Showing posts with label БАЯРХҮҮ Д.. Show all posts
Showing posts with label БАЯРХҮҮ Д.. Show all posts

Sunday, 28 September 2014

Д.Баярхүү: Ц.Элбэгдорж гадаад бодлогоороо цоо шинэ ерөнхийлөгчийн имиж бүрдүүлчихлээ

“Монголын элчин сайд нарын клуб”-ын гишүүн, профессор Д.Баярхүүгийн “Жижиг орон өөрийгөө жи­жиг гэж түгжээд байж болохгүй. Амбицтай, давшин­гуй байх ёстой” гэсэн яриаг унших тохиолдол олон. Яг өнөөдрийн манай улсын гадаад харилцаа магадгүй түүний дүгнэлтийн илэр­хийлэл байж болох юм. Гэхдээ би сэтгүүлчийн хувиар үүнийг дүгнэх нь илүүц тул Д.Баярхүү гуайтай биечлэн ярилцахыг чухалчлав. Ингээд “Ярилцах танхим” булангаараа өр­нүүлсэн яриагаа хүргэе.
-Юун түрүүнд Та Мон­гол Улсын гадаад бодлого жижиг улс гэдэг ойлголтоос ангижирч чадсан уу гэдгийг танаас тодруулья.Ер нь гадаад харилцааны ойлголтод жижиг, том улс гэдэг томьёоллыг хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Дэлхий дээрх улс гүрнүүдийг ангилсан элдэв шалгуур зөндөө байдаг. Үнэхээр хүн амын тоо, дэлхийн эдийн засагт эзлэх жин, дэлхийн ДНБ-д эзлэх хувь, хөгжлийн түвшин гээд шалгуур тавибал Монгол маань жижиг улс яах аргагүй мөн. Ийм улс дэлхийд лав 100 хол давна. Гэхдээ жижиг гэлтгүй том бодлого явуулж байх ёстой гэдэг дээр би хатуу зогсдог. Жишээ нь, жижиг улс Сингапур байна. Дэлхийн эдийн засаг-бизнест маш том бодлого явуулж жинтэй байр эзэлдэг. Жижиг байх тусмаа сэхэх өндийх, хүчирхэгжих, маневрлах чадвар нь илүү боломжийн, түүнийг л Сингапур харуулчихсан хэрэг. Тэгвэл бид яахлаараа сингапурчуудаас дор байх ёстой вэ. Энэ их баялаг, далай шиг их газар нутаг, 60 сая руу дөхөж яваа мал сүрэг, харьцангуй соёлжсон, европжсон хүн ард, XXI зууны нээлттэй даяаршсан эргэн тойрны ертөнцөө ажваас жижиг гээд гэртээ бүгээд дотогшоо хараад суугаад байж боломгүй. Эргэн тойронд маань маш таатай гадаад орчин бүрэлдээд байна. Монголд гадаад дахь дайсан, сөргөлдөгч гэж нэг ч алга. Ийм нөхцөлд Олон улсын харилцааны зөв тоглогч байхаас илүүтэй чухал зорилт гадаад бодлогод байхгүй болов уу. Тэр талаас нь дүгнэвэл бид гадаад бодлогодоо жижиг орны статусаа аль хэдийнэ орхисон, бүр давуулсан гэж үзэж болно.
-Монголчууд “Манай улсыг АНУ онцгойлон анхаарч байна. Орос, Хятад ч биднийг зүгээр орхихгүй нь тодорхой. Учир нь энэ бүх улсад Монгол шиг ашиг тустай орон байхгүй” гэж ярих болж. Үүнийг гадаад харилцаа гэхээс илүүтэй эдийн засгийн ач холбогдлоор нь тайлбарлаад байгаа дуулддаг. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Монгол хэнд хэрэгтэй вэ гэхээсээ илүүтэй бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгээ бодож сэтгэх хэрэгтэй. Дээр хэллээ шүү дээ. Хаалгаа түгжээд гэртээ бүгээд суугаад байвал даян дэлхийд биднийг тоож үзэх улс үндэстэн бараг байхгүй дээ гэж. Энэ жижиг эдийн засаг, жижиг зах зээл, дэндүү цөөхөн хүн ам, далайд гарцгүй гээд Олон улсын түгээмэл хэмжүүр тавибал, мөн эрх чөлөөгүй ба хагас эрх чөлөөт хоёр том гүрнээр бүслэгдсэн гээд барууны хэмжүүр тавибал Монголыг зорьж ирэх, нөхөрлөх улс даанч олдохгүй. Энэ хэмжүүрийг давж, болж өгвөл бүр хэрэгсүүлэхгүй болгож, түүнийхээ төлөө Олон улсын тавцанд гарч нэн идэвхтэй ажиллах, тодорхой хэлбэл өөрийгөө зөв таниулж, бусдын анхаарал сонирхлыг өөртөө татаж чадвал түүнээс илүү ариун үйлс байхгүй. Би гадаад харилцаагаар авч ярьж байна л даа. Монголын ашиг тус гэж яриад байна. Дэлхийн бодлогод нөлөөлдөг, дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь болох, хоёулаа цөмийн зэвсэгтэй, цэрэг-стратегийн их нөөцтэй хоёр их гүрний дунд оршдог манай улсын геополитикийн онцгой байршил л олон жилийн турш тэр “ашиг” нь байсан байж магадгүй. Мөн манай ард түмний баялаг түүх байна. Найман зууны тэртээ дэлхийн талыг, Евро азийн ихэнх хэсгийг байлдан дагуулсан, тэгснээ хөшигний цаана ороод түүхээс арчигдах дээрээ тулаад алга болчихсон тэр улс