Showing posts with label ГАНСҮХ А. Show all posts
Showing posts with label ГАНСҮХ А. Show all posts

Tuesday, 5 February 2013

А.Гансүх: Ерөнхий сайд надад сануулга өгсөн

“Шонхор суваг” телевизээр даваа гариг бүрийн 21.00 цагт Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  Зам, тээврийн сайд А.Гансүх уригдаж ярилцсаныг толилуулж байна.  

-Танд энэ оройн мэнд хүргье. Та  цензургүй ярихад бэлэн үү?
-Тэгж  л бодож ирсэн шүү дээ.

-Зарим нэг асуултад төрийн нууц, геополитикийн асуудал гэж бултахгүй биз дээ? 
-Бултах ч биш л дээ. Үнэн нь энэ.  Төрийн албан хаагчийн хувьд миний эрхийг хуулиар хязгаарлачихсан байгаа. Төрийн албаны, Яамны эрх зүйн байдлын, Засгийн газрын тухай хууль, Авлигын эсрэг, Сонирхлын зөрчлийн тухай гэх мэт маш олон хуулиар миний эрхийг  хязгаарласан учраас ярих ярихгүй юм бас байна аа.  Мөн Засгийн газрын хуралдаанаар хаалттай ярьсан, төрийн нууцын тамга дарсан мэдээллүүдийг би  ярих эрхгүй. Ийм байгааг ойлгоорой. 

-Тэгэхээр хоёулаа төрийн нууц  задруулчихгүй  шиг яриагаа явуулъя.  УИХ дахь “Шударга ёс” эвслээс МИАТ-ийн хувьчлалын асуудлыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Миний бодлоор иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар ярилцаж байгаа санагдах юм. Танай намын бүлэг харин дэмжсэн  гэсэн үү? 
-Тиймээ. Уг нь энэ асуудлыг өнөөдөр ч ярьж байгаа юм биш. Засгийн газрын хуралдаан,   байнгын хороогоор дэмжээд  УИХ-аар хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа ажлын хэсэг гарсан.  Ажлын хэсэг ажиллаж дууссаны дараа УИХ-аар анхны хэлэлцүүлгээ хийж байгаа юм. Энэ асуудал  МИАТ-ийн хувьчлалтай огт холбоогүй. Харин Монгол Улсын Агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичиг юм.  Энэ  баримт  бичиг дээр МИАТ-ийн хувьчлалтай холбоотой ганц ч  үг өгүүлбэр  байхгүй.  МИАТ-ийн мөнгө угаасан хэрэг гараад ирэхээр улстөрчид болгоомжлоод ингэж хандаж байгаа юм болов уу . Харин  МИАТ-ийн хувьчлалтай холбоотой асуудал хаврын чуулганаар орох юм байна.  Хувьчлалтай холбоотой асуудал байгаа бол жинхэнэ тэр үед л яригдана даа. 

-Тэгэхдээ есдүгээр сарын 18-ны УИХ-ын тогтоол дээр “МИАТ” компанийн 51 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ” гэж заасан байгаа биз дээ. Ийм болохоор 49 хувийг нь хувьчлах нь гэсэн ойлголт яваад байна л даа?

-УИХ-ын гишүүд зөрчилтэй зүйл яриад байгаа юм. Яагаад гэхээр 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын тогтоол гарсан. Үүгээр бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аар баталчихсан. Тэнд тусгахдаа  “МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана” гэсэн байдаг. Тухайн үед хувьчлалтай холбоотой маргаантай асуудал гаралгүй батлагдчихсан юм. Энэ өгүүлбэрийг тэр хэвээр нь хуулж аваад Агаарын тээврийг хөгжүүлэх бодлогод тусгачихаад байгаа нь энэ. Гэтэл одоо маргаан үүсчих шиг боллоо. Би зохих тайлбарыг нь өгсөн л дөө. 

-Агаарын тээврийн бодлогын хуулийг  заавал  МИАТ-ын мөнгө угаасан хэрэг илэрсэн энэ үед  хэлэлцэх шаардлага байгаа юм уу?
-Зүгээр л цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа.  Яагаад гэвэл энэ баримт бичиг 2011, 2012 оноос хийгдэж эхэлсэн. Өөрөө хэлбэл Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байхаас салбарын бодлогыг хийх ёстой гэж үзээд барьж авсан юм.  Энэ бол бидний үүрэг.  Тэгэхээр   2011 оноос хойш боловсруулснаа бэлэн болгоод одоо оруулж байгаа юм. Үүнээс улбаалаад “яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ” гэсэн хардах маягийн асуулт гарах байх. Энэ талаар тайлбар өгч болно.  Агаарын тээврийн тухай хуульд “Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг УИХ баталж гаргана” гэсэн байдаг. Гэтэл энэ өнөөдрийг болтол энэ хуулийн заалт биелэлээ олоогүй.  Үүнийг хийх гэж өмнө нь гурван удаа оролдоод бас л бүтээгүй  байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл энэ бодлогыг гаргах гэж 10 жилийн дотор гурван удаа оролдлого хийсэн байгаа юм.  Харин одоо дөрөв дэх удаагаа зүтгүүлээд дэмжлэг аваад явж байна. Монгол Улс агаарын тээврийг хөгжүүлэх бодлогын бичиг баримттай болно. Ингэснээр агаарын тээврийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх маш том боломж бий болох ёстой. 

-МИАТ-ын мөнгө угаасан хэргийн талаар   Хууль зүй, дотоод хэргийн сайдаар н сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж “энэ хэрэг чинь нууцын гэрээтэй холбоотой” гээд л яриад байна. Харин таны хэвлэлд өгсөн ярилцлагыг харахаар” 2011 оны нэгдүгээр сарын 27-нд бид энэ асуудлыг цагдаад өгсөн, тухайн үед илрүүлээгүй” гэсэн байдаг. Тухайн үед таныг яагаад хэвлэлд хандаагүйг   гайхаад байгаа юм?
-Хэвлэлд хандах шаардлага байхгүй шүү дээ. Хууль хяналтын байгууллагад гэмт хэргийн шинжтэй асуудал байна гэдгээр нь хандчихсан. Харин цагдаагийн байгууллага ажлаа хийх ёстой. Гэтэл энэ хэрэг хоёр жилийн дараа илэрлээ.  Удаан байна. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд байсан, одоо байгаа хоёр хүний хооронд маргаан явагдсан юм байна.   Хэрэг дарсан, дараагүй гэсэн асуудал гарах нь мэдээж. Энэ талаар  надаас асуухаар нь би “Хоёр жилийн дараа илэрч байгаа хэргийг дарагдаагүй гэх юм уу, тухайн үед Хууль зүйн сайд байсан хүнээсээ асуугаач” гэсэн. Ийм л яриа болсон. Энэ бол хүн эмзэглэхээр зүйл биш. Улстөрчдөд МИАТ-ийг хувьчлах гээд байна гэсэн хар байгаа бол, энэ хэргийг яагаад хоёр жил илрүүлээгүй юм бэ гэдэг хар надад бас байна аа...  

