Showing posts with label ЦАГААН П.. Show all posts
Showing posts with label ЦАГААН П.. Show all posts

Tuesday, 14 January 2014

"Шүүхийн шинэтгэл дуусах биш, эхэлж байна гэж ойлговол зохино"



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.

-Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Шүүх шинэчилсэн зохион байгуулалтаар байгуулагдаж, шүүгчид шинээр томилогдлоо. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад хэр ахиц гарч байна гэж та харж байна вэ. Ер нь шүүхийн шинэтгэл хийгдээд дуусч байна гэж үзэж болох уу?

-Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан зургаан хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим нь биднээс үл хамаарах шалтгаанаар гацаад байгаа. Удахгүй шийддэгдэх байх. Оны босгон дээр Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилсныг шинээр байгууллаа.

Шүүхүүд тойргийн системд орж, үүнтэй холбоотойгоор шүүгчдийн тоо нэмэгдэж, шүүхийн захиргааны удирдлага бие даасан бүтцээр ажиллах болсон нь томоохон шинэтгэл боллоо. Шүүхийн шинэтгэ­лийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хамгийн чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй шүүгчдийг шилж сонгох нь шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм. Хууль батлагдснаар шүүх шинэчлэгдлээ гэж яаран дүгнэж болохгүй. Аливаа шинэтгэлийг хийхэд гурван үе шат байдаг. Нэгдүгээрт; олон нийттэй зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах, хоёрдугаарт; хууль батлах, гуравдугаарт; тэр хуулийг хэрэгжүүлэх явц. Шүүхийн шинэтгэлийг шинэчилсэн зохион байгуулалтаар амьдралд үр дүнтэй  хэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Шүүхийн шинэтгэлд сорилт бэрхшээл гарч байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шинэтгэл дуусах бус, эхэлж байна гэж ойлгох нь зөв.

Шүүхийн шинэтгэл явагдаж эхэлснээр нүдэнд үзэгдэхүйц, ахиц дэвшил гарч буй нь мэдээж. Мөн шүүхийн шийдвэр ил болсноор шийдвэрийн чанар чансаа сайжирсан гээд, яривал олон зүйл бий. Гэхдээ шүүхийн шинэтгэл сайн явагдаж байна гэж тайвшраад суух ёсгүй. Бид шүүхийн шинэтгэл ямар явагдаж байгааг  хөндлөнгийн  байгууллагаар үнэлгээ хийлгэх бодолтой байгаа. Тэгж байж шүүхэд хийсэн шинэтгэл маань  хэр үр дүнтэй байгааг мэдэж,  цаашдын   үйл ажиллагаанд байгаа  доголдолтой зүйлээ засч залруулан сайжруулаад явах учиртай.

-Шүүхийн шинэтгэлийг хийх явцад алдаа дутагдал гарч байгаа зүйл танд ажиглагдаж байна уу?
-Ний нуугүй хэлэхэд дутаг­далтай, засаж залруулмаар зүйл ажиглагдаж байна.

-Тодруулбал?
-Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага байгуулагдсан. Шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхлэхэд янз бүрийн бэрхшээлтэй асуудлууд үүсч байгааг  үгүйсгэх аргагүй. Бас зарим үйл ажиллагаа нь санасан  хэмжээнд хүрч ажиллахгүй зүйл  байна.

-Тухайлбал, ямар асуудал байна?
-Чингэлтэй дүүргийн шүүхийн байр гээд шүүхийн зориулалттай шүүх  хуралдаан явуулах нөхцөл боломжийг хангасан бараг анхны шинэ байр баригдсан. Гэтэл сая очиход Шүүхийн ерөнхий зөвлөл маань нөгөө байранд орчихсон, орон тоогоо огцом нэмээд тэр байр савыг хүнээр дүүргэх бодлого барьж ажиллаж байгаа нь төсөөлж байснаас  өөр зүйл болж  байна. Өнөөдөр манай шүү­хүүд шаардлага хангасан орон байргүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн наад захын бэрхшээл гэхэд шүүгдэгч өмгөөлөгчтэйгээ шивнээд ярихад л тэр танхимд байгаа хүмүүст сонсогдохоор давчуу орчинд шүүх хуралдаан явагдаж байгаа. Хар ярианы хэлээр, бөгс эргэх зайгүй тасалгаанд л шүүх хууль  ёсыг хэрэгжүүлж байна. Гэтэл түүнийг засаж залруулах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл нь үүргээ умартаад шүүхийн зориулалттай ганц байранд  өөрсдөө  орсон  байгаа нь гаж харагдаж байна. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөл  дарга нарын тав тухаас илүү, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн оролцох боломжийг хангасан нөхцөлийг  бүрдүүлэхэд эхэлж анхаарах ёстой. Гэтэл энд байр нь солигдчихоод байна.

-Үүнийг засч болох уу?
-Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, тойргийн зарчмаар бай­гуулагдаж буйтай хол­боотойгоор зарим  байрууд суларч байгаа. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл суларсан  байранд нүүж очиход оройтсон зүйл алга гэх үү дээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл тийм байж. Тэгвэл шүүхүүдийн хувьд гайгүй юу?
-Энэ талаар хэлэхэд  хяналтын шатны шүүхийн үйл ажиллагааны талаар  бодох, сайжруулах, өөрчлөх зүйл ч байна. Тухайлбал,  хяналтын шатны илтгэгч шүүгчээс бусад нь  хавтаст хэргээ уншилгүй  шүүх хуралд ордог байж болохгүй.  Өмнө  ийм маягаар хэ­рэг, маргааныг шийд­вэрлэж  ирсэн байж болох юм. Одоо шинэ орчин нөхцөлд  хэрэг, маргааныг мэтгэлзээний зарчмаар шийдвэрлэхэд шүүгч бүрийн өөрийн итгэл үнэмшил, шийдэл чухал ач холбогдолтой. Тийм ч учраас шүүхийн болон шүүгчийн хараат бус байдал, хангамжийг сайжруулж, шинэчлэхээр ажиллаж байна.  Гэтэл хэрэг маргааныг шийдвэр­лэх зарим  шүүгч нь  хэр­гийн материалыг  уншаагүй орох нь тухайн хэрэгт оролцож байгаа иргэдийн төлөөлөгчөөс юугаараа ялгарах болж байна аа? Шүүгчийн өмсгөл, суудал хоёроороо л өөр байх нь  шүүхийн шинэтгэлийн ажил яав ч биш  дэг.  Шинэчлэл бол нэгд, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох; хоёрт, шүүгчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудал юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй  шүүгчтэй  хариуцлагаа тооцон ажиллах нь шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил байх ёстой. Мөн ийм байдал гаргахад нөлөөлж байгаа хууль тогтоомж байвал түүнийгээ даруй  өөрчилж болно шүү дээ.

Иргэд, ялангуяа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төр засаг хамгийн шударга шүүхийг л хүсч байгаа. Дээд шүүх бол хууль ёс, шударга ёсны үлгэр дууриалал, мэтгэлцээн, цэц сорьсон, олны хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн нээлттэй хуулийн засаглал  байх ёстой. Ийм болохын төлөө өөрчлөгдөх ёстой. Орон тоо, цалин нэмэх, төсвийн бие даасан байдал, байр савтай  болох нь механик өөрчлөлт.  Өнөөдөр  гол хийх ажил нь орхигдоод, механик өөрчлөлт нь давамгайлаад  байгааг цаашдын ажилдаа анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хам­гийн гол нь шүүх хуралдааны зохион байгуулалт, үйлчилгээ, агуулга, чанарт  өөрчлөлт гаргах ёстой.  Шүүхээс гарч байгаа  шийдвэр нь хэнбугайд ч толь шиг тунгалаг,  ойлгомжтой, бат нот үндэслэлтэй байх ёстой. Ийм хэмжээнд хүрч ажиллахад  боловсон хүчний мэдлэг боловсрол, санаачилга, сахилга бат, шүүгчийн ёс зүйн талаар хийгдэх  байнгын  үйл ажиллагаа их чухал. Шүүхийн ерөнхий зөвлөл нь  шүүхийн дарга биш, шүүх байгууллагын  ажиллах нөхцөл бололцоог  хангах  арын албаны үйлчилгээний байгууллага. Тийм учраас шүүхийн үйл ажиллагаатай, өөрийн ажлыг уялдуулан, гар нийлэн ажиллах ёстой байгууллага.

-Ер нь шинэтгэлийг хийнэ гэдэг хэцүү юу?
-Шинэтгэл хийнэ гэдэг амар зүйл биш. Ямар ч сайхан санаа, үйл ажиллагааг манайхан завхруулж, гуйвуулж бүр эсрэгээр үр дүнгүй болгож  болохыг өнгөрсөн хорь гаруй жилд нэг бус удаа  харсан. Тиймээс шинэтгэлийг  хийхдээ эцсийн  дүнд   хэрэгжилт, гарах  үр дүн нь хамгийн чухал гэдгийг  байнга санаж  ажиллах  ёстой. 

-Тэгэхээр хууль, эрх зүйн орчноос үүдэлтэйгээс илүү шүүгчдийн сэтгэл­гээний байдлаас болж шинэтгэлд бэрхшээл учрах юм биш үү?
-Шүүхийн шинэт­гэлийн  хууль, эрх зүйн орчин нь өнгөн талаасаа  хэрэгжиж байгаа мэт боловч дотроосоо, сэтгэл­гээнээсээ эхлээд учир ду­тагдалтай зүйлүүд бай­саар байна. Учир нь нийгмийн харилцаанд хүний оролцоогүйгээр хийгддэг шинэчлэл  өөрч­лөлт гэж байхгүй. Тэгэхээр энэ шинэчлэлийг гардаад хэрэгжүүлэх чадвартай  боловсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй байна. Шүүхэд бүрэн утгаар нь шинэтгэл хийхэд шүүгч­дийн мэдлэг боловсрол, мэргэжлийн чадвар, оюун санаанд өөрчлөлт хийх  хэрэгтэй  байна.  Монголд үүссэн маргаан гадаадын шүүх рүү явахгүй, Мон­голын шүүхэд ханддаг, итгэдэг болтол шүүх үйл ажиллагаагаа сайжруулах   ёстой. Өөрөөр хэлбэл, манай шүүх бусад орны шүүхээс илүү өрсөлдөх чадвартай болох учиртай. Үүнийг нэг талаас зохион байгуулалт, нөгөө талаас шүүгчдийн мэдлэг боловс­ролоос ангид авч үзэх аргагүй.

