Showing posts with label ДЭЛГЭРМАА Банзрагчийн. Show all posts
Showing posts with label ДЭЛГЭРМАА Банзрагчийн. Show all posts

Monday, 30 June 2014

Б.Дэлгэрмаа: Монгол маань далайд шидэгдээд, урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаж байна

“VIPerson” зочноор Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, АН-ын нөлөө бүхий лидер, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа уригдлаа.
-Таны улс төрийн амьдралын янз бүрийн үед бид ярилцаж байлаа. Энэ удаа нэлээн хэдэн жилийн дараа уулзаж байна.  Би хувьдаа их олзуурхаж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид нийгэм рүү гарч юу ч яриад сонсогдохгүй болчихлоо. Тэгсэн хэрнээ нийгэм ховор, хүчирхэг хүмүүсийг хайгаад, дуу хоолойг нь эрэлхийлээд л байна. Гэвч тэр ховрууд маань дэндүү цөөхөн юм.
-Баярлалаа. Намайг зочноороо урьж байгааг би хүндэтгэлтэй хүлээж авч байна.

-Та бол Монголын улс төрийн домогтой хатагтай. Тэр дундаа Ардчилсан намын алтан үеийн лидерүүдийн нэг. Тэгэхээр миний танд тавих эхний асуулт “Ингэхэд та нар хаачив аа, одоо ямар нөхдүүд гарч ирээд засаглаж байна вэ. Та бүхэн хэнд бүх эрх мэдлийг өгчихөөд зулран одов оо” гэдэг асуулт.  Магадгүй миний асуултаас уур хилэн үнэртэж байж болох юм. Гэхдээ танд олон хүн энэ асуултыг тавих байх. Сингапур орвол Элчин сайдын хувьд биш, улс төрийн лидер хүний тань хувьд ярилцана гэж л төлөвлөж байлаа.
-Би бол Сингапурт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар яг энэ асуултад хариулмаар байна. Ли Куан Ю дэлхийн алдарт улстөрч. 1965 онд Сингапур улсын тусгаар тогтнолыг олгохын төлөө хүчин зүтгэж явсан залуучууд. Одоо яг 49 жил болж байна. 24-25 жил засагласан. Энэ хугацаанд тэнд нэг л нам ялж байсан шүү дээ. Ард түмний үйл ажиллагааны нам гээд. Тэгээд 24 жилийн дараа тэдэнд ямар асуудал тулгарсан бэ гэхээр одоо үе солигдлоо, хэнд эрх мэдлийг шилжүүлэх вэ. Хэнд засгаа өгөх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Таны асуулт шиг л  гарч ирж байгаа зүйл байхгүй юу. Яг тэдэнд тохилдсон шиг зүйл бидний өмнө иржээ. Өнөөдөр Ардчилсан хувьсгал ялаад 25 жил болж байна. 12-12 гээд мөчлөгөөрөө явах юм бол 24 жил болж байна. Энэ хугацаанд бид нар тэр Ли Куан Ю-гийн бэлтгэсэн, одоогийн Сингапур улсыг авч явж байгаа үе шиг тийм үеийг бэлтгэж чадсан уу. 1984 онд яг тэнд ээлж солигдсон байгаа байхгүй юу.  Тэд нар 1982-83 онд сайд нараа солиод л байсан. Эднийх ерөнхийдөө Төрийн нарийн бичгийн даргаа 10 жилийн хугацаанд ажиллуулаад, яг тушаал нь 10 жилийн өмнө хэдэн сарын хэдэнд гарсан тэр өдрөөр нь сольдог. Яаж ч сайн ажиллаж байсан хамаагүй. Улстөрчдийн тэр генерацийг бэлтгэдэг, хэддүгээр эшелоны хүмүүсийг хэзээ нь эрх мэдэлд хүргэх вэ гэдэг энэ философи бол агуу байгаа байхгүй юу. Би бодож байна. Таны хэлснээр Монголын улс төрийн тэр алтан үе 2016 онд бүгд генераци солигдох ёстой юу.  Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, хэн байдаг юм, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж  ерэн оноос хойш явсан энэ улстөрчид дараагийн генерацид хүлээлгэж өгөх ёстой юу. Тэр генераци нь хэн бэ. Нэр хэлээд яахав. Одоогийн энэ УИХ-д ч улсууд байна. Сайд ч хийж байгаа улсууд байна. Эд нар нь авах ёстой юм уу. Ли Куан Ю-ын хийж чадсан тэр түүхэн замналыг, улс төрийнх нь лидерүүдийн багаараа ажиллаж байсан энэ түүх бүх юмыг нь аваад  үзэхээр бидний хувьд тэр генерациа ерөөсөө бэлтгээгүй юм билээ. Ерэн оны хувьсгал гарсан. Энэ хувьсгал бол тусгаар тогтнолын төлөө хувьсгал байсан. Нийт ард түмний “Москвагаас бидний бүх амьдралыг битгий заагаад байгаач ээ” гэсэн асар том эсэргүүцэл байсан. Бүр элчин сайдыг нь хөөж явуулсан шүү дээ. Монгол хүн өөрсдөө хувь заяагаа тодорхойлдог болноо гэсэн  ард түмний хөдөлгөөн гарсан. Сөрөг хүчин мүчин ч гэж байгаагүй шүү дээ. Улс төрийн товчоо хуралдаж байгаад өөрсдөө сайн дураараа огцорсон. Үйл явц ингээд түрээд л явчихсан. Одоо манайхны зарим ярьдаг даа. Бид хулганын хамраас цус гаргаагүй хувьсгал хийсэн гээд л бахархаад л өвгөн партизаны ярианууд их ярьдаг л даа.  Үнэхээр бахархал мөн. Гэхдээ тэрнийхээ ард юу орхиод явчихсан бэ гэхээр бид нар хүмүүсээ зүгээр л усанд шидээд л хаячихсан. Сэлж чадах нь уу, үгүй юу хамаа байхгүй. Тэр үймээн дотор улс төрийн орон зайгаа эзэлсэн тэр хүмүүс дотор одоо бол усан дээр сэлэх байтугай хөлөг онгоцоо хийж аваад, тэр онгоцоо залаад, живж байсан хүмүүсээ татаж гаргаж хөлөг онгоцон дээрээ гаргаад эд бол миний фракц  гэж зарлан тунхаглаад явсан улсууд ч байна. Дангаараа сэлээд эрэг хүрнэ дээ гэсэн улсууд ч ганц хоёр байж л байна. Ихэнхдээ тэр аврах багийн юман дотор орсон улсууд байгаа учраас одоо  концепцитойгоор, философитойгоор бид нар тэр улстөрчдөө бэлтгээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас манай сайд нарыг ч юм уу, энэ янз бүрийн улсуудыг хараад “очиж очиж энэ сайд болчихсон явж байхдаа яахав дээ, арай ч дээ” гэсэн дүгнэлтүүд, ийм гутралууд хавтгай байна л даа. Тийм хүмүүс өөрөөр хэлбэл улс төр дэх тохиолдлууд засагт орж, удирдах алба хашиж яваа учраас манай Монгол гэдэг чинь нэг тийм залуургүй, далайд шидэгдээд урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаад байгаа юм л даа. Энэ бол  бид нарын асар том дутагдал, сул тал.

-Ямар ч байсан улс төрийн ТМС дөнгөж төгсөөд хар ажил хийж байсан эгнээнийхэн шууд нэгдүгээр эгнээнд дайрч орж ирээд бужигнуулж байна. Тэд азтай байж болох ч ардаа их хр уршигтай харагдах юм. Монголчууд Төр гэдэг энэ биегүй хоосон зүйлээ ямар их хүндэтгэдэг билээ. Таны ээж жишээ нь Төрийн их баяр наадам нээдэг хүн байсан. Манайхан бүгд Төрийн сүлд өршөө гэж залбирдаг. Энэ сүр сүлд, энэ ойлголтыг шүтдэг хүмүүс байсан. Тийм учраас тэр бүр буу шийдэмдээ тулаад тэмцчихдэггүй хараад яваад байдаг онцлогтой. Одоо нөгөө Төр гэдэг ойлголт маань хамгийн энгийн цагаан цайлган ардын сэтгэлээс ч арчигдаж байна. Энэ л хамгийн том сүйрэл нь юм биш үү?
-Би ахиад л жаахан хальж ярья л даа. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед манайх парламентын засаглалтай орон байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай орон байх уу гэдэг асуудлаа шийдсэн. Хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй орон. Буурай хөгжилтэй. Хүн ам цөөхөн, асар том уудам нутагтай гээд манай давуу болон сул талууд бий. Ямар ч байсан 76 гишүүнтэй энэ бүтэц бөөнөөрөө цулаараа улс орноо худалдахгүй гэж тэр үед харж байсан.  76- ууланг нь худалдаад авчих нь гэсэн ойлголт тэр үед байгаагүй л дээ. Одоо бол байж болно. Байгалийн баялагтай холбоотойгоор монголчуудыг, тэр тусмаа эрх баригчдыг бол худалдаж авах бололцоо байгаа. Энэ байдлаас харж байхад ерөөсөө улс орныг яг нэг тодорхой лидер хүн авж явах ёстой байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнээс биш нэг тийм олонлог, нэг сүрэг ч юм уу, эсвэл нэг омог ч юм уу улс орныг авч явдаг юм биш. Тэр лидер гэдэг маань Германд өнөөдөр хатагтай Меркель, Англид хамгийн хүнд үед Тетчерь авч явж байсан.  Америкийн эдийн засгийн хямралын үед Рейган авч явж байсан ч гэдэг юм уу. Өнөөдөр Японыг аваад үз. Бараг хориод жил уруудаж байгаа энэ үндэстэнд эргээд Наран улсаараа бахархах тэр бардамналыг нь авчирч өгч буй Абе гарч ирж байна. Ингээд хараад байхаар нэг тийм үгүйлэл, лидерийн үгүйлэл л байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэр маань өөрөө үндэстнээ залж, нийгэмдээ үнэт зүйлийг авчирч, монгол хүн ийм юманд хүрэх юм шүү гэсэн сэтгэлд нь хадагдсан тэр зорилгоо тодорхойлчихсон байх ёстой.  Сингапур шиг нэг хүнд ногдох  ДНБ –ээр дэлхийд гуравт орно. Бид нар 64 мянган доллар авч байх ёстой ч гэдэг юм уу, монгол хүн бүр тохилог сайхан орон сууцанд амьдрах ёстой. Агаарын бохирдолгүй цэвэр ариун орчинд, бүх хүмүүс нь өндөр дээд боловсролтой, эрүүл ийм л монгол хүний төлөө зүтгэнэ гэсэн  эрхэм зорилгыг тодорхойлчихоод тэрнийхээ төлөө практик юм хийх удирдагчийн үгүйлэл гарч ирж байна.  Хийх тухай онцолж байна шүү, ярих биш. 25 жил ярьлаа шүү дээ. Одоо ярьж байгаа хүнд хэн ч итгэхээ больсон. Итгэхийн ч арга алга. МАН нь байна уу, АН нь байна уу, ер нь ялгаа байхгүй л байна шүү дээ. Манай улс төрд бол яруу тод хүмүүс байсан. Гарч ирж байсан. М.Энхсайхан байна. Н.Энхбаяр байна. С.Баяр байна. Э.Бат-Үүл байна. Ц.Элбэгдорж байна. Лидерүүд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ надад бол тэд нар зорилгогүй лидерүүд харагдаж байгаа юм. Бас тэд зорилгодоо хүрэхийн төлөө үнэнчээр, шударгаар ажиллаж чадаагүй юм болов уу. Эдний ард янз бүрийн шалтаг шалтгаанууд байж болно л доо. Жишээлбэл, намаа авч явах, фракцаа авч явах, улс төрийн орон зайгаа тэлэхийн тулд тодорхой үйлдлүүдийг хийх ёстой байсан байж болзошгүй. Манай С.Зориг байна. Сайхан сайхан лидерүүд манай түүхэнд байсан.