-Тухайн үед Ардын намтай хамтарч Үндсэн хууль зөрчсөн Засгийн газарт та дэд сайдаар ажиллаж байсан. Дэд сайд нь Засгийн газрынхаа эсрэг юм ярьж, цагдаагийн байгууллагад өгч, хэвлэл мэдээлэлд гаргах сонирхол байгаагүй байх гэж таныг бас хардаж болох юм даа...?
-Үгүй л дээ. Хууль хяналтын байгууллагад өгсөн учраас хэвлэл мэдээллээр гаргах шаардлагагүй. Хэрэв хэвлэл мэдээлэлд гаргасан бол гэмт хэрэг хийсэн хүмүүс үүнийгээ мэдээд хуулийн байгууллагад саад учруулахыг үгүйсгэхгүй. 

-Гэхдээ хоёр жилийн дотор хангалттай саад учруулсан байлгүй дээ. Нуух юм аа нууж, дарах юм аа дарсан байх. Хуульч хүний хувьд гэмт хэрэгт холбоотой хүмүүс ул мөрөө баллах вий гэсэн бодол төрөөгүй юү?
-Манай нам 2012 оны нэгдүгээр  сард засгаас гарчихсан байсан. Мөн би мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн субъект биш учраас энэ асуудлын хойноос санаа тавиад үр дүнд хүрэхгүй байсан нь мэдээж шүү дээ.

-Засгийн газраас гармагцаа Х.Баттулга сайд та хоёр MCS-ийн гэрээг барьж байгаад хэвлэлийнхнийг Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурал дээр дуудаж авчраад зарлаж байсан... ?

-Уучлаарай ...наадах чинь Х.Баттулга сайд. 

-Гэтэл МИАТ-ийг болохоор дарчихсан байгаа байхгүй юу?

-Дарсан гэдэг томъёолол чинь буруу байна.   Х.Баттулга сайд бол улстөрч хүн. Өөрийнхөө зөв гэж үзсэн алхмааа өөрөө хийсэн. Би бол хуульч хүн. Бид хоёрын ялгаа энэ.   Хуульч хүнийхээ хувьд бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой гэж үздэг. Тиймээс хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шилжүүлж өгснөөрөө бидний үүрэг дуусаж байгаа юм.

-Улстөрч учраас Х.Баттулга сайд MCS-ийн асуудлыг дэлгэж, та хуульч болохоороо МИАТ-ийн асуудалд дуугүй байсан гэж үү?

-Би дуугүй байгаагүй шүү дээ. Хууль хяналтын байгууллагад өгсөн. Харин хэвлэлд хандах шалтгаан надад байгаагүй. 

-МИАТ-ийн хэрэгт “Бодь” групп холбоотой юу. Өөрөөр хэлбэл “Монголиан Эйрлайнз” компанид “Бодь” групп хувь эзэмшиж байсан уу. Бичиг баримтыг хуулийн байгууллагад өгөх үедээ та харсан байлгүй?

-Тэр үед бид ямар ч мэдээлэлгүй байсан. Бидэнд байсан мэдээлэл гэвэл энэ гэрээнд ямар ч хаяг, он, сар, өдөр алга. Даатгалын компани нь ямар ч баталгаагүй байна, энд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явагдаад байна үүнийг шалгаж өгөөч гэдэг гэрээнийх нь хуулбарыг хавсарган өгч байлаа. Хоёулаа одоо ямар ч нотлох баримтгүйгээр хүмүүс хардмааргүй байгаа юм. “Монголиан Эйрлайнз”-д “Бодь” хөрөнгө оруулагч юм байна гэдгээс шалтгаалаад “Бодь” холбоотой байж магадгүй гэсэн хар гараад ирэх юм. Тэгэхээр эрх бүхий байгууллага нь шалгаж тогтооно биз. Түүнээс наана хоёулаа “Бодь”-ийн нэр хүндэд халдаж болохгүй биз дээ. 

-Би “Бодь”-ийг гэмт хэрэг хийсэн гэх гээгүй. Харин “Монголиан Эйрлайнз”-ийн хөрөнгө оруулагч нь “Бодь” мөн байсан уу л гэж асуугаад байгаа юм?
-Үүнийг би мэдэхгүй юм

-Тэгвэл “МАК” компани байсан гэдгийг мэдэж байсан уу?
-Тэр бичгийг явуулж байхад “Монголиан Эйрлайнз”-тай холбоотой ямар ч асуудал үүсээгүй байсан. “МИАТ” компанийн хийж байгаа Дайны эрсдлийн даатгал нь ямар нэг хууль бус үйл ажиллагаа агуулаад байна шүү гэдгийг тавьсан болохоос биш “Монголиан Эйрлайнз”-ийн асуудал гарч ирээгүй байсан юм. Тухайн үед хардах ямар нэг үндэс байсангүй.

-Тэгвэл хэргийг шалгах явцад илэрсэн гэж ойлгож болох нь ээ?

-Одоо л илэрч байна. 

-“Монголиан Эйрлайнз”-д Х.Баттулга сайд хамаагүй” гээд та ярилцлагадаа хэлчихсэн байна билээ. Та яаж мэдэж байгаа юм бэ?
-Би өөрөөс нь асуусан юм. 

-Юу гэж асуусан гэж?
-Энэ асуудал гарахаар нь “Та холбоотой юм биш биз дээ” гэж Х.Баттулга сайдаас асуусан. Өөрөө “холбоогүй” л гэсэн.

-Та итгэчихсэн үү?
-Тэгж хэлж байгаа юм чинь итгэхээс өөр яах билээ.  

-Би таныг ямар сайн мэддэг юм бэ. Арай “Женко” группт хувь эзэмшдэг юм биш биз дээ гэж бодоод?
-Би асуусан... тэр хүн хариулсан.  

-МИАТ-ийн мэргэжилтнүүд цалингаа голж байгаа талаар та твиттер хуудастаа бичсэн байна билээ?

