Showing posts with label ИЧИННОРОВ Манжаа. Show all posts
Showing posts with label ИЧИННОРОВ Манжаа. Show all posts

Friday, 30 November 2012

М.Ичинноров: "Алдаа минь оноо болсон"

Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болсон Хуульч, нийгмийн зүтгэлтэн хатагтай М.Ичинноровыг шинэ 7 хоногийн зочны буландаа урьж оролцууллаа. Туунтэй энэ удаа хувь хүн тапаас нь ярилцахыг хүссэн юм.

“Монгол иргэн бүрийн амийг үнэлэх ёстой” гэсэн санал олны дэмжлэгийг авсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
Өнөөдрийн нийгэмд Монгол хүний амь шиг үнэ цэнэгүй зүйл байхгүй болжээ. Хатуухан хэлэхэд баячуудын эдэлж хэрэглэж байгаа цүнхний үнэ хүний аминаас н илүү үнэтэй болсон. Гэтэл эрдэнэт хүний амь гэдэг үнэлэх аргагуй зүйл. Тэр тусам мөнгөөр үнэлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Тиймээс хууль батлах дээд шатныхан Монгол улсын иргэн бүрийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн хариуцлагатай тогтолцоог бий болгосон цагт л бидний үр хүүхдүүд ирээдүйд айх айдасгүй ажиллаж амьдрах бололцоо бүрдэнэ гэж үзэж болно.
Энэ удаад улстөржихийг хүсэхгүй байгаа ч та МАН-аас гарахдаа “Үзэл санааны шоронгоос өөрийгөө гаргаж байгаадаа баяртай байна” гэсэн тань анхаарал татсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Саяхан нэгэн сэтгүүлчтэй ярилцаж байхад “Ер нь ийм үгийг эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн хүртэл хэлэхгүй, Таны хэлсэн энэ үг орчин цагийн афоризм болохоор юм” гэсэн. Анх МАН-д өөрийн үзэл санааг тусгаж, иргэдийн эрхийг хамгаалах, мэдлэг боловсролоо ашиглан ихийг хийж бүтээх зорилготой орж байлаа. Би эрх чөлөөг эрхэмлэгч хүний хувьд өөрийн хүсэлтээр МАН-ыг орхисон. МАН улс төрийн ууган хүчний хувьд миний гэлтгүй, бусад улс төрийн хүчин ард иргэдийнхээ санал хүсэлтийг тусган авч байж цааш хөгжих болно гэж боддог.
Хүний эрхийн хуульч М. Ичинноровыг бардам, өөртөө итгэлтэй гэдэг талаас нь хүлээж авдаг. Харин та өөрийнхөө дотоод мөн чанарыг юу гэж тодорхойлох бол?
Мэргэжилтэй минь холбоотой болоод ч тэр үү, өөртөө итгэлтэй бардам зан чанар миний нэг имиж болж өгсөн болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ маш зөөлөн хүн шүү дээ би чинь. Тэр тусмаа хайр бялхсан, зөөлөн сэтгэлтэй, эмэгтэйлэг эмэгтэй хүн. Би төрийг удирдах хэмжээнд бэлтгэгдэж байсан эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө бодцог ч сонгуулийн өмнө том уналт болсон. Энэ улс төрийн уналт надад хүнд байсан ч маш их зүйлийг эргэцүүлж, өөртөө дүгнэлт хийсэн цаг хугацаа байлаа. Нэг тапаас маш хүнд процесс, нөгөө талаас өөрчлөлтөнд орох нэг үндэс болж өгсөн. Магадгүй хүмүүс намайг уналтанд орсон гэж дүгнэж байгаа байх. Харин би энэ үйл явдал намайг хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүн, аз жаргалтай амьдрах гэдэг зүйлүүдэд суралцах боломжийг олгож, намайг илүү дотогшоо минь хандуулсан, өөрөө өөрийгөө шинээр олж нээсэн ололтын цаг хугацаа болсон гэж үзэж байгаа.
Хүний эрхийг дээдэлж, тэмцэж яваа бусгүйд тэмцээд нэмэр алга гээд шантрах үе гарч байв уу?
Бүтээсэн хийсэн зүйл гэвэл их бий. Хүний эрхийн төлөө тэмцэж гарч ирж байсан эхэн үед би улс төр рүү орж хуггалдсанаараа маш их цаг хугацаа алдсан. Энерги эрч хүчээ алдаж, алдаатай алхмууд хүртэл нэлээд гаргалаа. Ер нь хүн алдах бүртээ ухаажиж байдаг. Би алдаа гаргаснаа өмөөрч байгаа юм биш, гэхдээ л улс төрд гаргасан алдаан дээрээ суралцаад өөрийнхөө мөн чанарыг нээж чадсан учраас сэтгэл хангалуун байна.
Таныг дэлхийн нөлөө бүхий 20 эмэгтэйн тоонд багтсан гэсэн мэдээлэл багагүй шуугиад өнгөрч байсан?
Энэ сэдвийг хөндөхөд заримдаа Монголынхоо төр засагт гомдох үе байдаг юм. Хийсэн зүйлийн минь үр дүн гээд үзүүлэх олон ажлууд байхад төр засагтаа нэг ч удаа үнэлүүлж байсангүй. Олон улсын хэмжээнд 20 хуульч эмэгтэйн нэгээр тодруулсан. Тэгэхэд яагаад улс орон нь хийсэн бүтээсэн үйл хэргийг минь үнэлж болохгүй байгаа юм бэ гэдгийг хааяа гайхдаг. Ингээд бодохоор манай улсын бусдыг үнэлэх үнэлгээ буруу гэж үздэг.
Сэтгүүлч хүнийхээ хувьд таныг алдарт сэтгүүлч Лари Кингтэй ярилцаад ирлээ гэхэд их олзуурхаж байлаа?
Тэр хүнтэй ярилцлага хийнэ гэдэг хүн болгонд тохиогоод байдаг завшаан биш гэж боддог юм. Ярилцлага хийхэд би чамд 15 минут л зориулна гэсэн хэрнээ 30 минут ярилцсан. Европт төдийгүй дэлхийд алдартай чадварлаг сэтгүүлч учраас ярилцахад хүртэл чөлөөтэй сайхан байдаг юм билээ.
Ярианы сэдвээ бага зэрэг өөрчлөе. Таныг дотны хүмүүс тань Нора гэж дууддаг шүү дээ. Нэрний хувьд ямар нэг утга бий юу?
Ховд аймагт бүрэн дунд боловсрол эзэмшээд төгссөн даруйдаа ОХУ-д хуулийн мэргэжил эзэмшихээр явсан. Ер нь Орос найзуудын маань л өгсөн нэр юм. Энэ нэрэндээ их хайртай. Барууны орнуудад бүтэн нэрээр дуудахад хэцүү байдаг учраас ихэвчлэн Нора гэж дуудуулдаг.
Нэр гэснээс та “Нора” нэртэй кафе ажиллуулж байсан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
Тэр кафегаа зарсан. Гэхдээ удахгүй энэ нэрээрээ өөр хувийн бизнес эхлүүлэх бодол байгаа шүү.
Таны хобби юу вэ?
Эмэгтэй хүн янз бүрийн гутал цүнх ч гэдэг юм уу, чамин зүйл цуглуулах дуртай байдаг бол надад тийм сонирхол байдаггүй юм. Харин яагаад ч юм төрөл бүрийн загварын хүрэм авч өмсөх дуртай байсан. Яг хобби гэвэл ууланд авирч агаар салхинд зугаалах үнэхээр дуртай. Сүүлийн үед зураг зурах хоббитой болоод байгаа.
Зурсан зургаар нь хүний дотоод сэтгэлийн толийг мэдэрч болно гэдэг. Таны зурсан зураг юуг илтгэх бол?
Мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн зүйл бол байхгүй ч зурсан зурганд маань ихэвчлэн тод өнгө ажиглагдаад байдаг юм. Ямар нэгэн баригдмал хайрцагт бус тод өнгийг голчилж, баяр жаргалтай зүйлийг зурахыг хүсч байгаа учраас дотоод ертөнцтэй минь уялдаатай гэж хэлж болно.
Танайх их сайхан цэмцгэр айл юм. Та өөрийгөө хэр сайн эзэгтэй гэж дүгнэх вэ?
Би сайн эзэгтэй. Хүмүүс намайг тийм биш байх гэж боддог байх. Харин эсрэгээрээ гэр орноо цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ гэхчлэн ер нь гэр бүлдээ халамжтай шүү.
Ярилцаж буй хүнийхээ дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг амаргүй. Харин тантай ямар сэдвийг хөндөж ярилцвал тохиромжтой бол?
Би хайрын тухай яримаар байна. Энэ талаар олон зүйлийг хүргэмээр санагдсан учраас удахгүй номоо гаргахаар ажилдаа ороод байгаа. Хайр гэдэг зөвхөн романтик мэдрэмж, дурлал төдий зүйл биш юм. Гэр бүл, анд нөхөд, эх орон гээд хайрыг дотор нь олон янзаар ангилж болно. Өөрийгөө хайрлаж чадахгүй, ойр дотны хүмүүсээ хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй шүү дээ.
Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Гоо сайхандаа бараг анхаардаггүй нь миний нэг дутагдал юм уу даа. Зарим нэг шаардлагатай үед л гэхээс өөр шалтгаар гоо сайханд орох дуртай биш. Би өөрийгөө залуу хэвээрээ байгаа гэж бодцог. Нас нэмэх тусам би харин ч залуужиж байна гэж боддог. Энэ нь миний сэтгэлгээтэй холбоотой байх. Миний эргэн тойронд гялалзаж яваа залуус олон байдаг, би өөрөөсөө олон дүү охид, залуучуудтай найзлан нөхөрлөж тэдэнтэйгээ цагийг өнгөрөөдөг учраас гоо сайхнаа тэдний эрч хүчтэй өөдрөг энергээр нөхөж авч чадцаг байхаа.
Таныг хандивын үйлсэд нэгдсэн талаар сонссон юм байна.
Хууль бус хүний наймааны эсрэг зоригтой тэмцэн гарч ирж буй Ганжавхлан дүүгийнхээ ажилд нь нэмэр болж байна. Хүний наймааны золиос болсон хөөрхий охиныхоо төлөө тэмцэж байгаад өөд болсон Ганзориг ахын буяны ажлыг “Буян ХХК”-аар 100 хувь үнэ төлбөргүй гүйцэтгүүлэх ажпыг өөрийн биеэр очиж шийдүүлж өгсөн нь тэдэнд багагүй тус болж чадсан болов уу. Мөн талийгаачийн гэр бүлд зориулж хандивын ажил эхлүүлсэн. Шинэ жилийн баярыг угтаж амьдралын бололцоо муутай өрх айлын хүүхдүүдэд бэлэг барих үүднээс “тоглоом цуглуулах” ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ дашрамд хүүхдэд инээд бэлэглэх бидний ажлыг дэмжээрэй гэж уриалмаар байна.
Нийгмийн байдалд сэтгэл дундуур байгаа учраас л бусдыг уриалан дууддаг. Харин энэ бүгдээс гарах гарцыг тодорхойлж чадав уу?
Тодорхойлж чадсан. Ядуурлаас гарах, Иргэний боловсролыг дэмжих гэсэн хоёр асуудлыг хөндөж төсөл боловсруулаад МУ- ын ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд төслийг маань дэмжиж маш сайхан хүлээж авсан. Удахгүй ажил хэрэг болно. Хөгжлийн түлхүүр болохуйц санаа дэвшүүлсэн хэмээн үнэлсэн шүү.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Ярилцсан сэтгүүлч М. Цацрал
Инфо ТВ сэтгүүл

Thursday, 20 September 2012

М.Ичинноров: Осол цөөхөн монголчуудыг мөхөлд хүргэхэд ойрхон байна


М.Ичинноров: Осол цөөхөн монголчуудыг мөхөлд хүргэхэд ойрхон байнаСүүлийн үед ахуйн болон үйлдвэрлэлийн осол шил даран гарч, өдөр болгон шахам хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, цөөхөн монголчууд маань аюулд өртөн амь эрсдсээр байна. Энэ сэдвээр хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа. Тэрээр энэ асуудлаар сэдэв хөндөж, монгол хүний амийг үнэлэх хууль эрх зүйн тогтолцоотой болох саналыг хэсэг хуульчийн хамтаар дэвшүүлсэн юм.