-Улс төрийн нас гэдэг ойлголтыг харахад бусад орнууд дээр манайхаас их өөр байдаг. Бид болохоор хүмүүсээ маш эрт явуулдаг. Оронд нь хэн ч хамаагүй орж ирдэг. Өнөөдөр зарим нь парламентад орж ирэх насны босгыг тогтооё гэх мэт санал гаргаж эхэлж байна л даа. Хүн бүр л дотроо эрэлхийлэл хийж байна. Тэгж байснаа мухардаад ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болъё ч гэж ярьдаг. Бидний үеийнхэн бол энэ парламентын засаглалыг сонгосон та бүхний шийдвэрт үргэлж талархалтай ханддаг. Түрүүний таны лидерийн үгүйлэл үнэртүүлсэн ярианы араас арай ийм шийдэл тээж байгаа юм биш байгаа гэсэн хар төрж байна. Саяхан Х.Тэмүүжинг огцруулах асуудал, давхар дээлний асуудал хөндөгдөх үеэр ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болвол яасан юм гэсэн юм цахим урсгалаар бас цухалзана лээ. Байж байгаад хий үзэгдэл шиг хаанаас ч юм ийм хүсэмжлэлийг явуулдаг л юм. Харин танд ийм бодол байхгүй биз дээ?
-Ер нь бол Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүх судлаачид  хангалттай дүгнэлтээ гаргасан шүү дээ. Монголчууд бид нар аль засаглал нь бид нарт хэрэгтэй вэ гэдэг утгаараа авч үзэх юм бол энэ 76 бол нэгдүгээрт, цөөдөж байгаа. Манайх бол дэндүү бага оврын парламенттай. Дор хаяж долоо найман байнгын хороо байх ёстой. Байнгын хороод гэж юу билээ. Хамгийн гол гал тогоо шүү дээ. Хуулиа боловсруулж байдаг. Гэтэл маайд тэр нь институцийнхээ хувьд ерөөсөө бэхжиж явж чаддаггүй. Яагаад гэвэл дэндүү цөөхөн гишүүнтэй парламент учраас.

-Одоо бол бүр дөрвөн хүнтэй байнгын хороо хуралдаад л шийдвэр гаргаад явж байна шүү дээ. Улам л улс төрийн соёлгүй, улам л задрал нь харагдаад  явж байна. Манай парламентын засаглал өөрөө тодорхой хямралтай тулгараад байх шиг байна. Гэхдээ үүнийг давах ёстой л байх л даа.
-Давах ёстой байх. Манайх вестминстерийн загвараар нэгэнт л ажиллаж чадахгүй байгаа учраас жишээ нь давхар дээлний асуудлыг ярьлаа ш дээ. Давхар дээлний асуудал дээр яагаад хүмүүс маш их дургүйцэж байна вэ гэхээр сайд нар нь бодлогоо тодорхойлж ажлаа хийж чадахгүй, ихэнх цагаа парламентдаа юу засгийн газартаа өнгөрөөх үү гэдэг энэ хоёрын уялдаа холбоо байхгүй. Ингээд ахиад л нөгөө лидерийн үгүйлэл рүү орчихож байгаа учраас ахиад л нөгөө вестминстерийн зарчим чинь явж өгөхгүй байгаа байхгүй юу. Уул шугамандаа манайх парламентын засаглалыг л сонгосон юм бол хэзээ ч давхар дээлний асуудал ярих ёсгүй шүү дээ. Манайх парламентын засаглалын мухардмал байдалд орсон нь одоо нөгөө онол амьдрал хоёр нь дэндүү хол зөрж байгаагийн л илрэл. Тэрэнтэй холбоотой л манай бүх холион бантан эхэлсэн.

-Сүүлийн үеийн олон парламентын шүдний өвчин нь  энэ давхар дээлний асуудал байсан шүү дээ. Өнөөдөр л хурц яригдаж байна. Гэхдээ эрх барьж байгаа хүчин өөрийн лидерийн тодорхой яриа, өгсөн чиглэлтэй байсан гэж харж байгаа. Хууль өргөн барьсан. 2016 он гэсэн. Энэ удаагийн явдал дээр маш замбараагүй тоглолт, урвалт шарвалт, олон таагүй зүйл боллоо гэж  харж байна. Танай намын бүлгийн дөрвөн гишүүн нь давхар бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгсөн.
-Тэгсэн.

-Яг хэзээний үетэй зүйрлэхээ мэдэхгүй байна. Х.Баттулга сайд хувийн шийдвэр гаргаж өөрөө огцорлоо. Та бол улс төрийн угшлаараа МоАХ-ын хүн. Улс төрийн нэгдэл, нягтрал нь хаана байгаа юм. Хаана фракцийн толгойлогчийн захирамж хүчинтэй байгаа юм. Хаана нөгөө намын лидерийн байр суурь байгаа юм бэ?
-Ганчимэг ээ, би яг халуун тогоон дотор байгаа улстөрч биш шүү дээ. Надад мэдээллийн дутагдал байгаа. Та тэрийг тооцохгүйгээр асууж байна.  

-Та жишээ нь, сая Х.Баттулгын огцорсныг яаж харсан бэ. Энэ манай улс төрийн хамгийн сүүлийн үеийн дуулиан учраас асууж байна. Түвдэндорж зөрж ороод л сайд болж байна. Энэ явдлуудыг үзэгдлийнх нь хувьд яаж унших ёстой юм бол?
-Энэ үнэхээр ойлгомжгүй явдал. Би Х.Баттулга сайдын алхмыг бол ойлгож байна. Яагаад гэвэл тэр хүн юм хийе гэж орсон. Мэдээж хэрэг хариуцсан яамных нь зориулалт буюу эрхэм зорилт юу харагдсан бэ гэхээр Сайншандын аж үйлдвэрийн парк. Манай байгалийн баялгийн орц гарц хаана вэ гэхээр мэдээж хэрэг өмнөд хөрш. Тэрэнтэй холбоотой энэ Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг маань өөрөө энэ салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд хамгийн том эрхэм зорилго нь байхад тэр нь хэрэгжих ямар ч үндэслэлгүй болж ирсэн. Ингээд эхлэнгүүт тэр хүн энэ танхим дотор сайд байхыг ёс суртахууны хувьд өөртөө зөвшөөрч чадаагүй.  Сайд байна гэдэг чинь хариуцлага шүү дээ.  Дээрээс нь кабинетын зарчим алдагдчихсан. Засгийг байгуулахдаа ч дэндүү хэврэг бүрэлдэхүүнтэй байгуулчихсан тохиолдолд тэр хүн эрхэм зорилгоо биелүүлэх орон зай байхгүй болсон. Ийм тохиолдолд улстөрч хүн хамгийн түрүүнд өөртөө л улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Ёс суртахууны хувьд Х.Баттулга сайдын алхмыг дэмжиж, хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэртээ тэргүй аль ч улс төрийн нам дотор фракцууд оршин тогтнож байдаг. Нам өөрөө фракцуудын ашиг сонирхлыг зохицуулж байдаг. Дэлхийн бүх намууд ийм л байдаг. МоАХ фракц бол АН-ын гол фракцуудын нэг мөн үү, мөн. Гэтэл фракцийн лидер нь кабинетаас гарч байхад зөрөөд нөгөө нөхөр нь туугаад орно гэдэг бол хамгийн ёс суртахуунгүй үйлдэл л болж харадаж байгаа байхгүй юу.

-Танай МоАХ хорин хэдэн жил амьдрахдаа жаахан “ядарсан” байх л даа. Таны хэмжээний үнэт зүйлтэй, зарчимтай хүнд миний үг доромж ч юм уу, басамжилсан аястай бууж магадгүй. Та ойлгоорой. Гол нь МоАХ-ынхон өөрсдөө тэгж гомдоллодог шүү дээ. Бид насан турш л гадаа зогсож байлаа. Тэгээд л манайхан орж сууцгаагаад ордны цонхнууд гэрэлтэж эхлэнгүүт тэнд дандаа “Алтангадас”-ынхан л сууж байдаг гэж. Энэ гашуун боловч үнэн. Сая МоАХ цөөн боловч албан тушаал авсан. Гэхдээ фракцийн удирдагчаа гарахад нэг нь ч дагаж өргөдлөө өгсөнгүй. Хэрэв ийм хэмжээний акц хийж чадсан бол  том доргион үүсгэж чадах байсан. Тэгэхээр ерөөсөө МоАХ гэж дурсамжаараа ч юм уу, түүхээрээ ч юм уу зангидагдаад байдаг энэ фракцийн хувьд задрал явагдаж эхэлж байна уу гэж харж болохоор.  
-Бүгд өргөдлөө өгөх хэрэггүй л дээ. Шаардлага ч байхгүй. Нэг хувь улстөрч би давхар дээлээ ч тайлахгүй, бас салбарын эрхэм зорилгоо биелүүлэх боломжгүй ч байсан Н.Алтанхуягийн танхимд орж ажиллана гээд орж байгаа бол тэр хүний л асуудал. Фракцид бүтнээр нь нялзаах шаардлагагүй.

-МоАХ фракцийн “хүндэт ерөнхийлөгч” нь бол манай Ерөнхийлөгч л дөө. Энэ “хүндэт ерөнхийлөгч” фракцийг тараах бодлого баримталж байна гэж харж болох уу ?
-Манай Монголын Ерөнхийлөгчийн хувьд их олон зовлонгууд байдаг юм шиг байгаа юм. Нэгдүгээрт, намаасаа нэр дэвшдэг. Гарчихаад нам бус болдог. Гэтэл яалт ч үгүй  намаасаа гарахын тулд маш хүчтэй лидер байж л тэр хүн ерөнхийлөгчид нэр дэвших нь ойлгомжтой шүү дээ. Тэр дотроо тодорхой нэг фракцийн төлөөлөгч байсан гэдэг утгаараа тэр фракцийн эв нэгдэл, тэр фракцийн боловсон хүчний байршлын асуудлыг бол ямар нэг хэмжээгээр зангидна л даа. Зангидах л ёстой. Огт оролцохгүй, сарнаас ирчихсэн хүн шиг байна гэж байхгүй шүү дээ.

-Нэг гайхаш байгаад байх юм. Жишээ нь бидний аль тэртээ мэдэх Р.Гончигдорж, С.Баярцогт, тэр битгий хэл монголын ард түмний ихээхэн хайрладаг Р.Амаржаргал нарын цөөн лидерийн дуугаралт ерөөсөө ялгарахаа байчих юм. Энэ яг ямар олонлогт ороод уусч байгаа жишиг юм бол. С.Баярцогтын хэмжээний лидерийн дуугаралт тэр танхимд байгаа урансайханчийг дуугүй болгох л баймаар. Улс төрийн залхалт, түлхэлт явагдаж байгаа хэрэг юм болов уу. Та жишээ нь, энэ байдлыг юу гэж хардаг вэ. Таныг ч гэсэн энэ нам эрх барьж байгаа хэрэгтэй үед байхгүй байна л гэж хардаг?
-Би тантай ярилцлаганд орохын өмнө “Хот төлөвлөлт Сингапурын туршлага” гэсэн семинараас ирлээ л дээ. Барилга Хот байгуулалтын яамнаас зохион байгуулж байгаа том арга хэмжээ юм. Сингапурын Үндэсний хөгжлийн сайд, Тээврийн сайдаар 23 жил ажилласан Ма Бао Тан гэдэг хүн Сингапурын төлөөлөгчдийг ахалж ирсэн. 1965 онд  нэг загасчны тосгон байсан газрыг өнөөдрийн дэлхийн хөгжилтэй хот улс болгосон түүхээ тэд ярьж байгаа юм.  Яагаад Сингапур ийм амжилтад хүрсэн бэ гэхээр нэгдүгээрт, сайн засаглал. Сайн засаглал нь юун дээр үндэслэж байсан бэ гэхээр тэд хамгийн чухал нь хуулиа дээдэлж байсан. Өнөөдөр Сингапурт авилга гэдэг үг хэрэглээнээс гарчихсан шүү дээ. Ерөөсөө тийм үг байхгүй. Авилга тэг. Дараагийни зүйл, тэд энэ амжилтад хүрэхийн тулд шилдэг боловсон хүчнээ нам харгалзахгүйгээр тодорхой эрх мэдлүүдийг өгч багаар ажиллаж байсан гэж онцолж байна. Ийм гайхалтай гоё үгийг сонсчихоод би ярилцлагад ирсэн. Ганаагийн ярилцлагад уригдана гэдэг миний хувьд нэр төрийн асуудал. Би бас боддог байхгүй юу. Яагаад манай ард түмэн парламентаа үзэх сонирхолгүй болчихов. Яагаад хүндэтгэл нь буурав гээд. Яагаад ард түмнээрээ бүчүүлсэн тэр ухаалаг шийдвэрүүд байхгүй болчихов. Би ч гэсэн үнэнийг хэлэхэд таны нэрлэж байгаа наад хүмүүсийн чинь дуу хоолойг үгүйлж л байна. Магадгүй сүүлийн жилүүдэд манай нийгэмд хүч түрэн орж ирсэн энэ зах хязгааргүй цахим ертөнц нөлөөллөө үзүүлж байгаа байх. Энэ урсгал яг тодорхой ялгарлуудыг анзаарахгүй хуу хамаад явчихаж байна шүү дээ. Энэ харгис нөлөөлөл нэг шалтгаан нь байж болох юм.

-Өөрөөр хэлбэл ямар ч тархины ялгаралыг харагдуулахгүй  болгочихлоо. Оюуны зиндааг үгүй хийж байна ч гэж хэлмээр юм шиг.
-Ерөөсөө байхгүй болж байна. Нэг л их саарал, нэлэнхүйдээ саарал, нүүр царайгүй олонлог харагдаж байна.  Улс төрийн дүрүүдийг нь хараад энэ одоо юм ярих гээд яахав дээ гэж хэлтэл сааралтчихсан байна шүү дээ, энэ парламент. Үнэхээр харамсаар.