-Голж байгаа биш юм аа. Аливаа байгууллага цалингийнхаа сүлжээг тогтоочихсон байдаг. Энэ сүлжээнээс гадуур цалин авдаг 21 хүн бий. Тэдгээр хүнийг буцаад сүлжээндээ л ор гэсэн юм.  

-Тэр хүмүүс яагаад сүлжээнээс гадуур цалин авдаг юм бэ?
-Найз нөхөд, хамт сурч байсан, бүлэг фракци болоод бие биедээ найр тавьж нэгэндээ өндөр цалин өгдөг байж. 

-Таван сая төгрөг гэдэг үнэн үү?

-Ерөнхийдөө нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг хүн таван саяыг авч байх жишээтэй. Бид хүний цалинг хасаж байгаа юм биш. Харин буцаад орох ёстой сүлжээндээ л ор гэж байгаа юм. Ингэснээрээ бид жилийн 2.4 тэрбум төгрөг хэмнэж байна.     
 
-Ер нь хяналт шалгалт гэж байдаггүй юм уу. Төрийн сангаас тэдний цалин гарч байгаа биз дээ?

-МИАТ-ийн үйл ажиллагааны орлогоос тэр нь цалин зардал болж харагдаж бйагаа л даа. 

-Тэр хүмүүс одоо ажлаа хийнэ гэнэ үү?
-Эхнээсээ ажлаа хийхгүй гээд Хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурахгүй байгаа.  Бага цалинтай ажиллахгүй л гэж байгаа хэрэг. 

-Тэд яг юу хийдэг ажилтнууд вэ?
-Ихэнх нь захиргааны албан тушаалтнууд байгаа.

-Эдгээр ажилтангүй бол МИАТ  “сөнөчих” юм уу? 
-Яах ч үгүй. МИАТ-д өндөр мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд олон бий.

-Тэгэхээр дунд албан тушаалтнууд ийм их зантай байна уу. Тэр хүмүүсийг МИАТ-ийн зардлаар боловсрол эзэмшсэн гэж сонссон юм байна?
-Янз бүр. Дийлэнх нь МИАТ-аар зардлаа төлүүлсэн. Хувиараа сурсан ч хүмүүс бий. 

-МИАТ-аас гарлаа гээд өөр өндөр цалинтай компанид очих юм уу, эсвэл ажилгүйчүүдийн эгнээнд шилжих үү?

-Өөрсдийнх нь сонголт шүү дээ. МИАТ компани уг нь таван сая төгрөгийн цалин өгч болно л доо.  Гэвч  одоогоор алдагдалтай ажиллаж байгаа.  Тэгэхээр боломжгүй шүү дээ. 

-МИАТ компани хэдэн төгрөгийн алдагдалтай ажиллаж байна вэ?
-Жил бүр өөр, өөр гарна. Ямар ч байсан ашигтай гарахгүй. Өнгөрсөн жилийн хувьд есөн тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан. 

-Алдагдалтай ажиллаж байгаагийн гол асуудал нь юунд байгаа вэ?

-Энэ бол үр ашиггүй менежментийн алдаа. Хэтэрхий урсгалаараа явж байна.  Удирдлагын зохион байгуулалт муу, мөн төрөөс ямар нэг дэмжлэг алга. Үүнээс гадна улстөржсөн томилгоо маш их хийгддэг. Сүүлийн 10 жилийн дотор  найман захирлыг сольсон. Харин томилогдсон захирал нь “би удахгүй юм чинь” гэж бодоод ажилдаа хоноцийн сэтгэлээр ханддаг. Иймэрхүү байдлаар ч яваад ирж.

-Уучлаарай, төр яг ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ?

-Төр  өөрийнхөө өмчид хөрөнгө оруулах ёстой. Одоо гурван онгоц шинээр авна гэж ярьж байгаа. Төр энэ онгоцыг авч өгөх хэрэгтэй. 

-Таныг гурван онгоц авах санал тавьснаас хойш энэ талаар нэлээд шүүмжлэл өрнөөд байна. Нөгөө өндөр  хүүтэй авсан бондоор минь А.Гансүх онгоц авах нь гээд...?
-Болно, яагаад болохгүй гэж. Бид тооцоо хийж үзсэн, 240 сая ам.доллар аваад гурван онгоц авна. Онгоц ашиглалтад орохоор нэмүү өртөг үйлдвэрлэнэ. Тэгэхээр тооцоолсноор 2024 он гэхэд бүх зээлээ төлөөд хаачихна.

-МИАТ-ийн хэргийг хуулийнханд мэдэгдсний дараа Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугартай та уулзсан гэсэн. Тийм үү?
-Х.Баттулга сайд Д.Сугар даргатай уулзахдаа намайг хамт байгаач ээ гэсэн юм.

-Тийм үү...?
-Хардах хэрэггүй ээ....  би тэр үед дэд сайд нь байлаа шүү дээ.... (инээв) Тухайн  үед МИАТ-ийн асуудал болохгүй байна. Удирдлага, менежментийн үйл ажиллагаа буруу явж байна, тиймээс энэ талаар хамтарч ажиллая гэдэг байр сууриа Х.Баттулга сайд илэрхийлж байсан. Харамсалтай нь үр дүн гараагүй.

-Таныг Х.Баттулга сайд гээд ярихаар өөрөө шийдвэр гаргадаггүй, бүх шийдвэрийг Х.Баттулга сайд гаргадаг юм шигээр ойлгогдоод байна байх юм...? 
-Өмнөх Засгийн газарт  Х.Баттулга сайд байхад би дэд сайд нь  байсан. Сайд шийдвэрээ гаргавал дэд сайд хэрэгжүүлээд явдаг. Салбарт ямар асуудал гарна түүнийг сайд хариуцдаг. Мөн хариуцлагаа хүлээдэг.   Харин одоо Зам, тээврийн салбарыг би хариуцаад явж байгаагийн хувьд Х.Баттулга гэдэг хүний оролцоо байхгүй.  Яагаад гэвэл хариуцлагыг би хүлээнэ. Х.Баттулга гэдэг хүн яагаад яригдаад байна гэвэл  М.Энхсайхан л өөрөө чираад асуудлын голд аваад ирлээ.  Тэр өөрөө л  Х.Баттулгатай мэтгэлцмээр байна гээд л   ярьж эхэлсэн шүү дээ. 

-Яагаад тантай биш, Х.Баттулга сайдтай мэтгэлцэх гээд байгаа юм бол?
-Өөрөөс нь асуух хэрэгтэй шүү дээ. 