үндэстэн ХХ зуунд эргэж сэхээд, Зөвлөлт-Хятадын зөрчил дунд тоглогч болж гарч ирээд, “Хүйтэн дайн”-ы үед зөвлөлтийн 100 мянган цэрэг суулгасан, коммунист эвслийн цэрэгжсэн цайз бэхлэлт болчихсон, тэгснээ Азид ардчилллыг манлайлаад эдүгээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дотор үлгэр жишээ орон болчихсон гээд манай ард түмний баялаг түүх бол өөрөө тэр чигээрээ тэр “ашиг” нь байх. Улс төрийн утгаар ярьж байна. Харин эдийн засгийн утгаар бол ийм их баялаг үзүүлэлт байхгүй. Ардчилал, зах зээлийн харилцааны 24 жилээр аваад үзвэл, яг Монголыг зориод ороод ирсэн гадаадын томхон шууд хөрөнгө оруулалт бараг алга. Том салбар руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь Монголын баялгийг боловсруулаад цаашаа гурав дахь орны зах зээлд (тухайлбал Хятадын) гаргах зорилгоор хийсэн болж таардаг.
-Ер нь гадаад харилцаа эдийн засгийн үр ашиг дээр суурилдаг юм уу. Эсвэл улс төрийн нөлөөлөл дээр түшиглэдэг үү?
-Манай улсын улс төрийн гадаад харилцаа үнэхээр зөв төлөвшсөн. Нээлттэй даяаршсан, мэдээлэлж­сэн энэ ертөнцөд эрх зүйт төртэй жижиг улсын гадаад бодлого ийм байна гэж үзүүлэхээр, мөрдүүлэ­хээр жишиг гадаад бодлогыг бид явуулж байна. Нээлттэй, олон тулгуурт, идэвхтэй, прагматик залгамж чанараа хадгалсан тийм бодлого. Тэгэхдээ дан улс төрийн гадаад харилцаагаар хөөцөлдөөд байна гэж өрөөсгөлөөр үзэж бо­лохгүй. Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, зах зээлийн харилцааны зөв төлөвшилд баталгаа болохуйц таатай гадаад орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна шүү дээ. Дотоод бодлогоос гадаад бодлого урган гардаг, дотоод бодлогын шууд үргэлжлэл нь гадаад бодлого гэж үзэх ахул манай гадаад бодлого тэр шалгуурыг бүрэн хангаж байгаа.
-Сая Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын төрийн тэр­гүүн Си Зиньпин нартай гур­вал­сан уулзалт хийх үеэрээ “Улс төрийн талаар байр суурь илэр­хийлэхгүй” гэдэг байр суурьтай байсан тухай сонссон. Үүнийг Орос, Украин болон Хятад, Төвд гэх мэт ээдрээтэй харилцаатай хамаатуулж ойлгож болох уу?
-Гурвалсан уулзалт хийх асуудал ердөө тав хүрэхгүй сарын дотор болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлыг анхлан дөрөвдүгээр сард санаачлан ҮАБЗ-д хэлэлцүүлж дэмжүүлээд тавдугаар сарын 20-21-нд Шанхайд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр нөгөө хоёр улсынхаа төрийн тэргүүнд тавьж, хоёуланг нь урьж, урьсны дагуух айлчлалыг амжилттай зохион байгуулж, залгаад Душамбед хоёр гүрний удирдагчийг гурван талын уулзалтад урин нийтлэг асуудлаа ярилцлаа л даа. Орос-Украин, Хятад-Түвд ч гэх шиг таны тавьж буй өдөөн хатгасан асуулт энэ ярилцлагад зай эзлэх ёсгүй. Украины хямралын асуудлаар бүр аль эрт хавар, гуравдугаар сард Крымын хойг ОХУ-д нэгдсэний дараахан Ерөнхийлөгч байр сууриа ганц үгээр маш оновчтой илэрхийлчихсэн шүү дээ. “Мы не обсуждаем” буюу “Бид хэлэлцэхгүй ээ” гэдгээр томъёолчихсон. “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжиж байдгийн хувьд Хятадын дотоод асуудал яригдах учиргүй.
-Хөрш улсуудын хооронд улс төрийн харилцааг алгасаад зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэхээр яаж явах ёстой юм бэ?
-Хөрш улсуудын хоорондын улс төрийн харилцааг алгасаад гэж та юу яринав. Харин улс төрийн харилцаа дээд өндөрлөгтөө тулж ирээд байгаа бус уу. Дээд өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр урсгалтай болж байна. Айлч­ла­лын давтамжийг баттай хадгалж чадаж байна. Нэг улстай нь их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байна. Нэг улстай нь стратегийн түншлэлээ 2015 онд иж бүрэн стратегийн түншлэл болгож шат ахиулах магадлалтай байна. Гурван талаасаа нэг дор цуглаж эдийн засаг, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц, эдийн засгийн хонгил коридорын тухай ярилцаж эхлээд байна. Энэ чинь манай гурван улсын өмнө тавигдаж буй нийтлэг зорилт, нийтлэг асуудал. Үүнийг ярилцаж шийдвэрлэж байх зөв эхлэлийг манай тал санаачлаад тавьчихлаа.