-Таны бодлоор үүнийг яаж засах ёстой юм бол?
-Шударга ёсыг тогтоохгүй бол хүний эрх, өмчийн эрх, бизнесийн эрх, цаашдаа Монгол Улсын хөгжлийн эрх ашиг хөндөгдөх болно. Ийм учраас хүнд хэцүү гэж халшралгүй тогтоохоос өөр замгүй. Шүүх шударга ёсыг алагчилгүй тогтоодог болгоход,  үйл ажиллагааны хатуу дүрэм журам зайлшгүй. Тухайлбал, шүүх хуралдааныг элдэв арга саам хийн,  жижиг шалтгаанаар хойшлуулдаг тохиолдол олонтаа гардаг. Гэтэл дэлхийн олон оронд энэ тохиолдолд  шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэн  хатуу шийтгэдэг хуультай. Манай шүүх өөрөө  хуралдааны товыг талуудтай тохиролцож, аль болох эрт албан ёсоор  мэдэгдэх тал дээрээ бас  анхаарч ажиллах ёстой. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 30 хоног гэдэг маань зарим талаараа шүүхийн ажлын чанарт эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагддаг. Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа “Ухаалаг төр”-ийн хүрээнд ч шүүх засаглалын асуудал  яригдах ёстой. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах хэлбэрийг  ч аль болох чирэгдэл багатай цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна.Бусад орнуудын үр дүнд хүрсэн туршлагуудыг бид бэлхнээ харж байна шүү дээ. Нидерландын Гааг хотод төвтэй олон улсын шүүхийн шинэчлэлийн төсөл Европт хэрэгжиж байна. Тэр ч бүү хэл дэлхийн зарим оронд e-court буюу цахим шүүх хүртэл бий болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын нэг үндсэн чиглэл нь шүүхийн шинэчлэлийн асуудал байдаг. Тэгэхлээр шүүхийн шинэчлэлийн асуудал ганц манайд ч биш дэлхий даяар яригдаж буй шинэчлэлийн асуудал болжээ гэж ойлгож болно.

-Та шинээр тангараг өргөсөн 152 шүүгчид “Та бүхэн ажлаа хийхдээ өмнө нь ямар нэгэн шалтгаанаар алдаа гаргасан байж магадгүй.  Тэгвэл  энэ мөчөөс эхлэн та бүхэн шударга шүүхийн төлөө ажиллах ёстой. Бүх алдаа дутагдлаа орхиж шударгаар ажиллах өдөр өнөөдрөөс эхэлж байна” гэж хэлж байсан?
-Саяхан  нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг шинээр томиллоо. Нэр нь орж ирсэн  шүүгчдийн дунд эрх зүйн хувьд батлагдах боломжгүй шүүгчдийг томилохоос татгалзсан. Шүүх  шударга байвал төр хүчтэй байна. Шүүгчид бол хар, цагааныг  дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа хэрхэхийг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэдэг хүмүүс. Ийм хүмүүст хариуцлага өндөр байх учиртай.   Тиймээс шүүгч нарт тавих шалгуур, үзүүлэлт, босгыг хуулийн төсөлд  өндөр болгож тусгасан байгаа. Шүүгч нарын ажиллах, амьдрах орчин нөхцөл, амьдралын баталгааг эрс сайжруулж, цалин хөлсийг  нэмэгдүүлэхийн хэрээр үүрэг хариуцлагыг  чангатгаж  байгаа гэж ойлгож  болно.  Шүүгчийн ахиж  дэвших болон цалин хөлсний нэмэгдэл нь түүний  шийдвэрлэсэн шүүхийн  шийдвэрийн чанар чансаатай  уялддаг болсон. Шүүгчийн ажлын гол үзүүлэлт нь шударга, сайн  ажиллах явдал юм.
Д.БОЛОР

Thursday, 12 September 2013

П.ЦАГААН: Завин дээр хамт суучихаад далбилзуулаад баймааргүйсэн



Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван монгол хүнийг солих гэсэн мэдээлэл гараад байна. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.
Ил уурхай төслийн хүчин чадалдаа хүрлээ. Үүнийг удахгүй дэлхий нийтэд албан ёсоор зарлана

-Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж дууллаа. Энэ үнэн үү?
-Сэтгүүлчид та нар соргог хүмүүс шүү. Би одоогоор өргөдлөө өгөөгүй байна. Гэхдээ өнөөдөртөө багтаагаад ТУЗ-өөс чөлөөлөгдөх өргөдлөө өгөх бодолтой байна.

-Яагаад та энэ ажлаасаа татгалзах болов оо?
-Би ТУЗ-д гурван жил ажиллаа. Энэ хугацаанд цагаан цаасан дээр байсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, эхний үе шатны бүх зорилт хугацаандаа амжилттай хэрэгжиж дууссан. Баяжуулах үйлдвэрийн аварга том дамрууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос хойш тасралтгүй эргэлдэж байна. Оюутолгойн зэс-алтны ордын баяжмалын экспорт энэ оны долдугаар сард эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу өнөөдөр Ил уурхай төслийн хүчин чадалдаа хүрч, хоногт 100-гаад мянган тонн хүдэр олборлож эхэллээ. Үүнийг удахгүй дэлхий нийтэд албан ёсоор зарлана. Сайн мэдээ байгаа биз дээ. Өнгөрсөн хугацаанд далд уурхайн барилга байгууламжийн ажил ч хийгдэж эхэлсэн. Товчдоо, үүргээ биелүүлсэн.

ТУЗ-ийн гишүүн болсноос хойш миний ажил төрөл ч өөрчлөгдсөн. Тамгын газрын дарга болсон болохоор Ерөнхийлөгчийн төлөөлөл мэтээр буруу ойлгогдох явдал ч мэр сэр гарах юм. Ер нь, төслийн дараагийн үе шат эхэлж байгаа учраас шинэ хүн эхнээс нь хариуцаад явах нь ч зөв.

-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнийхээ үүргийг та хэр сайн биелүүлсэн гэж үздэг вэ?
- ТУЗ-ийн гишүүд Хувь нийлүүлэгчдийн байгуулсан гэрээнүүд, Компанийн Дүрмийн хүрээнд ажилладаг бөгөөд  үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж бодож байгаа. Бидний түүхэн зорилго  бол Оюутолгойн эхний ээлжийг ашиглалтад оруулах ажил байсан. Үүнийг ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг хугацаанаас нь хагас жилийн өмнө дуусгасан боловч гаднын хүчин зүйлээс хамаарч олборлох үйл ажиллагаа нэлээд хойшилсон тал бий. Гэхдээ л яг цагтаа эхэлсэн. Юутай ч, Монголын маань эдийн засаг нэг шинэ хөлтэй, тулгууртай болоход хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Оюутолгой бол энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм.

Төслийг хэрэгжүүлэх явцад, хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголд ашигтай өөрчлөлт оруулахад, ялангуяа манай талын төлөх зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэндээ баяртай явдаг. Зээлийн хүү ингэж таван хувиар буурахад Монголын зээлийн дарамтын хэмжээ 1,5 тэрбум ам. доллараар багассан гээд бод доо. Чингис бондын дүнтэй тэнцэж байгаа биз дээ. Ирээдүйн зарлагаа тийм хэмжээгээр багасгалаа гэсэн үг шүү дээ.

Үүнээс гадна бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар цуцалтгүй тэмцсэний үр дүн гарч, тусгай бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо эхний ээлжинд үндэсний компаниуд, дараа нь хамтарсан, тэгээд олдохгүй бол гадаадын компанид өгдөг болно. Өмнөговийн компаниудад нэмээд үнийн урамшуулал ч олгож байгаа. Энэ нь татварын үрэлгэн хуваарилалтаас хамаагүй илүү өгөөжтэй зам. Үүний хэрэгжилтийг хангуулахад цаашид ч сайтар анхаарах хэрэгтэй шүү гэдгийг энэ далимд хэлчихье.

Зарим үед бухимдах, хатуу хөтүү үг хэлэх явдал байсан ч ТУЗ-ийн гишүүдтэйгээ ойлголцож энэ том төслийн олон олон асуудлыг цагт нь шийдэж ирсэн. Яаж бүх зүйл биднийхээр болох вэ дээ гэж бодох үе ч байсныг нуугаад яахав. Энэ ялдамд, хамтарч ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Та гурвын Оюутолгойн ТУЗ-д очсон томилгоо  мэргэжлийн бус хүмүүс гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулсан. Үнэхээр заавал мэргэжил шаардахаар тийм хүнд ажил байсан уу?
-Хүмүүсийн санал бодол янз бүр л байна шүү дээ. ТУЗ-д ажиллах мэрэгжил гэж байхгүй, харин тэнд ажиллах чадварын тухай асуудал бол бий. Би өмнө нь төр, засгийн  янз бүрийн ажил албыг хашихын зэрэгцээ Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүд болох Эрдэнэт, Монросцветмет нэгдлийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байсан. Товчдоо миний хийж байсан ажил төрлийн мэдлэг, туршлага зэргийг харгалзаж Оюутолгойн ТУЗ-д оруулсан байх.

-Ээрэм талд боссон тэр том үйлдвэрийг ийм богино хугацаанд бариулахад элдэв бэрхшээл зөндөө л байсан байх даа. Бид чинь тэр үед Оюутолгойтой хамт ярьж эхэлсэн Тавантолгой, тавдугаар цахилгаан станцаа одоо ч ярьсаар л, мунгинсаар л сууж байгаа шүү дээ?
-Юуны урьд энэ төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахыг чухалчилж ирснийг онцолж хэлмээр байна. Мэдээж хэрэг үүний хажуугаар манайхны есөн шидийн хүнд суртал, зөвшөөрөл, хийрхэл, бас төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа зарим гадаадыхны ойворгон зан,  бусдын дарамт шахалт гээд олон сорилт бэрхшээл тулгарч байсан боловч тэдгээрийг даван туулж, төслийн эхний ээлжийг хугацаанд нь бариулж дуусгаж  чадсан. Энэ бол хамтын амжилт. Энэ дашрамд хэлэхэд, ТУЗ-ийн хурлын бүх протокол үг үсэг, авиагаар  бичигдэж үлддэг. Тийм болохоор хожим Оюутолгойн  түүхийг бичих хүмүүс хурлын протоколыг уншаад их сонирхолтой зүйлийг ил болгох байх л даа.