-Лидерийг яг юу юу бүтээдэг юм бэ. Жишээлбэл, С.Баярцогт яагаад энэ олон жил манлайлагч болж чадахгүй байгаа юм бол. Би түүнийг их гайхдаг юм. 20 –оод жил сэтгүүл зүйд ажиллахдаа нэг ч удаа энэ лидерээс ярилцлага авч үзээгүй. Ганцхан удаа уулзсан. Энэ улстөрчийг бодлого тээгчийнх нь хувьд хүндэтгэдэг . Гэтэл одоо цахим ертөнц рүү орохоор л тэр хүн шиг “муу хүн” байхгүй. Гайхмаар нь нам дотроо тэр дандаа бусдыг дагалдагч. Бүр өөртэйгөө зиндаархах бололцоогүй хүний “цэрэг” болчихсон явах.
-Би С.Баярцогтыг жинхэнэ нөгөө саарал кардинал гэж боддог ш дээ. Дандаа хөшигний цаана.

-Маш ухаантай гэж хардаг.
-Аймаар ухаантай.

-Тэгэхээр ерөөсөө хүний тавилан гэж байдаг юм болов уу?
-Ухаантай учраас тэгж байгаа юм биш үү.

-Гоё хариулт өгч байна. Гэхдээ та надаас нэг л зэнзийрхээд байх шиг.
-Та өөрөө намайг аягүй шахаж асууж байна шүү дээ.

-Би олон хүнтэй уулзаж ярилцдаг. Тэгээд анзаарч байхад цөөхөн хэдэн улстөрчийг хүмүүс үргэлж хүсэмжилж байх юм. Тэдний нэг нь та. Та яагаад нам чинь эрх барьж байхад хаа хамаагүй явна вэ. Лав л бидний хүссэн газар биш байна. Гол цөмд л байж байх ёстой хүн биш үү. Энэ түлхэлт байсан уу, эсвэл хувь лидерийн залхалт байсан уу. Үүнийг би асуух ёстой гэж үзэж байна.
-Би хувь улстөрчийн хувьд 2000 оны сонгуулийн хариуцлагыг тухайн үеийн эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар үүрээд гарсан. Үндсэндээ олон жил ажилгүй суусан. Гэхдээ ажилгүй гэдэг нь албан тушаалгүй гэдэг утгаар. Тэр хугацаандаа доктор ч хийлээ, сургууль ч байгууллаа. Янз бүрийн л юм хийлээ. Эмэгтэйчүүдийн байгууллагыг ч долоон жил авч явлаа. Хамгийн гол нь миний энэ томилгоо бол яг хувийн шалтгаантай байсан. Тийм учраас улс төрөөс Дэлгэрмааг зайлуулсан гэх асуудал байхгүй. Гэхдээ би бас элчин сайдаар очихдоо нөгөө л хуучин сэтгэлгээгээрээ УИХ-ын гишүүн бол нэг тойргийг, тэр тойргийн сонгогчдыг л төлөөлж ажиллана. Гэтэл би бол бүхэл бүтэн улс орноо төлөөлж тэнд ажиллаж байна. Ямар өндөр хариуцлага вэ л гэж бодож байсан. Мэдээж хэрэг элчин сайд гэдэг бол юун төлөө элч төлөөлөгч билээ. Улс орныхоо нүүр царай болох ёстой. Монголдоо юу авчрах ёстой вэ. Бас нэг хэдэн эрхэм зорилгыг өмнөө тавьчихсан. Тэр зорилго маань эхнээсээ хэрэгжиж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах, монгол хүний эрхэмсэг оршихуйн хамгийн эхний юм бол өөрийн гэсэн байр сууцтай байх. Энэ тал дээр бас Сингапурын хөрөнгө оруулагчдыг, хот төлөвлөлтийн дэлхийн шилдэг багийг монголд авчирлаа. Монголчууд мааань Сингапур луу эмчилгээнд их явах юм. Хүүхдүүдээ их сургах юм.  Тэр утгаараа шууд нислэгтэй болох юмсан гэж их мөрөөдөж байсан. Ирэх есөн сард МИАТ нисэхээр болж байна. Одоо тууз хайчилхад бэлэн.

- Гоё мэдээ байна.
-Тийм. Гэх мэтчилэн өөртөө тавьсан зорилгуудаа хэрэгжүүлчихлээ гэж бодож байна. Сингапурын боловсролын тогтолцоог Монголд авчрах юмсан. Энэ бол их чухал. Яагаад гэвэл Сингапурт чинь англи хятад хэл зэрэг явдаг. Монгол бол хоёр их хөршийнхөө хэлийг мэдэж байх ёстой. Дээр нь мэдээж олон улсын хэлтэй байх ёстой. Англи хэлтэй байх ёстой. Ийм л чиглэлээр ажиллаж байна даа.

-Бид эдийн засгийн хямралд автчихлаа. Амьдралын бодит хөрсөн дээр зовлон ихэслээ. Хөрөнгө оруулагчдаа үргээгээд гаргачихсан. Тэгээд ард түмэндээ хийж байгаа мэдэгдлүүд нь маш хариуцлагагүй, цадиггүй. Зүгээр л зэрлэг омгийн толгойлогч шиг Төртэй байна. Уг нь хамгийн оюун санааны нөөцтэй нам, монголын залуу үеийн их дэмждэг нам засаг барьж байдаг. Бид их найдаж байсан юмсан.
-Үнэн. Хөрөнгө оруулагчдыг бол үргээсэн. Ерэн онд бидний хийсэн  хувьсгалын үр дүн бол монголын тусгаар тогтнолын асуудал. Үүнд л аюул занал учирчих вий. Ийм л айдас байна. 100 хоногийн дотор эдийн засгаа сэргээх гэж байна гээд хаанаас ч юм вагон дүүрэн доллар орж ирээд улс орноо худалдчих вий гэдэг болгоомжлол байна. Үүнээс л би хамгийн их айж байна даа. Индонезийн нэг том улстөрч анх Сингапурыг тусгаар тогтноход  ногоон талбай дээр нэг жижигхэн улаан цэг гэж хэлж байсан юм гэнэ лээ. Индонез Малайз гээд хоёр том лалын орон. Лалын орнууд чинь дэлхийн газрын зураг дээр ногооноор зурагддаг. Тэгээд тэр нов ногоон орон зай дээр нэг жижигхэн улаан цэг байсан гэж байгаа юм. Ийм хоёр том орны дунд, ийм их хүний нөөцтэй орнуудын дунд тэр жижигхэн улаан цэг тэр хоёрыгоо даваад ,тэр бүс нутгийнхаа Төв нь болоод байж байна. Ийм улсыг бүтээсэн гэдэг бол үнэхээр гайхамшиг. Хамгийн гол нь тэд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогоо дээд зэргээр хөгжүүлж авч явсан. Тэр жишээг Изриалаас авсан. Энэ гайхамшигтай жишээг үргэлж харж явах ёстой. Болчимгүй улстөрчдийн балгаас болж энэ тусгаар тогтнолоо алдах вий. Энэ аюулыг битгий март. Стратегийн ордуудаасаа болж эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах вий. Үүнийг л бүү мартаасай.  Энэ хоёр аварга хөрштэй бид маш нарийн ухаалаг бодлогоор тоглох нь тодорхой. Гэхдээ үүнийгээ хэн нь хаанаа авч явж байгаа юм бэ. Тийм учраас манай улстөрчдийн санаатай санаагүй үйлдэл хариуцлагагтай байх ёстой шүү гэдгийг л хэлмээр байна.

-Сая манай хоёр ч сайдыг огцруулах асуудал парламентаар орлоо. Үндсэндээ шударга бус, хууль бус гэж хэлж болохоор аргаар л аваад үлдэх юм. Бусад улс орнуудын жишиг бол өөр байна. Бидэнд өөрөө өөртэйгөө тооцох хариуцлага байхгүй болж. Та эдгээр сайд нарын асуудлууд дээр юу хэлэх вэ?
-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж манай ардын зүйр үг бий. Овоог бол босгосон байна. Би өөрийгөө оронд нь тавьж хэлэхэд хэрэв би ийм байдалд орсон бол, ингэж улс орон даяар шүүлгэж, ийм хэмжээнд цоллуулсан бол өөрөө л огцрох байсан. Цаад асуудал нь энэ ард түмний ярьж шуугиж байгаа шиг биш байсан байж болно. Тийм юм болоогүй байж болно. Гэхдээ овоо босчихсон, шаазгай шаагиж байгаа тохиолдолд гүрийгээд байгаад байна гэдэг бол улс төрийн соёлын үүднээс асар соёлгүй явдал. Дэлхийн улс төрийн ёс зүйн жишиг бол огт өөр төвшинд гарчихсан шүү дээ. Энэ жишгийн өмнө шууд л өөрсдөө огцрох улс төрийн эр зориг, улс төрийн ёс зүйтэй байх ёстой.

-Ерөнхий сайдын хувьд түүнийг хэлэлцээрийн сайн мастер юм байна. Ийм олон тод лидерүүдтэй, олон фракцуудтай намаас ингэж гарч ирнэ, ингэж зохицуулалт хийнэ гэдэг бол улс төрийн ухаан, ур чадвар гэж үзэж байлаа. Гэвч тэр дэндүү дэл сул ерөнхий сайдын дүрийг бидэнд харуулж байна. Та түүний тухайд юу гэж үздэг вэ ?
-Ахиад л бидний яриа нөгөө лидерийн дутагдал, хүсэмжлэл рүү орох болох байх. Ерөнхийдөө манайд болж байгаа энэ үйл явдлууд, Төр засгийн энэ хямралууд шилдгийн шилдгүүд улс орныг авч явна гэдэг тэр ойлголтыг үгүй хийчихлээ л дээ.

http://ganchimeg.niitlelch.mn/

Monday, 20 December 2010

Б.ДЭЛГЭРМАА: "Манайх шиг “бага оврын” парламентад холимог тогтолцоо зохино"


“Норовбанзад” сангийн тэргүүн, улстөрч Б.Дэлгэрмаатай ардчиллын ойн өдөр уулзлаа.

-Хорин жилийн тэртээ хамт тэмцэж явсан нөхөд дундаа ороод баярын хуралд сууж байхад юу бодогдож байв?
-Олон сайхан илтгэл сонсоод сууж байхад энэ өдрүүд бидэнд баярлахаасаа илүү ухаарал, ойлголцол авчирлаа гэж бодож байна. Бид цэл залуугаараа улс төр гэдэг айхтар том, хатуу тогоонд орж ирсэн. Залуу явахад бие биеэ хайрлах, ойлгох цаг хугацаа ч байхгүй, нүдээ аниад л дайрдаг, маш их амбицтай, эрч хүчтэй явсан байна. Өнөөдөр энэ бүх алдаа оноогоо эргэцүүлж, тунгааж бодож, ойлгож суулаа. Бие биедээ хүлээцтэй уужуу хандах цаг ирсэн юм болов уу гэж бодож байна. Тэр ч утгаараа ардчилсан хувьсгалын хоёрдугаар шат илүү прагматик байгаасай, онол ярихаасаа илүү хэлж ярьж байгаа, цаасан дээр бичигдсэн зүйл маань хүний амьдралд яаж бууж байна гэдгийг илүү хараасай гэж хүсч байна. Ардчиллын институциуд гээд байгаа улс төрийн нам, УИХ, Засгийн газар маань ард түмэндээ юу өгч байгаа юм. Монгол хүний амьдрал 20 жилийн хугацаанд хэр сайжирсан юм. Энэ бүхнийг ардчилсан хувьсгалын хоёрдугаар шатандаа анхаармаар байна. Хувьсгал гэхээсээ илүү Засгийн газар тодорхой үүргээ биелүүлж, тодорхой цаг хугацаанд үр дүнд хүрч байх гэсэн ийм зорилттой байх хэрэгтэй юм байна. Энэ баярын өдрөөр бас Хэнтий аймгийн Ардчилсан намын журмын нөхдөдөө мэнд дэвшүүлэхийг хүсч байна.