-Энд нэг зайлшгүй тодруулах зүйл бол гуравдагч хөршийн ажиглалт. Өнгөрсөн жилүүдэд хоёр хөршөө түшиглэх гэхээс илүүтэй гуравдагч хөршийн дэмжлэгт ихээхэн найдаж ирсэн. Энэ утгаараа Орос, Хятадтай харилцаа сэргэж эхэлсэнд тэдний зүгээс дүгнэлт хийж байна уу. Эргэлзэх хандлага танд ажиглагдаж байна уу?
-Орос, Хятадтай харилцаа сэргэж эхэлсэн гэдэгтэй би огтоос эвлэрэхгүй. Сэргэдгээ сэргээд, зөв гольдрилдоо аль хэдийнэ орчихсон тэр харилцаа маань чанарын цоо шинэ шатанд гарлаа гэж дүгнэх байна. Манай улс эрх зүйт төрөө төвхнүүлээд 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалаа хуульчлаад мөрдөхдөө гуравдагч хөршийг хоёр хөршийн эсрэг сөргөлдүүлэх ч юм уу, хоёр хөршийг айлгах муна болгох ч юм уу, эсвэл хоёр хөршөөрөө түрээ барин гуравдагч хөршдөө тунирхах ч юм уу, тийм бодлого огтхон ч явуулж байгаагүй. Ерөөсөө гуравдагч хөрш хэмээн ганц нэг улсыг нэрлэж ч байгаагүй, үүнд их уян хатан хандаж ирсэн. Монголд эдийн засгийн ашиг сонирхолтой нэг буюу нэг хэсэг улс, олон улсын форум, олон улсын эвсэл гэх мэтээр өргөн хүрээнд ойлгож ирсэн. Харин тэр гуравдагч хөршүүдээс маань “Наад хоёр хөрш гүрэнтэйгээ эвтэй найртай байгаарай” гэх захиас нэг бус удаа хэлж анхааруулж байсан олон баримтыг би нэрлэж чадна. Түүний дотор АНУ-аас ч тэгж хэлж ойлгуулж байсныг дурдах нь зөв.
-АНУ-ын Элчин сайд хатаг­тай Пайпер Кемпбелл “Гуравдагч хөр­шөө мартаж болохгүй” гэд­гийг сануулсан ярилцлага хүртэл өгсөн байна билээ?
-Яг тэгж хэлснийг би олж үзсэнгүй, уншсангүй. Ерөөсөө туйлшруулж авч үзэж болохгүй. Гуравдагч хөршийн бодлого дээрээ Монголын төр тууштай зогсож байна. Бас манай тэр бодлогыг ч хоёр хөрш маань ойлгож хүндэтгэж байна. БНХАУ-ын төрийн тэргүүнээс УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг эргээд үз.
-Энэ бүхнийг Монгол Улсын гадаад харилцаанд хийгдэж буй шинэчлэл гэж ойлгож болох уу ?
-Ерөнхийлөгчийн өнгөн дээр идэвхжиж байна, шинэ агуулгаар баяжиж байна гэж л би ойлгож байна. Үндсэн хуулиа эргээд нэг үз л дээ. Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт Төрийн байгуулал дотор гадаад харилцаанд Ерөнхийлөгчийн эрх үүргийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэр бүлгийн 33 дугаар зүйлийн дөрөвт “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, 10-т “ҮАБЗ-ийг тэргүүлэх” гээд заагаад өгчихсөн. Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийн 14 дүгээр зүйлд Гадаад харилцааны бүрэн эрхийн нэгдүгээрт “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, мэдэгдэл хэлэлцээ хийх, УИХ-тай зөвшилцөн Монгол Ул­сын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гээд заасан. Хоёр хуулин дах тэр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад бодлогодоо санаачилгатай бүтээлчээр ханджээ гэхээс өөрөөр би тэр шинэчлэл гэдгийг хэлж чадахгүй.
-Та гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг “Жижиг орны гадаад бодлого амбицтай байх ёстой. Монгол тэгж чадлаа” гэж дүгнэсэн. Энэ амбиц дэлхий нийтэд хэр харагдаж байгаа бол?
-Амбиц гэдгээ бас зөв томъёолж хэлж ярих ёстой байх. Би дахин давтая. Дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь болох хоёр том гүрний удирдагчдыг ийм богино хугацаанд, бараг зэрэг шахуу айлчлуулаад, дараа нь тийм богино хугацаанд гурван талын дээд хэмжээний   уулзалтад     уриад,   тэр    уулзалтаа амжилттай хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ нэрээ үүрд мөнхжүүлээд тавьчихлаа. Монголын төрт улсын түүхэнд байгаагүй уулзалт шүү дээ. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд цуваад, цуваад Монголд айлчлахад “Үгүй энэ Монгол чинь юу болчихов оо” гэмээр дэлхийн Олон улсын, тэр дундаа дэлхийн олон удирдагчийн нүд Монгол руу бэлчлээ. Тэгснээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гурвуулаа гурван талаасаа уулзаад ярилцлаа. Энэ чинь манай улсын Олон улсын нэр хүндийг огцом өргөчихөж байгаа бус уу. Дэлхий дахины анхаарлыг өөртөө татаж, хөрш түншээ эрж хайж, олж авахын тулд хичнээн их хүч чармайлтыг хичнээн олон жил монголчууд бид тавьж, чармайж, тэгснийхээ төлөө өөрсдийгөө эрсдүүлж явсан улс шүү дээ, бид. Тэр утгаар сүүлийн ганцхан сарын дотор аугаа том үйлсийн цаана бид гарч чадлаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс энэ уулзалтыг санаачилж зохион байгуулсан нь олон нийтэд эерэг дүгнэлт хийхэд хүргэх шиг болсон. Яг гадаад харилцаа талдаа энэ уулзалт Монгол Улсын нэр хүндийн баталгаа байв уу. Эсвэл Ерөнхийлөгчийн хувь хүнийх нь нэр хүнд томоохон байр суурь эзлэв үү?
-Би дээр хариулчихлаа даа. Ерөнхийлөгч гэж үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдэлийн чанартай нэг нөхөр тэр дээр амгалан сууж байдаг хэмээн жирийн ардууд ойлгож ирсэн бол тэр ойлголтыг энэ ганцхан сард ноён Ц.Элбэгдорж эвдчихсэн байх талтай. Ерөөсөө Ерөнхийлөгчийн цоо шинэ имижийг бүрдүүлчихлээ. Гадаад бодлогыг гартаа атгаад, ҮАБЗ-ийн тэргүүнийхээ хувьд, уг зөвлөлийн хоёр гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт үлгэр болоод тэр гадаад бодлогоо хэрэгжүүлж болдог юм аа гэдгийг харуулчихлаа. Надад харьцуулалт болгохоор тоо баримт байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990-1997 онд гадаадад 21 удаа томилолтоор явсны 18 нь хоёр талын харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой байжээ. Н.Баганбанди нь 45 удаа гадаадад томилолт өвөрлөсний 38 нь хоёр талын харилцаанд зориулагджээ. Н.Энхбаяр 26 удаа гадаад томилолт авсны 15 нь хоёр талын харилцааны айлчлал байжээ. Н.Баганбандийн үед нэг том дэвшил гарсан нь 2002 онд Монгол Улс анх удаа Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтад (Алма-Аты) анх удаа оролцож, гишүүнлэлтэй болж, Н.Энхбаярын үед 2005 онд Астана ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, 2008 онд Бээжинд Ази-Европын уулзалтад (ACЕМ) уригдаж гишүүн нь болж байжээ. Тэгвэл Ц.Элбэгдоржийн үед тэрээр 55 удаа гадаад томилолтоор ажиллаж, түүнийх нь 26 нь хоёр талын харилцааны айлчлал, үлдэх 29 нь буюу дийлэнх нь олон талт харилцааны арга хэмжээ байна. Өөрөөр хэлбэл, саяхны Душамбейн дээд хэмжээний уулзалт, гурван талт дээд хэмжээний уулзалт, өнгөрсөн тавдугаар сарын Шанхайн дээд хэмжээний уулзалт гэх мэт арга хэмжээнд идэвхтэй оролцсон дүн харагдаж байна. Ямар ч гэсэн манай улс сүүлийн гурван Ерөнхийлөгчийн өнгөн дээр бүс нутгийнхаа олон талт үйл явцад баттай байраа эзэллээ.
-Айлчлалын тоо бол бодит үйл явдал. Харин үр дүн бол тусдаа асуудал. Магадгүй АПЕК-т элсвэл жинхэнэ утгаараа бодит үр дүн болох биш үү. Та ирэх арваннэгдүгээр сард Бээжинд болох АПЕК-ийн хурлын үр дүнг хэрхэн харж байна?
-Жижиг улсын удирдагчид, дипломатчид өөрсдөө л санаж сэдэж, санаачилж, хүндэтгэлээ илтгэн харууж айлчлахгүй бол жижиг орныг гаднаас тоогоод зочид төлөөлөгчид цуваад байна гэж байхгүй. Бодит үр дүн гэдгийг нь үгийн сонголт дээр анхаармаар байдаг юм. Ямар үр дүнг хэлнэ вэ. Олон сая, олон тэрбум ам.доллар өвөртлөөд ирнэ гэж харж асууж байгаа бол үнэхээр гэнэн төсөөлөл шүү. Хөгжиж дэвжих гадаад таатай орчныг нь бүрдүүлээд өглөө, найдвартай түнш партнерыг нь олоод өглөө, тэдэнтэй эрх зүйн гол гол баримт бичгүүдийг нь байгуулчихлаа. Зээл тусламж авах хэлэлцээг нь хийчихлээ. АПЕК-ийн тухайд бол манай эдийн засаг тийшээ элсэх тухай яриа юм. АПЕК-т БНХАУ, Тайвань, Хонконг гурвуулаа гишүүнчлэлтэй тул “гишүүн-улс” гэдэг статусаас татгалзаж, “гишүүн-эдийн засаг” гэсэн шалгуураар элсэж хамтран ажилладаг. Тэр утгаар Монголын эдийн засаг бэлэн байх шаардлагатай. Гадаад бодлогын үзэл баримтлал 20 жилийн өмнө батлагдахад “АПЕК-т элсэнэ” гээд заачихсан тэр зорилт маань энэ жил хэрэгжих магадлал бүрдлээ. Үүнд мөн л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн чармайлт тэмдэглэгдэнэ дээ.