-Нэг талаас М.Энхсайханыг Засгийн газарт авчирсан хүн нь Х.Баттулга сайд биз дээ?
-Тэгсэн. Х.Баттулга сайд түүнийг авчирахдаа  “Энэ их том төсөл. Өмнө нь хариуцаж байсан ажил, мэдлэг боловсролоос нь үзэхэд  М.Энхсайханыг тавих нь зүйтэй юм” гэсэн. Тэгээд асуудлаа Ерөнхий сайдад тавьсан. Үүнд нэг их гайхаад байх юм байхгүй. 

-Та Х.Баттулга сайдад “энэ авчирсан хүнээ хар” гэж хэлсэн үү?
-Хэлсэн. Энэ хүн чинь өнөөдөр байгаа УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг зөрчөөд байгаа учир түүнтэй ажиллах боломжгүй боллоо гэдгээ хэлсэн. Х.Баттулга сайд энэ асуудлыг зохицуулах гэж өөртэй нь уулзаж, ярилцсан юм билээ. Тэгээд сүүлд нь өөрөө “би л  түүгээр явсан гайг үүгээр дуудчихлаа” гэсэн дээ. 

-Гэхдээ цаад хоёрт чинь улс төрийн тохироо байсан л байх даа ?
-Мэдээж шүү дээ. 

-Төмөр зам дээр  М.Энхсайхан нарийн царигтай  нь,   та бол өргөн царигтай  нь хэрэгтэй гэж буй.  Ер нь ингэхэд дэлхийн стандартад ямар царигтайг нь хэрэглэдэг юм бэ?
-Нэг  буруу ойлголт байна. Би өргөн царигтайг нь тавина гэж байгаа юм биш. УИХ-аар 2008 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2009 онд Д.Медведев Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн тунхаглал, 2010 онд баталсан төмөр замын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод 15.20 өргөн цариг гээд тусгачихсан байгаа. Би үүнийг л ярьж байгаа юм. Төмөр замын царигийн талаарх маргаан тэгэхээр 2010 онд төгссөн.  Царигтай холбоотой асуудал гэхэд дэлхийн улс оронд өргөн, нарийн цариг гэж байдаггүй. Нийт 16 төрлийн янз бүрийн цариг бий. Улс орон бүр төмөр замынхаа царигийг шийдэхдээ нэгдүгээрт, геополитикийн, хоёрдугаарт, эдийн засгийн үр ашгийг тооцдог. 

-Тусгаар тогтнол хамаатай юу?
-Хамаатай байлгүй яах вэ. Геополитикийн ард бүх зүйл бий. Манайх яг энэ зарчмаар  царигаа шийдсэн. Маргаан байхгүй. Харин М.Энхсайхан гэдэг хүн л маргаан болгоод яваад байгаа юм. 

-Би УИХ-ын 32 дугаар тогтоолыг үзсэн л дээ. Цариг 15.20 байна гээд. Гэхдээ тээвэрлэлтээс үүдээд ямар нэг асуудал гарвал тухайн үед Засгийн газар УИХ-д саналаа  оруулж, шийдүүлж болно гэсэн байгаа юм. М.Энхсайхан үүнийг л бариад царигаа өөрчилөх хэрэгтэй гээд маргаад байгаа л даа? 
-М.Энхсайхан үүнийг мушгиж тайлбарлаад байгаа юм. Тогтоолд царигийн тухай заасны дараа нэг өгүүлбэр бий. Тэр нь “Үндсэн сүлжээтэй холбогдохгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь шууд экспортод гарч байгаа боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний, төмөр замын царигийг тухай бүрт нь УИХ-д танилцуулж, шийдүүлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр энд тодорхой болгох хоёр асуудал бий. Нэгдүгээрт, одоо байгаа болон шинээр баригдах төмөр замын царигтай холбогдохгүй тохиолдолд. Гэтэл Тавантолгой, Гашуунсухайт шууд холбогдож байгаа. Ийм тохиолдолд цариг нарийн байх боломжгүй. Хэрэв үндсэн царигтай холбогдохооргүй бол ямар царигтай байх вэ гэдгийг Засгийн газар тухай бүр УИХ-д танилцуулах ёстой. Засгийн газрын эрх, үүрэг энэ. Үүнийг л буруу тийш нь тайлбарлаад улстөржүүлээд  байгаа юм. 

-М.Энхсайханы энэ үйлдэл  үнэхээр улс төр мөн үү? 

-Мөн,  баталгаатай хэлнэ. Маш их улстөржүүлж байна. 

-Та өмнө нь телевизийн  нэвтрүүлэгт орохдоо “М.Энхсайхан гэдэг туршлагатай улстөрч  төмөр замын ажил дээр улстөржихгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би түүнтэй маш сайн ойлголцож ажиллаж байгаа ” гэж хэлж байсан.  Тэр өдөр бол арваннэгдүгээр сарын 29. Харин одоо ямар санагдаж байна вэ?
-Би үнэхээр гайхаж байгаа. Бидэнд тийм их итгэл байсан байхгүй юу.   Гэтэл одоо яаж байгааг нь бид бүгдээрээ харж байна шүү дээ. 

-Та өөрөө улстөрч биз дээ?
-Би улс төрийн албан тушаалтан мөн. Гэхдээ улстөрч гэхээс хуульч хүн гэвэл ононо. Олон жилийн туршлага бий.  Энэ утгаараа тэр хүнд итгэсэн. Харин одоо буруудаж байна. 

-Хуульч хүмүүс чинь хүний нүдийг хараад, ярилцаж суугаад  байр байдлыг мэдчихдэг. Танд энэ хүн улс төр хийгээд алах нь гэх мэдрэмж төрж байгаагүй гэж үү?
-М.Энхсайхан гэдэг хүнийг хувь хүнийх нь үүднээс ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй, танихгүй. Сая л бид хоёрт хамтарч ажиллах боломж гарсан юм. Би маш их үр дүн хүлээж байсан.  Гэтэл хоёр сарын дараа ингэж яриад сууж  байгаадаа гайхаж, харамсаж байна.  Улс төр ийм байвал улс орон цаашаа яаж хөгжих юм бэ. 

-Та М.Энхсайханыг ямар хурдан халчихав аа... ?
-Ажиллах боломжгүй байгаа юм чинь. Ойлголцох гээд удаа дараа ярьж үзсэн. Гэтэл ойлголцоогүй.

-Та Ерөнхий сайдад мэдэгдэлгүй шууд  Төрийн өмчийн хороонд санал өгөөд л ажлаас нь халчихсан хэрэг үү. ТӨХ ямар ч хурдан шийдвэр гаргав аа?  