-Үйлдвэржүүлэлтийг ардчилсан хувьсгалын хоёрдугаар үе шатад оруулж байгаа. Энэ үед юуг анхаарах ёстой вэ?
-Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын асуудал маш чухлаар тавигдах ёстой. Дан ганц уул уурхайд дулдуйдсан эдийн засагтай байж болохгүй. Уул уурхайн дагнасан үйлдвэржилт хөгжүүлэхийн сацуу хөдөө аж ахуйн орон гэдгээ анхаарах ёстой. Хөдөө аж ахуй дагасан үйлдвэржилтийг давхар хөгжүүлж, тэр нь эцсийн мөчдөө иргэдэд наалдсан жижиг, дунд үйлдвэр, өрхөд хандсан мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл явуулах боломжийг бүрдүүлээсэй. Зөвхөн төмөр зам, уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэр дагнаад явах нь өрөөсгөл юм. Хүнс, хөдөө аж ахуйдаа түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл бий болгож, бэлчээрийн даац хэтэрсэн газруудад эрчимжсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх нь чухал болж байна. Малчдад зуднаар үнэ төлбөргүй өвс тэжээл тараахаасаа илүү тэдэнд хөрөнгө, мал, хөдөлмөрөөрөө хорших, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог нь хангах хэрэгтэй болж байна. Ингэж арай иргэншсэн, боловсронгуй нийгэм рүү шилжих хэрэгтэй. Энэ нь эргээд хот руу нүүх хөдөөгийн урсгалыг зогсоох ач холбогдолтой юм.

-УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Хуульч хүний тань хувьд асуухад ямар тогтолцоотой, хууль гарвал өмнөх алдаануудыг давтахгүй байх боломжтой вэ?
-Намуудын дотоод ардчиллын өнөөгийн байдалтай холбоотойгоор өнөөдөр пропорциональ тогтолцоог сонгодог утгаар нь хэрэгжүүлж бас болохгүй байна. Холимог юм уу, одоогийн байгаа томсгосон тойрогтой мажоритар тогтолцоогоороо явж болох юм.

-Парламентад суудалтай намууд холимог хувилбар дээр бараг тогтоод байх шиг байна. Энэ тогтолцооны давуу тал юу вэ?
-Холимог буюу 26:50 гэсэн энэ тогтолцоо хоёр том намын тогтолцоо руу үндсэндээ шахаж байгаа гэсэн үг. Манай Монголын 76 гишүүнтэй бага оврын парламентад нэлээд зохицсон хувилбар юм уу даа гэж бодож байна. Гол нь тойргийн мандатын хуваарилалтыг өөрчлөх хэрэгтэй. Хүн амын 60-аад хувь нийслэлд төвлөрөөд байхад 20-хон гишүүний төлөөлөлтэй, гэтэл 56 мандат нь хөдөө орон нутагт ногддог. Үүнийг өөрчлөх шаардлагатай.

-Монгол даяараа нэг тойрог байна гэсэн нэг хувилбар явж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчих үү?
-Ардчиллын 20 жилийн түүхтэй манай орны хувьд энэ бол байж болох хувилбар. Улс, үндэстэн дотроосоо тухайн нэр дэвшигч тодорхой хувийн санал авна гэдэг бол улс төрд тохиолдлын хүн орж ирэхийг хаадаг. Зөвхөн улс төрийн намын дарга, удирдах зөвлөлийн хүрээнд шийддэг боловсон хүчний бодлогыг ямар нэг байдлаар хааж, илүү сонгогч руугаа хандсан, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс УИХ-д сонгогдож чадна. Ингэснээр зөвхөн сум, багийн бус, илүү үндэсний хэмжээний асуудал ярих боломж бүрдэнэ.

-Холимог гэхээр жагсаалтаар орж ирэх 50 хүн намын даргын үзэмжээр гарч ирэх магадлалтай гэсэн сөрөг тал бас байх шиг байдаг. Үүнийг яаж зохицуулж болох вэ?
-Тодорхой хүмүүсийн нэрийг зоож, ямар нэг хэмжээгээр сонгогчдын саналыг авсан, тодорхой босго давсан хүмүүсийг оруулах боломжтой. Намын нэрээс гадна хүний нэр дугуйлбал Үндсэн хуулиа зөрчихгүй. Тэгэхгүй хаалттай жагсаалтаар явбал гишүүдийн дунд хоёр ялгаа гараад ирнэ. Нэг нь сонгогчдын саналаар шууд сонгогдож гарч ирж байхад нөгөө нь намын даргын оруулсан хаалттай жагсаалтаар шийдэгдэж байвал мөнхийн оны ялгаа гэдэг шиг байдал үүснэ. “Би шууд сонгогдсон, чи жагсалтаар орж ирсэн” гэсэн маргаан, яриа тасрахгүй. Тийм асуудал үүсгэж Үндсэн хуулиа зөрчихгүйн тулд тэр намаас дэвшүүлсэн 50 хүний жагсаалт ил байж, сонгогчдын гараар дугуйлагдах ёстой. Намын жагсаалтын 25-д бичигдсэн хүн сонгогчдын саналаар 10-т орж ирж болно. Тэгвэл нам нь 60 хувийн санал авсан байлаа гэхэд тэр хүн УИХ-д ороод ирэх боломжтой.

-Эмэгтэйчүүдийн квот байх хэрэгтэй юү?
-Квот байх эсэх нь сонгуулийн тогтолцооноос шалтгаална. Холимог юм уу пропорционалиар явуулбал Сонгуулийн хуульд квот зайлшгүй байна. Мажоритар тогтолцоогоор, томсгосон юм уу жижигсгэсэн тойргоор сонгууль явуулбал эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэй нэр дэвшигчдээ оруулахын төлөө нам дотроо “байлдах” ёстой.

Д.Оюунцэцэг,
Source: www.news.mn

Wednesday, 21 July 2010

Б.Дэлгэрмаа: "Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт үүргээ гүйцэтгэсэн"

-Тэрнээс цаашихыг нь бол угаасаа хийж чадахгүй байгаа. Манай намын бүлгийн даргыг МАХН-ын бүлгийн дарга өрөөндөө дуудаж аваачаад,”Та нар ингэ, тэг” гээд байх чинь марзан биз дээ-

Улстөрч Б.Дэлгэрмаатай ярилцлаа

-Ардчилсан намын гишүүн гэдгээр бус улс төр судлаачийн тань хувьд асуумаар байна. Яг одоо Ардчилсан нам, МАХН хоёрын дотоодод болж байгаа энэ үйл явц Монголын улс төр дампуурч байгаагийн илрэл үү?

-Бүх юм цаг хугацаанаас хамааралтай. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болсон. Тэр аймшигт үйл явдлыг зөөлрүүлэх үндэсний эв нэгдэл гээчийг Бээжингийн олимпид монголчуудын гаргасан амжилт бий болгосон юм. Би өөрөө очиж боксын бүх тэмцээнийг нь үзсэн хүний хувьд хэлье. Хамгийн сүүлийн алтны төлөөх тэмцээн дээр Ерөнхий сайд С.Баяр орж ирсэн. МАХН-ын дарга ирсэн гэдгээр нь бус, Монголоо төлөөлж байгаа хүн гэдгээр нь бид нам, улс төр, үзэл бодлын бүх ялгарлаа мартаж, С.Баярыг орж ирэхэд маш сайхан хүлээж авсан. “Халуун элгэн нутаг”-аа дуулсан, монголчууд үндэсний бахархал гэдэг зүйл дээр нэгдэж чаддаг юм гэдгийг харуулсан. Дараа нь хамтарсан Засгийн газрын асуудлыг ярихад ч гэсэн. МАХН талдаа ч сонгуулиар Ардчилсан намын луйвардчихсан, сонгуулийн дараах ард түмний бухимдлыг харсан, Ардчилсан намын зүгээс 2008 оны сонгуульд маш их итгэл найдвар тавьж байсан гэдэг утгаараа, ялангуяа стратегийн орд газруудтай холбоотойгоор “Монгол Улсын хөгжил дэвшлийг байгалийн баялаг авч ирэх юм”, үүний төлөө хариуцлагыг хамтдаа үүрье гэж засагт орсон сайхан эрмэлзэл байсан. Энэ бүгд нийлээд хамтарсан засгийг байгуулсан, үүнийг дагасан маш их хүлээлт нийгэмд бий болсон.

-Алтан медалийн дараа манай төрийн өндөрлөгүүд, намын дарга нар бүгдээрээ Сүхбаатарын талбайд гарсан, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй байгаа маягтай байсан. Харин хүмүүс “Манай улстөрчид ийм л юм үзээгүй, тавьтаргүй. Үүнийхээ оронд төрийн бодлого, ажил хэрэг дээрээ ингэж эвлэж нэгдэхэд яана” гэж байсан?

-Би бол юм үзээгүй гэхээсээ илүү долдугаар сарын 1-ний тэр цуст үйл явдлыг илааршуулах, төр гэхээсээ илүү хүний нүүр царайг харуулах гэсэн л эрмэлзэл байсан юм болов уу гэж бодсон. Төр гэдэг төмрөөр хийсэн эд биш, тэнд ч гэсэн хүн л байгаа шүү дээ. Тэгээд хамтарсан засгаас асар их хүлээлт бий болчихоод байтал бүх юм хөшигний ард явж эхэлсэн. Хөшиг татчихаад цаана нь утсан хүүхэлдэй тоглуулаад даа, жүжигчний нүүр царай харагддаггүй. Яг түүн шиг ард түмэн сүүдэр дүрснүүдийг л улс төрд харж эхэлсэн. Ерөнхий сайд нь юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй, жүжигт оролцогсдын нүүр царай харагдахгүй, төрийн ил тод, тунгалаг байдал, хамтарсан Засгийн өөрийнх нь мөн чанар алдагдаад, бие биенээ хянахаасаа илүү хамтраад улс орноо хөгжүүлэх нь гэсэн нөгөө том хүлээлт алга болж эхэлсэн. Тодорхой нэг fase, нүүр царайг харж чадахгүй байгаа учраас бүх нийтээрээ бие биеэ “энэ олигархи, тэр олигархи” гээд эхэллээ л дээ. Гол дүрд хэн тоглож байгаа нь ойлгомжгүй, хоёрдугаар зэргийн жүжигчид ч гэсэн “Oskar” авдаг шүү дээ./инээгээд/ Гэтэл тийм ялгарал олон нийтэд харагдахгүй байгаа учраас хүмүүс бухимдаж эхэлж байна. Ард түмэн гэж хэлэхээ больё. Хүмүүс, олон нийт бухимдаж байна гэдэг чинь өөрөө эргээд “Монголын улс төрд юу болоод байна” гэдэг асуултыг тавьж эхэлнэ ээ дээ.

-Харин тэр асуултыг л би ч гэсэн танд тавиад байна?

-Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой институциуд нь УИХ, Ерөнхийлөгч, шүүх, прокурор нь нийгэмд болж байгаа үйл явцад хариулт өгөхгүй болохоор тэр хариултын эрэлд улстөрчид, нийтлэлчид, иргэний хөдөлгөөнийхөн, хөшигний наана байгаа хүмүүс хариулт хайж эхэлж байна. Бат-Үүл жишээ нь хоёр танхимтай парламенттай болоё гээд нэг хариулт, Х.Тэмүүжин прокурор, шүүхийг бүхэлд нь шинэчлэе гээд бас нэг хариулт, иргэний хөдөлгөөнийхөн - Ж.Батзандан, О.Магнай нар болохоор яг хариуцлага тооцох ёстой гэсэн хүмүүст нь мэдэгдэл өгөх жишээтэй. Ийм хариултуудыг өгөөд эхлэхээр “тэгвэл яаж хэрэгжүүлэх юм бэ” гэдэг бас нэг асуулт гарч ирнэ. Зарим нь “Монголоо шинэчилье” гээд Ардчилсан хүчний холбоо ТББ-ыг байгуулж байна. МАХН намаа шинэчлэе гээд бас нэг эрэлхийлэл хийж, зарим нь ч “энэ хоёр намын аль аль нь хийж чадахгүй, гурав дахь хүчнийг гаргаж ирэх ёстой” гээд тоглолтууд явж байна. Энэ бол ерөөсөө Монголын улс төр дампуурчихсан хэрэг биш. Хүлээлт их байсан, хангалттай хугацаа өнгөрсөн, хүлээлтийг биелүүлж чадаагүй учраас хүмүүс өөрчлөлтийг эрмэлзэж байна л гэсэн үг.

-Биелж болох хүлээлт нь тэгвэл юу байсан юм бэ, лав 70 мянга биш байх?