-Та дээр “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цоо шинэ имижийг бүрдүүлчихлээ” гэж байна. Миний ойлгож байгаагаар Үндсэн хуульд заасан үүргээ л гүйцэтгэж буй энэ бололтой юм. Тиймээс танаас Ерөнхийлөгчийг дэмжигч хувь хүнийхээ энэ дүгнэлтийг хийв үү. Аль эсвэл Олон улс судлаачийнхаа хувиар уу гэдгийг тодруулья?
-Би энд хувийн үзэл бодлоо огтоос илэрхийлээгүй байна. Олон улсын харилцааны түүхчийн, судлаачийн судалгаанаас гаргаж авсан дүгнэлтээ л хэлж байна. Өмнөх гурван Ерөнхийлөгч дор бүрнээ л сайн ажилласан, гэхдээ энэ жилийн сүүлчийн ганц сарынх шиг ийм их чармайлт, ийм их амжилтыг үзүүлж амжаагүй учраас л ялгаж хэлээд байгаа хэрэг.
-Душанбед болсон уулзалтын үеэр Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ гэх яриа гишүүн орнуудын зүгээс гарсан гэх мэдээлэл байсан. Энэ байгууллагад элсэхгүйгээр үлдэх манай улсын хувьд онцгой ач холбогдолтой шийдвэр гэдэг. Магадгүй улс орны дархлаа талаас нь тайлбарлаж болох уу?
-Манай улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч болсноосоо хойш Ерөнхийлөгчийн түвшинд долоон удаа уригдан дээд хэмжээний уулзалтад оролцсоны дотор сүүлчийн Ерөнхийлөгч дөрвөн удаа оролцсон байна. Оролцох тоолондоо манай Төрийн тэргүүн бүс нутгийн асуудлаар байр сууриа маш тодорхой илэрхийлж ирсэн. ШХАБ-д ажиглагчаараа  байхад л   хангалттай боломж байна гэдгийг ч хэлсээр байгаа. Учир нь ШХАБ улс төр, аюулгүй байдал гэхээсээ эдийн засаг, худалдаа, дэд бүтэц гэх мэт өргөн хүрээг хамарч ажиллаасай гэдэг дээрээ ч бат зогсож байна. Үүнээс гадна ШХАБ бол олон талт хамтын ажиллагааны боломжит суваг учраас хоёр талын ба гурван талын харилцааны асуудал ярилцах хамгийн дөт гарц. Жишээ нь, сая Душамбед гурван удирдагч уулзсанаас гадна Монгол-Туркменистаны хоёр харилцааны маш чухал уулзалт боллоо шүү дээ.
-Энэ уулзалтын талаар “Зэрэгцээ галт тэрэг шиг хурдлах цаг айсуй” гэж бичсэн ч үүнийг “Худлаа дүгнэлт” гэж үзэх хүмүүс олон гарсан. Гурван улсын харилцаанд хамтдаа хөгжиж, хамтдаа хожих бус монголчууд араас нь мөлхөх эс бол чирэгдэх, түлхүүлэх ганц л хувилбар бий хэмээгсэд олонтой холбоотой бололтой юм билээ. Та харин хожлийн дүнг хэрхэн харж байна?
-Хамтаараа хөгжье, хамтаараа хөгжих гарцаа хайя, хоёр их хөрш чинь бэлэн байна шүү гэдгийн нотолгоо биш гэж үү. Энэ хоёр айлчлал, Душамбейн уулзалт чинь. Энд монголчууд минь хичээх цаг ирлээ шүү, хөгжил гэрлийн хурдаад явах нь байна шүү,  тэр замыг чинь засаад өгчихлөө шүү гэдгийн дохио сануулга бас биш гэж үү. 10 тэрбум ам.долларын худалдаа өмнөд хөрштэйгээ хийхийн тулд хичээ л дээ. Усан боомтуудаа хүртэл нээгээд өгчихлөө. Дэлхийн зах зээлд далайгаар гар л даа. Орос гаднаасаа хориг тавиулаад Шинэ Зеландаас нийлүүлдэг мах нь зогсчихож, тэгвэл түүнийг орлуулах малын мах Монголоос авъя гэлээ. Түүнд нь манай мал аж ахуйд нөхөд бэлэн бай. Өөрөөр ноцтой тулгалт  алга шүү дээ. Шинэ Зеланд нь 40 сая хоньтой, найман сая бод малтай юм билээ, тэгвэл 60 саяд хүрч яваа энэ их малаа эдийн засгийн, гадаад худалдааны эргэлтэд оруул л даа. Ийм л асуудлыг бидэнд тавьчихлаа шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд танд тавих хүсэлт байна. Энэ удаагийн ярилцлагыг Монгол, Орос, Хятад төрийн өндөрлөгүүдийн уулзалтаас сэдэвлэж хийж байгаа учраас ойрмогхон Олон улсын харилцаагаар дахин ярилцлага өгөөч гэж хүсье. Олон улсын харилцааны сэдвээр өрнөх ярилцлага уншигчдад маань сонирхолтой, уншууртай байх болов уу гэж итгэж байна?
-Болно. Гэхдээ тавих асуултаа та бүхэн минь маш сайн бодоорой. Асуулт тавихын тулд Олон улсын харилцааны сэдвээр нэлээд ном зохиол уншаарай. Танай редакцид би өөрийн зарим ном зохиолоо ч санал болгомоор байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