Санхүүжилтийг зогсоох шийдвэрийг Рио Тинто компани Лондонд гаргачихаад түүнийгээ Торкуйс Хил, Оюутолгой компанид тулгасан

-Оюутолгойн төсөл таг зогсчихсон юм шиг ойлголт гадуур тарах боллоо. Бодит байдал ямар байгаа бол. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Оюутолгой зогсоогүй. Ажиллаж байгаа. Оюутолгойн  ил уурхай төслийн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байгааг дээр хэлсэн. Энэ ил уурхай Оюутолгойн ордын нөөцийн 20 орчим хувийг олборлоно.  Нөөцийн 80 хувь нь газрын гүнд, ойролцоогоор 1300 метрийн дор байгаа. Түүнийг далд уурхай буюу төслийн хоёрдугаар шат гээд байгаа юм. Таван метрийн диаметртэй Улаанбаатараас Монгол Улсын хойд хил хүрэх хэмжээний урт хонгил баригдаж  газар дор блоклон нураах аргаар олборлолт явуулна. Хүдрээ том лифтээр дээш зөөнө. Газар дор олон машин техник, олон хүн ажиллана. Газар дор 30-40 хэмийн дулаан байгаа. Тэнд үйл ажиллагаа хэвийн явуулахын тулд агааржуулалт, аюулгүйн болон техникийн нарийн горим, менежментийн ажил ихтэй.  Далд уурхайг барьж байгуулах ажил олон жил үргэлжилнэ. Гүний уурхай ажиллаж эхэлтэл дахиад 3-4 жил шаардагдана. Энэ шатны барилга байгууламжийн ажил явагдаж байсан боловч санхүүжилтийг зогсоох шийдвэрийг Рио Тинто компани Лондонд гаргачихаад түүнийгээ Торкуйс Хил, Оюутолгой компанид тулгасан. Нэгэнт далд уурхайн санхүүжилт зогссон болохоор зарим ажлын байр хаагдана. Харин ил уурхай ажилладгаараа ажиллана.

Ц.Сэдванчиг захирлын захидал бол шалтгаан биш, шалтаг нь


-Рио Тинто яагаад тийм шийдвэр гаргасан юм бол. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн төслийг санхүүжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй юм болов уу, эсвэл Ц.Сэдванчиг захирлын билгээсэн захиа тэгж их нөлөөлсөн үү?
-Төслийг санхүүжүүлэх, бас менежмент хийх нь хөрөнгө оруулагч талын хүлээсэн үүрэг. Монгол Улсын өмнө тэд ийм үүрэг хүлээсэн. Үүнийхөө төлөө багагүй мөнгө авч байгаа нь ч үнэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авах нь төслийг санхүүжүүлэх нэг л хувилбар. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэх төлөвлөгөө нь тасарсантай ч холбоотой биз. Төслийг зөвхөн зээлээр санхүүжүүлнэ гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд заагаагүй. Бас үгүйсгээгүй гэж хэлж болно. Рио Тинто төслийн санхүүжилт босгож байгаа нөхцөл дотор Монголын тал яагаад ч хүлээж авахын аргагүй, Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдсөн зүйл ч байгаа. Олон өнцөгтэй, булан тохойтой зураг зурчихаад “Үүнийг заавал дугуй хэлбэртэй байна гэж хар” гэж шахахтай агаар нэгэн нөхцөл тулгаад байгаа нь нууц биш. Түүнийг нь хүлээж авахгүй болохоор Монгол гэж ийм муухай улс байдаг гэсэн утгатай хар Пи Ар-т гар татахгүй байхыг нь бодоход Рио Тинто давхар тоглолт хийж байгаа бололтой байна.  За за, энэ сэдвийг цааш гүнзгийрүүлмээргүй байна. Тийм учраас бид арга буюу адилхан л тоглолт хийх хэрэгтэй болж байна. Ц.Сэдванчиг захирлын захидал бол шалтгаан биш, шалтаг нь.

-Тэд тэгээд юу бодоод байгаа юм бол?

-Өөрсдөөс нь асуух хэрэгтэй байх. Асуусан ч хариулахгүй л болов уу. Рио Тинто Оюутолгойгоос, тодруулж хэлбэл, гүний уурхайгаас хүртэх ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр талд шатар тоглож байгаа нь нууц биш. Тэдний бодлыг буруутгах аргагүй ч хөлдөө манай улсын нэр хүндийг чирч, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээлцэхэд хувь нэмэр оруулж байгаад нь үнэхээр харамсч байна. Яг үнэндээ бол шүүх дээр өнөөдөр очвол Рио Тинто шууд л ялагдана. Гэхдээ бид заргалдахгүйгээр хэл амаа олоод, хамтраад цаашаа явмаар байгаа юм.

Загасанд сайхан явна гээд ярьж тохирчихоод завин дээр гарсныхаа дараа тороо томсгох гээд, аль эсвэл маниусынхаа гарыг алгадаад загас бариулахгүй  аашлаад, бас хажуугаар нь бусад завьтай хүмүүст муулаад яваад байгаа нь үнэндээ таалагдахгүй байгаа. Аливаа юм хэмжээнээсээ халих осолтой. Эргэж савдаг явдал ч бий. Бумерангийн хууль. Бумеранг яаж нисдэгийг австраличууд уг нь сайн мэднэ дээ.

-Далд уурхайн ажил дахиж хэзээ сэргэх вэ?
Сэргэж л таарна. Гэхдээ манайхаас бага шалтгаална. Риод санхүүжүүлэх мөнгө өөрт нь бараг байхгүй. Өмнөх санхүүжилтээ хүртэл буцааж авах гээд байгаа хүмүүс.  Оюутолгойн ашгаас хүртэх боломж нь нэмэгдсэн цагт л сэргээхийг бодох байх. Нэг сумаар хоёр, гурван  туулай агнах бодолтой үйлдэл хийж байгаа нь нууц биш.

Монголын Засгийн газрын төлөөлөгчид Лондонд очихыг л хүлээж байгаа хүмүүс гэж бодвол эндүүрэл. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг гурван жил хэрэлдэж хэлэлцсэн хүний хувьд түншүүдийнхээ зан, ааш аягийг гадарладаг болчихоод байгаа.

Рио Тинто Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтээ зогсоосон нь бидэнд ухаарал, бас гарцын талаар бодох боломж ч олгож байгаа юм бил үү

-Нэгэнт та ажлаасаа чөлөөлөгдөхөөр шийдчихэж. Хэдэн жил хэрэлдэж, хэлэлцсэнийх бие биенээ сайн ойлгох байх. Энэ дашрамд Риод хандаж хэлэх үг танд байгаа байлгүй дээ?
-Хоёр зүйл л хэлье. ТУЗ дээр хэлж байсан миний үгийг уншиж, санаж бай л гэх үү дээ. Хэрэг болно. Нэг том дарга ажлаа өгөхийнхөө өмнө, “Цагаан аа чиний хэлж байсан үг чинь зөв, үнэн байж. Болдогсон бол цагийг ганц хоёр жилээр ухраачихмаар байна” гэж байсан шүү. Хоёр дахь нь, төслийн хоёр дахь шатны ажлаа удаах тусам аль аль тал нь хохирно. Өнөөдөртөө Монгол хохирч байгаа мэт боловч хэтдээ та нар илүү ч хохирч магадгүй шүү.

-Цаашид Монголын тал юунд анхаарах ёстой вэ?
-Оюутолгойн хоёр дахь үйлдвэр байхгүй юм шиг бодоод өөр хэд хэдэн том төсөлтэй болохын төлөө ажиллацгаая л даа. Рио Тинто Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтээ зогсоосон нь бидэнд ухаарал, бас гарцын талаар бодох боломж ч олгож байгаа юм бил үү. Хэн мэдлээ.

-Таныхаар  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад хэр үр өгөөжтэй, сайн гэрээ вэ?

-Сурах бичигт ормоор гэрээ.

Сайн, саар аль утгаараа тэр вэ?
-Олон утгаар гээд ойлгочих. За, яриагаа өнөдрлөх үү, хоёулаа. Дурсамж бичих цаг гарвал тэр үед дэлгэрэнгүй ярья.

-За, та ч салахын түүс болж байх шиг байна. Сүүлчин асуулт. Та цаашид Оюутолгойтой холбоотой ажиллах уу?
-Хүссэн ч эс хүссэн ч холбогдох л байх даа. Төслийг зогсоох биш, явуулахын төлөө ямагт байна.