-Тэгээд л таарчихсан юм. Төрийн өмчийн хорооны хурал пүрэв гарагт  болж байсан. Би яг тэр өдөр нь саналаа өгөөд л  тэгээд шийдвэр нь гарсан.       

-Хуулиараа бол салбарын сайд ТӨХ-нд санал өгч ТӨХ шийдвэр гаргах ёстой юу? 
-Тиймээ, хуулийн дагуу л ажилласан. 

-Тэгвэл Ерөнхий сайдад заавал мэдэгдэх ёстой юу? 
-Хууль бол байхгүй л дээ. Төрийн өмчийн хороогоор ийм асуудал хэлэлцэх гэж байна гэдгийг Ерөнхий сайдад танилцуулах журам бий. Асуудал гэнэт орсон болохоор мэдэгдэх боломж байгаагүй байх.

-М.Энхсайхантай уулзаж, утсаар ярьж байгаа юу?

-Уулзаагүй. Бид хоёр улс орны хувь заяатай холбоотой асуудал ярьсан болохоос биш хувийн бизнесээ яриагүй. 

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрт нь мэдэгдэхгүйгээр  М.Энхсайханыг халчихсанд танд дургүйцээгүй юү?

-Зарчмын хувьд өгөх сануулгаа өгсөн. 

-Ерөнхий сайд ер  ямар сануулга өгдөг юм бэ?
-Ерөнхий сайдын л сануулга өгнө дөө(инээв). Манай хэвлэлийнхэн асуудал гарахаар сенсааци маягаар хандах юм. Уг нь бид улс орны хөгжлийн тухай ярьж байтал хувь хүний маргаан болгоод хувиргачихсан. 

-Н.Алтанхуяг сайд танд “зөөлөн” сануулга өгсөн бололтой. Өмнө нь М.Энхболд Ерөнхий сайд байх үед   Н.Энхбаяр Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байсан юм. Тэр үед Асгатын ордын хувийг ОХУ-ын “Полиметал” компанид өгөх шаардлага гараад Ерөнхий сайд руу утасдтал утсаа аваагүй. Тэгэхээр нь Төрийн өмчийн хороо руу мэдэгдээд шууд зөвшөөрөл авчихсан байгаа юм. Үүний буулт их хатуу ирж байсан санагддаг...Та харин гайгүй өнгөрч.... ?
-Та бүхэн надад зөөлөн, хатуу ирснийг мэдэхгүй л дээ. М.Энхсайхан бид хоёрыг маргаж байхад Ерөнхий сайд харж байсан. Тийм болохоор энэ асуудлыг ойлгож байгаа байх. 

-М.Энхсайхан “Төмөр зам -Өмнөд” гэдэг компани байгуулаад мөнгө босгох саналыг тавьсан юм билээ?

-Үүнийг мэдэж байгаа. Төмөр замын одоо барих гэж буй чиглэлийг чиглэл бүрээр нь тасдаад нэг, нэг компани болгоё гэсэн. Энэ нь өөрөө нэгдсэн сүлжээ байгуулна, цогцоор нь хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газар, УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаа юм. Бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчиж байгаа хэрэг. 

-УИХ-аар баталсан тогтоолын дагуу төмөр замаа баривал Оросын хуучин тоног төхөөрөмжийг хэрэглэнэ гээд байгаа нь хэр ортой юм бэ?
-Төмөр замыг хэнээр бариулах, хэн хөрөнгө оруулагч байх вэ гэдгийг шийдээгүй байна. Тэгэхээр урьдаас тааж мэдэн хөрш орны эсрэг өдөөн хатгасан мэдэгдэл хийх нь улстөрч хүний хувьд хэр зохимжтой юм бол. Үүнийг би ойлгохгүй байна.

-М.Энхсайхан улс төрд шинэ хүн биш. Ардчилсан намынхан М.Энхсайханыг гадаад явсан хойгуур нь тамгыг нь булааж, нөгөөх нь өгөхгүй гэж байсныг санаж байна?

-Би ч мөн санаж байна. Тухайн үед би улс төрд ороогүй байсан болохоор нарийн үйл явцыг нь мэдэхгүй юм. 

-Ийм хүнийг манай нам мэдсээр байж гүйцэтгэх захирлаар надад  “шахчих” юм гэж та бодсон уу?
-Би бүүр  холбогдох хүмүүст нь хэлсэн. Одоо М.Энхсайхан гэж ярих нь тийм зохимжтой биш. Нэг хүнийг муулаад байгаа ч юм шиг. Энэ асуудлаар тайлбар хийж асуудал болгоё гэж бодоогүй юм. Гэтэл сүүлдээ гүтгэлгийн шинжтэй зүйл рүү орсон. Тэгэхээр нь зарим нэг тайлбарыг  хийх хэрэгтэй гэж бодлоо.   Ерөнхийлөгч  “2.8 сая хүний төлөө ажиллах гэж байгаа бол 20, 30 хүний доромжлолыг давж гарах ёстой шүү”  гэсэн. 

-Та  1998 онд ТӨХ-ны Тамгын газрын даргаар ажиллаж байсан билүү?
-Би ТӨХ-нд 1997-2000 он хүртэл хуульчаар  ажиллаж байгаад  2000-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал, 2002-2004 онд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. 

-Худалдаа хөгжлийн банкны хувьчлалыг хийхэд та Төрийн өмчийн хороонд байсан уу?
-Үгүй ээ, би Худалдаа хөгжлийн банкинд байсан.

-Тэр хувьчлал мөн хууль бус байсан гээд хэл ам дагуулж байсныг санаж байна уу? 

-Улс  төр байсан юм биш үү. Хууль бус байсан бол буцаагаад авахгүй яасан юм бэ. Тухайн үед бид хувьчлалд нь ороогүй.  Харин банкны ажилтан байсан. Хувьчлалыг хэн авсан гэдэг нь одоо тодорхой бус байгаа. Хувьчлагдаад гадныхан авсны дараа би банкнаас гарсан. 

-Та Х.Баттулга сайдтай хэдэн онд танилцсан юм бэ?
-1998 оны үед танилцсан юм уу даа. Танилцах ч гэж мэдэх төдий л байсан. Намайг 2002 онд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байхад надаас хуулийн зөвлөгөө авдаг байлаа. 

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа танд  дэд сайдаараа авсан. Тэгэхээр өмгөөлөгчөө  л авчраад  тавьчихсан  юм биш үү?