-Монгол хүн Үндсэн хуульд заасан эрүүл, амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгааг сүүлийн үед гарч буй аймшигт ослууд батлан харуулж байна. Монгол хүний амь үнэ цэнэгүй болсон гэдгийг та нэлээд эртнээс ярьж, стратегийн өмгөөлөлийг эхлүүлж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

-Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатарт нэг хоногийн зайтай 7-12 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ мэдээлэл хуучраагүй байхад залгуулаад барилга дээр ажиллаж байсан кранист залуу амь эрсдсэн гашуун мэдээ олныг цочирдуулсан.Дөнгөж саяхан “Тэнгис” кино театрын хажуугийн ба­рилга дээрээс бэхэлгээ­ний төмөр унаж найзуудтайгаа кино үзэхээр явж байсан 19-хөн настай оюутан залуугийн амийг авч одлоо. Үнэхээр харамсалтай байна. Замын гарцаар гарах гэж яваад, кино үзэх гэж явах замдаа барилгын ком­панийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдаж байна. Энэ бол Монголд хариуцлагын тогтолцоо алдагдсаныг харуулж буй нэг жишээ. Монголд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хуульчид бид “Та­вантолгой” ком­панийн хариуцлага­гүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг эхлүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг хөндөж эхэл­лээ. Иргэн хүнд эд хөрөн­гийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амины хохирлыг нөхөн төлөхгүй байдаг нь буруу гэж үзэж байна. Манайд буруутай этгээ­дүүдээс зөвхөн оршуулгын зардал гэж хэдэн төгрөг гаргуулаад өнгөрдөг. Гэтэл хүний алтан амь үнэлж баршгүй юм.

-Монголд амьд явах баталгаа алга. Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Хүний эрхийг хамгаалах, аюулгүй орчинд амьдрах талаар хэрэгжүүлж байгаа ажлууд хангалтгүй байх шиг?

-Үүнийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа, өдөр бүр гарч байна.

-Монголчууд цөөхөн. Гэтэл өдөр болгон осол гарч хүний амь эрсдэж байна. Гудамжаар тайван алхах арга алга. Хэзээ хаанаас толгой дээр юу унах бол гэсэн айдас, түгшүүр газар авлаа. Тэр бүү хэл өвөл масктай, зун касктай явахгүй бол амьдрах аргагүй боллоо гэж иргэд ярьж байна?

-Монголын хүн ам цөөхөн. 2.7-хон сая иргэнтэй манай улсын хувьд болзошгүй осол аваар үргэлжилсээр байх юм бол улс үндэстнээрээ мөхөлд хүрэхэд ойрхон.

-Аюулын ийм ирмэгт хүрээд байгаа өнөө үед монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё гэсэн та бүхний дэвшүүлсэн санал нийгмийн анхаарлыг татсан. Чухам ямар тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна?

-Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд тогтсон. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал ярьдаггүй. Энэ нь монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг. Улс орнуудын жишгээс үзэхэд хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлчилдэг. Түүнтэй жишиж үзье л дээ, өнөөдөр орос, монгол, америк нь ялгаагүй бүгд л хүн. Тэгвэл, монгол хүний амь ямар үнэтэй вэ. Олон улсын жишигт үндэслэж монгол хүнээ хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл-Хуульчдын холбоо”-ны хуульчид санаачлага дэв­шүүлэн ажиллаж байгаа.

-Тэгэхээр таны яриад байгаа хүний амьдралын статистик үнэ цэнэ гэж чухам юу юм бэ?

-Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн эдийн засаг” гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна. Улс орнууд өөр, өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч бид Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож байгаа. Үүгээр бол VSL “Value of Statistical Life” буюу “Хүний амьдралын статистик үнэ цэнэ”-ийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй иргэний дундаж наслал­тын тооноос хасч амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий тоонд үржүүлэн гаргадаг. Энэ томъёоллоор Авст­рали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг.

- Энэ томъёоллоор монгол хүний үнэлэмжийг тогтоовол ямар дүн гарч байна?

-Австралийн томъёол­лоор монгол хүний үнэлэмжийг одоо байгаа ДНБ-ээр бодоход 100-300 сая болох боломжтой. Энэ нь манайд үйлчилж байгаа практик болох нас барсан хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын зард­лын 300 мянган төгрөгөөс нэг сая хүртэл төгрөгтэй харьцуулахад том дэвшил болно. Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас амь насаа алдсан хохирогчдод төрөөс төлсөн мөнгөн тэтгэмж зөвхөн 50 сая төгрөг байсан. Би тү­рүүнд хэлсэн, эд зүйлийн хохирлыг хэн нэгэнд учруулсан байвал заавал төлүүлдэг атлаа хүний амь насны хохирлыг нөхөн төлүүлдэггүй нь буруу.

-Ийм тогтолцоонд шилжсэнээр нийгэмд бий болсон хариуцлагагүйн зуд арилна гэдэгт та итгэлтэй байна уу?

- Бид энэ талаар маш сайн судлах хэрэгтэй. Бусад орнуудад хүний амь насыг хэрхэн үнэлж байна. Тэр тогтолцоог нь сайн судлах ёстой. Хуульчид биний санаачилж буй энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны гол зорилго нь хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.

-Монгол орон бүхэлдээ аюулын харанга дэлдэж байна. Хөдөө орон нутагт уул уурхайтай холбоотой ослын мэдээлэл тасардаггүй. Нийслэлд автозам болон зөвшөөрөлгүй барилгаас үүдэлтэй ослууд гарсаар байна. Улаанбаатар хүн амьдрах аргагүй аюултай хот гэвэл та санал нийлэх байх?

-Улаанбаатарт манай улсын хүн амын тэн хагас нь амьдран суудаг. Хөгжлөө дагаад зам, барилга олноор баригдаж байна. Өвөлдөө утаанаас үүдэлтэй өвчин эмгэг газар авч, хүмүүсийг шууд бус үхэлд хүргэж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Барилгын компаниудын хариуцлагагүйгээс болж иргэд олноороо амь эрсдэж байна. Энэ бүхэн монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна. Тиймээс Улаанбаатар аюулгүй хот гэж хэлж чадахгүй. Сүүлийн үед уурхай дагасан эмх замбараагүй байдал газар авсан. Монгол хүн нутагтаа сэтгэл тайван сайхан амьдрах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа өдрөөс өдөрт алдагдаж байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Friday, 14 September 2012

М.Ичинноров: Сайн засаглал биднийг гадныханд “дур булаам” үндэстэн болгож харагдуулна

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа хуульч М.Ичинноровыг урьж, ярилцлаа.