-Баярлалаа.
                            Д.ЦЭЦЭГ

Thursday, 20 June 2013

П.Цагаан: Ардчиллын үйл явц саарахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхтэй нийлж алтны хуурамч лицензийг Солонгосуудад зарж, залилан хийсэн тухай нийтлэл сонгуулийн өмнө Энэтхэгийн нэгэн цахим хуудаст гарсныг Монголд түгээж эхэллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм? 
-Монголдоо соёлтой, шударга, сайхан сонгууль явуулахын оронд гадны цахим хуудсаар Монгол Улсынхаа нэрийг, Ерөнхийлөгчийнхөө нэрийг гутаасан, огт үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг хараад хэлэх үг ч олдохгүй юм. Монголчуудын хэлдэгээр жудаггүй зан гаргаж байна. Нэрээ нуусан, эх сурвалжгүй, салхинд хийссэн хар мэдээнд Монголчууд автахгүй байх дархлаатай болсон.
-Ийм худал мэдээлэл түгээх нь цаанаа ямар зорилготой юм бол?
-Хэдэн ч таамаг дэвшүүлж болно. Тухайлбал, Монгол руу хандсан гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох, дайжуулах гэсэн гадаадынхны хорлон бусниулах гэсэн үйл ажиллагаа гэж хардаж болно. Хоёрт Ерөнхийлөгчийн, авилгын эсрэг явуулж ирсэн тэмцлийг зогсоох гэсэн, түүнд хорссон хүмүүсийн үйлдэл байж болох талтай. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тангараг өргөсөн цагаасаа хойш авилгатай тэмцэж ирсэн. Түүний санаачилгаар 2010 оны 6 дугаар сараас хойш хайгуулын ганц ч лиценз олгоогүй. Хууль зөрчиж олгосныг нь шүүх цуцалж, төрд буцааж өгч байгаа. Үүнд хорссон хүмүүсийн захиалга  байж болох юм.  Гурав  дахь таамаглал бол Сонгуулийн хар пиар. Энэ нь илүү магадлалтай.
-Таныг Л.Пүрэвсүрэн зөвлөхтэй хамт Солонгост очоод төгрөгөөр бол нэг тэрбум шахам төгрөгтэй тэнцэх воныг бэлнээр авсан гэж бичсэн байсан ?
-Хүмүүсийн хэлээд байгаагаар биднийг үнэхээр Солонгос руу хамтдаа явсан эсэхийг Олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх, билетийн касс болон бидний гадаад паспортыг үзээд мэдэж болно шүү дээ. Бид хоёр хамтдаа хэзээ ч Солонгос руу явж байгаагүй юм байна, одоо бодоход. Ингэж ор үндэсгүйгээр гүтгэж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  бидэнд гишгэсэн мөрөө битгий хэл, гишгэх мөрөө харж яв гэж хэлдэг. Энд бичигдснээр бол тэр их мөнгийг бид өргөж, үүрч даахгүй. Тийм их мөнгийг кинонд гардаг Далайцэрэн шиг улсын аврага, арслан цолтой их сайн бөхчүүд маань л дааж магадгүй юм. Хэрвээ уг нийтлэлд бичсэн шиг чекээр өгсөн бол тэр дор нь, одоо ч  нотлох баримтаар батлаад гаргаад ирнэ шүү дээ. Чекэн дээр өгсөн, авсан хүний аль аль нь гарын үсэг зурдаг гэдгийг бүх хүмүүс мэднэ.  Сонгуулийн уур амьсгал орсон үеэс л Ерөнхийлөгч, түүний багийнханы нэр төрийг сэвтүүлэх гэсэн оролдлого хэд хэд гарсан. Зарим мэдээллийг бүр хуулийн байгууллагаар шалгуулж, ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоолгож ч байсан. Сайны хажуугаар саар ч хүмүүс мундахгүй юм даа.
 
-Энэ бохир мэдээллийн ард яг хэн байгаа бол?
-Нэрээ нуусан, эх сурвалжаа заагаагүй, ийм мэдээлэл бичнэ гэдэг бол хулчгар,  бохирдсон хүний л үйлдэл байх. Яагаад ч юм, хуучин оросын  КГБ-ын школтай хүн шиг санагдаад байгаа юм. Хүйтэн дайны үед Зөвлөлтийнхөн АНУ-ыг ДОХ өвчин тараасан мэт болгохын тулд Энэтхэгийн нэгэн бөглүү тосгоны хэдхэн хүний уншдаг жижиг сонинг ашиглаж байсан тухай ном зохиолд түүх болон орсон байдаг л даа. Үүнийг л санагдуулаад байна. Сонгууль болохоор л хэн нэгнийгээ заавал бохир заваан зүйлд хутгаж  улс төр хийдэг, сонгууль дуусахаар нь андуурчээ гэж уучлал гуйдаг нь зарим хүмүүсийн  ажлын арга барил болжээ гэж ойлгогдохоор байна. Гэвч Монголын ард түмэн хэн юу хийж, хэлж  байгааг харж, үзэж, мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн ардчилал, шударга ёсыг тогтоох үйл явц энэхүү бохир гүтгэлэгээс болж саарахгүй, харин  ч хүмүүс  шударга үнэний талд бат зогсоно  гэж итгэж  байна.

-Одоогоор тэгээд ямар ч сураг ажиг алга уу?
-Сураг ч байна, хов ч ирж байна. Сонгууль болохоор хэн нэгэнд очиж наалдчихаад толгойг нь эргүүлж мөнгө салгаад сурчихсан нэг нөхрийн нэр дуулдаж байна билээ.  Хэрэв наалдсан хүн нь сонгуульд ялагдчихвал ялсан талд нь очоод, таныг ялуулах гэж мөн их зүдэрлээ, тэр мууг хорлохын тулд ямар мундаг хорлон бусниулах ажиллагаа явуулснаа статистик аргаар нотолж явдаг хийтэй нөхөр бий. Захиалагчид хандаж хэлэхэд наадахдаа бага л хууртаарай даа. 
 
Л.УЯНГА
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

Monday, 27 May 2013

П.Цагаан: Ерөнхийлөгч ажлаа өөрийнхөө суух ёстой өрөөгөө иргэдэд өгснөөр л эхлүүлсэн

“Ярилцъя” энэ удаагийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагааныг  урилаа. 

-Энэ Төрийн хатаагдсан түшмэдүүдийн нэг, эртний танил П.Цагаан зөвлөхтэй уулзаж ярилцах боломж олдсон нь таатай байна. 
-Баярлалаа.  

-Та сүүлийн дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллалаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тамгын газар гэх энэ байгууллагын яг сонгодог үүрэг нь юу юм бэ. Хүмүүс чиг үүргүүдийг нь нарийн сайн ялгаж мэддэггүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа эндээс яриагаа эхлэе. Таны өмнө нь хашч байсан албуудаас эрс  ялгаатай байх?

-Урьд өмнө нь салбар хариуцаад, яг өөрөө толгойлоод ажиллаж байсан. Тэгээд 2009 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэсэг ажиллаж эхэлсэн. Зөвлөх гэдэг бол санаа бодлоо хэлэх, энгийн утгаар хэлбэл Ерөнхийлөгчийн нүд чих нь болох үүрэгтэй ийм алба л даа. Харин одоо бол Тамгын газрыг толгойлж ажиллаж байна. Тамгын газар гэдэг бол нэг ёсондоо арын алба юм даа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын гол үүрэг бол Монгол Улсын Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх тийм л гол үүрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөр нэг чухал онцлог нь бусад яам тамгын газрууд шиг доошоо шат дамжлага, өөрөөр хэлбэл хөл байдаггүй. Дээрээ төвтэй. Тэгсэн хэрнээ хууль тогтоох байгууллага хийгээд гүйцэтгэх засаглалтай холбоотой харилцааг зохицуулах үүргийг хүлээдэг.   Ерөнхийлөгчийн институцийн гадаад дотоод харилцаа, шүүх засаглалтай холбоотой өндөр үүрэг хариуцлага бас байдаг. Энэ бүх Төрийн дээд төвшний харилцаануудыг зохицуулах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргын үүргийг бас хүлээдэг. Энэ их өргөн үүрэг хариуцлага нь өөрөө Төрийн бусад бүх байгууллагууд, яам тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллахыг шаарддаг. Тийм учраас Тамгын газар бол энэ бүх үүрэг хариуцлагын өмнө тогтвортой үйл ажиллагаагаар хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах үүргүүдийг хүлээж байдаг газар юм. Хүний нүдэнд нэг их харагдаад байх юм багатай үзэгддэг атлаа чимхлүүр ажил асар ихтэй байдаг. 

-Ерөнхийлөгч бол асар их хурдтай, ажлаа гайхалтай нарийн төлөвлөдөг. Тэрнийхээ дагуу байнга хатуу шаардаж байдаг зантай хүн. Ийм хүний яг дэргэд нь ажиллахад бол асар их хүч шаардагддагюм шиг байгаа юм. 
-Тэр мэдээж.

-Урьд нь та зөвлөх нь байсан. Зөвлөх гэдэг энэ чухал үүрэгтэй ажлыг амьтай, ач холбогдолтой болгосон гэж хардаг юм. Урьд нь бол манай зарим дарга нар зөвлөхийн орон тоог зүгээр л элдэв өртэй хүмүүсээр чигждэг, өөрөөр хэлбэл амьгүй албатуудаар  дүүргэдэг жишиг тогтчихсон байсан шүү дээ. Харин Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зөвлөхүүдээ сонгохдоо их сонин хандлага гаргадаг. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн залууг ч сонгож байх шиг. Тань шиг Төрд насаараа зүтгэсэн хүмүүсийг ч сонгож байх шиг. Ингэхэд тэр   зөвлөхүүдээ хэр сонсдог бол?
-Энэ Ерөнхийлөгчийг бид хорин хэдэн жил хажуугаас нь харж явж байна. Энэ бүх он жилүүдэд тэр хүн асар их өссөн, хат суусан, туршлагажсан, хатуужсан. Хэн юу хэлсэн бэ гэхээс гадна хэн юу хэлэх гэж байна гэдгийг хараад л мэдэрдэг хүн шүү дээ. Мэдрэх чадвар нь асар их хөгжсөн хүн. Зөвлөхүүдээ сонгохдоо цэвэр өөрөө л сонгодог. Нас, туршлага, хүйсийн тэгш байдал, мэдлэг боловсрол, ажил гүйцэтгэх ур чадвар, ачаа даах тэнхээ гээд маш олон талаас нь харж багаа сонгодог. Зөвлөхүүдийнхээ үгийг сонсоно. Сонсолгүй яахав. Гэхдээ хэзээ ч хэн нэгний үгээр шууд шийдвэр гаргадаггүй. Авсан мэдээллүүдээ өөрөө л боловсруулж дүгнэлтээ гаргадаг. Илтгэлүүдээ өөрөө бичнэ. Энэ тал дээр үнэхээр бид нар бүгд гологдож байгаа. Асар их хөдөлмөрч, өөрөө л өдөр шөнөгүй сууна. Маш их уншдаг. Би өмнөх Ерөнхийлөгч нартай байнга л уулзаж, ажил төрлийн харилцаа холбоотой явсан. Тэр дундаа анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн бүр туслахаар нь ажиллаж байсан. Одоогийн байдлаарЕрөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна. Тийм болохоор заримдаа өөрийн таньсан мэдсэн дээр тулгуурлаж,  Ерөнхийлөгч нарыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийж суудаг хүн л дээ. Зүгээр наад зах нь манай зарим дарга нар бэлтгэсэн үгийг л зүгээр уншчихдаг. Тэгэхэд одоогийн Ерөнхийлөгч бол заавал өөрөө бясалгаад, бодоод, гашилгаад бүр тултал шүүсийг нь шахаж өөрөө хэлэх үгээ боловсруулдаг. 

-Үнэхээр зарим дарга нарыг үг хэлж байхад бараг хэн бэлтгэсэн нь, хэний үг болох нь шууд л уншигдаад байдаг л даа?

-Улс төрд олон жил ажилласан сэтгүүлч та нар бол мэднэ л дээ. 

