Олон Засгийн газар огцруулсны сайн үр дүн гэж байдаггүйг бид мэднэ. Энэ бол бидний өмнө нь явж үзсэн зам. Заавал тэр алдаагаа давтаж, өмнө нь “яваад үзсэн зам” руугаа хальтирч орох шаардлагагүй. Шат шатандаа ажил урагшилж хүн бүр л завгүй ажиллах  ёстой. Хэвлэлээр гадагшаа мэдээлэхгүй л болохоос манай намын бүлэг дээр долоо хоног бүр ажлын хариуцлага үр дүнгийн тухай байнга ярьж байгаа. Энэ нь УИХ-ын хяналтын л бас нэг хэлбэр. Ер нь УИХ-ын дотоод хяналт бол  сайжирсан шүү. Хүн амьтан зоддог улсаасаа ч салж байгаа.

-Харин ч тийм гишүүнийнхээ  асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм биш үү
-Хүрэлсүх гэж гишүүн байсан гараад явсан, өөр ямар гишүүн байна вэ.

-Хэвлэлээр Номтойбаяр гишүүний тухай гараад л байгаа шүү дээ

-Номтойбаярын надад өгсөн тайлбараар бол хэвлэлээр гараад байгаагаас эсрэг юм билээ. Надаас мөнгө шантаажилсан, би өөрийнхөө хүсэлтээр цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж хэлсэн. Үүнийг нь хуулийн байгууллага тогтоохоос биш, УИХ тогтоохгүй.

-Хүрэлсүх гишүүний хувьд зодооноор биш, хувийн шалтгаанаар өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн биз дээ.
-Мэдээж тэгсэн, тэрнийх нь дагуу чөлөөлсөн. Гэхдээ Баярсайхан гишүүнийг цохиж унагаахыг бүгдээрээ харсан шүү дээ. Бас Ардын намынхан ч шахсан байлгүй. Чи одоо зодоон нүдээн хийгээд, боль л гээ биз. Тэгээд ч санал өгөхөд МАН-ынхан нь дэмжсэн санал өгч байна лээ.

-Тэр ч арай өөр байх аа. Хүн ёсны, ар гэрийн гачигдалтайг нь ойлгож өгсөн санал байлгүй
-Бас тэгсэн л байх.

-Ер нь та хуучин коммунист гэдэг шиг нэг тал руугаа заримдаа  хэтэрхий ханараад байх шиг  харагддаг.
-Хуучин комунист гэдэг шиг хуучин ардчилагч байна уу

-Мэдэхгүй, таны тухай шазруун, зэвүүн ардчилагч гэж ярьж бичиж байсныг та өөрөө харсан л байх. Та бол УИХ-ын дарга. Түүнээс бус, тэнд АН-ын байр суурийг хамгаалдаг дарга биш. Гэтэл тийм шинж заримдаа харагддаг.
-Жишээ нь

 -Алх цохиод л сөрөг хүчин МАН-ыг бүлэггүй  үлдээх, 2013 оны төсвийг цөөнхгүйгээр баталж байх жишээтэй.
-Цөөнхийг бүлэгтэй болгох алхыг ч би цохьсон. 2013 оны төсвийн тухайд Амаржаргал гишүүний л бодол. Ер нь ямар ч нөхцөлд хууль журам, зарчмаараа л явна. Түүнээс нь хазайж явж болохгүй, зөрчих эрх надад байхгүй. Хэдийгээр цөөнх алдаа гаргасан ч түүнийг нь уучлаад бид бүлгийг нь байгуулж өгөөд тэр алхыг бас би цохиж л байсан.

-Энд хуулиас илүү хүн ёсны харилцаа, улстөрийн соёл, зөвшилцөл байх ёстой байсан болов уу. Олон жил нэг танхимд суусан, тэгээд адилхан улстөрийн хүчин тэнд намын их хурлаа хийж байхад ганц өдөр хүлээгээд цаашаа явж болох байсан шүү дээ. МАН-ыг бүлэг байгуулах эрхгүй үлдээсэн чуулганы тухайд шүү дээ.
-Тэр надаас хамаараагүй юмаа. Бүлгийн шийдвэр гарсан. Намайг УИХ-ын дарга болохоос өмнөх шийдвэр. Тэр үед АН-ын бүлгээр юу ярьсан гэхээр Засгийн газрыг хамтарч байгуулахаар тохирсон намууд Үндсэн хуулийн дагуу, УИХ-ын Дэгээр цаашаа явах боломжтой. Заавал бүх намтай зөвшилцөх, ирэх хариуг нь хүлээх албагүй. Хуулийн боломжтой, хориглосон зүйл байхгүй байхад цаашаа явъя, өдөр алдахгүй гэж шийдвэр гарсан. Тэр дагуу л явсан. МАН-ынхан тэр үед “бид эднийг олонхи байхдаа засагтаа авсан, одоо биднийг авч л таараа” гэж бодсон юм билээ. Тэгээд хамгийн эхний албан тушаал, хэлэцэх асуудал бол УИХ өөрийгөө зохион байгуулах шүү дээ. Бидэнд 44 кноп байна, Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл, хуулийн шаардлага нь нээлттэй байна, түүгээр нь цаашаа явъя л гэсэн.

-Де-факто гэж нэг ойлголт байдаг даа. Та де-факто УИХ-ын дарга мөн үү. Цөөнхийн оролцоогүйгээр сонгогдсон шүү дээ
-Би энэ ажлыг өнөөдөр хуулийн хүрээнд хийгээд явж байна. Шаардлагаа тавиад хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд ажил урагшаа явж байгаа. Энхболдыг Их хурлын дарга биш гэж үздэг бүлэг нэг хэсэг байсан. Бүр Цэцэд хүртэл өгч үзсэн. Сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. Их хурлын даргын хувьд би бүгдэд тэгш хандах үүрэгтэй. Тэр зарчмаараа л яваа. АН-ын гишүүдэд илүү минут олгоод, Ардын намын гишүүний микрофоныг хааж байгаа юм надад байхгүй. Тэгэх боломж ч байхгүй. Харин ч сүүлийн үед Ардын намын гишүүдтэй санал нийлэх юмнууд олон болж байгаа шүү.  Жишээ нь төсвийн үеэр л гэхэд төгсөгчдийн 50 хувь гэдэг дээр Ё.Отгонбаяр, бас валютын ханш дээр Ж.Энхбаяр гишүүнтэй санал нэгдсэн. Гишүүдийн ярьж байгаа саналуудаас зөвийг нь авч дэмжих эрх мэдэл надад байгаа юм. Алхаа цохихын өмнө саналаа хэлж тэрийг нь аваарай гэж болдог. Тэр нь өөрөө Байнгын хороон дээр асуудал хэлэлцэхэд чиглэл болдог.

-Ярилцсанд баярлалаа.
http://otgonbayar.niitlelch.mn