-Та манай сонины “Би Мон­­­голоо ингэж хөгжүүлнэ” бу­­­ланд уригдлаа. Тэгэ­хээр Мон­­гол Улсын хөгжил хэр эр­чим­тэй явагдаж байна гэж та бо­дож байна. Үүнээс ярилц­ла­гаа эхэлье?
-Эдийн засагчид Монгол Улс үс­рэнгүй хөгжлөөрөө Катарыг дав­­на гэж ярьж байгаа. Мэдээж тэ­­­гээсэй гэж бид бүгд л хүсч бай­на. ОУВС-ын мэдээллээр ДНБ хамгийн их өссөн 10 орны тоонд Монгол Улс багтаж, 6. 9 ху­вийн өсөлттэйгөөр долду­гаарт бичигдсэн байна. Гэхдээ маш их мөнгөтэй болсноор үүнийг зөвхөн хэмжихгүй байх. Хү­­мүүсийнх нь амьдрал тэгш дээшилж байвал бид үсрэнгүй хөгжиж байна гэж бодож болох л юм. Гэтэл баян хоосны ялгаа хэт ихсэж байгаа байдал үүнд эргэлзээ төрүүлдэг.
-Ер нь хөгжлийн гарц нь юу юм бол. Хүмүүсийн хэ­лээд байгаачлан уул уурхайн сал­бар байж чадах уу?
-Чанартай сайн боловсрол, эрүүл мэнд, сайн засаглал, хөгж­­лийн хөшүүрэг болсон дэд бүт­цүү­дийг хөгжүүлэхэд хэрэг­тэй бай­гаа асар их хөрөнгийг бид уул уурхайгаасаа л босгох нь гар­­цаагүй. Өнөөдөр манай ул­сын нийт экспортын 80 хувь нь байгалийн баялаг байна. Тэ­г­э­­­­хээр эдийн засгийн өсөлт, хөг­­­­жил нь уул уурхайгаасаа ха­маа­­­рах хэт хамаарал үүсдэг. Дэл­хийн зах зээл дахь түүхий эдийн үнийн хэлбэлзэл ч бас нө­лөөлөөд явчихна. Дээрээс нь улс төр, засаглалын тогтвортой байд­лаас хамаардаг гадаадын хө­­­рөнгө оруулалт дээр тулгуур­лаж хөгждөг учраас энэ сал­барт эрс­­дэл бий болдог. Тий­мээс би­дэнд уул уурхай дээ­рээ суурил­сан ч гэлээ бусад сал­бартайгаа зөв уялдуулсан ухаа­лаг эдийн зас­гийн бодлого хэ­рэг­тэй. Гэхдээ бид­ний хамгийн том капитал бол боловсрол. Одоо бид соёл ахуй­­­, ёс зүй­гээ сайжруулах хэ­рэгтэй.
-Манай улсын хөгж­лийг хүмүүс янз бүрээр ярьж байна. Зарим нь хөгж­сөн гэж байна. Нөгөө хэсэг нь урууд­­­сан ч гэх юм. Та ямар дүг­­нэлт өг­дөг вэ?
-Хөгжил нь засаглалын чадавх, чанартай, сэтгэл ханамжтай үйл­­­­­чилгээ, иргэд нь амьдралдаа тэгш, шударга ёс үйлчилж бай­­гааг мэдэрч амьдарч бай­гаа­гаар то­­­дор­­хойлогддог гэж би бод­дог. Тоон дүнгээр өсөж бай­гаа эдийн засгийн үзүү­лэл­түүд нь хү­­­­мүүсийнхээ амьд­ра­лын чана­рыг дээшлүүлж бууж бай­гаагаар тоо­­­­­цоологдох ёстой гэж бодож бай­на.
-Монгол Улс дэлхий ний­тийн анхааралд орчихсон ийм үед ямар нэг том алхам хэ­рэг­тэй байгааг ярьдаг ч яг юуг гэдэг нь тодорхой бус юм. Чухам юунаас эхэл­чихвэл дээр бол?
-Сайн засаглал. Засаглалын ши­­нэчлэл. Засаглалын шинэч­лэ­­лийг боловсон хүч­ний ши­нэч­­лэл, түргэн шуур­хай, болов­сон, соёлтой үйлчилгээ­гээр дам­­жуу­лан хийх хэрэгтэй. Энэ нь бид­нийг гадныханд дур бу­лаам үн­­дэс­­тэн болгож чадна.
-Монгол Улс Ардчилсан зас­­г­аар төрөө удирдуулах үе ир­­лээ. Энэ дөрвөн жилд Зас­­гийн газар улс орны хөгж­­лийн тө­лөө ямар ажлыг хийж эх­лээ­сэй гэж бодож бай­на вэ?
-Давтаад хэлье. Сайн засаг­ла­­лыг бий болгож чадах хэ­рэг­­тэй. Хариуцлагатай төр, ха­­­риуц­лагатай ардчилал, ха­риуц­­­лага­тай аж ахуйн нэгжүүд, ха­­риуцлагатай хувь хүмүүсийг бий болгох.
-Хамтарч төр барьж байгаа хоёр намын хэрэгжүүлж бай­гаа ажил, сайдуудын томил­гоо ажлын үр дүнд  ямар дүн тавьж сууна вэ?
-Мэдээж урьд урьдынхаас ши­­нэ­лэг болж чадсан. Би л лав Н.Ал­танхуяг Ерөнхий сай­дын “Ши­нэчлэлээр шийдье-222” уул­залтад орол­цоод маш их ит­гэл үнэм­шил төрсөн. Л.Ган­тө­­мөр, Х.Тэ­­мүүжин, Ц.Оюун­гэ­рэл, Х.Бат­­т­улга, Н.Уд­вал на­рыг би лав нэлээд дорвитой шинэчлэл­үүд хийж чадах сайдууд гэж ит­гэж байгаа.
-Таныг улс төр дэх эмэг­тэйчүүдийн төлөөлөл болж орж ирэх болов уу гэсэн хү­лээлт нийгэмд бай­сан. Яагаад сонгуульд өрсөлдсөн­гүй вэ?
-МАН-аас гарах мэдэгдлээ хийх­дээ их эрсдэлтэй нөхцөл бай­далд хийсэн. Үүнээс гарах үр дагавар нь миний сонгуулийн ам­жилтад сөргөөр нөлөөлөх бо­дит байдал үүссэн байсныг тоо­цоолсон. Тэр үйл явдал амьд­ралын минь бүх талбарт хүн­дээр туссан нь үнэн. Гэхдээ өнөө­дөр УИХ-д ороогүй ч гэлээ МАН-аас гарсан байгаадаа сэт­гэл хангалуун, эрх чөлөөтэй би алхдаг.
-МАН-аас гараад МАХН-ыг сонгоно гэж нэлээд яригд­сан. Гэвч та энэ бүхэнд ня­цаалт хийж ирсэн шүү дээ. МАХН-ын удирдлагууд намын дар­­гаа золионд гаргаж ал­бан ту­шаалын хойноос хэт хөө­цөл­дөж байгаа гэдэгт санал нэг­дэх үү?
-Н.Энхбаярын баривчилгаа 2012 оны сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн гэдэгтэй бүгд санаа нийлэх байх. Тэр хүний ачаар, тэр үйл явдлын ачаар олон хүн өнөөдөр эрх мэдэлд хүрсэн байх.
-Шударга ёс алдагдлаа гэх юм. Шударга ёс гэдгийг улс төрийн намууд ямар өнцгөөс нь харж, чухам ямар байдлаар нийгэмд шударга ёс тогтоох гээд байгаа юм бэ?
-Сандал суудлаа зөв буруу хуваарилж байгаагаа тэгж үзээд байгаа юм уу гэх бодол хааяа төрдөг. Гэхдээ шударга ёс гэдэг бол нөмөр нөөлөгт нь үнэний төлөөх эрэл урагшлан давшиж чадах нийгмийн тогтолцоо юм гэж нэгэн иргэн бичсэнийг би уншаад яасан гоё томьёолоо л вэ гэж бодож байлаа. Үүнтэй агаар нэгэн санааг би “Шударга ёс бол хөршийгөө хайрлах” гэсэн нийтлэл бичсэн. “Тойм” сэтгүүл дээр гарсан.
-Ер нь Монголд амьд явах баталгаа алга гэж нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Хү­ний эрхийг хамгаалах, аюул­гүй орчинд амьдрах талаар хэрэгжүүлж байгаа ажлууд нь хангалтгүй юм шиг санагддаг?
-Үүнийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа, өдөр бүр л цувран гарч байна.
-Саяхан олон аймшигт ослууд гарлаа. Хүний амь үнэ цэнэгүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатар хотод нэг хоногийн зайтай  7-12 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа.  Өнөөдөр Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа.  Хуульчид бид “Тавантолгой” компанийн хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг эхлүүлсэн.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг хөндөж эхэллээ.  Хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амийн хохирлыг нөхөн төлөхгүй байдаг нь буруу юм гэж үзэж байна.  Одоо буруутай этгээдүүдээс зөвхөн оршуулгын зардал гээд л хэдэн төгрөг гаргуулдаг. Гэтэл хүний алтан амь бол үнэлж баршгүй их үнэ цэнэтэй шүү дээ.
-Монгол хүний амийг үнэ цэнэтэй болгоё гэсэн та бүхний санаа маш олон хүнд таалагдсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй яриач?
-Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг.  Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэхээр Монгол хүний амь ямар үнэтэй вэ? Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл-Хуульчдын холбоо”-ны хуульчид санаачлага дэвшүүлэн ажиллаж байна.
-Таны яриад байгаа хүний амьдралын статистик үнэ цэнэ гэж чухам юу юм бэ?
-Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна.  Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож буй юм.  Үүгээр бол VSL |Value of Statistical Life| буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасч амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ноогдох дотоод нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлэн гаргадаг байна.  Энэ томъёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг байна.  Бид энэ тал дээр маш сайн судлах хэрэгтэй байгаа юм. Бусад орнуудад яаж үнэлдэг системийг сайн судлах хэрэгтэй. Хуульчид биний санаачилж буй энэхүү нөлөөллийн үйл ажиллагааны гол зорилго нь хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн нөлөөтэй үйл явц болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана.
-Улсын хөгжил хүнээс гэж ярьдаг. Тэгвэл хамгийн тү­рүүнд хүнийг хөгжүүлэхийн тул­д ямар алхмыг хийх ёстой вэ?
-Сая есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн чухал үг хэлсэн. Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил хүүхдээс гэж. Энэ л томьёоллоор хүнээ хөгжүүлэх бодлогоо гаргах хэрэгтэй. Өнөөдөр хүүхдэд зөвхөн шинжлэх ухаан заах биш хүн байх ухааныг багаас нь төлөвшүүлэх, ёс зүйтэй, соёлтой, хүнлэг иргэн байхыг төлөвшүүлэх нь бидний хөгжлийн түлхүүр болох байхаа.
-Монголчууд баян хүмүүс мөн үү. Уул уурхайн баялгаас иргэн бүр хүртэж элбэг хангалуун амьдрах ёстой гэдэг ч хоногийн хоолоо залгуулж чадахгүй олон хүмүүс байна шүү дээ?
-Унаж байгаа машин эдэлж хэрэглэж байгаагаар нь дүгнэдэг бол баян л юм. Харин баян тансаг ганган машины дотроос ундааныхаа лаазыг шидэж байгааг нь, замаар хөндлөн гарч яваа хүмүүст зам тавьж өгөхгүй дайрах шахам өнгөрч буйг нь хараад баян биш харин хоосон юм уу гэж бодогддог. Гэхдээ таны хэлж байгаа үнэн шүү. Бид асар их баялагтай, одоо эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа орон. Гэтэл юмны үнэ маш их нэмэгдэж байна, ихэнх иргэдийн амьжиргаа доогуур түвшинд байна. Бэлэн мөнгө тараах нь тухайн өрхийн эдийн засагт нэмэр болж буй хэрэг боловч түүнийг дагаад инфляци хөөрөгдөж байна. Инфляцийн хөөрөгдөл нь хүнсний бараа таваар, тэр дундаа махаар илэрч байна. Гэтэл ядуу өрхийн зарлагын ихэнх хувийг (жирийн өрхтэй харьцуулахад 20 хувиар илүү) хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.Үүнийг дагаад инфляцийн хөөрөгдөл нь эргээд ядуу өрхийг улам хүнд байдалд оруулах нөхцөл бий болгож байгаа юм. Иймээс баялгийн хуваарилалтыг зөвхөн тараах байдлаар хийх бус тухайн өрхийн амьжиргааг урт хугацаанд хэрхэн дэмжих, хувь хүнийг хэрхэн чадваржуулах вэ гэдэг талаас нь хийх шаардлагатай санагддаг.

Б.Өнөртогтох
http://www.mminfo.mn

Monday, 14 May 2012

Ларри Кинг: Эрх чөлөөг олсон бол алдаж болохгүй



Хүний эрхийн хуульч М.Ичинноров Монголын үзэгчдэд зориулан дэлхийн ярилцлагын хаан Ларри Кингтэй хийсэн ярилцлагаас та бүхэнд хүргэж байна.

М. Ичинноров: Сайн байна уу? Юуны өмнө миний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр надтай хамт байгаад маш их баярлалаа.


Ларри Кинг: Надад ч гэсэн таньтай хамт байгаа нь таатай байна.

М.И: Ярилцлагын хаан Ларри Кингтэй ярилцах завшаан тохиолдсон нь миний хувьд онцгой үйл явдал юм. Маш их баярлалаа танд.

Л.К: Амжилт хүсье Нора

М.И: Би ярилцлагаа танаас хамгийн хэцүү асуултаас эхэлж асуумаар санагдаж байна л даа. 

Л.К: Юу хүссэнээ л асуу Нора.