-Өмнөх жишгүүдээс болоод Ерөнхийлөгчийн Тамгын газрыг одон тараадаг, өргөдөл, тодорхойлолт авдаг л газар гэсэн ойлголт яваад байх шиг байдаг юм. Та бүхнийг ирэхэд бөөн тодорхойлолтод дараатай газар байсан байх. Нэг талаасаа бид бүтээмж багатай атлаа шагнал урамшууллын төлөө аян дайнд нийтээрээ мордчихсон шинж харагдаад байдаг л даа?
-Давхардсан тоогоор 40-50 мянган хүний тодорхойлолт байдаг юм билээ. Зөвхөн гавъяат гэхэд 3000 хүрчихсэн байх жишээтэй. Энэ мэтээр хуримтлагдчихсан, тоосонд дарагдсан олон юманд дараатай газар байсан л даа. Энэ дээр бид нэлээд их зүйлийг хийсэн. Харагдахгүй их олон өөрчлөлтүүдийн нэг бол шагналын программ юм. 

-Тэр нь яг яадаг, ямар программ юм бэ?
-Тэр нь яадаг юм бэ гэхээр нэгдүгээрт, давхардах, орхигдох, дарагдаад үлдчихдэг ч юм уу. Тэрийг бүгдийг нь нэгтгэж программд оруулсан. Бүх хүн нэрээрээ, ямар гавъяа шагналтай юм, юу хийсэн юм гээд бүгдийг нь нэгтгээд программд оруулчихаар шүүлтүүр сайтай болсон. Хүнээр дамждаг биш болгосон. Компьютер бол хүнийг бодоход илүү эмх цэгцтэй л дээ. Санамжийн хувьд ч. Ер нь бол ямар ч улс оронд шагнал гэж байдаг юм байна. Эрт дээр үеэс тогтчихсон систем юм байна. Манайд ч гэсэн хуучин тэр уламжлалаасаа болдог юм уу, шагнал авах гэсэн тийм сэтгэхүй бол бас байна. Тэрийг нь одоо зөв гэхэд хэцүү, бас буруу гэхэд ч хэцүү. Амьдрал дээр ямар байгаа юм. Тэрэнд нь тохируулж л ажиллах ёстой. Ерөнхийлөгч бол хэт хавтгайрсан тэр үзэгдэлд тодорхой өөрчлөлт оруулсан. Их тийм тоймтой, улс орны хэмжээнд өргөнөөр тэмдэглэгддэг түүхт баяруудаар ч юм уу шагнал олгодог болсон. Энэ асуудалд  наанатай цаанатай хандах ёстой юм билээ. Бас их тийм бодлого шингэсэн ойлголт байдаг юм байна. Улсынхаа өмнө гавъяа байгуулж байгаа, харагдаж байгаа, харагдахгүй далд зүтгэж яваа, мөн залуу халуун насаа төр улсынхаа төлөө зориулсан ийм иргэдээ  Монгол Улсын Төрийн тэргүүн шагнаж урамшуулах ёстой. Энэ асуудлуудад өөрөө ч асар нямбай ханддаг. Манайх бол өмнө нь жаахан хэмжээ дамжааг нь алдагдуулсан тал бий юм билээ. Тийм болохоор бид бүх салбар салбараар нь, аймгаар нь, мэргэжлийн төрлөөр нь анализ хийж үзэж программчилж байна. Өшөө ч боловсронгуй болгох юмнууд байгаа. 

-Бүр нэгжээс эхэлдэг, хороо хориноос эхэлж баахан тодорхойллт бичиг цаас үйлддэг тэр дамжлагыг өрчлсөн үү?

-Тэр байхгүй. Салбарын яамдаар дамжиж ирж байгаа. Нийслэлээс ирж байгаа. Нэг үеэ бодвол хамаагүй эмх цэгцтэй болсон. Бид нар сургалт хүртэл хийсэн. 

-Ерөнхийлөгчийн хөдөө орон нутгийн томилолтыг сурвалжилж явахад хүмүүс уулзалт дээр босч ирээд л тэр шагналын тодорхойлолт явсан яачихав л гээд байдаг юм билээ?
-Тийм юм гардаг.  Шагнал нүдээ олсон л байх чухал. Энэ үзүүлэлтийг олон түмэн өөрсдөө ч их хардаг юм билээ. Ерөнхийлөгч өөрөө ч гол хэмжүүрээ болгодог. 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жил явуулсан бодлого, хэрэгжүүлсэн төслүүд дотроос нэлээдгүй амжилтад хүрсэн нь “Иргэний танхим”. “Иргэний танхим” монгол орон даяар үйл ажиллагаагаа явууж байна. Энэ төслийн гол үр дүн юу байв?
-Одоогоос хорин хоёр гурван жилийн өмнө бол манайх сонгуулийн ч ардчилалгүй улс байсан. Сонгууль явагддаг. Нэг хүн нэр дэвшээд л сонгогддог ийм л маягаар ерэн он хүртэл явж ирсэн. Өнгөрсөн 20 жилийн явцад л сонгуулийн ардчилал Монгол оронд төлөвшсөн. Нэг мандат дээр хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшүүлээд, саналаа нууцаар хураагаад, олонхийн санал авсан хүн сонгогддог болсон. Тэр сонгогдсон хүн нь ард иргэдийг төлөөлж ажилладаг ийм сонгуулийн ардчиллыг бид  төлөвшүүллээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Монгол оронд сонгуулийн ардчиллыг төлөвшүүлэхд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо ардчиллын дараагийн шат юу вэ гэхээр шийдвэр гаргахдаа яг тэр л сонгогдсон, төлөөлсөн хэдэн хүн биш ард иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэдэг болгох зарчмын цоо шинэ өөрчлөлтийг бий болгох юм. Үүний  төлөө Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жил ажилласан.  Шинэ ардчиллын энэхүү зарчмын цоо шинэ шатыг  “Иргэний танхим” төслөөр эхлүүлсэн. Ерөөсөө сонгогдож гарч ирээд маргаашнаас нь энэ ажлаа эхлүүлсэн. Одоо жишээлбэл, та бид хоёрын суугаад ярилцаж байгаа энэ өрөө гэхэд үе үеийн төрийн тэргүүнүүдийн ажилладаг өрөө байсан. Та мэдэж байгаа байх. Энийг иргэний танхим болго, ард иргэдээ сонсдог газар болго. Нээлтэй болго гэсэн.  Эхлээд бол жаахан сонин сонсогдож байсан. Ерөнхийлөгч энэ үйл хэргээ өөрийнхөө суух ёстой өрөөгөө иргэдэд өгснөөр эхлүүлсэн. Одоо бүх аймгуудад “Иргэний танхим” ажиллаж байна. Үүний цаана гүн гүнзгий утга учир байгаа юм. Монголчууд бол боловсролтой, үнэний торгон мэдрэмжтэй улсууд. Дээрээс нь мэдээллийн технологи хөгжчихсөн үед амьдарч байна. Ийм учраас “Иргэний танхим”-аар дамжиж улс орны болоод орон нутгийн хөгжилтэй, бүр хөрөнгө оруулалттай  холбоотой олон төслүүдээс алинд нь хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тухайн нэгжийн ард иргэд нь өөрсдөө мэдэх, саналаа өгөх, хэлэх ийм боломжтой болж байгаа юм л даа. Мэдээллийн технологийнхоо хувьд  саналаа өгөх, саналаараа дамжиж тухайн шийдвэрт оролцох бүх бололцоо нээгдсэн. Гар утас, интернет гээд бүх бололцоогоороо дамжуулаад л оролцоно. Ерөөсөө иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болъё л гэж байгаа юм шүү дээ. Хотдоо мөрдөгдөх, сум, аймагтаа мөрдөгдөх дүрэм журмуудыг иргэд нь өөрсдөө оролцоод л батлаад мөрддөг болж байгаа гэсэн үг. Энэ жилээс зарим аймагт гэхэд 10-20 тэрбум төгрөг хувиарлагдаж байна. Тэр мөнгийг ямар нэгэн дарга биш иргэдийн санал дээр суурилж  юунд зарцуулагдахыг  шийддэг болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон мөрөөдөлтэй. Тэр мөрөөдлүүдээ ийм үйл хэргүүдээр хэрэгжүүлээд явж байгаа юм.  Дараагийн зорилт нь Монгол Улс ерөөсөө шууд ардчилалтай улс болъё гэсэн зорилт. Ерөөсөө төлөөллийн ардчиллын дараагийн шат бол шууд ардчилал. Жишээлбэл, Швецари улсад гэхэд автобусны билетнийхээ үнийг нэмэх үү, яах уу гэдгээ ч  иргэдээсээ санал асуулгаар асууж, санал бодол дээр нь суурилж шийдвэрээ гаргадаг. 

-Үнэхээр сургуулиа засах уу, гүүр барих уу...гээд бүх зүйлээ иргэдээсээ асууж шийдвэрлэдэг юм билээ. Зарим талаар төвөгтэй санагдсан?
-Монгол Улсад энэ шууд ардчиллыг нутагшуулах нь асар хэрэгтэй зүйл. Урьд нь нэг хүний үзэгний үзүүрээр л Монгол улсын хувь заяа шийдэгдэж байдаг байсан. Газар нутгаа алдаж байсан. Тусгаар тогтнолдоо аюул занал учруулж байсан. Дараа нь хэсэг бүлэг хүмүүс, нэг нам шийдэх ч юм уу, тийм маягаар зөндөө явсан. Одоо бол парламентын төвшинд шийдвэр гаргадаг болсон. Удахгүй бид бүх ард иргэдийнхээ саналаар суудлаа шийддэг тэр зарчим руу орох гэж явна. Ийм шууд ардчилалтай болчих юм бол Монгол улсад хөгжсөн ардчиллын баталгаа, хүний эрхийн хөгжлийн баталгаа, бүр тусгаар тогтнолын баталгаа болно. Зүгээр энгийн жишээ татахад гадны нөхдүүд ирээд танай энэ юмыг чинь авъя аа гэхэд урдаас нь уучлаарай, энийг бид дангаараа шийддэггүй юм аа, манай ард иргэд шийддэг юм, тэднээсээ асууя гэж хэлээд сууж байдаг болно гэсэн үг. Энэ шат бол ардчилсан хөгжлийн дараагийн шинэ шат юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч бол Ардчиллыг авчирсан, тэгээд энэ үйлээ өсгөж бойжуулахад нь оройлон оролцсон,одоо цаашаа юу хийх вэ гэдгээ бүтэн энгээр нь, бүтэн агуулгаар нь, бүтэн орон зайгаар нь харахаас гадна яаж хийх вэ гэдэг тэр арга замаа мэдчихсэн ййм л хүн юм. Дэлхийн хэмжээнд сэтгээд, дэвжээнийхээ хэмжээнд барилдана гэдэг шиг дэлхийг ч мэдэж байна, хөгжил хаашаа явж байна гэдгээ ч харж байна.  