Tuesday, 27 November 2012

Д.Баярхүү: ”Саудын араб манайд Кувейт шиг хөнгөлөлт эдлүүлье гэдэг”

Д.Жаргалсайхан энэ удаагийн de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг урьж ярилсан юм. Тэрбээр Монгол Улсаас АБНЕУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд юм. Тэд энэхүү ярилцлагыг өнгөрсөн наймдугаар сард хийсэн билээ. 
-Та Монголд хэзээ ирсэн бэ?

-Би ирээд хоёр сар болж байна. 

-Египетэд Элчин сайдаар ажиллаж байсан тийм үү?
-Тийм. Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд.  

-Тэгэхээр та энэ их сонин үед улсаа төлөөлөөд ийм чухал албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа дэлхийн томоохон улс төр, эдийн засгийн газрын зургийг хөдөлгөөнд оруулахуйц үйл явдлын гэрч нь болсон байна. Мөн энэ хугацаанд ажиллаж байхдаа та “Тахрирын хувьсгал” нэртэй ном гаргасан. Хоёулаа өнөөдөр Исламын ертөнцийн тухай ярья. Түүнээс  өмнө би танаас дипломатын ажлын талаар товчхон асуух гэсэн юм. Элчин сайдын хувьд түүхэн өөрчлөлтийн үйл явцыг харж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-“Арабын хувьсгал” нэртэй дэлхийн түүхэнд шинэ хуудас нээхүйц үйл явдлын үед би тэнд Элчин сайдаар ажиллаж байсан. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал үе байсан.  Мөн зарим талаараа ховор, нандин байсан. Тэр бүс нутагт Монгол Улсыг төлөөлөх гадаад бодлогыг тодорхойлж, томъёолоход оролцсон. Гол нь “Арабын хувьсгал”-ын үед Египетэд  ажиллаж амьдарч байсан монгол иргэдийг нүүлгэн шилжүүлэх, Элчин сайдын яамыг хамгаалалтад авах гэх мэтийн онцгой байдлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад оролцсон. Өөрөө газар дээр нь удирдаж явуулсан. Тухайн үед гурван үе шаттайгаар нийт 60 гаруй монголчуудыг гурван тийш нь нүүлгэсэн. Кувейт рүү хоёр удаа, Истанбул руу нэг удаа илгээсэн. Үлдсэн ганц нэг иргэдээ Элчин сайдын яамандаа хамгаалалтад авсан. Тэр Египетийн хувьсгал эхэлсэн эхний долоо хоног маш хурц, ширүүн тэмцэл дунд өнгөрсөн. Дайны байдалтай, нийгэм бол бүхэлдээ хямарчихсан, зохион байгуулалтын дэглэм, аюулгүй байдал алдагдчихсан, дээрэм ихэссэн байсан. Тэр бүх үйл явдлыг биеэрээ туулсан гэрчийн хувьд “Тахрирын хувьсгал” номоо бичсэн. Энэ ном бол Египетийн хувьсгал эхэлсэн 2011 оны нэгдүгээр сарын 15-наас зургадугаар сарын  1-ний хооронд Египет болон Ойрхи Дорнодод болсон түүхэн үйл явдлыг өдөр өдрөөр нь Элчин сайдын тэмдэглэл маягаар бичсэн. Үүнд мэдээллээс гадна үнэлэлт, дүгнэлтээ бичсэн. Энэ номонд маань эх сурвалж бол хангалттай байгаа. Мөн зургаар баяжуулж хийсэн ном. Онцлог гэх юм бол ийм хямралын үед бид мэдэх байх, Эх орны дайны үед Москвад байсан Элчин сайдын  яам бас бөмбөгдөлтөд нэрвэгдэж байсан түүх байдаг. Дараа нь Солонгосын дайны үед, Хятадын Соёлын хувьсгалын үед манай улсын Элчин сайдын яам халдлагад өртөж байсан. Бүр сүүлд 1990-ээд оны эхэнд Афганистанд мөн л Монголын Элчин сайдын яам бас л хэцүү байдлаас гарч байсан түүх байдаг. Үүний дараагийн тохиолдол нь сая Каирт болсон халдлага гэж үзэхээр байгаа юм л даа.

-Яагаад энэ үйл явдал өрнөх болов. Исламын шашин бусад шашинтай харьцуулахад юугаар онцлог юм бэ? 

-Исламын шашин гэж. Монгол хэлэнд XIII зуунд орчуулагдсан нь лалын шашин шүү дээ. Лал гэдэг бол буруу номтон гэсэн төвд үг гэж манайхан буруу ойлгодог юм байна. Лал гэдэг орчуулгын үгийг Өгөдэй хаан хэрэглэж байсан юм билээ. Лал гэдэг нь лам гэдэг үгнээс гаралтай, монголчууд хэрэглэж ирсэн түүхэн үг. Хэл зүйн талаасаа. Лалын шашин бол хамгийн залуу шашин шүү дээ. Мөн хамгийн эрэмгий шашин ч гэдэг. Нөгөө талаасаа энэ шашныг үндэслэгч их зөнч Мохамед мандуулахдаа Америкийн эрдэмтэн Хангинг­тоны дүгнэснээр бол угаасаа л илд, мэсний шашин. Жишээ нь Есүс Христос, Бурхан Будда, Бахайн шашныг үндэслэгч Бахдулла нар гэхэд дандаа л номлогч, соён гэгээрүүлэгч хүмүүс байсан гэдэг. Мохамедын номлолын дагуу арабчууд байлдан дагуулалтад мордож, VIII зуунд Хойд Африкийг тэр чигт нь эзэлж байсан. Мөн төв Ази, Шинжаан руу хүртэл орж ирж байсан. Бүр манай Монголын баруун хил дээр ирж байсан. Лалын шашныг, том байлдан дагуулалтыг зориг­жуулсан шашин гэдэг. Нөгөө талаараа бүх шашинд тулгарсан түүх өнөөдөр давтагдаж байна. Жишээ нь, Дундад зууны сэргэн мандалтын үед Европт католик шашин Европыг эзэгнэх үү, эсвэл соён гэгээрүүлэгчид эзэгнэх үү гэсэн шинэ бүтээн байгуулалт, шинэ оюуны соёлыг дээдлэх үү гэдгийн төлөө тэмцэл явагдаж байсан. Католикууд хамгийн харгис үйлдлийг үйлдэж байсан. Олон эрдэмтнийг амьдаар нь шатааж, хүйс тэмтэрч байсан шүү дээ. Ингээд XVII зуун хүрч байж Ромын папын эрх мэдлийг хязгаарлаж байсан. Шашны ийм омогтой үе нь байсан. Монголд ч ялгаагүй. Шарын шашин буян ном амлаад ороод ирээгүй, бөө мөргөл түүнийг нь аятайхан тосоод авчихаагүй. Бараг 100-гаад жилийн тэмцэл байсан. Цус урссан. Түүн шиг одоо энэ шашны омогтой үе нь байна. Шашныг дэлгэрүүлэх, түгээх гэсэн, шашнаараа улс төрийн зэвсэг хийх гэсэн түүхэн мөчлөг өнөөдөр лалын шашинд нүүрлэчихсэн юм болов уу гэж би боддог юм. 