М.И:  Бид өчигдөр Жим Рожерс энэ талаар их сонирхолтой зүйл ярихыг сонссон.  \Жим Рожерс бол дэлхийд алдартай, үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагчдын нэг юм\. Түүний хувьд амьдралынхаа сүүлийн жилүүдэд хоёр хөөрхөн охинтой болсон нь амьдралаас авсан хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж бидэнд хэлсэн юм. Тэгэхээр таны хувьд амьралаас сурсан хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

Л.К: Би гурван том хүүхэдтэй, хоёр жоохон хүүтэй мөн дагавар хүүхдүүдтэй. Гэхдээ би үнэ цэнэ гэж юу болох талаар сайн мэдэхгүй байна. Миний эрхэлж байгаа энэ ажил, бизнесийн хувьд амьдралаас суралцсан гол зүйл бол бусдыг сонсох. Гэхдээ би өөрөө ярьж байхдаа биш харин хүмүүстэй ярилцаж, тэднийг сонсож байхдаа л амьдралаас хамгийн их зүйлийг суралцдаг.  Би хүнийг сонссоор байгаад өөрийн карьерээ хийсэн хүн. Би хүүхэд байхаасаа л хүмүүсийг сонссоор ирсэн. Би дахиад хэлье би өөрөө ярьж байхдаа биш харин тэднийг сонсож байхдаа л амьдралын үнэ цэнийг мэдэрч байсан.

 М.И: Янз бүрийн ажил мэргэжил боловсрол, амьдралын туршлагатай хүмүүстэй ярилцаж байна гэдэг нь таны хувьд бүхэл бүтэн ном уншиж буйтай адил зүйл байдаг байх даа гэж би боддог шүү. 

Л.К:  Тэгэлгүй яахав. Амьдрал бол дэлгээтэй ном. Хүмүүсийн амьдрал ч тийм. Бид  бол уншиж судалж туршлага хуримтлуулдаг.  Хүнтэй ярилцлага хийхээсээ өмнө бид тэр хүний тухай уншиж судлаад илүү мэдээлэл олж авсан байдаг. Амьдралдаа бид насан туршдаа суралцдаг. Нора чи монголд өглөө эрт босоод радиогоо асаагаад цаг агаарын мэдээ сонсдог биздээ.

М.И:  Тэгэлгүй яахав.


Л. К: Энэ чинь л амьдралаас суралцаж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр сонсож, ярилцсаар бид амьралаас суралцаж байгаа юм. Энэ үнэхээр амьдралын үнэ цэнэтэй зүйл юм.

М.И:  Энэ их үнэ цэнэтэй сургамж юм. Та бол зөвхөн шоубизнесийн хүн биш, үүнээс гадна та хөрөнгө оруулагч, бизнесмэн мөн үү?

Л.К: Үгүй ээ, би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, би бол бизнесмэн биш. Би уул уурхайн талаар сайн мэдэхгүй. Надад уул уурхай сонирхолтой биш, харин надад хүмүүс илүү сонирхолтой.  Надад бие төлөөлөгчид, бизнес менежерүүд, хуульчид бий. Тэд гэрээ контракт хийж үйл ажиллагааг минь авч явдаг. Харин энэ зүйлд л би дуртай \камера руу заав\. Би энэ амьдралдаа дуртай.

М.И:  Та камерын дуранд байх дуртай, энэ таны дуртай ажил.  Тэгэхээр бизнес таны гал халуун хүсэл эрмэлзлэл биш, харин шоубизнес таны хувьд амьдралын гал халуун хүсэл тэмүүлэл байна. Тийм үү?

Л.К: Тэгэлгүй яахав. Би камера, ТВ, радио, хошин урлаг, харилцаанд дуртай. Би бол харилцагч хүн. Миний гол ажил бол хүмүүстэй харилцах харилцаа шүү дээ.

М.И: Үнэхээр тийм шүү. Та хүмүүстэй харилцахдаа байгалаасаа авьаслаг, заяамал санагддаг. Одоо миний танаас асуух асуултыг би төдийгүй, манай Монголын үзэгчид маш их сонирхож байгаа. Таны ток шоуг чухамхүү юу тийм их амжилтанд хүргэсэн гэж та үздэг вэ? Бид таныг ийм зүйл хийхээр төрсөн гэдгийг мэднэ л дээ.

Л.К: Энэ бол хариулахад хамгийн хэцүү асуулт юм. Ер нь бол цаг хугацааны зүйл гэхүү дээ. Цаг хугацаа их чухал хүчин зүйл юм. Анх кабел гэдэг зүйл төрж байхад, мөн анхны шууд ярилцлага гарч эхэлж байхад би үүнийг анх хийсэн.

М.И: Та бол анхдагч гэсэн үг.

Л.К: Тиймээ. Ер нь өөрийнхөө тухай дүгнэж хэлэхэд хэцүү юм. Гол нь би цаг хугацааг сайн мэдэрдэг, бас хурдыг. Би хүнтэй сайн харилцаж чаддагаа мэднэ л дээ. Гэхдээ, хамгийн гол нь би хаанаас гарал үүсэлтэйгээ мартдаггүй. Би коллежид сурч үзээгүй. Би өөрийгөө оюунлаг нэгэн гэж хэлэхгүй. Харин би гудамжинд зогсоод гудамжинд яваа хэнтэй ч өөрийгөө зүйрлэж чадна. “Нью Ёркор” сэтгүүл намайг нэг удаа “гудамжны асуулт асуугч” гэж бичсэн байсан. Үнэн шүү. Би анх гараагаа эхэлж байхдаа гудамжинд зогсоод хотын даргаас авахуулаад рестораны зөөгч, хуульч, улс  төрч, балетын жүжигчин гээд хэнтэй ч хүртэл ярилцлага хийдэг байсан.  Тэдгээр хүмүүсийг хараад би энэ хүнд яг ийм л асуулт тавина даа гэж би өөрийн эрхгүй боддог. Намайг гудамжинд зогсоод хүмүүсээс асуулт асууж байхад би Хаан байгаагүй, би зүгээр л Ларри байсан. 

М.И: Та надад энэ зүйлийн талаар ярьж байхад надад нэг зүйл бодогдлоо л доо. Ер нь хүн юу хийхээр төрсөнөө мэдсэн үед л түүний дотор тэр ажлаа хийх гал дүрэлзэж, хүсэл тэмүүлэл төрж байдаг бөгөөд тэр цагт тэр хүн амжилтын араас хөөцөлдөх биш амжилт түүнийг өөрийн эрхгүй дагадаг юм болов уу гэж боддог.

Л.К:  Энэ бас юу гээч? Энэ бол "аз" юм.

М.И: Аз аа?  Тийм шүү.

Л.К: Холливудын алдарт жүжигчин Паул Ньеман нэгэн удаа надтай ярилцаж байхдаа нэр алдарт хүрсэн хэн ч өөрсдийн амьдралын тухай ярьж байхдаа "аз, азтай байх" гэсэн үгийг хэргэлдэггүй нь  тэд өөрсдийгөө  хуурч байна гэж хэлсэн.  Аз олон зүйлийг тодорхойлдог.  Би энэ зүйлийг хийж амьдрах хүсэл мөрөөдөлтэй төрсөндөө азтай юм. Би зүгээр л нэг өдөр босоод би шоу бизнест амьдрах хүсэл мөрөөдөлтэй болмоор байна гэж хүсээгүй. Би зүгээр л ингэж амьдрахаар л төрсөн, хаанаас ирсэн гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ л би ийм хүсэл мөрөөдөлтэй төрсөндөө үнэхээр их азтай хүн.  Тэхээр амжилт гэдэг нь тухайн ажлаа хийх гал халуун хүсэл тэмүүлэл, аз хоёрын харилцан хамаарал юм.

М.И: Гайхалтай. Миний хувьд энд таньтай ярилцаад сууж байгаа маань үнэхээрийн аз шүү. 

Л.К:  Баяраллаа Нора

М.И:  Би монголын үзэгчдэд зориулан таньтай энэ ярилцлагаа хийж байгаа юм. Таны хувьд Монгол гэхээр чухам юу хамгийн түрүүнд санаанд чинь буудаг вэ? 

Л.К:  Хамгийн түрүүнд Ази санаанд ордог. 

М.И:  Та газар зүйн талаас нь эхлээд бодож байна. Тийм үү?

Л.К: Тийм ээ, би газарзүйн талаас нь хэлж байна л даа. Би  Монголд хэзээ ч очиж байгаагүй. Магадгүй нэг өдөр очно гэж найдаж байна. Би Монголын талаар гүнзгий судалж байгаагүй. Монголын тухай бодоход юуны түрүүн дайн байлдаан, эр зоригийн тухай санаанд буудаг.  Хэрвээ би тэнд очих юм бол монголчууд юу хийдэг, ямар соёлтой, итгэл үнэмшил, шашин шүтлэг нь юу болох, гэр бүлийн амьдрал гээд бүх зүйлийн талаар сонирхож, ярилцах байх. Ингэхэд Монголчууд өнөр өтгөн гэр бүлтэй  байдаг уу? .

М.И:  Одоо та надаас асуулт асуугаад эхэллээ. \инээв\

Л.К:  Тийм ээ, энэ чинь л амьдралын суралцах нэг процесс шүү дээ. Би шинэ газруудад очиж, шинэ зүйлийн талаар таньж мэдэх хүсэл мөрөөдөлтэй. Энэ бол шинэ зүйлийг суралцаж буй нэг үйл явц шүү дээ.

М.И:  Та 60,000 хүнтэй ярилцлага хийсэн юм байна. Энэ олон хүмүүсийн дундаас хэдэн төрийн тэргүүнтэй та ярилцлага хийж байсан бэ?

Л.И:  Би үнэхээр хариулж чадахгүй. Магадгүй 100 гаран байх. Би 54 жилийн туршид, бүр CNN-д байхаас ч өмнө, мөн радиогоор ярилцлагууд хийдэг байсан учраас үүнийг яг тэд гэж хэлэх бараг боломжгүй юм.

М.И: Та харин монголын төрийн тэргүүнүүдээс нэг ч хүнтэй ярилцлага хийгээгүйг бид мэднэ.

Л. К:  Тийм шүү. Харин чамайг төрийн өндөр албанд очвол би дуртайяа ярилцлага авна шүү.

М.И: Баярлалаа. Та тэгээрэй. 

Л.К: Одоо монголын төрийн удирдагч хэн бэ?

М.И: Монгол улсын Ерөнхий сайдаар С.Батболд, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байгаа.


Л.К:  Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй юу?

М.И: Тийм. Хуулиараа бол Ерөнхий сайд нь илүү эрх мэдэлтэй. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг юм.

Л.К: Танайх хууль ёсны Парламенттай биздээ.

М.И:Тиймээ. Манайх хууль тогтоох байгууллага болох  Парламент, бас Ерөнхийлөгчтэй.


Л.К: Парламентын хоёр танхим байдаг уу?

М.И: Үгүй ээ, нэг л танхимтай.  

Л.К: Зарим орнуудад Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаасаа давуу эрхтэй байдаг ш дээ.

М.И:  Тиймээ.  Гэхдээ энэ асуудалд манайд янз бүрийн байр сууринаас ханддаг.  Монголд парламент, засгийн газар, шүүх засаглал гээд засаглалын балансыг хадгалдаг зарчимтай тогтолцоо уг нь байдаг л даа.

Л.К: Танай орон ардчилсан системтэй болоод хэдэн жил болж байгаа вэ?

М.И: Та надаас асуулт асуугаад та бид хоёрын байр өөрчлөгдөөд.

Л.К: Тийм шүү. Харж байна уу?

М.И:  Та үнэхээр гоё энгийн хүн юмаа.