-Давосын форум дээр очоод ч юм уу, дэлхийн төвшний томоохон арга хэмжээнүүд дээрээс нүдээрээ харж сурвалжилж байхад өөрийн орны Ерөнхийлөгчөөр бахархах сэтгэл төрдөг л дөө. Хуучин бол Давосын чуулган мэт аварга арга хэмжээнүүд дээр юун өөрийн гэсэн дуу хоолойтой, тэрийгээ дэмжүүлж чаддаг төвшний тоглогч байх нь битгий хэл цанаар гулгах төдий болоод л эргэдэг байсан түүх ч бий шүү дээ. Өнөөдөр бол бид том том хурлуудыг нь удирддаг, улс орныхоо байр суурийг өсгөдөг, тэр үйл хэргийнхээ төлөө мятрашгүй тэмцдэг Ерөнхийлөгчтэйгөө тэнд хардаг. Монголын Ерөнхийлөгчтэй уулзах гэсэн хүсэлтэй хүмүүсийн жагсаалтад даруулдаг болсон. Дэлхийн бүх л нэр нөлөөтэй нөхдүүд уулзах гэдэг болсон байна лээ. Энэ үнэхээр сайхан үйл хэрэг биш гэж үү?
-Үнэхээр тийм л дээ. Хэл ус, боловсрол бүх төвшнөөрөө эн зэрэгцэж дэлхийтэй харьцана, тэдэнтэй ажиллана гэдэг бол шал өөр ойлголт шүү дээ.   
          
-Ерөнхийлөгч дэлхийгээс хэд хэдэн нэр хүндтэй шагнал авсан. Гэвч өөрөө улс орныхоо иргэдийг шагнадаг ийм эрх үүрэгтэй хүн болохоор өөрийнхөө авсан шагналыг ирээд яриад байх боломжгүй юм шиг байгаа юм. Дэлхийд түүнийг Азийн шинэ тоглогч, шинэ лидер гэж үнэлж дүгнэж байхад бид дотроо нэг их энэ тухайд ярьдаггүй?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг азид, энэ бүс нутагт гарч ирж байгаа ардчиллын том лидер гэж харж байгаа. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Гадны улс төрийн шинжээчид бусад хүмүүсийн өгч байгаа дүгнэлтүүдийг ярьж байна л даа. Тэр хүний явуулж байгаа бодлого, хийсэн ажил, бүтээсэн үйл хэрэг, хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүд гээд олон хүчин зүйлс дээр нь тулгуурлаж тэдгээр үнэлэлтүүдийг өгч байгаа шүү дээ. Эх дэлхийн манлайлагч гээд маш том шагнал авсан. Байгаль дэлхийгээ хамгаалах ногоон бодлого дээр тэр хүний хийсэн зүйлсийг  үнэлж өгсөн. Үнэхээр асар их зүйл хийсэн. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Монголд дөрвөн сая гаруй мод таригдсан байгаа. Уул ус, гол горхио хамгаалах талаар тэр хүн юу хийв. Энэ олон замбараагүй олгогдсон лицензүүдийг таслан зогсоох  шийдвэрийг Ерөнхийлөгч маш зоригтой гаргасан. Амжилтад хүрсэн. Үнэхээр нэг бүрчлэн тоочиход та бидний цаг хүрэхгүй л дээ. За, тэгээд л хүний эрхийн асуудлууд дээр, энх тайвны үйл хэрэг гээд глобалный бусад бүх асуудлууд дээр  энэ Ерөнхийлөгчийн хийсэн алхмууд, зүтгэсэн зүтгэл гээд ярих юм бол барагдашгүй их юм бий. Монгол улсыг бүр Европын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагад элсүүллээ шүү дээ. Монгол Улсын нэрийг дэлхийн төвшинд хадаахад, хүлээн зөвшөөрүүлэх үйлсэд Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг  асар их байгаа байхгүй юу. Хуучин зарим хүн шиг өөрийгөө шагнаж, өөрийгөө баатар болгож ажиллаагүй. Үйл ажиллагааных нь цар хүрээ асар өргөн. Бүгдийг энд багтаах бололцоогүй. Захаас нь нэг жишээ хэлэхэд л энэ хүн монгол цэргийг дэлхийн цэрэг болгосон. Энэ бүх өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг нь бид нэг  их сайн харж чадахгүй байх шиг байна. Бид зүгээр л шүүмжлэгчийн байр сууринаас л харж байгаа. Яаж шүүмжлэх вэ л гэж уралдаж байх шиг. Энэ Ерөнхийлөгч Монголд дандаа сайн юмыг авчирсан хүн. Сайны үрийг таригч. Ардчиллал, хүний эрхийг цогцлоогч хүн. Малыг малчиддаа өгсөн хүн. Орон сууцыг иргэдэд нь өгүүлсэн. Бүх иргэдээ гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нь өгсөн. Энэ бүх юмыг эх орондоо өгсөн хүн. Монголчууд бид ямар нэгэн юм болохоо байхад дандаа Ц.Элбэгдоржид л ханддаг. Ц.Элбэгдорж , Э.Бат-Үүл хоёр руу  ханддаг . Энэ хоёр хүн л дандаа тэрүүн эгнээнд явсан шүү дээ. Бүх жагсаал цуглааныг удирддаг байсан. Нэг хоёр удаа л удирдаагүй байх. Тийм цуглаан давсгүй шөл шиг л болдог байсан юм даг. Олон түмнээ араасаа дагуулаад, оготны хамраас ч цус дусаалгүй тайван замаар нийгмийг ингэж өөрчилнө гэдэг бол агуу үйлс. Ц.Элбэгдорж ардчилалд учирч болох аюул заналын эсрэг зоригтой тэмцэж ирсэн. Ардчиллын гол аюул бол авилгал байхгүй юу. Энэ Ерөнхийлөгч авилгатай тэмцсэн. Авилгатай тэмцэнэ гэдэг бол амь дүйсэн ажил шүү дээ. Гэсэн ч тэр амь дүйж байгаад тэмцэж чаддаг.  Энэ утгаараа нэг талаас амьдрал нь аюул занал, эрсдлээр дүүрэн л яваа хүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол ардчиллыг хамгаалах, түүнд учирч байгаа аюулын эсрэг тэмцэх ховорхон хараатай, ховорхон эр зоригтой байлдагч юм. Тийм учраас монголчууд түүнээс сайн зуурах хэрэгтэй. Модыг үндэс байхаас нь авчирч суулгасан, тарьсан, усалж ургуулсан, хамгаалсан ийм хүнээ тавьж явуулж болохгүй. Тэр бол саарыг зайлуулагч, сайныг таригч.

Sunday, 7 April 2013

П.Цагаан: УИХ-ын гишүүд төлөвшөөгүй хүүхэд шиг байж болохгүй

tsagaanУИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр МАН болон МАХН-ын зарим гишүүд хурал орхиж гарсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан байр сууриа илэрхийллээ.

-УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч үгээ хэлж байхад МАН болон МАХН-ын зарим гишүүд танхимыг орхин гарсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай улсад парламентдаа олонхи нь шийдвэр гаргадаг, цөөнх нь шүүмжилдэг. Гэтэл энэ мөн чанараа ойлгохгүй байгаа мэт сонин үзэгдэл ажиглагдаж байна. Ерөнхийлөгч төр засагт цөөнхийн дуу хоолой сонсогдох ёстойг байнга дэмждэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн дараа МАН хурлаа хаяж бүлэг байгуулах эрхээ алдчихсан байхад нь Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзаж, өөрөө хууль санаачлан цөөнхийн эрх зүйн статусыг баталгаажуулсан шүү дээ. Тэр үед МАН-ын дарга нар байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлж, тааралдахдаа гар барьж байсан санагдаж байна. МАН бүлэгтэй болсон учраас УИХ-ын индэрийг ашиглан үг хэлэх эрхтэй болсон. Гэтэл тэр эрхээ эдлэхгүй, парламентад байхгүй хүмүүс шиг гудамжинд гарч хаврын "синдром" эхлүүлж байгаа мэт байна. Тэд байгаа онохгүй зүйл ярьж, хэлж байгаа нь харамсалтай. Тэр хүмүүс
өөрийнхөө үйлдэл, үгийг бодох хэрэгтэй. Цөөнх үгээ хэлэх газар нь УИХ шүү дээ. Ерөнхийлөгч ийм боломжийг нь бүрдүүлчихээд байхад ашиглахгүй гудамжинд гарч жагсаад байгаа нь хаана, юу хийхээ мэдэхгүй байна гэж ажиглаж болохоор байна.

-МАН-ынхан "Чингис" бондыг багагүй шүүмжилж байна. Засгийн газар ирээдүйгээ өрөнд оруулж байгаа мэт ярьж байгаа нь хэр үндэслэлтэй бол?
-Гайхшрал төрүүлж байна. Хэдхэн сарын өмнө АН, МАН, "Шударга ёс" эвслийн гишүүд хамтдаа сууж байгаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхдээ "Чингис" бондыг гарга гээд шийдвэр гаргасан. Үүний дагуу 1.5 тэрбум төгрөгийн бондыг дэлхийн зах зээл дээр арилжсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь шийдвэрээр мөнгө босгоод, хөрөнгө оруулаад бүтээн байгуулалт хийе гэхээр эсэргүүцээд байх юм. Ой санамж ингэж богиносч болохгүй л дээ.