-Сүнни, шиа гэдэг нь юу вэ?
-Мохамедыг хэн залгамжлах вэ гэдгээс л үүдэж гарч ирсэн эрх мэдлийн төлөөх мөргөлдөөн юм л даа. Ер нь Аллах дэлхий рүү 25 том номлогчийг илгээсэн гэдэг юм билээ. Тэр дотор нь Есүс хүртэл байх жишээтэй. Түүний нэг нь бол Мохамед гэж үздэг юм. Мохамедыг хамгийн төгс, агуу номлогч гэж үздэг. Тэр 42 насандаа цээжээрээ маш олон хоног Коран судрыг уншаад номлосон. Мохамед нь бичиг үсэгт тайлагдаагүй худалдаачин хүн байсан гэдэг юм билээ. Түүнээс хойш үйл хэргийг нь хэн залгамжлах вэ гэсэн чинь Халифатын  засаглал байх ёстой гэж сүнитүүд үзсэн. Нөгөө талд нь харин, үгүй ээ имамын засаглал байх ёстой гэж үзсэн. Имамын засаглалыг номлосон хүн нь Мохамедийн ач хүү байсан. Энэ хүн 1680 онд Иракт сүннитүүдэд алагдчихсан юм. Бүр айхавтар хэрцгийгээр алсан юм билээ. Үүнээс эхлээд сүннит, шийтүүдийн хоорондох тэмцэл эхэлсэн. Мохамедын ач хүү алагдсан өдөр нь арванхоёрдугаар сарын эхээр байдаг. Тэр үед баяр болдог. Энэ баяр нь Мохамедын ач хүүд эмгэнэл илэрхийлсэн өдөр юм билээ. 

-Сүннитүүд Египетэд хэр олон байдаг вэ?
-Египет 80 сая гаруй хүн амтай гэхэд тэдний 15 сая гаруй нь сүннитүүд. Мөн Турк, Киргизстан, Казахстан  улс бол тэр чигтээ сүннитүүд шүү дээ. 

-Энэ  хоёрын  хоорон­дын  шашны дайн улс төрд нь яаж нөлөөлж байна вэ?

-Башар Асад түүний аав хоёр үе залгамжилсан Сирийн энэ засаглал 50 гаруй жил үргэлжиллээ. Аав, хүү хоёр бол Сирийн алави  шашны төлөөлөгчид юм. Алави шашин гэдэг чинь шийтийн шашны бас нэг урсгал нь.  

-Та Сирийг яаж харж байна вэ?
-Сири дэлхийн анхаарлын төвд байна. Асадын тэргүүлсэн Баас буюу Социалист сэргэн мандлын нам бол социалист чиг баримжаатай. Баас намыг засгийн эрхээс зайлуулах,Сирийн ард түмэнд эрх чөлөө олгох гэсэн итгэл үнэмшил Америк болоод Баруунд байна. Энэ бол тэдний өөрсдийн итгэл үнэмшлээр шүү дээ. Гэтэл үүнийг арай өөр өнцгөөс Орос харж байна. Башар Асадын дэглэм нуран унана. Унасны маргааш нь  Сирид шашны том мөргөлдөөн эхэлнэ. 50 жил дарлагдсан сүннитүүд, нөгөө алави, христианчууд руугаа  шашны дарангуйллыг явуулна гэж Оросын нэртэй араб судлаач Пирмиков хэлсэн. Хоёр сарын өмнө Сирийн Засгийн газрийн мэдэлд байсан зэвсэглэсэн сайн дурын ардын отряд сүннит шашинтай жирийн иргэд рүү дайрсан. Энэ бол Ливанд болсон дайны эхлэл гэж үзэж байгаа юм билээ. Ливанчууд 17 жил байлдсан. Маш олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амийг хороосон. Тус улсын хамгийн том сургамж бол шашны бүлгүүд нь намтай болоод, улс төрийн намууд нь дэргэдээ зэвсэгт отрядтай болж 17 жил дайн хийсэн. Энэ л хамгийн гашуун түүх. Уг нь бүгдээрээ л нэг үндэстэн, нэг улс шүү дээ. Сая алавитуудын зэвсэгт отряд сүннит иргэдийн амийг хороочихлоо. Энэ чигээрээ үргэлжилбэл аймшигтай шашны мөргөлдөөн гарах нь дамжиггүй. Саяхан Хиллари Клинтон “Энэ бүхэн шашны мөргөлдөөнд хүрэх ёсгүй. Бид шашны мөргөлдөөнд хүргээсэй гэсэндээ дэмжээгүй юм шүү. Ардчилал ялаасай  гэсэн үзлээр л бид хандсан” гэж хэлсэн байсан. Би Египетийн шашин дээр жишээ аваад ярья. Египетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуу­лиар Мохамед Мурси буюу Лалын ахан дүүсийн намын даргынх нь сонгуулийн лоозон юу байсан гэхээр “Коран бол манай Үндсэн хууль, их зөнч бол бидний чигийг заагч, жихад бол бидний туулах зам, Аллахын төлөө үхэх нь бидний ариун зорилго” гэсэн.  Египетэд ийм хүн Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Харин эсрэг намын лоозон нь “Та нарт Үндсэн хууль гэж байхгүй, Аллахын хууль тогтоомжоос өөр хууль гэж байх ёсгүй, Аллахын засаглалаас өөр засаглал ч гэж байх ёсгүй” гэсэн. Тэр нь шашингүйчүүдийн нам. Парламентын 508 суудлын 70 гаруй хувийг Лалын ахан дүүсийн холбоо, салафитууд авсан. Тэдний туйлын зорилго бол аль VII зууны үеийн Мохамедын үе рүү нийгмийг ухраах. Тэр үеийн ёс заншлыг сэргээх гэсэн хүмүүс. Лалын ахан дүүсийн холбоо олон жил гудамжинд явсан, засгийн эрх барьж үзээгүй. 