М.И: Саяхан та Казакстанд хөрөнгө оруулалтын уулзалтанд орж  ярилцлага удирдаж байсан. Тэр ярилцлаганд төрийн тэргүүнүүд нь оролцож байсан. Монгол улсын хувьд хөгжиж буй зах зээлтэй, манай улсад одоо уул уурхай асар хурдацтай хөгжиж байна. Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болоод байна, хүн бүр л Монгол улсыг сонирхож байна. Та ярилцлагын эхэнд Монголд очиж магадгүй гэж хэлж байсан . Хэрвээ та очих юм бол би танд туслана, энэ ярилцлагаараа дамжуулан Монголын үзэгчдийн өмнөөс таныг би манай улсад айлчлан очихыг урьж байна.

Л.К: Надад таатай байх болно. Би урилгыг чинь хүлээн авлаа. Хөгжиж буй орнуудад айлчлах би дуртай. Казакстан бол хамгийн тод жишээ. Хүмүүсийн хөгжиж байгааг харах сайхан байдаг. Та бүхэн ардчилалын үр шимийг нэг л удаа амссан бол?

М.И: Тийм ээ, ардчлалаас ухрана гэсэн ойлголт байхгүй.

Л. К: Эрх чөлөөг нэг л удаа олсон бол түүнийг алдаж болохгүй. Монголын залуу улс төрч бүр, мөн энэ шоуг үзэж байгаа 18,19 настай залуучууд Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөх ёстой, харин хоосон уриа лоозон хэрэггүй.  Маш олон улс төрчид өөрсдийгөө хүмүүсийн төлөө үйлчлэх ёстой гэдгээ мартдаг.  Хэрвээ тэд ард иргэдийнхээ төлөө биш бол ард иргэд ч мөн тэднийг хүсэхгүй шүү дээ.

М.И: Тиймээ энэ бол маш чухал асуудал. Хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд, тэр тусмаа хуучин социалист дэглэмтэй манайх шиг улс орны хувьд  эдийн засаг нь хөгжихийн хэрээр нийгэм дэх баян хоосны ялгаа дэндүү их өргөжин тэлж байгаа юм.


Л.К: Энэ бол маш харамсалтай зүйл.

М.И: Би эргээд таны мэргэжилтэй холбоотой асуултууд асуумаар байна.  Миний мэдэхээр та дандаа ВИП хүмүүстэй ярилцага хийж байсан, улс төрчид, төрийн тэргүүнүүд, урлаг, спортын одууд гээд. Та жирийн иргэдтэй бас ярилцлага хийдэг байсан.

Л.К: Зөндөө олон удаа.  Анх удаа нэгэн рестранд шоугаа хийдэг байлаа. Тэхэд би тэнд хоол идэхээр ирсэн жирийн иргэд, зөөгч , гудамжинд явж байгаа хүмүүс, худалдаачин гээд маш олон хүнтэй ярилцдаг байсан. Би мөн тэр үед Америкийн үндэсний радиод анхны ток шоу хөтөлдөг байсан.  Үүнийг хийж байхдаа би өдөр бүр бүх л өдрийн турш жирийн иргэдтэй  утсаар холбогдож, би тэднээс асуулт асууж, тэд надаас асуулт асуудаг байсан. Би тэднээс маш их зүйлийг сурсан. Америкийн алдартай зохиолч Станд Тиркет гэдэг хүн “ер нь би байшингийн эзнээс нь илүүтэй тухайн байшингийн цахилгаан шатыг ажиллуулагчаас л ихийг сурдаг” гэж хэлж байсан. Энэ үнэн үг шүү. Мэдээж Ларри Кингийн шоу дэлхий даяар алдартай болоход алдартай, нэр хүндтэй хүмүүсийн ач бий дээ. Би бас жирийн иргэдтэй ярилцдаг. Хүнд хэцүү байдал тохиолдсон хүмүүстэй, хайртай хүнээ алдсан нэгэнтэй ярилцаж зовлонг нь хуваалцаж байсан. Үр хүүхдээ алдсан эцэг эхтэй ярилцах нь хэн нэгэн төрийн тэргүүнтэй ярилцахаас ч хамаагүй хүнд шүү.

М.И: Өөрийгөө хамгийн чухал хэмээн боддог ихэмсэг нэгэнтэй ярилцахдаа та юу мэдэрдэг вэ, тэдэнтэй та хэрхэн харилцдаг вэ?


Л.К:  Тийм хүнтэй ярихад асуултаа бага асууж, их сонсох хэрэгтэй. Би үзэгчдэд тэр хүнийг өөрийнхөөрөө ойлгох боломжийг олгодог.

М.И: Тэгэхээр та үзэгчдэд өөрийнхөөрөө дүгнэлтээ хийх  боломжийг олгодог гэсэн үг үү?


Л.К : Тийм ээ би үүнийг л хийнэ. Би бол зүгээр холбогч шүү дээ. Үзэгчийг тухайн хүнтэй холбогч гүүр нь гэсэн үг. Миний үзэл бодол тийм ч чухал биш. Харин би "би" гэдэг үгийг маш бага хэргэлдэг. Ер нь үзэгчид өөрсдөө дүгнэлтээ хийдэг. Заримдаа бас хүмүүстэй ярьж байхдаа халаад маргалдах үе бас гарна л даа. Аргагүй шүү дээ. Энэ ажлыг бүр 55 жил хийж байгаа юм бинь. Гэхдээ хүмүүс маргаанаас нэг их юм сурахгүй байхаа. Маргаан мэдээж хөгжилтэй, сонирхолтой байж болох юм.   Хамгийн гол нь зөв асуулттай, зөв хариулттай мэдлэг мэдээлэл олгосон ярианаас хүн илүү ихийг мэдэж авдаг.

М.И: Та өөрийнхөө ард түмэн, улс орондоо ашиг тус гэхээсээ гай тарьсан тийм удирдагчидтай ярьж байхдаа юу мэдэрдэг байсан бэ?


Л.К: Би Кадафитай ярилцлага хийж байсан. Ер нь дарангуйлагч хүн бол өөрийгөө дарангуйлагч гэж боддоггүй. Хүмүүс толинд хараад өөрийгөө би муу хүн гэж хэлдэггүй биз дээ. Кадафи өөрийгөө улс орондоо сайн, хэрэгтэй хүн л гэж бодож байсан, сайныг хийсэн гэж бодож байсан. Би түүнийг та дарангуйлагч гээд өөрдөөс нь хараад хэлээд хаана ч очихгүй шүү дээ. Муу хүнийг чи муу хүн гэж хэлдэггүй. Би Ираны ерөнхийлөгчтэй ярилцлага хийж байсан. Тэр харин хэцүү байсан шүү.  Миний бодол бол бусад хүний бодол биш. Би бол зүгээр л холбогч шүү дээ.

М.И: Ларри маш их баярлалаа. Бид ярилцлагынхаа эхэнд азын тухай ярьсан. Би тантай хамт ярилцсандаа маш өөрийгөө маш их азтайд тооцож байнаа.   Ларри, маш их баярлалаа.


Л.К: Баярлалаа Нора. Норатай xамт байгаа үзэгч та азтай.

Tuesday, 24 April 2012

М.Ичинноров: МАН-ЫН ТОМИЛГОО БҮХНИЙГ МӨНГӨ ДАГАДАГ


Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.  
-Танд зориулж дууг онигоо болгосон байна лээ. “Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Ардын нам адуу шиг сайхан” гэж?
-Сонсоогүй юм байна. Сонсохыг ч хүсэхгүй байна. Намайг доромжлох цаг зав, ашиг сонирхол хэнд байгаа нь ойлгомжтой. Ер нь намайг хангалттай доромжилж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэрхэн давамгайлж байдгийн тод жишээ энэ.
-Магадгүй таны МАН-ыг “Үзэл санаа, эрх чөлөөний шорон” гэж хэлсний чинь төлөөх хариу гэж үү?
-МАН-ынхан намайг гарсанд эгдүүцэж, хэлэх хэлэхгүйгээр доромжилж, элдэв янзаар гүтгэж байна. Тэгсэн ч би шантрахгүй. Яагаад гэвэл би тэдний үнэнийг нь хэлж чадаж байгаа байхгүй юу.
-Таныг гарахад МАН-ынхан дуртай байгаагүй байх?
-МАН-аас гарлаа гэж мэдэгдэл хийсний дараа хэвлэлүүдэд М.Ичинноровын тухай нийтэлж болно, болохгүй гэсэн захиалга ирсэн байна лээ. Уг нь МАН-ыг дотоод ардчилалтай болгоё, шинэчилье. Тэр дундаа намын өөрчлөлт, шинэчлэл, бодлогыг ардчилахад нь тусалъя гэж би чин сэтгэлээсээ хүсч байсан. Гэвч ганцаараа чадахгүй юм билээ. Нам дотор ямар ахуй соёл давамгайлдагийг харсан. Яахав, намын удирдлагын зарим хүн “М.Ичинноровыг намдаа шингээх хэрэгтэй. Хэтэрхий ганцаардуулж байна” гэж байсан. Гэхдээ тус намын мөнгөний той¬рон хүрээлэлд багтаагүй л бол би хэн ч биш гэдгийг ойлгосон учраас гарахаар шийдсэн юм.
-Ер нь МАН-аас гарах өөр шалтгаан юу байв. Томчуудын тойрон хү¬рээлэлд багтаагүйдээ гар¬сан хэрэг үү. Та мэдэг¬дэлдээ “МАН-ыг сайжрах байх гэж хүлээсэн” гэж байсан?

-Үзэл санаа, үнэт зүйлсийн тухай МАН-ынхантай ярих боломжгүй. Хэт хуучинсаг хоосон үзэл суртал, шоу цэнгээн гаарч байна, тэнд. Дээрээс нь иргэдийг хоморголон намдаа элсүүлэх, албан тушаал, хөрөнгө мөнгөний наймаа хийх, непотизм зэрэг нь энэ намд үнэ цэнэтэй зүйлд тооцогддог. Үүнийгээ засах сэтгэлгээ, соёл төлөвших боломжгүй газар. Мөн намыг толгойлж байгаа хүмүүсийн нүдэнд мөнгө, хувийнх нь эрх ашгаас өөр зүйл харагддаггүй. Мөнгөтэй, олигархижсан, ардчилсан баг зүүсэн коммунистууд хамгийн аюултайг энэ намд орсноороо би ойлголоо. Над шиг ард түмний хүүхдүүд тэдэнтэй нэгэн хэлээр ярилцах боломжгүй. МАН-ынхан энэ удаа сонгуулийн луйврыг гардан хийх гэж бэлтгэлээ хангаж байна. Тэр цагт дахиад Долдугаар сарын 1-ний дайтай үймээн давтагдахыг үгүйсгэхгүй. Тэр үед би дарангуйлагч, луйварчин намын талд биш ард түмнийхээ талд зогсож байхыг эрхэмд үзлээ.
-Таныг дагаад МАН-ын батлахаас татгалзах гишүүн байсан уу?
-МАН-аас гарна гэсэн олон хүн байгаа. Гэхдээ тэдний олонх нь уугуул нам буюу МАХН-д орно гэж байсан. Харин миний хувьд МАХН-д орохгүй. Хэвлэлийнхэн л намайг МАХН-д орсон гэж бичээд байгаа болохоос биш би ороогүй. Орох ч үгүй. МАН-аас гарсан үйлдэл нь өөрийнхөө алд¬сан дэмжигчдээ сэргээсэн үзэгдэл гэж ойлгож байгаа. Одоо би аль ч намд орохгүй, хараат бус байна.
-МАН-ын бага хурлын гишүүн байсны хувьд тус намд дотоод ардчилал байна уу?