-Ерөнхийлөгч үгээ хэлж байхад танхимыг орхиж гарсныг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч үнэн үг л хэлсэн шүү дээ. Монголын ард түмний хүсэн хүлээсэн үгийг иргэдийнхээ нэрийн өмнөөс дамжуулж хэлсэн. Гэтэл буурь суурьтай гэгддэг намынхан ард түмний төлөө хэлсэн үнэн үгийг сонсох тэвчээргүй болчихсон юм уу. Монгол Улсад улс төр, бизнесийн тогтвортой байдал, ард түмний энх амгалан амьдрал хэрэгтэй. Гэтэл ард түмнийг төлөөлсөн гишүүдэд ард түмний төлөө хэлсэн үгийг сонсох тэвчээр цутагдаж байна гэдэг нь харамсалтай байна. Эхлээд бие, биенээ сонсч сурах хэрэгтэй. Дараа нь шүүмжлэх эрх нь бий шүү дээ. 20 гаруй жилийн өмнө Монгол бусдаас сурах гэж гүйдэг байсан бол хэдхэн хоногийн дараа 100 гаруй орны төлөөлөгчид Монголын ардчиллаас суралцах гэж байгааг Ерөнхийлөгч хэлсэн. Ийм байхад төлөвшдөггүй хүүхэд шиг байж болохгүй. УИХ-ын гишүүд суух ёстой газраа суухгүй бол оронд нь тариа тарьж байгаа хүмүүс ирээд суудал дээр нь суух хэрэгтэй биз дээ.
Ц.ӨРНӨХ

Friday, 22 February 2013

П.Цагаан: “Рио Тинто”-гийн удирдлага Монголын хөрсөн дээр буусан цагт зовлон багасна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн П.Цагаантай Оюутолгойн эргэн тойрны асуудлаар ярилцлаа.

-Оюутолгой тойрсон асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцсэнээс хойш Оюутолгойн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийнгишүүдийг халах солих, хариуцлага тооцох талаар яриа хөөрөө гарах боллоо. Та болТУЗ-ийн гурван гишүүний нэг. Гэтэл УИХ дээр товчхон хариулт өгчихөөд дуугүй л яваад байх юм. Чимээгүй яваад байгаагийн учир юу вэ?
-Яривал их урт түүх болно.  Аль ч компанийн ТУЗ-ийн гишүүд УИХ-д ажлаа тайлагнадаг хууль байдаггүй. Шаардлагатай бол хувь нийлүүлэгчдээрээ дамжуулж УИХ-д мэдээлэл хийж, тайлбар өгч болдог.  УИХ дээр яригдсан  болоод хөндөгдөөгүй олон асуудлыгхолбогдох байгууллага, албан тушаалтнуудтай байнга л ярилцаж байсан. Одоо яриад байгаа энэ асуудал тухайн өдөр л олон нийтэд  ил тод болсноос биш, цоо шинээр үүссэн юм биш л дээ.Тодорхой төвшинд өмнө нь маш олон удаа ярьж, ТУЗ-ын хурал болгоны өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтантай бодлого, үйл ажиллагаагаа зохицуулж, удирдамжтай ажиллаж ирсэн.

-“ТУЗ-ийн гишүүдийг чөлөөл” гэсэн яриа сүрхий идэвхжээд эхэллээ. Үүнийг та гурав яаж хүлээж авч байна?
-ТУЗ-ын гишүүдийг чөлөөлж болно. Гэхдээ чөлөөлнө гэж хэлж, бичсэнээр чөлөөлдөг ч юм биш, хууль дүрмийн дагуу томилж, чөлөөлдөг журамтай. Ямарч байсан Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж, үйлдвэрийнхнь эхний ээлжийг хөдөлгөчихлөө. Талархдаггүй юм аа гэхэд ажиллаагүй гэж гөрдөж болохгүй л байх.
ТУЗ-ийн  гурван гишүүн бол Монголын засаг, төрийн шийдвэрээр томилогдсон хүмүүс. Монголынхоо эрх ашгийн төлөө л зүтгэж, тэмцэж ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Дэлхийн том компанитай ана мана хэлэлцэх, мэтгэлцэх, нэг биш удаа муудалцахад бид гурав нэг баг болж ажиллаж ирсэн. ТУЗ дээр аль нэг нам, эвслийн тухай биш, Монголын тухай асуудал л яригддаг. ТУЗ дээр гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хатуухан байр суурьтай эх орончидл гэжхардаг. Харин нутаг нэгтнүүд нь муучлаад байхаар хөрөнгө оруулагчидгайхдаг байх.
Миний хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа улсаа төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон шүү дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар Оюутолгойн ТУЗ-д ороогүйг санаж байгаа байх.
Н.Багабанди гуай гэхэдМонгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байсан, төр толгойлж найман жил ажилласан хүн. Тэр хүний мэдлэг туршлагыг ашиглаад компанийн ТУЗ-д ажиллуулсан нь юу нь буруудсан юм. Цээжээ балбасан эх орончдоос илүү л жинтэй үг хэлдэг хүн шүү дээ.
Ч.Ганболдыг дуучин л гэдэг. Байгалиасаа дуулах авьяастай төрсөн нь тэр хүний буруу биш байх. Тэр бол  арилжааны том банкны ТУЗ-ийн даргаар ажилладаг, өндөр мэдлэг боловсролтой хүн. Гадаадынхны төрөлх хэлнийх нь алдааг хүртэл засдаг, тийм л хэмжээний хүн.Бид бие биеэ нөхөөд л өдийг хүртэл ажиллаж ирлээ шүү дээ.

-ТУЗ-ын Монголын талын гишүүдийн санал, санаачилгаар хийсэн нүдэнд харагдаж, гарт баригдах ажлаас  нэрлэж болох уу?
-Бид 2010 оны зургадугаар сард томилогдож, анхны хуралдаа суусан. Хэлэлцсэн бүх асуудлаар Монголын эрх ашгийг тууштай хамгаалж ирсэн. ТУЗ-ийн гол зорилго бол  төслийн нэгдүгээр ээлж буюу ил уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилго байсан. Энэ зорилго хугацаанаасаа хагас жилийн өмнө бүрэн биелсэн. Үүнийг хийхэд олон бэрхшээл, хүндрэл гарч байсан ч Монгол Улсын Засгийн газар, ТӨХ, “Эрдэнэс-Оюутолгой” компани, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлага, ард иргэдийн  дэмжлэг тусалцаатайгаар, нөгөө талаас хөрөнгө оруулагчид төслийг санхүүжүүлэх болон менежментийн үүргээ сайн биелүүлсний үр дүнд энэ аварга том төслийн эхний ээлжийг барьж дууссан. Ээрэм талд боссон эгнэшгүй том бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна.
Бид үндэснийхээ эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж байсныг түүх, бас хуралдааны бүх протокол, шийдвэрүүд гэрчилнэ.Өнгөрсөн хугацаанд  ТУЗ-ийн гишүүдтөр, засаг, хувь нийлүүлэгчид  болон хөрөнгө оруулагчдын хооронд гүүр болж, хэл амаа ололцон ажиллаж чадаагүй бол Оюутолгойн үйлдвэр хугацаанаасаа өмнө ашиглалтад орохгүй байх байсан.  Баяжуулах үйлдвэрийн хүрд шинэ оны босгон дээр эргээд эхэлчихсэн. Одоо хүчээр зогсоохгүй л бол зогсохгүй биз.
Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд манай талын онцлогтой хүнд суртал, чирэгдлээс гадна хөрөнгө оруулагчдын ааш авир, цаашилбал гадаад харилцаатай холбоотой асуудал, хүндрэл ч гарч байсан. Ганцхан жишээ хэлэхэд, дотоодоосоо эрчим хүчээр хангах хүртлээ Хятадаас эрчим хүч түр импортлох хэлэлцээрийн ажилгэхэд л 22 сар үргэлжилсэн шүү дээ.
Бид ТУЗ-д ороод жил гаруйхны дараа нэгэнт тохирчихоод байсан санхүүжилтийн зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулах асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Хэлэхэд амар ч, хийхэд тийм хялбар байгаагүй шүү. Зөвхөн зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулахад манай талын төлөх зээлийн хүүгийн дарамт нэг тэрбум ам.доллараар багассан. Нэг тэрбум ам.доллар шүү дээ. Ийм их хэмнэлт хаана ч гарч байгаагүй. Мөн давуу эрхтэй хувьцааг, энгийн хувьцаагаар солиход ч амар байгаагүй. ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд бид үүнийг өмнөх засагтай хамтранхийж чадсан нь үнэн.
Одоо бид гадаадын хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн хугацааныхаа туршлага дээр дулдуйдаад хэл амаа ололцож үйлдвэрээ өргөтгөх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гэрээ байгуулах үед илт алдаж оносон зүйлээ ярилцаад, шийдвэрлээд  явах л үлдээд байна.

-УИХ-д дээр яригдсан асуудлаас хамгийн ноцтой нь аль нь вэ?
-“Гоулдман сакс”-ын ёс зүйгүй үйлдэл. Сайн дураараа ирж, уучлал гуйж, учруулсан хохирлоо барагдуулахгүй бол манай улс нэхэмжлэл гаргах ёстой гэж бодож байна.

-Одоо яригдаад, шуугиад байгаа энэ бүх зүйлийг Монголын төр, засаг мэдэж байсан уу?
-Мэдэлгүй яахав дээ.  Ямар асуудлыг хэзээ, хаана, хэнтэй яаж ярих вэ гэдэгт л  төрийн бодлогын утга учир оршино шүү дээ. Энэ төсөл бол Монгол Улсын хувьд анхны том төсөл. Олон талтай, олон өнгөтэй төсөл.  Оюутолгойн төсөл цэвэр бизнесийн гэхээс илүү Монгол Улсын хөгжлийн хурдасгуурын үүрэг гүйцэтгэхүйц, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотойгеополитикийн онцгой ач холбогдолтой төсөл. Тийм учраас асуудалд олон өнцгөөс, алсын бодлоготой хандах ёстой. Монголчууд  асар уудам нутаг дэвсгэртэй, баялаг ихтэй хэрнээ олон арван жил өргөн хэрэглээний бүхий л зүйлээр гачигдаж, дутагдаж амьдарч ирсэн. Үүнийг бүгдээрээ надаар хэлүүлэлгүй мэднэ. Үүнээс ангижрах сайн цагийн эхлэлийг тавих гол арга зам бол гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай, хамтран ажиллах явдал гэдэгт би итгэдэг.