-Орчин үеийн ертөнцөд Засгийн газрууд институцийнхээ хувьд корпоратив удирдлагатай, багаар ажилладаг болсон. Би Ерөнхий сайд учраас миний Сангийн сайд, миний Батлан хамгаалахын сайд энэ юмаа гэж сонгодог. “Миний” гэдэг нь “манай намын” гэсэн үг, нам гэдэг сонгуулиар зарласан мөрийн хөтөлбөр, мөрийн хөталбөр бол бодлого. Бодлого гэдэг нь Засгийн газрын шийдвэр, түүнийг дэмжсэн эрх зүйн орчин буюу хууль тогтоох байгууллагаас гаргасан хуулиуд. Татварын ийм бодлого явуулна, энэ салбараа ингэж дэмжинэ гэх мэтчилэн. Дөрвөн жил гэдэг бол улс орны хөгжлийн дунд хугацаа. Ойрын биш, их алсын биш, дунд хугацаа. Гэтэл дунд хугацаанд юуг шийдэж болох вэ гэдэг бодлого засгаас засагт үгүйлэгдэж байна. Яагаад гэвэл Засгийн газар үндсэндээ 2004 оноос хойш яг тэр “баг” гэдгээрээ бүрдэхгүй байна шүү дээ. Зөвхөн нам доторх фракциудын төлөөлөл, шахааны хүмүүс. УИХ болохоор өөр дээрээ дэндүү их ачаа аваад байна. 1996-2000 оны парламент бол бодлого л хийдэг байсан. Үнийг либералчилья, суурь үнийг чөлөөлье, орон сууцаа хувьчилья, даатгалын тогтолцоо, хариуцлагын механизмыг бий болгоё гэх мэтчилэн. Гаалийн татварыг тэглэснээр Улаанбаатарыг түгжрэлд оруулаад байгаа энэ олон автомашинууд орж ирсэн, барилгын материал орж ирсэнтэй холбоотойгоор барилгын бизнес цэцэглэсэн, ёстой нөгөө “boom” болоо биз дээ. Тэр эхлэлүүдийг нь тавьсан байхгүй юу, бодлого гэдэг энэ. Түүнээс биш УИХ-ын гишүүн тойрогтоо хүүхдийн тоглоомын талбай барьснаар сайн ажилласан нэр зүүх ёсгүй. Үүний төлөө орон нутагт эрх барьж байгаа институцууд нь ажиллах ёстой. Төрийн байгууламжийг бид Үндсэн хуулиараа заачихсан шүү дээ.

-Хөшигний наана, цаана гэж та ярих юм. Гэтэл хөшигний наана үлдчихсэн гээд байгаа Ардчилсан хүчний холбоонд эрх барилцаж байгаа Ардчилсан намаас сонгогдсон гишүүд яваад байна. Тэгвэл Засгийн газарт Ардчилсан нам бус, бүлэг фракци л ажиллаад байгаа юм уу?

-Бас л түүх ярья л даа. 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад МҮАН-ын чуулган, МСДН-ын бага хурал хуралдаж, асуудлаа шийдэж байсан. Ер нь манай Ардчилсан намын үе үеийн удирдлага бүх асуудлыг хамтдаа шийддэг байсан. Үндсэний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулдаг. Асуудлыг хагалах, улс төрөө хийх талбар нь тэр шүү дээ. Өнөөдөр жишээ нь бид ҮЗХ-ны гишүүд яагаад хөшигний наана, цаана орчихсон бэ гэвэл, манай намын дарга хаана байгааг бүү мэд. ҮЗХ гэдэг гишүүдээсээ жилд сая төгрөгийн татвар авдаг л байгууллага болсон. Хамгийн сүүлд Элбэгээ дарга байхдаа хамтарсан засагт орох асуудлыг ҮЗХ-гоор шийдүүлсэн. Гэхдээ намын даргаа өгчихөөд, Н.Алтанхуягийг дарга болсны дараа, тэр өдрөө шийдүүлсэн. Түүнээс хойш намынхаа даргын барааг харсангүй. Сайд нараа яаж гаргасан, боловсон хүчний бодлого нь хаана явааг ч мэдэхгүй. Сайд гэдэг чинь сандал ширээ биш шүү дээ. Сонгуульд ачааны хүндийг үүрсэн, энэ намын их үнэ цэнэтэй боловсон хүчин, ард олноосоо хүлээн зөвшөөрөгдсөн лидер, улс төрийн карьер хийх, намд ялалт авчирах боломжтой гэж үнэлэгдсэн хүмүүс нь намаараа хэлэлцэгдэж байж томилогдох ёстой. Гэтэл өнөөдөр хөшигний цаана орчихоод байгаа тэр хүмүүс ямар учир жанцангаар сонгогдсон юм, намын олон түмнээс дэмжигдсэн үү үгүй юү гэдэгт би эргэлзээд байна.

МАХН бол томилгооны туршлага гэдэг үүднээс нь ахмад үеэсээ ч, шинэ залуу үеэ бэлтгэх гэдэг утгаараа залуучуудаасаа ч, эрэгтэйгээ ч, эмэгтэйгээ ч оролцуулаад, харьцангуй нийгмийн төлөөлөл маягаар оруулж чадаж байна. Тийм учраас залуучууд Зүүний хүчний холбоогоор дамжаад энэ намд карьер хийх боломж байна гэдэг утгаар нь МАХН илүү итгэл даах байдал үүсчихлээ. Гэтэл нийгэмд барууны үзлийн орон зай байгаад байдаг. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хүндэтгэж үзэх, төрийн оролцоог хамгийн бага байлгах, нийгмийн халамж гэхээсээ илүү эдийн засгаа хөгжүүлэх гэх мэтчилэн. Тэгэхээр улс төрийн карьер хийх ёстой тэр хүмүүс чинь юуны төлөө энэ намд байгаад байгаа юм бэ. Сэтгэлээ, зүтгэлээ, цагаа, мөнгөө, бүх юмаа өгөөд намын гишүүн гээд яваад байгаа юм. Мэргэжсэн улстөрчдийн давхарга бий болгохын төлөө явах ёстой юу, алдаршаад ирэнгүүтээ парламент руугаа зүтгээд, баахан бөхчүүдийн парламент болох уу. Онолын хувьд болно л доо. Японд ч гэсэн сумогийн алдартай бөхчүүд, дуучид парламентад орсон л байдаг. Хүн өөрийнхөө хүсэл сонирхлыг золиослоод нийгмийн төлөө зүтгэж болно. Гэхдээ 7-8 сумоч сууж байвал бас л марзан парламент болно биз дээ. Тэр утгаараа парламентыг илүү мэргэшүүлэх, хуулиа урт настай байлгахын тулд мэргэшсэн улстөрчид нь дуу хоолойгоо өргөх асуудал манай парламентад дутагдаад байна.

-Д.Дагвадоржийг зодог тайлаад ирэхэд нь сэтгүүлчид “Улс төрд орох уу” гэж асууж байна лээ?

-Аргагүй шүү дээ. Тодорхой үлгэр жишээнүүд байгаа юм чинь.

-Гэхдээ томилгооны асуудал дээр ярихад С.Баярын Засгийн газар шүү дээ, МАХН-ын талаас илүү эрх мэдэл эдэлсэн. Танай намаас оруулсан нэг нэр дэвшигчийг лав хэдэнтээ буцаасан санагдаж байна?

-Үгүй байх аа. Угаасаа Ардчилсан намын хувьд тодорхой фракциуд хоорондоо тохиролцоод МоАХ, МҮДН, Зүүн хойд Азиас нэг нэг, үлдсэн гурав нь МСДН-үүд гээд хуучин угшлаараа орсон шүү дээ.

-Н.Алтанхуяаг дарга алга болчихжээ. Гэтэл танай ерөнхий нарийн бичгийн дарга хэнийг төлөөлдөг юм бэ? Намын даргыг уу, эсвэл бас өөр нэг фракцийн төлөөлөл үү?

-Генсек бол угаасаа л ажлын морь шүү дээ. Би ч гэсэн генсек байсан. Бүхэл бүтэн намыг зохион байгуулж менежмэнтийг нь авч явна. Тэр тусмаа энэ олон фракци, олон сонирхол, элдэв хөдөлгөөнүүдийн дунд зохицуулагч, “замын цагдаа” нь. Харин өөрөө их ноён нуруутай хүн учраас энэ ажлаа их сайн хийж байгаа.

-Сайн гэдгийг ямар утгаар хэлж байгаа юм бэ, миний харахад Ардчилсан нам дотроо тэмцэлдээд, намын даргатайгаа муур хулгана болоод. Яг юуг нь зохицуулаад байгаа юм бэ?

-Хувь хүнийхээ хувьд их ноён нуруутай, аливаа асуудалд туйлшираад байдаггүй, ажил хэрэгч, өөрөө бизнес эрхэлж байсан, дүүргийн Засаг дарга байсан гэдэг утгаараа “яс” л даа. Тийм чанар ховордоод байна шүү дээ. Харин “замын цагдаа”-гийн хувьд бол генсек гэдэг өөрөө их том албан тушаал. Энэ фракциуд дунд зохицуулалт хийх, хажуугаар нь засагт орчихсон, завгүй байгаа намын даргатайгаа учир начраа олох, бодлогыг нь зөв залуурдах тал дээр бол харагдахгүй байгаа. Намын дарга гэдэг бол бодлоготон байхгүй юу. Намын гишүүнийхээ хувьд би Д.Эрдэнэбатыг шүүмжилж болно. Гэхдээ улс төрд олон жил хамт зүтгэсний хувьд, хувь хүнийх нь хувьд бол хүндэлдэг. Яван чангарна гэгчээр өөрийгөө олон түмэнд таниулж байгаа. Жижиг дүүргийн дарга байгаад том улс төр хийхэд хэцүү шүү дээ.

-ҮЗХ-ны сонгууль ер нь юу болоод өнгөрөв өө? Хэнтийд жишээ нь яаж явагдсан бэ?

-Их олон хүн уналаа, гарлаа л гэнэ. Би бол жамын юм жамаараа боллоо л гэнэ. Баянгол дүүрэг дээр болсон сонгуулийн тухай сүүлийн гурав хоног л хэвлэлээс уншлаа. Х.Тэмүүжин гэдэг ҮЗХ-ны гишүүн, Х.Баттулга гэдэг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ротациар унасан юм байна л даа. Сайд Х.Баттулгын оронд жирийн нэг эмэгтэй гишүүн Б.Одонтуяа гарсан байхад буруу юу байгаа юм. Х.Баттулга гэдэг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн намынхаа гишүүдтэй мессэжээр харьцаж болохгүй л байхгүй юу. Тэр хүн намтайгаа л ажиллах ёстой. Одонтуяа бол дөнгөж улстөрд орж байгаа шинэ хүн. Энэ хүн МоАХ-ыг тэргүүлж байгаа энэ том УИХ-ын гишүүн, төрийн сайдын оронд гарч ирж, намын хороо нь тэгж үнэлж байна гэдэг манай нам ардчилсан байгаагийн л шинж. Х.Тэмүүжингийн хувьд ч ялгаагүй, өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Залуу хүн алдаанаасаа суралцана биз. Харин манай Хэнтийн Ардчилсан намын хурал дээр ямар ч маргаан гараагүй, зөвхөн бодлогын асуудал ярьсан. Ротаци энэ тэр сонин биш байсан. Сүүлийн гурван жил ротацид ороогүй байсан Да.Ганболд А.Энх-Амгалан хоёрыгоо ротацид оруулаад 80 гаруй хувийн саналаар дахиад сонгосон.

-Бодлогын ямар асуудал хэлэлцсэн гэж?

-Намаа яаж илүү ардчилалтай болгох вэ, 2012 оны сонгуулиар яаж ажиллаж, ялалтад хүрэх вэ, малчдын асуудлыг яаж шийдэх вэ гэж ярьсан. Тийм учраас би Хэнтийн Ардчилсан намын хорооныхоо гишүүдээрээ үнэхээр бахархаж байна. Хотод ирсэн, манай намын ҮЗХ-ны сонгуулиуд хэцүү л болсон юм байна. Энэ их задрал, хуваагдал, сахилга батгүй байдал чинь намын удирдлагын оролцоо хангалтгүй байгаатай л холбоотой. Намын хороо хоёр хуваагдаж хуралдаад, хоёулаа ҮЗХ-ны гишүүд сонгосон гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хан-Уул бол анх удаа нийслэлд ялалт байгуулсан дүүрэг. Намын гишүүд нь өлсгөлөн зарлалаа гэж байхад ядахдаа тэнд намын даргын хувьд очоод хоёр талтай хоёулантай нь уулзаж ярилцаад, зөрчлөөс гаргах түмэн арга байна шүү дээ. Гэтэл Сонгинохайрхан дээр МАХН яаж шийдэж байна. Тийм байдлаар зарим тохиолдолд зангаргаа ч харуулах хэрэгтэй. Болж өгвөл эвлэрүүлэх, боломжгүй бол хүчээр ч болтугай асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Манай нам Ардчилсан нам болохоос анархист нам биш шүү. Энэ нам чинь ерөөсөө хөл, толгойгүй болчихсон л харагдаж байна. Н.Алтанхуяг гэдэг хувь хүнийх нь хувьд биш, намын даргынх нь хувьд хэлэхэд, манай намын ерөнхий дүр төрхийг харахад тийм л байна.

-Хэнтийн Ардчилсан нам ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Үүнийгээ ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт сонордуулаарай гээд шаардах бичиг үйлдсэн байгаа.

-Ямар шалтгаанаар?