-Бүх зүйлийг хайрцаглаж шийддэг юм билээ. Мөн албан тушаалын томилгоо нь цэвэр мөнгөний томилгоо байдаг. Өөр ямар ч эрх ашиг байхгүй. Мэд¬лэг боловсрол, сэтгэн бо¬дох чадвар энд огт хамаагүй.
-Тэгвэл та МАН-ын хууль бус үйлдлүүдийг нэрлэж чадах уу?

-Жишээ нь, Монголын ард түмэнд өөрийгөө айлын тансаг байшинд үнэгүй суудаг гээд зарлачихсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь байна. Тэр амьдарч байгаа байшингийн сарын түрээсийн ханш нь таван сая төгрөг. Авлигын болон Эрүүгийн хуулиар энэ бол цэвэр гэмт хэрэг. АТГ-ынхан түүнтэй холбоотой сайн, муу мэдээлэл болгоны мөрөөр шалгах ёстой байхгүй юу, уг нь.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсон үйлдэлд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Авлигатай тэмцэхийг монголчууд бүгдээрээ хүсч байсан. Идэж, ууж шамшигдуулсан бүхий л хэргийг шалгах нь зүйтэй. Би АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн. Манай зөвлөлд иргэдээс ямар гомдол ирж байна гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг шалгахгүй байна гэж. Н.Энхбаярын баривчилгаа нь хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл мөн үү гэвэл мөн. Хүний эрхийн үндэсний комиссынхон ч ингэж дүгнэсэн. МАХН одоо АН, Үндэсний ард¬чилсан нам, Монголын ногоон нам, ИЗН, БНН, ИХН гэсэн улс төрийн хүчинтэй хамтраад МАН-ын эсрэг хүч хавсран ажил¬лах ёстой. Хамтраад зүтгэвэл сонгуульд ч амжилт олно.
-УИХ-ын нэр бүхий гишүүд цагдаа нар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан, мөн өөрсдийнх нь бие махбодь, эрх чөлөөнд халдсан үйлдлийнх нь төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ёстой гэж буй. Үүнд та ямар дүгнэлт хийж байна?

-Түүнийг огцруулахад хангалттай олон шалтгаан бий. УИХ-ын гишүүд энэ хүний авлига болон гэмт хэргийн шинж чанартай үйлдлээс гадна өөрсдийг нь хэл амаар доромжилсон ёс зүйгүй байдлыг гаргаж тавих хэрэгтэй.
-Цагдаагийнхан УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын эрхэнд огт халдаагүй. Харин ч тэд өөрсдөө цагдаагийн албан хаагчдын өөдөөс салаавч өгч, ёсзүйгүй загнасан үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх тухай ярьж байна. Хууль ёсоор бол ийм байж болох уу?
-АНУ-д салаавч гар¬гавал “free speech” гэж үзнэ. Үзэл бодлоо илэр¬хийлсэн үйлдэл гэж тэд ойлгоно. Салаавч үзүүл¬сэн нь гэмт хэрэг биш. Харин ёс зүйн асуудал байж болно.
-Шударга ёс, ардчилал ярих дуртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү үйлдэлд байр сууриа илэрхийлэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Миний мэдэхэд тэрээр хошууч генерал Ч.Амарболд нарыг цагдан хорих ёстой гэж ЦЕГ-ын даргыг өрөөндөө дуудаад загнаж байсан. Гэтэл түүнээс илүү хүний эрх чөлөөнд халдсан үйлдсэн гарсан байтал чимээгүй байх юм?
-Үгээ хэлэх байлгүй. Сонгуулийн булхай гаарах, шударга ёс үгүй болж байгаа энэ үед ан¬хаарлаа хандуулж байгаа гэж ойлгож байна.
-Зарим хуульчид Н.Энхбаярыг долдугаар сарын 1-ний үймээнд буруутай этгээдийг нэрлэхээс нь өмнө хорилоо. Магадгүй түүнийг энэ хэргийн гэрчийнх нь хувьд хорлох вий гэсэн санаа зовниж байна?

-Түүнийг олон жилийн өмнө хорьж болох байлаа. Харин чухам яагаад сонгууль дөхсөн үед баривчлав гэсэн асуулт олон хүнд байгаа байх. 2008 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй таван залуугийн амь насыг хохироож, олон залуусыг шоронд илгээсэн шүү дээ. Уг нь үүний хариуцлагыг Ерөн¬хий сайд байсан С.Баяр үүрэх ёстой байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хуулиар бол засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдох гээд зүйлчилчихсэн байгаа шүү дээ.
-Таныг Н.Энхбаярыг хорьсон галыг намжаахын тулд МАН-аас гарах мэдэгдэл хийсэн. Нэдэр дээрээ энэ нь МАН-аас тавьсан жүжиг гэж хэлэх хүн байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хэрэв тийм бол МАН дотор байдаг авлига, албан тушаалын наймааг илчлэх сэтгэл зүрхний дуудлагыг хэн надад өгөх юм бэ. Энэ бүхэн миний зүрх сэтгэлээс гарсан үйлдэл. МАН-аас гарна гэдгээ би олон хүнд хэлж байсан. Иргэний хөдөлгөөний нөхөд маань үүнийг сонсоод маш их баярлаж дэмжиж байсан шүү.
Chuhal.mn

Friday, 20 April 2012

"Би цэвэрлэнэ гэж хэлээгүй шинэчилцгээе гэж хэлсэн"



   МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн гишүүн, "Үнэ цэнэ" номын зохиогч, Хуульч Манжаагийн Ичинноровтой сонирхолтой бөгөөд халуун яриа өрнүүлснээ хүргэж байна. МАН-д орсноосоо хойш хэнд ч хэлээгүй явсан сэтгэлийн үгээ ч тэр дэлгэлээ. Мөн ИХ намын талаар өмнө нь нийтэд дэлгэн ярьж байгаагүй түүхээсээ ч өгүүллээ.