-Гаднын хөрөнгө оруулагчид гэж товчоор хэлбэл яг ямар хүмүүс вэ?
-Хөрөнгө оруулагчид бол бурхад биш, ашиг сонирхсон овсгоотой хүмүүс. Тэдний сонирхлыг үндэснийхээ язгуурэрх ашигтай нийцүүлж чадвал Монгол Улс сэргэн мандах бүрэн боломжтой.  Энэ хүмүүстэй ажиллахад үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдэлдэг, асуудалд төрийн хүний ноён нуруутай, голч  байдлаар ханддаг, ухаантай хүмүүс хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудлаар хатуухан үг хэлсэн. Өмнө нь яагаад ингэж дуугарч болоогүй юм бэ гэсэн асуулт мэдээж гарч байгаа?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улс орныхообүх асуудлыг, түүний дотор стратегийн ач холбогдолтой Оюутолгойн төслийн нарийн ширийнийг сайн мэдэж байгаа. Байнга анхаарлынхаа төвд байлгадаг. УИХ-ын чуулган дээр Төрийн тэргүүний хувьд  хэлэх ёстой  зүйлээ л хэлсэн шүү дээ. Хуулийн хүрээнд хэзээ, хаана, юу хэлэхээ Төрийн тэргүүн өөрөө мэднэ.

-Нэг талаас Монголчууд, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хооронд үүсдэг амаргүй, хэцүү асуудлуудаас хэзээ салах бол?
-Хоёр талаасаа  л шалтгаална. Хэвшмэл, хуучин  сэтгэлгээнээсээ Рио Тинтогийн удирдлага хэдий чинээ хурдан салж, Монголын хөрсөн дээр буунав, тэр хэмжээгээр тэдний ч бидний ч зовлон багасна.Манайхан ч гэсэн уймраа, уулгамч эмгэн аятай аашлахгүй байх хэрэгтэй.

-ТУЗ эхний зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн гэлээ. ТУЗ-ийн дараагийн алхам юу байх вэ?
-Дараагийн шат нь хөрөнгө оруулагчидтайгаа сайтар ярилцах цаг, боломжирж байна. “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Дэлхий даяар зарлуулаад, Монголын нэр хүндийг унагалгүй,хэл үгээ олоод, цаашаа явах хэрэгтэй болж байна. Хөрөнгө оруулагчид ч гэсэн тийм сонирхолтой байгаа байх. Явах зүг, сонирхол нь нэгдэж нийлж байгаа болохоор үг хэлээ олох  байх аа.

-Оюутолгой төслийн өртөг зардал өссөн гэсэн яриа их дуулдаж байна. Ингэх ямар шалтгаан байв?
-Шалтгаан нь удахгүй тодорно биз ээ. Төсөв хэтэрсэн тухайд биднийг буруутгах өнгө аяс байна лээ. Асуудалд бодитой л хандах хэрэгтэй дээ, аль аль талаасаа. Хэрэв бид 2012оны төсвийг баталж өгөөгүй бол үйлдвэр ашиглалтад орохгүй байх байсан. Үр дагавар нь ямар байхыг төсөөлөхөд ч бэрх. Наад зах нь гэхэд л төслийн барилга дээр ажиллаж байсангадаадын арван мянган барилгачныг нутаг буцаах болно. Оюутолгойн төсөл дээр ажиллаж байгаа  Монголын1000 шахам компанийн  гэрээ контракт зогсоно. Олон мянган хүн ажилгүй, орлогогүй болно. Тэдний цаана ар гэр нь бий. Нийгэм эдийн засгийн багагүй бэрхшээл учрах байсан даа.
Нөгөө талаас үйлдвэрийн зарим барилга, байгууламжийн төмөр бетон цутгалтыг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Тасалбал барилгын чанарт нөлөөлж, дахин хийхээр болдог. Гэтэл нэг км 300 м гүн цооногийг дээрээс нь өрөмдөж цутгаж байгаа ажлыг зогсоовол юу болох вэ. 500 давхар барилгын өндөртэй тэнцэх байгууламж шүү дээ. Нураах уу. Нурааж болно, дахин барьж ч болно. Эцсийн дүндээ түүний 34 хувийг монголчууд үүрээд хоцорно.
Энэ мэтээр үнэндээ ацан шалаанд байсан. Бид Монголынхоо хувь нийлүүлэгчидтэй удаан зөвлөлдсөний эцэст үйлдвэр барих ажлыг нь явуулъя. Зардал мөнгөнийх нь асуудлыг жич ярья гээд төсвийг нь баталж өгөөд, үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан. Энэ нь зөв байсан гэдэгт одоо ч итгэдэг.
Бид төсвөө батлаад зүгээр орхиогүй, төсвийн зардал нэмэгдсэн талаар  асуудал тавьж байгаад, бие даасан аудит томилуулаад төсөв нь нэг тэрбум ам.доллараар хэтэрсэн байна гэдгийг хууль зүйн хувьд нь баталжуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди ТУЗ-ийн гадаадын хөрөнгө оруулагчдад “Хөрөнгө оруулалтын гэрээ бол та нарын хэлдгээр Библи судар. Түүнд тусгагдсанаас илүү нэг ч төгрөг, нэг ч ам.доллар батлахгүй. Түүнээс илүү гарсан мөнгөнд хариуцлага хүлээхгүй” гэж хүртэл хэлж байсан.

-Монголын талын гурван гишүүний эрх мэдэл ТУЗ дээр хэр байдаг юм бэ?
-ТУЗ-ийн нэг хуралдаан дээр асуудал  шийдэгдэхгүй, дуусахгүйбайсан чинь гадаадын хөрөнгө оруулагчид “Олонхиороо саналаа хураагаад,  шийдээд явъя” гэсэн. ТУЗ-ийн Монголын талын гишүүд“Та нар асуудлыг олонхийн саналаар хүч түрэн шийдвэл,  бид гурав хуралдаанаас  гараад,гурван телевизэд шууд ярилцлага өгнө. Үүнээс гарах үр дагаварынхаа асуудлыг өөрсдөө шийдээрэй” гэсэн. Түүнээс хойшөнгөрсөн хугацаанд бүх асуудлыг Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн саналыг заавал авч байж шийддэг болсон. Хэдийгээр асуудлыг олонхиороо шийддэг ч гэсэн бидний саналыг авахгүйгээр ямар ч асуудал шийдэгддэггүй тийм л болсон.

-Гол асуудал төсвийн өртөг нэмэгдсэнд, бас нэмэгдэх гээд байгаад байгаа юм биш үү?
-Энэ бол бидний санаа зовоож, яриа хэлэлцээ хийж байгаа гол асуудал мөн. Ер нь бол төсөв зардал нэмэгдэж болно. Гол нь түүний шалтгаан нь үнэмшилтэй, бодитой байх ёстой. Үндэслэлийг нь хөрөнгө оруулагч тал тайлбарлах үүрэгтэй. Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй тэдний үүрэг. Учир нь  Монголын тал гүйцэтгэх удирдлагад нь оролцдоггүй. Бид холбогдох эрх бүхий байгууллагатай зөвлөлдөж байгаад төслөө зогсоохгүй байх эрх ашгийн үүднээс 2012 оны төсвийг болзолт нөхцөлтэйгээр хоёр тасалж баталж өгсөн. Биелүүлэх хугацаа нь 2012 оны есдүгээр сарын 1 байсан. Энэ үүргээ  биелүүлээгүй учраас арванхоёрдугаар сард хуралдсан ТУЗ-ийн хурлаар 2013 оны төсвийг батлаагүй. Дахин хуралдаж ажлаа зогсоохгүйн үүднээс хоёр сарын зардлын төсөв баталж өгсөн.

-УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар нэлээд  идэвхжих болсон нь ямар  шалтгаантай гэж харж байгаа вэ?
Олон шалтгаантай биз ээ. Уг нь УИХ-д ярих өөр зүйл хангалттай байгаал даа. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой хоёр хамт эхэлсэн. Оюутолгой цахилгаанаа аваад, үйлдвэрлэлээ эхэлж байна. Тавантолгой бараг л дампуурчихсан байна. Бас нөгөө алдартай Тавдугаарцахилгаан станц хаана байна.

-Та нарын ажлыг үгүйсгээд, шүүмжлээд байгаа хүмүүст та яаж ханддаг вэ?
-Ажилд хэрэг болох талаас шүүмжилж болно, тэр нь бодитой байх ёстой. Шүүмжилж байна гээд асуудлыг буруутгахад гол нь биш, энэ төслийн хувь заяа, эцсийн үр дүн нь Монголд  ашигтай байна уу гэдэг талаас харах нь чухал.
Дэлхийн хэмжээнээс харвал Монголд засгийн эрхийгхэн барьжбайгаа нь хамаагүй. Зөвхөн Монгол Улс, Монголын Засгийн газар л гэж ярина. Тийм болохоор Монголын төр, засагөмнөх Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэх бус  өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь харж ажиллах чадвартай байх ёстой.
Гэхдээ асуудал гээндээ ч, гоондооч байдаг гэгчээргадаадынхөрөнгө оруулагчид монголчуудын гурав дахь хөрштэй байх гэсэн хүсэл тэмүүллийг урвуугаар ашиглаж, төрт ёсны их түүхтэй ард түмнийг цөөхүүлээ, эсвэл зах зээлийн эдийн засгийн мэдлэг нимгэн байгаагаар далимдуулж болохгүй. Монголын ард түмэн бол торгон мэдрэмжтэй хүмүүс.Би ТУЗ-ын гишүүн болчихоод  хөрөнгө оруулагчдад “Та нар ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнтэй хэл амаа олохгүй бол Монголын гурван сая хүнтэй хэл амаа олох болно шүү” гэжхэлж байсан.

-ТУЗ-ийн гишүүний сарын цалин 40 мянган ам.доллар гэдэг бил үү. Их том тоо сонсогддог?
-Анх  2010 онд  ТУЗ-ийн гишүүний цалинг  Арилжааны банкны орон тооны бус гишүүний цалингаар баримжаалаад сарын дөрвөн мянган ам.доллараар тогтоосон юм. Тэр хэвээрээ байгаа. Хэвлэлд андуурч, нэг тэг нэмж гаргаснаас болоод л сарын дөчин мянган ам.доллар  гэдэг тоо түгж,олон хүний арааны шүлс гоожоод байх шиг. Ер нь  хийжбайгаа ажил нь тийм хэрийн цалин авахаар хэмжээний ачаалалтай л даа. Гэхдээ мөнгөндөө биш, бид Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө гэж ажиллаж байгаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