-Хэнтий аймагт нэг онцлог бий, УИХ-ын гурван гишүүн МАХН-ынх. Орон нутгийн сонгуулиар манайх нэлээд олон суманд амжилт үзүүлсэн. Аймгийн Засаг дарга н.Эрдэнэбаатар гэж МАХН-ын хүн байгаа. Энэ хүн жинхэнэ орчин үеийн хэлмэгдүүлэлтийг явуулж байна. Манай нам ялсан сумуудад Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын тамгыг хүчээр хурааж авч байна, ажлыг нь хийлгэхгүй, дарамт шахалт үзүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар Жаргалтхаан суманд мөн Ардчилсан нам ялалт байгуулсан, илүү хүнд байдалд орсон. Тамгыг нь хурааж аваад цагдаа, сэргийлэх болоод явж байгаа. Тийм байхад яагаад намын дарга тэнд очиж асуудлыг зохицуулахгүй байна. Хамтарсан засаг юм бол яагаад сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан орон нутгийн удирдлагын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа юм. Жаргалтхаан сумын удирдлагууд намын даргатай уулзах гэж бүтэн гурван сарын турш хот руу ирсэн, ирэх тоолондоо цаг авч чадалгүй буцаж байсан. Орон нутгийн сонгуульд амжилт гаргасан хүмүүсээ ингэж хаяад байх юм бол Ардчилсан намд тэсч үлдэх хүн хэцүү л болно доо. Бор-Өндөрт бас ялалт байгуулсан, дөрвөн шатны шүүхээр яваад ялсан байхад одоо хүртэл тамгыг нь өгөхгүй л байна. Иймэрхүү байдлаар гишүүдтэйгээ ажиллахгүй, зөвхөн фракцийн хэмжээнд сэтгээд явна гэвэл харамсалтай л байна.

-Гэхдээ үүний төлөө Засгийн газраас гарах ёстой гэж үү?

-Оюутолгойн гэрээг байгуулснаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон үүргээ биелүүлсэн гэж би бодож байгаа. Ерөнхийдөө жишиг гэрээ байгуулчихлаа, цаашид олон том ордууд дээр ийм жишгээр гэрээ байгуулах юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо. Одоо бол асар их мөнгө орж ирэх асуудал л яриад байгаа шүү дээ. Тэр нь чухам ууцны мөнгө болоод явчих юм уу, үгүй юу. Өнөөдөр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шалтгаан нь юуны өмнө тэр 28 хүн парламентад хяналтаа тавих ёстой. Иргэний хөдөлгөөнийхөн энэ хяналтыг тавихгүй. УИХ-ын 28 гишүүн хяналтаа тавьж, Ерөнхий сайд нь, сайдууд нь баасан гариг бүр Засгийн газрын мэдээллийн цаг дээр тайлангаа тавьж байх ёстой. Хамтарсан Засгийн газраас гарах учир холбогдол нь үүнд байгаа юм. Хоёрдугаарт, улс төрийн тогтолцооны энэ гажгийг засахын тулд улс төрийн намуудаасаа эхлэх ёстой. Улс төрийн намуудынхаа хуулийг шинэчлээд, сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх болбол энэ хоёр намын барууны, зүүний гэсэн үзэл баримтлалын ялгаа нь харагдаж байх ёстой. Хамтарсан Засгийн газартайгаа 2012 оны сонгуульд туугаад орох юм бол хэн нь хэн бэ, аль нам нь юуны төлөө яваа юм гэдгийг сонгогчид олж харахгүй. Одоо чинь хоёулаа л нэг юм яриад туугаад байгаа биз дээ. Үзэл баримтлал дээрээ суурилсан мөрийн хөтөлбөр нь ялгагдахгүй байна. Татвараа нэмэгдүүлж, халамжийн бодлого явуулах гээд байгаа юм уу, татвараа бууруулж, либертари эдийн засгийн бодлого явуулах юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Чухамдаа Засгийн газраас гарах шалтгаан нь улс төрийн намуудын хямралыг зогсоох гэсэн том бодлого юм. Тийм учраас битгий тэр сайдынхаа албан тушаалтай зууралдацгаа, тэртэй тэргүй та нар хийх юмаа хийчихсэн гэх байна. Тэрнээс цаашихыг нь бол угаасаа та нар хийж чадахгүй байгаа. 45 суудал авсан МАХН хариуцлагаа үүрээд, сонгогчдынхоо өмнө “бид ингэсэн” гэдгээ явна биз. Манай намын бүлгийн даргыг МАХН-ын бүлгийн дарга өрөөндөө дуудаж аваачаад,”Та нар ингэ, тэг” гээд байх чинь марзан биз дээ.

-Тэгвэл МАХН-ын дотоодод болж байгаа тэмцлийг та юу хэлэх вэ. Н.Энхбаярын улс төрд эргэж орж ирэх цаг нь болсон уу?

-Н.Энхбаяр гэдэг 2000 оны үнэмлэхүй олонхийн парламентын дарга, Ерөнхий сайд, дараа нь 2005 оноос хойшхи Ерөнхийлөгчийг хараад би нэг дүгнэлт хийсэн. 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж гэдэг улстөрч ялсан биш, Н.Энхбаяр гэдэг улстөрч ялагдсан юм. Сонгуулийн “пиар” нь буруу байсан л байх. Гэхдээ энэ хүн улстөрчийнхөө хувьд эрх мэдэл, засаглалд хэт бялуурсан, толгой нь эргэсэн, олон түмнээс тасарсан. Дээр нь багаар ажилладаг зарчмыг улстөрд алдагдуулж, баг нь тойрон хүрээлэгчид болсон. Ерөнхий сайд гэдэг бол ижил тэгш эрх бүхий сайд нарынхаа дунд нэгдүгээрт жагсаж байгаа л хүн байхгүй юу. Гэтэл энэ хүн тойрон хүрээлэгчид, бялдуучдын хүрээг ерөнхийлөн захирдаг хүн болсон. Тийм учраас улстөрчийнхөө хувьд бол явахгүй гэдэг нь ойлгогдож байгаа. Нэгэнт л олонхийн саналыг авч чадаагүй бол өөртөө дүгнэлт хийх цаг хугацаа энэ хүнд хэрэгтэй. Энэ хүнийг Монголын нийгэм хүлээж авах цаг нь ч болоогүй. Өмнө гаргасан алдаан дээрээ дүгнэлт хийж байж эргэж улстөрд орохгүй бол, яг хуучин шигээ, одоо ярьж байгаа шигээ гонгиносон байдлаар улс төрд орно гэвэл улс төр хүлээж авахгүй. Гэхдээ 50 гарчихсан хүн өөрчлөгдөнө гэдэг хэцүү л дээ. Бараг л үгүй. МАХН-ын хувьд бол яах аргагүй хүчтэй лидерийн эрэлхийлэл байгаа байх. Хүчтэй, харизм бүхий С.Баяр нь байхгүй байна шүү дээ. Манай намын хувьд бол харин хүмүүс жагсаж болно шүү, намын даргад.

-Та С.Баярыг намын даргаа өгнө гэж бодож байна уу?

Нэгэнт л улс төр гэдэг тодорхой хувь хүнд зориулагдсан байдаггүй учраас дүрмээрээ л явна шүү дээ. Ерөнхий сайд намын дарга байна гэдэг. Эсвэл дүрмэндээ өөрчлөлт хийх хэрэгтэй. Үгүй бол Ерөнхий сайдаа дахиад солих, “одоо эрүүл мэнд нь сайжирлаа, Ерөнхий сайдаа буцааж авья” л гэх байх даа. Онолын хувьд шүү дээ.

Б:СЭМҮҮН
Эх сурвалж: www.news.mn

Б.Дэлгэрмаа: Элбэгээ надад жаахан гоморхож явдаг юм шиг байна лээ

УИХ-ын гишүүн асан, Мон­голын ардчилсан эмэг­тэй­чүүдийн холбоо, “Но­ровбанзад” сангийн тэргүүн Банзрагчийн Дэлгэрмааг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ярилцлагаа тойруулж, бөөрөнхийлөхгүйгээр шууд нэг сэдвээс эхэлмээр байна. Энэ бол улс төрийн ашиг сонирхлын үүдэлтэй төрийн өндөр албан тушаалын шинэ томилгоо бүрийн өм­нө Б.Дэлгэрмаа гэдэг нэр байнга хадаастай байдагтай холбоотой асуулт л даа. Өнгөрсөн долоо хоногт бол­­сон улсын Ерөнхий про­курорыг томилох асуудалд ч таны нэр дурдагдаж байсан. Гэтэл эцсийн шийдвэр нь таныг орхигдуулж гарлаа?

-Аливаа албан тушаалын томилгоон дээр миний нэр бо­дитойгоор явдаг. Эцсийн эцэст томилгооны гадуур үлддэг нь шийдвэр гаргагчдад ямар нэгэн үндэслэл, бодит шалтгаан бай­даг байх л даа.

-Бодитой гэхээр юуг хэлж байна?

-Сая Ерөнхий прокурорын асуудал дээр гэхэд Д.Дорлиг­жав бид хоёрын нэр яригдсан. Ардчилсан намд хуульчдын хүрээ их цөөхөн. Харин Ерөнхий прокурор гэдэг Үндсэн хуулийн хүрээнд их том албан тушаал. Энд хувь хүний зангараг, мэр­гэжлийн туршлага, чадавхи гээд олон зүйл шаардлагатай. Иймд Д.Дорлигжав бид хоёрыг ярьж байгаад Ерөнхийлөгч өөрөө сонголт хийсэн байх л даа.

-Олон томилгооны өм­нө нэр тань гардаг ч эцсийн шийдвэр нь өөр хүн болчихоор танд мэдээж ямар нэгэн бодол төрдөг байх. Тэр бодлоо хуваалцахгүй юу?

-Яах вэ дээ, том улстөрч гэдэг бол улс төрийн карьер хийх гэж л намын төлөө итгэл үнэмшилтэй байж, улс төрийн тэмцэлд орон зайгаа эзэлдэг шүү дээ. Түүнээс бус хэн нэгэн лидерийг дагаж, кноп дар гэхэд нь дараад л, тэр эрх ашгийг хамгаал, өөр бусдыг нам дар гэснээр нь гүйцэтгээд гүйж явах ёсгүй. Гэхдээ улс төр угаасаа багийн тоглолт учраас нам доторх бүлэглэл нь лидерээ дагаад ямар нэгэн сонирхол дээр нэгддэг. Тэр бүлэглэлд өөрийн орон зайгаа эзлээд, тоглоомын дүрмийн дагуу тоглоод явах нь улс төр. Үүнээс ангид байгаад, гав ганцаараа сонголт хийнэ гэж байхгүй. Иймд мэдээж тэр тоглолтоос гадуур, тойргийн хүрээнээс гараад байна гэдэг бол нэг их баярлах зүйл биш. Ялангуяа олон жил энэ улс төрд юуны төлөө, яах гэж яваад байгаа юм бэ гэдэг асуудал надад тавигдаж байгаа. Хүнд тодорхой зорилго байдаг даа. Би хөрөнгө мөнгөө, сэтгэлээ, цаг зав, залуу нас гээд бүх юмаа улс төрд зориулж байхад “Яагаад” гэдэг асуудал гарч ирнэ биз дээ. Тэр тусмаа миний тухай болсон болоогүй бор шувуу нисгэх, хүмүүстэй эв түнжингүй болгож хагаралдуулах юм хийж байхад дургүй хүрнэ биз дээ.

-Та Ерөнхийлөгчийг намын дарга байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Монголын ардчиллын 20 жилийн түүхэн дэх та хоёрын оролцоо гэж бас байна. Энэ нь Ц.Элбэгдорж хувь хүнийхээ хувьд ч, Ерөнхийлөгчийн хувьд ч танд итгэл хүлээлгэж болох үзүүлэлт шүү дээ. Ийм бодол олон хүнд төрж байгаа. Танаас ч нэг их хол биш болов уу гэж бодож байна?

-Би анх Элбэгээ даргатай 1993 онд “Улс төрийн боловс­ролын академи байгуулах гэж байна. Чи очооч” гэдэг санал тавьснаар ойр дотно болж хамтран ажилласан. 1998 онд Элбэгээ дарга намайг генсек болгосон. Тэр үед манай нам засгийн эрх барьж байсан. Эрх баригч намын генсек гэдэг бол улстөрч, тэр дундаа эмэгтэй хүний хувьд улс төрийн карьерийн хувьд их том албан тушаал. Генсек болоод би намынхаа ажлаар маш олон хүмүүстэй уулзаж, хөдөө орон нутгаар явж байсан л даа. С.Зориг агсны амийг хороосон, Казиногийн хэрэг, Ерөнхий сайд Элбэгээ огцорсон гээд манай намын нэр хүнд их унасан, маш хүнд үе байсан. Тэгээд би намынхаа эрх ашгийн төлөө тэр үед Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд болоход дүрмийн дагуу түүнийг намын дарга болох ёстой гэж Элбэгээ даргыг намын даргаас нь огцруулах саналыг намын бага хуралд оруулж байсан юм. Тэрэнд жаахан гоморхож явдаг юм шиг билээ.

-Хэн гоморхдог гэж?