-Иргэний хөдөлгөөний Ичинноров Ардын намын бүсгүй болоод удлаа. Шинэ намд амьдрал хэр байна даа. Улаан гэгдэх намд цэнхэр үзэлтэн хэр байх юм?
-Ер нь улаан биш цэнхэр болох гэж тэмүүлж, тэр чиглэл рүү хөгжиж байгаа нам л даа. Гэхдээ шулуухан хэлэхэд, арга барил, сэтгэлгээ өөр хүний хувьд эрх чөлөө, шинэлэг уур амьсгалын цангаа байгаа нь ажиглагдсан.  Амаргүй гэж би хэлж байна л даа.  Гэхдээ энэ чинь боломжгүй гэсэн үг бас биш.  Ер нь ингэхэд над шиг ийм эрсдэлтэй бас зоригтой алхам хийсэн эмэгтэй улс төрч байна уу? \инээв\. Туулсан зам минь хатуу ч хүрэх өндөрлөг минь өндөр гэдэгт би итгэлтэй байна. 
- Тэгээд байдал яг ямар байна гэж. Юу нь таныг тэгтэл бухимдуулж байгаа юм бэ?
-Ер нь сахилга зохион байгууллалттай, боловсон хүчний нөөц ихтэй нам гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ, намд өөрчлөгдөх ёстой маш чухал зүйлүүд байна.  Энэ намд бүх зүйл албан тушаалын эрэмбэ дараагаар жагсаагдаж явдаг. Тэхээр цоо шинэ хүн, цоо шинэ үзэл бодол, цоо шинэ өнгө төрхийг зоригтой хөхүүлэн дэмжих хэрэгтэй гэж би бодож байна. Ер нь хэн албан тушаалаараа өндөр байна, аль эсвэл урд нь өндөр албан тушаал хашиж байсан, мөн хэн нэгэн даргад үйлчилж байсан, эсвэл намдаа олон жил зүтгэсэн гэсэн үзүүлэлтүүд чухал байр суурь эзэлдэг. Улс төрийн үзэл санаа энергитэй байдаг. Ардчиллын энергийн он жилүүдэд бид амьдарч байна. Захиргааддаг, дарамталдаг аргаар ажиллах, шинэ үзэл санаа, санал, шүүмжлэлийг "дорбинкдон" мохоодог цаг үе өнгөрсөн. Миний хамгийн их санаа зовдог зүйл хов жив. Энэ хов жив маш хортой, тэгээд гүтгэлгийн шинжтэй хов живээр маш хорлонтой мессежийг нэгнийхээ эсрэг сэм тараадаг нь хамгийн арчиж хаяюуштай зүйл. Үүнээс салах хэрэгтэй. Энэ чинь гэмгүй хүн хэлмэгдэх суурь, тэдэнд сэтгэл санааны гүн дарамт учруулдаг хуучин нийгмийн хоцрогдол юм шүү дээ. Мөн үзэл санааны лидерүүд төрөн гарах хэрэгтэй. Тэхгүйгээр хороо, дүүрэг, үүрийнхээ хэдэн эмээ өвөө нараа тойглодог, зөвхөн тэднийгээ сонсдог, тэдэндээ л бэлэг урамшуулал өгөх замаар удаан хол явахгүй. Тиймээс энэ намын хувьд боловсон хүчний хувьд цэнхэр байх бодлого барьж чадвал урагшаа хөгжинө.
-Та ч орж ирээд нэлээд л "дорбинкдуулсан". Үүнийг тэснэ гэдэг хэцүү биш гэж үү?  
- Мэдээж гаднаас шинэ хүн ороод ирэхэд бүгд гайхна. Айна. Цочно. Зарим нь баярлана. Дэмжинэ. Эргэлзэнэ. Энэ байх л зүйл.  Гэхдээ л ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлж, хууль шүүхийн шинэчлэлийг ярьж, хүний эрхийг үнэт зүйл болгох ажил хийсэн хүн энэ улс төрийн том хүчинд ороход талархан хүлээн авсан нь олон. Маш том "human capital" орж ирлээ гэж харсан нь олон шүү. Ерөөсөө дотроосоо л нэгнийгээ "дорбинкддог" нам байна шүү гээд би тоглоод хэлэхэд Их Хурлын нэгэн экс гишүүн эрхэм "Чамайг том шувуу учраас тоож дорбинкдож байна шүү дээ" гээд хошигнож байсан.  За энэ ч яахав, ер нь их хүнд нүсэр тогтолцоо шүү. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
-Танай намд ч тэр, ер нь Монгол лидерийн цангаанд орсон гэж үздэг. Танай намын хувьд  шинэ хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Сонин байна.
-Манай намд төрийн өндөр албан тушаалтай хүмүүс маш олон бий. Өөр өөрийн фракцтай он удаан жил тогтсон хүмүүс ч олон бий.  Харин яг манлайлагчид хэн хэн байна вэ гэдгээ ярих ёстой. Би лидершип судалдаг, энэ чиглэлээрээ Харвардад номын дуу сонссон, энэ сэдвээр лекц уншдаг хүн. Тэгэхээр миний хувьд эрх мэдлийн тухай ойлголт, лидер болон манлайллын тухай ойлголтыг илүү өргөн хүрээнд өнөөгийн тогтсон үзлээс өөр өнцгөөс хардаг. Лидер гэдэг бол зөвхөн өндөр албан тушаалтай хүний тухай ойлголт биш шүү дээ.  Лидер хүн бол үзэл санааны хүн бөгөөд нийгэмд оюун санааны баялгийг бүтээгч. Лидер бол зам чигийг заагч, араасаа олон хүнийг байлдан дагуулагч- маш их эрсдэл, ачаа үүрч явдаг хүн. Лидер хүн бол ёс суртхуун, ажил үйлсээрээ манлайлагч. Бас нөлөөллийн хүн байх ёстой. Энэ өнцгөөс харж лидерүүдийг дүгнэх хэрэгтэй гэж боддог.
-Танай намын даргын хувьд хэр сайн лидер гэж та боддог вэ? Хүмүүс янз янзаар л ярьдаг. Нэг хэсэг нь олигархи гээд л муулдаг.
-Намын дарга маань гүйцэтгэх засаглалын тэргүүний  хувьд хамгийн хөдөлмөрч, бүтээлч хүн. Лидер хүмүүс өөр өөрийн өнгө төрх, өөрийн стил, загвартай байдаг. С. Батболд даргын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд нийгмийн архитекторч загварын лидер гэж боддог. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүргэх замыг тавьсан, дээд боловсролын системд оруулж ирж буй Евро стандарт, төрийн үйлчилгээний стандарт гээд дандаа шинэлэг дэвшилтэт, бүтээлч санал санаачлагуудыг нэвтрүүлсэн. Одоо иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх ажлыг санаачлаад урд нь хэзээ ч байгаагүйгээр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бодитой дэмжиж дуу хоолойг нь сонсон, бүхэл бүтэн ажлын хэсэг дэргэдээ байгуулан ажиллаж байна. Харин нам руугаа нэлээд сайн ажиллах шаардлага бий гэж боддог.
-Намын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд өөрчлөгдөх найдлага байна уу? Та өөрөө ихэвчлэн эрчүүдтэй ажиллаж хамтарч ирсэн болохоор эмэгтэйчүүдийн талаар өөрийн гэсэн байр суурьтай л байх л даа?
-Намын эрх ашиг, нийт хүн амын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрх ашгийн үүднээс Монголын хамгийн том улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн байгууллагыг хөгжлийн цоо шинэ шатанд гаргах цаг болсон. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өөрчлөх чиглэл өгөгдсөн байгаа.  Цаашдын хөгжил, жам ёсны хөгжлөө бодвол шинэ лидерүүд төрж гарч ирж удирдах цаг ирэх байхаа гэж найдаж байна.
-Шулуухан хэлэхэд, таныг намд ороход хамгийн хүйтэн хүлээж авсан хүмүүс нь эмэгтэйчүүд биз дээ?
- Намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагад байдаг цөөн тооны эмэгтэйчүүдийн хувьд бол тийм байсан л даа. Гэхдээ, энэ өөрчлөгдөнөө. Би тэднийг буруутгахыг хүсэхгүй байна. Ойлгохыг хичээсэн. Харин намын анхан шатны байгуулагын гишүүн, дэмжигч жирийн эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүд, боловсролтой хэсгийнхэн  хаа ч очсон халуун дотно үг хэлэн тэвэрч үнсээд их сайхан хүлээж авдаг. Тэд надад итгэл найдвараа илэрхийлдэг. Бас дэмждэг гэдгээ байнга хэлдэг. Үүнд нь би маш их урамшдаг.
-Тэхээр эмэгтэйчүүд өөрсдөө хоорондоо тулалдаад байдаг. Нэг нэгнийгээ хамгийн муу муухайгаар ярьж, гутаадаг нь эмэгтэйчүүд өөрсдөө байдаг. Тийм үү?
Жендерийн асуудал ярьдаг хүмүүс эмэгтэй хүний зовлон, туулдаг бэрхшээлийг маш сайн ойлгох учиртай л даа. Харин ярьж буй үнэт зүйлийнхээ эсрэг амьдрах юм бол залуусын өмнө ёс зүйн хувьд гэмт хэрэг үйлдэж байгаатай ялгаагүй юм шүү дээ.  Өөрсдөө ч гэсэн нэгэн цагт муулуулж, гүтгүүлж, эмэгтэй гэдгээрээ элдэв янзын нэр хоч зүүж л байсан хүмүүс шинэ үеийн залуу эмэгтэйчүүдэд яг түүгээрээ хандаж болохгүй. Энэ их сонин зүйл л дээ. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүдэг гэж концепци байдаг. Өөрсдийн туулсан хэл ам хэрүүл тэмцлийн зовлонг нөгөө өөрсдөд нь гэм хийгээгүй залуу эмэгтэйчүүдэд гаргана гэдэг нь нэг талаасаа харахад их өрөвдмөөр зүйл.  Бодит байдалд эмэгтэй хүнд улс төрд маш бага орон зай байдаг. Тэр бяцхан орон зайд бүгдээрээ чихцэлдээд, хоорондоо ёвролцдог. Үүнийг бүрэн буруутгахад бас хэцүү. Харин илүү боломж нээж өгвөл эмэгтэйчүүдийн бие биедээ гаргадаг харгислал багасах байх гэж боддог. Нөгөө талаасаа миний дүү гээд тулаад түшээд авах сэтгэлийн тэнхээ, соёл аль хэдийн төлөвшсөн байх ёстой.  Ер нь тэгээд бүх юм өөрчлөгддөг. Цаг хугацаа өөрчлөгддөг, хүмүүс ч өөрчлөгддөг. Улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгддөг гэдгийг тооцоолох хаттай байх учиртай. Доор байсан хүн дээр гарч ирэх цаг бий. Дээр байсан нь доош буух ч цаг байдаг.  Одоо байгаагаар бүх зүйлийг харах хэрэггүй гэж боддог ш дээ.  
-Эмэгтэйчүүд бидэн нэгнээ дэмждэггүй муу тал угаасаа байдаг гэдэг шүү дээ. Үүнийгээ бид өөрчилж болохгүй юу. Тухайлбал та?
Би анх Эмэгтэйчүүд-манлайлал санг байгуулаад ажиллаж байхдаа л үүний төлөө байсан. Гэтэл эмэгтэйчүүд үнэхээр эвсэж чаддаггүй юм байна гэдгийг олон зүйл дээрээс харж байсан. Энэ бол харамсалтай л даа. Ийм л шалтгаанаар олон сайхан эмэгтэйчүүд "solo" ажилладаг. Хувийн тоглолтоо л хийдэг.  Тэгэхээр хойч үеийн залуу эмэгтэйчүүд  рүүгээ илүүтэй хандаж ажиллах, тэдэндээ хөрөнгө оруулалт хийх л чухал юм байна гэдгийг ойлгосон.
- Та дээр хэлсэн. Би эрх мэдлийн талаар шал өөр ойлголттой явдаг гэж. Одоо байгаа эрх мэдэлтнүүдийг та үгүйсгэж хэлж байна уу?
- Эрх мэдэл бол албан тушаал дангаараа биш. Эрх мэдэл бол эрх ямба бүр ч биш. Эрх мэдэл бол хариуцлага.Эрх мэдэл бол нөлөө. Шийдвэр гаргах, эсвэл шийдвэр гаргахад нөлөөлдөг нөлөөлөл. Эрх мэдэл нь De Jure, De Facto гэж байдаг.  De Jure эрх мэдэл нь хуульчлагдсан буюу гарын үсэг зурах эрх мэдэл. De Facto эрх мэдэл нь хуульчлагдсан эрх мэдэлд хүрээгүй ч үзэл санаа, өөрчлөлт шинэчлэлийн төлөө бусдыг байлдан дагуулсан, аливаа шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг  эрх мэдэл. Энэ өнцгөөс нь харвал хүн өөрийн гэсэн дүгнэлтээ хийх боломжтой л байгаа биз дээ.
-Тэхээр Та өөрийгөө De Facto эрх мэдэлд хүрсэн нэгэн гэж үзэж байна уу?