-Надаас зөвхөн Х.Баттулга ч  биш бизнесийнхэн зөвлөгөө авдаг байсан. Хуулийн зөвлөгөө аваагүй томоохон компани гэж байхгүй дээ. Би ажлыг нь сайн хийж байсан юм байлгүй.  Одоо ч гэсэн бизнесийнхэн зөвлөгөө авдаг.  Тухайн үед Х.Баттулга сайд болоод өөртэй нь ажиллаж  байсан  өмгөөлөгч   хэрэг болно гэж бодсон юм байлгүй  намайг  хамтарч  ажиллах уу  л гэсэн.

-Таны хувьд хуульчаас улс төрийн ажил хийж эхэлсэн нь цаг хугацаа чинь  өнгөрсөн сонгууль байх аа ?
-Дэд сайд улс төрийн албан тушаал учраас 2008 оноос улс төрийн ажилд орсон гэж болно л доо.  

-Та 2012 оны УИХ-ын  сонгуулиар нийслэлийн Ардчилсан намын сонгуулийг удирдсан уу?

-Сонгууль удирдсан. Мэдээж амаргүй даваа давсан. 

-Нийслэлийн Ардчилсан нам сонгуульд үнэмлэхүй  ялалт байгуулсан. Энэ гавъяаг чинь шагнаж танд сайдын суудал өгсөн үү?

-Улс төрд шагнал гэж байхгүй. Зүтгэл байдаг юм. Сайдын ажил маш том итгэл, хариуцлага өгч байгаа хэрэг. 

-Уг нь шагнал л юм даа. Гэхдээ та их гоёоор тайлбарлаад байна...?
-Үгүй ээ, бид төрийн албан тушаалыг шагнал гэж ойлгож болохгүй. Энэ бол хариуцлага бас итгэл. Ингэж хүлээн авч ажиллах ёстой. Зүтгэх ч хэрэгтэй юм.
 
-“Монголын төмөр зам эхлэхгүй бол тантай ярина шүү” гэж  Ерөнхийлөгч  танд сануулга өгсөн байх аа? 
-Зөв шүү дээ. Ажил хариуцуулсан бол хариуцсан хүнтэй нь л ярих ёстой.  Гэхдээ төмөр замын ажлыг явуулах мөнгийг надад өгөх хэрэгтэй. Ер нь Ерөнхийлөгч энэ асуудлыг сөхөж ярьснаараа “хийх ёстой ажил  шүү” гэдгийг улстөрчдөд ойлгуулж анхаарлын төвд авчирлаа гэж бодсон.  

-Засгийн газар төмөр замын эхний суурь бүтцийг барих 55 сая ам.долларыг шийдсэн саяхан шийдлээ. Гэтэл энэ чинь аль 2011 онд Засгийн газраар бас шийдүүлсэн биз дээ... Зүй нь би таниас тэр өмнөх 55 сая ам.доллар хаачив аа гэж асуух ёстой биз?
 -Харин тийм, тэгж асуух ёстой.  Энэ мөнгийг 2011 онд  өмнөх Засгийн газар шийдсэн. Гэтэл бидэнд өгөөгүй.  Хөгжлийн банк өгөх ёстой байсан мөнгө л дөө. Тухайн үеийн улс төрөөс болоод ирээгүй байх гэж харддаг юм. 

-Гурван зүтгүүрээ ХААН банкинд  барьцаалж зургаан сая ам.доллар  зээлж аваад Төмөр замынхаа  ТЭЗҮ хийлгэсэн гэсэн. Зүтгүүрээ  авсан уу?
-Аваагүй байгаа. Мөнгө шийдэгдвэл авах байх даа. Тухайн үед Төрийн өмчийн хороо шийдэж, Монголын төмөр зам компани зөвшөөрөөд хууль ёсны дагуу авсан мөнгө шүү дээ.

-Хүүнд нь хэдэн төгрөг төлдөг юм?

-Хүү нь сая гаруй ам.доллар болчихсон байгаа. 

-Хэрэв  таны төмөр зам барих нь ажил бүтэхгүй бол яах вэ?
-Миний төмөр зам биш шүү дээ..... Монгол улсын төмөр зам. Хэрэв энэ ажил нурвал биднийг маш бүрхэг ирээдүй хүлээж байгаа. 

-Улстөрч хүнд олон чимэг зүүлт хэрэгтэй байдаг. Тэр дундаас имижээ бүрдүүлдэг.  Гэтэл та  дуугүй нэг л “чка” байгаад байх юм?
-Үнэн, үнэн. Би улстөрч гэхээс илүүтэй хуульч хүн болохоороо тэгж харагдаж байж магадгүй юм. ( инээв)  

-Таны ажлаа явуулж байгаа нь хэлбэр нь    УИХ-ын дарга З.Энхболдын арга барилтай  их төстэй санагдаад байдаг юм.  Та хоёр их  ойр ажиллаж байсан байх аа?

-Төрийн өмчийн хороонд байхад цуг ажилласан. Одоо ч бид хоёр сайн харилцаатай. 

-Таныг Дорноговь аймгийн Хөвсгөл сумынх гэж сонссон. Гэхдээ хөдөө төрж, өсөөгүй биз дээ?
-Аавынхаа угшлаар Дорноговь аймаг.  Хотод үйлдвэр комбинатад төрж, өссөн. 

-Комбинатынхан их дэггүй  гэгддэг ... Таныг би их танхай байсан гэж сонссон үнэн үү? 
-(инээв)  Одоо намайг явуулж эхлэх нь үү...  Хүүхэд байхдаа зодолдож үзээгүй хүн ер нь байдаг юм уу.   

-Танхайгаар барахгүй зодоон хийгээд сургуулиасаа хөөгдөөд ирсэн гэж сонссон бас...? 
-За үгүй дээ.... худлаа яриа сонссон байна....(инээв) 

-Таны ажилд амжилт хүсье... Үзэгчдэд хандаж юу хэлмээр байна та? 
-Бүгдээрээ ер нь улс орон маань эв нэгдэлтэй байх ёстой. Үүнийг би оюун санааны нэгдэл гэж хэлэх дуртай. Оюун санааны эв нэгдэл байх юм бол бид ихийг бүтээж хөгжиж чадна. Үүний төлөө зүрх сэтгэл оюун ухаанаа дайчлах хэрэгтэй юм даа. 

-Харин би таниас улстөрчдөд хэтэрхий итгэж эрт дүгнэлт битгий хийж байгаарай гэж хүсье. М.Энхсайханы хувьд та алдсан шигээ алдааг  бүү давтаарай...  
-(инээв) За тийм юм даа.... Танд ч амжилт хүсье. 