-Элбэгээ.

-Яагаад?

-Өөрөө намайг нэлээд зүтгүүлж байж генсек болгож байсан юм. Манай намын Ерөнхий зөвлөлийн хурлаар намайг хүлээж авахгүй олон хүн байсан. Тэгэхэд “Намын даргын хувьд Дэлгэрмаад итгэж байна” гэж байгаад тавьсан. Гэтэл тэгж тавьсан генсек нь их том улс төрийн илтгэл тавьж, Элбэгээ даргыг намын даргаас болиулна гэдэг нь бас л гомдохоор зүйл болсон байх л даа. Миний хувьд залуу ч байж, зоригтой ч байж, зарчим ярих дуртай ч байж. Гэхдээ би одоо ч намаа аврахын тулд тухайн үед зөв зүйл хийсэн гэж боддог. Дараа нь Элбэгээ Ерөнхий сайд болохдоо “Чи ер нь их аюултай шүү. Гэнэт нөгөө шударга зан чинь хөдлөөд эхэлбэл” гэж байсан. Мэдээж энэ ардчиллын түүхэнд гар гараасаа барилцаж явсан учраас сайн, муу олон зүйл байгаа л даа.

-Тэгвэл энэ удаа ч Ерөнхий прокурор болчихвол нөгөө шударга зан нь хөдлөөд эхэлбэл гэж бодсон байж болох юм, тийм үү?

-Тэр нь ч юу юм бэ. Ямар ч байсан тэр сонголтоо хийсэн.

-Энэ сэдэвтэй холбоотойгоор ардчиллын мөн чанарыг Монголд таниулж байсан хүмүүс нь тойргийн гадна шахагдаж гарснаар өнөөдөр дагалдан баясагчид, ардчиллаа хамгаалах чадваргүй нэн шинэ үеийг бий болгож байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Аливаа зүйл үечлэлтэй явдаг шиг байгаа юм. Би гэхэд 36 настайдаа л УИХ-ын гишүүн болж байсан. Улс төрд хорин жил зүтгэжээ. Одоо ардчиллын ахмад үед нь хамаарагдах гэж байна. Шинэ үе улс төрд орж ирэх ёстой. Бидний үед улс төрд хуучинсаг хэв маягаа хадгалах сонирхолтой, шинийг эрэлхийлэгч гэсэн эсрэг тэсрэг хоёр хүчин манай нийгэмд их ялгарч харагддаг байсан. Өнөөдөр хуучин шигээ үзэл санаа, бодлогын ялгарал харагдахаа болиод байна. Энэ нь ч аргагүй юм. Хоёр ч удаа хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Хоёр нам хоёулаа л адилхан мөнгө амлах юм. Нийгмийн халамжийг адил хүртээнэ гэх. УИХ-ын гишүүд нь аль намын гэдэг нь мэдэгдэхгүй болтлоо ижилсжээ.Гэтэл нийгмийн өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал маш хүнд байна. Хуучин шиг ардчиллын үнэт зүйл гээд ярихаар хийсвэр хоосон зүйл болчихоод байна. Ийм үед чи хувьсгалт нам, би ардчилсан гэдэг нь нэг их чухал биш болчихсон. Шинэ залуу үе илүү прагматик болсон. Өөрөө ардчиллын анхдагчид хаана, юу хийж байна вэ. Энэ хүмүүс таны асууж буй эрх мэдэл, албан тушаал, мөнгөний тойргоос шахагдсан уу гэж асууж байна аа даа. Баабар гэхэд соён гэгээрүүлэх, хэвлэлийн том магнат болох чиглэл рүү явчихлаа. Их том үзэл сурталтан байсан хүн. Да.Ганболд гэхэд Монголд анх либераль үзэл санааг түгээж, улс төрийн нам гэж институтыг бий болгосон гэж би үнэлдэг. Одоо хотын орлогч дарга гээд аж ахуйн ажил хийгээд явж байна. Э.Бат-Үүл гэхэд харамсалтай нь, нөгөө л хувьсгалтайгаа зууралдаад яваад байна.

-Э.Бат-Үүл гишүүн бас ч гэж Улсын баатар болсон шүү дээ?

-Өө тийм, Улсын баатар болж, алтан сэлэмтэй болсон юм байна шүү дээ. Ц.Элбэгдорж гэхэд Ерөнхийлөгч боллоо. М.Энхсайхан гэхэд ҮШН гэсэн намын ажил ч хийж байгаа юм уу, барилгын бизнес эрхлээд байгаа юм уу хаана байгааг нь мэдэхгүй байна. С.Зориг маань бидний дунд алга. Ер нь өнөөдөр тэр хүмүүс нийгмийн түүчээ болоод явахад их хэцүү л дээ. Яагаад гэхээр нийгэмд шинэ удирдагчид гарч ирэх ёстой. Гэхдээ яг тэдний түвшинд байж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй юм. Хүнийг хамгийн их эвддэг зүйл бол эрх мэдэл, мөнгө хоёр.

-Та УИХ-ын гишүүн байсан. Нөлөө бүхий улстөрч гэдэг тодорхойлолт таныг ямагт дагадаг. Тэгвэл хүнийг эвддэг тэр хоёр хүчин зүйлийн хаагуур нь өнгөрөөд байгаа юм бэ?

-Би хаана явж байна гэж үү. Нийгэмд их чухал нэг зүйл байдаг юм. Тэр бол оюун. Харамсалтай нь, өнөөдөр нийгэмд тэр оюун бодол гэдэг зүйл орхигдсон байна. Би орхигдуулахгүй гэсэндээ “Норовбанзад” сангийн ажлаа хийгээд явж байгаа.

-Та Э.Бат-Үүл гишүүнийг харамсалтай нь хувьсгалтайгаа зууралдаад гэж хэлсэн. Энэ бол зөвхөн түүний санал биш. “Монголд хувьсгал хийх хэрэгтэй” гэх санааг Э.Бат-Үүл гэдэг хүн нэг талаас нь тайлбарлаж байхад Амлалт нэхэх ард түмний холбоо гэхэд өөрсдийн үндэслэлийг гаргаж тавьсан. Үнэхээр тэдний хэлж буй шиг 20 жилийн ардчиллын түүхийг ололт, амжилттай нь нэг үе болгож багцлаад, дараагийн хувьсгалын үр дүнг монголчууд хүртэх шаардлага нийгэмд байна уу?

-Би хувьсгал гэдэг үгнээс айдаг. Яагаад гэхээр манай урд хөршид Соёлын хувьсгал болоход Мао залуучуудыг турхирч, маш аймшигтай үр дүнд хүрсэн. Энэ хувьсгалд хэн өртдөг вэ гэхээр хамгийн түрүүнд сэхээтнүүд өртдөг. Тэгэхээр Үүл маань хувьсгал гэж ярьж байгаад өнөөдрийн Монголд хэт баян, хэт ядуугийн ялгарал бий болсон энэ нөхцөлд хувьсгал хийх юм бол сэхээтнүүд л өртөнө. Монголын байгалийн баялгийг ашиглаж, долларын саятан болсон тэр баячууд ч яах вэ шууд гадагшаа зугтаагаад алга болно. Тэд аль хэдийнэ хадгаламжаа Швейцарийн банкинд хадгалуулж, гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, үр хүүхдээ сургаж байна. Ерөөсөө л хувьсгал болох юм бол мань мэт нь л өртөнө. Ялангуяа Монголын хүн амын 60-аас дээш хувь нь ядуу байгаа ийм үед хувьсгал хийнэ гэдэг бол хойд хөршийн өнгөрсөн зууны 17 оныг л санагдуулж байна.

-Яагаад. Хэдийгээр цөөнгүй хүнд большевикуудын хувьсгал болох вий гэх болгоомжлол байгаа ч Сүхбаатарын талбайд жагсагчдын хувьд итгэл дүүрэн харагдсан. Эрх мэдлийг тэнцвэржүүлнэ, эд хөрөнгийг тэгшилнэ гэх мэт шаардлагаа биелүүлж чадна гэж үздэг. Үгүй ядах нь ээ л сая УИХ өөрсдийнх нь санамж бичигт хариу өгч, шаардлагыг нь хүлээж авсан нь анхны ялалт гээд л?

-Үгүй ээ, үгүй. Тэгшитгэх, тэнцвэржүүлэх гэдэг чинь ерөөсөө л большевик хувьсгалын л үзэл санаа. Угаасаа хүний хувь тавилан чинь бурхнаас зурсан төөргөөрөө л явна шүү дээ. Харин төрийг хувьсгал хийнэ гэхээс илүү тунгалаг болгох хэрэгтэй. Гэхдээ төрийг тунгалаг болгоно гэхээр саяны инээдмийн жүжиг шиг 26 хүний хөрөнгө орлогын мэдүүлгээр жижиг жарайхай цуглуулж, байцаахыг хэлэхгүй л дээ. Чухамхүү баялгийн хуваарилалтыг зөв хийх. УИХ дээр гарч байгаа том шийдвэрүүд нь чинээлэг дундаж давхаргыг бий болоход л чиглэх ёстой. Сайн ажиллаад, сайн цалин авч, сайхан байранд амьдрах боломжийг л олгох ёстой. Тэр цагт монгол хүн эрхэмсэг оршино. Үүний тулд татвар, төсвийн бодлогыг өөрчлөх ёстой. Түүнээс бус УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн Цэцийн дарга гээд энэ 80-аад хүн Монголын нийгмийн хувь заяаг шийдээд, 70 хувь нь ядуу байсаар байхад “Та нарт 70 мянган төгрөг өгч байя аа” гэж болохгүй. Энэ бол төрийн дампуурал. Үүний эсрэг иргэний хөдөлгөөнийхөн ажиллах ёстой. Түүнээс бус хувьсгал хийх тухай ярих хэрэг байхгүй.

-Таны нэгэн цагийн хамтран зүтгэгч М.Энхсайхан гэдэг хүн өнөөдөр “Үндэсний хувьсгал” гэдэг шинэ томьёолол бий болгож байна. Тэр хүний намынхандаа гомдсон гомдол нь зөвхөн Ардчилсан нам руу бус нийгмийн тодорхой хэсэг бүлгийг хөхиүлэн дэмжих замаар нөгөө хэсэг рүү нь турхирах тэр аймшигт алхам руу түлхэж байх шиг санагддаг. Та үүний хор холбогдлыг хэрхэн харж байна?

- М.Энхсайханы хувьд Монголын улс төрд топ зэрэглэлд явж байсан хүн. Түүний хувьд алдагдсан байр сууриа эргүүлж авна гэхэд их хэцүү. Тэр улс төрийн тоглоомын дүрэм болох багийн дүрмээ баримтлаагүй, өөрсдийн багаа үгүй хийсэн. Уг нь тийм том явж байсан хүмүүс томоороо л үлдэх ёстой болов уу. Билл Клинтон, Алберт Гор шиг . Дэлхийн дулаарал, цөлжилтийн талаар сайхан санаачилга гаргаж, боловсролыг дэмжих, урлагийг дэмжинэ ч гэж болно шүү дээ. Улс төр гэдэг их хатуу тоглоом. Гэтэл тэр тоглоомын дүрмээ баримтлаагүй хүмүүсийн хувьд дахиад баг бүрдүүлээд, дахиад миний төлөө ажиллаач гэвэл хэн ч ажиллахгүй. Тэгээд эргэж ажиллахгүй болохоор нь хорсоод, хонзогноод, тооцоо бодох гээд яваад байх юм бол ёстой утгагүй.

-Тийм хорслоос үүдэж нийгэм хохирох уу?

-Хувь улстөрчидтэй тооцоо хийхийн тулд хар пиар цацаж магадгүй. Бусдыг турхирч, дэвэргэж мэднэ. Наад зах нь, сонгуулийн систем пропорциональ хувилбараар явлаа гэхэд “Энэ хоёр нам хоёулаа хэрэггүй” гэх жишээтэй. Гуравдагч зам гэж юу юм бэ гэдгийг иргэд бодож болох юм.

-Тэр гуравдагчийг нь сонгох сонголт хийхэд түлхэх шинэ хүчин Монголд байгаа гэж үзэж байна уу, та?

-Харамсалтай нь, хоёр том нам нь нийлчихээр барууны үзэл суртал нь ялгарахаа больчихлоо. Зүүний чиглэлийн нийгмийн халамжийн үйлчилгээг гол зорилгоо болгодог Засгийн газар бүрэлдчихээр их хэцүү байна. Гуравдагч зам гэхээр Иргэний зориг намыг аваад үзье. Энэ нам юу ярьдаг юм бэ. За яах вэ, авлига ярьдаг байх. Энэ бол популизм хийдэг л жижиг нам. Сонгуулиар хэдэн суудал авахын төлөө л явдаг. Ардчилсан намын л нэг жигүүр байх ёстой нам. Түүнээс бус их том бодлогын чанартай дэвшүүлээд, яриад, хийх гээд байгаа юм байхгүй. Ногоон намын хувьд цэвэр экологийн асуудал ярьдаг. Европын түүхийг харж байхад ногооны нам хэзээ ч засгийг дангаар барьдаггүй юм. Барууны эс бол зүүний Засгийн газарт ороод тэр дунд экологийн асуудлаа яриад л явж байдаг.