-Та Элчин сайдаар ажиллаж байхдаа энэхүү засаглалыг барьсан хүмүүстэй уулзаж байв уу?

-Би Египетэд байхдаа парламентын спикер, Лалын ахан дүүсийн холбооны ахлагчтай уулзаж байсан. Тэр хүн зартай исламч Армин гэж хүн байсан. Армин сонгуулийн өмнө нь ч ерөөсөө Европыг тэр чигт нь устгана гэж ярьж байсан. 

-Арабын ертөнцтэй Монгол Улс маань ямар нэг бизнес хийж болох юм уу, эсвэл үгүй юу. Үүнийг та хэрхэн ажиглаж дүгнэсэн талаараа ярихгүй юу?
-Ажиллаж байх хугацаандаа Монголын Элчин сайдын яам ч гэсэн үүнд анхаарлаа хандуулж байсан. Газрын тосны чиглэлээр манай улс булангийн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Цаашлаад Эмират, Катартай энэ тал дээр харилцан хамтран ажиллах саналтай байгаагаа Элчин сайдын яамаараа дамжуулан хүсэлт тавьсан. Тэд нар ч гэсэн бидэнд харилцан хамтран ажиллана гэдгээ амласан. Хөрөнгө оруулалтын том эх үүсвэр мэдээж тэнд байна. Кувейтийн сангаас манай замыг засахад олон хөтөлбөр, төслийн дагуу тусалсныг мэдэх байх. Мөн манай улсаас Арабын ертөнцөд нийлүүлэх нэг түүхий эд нь малын мах байна. Ялангуяа хонь, үхрийн мах тэнд их эрэлт хэрэгцээтэй гэж тэд ярьж байсан.  Саяхан Египетээс онгоцоор 15 тонн үхрийн мах авч байна билээ. Миний мэдэхээр монгол хонины ноос, ямааны ноолуураар Египетийн нэг компани нэлээд олон жил ноосон хувцас үйлдвэрлэж байсныг санаж байна. 

-Энэ чиглэлээр та хоёр орны хувьд хөгжих боломжтой гэж та үзэж байна уу?

-Мэдээж боломжтой байлгүй яахав. Энэ чиглэлд их олон гарц, хамтын ажиллагаа байгаа гэж дүгнэдэг шүү.

-Манай Элчин сайдын яам Арабын орнуудад Египетээс гадна өөр хаана байдаг вэ?
-Кувейт улсад байдаг. 

-Цаашдаа  өөр ямар Арабын улсуудад Элчин сайдын яамаа байгуулах гэж байгаа вэ. Энэ талаар ямар нэгэн бодлого хэрэгждэг үү?
-Байлгүй яахав. Гадаад харилцааны бодлогын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан байдаг юм. 2001 онд Катар улсаас манай улсад Элчин сайдын яамаа байгуулаач ээ гэсэн санал тавьж байсан. Бид тусгай хөнгөлөлтүүд эдлүүлье гэсэн санал ч олон удаа тавьж байсан. Би саяхан Саудын Арабт очоод Гадаад харилцааны яамны сайдтай нь уулзсан юм. Тэгэхэд “Танай улс Кувейт улсад Элчин сайдын яамаа байгуулж болсон юм бол яагаад манай улсад ч гэсэн байгуулж болохгүй гэж. Бид Кувейт улсаас тавьсан хөнгөлөлтүүдийг ч гэсэн эдлүүлж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр манай улсын хувьд илүү их боломж байна гэсэн үг юм л даа. 

-Яагаад манайх шиг жижиг зах зээлтэй улсад ийм боломж тавьж байгаа юм бол?

-Иран улс ч гэсэн ийм санал тавьж байсан. Яагаад манай улсыг сонирхоод байна гэхээр мэдээж уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэл тэдэнд байсан. Уул уурхайн том үйлдвэрлэлд  хамтран ажиллаж тэндээс ямар нэгэн ашиг хүртэх гэсэн санал цухуйлгаж байсан. Иран улс бол гадагшаа асар их хөрөнгө оруулалт хийдэг улс шүү дээ. Тийм учраас Монголын барилга, зам тээвэрт хөрөнгө оруулахад бэлэн байна гэсэн. Мөн аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн энэ тал дээрх саналаа хэлээч гэж байсан. 

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
Өдрийн шуудан сонин