Wednesday, 30 January 2013

А.Гансүх: М.Энхсайханд тайлбар өгье гэхээр геополитикийн бодлогыг дэлгэчих гээд байна



Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танай салбар дуу­лиа­ны талбар болоод байна. МИАТ-ээс эх­лээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг та­таж байна…
-Би нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүй­тэй юм байна. Харин гүт­гэх нь арай хэтэрч байна аа... 

-Юу нь гүтгэлэг гэж?
-Жишээлбэл, М.Энх­сай­­ханы ярьж байгаа, сэт­гүүлчдэд үзүүлсэн мате­риал дотор маш олон буруу зүйл байгаа. Зо­риуд төөрөлдүүлсэн  зүйл байна. 

-Тухайлбал…
-Нэгдүгээр сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд  30 гаруй хүн оролцсон.  30 гаруй гэрчтэй яриа гэ­сэн үг. Тэр үед М.Энх­сай­хан “Би Хятадын тө­мөр за­мын яамтай ху­вийн жур­маар холбоо тогтоо­сон. Хоёр  хоног яваад ирье. Дээд түв­шин­дээ асуудал ярья” гэсэн. Хам­гийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээ­вэр, барилга хот байгуу­лалтын яам бай­хаа­саа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад  гэхээр тэр олон хүн яри­хад про­то­кол хөтөлж ча­дах­гүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайл­­бар­ла­сан нь нэг ал­хаад л баригдана шүү дээ. 

-Youtube дээр тавьс­ныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгний­хээ ярьсныг олон ний­тэд хүргэж байгаа юм шиг санагдсан... 

-Энэ бол хууль зөрч­сөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэт­гүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгуулла­гын дүрмийн 50.1 гээд  нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвсгэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулаг­дана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энх­сайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүл­бэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шил­жүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон”  заалт байгаа байхгүй юу.  Тэгэхээр үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гар­гаж хэлээд байгаа. 

-Өөрөөр ойлгуулахын  тулд  үлдсэн хэсгийг нь  олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?
-2008 онд УИХ-ын 12 дугаар  тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малт­малын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновч­той төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа.  Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн  царигтай буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэж­лийн ямар ч хүн үүнийг нэг адил  цариг гэж ойлгоно.   Хэрвээ нарийн өргөн цариг тавибал  нэгдсэн сүл­жээ  гэж хэлэхгүй биз дээ.  2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр за­мын сүлжээг өргөжүүлэх страте­гийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн   царигтайгаар батлан гаргасан. 

-Одоо тэгээд өөрчлөгдөх бо­ломжгүй гэж үү?
- Ганц боломж бий.  Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээг­дэ­хүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бү­тээг­дэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд хол­богдохгүй буюу огтолцохгүй то­хиол­долд царигийн хэмжээг Зас­гийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэ­хээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна.  2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй.   Ерөнхий сайд  “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ. 

-М.Энхсайхантай ярилцаад  ажлаас нь халахгүйгээр ойл­голцож болоогүй юмуу?
-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай  хоёр  удаа ярьсан. Х.Бат­тулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.

-Ерөнхий сайд бол М.Энх­сайханыг ажилд томилохдоо  надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ. 
-Тийм ээ,  Ерөнхий сайдад хэлээгүй юм. 

-Өмнө нь бол хэлж байсан юмуу?
-Өмнө нь  маргаан үүсээд бай­гаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж,  хоёр  удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр  удаа ярьсан. Хүлээж аваа­гүй шүү дээ. 

-Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..
-Х.Баттулга сайд өөрөө М.Энх­сайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энх­сайханд өөрт нь  “Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ   учрыг өөрөө ол” гэсэн. 

-Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.
-Тийм. 

-М.Энхсайханы тайлбараар бол   нарийн цариг нь    зөв гэж хүмүүс ойлгочихоод байна. 
-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа.  Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шил­жүүлэн ачих өртөг  эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл бо­лоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий.  Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар  ямар нэг тоосжилт гарахгүй.  

-Бункерт шилжүүлэн ачих технологийг  одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?

-Хэрэглэж байгаа. 

-Бас нэг асуудал байна.  На­рийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..

-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа.  Одоо ямар маргаан байгаа юм. Их хур­лаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гар­гаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээв­рийн бодлогыг хэрэгжүүлэх шатан­даа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажил­даа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томил­сон. Зам тээврийн сайдаар  ахлуу­лаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон.  Тэгээд яам­даас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаа­дын иргэн, дотоодын хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөн­гө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шал­гуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд  явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замын­хантай  холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би  “Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн.  Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монго­лын төмөр замын Төлөөлөн удир­дах зөвлөлөөр удирдамжаа бат­луу­лаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн. 

-Цааш нь  юу болсон?
-Эсэргүүцээд  байсан. 

-Тэгээд явчихсан уу?
-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн. 

-Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?
-Төрийн өмчийн хороо. Би М.Энх­сайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг  зөвшөө­рөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түв­шинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энх­сайхан  өөрөөр тайлбар­лаад байгаа. 

-М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа  шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл  асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ.  
-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна. 

-Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл  яах юм? 
-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг  юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд  оруулах, хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геопо­литикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу  орохгүй

-Баттулга сайдыг мэтгэл­цээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..
-Мэтгэлцээнд оролцож болох­гүй шүү дээ.   Геополитикийн асууд­лаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил,  эдийн засгийн болон тусгаар тогтнол,  аюулгүй байдал яригдана.   Ямар зорилготойгоор төмөр замын бод­ло­гыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ. 

-Төмөр замын  ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?
-2010 онд төмөр замын бод­лого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барь­цаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо су­дал­гаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хий­гээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хий­сэн.  Тодорхой хэмжээнд цаг хо­жоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэ­лэх ёстой. 

-Яг хэзээ ашиглалтад оруу­лах вэ?
-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажил­даа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ. 

-Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъя.  Таны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?
-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуу­лагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад  гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээ­рээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр  МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаард­лага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан. 

-Сугар гуай юу?
- Тийм.

-Тухайн үедээ хууль, хянал­тын байгууллага  МИАТ-ийн асуу­дал­тай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүү­сээс шалгал­тын багт дэмжлэг үзүүлж туслуу­лахаар  Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ.. 
-Тэр үед шалгаад үр дүн га­рахгүй байсан.  Энэ асуудлыг чинь  бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм. 

-Мэдээгүй юм байна..
-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн. 

-Бид нар гэж хэн, хэн юм?
-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг  дуудаад “Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд  23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дараг­даж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж,  энэ хэрэг илэрч байна.

-Тэгвэл энэ хэргийг  дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ? 
-  Холбогдолгүй яадаг юм. 

-Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь   юу, юу байсан юм. 
-Дайны эрсдлийн сан. Ерөө­сөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд  шалгуулахаар   цагдаад өгсөн.     2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.

-Яасан юм?
-Энэ талаар асуухаар дуугар­даггүй шүү дээ. Зүгээр л гөлий­чихдөг байсан. Баттулга сайд бид нар  сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ. 

-Одоо дайны эрсдлийн сан­гийн мөнгөө авч л байгаа юу?  
-Дайны  эрсдлийн сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж  энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойл­гомж­той гэмт хэрэг байгаа биз.

-Тэгээд МИАТ-т  дайны эрсд­лийн сангийн мөнгө байгаа  юу?

-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс. 

-Аль хэдийнээ идээд дуус­гасан байлгүй дээ?

-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэ­рээр байна шүү дээ. 

-Сугар гуай “Би энд  ямар ч холбоогүй” гээд байсан... 

-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна.  Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шу­дар­га ажилласан. 

-Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?
-Тийм, би тэгж хэлнэ. 

-Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт  байгаа хуучин Төрийн өмчийн хорооны­хон үгэнд чинь орж байна уу?
-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алх­маа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаа­дад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж. 

-Сүлжээнээс гадуур гэдэг нь?
-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан ту­шаал­тан байна. Үүнийг одоо зог­соо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх ме­неж­мент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр  гэрээгээр хийлгээд нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.

-”Монголиан Эйрлайнес”-т  Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд  байх юм. 
-”Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Бат­тулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье. 

-Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой…
-Би чамд нэг  юм хэлэх үү? 

-За

-Би дэд сайдынхаа ажлыг өгс­ний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бич­сэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуул­сан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна”  гэсэн. 

-Та томоохон компаниудын  өмгөөллийг хийдэг байсан бай­хаа..  
-Тэгэлгүй яадаг юм.  Би бизне­сийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/ 

-Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?
-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан. 

-Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?
-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой. 

-Тухайн үедээ  хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануу­лаад хэлчих…
-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй. 

-Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?
-Ямар утгаар нь асууж байгаа юм…

-Улс төрийн утгаар….
-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан. 

-Та хоёрыг нөхөрлөөд хамт­ран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлд­гээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, заав­рыг нь дагадаг юм шиг...
-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэл­сэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн. 

-Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?
-Юу гэж дээ. Би яагаад Баттул­гатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүн­дэл­дэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын  нийгэмд хандсан  хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярь­даг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад   Баттулга сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөн­гөөр барьсан. Ялгаа байна уу.  Үүнийг л би хүндэтгэдэг.

-Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа. 
-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм. 

-Нээрээ ингэхэд Чингэс гэс­нээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа.. 
-Зургаан  аймгийг  авто замаар  холбоход 300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.

-Ажиллах хүчин чадал яах вэ?
-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компа­ниуд­тай хамтраад ажиллах байх.
 
-Хятад ажилчдыг хямд­чи­лаад  аваад ирдэг шүү дээ. 
-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа. 

- Хугацааны хувьд… 
-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд да­хиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна. 

-Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж бо­лоо­гүй юмуу?
-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй бай­дал, эдийн засаг, тусгаар тогт­нолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь  бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө он­гоц­ны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно. 

-Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг. 
-Ямар ч ялгаа байхгүй.

-Эдийн засгийн хувьд ялгаа­тай л гээд байгаа даа...
-Ганцхан ялгаа нь  шилжүүлэн ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш. 

-Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?

-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэ­дэх­гүй зүйл маш их бий. Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр  зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг ха­риуц­лага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бо­доод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа са­наа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм.  Одоогийн  ерөнхий прокурор Дорлигжав надаас  “Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөл­лөө хийгээд байна” гэхэд “Чи сай­хан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л...” гэсэн.   Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон.   Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьд­ралыг дээшлүүлэх ямар ч бодол­гүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д  шалгуулсан. Одоо ч шалгуулсан чадна. 

-Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ…
-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүний­хээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүү­сийн зөв гээд алга ташиж  байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна.  Нөгөө талаараа монгол­чуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна.  Намайг найман цагт хари­вал  гайхна. 

-Та яамандаа ирээд хүн халсан уу?
-Долоон хүн халсан.

-Яагаад?

-Өөрсдөө саналаараа халагд­сан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан. 

-Үнэхээр үү?
- Тэр долоог олоод асуу л даа.

-Та аль нутгийн хүн юм. 

-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан. 

-Та өвөөгөө мэддэг байсан юм уу?

-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөө­гийнхөө нэр хүндийг бодоод Мон­гол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн. 

-Та хаана сургууль төгссөн юм бэ?
-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дар­га, тэгээд дэд  сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажил­лаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр.

-Эхнэр чинь юу хийдэг юм бэ?

-Хувиараа. 

-Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.
-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн  стакан шидсэн чинь манай хүний толгой дээр оночихсон. Нөхөр нь хараад суух уу? Би эхнэ­рээ өмөөрсөн, хамгаалсан. 

-Тэгээд эхнэр чинь гайгүй юу?
-Гайгүй. Дараа нь нөгөө хүнтэй­гээ ойлголцоод өнгөрсөн. 

-Тухайн үед та тэр хүнтэй  зодолд­сон уу?
-Тэгсэн. Хариуг нь барьсан гээд л бодчих. 

-Энхсайханы оронд хүн то­мил­сон уу?

-Томилсон. Бат-Эрдэнэ гээд дотроо ажиллаж байсан залуу бий. Өнөөдөр зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Цаг хуга­цаа угаасаа харуулна. Эхнээсээ харуулж байна ш дээ. 2011 онд бид МИАТ-ийг  мөнгө угаасан хэргээр цагдаад өгч байсан. 2 жилийн дараа илэрлээ. Цаг хугацаа ха­руулж байгаа биз дээ. Бидний зөв байсныг цаг хугацаа харуулна. 

-Ардын намынхан улсын мөн­гийг иджээ. Ардчилсан намын­хан тэгээд тийм цэвэр ариун гэж үү? 
-Цаг хугацаа харуулна.  

-Тэгж ярьдаг л даа. Жишээ нь, Баттулга сайд нэг юманд орооцолдоод л явчихвал яах юм. Та хамгаалж өмгөөлөөд нуухыг бодно биз дээ…

-Надад тэр хүнийг тийм юм хийхгүй гэсэн том итгэл байна. 

- За ярилцлага өгсөн танд баярлалаа.
http://mungundalai.niitlelch.mn