-Энэ хоёр нам нэгдэх тохиролцоонд хүрчихээд байгаа. Та энэ нэгдлээс хүчтэй гуравдагч хүчин бий болно гэж бодохгүй байна уу?

-Би тэр гуравдагч замыг харахгүй байгаа. Манай нам л барууны орон зайгаа эзлэх ёстой. Монгол хүний сэтгэлгээ чинь өөрөө их хувиа хичээдэг зантай. Бэлчээрийн сайхныг шилж буугаад л тааваараа амьдрах дуртай хүмүүс. Тийм учраас энэ монголчууд бүгд их амбицтай. Хүүхдүүд нь багаасаа Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг.

-Сүүлийн үед боксчин, жүдочин болно гэж мөрөөдөх болсон байна билээ?

-Монгол хүний энерги нь багтдаггүй юм шиг байгаа юм. Нийгэм нь тэр энергийг зөв зам руу нь чиглүүлж, баялгийг бүтээх зүйл рүү нь залдаггүй. Тэгэхээр тэр энергээ бокс, бөх, сумо гэх зүйл рүү чиглүүлээд байгаа юм болов уу даа.

-Таны хувьд бүхий л энергээ улс төр рүү чиглүүлж байсан үе бий. Наад зах нь, УИХ-д гурван удаа нэр дэвшлээ. Гэтэл УИХ-ын гишүүн гэсэн статус дээр та ганц дөрвөн жилийн хугацаанд л суусан. Бусад бүх тохиолдолд ширүүхэн өрсөлдөгчдийн ард ялагдал хүлээж хоцорсон. Дундговь аймагт гэхэд л таны өрсөлдөгч нь Р.Раш, Х.Наранхүү нар байсан. Тэднийг “төмөр зам” болон “Эрдэнэт” гэсэн хоёр вант улсаар төсөөлсөн ч Ардчилсан намын удирдлагууд таныг ялагдал руу түлхдэг юм шиг санагддаг. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Намайг дэмждэг олон хүн гайхаж байсан. Нөгөө 40 мянгатын Дэлгэрмаа чинь юу яасан Дундговь бэ гээд л. Би 2008 оны сонгуулиар анх удаа хөдөө орон нутагт нэр дэвшсэн. Нутаг маань эзэнгүйрсэн. Хүн байхгүй болчихсон байна билээ. Дундговь бол тэр чигтээ уран. Иймд яагаад Монголын хамгийн том Оростой хамтарсан хоёр байгууллагын дарга нарыг, хоёр том сайдыг яагаад Дундговьд нэр дэвшүүлэв, Ардчилсан намаас яагаад намайг дэвшүүлэв гэж гайхаж байсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг ч янз бүрийн л шалтаг шалтгаанаар ялагдсан л даа. Ардчилсан намын хувьд тэр үед хүмүүсээ их буруу байршуулсан, фракц хоорондын дотоод зөрчлөө зохицуулж чадаагүй. Ямар ч байсан миний хувьд Үндэсний шинэ намыг парламентад суудалтай нам болгоогүй гавъяа надад байгаа гэж боддог. Хэрэв Ц.Эрдэнэбүрэн, Цэрэнсодном гэсэн хоёр хүн тэнд нэр дэвшсэн бол ҮШН-ын Ц.Ганхүү болон МАХН-ын Х.Наранхүү хоёр гарцаагүй гарах л байсан. Ардчиллын саналыг Ц.Ганхүү бид хоёр хуваасан. Харин Ц.Ганхүү тэнд нэр дэвшээгүй байсан бол Х.Наранхүү бид хоёр гарах байсан. Сонгуулийн дүн тэгж л харагдаж байсан. Ямар ч байсан би тэнд гурван том “мөнгөтэй” л өрсөлдсөн.

-ҮШН парламентанд суудалтай болох нь тийм аюултай зүйл гэж үү?

-Сая Ц.Элбэгдорж хоёр хувиар л ялалт байгуулсан ш дээ. Хэрэв ҮШН парламентад нэг суудалтай бол Иргэний зориг болон Ногоон нам шиг хэзээ ч манайхтай эвсэл болохгүй. Тэгээд л нэг сайхан хүнийг “Нэр хүндийн асуудал. Та Ерөнхийлөгчид нэр дэвш” гэж гуйгаад л санал хуваах байсан.

-Эргээд Ардчилсан намын шинэчлэлийн тухай асуумаар байна л даа. МАХН-ынхан болохоор “Бид шинэчлэгдэж чадаж байгаа. Наад зах нь, шинэ залуу үеийг маань хар” гэх болж. Харин танайд үе солигдоно гэдэг ямар ч боломжгүй зүйл шиг анзаарагддаг. “Ардчилсан хүчний холбоо” гэхэд л зөвхөн анхдагч хоорондын л “тулаан” болох шиг болсон?

-Манайх яг тэрэн дээр алдаж байгаа. Энэ бол алдаа

-Хэний алдаа гэж. Намын даргын уу?

-Өөр тэгээд хэний алдаа байх юм.

-Танд ч бас хамаарах юм биш үү. Намаа шинэчлэхэд уриалсангүй гээд л?

-Би мэдээж энэ сайхан өрөөнд суугаад юуг ч шүүмжилж болно л доо. Гэхдээ надад алдаа гаргах эрх мэдэл байхгүй байна. Тэр хүн бол албан ёсны намын удирдлага. Албан ёсны удирдлага гэдэг бол намаа шинэчлэх боломж бий. Гүйцэтгэх зөвлөлөөр боловсон хүчнээ хаана, яаж байршуулах вэ гэдгийг зөв шийдэх ёстой. Гэтэл тэр зүйл нь хаана байгаа юм. Байхгүй байна. Тэр нь байхгүй учраас “Ардчилсан хүчний холбоо” гэдэг байгууллага гарч ирсэн. Орон зай нэгэнт хоосон байгаа юм чинь заавал тэрийг эзлэх хүчин гарч ирнэ. Тэр нь сайн уу, муу юу гэдэг нь дараагийн асуудал.

-“Алтангадас”-ыг Ардчилсан намаас салгах нь Монголын ардчилалд оруулах хамгийн том хувь нэмэр гэдэг хүмүүстэй та санал нийлэх үү. Н.Алтанхуяг сайдын тэргүүлдэг энэ фракц үнэхээр тийм хор хөнөөлтэй байдаг хэрэг үү. Зөвхөн улстөрчид л өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс ийм хэтийдсэн дүгнэлт хийгээд байна гэх хүмүүс ч бий шүү дээ?

-Би “Алтангадас” гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Ямар учир жанцантай, ийм фракц манай намд байдаг юм нэг л ойлгомжгүй. Үндсэнд нь харахаар хуучин Социал демократ намын угшилтай хүмүүс гол төлөв байж тэднийг албан тушаалын томилгоо хэлбэрээр байршуулаад байгаа юм уу, мэдэхгүй юм. Тийм биш бол намдаа байгаа боловсон хүчний нөөцөө зөв хуваарилах ёстой. Эс бол зөвхөн нэг фракцын хүрээнд ажиллах гээд байгаа юм уу. Ойлгомжгүй.

-Та Н.Алтанхуяг даргыг хаана юу хийгээд явж байгааг мэдэхгүй гэсэн. Гэтэл тэр хүн Тэргүүн шадар сайдын албаа хашиж байгаа. Мэдээж АН-ын дарга. Иймд хүмүүс “Дэлгэрмаа дургүйдээ л эсэргүүцэж байна” гэж магадгүй. Та Н.Алтанхуяг даргын Засгийн газарт гүйцэтгэж байгаа үүргийг юу гэж боддог вэ?

-Улс төрд дуртай, дургүй гэсэн ойлголт уг нь байх ёсгүй л дээ. Монголын, намын, тэгээд хувийн эрх ашиг л гэж байх. Тиймээс би Н.Алтанхуягт дургүйдээ бус, үйлдлээр нь л дүгнэж байна. Би нэг удаа зурагтаар Ерөнхий сайд Сү.Батболдыг мэдэгдэл хийх үед хажууд нь Н.Алтанхуяг сайдыг сууж байхыг харсан. Тэр л байхгүй юу.

-Товчхондоо бараа бологч, дагуул мэтээр дүгнэх гээд байна уу даа?

-Хаана явж байна гэдгийг нь сая өөрөө хэлчих шиг боллоо. Ерөнхий сайдын бараа бологч шиг харагдсан гээд. Сүүдэр нь ч юм уу. Намын хувьд хэдийгээр төр засгийн ажил их ч гэсэн тэр хүн бол намын дарга. Энэ том хариуцлага үүрээд “Би намаа удирдана” л гэсэн бол удирдах ёстой.

-Гэтэл удирдахгүй байна гэж үү?

-Удирдахгүй байна.

-Чингэлтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд таныг нэр дэвшиж магадгүй гэх яриа бас гарч байсан ч Р.Бурмаа нэр дэвшсэн. Танд сонирхол байсан уу?

-Би анхнаасаа л Элбэгээд “Би Чингэлтэйд нэр дэвшье ээ” гэж хэлж байсан. Г.Баярсайхан гурвуулаа нэр дэвшье гэж. Тэр үед иргэний хөдөлгөөнөөс Р.Бурмааг нэр дэвшүүлэхээр ярьж байсан. Тэгээд л Р.Бурмаа нэр дэвшсэн. Үнэндээ надад тойрог өгөөгүй. Нэгэнт Р.Бурмаа өмнө нь нэр дэвшиж байсан юм чинь би юунд тийшээ нөхөн сонгуулиар нэр дэвших вэ дээ.

-Н.Алтанхуяг даргыг намын даргаас нь буулгалаа гэхэд үнэндээ энэ олон фракцийн зөрчлийг зохицуулаад явах шинэ дарга гарч ирж чадах уу. Лидерийн хомсдолд орчихсон юм биш үү?

-З.Энхболд, С.Баярцогт, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан байна.

-Ц.Баярсайханы нэрийг танаас өөр хүн нэг их хэлэхгүй байх аа?

-Би хувьдаа Баярсайханыг их ноён нуруутай, ажлаа хийдэг хүн гэж боддог. Сэтгүүлчдэд ажлаа хийдэг хүн харагддаггүй, цээжээ дэлддэг хүн харагдаад байх шиг байдаг. Л.Гүндалай, З.Алтай гээд баахан рекламны хүмүүс байдаг даа. Манай Р.Амаржаргал, Ц.Баярсайхан бол улс төрийн ноён нуруутай хүмүүс. З.Энхболд, С.Баярцогт хоёрын хувьд ерөнхийдөө их тархи сайтай.

-С.Баярцогт сайдыг танайхан хүлээн зөвшөөрөх үү?

-Харин хамгийн гол нь зөвшөөрөхгүй биз ээ. Надаас эхлээд хүлээн зөвшөөрөхгүй. Уул нь бол боловсролтой шүү.

-Та яагаад зөвшөөрөхгүй гэж?

-С.Баярцогтод баг байхгүй. Би жишээ нь хичнээн тархитай байлаа гээд надад баг байдаггүй. Тэгээд ч эмэгтэй хүнд баг байх их хэцүү. Би ямар орой болгон шар айраг ууж, эрчүүдтэй адилхан ав гөрөөнд явж покер тоглоод байх биш.

-Улс төр тэгж л явдаг гэсэн үг үү?

-Харамсалтай нь, манай улс төр тэгж л яваад байгаа юм. Оюуны клуб, нэгдэл гэсэн зүйл алга. Хоорондоо оюун санаагаа солилцох орчин алга. Салхинд гарлаа, архи уулаа, асуудлаа тохирлоо. Эрчүүдийн л энэ дүрмээр улс төр явж байна.
Ярилцлага авч байх үед түүн рүү 25 телевизээс “Жендер”-ийн сэдвээр хийх нэвтрүүлэгт оролцохыг урьсан ч тэрбээр “Би жендер ярихгүй” гээд утсаа таслана билээ. Өөрийнхөө хэн бэ гэдэгт, хэн байж чадах вэ гэдэгт эрс шийдэмгий, тодорхой хариулт өгсөн түүний энэ ярилцлага жендерийн сэдвээр өрнөсөн бол тэр нэг ч асуултад хариулт өгөхгүй, нэг ч үг унагахгүй хатуурхаж мэдэх байсан болов уу. Учир нь, түүнд бусад улстөрч эмэгтэйчүүдийн нэгэн адил нялуун магтаал, шалдар булдар дүгнэлт хийх хэвшмэл зан хаа нэгтээ гээгдэж үлдсэн мэт санагдсан юм.

Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.