Нэг зүйлийг шулуухан хэлэхэд энэ хуульчлагдаагүй эрх мэдлийг аль хэдийн хэрэгжүүлж чадсан хүмүүсийн нэг гэж өөрийг минь зөв үнэлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл бидний л гавьяагаар өнөөдөр хүний эрхийн бие даасан институттэй болсон, стратегийн өмгөөллийн ачаар эрүүгийн хуулийн ялын бодлогод дорвитой өөрчлөлт орж, шоронгийн шинэчлэл маш сайн хийгдэхэд хүрсэн, одоо шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар хүчтэй яригдах боллоо. Энэ нь миний улс төр юм шүү дээ. Үүнийг би одоо  МАН-д орсон хойноо үргэлжлүүлж байгаа, цаашид ч хийнэ шүү дээ. Үүнийг цэвэрхэн, соёлтой, иргэнлэг, ухамсартай, хариуцлагатай улс төр гэж би хэлнэ. Үүний төлөө намайг урвагч гэж хэн хэлэх ёстой юм бэ? Манайхан ер нь тогтсон сэтгэлгээгээсээ салах ёстой юм шигээ.
-Та хуучин намаасаа нэр дэвшээд бас ч олон хүний санал авч байсан. Харин одоо боловсон хүчин ихтэй МАН-аас нэр дэвших шанс олдох болов уу?
-Бидэн шиг залуу улс төрчдөд боломж олгохгүйгээр намын улс төрийн орон зай нь ирээдүйд улам хумигдмал болно. Ялангуяа хотод. Цоо шинэ эрин үе гарч ирж байна. Ер нь дундаж насныхны ч улс төрийн үзэл санаа их өөр болсон. Би жишээ нь фейсбүүк-тэй болоод 2 сарын дотор 3000 орчим найзтай болсон. Одоо улс төрчдийн хувьд freind-based facebook-тэй хүмүүсээс хамгийн олон найзтай нь би болсон. Оюунлаг иргэдийн, хотын иргэдийн, гадаадад амьдардаг монголчуудын, залуусын улс төрийн чиг хандлага ямар байгааг, тэд ямар хувь хүмүүсийг сонирхож, дэмжиж байгааг зөвхөн facebook- сээ харахад л ойлгомжтой байна. Энүүгээр нийгмийн сэтгэл зүйг дүгнэж болохоор байгаа юм. Тэгэхээр нүдээ жаахан нээх хэрэгтэй, зөвхөн намынхаа идэвхтэй гишүүдийн дунд ваакуумд орж болохгүй гэдгийг л лидерүүдэд хэлж өгөх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Бас зөвхөн албан тушаалын эрэмбэ дараагаараа жагсаагаад явбал ялагдана.
-Та энэ намд орсныгоо МАН-ыг дотроос нь цэвэрлэнэ гэж байсан даа. Тэгээд чадах нь уу?
Ямар цэвэрлэгч биш дээ. Цэвэрлэнэ ч гэж хэлээгүй байх аа. Шинэчилцгээеэ гэж хэлсэн. Шинэчлэнэ гэж зүгээр ч нэг гарсан үг биш. Энэ бол хувь тавилангийн асуудал. Жам ёсны хөгжлийн юм. Би тэгэхээр том дуудлагатай хүн. Намын гаднаас улс төрийн шинэчлэл хийх гэж оролдож байсан. Хуульч хүнийхээ хувьд нийгэмд дорвитой шинэчлэлүүдийг авчралцсан. Харин улс төрийн хөгжил, дэвшилд дотроос нь өөрчлөх хувь нэмрээ оруулах замаар эрх мэдлийн системийг өөрчлөх нь бидний үеийнхний чухал сонголт. Чухал зорилго.
-Намын дараагийн үйлд нь хэрэгтэй гэж үзэж байгаа үзэл санаа чинь содон байна. МАН-д ингэж бодож байгаа залуучууд олон болов уу?
- Олон байгаа. Маш олон бий. Сэтгэлгээний хоцрогдлоос ангижирахыг хүсдэг  эрүүл сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг. Манай намд байдаг зарим тогтсон, хуучирсан сэтгэлгээ, арга барилтай хүмүүс хоцрогдлоос, залуу үеийнхэнд тоогдохоо байхаас айх цаг болсоон. Шинэ үеийн давалгаа ирж байна шүү дээ. Тэрийг мэдэр л дээ. Тийм биз дээ.
-Ингэхэд яагаад Иргэний хөдөлгөөний намаасаа гарсан юм бэ. Уг нь Магнай, Зандан та гурваар л хүмүүс хардаг байсан. Хэн ч байхгүй болчихсон?
-2008 оны сонгуулийн дараа болсон улс төрийн үйл явц залуу, улс төрийн туршлагагүй, эр зоригоос өөр нөмөр нөөлөггүй байсан бид гурвын хувьд хүнд цохилт болсон. Ийм сонголтуудыг хийхээс ч өөр аргагүйд хүрсэн. Улс төрийн том намуудад харьяалагдаж, үзэл санаагаа дотроос нь түгээх, шинэчлэх, эрүүлжүүлэх үйл явцад гар бие оролцох түүхэн хувь тавиланг бид үүрч байгаа ч юм билүү? Үүнийг өнгөрсөн үед хийгээгүй нь үнэн ба ирээдүйд хийхэд аль хэдийн  хоцорсон байх болно. Тиймээс зөвхөн одоо үед байгаа бид хийж чаднаа. Юм болгон өөрийн цаг хугацаатай байдаг. Одоо биднийг харааж байгаа ч хожим хойноо талархах цаг гарцаагүй ирнэ ээ. Бид тэр шинэ үеийнхний ургах, соёолох шимт хөрс баймаар байна.
-Та хэд энэ мэтээр байр сууриндаа хатуу байж чадаагүй өөр намууд бараадсан нь иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагаж, итгэл үнэмшлийг сулруулсан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Хүмүүс бид гурвыг зөвөөр ойлгоосой гэж би хүсдэг. Монгол улсад ардчилал бараг бүрэн зогсох шахсан, авилгал цэцэглэж, мэдээлэл иргэдээс далд улс төр эдийн засгийн чухал шийдвэрүүд хуйвалдааны замаар гардаг байсан тэр үед бид зориглон дуугарч байсан. Түүний л ачаар Оюу толгой, Таван толгойн асуудлууд нээлттэй ил тод шийдвэрлэгдэж, Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээрээ гарч ирлээ. Одоо биш гэхэд түүх зөвтгөж, хайрлах, ойлгох цаг ирэх байлгүй дээ.
-Та ер нь Иргэний хөдөлгөөний намаасаа гарсан шалтгаан нь юу юм бэ?
-Нэг үгээр хэлэхэд, Иргэний хөдөлгөөний нам дарагдсаны дараа би гарсан.  Гэлээ ч Иргэний хөдөлгөөний нам бол  тухайн үед өөрийн улс төрийн үүргээ гүйцэтгэсэн. 2008 оны сонгуулийн дараа бид ямар хүнд байдалд байсныг хэн ч ойлгож мэдрэхгүй байх. Миний бие шоронд ороогүй ч гэлээ сэтгэл санаа минь шоронд орсноос өөрцгүй болсон байсан. Надад ямар ч орон зай байхгүй болсон мэт санагдах хар өдөр хоногууд байсан. Үүнийг биечлэн туулаагүй хүнд төсөөлөхөд бэрх байхаа. Тухайн үед юуг үзэж туулсаныг минь хэн ч мэдэхгүй шүү дээ. Сэтгэл санаа маань ч хүндээр гэмтсэн.  Тухайн үед нийгэм үүнийг ойлгох сэхээ ч байгаагүй. "Бүгд" хүнд хэцүү байдалд орсон байсан.  Батзандан, Магнай хоёрын хувьд тухайн үед намын сонголтоо хийн ИХ намыг орхисныг буруутгадаггүй. Би бууриа сахиад үлдсэн байсан. Тэр үед Анод-ын Даваа гуай намын дарга болж, над дээр нэмээд гурван дэд дарга тавьсан юм. Энэ нь намын хувьд ч, Даваа гуайн өөрийнх нь хувьд ч улс төрийн маш том алдаа байсан юм. Энэ бол нөхөр ёсны үг юм шүү.
-Тэхээр Даваа ИХ намын дарга болоод хэлмэгдсэн гэдгийг нь зөвшөөрч байна гэсэн үг үү та?
-Даваа гуай намын даргыг аваад гурван эрэгтэй дэд дарга томилоод над дээр нэмээд дөрвөн даргатай болгоход би бүгдийг нь суулгаж байгаад хэлсэн. За энэ намд олны танил ганцхан лидер нь үлдсэн байсан юмаа. Магадгүй би яаж ийгээд ч гэсэн намаа тэргүүлээд явж байгаад цаашдын хувь заяагаа шийдвэрлэж болох байсан байхаа. Харин та алдаа хийлээ гэдгийг нь хэлсэн. Одоо энэ нам цаашаа энэ байдлаар явах ямар ч боломжгүй гэдгийг би өөрсдөд нь анхааруулсан. Бас урд нь иргэний хөдөлгөөн, ИХ нам миний хуульчийн маань хувьд босгосон нэр хүнд, капитал дээр дөрөөлж босч ирж байсан. Надаар фоноо хийж байсан үе бий. Одоо би та нарт дахин фон болохгүй ээ, дахин хэзээ ч ашиглуулахгүй гэдгээ хэлээд Америк явсан. Тэндээ бүтэн жил өөрийгөө амраасан. Сэтгэл санаа, оюун бодол, бие махбодоо форматалсан гэсэн үг.
-Таныг Ерөнхий сайдын зөвлөх болсон гэдэг мэдээг хүмүүс янз янзаар хүлээж авсан. Яг юунд нь зөвлөдөг юм бэ?
-Ерөнхий сайд бол энэ намд миний оюуны чадавхийг үнэлсэн цөөн лидерүүдийн нэг ээ. Тэр миний шинэ санаа оноо дэвшүүлдэг, шинэлэг сэтгэлгээ бас бичлэгийн чадварыг маань мэдэрсэн хэрэг юм болов уу. Би түүний албан бус зөвлөх хэдий ч шинэ үеийн улс орны том лидер байхад нь миний өгдөг зарим санаа оноо чухал байдаг байхаа гэж боддог. Тэр үед хэт дайруулснаасаа болоод Ерөнхий сайдын албан бус зөвлөх гэж өөрийгөө зарлаад гүйсэнгүй ээ. Хэл амны хэтэрхий их дайралт бас ядаргаа байсан шүү.
-Сүүлийн үед таны хувийн амьдралаар сонин юу байна даа?
-Сониноос би хип хоп сонирхож байгаа. Бүр дууны үг ч зохиосон.
-Тийм үү? Сонирхолтой байна. Ер нь ингэхэд таны хувийн шинж чанар их онцлогтой юм. Хип хоп, балет хоёроор та зэрэг хичээллэж байна. Энэ чинь хоёр юмны туйл шүү дээ. Нэг нь гудамжны урлаг. Нөгөө нь дээд зэрэглэлийн сонгодог урлаг.
-Би Onyx, Эминем нарын хип хоп дуучдын дууны үгийг сонсоход нийгмийн янз бүрийн асуудлыг тусгасан байдаг: ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, залуусын хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, түүнд төрөөс үзүүлж байгаа дарамт, хүчирхийллийг өөрсдийн чимэг, хачиргүй хэлээр дуулдаг. Угийн эрх чөлөөний мэдрэмжтэй надад энэ нь зүгээр л таалагддаг байсан. Харин МАН-д орсноос хойш тодорхой хугацаанд сэтгэлгээний зөрүү, шинэ хүнд ханддаг өөр үзэл хандлага зэрэг нь намайг Монголын хип хоп хөгжмийг сонирхоход хүргэсэн. Тэр дундаа Quiza-ийн дууны зарим үгнүүд надад зориулаад бичсэн юм шиг санагддаг болсон. Тэгээд өөрийн эрхгүй хип хоп дууны шүлгүүдийг өөртөө зориулж бичиж эхэлсэн. Тэхэд эрх чөлөөний мэдрэмжийн тэсрэлт бий болж байх шиг санагддаг. Хүн ер нь өөрөө дотроо хадгалж явсан зүйлээ тэслэн гаргаж ирээд ямар ч илүү дутуу  өнгө будаг, нялуун үггүйгээр шууд дуулдаг л гэсэн үг л дээ. Гоё ш дээ.  Энэ бол шинэ мэдрэмж. Шинэ амьдрал.  Үүгээрээ би сэтгэлгээний эрчим хүчний дутагдалд ороогүй яваагаа мэдэрсэн.
-Та нэг талаасаа маш эмэгтэйлэг хүн. Тэгж харагддаг,  бас тэгж хувцасладаг. Гэтэл зан чанар, үзэл суртал чинь ихэд эршүүд юм. Энэ бас л хоёр өөр туйлын мөргөлдөөн юм шиг санагддаггүй юу?
-Та миний "Үнэ цэнэ" номыг уншсан уу? Уншсан бол танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Уншсан. Яг эх хүний ариун хайраар бичсэн ном шиг санагдсан. Бичлэг нь энгийн, зөөлөн, мессеж нь маш энэрэнгүй.
-Энэ чинь л миний жинхэнэ өнгө, мөн чанар юм шүү дээ. Гэхдээ нэгэнт улс төр гэдэг хатуу тоглоомонд гараа бүү хэл өөрийгөө бүтэн дүрчихсэн хүн чинь дотроосоо хүчтэй байхаас өөр аргагүй юм даа.
"Өдрийн сонин"  
Э.Энэрэл
2011 оны 6 сарын 15